Categories
мэдээ цаг-үе

“AstraZeneca” вакцины 150 мянган тунг Шадар сайд С.Амарсайханд хүлээлгэн өглөө

Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн “AstraZeneca” вакцины 150 мянган тун БНЭУ-ын Мумбай хотоос өнөө өглөө Монгол улсад буусан.

Вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцсон юм.

https://www.facebook.com/watch/live/?v=45323089582…

Categories
мэдээ цаг-үе

Ирэх долоо хоногоос Дархан-Уул аймагт вакцинжуулалт эхэлнэ

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр /2021.02.21/ хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

– Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөн 2021 оны хоёрдугаар сарын 22-ны 10:00 цагаас эхлэн нээгдэнэ. / 7 хоногт 1 удаа зорчих, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлнэ/

– Караоке, диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.

– Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний 17:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./

– УБ хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.

– Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ.

– Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/

– Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ.

-Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана.

– Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /

– Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 21, 22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд хоёрдугаар сарын 23-нд нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргана.

-Ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.

– Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцаж ирэхгүй гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат дасгалжуулагч С.Тулга: Эрэгтэй шигшээ баг олимпийн эрхээ авах л юм бол медалийн тавцанд зогсоно гэдгийг ам бардам хэлье

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 3х3-ын шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгатай ярилцлаа. Тэрбээр Сар шинийн босгон дээр гавьяат дасгалжуулагч цол хүртсэн юм. Түүний удирдсан шигшээ баг олон улсын тэмцээнүүдээс найман алтан медаль, есөн мөнгөн медаль, 11 хүрэл медаль аваад байна.


-Гавьяат дасгалжуулагч болсон танд баяр хүргэе. Сагсан бөмбөгийн спорттой холбогдоод хэдэн жил болж байна вэ?

-Их баярлалаа. 2004 онд л хэдэн хүүхэд өөр дээрээ аваад бэлтгэж эхэлсэн юм. Тэр цагаас хойш 17 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд олон ч шавь бэлтгэж. Тэдний маань ур чадвар өнөөдөр тив дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна. Шавь нарынхаа сайн сайхныг харж бахархахаас илүү аз жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна.

-Баярт мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрөв?

-Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад “Сүхбаатарын Тулга мөн үү. Таныг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар тодорхойлжээ” гэж хэлсэн. Тухайн мөчид туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бүхэн нүдний өмнүүр зурсхийгээд л өнгөрсөн.Ингээд баярт мэдээгээ эхлээд ээждээ дуулгасан. Чимээгүйхэн байя гэж санасан ч зарлиг дээр орсон болохоор гавьяат болсон тухай мэдээ цахимаар шуураад эхэлсэн. Аав минь амьд сэрүүн байсан бол их баярлах байжээ гэх бодол төрж байлаа.

-Ерөнхийлөгч танд юу хэлэв?

-“Залуу дээрээ гавьяат боллоо. Урьдчилгаа болгож өглөө шүү. Үлдсэнийг нь олимпод очиж гүйцээгээрэй” гэж хэлсэн. Залуу хүний тухайд хийж бүтээх үйлсэд минь ташуур болж өглөө. Ямар их итгэл найдвар тавьж байгааг илүү ухамсарлалаа. 3х3-ын сагсан бөмбөгийн гэр бүлийн хийж бүтээснийг төр үнэллээ. Илүү ихийг хийж бүтээхийн төлөө зүтгэнэ ээ.

-Өнгөрсөн онд 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн наадамд оролцох эрх авсан нь Монголын спортын онцлох үйл явдал байлаа. Та эмэгтэйчүүдийн шигшээ багийг хэрхэн бэлтгэв?

-Багийн спортоор олимпийн эрх авлаа гэхэд хүмүүс итгэж өгөхгүй байсан шүү. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй 206 улс бий. Үүний шилдэг найм нь л олимпод өрсөлдөнө. Монгол охид маань шилдэг наймд багтаж олимпийн их наадамд өрсөлдөх эрхээ аваад байна. Миний тухайд монгол тамирчдын онцлогт таарсан хувилбар зурж шигшээ багаа бэлддэг юм. Хажуугаар нь спортын сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг. Энэ маань үр дүнгээ өгч олимпийн наадмын эрх авлаа. Одоо олимпийн наадамдаа амжилт гаргахын тулд бүх анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид заал хаалттай гэж шалтаглаад зүгээр сууж олон хүний итгэлийг эвдэж болохгүй. Цаг үедээ дасан зохицоод л бэлтгэлээ базааж байна. Сая халдвар хамгааллын дэглэм баримтлаад Өмнөговь аймагт “Энержи ресурс”-ын кемп дээр очиж 20 орчим хоног бэлтгэл хийгээд ирсэн. Одоогоор бол гэрийн нөхцөлд л тус тусын бэлтгэлээ базааж байна. Охид маань таван давхар байшингийн шатаар өдөрт 15 удаа гүйж гарч байна. Олимпийн дэвжээнд монгол түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд цаг мөч бүрийг л бэлтгэл хийж өнгөрүүлж байгаа. Хичээл зүтгэлийн үр дүн олимпийн дэвжээнд гарна байх гэж найдаж байна даа.

-Эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах боломж байна уу?

-Эрэгтэй шигшээ баг маань олимпийн эрхээ авсан ч тэмцээнийг зохион байгуулагч Японы багийг шууд оролцуулах шийдвэр гаргасан. Ингэхлээр манай байр нэгээр ухарч байгаа юм. Олимпийн эрх олгох тэмцээнүүдэд амжилт үзүүлж эрх авах болсон. Эрх авах боломж дүүрэн байгаа. Нэг зүйлийг ам бардам хэлэхэд эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах юм бол медалийн тавцанд зогсоно. Дэлхийн Гранприд түрүүлсэн ганц ази баг нь манайх шүү дээ. Манайхны ур чадварыг дэлхий хүлээн зөвшөөрсөн.

-Таны ажлын арга барил юу вэ?

-Миний хувьд өглөө босоод бэлтгэлдээ гарч, өдөр нь хүмүүстэй уулзах, харилцах зэрэг санхүү, менежмэнттэй холбоотой ажлуудаа амжуулдаг юм. Өглөө гэрээсээ 8:00 цагт гарч шөнө 12:00 цагт харих өдрүүд ч бий. Ийм амьдралын хэв маягаар сүүлийн арван жилийн турш явж байна. Гэхдээ сүүлийн үед Монголдоо тогтвортой байх нь ховор болчихоод байгаа. Гадагшаа тэмцээнд явах шаардлага байнга гарна. Шигшээ баг нэг жилийн хугацаанд нийт 300 цагийн нислэг хийсэн байна лээ.

Ажиллах арга барилын хувьд бид Монголд төдийгүй олон улсад байхгүй арга барилаар ажилладаг гэж боддог. Цаашид сайжруулах зүйлс олон бий. Монгол сагсчид барууны орнуудыг бодвол нурууны өндрөөс эхлээд санхүү, хангамжаараа дутмаг боловч олон улсын тэмцээнүүдэд чансаагаараа илүү байдгийн шалтгаан нь бид монгол хүний онцлогтой уялдуулсан зөв систем боловсруулж, түүний дагуу бэлтгэл базаадагтай холбоотой байх.

Таны ажлын төлөвлөгөө 3х3 төрөлд төвлөрч байна уу. 5х5-ын сагсан бөмбөгөөр олон улсад өрсөлдөх боломж байна уу?

-Манай баг тамирчид 5х5 төрлөөр Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль эх орондоо авчирсан. ОХУ-д болсон Универсад наадамд Япон, Филиппинийг хожсон. БНСУ-ын Гуанжу хотод зохион байгуулсан наадамд таван тивийн багийг хожсон амжилттай яваа. Манайхан 5х5 төрлөөр дэлхийд гарч ирэх үндэс, сууриа сайн тавьсан. Одоо зөвхөн 3х3 төрөл гэлтгүй, цаашид 5х5 төрлөөрөө илүү амжилт гаргаж, дэлхийд гарах болно.

-Ингэхэд сагсан бөмбөгийн холбоодын маргааны асуудал шийдэгдсэн үү?

-Цэгцэрсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн жил Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан ур чадварын тэмцээнд монгол хүүхдүүд түрүүлсэн. Цаашдаа ч тэмцээнүүдэд оролцоод явна.

-Багийн спортын ач холбогдол юу вэ?

-Багийн спорт улс орны хөгжлийг тодорхойлдог. Манайх багийн спортоор дэлхийн дэвжээнээс медаль авах цаг нь ирчихсэн байна.

-Сагсан бөмбөгийн спортын хөгжлийг та хэрхэн харж байна вэ. Өнөөдөр шигшээ багт тоглож байгаа залуусын нас 30 руу дөхөж байна. Залгамж халаа бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-15 жилийн өмнө сагсан бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээрээ нийлсэн цөөн залуус нэгдэж байлаа. “TLG 13” багаа байгуулж байх үед манай улсын лиг гарын таван хуруунд багтах багтай, 80-90 хүн л өрсөлддөг байлаа. Харин одоо нэг л лиг гэхэд 40-50 багтай, 900 гаруй тамирчинтай болоод байна. Ийм лиг 10 гаруй байгаа шүү дээ.Монгол Улсын хүн амын 60 хувь нь буюу 1.6 сая хүн сагс тоглодог гэсэн тооцоо бий.Тиймээс бид энэ спортод бүр олон хүүхэд залуусыг дурлуулж, тив, дэлхийн олон улсын тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж, бэлтгэлийг нь хангаж байна. Шигшээ багт орж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй найман настай хүүхдүүд 2040 онд гэхэд 29 настай болно. Бид тэднийг 2040 оны олимпод 5×5 төрлөөр оролцуулахаар бэлтгэж байгаа. Ямар ч хүн спортоор хичээллэснээр зөв замд ордог. Хөгжил гэдгийг брэндийн хувцас өмсөх, үнэтэй машин унахаар, эсвэл зөвхөн эрдэм ном, боловсролтой болсноор үнэлж болохгүй. Ард иргэд хэр аз жаргалтай байгаа, сэтгэл зүй хэр сайтай гэдгийг бас тооцох хэрэгтэй. Спортоор хичээллэсэн хүн ялагдал, бэрхшээлийг давж гарахад бэлэн, сэтгэлийн хаттай болдог. Аз жаргалын индексээр тэргүүлж, хөгжлөөрөө манлайлдаг улс орнуудын иргэд спортдоо анхаарч, тогтмол хичээллэдэг шүү дээ.

Гэхдээ манай улсад спортын салбарт системийн өөрчлөлт хийхгүй бол ардчилал гараад 30 гаруй жил болсон ч социализмын үеийнх шигээ хуучинсаг хэвээр байгаа. Бид спортыг бизнесийн зарчимд оруулахгүй бол хэн нэгэн даргын цүнх барьсан хүмүүс спортын салбарыг удирдаж, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хулгайлах байдал зогсохгүй. Зарим хүмүүс сагсан бөмбөгийн салбарыг тэтгэврийн зогсоол мэт хардаг болжээ. Гэхдээ хэн нэгнийг буруутгахаас илүүтэй системийн гажуудлыг засах хэрэгтэй байна. Улс орны ирээдүй болсон олон тамирчин залуусаа харлуулахын оронд тэднийг урмаар тэтгэж, дэмжээд өгөөсэй л гэж хүсдэг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй “AstraZeneca” вакцин ирлээ

БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг МИАТ-ийн агаарын хөлгөөр өнөө өглөө 06 цагт Монгол Улсад авчирлаа.

Үүний дараа вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов.

Энэ 150 мянган тун нь ДЭМБ-ын Ковакс хөтөлбөртэй ямар ч холбоогүй, Энэтхэгийн Засгийн газраас стратеги түнш, эртний оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Найдалаа: Монголд жинхэнэ улс төрийн гуравдагч хүчин анх удаа төрлөө гэж итгэлтэй хэлж байгаа

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаатай ярилцлаа.


-Та сайхан шинэлэв үү. Өнгөрөгч төмөр хулгана жил танай намын хувьд хэр өнгөтэй байв. Та намын дарга байсан шүү дээ?

-Сайхан шинэллээ, сайхан шинэлэв үү. Өнгөрөгч хулгана жил Хөдөлмөрийн үндэсний намын хувьд өмнөх хичээл зүтгэлээ баталгаажуулж, олны итгэлийг бодитой үр дүн, амжилт болгосон онцгой жил байлаа. Зөв ХҮН Электорат эвслийг байгуулж УИХ, орон нутгийн сонгуульд оролцсон. УИХ-ын сонгуульд Т.Доржханд ялалт байгуулснаар Зөв ХҮН Электорат эвсэл, ХҮН УИХ-д суудалтай нам болсон.

Үүнээс гадна хамгийн гол нь, нийслэл, дүүргийн ИТХ-уудад нийтдээ 12 төлөөлөлтэй болж чадлаа. Өмнө нь УИХ-д сонгуульд дуулиантай орж суудалтай болоод дараа нь замхран алга болж байсан нам эвсэл цөөнгүй байсан, харин сум дүүрэг, нийслэлийн түвшинд өргөн хүрээтэй сонгуульд оролцож, төлөөлөлтэй болж байсан түүх байхгүй. Иймээс, Монголд жинхэнэ улс төрийн гуравдагч хүчин анх удаа төрлөө гэж итгэлтэй хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн хүсэл, нийгмийн захиалга. ХҮН-ын дэмжигчид, гишүүд эрс нэмэгдэж, ялангуяа залуус олноороо хүчээ өгөхөөр нэгдэж байна.

Залуусын хүсэл тэмүүлэл, олны итгэлийг хувийн амжилт албан тушаал болгочихгүйн тулд ХҮН дотоод чадавх, институци чанараа илүү бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн даргын өмч биш, мөнгөтэй хүнээс хамаардаггүй, зөв хүнээ дэвшүүлдэг, хулгайч авлигачаасаа салж чаддаг, иргэдээ сонсдог, ил тод санхүүжилттэй нам болон бэхжих. ХҮН-д өнгөрсөн онд гарсан нэг өөрчлөлт бол удирдлага, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт. УИХ-ын гишүүн Т.Доржханд намын дарга, П.Ганзориг Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Мөн 10 гаруй шинэ залуу манлайлагчид намын удирдах ажилд хүч түрэн орж ирсэн. Миний хувьд намын бодлого, дотоод ажилд түлхүү анхаарах УЗ-ийн дарга гэсэн ажилд томилогдсон. Энэ сэлгээнүүд ХҮН-ын дарга удирдлага солигдох гэхээсээ илүү намыг хөгжлийн дараагийн шатанд гаргаж байгаа үйл явц юм.

Нээлттэй амлахад, бид ХҮН-ыг олны итгэл даах, боловсон хүчин сайтай, эрүүл саруул, шинэ цагийг авчрах шинэ төрлийн улс төрийн нам институци болгон бэхжүүлнэ ээ. ХҮН албан тушаалд горилогч амбиц шуналтнуудын цуглаан биш залуусын сурч хөгжих, өөрийгөө олох, олны төлөө хүчээ өгөх эрүүл талбар байх ёстой. ХҮН Академи гэж нэрлэсэн бодлого судалгааны хүрээлэнгээрээ дамжуулан уулзалт, сургалт, хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, гишүүд, залуусаа хөгжүүлж дэмжих болно.

-Сар шинийн баяраар төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үгийг та хэрхэн дүгнэж байна?

-Цагаан сарын мэндчилгээнүүдийг үзсэн. Ерөнхийлөгч ерөөл магтаал уриалгын чанартай үг хэлсэн байсан. Энэ харин зөв юм. Монгол Улсын Ерөнхийлөгч элдэв мөнгө, эд материал амлах ёсгүй, тийм эрх үүрэг боломж ч байхгүй. Зөвхөн “сайн төр засаг”-ийг л амлах үүрэгтэй. УИХ-ын даргын үг уламжлалт, өмнө нь хэлж байснаасаа ялгаатай санагдаагүй. Харин Ерөнхий сайдын үг шинээр томилогдсон болоод ч тэр үү анхаарал татахаар байсан. Ковид нэг өрх шинжилгээ, хорио суллах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр гээд өмнөхөөс арай өөр агуулгатай, хүлээлт үүсгэхээр зүйлс мэдэгдсэн. Гол нь мэдэгдэх биш гүйцэтгэх, хэрэгжүүлэх нь л одоо чухал юм даа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэр бэлдэж байна. Танай намаас “Ерөнхийлөгчөө захиалъя” цахим аяныг өрнүүлсэн. Одоогоор хэдэн хүн танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна?

-Сонгуулийн бэлтгэл ажилд орцгоосон. УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд Зөв ХҮН Электорат, ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Ерөнхийлөгч бол аль нэг нам, бүлэглэлийн биш Монгол Улсын, нийт иргэдийн Ерөнхийлөгч. Нэр дэвшигчийг нам дотроо, хэдхэн хүн хуралдаж шийдэх нь зохисгүй гэж үзсэн тул “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлж байгаа. Монгол Улсын иргэн л бол хэн ч, хаана ч байсан www.zuvhun.mn хаягаар орж, дурын хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Иргэд маш идэвхтэй оролцож, одоогоор 12,000 хүн хандаж, 130 гаруй хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ийм л байгаасай, битгий ингээсэй, энэ хүн л яг тохирно доо гэсэн бодол монгол хүн бүрийн дотор байгаа. Тэгэхээр энэ завшааныг ашиглаад, олны танил болоогүй байлаа ч таны ойр тойронд байгаа хүмүүсээс нэр дэвшүүлж, санал, хүсэл зоригоо илэрхийлээрэй гэж уриалъя. Хэн ч, хэнийг ч нэр дэвшүүлж болно.

-Яагаад энэ аяныг өрнүүлэх болов?

-Сонгуулийг сонголттой болгох, иргэдийг оролцуулах. Урьд өмнөх сонгуулиуд сонголтгүй байсанд, намууд нь зөв хүмүүс дэвшүүлж чадахгүй байгаад иргэд маш их бухимддаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль сонголтгүй болж нийт саналын бараг 10 хувь цагаан сонголт өгсөн. Бүр Монголын “хамгийн худалч, хамгийн хулгайч, хамгийн авлигач” гурав нь дэвшлээ гэсэн яриа гарсан. Энэ бол намууд нь иргэдийн төлөөлөл биш болжээ, ардчилал бүрэн ажиллахгүй байна аа гэсэн үг. Иргэд дэмжигчид ч бидэн рүү байнга холбогдож “..хэнийг нэр дэвшүүлэх гэж байна гэж асууж, тэрийг энийг дэвшүүлээрэй, тэрийг болохгүй шүү” гэж захих нь олширч байгаа. Иргэд, гишүүдийн эдгээр саналыг заавал сонсож харгалзах ёстой гэж шийдсэн.

Тэгэхээр, “Ерөнхийлөгчөө захиалъя” аян бол сонгуулийг сонголттой болгох, иргэдийг санал хүсэлтийг нээлттэй авах, оролцуулах зорилготой. Энэ бас Монголын улс төрд шинэ жишиг.

-“Ерөнхийлөгчөө захиалъя” нэрийдлээр хувь хүний мэдээллийг авч байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэх хэсэг ч байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Хуулийн баг ажиллаж, нэгд нэгэнгүй нягталж шалгасан. Саналаа илэрхийлэхэд зөвхөн нэр, харьяа дүүрэг л асууж байгаа, регистрийн дугаар болон хувийн бусад мэдээлэл шаардлагагүй. Мөн хуурамч хаягнаас олон дахин хандаж иргэдийн саналыг бусниулахаас сэргийлэх зорилгоор и-мэйл, утсаар нь баталгаажуулж байгаа. Дээр нь, энэ мэдээллийг иргэн өөрөө зөвшөөрөн сайн дураараа оруулж байгаа тул ямар нэг асуудал байхгүй.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Коронавирус зөвхөн Монголын биш дэлхийн эдийн засгийг хүнд байдалд оруулж байна. Улс орнууд бие биеэсээ хамааралтай харилцан нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн урсгал тул эргэж сэргэхэд хугацаа орох нь. Гэхдээ Монголын гол харилцагч Хятадын эдийн засаг сэргэх хандлагатай, найм орчим хувиар өснө гэсэн нь сайн мэдээ. Нүүрс, зэсийн үнэ, экспорт тогтвортой байвал Монголын эдийн засаг айхавтар хүнд цохилтод орохгүй болов уу. Дэлхийн банк Монголын эдийн засгийг 2021 онд 5-6 хувь өснө гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Хамгийн санаа зовмоор хэсэг нь ажлын байрын талыг бий болгодог, нүүрс зэс, төрөөс хамааралгүй оршин тогтнож байгаа худалдаа үйлчилгээ, ЖДҮ салбар. Угаасаа ч бизнесийн орчин муутай, оновчтой дэмжлэг тааруу байсан салбар ковидын хорионы улмаас бүр хүнд байдалд орсон байгаа.

-Цаашдын гарц гаргалгааг хэрхэн харж байна?

-Эхний ээлжинд дотоодын эдийг засгийг унагаж байгаа хөл хориог зохистой хэмжээнд тавих. Асуудалд хандах арга барилаа өөрчилмөөр байна. Бидний зорилго вирусийг устгах, вирусгүй улс болох биш ковидоос хамаарсан хямралыг даван туулах, аль болох хохирол багатай тэнцвэрийг нь олж ард нь гарах гэж асуудлаа өөрөөр харж эхлэх. Зүгээр л хориод байвал удахгүй ковид биш, эдийн засгийн хямралд орж хүндэрнэ. Ажлын байр, эдийн засаг бол вирус шиг хэдхэн хоногт эдгэдэг зүйл биш.

-Эрх баригчдын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Онцгой нөхцөл байдалд олон мянган албан хаагч цаг наргүй ажиллаж, болохоос болохгүй хүртэл зүтгэж байгаа тул аль болох шүүмжлэхгүй, дэмжих байр суурьтай байдаг. Гэхдээ УОК, НОК-ын удирдлагын зарим хэт сүржигнэл, байгаа онохгүй шийдэл, тодорхойгүй нөхцөл үүсгэж байгаа ойлгомжгүй тайлбар, вирусгүй л бол бусад нь хамаагүй, вирусийг хүнээс дээр үзэх, иргэдээ үл тоох, ялгаварлах хандлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Сэжигтэй болгоныг ХӨСҮТ рүү ачих, бүр Ховдоос хүртэл тусгай онгоцоор иргэдийг зөөх, автобусанд бөөнөөр нь олон цаг хорих шаардлага байхгүй л санагдана. Энэ бол хэт улстөржилт, намчирхлын үр дүнд улстөрчдийн мэдлэг чадвар нийгэм цаг үеэсээ хоцрогдож, төрийн алба суларсны нэг шинж гэж үзэж байна.

Р.ЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин үхэр өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 22. Сумъяа гариг. Билгийн тооллын 10, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:46 цагт мандан 18:25 цагт жаргана. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай,могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч нэмнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгороор 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Чанга гар”-ыг нэг жил үзүүллээ, сайхан байна уу?​ хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Хууль зүйн доктор А.Бямбажаргал “2019 оноос хойш сонгогдох Ерөнхийлөгчид 1992-2000 оны хооронд байсан хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөс зарчмын томоохон ялгаа бий” хэмээснийг I-II нүүрээс уншаарай.

“Дорнын түншлэл”
Монгол-Хятадын биз несийн зөвлөлийн зөвлөх,
судлаач Б.Дашравдан “Гадаадад бизнес
эрхлэгч монгол залууст хамтран
ажиллах бизнесийн тогтвортой
нэгдэл үгүйлэгдэж байна” хэмээн I,V нүүрт өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Чанга гар”-ыг нэг жил
үзүүллээ, сайхан байна уу? хэмээн өгүүллээ.

ХХААХҮ-ийн дэд сайд
Г.Батсуурь мал аж ахуйн
өвөлжилт, хаваржилтын
байдалд мэдээлэл өглөө. Тэрээр “Улсын хэмжээнд 439.7 мянган
мал зүй бусаар хорогдоод байна” хэмээснийг “Цаг үе” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Сайн үйл” буланд “Х-Түц”
продакшны жүжигчин Н.Баясаа “С.Батзориг бид хоёр
80 гаруй айлын өрийг
тэглэсэн байна, цаашдаа ч
энэ ажлаа үргэлжлүүлнэ” хэмээв.

Зургаан настай охины
амийг аварч, цаг алдалгүй
эмнэлгийн байгууллагад
хүргэж өгсөн
ТЦА-ны Хамгаалалтын
хэлтсийн ахлагч, замын
зохицуулагч Н.Нямбаяр “Охиныг
эмнэлэгт хүргэж өгөөд ажил
руугаа буцахдаа бусдад тус
хүргэсэндээ баярлаж явсан” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Шуурхай: “AstraZeneca” вакцины эхний татан авалтыг БНЭУ-аас МИАТ-ийн онгоцоор тээвэрлэн авчирч байна

“Оксфордын АстраЗенека вакцины эхний татан авалтыг БНЭУ-аас МИАТ-ийн онгоцоор тээвэрлэн авчирч байна” гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээллээ.

.....

Categories
гадаад мэдээ

Жума омгийн сүүлчийн эрэгтэй цар тахлаар нас баржээ

Бразилийн уугуул Жума омгийн хамгийн сүүлчийн эрэгтэй “Covid-19” цар тахлын халдвар авч, хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Жума омгийн сүүлчийн эрэгтэй Арука Жума 90 орчим настай байсан бөгөөд энэ долоо хоногт буюу хоёрдугаар сарын 17-нд амьсгал хураасан байна. Жума омгийнхон нэгэн үе 15 мянга гаруй хүнтэй байсан ч XX зуунд болсон хэд хэдэн удаагийн хядлагын эцэст 2002 он гэхэд ердөө тавуулхнаа болсон байжээ. Тэр таван хүн нь Арука Жума болон түүний гурван охин, нэг зээ охин аж.

Morre de Covid-19 o guerreiro Aruká Juma

Жума тэргүүтэй Бразилийн уугуул омгууд алслагдсан зэлүүд газар аж төрдөг, эрүүл мэндийн үйлчилгээ муутай гэх мэт шалтгаанаас болж цар тахалд маш эмзэг байгаа юм. Цар тахлын эхэн үед маш олон уугуул омгууд зам хааж, өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлан, ойртон ирсэн аялагчдыг буцаах зэрэг арга хэмжээ авч байсан юм. Гэвч тэр хөдөлмөр талаар болж, өдгөө уугуул омгуудын дунд халдвар ихээр тархжээ. Тухайлбал 162 уугуул омгийн 49 мянган хүн халдвар авч, 969 хүн амьсгал хураасан байна.

Ийнхүү өөрсдийгөө боломжит бүх аргаараа тусгаарлаж байсан уугуул омгийнхон дунд халдвар тархсаны бурууг хүмүүс уугуул омгуудын эрүүл мэндийн үйлчилгээг хариуцсан байгууллага Сесайтай холбон тайлбарлах болсон аж. Учир нь уугуул омгуудад очиж ажиллаж байсан Сесай байгууллагын мянга мянган ажилчид халдвартай байсан нь хожим батлагдсан байна.

Арука Жума 1960-аад онд өсвөр насандаа омгийнхныхоо үхэж байхыг нүдээр үзсэн гашуун дурсамжтай амьдарчээ. Тухайн үед наймаачид тэдний газрыг эзлэн түрэмгийлж, хэдийн цөөхүүлээ болоод байсан Жума омгийн 60 орчим хүнийг хядсан аж. Хядлагаас Жума омгийн долоохон хүн амьд үлджээ.

Хэдэн арван жилийн турш Арука Жума өөрийн омгийн газар нутгийг эргүүлэн авахаар тэмцсэн хэдий ч хүн хүч дутагдсанаас болж арга буюу бууж өгөн гэр бүлээрээ Уру-эү-вау-вау омог руу нүүж, охидоо хадамд гаргаж байжээ.

Өдгөө Арука Жумагийн ууган охин Бореха Жума омгийн ахлагч болон үлдэж байгаа бөгөөд тэрбээр “Би эцгийнхээ замналаар амьдарна. Би түүн шиг болмоор байна. Би түүн шиг тэмцмээр байна. Миний аав бол жинхэнэ дайчин, жинхэнэ удирдагч хүн байсан. Харин одоо би омгийн ахлагч” хэмээн ярьжээ.