Categories
мэдээ нийгэм

Арьсаа цайруулахыг хүсвэл УЛААН ЛООЛЬ хэрэглээрэй

Алхам №1

Та нэг ширхэг сайтар цэвэрлэсэн улаан лоолийг жижиглэнэ хэрчих хэрэгтэй.

Алхам №2

Жижиглэн хэрчсэн улаан лооль дээрээ өргөст хэмх бага зэрэг хийх хэрэгтэй.

Алхам №3

Улаан лооль болон өргөст хэмх хоёр дээрээ тал халбага оливын тос нэмээрэй.

Алхам №4

Хэрвээ танд оливын тос байхгүй байхгүй бол нимбэгний бага зэргийн шүүсээс орлуулж болно.

Алхам №5

Төгсгөлд нь тал халбага давс хийгээд сайтар хутгаарай.

Алхам №6

Маскаа жигд түрхээд хагас цагийн дараа цэвэрхэн алчуураар цэвэрлээрэй. Унтахаасаа өмнө уг маскыг тавихад илүү үр дүнтэй аж. Өглөө сэрэхэд таны арьс мэдэхүйц цагаарсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн зөв бодлогын үр дүнд баяннуур хотын иргэдийн амьжиргаа дээшилж байна

Монголын сэтгүүлчид БНХАУ-ын хязгаар, ӨМӨЗО-ны орны баруун бүс, Шар мөрний Бор тохойн дээд хэсэгт орших Баяннуур хотод зочиллоо.

Хятадын Засгийн газраас Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулж, энэ хүрээнд хувийн аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулах замаар ажлын байр бий болгох, ард иргэдийн амьдарлын түвшинг дээшлүүлэх бодлого барьж байна. Энэхүү бодлогын үр дүнд аж ахуйн нэгж, малчид, тариаланчдын амьдрал дээшилж байгааг Баяннуур хотын жишээнээс харж болохоор байлаа. Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын жишигт нийцсэн лаборатори байгуулан баталгаажуулжээ. Мал үржүүлэг, тэжээлийн үйлдвэр, мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрлэлийг цогцоор нь шийдэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамал, мод тарих аргыг туршиж байна.

Мөн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ бизнес эрхлэх боломжоор хангаж, төрөөс дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийж өгдөг юм байна.

Баяннуур хотын тухай товч танилцуулж, Монголд нутагшуулж болох сайн туршлагуудын талаар энд өгүүлье.

Баяннуур хот умард өргөргийн 40 градуст тариа будааны ургалт гарц хамгийн сайн бүс нутагт харьяалагддаг юм. Жилийн нар тусах хугацаа хамгийн урт, өдөр, шөнийн температурын зөрүү ихтэй, ус хөрсний үржил шим сайтай бүсэд оршдог. Энэ хот 7,326 сая м.кв газар тариалангийн талбайтай ажээ. Тус бүс нутаг Hetao гэх Ази тивд хамгийн томд тооцогдох усалгааны системтэй бөгөөд жилд дунджаар таван тэрбум куб.метр ус татаж тариан талбайгаа усжуулдаг юм байна. Энэ төхөөрөмжийн тусаар газар тариалангийн бизнес эрхлэгчид цаг агаарт залбирч суулгүй тааваараа ажил хөдөлмөрөө эрхэлдэг бололтой. Баяннуур хот нь таван сая метр куб талбайд тариалалт хийдэг гэнэ.

Тариалан эрхлэгчид нь улаанбуудай, эрдэнэшишээс гадна наранцэцэг, Хө Тао нутгийн амтат гуа, алиман лийр, улаан лооль, нохойн хошуу, хар самар зэрэг жимс тарьдаг гэнэ. Сайн чанарын эрдэнэшишийг 3.5 сая метр кубд тариалж 2.5 сая тонныг хураадаг юм байна. Тэгш өндөрлөг бүс нутагт тариалсан улаанбуудай нь цавуулгийн агууламж өндөртэй сайн чанартай буудайн төрөл бөгөөд БНХАУ-ын гурилын үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог юм.

Нэг сая 700 орчим мянган хүн амтай Баяннуурын иргэдийн олонх нь эрдэнэшиш, улаанбуудай болон хүнснийногоо тариалж аж төрдөг. Дотоодын гурил үйлдвэрлэгч компаниуд Баяннуур хотын иргэдийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна Япон, Орос, Канад, Шинэ Зеланд, АНУ зэрэг 10 гаруй оронд мөн экспортолдог юм байна. Ингэснээр газар тариалангийн салбараас жилд 13 тэрбум 870 сая юанийн орлого олдог гэнэ.

Тус хот дангаараа БНХАУ-ын цэвэр сүүний хэрэгцээний 50 хувийг үйлдвэрлэж Иордан, Кувейт, Ливан, Ирак, Иран зэрэг улсад сүүгээ экспортолдог ажээ.

Баяннуур хотоос хэрэгжүүлж болох нэг туршлага нь нарны эрчим хүчийг ашиглах юм. БНХАУ-ын Засгийн газар 2020 он гэхэд нарны эрчим хүчний чадлыг 110 ваттаар нэмэгдүүлэхээр төлөвлөж 2.5 их наяд юань төсөвлөжээ. Үүнийг дагаад 13 сая ажлын байр бий болох юм. Ирээдүйд нийт эрчим хүчний хэрэглээний 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавиад байгаа аж. Иймээс хот мужуудад нарны эрчим хүчийг цуглуулах хавтан ашиглаж эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлж байна. ӨМӨЗО-ны дэмжлэгтэй, Шань Лу Энержи группийн хөрөнгө оруулалттай Лиень Шин тосгонд 457 өрхийн 1352 хүн аж төрдөг гэнэ. 2015 онд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг энгийн тосгоныг хувийн аж ахуйн нэгж газрыг нь худалдан авчээ. Улмаар байшин барьж иргэдийг нь орон сууцжуулж өрх бүрийн дээвэрт нарны хавтанг суурилуулсан байна. Нарны хавтангаар 30 мегаваттын цахилгаан үйлдвэрлэж, улсдаа нийлүүлдэг байна. Жилдээ 50 сая квт.цагаас дээш эрчим хүч гаргах хүчин чадалтай бөгөөд улсдаа нийлүүлэхээс гадна айл өрхүүдээ цахилгаанаар хангадаг. Ү Юань шены Лиень Шин нарны энергийн тосгоны малын тэжээл тариалдаг талбайд 100 мянган мод, 130 мянган хавтгай дөрвөлжин талбайд цэцэг ногоо тариалж, талбайгаа малын хөл, ус, салхины элэгдлээс сэргийлж, чийг хуримтлуулж байгаа гэнэ.

Газар чөлөөлсний төлбөр болгож, жилд нэг өрхөд 20000 юанийн нөхөн олговор өгдөг байна. Тосгоны иргэд нөхөн олговор авахаас гадна тус компанийн сүүний чиглэлийн ямааг тэжээх, эрдэнэшишийн талбай, эсвэл эрчим хүчний үйлдвэрт ажиллах зэрэг хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байдаг гэнэ. 2015 онд жилийн 30 сая иенийн орлоготой байсан иргэдийн орлого 2,6 дахин нэмэгдсэн байна.

Тус тосгон 2016 онд БНХАУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгоноор өргөмжлөгдсөн гэнэ. Манай сурвалжлах баг Шэнг Ми сүүний үйлдвэрт саатлаа.

2010 онд 750 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус сүүний үйлдвэр өнөөдөр саалийн 100 мянган үнээтэй, 3000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү компани өдөрт 1300 тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч 1050 тонн сүүг боловсруулж цэвэр сүү, тараг зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 400 гаруй сум суурингуудад худалдаалдаг гэнэ. “Энэ бүс нутагт цэвэр байгалийн гаралтай сүүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлж буй ганц үйлдвэр нь Шэнг Ми юм. Үйлдвэрлэлтийн явцад 146 удаагийн эрүүл ахуйн шалгалт хийдэг учраас өнгөрсөн хугацаанд эрүүл ахуйн тал дээр ямар нэгэн асуудал гарч байсангүй. “Бид БНХАУ-ын цэвэр сүүний хэрэгцээний 50 хувийг нь хангаж ажиллаж байна” гэж сүүний үйлдвэрийн менежер Ма Шиао Жэ хэлэв.

Рэн чуан цөлийн цагаан будаа тариалах суурингаар орлоо. 2017 оны дөрөвдүгээр

сард уг суурин газар байгуулагдсан гэнэ. Энэ үеэс ус хадгалах тусгай технологи нэвтрүүлж, элсээр амьсгалдаг материалыг үйлдвэрлэжээ. Улмаар ургамал ургах боломжгүй цөл газрыг хужирнаас нь цэвэрлэж 6,6 га талбайд цагаан будаа тариалж, 115 тонныг хураан авчээ. Сайн чанарын цагаан будаагаа килограммыг нь Монгол мөнгөөр 3560 төгрөгөөр зах зээлд гаргадаг юм байна. Сонирхолтой нь тус газарт Шар мөрний мөрөг загас, сам хорхой, наймаалж зэргийг цөөрөмд үржүүлж байх юм. Цөөрмийн усаа цагаан будаа тариалахдаа ашигладаг нь сайн чанарын бордоонд тооцогддог байна. Үржүүлсэн загасаа борлуулчихна, усыг нь цагаан будаа тариалахдаа бордоо болгоод ашиглачихдаг зүгээр санагдсан. Хангин хошуунд байрлах “Ци Шүи” үхрийн аж ахуйн компаниар орлоо. Тус компани Америкаас Ангус үйлдвэрийн үхэр авчирч үржүүлдэг гэнэ. Нэг үхэр 700-800 кг бөгөөд 330 орчим кг цул мах гардаг юм байна. Мөн сүүний чиглэлийн 3000 үнээтэй, өдөрт 30 орчим тонн сүү боловсруулж зах зээлд нийлүүлдэг гэнэ. Энэхүү компани малчидтай хамтарч ажилладаг бөгөөд тугал өгч тэжээлгэж цалин урамшуулал өгдөг гэнэ.

Баяннуур хотод үхрийн аж ахуйгаас гадна хүнсний чиглэлийн үйлдвэр олон. 1999 онд байгуулагдсан “Фү Чуань” үйлдвэр есөн өөр үүлдрийн 500 мянган сайн чанарын хоньтой. Австрали болон Германаас хонь оруулж ирдэг, тэд өдөрт 1500 гаруйг нь төхөөрч томоохон захууд болон интернэт худалдаагаар борлуулдаг байна. Үүнээс гадна махны чиглэлийн 100 мянга, сүүний чиглэлийн 50 мянган ямаатай гэнэ. Ямааны сүүгээр 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус компани сайн чанарын махаа Төв Азийн орнуудад нийлүүлдэг байна. Мөн хонио үржүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр жишиг парк байгуулжээ.

Баяннуур хот дэлхийн хамгийн сайн чанарын самнасан ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулдаг бүс нутаг. Тус хот ноолуурын чиглэлийн хоёр сая 470 мянган ямаатай гэнэ. Бид 1992 онд байгуулагдсан Вэй Шин ноолуурын үйлдвэрээр зочиллоо. Тус үйлдвэр жилд 2000 тонн ноолуур ашиглаж хоёр сая ширхэг, цамц ороолт, үйлдвэрлэдэг гэнэ. Бүтээгдэхүүнээ Австрали, АНУ-руу нийлүүлдэг байна.

Баяннуур хот манай Өмнөговь аймагтай хил залгаа оршдог. Тус хотын анхаарал татсан зүйл нь ногоон байгууламж, ойн зурвас байсан юм. Тус хотод ойн зурвасыг бодитоор байгуулж чадсан нь бидний нэвтрүүлж болох нэг туршлага байлаа.

Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газраас долоон аймгийн 60 сум 113 багийг газар тариалангийн бүс нутгаар зарлаж, уг бүс нутагт ойн зурвас байгуулах, хашаажуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ойн зурвас байгуулснаар тариалангийн талбайг нар, салхины элэгдэл, малын хөлд талхлагдахаас сэргийлж, хөрсөнд чийг өгөх давуу талтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Авто замын трасст орсон айлууд газраа чөлөөлжээ

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засварын ажлын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссан байна. Ингэснээр авто зам барих ажил саадгүй хийгдэх боломжтой болжээ. Одоогоор гүйцэтгэгч компани авто замын хашлага суурилуулах, буталсан чулуун суурь, борооны ус зайлуулах хоолой болон явган хүний замын ажил хийж буй ажээ. Үндсэндээ авто зам барих ажил 60 хувьдаа орсон гэж хэлж болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний B, C вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаарай ​​​​​​​

“Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр шатны хүрээнд 15-с дээш насны бүх иргэд “Элэгний B, C вирус”-ын илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Хэрвээ та шинжилгээ өгч амжаагүй байгаа бол иргэний үнэмлэхтэйгээ өөрийн оршин суугаа сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж, шинжилгээ өгөх боломжтой юм.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Алтан шар зам

Говийн намхан намхан толгодын дунд орших жирийн л нэг жижигхэн сум ойртох бүрийд зам хорж өгөхгүй зовоох нь хэцүү. Өнөөдөр ч тэр ёсоор сумын төвийн бараа харагдсаар их л удлаа. Хоёр мянга шахам бээрийн урт зам туулаад ирсэн ачааны цэнхэр тэрэг нь урагш явахаа байчихав уу, эсвэл сум цаашаа нүүгээд байгаа хэрэг үү, хамгийн өндөр нь болох сургуулийн хоёр давхар тоосгон барилга нь эхлээд харагддаг жижигхэн сум говийн цэнхэр зэрэглээнд алслаад байх шиг санагдана.Тэр тусмаа өнөөдөр нэг л сайхан учрал хүлээж байгаа юм шиг сонин совин төрж Баяр урьд урьдынхаас илүү гэр рүүгээ яарч байлаа. Ачааны цэнхэр тэрэг дасал болсон замаар давхисаар говь газар тэр бүр харагдаад байдаггүй өвлийн дүнзэн байшинтай, аргагүй л алсын тээвэрт ийш тийшээ байнга явдаг “олонтой ч, овсгоотой ч” жолоочийн гэр орон гэдгийг илтгэх мэт хүрэн зосоор будаж, дээгүүр нь нарийн модоор эмжсэн цэлгэр банзан хашааны үүдэнд ирж зогслоо. Хашаан дотор зогсох шинэвтэр улаан мотоциклийг хараад Баяр хэн ирсэн юм бол гэж гайхан, бас гэр рүүгээ яараад байсан учрал нь энэ байжээ гэсэн шүү юм бодсоор гэртээ орвол баруун хоймор нь сууж байсан үл таних залуу яаран босч, дээлийнхээ энгэр заамыг товчлон, ханцуй хормойгоо янзалснаа өврөөсөө цэнхэр хадаг гарган барьсаар золгох гэсэн бололтой гар сунган ирэв. Өөдөөсөө инээмсэглэн ирсэн залуутай золгож, үнсүүлэхээр бөхийхөд нь яаран сандран хацрыг нь үнэрлэхдээ Баяр хэн гэдгийг нь үнэхээр таньсангүй.Гэрийнхээ хоймрыг дүүргэн сууж, эхнэрийнхээ аягалсан цайг амсаад ширээн дээр тавин тавьтлаа өөртэй нь золгосон тэр залууг хэний үр удам, хэн болохыг таамаглах гэсэн ч Баярын санаанд юу ч орсонгүй. Баяр уг нь арын сайхан хангайд төрж өссөн хүн.Цэрэгт мордоод л нутгаасаа гарчээ. Говь хээр хосолсон энэ газарт шинэ уурхай нээгдэж, уурхай дагасан жижигхэн сум байгуулагдахад тэрээр жолоочоор ирээд бараг хориод жил болсон билээ. Гэвч алтан шар замын буянаар нутагтаа очих завшаан Баярт байсхийгээд л олдож, ах дүүсээрээ ороод гарчихдаг болохоор хамаатан садан хэн нэгнийх нь үр хүүхэд бол танихгүй байх учиргүй.

Өөрийг нь танихгүй байгааг анзаарсан бололтой үл таних залуу ам нээж “Та намайг нэг л танихгүй байна аа даа” хэмээн асуув. Баяр сандран

-“Хм мм. Үгүй ээ, үгүй. Үгүй ч гэж дээ үнэнийг хэлэхэд нэг л оноохгүй л байна” хэмээн зовнингуй өгүүлбэл залуу инээснээ “Аргагүй ээ, би тэгэхэд одоогийнхоос үнэхээр их өөр байдалтай тантай таарсан л даа. Би Болд байна.Тэр жил та надад үнэхээр том тусалсан шүү” гэлээ. Залуу ийн хэлээд нэгийг санасан бололтой гунигтайхан инээмсэглэхэд нь таван жилийн өмнөх тэр нэгэн явдал Баярын санаанд зурсхийн орж ирэв.Тийм ээ, тэр цагаас хойш Болдын царай зүс үнэхээр өөрчлөгдөж, гэхдээ энэхүү гунигтайхан инээмсэглэл харин Баярын санаанд хэзээ ч мартагдахааргүй тод үлдсэн юм.

…Баяр Улаанбаатараас ачаа ачаад оройхон гарлаа.Шөнийн сэрүүнд машин сайхан явдаг хэмээн тэр үеийн тээврийн жолооч нар ярьдаг, тиймээс ч тэр үү, ихэнх нь орой ч байсан хамаагүй замдаа гардаг байсан билээ. Жаахан ч болов зам хороогоод авна аа хө хэмээн бодсоор замд гарсан Баяр зуу гаруй км давхиад Багануур хүрчээ.Шөнийн сэрүүнд нэлээд явчихъя, юутай ч Хэрлэнгийн гүүр өнгөрч байж хоноглоно хэмээн зүтгэсээр Хэрлэн хүрсэндээ сэтгэл ханасан Баяр жаахан нойр авахаар шийдэж, замаас зайдуухан гарч зогсоод, машиныхаа хаалгыг дэлгэн унтахаар хэвтэв. Гэнэт нойрон дунд нь хэн нэгэн толгойг нь илээд авах шиг санагдахуйд Баяр сэрмэглэж “Үгүй ээ, зүүдэлсэн байлгүй. Энэ эзгүй хээр газар харанхуй шөнө хэн намайг татаж чангаах билээ. Магадгүй ээжийгээ зүүдэлснээс зайлахгүй” хэмээн бодоод нүдээ анин хэвтэж байтал яах аргагүй тэргүүнд нь нэг юм хүрэх нь тэр. Баярын нуруугаар хүйт дааж “ За байз, галзуу чоно, нохой таарснаас гарцаагүй. Тэгээд л цоройж үнэрлээд байгаа байх” хэмээн бодонгуут гараа явуулан бүсэндээ байнга зүүж явдаг жижиг хутгаа тэмтэрлээ. Хутга нь бүсэндээ байсанд жаахан зориг орж, хутгаа сугалаад ухасхийн босч кабиныхаа гэрлийг асаавал алаг эрээн хувцастай туранхай залуу бүдэгхэн гэрлээс нүүрээ халхлах аядан зогсч байв. “Хоригдол. Хоригдол байх нь” хэмээн бодохуй Баярын нуруугаар түрүүнийхээс ч илүү хүйт оргиод явчихлаа. “Юу вэ чи? Хүн үү? Хэн бэ” хэмээн асуухдаа Баяр өөрийнхөө хоолой чичирч байгааг мэдрэв.

Нөгөөх алаг хувцаст шөнийн үзэгдэл Баяраас ч илүү чичирч сааралтсан хоолойгоор “Ах аа, би хүн байна аа. Та надад туслаач” хэмээн гоншгонох нь тэр.

-Юу? Би чамд юугаар туслах гэж. Харанхуй шөнө, хээрийн замд хүн цочоогоод… Яадаг хүн бэ, чи” хэмээн асуухдаа Баяр арай сэхээрлээ.

Алаг хувцаст өнөөх л гоншгоносон нарийн дуугаар,

-Уучлаарай ах аа, таныг сэрэх болов уу гээд хүлээсэн сэрдэггүй.Тэгээд л аргагүй сэрээчихлээ. Би хорих газраас оргож яваа хүн байна аа. Та намайг суулгаад эндээс гаргаад өгөөч. Би танд замдаа бүх учраа хэлье” гэлээ.

Бүдүүрч амжаагүй, хүүхдийнх шиг шингэн дуугаар нь хорь орчим насны залуу болохыг Баяр таамаглав.Гэрэлд бүдэгхэн сүүмэлзэх тэрхүү залууг дахин ажвал бие бялдраар Баяраас арай бага бололтой. “За гэнэт дайрлаа гэхэд бариад авбал дийлчихэж болох л юм байна. Намайг унтаж байхад алчихаж ч болох байсан.Тэгээгүйг бодоход муу юм хийхгүй биз” гэж бодоод Баяр нэлээд тайвширлаа. Гэхдээ л түүний сэжиг арилсангүй.

-Алив чи тэр гэрэлд гараад зогс доо хэмээгээд машиныхаа гэрлийг татвал алаг хувцаст дуулгавартай нь аргагүй асаасан гэрлийн дор очоод зогслоо. Баяр андуурсангүй. Хорь орчим насны туранхай жижиг биетэй залуу аж.

-За одоо нөгөө талын хаалгаар хүрээд ир. Тэгээд юу болсноо надад яриатах гэвэл залуу,

-Ах аа, би ээжтэйгээ уулзах гэсэн юм. Ээж минь бие нь муу гэсэн сураг ирээд.Тэгээд би ээжтэйгээ уулзах гээд оргочихсон. Манайх Дорнодод хөдөө байдаг л даа.Та зүүн тийшээ явж байгаа бол намайг жаахан дөхүүлээд өгөөч” хэмээн гуйлаа.

Чухам яагаадыг бүү мэд, Баяр тэгэхэд Болдод итгэсэн юм. Анх хараад айж цочин, сэжиглэж байсан тээврийн тэрэгний жолооч маань нэг л мэдэхэд тэрхүү “алдаж яваа эрд” өөрийн хуучин муу хүрэм, өмдөө илүүчлээд зогссонгүй, маргааш нь өөр тийш зам салахдаа замын машинд хэдэн литр бензин хийж өгч байж шинэхэн танилаа дайсан ажгуу. Бас замын бэл болгон хэдэн төгрөг авч өгөхөд Болдын нүдэнд нулимс цийлэгнэж ирснээ “Баяртай, ах аа. Танд их баярлалаа. Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Дахиад уулзана биз дээ” хэмээн хэлээд салж билээ.Ачааны тэрэгний тэвшин дээр суугаад хөдлөхдөө тэрээр яг түрүүнийх шиг гунигтай инээсээр гар даллан одсонсон.

Баяр ийн бодлогошрон суутал Болд ам нээж “Ах аа, би танд эр хүний замын хүзүү урт. Дахиад уулзана гэж хэлсэн байх аа. Таньтай дахиад уулзаж чадна гэдэгтээ би итгэлтэй байсан. Харин ээжтэйгээ л уулзаж чадахгүй байх вий хэмээн санаа зовж байлаа” гээд тамхи асаан бодлогошров.

Тэгээд? Тэгээд уулзаж чадсан уу? хэмээн асуумаар байсан ч Баяр асууж зүрхэлсэнгүй. Хэрвээ уулзаагүй гэвэл тэрээр юу гэх билээ. Тийм тохиолдолд яагаад ч юм Баяр өөрөө буруутай болох юм шиг нэг л их сонин санагдаад явчихав. Болд тамхиа уртаа гэгч сорон уушигласнаа яриагаа үргэлжлүүлж,

– Тантай ямар ч гэсэн дахиад уулзаж, баярлалаа гэж хэлнэ хэмээн би ээждээ амалсан юм. Магадгүй, ээжтэйгээ амьд уулзаж, толгойг нь түшиж чадсан минь тухайн үед миний амьдралдаа хийсэн хамгийн том гавьяа байсан байх. Намайг очоод удаагүй байхад эрлийн хэсэг араас минь ирсэн. Гэхдээ тэд намайг авч яваагүй.Би ээжийнхээ ажил явдалд оролцоод буцсан шүү гэхэд нөгөө л гунигтай инээд нүүрэнд нь зурс гээд өнгөрлөө.

-Хоёр жилийн өмнө суллагдаад нутагтаа очсон. Амьдрал маань ч овоо жигдэрч байна. Маргааш нөгөө “байсан” газраараа нэг дайраад буцна. Надад итгэсэн сайхан хүмүүсийн итгэлийг дааж, дахиж алдахгүй эр хүн шиг амьдарна аа гэж би ээжийнхээ шарилын өмнө өөртөө тангарагласан юм.

Одоо дүү чинь дахиж алдахгүй ээ гэж хэлээд Болд Баяр луу харан инээмсэглэв.Түүний царайд өмнө нь Баярын санаанд үлдсэн тэрхүү гунигтай инээмсэглэл биш, харин өөртөө итгэсэн залуу хүний жаргалтай инээмсэглэл тодорч байлаа.

Маргааш нь мань жолооч санаандгүй учралаар таарсан “муу” дүүгээ,

-Дүү минь, ах нь жолооч хүн болохоор алтан шар зам өлзийтэй байг ээ гэсэн ерөөл хэлэх дуртай. Миний дүүгийн амьдралын алтан шар зам өлзийтэй байг хэмээн ерөөсөөр үдлээ.

М.АМАРБАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хаадын тоглоом” шилдэг цувралаар шалгарчээ

АНУын Калифорни муж улсын ЛосАнжелес хотын “Майкрософт” театрт даваа гаригийн орой болсон 70 дахь удаагийн “Эмми” наадмаас телевизийн “HBO” сувгийн уран бүтээл “Хаадын тоглоом” цуврал кино шилдгээр шалгарчээ. Жорж Р.Р.Мартинийн уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хаадын тоглоом” цуврал кино нь “Шилдэг цуврал” хэмээх шагналыг гурав дахь удаагаа хүртэж байгаа юм. Өмнө нь 2015, 2016 онд дараалан хүртэж байсан аж. Мөн уг цувралын жүжигчин Питер Динклаж “Шилдэг эрэгтэй туслах дүр”ийн шагналыг хүртсэн нь түүний гурав дахь “Эмми” болжээ. Тэрбээр энэ төрөлд долоон удаа нэр дэвшиж, 2011 болон 2015 онд энэ шагналын эзнээр тодорч байсан байна. Тирион Ланнистерын дүрийг бүтээгч Питер Динклэйж шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал, мөн телевизийн шилдэг техникийн бүтээлийн шагналыг хүртжээ. Техникийн номинациудад “Хаадын тоглоом” кино нийтдээ есөн шагнал хүртсэн байна.

Энэ киноны гол дүрийн нэг Тирион Ланнистерын дүрийг бүтээсэн Питер Динклэйж эхнэр Эрика Смитийн хамт

Тааварлашгүй байдлаараа олон хүний сонирхлыг татсан “Хаан ширээний тоглоом” цуврал “Вестерос” нутгийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэх гэр бүлийн талаар өгүүлдэг. “War­ner Bros”ийн уран зөгнөлт, драм төрлийн энэхүү цуврал кино нь зохиолч Дэвид Биниофф, Д.Б.Уайсс нарын хамтын бүтээл юм. Уг киноны зохиолч Жорж Р.Р.Мартины анх бичсэн уран зөгнөлт “Мөс ба галын дуу” номноос сэдэвлэн үндсэн гурван агуулгын хүрээнд бүтээжээ. Хаант суудлыг эзлэх, эсвэл түүнээс зайлсхийж тусгаар тогтнох гэж оролдож буй овог удмын язгууртнуудын хоорондын тэмцэл маргаан, сөргөөлдөөний тухай эхний хэсэгт өгүүлнэ. Хоёр дахь хэсэг нь хаант улс нуран унаж, овог удмын сүүлийн хаан ширээг буцаан авах оролдлогын талаар өгүүлдэг аж. Сүүлийн хэсэг нь алс холоос ирж буй аймшигт хүмүүс, домгийн амьтдаас хаант улсыг хамгаалж буй ахан дүүсийн нөхөрлөлийн талаар өгүүлдэг төдийгүй аль ч цаг үед хүмүүс хоорондоо нэгдэж нягтрахгүйгээр хүн төрөлхтний эсрэг бий болж болзошгүй аюул заналын өмнө сөхрөх болно. Тэр үед хэн эрх мэдэлтэй байхаас үл хамааран бүгд сүйрэх болно гэх санааг дэвшүүлжээ. Киноны зураг авалтыг Хойд Ирланд, Канад, Хорват, Исланд, Испани зэрэг улсад хийсэн байна. Цувралын эхний анги 2011 оны дөрөвдүгээр сарын 15нд HBO сувгаар гарч, хамгийн сүүлийн цуврал болох долдугаар цуврал нь 2017 оны наймдугаар сарын 27нд гарсан билээ. Харин төгсгөлийн бүлэг болох наймдугаар цуврал нь 2019 онд гарах юм байна. Тус цуврал кино 20152018 оны хооронд “Emmy Awards”аас нийт 47 шагнал аваад байна. Энэ нь телевизийн цуврал бүтээлүүд дотроос хамгийн өндөр амжилтад тооцогдож байгаа юм. Киноны зураг авалтын үеэр танилцсан жүжигчид буюу Кит Харингтон, Роуз Лесли нар энэ оны зургадугаар сард хуримаа хийсэн билээ.

Америкийн телевизийн “Эмми”н шагнал гардуулах ёслолыг үзэж сонирхсон хүмүүсийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 10,5 хувиар буурч, түүхэндээ хамгийн бага үзүүлэлттэй байсан хэмээн судалгааны багийнхан хэлжээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг АНУд 10,17 сая орчим хүн үзсэн бол өнгөрсөн жил 11,4 сая хүн үзэж байжээ. “Эмми” –н шагнал гардуулах ёслолыг үзсэн үзэгчдийн тоо 2016 онд хамгийн бага үзүүлэлттэйд тооцогдож байсан бол энэ жил үзэгчдийн тоо өмнөх амжилтыг эвдсэн байна.

Бэлтгэсэн Б.НОМИН-ЭРДЭНЭ

Э.АНХМАА

Categories
мэдээ цаг-үе

Хэрлэн сумын Хоёрдугаар сургуулийн 1998 оны төгсөгчид

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 1998 оны төгсөгчид энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Нэг нэгнээ гэх сэтгэл нь яг л хүүхэд насныхаараа хадгалагдан үлдсэн энэхүү ангийнхан өнөө жил 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ. Тус тусын ажил амьдралаа хөөн 20 жилийг ардаа орхисон ч тэдний бие биенээ гэх сэтгэл юунаас ч илүү халуун дотно байгааг хараад олзуурхан суусныг нуух юун. Тус анги нь 13 хөвгүүн, 22 охинтой. Хичээл сурлага, урлаг спортдоо сайн төдийгүй эв найрамдалтай, нийтэч хамт олон гэдгээрээ сургуульдаа онцгой байж. Бага ангийн багш Л.Өлзийбаяр, дунд, ахлах ангийн багш Д.Бортолгой нар нь тэднийг ийн суурь сайтай, нийтэч хамт олон болгон хүмүүжүүлжээ. Мөн ангийн дарга П.Мөнхбаярын зохион байгуулалт сайтайнх ч нөлөөлсөн аж. Бага ангийн багш Л.Өлзийбаяр “1988 онд Хэрлэн сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 1Б ангийг удирдаж байлаа. Манай ангийнхан сургуулиас зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцоно. Хичээл номондоо сайн, урлаг спортоор тэргүүлэгч их сайн хүүхдүүд байсан. Сургуулиа төгсөөд ч хүүхдүүд минь бүгдээрээ ажил мэргэжилтэй сайн сайхан явна. Үүнд нь л их баярлаж явдаг юм даа. Би нийт арван анги төгсгөсөн. Нийтдээ 36 жил ажилласан. Эд нар маань миний дааж авсан дөрөв дэх ангийн шавь нар юм. Миний шавь нар дотроос хамгийн их бие биенээ гэдэг, жаргал, зовлонг нь хуваалцдаг, нэгнийгээ орхидоггүй, нөхөрсөг, хамт олонч хүүхдүүд дээ” гэв. Л.Өлзийбаяр багш хэдийнэ гавьяаныхаа амралтад гарчээ. Тэрээр ханийнхаа хамт Чингис хотдоо амьдарч байна. Мөн анги даасан багш Д.Бортолгой нь гавьяаныхаа амралтад гарч, хоёр хүүгийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд хотод амьдарч байгаа юм байна.

10Б ангийнханд сурагч ахуй үеийн олон дурсамжууд бий. Түүний нэг нь ангийн хөвгүүд төгсөх жилээ урлагийн үзлэгээрээ “бут” авсан мөч юм. “Камертон” хамтлагийн “18 нас” дуу хит болж байх үед ангийн хөвгүүд уг дууг сонгон дуулахаар болжээ. Хэдий ам барьсан ч хит дууг тун дүрдээ орж дуулсан учир үзэгчид тэднийг халуун алга ташилтаар мялаасан байна. Мөн тэдэнд бүргэдийн сүнс хэмээн бодож түүнээсээ айн Дулааны энгэр дээрх тариан талбайгаас Хэнтий аймаг хүртэл гүйж туулсан үе ч бий. Үнэн хэрэг дээрээ хөвгүүд нь охидыгоо айлгахаар л тийм зүйл сэдсэн хэрэг.

Тус ангийн сурагч, “Шаглаа” салоны захирал Б.Болорцэцэгийг урлаг соёлын төлөөллүүд андахгүй. Учир нь түүний урлаж, шагласан гоёмсог хийц загвар бүхий хувцас, хэрэгслүүд сүүлийн үед хийгдэж буй дэлгэцийн уран бүтээлүүдийг чимсээр байгаа юм. Тухайлбал, “Яг түүн шиг” шоуны оролцогчдын дүр хувиргалтад түүний урласан хувцаснууд тун чухал үүрэгтэй. Тэрээр “Манай ангийнхан арван жилээ төгсөхдөө бүгдээрээ их, дээд сургуулийн хувиар авч байлаа. Тэр дундаа манай анги инженерүүд олонтой шүү. Өнөөдөр бүгд л сайн сайхан явцгааж байгаад нь их баярладаг юм. Манай ангийн дарга П.Мөнхбаяр эхнэр, охины хамт Улаанбаатар хотноо амьдарч байна. Мөнжиг маань ШУТИС-ийн ЭХИС-ийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Одоо “Оюу толгой”-д Өндөр хүчдэлийн багийн ахлах инженерээр ажиллаж байна. Ангийн анд Л.Мөнх-Од мөн л нийслэлдээ аж төрж байна. МУИС-ийг ЭЗДС-ийг Инженер мэргэжлээр төгссөн. “Монгол ногоо” төслийн удирдагчдаар ажиллаж байгаа. П.Агиймаа ШУТИС-ийг Хүнсний технологич, инженер мэргэжлээр дүүргэсэн. Одоо “Витафит” ХХК-д мэргэжлээрээ ажилладаг. П.Баяржаргал маань ХААИС-ийг Газрын кадастрын инженер мэргэжлээр төгсөөд “МСМ” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Д.Сайнбаяр маань мөн л ХААИС-ийн ЭЗС-ийг Инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо “Монгол Базальт” ХХК-д менежерээр ажилладаг. О.Амгалан-Эрдэнэ “Аварга” БТДС-ийг Багш, арга зүйч мэргэжлээр төгсөөд мэргэжлийнхээ дагуу 111 дүгээр сургуульд ажиллаж байна. С.Энхмөнх маань Чингис хотноо гэр бүлийн хамт амьдарч байгаа. Тэрээр ШУТИС-ийн ҮТС-ийг Үйлдвэрлэлийн технологич, инженер мэргэжлээр төгссөн. “Албан журмын даатгагчдын холбоо”-ны зүүн бүсийн ахлах мэргэжилтний албыг хашиж байна. Н.Алтантөгс гэр бүлийн хамт Чингис хотноо амьдардаг.

Төгөө маань ХААИС-ийн БНМС-ийг Мал зүйч мэргэжлээр төгссөн. Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-д Нарийн бичгийн даргаар ажилладаг. С.Адьяа Улаанбаатар хотноо гэр бүлийн хамт амьдарч, хувиараа бизнес эрхэлж байна. А.Урангуа ИЗИС, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хөдөлмөр хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Б.Саранбумба Дорноговь аймгийн АУК-ийг Их эмч мэргэжлээр төгссөн. Одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нярайн эмчээр ажиллаж байгаа. Г.Энхцолмон МУБИС-ийн МТС-ийг Мэдээлэл зүй, математикийн багш мэргэжлээр төгссөн. Одоогоор Хэнтий аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн технологийн сургуульд Математикийн багш мэргэжлээр ажиллаж байна. Х.Нандин-Эрдэнэ ХААИС-ийг хүнсний инженер, технологич мэргэжлээр төгссөн. Хэрлэн сумын ЗДТГ-т Нийгмийн ажилтнаар ажилладаг. С.Наранцэцэг гэр бүлийн хамт Хэнтий аймагтаа мал маллан амьдарч байна. Б.Наранхүү “Монголжингоо” дээд сургуулийг Гоо засалч мэргэжлээр төгссөн. Одоо “Baigal beauty” ХХК-д Гоо сайханч мэргэжлээр ажиллаж байна. Б.Хадхүү ОУЭЗБДС-ийг Нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, одоо Хэнтий аймгийн “Хаан банк”-нд аж ахуйн нярваар ажиллаж байгаа. С.Пүрэвсүрэн гэр бүлийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдарч байна. Тэрээр “Улаанбаатар эрдэм” дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, Өвөрхангай аймгийн Онцгой байдлыг газар мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ахлах дэслэгч цолтой. Л.Энхзаяа маань Сонгино хайрхан дүүргийн 149 дүгээр цэцэрлэгт багшилдаг. Б.Солонго МУИС-ийн МКС-ийг Хэрэглээний математикч мэргэжлээр дүүргэсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Өгөгдлийн сангийн дизайнераар ажиллаж байна. Ж.Байгалмаа маань тогооч болсон. Одоо “Элит Мандал” ХХК-д кассчинаар ажилладаг. Ц.Батболд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-д жолоочоор ажиллаж байна. Д.Гандаваа ШУТИС-ийн КТМС-ийг Программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Иргэний нисэхийн техникийн албанд технологич инженерээр ажилладаг. Х.Гандулам маань гэр бүлийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амьдардаг. ХААИС-ийг Инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж Дэлгэрхаан суманд Татварын улсын байцаагчаар ажиллаж байна. С.Одонцэцэг МУИС-ийн ГЗБФС-ийг Геологич мэргэжлээр дүүргэсэн. Одоогоор Үндэсний Аудитын газар Аудитороор ажиллаж байна” гэлээ. Мөн Б.Болорцэцэг “Би ангийнхаа С.Энхтуяад тун их баярлаж явдаг юм. Ээжийн минь бие муу байхад эмнэлэгт надтай хамт сахиж байлаа. Ангийнханд минь дуулгаж хүнд хэцүү тэр үед мөн ч их тусалсан даа. Ер нь манай Туяа угаасаа л тийм сайхан хүн. Анги хамт олонд минь зовлон, жаргал юу л болно тэр бүхнийг Туяа хэдийнэ мэдчихсэн бидэнд хэл дуулгана. Ангийнхныхаа дугаарыг дэвтэр дээрээ дурайтал биччихсэн байна. Хэрэв Туяа минь байгаагүй бол энэ ангийнхан өдий болтол яг л арван жилийнх шигээ ойр дотно байгаа ч билүү. Тиймдээ ч Туяагаа анги хамт олныгоо холбодог гагнаас гэж боддог доо” хэмээн ярилаа. Ангийн охидууд багш нараасаа гэхээс илүү хөвгүүдээсээ ихэд эмээдэг байжээ. Учир нь форумаа өмсөөгүй эсвэл хумсаа урт ургуулчихвал хөвгүүддээ хамгийн их зэмлүүлдэг байж. “Та нар форумаа насаараа өмсөхгүй. Тийм байтал форумгүй ирэх юм гээд л” хэвлүүхэн гэгч нь зэмлэдэг байсан хэмээн ангийн охидууд нь дурссан.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нярайн эмч Б.Саранбумба “Бүжиг болоход манай ангийн хөвгүүд түрүүлж босож бүжиглэнэ гэж огт байхгүй. Харин цагаан бүжиг бүжиглэхээр охидууд нь хөвгүүдээ урьдаг учраас цагаан бүжиг бүжиглэе л гэцгээнэ. Тийм л ичимхий байж дээ” гэв. Мөн тэрээр “Манай ангийнхан олимпиадад их оролцдог байлаа. Тэр дундаа ангиараа монгол бичигийн олимпиадад ч оролцсон. Л.Өлзийбаяр багш маань бид нараар маш их хуулан бичлэг хийлгэдэг байж билээ. Өдөрт л 12 хуудастай дэвтрийг дуусгадаг байсан. Өглөө 8:00 цагаас хичээл ордог байхад бид 6:00 цагт ирж хичээлээ давтдаг байлаа. Багш минь биднийг сургахын тулд тэгж их сэтгэл зүтгэл гаргадаг байж дээ. Манай ангиас С.Одонцэцэг маань арван жилээ алтан медальтай төгссөн. Хичээлдээ маш сайн мундаг сурагч байлаа” хэмээсэн юм.

10Б ангийнхан 20 жилийн ойгоороо нутаг усандаа очицгоож, үе үеийн багш нартайгаа уулзсанаас гадна бусдын төлөө, тэр дундаа бяцхан хүүхдүүдийн төлөө нэгэн сайн үйлс хийжээ. Ахлах ангийн Д.Бортолгой багшийнхаа хамтаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт яаралтай тусламжийн тэргэнцэр, нярайн зүрхний хэмнэл, хүчилтөрөгчийн хэмжээ хянагч болон сахарын хэмжээг тогтоодог глюкозметр, пульсоксометр гэх багаж, хэрэгслийг гардуулан өгчээ. Зөвхөн өөрсдөө баярлаж, цэнгэхээ бодох бус бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гаргасан нь эмнэлгийн хамт олон болон нутаг усныхныг нь ихэд баярлуулсан байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Энхболд: Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч нь чадварлаг, мэргэшсэн төрийн алба байх ёстой

Улс төр судлаач, Улс төр судлалын докторант, Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн Төрийн бодлогын сургуулийн магистр (MPA) Б.Энхболдтой ярилцлаа.


-Төрийн албаны мерит зарчимын талаар ярилцлагаа эхэлье. Төр хариуцлагатай, сайн засаглалтай байхын гол тулгуур нь чадварлаг боловсон хүчин. Гэтэл манай төрийн алба бизнес болж хувирсан гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Бидний жишээ болгон ярьдаг хөгжиж чадсан орнуудын хамгийн гол нэг давуу тал хүний нөөц, боловсон хүчнийхээ бодлогод анхаарч авьяас чадвар, хичээл зүтгэл дээр нь тулгуурлан төрийн албан хаагчдаа тогтвортой ажиллуулж чаддагтай холбоотой. Манайд үүнийг засах оролдлого үе, үе хийдэг боловч улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилтийн схемээсээ болж хийж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хэдий 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын 3.1.3. т “чадахуйн зарчим (мерит)” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан боловч уг хуулийнхаа гуравдугаар зүйл дэх Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэгтээ ажилласан жилийн хатуу босго тавьж өгснөөрөө мерит зарчим, шатлан дэвшүүлэх буюу карьерын зарчим хоёрынхоо тэнцвэрийг алдагдуулсан.

-Яаж тэр вэ?

-Төрийн албаны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. Тэгэхээр төрд заавал мэргэжилтнээр ороод ийм хэмжээний хугацаа зарцуулж байж ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, дүүрэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн дарга болно гэсэн үг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа манайхан батлаад цөөнгүй жил болж “Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя”, “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье” гэж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчнийг ийм хатуу босго тавьж өөрөөс нь доор боловсролтой ахлах мэргэжилтэн болон даргын доор ийм хугацаанд ажилла гэвэл хэдэн чадварлаг боловсон хүчин ажиллах бол. Тэд чинь бас өөрийн гэсэн үнэлэмжтэй хүмүүс.

-Монгол Улс хөгжихгүй байгаа гол шалтгааныг төрийн албатай холбож тайлбарлаад байдаг. Гэтэл төрийн алба маань сонгуулиас сонгуулийн хооронд дөрөвхөн жилийн цикльтэй байдаг. Ийм байхад чадварлаг боловсон хүчин төрийн алба руу шигдээд байхгүй нь мэдээж. Гадаад дотоодод төгссөн чадварлаг мэргэжилтнүүдийг хувийн хэвшлээс төрийн алба руу урвуулж төрийн албаа сайжруулах тухай яриа ч бас байдаг?

-Манай улсын хувьд хүн ам цөөнтэй сонгуулийн циклиэр улс төр нь савлаж байдаг учир төрийн албанд аль болох хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан ч юмуу, гадаадад сурч ажиллаж байсан чадварлаг боловсон хүчин орж ажиллаж салхи оруулахыг дэмжиж байх ёстой. Зарим хүмүүс Солонгос, Японтой жишиж яг ийм шатлалаар олон жил зарцуулах ёстой гэж ярьдаг боловч ид хөгжлийнхөө эхэн үед уян хатан системтэй байж аль болох олон хүнийг гадаадад сургаж, тэдэндээ хариуцлага үүрүүлэн албан тушаалд томилж байж хөгжсөн байдаг. Улс орнуудын хөгжлийн түвшин онцлог гэж их чухал харгалзах ёстой хүчин зүйл шүү. Уг төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг харахад мерит зарчмыг хадгалах гээд байгаа юм шиг харагдавч төрд олон жил болж бугшсан алдаа ч гаргадаггүй, ажил ч хийдэггүй, бүр дарга сайддаа ч захирагдахгүй болж бүлэглэсэн дунд шатны хүнд сурталтай дарга нарыг дэмжсэн зохицуулалт л болсон. Нөгөө талаар төрд тэдэн жил ажилласан байна гэж заагаад орхичихгүй, заавал тийм зэрэг дэвийн ажил тэдэн жил хийж дэвшинэ гэж байгаа нь дөрвөн жил тутам савладаг улс төрийн онцлогтой, савлагаатай улсад хэрэгжихгүй заалт болсон.

-Төрийн албаны шинэ хуулиар төрийн албанд олон жил тасралтгүй тогтвор суурьшилтай ажилласан хүнийг зэрэг дэв ахиулна гэжээ. Энэ бол төрийн албыг чанаржуулах сайн заалт юм биш үү?

-Энэ хуулийн 26.3, 23.2-т “Ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж зааснаас аваад үзэхэд хамгийн хурдандаа одоо мэргэжилтнээр төрийн албанд орж ажиллах хүн найман жил тасралтгүй дэвшин тогтвортой ажиллаж байж яамны хэлтэс, газрын дарга болохоор байна. Хамгийн хурднаараа амжилттай явахад шүү дээ. Яг хуулийн заалтаараа бол яамны газар, хэлтсийн дарга болоход 12 жил төрд ажилласан үүнээс дөрвөн жил нь яамны тасаг албаны даргын түвшний ажил хийсэн байх ёстой. Энэ тавиад байгаа шаардлагуудыг хэн хангаж чадах вэ тэд төрийн албаны томоохон шинэтгэлийг хийж үргэлжлүүлэхэд хангалттай тархиа цэнэглэж чадаж байгаа юу хамгийн гол нь тийм хүсэл тэмүүлэл байна уу гэдэг том асуудал шүү.

Мөн Төрийн албаны хуультай хамт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д нэмэлт, өөрчлөлт оруулсан заалт болох “Аймаг нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” гэсэн заалт хэрэгжиж эхэлнэ. Энэ нь төлөөлөгчөөр сонгогдсон улс төрийн албан хаагч тамгын газрын дарга, хэлтсийн дарга, агентлагийн дарга, хурлын нарийн бичгийн дарга гэх мэт төрийн мэргэшсэн албан хаагчийн ажлыг давхар эрхэлж болно гэсэн үг. Ийм нөхцөлд мерит зарчим мэргэшсэн төрийн албаны тухай ярихад хэцүү л дээ.

-Төрийн албан хаагчид ёс суртахуунтай, ёс зүйтэй байна гэдэг. Гэтэл тэд хараалын үг урсгаж, бүдүүлэг авир гаргах нь энүүхэнд. Сүүлдээ бүр нэг нэгийгээ хөнөөдөг боллоо?

-Монгол Улсад төрийн албаны шинэтгэл 1995 оноос хойш шат дараалалтай явагдаж, тодорхой нэг өөрчлөлт шинэчлэлд хүрч байгаа. Гэвч үүнийг хангалттай гэж үзэхэд хэцүү юм. Сонгууль бүрийн дараа халаа сэлгээ, зодоон нүдээн, эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан одоо сүүлдээ бие биенийхээ амь насанд халдаж байна. Намжсан шахааны албан хаагчид үндсэндээ Монголын төрийн албыг дампууруулж дууслаа.

-Намжсан төрийн албанаас чадварлаг төрийн албатай болоход ямар гарц байж болох вэ. Судлаач хүний хувьд гадаадын сайн туршлагаас хуваалцахгүй юу?

-Ерөөсөө л төрийн албаны мерит зарчмыг ёс төдий хуульчлах биш юм. Харин уг зарчмыг зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байж Сингапурын мэргэшсэн төрийн албаны систем бүрэлдсэн байна. Төрийн алба нь нэр хүндтэй, улс орныхоо хөгжлийг нийгмийн хөгжилтэй уяж, шинэчлэлийн араас чирэгдэх бус харин ч байнгын тогтвортой манлайллыг үзүүлж байдаг. Сингапурын төрийн албаны туршлагаас хэдэн санаа дурдаж гарц эрэлхийлье л дээ.

Нам, төрийн алба хоёрынхоо үйл ажиллагааг заагласан шиг зааглаж хэн чадвартай, хэн шалгалт шүүлгээ давж өөрийгөө тасралтгүй хөгжүүлж чадсаныг нь л төрийн албанд ажиллуулдаг.Тус улсад Төрийн албаны богино хугацааны мэргэжүүлэх коллеж гэж бий. Төрд ажиллаж буй нийт 124 мянган албан хаагчдаа байнгын сургалтад хамруулж, зөвлөгөө өгдөг тус коллеж нь Засгийн газрынхаа харьяанд байдаг. Дотоод нөөц бололцоогоо ашиглаад зогсохгүй дэлхийн бусад улс орнуудтай хамтарч төрийн албан хаагчдад хууль эрх зүйн үйлчилгээ, зөвлөгөө, манлайллын үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ коллежийн сургалт сайн байж, төрийн албан хаагчдаа нийгмийн ч, технологийн ч шинэчлэлд тасралтгүй бэлтгэх нь, Сингапурын төрийн албаны нүүр царай, хөгжил дэвшил, ёс суртахууны төлөвшил нь болж өгдөг.

-Манай улсад ч бас ийм сургууль байгаа, тэр нь Удирдлагын академи биз дээ?

-Тийм ээ. Гэхдээ тус академи нь энэ үүргийг гүйцэтгэдэг ч өнөөдрийн хувьд, бизнесийн, нийгмийн гэх мэт тарамдсан олон чиглэлээр сургалт явуулахын зэрэгцээ төрийн албанд “дарга” болох сонирхолтой намын гишүүдийг бэлтгэх өрөөсгөл хандлагатай болчихоод байгаа нь нууц биш. Сингапурын дээрх коллеж нь зөвхөн төрийн албан хаагчдад зориулсан сургалт явуулдаг. Сургалтад суусан оролцоо үнэлгээг нь нарийн тооцохын зэрэгцээ үүнийг нь улирлын урамшуулал, албан тушаал дэвших, буурах боломжтой нь харгалзан үздэгээрээ давуу талтай. Иймд төрийн албан хаагчдаа “дарга” болох хүслийг нь харгалзаж, эс бол намын харьяаллаар нь дэмжих бус харин төрийн албан хаагч хэнийг ч гэсэн дахин суралцах, дэвших боломжоор нь Сингапурын жишгээр хангахыг чухалчлах ёстой юм. Энэ бол суралцагч төрийн мөн чанар хийгээд давуу тал.

-Сингапур улс төрийн албан хаагчдаасаа ямар ур чадвар шаарддаг юм бол?

-Тус улсад хичнээн мундаг Ерөнхий сайд, сайд, дарга байсан ч төрийн алба гэдэг систем нь сайн ажиллаж өгөхгүй бол мотор нь доголддог машин л гэсэн үг гэдгийг ч сайтар ойлгосон байна. Өөрөөр хэлбэл, чадварлаг төрийн алба бол Сингапурын зүрх юм. Манай улсын хувьд ч үүнтэй агаар нэг байх ёстой. Тухайн улс орны хөгжлийн нэг тулгуур багана нь чадварлаг төр юм. Тиймээс ч төрийн албан хаагчдаасаа дараахь чадваруудыг шаарддаг. Төрдөө авьяас чадвартайг нь шилж сонгон ажиллуулаад тодорхой хугацааны дараа өөр дүйцэх ажилд сэлгэн ажиллуулдаг. Ажил дээрээ ахиц гаргасан ур чадварын түвшинг нь хагас жил бүр дүгнэн урамшуулал олгох, албан тушаал бууруулах, дэвшүүлэх шийдвэр гаргахдаа заавал харгалздаг тогтолцоотой. Зөвхөн цалин олгоод зогсохгүй эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан дунджаас арай өндөр хангамж өгнө. Харин хяналтыг маш сайн тавьж чаддаг тогтолцоотой. Итгэл бас хариуцлага алдвал очих газар нь тодорхой гэдгийг ойлгуулсан шиг ойлгуулна.Мөн эдийн засгийн ийм тийм онол, зөв буруу гэж эцэс төгсгөлгүй маргахаасаа илүү, “Энэ бодлого шийдвэр манай улсад хэрэгтэй юу. Хэрэгтэй бол хэрэгжүүлье” гэсэн ажил хэрэгч тууштай зан чанар байх ёстой гэж үздэг. Дээрээс нь хууль дээдлэх, авлигалаас ангид байх шаардлага бол хамгийн хатуу мөрддөг зарчим нь. Үүн дээр нэмээд төрийн түвшинд шийдвэр гаргах албан тушаалтнуудаасаа давхар хэд хэдэн зарчмыг шаарддаг. Тулгарсан асуудлуудаа нисдэг тэрэгнээс харж байгаа юм шиг тоймлон тод томруун, өргөн хүрээ, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаар нь харж чаддаг байх. Тоймлон харж чадсан төлөвлөгөөгөө задлан дүгнэж аюул эрсдэл, нөөц боломжоо тооцож чаддаг байх.Тулгарсан асуудлаа шийдэх гарцыг өөр өнцгөөс шинэ хандлагаар төсөөлөн харж чаддаг байх.Гаргаж буй шийдвэр, дүгнэлт нь хөрсөн дээр буусан, уянгын халил багатай, бодит үр дүн авчирсан байхыг шаарддаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын индрээс уриалж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

· Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн.

· Бид энх тайван, аюулгүй байдлын төлөөх бусад улс орнуудын санал санаачлага, үйл ажиллагааг тууштай дэмжиж, энэ байгууллагын хариуцлагатай гишүүн орон байхыг ямагт чармайж ирсэн.

· 1992 оноос нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхаглаж, эл статусаа баталгаажуулсаар ирсэн нь бүс нутаг болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд бидний оруулсан хувь нэмрийн нэгээхэн хэсэг билээ.

· Монголчууд бид энх тайван, амар амгалан байдал үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орон, ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг.

· Монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээ авсанд бид бахархалтай байдаг.

· НҮБ-д цэрэг хандивлагч эхний 30 улсын нэг, хүн амдаа харьцуулсан энхийг сахиулагчдын тоогоороо түүнээс ч илүү эрэмбэтэй Монгол Улс цаашид ч энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байна

· 2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ.

· Бид болзошгүй гамшгийн аюулд өртөх эмзэг байдлаа арилгах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажилладаг.

· Энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг амжилттай зохион байгууллаа

· Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэх, тэдний зүгээс бүс нутгийн хэмжээнд гаргасан санаачилгыг анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцох байр суурь баримталдаг.

· Монгол бол хэдэн мянган жилийн түүхэндээ шашны болоод үндэстэн хоорондын дайн гаргаж байгаагүй цөөн улсын нэг юм.

· Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд маш сургамжтай юм.

· Азийн Буддистуудын энх тайвны бага хурал шиг яриа хэлэлцээний механизмын орон зай үгүйлэгдэж байна.

· Зүүн Хойд Ази болон Төв Азийг холбож буй улсын хувьд Шашны эрх чөлөөний чуулганыг ирэх онд өөрийн эх орондоо зохион байгуулах санал, санаачилга гаргаж буйгаа НҮБ-ын индэр дээрээс мэдэгдэж байна.

· “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д Монгол Улс 2030 он гэхэд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.

· Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ.

· Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм.

· “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

· Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдож, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

· Монгол Улсын иргэдийн боловсролын түвшин харьцангуй өндөр, улсын төсвийн хоёрдахь том багц нь боловсролын салбарын төсөв байгаа нь төр засгаас хүний хөгжилд байнга тэргүүлэх ач холбогдол өгч ирсний илрэл юм.

· Монгол Улсын санаачилга, манлайллаар Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийлээ

· Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын эрхэм индэр дээрээс уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хэт өндөр хүчдэл дамжуулах шугам буюу UHV гэж юу вэ

БНХАУ-ын хэт өндөр цахилгаан дамжуулах шугамын урсгалын дунд болон урт хугацааны төлөвлөгөө буюу Азийг бүхэлд нь эрчим хүчээр хангах улс дамнасан аварга том “Азийн супер сүлжээ”.

Эрчим хүч гаргахын тулд эрчим хүчний эх үүсвэрийг зөөгөөд байх шаардлагагүй болжээ. Уран, усан цахилгаан станц, нар салхи, нүүрс нь хаана байна, тэнд нь л эрчим хүч үйлдвэрлээд хэрэгтэй газарт нь хүргэж өгөх шинэ шийдэл Азид хүчээ авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ шинэ технологийг соргог мэдэрч Монголоос олон мянган километр алдагдалгүй цахилгааныг кабелиар дамжуулан авч болно гэдэг саналыг Зүүн хойд Азийн улсуудад санал болгоод байгаа билээ.

БНХАУ-ын “State Grid” компани 1500 км цахилгааныг зургаахан хувийн алдагдалтайгаар дамжуулдаг төхөөрөмжийг хэдхэн жилийн өмнө бүтээсэн нь асар их хэмнэлт, ашиг авчраад байгаа юм. Одоогоор тус компани 1000-аас дээш километрт цахилгаан дамжуулдаг 14 шугамыг ажиллуулаад байгаа юм байна. Эрчим хүчийг 3300 км радиус дотор хаана үйлдвэрлэснээсээ үл хамаарч, маш бага алдагдалтай дамжуулж байгаа нь өнөөдрийн хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамын хүрч байгаа дээд урт гэж хэлж болно.

“State Grid” компани эрчим хүч үйлдвэрлэлээрээ 2018 оны байдлаар дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм. 927 мянган ажилчинтай, 1.1 тэрбум хэрэглэгчтэй уг компани өмнөх хоёр жилд 363 тэрбум ам.долларын орлого олжээ. Тус компани 2002 оноос үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийж 1000 кВт-ын Ultra-high voltage буюу хэт өндөр хүчдэл дамжуулах шугамын ажлаа эхлүүлсэн байдаг.

500 кВт хүртэл өсгөсөн хүчдэлийг UHV дэд станцын шугамд холбож UHV автотрансформатороор 1000 кВ хүртэл нэмэгдүүлэх зарчмаар эрчим хүчийг хувиргадаг юм байна. Ингэснээр дахин дамжуулах болон завсрын холболтоос үүсдэг элдэв зардал ихээхэн багасч, цахилгаан дамжуулах чадал нэмэгдэж, эрчим хүчний сүлжээний тогтвортой байдал сайжирчээ.

UHV дэд станц

UHV трансформатор (хувьсгуур) бол цахилгаан станцыг UHV эрчим хүчний сүлжээнд холбох үндсэн төхөөрөмж. 2010 онд эхний UHV шатлалт трансформаторыг боловсруулсан бөгөөд тогтвортой гүйцэтгэлтэйгээрээ дэлхийн шинэ рекордыг тогтоожээ.

2020 он гэхэд одоо байгуулаад буй 14 шугам дээр нэмж дахин шугам барих агаад ± 1100 кВт UHV дамжуулах системийг бий болгохоор зорьж байгаа юм байна. Ингэснээр энэхүү систем нь дэлхийн хамгийн өндөр хүчдэлийг дамжуулах хүчин чадалтай (12000МВт), хамгийн урт буюу 3300 км газарт дамжуулах аж. БНХАУ-ын байгуулж буй UHV цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэр бүхий станцуудаас бүрдэх юм байна.

Одоогоор нийт 5350 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Уг цогцолбор руу Монгол Улсаас 1500 км хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татахаар төлөвлөжээ. Уг төслийн хөрөнгө оруулалтад ойролцоогоор долоон тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо бий. Төслийн хүрээнд нийт 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ордыг түшиглэн жилд 20 сая тонн орчим нүүрс олборлох тооцоог гаргаад байгаа юм байна.

Хятадын инженер, эрдэмтдийн бүтээсэн UHV системийг анхлан зохиосон шалтгаан нь утаанаас ангижрахын тулд хийсэн ажил гэж үзэж болох талтай гэнэ. Учир нь Бээжин болон бусад хотыг битүү бүрхсэн утааг багасгахын тулд баруун хойд талын нүүрсний уурхайнуудтай UHV буюу хэт өндөр хүчдэлийн дамжуулах шугамаар холбосон нь маш өндөр үр дүн авчирсан юм. Өөрөөр хэлбэл Өмнөд Монгол, Шаньси мужид нүүрсээ шатааж цахилгааныг нь Бээжин, Шанхай руу дамжуулж байгаа гэсэн үг. Ийм дамжуулах шугамыг нийт 27 ширхэгийг барьж байж тус улс дотоодын асуудлаа бүрэн шийдэх аж. UHV дамжуулах шугамын хамгийн урт нь манайхтай хиллэдэг Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Хамигаас зүүн эргийн Жэнжоу хот хүртэлх 2100 км газар байх гэнэ.