Categories
мэдээ спорт

Намрын нээлтийн барилдаан өнөөдөр эхлэнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшлуулснаар, өнөөдөр буюу аравдугаар сарын 6-нд 14:00 цагаас “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулах гэж байна.

Нээлтийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн ажээ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, Улсын шинэ залуу харцага О.Хангай найм даван түрүүлж байв.

Categories
мэдээ нийгэм

​Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх байрнаасаа нүүнэ

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь аравдугаар сарын 8-ны өдрөөс Баянзүрх дүүргийн V хороо, 15 дугаар хороолол Монгол кино үйлдвэрийн гудамж /Монгол кино үйлдвэрийн хойд талд байрлах хоёр давхар, хуучнаар үзвэрийн байр/-д байрлан үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд болон тус шүүхүүд дэх эвлэрүүлэн зуучлал нь Сүхбаатар дүүрэг, зургадугаар хороонд байрлах өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 08-наас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь Баянзүрх дүүрэг, тавдугаар хороо, 15 дугаар хороолол, Монгол кино үйлдвэрийн гудамжид байрлан үйл ажиллагаа явуулах болсон тул шүүхээр үйлчлүүлж буй хуулийн этгээд, иргэд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар захиргааны ажилтнуудтай холбогдохыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд найрамдах Казахстан Улсын Гадаад харилцааны танхимын даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Нуралы Элимович Бокейханов тэргүүтэй төлөөлөлгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Улаанбаатар Хөгжлийн корпорацийн дарга С.Сод-Эрдэнэ, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин-зөвлөх Айдар Жолбарысович Абишев, “Hyundai Com Trans Kazakhstan” авто машин үйлдвэрлэлийн компаний захирал Адилбек Нурланович Гаев, “Sintez-KZ” анагаах ухааны холдингийн захирал Игорь Викторович Рыбин, “Juldyz Kenan” ХХК, эм зүйн компаний тэргүүн Баглан Досжановна Баккулова болон бусад албаны төлөөлөлгчид байлцав.

Уулзалтын үеэр хотын дарга хоёр хотын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаад энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, Монгол Улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Казакстаны Худалдаа эдийн засгийн форум нь Улаанбаатар хотод үр шимээ өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Талууд өнөөдрийн уулзалтаар хоёр хотын эм зүй, ХАА-н бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилгын салбар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ажил хэргийн харилцаа тогтоох талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдорж: 51 хувийн асуудал гэж угаасаа юу ч байхгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Зам, тээврийн хөгжлийн яаманд амиа алдсан Т.Гомбосүрэнгийн хэрэгт хэр анхаарал хандуулж байна вэ. Ар гэрийнхэн нь тантай уулзсан гэсэн. Яамны хяналтын камерийн бичлэг алга болсон гээд байгаа?

-Хэргийг прокурор хянаад, цагдаа шалгаж байгаа. Шалгалт дуусах шат руугаа орсон. Хохирогчийн ар гэрийнхэн надтай уулзаж, өргөдөл өгсөн. Би цагдаагийнханд ийм өргөдөл ирлээ, асуудлыг хуулийн хүрээнд прокурортой хамтарч шалгах, анхаарал татсан зүйлс байна гэдгийг хэлсэн. Прокурортой яриад сайн баг гаргаад хэргийг гүйцэд шалгахгүй бол маргаантай асуудал байгаа юм байна гэдгийг хэлсний дараа доод шатанд шалгагдаж байсан хэргийн харьяалал өөрчлөгдөж, хэрэг мөрдөн байцаах хэлтсийн түвшинд ажлын хэсэг байгуулагдан шалгагдаж байна. Хяналтын камерийн бичлэг алга болсон, болоогүй гэдгийг сайн мэдэхгүй.

Эрүүгийн хэрэг дээр бүх зүйлийг нягтлан шалгадаг ганц газар байдаг. Тэр нь прокурор. Хэрэг нээх, хаах, шүүхээр явуулах, хэрэгсэхгүй болгох, ажлын хэсэг гарвал солих, даалгавар өгөх, дутуу зүйл байвал гүйцээж шалгах бүх эрх мэдэл прокурорт бий. Цаашид ийм зүйлийг прокуророос асууж байх хэрэгтэй. Үүнд нэг зовлон байгаа нь мөрдөн байцаалтын нууц. Нууцыг нь алдчихаар шалгаж байсан хүмүүс нь төөрөөд явчихдаг.

-Эрдэнэтийн 49 хувь дээр шүүхийн шийдвэр гарсан. Мөн Цэцийн шийдвэр гарсан. Хоёр шийдвэр хоорондоо зөрчилдөөд байна л даа…

-УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хэвээрээ байгаа. Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх будлиулсан бол Засгийн газар дахин энэ асуудлыг авч хэлэлцэх эрх нь нээлттэй. Сая шүүх дээр болсон гол дургүй хүргээд байгаа зүйл бол ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид анхан шатны шүүхээс эхлээд явсан. Сүүлийн шийдвэрийг ч гэсэн тэгж гаргуулсан. Би олон удаа ярьж байна. Одмаа гэдэг хүүхэн ТӨХ-нд байж байгаад шүүгч болсон. Дарханы төмөрлөг, Хөтөл гэх мэт газруудад 49 хувийнханд очсон. Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад шүүгч болсон. Хоёрхон жил болоод дээд шүүхэд очсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид асуудлыг шийдэж байгаа нь буруу.

Хуулиар хориотой. Сүүлийн шүүх хурлыг тэр Батсуурь даргалсан байна лээ. Шийдвэр нь урьдчилж гарчихаад байгаа шүү дээ. Хуулийн хувьд төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр хүчинтэй байгаа.

Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр мөн л хүчинтэй хэвээрээ. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гээд тогтоол гаргасан нь хэвээрээ бий шүү.

-Давж заалдах уу?

-Засгийн газрыг төлөөлж хуралд орсон хүмүүс асуудал тавих ганц боломж байгаа. Энэ дэндүү ойлгомжтой байсан учраас үүнийг яриад байсан юм. Шүүх нөлөөнд автаж байна, замаас нь будилуулах гэж байна гээд ярьсан биз. Их хуралд хууль хүртэл оруулсан чинь над руу баахан дайраа биз дээ. Энэ хуйвалдаан хэзээ нэгэн цагт дуусна. Эцсийн шийдвэр гарчихлаа гээд суртал ухуулга явуулаад байна лээ. УИХ, Цэцийн шийдвэрийг ерөөсөө ярихгүй байгаа. Мөнгө нь улсаас гарсан гэдэг нь үнэн. Монголбанкнаас 100 тэрбум төгрөг гарсан. Монголбанкны мөнгө Монголбанкных байдаг. Монголбанкны мөнгө хоёр хоногийн дараа Пүрэвтүвшингийн хувийн дансанд орсон. Ийм зүйлийг шалгуулъя гэхээр шалгаж өгөхгүй байгаад асуудлын гол нь байгаа юм.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан асуудлын хүрээнд хүмүүсийг барьж хорьж байна. Процесс гадна талдаа хэрхэн өрнөж байна вэ?

-51 хувийн асуудал гэж угаасаа юу ч байхгүй. Эрдэнэт үйлдвэр “Жаст” Ш.Батхүү гэдэг хүнд баталгаа гаргаж өгсөн асуудал л байгаа. Эрдэнэт үйлдвэрийн гаргаж өгсөн баталгаанаас болоод Эрдэнэт үйлдвэрийг оролдоод байгаа юм. Одоо 51 хувиа мартацгаа. Албан ёсоор Лондонгийн шүүхийн шийдвэр гэдэг юм Засгийн газарт ирээгүй. “Стандарт” банк, Эрдэнэт үйлдвэр хоёрын хооронд процесс ерөнхийдөө дуусах шатандаа орчихсон. Эцсийн дүндээ Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгөөрөө хариуцах хариуцлагын л асуудал. Энэ хүний хөрөнгө хаашаа орчихов, шатахуун түгээх станц, банкийг нь яагаад хураагаад авсан юм бэ. Үүнийг шалга гээд хуулийн байгууллагынхан үүнийг шалгах гэж оролдоод байж байна. Ш.Батхүүгийн хөрөнгийг хураасан процессийн нэг аюултай зүйл нь Лондонгийн арбитрийн шүүх дээр маргаан гарсантай давхцаад байдаг байхгүй юу. Олон жил хамтарч ажиллаад “Стандарт” банкнаас зээл аваад, буцааж өгөөд явдаг процесс явагдаж байсан чинь энд нэг сонин юм болоод эхлэнгүүт найдваргүй боллоо гээд зарга гаргасан дүр зураг харагдаж байгаа. Арбитрийн шүүхэд маргаан дэгдсэн, Ш.Батхүүгийн хө-рөнгө хураасан цаг хугацаа яг давхацдаг. Наадмын да-раа болсон. Үүнийг маш нарийн шалгах ёстой. Яагаад хөрөнгийг нь хураав, яагаад хөрөнгө нь алга болов. Өөрийн хөрөнгөөрөө бүрэн хариуцах өчнөөн хөрөнгөтэй байсан.

-С.Зориг агсан амиа алдаад 20 жил боллоо. Та захиалагчийг зарлана гэсэн. Тэр зарлахыг хүлээсэн хүлээлт их байна. Зарлах болоогүй юм уу?

-Би “Үнэхээр захиалагч байгаа бол зарла” гэдгийг ажил авсан өдрөө л хэлсэн. Одоо болтол тэр ажлыг нь хийлгэхгүй байна.

-Хэн хийлгэхгүй байгаа юм бэ?

-Хянадаг газар нь. Тэр үед бодож байсан миний бодол улам лавширч байгаа. Саяхан Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат хэвлэлийнхэнд юм ярьсан байна лээ. “Ял шийтгүүлсэн энэ гурван хүн алуурчин биш гэдгийг Булган мэдүүлэгтээ хэлсэн” гээд хүлээн зөвшөөрсөн байна лээ шүү дээ. Анх би үүнийг мэддэггүй байсан. Д.Булганыг яагаад шүүх хуралд оруулаагүй юм. Д.Булган хуулийнханд ашиггүй мэдүүлэг өгсөн учраас шүүх хуралд оролцуулаагүй юм билээ. Цорын ганц гэрчийг нь шүүх хуралд оролцуулалгүй тэр хүний хэлсэн зургаар гурвын гурван хүнд ял халдаана гэж хаашаа харсан юм байдаг юм бэ. Шалгуулах шаардлага тавигдаж байгаа. Өргөдлүүд ирж байгаа. Тэр Амгаланбаатар чинь захиалагч энэ тэрийг нь хэлээд байсан юм билээ. Мөрдөн байцаалт, шүүх хурлын шатанд ч ярьсан. Хэн хэний нэрийг хэлсэн бэ гэдгийг хуулийнхан бүгд мэддэг. Гэхдээ би хэрэг үйлдсэн гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш шүү. Захиалагч гээд хүний нэр хэлсээр байтал тэрийг нь нүүрэлдүүлж, шалгуулалгүйгээр шүүх хурал хийгээд тасалсан.

-Ял эдэлж буй гурван хүний ялын дэглэмийг бууруулсан юм уу?

-Дэглэм буураагүй. 20-25 жилийн ялтай хүмүүсийг шинэ хуулиар хаалттай хорих ангид ял эдлүүлэх ёстой. Хуучнаар чанга гэсэн үг. Гэтэл ял шийтгүүлснээс хойш нэг жилийн хугацаанд хуучнаар гянданд ял эдлүүлээд байсан. Гяндан гэдэг чинь цаазаар авахуулах ял авсан, эсхүл бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийг хорьдог газар л даа. Хууль зөрчигдөж байна гэдэг асуудал нэлээд удаан хугацаанд явж байгаад прокурорт танилцуулагдаж, одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу байх ёстой газар руугаа шилжсэн.

-Олон улсын парламентын холбооны зүгээс албан тоот ирүүлсэн. Мөн жинхэнэ гэмт хэрэгтэн биш гэдэг зүйл яригдаад байгаа л даа. Үүнийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй юм уу?

-Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо ярих шаардлагатай. Хэрэг хийгээгүй бол монгол хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Хийсэн бол нийтийн өмнө нотлох баримттайгаа Нямдорж буруу ярьж байна гээд хэлцгээх хэрэгтэй шүү дээ.

-Та хэргийн материалыг нууцаас гарсан гээд байсан. Одоо болтол ил болж байгаа зүйлс байгаа юм уу?

-Нууцаас гаргаад проку-рорын архивт шилжүүлсэн. Хуучин тагнуулын архивт байсныг хоёр ч удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж нууцаас гарах шийдвэр гаргасан. Прокурорын бай-гууллагаас ил болгох эсэхийг асуух хэрэгтэй.

Надад мэдрэгдсэн нэг зүйл нь энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагаа хийгдэж байгаа.

-Шүүх, прокурор Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай гэж ярьдаг. Ерөнхийлөгч шинэчлэл хийх ёстой гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн шүү дээ?

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг гэнэт сонссон учраас дүгнэлт хийх болоогүй байна. Цаашдаа парламентын засаглалтай явах уу, Ерөнхийлөгчийн засаглалтай явах уу гэдэг үндсэн нэг л том асуудал бий. Парламентын засаглал хэвээрээ байна. Дарангуйлал бий болно гэж байгаа бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог асуудлыг дахин авч үзэх шаардлагатай. Парламентын засаглал болохгүй байна, Ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ гэж байгаа бол үүнийгээ шийдэх хэрэгтэй.

-Та аль байр суурин дээр нь байгаа вэ?

-Би дунд нь завсрын байдалд орчихоод хаашаа ч хөдөлж чадахгүй халиуны зулзага шиг болоод 4-5 жил болж байна. Нэгийг нь гайгүй гээд харахаар нөгөөх нь муу харагдаад хоёр талд ийм л асуудал байгаа юм. Хоёр их гүрний дунд байгаа цөөн хүн амтай, асар уудам нутагтай, байгалийн баялагтай улс дарангуйлалд орохгүй байх эрсдлээ бодвол парламентын засаглал нь арай гайгүй. Парламентын бүтэц, бүрэлдэхүүнээсээ болоод асар их шүүмжлэлд өртөөд амаргүй байдалд оруулчихлаа. Ерөнхийлөгчийн засаглал нь эмх цэгцийн хувьд шуурхай л даа. Гэхдээ нэг овлигогүй этгээд гарч ирээд дуусгачих юм болов уу гэсэн айдас байна. 1990 оны хөдөлгөөн чинь начир дээрээ нэг хүний засаглалаас холдсон шийдэл байсан. 20 гаруй жилийн дараа аль нэг шийдвэрээ гаргах гэхээр аль нэг талд нь орж чадахгүй байгаа юм. Энэ хоёрын аль нэгийг нь сонгох асуудлыг ард түмнээсээ асуух хэрэгтэй. Нэг талдаа гарсан нь зөв. Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг аль нэг талдаа гаръя гэж байна гэж ойлгосон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэж чадах уу?

-Д.Лүндээжанцан нарын гишүүдийн санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Засгийн газар бусад байгууллагаар яваад санал авсан. Засгийн газар саналаа өгөөд хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Хэзээ өргөн барьж хэлэлцүүлэх вэ гэдэг нь гишүүдийн асуудал.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

“Хурд”-ын цэгцтэй, цэмцгэр бэлтгэлийн байр

“Хурд” хамтлагийн бэлтгэлийн байр Хан-Уул дүүрэгт байрладаг. Бэлтгэлийн байрны гадаах хаалгыг хөнгөхөн гүйлгэж ороод цардмал замаар “Тэнгэрийн байдал бишдэх нь ээ. Цасаар шуурах нь дээ” гэж ойр зуураа ярилцан алхаж байтал зүүн гар талаас, навчис нь хийссэн модод дундах саравчнаас тус хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Төмөрцог гараад ирлээ. Тамхилангаа гадаалсан бололтой. Мэнд мэдэлцээд дотогш орлоо. Бэлтгэл нь эхлээгүй байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, гитарчин Д.Отгонбаяр хамтлагийн арын албаныхантайгаа хөгжмийн дуугаралт, тохируулга, цахилгааны утас гээд бэлтгэл ажлаа базаана. Гавьяат жүжигчин, дуучин Д.Төмөрцог буюу Цогоо бэлтгэлийн өрөөний зүүн гар тал дахь өндөрхөн сандал дээр суугаад сэнжтэй аяганаас халуун юм ойчлонгоо гар утсаараа юм сонирхож байгаа бололтой хуруугаараа дэлгэцийг нь хичээнгүйлэн гүйлгэнэ. Д.Отгонбаяр гитараа дуугаргаж янз бүрээр оролдож “Адаптер, залгуур нь болохгүй байна. Сольж үзэх үү. Агуулахад байна уу, хар даа, Даваа аа” гэж нэг хүнийг дуудна. Техникийн ажилтан Даваа гэх ажлын хувцастай эр хүрч ирээд сейфээ ухаад хайж байсан юмыг нь олоод өгчихөв бололтой.

Бэлтгэл эхлэхийн өмнө техник хэрэгслээ бэлтгэнэ, хөгжмийн зэмсгийн хөг аяыг нь тааруулна, кабель утсыг нь эмхэлж цэгцэлнэ гэж нэлээд том ажил байдаг юм байна. Тэднийг хөгжмөө ийн бэлдэж байх зуур дуучин Цогоотой жаал юм ярьдаг юм уу гээд хоёр, гурван ч удаа дөхөж очвол ер тоож байгаа шинж алга. Утсаа хараад л халуун юм ойчлоод суугаад байх. Хүн тав тухаа олоод ганцаараа сайхан төвлөрч байхад хажууд хүн ирээд юм ярих гээд байхаар заримдаа яршигтай санагддаг даа. Тийм сэтгэгдэл төрүүлчихдэг юм болов уу хэмээн жаахан харж зогслоо, сиймхий гарвал дөхөж очъё гээд амдаж байгаа царай минь. Бэлтгэлийн байранд 15, 16 хүн байхад дуучин Цогоо хэнтэй ч, юу ч ярихгүй өнөө л суудгаараа суусаар. Нөгөөдүүл чинь нэг их байн байн очиж үг солиод ч байхгүй юм.

Харин гитарчин Д.Отгонбаяр баахан л хүн тойруулаад хөгжмийн тохиргоо, утас кабель утасны асуудлаа ярьсаар. Гитарынхаа утсыг сольж, гитараа нэг залгаж үзээд дуугаргаснаа юу нь гэнэ үү нэг юм нь цаана сонсогдоод байна, хуучныг нь тавиад үзье гэнэ. Тэгэнгүүт л эргэн тойронд нь байсан залуус гитарыг нь аятай дуугаргах багаж зэвсгийг нь олж ирээд дахин шинээр тохируулна. Энэ бүхнийг харжээ зогсохдоо бэлтгэлийн байрны хана, тааз, булан тохойд дэлгэсэн, өлгөсөн үзмэрүүдийг сонирхлоо. Үүдээр оруут баруун гар талд гал тогооны хэсэг байна. Богино долгионы зуух, хийн тулга, баллонтой хий, битүү чанагч, тогоо, хөргөгч гээд хоол унд хийх бүхий л хэрэгсэлтэй. Гал тогооны хэсгийг өнгөрөхөөр хананд нь “Хурд” гэсэн бичигтэй хоёр богино цамц, үнэг, шувууны чихмэл, “Хурд” хамтлагийн гаргасан цомог, өргөмжлөлүүд өлгөөтэй. Булангийн буйдангийн арын хананд хамтлагийнхаа гаргасан цомог, Алтан пянз, хөгжмийн наадмуудаас авсан шагнал, тоглосон бүх тоглолтын тасалбарууд, “New York times” сонины хайлчилбар байна. Голын хоёр баганыг тойруулаад ширээ сандал байрлуулчихаж. Эхний баганы хажууд байрлуулсан дугуй булантай ширээний дээр ан амьтдын чихмэл өлгөөтэй. Эдний хамтлагийнхны отгон дүү Д.Дэрмээгийн нэг хэсэг ан ав сонирхож байхдаа хийсэн чихмэлүүд бөгөөд заримыг нь сонирхлоороо худалдаж авчраад энд тавьжээ. Дараагийн баганы хажууд цайны ширээ, сандал, ус буцалгагч, кофе, цай, элсэн чихэр зэхсэн цайны булан байх аж. Хөгжимчид хөгжим зэмсэг, аппаратаа янзлах зуур бусад нь энд сууж халуун юм ууцгааж, гар утсаа цэнэглэнгээ хөгжим сонсч толгой, хөлөө хэмнэлд нь тааруулна тэрүүхэн тэнд хөдөлгөнө. Хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяр ах нь гадагшаа ажлаар түр явжээ. Ахынхаа эзгүйд дүү нар нь хуваарь ёсоор бэлтгэлээ базаасаар байгаа нь энэ. Товлосон цаг нь болж хамтлагийн гишүүд нэг нэгээр цуварсаар орж ирлээ. Аргил, басс, соло, банзан гитар энд тэндгүй дуугарна. “За одоо эд нар ч дуулж хөгжимдөөд амьд тоглолт үзэх нь” гэж бодтол бас нэг юм нь яачихав гэнэ үү болохоо байгаад хуучныг нь зөөж тавья гээд хоёр давхар чанга дуугаргагч шиг юм дамжлаад байрыг нь сольчихлоо. Нэг гитарыг дуугарахын тулд энэ мэт хэд хэдэн төхөөрөмжинд холбодог бөгөөд энэ бүхнийг нь цахилгаанд холбоход мөн тусгай адаптер хэрэгтэй. Тэр зуур энд хичнээн гитар, хөгжмийн зэсмсэг байна вэ гэж тоолж үзлээ. Бас хичнээн кабель утсаар тоног төхөөрөмжүүд холбогдож вэ гэдгийг ч сонирхлоо. Бүдүүн кабель утас 40, 50 ширхэг байв уу даа. Гэхдээ тэр кабелиуд маш эмх цэгцтэй. Хоорондоо зангирч холилдоогүй, эвхээстэй. Аль нэг кабелийг салгалаа гэхэд хэн нь ч байсан нямбайлан эмхэж тавина. Кабель утсууд дээр гишгэхгүй. Яагаад ч юм “Хурд”-ын бэлтгэлийн байранд тэг ингэ гэж тусгайлан наасан дүрэм журам байхгүй ч олон жилийн турш хэвшиж, дадсан үйлдэл нь ингэж хууль мэт үйлчилдэг ч юм шиг санагдлаа. Соёл, урлагийн их сургуулийн үүдээр явахад л орилж, хашхирч, ганцаараа ярьж дуулсан оюутнууд байдаг. Дотогшоо нь орвол бүр ч дуу чимээтэй. Урлагийн байгууллагыг Соёл, урлагийн их сургуулийн тэр дуу чимээнээр дан төсөөлж болохгүй юм байна лээ шүү. “Хурд”-ын бэлтгэлийн байр хэдийнэ бэлтгэлийн гэх нэртэй боловч энд дүү нар нь ах нараа хүндэтгэсэн, ах нь дүү нараа хүндэтгэсэн харилцан хүндэтгэл ноёлсон газар юм гэдэг нь ойлгогдоно. Олон жилийн турш өдөр болгон хийж ирсэн ажил учраас нэг нэгэндээ зааж зааварлаад загнаад байх юм огт олж харсангүй. Харин зөвлөлдөж, ярилцаж инээлдсэн л хүмүүс байх. Хөгжимчин нь хөгжмөө, гитарчин нь гитараа, дуучин нь дуугаа л мэдэж байх ёстой. Хоорондоо ч төдийлөн ярихгүй, тус тусын бэлтгэлээ базаасаар. Дуучин Д.Төмөрцог өнөө л янзаараа сандал дээрээ суусаар ямар нэг юм ширтэнгээ халуун юм ойчилсоор. Кофе юм уу, байхуу цай юм уу аль эсвэл буцалсан ус юм уу, чухам юу ууж байгааг нь мэдсэнгүй. Бие нь энд ч сэтгэл оюун нь алс хол, өөр газарт байгаа юм шиг нэг тийм бясалгал хийж байгаа төрхтэй. Чимээгүй, нам гүмхэн. Тэр олон хөгжим, олон хүн байхад ганцаараа тэгж аглагт оршиж байгаа мэт сууна гэдэг бас тэвчээр, чадвар шүү.

Бэлтгэлийн өрөөний хойд хэсэгт дуу бичлэгийн студи нь байрлана. Хамтлаг дуучдын хувьд бэлтгэлийн байр шиг чухал юм үгүй. Дуугаа нэг газарт давтчихаад өөр газарт очиж бичүүлдэг. Харин “Хурд” хамтлагийн бэлтгэлийн байр, дуу бичлэгийн студи нь нэг дор учир цаг алдахгүй.

Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Бид энэ байранд бэлтгэл хийгээд арван жил болж байна. Энэ байрыг дээр үед иргэний хамгаалалтын зориулалтаар функер хийх гээд бэлдэж байсан юм билээ. Энд тэнд шороо овоолоод том том хоолой татаад орхичихсон байсан. Тэгээд бид бүх шороог нь зөөж гаргуулаад албан газартай нь яриад барилгын нэг бригад оруулж засвар хийлгэж нэлээд цаг хугацаа зарцуулж байж бэлтгэлийн байраа босгосон доо. Хамтлагийн бэлтгэлийн газар, урлагийн хүний ажлын байр гэдэг бол нэг номерын хамгийн чухал юм. Цэвэр оюуны бүтээл гаргаж байгаа учир орчин маш их чухал, бидэнд. Үүнээс огт өөр орчинд гитараа тоглоод юм хийгээд сууна гэдэг бол миний төсөөлөлд байхгүй. Энэ бол бидний хоёр дахь гэр” гэлээ. Монголчууд бидний хувьд нүүдэл гэдэг зүйл их утга учиртай. Айл гэр болж анхлан гал голомтоо бадрааж байсан анхны гэсэн бүхнээ ихэд нандигнаж дараагийн шинэ байр сууцанд шилжин амьдрахыгаа дэвжин дээшилж байна хэмээн билэгддэг. “Хурд” хамтлаг ч мөн адил энэ байрандаа ирэх хүртлээ тав зургаан удаагийн том нүүдэл хийжээ. “Хурд”-ын нүүдэл “Хүрд”-ийн заалнаас эхэлж байсан нь сонин шүү. Энэ талаар Д.Отгонбаяр “Манай хамтлагийн бэлтгэл 1993 оноос сантехник, угсралтын “Хүрд” компанийн нэг заалнаас л эхэлсэн юм. Хурлын заалнаас шүү дээ. Түүнээс хойш их олон газраар явлаа даа. Дандаа л ямар нэг байгууллага түшсэн. Урлагийн хүний амьдрах байр, оюуны бүтээлээ хийх байр, бэлтгэх байр бол хамгийн чухал. Цэгцтэй, цэмцгэр, цэвэрхэн байх ёстой. Энэ бол “Хурд”-ын зарчим. Гаднаас хүн ороод ирэхэд манай хамтлагийн юу хийж ирсэн нь шууд мэдрэгдэж, харагдаж байдаг. Авсан гавьяа шагналуудаас эхлүүлээд эдэлж хэрэглэж байгаа эд зүйл. Миний 51 дүгээр сургуульд 1989, 1990 онд тоглож байсан соло гитар маань хүртэл өлгөөтэй байх жишээтэй. Энэ бүхэн бол эргээд түүх юм” гэлээ.

Бэлтгэлийн байр руу орж ирэхэд үүдэн хэсэгт таазнаас өлгөчихсөн “Welcome” гэсэн бичиг нь рок хэв маягтай. Энд тэнд сонин содон, рок хэв маягийг илтгэсэн элдэв эд зүйл өлгөөтэй, наалттай. Ингэж юм цуглуулж, байраа тохижуулсан нь Д.Ганбаяр ахынх нь санаачилга, хобби гэнэ. Дүү нар нь санаагаа хэлнэ үү гэхээс тохижилтын ажлыг ах нь өөрөө гардаж хийдэг юм байна. Урлагийн газар хөл хөдөлгөөн ихтэй, орж гардаг хүн олон болохоор хотын төвд байртай байхад бэлтгэлийн дундуур хүн амьтан тасрахгүй. Найз нөхөд, хамт олон, урлагийнхан гээд салбарын хүмүүсээс эхлүүлээд шүтэн бишрэгчид нь тасрахгүй. Тийм болохоор хотын төвөөс жаахан зайдуу, Үйлдвэрийн раойнд бэлтгэлийн байртай болсон нь энэ юм байна. Энэ нь ч онож гэж хэлэхээр. Дотогшоо оронгуут гар утасны сүлжээ унадаг учир бэлтгэл саатна, бэлтгэлийн дундуур гар утас дуугарна гэх зовлонгүй. Тэр хэрээр ажил нь сайн амжина.

“Хурд” бол ямар нэгэн байгууллага, компанид харьяалагддаггүй, чөлөөт уран бүтээлчид. Тэдний хувьд өдөр болгон бэлтгэл хийх, хийхгүй нь өөрсдийнх нь дурны асуудал. Тэд өглөө хуралд суухын тулд цаг нартай уралдаж, орой тарахдаа хурууны хээ уншуулдаг машинд хуруугаа дүрдэггүй. Ажилдаа ирсэнгүй гэж загнадаг дээрээ ямар нэгэн албан тушаалтан, даргагүй. Тийм байтал “Хурд”-ынхан өдөр болгон бэлтгэлийн байрандаа цуглана. Өглөө 11 цаг гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирчихсэн байдаг. Хагас, бүтэн сайны амралт гээд тал тал тийш тараад явдаггүй гэнэ. Мөн л бэлтгэлийн байранд ирцгээж уран бүтээлийн ажлаа яриад гарна. Тийм ч болохоор “Өдрийн сонин”-ы нэгэн дугаарт “Хурд”-ын философи” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдэж байсан билээ. Уг нийтлэлд “Хурд” хамтлагийн амжилтын үндэс нь уйгагүй, үнэнчээр тасралтгүй хөдөлмөрлөдөгтэй холбоотой. Ард түмэндээ дуу хуураа хүргэх нь эргээд өөрсдийнх нь амин зуулга, амьдралтай шууд холбоотой учир түүнийгээ ухамсарласны үндсэн дээр 25 жилийн турш ганц ч өдөр бэлтгэлээ умарталгүй, бэлтгэлээ хэцүү байна гэж тарж зугтаж, шантарч алга болоогүй. Үүнийг “Хурд”-ын философи хэмээн гэж бичсэн байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ нийтлэлийг “Хурд”-ынхан уншиж, өөрсдийнх нь тухай онож хэлсэнд талархаж байгаа илэрхийлцгээв.

Энэ үеэр гитарчин Д.Отгонбаяраас “Та нарыг өглөө хэн ч дуудаагүй байхад, ирж ирцээ бүртгүүл, хурууны хээгээ уншуул гэж албадаагүй байхад юу энэ байр руу та нарыг ирүүлээд байдаг юм бэ” гэж асуувал “Биднийг ирүүлээд байдаг юм ерөөсөө л гитар. Хөгжим. Бид үүндээ дуртай байна. Аливаа нэг юманд хүн тууштай байна гэдэг хамгийн том тэвчээр. Тэвчээртэй байх хэрэгтэй. Би нийтдээ 27, 28 жил гитар тоглож байна шүү дээ. Магадгүй хааяа стрессдэх үе байдаг. Аая, гитар барихаас ч ёо ёо гэж ёолмоор үе байдаг шүү. Тэгсэн мөртлөө л цаанаа нэг тийм далдын нэг юм, далдын нэг хүч байдаг юм. Тэгээд наашаа өөрийн мэдэлгүй орж ирж сууж гитар дуугаргадаггүй юмаа гэхэд ажил төрөл ярьж байгаад гараад явахаар ажлаа хийчихсэн мэт сэтгэл төрж, тэр өдөр сэтгэл ханадаг. Нааш ирэхгүй болохоор нэг л юм дутагдаад байх шиг болдог. Энүүгээрээ ороод гарахдаа бүгдээрээ нэг уулзаад учирчих ёстой ч юм шиг. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа хайртай, үнэнч, дуртай болохоороо л наашаа ирээд байдаг. Тэгээд л нэг мэдсэн чинь 25 жил болсон байна шүү дээ” хэмээн бахархах баярлах хослуулан ярингаа бэлтгэлийн өрөөнийхөө хоймор дахь “Хурд” гэсэн бичиг бүхий хэсэгт очиж ховор нандин эд зүйлсээ танилцууллаа. “Цэргийн бодол” дууг 1978 онд ууган ах Д.Ганболд нь цэргийн албан байхдаа зохиож байжээ. Өнөө жил уг дууны 45 жилийн ой тохиож байгаа. Ахтай нь хамт цэргийн алба хааж байсан нөхөд нь “Цэргийн бодол” дууны үгийг жаазлаад “Хурд”-ынханд гардуулжээ. “БНМАУ-ын НАХЯ-ны хязгаарын ба дотоодын цэргийн дугаар ангийн 1977, 1978 оны дайчдаас “Хурд” хамтлагийн дүү нартаа” хэмээн зориулаад ахтай нь хамт албаж байсан онжавууд нь нэрээ дурайтал бичиж дурсгажээ. Дуучин Цогоогийн “Цэргийн бодол” дууг дуулахдаа өмсдөг цэрэг шинель нь өлгөөтэй байна. Бэлтгэлийн байрны хана жааз, зураг сэлтээр дүүрэн. Заримыг нь өлгөж амжаагүй учир хана түшүүлжээ. Өдрийн тал хүлээсэн бэлтгэл бөмбөрчин Д.Отгонбаатарын гурван цохилтын дохиогоор сая эхэлж цахилгаан гитарын галтай хэмнэл дор “Миний найз миний дайсан”, “Чамайг зорино” дууны дан хөгжим цангиналаа. Дараа нь “Акустикаа нэг явъя” гэцгээв. Ганцаараа чимээгүй, юм бодоод сууж байсан дуучин Цогоо босч зогсоод микрофондоо дөхлөө.

Биднийг “Хурд”-ын бэлтгэл дундуур гарч ирэхэд “Жаргалтай хүний нүдэнд нулимс тогтохгүй” дуу эгшиглэж байв.

…Уулзалгүй удвал уйтгарладаг

Уулзвал хэдэн өдрөөр сэтгэл минь өөдрөг байдаг

Хайрт минь чамдаа би

Хайр сэтгэлийн ариун итгэлээ зориулсан.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

А.Даваасүрэн: Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр 2013 оноос Япон, Монголын стратегийн түншлэлийн гэрээнд орж ирсэн

Сүүлийн үед Энэтхэгийн нэг тэрбум долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яригдаж байна. Тус үйлдвэрийн шавыг тавьж, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжсэн тухай албаны хүмүүс мэдээлсэн. Харин үүнтэй зэрэгцээд Японы талтай 2014 онд гэрээ байгуулснаар Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал сөхөгдөх болсон. Тус үйлдвэрийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, түүхий эд, газар шийдэгдсэн гэнэ. Манай сонин өмнөх дугаарууддаа хоёр талын байр суурийг олон нийтэд хүргэсэн билээ. Энэ удаа ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр эдийн засгийн макро түвшинд судалгаа хийдэг аж.


-Манай стратегийн бүтээгдэхүүн болсон нефтийн салбар ямар түвшинд байна?

-Стратегийн хамгийн чухал салбар болсон нефтийн бүтээгдэхүүний 99 хувийг бид гаднаас авч байгаа. Энэ салбар нь Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой нягт холбоотой.

-Яагаад энэ чухал асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрэв?

-Энд манай нефть импортлогч компаниудын бизнесийн сонирхол нөлөөлдөг байж магадгүй. Нөгөө талаар хөршүүдэд маань манай биеэ даасан бодлого таалагдахгүй учраас зориуд геополитикийн бодлого хэрэгжүүлж байж болох талтай.

-Монголыг түүхий нефть үйлдвэрлэгч орон гэдэг. Яагаад бид боловсруулах үйлдвэрийн талаар олон жил дуугүй суув?

-Дотооддоо нефть олборлоод, гаднаас нефтийн боловсруулсан бүтээгдэхүүнийг 100 хувь авч байгаа нь бидний л арчаагүйнх. Энэ бүхний бурууг бусдаас хайх шаардлагагүй. Одоогийн байдлаар 400 гаруй сая тонн нефтийн нөөц тогтоогдчихсон. Түүнийгээ ашиглах талаар ажиллахын оронд түүхийгээр гадагшаа гаргачихаад, бэлэн бүтээгдэхүүнийг гаднаас зах зээлийн үнээр авч байна. Зах зээлийн үнэ нь манай эдийн засгийг тэр тусмаа өргөн хэрэглээний үнийг шийддэг болсон. Нефтийн бүтээгдэхүүний хувьд зүгээр л бэлэнчлэх сэтгэлгээнээс болж бид эдийн засгаа жолоодох боломжгүй болсон. Энэ нь ард түмний амьжиргааг савлуулаад удаж байна.

-Яаж энэ бүхнийг засах вэ?

-Нэг их том онол, олон улсын математик бодоод байх шаардлага байхгүй. Монголдоо нефть боловсруулах үйлдвэр барьчихад л энэ асуудал шийдэгдэнэ.

-Өнөөгийн байдлаар Дорноговийн Алтанширээд барих төрийн, Дарханд Японтой хамтран барих газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн тухай яригдаж байна. Энэ тухай мэдээлэл байна уу танд?

-Судлаачийн хувьд энэ талаар маш их сонирхдог. Учир нь манай нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал салбар. Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал яагаад удааширсныг би дээр хэлсэн. Энэ бүхнийг улстөрчид зохион байгуулдаг.

-Дарханы нефть боловсруулах үйлдвэрийн тухайд…

-Энэ үйлдвэрийн асуудал 2008 онд Монгол Улсын нийгэм эдийн засгийн үндэслэлд тусгагдсан. Түүнээс хойш 2016 он хүртэл жил бүрийн үндсэн чиглэлд тусгасаар ирсэн. Дарханы үйлдвэр 2013 оноос Япон, Монголын Засгийн газар хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд орж ирсэн. Түүндээ 2013-2017 онд хэрэгжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Японы талтай нефть боловсруулах үйлдвэрийг стратегийн гэрээний хүрээнд хэрэгжүүлнэ гэж тохирсон байдаг.

-Мэргэжлийн хүний хувьд стратегийн гэрээний хүрээнд хийсэн нефть боловсруулах үйлдвэр байгуулах заалт хэрэгжих боломжтой гэж үзэж байна уу?

-Би нефтийн мэргэжилтэн биш. Гэхдээ эдийн засгийн судалгаагаар үүнийг тогтоож болно.

-Яаж?

-Аливаа томоохон хөрөнгө оруулалтыг татах шалгуурууд байдаг. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх. Хоёрдугаарт, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг. Дараа нь үйлдвэрийн байрлал. Өөрөөр хэлбэл үйлдвэр хэрэглэгчийн дэргэд байрлах уу, түүхий эдийн дэргэд байрлах уу гэдэг асуудал чухал. Мөн үйлдвэрийн ирээдүйн үнэлгээ. Оруулсан өртгөө нөхчихлөө. Цаашдаа хэдэн жилийн хэр хэмжээний найдвартай зах зээлтэйг тодорхойлдог. Энэ бүхнээс гадна тасралтгүй үйлдвэрлэлийг явуулах нөөцийн хангамж. Мэдээж дэд бүтцийн асуудал чухал. Ус, цахилгаан, зам тээвэр гэх мэт. Үйлдвэр баригдсанаар хэдэн ажлын байр бий болох, хэдэн хүний, ямар хэмжээний нутаг дэвсгэрийн хэрэгцээг хангах асуудал яригдана. Боловсон хүчний асуудал гээд шалгууруудыг хангаж байж л үйлдвэр баригдах тухай асуудал яригдана.

-Түүхий нефтийн нөөцийн асуудал…

-Манай түүхий нефтийн тогтоогдсон нөөц 400 сая тонн. Технологиороо бид арван хувийг л ашиглаж чадвал дээдийн заяа. Олон улсын стандарт ч ийм байдаг. Дээр нь энэ нөөц маань дэндүү алслагдмал нөөцөд тооцогдоно. Манай зүүн хязгаарт байрлалтай.

-Төрийн нефтийн үйлдвэр 600 шахам км-ээс түүхий эдээ татах тооцоо хийж байгаа тухай мэдээлэл өгсөн?

-Энэ өөрөө асуудал. Түүхий эдээ төмөр зам эсвэл хоолойгоор татна. Энэ нь бүтээн байгуулалтын нийт зардлыг асар ихээр нэмэгдүүлнэ. Бүтээгдэхүүний үнийг өсгөнө. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Энэ нь сөрөг үзүүлэлт.

-Тэгээд төрийн болон Дарханы хувийн үйлдвэрийн аль нь эерэг үзүүлэлтийг хангаж байгаа вэ?

-Дарханд барих Японтой байгуулсан гэрээний хүрээнд баригдах үйлдвэр эерэг үзүүлэлтүүдийг хангаж байгаа юм.

-Хэрэгжих баталгаа нь…

-Анх 1.2 тэрбум доллараар баригдах байсан. Өнөөдөр 1.5 тэрбумд хүрсэн. Япон “Чоёдо” гэдэг компани гүйцэтгэх гэрээтэй юм билээ. Хугацаандаа хэрэгжсэн бол 300 сая доллар хэмнэх байсан. Хөрөнгө шийдэгдсэн.

-Та яагаад энэ тухай сайн мэдэж байна?

-Энэ талын мэдээллийг би судалгааныхаа шугамаар олж авдаг. Зөвхөн энэ үйлдвэрийн тухай биш. Бусад олон үйлдвэрийг судалдаг.

-Дарханы үйлдвэрийн түүхий эдийн баталгаа юу вэ?

-“Марубени” компанитай хийсэн Монголд жилд хоёр сая тн түүхий нефть нийлүүлэх гэрээ.

-Алтанширээгийн үйлдвэрийн хувьд…

-Энд би хувийн байр сууриа илэрхийлж байна. Энэ асуудалд олон судлаач, эрдэмтэд эсрэг байр суурь илэрхийлэх байх.

-Яагаад?

-Алтанширээд барих үйлдвэр хөрөнгө оруулалтын шалгууруудыг хангаж чадахгүй байна. Тамсагийн тосыг хоолойгоор татна гэдэг бол асар өндөр зардал. Газар бүр нефть цаг уур, геологийн байршил зэргээс хамаарч өөр бүтэцтэй байдаг. Манай Тамсагийн нефть нэлээд гүнээс гардаг. Бас өтгөн тосондоо хамрагддаг.

-Энэ нь сайн уу, муу юу?

-Муу гэсэн үг. Тээвэрлэлтийн хэцүү нөхцөлтэй. Тээвэрлэхэд шингэрүүлэлт хийнэ. Тэр хэрээр химийн бодис ихээр хэрэглэнэ. Хүйтний улиралд халаалт хэрэгтэй болно. Км тутамд шахуурга, халаагуур шаардана. Энэ бүхнийг дагуулаад цахилгаан шугам, аюулгүй байдлын байгууламж гээд асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Хоолойны хувьд нэг биш, хос хоолой татна. Ингээд тооцохоор нэг тэрбумаар үйлдвэр бариад дөрвөн тэрбумын дэд бүтэц барих шаардлагатай болж мэднэ.

-Хор уршиг нь?

-Бүтээгдэхүүний үнэ өснө. Бараг гадаадаас авсан нь хямд болно. Харин бид өрийг маргахгүйгээр төлнө. Дотоодын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлээс 4-5 дахин өсөхөөр бид яах болж байна.

-Төрийн болон хувийн үйлдвэрүүдийн нэгж бүтээгдэхүүний үнийн тооцоо гарсан уу?

-Дарханы үйлдвэрийн тооцоогоор өнөөгийн 2000 төгрөгийн шатахуун 1200 болж буурах боломжтой. Төрийн үйлдвэрийнхийг хийх боломжгүй. Хаана, юу, ямар өртгөөр баригдах нь тодорхойгүй учраас тэр.

-Нефтийн үйлдвэр байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу?

-Яаж харахаас шалтгаална. Нефтийн үйлдвэр үндсэн бүтээгдэхүүн болох дизель, бензин, онгоцны түлш, мазут үйлдвэрлэнэ. Нефть химийн бол үлдэгдэл хаягдлыг боловсруулна. Үүнд бидний зажилдаг бохь багтана. Японы “Чоёдо” компанийн технологи хамгийн сайн технологи.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ардын намын хоёр аваргын өмнө Монголын төр аманд нь гарсан хүүхэд шиг байна

Бөхийн өргөөний намрын нээлтийн барилдаан саявтар болох ёстой байлаа. Гэтэл МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болох дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга А.Сүхбат нарын улиг болсон маргаанаас болж барилдаан явагдсангүй. Тэдний талцал өнгөрсөн хавар нийгэмд ил цагаан болсон. Хоёр талд бие биеэ эсэргүүцэн өөд уруугүй мэдээлэл хийж, сүүлдээ Бөхийн өргөөний үүд хаалгийг үсгэч өшиглөн, эвдлэж сүйтгэцгээсэн. Энэ хэрүүл маргаан зунтай золгож, наадам болох үгүйдээ тулж байв. Харин Ерөнхийлөгч тэднийг гуйж, аргадаж байгаад арайхийж үндэснийхээ баяр наадмыг хийсэн.

Сая болох байсан барилдааны талаар МҮБХ-ноос “Шүүхийн шийдвэр гарсан тул одоо Бөхийн өргөөтэй холбоотой маргаан эцэслэгдсэн. Дахин эмх замбараагүй байдал үүсэхгүй. Намрын нээлтийн барилдаан болно” гэж мэдэгдээд байв. Энэ барилдаанд улс, аймгийн цолтой 160 гаруй бөх зодоглохоор бүртгүүлсэн байлаа. Бөх сонирхогчид хүртэл “Хоёр аварга маань учраа олж, ааг омог нь дарагдлаа даа” хэмээн баярлаж, өнгөрсөн бямба гаригийг хүлээж суусан биз. Харамсалтай нь барилдаан болсонгүй. Дархан аварга Х.Баянмөнх хөндөлдөж “хэвтээд” болиулчихлаа. Б.Бат-Эрдэнэ авар-га “Барилдаанаа хийе” гэхэд нь А.Сүхбатын тал Бөхийн өргөөний хаалгыг тас барьчихаад хэнийг ч ойртуулахгүй байгаа үйл явдлыг нийгэм даяараа харлаа. Тэдний дуусашгүй маргаанд цэг тавих саналыг Төрийн тэргүүн гаргаж байсан удаатай. Бөхийн өргөөний барилгыг төрийн өмчид авах саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт илгээсэн ч ямар нэг шийдвэр гараагүй.

Улсын наадмын нэгийн даваанд аварга, арслан цолтнуудад цэргийн хүүхдүүдийг оноолтоор угтуулж тавьдаг даа. Үүнийг “Амны хүүхэд” гэдэг. Яг тэрэн шиг Монголын төр Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат хоёр аваргын өмнө аманд нь гарсан хүүхэд шиг дэндүү жижиг байна.

Бөх хүн бол уран мэхийг уралдуулан барилдаж, түмэн олноо баясган цэнгүүлдэг онцлогтой. Тэгвэл Ардын намын хоёр аварга маань төрийг “амны хүүхэд” шиг үл тоон хөнгөхөөн өгрөөд тавьчихаж бид.


Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэдийн саналыг авна

Ирэх даваа гарагт “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” сэдэвт зөвлөгөөн болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн ИТХ-аас уг зөвлөгөөнийг зохион байгуулах юм. Улаабаатар дэлхийн 415 дахь том хот олон улсын жагсаалтад ороод удаж буй. Автомашиныг улсын дугаараар нь ангилж буй ч өдөрт ойролцоогоор 370 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэх статистик бий. Орон нутгаас Улаанбаатарт ирсэн тээврийн хэрэгслийн тоог оролцуулбал уг тоо нэмэгдэнэ. Хэдийгээр жил бүр авто замуудыг өргөтгөж, шинийг тавьж байгаа ч тээврийн хэрэгслийн тоо олширсны улмаас ачаалал нэмэгдээд буй.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд 70 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолд тусгасан ачаалал ихтэй уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ тавьж, дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох, борлуулалт, түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар явуулах, замын автозогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг ажлын хэсэг судалж, хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч болох талаар уг зөвлөгөөний үеэр иргэдийн саналыг авах юм. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон холбогдох бүх албаныхан оролцох аж. Зөвлөгөөнд оролцож буй бүх хүн саналаа хэлэх боломжтой.

Зөвлөгөөний онцлог нь өмнөх жилүүдэд хийсэн ажлаа бус, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хэлэлцэхэд оршиж буй. Тухайлбал, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах нь нэн тэргүүний ажил хэмээн албаны хүмүүс үзжээ. Гадаадын хотын цөөн хэдэн баримтыг дурдъя. Японы Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, зургаан хувь нь автомашинаар зорчдог аж. БНХАУ-ын нийслэл Бээжингийн иргэдийн 34 хувь нь автомашин унадаг гэнэ. Гэвч Улаанбаатарын иргэдийн 70 орчим хувь хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролдог гэнэ. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэр, тухтай автобусаар үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг нийслэлийн ИТХ зорьж байгаа ажээ. Дээрх зөвлөгөөний үеэр нийслэлийн Тээврийн газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, BRT буюу тусгай замын автобус явуулж эхлэх гээд цаашид төлөвлөж буй арга хэмжээгээ танилцуулах гэнэ. Мөн автобусны чиглэл, маршрут зэрэг зөв зохион байгуулалтад хотын иргэдийн саналыг тусгах аж. Улмаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэлэлцэж, ажил болгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Японы буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль барина

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр болжээ. Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока, “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөл, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НЗД-ын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны нэгдүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ хүрээнд 2017 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллагатай Чингэлтэй дүүрэгт 720, Хан-Уул дүүрэгт 920, Налайх дүүрэгт 320, Баянзүрх дүүрэгт 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх ёслолын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока хэлэхдээ, “Тус сургуулийн барилгын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүх дэд бүтэцтэй, гамшгийн үед хоргодох байрны зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдаж байгаа. Үүгээрээ Монголд загвар болохуйц сургуульд болно” гэжээ.

Түүнчлэн “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгч эдгээр сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд БСШУСЯ болон холбогдох байгууллагууд ихээхэн анхаарал тавьж, дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн байна.

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгаас гадна Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдах шинэ сургуулийн шавыг тавьж, суурийн ажил нь эхлээд байгаа бол Налайх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын бэлтгэлийг хангаж байгаа юм байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр өмнө нь хэрэгжсэн дөрвөн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг барьж, сургуулийн хүчин чадлыг 22 мянгаар нэмэгдүүлсэн гэдгийг онцолжээ.

tsogzolmaa

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ сайд ажлаа хүлээн авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тэрээр УИХ-ын чуулганы хуралдааны дараа Зам, тээврийн хөгжлийн яаманд ирж ажлаа хүлээж авлаа. Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлыг хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн юм.

Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд Я.Содбаатар сайдыг танилцуулаад Зам тээврийн хөгжлийн сайдаар туршлагатай, чадварлаг хүн томилогдож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр салбарын хууль эрх зүйн хувьд шийдэх тулгамдсан асуудлууд нэлээд цэгцэрсэн гэж үзэж байна. Ойрын үед хийгдэх гол ажил маань 2019 оны төсөв, 2018 оны гүйцэтгэл үр дүнгийн ажлууд байгаа. Салбарынхаа хамт олонтой гар сэтгэл нийлж улс орны болон салбарын өмнө тулгамдсан олон ажлыг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Салбарын хамт олон маань шинэ сайдыгаа дэмжиж гар нийлэн хамтран ажилаарай хэмээн Я.Содбаатар сайдад амжилт хүсэж баяр хүргэлээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа газрын дарга нарыг танилцуулж шинэ сайддаа амжилт хүслээ. Мөн өнгөрсөн хугацаанд Зам тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Шадар сайд Ө.Энхтүвшинд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж ажилд нь амжилт хүссэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тамга тэмдэг, салбарын бодлогын бичиг баримт, 2019 оны төсвийн задаргаа бүхий хавтаст материалыг хүлээж авсаныхаа дараа салбарын удирдлагуудад хандан ”Зам тээврийн хөгжлийн яамны хувьд салбарын хүрээнд шийдлээ хүлээсэн ойрын болон хэтийн олон ажлууд бий. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа энэ Засгийн газар, МАН хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа амжуулах, тавьсан зорилт амлалтаа биелүүлэх, мөн салбарын бодлогын асуудлуудыг залгамж халаатай үргэлжлүүлэхэд гол бодлогоо болгож ажиллана.Та бүхнийг салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудын хувьд хийж хэрэгжүүлж буй ажлууддаа эзэн нь болж хамтарч ажиллахыг хүсье” хэмээн хэллээ.