Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ил задгай (гадаа) худалдаалахгүй байхаар боллоо.

Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор хийгдэж буй ажлууд үр дүнд хүрсээр байна. Ирэх даваа гаригаас хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амартүвшин: Хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байна

Comedy Lab клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж танд хэрэг нээсэн талаарх мэдээлэл бий. Таныг буруутгах болсон шалтгааныг цагдаагаас тайлбарласан уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ, үнэхээр шүүх хурал болох хүртэл томоохон асуудал үүссэн юм уу?

-Намайг плашмоб зохион байгуулж, Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж байгаа юм билээ. Тэр үед /зургадугаар сарын 28-нд/ “Гашуудал, гацалт” нэртэй плашмобд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань хоорондоо 2-3 метрийн зайтай зогсож халдвар хамгааллын дэглэмээ баримталсан. Талбайн өмнө ердөө гурван минут л эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэхээр зогсоцгоосон шүү дээ. Ерөөс үйлчилгээний байгууллагууд 490 хоног цалин орлогогүй болж гацсан, ямар ч үйл ажиллагаа явуулсангүй, иргэдийн ажил орлого нь хязгаарлагдсан энэ өдрүүдэд банкны татвар, хүү зогсоогүй, зүгээр хойшилсон нэрийдэлтэй л байсан. Ийм хүнд нөхцөлд орсон иргэд маань жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй учраас үүнийг ямар нэгэн байдлаар илэрхийлэх шаардлагатай болсон. Улмаар намайг Гамшгийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж, 500 нэгжээр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах зүйл заалтаар буруутгасан. Ингээд энэ сарын 26-нд шүүх хурал боллоо. Энэхүү хурлын үеэр ялын дүгнэлтээ харсан. Намайг жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн хэмээх заалтаар нэмж буруутгасан байна лээ.

-Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар шүүх хурал 14 хоногоор хойшилсон гэв үү?

-Тийм ээ. Цагдаагийн зүгээс бүрдүүлсэн баримт нотолгоо нь шаардлага хангахгүй байсан учраас хурлыг хойшлуулахаар боллоо. Миний хувьд өмгөөлөгч Б.Даваажавтай хамт шүүх хуралдаа орсон. Хэрвээ өмгөөлөгчгүй бол нөхцөл байдал хүндрэх магадлалтай байсан гэж хувьдаа бодож байна. Өмгөөлөгчийн маань зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн санал дэвшүүлсэн. Тодруулбал, нөгөө талаас буюу цагдаа нотлох баримтын шаардлага хангаагүй материал бүрдүүлж ирсэн учраас тэр хэргийн үнэн эсэх нь эргэлзээтэй болчихож байгаа л даа. Харин шүүгчийн зүгээс нотлох баримтуудыг дахин бүрдүүлж хуульд нийцүүлээд 14 хоногийн дараа хурлаа хийе гэсэн. Айхавтар том эрүүгийн хэрэг биш, зөрчлийн хэрэг учраас сайн хуульчтай болохоор гайгүй л гэж бодож байна.

-Манай нийгэмд үг хэлсэн, үнэнийг ярьсан хэн нэгнийг эдийн засгаар цензурдаад байх шиг. Зөрчлийн хуулийн 5.13.2 гэдэг заалт буюу Гамшгийн тухай хууль зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн заалттай юм байна?

-Эдийн засаг болон эрх чөлөөг нь хаах замаар хүний үндсэн эрхэд халдаж хэзээ ч болохгүй. Үүний эсрэг дуугарах хэрэгтэй. Энэ бол үндсэн хуульд бүдүүлгээр халдаж байгаа явдал. Үг хэлснийхээ төлөө торгуулах нь бүү хэл саатуулагдах ч ёсгүй. Үүнийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн үед үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань өөрийн цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирч байгаа жишээ цөөнгүй ажиглагдах боллоо. Таны хувьд цагдаа шүүхээс хэр их дуудагдаж байна вэ?

-Би твиттерт пост оруулсныхаа төлөө гурван удаа цагдаа дээр дуудагдсан. Ямар ч прокурорын бичиггүй мөртлөө миний биеэс дээж авах хүртэл гэсэн тохиолдол гарч байлаа. Энэ өвөл твиттер хуудастаа “ингэж өлсөж байхаар” гээд пост бичсэн чинь Эрүүгийн цагдаа болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас дуудаад тодруулга авч, анхааруулга өгсөн. Түүнчлэн “халдвар хамгааллын дэглэмээ бариач ээ” гэж хэлснийхээ төлөө бас цагдаад байцаагдсан.

Манай улсад үг хэлэх эрх чөлөө боогдмол байгаагийн нэг илрэл нь над дээр тохиолдож байна. Уг нь хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, манайд бол эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байгаа юм уу даа. Цар тахлын хуулийг зөрчиж бүхэл бүтэн сонгууль зохион байгуулсан. Үүний дараа вирусийн дэгдэлт хэрхэн нэмэгдсэнийг нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Өнгөрсөн саруудад халдвар 3000 хүртлээ өссөн. Энэ бол сонгуулийн үр дагавар шүү дээ. Ингэж иргэдийн эрүүл мэндийг золионд гаргасан ч эрх баригчид хэзээ ч хариуцлага хүлээгээгүй. Харин эсрэгээрээ 2-3 метрийн зай баримтлаад гуравхан минут зогссон хүмүүсийг яллагдагчаар татаад шийтгэх гээд байж байна.

Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн дайны болон онц байдалд шилжсэн үед л зөрчиж болдог гэдгийг хуульд тов тодорхой заасан байдаг. Тэгтэл манайхан бусад жижиг хуулиараа үндсэн хуулиа боомилдог орон болчихсон байна л даа.

-Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Магадгүй ковидын үе нийгмийн сул талыг улам ил гаргаад байх шиг?

-Яг үнэн. Ерөнхийдөө эрхтэн дархтанууд дураараа авирладаг тогтолцоотой байсныг ковид илчиллээ. Дур мэдэж үндсэн хуулиа уландаа гишгэдэг, зөвхөн үг хэлэх эрхээс гадна хүний төрөл бүрийн эрхэд халдаж байна шүү дээ. Жишээ дурдахад, замын хөдөлгөөнийг хорих гэж байгаа бол заавал хууль гаргах тогтолцоог Англи улс мөрдөж байна. Гэтэл манайд зүгээр журмаар зохицуулаад л хүний наад захын эрхийг зөрчөөд байдаг. Энэ нь жижиг журам, захирамжаар үндсэн хуульдаа халдаад байгаагийн илрэл юм. Монгол Улсын үндсэн хууль маш эмзэг байна шүү гэдгийг л энэ цаг үед мэдэрлээ. Дээрээс нь манай эрүүл мэндийн салбар, улстөрчдийн мэдлэг, тэдний менежмэнтийн бодлого ямар байгааг ковид сайтар харууллаа. Ямар нэгэн аюул осол гамшиг тохиолдоход манай улстөрчдийн реакт менежмэнтийн мэдлэг чадвар маш муу түвшинд байна гэдгийг ковид харуулж өгсөн.

-Дуугүй байвал надад өлзийтэй гэсэн хандлага их ажиглагдах юм. Ийм хүлцэнгүй хандлага асуудлын шийдэл биш болов уу?

-Би энэ тал дээр арай өөр байр суурьтай байна. Нэг үеэ бодоход үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг үзэгдэл ард хоцорсон байна. Сошиал медиа хөгжсөнтэй холбоотойгоор монголчууд маань үзэл бодлоо илэрхийлж сурч байна. Магадгүй хуучин айж бэргэдэг байсан байж болох. Ард иргэдийн амьдралд олон асуудал үүсч, дээрээс нь улстөрчдийн оновчгүй шийдвэртэй холбоотойгоор иргэд маань үг хэлэхээсээ айхаа больжээ. Үүнд сошиал медиа чухал нөлөөтэй. Ямар нэгэн айдасгүйгээр зоригтой үзэл бодлоо хэлдэг залуус бий. Би өөрөө голд нь ороод, шүүх цагдаагаар явж байгаа хүний хувьд үүнийг мэдээд байгаа юм л даа. Харин ч эсрэгээрээ иргэд маань үзэл бодлоо маш сайн илэрхийлж чадаж байна. Миний хувьд тэр хүмүүсийн зөвхөн нэгээхэн хэсэг. Тэгэхээр дуугүй байвал өлзийтэй гэдэг хандлага хөлсний бичээч буюу троллуудад л байгаа болов уу. Ерөөс зургаан цагаас хойш лайв хийхээр троллууд орж ирэхгүй мөртлөө ажлын цагаар лайв хийхээр троллууд ороод ирдэг юм. Ийм л инээдтэй үзэгдэл байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Бямбаханд: АНУ-ын талын техникийн тусламж, дэмжлэгийг авахад Уэнди Шерманы айлчлал хувь нэмэр оруулна

Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан хатагтай Уэнди Шерман манай улсад айлчилсан билээ. Түүний айлчлалын хүрээнд ямар асуудлууд шийдэгдсэн талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бямбахандтай ярилцлаа.


-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман манай улсад хоёр өдрийн айлчлал хийлээ. Түүний айлчлалын онцлог, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшиж ялалт байгуулсан Ж.Байден албан ажлаа аваад зургаан сарын хугацааг өнгөрүүлээд байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга У.Шерман нь АНУ-д шинэ засаг захиргаа бүрэлдсэнээс хойш Монгол Улсад айлчилсан Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан болж байгаагаараа онцлогтой юм. Та бүхэн мэдэж байгаачлан, АНУ-ын Үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгч нь гадаад бодлого тодорхойлоход тэргүүлэх үүрэгтэй оролцдог. Энэ утгаараа, шинэ захиргааны өндөр албан тушаалтны айлчлал хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Мөн 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын түр хугацааны стратеги” батлагдаж, үүндээ Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ач холбогдол өгөхөө дурдаж, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохоо зарласан. Вашингтоны бодлого боловсруулагчид Монгол Улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамруулан үздэг нь тус улсын бодлогын баримт бичгүүдээс харагддаг. Энэ бүс нутгийн хүрээнд Монгол Улс-АНУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх сонирхол АНУ-д байдаг. Нөгөөтэйгүүр, энэ айлчлал нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Цар тахлаас болоод олон улсад хийгдэх байсан айлчла лууд цуцлагдаад байсан. Тухайлбал, 2020 оны аравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Монгол Улс болон БНСУ-д хийх ёстой байсан айлчлал ерөнхийлөгч Д.Трамп “Ковид-19”-ийн халдвар авсантай холбоотой цуцлагдаж байсан. Цар тахал дэгдэхээс өмнө хоёр талын харилцан айлчлал тогтмолжиж, жил бүр шахуу Америкийн талаас өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байсан билээ. Үүнээс үзэхэд, энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцаанд тогтсон харилцан айлчлалын давтамжийг хадгалахад чухал нөлөөтэй юм.

Түүнчлэн, хоёр талын хамтран хэрэгжүүлж буй МСК-ийн II компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр шийдвэрлэсний дагуу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжихээр болсон. МСК-ийн II компакт гэрээний хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийг амжилттай урагшлуулахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн айлчлал чухал түлхэц үзүүлэх болов уу хэмээн үзэж байна.

-Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын Хэлэлцээр”-т 2013 оны есдүгээр сарын 24-нд Нью- Йорк хотноо гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн чуулганаар гэрээг соёрхон баталсан. Талууд 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурснаар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон явдал нь АНУ төдийгүй гадаадын бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжид эерэг дохио болсон бөгөөд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авах эрмэлзэлтэй, бэлэн байгаагийн илэрхийлэл болж байна. Мөн хоёр талын харилцааны түвшинг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхээр 2019 онд тохиролцсон бөгөөд стратегийн түншлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд Ил тод байдлын хэлэлцээр чухал үүрэгтэй юм. Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Америкийн талын техникийн тусламж, дэмжлэгийг авах шаардлага бий. Тиймээс АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчийн айлчлал энэ чиглэлд хувь нэмэр оруулах боломжтой юм.

-УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай У.Шерманыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэсэн байна лээ. Энэ хуулийн ач холбогдлын талаар дурдвал?

-Хоёр улс газарзүйн хувьд алслагдмал оршдогоос АНУ-тай худалдааны өргөн харилцаа тогтоох боломж хязгаарлагдмал боловч хоёр талаас идэвх, санаачилгатай ажиллавал энэ сул талыг нөхөх боломжтой. Монгол Улсын санаачилгаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тед Йохо нарын 10 гишүүн “Монгол Улсын Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн төслийг 2018 оны долдугаар сарын 26-ны өдөр анх удаа өргөн барьсан. Түүнээс хойш тус хуулийн төслийг 2019 онд дахин өргөн барьж, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төсөл хоёр танхимын нийт 100 орчим гишүүний дэмжлэгийг аваад байсан юм. Хамгийн сүүлд, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн бариад байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох замаар Монгол-Америкийн хоорондын худалдааг өсгөнө. Мөн манай улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих боломжтой болох юм. Гэвч манай улс дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх боломжтой болсон тохиолдолд энэ боломжийг бусад орны хөрөнгө оруулагчид илүү ашиглах магадлалтай. Иймд Монгол Улсаас АНУ-д татваргүй нийлүүлэх оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гарал үүслийг нарийн тодорхойлох, үндэсний үйлдвэрлэл шингэсэн эсэхийг нягтлах тогтолцоо бий болгох шаардлагатай юм.

-Гуравдагч хөршийн гол орны нэг АНУ-ын төрийн том албан тушаалтан манай улсад ирснийг дэлхийн томоохон гүрнүүд хэрхэн дүгнэж байгаа бол?

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман нь энэ удаа зөвхөн Монгол Улс төдийгүй Япон, БНСУ, БНХАУ зэрэг Азийн орнуудаар айлчилсан. Азийн орнуудад хийсэн энэхүү айлчлалынхаа үеэр Япон, БНСУ-ын өндөр албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийхдээ Умард Солонгосын асуудал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэндийн асуудал зэргээр бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдаад буй асуудлуудыг хөндөн ярилцсан. Манай улсад хийсэн айлчлалаа дуусгаад хатагтай У.Шерман БНХАУ-ыг зорьж, Тяньжинь хотноо БНХАУ-ын албан хүмүүстэй уулзах бөгөөд Хятадад хийж буй айлчлалтай нь холбогдуулан дэлхийн хэвлэлүүд анхаарч бичиж байна. Сүүлийн жилүүдийн худалдааны дайн, 5G технологийн асуудал зэрэг олон асуудлаас болоод АНУ-Хятадын харилцаа нэлээд ээдрээтэй байдалд байгаа учраас олон улсын харилцаанд хамгийн чухалд тооцогдож буй эдгээр улсын хоорондын асуудал дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна.

-Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг У.Шерманд тавьсан. Хоёр улсын боловсролын харилцаа ямар түвшинд байна вэ?

-Хоёр тал соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1989 оны есдүгээр сард гарын үсэг зурсан байдаг. Статистик мэдээллээр 3000 орчим оюутан АНУ-д сурч байна. Гэхдээ тэдгээр оюутны дийлэнх нь хувийн зардлаар суралцагчид юм. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй олон тооны тэтгэлэгт хөтөлбөрт монгол залуус хамрагдах боломжтой байдаг. Тухайлбал, Фульбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь 1993 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрт 2011 он хүртэл жилд дунджаар 4-5 оюутан хамрагддаг байсан. 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан Фульбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш жил бүр 3-15 оюутан хамруулах болсон. Америкийн Их, дээд сургуулиуд нь дэлхийд чанараар тэргүүлдэг, шилдэг сайн сургуулиудын жагсаалтыг тогтмол тэргүүлдэг учраас монгол эцэг эхчүүд хүүхдээ Америкт сургах эрмэлзэлтэй байдаг боловч сургалтын чанараа дагаад төлбөр нь өндөр байдаг. Энэ утгаараа, АНУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт хамруулах оюутны тоог нэмэгдүүлэх, илүү олон хүнийг хамруулах шаардлага байгаа юм.

-Батлан хамгаалахын сайд хатагтай У.Шермантай уулзах үеэрээ энэ салбарт АНУ-ын Төрийн департаментаас дэмжлэг хүссэн байна лээ. Түүний айлчлалын дараа хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаанд ямар үр дүн гарах вэ?

-Монгол Улс анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу 2002 онд илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 18144 цэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 732 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсын энхийг сахиулагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан, Бүгд Найрамдах Судан Улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг дэлхийн мөргөлдөөний халуун бүс нутагт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирсэн. Хэдийгээр Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болж, АНУ тэргүүтэй орнууд цэргээ гаргахаар шийдвэрлэсэн боловч Монгол Улс цаашид НҮБ-ын энхийг сахиулах бусад ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. НҮБ-ын ердийн төсвийн 22 хувь, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төсвийн 28.43 хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг учраас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах үйл явцад голлох үүрэгтэй оролцдог. Энэ утгаараа, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг 2021 оны долдугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилго, хүчин чармайлтын талаар танилцуулж, АНУ-ын Төрийн Департаментаас дэмжин ажиллахыг хүссэн болов уу хэмээн харж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан луу өдөр

Аргын тооллын долдугаар сарын 31, Санчир гариг. Билгийн тооллын 22, Шийдэм одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5:27 цагт мандан, 20:30 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын ихэх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашинтайгаа голын усанд живсэн иргэний цогцсыг гаргажээ

Увс аймгийн Өмнөговь суманд долдугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлага долдугаар сарын 30-нө өдөр бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат 41 настай, эрэгтэй И нь тус нуурын эргээс баруун хойд зүгт 6 орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн Номгон суманд “Залуучуудын хөгжлийн төв” нээгдлээ

ӨмнөговьНомгон суманд Залуучуудын хөгжлийн төвийн нээлт боллоо.

Тус аймагт хэрэгжиж байгаа эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд уг төвийг байгуулж байгаа юм. Номгон сумын нийт хүн амын 34.0 хувь нь 14-34 насны залуучууд байна. Уг төвөөр дамжуулан төрөөс залуучуудын чиглэлээр баримтлах бодлого, Залуучуудын хөгжлийг дэмжих монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, амьдрах ухаан, зөв хандлагад уриалах ажлыг зохион байгуулж ажиллана. Нээлтийн ажиллагаанд Аймгийн ЗДТГазрын НБХэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, ГБХЗХГазрын дарга Б.Эрдэнэцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн орон нутгийн харилцааны ажилтан Н.Шижиртуяа, сумын удирдлага, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт АИ92 бензиний үнэ 2230 төгрөг болж өсчээ

Баян-Өлгий аймагт өнөөдрөөс бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, АИ92 бензин 1930 төгрөгөөс 2230, А80 бензин 1930 төгрөгөөс 2200 төгрөг, дизель түлш 2200 төгрөгөөр тус тус худалдаалагдаж эхлээд байна.

Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад бензин дунджаар 600 төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 690-740 төгрөгөөр, дизель түлш 330-360 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт юм.

Шатахууны үнийн өсөлтийг импортлогчид ОХУ-д энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Categories
гадаад мэдээ

Эдгэрсэн хүний тоо 178 сая давлаа

Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 197 сая 387 мянга давж, эдгэрсэн хүний тоо 178 сая 537 мянгад хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Эмнэлгийн 11811. 9 килограмм хог хаягдлыг устгажээ

Мэргэжлийн

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ээлжит цаг үеийн мэдээллийг танилцууллаа.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 194 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 45.124 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 379 объектын 57.779 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Aюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд долоодугаар сарын 29-ний өдөр 177 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 39 тусгаарлан ажиглах байр, 18 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 16 дархлаажуулалтын түр цэг, Чингис хаан боомт дахь ХМХА, нийт 250 цэгээс 11811,9 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 11811,9 кг хогийг устгаснаас 10847,6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 964,3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 299 байцаагч ажиллаж нийт 5,053 авто машинаар нэвтэрсэн 13,693 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /20201.07.29-ний 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 345 тээврийн хэрэгслээр 755 зорчигч, хотоос гарах чиглэлд 568 тээврийн хэрэгслээр 1181 зорчигч нэвтэрсэн. Хяналт шалгалтын хугацаанд зорчиж буй иргэд болон хяналт тавьж буй албан хаагчид халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт, амны хаалт, бээлий зэргийг зөв өмсөж, сольж буй байдал, хог хаягдлын зайлуулалт, ариутгал халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийж буй байдалд хяналт тавьж байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 848 тээврийн хэрэгсэл, 1118 жолооч, зорчигч, Улсын хилээр гарсан 785 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 991 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны нийслэлд 543 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын явцад 41 зөрчлийг илрүүлэн 27 буюу 65,8 хувийг арилгуулав.

Илэрч буй дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -27
  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 9
  • Цаг хэтрүүлэн ажилласан -2
  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 3