Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн III хороонд өрхийн салбар эмнэлэг нээгдлээ

Нийслэлийн Баянгол дүүргийн III хороо буюу “Нарны хороолол”-д өрхийн салбар эмнэлэг өнөөдөр (2020.12.31) нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Соёмбо, Н.Энхчимэг нар оролцлоо.

Тус хороонд шинээр өрхийн салбар эмнэлэг нээснээр иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой болж байгаа юм. Ийнхүү онцгой нөхцөл байдал, цар тахлын үед тус хорооны 4500 өрхийн 19382 иргэн нэг дороос эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломж нөхцөлөөр хангагдаж байна.

Баянгол дүүргийн 3-р хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нар тус хороонд шинээр нээгдсэн өрхийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, “COVID-19”-ийн үед нэн шаардлагатай мананцар үүүсгэгч ариутгалын тоног төхөөрөмж, амны хаалтыг гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

АХЛАГЧ АХЛАГЧ Ш.РЭНЦЭН: ХАМГААЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГА ЗӨРЧИЛ ДУТАГДАЛГҮЙ БАЙВАЛ ХАРУУЛЧИН ХҮНИЙ АЗ ЖАРГАЛ

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.

Энэ үеэр Дотоодын цэргийн “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар шалгарсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “ДЦС-3”, ТӨХК-ийн хамгаалалтын салбарын харуулчин, ахлах ахлагч Ш.Рэнцэнг шагналаа гардан авах мөчид нь товч ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэж байна. Та цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би анх 2000 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангиас аврагч усчинаар ажлын гараагаа эхэлж, Дотоодын цэргийн 05 дугаар ангид томилогдсон. Дараа нь Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын хоёрдугаар газарт харуулын цагдаагаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сараас Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчин ажилд томилогдоод одоог хүртэл үүрэг гүйцэтгэж байна.

Улс эх орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй, 100 шахам жилийн түүхтэй байгууллагад мөрдэс нэгтэй нөхдийн хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаагаараа бахархдаг. Өнөөдөр харин хамт олноо манлайлан “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” болсондоо баяртай байна. Манай байгууллагад энэ шагналын эзэн болж чадах олон чадварлаг залуус ажилладаг. Би тэдний л нэг. Тиймээс намайг дэмжсэн дарга, удирдлагууд, хамт олондоо баярлалаа.

-Хүн болгонд ажил албаараа бахархах чин сэтгэлийн үг байдаг. Дотоодын цэрэг хэмээх байгууллагаараа хэрхэн бахархдаг вэ?

-Би “Гурван одонт” анги байгууллагадаа цэргийн алба хааж байсан бол одоо энэ ангидаа үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нь болоод 16 жил ажиллаж байна. Монгол улсынхаа Онц чухал обьектуудын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулж ажилладгаараа бахархаж явдаг. Ээлжинд гарахдаа элдэв зөрчилгүй тайван гарчихаад дараагийн алба хаагчдаа ажлаа хүлээлгэж өгөөд буугаад явахад сэтгэл амар байдаг. Гэхдээ үргэлж л обьектуудаа тайван амгалан байгаасай гэж залбирах нь холгүй ажиллах нь харуулчин хүний чин хүсэл дээ.

-Таны харуулчин ажлын гол онцлог, чиг үүрэг нь юу вэ?

-Хамгаалж байгаа улсын онц чухал обьектуудаа зөрчил дутагдалгүй хамгаална. Хэрэв зөрчил дутагдал гарвал зохих хууль дүрэм, журмынх нь дагуу шийдвэрлүүлнэ. Монгол улсын цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Дотоодын цэргийн алба ажиллагааны дүрэм, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зэвсэг, сум, тусгай хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, обьектын гадна, дотор хэсэгт болон инженер техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалтыг тогтмол үр дүнтэй явуулна гээд үргэлжилнэ дээ. Мөн харуул хамгаалалтын үндсэн үүргээс гадна коронавирусийн цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эргүүлд гарч, зөрчил дутагдал илрүүлнэ гээд багагүй ажилтай байдаг.

-Та анх аврагч усчин байсан гэж ярьсан. Энэ хугацаанд хэдэн хүний амь нас аварч байсан бэ?

-Эрдэнэт хүний амь насыг аврах гэдэг ямар их чухал гэдгийг мэдэрдэг. Ер нь би багадаа усанд сэлэх дуртай хүүхэд байсан. Иргэний хамгаалалтын ангид усчин аврагчаар олон жил ажилласан хашир туршлагатай шилдэг тэргүүний ахлагч нараасаа их зүйл сурсан даа. Нэг удаа “Туул голд хүн живсэн” гэсэн дуудлагаар аврах бүрэлдэхүүн очиж усны гүнд эрэн хайх ажиллагааг явуулаад үр дүнд нь 25 орчим насны эрэгтэй хүний амь насыг аварч байсан юм. Тэгээд нэг их гавьяархаж омогшихоосоо илүү ажлаа хийж байна гэж бодоод баярлаж, хүний амь насыг аварч чадсандаа сэтгэл өег явдаг хүмүүс бол аврагч усчин хүмүүс. Энэ мэргэжил маань намайг Дотоодын цэргийн харуулчин болоход их тус болсон. Мэргэжил бүхэн сайхан. Намайг дэмжиж тусалсан хамт олон, удирдлагууд, гэр бүлийнхэндээ шинэ оны мэнд хүргэж байна.

Эх сурвалж https://police.gov.mn/a/5424?fbclid=IwAR2zwQqCVGV6…

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье

Их хотын ХАРИУЦЛАГАтай иргэн танд шинэ оны мэнд дэвшүүлье

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,

Бид сорилт, сургамжаар дүүрэн 2020 оныг үдэж, хариуцлагатай байж, хөгжлийг хурдасгах 2021 оноо угтаж байна.

Миний бие хотын дарга гэсэн хариуцлагатай албыг хүлээж аваад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Дэлхий нийтийг цочоосон Covid-19 цар тахлын улмаас Улаанбаатарчууд бид түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд багагүй хугацааг өнгөрүүллээ. Хүний эрүүл мэндийн асуудлаас эхэлсэн цар тахал их хотын хэмнэл, та бидний өдөр тутмын амьдралд хөл хорионы дэглэмээр хүчтэй нөлөөлөөд зогсохгүй, нийгэм-эдийн засаг-бизнесийн хүндхэн сорилтуудыг үлдээлээ.

Аливаа бэрхшээлийн хамтаар сургамж үргэлж явдаг. Дэлхийн хотууд нөхцөл байдлаа эргэн харах, бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын хөгжлийн талаарх ойлголтоо шинэчлэх цаг хугацааны чухал зааг үе дээр ирээд байна. Бид ч мөн адил “Улаанбаатар хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгээ батлахдаа аливаа зорилго зорилтын давхардалгүй, уялдаа холбоотой, нэгдмэл байдлыг хангахаас гадна хамгийн чухал нь хүртээмжтэй байх зарчмыг гол болгож, хөгжлийг хурдасгахаар төлөвлөөд байна.

Сорилт бүхэн шийдлийг хайх боломжийг олгодог. Улаанбаатар хот төсөв, санхүүгийн хувьд бие даасан, хүчирхэг болох ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, ажлын байр бүтээгчдээ үнэлдэг, тусламж дэмжлэг байгаа онодог байх шийдлийг бид онилж байна. Асуудлаа эрэмбэлж, талуудын оролцоог хангаснаар тэгш бус байдлыг хумиж, шударга ёсыг дархлах боломж бүрдэнэ. Олон арван жилээр үргэлжилж буй хотын асуудлуудыг шийдэх эхлэл, суурийг зөвөөр тавих он жилүүд биднийг хүлээж байна.

Цар тахлын тархалтыг хумиж, Улаанбаатарчуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан, хоёргүй сэтгэлээр тэргүүн эгнээнд зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Мөн дэглэмээ сахиж, хайртай бүхнээ хамгаалж буй иргэн танд баярлалаа.

Их хотын хариуцлагатай иргэн танд шинэ оны, шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Бид хамтдаа хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно

Мэдээ.МН

Эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт ард иргэд ээ,

Өргөн дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улиран одож буй 2020 он Монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар ковид-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа.

Хэдийгээр байдал хүнд байгаа ч Монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Анх бид Ухань хотоос 31 иргэнээ татан авч байсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28 мянга гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авлаа.

Алтан гартай эмч сувилагчдынхаа ач буянаар цар тахлын халдвар авсан 584 хүнийг эмчлэн эдгээж чадлаа.

Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн сайн чанарын вакциныг эх орондоо авч ирж, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм.

Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно.

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй 2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянга гаруй бяцхан үрсээ өлгийдөн авч, Монголчууд бид 3 сая 358 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 71 саяд хүрлээ.

Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа.

Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, бизнес эрхлэгч, хувийн хэвшилийхэний маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлж байна.

Үүний зэрэгцээ хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, МонголРосЦеветмет, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тос Тосон бумбын орд, Хармагтайн орд зэрэг газруудыг төрийн мэдэл, ард түмний өмчлөлд эргүүлэн авлаа.

Монгол Улс түүхэндээ анх удаа Таван Толгой төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард иргэддээ хуваариллаа.

Байгалийн баялагтаа эзэн байхын үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ.

Манай улсын ард иргэд ээ,

Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа амь нас, улс орныхоо аюулгүй байдлын төлөө цар тахалтай тэмцэж буй эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан, утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа “Тавантолгой Түлш”-ийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно.

Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно.

Шинэ ондоо иргэн бүр эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ Шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

Categories
мэдээ нийгэм

Хавдрын мэс заслыг II эмнэлэг болон БГД-ийн Эрүүл мэндийн төвд хийнэ

Хавдрын мэс заслыг Хавдар Судлалын Үндэсний төвөөс гадна II эмнэлэг, БГД-ийн Эрүүл мэндийн төвд хийх боломжийг бүрдүүллээ. Ирэх онд бусад лавлагаа шатлалын болон орон нутгийн эмнэлгүүд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг болоход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг бэлтгэх ажлууд хийгдэж байна.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тандалтын нэмэлт багийн үйл ажиллагаатай танилцаж, чиглэл өглөө

Эрүүл мэндийн сайдын А/596 тоот тушаалаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тандалтын баг нэмэлтээр байгуулагдан 2020 оны 12-р сарын гурав дах долоо хоногоос эхлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллаж байна. Тэгвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тандалтын нэмэлт багийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа болон тандалтын багийн гишүүдтэй уулзаж, коронавирусийн халдварын тандалт хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан чиглэл өгч ажиллалаа.

Нэмэлтээр байгуулагдсан Тандалтын багийн ахлагчаар НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, АУ-ны доктор, Б.Сувд, зохицуулагчаар ЭМЯ-ны мэргэжилтэн А.Долгорханд багийн бүрэлдэхүүнд ЗӨСҮТ, ХӨСҮТ-өөс томилогдсон мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын ажилтан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулллагын төлөөлөл, бие даасан судлаач зэрэг хүмүүс ажиллаж байна. Багийн гишүүд бүгд Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, мэргэшсэн талбарын тархвар судлаачид юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд дахин байгуулав

Хархорум хотыг 800 жилийн дараа виртуал орчинд дахин сүндэрлэлээ. Эдүгээ Хархорум хотын туурь дээр байх том чулуун яст мэлхийн дээр суурилуулсан тэрхүү хөшөөнд 1220 онд Чингис хаан зарлиг гаргаж энд улсын нийслэлийг байгуулахаар товлосон, Өгэдэй хааны үед хааны их харшийг барьж байгуулсан, 1256 онд Мөнх хааны зарлигаар бурханы шашны 300 тохой өндөр их сүм бариулсан тухай дурдсан ажгуу. Тухайн үед Хархорум хотоор зочилсон олон жуулчид хотын тухай өөр өөрсдийн тэмдэглэлийг тэрлэж үлдээсэн нь буй. Тэдгээрээс хамгийн дэлгэрэнгүй нь Францын ван IX Людовикийн 1253 онд Монгол руу илгээсэн багийг ахалж явсан Гильом Де Рубрук ламын тэмдэглэл гэж үздэг. Шинжлэх ухаан, технологийн эрин зуунд хүний төсөөлж чадах бүхнийг бодит болгох боломж бүрдэж байна. Хүн бүрт харж, хүрч, мэдэрч, амтлаж, үнэрлэж чадаагүйгээс болоод харамсахаас илүүтэйгээр боломжгүй болсон зүйлсүүдийн нэг бол түүх буюу өнгөрсөн юм. Энэ бүгдийн тодорхой хэмжээнд шийдэж чадаж буй технологи бол Virtual Reality /Виртуал Реалити/ юм. Энэхүү технологи тусгай нүдний шилний тусламжтайгаар танд компьютер дээр бэлтгэсэн 3D хэмжээст өгөгдлийг үзүүлэх ба зарим контент нь интерактив болж хөгжсөнөөр бидэнд дуртай тоглоомоо илүү бодитоор тоглох боломж олгодог. Бусад 3D үзвэрүүдтэй харьцуулахад VR нь хормын төдийд тэс өөр орчинд очиж, зөвхөн нүдээрээ биш, мөн биеэрээ мэдэрдэг онцлогтой.

Виртуал орчин дах бүтээл нь устах, үгүй хийгдэх боломжгүй учир 1254 оны Хархорум хот ийнхүү үүрд сүндэрлэн хүн бүрт хүрэх боломжтой боллоо.

Залуучууд Хархорум хотыг Эрдэнэзуу хийдээр л төсөөлдөг. Гэтэл 800 жилийн өмнө Монголын эзэнт гүрний нийслэл яг ямархуу байсан, тэр үеийн Монгол ахуй ямар байсан гэдгийг төсөөлөх үүднээс Виртуал Хархорум хотыг бүтээн байгуулсан. Энэ бүтээлийг гадын жуулчид, 10 жилийн хүүхдүүд түүхийг хичээл дээрээ багштайгаа хамт үзэж түүхээ судлах боломжтой болж байна. Виртуал Хархорум төсөл хэрэгжсэнээр түүх соёлоо үүрд хадгалан үлдэх боломжтой боллоо.

Энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд нийт 20 гаруй хүн, 2 жилийн турш ажилласан. Энэ төслийг хүн хараад тоглоом гэж харахаас илүүтэйгээр яг бодит байдлыг хэрхэн гаргах боломж талаас нь судалгаа хийж гаргасан. Судалгааны хувьд түүхийн судлаач, зураач, архитехтур гэх мэт мэргэжлийн түүхч хүмүүс ажилласан.

Хүмүүс www.tuuhsoyol.com руу зочилж, эсвэл ЭНД дарж Виртуал Хархорум хотоор 360 аялал хийх боломжтой. Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилготой энэхүү төслийг “Шинжлэх ухаан, технологийн сан” болон “Рио Тинто Монгол”-ын санхүүжилтээр МУИС, “Дижитал Солюшнс” хамтран бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны 2020 онд худалдан авсан үнэт металл 23 тоннд хүрлээ

Монголбанкны 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөцийг 880 сая ам.доллараар өсгөлөө.

Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн 5 жилд худалдан авсан үнэт металл 100 тн-д хүрч, гадаад валютын улсын нөөцийг 3,7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн юм.

Ийнхүү үнэт металлын худалдан авалт амжилттай өсөхөд Дэлхийн зах зээл дээр алтны үнэ оны эхнээс 21 хувиар өссөн, томоохон алтны үндсэн орд ашиглалтад орж олборлолтын хэмжээ нэмэгдсэн, хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлөв. Түүнчлэн Монголбанкнаас “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилтын үр алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсч 1,7 тэрбум ам.долларт хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байхад томоохон хувь нэмэр оруулав.

Мөн өнгөрсөн жилүүдэд Дархан-Уул, Баянхонгор аймагт үнэт металл худалдан авдаг болж, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүн болон төлбөр төлөх зэрэг үйлчилгээнүүдийг цахимжуулсан гэх мэт үр дүнд Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өслөө.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын 2020 оны онцлох 20 ажил

2020 онд Эрүүл мэндийн салбар шинэ төрлийн Коронавирустэй нүүр тулж, хариу арга хэмжээ авах, учирч болох эрсдэлийг хохирол багатай даван туулахын төлөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар, ЭМЯ-аас эрүүл мэндийн салбарын суурь асуудлуудыг шийдвэрлэх тогтолцооны шинэчлэл хийх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн жил байлаа. Эрүүл мэндийн салбарын, ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог сууриар нь өөрчлөх дараах алхмуудыг богино хугацаанд хийж хэрэгжүүлжээ. Үүнд:

НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлууллаа. Эдгээр хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг улсын төсвийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн нэг худалдан авагчийн тогтолцоог бий болголоо. ЭМДЕГ энэхүү нэгдсэн сангаас эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг түүний тоо, төрөл, чанар, үр дүн, иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байдал зэргийг үндэслэн санхүүжүүлэх юм. Өөрөөр хэлбэл чанартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага илүү санхүүжилт авах боломж бүрдлээ. Үнийг олон улсад стратегийн худалдан авалт гэж нэрлэдэг бөгөөд ард иргэдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хамгийн оновчтой арга хэмээн үзэж дэлхий нийтээрээ энэ чиглэлд явж байна.

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэн хагас бие даасан байдлаар ажиллах боломжийг бүрэн нээж өглөө. Ингэснээр эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх, улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Энэхүү хууль эрх зүйн шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгож, эрүүл мэндийн байгууллага хөгжин дэвших, иргэд чанартай тусламж, үйлчилгээг төвөгдөл чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг нээж өгч байна.

ХОЁР. ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ЦАГ ЗАХИАЛГЫН “1800-0119” НЭГДСЭН ТӨВ АШИГЛАЛТАД ОРСНООР ЭМНЭЛЭГТ БИЕЭР ОЧИЖ ЦАГ АВАХ ИРГЭД 86 ХУВИАР БУУРЧЭЭ

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөөний 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг хүндрэл, чирэгдэл түгээмэл байсан. Энэхүү хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 нэгдсэн төв”-ийг есдүгээр сард ашиглалтад орууллаа. Цаг захиалгын “1800-0119” нэгдсэн төв ашиглалтад орсноор эмнэлэгт биеэр очиж цаг авдаг очер дараалал сарын дотор 86 хувиар буурч, иргэд чирэгдэлгүй тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүллээ.

ГУРАВ. ИРГЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ БҮХ ЭМИЙН САНГААС, САРЫН БҮХИЙ Л ХУГАЦААНД ЧИРЭГДЭЛГҮЙ АВАХ ОРЧИН БҮРДЛЭЭ

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт сар бүрийн эхний 2-3 өдөрт дуусаж, иргэд, ялангуяа ахмадууд, хөнгөлөлттэй эм авахын тулд эдгээр өдрүүдэд өглөө эртлэн босож урт дараалалд зогсдог, даатгуулагч хөнгөлөлттэй эмээ авч чаддаггүй байсан үе саяхан. Дээрх багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн хөнгөлөлттэй эм олгох үйл явцыг дараах байдлаар шинэчилснээр дээрх асуудал бүрэн шийдэгдлээ. Үүнд: 1) Иргэд-даатгуулагчид өөрт хамгийн ойр байгаа ЭМИЙН САНГААС эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг ХҮНДРЭЛ, ЧИРЭГДЭЛГҮЙ авах боломжийг бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй эм олгох эмийн сангийн тоог 900-гаас 1600 хүртэл нэмэгдүүллээ; 2) Хөнгөлөлттэй эмийн жорыг зөвхөн өрх сумын эмч, бичдэг байсан бол одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч бичдэг боллоо.

Ингэснээр иргэд нарийн мэргэжлийн бичсэн эмийг хөнгөлөлттэй авахын тулд өрх, сумын эмнэлэг рүү дахин явдаг чирэгдлийг арилгаж, өрх, сумын эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүллээ; 3) Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний удирдамжид суурилан шинэчилсэн бөгөөд 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэрийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хүртэлх хувиар хөнгөлж байна; 4) өвчтөнд тохирсон эмийг зөв тунгаар өгөх зорилгоор эмийн хоногийн болон нийт тунг цахим системд оруулан, ЭМДЕГ-аас тавих хяналтыг сайжрууллаа; 5) хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 2021 онд 2 дахин нэмэгдүүлэхээр батлууллаа.

ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ, ЧИРЭГДЛИЙГ БУУРУУЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж байна. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээг иргэдэд, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд ойртуулах, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах зорилгоор дараах ажлыг хийлээ:

  • Хавдрын мэс заслыг ХСҮТ-өөс гадна УХТЭ, БГД-ийн ЭМТ-д хийх боломжийг бүрдүүллээ. Ирэх онд бусад лавлагаа шатлалын болон орон нутгийн эмнэлгүүд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг болохын тулд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг бэлтгэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  • Гэмтэл, ослын яаралтай түргэн тусламжийг ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн шинэ эмнэлэгт үзүүлдэг боллоо. Цаашид хөдөө, орон нутаг, дүүргийн эмнэлгүүд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болно. Ингэснээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон осол гэмтлээс үүдэлтэй нас баралтыг бууруулах чухал алхам болох юм.
  • Зүрх судас, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ биш, мөн УНТЭ, УХТЭ үзүүлдэг болсон нь иргэд яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж нэмэгдэж, ингэснээр өвчний хүндрэл, нас баралтыг бууруулах боломж нэмэгдэнэ. Ирэх онд дүүргийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд дээрх тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
  • Урологийн тусламж, үйлчилгээг зөвхөн УНТЭ үзүүлдэг байсан бол одоо энэ чадавхи УХТЭ, УГТЭ, БГДЭМТ-д бүрдлээ. Ингэснээр иргэд оршин суугаа газраасаа тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болж байгаа юм. Мөн орон нутагт урологийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэж, шинээр тасгуудыг нээн ажиллаж байна.
  • УНТЭ, УХТЭ,УГТЭ-үүд бүх төрлийн тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлдэг болохоос гадна нийслэл, орон нутгийн иргэдийг газар зүйн байршлаар нь хуваан үйлчилж эхэллээ.
  • Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвөөс 9 дүүрэг, 21 аймагт мэргэшсэн эмч нарыг бэлтгэн сэтгэцийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг нэгжтэй болоод байна. Иргэд оршин суугаа газраасаа сэтгэл заслын бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой боллоо.
  • Чих, хамар хоолойн мэс заслыг төрөлжсөн төв эмнэлгүүдээс гадна дүүргийн эмнэлгүүд хийж эхлээд байна.

ТАВ. ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖИЙН “ПЛАТФОРМ”-ЫГ МОНГОЛ ЭМЧ НАР ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНДЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “Up-To-Date” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг бүрдүүллээ. Үүний үр дүнд энэхүү цахим платформд байх удирдамжийг эмч нар эмнэл зүйн шийдвэр гаргахдаа ашиглах, олон улсын сайн туршлагыг оношилгоо, эмчилгээндээ нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллага, эмч нарын оношилгоо, эмчилгээний арга барилын зөрүүтэй байдал буурах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрах боломж бүрдэж байна.

Олон улсын эмнэлзүйн UpToDate платформыг Монгол эмч нар ашигласнаар онош зөрөх, эмчилгээний заалт иргэдэд ойлгомжгүй байх зэрэг бүх асуудал үүсэхгүй нэгдсэн нэг хэл, стандартад орно. Олон улсад хийгдэж буй судалгаа, шинжилгээ, шинэ аргачлалыг цаг алдалгүй цахимаар авдаг болно. Эмнэлзүйн хэмжилт болон эмийн харилцан үйлчлэлийг тооцоолох боломжтой болно. Өндөр хөгжилтэй, хүчирхэг эрүүл мэндийн салбартай улс орны эмнэл зүйн удирдамжийг судалж, ашиглах боломжтой. Түүнчлэн Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй иргэдэд маш том дэвшлийг авчрах юм.

ЗУРГАА. МАНАЙ УЛСЫН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАДАМЖ НЭГ ШАТ АХИЛАА

Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр УНТЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт суурилуулан хэрэглээнд нэвтрүүллээ. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нэг ч энэ төрлийн аппарат байхгүй байсан бол одоо эрчимт эмчилгээний чадамжийг бодитоор сайжруулж, нэг шат ахилаа.

Шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болгож байна. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжууд бий боллоо.

ДОЛОО. ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛАГДЛАА


Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа. Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагджээ. Гэтэл эмийн зөв хэрэглээ, чанар, үнийн нэгдсэн зохицуулалт байхгүй ирсний улмаас иргэд чанартай эмийг хямд үнээр авах, зүй зохистой хэрэглэх байдал олон улсын түвшнээс хол хоцорчээ. Тиймээс Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулахыг дэмжиж, эмийн чанар, хүртээмж, үнийн зохицуулалт хийх гол системийг бий болгож өглөө.

НАЙМ. ДҮРС ОНОШИЛГОО АРХИВЛАН, ХАДГАЛАХ PACS СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр дүрс оношилгоо архивлан хадгалах PACS системийг өнгөрсөн есдүгээр сард нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, Увс болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тус системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

PACS системийн тусламжтайгаар дүрс оношилгооны рентген, Компьютер томографи, Эхо гэх мэт дүрс мэдээ боловсруулдаг оношилгооны аппаратаар авсан зургийг анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсийг чанартайгаар дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашиглана.
Ингэснээр өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмчийн үйлчилгээг авах боломж нээгдлээ.
Төвлөрсөн PACS-г нэвтрүүлснээр:
Цаг хугацаа хэмнэх
Хот хөдөөгийн ялгаа арилна
Илүү зардал, чирэгдэл багасна
Мэргэшсэн эмчийн онош хүртээмж ихэснэ
Давхардсан шинжилгээ цөөрч, цацрагийн дозе авалт багасна
Өвчтөний мэдээллийг найдвартай удаан хугацаагаар хадгалах боломж үүснэ
Эрүүл мэндийн даатгал үр дүнтэй болно
Эрүүл мэндийн системийн нэг тулгуур болно
Эмч нар мэдээлэлд илүү ойртож, мэргэших болно.
Монгол хүний удамшил, өвчлөлийн мэдээллийн сан үүснэ.

ЕС. БИ-ПЛАН АНГИОГРАФИЙН АППАРАТААР МЭДРЭЛ, ЗҮРХНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ИЛҮҮ НАРИЙН ТҮВШИНД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

УНТЭ нь Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах үүднээс зүрхний шигдээсийн нэгж, мэдрэлийн тасагтай болсон. Энэ хүрээнд эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн ЭМЯ-ны санхүүжилтээр Монголд анх удаа Би-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Би-План ангиографийн шинэ загварын аппаратыг ашиглах болсноор мэдрэлийн болон зүрхний оношилгоо эмчилгээг илүү нарийн түвшинд хийдэг болсон.

Манай улсад 2013 он хүртэл зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлдэг албан ёсны нэгж байгаагүй. Зүрхний булчинг цусаар хангадаг судас бөглөрсөн тохиолдолд амь насанд аюултай хүндрэлүүд гардаг учраас нас баралт өндөр хувьтай байдаг. Тиймээс энэ төрлийн тусламж үйлчилгээг эхний ээлжид нэвтрүүлэх зорилгоор УГТЭ дээр Зүрхний шигдээсийн тасгийг байгуулж байсан. Жилдээ 1,800-2,000 орчим өвчтөн тус тасгаар үйлчлүүлдэг.

2019 оны нэгдүгээр сараас энэ төрлийн тусламж үйлчилгээг төвлөрөх ёсгүй, яаралтай үзүүлэх шаардлагатай гэж үзээд УНТЭ-ээс гадна Хоёрдугаар төв эмнэлэгт мөн Зүрхний шигдээсийн тасгийг байгуулсан. Зүрхний шигдээсийн үеийн тусламж үйлчилгээ нь ангиографийн аппараттай салшгүй холбоотой юм. ЭМЯ-аас ирэх оны эхний хагаст багтаан бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд энэ төрлийн аппаратыг байрлуулахаар хүний нөөцөө сургаад, бэлтгээд явж байна.

10. ИРГЭДЭЭ ЖИЛД ТОГТМОЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ОРДОГ БОЛГОХ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ҮҮДИЙГ ДҮҮРЭГ, ОРОН НУТАГТ БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас ард, иргэдээ жилд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг УХТЭ, УНТЭ, СХД-ийн ЭМТ, Өвөрхангай аймгийн БОЭТ, Баянзүрх дүүргийн ЭМТ-д тус тус байгууллаа. Ирэх онд дүүрэг, орон нутгуудад байгуулахаар төлөвлөгөөнд тусгагдан, бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Эрүүл мэндийг дэмжих төвд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахаас гадна хувь хүн, хамт олныг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд цогцоор нь хамруулж байна. Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд иргэд тохилог орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломж ийнхүү нэмэгдсээр байгаа билээ.

11. ЯАРМАГИЙН 300 ОРТОЙ, СХД-ИЙН 100 ОРТОЙ ЖИШИГ ЭМНЭЛГҮҮДИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх хүчин чадалтай юм. Эмнэлэг ашиглалтад орсноор 157 мянган иргэн дэлхийн стандартад нийцсэн тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно. Мөн коронавирусний халдварын тархалтын энэ үед тус эмнэлэг нь 100 орны хүчин чадалтайгаар тусгаарлах чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагаа явуулна. Тус эмнэлэг нь олон улсын стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үзүүлэх, тав тухтай аюулгүй байдлыг хангасан эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангасан орчин үеийн технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж байна.

Ковид-19 халдварын үед бэлэн байдлыг хангах чиглэлээр Яармагийн 300 ортой эмнэлгийг тусгаарлалтын чиглэлээр энэ сарын 01-ээс эхлэн ажлуулж эхлээд байна. Бэлтгэл ажлын хүрээнд 500 ор дэлгэн ажиллаж байна. Засгийн газар, ЭМЯ-аас тус эмнэлгийг ашиглалтад оруулах, тохижилт, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бүх талын санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

12. УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа. УХТЭ нь энэ жил Баянзүрх дүүргийн болон Зүүн аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон зэрэг маш олон өөрчлөлтүүд гарч байна. Үүний нэг тод жишээ нь шинээр ашиглалтад орж буй 50 ортой хүүхдийн эмнэлэг боллоо.

13. МОНГОЛД АНХ УДАА ХАВДРЫГ ӨНДӨР ТҮВШИНД ОНОШЛОХ ПЭТ-ЦТ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА

Монголд анх удаа PET-CT технологийг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт нэвтрүүлж, тусгай цөмийн тоног төхөөрөмжөөр хавдрыг оношилдог болгож байна. Өмнө манай иргэд гадагшаа явж энэ аппаратад үзүүлдэг байсан бол одоо Монголдоо үзүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ тоног төхөөрөмж, технологи нь хавдрын мэс засалд орсон иргэдийг үсэрхийлсэн эсэх, давтан оношилгоо хийхэд маш том дэмжлэг болж байна.

Хорт хавдрын уламжлалт оношилгоо, эмчилгээний менежментийг 30 хүртэл хувь өөрчилдөг ПЭТ-КТ технологийг нэвтрүүлэхийн тулд циклотроны үйлдвэрийг цуг барьдаг. Цөмийн онош зүйн тасагт ашиглах эдгээр болон бусад тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн гадны инженерүүд угсарч байна. Циклотроны үйлдвэрийг аравдугаар сард ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Цаашид энэ үйлдвэрийг түшиглэн цѳмийн эмчилгээний шинэ нэр төрлийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой болно.

14. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ӨНГӨРСӨН 5 САРЫН ХУГАЦААНД 12 АЙМАГТ АЖИЛЛАЖ, ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Эрүүл мэндийн сайд ажлаа аваад таван сарын хугацаанд Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Замын-Үүд, Сүхбаатар, Хэнтий, Орхон аймгуудад ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх цогц ажлуудыг эхлүүллээ. Энэ хүрээнд мэс заслын тасгуудын багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах, түргэн тусламжийн үйлчилгээг чадвахжуулах, үндэсний хэмжээний эмч, сувилагч нарын багийг бэлдэж, тухайн бүс нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургах, чадавхжуулах, үе шаттай ажлуудыг хийж эхлээд байна. Төрөлжсөн эмнэлгүүдэд хийдэг мэс заслуудыг дүүрэг, орон нутагт хийх бэлтгэл ажлууд хийгдэж эхэллээ. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг төрөлжсөн төв эмнэлгүүдэд дадлагажуулах, сургах хугацаат ажлууд хийгдэж байна.

15. 7 ЭМНЭЛЭГТ ШИНЭЭР ТӨВЛӨРСӨН АРИУТГАЛЫН НЭГДСЭН ТАСГИЙГ БАЙГУУЛЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

ЭМСХХ-5 төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, 14 нэр төрлийн 19 ширхэг 844,5 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжийг тус бүр хүлээлгэн өгч, орчин үеийн стандартад хангасан ариутгалын нэгдсэн тасгийг ашиглалтад орууллаа. Шинээр Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд ариутгалын тасгийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.

16. ГССҮТ-т НЭГ ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЕВРОП СТАНДАРТЫН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙГ БАЙГУУЛЛАА

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв нь Монголдоо анх удаа нэг өрөөний зохион байгуулалттай Европын стандартын эрчимт эмчилгээний тасгийг байгууллаа. Европ стандартын гол зорилго нь нэг үйлчлүүлэгчид нэг өрөө, нэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэгддэг онцлогтой. Ингэснээр дотоод халдвар тархах эрсдэлийг бууруулж, эмч, сувилагч нар үйлчлүүлэгчтэйгээ тулж ажиллах боломж нэмэгдэж байна.

17. УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ MRI АППАРАТЫГ ЗАСВАРЛАН, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА


ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Уг аппаратад “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна. Харин нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжтой боллоо.

Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.

18. ЭХЭМҮТ-ИЙН ТОХИЖУУЛСАН “АМЬСГАЛЫН ЭРХТНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ”-Н ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЖ, АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙГ БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ


ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг”-н 40 ортой байсныг 80 ортой болгон өргөжүүлж, агааржуулалтын системийг нь бүрэн шинэчлэн зассан юм. Ингэснээр амьсгалын замын өвчин эмгэгийг эмчлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ тус тасгийг өргөжүүлэх, агааржуулалтын системийг шинэчлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болж, ийнхүү үйл ажиллагаагаа өргөжин, хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна.

19. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШИНЭ БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн гурван төвийн, Говь-Алтай аймгийн Халиун, Шарга сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр ашиглалтад оруулж үйл ажиллагааг эхлүүллээ. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Түнхэл тосгон, Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн барилгууд, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгууд тус тус ашиглалтад оруулаад байна.

20. ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОЛИЛЦОХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр эмнэлзүйн сургалтад хамруулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээний шинэ технологи, арга барил, туршлагыг нэвтрүүлэх, орон нутагт төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг солилцох арга хэмжээг хэрэгжүүлж эхлэв.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Төрөлжсөн төв эмнэлгүүдийн чадварлаг эмч, мэргэжилтнүүдийг дүүрэг, хөдөө, орон нутагт тодорхой хугацаанд ажлуулан тухайн эмнэлгийнхээ багийг сургах, чадвахжуулах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах системтэй ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг үндэсний лавлагаа эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд дүүргийн эмнэлгүүдэд болон Говьсүмбэр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хавдар, мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, сэтгэцийн эмгэг судлал, гэмтэл, согог судлалын чиглэлээр богино хугацаагаар ажиллаж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг сургахын зэрэгцээ иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнийн дээл 38.5 саяар, Э.Эрдэнэчулууны гүү 200 саяар зарагджээ

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах үйл ажиллагаа өчигдөр(2020.12.30) зохион байгуулагдаж нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хандив босгосон. Тэгвэл энэхүү арга хэмжээнд Монголын алдар цуут тамирчид, уяачид ч дуудлага худалдаа явуулж хөрөнгө оруулалт хийжээ. Тодруулбал,

  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дээлний дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 38.5 сая төгрөгөөр
  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын кимоногийн дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 25 сая төгрөгөөр
  • Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Энхбатын Бадар-Ууганы боксын ширэн бээлийний дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 21 сая төгрөгөөр
  • Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны Монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн домогт хурдан ажнай шаргын удам хээлтэй гүүний дуудлага худалдааны анхны үнэ нь 99 сая төгрөгөөр тогтож 200 сая төгрөгөөр тус тус зарагдлаа.134368660_107503634604689_3225701061634638485_o
  • 134655028_2949989555278438_1418566440326807254_n