Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулалтын ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг эрх, шилжүүлэх, худалдан авах ажиллагааг чанартай зохион байгуулах тухай тушаал гаргаж, төсвийн хөрөнгөөр сайдын багцад батлагдсан барилга, зарим, угсралт, өргөтгөл, их засвар, гадна тохижилтын ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх эрхийг төсвийн төвлөрүүлэн захирагч буюу аймаг нийслэлийн Засаг дарга нарт шилжүүллээ.

2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/69 тоот уг тушаалаар эрх шилжүүлэхтэй холбоотой дараах үүрэг, чиглэлийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт өглөө.

Эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан хэрэгжүүлж, үр ашигтай зарцуулахад анхаарч ажиллах

Төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог энэ оны хоёрдугаар сард багтаан хууль, журамд заасан бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулах

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах, төсөл арга хэмжээг Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар “ажлын зураг” гэсэн нэг үе шатаар, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар “батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх” шаардлагыг бүрэн хангаж, төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны гуравдугаар сарын 10-ны дотор нээлттэй цахимаар зарлах

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч шалгаруулах ажлыг хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулж, гэрээ байгуулах ажлыг дөрөвдүгээр сарын 30-ны дотор дуусгаж, ажлыг эхлүүлэх арга хэмжээ авах

Эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн чанар, хугацаанд тогтмол хяналт тавьж техник хяналтын зардлыг үр дүнтэй зарцуулах

Тушаалын хэрэгжилтийн мэдээллийг “Захиалагчийн 2019 оны бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын тухай тайлан маягтын дагуу сар бүрийн 5-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд тогтмол ирүүлэх

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шуурхай хүргүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Санхүү хөрөнгө оруулалтын газар /Х.Галсанхүү/-д

Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцын мэдээллийг нэгтгэн сар бүрийн 10-ны дотор танилцуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

​1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргээд, БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж ирсэнд Элчин сайдын хувь нэмэр өндөр байсныг цохон тэмдэглэлээ.

“Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2017-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт жилд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байна.

Мөн Хятадын Засгийн газрын 300,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. Эдгээрийг шуурхай ашиглалтад оруулахад яам онцгой анхаарч байна гэлээ.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд харилцан соёлын өдрүүд зохион байгуулах, 2020 оны олимпыг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Цзедун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт сайдаар томилогдсонд баяр хүргэж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргэлээ.

Тэрээр 2019 он манай хоёр орны хувьд чухал он юм. 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилна. Энэ нь “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь удаагийн дээд хэмжээний айлчлал юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Спортын салбарынхны тавьсан асуудалд удахгүй таатай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Хүмүүнлэгийн хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Эрхэмбаатар: Эрх баригчид өмгөөлөгчдийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хяналт тавих гэж санаархаж байна

– ӨМГӨӨЛЛИЙНТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ХУУЛЬЧИДЗАСГИЙНГАЗРЫНХАРААТБАЙДАЛДОРНО-

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төслийг намрын чуулган завсарлахын өмнө хэлэлцэж, байнгын хороогоор дэмжигдсэн билээ. Тэгвэл уг төслийг өмгөөлөгчид дэмжихгүй байгаагаа илэрхийлээд буй. Энэ асуудлаар хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өмгөөлөгчид яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Өмгөөллийн тухай хуулийн цаана зөвхөн өмгөөлөгчдийн эрх ашиг яригдахгүй. Энэ бол ганцхан өмгөөлөгчдөд хамаатай хууль биш. Иргэд шүүхийн өмнө өмгөөлүүлэх эрхийг баталгаатай эдлүүлэхэд Өмгөөллийн тухай хуулийн зорилго орших ёстой юм. Өөрөөр хэлбэл, Өмгөөллийн тухай хууль байх шаардлагатай гэж үзвэл энэ нь өмгөөллийн үйлчилгээг авч байгаа иргэдэд үйлчилдэг байх ёстой гэсэн үг. Одоогийн хэлэлцэж байгаа Өмгөөллийн тухай хуулийн үзэл санаа, хуульд оруулсан зохицуулалтууд нь энэ зорилгодоо хүрэхгүй байгаа учраас өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хоёрдугаарт, зөвхөн байгууллагын хууль болсон гэж үзэж байгаа. Өнөөдөр хуульчид жилд 240 мянган төгрөгийн татвар төлдөг. Дахин нэг байгууллага байгуулбал татварын ачаалал үүсэхээр байна гэж зарим өмгөөлөгч нар үзэж байна лээ. Гуравдугаарт, Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбоотой үүсч буй хамгийн том сөрөг тал бол хуульчдын хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг үгүй хийж, эрх баригчид хуульчдыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хяналт тавих, өөрт хамааралтай болгох оролдлого далд хийж байна л даа.

-Эрх баригчид өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд яаж хяналт тавина гэж?

-Таван жилийн өмнөөс бид Хуульчдын холбоогоо байгуулаад ажилласан. Энэ холбоо бол мэргэжилтнүүдийн нэгдэл. Прокурор, өмгөөлөгч нар хуульчийн хувьд нэгдэж байгуулсан. Одоогоор 5500 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хуульчдын холбоо нь хуульчдад тусгай зөвшөөрөл олгохоос өгсүүлээд цуцлах хүртэлх бүх шийдвэрээ өөрсдөө гаргадаг. Хуульчдын холбоо нь Засгийн газар, эрх баригчдаас зуун хувь хамааралгүй, хараат бус бүтцийг үүсгэж чадсанаараа том давуу талтай. Иймээс ч бид эрх баригчдын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг зоригтой шүүмжилж, тодорхой ажиллагаа хийж байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүний шаардлага хангаагүй томилгоо, Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх асуудал, иргэдийн Захиргааны шүүхэд хандаж, хуульд заасан эрхээ хамгаалуулах бололцоог хаасан Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлт, ЖДҮ-тэй холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах стратегийн өмгөөллийг хэсэг хуульч сайн дураараа хэрэгжүүлэн ажиллаж байна. Өмгөөлөгчид маань эрх баригчдаас хараат бус, бидний хувь заяа хуульчдын гарт байгаадаа л зоригтой ажиллаж чадсан. Гэтэл эрх баригчид ийм орон зайг олгосон гэдгээ олж хараад хуульчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах улмаар өөрөөс хамааралтай байлгах, хамаарлаа хэрэгжүүлэх эхний алхам нь Өмгөөллийн тухай хуулийн ард нуугдаж байна.

-Энэ хуулийн төсөл чинь өмгөөллийн эрх зүйн байдлыг сайжруулж, өмгөөлөгчдийг тагнаж, чагнадаг, өмгөөлөх эрхийн баталгаа хангагдаж чадахгүй байгааг дээшлүүлэхэд чиглэсэн юм биш үү?

-Эрх баригчдын зүгээс ямар ч хуулийг сайн санааны үүднээс, эерэг үр дүнг хүлээж хуулийн төслөө боловсруулдаг гэж тайлбарладаг. Гэвч цаана нь ямар санаа яваад байгааг хуульчид олоод харчих чадвартай л даа. Хуульчид мэргэжилтний хувьд нэгдээд хараат бусаар үйл ажиллагаа явуулах бүх харилцааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулдаг. Энэ хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн төсөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг огт ишлээгүй байна. Уг нь “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдийг хэлнэ” гэж бичигддэг хууль зүйн техник бий шүү дээ. Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байнгын хорооны хурал дээр тайлбар хийхдээ “Энэ хуулийг эхлээд баталъя. Батлахад гишүүд ямар байр суурьтай байна гэдгээс хамаарч дараагийн хуулийг оруулж ирье” гэж байна. Тэр дараагийн хууль нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Эрхэм сайдын хэлснээр хоёр хуулийн төсөл бэлэн гэж байна. Нэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг устгах, хүчингүй болгох. Ингэснээр засаг өөртөө хуульчийг сонгон шалгаруулах тусгай зөвшөөрлийг өгөх эрх мэдлийг авах, эсвэл энэ хуулийг боловсронгуй болгох гэсэн хоёр санаатай хуулийн төсөл бэлэн болсноо салбарын сайд аль хэдийнэ зарласан.

-Хэрэв Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болговол яах вэ?

-Хуульч сонгон шалгаруулах тухай хууль өмнө нь үйлчилж байгаад хүчингүй болж байсан. Засаг өмнө нь өөрөө тэр хуульчийн тусгай зөвшөөрлийг олгож байсан учраас уг хуулиа сэргээхэд л хангалттай. Ингэвэл хуульчид маань өнөөдөр Засгийн газрын буюу хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд шууд оччихож байгаа юм. Нэгэнт энэ бүгд ил харагдаад байгаа учраас бид эсэргүүцээд байна.

-Өмгөөлөгчдөөс гадна шүүгч, прокурорууд хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны хяналтад ороод ирнэ гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Дээрээс нь хуульчийнх нь тусгай зөвшөөрлийг үндэслээд хүчингүй болгочихвол шүүгч, прокурор хийх боломжгүй болчихно. Тэгэхээр хараат бусаар бие даан ажиллах бололцоогүй болж, эрх баригчдын шууд хамааралтай болох бодитой эрсдэл байгаа юм.

-Өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам хуульчийн сонгон шалгаруулалтыг явуулж байсан байх аа. Тэр үед чанаргүй хуульчдыг төрүүллээ гэсэн шүүмжлэл нэлээд байсан санагдаж байна?

-Өмгөөллийн тухай хуулийг хуульчид маань эсэргүүцээд байгаа бас нэг шалтгаан бол энэ юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс хуульчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байх үед ойролцоогоор 40-45 хувьтай шалгалтад тэнцээд хуульчийн тусгай зөвшөөрөл олгодог байсан. Энэ бол их өндөр хувь. Өөрөөр хэлбэл чанаргүй хуульчид төрөн гарах бололцоотой явж ирсэн. Эргээд чанаргүй хуульчид иргэдийг хохироох, улмаар хуульчдын нэр хүндийг унагах, хуульд итгэх итгэл алдрах үр дагаврыг өөртөө агуулдаг байсан. Хуульчдын сонгон шалгаруулах эрхийг хуульчид өөрсдөө авснаар шалгалтын босгыг өндөрсгөсөн. Нэгэнт бид өөрсдийнхөө эгнээнд нэгтгэх хуульчид авах учраас сонгон шалгаруулалтыг өмнөхөөс нь чангатгасан л даа. Нийт 1500 хүн сонгон шалгаруулалтад бүртгүүллээ гэхэд арав орчим хувь нь сонгон шалгаруулалтыг давж байна. Энэ хэрээр чанартай, мэдлэгтэй, ёс зүйтэй хуульчдаас эргээд шүүгч, прокурор болох боломж нь дараа, дараагийн шатанд нээгдэж байгаа юм. Шүүхийн боловсон хүчний бодлого үүн дээр зангидагдаж байсан учиртай. Гэтэл Өмгөөллийн тухай хууль батлагдвал хараат бусаар сонгон шалгаруулалт явуулах бололцоогүй болоход нэг алхам ойртоно. Хэн нэгэн дарга утасдаад л дуртай хүнээ шалгалтанд тэнцүүлдэг байсан хуучин тогтолцоо руугаа эргээд орно. Ажлын талбар дээр чанаргүй хуульчийн мэдлэг, ёс зүй нь дутна. Ийм эрсдэл цаана нь яваад байгаа юм.

-Өмгөөллийн тухай хууль батлагдвал өмгөөлөгчид эрх баригчдын хараат байдалд шилжинэ гэж та хэлээд байна л даа. Үнэндээ өнөөдөр манай хуульчид эрх мэдэлтнүүдээс бүрэн хараат байж чадаж байгаа эсэхэд иргэд, олон нийт эргэлздэг л дээ?

-Өнөөдөр хууль ёс засаглах ёстой юм бол хууль чанартай байх хэрэгтэй. Шүүх иргэдийн маргааныг хуульд нийцүүлэн шударгаар шийднэ гэж байгаа бол хуульчид чанартай л байх ёстой. Ингэснээр систем хэвийн явж, шүүхээр эрхээ хамгаалуулах бололцоо нээгдэх юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн цаана нь боловсон хүчний бодлого явж байгаа. Тиймээс бид одоогийн тогтолцоогоо хамгаалж үлдээд улам боловсронгуй болгон чанартай хуульчдаар эгнээгээ бүрдүүлж, мэргэжлийн нэр хүндээ хамгаалах сонирхол байна шүү дээ. Дээр нь хуульчид маань санаачлагаараа стратегийн өмгөөллийн төслүүд дээр ажиллаж, өөрсдөөсөө зардлаа гаргаад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Бидэнд мэдлэгийн давуу тал байгаагаас гадна бидэнд хэн нэгэн улстөрч утасдаад нөлөөлөх бололцоо одоогоор байхгүй. Харин Засгийн газраас хамааралтай болчихвол нийтийн эрх ашгийн төлөө, хуульчийн тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах эрсдэл үүрээд явах уу. Яамнаас утасдаад “Чиний нэр дээр гомдол гарлаа. Хэлэлцэх гэж байна ир” гэхэд хэдэн дарга нар л тойрч суучихаад бидний хувь заяаг шийднэ шүү дээ. Дарга нар бол хуульчийн зовлон мэдэхгүй, туршлагагүй, улс төрийн хувьд хамааралтай хүмүүс байдаг нь нууц биш. Одоогийн бүтцээрээ бид дарга нарын бус бусад хуульчийнхаа өмнө очиж шүүлгэж байгаа. Тэд мэргэжлийн хүмүүс учраас тухайн хуульч хаана ямар ёс зүйн алдаа гарсныг тогтоож, буруутай тохиолдолд шийтгэх, эсхүл хуульчаа хамгаалж чадна. Ийм тогтолцоогоо бид алдах гээд байна.

-Одоо өмгөөлөгчид хуульчдын холбоондоо хамаардаг. Өмгөөллийн тухай хууль батлагдвал дахиад холбоо байгуулагдах уу?

-Тэгнэ. Өмгөөллийн тухай хуультай хамт Өмгөөллийн тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл батална. Тэр төсөлд зааснаар шинээр Өмгөөлөгчдийн холбоо гэсэн бүтэц үүсгэн байгуулахаар болсон байгаа. Одоо Хуульчдын холбоо гэсэн хоёр байгууллага, Өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэг байгууллага байгаа. Нэг хуульчдын холбоо нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, заавал гишүүнчлэлтэй байдаг байгууллага. Нөгөөх нь Хуульчдын холбоо гэсэн сайн дурын төрийн бус байгууллага. Хуульчдын холбоог байгуулахад Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгож Өмгөөлөгчдийн холбоог татан буулгасан байдаг. Үүний дараа өмгөөлөгчид маань эвлэлдэн нэгдэх эрхээ эдлээд Өмгөөлөгчдийн холбоо гэсэн оноосон нэртэй төрийн бус байгууллага үүсгэн байгуулсан байгаа. Шинэ Өмгөөллийн тухай хуулиар дахиад нэг Өмгөөллийн холбоо үүсгэн байгуулахаар болсон. Ингээд нэр, чиг үүрэг давхацсан дөрвөн байгууллагатай болж байна. Энэ нь иргэдэд төөрөгдөл үүсгэж байгаа юм.

-Тэгэхээр хууль батлагдвал өмгөөлөгч нар энэ дөрвөн байгууллагад татвар төлөөд харьяалагдах болж байна уу?

-Хоёр байгууллагад нь заавал харьяалагдаж татвар төлөх болоод байна. Нөгөө хоёрт нь сайн дураараа татвар төлдөг. Өмгөөллийн тухай хуулийн төсөлд Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо ямар харилцаатай байх тухай зохицуулалт байхгүй. Өмгөөллийн тухай хууль батлагдсаны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж байгаа боловч энэ нь одоогоор УИХ-ын гишүүдэд ч үзүүлэхгүй байгаа. Төсөл бэлэн болсон гэж байгаа боловч гишүүд нь хуульд яаж заасныг үнэндээ мэдэхгүй байж УИХ хэлэлцээд байгаа юм. Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4 дэх хэсэгт зааснаар шинээр хууль батлах тохиолдолд бусад хуульд орох өөрчлөлтийн төсөлтэй нь цогцоор нь өргөн барих ёстой юм л даа.

Өмгөөлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хэрэгцээ шаардлага байгаа, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ гээд яриад байгаа. Гэтэл бодит амьдрал дээр Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчдийн холбоо ч байсан өмгөөлөгчид шүүгч, прокурорын өмнө очиход шүүгч, прокурор, мөрдөгч Өмгөөллийн тухай хууль бус процессын хуулиа хэрэглэдэг. Тиймээс процессын хуульд өөрчлөлт оруулах ёстой. Хэрвээ процесс хуульдаа өөрчлөлт оруулж, өмгөөлүүлэх эрхийн баталгаагаар хангавал хуульчид бид хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин Өмгөөллийн тухай хуулиар дахин нэг байгууллага байгуулах, засаг эргээд хуульчдад тавих хяналтаа буцааж авах сонирхол нь нуугдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагч нар сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/208 тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 15-ны өдрүүдэд “ Цагдаагийн албан хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх чадвар” сургалтыг зохион байгуулж 135 алба хаагч хамрагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр: Сайтын холбоод нэгдэх хэрэгтэй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлчидтэй уулзлаа.

Уулзалтаар монголын цахим сэтгүүлзүйн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарвал зохих зүйлс болон тулгамдаж буй асуудлаас гарах гарц гаргалгаа юу байж болох талаар санал бодлоо солилцлоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Одоогоор монголын сайтын холбоо, тэргүүлэгч сайтын холбоо, станцын сайтын холбоо, сайтуудын хөгжлийн нэгдсэн холбоо, мэргэжлийн сэтгүүлчдийн сайтын холбоо гэсэн таван сайтын холбоо ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй мэдээллийн сайт байна.Үүнээс гадна тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн сайтууд бий. Өнөөдрийн уулзалтанд зөвхөн мэдээллийн сайтын сэтгүүлч, эрхлэгчдийг урьсан. Цахим сэтгүүлзүйн мэргэжлийн сэтгүүлчийн мэргэшлийн асуудал болон, мэргэжлийн ур чадварын асуудал, орчин бүтэц, зохион байгуулалтыг харах ёстой.Энэ чиглэлэээр таван сайтын холбоо ажиллаж байна.

МСНЭ-ээс хоёр санал дэвшүүлж байна.

Бидний саналд “Сайтын холбоод хамтран ажиллах боломж бий юу. Энэ талаар та бүхэн судалж үзээрэй. Нөгөөтэйгүүр мэргэжлийн сэтгүүлчдийн ялгарах онцлог гэж байх ёстой.Бидний үйл ажиллагаа, үг хэл мэргэжлийн байх тал руугаа нэгдэж ажиллацгаая” гэсэн санал, уриалгыг дэвшүүлж байна. Мэдээллийн сайтуудын холбоо нэгдэх боломж байгаа бол мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил дээр нэгдэх хэрэгтэй. Нийгэмд хэрэгтэй мэдээ мэдээлэл түгээе гэсэн чин сэтгэлтэй сэтгүүлчдэд тодорхой хэмжээнд зовлон байдаг. Сайт бол бизнес утгаараа хөгжих ёстой. Энэ бол тухайн сайтын болон сайтын холбооны асуудал. Сайтын холбоод сайтын эрх ашгийг хамгаалах гэхээр сайтын эздийн асуудал яригддаг байсан бол үүн дээр нэмээд сэтгүүлчдийн болон зураглаач, админы мэргэжлийн байх асуудлыг анхаарч нэгдээч ээ гэж хэлмээр байна.

МСНЭ-ээс дэвшүүлж буй дээрх хоёр санал дээр сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийллээ.

Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг “Бид нартай холбоотой асуудал хэрэглэгч, уншигчийн асуудал болчихлоо. Сонин сэтгүүлийн холбоон дээр ихэвчлэн сайттай холбоотой гомдол ирдэг. Тухайлбал нэг сайт дээр гарсан мэдээ бусад бүх сайт дээр гарчихдаг. Тэгэхээр гомдол гаргасан хүний гомдлыг хэлэлцэх боломжгүй болчихдог. Энэ бол асуудал юм. Тиймээс ёсзүйн зарчим кодоо өөрсдөөсөө эхэлцгээе.

Мөн бохир сошиал бизнес өнөөдөр асуудал болж байна. Хэрэглэгчид цахим сайт уу, фэйсбүүк хуудас уу? Гэдгээ ялгахгүй болчихоод байна. Зарим мэдээллийн сайтууд хэн нэгэн эрхмийг үхүүлж байж эсвэл худал хуурмаг анхаарал татсан мэдээлэл түгээж хандалтаа өсгөдөг. Эцэст нь бөөнөөрөө үүнийг гэж итгээд бүгд хуулж тавиад хам хэрэгтэн болдогоо больцгооё”.

Залуу.ком сайтын эрхлэгч Лхагвадорж “Сайтууд редакцын асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл редакцгүй сайтууд цахим сэтгүүлзүйн нэр хүндийг унагааж байна. Тиймээс нэн яаралтай энэ асуудалд сайтын холбоо болон Х.Мандахбаяр ерөнхийлөгч анхаарч цэгцэлж өгөөрэй. Түүнчлэн сүүлийн үед оюуны хулгай гэдэг зүйл газар авлаа. Энэ тал дээр сэтгүүлчид анхаарч бие биенийхээ хөдөлмөрийг үнэлээч ээ гэж хэлье. Мөн хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа нэг тийш нь болгох хэрэгтэй байна. ”

Time.mn сайтын сэтгүүлч “Зарим мэдээлийн сайтуудыг хааж цэгцлэх хэрэгтэй. Эсвэл тусгай зөвшөөрөл олгодог болгох хэрэгтэй. Одоо хэн дуртай нь сайт ажиллуулдаг болж байна”.

Control.mn сайтын сэтгүүлч Хишигжаргал“ Энэ асуудлыг бид арван жил ярилаа. Гарц шийдэл ерөөсөө харагдсангүй, биелсэнгүй.Гэхдээ аяндаа өөрөө цэгцрээд, шигшигдээд явчихна гэж бодож байна. Тиймээс хаах шаардлага байхгүй. Илүү ажил болно. Учир нь бид өөрсдөө мэргэжлийн байгаад байвал хэрэглэгчид ч тэр ялгаж салгана.”

24цаг.мн сайтын эрхлэгч Гантуяа “Шинээр гарч ирж буй залуу сэтгүүлчдэд зориулж зөвөлгөө өгдөг болмоор байна. Ядаж хүнтэй зөв мэндэлж сургах хэрэгтэй. Бидний үед алхам тутамдаа алхаа гишгээ, үг яриа бүр дээрээ шүүмж авч, ахмад сэтгүүлчдээсээ суралцаж ирсэн. ”

Shuud.mn сайтын эрхлэгч “Мэдээллийн сайтууд телевиз шиг эздээ ил зарлах хэрэгтэй. Санхүүжилтээ ч гэсэн. Тэгэхгүй бол нэг хүн бүр 30, 40 сайттай юм яригдаад байгаа шүү.”

Ийнхүү сэтгүүлчид өөрсдийн үзэл бодол болон санал санаачилгаа дэвшүүлж дууссаны дараа МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нийт сэтгүүлчдийн асуултанд товч хариуллаа.

Та бүхэн санал бодлоо солилцлоо. Зарим сайтын эрхлэгч, сэтгүүлчид тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй гэж байна. Энэ бол маш буруу. Бид төрөөс хараат байж болохгүй. Төрөөс хараат болж тусгай зөвшөөрөл авдаг болчихвол мэргэжлийн үйл ажиллагаа болоод, хэвлэлийн эрх чөлөөнд харш байх болно. Түүнчлэн зарим мэдээллийн хэрэгслийг хааж цэгцлэх хэрэгтэй гэлээ. Бид шууд үйл ажиллагааг нь зогсоогоод хааж болохгүй. Харин мэргэжлийн бус байгаад байвал бид хэлж засаж залруулахыг шаардах ёстой. Сэтгүүлчдэд техник технолого, IT мэдлэг, хэлний мэдлэг гэх мэтчилэн ур чадварууд дутагддаг. Энэ талыг нь сайжруулж хөгжүүлэх тал дээр бид анхаарч дэмжиж ажиллах боложтой. Цаашдаа сэтгүүлчдэд мэргэшлийн зэрэг олгодог болох тал дээр бид анхаарч байна. Энэ удаа бид тулгамдаж буй асуудлаа ярилцлаа. Дараагийн уулзалтаар илүү шинэлэг санаатай, асуудлыг шийдэх гарц боловсруулж, шийдэх тал дээр санал авч нэгдсэн шийдвэр гаргах болно. Энэ мэтчилэнгээр бидний уулзалт үр дүнгээ өгөх болно гэлээ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ спорт

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын аварга шалгаруулах “хүндийн өргөлт”-ийн тэмцээн боллоо

Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиас цагдаа, дотоодын цэргийн хүндийн өргөлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны 2019 оны анхны тэмцээн ийнхүү эхэллээ. Тэмцээнд 61, 67, 73, 81, -96, +96 нийт 6 жинд, 29 анги байгууллагын 170 гаруй баг тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон юм. “Тэргүүн байр”-т 153 оноогоор Эргүүл хамгаалалтын газар, “Дэд байр”-т 120 оноогоор Дотоодын цэргийн 805 дугаар анги, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгаран тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд “Дат Консалтинг” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний хүрээнд “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Мөн нэвтрүүлсэн чанарын стандартыг өргөжүүлэх зорилгоор сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

МИАТ компани тоног төхөөрөмжөө үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанаар олон улсын 13 гэрээ, хэлэлцээр батлуулжээ. Тухайлбал, Монгол Улс, АНУ хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав. Уг гэрээг Монгол Улсыг ГХЯ, АНУ-ыг Мянганы сорилтын корпораци төлөөлөн өнгөрсөн оны долдугаар сард байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Мянганы сорилтын корпорацаас олгох юм. Мөн Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Хэлэлцээрт нэгдсэнээр МИАТ компани гадны томоохон нислэгийн компаниудын агаарын хөлөгт засвар хийхэд ашиглах тоног төхөөрөмж, эд ангийг хямд үнээр худалдан авах боломж бүрдсэн байна.

Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх тогтоолыг УИХ-аар батлуулав. Ингэснээр Шанхай хотноо суралцаж буй 700 оюутнууд болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, БНХАУ-ын болон бусад орны иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах боломжтой боллоо.

Цахим бодлогын түр хорооны хуралдаанаар ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталж, төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий чиглэлээр дөрвөн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Мөн байнгын хороо Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Вьетнам улс хоорондын хэлэлцээр, АНЭУ-ын Абу Даби хот, Беларусь Улсын Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ‘‘Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр’’ зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургууль хийлээ

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн бүлгийн нисэх төхөөрөмжийн нисгэгч, шүхэрчин аврагчдыг дадлагажуулан, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Хөдөлгүүрт шүхэр болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургуулийг “Скай резорт” цанын баазад зохион байгууллаа.

Энэ удаагийн дадлага сургууль нь хөдөлгүүрт шүхэр болон нисэгчгүй нисэх төхөөрөмжийн дадлагыг хооронд нь уялдуулан зохион байгуулснаараа онцлог.

Дадлага сургуульд 15 алба хаагч хамрагдаж, алба хаагч тус бүр 20 минутын нислэгийг хийж гүйцэтгэсэн юм.

Мөн далавч тогтоох болон бие даан нислэг үйлдэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглаж сурах дадлага сургуулийг хийлээ.

Дадлага сургуулийн үеэр Уулын шүхрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, тус тэмцээнд Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын аврагч, ахлах ахлагч Б.Ганзориг амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” нийслэлд болно

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна.

Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн өвийг олон улсад таниулах, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах ач холбогдолтой юм.

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйл нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм.

Бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод гадаадын жуулчдад сурталчлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг байна.