Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 17:00-19:00 цагийн хооронд сар хиртэнэ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 30, Билгийн тооллын 15. Сар хиртэнэ. Хиртэлт 17 цаг 02 минутаас 19 цаг 53 минутын хооронд хоёр цаг 51 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутад харагдана. Сарны хиртэлт Африк, Австралийн бүс нутагт харагдахаас гадна Азийн орнуудад 82 хувьтай харагдах ажээ.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Алтан-Очироос тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр сар хиртэнэ. Хиртэлт 17 цаг 02 минутаас 19 цаг 53 минутын хооронд хоёр цаг 51 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутад харагдана. Сарны хиртэлт Африк, Австралийн бүс нутагт тод харагдахаас гадна Азийн орнуудад 82 хувьтай харагдана. Энэ удаагийн сар хиртэх үзэгдэл нь 2020 он гарснаас хойш хоёр дахь удаагийнх болж байна. Сар дэлхийн сүүдэрт бүрэн орохгүй учраас цусан улаан сар ажиглагдахгүй. Монголын хувьд сар мандахаас өмнө сар хиртэлт болох учраас ажиглагдахгүй” гэв.

Нар, дэлхий, сар гурав нэг шугамд байрлаж, сар дэлхийн сүүдэрт орохыг сар хиртэх гэж нэрлэдэг. Сарны хиртлийг ажиглахдаа хүртэлх таван ангилалд хувааж үздэг.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар жолоо барьсан 15, гэр бүл хүчирхийллийн 48 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт нийт 613 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 26 дуудлага байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн шинж чанартай 48, хулгайн найман хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 иргэнийг саатуулж, 46 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо.

Өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцжээ.

Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.

2021 оны улсын төсвийг цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй хэмээн хориг тавьсан үндэслэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч тайлбарлаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмадууд тэтгэврээ картаар авах бүрэн боломжтой

Нийгмийн даатгалын байгууллагаас маргааш, 12 дугаар сарын 1-нд 446.4 мянган тэтгэвэр авагчид нийт 185 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны 6 банкаар дамжуулан олгохоо мэдээллээ. Тодруулбал:

  • 353.5 мянган даатгуулагчид өндөр насны,
  • 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн,
  • 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Манай улсад тархаад буй “COVID-19” нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул ХНХЯ, Нийгмийн даатгалын байгууллагаас энд анхаарч, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг мэдэгдлээ. Үүнд:

  • Нэн түрүүнд банканд дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран 11 дүгээр сарын 14-нөөс эхлүүлсэн. Улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.
  • Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусний халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэгбүрчлэн утсаар холбогдож нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.

Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хянаж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллахаар болжээ.

Тэтгэврийг хугацаанд нь олгоход санхүүжилтийн асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд ахмадууд арилжааны банкуудад очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг НДЕГ-аас тэтгэвэр авагч нарт зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Далай лам Монголчуудад зориулсан айлдвараа хойшлуулжээ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2020 оны 12-р сарын 3-ны өдөр Монголын залуучуудад “Бурханы шашин ба шинжлэх ухаан” сэдэвт ярилцлага, мөн 12-р сарын 4, 5-ны өдрүүдэд Монголын сүсэгтнүүдэд “Наландарын 17 бандида нарын соёрхол”, Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номуудыг онлайнаар тайлбарлан айлдахаар зарлаад байсан билээ.

Гэвч Монгол Улс дахь хатуу хөл хорионы улмаас монголчуудад зориулсан номын айлдвараа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунбат: QR код бүхий тусгай зөвшөөрлийг албан хэрэгцээний 22,539 автомашинд олгоод байна

Нийслэлийн Онцгой комиссоос сүүлийн 24 цагт хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Нийслэлийн хэмжээнд 24 цагт 3,559 хүнд шинжилгээ хийгдэж, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн.

Мөн орон нутгаас Нийслэлд ирж гацсан иргэдийг буцаах түр журам гарсны дагуу тэднийг шинжилгээнд хамруулж байгаа. Өчигдөр 11 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан. Үүнд нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийт 80 гаруй ажилтныг нэмэлтээр ажиллууллаа.

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Засгийн газрын 178 дугаар тогтоол, УОК-ын шийдвэр, нийслэлийн Засаг даргын 1242 дугаар захирамжийн хүрээнд зөвшөөрөгдсөн автомашинуудыг нийслэл рүү оруулах чиглэлтэй байна. Үүний дагуу Улаанбаатар хотоос 768 тээврийн хэрэгслээр 1,322 зорчигч гарсан бол нийслэл хот руу 782 тээврийн хэрэгслээр 1,420 зорчигч нэвтэрсэн.

Мөн автомашинд QR код олгож, Улаанбаатар хотод зорчуулах шийдвэр гарсан. 11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамны Консулын газрын ажиллах цагийн хуваарь

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Энэ дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд:

Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох

Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.

Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.

Апостиль гэрчилгээ олгох

Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.

Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР

2020.11.30

Categories
мэдээ нийгэм

​М.Майцэцэг: Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл нэмэгдсэн

Детская стоматология в Лобне. Хорошие стоматологи - «Семья»

“Mayflower” шүдний эмнэлгийн захирал, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч М.Майцэцэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед амны хөндийн өвчлөл зонхилох болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бидний өдөр тутам идэж буй хоол хүнсний найрлага дахь нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн нь бүхэллэг, чанар багатай наалдамхай байгаа нь шүдэнд өнгөр үүсгэж, амны хөндийн эрүүл ахуйг муу сахих, шүдний эмчид тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрагддаггүйгээс өвчлөл нэмэгдэж байгаа юм. Энэ нь зайлшгүй үзлэгт орох шаардлагатай цаг үеийн цэрэг татлага, гадаад дотоодын сургуульд явах, сурах үед хийгдэх үзлэгээр илүү их илэрдэг. Шүдний цоорлын эмчилгээг илэрсэн даруйд шууд эмчлэгддэг бол зарим эмчилгээ тодорхой цаг хугацаа, урьдчилсан эмчилгээ хийгдэх шаардлагатай болдог. Иймээс жилд тогтмол хоёр удаа шүдний эмчдээ хянуулж эмчилгээ үйлчилгээг хийлгэж байх хэрэгтэй. Амны хөндийн боловсролыг гэр бүлийн гишүүн бүрт эзэмшүүлж, бага насны хүүхдийнхээ шүдийг тогтмол угаах, шүдний эмчид үзүүлж зөвлөгөө, авч байх нь залуу аав, ээжийн гол үүрэг болоод байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ оны байдлаар 34,946 хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байна. Ингэснээр 2-12 насны хүүхдийн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж эмчилснээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчимийг дөрвөн нэгжээр бууруулах юм.

– Ер нь улсын хэмжээнд шүдний өвчлөл хэр байгаа вэ?

-Сүүлийн үеийн үндэсний судалгаагаар бага насны хүүхдийн 86% шүд цоорох өвчтэй байсан бол,14% нь эрүүл гэж гарсан. Энэ нь шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2%, сургуулийн насныханы дунд 86.1% хувьтай байгаа аж. Харин сүүлийн жилүүдэд шүд цоорох өвчнөөр бага насны хүүхэд өвчилж тэдний дунд энэ өвчний тархалт нэмэгдэж хандлага ажиглагдсан. Нүүр амны эмгэгт шүд цоорох өвчин болон түүний хүндрэлүүд, шүд эрүүний гажигууд зонхилж байгаа нь өвчлөлийг эрт илрүүлэх, оношлогоог нарийвчлан хийж, эрчимтэй төлөвлөгөөг зөв боловсруулж урьдчилан сэргийлэх асуудалүүссэн.

-Бага насны хүүхдүүдийн сүүн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, арчилгааг хэрхэн хийх вэ?

– 4-6 насны хүүхдийн амны хөндийн онцлог нь сүүн шүдний зуултаас холимог зуултын үе буюу байнгын шүд ургах үе рүү шилждэг. Өөрөөр хэлбэл, сүүн 20 шүднээс байнгын 32 шүд ээлж дарааллан ургах үе юм. Хамгийн түрүүнд байнгын нэгдүгээр их араа ба үүдэн бүлэг шүд ургах бөгөөд нэгдүгээр их араа шүдний ховил хонхор нь гүнзгий, эрдэсжилт бага байдаг учраас цооролд өртөх нь хялбар байдаг. Нэгдүгээрт шүд угаах дараалал чухал. Хүүхдийн онцлогт тохирсон оо, сойзыг сонгох нь чухал. Сойзыг сонгохдоо үс нь хүүхдийн тань үүдэн 2 шүдийг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байх. Хэтэрхий том, хатуу, арзайж хуучирсан үстэй сойз нь шүдэнд наалдсан өнгөрийг бүрэн арилгаж чаддаггүй. Шүдний ооны хувьд фторын найрлагыг анхаарах нь чухал. 6 нас хүртэлх хүүхдэд хэрэглэх ооны фторын агууламж нь 1000 ppm байх хэрэгтэй. Хоёрдугаар зөв хооллолт орно. Байнгын шүд нь дөнгөж цухуйж байх үедээ өөрөө цэвэрших үйл ажиллагаа нь алдагддаг тул аль болох шүдэнд наалдамхай хүнснээс татгалзах. Харин хооллосныхоо дараа заавал шүдээ угаахыг дадал зуршил болгох нь чухал. Мөн хоол хүнсэнд аль болох зажлууртай ааруул, ээзгий, алим гэх мэт хүнсийг хэргэлэх нь шүлс ялгаралтыг ихэсгэж амны хөндийн өөрөө цэвэрших үйл ажиллагааг дэмждэг сайн талтай. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Цоорлоос хамгаалах ломбо, түрхлэг түрхдэг. Дараа нь гурван сар тутамд эмчийн үзлэгт хамрагдсанаар хүүхдийг амны хөндийн өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв шүд цоорсон байвал илрүүлж эмчилгээ хийн цаашид гарах хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.

-Ихэнх хүмүүс шүдээ өвдөхөөр эмнэлэг зорьдог. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Шүдний эмнэлэгт шүдээ өвдөхөөр хандаж байгаа нь харамсалтай. Шүдний өвдөлтөө тэвчин өвчин намдаах эм хэрэглэж уламархагшуулж, хүндрүүлээд байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээ тогтмол хийлгэвэл шүдний өвдөлт, хүндрэл гарахгүй шүү дээ. Шүд цоорлын өвчин хүндрэхэд шүдний зөөлцийн үрэвсэл, холбоосын үрэвслийн эмчилгээ олон давталттай эмчилгээ, хавсарсан эмийн болон физик эмчилгээнүүд хавсарч хийгддэг. Эмчилгээгээ цаг адалгүй хийлгэж эмчийн зөвлөгөөг сайн баримталсан тохиолдолд илүү үр дүнтэй байдаг.

-Амны хөндийн хүчиллэг орчинг бүрдүүлэх ёстой гэдэг. Үүнийг хэрхэн мэдэж вэ?

-Зарим үед хүний биеийн онцлогоос хамаарч шүлс бага хэмжээгээр ялгарах мөн ам хуурайших нь шүдний цоорол үүсгэх гол хүчин зүйл болдог. Шүлсний найрлага дахь кальци, фосфатын ионоор шүлс болон шүдний хатуу эдийн хооронд эрдсийн ионы солилцоо тогтмол явагдсанаар шүдний хатуу эдийн алдагдлыг нөхөж байдаг.

-Шүдээ өвчилсний дараа л эмнэлэгт ханддаг. Ер нь өвдөхөөс нь өмнө хэрэглэдэг зориулалтын арчилгааны зүйл байдаг уу?

-Шүд цоорлын өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь ердөө шүдээ тогтмол зөв угаах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж хэвших юм. Үүнд эцэг эх төдийгүй цэцэрлэг сургуулийн эмч, багш сурган хүмүүжүүлэгч нарын оролцоо маш чухал.

-Жирэмсэн хүмүүсийн шүд кальци дутагдсанаас үүдэн амархан өвчилдөг гэсэн?

-Манайд 15-49 нас насны эмэгтэйчүүдэд шүд цоорох өвчлөл өндөртэй байгаа. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх, шүдээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Ялангуяа анхлан төрөх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол амны хөндийн эрүүл мэндийн талаар зөвөлгөө авч, шүдээ бүрэн эмчлүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн дадал хэвшлийг зөв болгох нь жирэмсэний эхэн болон хожуу үед гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Жирэмсний үед гарах бие махбодийн өөрчлөлтөөс буйлны шингэнд стериод дааврын хэмжээ нэмэгдсэнээр буйл үрэвсэн хавагнаж, цус гарах шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ нь цаашлаад бага жинтэй хүүхэд төрөх, зүрх судасны эмгэг зэрэгт хүргэх эрсдэлтэй. Ургийн хөгжлийн 3-4 долоо хоногтойгоос эхлэн амны хөндийн эрхтэн ялгаран, шүдний эх үүсгэвэр 6-7 долоо хоногтойд үүсдэг. Энэ үеүдэд архи, тамхи, ундны усны фторын агууламж өндөр байх, эмийн гаж нөлөөлөл нь хүүхдэд төрсний дараа шүдний хатуу эдийн дутмагшил, шүдний өнгөний өөрчлөлт, уруул тагнайн сэтэрхий, үр зулбалт, дутуу төрөх зэрэг ургийн хөгжлийн гажиг үүсгэх сөрөг нөлөөтэй.

-Тэгэхээр жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Жирэмсэн үеийн хооллолтоо анхаарах хэрэгтэй. Ингэхдээ зөв хүнсийг, зохистой хэмжээгээр хэрэглэснээр хүүхдийн өсөлт хөгжилтөд ач тустай. Ургийн ясжилт, шүдлэлтэд кальци нь жирэмсэн эхчүүдэд хоногт 1,2г, хөхүүл эхчүүдэд 1,5г шаардлагатай байдаг. Тиймээс жирэмслэхээс өмнө амны хөндийн эрүүл ахуйг бүрэн эрүүлжүүлж шүдний эмчийн хяналтанд орох шаардлагатай. Мөн шүдний хатуу эдийг эрдэсжүүлэх фтортой, кальци, фосфор эрдэс бодисоор баялаг, буйлны үрэвслээс сэргийлсэн цинк, аргинин агуулсан бактерийн эсрэг шүдний оогоор тогтмол өдөрт 2-3 удаа угааж хэвших хэрэгтэй.

-Ер нь шүдний эмчилгээнд сайн гээд оо, ам зайлах бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь ямар үр дүнтэй байдаг вэ. Сайн чанарын гэсэн болгон сайн байж чаддаг уу. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Амны хөндийн орчноо эрүүл болгох, эмчлүүлж байж ямар шүдний Оо тохирох, шүдний утсыг хэрхэн хэрэглэх, ямар төрлийн ам зайлагч танд тохирох эсэхийг шүднийхээ эмчээс зайлшгүй зөвлөгөө авах шаардлагатай. Шүдний Оо, ам арчилгааны бүтээгдэхүүнүүд эмчилгээний болон эрүүл ахуйн зориулттай байдаг бөгөөд амны хөндийд гарч буй зарим зовиурыг арилгадаг. Ер нь дур мэдэн сайн гэсэн болгоныг хэрэглэснээр шүд өвчлөх магадлал өндөр учраас эмчийн зөвлөгөө их чухал.

Categories
мэдээ цаг-үе

Завхан аймгийн Нөмрөг сум руу зорчсон иргэний шинжилгээний хариу сэжигтэй гарлаа

Шинжилгээний хариу сөрөг гарсны дараа сул эерэг буюу сэжигтэй гарах тохиодлууд байна. Тодруулбал Баянгол дүүргийн иргэн 47 настай В.С нь 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Ган зам 20 дугаар сургуульд байрлах “Ковид-19” вирусын шинжилгээ авах цэгт түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Тиймээс байгууллагаасаа зөвшөөрөл авч Завхан аймгийн Нөмрөг сумруу идэш авахаар зорчоод буцаж ирэхдээ буюу өчигдөр 22-ын товчоон дээр түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамрагдахад сэжигтэй буюу сул эерэг гарчээ. Түүнийг тусгаарлаад шинжилгээг давтан авч байна.

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ

Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор 1322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч хотоос гарсан байна.

Эдгээр иргэн албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 768 тээврийн хэрэгслээр зорчжээ.

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан.

Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Нийслэлийн хэмжээнд гудамж, тээврийн хөдөлгөөний хяналт, шалгалтыг 286 цэгт 599 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.