Categories
мэдээ эдийн-засаг

2018 оны “Эдийн засаг”-ийн онцлох 10 үйл явдал

НЭГ. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө

Эдийн засаг ийнхүү өсөхөд экспортын орлого 14 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 32 хувиар өссөн, төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч, Засгийн газар арилжааны банкнаас зээл авахаа зогсоосноор хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт 2018 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7 орчим хувьд хүрэхээр байна.

ХОЁР. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарав

2018 онд төсвийн сахилга батыг сайжруулж, Засгийн газрын мөнгөн хөрөнгийг оновчтой удирдаж, өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоож, зээлийн хүүгийн зардлыг бууруулав. Эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр татварын орлого 30 орчим хувиар өсөж, нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарахаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 266 тэрбум төгрөгийн ашигтай байна.

ГУРАВ. Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлсөн, үүнээс 2018 онд 3.7 их наяд төгрөгийг төлөв

2018 онд өндөр хүүтэй дотоод бонд гаргаагүй, нийт 2.1 их наяд төгрөгийн дотоод бондын үндсэн болон хүүгийн төлбөр төлж, дотоод бондын үлдэгдлийг 1.6 их наяд төгрөг болгон буулгав. Мөн 500 сая ам.долларын Чингис болон 1 тэрбум юанийн Дим сам зэрэг гадаад бондуудыг төлж барагдуулсан. Ингэснээр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 74.4 хувиас 61 хувь болж буураад байна.

ДӨРӨВ. Макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрав

2018 онд Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс:

• Төсвийн сахилга бат сайжирч, өрийн дарамт буурч байгаа, 2021 он хүртэл гадаад бондын эргэн төлөлтгүй болж, дахин санхүүжилтийн эрсдэл буурсан,

• Гадаад валютын нөөц нэмэгдсэн,

• Монголын эдийн засаг бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсөж байгаа,

• Макро эдийн засгийн бодлогууд амжилттай хэрэгжиж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, эдийн засаг тогтворжиж, өсөлт нэмэгдсэн,

• ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.

ТАВ. Ажилгүйдлийн түвшин буурч, өрхийн орлого 15 хувиар өслөө

11.6 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшин буюу 6.9 хувьд хүрлээ. Хөдөлмөр эрхэлдэг хүний тоо 2018 оны 3 дугаар улиралд өмнөх оноос 50 мянгаар нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлд эрэлт өсөж, ажилгүйдэл буурснаар дундаж цалин 2017 оноос 8 хувиар өссөн. Эдийн засаг өссөнөөр цалин нэмэгдэж, хувийн хэвшлийг дэмжсэний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өссөн. Эдгээр өөрчлөлтийн дүнд өрхийн орлого 15 хувиар өсөөд байна.

ЗУРГАА. Арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүү 17.6 хувьд хүрч буурав

Засгийн газрын арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч байсныг зогсоож, өмнө гаргасан өндөр хүүтэй бондуудыг буцааж төлснөөр эдийн засаг дахь зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Монгол руу орох хөрөнгийн урсгал нэмэгдэж, экспортын орлого өссөнөөр дотоод хуримтлал өссөн. Ингэснээр 2016 онд 19.7 хувь хүртэл өсөж байсан арилжааны банкны зээлийн хүү 2017 онд 0.7 нэгжээр, 2018 оны 10 дугаар сард 1.4 нэгжээр тус тус буураад байна. Энэхүү бууралтын үр дүнд зээлийн хүү 2013 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн бага түвшинд буюу 17.6 хувьд хүрлээ.

ДОЛОО. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2018 онд түүхэн дээд хэмжээнд хүрэв

Макро эдийн засгийн орчин сайжирч, зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Үнэт цаасны зах зээлийн эрэлт нэмэгдэж, хувьцаат компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар жилийн дундаж зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 37 хувиар өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа.

НАЙМ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд саараад байсан нүүрсний экспорт нэмэгдэж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хил гааль дээр үүсээд байсан асуудлыг шийдвэрлэх, боомтын нэвтрэлтийг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр яриа хэлэлцээрийн үр дүнд 2017 оны сүүлийн хагас, 2018 оны эхний улирал саараад байсан нүүрсний экспорт огцом нэмэгдэж, Монгол Улс түүхэндээ анх удаа 36.5 сая тонн нүүрс экспортолж байна.

ЕС. БНХАУ, Мянганы сорилын сан, БНСУ, БНЭУ, АХБ-ны хөрөнгөөр Улаанбаатар болон орон нутгийн цэвэрлэх байгууламж, усан хангамж, орон сууцны хангамж, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг Монгол Улсын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 300 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээг байгуулж, “Улаанбаатар хотын гүний усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн талаар танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны хангамжийг сайжруулахад 500 сая ам.долларыг зарцуулахаар тохиролцов.

Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

– Хөдөлгөөний эрчим өндөртэй, зорчигч болон ач тээврийн гол замууд болох Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замуудыг шинэчлэх, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэв.

АРАВ. Монгол Улс Европын холбооны “хар жагсаалт”-аас гарав

Европын холбоо манай улсыг “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалт”-д хамруулан хамтын ажиллагаагаа хумигдуулах шийдвэр гаргасан юм. Хэрэв дээрх жагсаалтаас манай улс гараагүй байсан бол бизнес эрхлэгчид европын холбооны зах зээлд хандах эрхгүй буюу тус холбооноос ямар нэгэн санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломжгүй болох байсан юм. Иймд Засгийн газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж, тодорхой шаардлагыг нь хангасны үр дүнд тус жагсаалтаас гарч, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүллээ.

Categories
мэдээ спорт

Чемберлейн ганцаарчилсан бэлтгэл хийж эхэлжээ

Английн шигшээ баг болон Ливерпүүл клубийн хагас хамгаалагч Алекс Окслейд Чемберлейн ирэх оны хоёрдугаар сараас эхлэн талбайд гарахаар болжээ.

Өнөө жил 24 настай Чемберлейн өнгөрсөн дөрөвдгүгээр сард аваргуудын лигийн хүрээнд Италийн Рома клубийн эсрэг тоглох явцдаа өвдгөө бэртээсэн юм.

Ливерпүүл клубийн дасгалжуулагч ЮргенКлопп “Сайн мэдээ дуулгахад Чемберлейн ганцаарчилсан бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Гэхдээ түүнийг талбайд гаргах гэж яарахгүй. Бэртлээ бүрэн илааршуулж байж тоглолтод оролцоно. Ирэх оны хоёр юм уу гуравдугаар сараас багтайгаа нэгдэх байх” гэж ярьжээ.

Сонирхуулахад Ливерпүүл Английн премьер лигийн 51 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Мөн аваргуудын лигийн тэмцээний шилдэг 16-д шалгарч Германы БайернМьюнхен клубтэй учраа таараад байгаа билээ.

Чемберлейн бэртлийн улмаас 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг мал сүргийн тоогоор тэргүүллээ

Хөвсгөл аймгийн малчид мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлж таван жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 5.709.892 тоо толгой мал тоолуулсан байна.

Аймагтаа мал сүргийнхээ тоогоор Цагаан-Уул сум 456.977 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Бүрэнтогтох сум 420.683 толгой мал тоолуулж хоёрт, Арбулаг сум 379.068 толгой мал тоолуулж гуравт оржээ.

Мал сүргээ таван төрөл дээр нь 13 сум өсгөсөн бөгөөд Мөрөн, Цагааннуур сумын мал хамгийн их өссөн гэдгийг Хөвсгөл аймгийн Статисикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар мэдээлсэн байна. Тус аймаг 2012 он хүртэл мал сүргийн тоо толгойгоор улсад олон жил тэргүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүх З.Санждоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов

Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж Гандантэгчинлэн хийдийн хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээд зодуулсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлж байсан юм. Тэрээр 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр даншиг наадмын урилга асууж Гандантэгчинлэн хийдэд очоод зодуулсан гэх шалтгааныг тухайн үед хэвлэлийн бага хурал зарлан хэлж байв. Мөн тухайн үед Б.Бүрнээ лам “Их хүрээ-Даншиг наадам”-ын урд өдөр З.Санждорж лам манай хийдэд ирсэн. Тухайн өдөр З.Санждорж лам хөтөлбөр авна гэж бужигнуулсан. Би ерөөсөө зодоогүй. Гол нь Даншиг наадмын хөтөлбөрийг манайхаас тараагаагүй, бүх хөтөлбөр мэдээлэл нь интернетэд тавигдсан байсан. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй” гэсэн тайлбар хийж байсан юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бүрнээг буруугүй гэсэн агуулгатай цагаатгасан тогтоолыг өнгөрсөн наймдугаар сарын 10-нд гаргасан билээ. Тухайн үед З.Санждорж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байв. Тэгвэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараад байна. Уг шийдвэрт ч мөн Б.Бүрнээг буруугүй гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.Шүүхийн шийдвэрт “…Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд прокуроын яллах дүгнэлтэд камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-нээс өөр эд мөрийн баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Санждоржийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 1.612.200 төгрөгийг Бүрнээгээс гаргуулах үндэслэлгүй болно гэж шийдвэрлэснийг дурдвал зохино. Иймд Санждоржийн “…цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр баталж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдол, прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, цагтаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж шатны шүүх дүгнэв” хэмээн онцолжээ.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад малын зохиомол хээлтүүлгийн технологи нэвтрүүлсний 60 жилийн ойн хурал болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран Монгол Улсад малын зохиомол хээлтүүлгийн технологи нэвтрүүлсний 60 жилийн ойд зориулсан онол, үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Бага хурлын эхэнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батсүрэн, ХААИС-ийн МААБС-ийн захирал, доктор О.Баатарцогт нар нээж үг хэлсэн.Малын үржүүлэг, биотехнологийн салбарын үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид, инженер, техникчид оролцсон бага хурал бүхэлдээ Монгол Улсад зохиомол хээлтүүлгийн технологи нэвтрүүлсэн түүхэн үйл явц, зохиомол хээлтүүлгийн технологийн дэвшил, хөгжил, үйлдвэрлэлийн үр дүн, хөврөл шилжүүлэн суулгах технологи, төрөөс мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, эрх зүйн орчны шинэчлэл зэрэг асуудалд төвлөрч, хуралд оролцогчид өөрсдийн санал, сэтгэгдлээ илэрхийлж байв.

Малын үржүүлэг, биотехнологийн олон арга дотроос ашиг шим арвин, нэг хээлтүүлэгч малын үрийг хиймэл аргаар авч, олон хээлтэгч малд нэг дор суулгаснаар олон төл зэрэг авах зохиомол хээлтүүлгийн арга дэлхийд 1940-өөд оны эхэнд үйлдвэрлэлд нэвтэрчээ.

Манай улсад энэ арга 1953 оноос туршилтын журмаар нэвтэрч, улмаар 1958 онд улсын хэмжээнд нэвтрүүлэхээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 31 дүгээр тогтоол батлагдан, уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн яамны сайдын 189 дүгээр тушаал гарч, хот орчмын сангийн аж ахуй, нэгдлүүдийн малд зөөвөр үрээр зохиомол хээлтүүлэг явуулах малын зохиомол хээлтүүлгийн станцыг Улаанбаатар хотод байгуулах шийдвэр гаргажээ.

Энэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үржил-зохиомол хээлтүүлгийн станц 1961 онд 10, 1965 онд 30-ыг байгуулж байсан бөгөөд энэ үед нэг бухнаас 80-150 тугал, нэг хуцнаас 250-350 хурга авч байжээ. Зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарсан эрлийз үхэр нь монгол үхэрнээс 5-10 дахин их сүү, махны үхэр 60-70 кг-аар их мах өгдөг сүрэг бий болж, 1990 оны эцсийн байдлаар цэвэр эрлийз үхэр 252.4 мянга, цэвэр эрлийз хонь 1.2 сая, цэвэр эрлийз ямаа 427.9 мянгад хүрч, зохиомол хээлтүүлгийн аргаар жилд 1.9 сая хонь, 40 мянга гаруй үнээг хээлтүүлж байжээ.

1980 оноос малын үрийг -196 хэмд хөлдөөн хадгалах, ашиглах технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 256 дугаар тогтоолоор “Хээлтүүлэгч малын үрийн улсын сан”-г байгуулж, 1984 оны БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 356 дугаар тогтоолоор “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц” болгон өөрчлөн зохион байгуулав.

Энэ станцын хүрээнд саалийн механикжсан орчин бүхий аж ахуй, махны чиглэлийн үхэр үржүүлдэг 9 сангийн аж ахуй, Архангай, Булган, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймгуудын эрчимтэй эрлийзжүүлгийн бүсийн 38 нэгдлийн үнээг гүн хөлдөөсөн үрээр зохиомлоор хээлтүүлэх шинэ технологи нэвтрүүлж, жилд дунджаар 40 орчим мянган үнээг хээлтүүлж байжээ.

Малын зохиомол хээлтүүлгийн төв станц 1985-1990 онуудад нийт нэг сая тун үр үйлдвэрлэн, зохиомол хээлтүүлэгт 569 мянган тун үрээр давхардсан тоогоор 144 мянган үнээ хээлтүүлж, 71.2 хувиар буюу 102.5 мянган үнээг хээл авахуулж, хар тарлан, алатау, симменталь, талын улаан, лиммузин, герефорд бухны бүгд 439.2 мянган тун үртэй болсноос гадна 1995 оноос хойш Орхон, Ерөө, Хангай, Халх, Байдраг, Үзэмчин, Барга үүлдрийн хуцны, Баяндэлгэрийн улаан, Залаа жинстийн цагаан ухны үрийн зохих нөөц бий болгожээ.

Хөгжлийн дараагийн үе шатанд малын хөврөл үрийг шилжүүлж суулгах аргыг үнээ, ямаан дээр суулгасан хөврөл үрээс ишиг 379, тугал 18-ыг хүлээж авсан байна. Манай улсад малыг зохиомол аргаар хээлтүүлж эхэлснээс хойших 60 жилд 49 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн арвин ашиг шимт цэвэр болон эрлийз малтай болсон. УИХ-аас 2017 оны 12 дугаар сард Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэгт бодлого, зорилтоо чиглүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Чансаа өндөр 128 бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол Улсын иргэд ээ,

Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа

Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн халуун дотно мэндийг дэвшүүлье.

1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монголчууд Манж Чин гүрнээс хараат байдлаас гарч, Тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлан, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн дурсамжит, эгэлгүй баярын өдөр билээ.

Энэ бол Модун шаньюйгаас өвлөж, Их эзэн Чингис хааны дэлгэрүүлэн хөгжүүлсэн Монголын төр, тусгаар тогтнолыг 200 жилийн хараат, унтаа байдлаас гарган сэрээсэн түүхэн өдөр учраас олон монгол бүгдээр бахархан тэмдэглэж байх учиртай хамгаас чухал баяр юм.

107 жилийн өмнөх Төрийн их ёслолын өдөр нь зурхайчдын зүгээс “маш сайн өдөр” хэмээн сонгож тодруулсан, Арван тавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний усан тахиа өдөр, хишиг Баасан гариг байжээ. Морин цагт монголын төрийг тусгаар тогтнуулан, мандуулсны Төрийн их ёслол эхлэх цаг мөчид Ховд, Улиастай, Алтанбулаг, Ерөө гээд монгол орны өнцөг булан бүрт байсан монголчууд Хүрээний зүг хандан, нэгэн зэрэг сөгдөн мөргөж, магнай тэнийн баярлаж байсныг харсан гадаадын гэрч нар “Монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ийн очтон гийж байсныг хараагүй” хэмээн дурссан нь бий.

Тийм ээ, монгол хүн бүр эрх чөлөө, тусгаар тогтнолоо амин голоосоо хайрлан хүндэлдэг юм. Энэ уламжлал одоо ч тасраагүй гэдэгт би итгэдэг.

Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн тогтоох явц ингэж эхэлсэн ч бүрэн гүйцэд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнд хүртлээ амаргүй урт замыг туулсан билээ. 1919 оны сүүлчээр монголд орж ирсэн хятадын цэргийг хөөн зайлуулахын төлөөх тэмцэл өргөжсөөр 1921 онд Ардын хувьсгал ялсан юм.

1946 оны 1 дүгээр сарын 6-нд өмнөд хөрш БНХАУ, 1946 оны 2 дугаар сарын 28-нд хойд хөрш ЗХУ албан ёсоор Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Улмаар 1961 онд БНМАУ-ыг НҮБ-ын 102 дахь гишүүнээр элсүүлсэн нь Тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн чухал үйл явдал байлаа.

Энэ бүхэн де юри буюу албан бичиг баримт дээрх хүлээн зөвшөөрлүүд байсан юм. Хүйтэн дайны сөргөлдөөн, дэлхий ертөнц хоёр системд хуваагдсан байдал нь БНМАУ-ыг зөвлөлтийн нөлөөний улс байлгах бүхий л нөхцлийг 70 гаруй жилийн туршид хадгалсан юм.

1990 онд дэлхий даяарт социалист систем нуран унаж, хүйтэн дайн төгсгөл болсноор чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгэм бүхий Монгол Улсыг тунхаглан зарласнаар үе үеийн эх орончдын Үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг бүрэн ялалтад хүргэх сайхан боломж бүрдсэн билээ.

Үе үеийн эх орончид улс төр, олон улсын харилцааны маш хүнд нөхцлүүдийн дунд шантралгүй, тасралтгүйгээр тэмцэж, зүтгэж, асар их хохирол, төлөөсөөр бүрдсэн Тусгаар тогтнолоо хайрлах, үнэ цэнийг нь мэдэж мэдрэхэд энэ түүхэн өдрийг тэмдэглэхийн утга учир оршдог.

Олон бүгд монголчууд аа,

Та биднийг “эрхэмлэж яваарай” хэмээн машид итгэн, эрх чөлөө, тусгаар тогтнолыг буухиалан авчирсан, үе үеийн эх орончид, төрийн зүтгэлтнүүдийн үйлс зүтгэлийг хайрлан хүндэлж, бахархан дээдэлж яваарай. Монгол хүн бүр өөрийн оролцоо, хичээл зүтгэлээр Үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлж, дархлана гэдгийг ашид санаж яваарай.

Монголын тусгаар тогтнолын төлөө амь бие, сэтгэл оюунаа харамгүй зориулсан эх оронч дээдэстээ мэхийн ёслоё.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд орштугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх буудлын дэргэд 600 айлын орон сууц барих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ирэх жил ашиглалтад орно. Энэ хүрээнд тус онгоцны буудлын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 600 айлын орон сууц барих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Өчигдөр тус асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулга хийсэн байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 600 айлын орон сууцыг барьж 2022 он гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг тэрээр хэлээд уг хөтөлбөр хэрэгжснээр замын ачаалал буурахаас гадна ажилчдын цаг хугацааг хэмнэх, нийгмийн баталгааг хангах зэрэг олон давуу талтай гэдгийг онцолсон аж.

Уг хөтөлбөрийг ИНЕГ-ын жилийн давсан орлогоор санхүүжүүлэн барих боломжтой юм. Тус барилга нь Дундговь аймаг руу явах чиглэлийн зам дагуу буюу шинэ нисэх онгоцны буудлын зүүн хойно баригдахаар зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд орон сууцыг дагаад сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм. Цаашлаад уг хөтөлбөрийн хүрээнд 600, 800 айлын орон сууц баригдаж шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот байгуулагдан, хөгжих боломжтой гэдгийг онцоллоо.

Уг орон сууцыг Нийслэл хотын хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдуулан шийдэх нь зүйтэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар онцолж, барилгын зураг төсөл болон хэрэгжих байдлыг 2019 оны хавар эхлүүлж 2020 оны намар бүрэн дууссан байхаар төлөвлөн ажиллахыг үүрэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

Ерөнхийлөгчийн цомын барилдаанд хоёр аварга зодоглож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Бунт- Ухаа” спортын ордонд эхлэлээ. Долоо дахь удаагийн барилдаанд зодоглохоор улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат нар зодоглохоор бүртгүүлжээ. Улсын аварга С.Мөнхбат 2011 болон 2013 онуудад Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж байсан юм. Харин өнгөрсөн жилийн барилдааны түрүү бөх улсын харцага Т.Баасанхүү мөрний бэртлийн улмаас зодоглоогүй байна. Чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд Баянхонгорын харцага Н.Золбоо, Завханы Т.Бэгзсүрэн нар зодоглохоор бүртгүүлсэн нь олны анхаарал татаж байна. Н.Золбоогийн тухайд шинэ цолтойгоо анх удаагаа зодоглож буй нь энэ юм.

1. Намсрайжавын Батсуурь у.ав
2. Сүхбаатарын Мөнхбат у.ав
3. Пүрэвийн Бүрэнтөгс у.ар
4. Рэнцэнбямбын Пүрэвдагва у.ар
5. Батнасангийн Гончигдамба у.г
6. Нямаагийн Батзаяа у.х
7. Бат-Очирын Одгэрэл у.х
8. Баярхүүгийн Бат-Өлзий у.х
9. Хүрэл-Очирын Гантулга у.х
10. Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ у.х
11. Мягмарын Бадарч у.х
12. Оргихын Хангай у.х
13. Нацагсүрэнгийн Золбоо у.х
14. Төрмөнхийн Бэгзсүрэн у.х
15. Эрдэнэбилэгийн Энхбат у.н
16. Лувсандоржийн Цэрэнтогтох у.н
17. Чулуунбаатарын Батчулуун у.н
18. Лхагвасүрэнгийн Гантулга у.н
19. Батмөнхийн Сангисүрэн у.н
20. Баатарын Амарзаяа у.н
21. Жаргалсайханы Чулуунбат у.н
22. Болдпүрэвийн Сугаржаргал у.н
23. Базаргүрийн Бадамсүрэн у.н
24. Лхагваагийн Лха-Очир у.н
25. Алтангэрэлийн Алтанхуяг у.н
26. Шоовдойхүүгийн Шинэбаяр у.н
27. Ганболдын Баасандорж у.н
28. Бадамсамбуугийн Ганхуяг у.н
29. Лутын Батзориг у.н
30. Доржийн Анар у.н
31. Чинчулууны Хөхчирэнгэр у.н
32. Дэлгэрсайханы Амарсайхан у.н
33. Батцэнгэлийн Чимэдвандан у.н
34. Балганы Хишигбаатар у.н
35. Бердимуратын Серик у.н
36. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ у.н
37. Галсан-Очирын Ганжад у.н
38. Шоовдорын Дарханбат у.н
39. Дашзэвэгийн Амаржаргал у.н
40. Дашдоржийн Цэрэнтогтох у.н
41. Батбаярын Даваа-Очир у.н
42. Болдын Эрдэнэхүү а.х.а
43. Оюуны Гантулга а.х.а
44. Улагпаны Береке а.х.а
45. Бэгзийн Мижидсүрэн а.х.а
46. Эрдэнэбилэгийн Ууганбаяр а.х.а
47. Алтангэрэлийн Отгонбаатар а.а
48. Балжиннямын Суманчулуун а.а
49. Даваадоржийн Буянт а.а
50. Батчулууны Хашбат а.а
51. Нямпүрэвийн Батсайхан а.а
52. Балдиржамцын Тайван а.а
53. Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл а.а
54. Эрдэнэбатын Нямаа а.а
55. Доржсүрэнгийн Бадамгарав а.а
56. Дашнямын Ариунмөрөн а.а
57. Мөнхжаргалын Бямбадорж а.а
58. Ганжуурын Батням а.а
59. Намсрайн Баттүвшин а.а
60. Баарангийн Отгонбаатар а.а
61. Гансүхийн Хишигбат а.а
62. Шараагийн Мөнх-Од а.а
63. Батсүхийн Зоригтбаатар а.а
64. Батбаярын Бат-Амгалан а.а
65. Пүрвээгийн Өсөхбаатар а.а
66. Төрбатын Ядамсүрэн а.а
67. Пүрэвжавын Мөнхбат а.а
68. Нурланы Мустафа а.а
69. Энхтөрийн Баасанжав а.а
70. Намсрайн Ганзориг а.а
71. Батсүхийн Батдорж а.а
72. Хүрэлбаатарын Оргилболд а.а
73. Балжиннямын Мөнх-Эрдэнэ а.а
74. Энхбатын Тулга а.а
75. Малшыгийн Еркебулан а.а
76. Дамдины Тогтохжаргал а.а
77. Шархүүгийн Пүрэвгарьд а.а
78. Цэрэнбатын Сандагдорж а.а
79. Батсугарын Зоригтбаатар а.а
80. Цэдэндоржийн Мөнхбаяр а.а
81. Тогтохмэндийн Сайханжаргал а.а
82. Батсүхийн Уугандаваа а.а
83. Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ а.а
84. Пүрэвсүрэнгийн Иххантай а.а
85. Жаалаагийн Наранбаатар а.а
86. Хүрэлбаатарын Батбаяр а.а
87. Тулгаагийн Сүрэнжав а.а
88. Ганболдын Төрмөнх а.а
89. Даваасүрэнгийн Аззаяа а.а
90. Цэрэндоржийн Ганбат а.а
91. Ганпүрэвийн Ганбаатар а.а
92. Цэвээнпүрэвийн Адъяа а.а
93. Доржхандын Хүдэрбулга а.а
94. Хутагийн Цогтгэрэл а.а
95. Баянзулын Цэдэнсодном а.а
96. Энхтөрийн Мөнхбаатар а.а
97. Оюунгэрэлийн Наранбаатар а.а
98. Даваацэрэнгийн Бямбацогт а.а
99. Ганзоригийн Жамбалдорж ц.а
100. Жаргалсайханы Алтаншагай а.а
101. Гүрзулын Ганцоож а.а
102. Энхбатын Сумъяабат а.а
103. Бүрнээгийн Баянмөнх а.а
104. Батжаргалын Лхагвадорж а.а
105. Пүрэвдоржийн Эрхэмжаргал а.а
106. Батцэнгэлийн Эрдэнэбаяр а.з
107. Мөнхбатын Даваасүрэн а.з
108. Эрдэнэбилигийн Энх-Амгалан а.з
109. Баасандоржийн Болдбаатар а.з
110. Лхагваагийн Батсайхан а.з
111. Наранцэцэгийн Энхжаргал а.з
112. Оюунбаатарын Мөнх-Ирээдүй а.з
113. Мөнхтөрийн Лхагвагэрэл а.з
114. Мягмарын Тэгшбаяр а.з
115. Ганцогтын Бадрах а.з…… нарын бөхчүүд бүртгүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа /бичлэг/

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтаас хариуцлагатай жижүүр ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүд буюу арван хоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллана.

Та нийслэлд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой.

Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ:

– Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох

– Хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх

– Бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах

– Хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 12 сарын 03-14-ний хооронд 83 иргэн холбогдож гомдол санал гарган, зөвлөгөө, мэдээлэл авчээ. Мөн Зөвлөгөө мэдээллийн төв 12 дугаар сарын 10-наас 23-ний өдрүүдэд нийт 744 иргэнд үйлчилж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч гарын авлага, зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.