“Нэхүүл” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн тэргүүн Л.Отгонбаттай ярилцлаа.
-Урлагийн салбарын залуусаас бүрдсэн “Нэхүүл” хөдөлгөөн улс төрийн тэмцэл өрнүүлэхээр шийдсэний гол зорилго нь юу юм бэ?
-Бидний зорилго бол тун энгийн. Монголчуудынхаа сайн сайхан, үндэсний эрх ашгийн төлөө юм. Үр хүүхдүүддээ сайхан ирээдүй үлдээхийн төлөө залуу үеийн төлөөлөл бид л өнөөдөр дуугарахгүй юм бол хэн дуугарах юм бэ. Энэ бүхнийг хийе гэсэн сэтгэл зүрх бидэнд байна. Анх дөрвүүлэхнээ ширээ тойрон суугаад ийм яриа өрнүүлж эхэлсэн. Ингээд талбай дээр 30 гаруй хүнтэй гарч жагсаж байлаа. Заримдаа тавуулхнаа, арвуулхнаа ч жагсах үе байсан. Биднийг дэмжсэн хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж, хоёр, гурван мянга ч хүрсэн. Талбай дээр жагсч байх үед “Нэхүүл” хөдөлгөөнийг дэмжиж байна гэсэн 80 мянга гаруй иргэн регистрийн дугаараа бүртгүүлж, гарын үсгээ зурсан. Одоо 200 гаруй гишүүнтэй болж, ТББ байгуулаад байна.
-Анх ЖДҮ-ийг эсэргүүцэж талбай дээр гарч ирсэн та бүхний тэмцэл М.Энхболдыг огцруулах улс төрийн жагсаал болж хувирсан.Түүнийг огцруулснаар Монгол Улс мандан бадрах юм шиг л тэмцэгчид уухайлж байсан. Тэгээд өөрчлөгдсөн юм байгаа юм уу?
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эсэргүүцэх цуглааныг анх хийж эхэлсэн. Тэрэн дундаа “УИХ-ын дарга М.Энхболд энэ ЖДҮ-чиддээ хариуцлага тооцож түдгэлзүүлсэнгүй. Огцор” гэсэн шаардлага хүргүүлж байсан. Тиймээс “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” нэгдээд жагсаал цуглааныг зохион байгуулахад оролцсон. МАНАН байгаа гэдэгт бид эргэлзэхгүй. Монголын ард түмний газрын доорх баялгийг эд нар 29 жил цөлмөлөө. Тэр бүх хууль бус зүйл ил болоод шийтгэгдэх нь шийтгэгдээд явна гэдэгт итгэж байгаа.
Гол нь талбай дээр арав гаруй хоног гэр бариад тэмцэхдээ маш том зохион байгуулалттайгаар жагсаж чадсан. Монголчууд долдугаар сарын 1-ний үймээнээс хойш айдастай болсон. Бидний жагсаал ЖДҮ, М.Энхболдыг огцруулахад чиглэж байсан ч дараагийн зорилго маань монголчуудыг зоригжуулаад хуулийн дагуу эсэргүүцлээ илэрхийлж, цуглаан зохион байгуулаад тарж болдог гэдгийг харуулсан.
-М.Энхболдыг огцруулснаар та нарын тэмцэл зогсчихоогүй биз дээ. ЖДҮ-ийг эсэргүүцэж байсан тэмцлээ үргэлжлүүлэх үү?
-МАНАН дэглэмийн эсрэг талбай дээр гэр бариад гарч ирсэн тэмцэл маань зөвхөн М.Энхболдыг огцруулснаар дуусахгүй. ЖДҮ-гээс хамаарал бүхий этгээдээрээ дамжуулаад зээл авсан гишүүдэд бид нар хариуцлага тооц гэсэн тэмцэл хэвээрээ. Жишээлбэл, гишүүдтэй нэг бүрчлэн уулзаад хаанаас зээл авсан, хэнтэй уулзсан, тэр компани нь юу хийж байгаа гэх зэргээр задалж, нэвтрүүлэг бэлдэж болно. Бид урлагийн залуус болохоор хоёр студитэй.
-Ер нь аливаа хөдөлгөөн, жагсаал, цуглааны цаана эрх ашиг явж байдаг. Хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтний гар хөл гэж харах нь элбэг л дээ. Ингэхэд та нарын тэмцэл аль хүрээд зогсох юм бэ?
-Биднийг янз бүрээр л харлуулдаг юм. Тэмцэлд тийм их мөнгө ордоггүй юм билээ. Бүх зардлаа бид өөрсдөөсөө гаргаад л явж байна. Арав, хорь, тавь, зуу гээд л. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд, бид дор бүрнээ хувиараа бизнес хийдэг. Бидний хэн нь ч сонгуульд явж байгаагүй. Улс төрд ч явж үзээгүй хүмүүс. Гурван сарын хугацаанд улс төрөөр бол маш их амьсгалаад эргэж гарахын аргагүй болоод л байна. Ер нь улс төрийн тэмцэл өрнүүлэхээр ажил, бизнес нөлөөлдөг юм байна. Гэхдээ бүх юманд золиос байдаг. Тэр золиосоо гаргаад л явж байна даа.
Монголд маань маш олон асуудал байна. Бүгд ядуурлаас үүдэлтэй байдаг. Монголчууд ажилгүй, ядуу байна. Хүн бүр ажилтай, орлоготой болоод, хууль тэгш үйлчилдэг болж, нийгмийн бүх асуудал арилсан цагт бид тэмцлээ зогсооно.
-Та нарыг Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайдын хүмүүс гээд л байдаг шүү дээ?
-Үүнийг л гайхаад байгаа юм. Улс төрд заавал хэн нэгэнтэй хамаатуулаад байдаг юм шиг байна лээ. Тэрний хүн, энэний хүн гээд л. Бид бол хувь хүмүүс. Одоо л ТББ-аа байгуулж байна. Нээлттэй шилэн байя гээд хандивын дансаа хүртэл зарласан. “Нэхүүл”-ийн залуус бол хэн нэгэн улстөрч, бизнесийн бүлэглэлийн халаасанд орчихоор хүмүүс биш. Бизнес хийгээд үзчихсэн, баргийн хүний халаасанд орчихгүй залуус. Бид Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хүнийх нь хувьд их дэмждэг. Хандлага нь зөв гэж хардаг юм. Мэдээж зөв хүмүүсээ дэмжинэ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч дэмждэг. У.Хүрэлсүх зөв зүйл яриад явбал дэмжиж л таарна. Гэтэл У.Хүрэлсүх, Х.Баттулгын хүн гээд хамаатуулаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Улс төрд заавал хэн нэгэнд хамаатуулах ёстой байдаг юм уу. Үнэндээ Х.Баттулгыг хоёр удаа харсан. Ерөнхий сайдыг нэг ч удаа ойроос харж байгаагүй.
-Цагаан сарын үеэр та хэдийг төр шагнасан гэл үү?
-Төрийн тэргүүнтэй золгоод гарч ирсэнийхээ дараа Чингис хааны хөшөөний өмнө авахуулсан зургийг хүмүүс нийгмийн сүлжээнд янз бүрээр бичээд л нийтлээд байх юм.
-Ерөнхийлөгчтэй хүссэн болгон нь золгоод байдаггүй?
-Бид маш олон ТББ-тай нийлж жагсаал цуглаан хийж, гурван сар гаруй явлаа шүү дээ. МоАХ-ноос Биднийг “Төрийн тэргүүнтэй золгох уу” гэсэн юм. Тэгэхээр нь баяртайгаар хүлээн авч, Төрийн тэргүүнтэйгээ золгосон.1000 гаруй хүн цуваад золгож байна лээ. Гарч байгаа хүн бүрт цаасан тортой шоколад өгсөн. Бид бариад гараад ирсэн. Ингээд тавуулаа зогсож байгаад хүнээр зураг даруулсан юм. Хэдэн хүн хажууд зогсчихсон зураг дарж л байсан. Гэтэл янз бүрээр хэлж л байна лээ. Бид тоодоггүй юм.
-Та нарыг УИХ-ын даргыг унагасан гээд шагнасан юм биш үү?
-Харин тэгээд л яриад байх юм. ЗГХЭГ-ын шагнал гэх шиг (инээв). Тэгвэл шагнуулах юм сан даа.
-“Нэхүүл” бол нам бус иргэдийн хөдөлгөөн.Яваандаа намын системд орж улс төрд хүчээ үзэх үү?
-АН юм уу, МАН, МАХН-ны шударга гишүүд бидэнтэй нэгдээд ямар ч үйл ажиллагаа хийсэн бид оролцож байгаа. ширээний ард, гудамж талбайд ч хамаагүй. Тэрнээс бид нам болохгүй. Монгол Улсад өнөөдөр нам нь иргэдээсээ саналаа аваад төрөө байгуулж байгаа. Төр нь ард түмнийхээ өмнө тулгамдсан бүх асуудлыг шийдэх ёстой. Гэтэл нам бодлогоо ярихаа больчихсон. Харин хувь хүний, бизнесийн бүлэглэлийн төлөө ажиллаж байна шүү дээ. Худалдагдчихсан нам сонгодоод төрөө байгуулчихаад төртэйгөө нийлээд бизнесийн том бүлэглэлийнхээ төлөө Монгол Улсын нийгмийг хуулиар тусгаарлаж байна. Тэд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө газрын баялаг болон төсвийг цөлмөж байгаа. Бухимдсан ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэхээр эрх баригчид ТЕГ, АТГ, прокурор, шүүхээрээ хамгаалуулчихсан. Их хурлаараа хуулиа батлуулаад 29 жил явж ирлээ. Монгол Улс 30 тэрбум ам.долларын өртэй л гэнэ. Энэ мөнгөө зөв ашигласан бол монголчууд өнөөдөр ингэж амьдрахгүй. Улаанбаатар утаа, хүүхдийн эндэгдэл, нийгмийн ядуурал, ажилгүйдэл, 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувь гээд энэ бүх асуудлыг монголын төр цэвэрлэх ёстой. Иймд бидүүнийг удирдаад төрд үлдсэн хүмүүсийн сүүлийн толгойлогч гэж М.Энхболдын эсрэг дайрсан. Одоо М.Энхболд огцорсноос зөв шийдэлдээ орж байна уу, ҮАБЗ онц байдлаа зарлаад шийд гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хүн болгон л биднийг УИХ-д өрсөлдөх нь гээд ярьдаг л юм. Бид тэс өөр системээр ажиллана.Улс төрд тодорхой хэмжээгээр бид өөрсдийн гэсэн хатгуурыг хийгээд явна. Тэрнээс УИХ-ын гишүүн, дарга болъё гэж хүсдэггүй.
-Ямар хатгуур?
-Жишээлбэл, сонгуулиар бид нар тойрог болгонд хүрч ажиллана. Нэр дэвшигчдийн түүх, амьдралын түүхийг нь сонгогч түмэнд яриад, гаргаж болохгүй гэсэн хүнийхээ эсрэг пиарыг хийнэ. Тухайн улстөрчтэй хэрэлдэхгүй. Зөвхөн сонгогчидтой ажиллана. Бид залуучууд учраас өөрөөр сэтгэж чадна. Саяын тэмцлүүдийг ч гэсэн тэгж хийсэн шүү дээ. Хүнээс хууль хариуцлага нэхэж байж, хууль зөрчиж болохгүй. Сонгуулиар санаанд оромгүй цохилтуудыг хийнэ.
-Нэр дэвшигчдэд өөрсдийнхөө үзэмжээр хандана гэсэн үг үү?
-Шууд тойрог, тойрог дээр нь нэрийг нь зооно. Жишээлбэл, М.Энхболд нэр дэвшсэн байвал “Түүнийг гаргаж болохгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ” гээд сонгогчидтой ажиллана. Тэдний өрсөлдөгчдөд давуу эрх олгоно. Шинэ залуу нэр дэвшигчид байсан ч тэдний төлөө өөрсдийнхөө санхүүгээр дэмжинэ. Бид энэ зорилгодоо хүрч ажиллахын тулд өнөөдрөөс залуусаа бэлдэнэ. Ингэж байж л арван жилийн дараа чиний үр хүүхэд сайхан амьдарна гэдгийг ойлгуулж, ярьж, ухуулж, дандаа чин сэтгэлийн уулзалтууд хийнэ.
-Тэгэхээр та нарыг сонгуулиар хэн нэгний гар хөл болж, захиалгаар ажиллаж байна гэж харахаар юм байна?
-Хүн бүхэнд хардах эрх бий. Бид хэн нэгэнд таалагдах гэж, нэр хүнд олох гэж энэ бүхнийг хийхгүй. Зөвхөн үндэсний эрх ашгийн төлөө хийх гэсэн зөв юмаа л хийнэ. Үнэн гэж байх ёстой.
-Дараагийн акциа хэзээ хийхээр төлөвлөж байна даа?
-Бидний хувьд төлөвлөж байгаа олон ажил бий.“МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” дор ТББ-ууд нэгдэж найман заалт бүхий шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлсэн. Одоо онц байдал зарлаж, АТГ, ТЕГ, прокурорын байгууллагуудын дарга нарыг бүгдийг өөрчлөх хэрэгтэй. Салбар яамдуудын сайд нарыг мэргэжлийн хүмүүсээр томилох ёстой. Ерөнхий сайд нь улстөрч байгаад яамдуудаа мэргэжлийн хүмүүсээр удирдуулбал Монгол Улс өндийх боломжтой.