Түрүүч нь № 255(6098) дугаарт
“Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.
-МАНАН-г харахаар танай намынханд ч ярих, шийдэх асуудал олон байна аа. АН яаж зөв хөгжих талаараа гарц гаргалгаа хайх цаг болчихсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-АН-ыг анх байгуулагдахад тагнуул туршуулууд шургалсан гэж ярьдаг л байсан. Магадгүй. Гэхдээ энэ намын дүрэм, журам, зарчмыг анх боловсруулж явсан хүмүүсийн ихэнх нь сууж явах машиныхаа дүр зургийг иж бүрнээр нь гаргачих юмсан гэсэн чин хүсэл, зорилготой байсан нь маргаангүй үнэн. Тийм ч учраас Монгол Улсын гурван сая иргэн суух машинаа яг таг олоогүй ч анх сонгосон замаасаа ухарчихаагүй байна. Тэр утгаараа манай нам МАН-ыг бодвол арай эрүүл, тэгтлээ эвдрээгүй. Та бод доо. Ардчилал ялснаас хойш АН тийм олон жил засаглаагүй. Ихэнх жилүүдэд нь МАН засагласан. Эдэн шиг завсаргүй шахуу засаг толгойлсон бол бид ч ялгаагүй идээ бээрэндээ баригдах байсан. Ер нь ардчилал гэдэг чинь хүний сайн, муугаас болдоггүй. Зарчим, тоглоомын дүрмээр явдаг.
-МАНАН хэзээ сарних бол. Таны ярианаас анзаарахад суух машинаа олж, шилжилт дуусч байж гэрэл тусах нь ээ дээ?
-Та нөгөө талаас нь хар даа. Бүр томоор нь яривал яагаад МАНАН болчихов гэсэн асуултын хариу өөрөөр гарна. Хүн бүр ходоодтой. Манай намын хүн ч хааяа өлсөж таарна. Тэр утгаараа бүх хүн адилхан. Сая хэллээ шүү дээ, удаан жил засагласан нь идээ бээрэндээ илүү баригджээ гэж.
-1990-1992 оны Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед өмч хувьчлал эхэлсэн, үнэ чөлөөлсөн, ардчилал зах зээлийн үе рүү шилжих ажил эрчтэй өрнөсөн гэж харагддаг. Тэр үеийн тэргүүн шадар сайд нь та. 1992-1996 оны Засгийн газар та нарын эхлүүлсэн шинэчлэлийг огт урагшлуулаагүй, өнөөгийн гацаа тэндээс эхтэй гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?
-Унтсан нь үнэн. Өнгөрсөнтэйгөө зууралдаж, хуучнаа санагалзсаар дөрвөн жилээ барсан. Үүнийг нь ард түмэн олж хараад манай намд (манай намуудад) санал өгсөн юм, уг нь. 1996 онд. Тухайн үед МҮАН, МСДН, Ардчилсан холбоо гэсэн эвсэл байсан шүү дээ. Хэрвээ эвсэл биш өнөөгийнх шиг нэг нам, нэг даргатай засагласан бол өнгөрсөнд өрнөсөн хагарал гарахгүй байсан. Учир нь тэр үед манай намынхан, ер нь улстөрчид том мөнгө үзээгүй, эвдрээгүй байсан юм. Дараагийн сонгуулиар нь буюу 2000 онд МАН ялж үнэмлэхүй олонхиороо тасралтгүйгээр найман жил засагласан. Тэр жилүүдэд МАН-ынхан улс орноо хөгжүүлэх чин зорилготой зүтгэсэн бол байдал өөрөөр эргэх байсан. Харамсалтай нь тэгээгүй. Эрх баригчид хувь хувийнхаа эрх ашгийг л нэгдүгээрт тавьсан. Наад өнгөндөө капитализм руу оръё, машинаа сольё гэж зөвшөөрсөн хэр нь замаасаа ухарсан. Энэ үед л Монголын олигархиуд төрсөн байдаг. Ерээд онд манайхаас бусад улсад бол коммунист намынх нь өмчийг хураагаад, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон. Гэтэл бид тэгээгүй. Өнөөгийн МАН харин ч зуун жилийн настайгаараа бахархаж, хэлмэгдүүлсэн, нураасан, ухраасан, хөгжлөөс хойш чангаасан, идэж ууж, төрд идээ буглаа үүсгэснээ биш “Та нарыг ер нь бид тэмбүүнээс салгасан. Шинэ нийгмийн янз бүрийн материаллаг техникийн бааз байгуулж өгсөн” гэх ухааны яриа үүсгээд сууж байгаа нь шуудхан хэлэхэд эмгэнэл. Учир нь засаглах үедээ юу ч хийдэггүй төр гэж угаасаа байдаггүй юм. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монгол Улс ардчиллын зарчмаар явж байгаа болохоор, хүн бүр, түүний дотор аль ч намын том дарга бодол саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон учраас Н.Энхбаяр нь тусдаа нам байгуулсан. Ийм шалтгаанаар энэ намын доторх ялзрал Монгол Улсын ялзрал болж хувираагүй. Тэгээгүй бол өдийд ямар зурагтай суух байхыг ёстой бүү мэд. Одоо дахиад хагарч байна. Ер нь хувааж идэхийн төлөө явдаг гэмт бүлэглэл дандаа задардаг. Түүх нь, жам нь тийм. Дахиад хэлье. Монгол социалист системээс татгалзсан мөртлөө бүрмөсөн баяртай гээгүй онцлогтой улс. Алдсан ч, удсан ч сонгосон замаараа явъя гэж чигээрээ урагшлаагүй. АН-ын хувьд сонгосон замаараа явъя гэж зориод өөрсдийнхөө хэмжээнд чирсээр өнөөг хүрсэн. Нялхсын өвчин, балчрын гайг ч ханатлаа амссан. МАН бидний энэ сул талыг харж ухаарахын оронд мууг маань сураад хоёр ч удаа хагарлаа. Эхлээд МАН, МАХН гэж хагарсан. Одоо парламент дахь олонх нь яг тэнцүү хоёр хуваагдчихлаа. Даажинтай хэрэг шүү.
-Хагарал нь цаашдаа ч гүнзгийрнэ гэсэн таамаг байна…?
-Үйл явдал цаашид яаж өрнөхийг мэдэхгүй байна. Тодорхой ганц л зүйл бий. Энэ нам өнгөрсөн 30 жилийн турш Монголыг мухардалд оруулсан, төдийгөөс өдий хүртэл социализм руу чирэхийг хичээж оролдсоор ирсэн. Гэхдээ үүнд ганц МАН-ыг буруутгах аргагүй. Манай намын үүрэг оролцоо ч чамгүй байсан. Өнөөдөр МАН-д найдах хүн эрс цөөрлөө. Нэг хэсэг нь хэт хуучинсаг. Арай залуу гэсэн нь хүмүүжил төлөвшил, мэдлэг боловсролоор ядмаг. Өнгөрсөн 30 жилийн засаглалынх нь туршид тэдэнд хэн ч саад болоогүй. Нам нь программгүй, үзэл санаа,төсөөлөл үнэ цэнэгүй учраас Монголын төр өнөөдөр ийм байдалд хүрчихлээ л дээ. Бүгдийг нь зангидаад урагшлуулах лидер энэ намд байхгүй. Дашрамд хэлэхэд манай намд ч тийм хүн алга. МАН-ын хийж чаддаг, хийж байгаа зүйл нь ерөөсөө л өөд уруугүй амжиж идэх. Үүнд нь Монголын нийгэм, АН хүртэл тэсвэрээ алдаж байна. Манай зарим тэсвэр багатай нь муу юмыг нь дуурайгаад эхэлчихсэн. Ямар ч баялаг бүтээгээгүй, хөлсөө дуслуулаагүй атлаа нүдэн дээр нь мөнгөжөөд байхаар хэн ч тэгнэ.
-МАН-аас болоод эвдрээд байна гэдэг голлох хоёр намын нэг нь болох хүчний хувьд арай ядмаг, өөрсдийгөө өмөөрсөн тайлбар биш үү?
-Монгол улс өнгөрсөн 30 жилийн хэдэд нь хэнээр удирдуулав гээд харахаар манай нам яаж ялзрахгүй, эвдрэхгүй байх юм. Наад зах нь би ийм гоё юм яриад суугаа хэрнээ сүүлийн сонгуульд л нэр дэвшээгүй, бусад бүх сонгуульд нэр дэвшсэн. Хөгжлийн гарц, байр суурь, үнэт зүйлээ ярьж өрсөлдөөд ялаагүй.
-Этикгүй, мөнгөнөөс өөрийг боддоггүй эрх мэдэлтнүүдтэй улсын ард түмэн нь ч ялгаагүй тийм гэсэн таны шүүмжлэл хатуу ч гэлээ үнэн л дээ. Бөх, дуучдад дуртай нь сонгогчдын олонх гэдгийг батлах жишээ танаас эхлээд зөндөө юм байна шүү…?
-Би бөхчүүдэд л их буян хийдэг хүн шиг байгаа юм. Гомдсондоо биш, өнөөхөндөө үүнээс өөр логик алга гэж хэлэх гээд байна л даа. Яг одоогийн нийгэмд нэг том гуниг байна. Буян хийдэг этгээд нь төр гэсэн итгэл үнэмшилтэй нь дэндүү олонх юм. Ийм хандлага ор мөргүй арилаагүй цагт капитализмын тухай мянга яриад нэмэргүй. Гэхдээ Монгол Улс сонгосон замаасаа ухраагүй давуу талтай гэж би түрүүн танд хэлсэн. Тийм учраас бага багаар хөгжсөөр яваа. Дээр байгаа хэд нь яаж ч идсэн Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал босч байна. Процесс явж байгаа. Эрх барьж байгаа улстөрчид хагаралдсан ч наранцэцгийн тосоор тасрахгүй нь манай улсын давуу тал. Учир нь ургамлын тосны импорт аль нэг яамнаас хамааралгүй. Мал сүрэг өсч байгаа нь хөдөө аж ахуйн яаманд падлийгүй болсон. 1990-1992 оны Д.Бямбасүрэнгийн Засгийн газар өнөөдрийн давуу талын суурь болох олон алхмыг хийсний нэг нь энэ. Элдвээр хэлүүлдэг ч бардам байх шалтгаан надад олон. Намайг яаж ч муулсан би өмч хувьчлалыг эхлүүлсэн. Дутуу байж болно. Доголон, сохор байж болно. Гэхдээ л хийсэн. Хийгээгүй бол яах юм. Хэнийгээ муулах юм. Өөлөх ч юмгүй, сонгосон замаасаа ухраад баларсан улс болчихсон байх магадлал өндөр. Венесуэл, Хойд Солонгос, Кубыг хар л даа.
-Өмч хувьчлалыг зоригтой үргэлжлүүлмээр санагддаг. Гэхдээ энэ янзаараа бол төрөөс хамааралгүй бизнестэй улс болох цаг хол байх аа даа?
-Уг нь хувьд очсон өмчийг буцааж төрд авна гэж ярихаас илүү ТЭЦ-үүдийг, МИАТ-ийг гээд улсад үлдсэн бүгдийг хувьчлах ёстой. Төр бизнес хийх ямар ч шаардлагагүй. Гэхдээ цаг нь болсон эсэхийг олонх, өөрөөр хэлбэл та бид хоёрын яриад суугаа ард түмэн шийднэ.
-Та хойд хөршийн талаар нэг таагүй үг унагасан. Венесуэл мэтийн улсын шүтээн төдий болчихлоо гэж. Орост өрнөж байгаа явдлууд манайхаас хэр ялгаатай вэ, тийм болчихгүй гэх найдлага, давуу тал манай улсын ардчилалд байгаа гэж таны ярианаас ойлголоо…?
-Та зөв ойлгосон байна. Ер нь тийм. Би танд сүүлийн үед анзаарснаа сонирхуулъя. СССР задарснаас хойших жилүүдэд ОХУ-аас бусад нь бүгд өөрийгөө ялсан, хэдий хэцүү асуудал их байгаа ч өөрийн эрхээр зовж яваа, хөгжих боломж ирээдүй бий гэж үздэг юм байна. Ганцхан ОХУ л “Бид том гүрэн байсан” гэсэн харамсал тээсэн сэтгэлгээгээр явсаар өнөөг хүрч. Орос, Украины дайныг яг ийм нүдээр харах ёстой гэж яриад байна л даа. Сэтгэлгээний программ нь өөр учраас украйнчууд Путинаас болоод ингэчихлээ гэж үздэггүй. Зовлон, асуудлаа өсөлтийнх, нялхынх гэж хардаг. “Порошенко авлигачин нь үнэн. Гэхдээ дал, наяад жил Оросын дор аж төрсөн юм чинь үүнээс өөр ямар хүн биднийг удирдах билээ” гэж ойлгож сэтгэдэг. Харин оросууд нь “Манайтай насаараа хамт байчихаад одоо бидний нуруу руу хутга зоолоо” гэж үздэг юм байна. Хуучин социалист байсан улсуудад нэг зүйл анзаарагддаг. Ерэн оны үйл явдлыг зөв гэж үздэг хэсгээс гадна буруу шийдвэр болсон, өмнөх нийгэм нь гоё гэсэн дүгнэлттэй явдаг нь ч байдаг юм байна л даа. Манайд ч, Украйнд ч байдаг үзэгдэл. Гэтэл Украинд сүүлийн үед хандлагын огцом өөрчлөлт гарчихлаа. Украинчууд дотор зөвлөлтийн үед сайхан байжээ, манай Орос гэж хардаг улс цөөнгүй байсан. Гэвч 2014 онд оросууд Крымийг нь булааж, Донбасс, Луганск руу нь дайрсан. Украинчуудыг өөрчилсөн түүхэн үйл явдал болсон л доо. Манайхаар бол ЖДҮ зөв буруу эсэхээ түр орхиё гээд гол аюул болох Оросоосоо салаад авъя гэсэн ухамсар 2014 оноос украйнчуудад төрсөн. Товчхондоо украинчууд Оросыг таньсан. Сая шашнаа хүртэл салгачихлаа. Дэлхий даяараа Украиныг босох, өөдлөх зам руугаа орлоо гэж дүгнэж байна. Путины Оросыг дэлхий бас харж байна. Путин Алс Дорнодын мужийн даргын сонгуулийг илт луйвардаж авлаа, саяхан. Өнгөрсөн есдүгээр сард сонгууль нь болсон юм. Өөр намын хүн ялангуут саналыг нь хүчингүй болгочихож байна. Тэр сонгуулийн үеэр санал хураалт болж байгаа байранд гал командын сургуулилт хийх нэрээр баахан хүмүүс дайраад ороод ирвэл яахав. Манай ардчилал сайн биш ч бид ийм юманд цочирно. МАН ч тэгэхийг зөвшөөрөхгүй, ийм үйлдэл хийхгүй. Монголын ардчилал муухай ч Оросоос толгой дээгүүр. Тэнд сонгуульдаа манайх шиг автомат машин ашигладаггүй. Цаасан дээр зурснаас хойш цагийн дараа агаартай урвалд ороод ор мөргүй арилдаг бэх ашиглуулж санал авсан байх жишээний. Харин манайд бол ийм бэх хэзээ ч хэрэглэхгүй. Бужигнаан дундуур бэх нь арилсан цаасан дээр өөрийн хүнийхээ нэрийг дугуйлах гэх мэт есөн зүйлийн арга хэрэглэлээ, сая хэлсэн сонгуулиар. Ялсан нэр дэвшигч нь баахан мөнгө идэж уугаад албан тушаалаасаа хөөгдсөн нөхөр. Иймэрхүү илт тэнэг алхмуудаасаа болж Путин яваандаа унах нь ойлгомжтой болчихлоо. Гэтэл бидний анзаарахгүй орхиж болохгүй ойрын улс болох хойд хөршид болж байгаа иймэрхүү үйл явдлыг манай төрийн тэргүүний тамгын газар нь сонсоогүй, мэдэхгүй сууна гээд бод доо та.
-Манайд ч хуучин нийгмийг санагалзсан хэсэг төрд байгаа хэдээс эхлээд тоолвол цөөнгүй хувь эзлэх байх. Тэгэхээр бид капитализмаараа замнана гээд Украин шиг нэг талдаа гарчихаж чадахгүй сууцгааж байгаа улс болж таарах нь…?
-Тийм, Монгол Улс бүхэлдээ нэг талдаа гараагүй. Украин шиг улсаараа нэгдэх үйл явдал манайд болоогүй байна л даа. Хэлмэгдэгсдийн хөшөөтэй ч гэлээ, өчнөөн арван мянган хүнээ цаг бусаар алдаж, сүм хийдээ хэдэн зуугаар нь тонуулж эвдүүлсэн гашуун түүхтэй ч гэсэн тэр бүхний өмнө хариуцлага хүлээх нам нь “Бид буруугүй” гээд олигтойхон уучлалт ч гуйхгүй яваа. Түрүүн хэлсэнчлэн Ху нам өмчөө хураалгаагүй. Байр нь, архив нь, мөнгө нь байна. Өөрсдийгөө “Бидний үед монголчууд сэхсэн, соёлжсон, шинжлэх ухаанжсан, сайхан амьдарсан” гэж зүтгэсээр байгаа. Гэтэл өнөөдөр Украин нэг талдаа гарчихлаа. Герман фашизм буруу байсан гэдэг дээр нэгдчихсэн.
-Оросын иргэд Путины сүүлийн үеийн үйлдлүүдэд хэр эгдүүцэж байна?
-Учир ойлгодог, бичдэгүүд нь шүүмжилж байна. Ердөө саяхан дэмжээд явж байсан сэхээтнүүд нь илэрхий өмөөрөхөө больчихлоо. Оросын сайтууд руу ороод харахаар төрийн тэргүүнээ магтахаа багасгасан нь анзаарагдаж байна.
-Та том жижиг л болохоос Орос, Монгол зүй тогтлынхоо хувьд ижилхэн гэж ярьж байсан. Орос шиг болохгүйн тулд ингэж хараад, яриад яваа хэсгээ сонсох ёстой л доо. Ингэхэд улстөрчид, АН, МАН-ынхан арай эрүүлээр хардаг хэсгээ сонсч чадаж байна уу?
-МАН-ыг цаанаас нь залдаг хүмүүсийн нөлөө улам багасаад байна. Жишээ нь, өнөөдөр Б.Даш-Ёндонг сонсдог хүн цөөрсөн. Э.Бат-Үүл, Баабар, Р.Гончигдоржийг сонсдог нь АН-д хэд үлдсэн бэ гээд харахаар хариу нь их гунигтай.
-Тэдний нэг нь та. Жишээ нь таныг сонсч байна уу?
-Мэдэхгүй. Өнөөдөр хорь гарчихсан, гуч дөхөж яваа, намын дарга удирдлагуудын холын хамаатан залуус намайг сонсохгүй. Учир нь номгүй хүнд боловсрол хэрэггүй байдаг юм. Наанадаж л ойлгохгүй юмыг нь ярихаар тавгүй дуулдана шүү дээ.
-Та ярилцлагынхаа эхэнд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалаас ЖДҮ эхтэй, ЖДҮ-ийг ил гаргаж, төрийн идээ бээрийг шахсаных нь төлөө “Монголын зэс корпораци”-ийнханд талархах ёстой гэсэн үг унагасан. “Монголын зэс корпораци”-ийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэсэн шүүмжлэл бий. Үүн дээр байр сууриа илэрхийлээч?
-Онолын хувьд буруу аргаар авсан байхыг үгүйсгэхгүй. Тэгж хардах эрх нь хэнд ч нээлттэй. Эхлээд ЖДҮ-гээр жишээлье. Шүүх, хуулийн байгууллагууд ухвал ЖДҮ-д хоёр асуудал бий. ЖДҮ авсан хүмүүс нь улстөрчид, УИХ-ын гишүүд ба тэдэнтэй хамаарал бүхий гэгдэж буй нөхөд. Өгсөн хүн нь ХХААХҮ-ийн сайд. Зүй нь хуулиараа өгсөн хүн буруутдаг. Мэдээж авсан нь бас буруутна. Зориулалтын бусаар авсан гэдэг утгаараа. Авсан хүмүүст нь эрүү үүсгэхгүй байж магадгүй. Харин өгсөн этгээд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Уучлал гуйгаад өнгөрдөг асуудал огт биш. Илэрхий хууль зөрчсөн учраас ял оноохоос аргагүй. ЖДҮ өгсөн, авсаны гол ялгаа нь энэ. Тэгэхээр 49 хувийг буруу авсан гэж хардаж, хариуцлага тооцъё гэж байгаа бол өгсөн хүнийг нь татах ёстой. Өөрөөр хэлбэл мөнгө өгсөн гээд байгаа хүмүүсийг нь. Хэрвээ үнэн бол улс 400 гаруй сая ам.доллараар хохирсон байж таарна биз. Үнэхээр улсын мөнгөөр авсан нь нотлогдвол 49 хувийг буцаагаад хурааж авч болно. Тэгэх ч ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр хэдэн шат дамжаад 49 хувийн талд гарлаа. Шийдвэр гаргасан шүүхэд 49 хувийг илт эсэргүүцсээр ирсэн эрх мэдэлтний шавь нар бий. Шүүхэд нөлөөллөө гэж хардахдаа тулвал өнөөдөр алх тогшиж буй шүүгчдийн ихэнх нь Ц.Нямдорж тэргүүтэй хуульч улстөрчдийн шавь нар гэдэг нь маргах аргагүй үнэн. Эрүүл ухаанаар, логик талаас нь харвал илт хууль зөрчөөгүй, жамын дагуу өрнөсөн процесс учраас л шүүх 49 хувийн талд шийдвэр гаргасан хэрэг шүү дээ.
-Таныг шүүмжилдэг сэдвийн нэг нь Оюу толгой, Дубайн гэрээ. Гэтэл нөгөө талд танай намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж явсан улстөрч Оюу толгойд таагүй ханддагаа саяхан зарлачихлаа. Оюу толгойд улстөрчид дургүй байдгийн шалтгаан юу юм бол. Да.Ганболд гэдэг хүнийг Оюу толгойтой холбож шүүмжилдэг хүмүүсийн байр суурьд хариулт өгөөч гэвэл та юу хэлэх вэ?
-Оюу толгой хахуульчдад юм өгдөггүй учраас улстөрчид дургүй байдаг юм. Ний нуугүй хэлэхэд манайхан хуучин “Эрдэнэт” шигээ санаад Оюу толгойг шантаажилсан. Мөнгө өг гэж шантаажлахад нь өнөөдүүл нь тоогоогүй хэрэг. Том компаниудын хувьд нэг хоёр удаагийн хүлээн авалт, жижиг сажиг бэлэг өгөх байдаг л жишиг. Гэхдээ манай улстөрчдийн хүсдэг шиг насных нь хоолыг өгдөг жишиг Оюу толгой шиг дэлхийн том компанийн хувьд байхгүй. Нээлттэй том компанийн бүх тоо данс олны өмнө ил байдаг юм. Тэдний дүрэм нь өөр. Харин манай “Эрдэнэт”-ийн 49 хувь хувьд очихоос өмнө тийм байгаагүй. Тийм учраас Монголын улстөрчид том компаниас мөнгө нэхэх сэтгэлгээнээсээ салж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ л дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авч 100 хувь Монголынх болгосон нь бидний хувьд том олз. Орос чинь Путины улс. Манайхаас долоон дор, “Эрдэнэт”-ээс бүр илүү их хэмжээгээр иддэг байсан. Оюу толгойн хувьд Монголын номер нэг татвар төлөгч, орлого оруулагч болчихсон. Нэг онцлог нь энэ төслөөс орж ирж буй орлого, мөнгө дундын зуучлагч, шахаа хийгч, наймаачдад очихоо больсон. Шууд төсөвт ордог болсон. Тийм учраас өнөөдөр Оюу толгойтой ярих зүйл байхгүй. Оюу толгойг шүүмжилдэг улстөрч эрх мэдэлтэн олон бий. Шалгах зорилготой ажлын хэсэг байсхийгээд томилогддог. Гэсэн хэр нь энэ төслийг зогсоож чадахгүй яваагийн шалтгаан нь ердөө энэ шүү дээ. Намайг Оюу толгойтой холбож шүүмжилдэг гэж та сая хэллээ. Хариулт нь тодорхой. Миний хувьд гацчихсан байсан Оюу толгой гэдэг төслийг хөдөлгөхөд оролцоотой ажилласан хүмүүсийн нэг. Үр дүнд нь Монгол гэдэг улсын эдийн засаг элгээрээ хэвтэх зовлонгоос аврагдсан нь булзах аргагүй үнэн. Хэдэн арван мянган хүнийг ажилтай амьдралтай аж төрүүлж, бүхэл бүтэн улсын эдийн засагт мэдрэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа төслийг хөдөлгөсний төлөө шүүмжилж буруутгана гэдэг логикийн хувьд хэр зөв хандлага вэ. Оюу толгойг хөдөлгөсөн учраас бид өдий дайны амьдарч байгаа.