Categories
мэдээ нийгэм

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд ноцтой осол гарчээ

Төв аймгийн Заамар суманд байрлах “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрсөнд цөмрөлт үүсч долоо орчим машин 80 гаруй метрийн гүнд дарагдсан байна. Хөрсний цөмрөлтийн үеэр зургаан иргэн дарагдаж, хоёрыг нь амжилттай авран гаргаж, тус сумын Хайлааст багийн эмнэлэгт яаралтай х ү р г э н ш и н ж и л г э э н д оруулахад, биеийн байдал хэвийн гэж оношлогдон үлдсэн дөрвөн хүнийг аврах ажиллагаа явагдаж байна гэсэн мэдээлэл ирлээ. Уг осол гарсан даруйд тус компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, ослыг нуухын тулд жолооч нарыг хөл хорионд “Эко Алтан Заамар” компанийн уурхайд ноцтой осол гарав оруулж, утаснуудыг нь хураасан гэх мэдээлэл байна. Ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Уг мэдээллийн дуудлага 17:50 минутад Төв аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Одоо цагдаагийн бүрэлдэхүүн болон МХЕГ-ын шинжээчид, эмнэлгийн ажилчид осол гарсан газар дээр ажиллаж байгаа” гэв. Тус газарт Төв аймгийн ОБГ-ынхнаас гадна Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас найм, нийт 20 аврагчийг хоёр нисдэг тэргээр аваачсанаас гадна аймгийн түргэн тусламжийн г а з р а а с э м ч н а р о ч и ж шуурхай ажиллаж байгаа аж. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар дөрвөн хүн дарагдаж нас барсан байж болзошгүй аж. Хөрсний нурангид дарагдсан ажилчид тус компанид бульдозер, экскаваторын оператороор ажилладаг юм байна. Ослыг хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед болсон 4.6 магнитуудын хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэнэ. Үүнээс гадна тус уурхайн зэргэлдээ байдаг үйл ажиллагаа нь эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Эх орончдын өдөр” тохиож байна

Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын төрсөн өдөр тохиодог билээ. Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг юм. Энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. “Урвуулагч” хэмээн шороон гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас Бөхийн өргөөнд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нас барсан шүүгчийн хүү С.Төмөрбат: АТГ-ын мөрдөн байцаагч хууль зөрчиж миний ээжийг цагдан хорьсонд маш их гомдолтой байна

-БИ ЭЭЖИЙНХЭЭ НЭР ТӨР, АЛДАР ГАВЬЯАГ ЭРГҮҮЛЭН АВЧРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 23нд Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач ямар учраас амь насаа алдсаныг тогтоох хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн, үр хүүхдүүд “Миний ээж амиа хорлох хүн биш. Ямар нэгэн гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан. АТГ хууль зөрчин баривчилгаа хийсэн” хэмээн мэдэгдээд байгаа билээ. Энэ талаар шүүгч асан Л.Бямбаагийн том хүү Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбаттай ярилцлаа.


-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Сүүлийн үед таны ээжийн амь насаа алдсан асуудалтай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл яваад байна. Танд мэдэж байгаа зүйл байна уу. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай гэр бүлийн амьдралд үнэхээр хүнд хэцүү цаг үе тохиолдож байна. Ээж минь хорих ангийн өрөөнд амь насаа алдчихлаа шүү дээ. Юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ойлгож чадаагүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэддээллийн хэрэгслээр хүний санаанд багтмааргүй ор үндэслэлгүй худал мэдээлэл ар араасаа цувран гарч байна. Амьдралынхаа турш чин шударгаар амьдарч ирсэн ээжийн минь талаар нэг л өдөр бүх зүйлийг нь харлуулсан худлаа мэдээлэл гараад эхэлсэн. Ямар учраас, ямар зорилготойгоор зохион байгуулалттай гэмээр мэдээлэл яваад байгааг ойлгохгүй байна. Би нэг л зүйлийг үндэслэлтэй, баримт нотолгоотой хэлж чадна. Миний ээж амиа хорлох тийм сэтгэлийн тэнхээгүй нэгэн биш. Миний бие Цагдаагийн ерөнхий газрын харьяа Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид энэ хэрэгтэй холбоотой асуудлаар нэг удаа очиж мэдүүлэг өгсөн. Хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар үнэндээ мэдээлэл алга байна. Миний ойлгож байгаагаар хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа байх.

-АТГ-аас танай ээжийг ямар шалтгаанаар саатуулан шалгасан юм бэ. Ээжийг тань баривчилж байгаа гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Энэ сарын 21-ний 21:00 цаг орчимд аав руугаа утсаар залгаж ярьсан. Тэр үед ээжийг шалгаж байгаа талаар огт мэдээгүй байсан. Аав, ээжийнхээ биеийг асууж, гэрээр сонин сайхан юу байгаа вэ гэхэд аав “АТГ-ын гэх хүмүүс ирчихсэн манайд нэгжлэг хийж байна” гэж хэлсэн. Би ч тэр даруйд нь аавынхаа гэр рүү явсан. Намайг очих үед гэрт нэгжлэг хийсэн АТГ- ынхан яваад өгсөн байсан. Аав “Ямар учраас гэрт нэгжлэг хийсэн бэ гэдгийг мэдэж чадсангүй. Ээж чинь сураггүй болчихлоо”гэсэн. Тэгэхээр нь ээжтэй хамт ажилладаг ажилтан руу холбогдсон. Тэр хүн өдрийн 12:00 цагийн үед АТГ-ын алба хаагчид орж ирээд ажил дээр нэгжлэг хийлээ. Танай ээжийг аваад явчихсан” гэсэн. Ингээд бид АТГ руу шууд очсон. Шөнийн 02:00 цаг хүртэл тэнд байсан. Маргааш нь өмгөөлөгч авсан. Ингээд Цагдан хорих төвд очсон. Ээжийг өмгөөлөгчтэй уулзуулах гэтэл Цагдан хорих төвийнхөн “Манайд таны үйлчлүүлэгч байхгүй. АТГ- ынхан аваад явсан” гэж хэлсэн. Бид буцаад АТГ дээр ирсэн. АТГ-аас ээжийг тэнд байгаа эсэхийг олон удаа асуусан боловч ямар нэгэн хариу огт өгөөгүй. Мөрдөгч нар нь утсаа авахгүй байсаар ажлын цаг дуусгачихсан. Бидэнд өгсөн мэдээллийн дагуу 24 цаг саатуулаад суллах юм байна гэж ойлгосон. Ээжийгээ хаана байгааг мэдэж чадаагүй. 48 цаг саатуулаад суллах юм байна гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Өдөржингөө АТГ-ынхан болон ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангийнхантай өмгөөлөгч, манай эхнэр хоёр ярьсан. Тэд “Энэ талаар хэлэх боломжгүй” гэсэн хариу өгч байсан. Сүүлдээ утсаа авахаа больчихсон. Хоёрдугаар сарын 24-ний үүрээр 04:00 цагийн орчимд 461 дүгээр хорих ангийн үүдэнд очиход Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хоёр цагдаа “Танай ээж амь насаа алдсан байдалтайгаар олдлоо. 21:40 цагт амьсгал хураасан байна. Цагдаагийн шуурхай удирдлагын төвд 00:14 цагт дуудлага ирсэн. Бид хэргийн газарт үзлэг хийчихээд явж байна” гэж хэлсэн. Ямар учир шалтгаанаар амиа алдсан бэ. Амь насыг нь хохироосон юм уу, амиа егүүтгэчихсан юм уу. Эсвэл гэнэтийн өвчний улмаас амь нь хохирсон юм уу гэдгийг одоо хүртэл бидэнд мэдэгдээгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Бид ээжийгээ амиа алдсан гэдгийг сонсоод сэтгэл санааны хувьд гүн цочирдолд ороод байна. Миний мэдэж байгаа, болж өнгөрсөн асуудал ердөө л энэ. Үнэхээр хэцүү байна.

-Таны ээжийг Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргээр шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдэгдсэн шүү дээ. Та Салхитын алт, мөнгөний орд газартай холбоотой асуудалд ээжийгээ холбогдсон гэдгийг мэдэж байсан уу?

-Ээжийг минь амь насаа алдаад хэдхэн цаг болж байхад, бие цогцос нь хөрөөгүй шахам байх үеэс цахим сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл гараад эхэлсэн. Дандаа амиа хорлосон гэх мэдээллийг гаргаад эхэлсэн. Би өнөөдрийг хүртэл ээжийгээ амиа хорлосон гэж бодохгүй байгаа. Аллага үйлдсэн юм уу, эсвэл ямар нэгэн дарамт шахалтнаас болж амиа хорлох нөхцөл байдал үүсчихсэн юм уу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байгаа. Дүгнэлт нь гараагүй байгаа шүү дээ. Салхитын орд газартай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлсийг харсан. Энэ ордтой холбоотой хүмүүс маргалдаад байгаа юм байна гэсэн ойлголттой л байгаа. Гэхдээ ганцхан зүйлийг хэлж чадна. Миний ээж хууль бус зүйл хийх хүн биш.

-Хүмүүс 68 настай хүнийг АТГ барьж хорино гэхээр ноцтой асуудал байсан юм байна. Тийм болоод л цагдан хорьсон бололтой гэсэн ойлголт аваад байгаа. Таны ээжийг цагдан хорьсон асуудал дээр ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд хэдийгээр хуульч ч гэсэн Эрүүгийн хэргээр мэргэшээгүй. Би Захиргааны хэргийн шүүгч. Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны талаар сайн мэднэ. Би ээжийгээ амь насаа алдсан үйл явдлаас хойш миний ээжийг баривчилсан талаар хууль судалсан. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дөрөвийн тав дахь заалтад “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацааг 48 цагаас хэтэрч болохгүй” гэсэн байна лээ. Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах хугацааг 48 цаг гээд хуулиар тогтоочихоод байхад АТГ-ын мөрдөгч яагаад шүүхийн ямар ч зөвшөөрөлгүйгээр миний ээжийг цагдан хорьчихсон юм бэ. Ямар хуулийн заалт үндэслэж 48 цаг хорино гээд хорьсон юм бэ. Энэ асуудалд маш тодорхой хариулт хүсмээр байна. Хоёрдугаарт, мөрдөгч шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтэнг баривчлах хуулийн хугацааг 24 цагаар хязгаарласан байхад хаанаас ямар хуулийн зүйл заалт гаргаж ирээд 48 цаг саатуулах талаар яриад байгааг хуульч хүнийхээ хувьд ойлгохгүй байна. Би мөрдөгчийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Миний ээж насаараа шүүхэд ажилласан шүүгч хүн. Монгол Улсын гавьяат, хууль зүйн ухааны доктор хүнд хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж зөрчиж, эрхийг нь хязгаарлаж, үндэслэлгүйгээр баривчлан хорьж, эцсийн дүндээ амь насыг нь хохироож байгаа юм чинь жирийн иргэдэд яаж хандаж, хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлдэг вэ гэдгийг таашгүй. Хуулийг маш сайн мэддэг. Хуулийн зүйл заалтыг маш сайн тайлбарлаж чаддаг хүнийг ингээд хууль зөрчөөд хорьчихсон, амь насаар нь хохироочихоод байна шүү дээ.

-Өмнө нь 48-72 цагаар сэжигтнийг саатуулдаг байсан биз дээ?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэргүйгээр баривчлах хугацааг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Энэ асуудалд хуульч нар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх байх. Хууль буруу хэрэглээд АТГ-ын мөрдөн байцаагчид эрдэнэт хүний алтан амийг хохироочихлоо шүү дээ. Монголын нэр бүхий тэргүүлэх хуульчийг ингээд хэлмэгдүүлчихлээ. Үүнд маш их гомдолтой байна. ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах газар энэ хэргийг үнэн зөвөөр мөрдөн шалгана гэж итгэж байгаа. Манай гэр бүл 90 жил Монголын шүүхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Миний зүгээс АТГ-ын хууль завхаруулсан үйлдэл, дээрээс нь гүтгэж доромжилсон нөхцөл байдлыг зогсоож үнэн зөвийг олно. Би ээжийнхээ нэр төр, алдар гавьяаг эргүүлэн авчрахын төлөө тэмцэнэ. Үнэн гэж байдаг гэдэгт би итгэдэг.

-Таны ээж ямар зан араншинтай хүн бэ. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажилласан гэдгээр нь асууж байгаа юм биш. Хувь хүн талаасаа ямар хүн байсан бэ?

-Би хүү нь болохоор ээжийгээ сайн мэднэ. Бүр ааваасаа илүү ээжийнхээ ямар хүн бэ гэдгийг мэднэ гэж хэлсэн ч чадна. Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж байсан болохоор тэр. Манайх гурван үеэрээ шүүхийн байгууллагад ажиллаж ирлээ. Ээж намайг шүүгч болоход хэлж байсан. “Чи хууль бус шийдвэр гаргахад хэзээ нэгэн цагт тэр буруу шийдвэр чинь хүн дээрээ эргэж тусдаг юм аа. Хууль бус зүйл хууль бусаараа дуусдаг. Өнөөдөр хууль бус зүйл үнэн мэт харагдаж байж болох ч хэзээ нэгэн цагт илэрдэг. Аливаа зүйлд шударга хандах ёстой. Чи шударга шийдвэр гаргах ёстой” гэж хэлж байлаа. Би аав, ээжийнхээ сургаж хүмүүжүүлсэн шулуун шударга зарчим дунд өсч, хүмүүжиж өдий зэрэгт хүрсэн. Миний өвөө Лувсандорж гэж хүн байсан. Монгол Улсад шүүхийн байгууллага анх үүсэн байгуулагдах үед Хөвсгөл аймгийн шүүхэд бичээчээр ажилд орсон байдаг. Тэр үед бичиг үсэгтэй хүн цөөхөн байсан. Бичээчээс ажлын гараагаа эхэлсэн өвөө минь шүүгч, аймгийн шүүхийн дарга, бүр Улсын дээд шүүхийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан түүхтэй. Сүүлд Шүүхийн даргаар ажиллаж байсан мөртлөө харуул хийгээд суудаг байлаа. Одоогийн прокурорын байр байгаа газарт манаачаар ажиллаж байхад нь би эгчтэйгээ хамт өвөөдөө цай хоолыг нь дөхүүлж өгдөг байсан. Өвөө минь шулуун шударга болохоороо л Улсын дээд шүүхийн дарга байсан атлаа хөгширсөн ч үүдний манаачийг нь хүртэл гололгүй хийдэг байсан байх. Миний аав, ээж жирийн дундаж давхаргын сэхээтэн айлуудын жишгээр амьдарч өнөөдрийг хүрсэн. Ямар сайндаа тэтгэврийнхээ мөнгөнөөс гадна амьдралдаа тус нэмэр болохоор хууль зүйн зөвлөгөө өгөх нөхөрлөлийг хүмүүстэй хамтран байгуулж ажиллаж байхав. Миний аавын хувьд жирийн тамирчин хүн. Дөрвөн ч удаа олимпод оролцсон улсын нэртэй тамирчин. 1990 оноос жимсний аж ахуй эрхлээд явж байгаа. Би ч гэсэн өнөөдөр цалингийнхаа зээлийг төлөөд л амьдарч байна шүү дээ. Миний ээжийг ямар ааш араншинтай, шулуун шударга зантай хүн бэ гэдгийг олон хүн мэднэ. Шударга ёс, хуулинд захирагдах ёстой гэдгийг амьдралынхаа туршид мөрдлөг, алтан зарчмаа болгож ирсэн хүн шүү дээ.

-АТГ-аас “Зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хөрөнгөө хэрхэн олж авсан бэ гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа” гэж мэдэгдсэн. Зургаан шүүгчийн нэр дотор таны нэр байгаа. Шууд асууя, танд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байгаа юм уу?

-Яагаад ч юм бэ гэнэтхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгч гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад ирсэн. Зургаан шүүгчийн нэрс гарахад миний нэр дунд нь байсан. Би цаг тухайд нь хуулийн хүрээнд ХОМ үнэн зөв өгдөг. Энэ мэдээ гарснаас долоо хоногийн дараа миний ээжийг барьж хорьж, өнөөдрийн байдалд хүрсэн. Миний ээж аливаа асуудлыг дандаа өөдрөг талаас нь хардаг. Тулгарсан асуудлын гарц гаргалгааг нь олж чаддаг хүн. Надад хөрөнгө мөнгө байхгүй. Миний ард ямар нэгэн нөлөө бүхий хүч байхгүй. Надад нэг л зүйл байгаа. Үнэн шударга ёс. Ээжийн минь сүнс намайг харж байгаа гэж бодож байна. Би энэ асуудалд эцсээ хүртэл тэмцэнэ. Миний ээжийг мэддэг олон хуульч надтай хамт тэмцэнэ гэж итгэж байна. Хууль яаж завхруулдаг, хүнийг хууль зөрчин хорьж амь насыг нь хохироодог асуудлыг таслан зогсооно. Хүн ямар нэгэн асуудалд шалгагдаж, байцаагдаж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Улсын Онцгой комиссын дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх юм.

Шуурхай бүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.

Засгийн газрын 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор шийдвэрлэсэн билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: “Эрдэнэт” үйлдвэрийн 126 сая ам.долларын өрийг 40-50 сая ам.доллар хүртэл буулгаж төлөх боломж байгаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн явцын талаар ярилцлаа.


-Та бүхэн өнгөрсөн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр дээр ажиллаад ирсэн гэж дууллаа. Шинэ мэдээлэл юу байна?

-Жил гаруйн өмнө байгуулагдсан “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгийнхэн тус үйлдвэр рүү сая хоёр өдрийн томилолтоор яваад ирлээ. Ажлын хэсэгт О.Баасанхүү гишүүн нэмэгдэж орж байгаа. Энэ удаагийн явалтаар ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, О.Баасанхүү гишүүнд тодорхой мэдээллүүдийг нэмэлтээр авах албан уулзалтуудыг хийсэн.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, ажилчидтай хэд хэдэн удаа уулзаж мэдээллүүд авсан. Энэ хүрээндээ Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл, “Эрдэнэт”-ийн өнөөдрийн гүйцэтгэх удирдлагад асуудлууд тавьсан байгаа. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-өөс тодорхой хариунууд ирсэн. Харамсалтай нь Засгийн газраас тодорхой хариу огт өгөхгүй байгаа. Тиймээс ажлын хэсгийн ажил тодорхойгүй байдалд ороод байгаа.

-Ер нь ажлын хэсэг үр дүн муутай байна гэсэн шүүмж байгаа л даа. Эрх баригчид та бүхнийг сонсохгүй байна уу?

-Засгийн газар бидний өгсөн асуудлууд дээр хариу өгөхгүй байна. Хоёрдугаарт, энэ асуудал өөрөө хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдолтой бичиг баримтуудыг хуулийн заалт яриад бидэнд гаргаж өгөхгүй зэрэг үндсэн шалтгаануудаас болоод ажлын хэсгийн үйл явц тодорхой хэмжээнд удааширсан. Гэхдээ бид аль болох Монголын талд ашигтайгаар асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө явж байгаа.

-Энэ хугацаанд зээлийн хүү өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шүү дээ?

-Сүүлд авсан мэдээллээр 126 гаруй сая ам.долларын төлбөр гараад явж байна. Асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн болон Монгол орны эдийн засагт тодорхой хохирол учруулж байна. Тиймээс Засгийн газар зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байгаа.

-Ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт хэд хэдэн удаа албан бичиг өгсөн гэж байсан. Яагаад хариу өгөхгүй байна вэ. Тэгэхээр ажлын хэсэг ямар арга хэмжээ авах вэ?

-Ажлын хэсгээс өгсөн албан бичигт хариу өгөөгүй ч хаврын чуулган нээгдэнгүүт асуудлыг хоёр байнгын хороогоор оруулж хэлэлцүүлэх ажлыг яаралтай хийнэ.

Эрдэнэтийн өрийг хэн барагдуулах вэ гэдэг субьектийг тодорхой болгож өгөх нь хамгийн чухал гэж харж байгаа. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх юм уу, аль эсвэл ТУЗ нь үү, компанийн гүйцэтгэх удирдлага шийдэх ёстой юм уу. Энэ эрх мэдлийг олгох асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна. Одоогийн хууль хяналтын байгууллагын процедураас харах юм бол кабинетийн зарчмаар шийдсэн зарим нэг асуудал дээр Ерөнхий сайдыг нь бариад хорьчихож байна. Тиймээс У.Хүрэлсүх энэ практикаас хараад асуудлыг шийдэхгүй хаячихаад байх шиг. Нэгэнт тодорхой шийдвэр байхгүй байхад ТУЗ, гүйцэтгэх удирдлага энэ төлбөр төлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх юм бол дараа нь хэрэгт унана гээд айж байна шүү дээ. Тиймээс энэ УИХ-ын тогтоолоор тодорхой хэмжээгээр өрийг хямдруулж төлбөр төлөх олон улсын практик байдаг, үүнийг шиидэх эрхийг нь нээж өгөх ёстой.

-Ямар?

-Жишээлбэл, “Хан ресурс”ын хэрэг байна. Арбитрын шүүхээр шийдсэн 300 сая ам.долларын төлбөрт унасан асуудлыг тухайн үеийн Засгийн газрын гишүүн хэлцэлд ороод 70 сая ам.доллараар буулгаж байсан. Энэ практикийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 126 сая ам.долларын өрийг 40-50 сая ам.доллар хүртэл буулгах боломж бий. Энэ эрхийг нь Засгийн газарт юм уу ТУЗ, гүйцэтгэх удирдлагын аль нэгэнд нь УИХ-ынхаа тогтоолоор зааж өгөх ёстой. Ингэж зааж өгөхгүй бол албан тушаалтнууд хариуцлагатай хандахгүй байна.

-Буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлөөлүүлэх ёстой гээд байгаа шүү дээ?

-Өнөөдрийн эрх баригчид ингэж яриад байгаа юм. Тэгэхээр энэ бол хэтэрхий ард түмнийг аргацаасан ганган үг л дээ. Өнөөдрийн хууль эрх зүйн байдалд тааруулж үйл ажиллагаагаа хурдтай хийхгүй бол болохгүй нь ээ. Энэ асуудалд холбогдсон албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээх ямар ч боломжгүй болсон. Өнөөдөр АТГ, прокурор тэднийг тодорхой хуулийн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Гэхдээ 2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар энэ луйврыг хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж луйвардсан асуудал 2013 оноос өмнө явагдаад дууссан хэрэг. Гэтэл энэ Эрүүгийн хуулиар албан тушаалтнуудад хэрэг тооцох хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ таван жил болоод өнгөрсөн байна. Хэдийгээр АТГ, прокурор яллагдагчаар татаад хэрэг үүсгээд явж байгаа ч гэсэн шүүх дээр очихоор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэрэгсэхгүй болно. Тэгэхээр энэ хүмүүс ялаас мултрах юм байна. Ганцхан Ш.Батхүү үлдэнэ. Тэрээр “Хоёр чихийг минь ав” гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж дуусахыг хүлээнэ гэдэг ямар ч утгагүй зүйл.

-Тэгвэл “Эрдэнэт”-ийн өрийг хэн төлөх юм бэ?

-“Эрдэнэт” үйлдвэр, Засгийн газар энэ төлбөрийг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орсон байгаа. Мэдээж гэмт этгээдүүдээр тодорхой хөрөнгийг нь гаргуулж төлүүлэх асуудал цаашдаа төлбөр төлөхтэй зэрэгцээд явагдах ёстой.

-Гэтэл Ш.Батхүүгийн хөрөнгүүд алга болсон гэсэн мэдээлэл байдаг байх аа?

-Ш.Батхүүгийн ийш тийш зувчуулсан, бусдад бэлэглэсэн, хуулиас зугтаалгасан тэр их хөрөнгийг ил болгох ажлыг яаралтай хийх ёстой. Хамгийн том хоёр хөрөнгө байгаа. Нэг нь Нямдорж гуйан хамсаатан Алтанд бэлэглэсэн Олон овоотын ордыг улс буцааж авах хэрэгтэй. Дээрээс нь Б.Хурц гэдэг нөхөрт очсон гэгддэг“Жаст” нефть бааз, шатахуун түгээх станцуудын асуудал байна. Эдгээр хөрөнгийг хайж илрүүлэх ажлыг хийх нь чухал. Энэ мэтчилэн Ш.Батхүүгийн хөрөнгүүдийг ил болгосноор “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан өрнөөс тодорхой хэмжээний төлбөрийг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх боломжууд нь нэмэгдэнэ.

-Төлбөр төлөх дээр “Эрдэнэт”-ийн одоогийн удирдлагууд ямар тайлбар өгч байх юм?

-Төлбөр төлөхтэй холбоотой эхний уулзалтыг Стандарт банктай тодорхой зуучлагч компанийн оролцоотойгоор Эрдэнэтийн удирдлагууд хийсэн байна. Харамсалтай нь энэ зуучлагч компани өөрөө анх “Стандарт” банкнаас зээл авахад оролцож байсан компани. Гэтэл энэ компанийг буцаагаад өр төлбөр төлөхөд оролцуулж байгаа нь асуудлыг үнэн зөвөөр, Монголд ашигтайгаар шийдэж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа.

-Ямар компани юм бэ. Яагаад энэ компанийг авсан юм бол. Энэ тухайгаа тайлбарлаж байна уу, ажлын хэсгийнхэнд?

-“Ocean partners гэдэг компани байна.

-Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал дээр УИХ-ын тогтоол шийдвэр гаргасны дараа Засгийн газар хөдөлж эхлэх нь ээ?

-Ер нь субьектийг нь УИХ-ын тогтоолоор гаргаж өгөхгүй бол У.Хүрэлсүх асуудлыг шийдэх тал дээр хөдлөхгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан асуудлыг хэсэг бүлэг нөхөд хуйвалдаж байгаад хийсэн юм байна. Гэтэл тэр улсуудыг гэм буруутайг нь тогтоогоогүй, шүүхээр асуудал шийдээгүй байхад улсын төсвөөс юм уу “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөнөөс төлбөр хийчих юм бол дараа нь У.Хүрэлсүх гэдэг хүн ялд унах нөхцөл байдалд орж болзошгүй. Бүх хүн ийм айдастай байгаа. Тиймээс УИХ-ын тогтоолоор олон улсын практикт байдаг өр хямдруулах хэлэлцээнд орох субьектийг нь тогтоож өгөх нь чухал.

-Хэрэв Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа алдвал цаашид ямар асуудал үүсэх вэ?

-“Эрдэнэт” үйлдвэртэй худалдааны гэрээ хийж байгаа компаниудаар дамжуулж төлбөрийг нь авах тухай асуудал энд яригдана. Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь дансаас төлбөр суутгана. “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагыг гадаадын аль нэг оронд явахад нь баривчилна. Мөн төлбөр төлөгдөхгүй бол Монголын онгоцыг гадаадад явахад нь барьцаанд авах ч юм уу арга хэмжээнүүдийг авна.

-Анх “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан асуудал олны анхаарлд ороход гарын үсэг хуурамч байсан гэгдэж байв. Ер нь арбитрын шүүх Монгол Улсад ашигтайгаар шийдвэр гаргах боломж байсан уу?

-Ер нь гэрээ бол хуурамч, жинхэнэ эсэхийг нь Арбитрын шүүх тогтоосон. Хуурамчаар үйлдсэн баримтуудынх нь төлбөрийг хассан. Харин яг гарын үсэг баталгаатай зурагдсан гэрээнд тодорхой төлбөр ногдуулсан байгаа. Гэхдээ нэгэнт Арбитрын шүүхийг давж заалдах хугацаа нь өнгөрсөн учраас энэ шийдвэр эцсийнх.

Уг нь Арбитрын шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед нь тодорхой хэмжээгээр Монгол Улсын зарим албан тушаалтнууд луйвардаж энэ гэрээг хийсэн байна гэдгээ дотоодын шүүхээр шийдээд, тодорхой хэмжээний этгээдэд гэм бурууг нь тооцоод явсан бол Арбитрын шүүх шийдвэрээ арай илүү эергээр, манай талд ашигтайгаар гаргах байсан. Харамсалтай нь албан тушаалтнуудыг шүүхээр шийдвэрлэх процесс нь удааширсан. Дээрээс нь энэ хэргийг тодорхой хэмжээнд нуун дарагдуулсан асуудлаас болоод Арбитрын шүүхэд сайнаар нөлөөлж чадаагүй. Эцсийн дүндээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэн ялаас мултрах гэсэн гэмт этгээдүүдийн хуйвалдаанаас болж өнөөдөр Монгол Улс хохирч байна.

-Ажлын хэсэг дахиад “Эрдэнэт” үйлдвэр рүү очих шаардлага байгаа юу?

-Одоо дахиж “Эрдэнэт” рүү очиж уулзалт хийхгүй. Улаанбаатар дахь “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газарт зарим албан тушаалтнуудыг дуудаж уулзах замаар ажлын хэсгийн зөвлөмж гаргана. Үүнийгээ УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж, шаардлагатай тогтоолын төслийг гаргана.


Categories
мэдээ нийгэм

​МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо

МҮХАҮТ-ын XX их хурал өнөөдөр өглөөний 04:00 цаг хүртэл үргэлжилж, тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшинг сонголоо. Тэрбээр нийт 259 санал авч, ирэх дөрвөн жил МҮХАҮТ-ыг удирдана. Б.Лхагважав 127, Хас-ын Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авчээ. Энэ удаагийн хуралдаанаар дүрмээ мөн шинэчилжээ. МХАҮТ-ын ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компанийн захирал н.Түмэнгэрэл нар өрсөлдсөнөөс н.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болсон юм.

О.Амартүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 1-нд болох үйл явдал

09.00 цагт ЭХЭМҮТ-д “Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд” сургалт болно. Утас: 99781125

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлал танилцуулах семинарт болно. Утас: 80144400

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-аас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн аялал, жуулчлалын газраас “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр”-ын талаар мэдээлнэ.

11.00 цагт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн ажилтай танилцана. Утас: 91662299, 93139093

11.00 цагт ГХЯ-нд тус яаманд Төрийн шилдэг байгууллага шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Монголын Нээлттэй Өгөгдөл” өдөрлөг болно. Утас: 350002, 99082702

11.30 цагт БСШУСЯ-наас “Хүүхэд-хэрэглэгч” аян өрнүүлэх талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 88008781, 96061497

11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газрын удирдлагууд хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлнэ. Утас: 88109320

12.00 цагт НЦГ-т ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

13.00 цагт “Скай резорт” цанын баазад Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээний нээлтийн ёслол болно. Утас: 88085456

15.00 цагт “ТЭЦ-3” компанийн байранд “Монголын эрчим хүчний шилдэг 100 инженер” өдөрлөг болно. Утас:99115624

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Хэвтүүл” хөдөлгөөнөөс “Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр эрх мэдэлтнүүд гэмт хэргийнхээ нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл үүсч байна” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ЖДҮХС-гийн зээлийн талаар мэдээлнэ.

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан:

09.30 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-д шинээр элсэж буй гишүүдэд батламж гардуулна.

11.40 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд баярын хурал болно.

14.00 цагт Бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болно.

15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дарга У.Хүрэлсүх ахмад дипломатчдыг хүлээн авч уулзана.

15.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Технологийн анхдугаар наадам болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэцэгдэлгэрэх: Төрийн албан хаагчийн нуугдмал хөрөнгийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг нарийвчлан шалгадаг боллоо

– ХОРЬ ГАРУЙ АЛБАН ТУШААЛТАН ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА –


Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй. АТГ-аас төрийн албан хаагчдын ХОМ-ийг хугацаанд нь авч дуусчээ. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.


-ХОМ-ийг хугацаанд нь авч дууссан гэсэн. Энэ жил хэдэн мянган төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо мэдүүлсэн бэ?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогоо шинэчлэн гаргаж, мэдүүлэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд руу ХОМ өгөх бэлтгэл ажлыг хангаж ажиллах, цахим системдээ хяналт тавих талаар албан бичиг хүргүүлсэн. Мөн холбогдох албан тушаалтнуудыг мэдээллээр хангаж ажиллах заавар зөвлөгөө хүргүүлж, хамтран ажилласан. АТГ дангаараа хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах ажлыг зохион байгуулдаггүй. Улсын хэмжээнд тухайн байгууллага өөрөө бүртгэх, хадгалах зэргээр салбар нэгжүүдээр дамжуулан үйл ажиллагаа нь явагддаг. Бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд 1626 салбар нэгж дээр мэдүүлгийг хадгалах, бүртгэх үйл ажиллагаа явагдсан. АТГ-ын шат дамжлага бүр дээр явагдсан гэсэн үг. АТГ-ын зүгээс мэдээлэл, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажилласан. Энэ сарын 15-ны байдлаар 41400 хүн ХОМ өгөх байснаас 41399 албан хаагч хуулийн хугацаанд мэдүүлгээ өгч, баталгаажуулсан байна. Нэг хүн мэдүүлгээ гаргаж өгөөгүй дүн мэдээтэй байгаа. АТГ-т төрийн өндөр болон бусад Засгийн газар, яам, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд хөрөнгө орлогоо бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Арван албан тушаал дээр томилгоо хийгдээгүй тул сул орон тоо гэж үзнэ.

Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб, БНСУ, Шведийн Элчин сайд, Эрээн хотын консул, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нарын орон тоон дээр томилгоо хийгдээгүй байна. Бид 282 албан тушаалтнаас ХОМ авсан. Үүнээс гадна манайд мэдүүлэг өгөх ёстой Засгийн газрын тогтоолоор батлагддаг Жендерийн үндэсний хорооны гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар ХОМ-ээ гаргаж өгөөгүй байна. Төрийн алба хаагч шударга ажиллах ёстой. Олон нийтэд хөрөнгөө шударгаар ил тод мэдүүлэх үүрэгтэй. Өмнө нь төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээллийг цахим сайтдаа байршуулдаг байсан. Өнгөрсөн жилээс нийт албан тушаалтны ХОМ-ийг цахим системд байршуулдаг болсон. Энэ нь иргэд, олон нийтэд мэдээллийг ил тод хүргэж байгаа явдал. Хүмүүс цэг, таслал орон дээр хайхрамжгүй хандаад байдаг. Хоёрдугаар улиралд багтаагаад ХОМ-ийг нийтэд ил болгоно. Цахим бүртгэл хийгдэх ажил энэ жил эхэлсэн. Судалгаа нь хийгдэж байна.

-ХОМ-ээ үнэн өгсөн үү, худал мэдүүлсэн үү гэдэгт хэрхэн хяналт тавьдаг вэ?

-2007 оноос хойш албан тушаалтнууд ерөнхийдөө ХОМ гаргаад сурчихсан гэж болно. Олонх нь хаана, хэнд, хэдийд гаргаж өгөх вэ гэдгээ мэддэг болчихсон. Жилийн жилд энэ мэдүүлгийг 99.9 хувьтай авч ирсэн. Данц ганц хоёрдугаар сарын 15-ны өдөр биш, Авлигын эсрэг хуулийн дагуу ХОМ гаргаж өгөх хэд хэдэн үндэслэл байдаг. Тухайлбал, шинээр албан тушаалд томилогдсон бол тэр өдрөөс хойш 30 хоногийн дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой. Мөн орлого хөрөнгөнд нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд мөн л 30 хоногт мэдэгдэж, бүртгүүлэх хуулийн заалт байдаг.

ХОМ-ийг шалгах хэд хэдэн үндэслэл бий. Хуульд заасны дагуу иргэд, аж ахуйн нэгжээс ямар нэгэн гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт нөхцөлөөр хянан шалгадаг. Жилд дунджаар 500 орчим хүний ХОМ-ийг нарийвчлан шалгадаг. Нийт 40 гаруй мянган хүнийг нэг бүрчлэн нарийвчлан шалгах боломжгүй. Нарийвчлан шалгана гэхээр жил бүрийн ХОМ-ийг нь харьцуулж, аль онд хөрөнгө нь нэмэгдсэн, энэ хөрөнгө бий болоход хаанаас ямар эх үүсвэр нөлөөлсөн гэдгийг нягтлан үзнэ. Дээрээс нь бүртгэл хяналтын байгууллагаас лавлагаа авдаг. Өөрөөс нь гадна гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулгатай мэдүүлсэн хөрөнгө болоод бодит хөрөнгө нь нийцэж байна уу, өмнөх онд мэдүүлсэн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан байна уу, гэрээ, хэлэлцээр нь байна уу, улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа юу, тээврийн хэрэгслээ Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлсэн байна уу гэх мэт бүртгэлийн газруудаас лавлагаа, мэдээлэл аваад цахим дахь мэдээлэлтэйгээ тулгаж хянадаг. Зөрчилтэй асуудал байвал тухайн хүнээс тайлбар мэдүүлэг, баримтыг нь авдаг. Үүний дараа мэдүүлэг гаргагчид гаргасан зөрчилд нь хариуцлага тооцуулдаг.

Өнгөрсөн жил буюу 2018 онд ХОМ-ийн тайлан мэдээгээ авч дууссаны дараа яам, агентлаг, дүүрэг орон нутагт манай албан хаагчид ажилласан. Энэ үеэр хөрөнгөнд нь их хэмжээний өөрчлөлт орсон байхад 30 хоногийн дотор мэдүүлэг өгөөгүй, ХОМ-т хамрагдах ёстой албан хаагчаа бүрэн хамруулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Ингээд 190 албан хаагчид хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авсан. Үүнээс гадна ХОМ-ийг зөрчилтэй мэдүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан.

-Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Зөрчлийн хэм хэмжээнээс хамаарч, хариуцлага нь өөр өөр. Нэг сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний ХОМ мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бол сануулах, зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгөө худал мэдээлсэн бол цалингийн хувь бууруулах, албан тушаал бууруулах, нэг жилээс дээш хэмжээний цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгөө худал мэдүүлсэн бол төрийн албанаас халах зэрэг арга хэмжээ авдаг. ХОМ өгөхдөө зөрчил гаргасан албан тушаалтнуудыг аваад үзвэл гэр бүлийн гишүүдийнхээ хамтран өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг мэдүүлэхгүй байх, хадгаламжаа жилийн эцсийн байдлаар мэдүүлээгүй, гэр бүлийнхээ гишүүдийн үндсэн орлогыг албажуулалгүй таамгаар бичээд өгчихдөг зэрэг зөрчил нийтлэг тохиолддог. Гэтэл гэр бүлийн гишүүн нь үндсэн цалингаас гадна урамшуулал авдаг зэрэг тохиолдлууд байдаг. Энэ асуудалд АТг-аас заавар зөвлөмж өгч, санаатай худал мэдүүлэг өгсөн алба хаагчийн холбогдох зөрчилд нь хариуцлага тооцдог. Өнгөрсөн жил гэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагийн албан тушаалтнууд худал мэдүүлэг өгсөн байсан. Иймд хоёр ч хүнийг ажлаас нь халах арга хэмжээ авсан.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Зургаан шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа мэдээлэл бий. Танай хэлтэс үүнийг шалгасан уу?

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй асуудал нэлээд байгаа. Эрүүгийн хуульд заасны дагуу эд хөрөнгөө хэрхэн олсон гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлох ёстой. Хэрэв тайлбарлаж, нотолж чадахгүй бол Мөрдөн шалгах хэлтэс рүүгээ харьяаллын дагуу шилжүүлдэг. Өнгөрсөн жил 20 гаруй албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн хөрөнгөө үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байна гэж үзээд Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. 20 гаруй алба хаагч дотор нэр бүхий зургаан шүүгч байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд жишээ нь, төрийн алба хаагч үл хөдлөх хөрөнгөтэй болчихсон. Үүнийгээ зээлээр авсан гэж тайлбарлаж байгаа ч зээл авсан гэдгийг нь нотлох бичиг баримт байдаггүй. Жилийнх нь орлого тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнд хүрэхгүй асуудал гардаг. Өөрөөр хэлбэл,хууль ёсны дагуу олсон гэдгээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байдал цөөнгүй гарч байна.

-Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авдаг. Үүнийгээ нуух арга нь нарийсч, өөрийнхөө болон эхнэрийнхээ ах дүү, аав, ээжийнхээ нэр дээр хөрөнгөө нуудаг асуудал байдаг. Үүнийг шалгаж тогтоох боломжтой юу?

-Мэдүүлсэн орлого, хөрөнгийн байдлаас гадна нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна уу гэдэгт холбогдох хяналт, шалгалтыг бид байнга тавьдаг. Тухайлбал, хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдээс гадна мэдүүлэг гаргагч хамаарал бүхий этгээд болох ах, дүү хамаатан садныхаа нэр дээр хөрөнгөө байршуулчихсан байх асуудал цөөнгүй. Бид илүү нарийвчлан шалгах арга барил руу шилжин ажиллаж байна. ХОМ өгч байгаа тухайн албан хаагчийн хамаарал бүхий этгээд нь хэн юм, ямар ямар нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж компаниуд байна, түүний нэр дээр хөрөнгө нэмэгдэж байршиж байна уу гэдэг дээр холбогдох хяналт тавин ажиллаж байгаа. Жишээ нь, нэг мэдүүлэгч эхнэр, хүүхдийнхээ нэр дээрх хөрөнгөө мэдүүлсэн мөртлөө өндөр настай аавынхаа нэр дээр үл хөдлөх байршуулаад байвал бид тэтгэвэрийн хөгшний орлого хэд вэ гэдгийг шалгаж үзнэ. Ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад анх хэн гэрээ байгуулсан байна вэ гэдгийг ч тогтоон шалгах юм. Өөр нэг нийтлэг зүйл нь албан тушаалтнууд зуслангийн байшингаа маш бага үнэлгээгээр үнэлэх тохиолдол байдаг. гэтэл очоод үзэхээр нөгөө зуны байшин нь сүүлийн үеийн хаус байдаг. Энэ тохиолдолд мэдүүлэг гаргагч зах зээлийн үнэлгээгээ яагаад худал мэдүүлэх болов гэдгийг мөн л шалгаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө орлогоо үндэслэлтэйгээр үнэн зөв мэдүүлэх ёстой. Хэрэв хөрөнгөө нотолж чадахгүй бол авлигын гэмт хэрэг болоод Эрүүгийн хэрэгт шалгагдана шүү дээ. Авлигын гэмт хэрэгт шалгагдсан л бол төрийн албанд дахиж ажиллах эрхгүй болдог. Иймээс худал мэдүүлэг өгөхгүй, санамсаргүй алдаа гаргахгүй байхад төрийн албан хаагчид болоод албан тушаалтнууд анхаарах хэрэгтэй.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Суулга одтой, улаагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын 25, Суулга одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:33 цагт мандан, 18:35 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Монголын баруунтнууд нэгдэх цаг болжээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монголын баруунтнууд нэгдэх цаг болжээ” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Арбитрч, санхүүч Г.Хонгор: Татварын шинэ хуулиар аж ахуйн нэгж орлого олоогүй байж татвар төлөх нь гэв.

Нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн, иргэн Э.Бямбацэрэн: Улаанбаатарыг утаагүй болгохыг хүссэн учир Хотын даргад өрсөлдөхийг зорьсон хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүртНас барсан шүүгчийн хүү С.Төмөрбат: АТГ-ын мөрдөн байцаагч хууль зөрчиж миний ээжийг цагдан хорьсонд маш их гомдолтой байна гэж өгүүлэв.

НИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдлоо хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

“Цаг үе” нүүрт Монгол хүүхдүүд англи хэлэндээ муу учраас “MOMO”-д автахгүй байна гэв.

Японы зах зээлд тоогдсон жижиг, дундынхан бага хүүтэй зээлээр “ангаж” байна гэж “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Хар тамхины хэрэгт холбогдогчид 19- 35 насныхан байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсныг хүргэлээ.

“Үзвэр үйлчилгээ” нүүрт Мартын 8-ны баярт зориулсан үзвэрүүдийг толилуулжээ.

Улсын арслан Э.Оюунболдын ангийнхан хэмээн “Нэг ангийнхан” нүүрт бичлээ.

“Нийгэм” нүүрт Хамтын оффис буюу түрээсийн үйлчилгээ хэмээв.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах: Зоонозын гаралтай өвчлөл орон даяар өдөртөө халдварлах эрсдэл ихтэй хэмээн “Цаг үе” нүүрт ярилаа.

“Дэлхийн мэдээ” нүүрт Трамп, Ким нар тохиролцоонд хүрч чадсангүй гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ