Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ийг зорилоо

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ долоодугаар сарын 2-8-нд Хорватын нийслэл Загребт болно. Хөвгүүдийн 24, охидын 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцохоор болсон бөгөөд Монголын багийн түрүүч (хөвгүүд) өчигдөр Хорватын нийслэлийг зорилоо.

Манай улсаас хөвгүүдийн 45 кг-ын жинд С.Жигүүр (Дорноговь), 48 кг-д Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Э.Төгсжаргал (хоёул Хасу-Мегастарс), 60 кг-д М.Сүхбат (Говийн бөх), 65 кг-д О.Сүлдхүү, 71 кг-д А.Цэрэн-Очир (хоёул Хасу-Мегастарс), 80 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 110 кг-д Н.Алтанбагана (БТСДуС), охидын 40 кг-д Э.Буман-Аюуш (Баянхонгор), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Д.Отгонжаргал, 49 кг-д М.Мөнхгэрэл, 53 кг-д Б.Эрдэнэсувд (бүгд Женко), 57 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор), 61 кг-д Б.Оюунгэрэл (Завхан), 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ (БТСДуС), 73 кг-д Д.Цогзолмаа (Говийн бөх) нар Загребийн дэвжээнд зодоглоно.

Багийн дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан болон П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Н.Баатар (Сонгинохайрхан дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа нар явах юм.

Өсвөр үеийн ДАШТ-ээс манай улсын тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Зун сонинуудын ихэнх нь амардаг, захиалагчид анхаарах хэрэгтэй

Мянга мянган захиалагч, уншигчдадаа энэ үгийг хэлье гэж хэлж байна. “Өдрийн сонин” зогсолтгүй ажиллаж байна. Ажилласаар ч байх болно. Нийгэмд хүлээлт дагуулсан ямар л асуудал босно манай редакцийн утас үнэндээ улайсдаг. Сүүлд гэхэд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан… нарын талаар та нар илүү ихээр мэдээлээд өгөөч ээ… хэмээн шахдаг. Эхнэр хүүхэд, ээж аавынх нь зангирсан ярилцлагуудыг цаг алдалгүй нийгэмд хүргэсээр байхад л “Дахиад, дахиад дуугараач. Танай сониноос өөр үнэнийг хэлээд өгөх газар алга байна шүү дээ” гэх хүмүүсийн бухимдалд заримдаа “Манай сонин үүнээс илүү яах юм бэ, редакци бүх чадлаараа хөдөлж байна шүү дээ” хэмээн хэлэх үе ч гарах л юм. Өнгөрсөн 20 жилд Монголын нийгэмд хүний эрх зөрчигдсөн ямар л үйл явдал болно “Өдрийн сонин” өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсарга үл ажран тэдний төлөө зүтгэсэн. Бидний мянга мянган захиалагч, уншигчдынхаа өмнө хүлээсэн маш том үүрэг хариуцлагын нэг нь энэ юм. Өнөөдөр хүмүүс утас компьютераа салгаад амрах тухай ярьж байна. Энэ улс оронд юу болоод байгааг зөвхөн манай сониноос авдаг уншигчдын өмнө редакци маань амрах эрх байхгүй. Ийм хариуцлагатай, мэргэжлийн редакци үнэндээ энэ улс оронд байгаад монголчууд минь баярладаг юм аа. О.Дашбалбарын нэг үг байдаг, “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэж. “Өдрийн сонин” Монголын нийгэмд өмөг түшиг нь, сайн муу бүх цаг үед дэргэд нь байж чаддаг мэдээллийн суваг нь байсаар байна.

“Өдрийн сонин”-ы редакцийн зүгээс энэ зуны тухайд анхаарлын төвдөө яс тас байлгах хэд хэдэн асуудлууд бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль бол аж ахуй эрхэлж буй бүх хүмүүст амь нас шиг нь хэрэгтэй. Тийм болохоор энэ хууль яагаад буцсан тал дээр онцгой анхаарч байна. Наад зах нь “Жаст”-ын Батхүү шоронд бие нь их тааруу байгааг “Өдрийн сонин” хором ч анхаарлаасаа гаргаж болохгүй. Бүх хүнд хүний эрх хамаатай. Ардчилал, хүний эрх, хүн бүрийн бизнес хийж мөнгө олох эрх чөлөө… Ер нь нийгмийн бүх л тулгамдсан асуудал бидний сэдэв байж, бид манаж, хууль ёсны, зөв, хариуцлагатай байлгах тал руу нийтлэлийн бодлогоо чиглүүлж явна.

Энэ бүх үүрэг хариуцлагыг маань олон мянган уншигчид сайн мэддэг. Мэддэг ч болохоор олон жил “Өдрийн сонин” Монголын брэнд хэвлэлийн байр сууриа хадагласаар ирлээ. Одоо зуны улирал эхэлж монголчууд налайх, назгайрах талдаа орлоо. Нийгмийн энэ хандлагыг дагаад сонин хэвлэлийн редакциуд ч амраад явчихдаг болсон. Ачааны хүндийг үүрсэнээрээ “Өдрийн сонин” үлддэгийг захиалагчид маань бас мэднэ. Орчин үед сошиал мэдээлэлтэй болсноор сонин хэвлэл устана гэсэн яриа гарсан. Гэвч хүн төрөлхтөн үнэнтэй эвлэрч эхэлсэн. Сошиал сүлжээнд үнэн бодит мэдээлэл алга, зөвхөн хувь хүний үзэл бодлын индэр байсныг бид хууль ёсны, мэргэжлийн хэвлэлийн редакциудтайгаа андуурч байж гэдгээ. Сошиал ертөнц дэх энэ эх захгүй мэдээлэл дотор хүн төрөлхтөн мэдээллийн төөрөгдөлд орж, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхгүй нэлээн удаан явлаа. Сошиал дотроос үнэн мэдээллийг ялгаж авдаг Шинжлэх ухаан хүртэл бий болохдоо хүрэв. Нийгмийн сүлжээнд худал, гуйвуулсан, засвартай мэдээллүүд 90 хувь нь байдгийг тогтоосноор тэдний нэр хүнд навс унав. Энэ нь сонинуудад гайхалтай эергээр нөлөөлж, цаасан хэвлэлүүдийн нэр хүнд хурдацтайгаар өсөх процесс дэлхийд явагдаж эхэллээ.

Германы жишээ байна л даа. Тэндхийн судалгаагаар авто замын буруу тэмдэглэгээгээр иргэн хүн 100 км буруу явсан бол тэрхүү замын тэмдэглэгээг үйлдсэн байгууллага тухайн иргэнд их хэмжээний төлбөр төлдөг. Үүнтэй адил Хууль зүйн яамнаасаа тамга тэмдэг авсан сонины редакци буруу мэдээлэл цацаад, түүнээс болж иргэн хохирсон бол яг энэ замын тэмдэгийг буруу хийсэн байгууллагатай адилхан хариуцлага хүлээнэ. Харин сошиал мэдээлэл бол “Энэ сайн чанарын өндөг байна” гэж мэдээлээд түүнээс нь иргэн хордсон бол хариуцлага хүлээх боломжгүй,тэр иргэн амь насаараа ч хохирч болно. Сонинд энэхүү өндөгний мэдээлэл гарсан бол хариуцлага хүлээх учраас тус сонины редакци мэдээлэхгүй нь тодорхой. Энэ мэт эрх зүйн харьцуулалтыг айхавтар хийх болжээ. Тийм учраас Германд мэргэжлийн редакцитай сонины мэдээлэлд л зөвхөн итгэх ёстой гэдгийг тус улс хуульчлан тунхаглажээ.

Одоо шинжлэх ухаанч байр сууринаас сонинд ач холбогдол өгч буй Японы жишээг дурдъя. Дэлхийд хамгийн их цахимжсан тус улс сонины мэдээлэлд илүү ач холбогдол өгдөг болсноо тайлбарлахдаа хүн мэдрэлдээ сөрөг нөлөөгүй мэдээлэл авах ганц хэрэгсэл бол сонин хэмээн үзжээ. Ингээд айл өрх, албан байгууллага бүрт сонин хэвлэл хүргэх дэд бүтцээ улам сайжруулж, түүнд ажиллах боловсон хүчний тоо нэмэгдсээр байгаа аж. Гар утаснаас мэдээлэл авахдаа хүн мэдрэлийн системдээ хэдэн зуу дахин ачаалал авч тархины эд эсээ үхүүлж байгааг, сонин уншиж тархиндаа ямарч ачаалалгүйгээр мэдээлэлтэй болж байгаа судалгаануудыг Японы эрдэмтэд гаргасан байна лээ.

Дэлхийн улс орон бүрт брэнд сонинуудынх нь нэр хүнд асар ихээр өсч буй үйл явц ид өрнөж байна. Америкт “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Аsahi Shim­bun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, “The Times”, Францын “Le Monde” гэхчлэн брэнд сонинууд дээр л зөвхөн тухайн орны төр засгийн мэдээллүүд гарч, ард түмэн түүнд нь итгэн хүлээж авдаг болжээ. Нийгмийн сэтгэл зүй эдгээр сониныг албан ёсны эх сурвалж хэмээн итгэдэг болсон байна. Монгол Улсын хувьд ч мөн адил “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” … зэрэг хэдхэн өдөр тутмын сонин хэвлэл ард түмний итгэл найдварыг дааж байна. Хөгжсөн, хөгжиж буй улс оронд фэйсбүүк хүртэл тухайн орны хамгийн баталгаатай эх сурвалж болох сонин сэтгүүлээс мэдээллээ цуглуулахыг мэдэгдэж, youtube ч гэсэн баталгаагүй мэдээллийг авахаа больж, сошиал дахь хуурамч мэдээллийг таньдаг шинжлэх ухааны дэвшил нэвтэрч, худал мэдээллийг хянах программчлалыг ашиглах боллоо.

Монголын нийгэмд цаасан хэвлэлүүд, буурь суурьтай гол хэдэн сонинд итгэх итгэл сэргэж байгаагийн наад захын нэг жишээг дурдаж болно. Отгонтэнгэр хайрханд 17 уулчин осолдлоо гэх мэдээлэл сошиалд битүү явсан. Ийм олноороо, нэг дор яаж байх юм бэ… Худлаа байх аа гэсэн эргэлзээ бас битүү байсан. Ийм эргэлзээн дунд “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн баг газар дээрээс нь, цаг алдалгүй сурвалжлагаа хүргэж эхлэхэд нийгэм сая итгэж “Өдрийн сонин”-д гарчихаж үнэн байжээ” хэмээн сонины редакци руу шуурч, монгол даяар шуугьж эхэлсэн билээ. Мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн редакци гэж үүнийг хэлнэ. Ийм л мэргэжлийн редакцид хүмүүсийн итгэх итгэл сэргэж, үүнийгээ дагаад нийгмийн сэтгэл зүй цаасан хэвлэл, сонин руу хошуурч байгаа юм билээ. “Цахим хэвлэлд итгэх арга алга, тавьсан мэдээллээрээ яаж ч хуурч болдог, яаж ч өөрчлөн сольж болдог, баримт, зураг, дүрс бичлэг, үг үсэг, утга санаа… Бүгдийг минут, секунд тутам өөрчилж, дуурайлгаж, сольж болдогоороо аймшигтай” гэдгийг хүн төрөлхтөн алхам тутамдаа мэдэрч ойлгосоор байна. Монголд цахим мэдээлэл илүү замбараагүй болж, хуурамч мэдээллийн цунами үүслээ хэмээн иргэд ярьж байгаа. Монголчуудын цахим сүлжээнд, цахим мэдээллийн сувгуудад итгэх итгэл нэгэнт алдарсан нь “Өдрийн сонин”-д эхлээд гаргачихмаар байна, хүмүүс итгэнэ, түүний дараа сайтуудад өгье, сошиалд тавья гэх манай сонины редакцид хандсан маш их урсгалаас харж болно.

Өнгөрсөн цаг хугацаанд маш олон сонин Монголд гарсан. Бараг мөнгөтэй хүн бүхэн сонинтой болох гэж үзсэн. Гэвч үнэн зөв мэдээлдэг нь үлддэг, брэнд нь үлддэг зах зээлийн хууль үйлчиллээ. Телевиз бий болсноор кино театр байхгүй болно гэсэн шиг, сошиал гарч ирсэнээр сонин устана гэсэн нь худлаа болов. Хүн төрөлхтөн бий болгосон өндөр соёлоосоо хэзээ ч татгалздаггүй юм байна. Өнөөдөр хүмүүс өөрийн гараараа захидал бичих, өглөөг сонин уншсанаар эхлүүлдэг соёлдоо эргээд орж эхэллээ.

Монголын соёлт хүн бүрийн ширээн дээр өглөөний цай, “Өдрийн сонин” хоёр хамтдаа байдаг боллоо. Өөдрөг амьдрахыг хүссэн хүн “Өдрийн сонин”-ыг сугавчилан алхаж явдаг боллоо. Дэлхийн бүх улс оронд хамгийн тулхтай хүний үг, төрийн бодлого хоёр нь брэнд сониных нь нүүрэнд гардаг билээ. “Өдрийн сонин” өглөө бүхэн тантай хамт шүү.


Categories
мэдээ нийгэм

АТГ:20 мянган ам.долларын хахуулийн хэргээр цагдаагийн удирдах албан тушаалтныг шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хахууль авсан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тэрбээр эл хахуулийн хэрэгт ганцаараа оролцоогүй бөгөөд хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж буй аж.

Түүнийг Бусдаас их хэмжээний хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-т заасан үндэслэлээр цагдан хорих санал НПГ-аас ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүэд хэлэлцсэн бөгөөд шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, цагдаагийн дэд хурандаа С.Батзаяаг нэг сарын хугацаанд 461-р хорих ангид цагдан хориод байгаа юм байна. Үүнтэй зэрэгцэн ЦЕГ-ын дарга тушаалаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ЭЦА-ны Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өмнө нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаал хашсан, хурандаа Г.Эрдэнэбаатар гэж хүнийг томилсон талаар эх сурвалж мэдээллээ.

АТГ-аас энэ талаар тодруулж түүнтэй хамт өөр ямар хүмүүс холбогдон шалгуулж байгааг тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй. Учир нь уг хэрэгт одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, хэн нэгнийг яллагдагчаар татаагүй, дөнгөж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болохоор бас хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй гэх хариулт өгсөн юм.

Дэд хурандаа С.Батзаяагийн хувьд 2001 онд Цагдаагийн академи төгсөж, Булган аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөн байцаагч зэрэг албан тушаал хашиж байгаад дээрх хэлтэс байгуулагдахад даргаар нь томилогдон ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн захиргааны байгууллагуудад зардлаа хэмнэх шинэ боломж нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д дэвшүүлсэн “төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх” зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.6 “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, 5.2.3 “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагаас үзүүлж буй 47 үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлээд байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 16, Нийслэлийн Архивын газрын 20, Газрын албаны 2, Аялал жуулчлалын газрын 7, Байгаль орчны газрын 2 үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэн иргэдийн цаг завыг хэмнэж, асуудлыг шийдвэрлэх хугацааг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагуудын үйлчилгээний процессыг дахин загварчлан улмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд үе шаттай хөгжүүлэх ажил эхлээд байна.

2018 оны 11 дүгээр сард төрийн үйлчилгээг авахтай холбоотой мэдээлэл, онлайн төлбөрийн систем бүхий иргэн таньд зориулсан портал бэлэн болно.

Энэ чиглэлээр хэрэгжиж буй томоохон төсөл, арга хэмжээг дурьдвал:

Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэглэж буй програм хангамжуудыг холбож, нэгдсэн платформыг шинээр бий болгох, үе шаттай хөгжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн мэдээллийн санг үүсгэж эцэг эхчүүдийг мэдээллээр хангах гар утасны аппликейшн хөгжүүлж, бүртгэлийн системийн нэмэлт хөгжүүлэлт хийж нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх,
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэн үе шаттай хөгжүүлэх.

Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нээлттэй Улаанбаатар https://open.ulaanbaatar.mn системийг 2018 оны 1 дүгээр улиралд хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг системд нийслэлийн нутгийн захиргааны 47 байгууллагын нийт 167 хөрөнгө оруулалтын ажлын тендерийн мэдээ мэдээллийн явцыг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэн ажиллаж байна.

Цахим төлбөр, тооцооны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 450 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, түүнтэй холбоотой олон төрлийн мэдээ, мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Смарткар” системийн хөгжүүлэлтийн 3-р үе шатыг эхлүүлж шинээр 9 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх юм. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлын хүрээнд Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mnцахим хуудсанд хандаж, цаг хугацааг хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой болсон. 2018 оны 2 дугаар улирлын байдлаар SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар хандан 18’004 иргэд 1’590’367’504 төгрөгийг төлсөн байна. Цаашид www.smartcar.mn системийг өргөжүүлэн Авто тээврийн хэрэгслийн жолоочийн жолоодох эрхийн оноог шалгах, эзэмшигчийн утасны дугаараар холбогдох, авто тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нийслэлийн байгууллагын мэдээлэл авах, торгуулийн төлбөрийг онлайнаар төлөх зэрэг үйлчилгээг нэмж оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахим системээр зохион байгуулж байсан бөгөөд энэ систем нэвтэрснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэн, олон хоногоор хонож бүртгүүлдэг байдлыг халж, бүртгүүлэхэд эцэг эхчүүдээс бичиг баримт шаардахыг зогсоож, элсэлттэй холбоотой цэцэрлэгүүдэд үүсдэг ажлын ачааллыг бууруулсан зэрэг тулгамдсан асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн юм. Мөн орон зайн мэдээллийн системд суурилсан дундын мэдээллийн сантай холбосноор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн цэцэрлэгийн хүчин чадал, боломж бололцоог тодорхойлох, цаашид эрэлт нийлүүлэлтийг тооцоолон анализ хийх, мэдээллийн нэгдсэн сантай болсон. Энэ жилийн хувьд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт бүртгүүлэх 2-5 насны хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар бүртгэж, элсэлтийг зохион байгуулан явуулна. Мөн түүнчлэн цэцэрлэгт явж буй 3-5 насны хуучин хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулдаг байдлыг цахимаар шийдвэрлэнэ.

Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, дэд сангууд үүсгэх, хяналт удирдлагад дүн шинжилгээ хийж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр

Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн санд 2018 онд Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газруудын мэдээллийн дэд сангуудыг үүсгэж, дүн шинжилгээ хийж боловсруулснаар Улаанбаатар хотын орон зайн өгөгдөлийн дэд бүтэц нэмэгдэн баяжиж өгөгдөл мэдээллийн давхардал арилах, тооцоо судалгаа, шийдвэр гаргалтыг газар зүйн байршлаар олон улсын стандартын дагуу нарийвчлан тооцоолол хийх, хотын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн санд тулгуурлан хийх, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломж бүрдэх юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн 4 салбарт төр, хувийн хэвшлийн 44 байгууллагын 282 албан хаагч ажиллаж 2016-2018 онд Засгийн газрын яамд, агентлагийн 12 үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны 26 байгууллагын 320 үйлчилгээг 2.,813,543 иргэн хуулийн этгээдэд үзүүлсэн байна. Нийслэлийн цахим албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийг нутгийн захиргааны 1021 байгууллагын 16000 албан хаагч хэрэглэж байгаа бөгөөд цахим бичиг баримтын урсгал 2017-2018 оны 1-р улирлын байдлаар 205,208 байна.

Албан хэрэг хөтлөлтийн систем, байгууллагын архивын системийн нэмэлт, хөгжүүлэлт, системийн аюулгүй ажиллагааг хангах програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлт, тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан хэрэг хөтлөлтийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг үйлчилгээ, албан бичиг, иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүллээ. Ингэснээр үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардлыг багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, үйлчилгээний хүртээмж чанар сайжирч цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой болсон бөгөөд 2018 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бичиг баримт боловсруулах 3000 албан хаагчдад тоон гарын үсэг олгохоор ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад цахим шилжилтийг нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлсэнээр зардлыг хэмнэж байгаагийн жишээг дараах зургаас харах боломжтой.

Төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Арван настай хүү тогонд цохиулж нас баржээ

Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороололд арван настай хүүхэд гадаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Яг одоо цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албаныхан хэргийн газарт үзлэг хийж байна” гэсэн мэдээллийг өглөө. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач эмийн сангийн төмөр хашлаганд хүрч тогонд цохиулан амиа алдсан бөгөөд хашлаганд тогны масстай утас ил байсан гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Агаарын тээврийн салбарыг либералчилснаар гадаад валют орж ирэх суваг нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Засгийн газраас оруулж ирсэн хувьчлагдах төрийн өмчийн жагсаалт олон хүнд хардлага дагуулсан асуудал болоод байгаа. Өмч хувьчлалыг ухаалгаар зохион байгуулж чадсан улс орнуудын ядуу иргэд нь дундаж давхаргатан болж, амьжиргааных нь түвшин дээшилсэн сайн жишээ байдаг. Тэгвэл манай орон төрийн өмчийг ард түмэндээ хүртээмжтэй байдлаар яаж хувьчлах ёстой вэ?

-Манай улсын иргэд хувийн өмчтэй байх эрх үүссэн цагаас хойш 30-аад жил болох гэж байна. Төрийн өмчийн томоохон объектуудыг хувьчилсан процессыг түүхэн үүднээс авч үзэх юм бол холын дурсамж биш. Тухайн үед улсын үйлдвэрүүдийг хувьчлахад мэдээлэлд ойрхон хүмүүс нь давуу талтай байсан. Одоо ингээд харахаар өмч хувьчлалыг явуулахдаа хууль зөрчөөгүй юм шиг боловч шударга бус байжээ.

Иргэд ягаан, цэнхэр тасалбараа худалдаж байх үедээ өмч хувьчлах эрхээ зарж байгаа гэдгээ ойлгоогүй байх л даа. Тиймээс иргэд хууртагдсан юм шиг хандлага нийгэмд байна гэж хардаг. Магадгүй өмч хувьчлал зөв зүйтэй явагдаагүйгээс нийгэмд баян, хоосны ялгаа их байгаагийн суурь болж өгсөн байх талтай. Харин өнөөдөр хувьчлал яригдангуут тэдгээр төрийн өмчүүдийн үнэлгээний асуудал, худалдаж авч болзошгүй байгаа эздийн тухай гээд ихэнхдээ хардсан өнцгөөр харж байгаа хүн олон байна. Одоо яригдаж байгаа обьектуудаас авто замын арчилалттай холбоотой үйлчилгээг хувьчилж, эзэнжүүлэх нь чухал. Мөн агаарын тээврийн либералчлал аялал болоод үйлчилгээний салбарт гадаад валют орж ирэх суваг нээгдэхэд том үүрэг гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн үр өгөөжийг нь бодох юм бол өмч хувьчлалыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ Төрийн банк болон Хөрөнгийн биржийн үнэлгээг доогуур оруулж ирсэн нь эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Манайх ашигт малтмал, байгалийн баялаг дээр тулгуурласан эдийн засагтай улсын хувьд шууд бусаар иргэдэдээ ашгийг нь өгөх нь зөв арга гэж боддог. Норвеги улсын хувьд газрын тосны хийн компаниуд байна. Тэдгээрийн дийлэнх хувь нь төрийн өмчид байдаг. Гол нь ашигт малтмалаас олж байгаа орлогоороо баялгийн сан үүсгэсэн. Баялгийн сангаараа дэлхий нийтэд хамгийн ашигтай гэсэн компаниудад хөрөнгө оруулж, тэндээсээ буцаж ашиг орлого олох замаар ард түмэндээ хүртээдэг. Тэгэхэээр баялгийн сангийн хуримтлал нь банкин дахь хадгаламжийнхаа хүүг хэрэглээд явдагтай адил зарчмаар олон нийтэд хамгийн хүртээмжтэй зөв менежмэнт хийж байгаа жишээ юм. Манай улсын хувьд хөрөнгийн биржээрээ дамжуулаад томоохон компаниудын хувьцааг гаргах ёстой. Эхний ээлжинд хувьцааг үнэ төлбөргүй олгодог ч юм уу. Тэр хувьцаагаа иргэд шууд өнөөдрийн жижиг хэрэгцээндээ зарцуулаад ашиглахгүй, тэндээс орж ирэх ногдол ашгаа хүртээд явах тэр сэтгэлгээг суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

-Иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг хомс болохоор орж ирэх үр өгөөжийг нь тэр бүр мэддэггүй. Төрийн өмчүүдийг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд хувьчлалыг зөв явуулж чадвал баян хоосны ялгаа арилах том хөшүүрэг болно биз дээ. Энэ үүднээс авч үзвэл Хөрөнгийн биржийн хувьчлал дээр та ямар саналтай байна вэ?

-Хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чухал үүрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тэнд арилжаалагдаж байгаа компаниудын хувьд зарим үед идэвхждэг. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компани Монголын хөрөнгийн биржээр зарим хувьцаагаа арилжаалж эхэллээ гэж байна. Өөр хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд манайхаар хувьцаагаа арилжаалж эхлэх юм бол иргэдэд тухайн компанийн хөрөнгийг эзэмших боломж бүрдэнэ. Тэр үүднээс иргэд хөрөнгийн зах зээл дээр оролцоотой байх маш чухал суваг нь юм. Хөрөнгийн биржийн бүртгэлийн системийн программыг тодорхой өртөгтэй авсан. Энэ нь хөрөнгийн биржийн үнэлгээнд ороод явах ёстой. Манайх Лондон, Хонконгийн хөрөнгийн биржтэй хос бүртгэл гаргах гэрээ хэлэлцээ хийгдсэн байгаа. Бас төрийн өмчийн Хөрөнгийн биржээс гадна хувийн бирж бий болсон. Аль бирж дээр нь хувьцаагаа гаргавал олон хүнд хүрэх үү, арилжаа сайн хийгдэх үү, хувьцаа үнэд хүрэх үү гэдэгт компани болгон өөрийн гэсэн бодлоготой, байр суурьтай байдаг. Тэгэхээр Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайжрах тусам манайхаар хувьцаагаа арилжаалах сонирхолтой компаниудын тоо ч нэмэгдэнэ. Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ ресурс”-ын арилжаа сайн хийгдсэн байна лээ. Худалдаж авах санал гаргаж байгаа хувьцаанаасаа давж ирнэ гэдэг бол хүмүүсийн сонирхол төдий чинээ өндөр байна гэсэн үг. Бас дотоодын IT компанийн хувьцаа арилжаалагдсан. Ер нь Хөрөнгийн бирж нэлээд хөдөлгөөнтэй байгаа. Тэгэхээр үнэ цэнэ нь дээшилнэ.

Дараагийн хүлээгдэж байгаа том хувьцаа бол Таван толгой байна. Охин компаниудынх нь хувьцааг гаргавал Хөрөнгийн биржийн гүйцэтгэх үүрэг их болно. Тиймээс Хөрөнгийн биржийнхээ хувьчлалын асуудлыг хариуцлагатай хийх хэрэгтэй.

-Төрийн банкны хувьчлалын асуудал нэлээд хэл ам дагуулж байна. Жишээлбэл, Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү энэ банкийг авах уу гээд чуулганы танхимд ширүүхэн дуугарсан. Зарим гишүүд Төрийн банкийг хувьчлах шаардлагагүй, тусгай зориулалтын банк болгох ёстой гэх юм. Уг нь ард түмэн банкинд хувьцаа эзэмшвэл ногдол ашиг хүртэхээс гадна өөрийнхөө хөрөнгийг хянаж, үйл ажиллагааг нь сайжрах механизм бүрдэх юм биш үү?

-Банкны салбар анхаарлын төвд байгаа. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хугацаанд манай банкны салбарт чанарын үнэлгээ хийгдсэн. Зарим банкийг эрсдэлтэй байх магадлалтай. Активаа нэмэгдүүлэх ёстой гэх зэрэг зөвлөмжүүд өгөгдсөн. Ерөнхийдөө банкны салбарын нийт чадамж аажим аажмаар сайжирч байгаа гэж харагдаж байна. Өмнө санхүүгийн зах зээл хямрахад хэд хэдэн банк дампуурч байсан. Тэр болгонд төр аварч, босгосон шүү дээ. Энэ утгаараа төр сайн менежмэнт хийж Төрийн банкыг ашигтай ажиллуулж чадсан гэж харагдаж байгаа. Үнэлгээний тухайд орон нутагт олон салбартай. Наад зах нь тэдгээр салбаруудын иргэдэд хүрч ажиллаж чадаж байгаа байдал, олон харилцагчийн итгэлийг даагаад явж буй нь үнэ цэнтэй. Гэтэл сая хувьчлах жагсаалтад оруулахдаа үнэлгээ нь бага хийгдсэн гэж санагдсан. Хангалттай мэдээлэл өгөөгүйгээс гишүүд бухимдаж байгаа байх.

-Та ярилцлагынхаа эхэнд агаарын тээврийн салбарыг либералчлах ёстой гэж онцолсон. МИАТ компанийн хувьд дандаа алдагдалтай ажилладаг гээд байнга хувьчлалын асуудал нь хөндөгдсөөр ирсэн. Энэ үйлчилгээ хувьд очвол ямар боломжууд харагдаж байна вэ?

-МИАТ-ийн үйлчилгээ болон санхүүг нь эрүүл явж чаддаг уу гэдэгт асар их маргаантай байдаг. Ялангуяа онгоцны түлшний нийлүүлэлт, үнэ нь зах зээлийн зарчмаар явж ирж байна уу гэдгийг олон хүн хөнддөг. Хоёрдугаарт, дотоод менежмэнт нь асуудалтай. Барууны томоохон авиа компаниудын ажиллагсад нь жилд нэг удаа үнэгүй аялах эрхтэй байдаг. Эсвэл гэр бүлийнх нь бусад хүмүүст хямдралтай үнээр билет авах эрх олгодог. Гэтэл МИАТ компани тухайд гэр бүлийнхнээсээ гадна бусад хүмүүсийг үнэ төлбөргүй зорчуулах эрх өгсөн гэхчилэн мэдээлэл явж байна л даа. Хэрэв энэ үнэн бол МИАТ ашигггүй ажиллаад байгаагийн бас нэг пакт юм биш үү. Гуравдугаарт, энэ компанийн худалдан авалтуудад аудит нягталж үзэх ёстой байх. Бид МИАТ компаниар зорчиж байхад билет байхгүй гэсэн мөртлөө онгоцонд орохоор сул суудал олон байх жишээтэй. Яагаад ийм олон сул суудалтай байж билет олддоггүй юм гэхээр “Зарим тохиолдолд өөр газар очоод буучихаад буцахдаа түлш дүүргэдэг учраас даац хэтэрнэ гээд хүн авдаггүй” гэх тайлбар өгч байгаа. Энэ байдлыг хувьчилж байж л засч, залруулна. “МИАТ-ийг хувьчилбал авах эзэн нь тодорхой” гэх яриа бий. Үнэндээ хэн гэдгийг нь мэдэхгүй. Ер нь агаарын тээврийн компани маань либералчлагдаад зах зээл нь өөрөө эрүүл, олон оролцогчтой байж үүнийг дагаад энэ салбар сайн хөгжих ёстой. Гадаадын жуулчдын хувьд Монгол орон бол очихыг хүссэн хамгийн сонирхолтой газрын нэг. МИАТ компанийн үйлчилгээний хамгийн чухал нь орц, гарц. Цаашлаад бусад үйлчилгээний салбаруудаа тэтгэнэ. Тиймээс агаарын тээврийн салбараа либералчлах нь эерэг нөлөөтэй.

-Монгол шуудан, харилцаа холбоо зэрэг бусад төрийн өмчүүдийг хувьчлал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Шуудангийн харилцааг аваад үзье л дээ. Тойргийнхоо бүх иргэдэд мэндчилгээ явуулахдаа айл болгоны хаалгыг тог-шихоосоо илүү шуудангийн үйлчилгээг сонгосон юм. Төрийн үйлчилгээний нэг хэлбэр иргэдэд хүрч чадаж байна уу гэдгийг мэдэхийг хүссэн. Гэтэл олон хүн мэндчилгээ хүлээж аваагүй гэсэн. Тиймээс Монгол шуудангийн үйлчилгээ миний туршилтад дүнгээ авсан. Шуудангийн компани ашигтай ажиллах үндэс нь сайн үйлчилгээ шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

Улсын байцаагчийн нэрээр луйвар хийж байсан этгээдийг илрүүлэн шалгаж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан удаа дараагийн хэрэг гарсан. Энэ хэргийг Нийслэлийн Цагдаагийн газраас шалгаж,холбогдогчийг тогтоожээ. Тус этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байжээ.

Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулж байгаа тухай манай байгууллагад мэдэгдлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр авдаггүй, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдоорой.

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлстийн Эрүүгийн цагдаагийн тасагт хандаарай.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Categories
мэдээ спорт

“А” хэсгээс Уругвай нэгээр гарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “А” хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Тодруулбал, Урагвай-ОХУ-ын багуудын тоглолт “Космос Арена”-д болсон бол Саудын Араб-Египетийн багууд “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо.

Урагвай, ОХУ-ын багуудын хувьд хожсон нь хэсгээсээ нэгээр гарах тул маш хариуцлагатай тоглолт болсон. Харин Саудын араб болон Египетийн багуудын хувьд ДАШТ-ийг орхих нь тодорхой болсон хэдий ч аль алинд хожих нь чухал байв.

Ингээд эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.

Уругвай 3:0 ОХУ

ОХУ, Уругвайн тоглолт 3:0-ээр уругвайчуудын ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр тэд гурав дахь хожлоо байгуулж, 9 оноотойгоор “A” хэсгийг тэргүүлэв. Харин ОХУ-ын баг зургаан оноотойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарах болзлыг хангалаа.

Тоглолтын 10 дахь минутад Уругвайн шигшээ багийн тоглогч Луис Суарес хаалттай цохилтоос гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан бол 23 дахь минутад Оросын шигшээ багийн хагас хамгаалагч Денис Черышев өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, 2:0-ээр эхний үе өндөрлөсөн. Мөн нэгдүгээр үед Оросын шигшээ багийн хамгаалагч Смольников хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр талбайг чөлөөлсөн.

Хоёрдугаар үед Оросууд хэдий хүн дутуу ч идэвхтэй довтолж, онооны харьцааг ойртуулахыг хичээж байв. Гэсэн ч Уругвайн шигшээ багаас тоглолтын эцсийн мөчид Эдинсон Каван булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гоолдож, тооны харьцааг 3:0 болгож холдуулсан юм.

Саудын Араб 2:1 Египет

“A” хэсгийн сүүлийн тоглолт Саудын Араб, Египетийн багуудын хооронд өрнөж, Арабчууд 2:1-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Тоглотын эхний гоолыг 22 дахь минутад Египетийн шигшээ багийн довтлогч Мохамед Салах оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Тэгвэл нэгдүгээр үеийн нэмэлт цагт Саудын Арабын шигшээ багийн тоглогч Салман Аль Фараж 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн юм.

Ингээд тоглолтын эцсийн мөчид буюу 90 дэх минутад Саудын Арабын тоглогч Салем Аль-Досари тооны харьцааг 2:1 болгож, багтаа хожил авчирлаа.

Саудын Арабын шигшээ баг “А” хэсгийг нэг хожилтойгоор гуравдугаар байраар өндөрлүүлсэн бол Египетчүүд ганц ч хожил авч чадалгүй ДАШТ-ийг өндөрлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 26-нд болох үйл явдал

09.00 цагт “ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба Геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад танилцуулах чуулга уулзалт” ГХЯ-нд болно.

10.00 цагт “C1” телевизийн байранд Японы “CTV” телевизийн сэтгүүлч, мэдээний найруулагч О.Хонгорзул сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.

10.00 цагт Шинжлэх ухаан технологийн санд “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх” нь төслийн хүрээнд “Цөм технологийн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, нээлтэй танилцуулга” болно.

10.00 цагт НЗДТГ-т Хотын дарга С.Батболд нийслэлийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзана. Утас:91113191 88080750

11.00 цагт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 29, 30-нд “Чингисийн хүрээ” цогцолборт болох “Граунд гольф”-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 99105803

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа Татварын багц хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99027019, 88007709

11.00 цагт УДБЭТ-т НИТХ-аас “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан мансуурлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна.Утас:80063230

12.00 цагт Монгол Улсын Филармонийн байранд Морин хуурын олон улсын VI наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

16.00 цагт Монголын Үндэсний номын санд “Залуу судлаачдыг дэмжих сан”-гаас Монголч эрдэмтэн Ю.Кручкины “Монгол-Орос, Орос-Монгол толь бичиг” хандивлана.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой төслийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтэд хийж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Олимпын медальт тамирчдыг алдаршуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд “Олимпийн медалтнуудын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны Барселона олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож буй. Тиймээс “Олимпийн медалтнуудын холбоо”-ноос 50 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөснөө салбарын сайдад танилцууллаа.

Олимпийн наадмыг ирдээдүй хойчдоо сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг танилцуулав.

Салбарын сайд Ц.Цогзолмаа тэдний тавьсан саналыг бүрэн дэмжихээ илэрхийлээд “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпд бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хэрхэн хангах гээд олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Ерөнхий сайдын дэргэд ажиллах, орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулах цаг нь ирлээ.

Өнгөрсөн жил батлагдсан Спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч улс даяар ажиллана. Гэтэл зургаан сарын дараа хууль хэрэгжих байхад ажил эхлээгүй явна. Тиймээс та бүхэн энэ мэт бидний ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй” гэжээ.