УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.
-Ам.долларын ханш сүүлийн хоногуудад эрчимтэй өсч, төгрөгийн худалдан авах чадвар буурч байна. Үүнийг гадны нөлөөлөлтэй гэж ярих юм. Харин та эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байхад “Монголбанк зөвхөн үнийн асуудлыг хариуцна” гэдэг зохицуулалт орох гэж байсан. Тиймээс миний бие зөвхөн үнийн асуудлыг хариуцахаас гадна ханшийг хариуцна гэж нэмж оруулж хуулийг батлуулсан. Тэр утгаараа валютын ханшийг Монголбанк хариуцна. Валютын ханш өсч, төгрөгийн ханш унах үед хариуцах эзэнгүй үлдэх гэж байсныг ингэж эзэнжүүлж өгсөн. Одоо Монголбанк хүлээсэн үүрэг, зорилгоо биелүүлэх ёстой. Монголбанкны зүгээс тодорхой мэдээлэл гаргасан байна лээ. Миний харж байгаагаар цаашид валютын ханш өсөх хандлага байна. Тиймээс яаралтай уламжлалт арга хэрэгслээ авч хэрэгжүүлэх нь зөв.
Манай улсад орж ирж буй валютын урсгал хэвийн байгаа. Ямар нэгэн валютын дутагдал хомсдолд ороогүй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ тогтвортой дээд хэмжээндээ хүрсэн тул Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Олон улсад ам.доллар бусад валютын эсрэг чангарч байгаа үзэгдэл олон сарын турш ажиглагдлаа. Энэ нь худалдааны дайн гэж нэрлэгдээд буй ялангуяа АНУ-тай холбоотой дайнаас үүдэлтэй гэж харагдахаар байна. Мөн олон улсад эдийн засаг, улс төрийн үйл явцтай холбоотойгоор ам.доллар яалт ч үгүй чангарсан. Иен, юань, евро, рубль ам.долларын эсрэг суларсан ч манай улсад орж буй валютын урсгал, экспортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор төгрөг хэсэг хугацаанд харьцангуй тогтвортой байсан. Ам.долларын ханш ингэж нэмэгдэж байхад Монголбанкныхан “Аргентины песотой харьцуулахад харьцангуй гайгүй байна” гэж яриад байгаа нь маш буруу. Аргентины песогийн ханш 2018 онд 100 хувь суларсан, тус улсын гадаад өр нь 254 тэрбум ам.долларт хүрсэн. Туркэд лирийн ханш 84 хувь суларсан байх жишээтэй. Туркийн гадаад өр 467 тэрбум ам.доллар. Аргентин ОУВС-гаас 250 сая ам.долларын хөнгөлөлттэй хөтөлбөрийн зээл авахаар болж байна. Туркэд Сирийн дайн болон дотоодын тэмцэл нь нөлөөлсөн. Гэтэл Монголбанкныхан ийм орнуудтай Монгол Улсыг харьцуулаад “Харин ч гайгүй байна. Бидний ажил сайн байна” гэж яриад байгаа нь утгагүй. 2016 онд ам.долларын ханш 2600 төгрөг рүү дөхөж байхад би “Ам.долларын ханшийн асуудал нь Монголбанкны ерөнхийлөгч таны хариуцах асуудал” гэж хэлж байж шуурхай арга хэмжээ авахуулсан. Одоо яг тэр нөхцөл байдал үүссэн.
-Монголбанк уламжлалт арга хэмжээгээ авах ёстой гэлээ. Интервенц хий гэсэн үг үү. Хэрэв интервенц хийвэл валютын нөөц шавхагдах эрсдэл байгаа юм биш үү. Монголбанкныхан Засгийн газар ажлаа хийхгүй байна гэх юм?
-Засгийн газар ажлаа хийдгээрээ хийж яваа. Экспортын бараа бүтээгдэхүүн өнгөрөгч онтой харьцуулахад өссөн байна. Мөн олон улсын зах зээл дээр зэс, алт, нүүрсний үнэ өсөлттэй байгаа. Монголбанкны зүгээс интервенц хийх ёстой. Монголбанк консерватив байдлаар ажиллаад байна уу гэж харагдах боллоо. 2014 онд ОХУ-ын эсрэг зарим орнууд хориг арга хэмжээ авч байлаа шүү дээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бидний ОХУ-тай хийх худалдаанд нэмэгдсэн зүйл алга. Хятад, Америк хоёрын худалдааны дайн дэлхийн зах зээлд нэлээд нөлөөлсөн.
Үүний улбаа ам.долларын ханшийн өсөлт. Манайх БНХАУ-тай өмнө байсан уул уурхай, хагас боловсруулсан арьс шир гэсэн ойр зуурхан экспорт хийж байна. Манайх экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Засгийн газрын хийх ёстой ажил энэ. Валютын ханштай холбоотой бодлогын асуудал дээр Монголбанк ажиллах ёстой. Төсөв хэлэлцээд эхлэх үед Мөнгөний бодлогын хүрээнд энэ талаарх саналуудаа хэлнэ.
-Монголбанк хуулиараа валютын ханшийг барих үүрэг хүлээсэн юм байна. Гэтэл валютын ханш хазааргүй юм шиг л өсч байна шүү дээ. Цаашид өсөх хандлагатай байгаа энэ үед ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Монголбанк валютын ханшийг хариуцдаг, энэ хүрээндээ хуулийн хариуцлагаа хүлээнэ гэсэн үг. Тиймээс шийдэмгий байх ёстой. 2016 оныг бодоход валютын нөөц хангалттай болсон. Тухайн үед гадаад өр, своп хэлцлээс эхлээд төлбөрийн тэнцлийн асуудал хүнд байсан. Одоо өөр болсон. 2019 оны төсвийг өргөн барьсан. Ирэх оны төсөв нэлээд чамбай болно гэдэгт итгэлтэй байна. Төлбөрийн тэнцэл талдаа боломжийн байгаа учраас Монголбанкны зүгээс хийх ажлуудаа зоригтой, ур чадвартай хийж чадвал төгрөгийн сулралыг зогсоож чадна.
-Он гарсаар шатахууны үнэ 3-4 удаа нэмэгдлээ. Үүнийг зохицуулах боломж байхгүй юм уу. Өрсөлдөөний хуулиндаа хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Шатахууны үнийг хазаарлах боломж бий. Би Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газ-рын даргаар ажиллаж байхдаа шатахууны үнийг тогтоож, зарим тохиолдолд бууруулахын төлөө ажиллаж байсан. Зарим нефть импортлогчид шатахууны үнээ буулгаж байлаа. Нефтийн бүтээгдэхүүний салбар олон оролцогчтой мэт боловч цаад шинж чанар зах зээлийн судалгааг нь хийхээр үгсэн хуйвалдсан, монопольдсон зах зээл болсон. Тиймээс зах зээлийн боломжит үнээс шатахууны үнэ өндрөөр тогтоогддог.
Үүнээс гарахын тулд өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Та хаана ч очоод үзсэн Шунхлай, Петровис, Сод Монгол гээд бүх нефть импортлогчид ижил үнээр бүтээгдэхүүнээ зардаг. Өрсөлдөөний тухай хуулиар үүнийг үгсэн хуйвалдсан гэж үзэхээр байдаг. Тиймээс жилийн борлуулалтын орлогоос нь хувь авч торгодог хатуу зохицуулалттай. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа энэ асуудлыг тавьж торгуулийн арга хэмжээ авах байсан боловч тухайн үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байсан. Өрсөлдөөний тухай хуулиараа Засгийн газар тодорхой үнийн бодлого хэрэгжүүлж байгаа бол хууль зөрчсөн гэж үздэггүй. Харин одоо хөтөлбөр хэрэгжиж дууссан. Тэр утгаараа нефть импортлогчид ижил үнээр бүтээгдэхүүнээ борлуулах ямар ч үндэс байхгүй. ОХУ-ын Улаан-Үд, Буриадад яг ийм кэйс үүссэн талаар намайг тэнд ажиллаж байхад ярьж байсан. Үүнийг цэгцэлснээр шатахууны үнэ боломжит хамгийн доод түвшиндээ хүрсэн. Замын наана, цаана хоёр өөр компанийн шатахуун түгээх станц байх юм бол өөр өөр үнэтэй байх ёстой. Үнээ буулгасаар байгаад хамгийн доод үнэ бий болдог. Жижиг шатахуун түгээх станцууд үнээ шууд буулгах сонирхолтой байдаг. Одоо байгаа үнэ бол хамгийн доод үнэ биш. Нефть импортлогч компаниуд том, жижгээсээ хамаараад хувьсах зардал нь өөр өөр байдаг. Тиймээс Өрсөлдөөний хуулиа бариад шаардлагаа тавиад явж болно.
Манайх нефтийн бүтээгдэхүүн дээр хараат учраас хүндрэлтэй зүйлс байна. Цаашид нефтийн үйлдвэр барих ажлаа шуурхайлах нь зөв. Энэтхэгээс авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээрээ нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн. Монгол нефтийн түүхий эдтэй улс. Тэр утгаараа бусдын хараат байдлаас гарах, дэлхийн зах зээлийн донсолгооноос өөрсдийгөө хамгаалах боломжтой.
-Таныг өөрийн ойр дотны хүмүүсээ Эрдэнэс Таван толгойн ТУЗ-д томилуулж байна гэсэн яриа гарч байна. Энэ тал дээр хариулт өгөөч?
-Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарсан. Зарим нь гүтгэлгийн шинжтэй байна лээ. Миний хувьд сэтгүүлчдийн хараат бусаар хэвлэн нийтлэх эрхийг дээдэлдэг. Улс төрийн намд ажиллаж байхдаа энэ чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулж байсан. Эрүүгийн хуулиас сэтгүүлчид хэвлэн нийтэлснийхээ төлөө ял оноодог байдлыг халахын тулд 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсээс амлалтыг нь авч байсан. Миний эгч хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч Глоб интернэшнл байгууллагад ажилладаг. Тиймээс ойр дотно тэдэнтэй ажилладаг юм, би. Гэхдээ сүүлд гарч байгаа мэдээллийг харахад сэтгүүлчийн санамсаргүй алдаа гэж болохоор зүйлс байна. Өөр зүйл ч байна. Өмнө нь ч гэсэн тийм зүйл гарч, би ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Санамсаргүйгээр мэдээллээ нягтлалгүй нэг талын эх сурвалжаас авсан байдлаар мэдээлэл гаргаж байсан. Гэтэл санхүүгийн хэрэгсэл ашиглаж олон удаагийн давтамжтай санхүүгийн сенсаци дэгдээсэн зүйлийг санамсаргүй алдаа гэж үзэх эрхгүй байхгүй юу. Би хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн.
Хүн томилуулсан эсэх асуудал дээр Эрдэнэс Таван толгойн захирал Б.Ганхуяг энэ компанийн дэд захирлаар өмнө нь ажиллаж байсан. Таван толгойг анх төсөл байхад цааснаас нь эхлээд мэргэжилтнээс захирал хүртэл 10 гаруй жил ажилласан. Захирлыг нь чөлөөлөх үеэр үүргийг нь түр орлон гүйцэтгэж байгаад жинхэлсэн. Б.Ганхуяг нам, улс төрийн хүрээнд хийсэн бүтээсэн зүйлтэй нэр нөлөө бүхий залуу. Энэ нь үнэлэгдээд ажиллаж байгаа гэж бодож байна. 2016 онд 20 гаруй ам.доллар байсан нүүрсний үнийг 70 ам.доллар болгохоос эхлээд хүрээг нь тэлэх, сайжруулах тал дээр хийсэн ажил их.
-Б.Ганхуяг захирал та хоёрыг “Шинэчлэлийн хороо”-нд хамт мөр зэрэгцэн явсан учраас яах аргагүй хардаад байна л даа…
-Зөвхөн Эрдэнэс Таван толгой биш бусад агентлаг, яамдад надтай хамт нам, ТББ-д ажиллаж байсан олон хүн бий. Бүгдийг нь танина, санаа сэтгэл нийлдэг хүмүүс байдаг. Энэ бүгдийг хардана гэвэл утгагүй шүү дээ.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн зүгээс системийн томоохон өөрчлөлтийг, эрс шинэчлэлтийг хийх ёстой гээд байгаа. Таны байр суурь ямар байна вэ?
-Тогтолцооны өөрчлөлтийн асуудлыг ярьж байгаа. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ойлгож байна. Үндсэн хууль маань суурь хууль тул болгоомжтой хандах учиртай. Монгол Улс хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай мэт явж байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн тээг болсоор ирсэн. Тиймээс нэг талд нь гаргаж шийдэх ёстой. Үүний зэрэгцээ шүүх засаглалын асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Шүүхийг, шүүгчдийг хэн ч шүүмжилж болдоггүй. Хараат бус байдалд халдлаа гээд хуулийн хариуцлага хүлээхэд хүрдэг. Шүүхийг цаашид хяналтын механизмтай болгож байж, шударга ёс тогтоно.
Сонгогддог албан тушаалтнуудын асуудал бий. Үндсэн хуулиар засаг захиргааны асуудлыг зохицуулсан байдаг. Шат шатны Засаг дарга нар тодорхой тооны ИТХ-ын төлөөлөгчдөд үйлчлэх үү, оршин суугч иргэддээ үйлчлэх үү гэдгийг тодорхой болгох цаг болсон. Хэдэн ИТХ-ын төлөөлөгчдөөс сонгогддог Засаг дарга эргээд ИТХ-ын хэдэн төлөөлөгчдөө үйлчилдэг байдлаар ажлаа явуулах, авч гарах, огцруулах асуудал явдаг. Нам хооронд улстөржих маягтайгаар тэнд ажил гацдаг. Эсрэгээрээ тэнд улс төрийн наймаа, тохироо, авлига цэцэглэдэг. Тиймээс Үндсэн хуулиар цэгцлэх боломжтой. Засаг дарга нар иргэдээсээ сонгогддог болох юм бол Засаг дарга нар нь орон нутагтаа хөгжлийн бүтээн байгуулалтуудыг хийгээд явах иргэдийн хяналттай болно.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн тогтолцоо анхаарал татаж байгаа. Улс төрийн намын тухай хуулийг мөн өөрчлөх хэрэгтэй. Ажлын хэсэг гараад багагүй хугацаанд ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хууль хүлээгдэж байгаа юм.
-Өмнө нь хоёр парламент дамжуулан яриад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадаагүй. Намрын чуулганаараа л батлахгүй бол энэ парламент Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй гээд байна л даа?
-Миний хувьд дээр дурдсан асуудлууд байгаа учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад эрх мэдлийн хуваарилалтыг зөв зүйтэй байдлаар нь биш зарим субьект эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх юм биш биз гэсэн болгоомжлол ч байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ард түмний саналын дагуу явах ёстой. Тэр утгаараа хэлэлцүүлгүүдийг иргэдийн дунд үе шаттай явуулж байгаа юм. Хэн нэгэн хүн төрийн эрхэнд өөрийгөө дархлаажуулах, хууль хүчний байгууллагыг эрхэндээ байлгах гэх мэтээр хэн ч шүүх эрхгүй батлах вий дээ. Гэхдээ ийм зүйл болбол таслан зогсоож болох байх.
-Үндсэн хуулийн одоогийн хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжихгүй байгаа юм уу, та?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд Хяналтын зөвлөл байгуулахыг дэмжиж байгаа. Иргэдээсээ сонгогддог, иргэдийн дэмжлэг авсан хүн сум, баг, дүүрэг, нийслэлийг удирддаг болох ёстой. Гүйцэтгэх засаглалын хүрээнд Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг байх шаардлагатай. Сонгуулийн тогтолцоон дээр жишээлбэл пропорциональ буюу жагсаалтаар сонгогдон орж ирдэг байхаар нэг хувилбар болоод ороод ирсэн байна лээ. 2012 оны сонгууль пропорционалиар сонгууль болж ард түмнээс хэзээ ч сонгогдохгүй тэр хүмүүс намын нэрийн цаана халхлагдан орж ирж улс төрийн ямар наймаа хийдгийг харсан. Тэд “Тэртээ тэргүй намын нэрээр сонгогдоно” гэдэг. Өөрөөр хэлбэл, ард түмний өмнө хариуцлага хүлээдэггүй болохоор шударгаар ажиллахгүй байх боломжийг нь гаргаж өгөөд байгаа. Үүнийг дахиж сэргээх гээд байна. Үндсэн хуулийн Цэцийн зүгээс пропорционалиар сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж шийдвэр гаргасан. Үндсэн хууль чинь байхгүй болж дахин пропорционалийг оруулж ирэх боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Сонгуулийн тухай хуулиар оруулж ирэх эрсдэлтэй байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ мэтчилэн дэмжиж болохгүй зүйл заалтууд дээрээ анхааралтай байх ёстой.
-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол гарсан. Үндсэн хуулийн Цэцийн зүгээс хүчингүй болгосон л доо. Одоогоор тус тойргийн 17 мянган сонгогч төрд төлөөлөлгүй болчихсон яваа. Асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-УИХ-ын тогтоол хуульд нийцүүлж гарсан. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нас барахаас бусад тохиолдолд орон гарсан бол 14 хоногт УИХ сонгуулийн товыг зарлаж, 30 хоногийн дотор сонгуулийг зохион байгуулахаар тогтооно” гэж тодорхой заасан. УИХ хуулиа бариад тогтоолоо хариуцлагатай баталж, аравдугаар сарын 6-нд сонгууль явуулахаар тогтсон. Гэсэн ч Цэц дээр унагасан. Би Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь надад бий.