Categories
мэдээ утга-зоxиол

Өв ном худалдаанд гарлаа

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул МУСГЗ нэрт ерөөлч магтаалч аман билигтэн Г.Оргойн ерөөл, зүйр цэцэн үг, оньсого, аман шог зэрэг монголын аман зохиолын төрлийг хамарсан эрдэм шинжилгээний дэлгэрэнгүй удирдтгалтайгаар эмхэтгэн уншигч олонд хүрч байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд санхүүгээр дэмжин эмхэтгэл номыг хэвлүүлэхэд хамтран ажилласан ба Өмнөговьчуудын түүх соёлыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

МУСГЗ нэрт ерөөлч магтаалч аман билигтэн Г.Оргойн ерөөл, магтаалын хэсгээс:

“…Эцэг өвгөдөөс уламжилсан
Эртний сайхан соёлоороо
Холын холдоо үргэлжилсэн
Хонгорын шаргал элсээрээ
Ховор нандин амьтад
Сүрэг сүргээрээ бэлчдэг
Халх даяар алдаршсан
Ханын хэцийн хүрэн тэмээтэй
Хонон өнжин саатмаар
Баян тансаг байгальтай
Өмнийн цэнхэр говь мину…” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн шалгалтыг 58 мянга 642 сурагч өгнө

ЕБС-ийн 5, 9,12 дугаар ангийг төгсөх сурагчдын улсын шалгалт тавдугаар сарын 28-нд Монгол хэлний хичээлээр эхэлж, энэ сарын 8-нд 12 дугаар ангийн гадаад хэлний хичээлээр дуусна.

Нийслэлийн Боловсролын газрын мэдээлснээр 2018 онд нийт 58 мянга 642 сурагч улсын шалгалт өгч байна. Үүнээс тавдугаар ангийн 748 бүлгийн 23.931 сурагч бага боловсрол эзэмших, есдүгээр ангийн 635 бүлгийн 18.590 сурагч суурь боловсрол эзэмших, 12 дугаар ангийн 585 бүлгийн 16.121 сурагч бүрэн дунд боловсрол эзэмших шалгалтад хамрах юм.
Сурагчдын улсын шалгалт дуустал МХЕГ-аас ЕБС-ийн 5, 9, 12 дугаар ангийн Монгол хэл, Математикийн хичээлийн стандартын хэрэгжилтэд тандалт судалгаа хийх тухай удирдамжийн дагуу орон даяар тандалт судалгаа явуулж байна. Энэ дагуу Налайх дүүргийн Чандмань эрдэнэ шашны бүрэн дунд сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургуулиудын улсын шалгалтад тандалт судалгаа хийжээ. Уг тандалт судалгааны явцад зөрчил илрээгүй аж.
Categories
мэдээ спорт

БНАСАУ, БНСУ зуны спортын тэмцээнд нэг далбаан дор жагсана

Монгол Улсад энэ сарын 08-10-нд болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНСУ, БНАСАУ-ын баг тамирчид нэг далбаан дор жагсах болжээ.

Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахалж байгаа юм. Уг хорооны ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тэмцээний бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Тэмцээний бэлтгэл хангадсан бөгөөд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн 8 орны баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Ингэснээр Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болж байгаа юм.
Мөн хуралдааны үеэр БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн баг, тамирчид нэг далбаан дор жагсах болсныг зохион байгуулагчид хэллээ. Энэ нь БНАСАУ, БНСУ зуны спортын тэмцээнд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол юм. Тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр Солонгосын Жүдо бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа аж.
Тэмцээнийг 8 улсын 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулах болжээ.
Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: ШХАБ-ыг улс төр, цэргийн эвсэл талаас нь дахин судлах шаардлагатай

Улсын Их Хурлын гишүүн Я. Содбаатартай ярилцлаа.


-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн орноор элсэх үү, үгүй юу гэдэг асуудал олны анхаарлыг их татаж байна. Засгийн газрын зүгээс ШХАБ-д элсэх цаг нь болсон гэж ярьсан. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн орноор элсэх эсэх асуудал бүх түвшинд яригдаж байна. Судлаачдын зарим нь элсэх нь зөв, зарим нь буруу гэсэн саналыг илэрхийлж байгаа. ШХАБ-ын талаар гарч байгаа мэдээллийг харахад манай улс тус байгууллагад элсэхгүй байх шалтгаанууд нь зөөлөрсөн юм болов уу гэж харагдаж байна. ШХАБ-д бид ажиглагч гишүүнээр олон жил явж байна. Өнгөрсөн жил Энэтхэг, Пакистан улс элссэн. Барууны орнуудын судлаачид тус байгууллагыг улс төр, цэргийн эвсэл талаас нь түлхүү хардаг. ШХАБ-ын зүгээс манайх цэрэг, улс төрийн эвсэл биш, харин бүсийн төрөлжсөн олон улсын байгууллага гэдэг тайлбарыг өгдөг. Нөгөөтэйгүүр элсэж байгаа гишүүнчлэлийг нь харахад нэг цэргийн эвсэлд байх боломжгүй орнууд элсээд эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Хятад, Пакистан, Энэтхэг, Орос нэг цэргийн эвсэлд нэгдэж орох орнууд биш л дээ. Тус байгууллага манай хоёр хөршийн бодлого дээр тулгуурлан барууны орнуудын эсрэг блок байдалтай явж ирсэн. Харин одоо илүү либералчлагдаад, бүс нутгийн чанартай болж. Энэтхэг, Пакистан гэх мэт улс ШХАБ-д элсэж, ардчилсан зарим орнууд элсэх хүсэлтээ тавьж эхэлж байна. Үүнээс харахад ШХАБ нь Ази, Европ, төв Азийн эдийн засгийн хөгжлийн том загвар, хэлбэрээр хөгжиж эхэлсэн гэж харж болно.

Энэ талаас нь харвал бүс нутгийн интегралчлалаас бид хоцрох ёсгүй юм. Энэ агуулгаар нь харвал Шанхай гэх нэршлээс илүүтэйгээр үйл ажиллагаанд нь идэвхтэй гишүүний байр сууринаас орж, бүс нутгийн эдийн засгийн үр шимээс тодорхой хэмжээгээр хүртэх, зарим төслүүдийг өөрийн орны нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх, бүс нутгийг дамнасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг боломж нөхцөлүүдийг энэ хүрээнд олж болохоор байна. Ийм өнцгөөр уг асуудалд хандвал зүгээр болов уу. Тиймээс ШХАБ-д элсэх эсэх асуудал одоогийн байдлаар судалгаа, хэлэлцүүлгийн үедээ явж байна. Яг элсэх үе шат төрийн тэргүүнээс эхлээд, Үндэсний аюулгүй байдал, Засгийн газар, УИХ гээд шат шатандаа хэлэлцээд асуудал шийдэгдэх ёстой. Энэ процесс хараахан эхлээгүй байна.

-Яг таны байр суурь ямар байгаа вэ. ШХАБ-ын гишүүн орон болох ёстой юу?

-Миний хувьд энэ асуудлыг олон талаас нь судалж үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Юутай ч тус байгууллага нь цэрэг, улс төрийн эвсэл биш гэдэг байр суурьтай улс, орнууд олон болж. Тиймээс тус байгууллагыг өөр өнцгөөр харах боломж, нөхцөлийг бидэнд нээж өгч байна уу даа гэж бодогдож байна. Нөгөөтэйгүүр ШХАБ-ын чуулган, хурлаар хэлэлцэгдэж буй асуудлыг нь харахад бүс нутгийг хамарсан том төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд яригдаад эхэлжээ. Эдийн засгаараа хөгжиж буй хамгийн том зах зээлтэй Энэтхэг тус байгууллагын гишүүн орон болчихлоо. Тиймээс эдийн засгийн үр өгөөж гэдэг талаас нь харвал ШХАБ-д элсэхэд буруудах зүйлгүй. ШХАБ-ыг улс төр, цэргийн эвсэл талаас нь дахин нарийн судалж үзэх шаардлагатай.

-Манай улс ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч орны байр сууринаас арав гаруй жил явж байгаа. Тус байгууллагад элсээгүй байснаараа бидэнд алдсан, оносон зүйл юу байна вэ?

-Манай бүс нутагт явагдаж байгаа хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүд, эдийн засгийн интегралчлал Монгол Улсыг тойроод байна л даа. Бидний олон жил ярьсан Ази, Европыг холбосон хийн хоолой, төмөр зам ч гэдэг юм уу, томоохон бүтээн байгуулалт биднийг тойроод байна. Энэ асуудлыг бид одоо нухацтай авч үзэх хэрэгтэй. Евразийн холбоо гэж байдаг. Тус холбооны Гаалийн холбоонд элсэж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах асуудлыг манай улс тавьж байна. Үүнийг хувьдаа зөв бодлого гэж харж байгаа. Тус холбоонд элсвэл Орос цаашлаад Европын орнууд руу мах гаргах гарц нээгдэнэ.

-Монгол Улс цаашид ШХАБ-д элсэхгүй байснаараа хохиролтой зүйл юу байна. Зарим судлаачид Монгол, Орос, Хятад улсууд гурван талд хэлэлцээр хийдэг. Тийм болохоор ШХАБ-д заавал элсээд байх шаардлага байхгүй гэдэг зүйлийг ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Яг элсэх үү, үгүй юу гэдэг асуудлыг яаран шийдэх зүйл биш. Тодорхой судалгаануудыг харах хэрэгтэй. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон болсноороо 51 конвенцид нэгдэх ёстой. Үүнээс аль нь манай улсад таарах, юу нь улсын эрх ашгийг хөндөж байгаа юм. Тус байгууллагад элссэнээрээ эдийн засгийн ямар давуу байдал, боломжууд бидэнд нээгдэх юм. Тус байгууллагаас гишүүн орнуудад тавьдаг хязгаар гэж бий. Үүнийг нь бид давах уу, үгүй юу гэх мэт олон талаас нь судлах ёстой. Одоогоор тодорхой судалгаанууд гараагүй байна. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд, судлаачдынхаа үгийг сонсох цаг болсон. Тэр утгаараа тус байгууллагын талаар нээлттэй олон мэдээллүүдийг бид авч байгаа. Эдгээр мэдээллүүдийн үндсэн дээр тодорхой шийдлүүдийг төрийн шат шатны байгууллагууд гаргах ёстой.

-Манай улс ШХАБ-д элсэж орлоо гэхэд бусад орнуудын Монгол Улстай харилцах харилцаанд ямар нэгэн өөрчлөлт орох болов уу?

-Үүнийг маш сайн судалж үзэх ёстой. Хамгийн наад зах нь Америк, Япон, Солонгос, Европын холбооны улсууд Монгол Улсыг юу гэж харах вэ гэдгийг судлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ШХАБ-ын гишүүн орнуудын нэг Казахстантай дээрх орнууд буюу гишүүн бус орнууд хэвийн үйл ажиллагаа явуулж л байна. Мөн Киргизстантай эдгээр орнууд эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Пакистан, Энэтхэгтэй барууны орнууд хэвийн харилцаатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Яг энэ жишгээр манай улсад хандах уу, эсвэл хоёр хөрш оронтойгоо эдийн засаг, цэрэг, улс төрийн блокт орчихлоо гэж харах уу гэдгийг хүртэл бид тандаж, шийдвэрээ гаргахдаа харгалзан үзэх нь зөв.

-Засгийн газраас ШХАБ-ын асуудлаарх судалгаа, тайлан дүгнэлтээ хэзээ УИХ-д оруулж ирэх бол?

-ШХАБ-ын дүрмээр даргалж байгаа орны Төрийн тэргүүнд тухайн элсэх хүсэлтэй орны Төрийн тэргүүн хүсэлтэй илэрхийлснээр процесс эхэлнэ гэж заасан. Үүнээс хойш багадаа хоёр жилийн хугацаанд элсэх эсэх процесс явагддаг гэсэн мэдээлэл байна.

-Өмч хувьчлалын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Төрийн өмчийн гуч орчим байгууллагыг хувьчилна гээд байгаа. Өмч хувьчлал ямар зарчмаар хэрхэн явагдах юм бэ. Өмнө өмч хувьчлалаас үүдсэн маргаан одоо ч яригддаг?

-Засгийн газраас 2018-2020 хүртэлх төрийн өмчийн талаар баримтлах бодлого, өмч хувьчлалын жагсаалтаа оруулж ирсэн. Энэ Засгийн газар гурван зүйлээр онцлогтой бодлого барьж орж ирэв үү гэж харж байгаа. Өмнө нь өмч хувьчлалын асуудлыг төсвийн цоорхой нөхөх, орлого олох зорилгоор оруулж ирдэг байсан. Ингэснээрээ төрийн өмчийг үнэгүйдүүлдэг, ашигт ажиллагааг алдагдуулдаг сөрөг зүйлүүд их байсан. Харин энэ удаа улсын төсөв дээр ямар нэгэн орлого оруулах хөрөнгө тавиагүй. Энэ удаагийн өмч хувьчлал үндсэндээ хоёр асуудал руу чиглэж орж ирсэн. Нэгдүгээрт, компаниудын засаглалыг сайжруулъя. Компаниудыг 100 хувь хувьчлахдаа ч, тодорхой хувиар хувьчлахдаа нээлттэй хувьцаат компанийн хэлбэр оруулъя. Ингэж байж компанийн засаглалыг сайжруулна. Хоёрдугаарт, иргэд хийж чадаж байгаа бизнест төр оролцохоо болъё гэсэн зарчим барьж байгаа. Өөрөөр хэлбэл хийж чадаж байгаа зүйлд нь төрийн өмчийн компани байгуулж хажуугаар нь орох шаардлагагүй. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хаах ёстой. Нэг үгээр хэлбэл төр ор. Иргэдийн хийж чадаж байгаа бизнест төр орох ёсгүй гэсэн санал уг бодлогод орж ирсэн байна лээ. Тиймээс үүнийг илүү шинэлэг бодлого болсон юм болов уу гэж харсан.

-Сүүлийн үед иргэд хөрөнгийн зах зээл, хувьцаа гэж их ярих болж. Үүгээр хувьчлал явбал илүү ач холбогдолтой гэж харж байгаа хүмүүс ч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Дэлхий нийтийн хүрээнд ч тэр манай иргэдийн дунд хамгийн их хүсэж байгаа зүйл нь баялгийн тэгш хуваарилалт. Баялагаа тэгш, зөв хуваарилдаг нэг арга зам бол төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгож хөрөнгийн биржээр хувьчилдаг, хувьцаа эзэмшдэг хэлбэр юм. Тиймээс баялгийн ашиг шимийг хүртдэг зөв арга замыг Монголд бодитой хэрэгжүүлэх алхам хийж байгаа. Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлийг бид яриад байгаа боловч тэнд зарагдах бараа алга байна. Өөрөөр хэлбэл хоосон лангуун дээрээс хүн юу ч авахгүй. Үнэд хүрчихээр аж ахуйн нэгж, бараа алга. Харин эрэлт байна уу гэвэл их байгаа. Сүүлийн үед Монголын зарим хувийн хэвшлийн компаниудын IPO хийж байгааг харахад эрэлт өндөр байна. Манай иргэд нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл дээр хөрөнгөө байршуулъя, компанийн хувьцааг худалдаж авъя гэсэн хандлага өндөр болчихлоо. Заавал арилжааны банкаар дамжиж хадгаламжийн хүү авдаг байсныг УИХ-аас хадгаламжийн хүүд татвар тогтоогоод хязгаарлалт хийчихсэн. Ингэснээр хөрөнгийн зах зээл зарчмынхаа дагуу хөгжих боломж нээгдсэн. Тиймээс тэр лангуун дээр нь хүн сонирхох, үнэд хүрэх бараа тавих ёстой. Ингэж байж хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа явна. Улмаар баялгийн хуваарилалт зөв зүг рүүгээ явах суурь тавигдах юм. Энэ чиглэлд төрөөс үзүүлж байгаа том алхам бол хөрөнгийн биржүүдээр дамжуулж төрийн өмчит компаниудын хувьцааг гаргах асуудал яригдаж байна.

-Энэ ондоо багтааж ямар ямар төрийн өмчит компаниудыг хувьчлах чиглэлтэй байгаа юм бол?

-Засгийн газраас оруулж ирсэн төрийн өмчийн талаар баримтлах бодлого 2020 он хүртэл үргэлжилнэ. Уг бодлогыг манай намын бүлэг дэмжсэн. Тийм болохоор УИХ-аас дэмжээд баталчихвал Засгийн газраас компани болгон дээр үнэлгээ гаргах ажлыг эхлүүлэх байх. Үүнийг нээлттэй хийх хэрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт;
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм

10 настай хүүхдүүд программ бичиж, робот угсарч байна

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Олон улсын Роботын хүүхэд залуусын тэмцээнд амжилт үзүүлсэн “Оюуны тулга” дунд сургуулийн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Румын улсын Орадео хотод болсон Олон улсын Роботын найм дахь удаагийн тэмцээн болсон бөгөөд “Тояа” академийн харьяа “Оюуны тулга” сургуулийн эдгээр авьяаслаг хүүхдүүд дэлхийн 20 гаруй орны 61 багийн хүүхдүүдтэй өрсөлдөж хоёр баг III байр, нэг баг V байрт орж багийн амжилтаараа I байрт шалгарчээ.

Мөн энэ удаагийн тэмцээнээс өмнө 2015 онд Бээжинд болсон Олон улсын Роботын тэмцээнд мөн хоёр баг оролцсоноос нэг баг нь V байрт орж байжээ.

Тус сургуулийн Газар зүйн баг, “Бяцхан инженер” хөтөлбөрийн сургагч багш Э.Марал-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол хүүхдүүд илүү их инженер сэтгэлгээтэй болж байна. 10 настай хүүхдүүд өөрсдөө программ бичиж, робот угсарч байна. Системийн боловсролыг Монголд анхлан хөгжүүлсэн сургуулиудын нэг нь манайх. Түүнээс гарсан амжилтаа салбар яамны удирдлагууддаа танилцуулах зорилгоор мөн бяцхан инженер хүүхдүүдээ урам зориг өгөх үүднээс өнөөдрийн уулзалтыг хийхийг хүссэн юм. Хүлээн авч уулзаж хүүхдүүдэд маань урам зориг өгсөн дэд сайд Г.Ганбаярт баярлалаа” гэсэн юм.


Румын улсын Орадео хотод болсон Олон улсын Роботын тэмцээнээс III байр эзэлсэн “Golden robot” багийн ахлагч, “Оюуны тулга” дунд сургуулийн V ангийн сурагч О.Түвшинбат, “Энэ тэмцээнд оролцохын тулд хоёр сар гаруй бэлдэж III байрm орсондоо баяртай байна. Дараагийн тэмцээнд оролцохдоо машинаа засаад программаа сайн бичих нь чухал юм байна гэсэн сургамжтай ирсэн. Миний хувьд I ангид орсноосоо хойш “Бяцхан инженер” хөтөлбөрт хамрагдсан” гэсэн бол тус багийн гишүүн, VI ангийн сурагч н.Баатарбилэг, “Би V ангиасаа эхэлж “Бяцхан инженер”-т суралцсан. Зургадугаар ангиасаа энэ тэмцээнд оролцож амжилт үзүүлсэндээ баяртай байна. Бид лего роботын төрлөөр өрсөлдсөн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь I байрт орсон Румын Улсын Кевин гэж хүү байсан” гэлээ.

Өнөөдрийн Олон улсын тэмцээний ялагчид, маргаашийн монгол инженерүүдэд БСШУС-ын сайд Г.Ганбаяр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд оюуны спортоор гаргасанд бахархаж буйгаа илэрхийлээд англи хэлээ сайн сурч, ирээдүйн чадалтай инженерүүд болохыг хүсч ШУТСангаас Хүүхдийн баярт зориулсан гаргасан 4D “Амьтан судлал” номын дээжээс гардууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Монголбанк арилжааны банкуудад хариуцлага тооцож эхэллээ

Өчигдөр Монголбанкнаас нэгэн сонирхолтой мэдээлэл хийлээ. Монголбанкныхны үзэж буйгаар сүүлийн үед УИХ дээр шуурхай горимоор хэлэлцэгдэж байгаа Банкны дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн талаар санаатай, санаандгүй худал мэдээ мэдээллийн хэрэгслээр түгж байгаа гэнэ. Тус хууль зургаан бүлэг, 16 зүйлтэй. Гэхдээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийн агуулга арилжааны банкуудын чанар буурсан зээл болох 510 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг банкууд өөрсдөө ирэх оноос өмнө бүрдүүлнэ. Хэрэв бүрдүүлэхгүй бол төр оролцож банкны хөрөнгө оруулагчдын хувийг эзэмших замаар тус хөрөнгийг босгож банкинд менежмэнт хийнэ. Мэдээж ямар банкны хөрөнгө оруулагч энэ бүхнийг хүсэхгүй тийм учраас энэ хэмжээний хөрөнгийг банкууд ирэх он гэхэд босгож амжина. Энэ нь тус хууль хэрэгжихгүй гэсэн таамаг мэргэжилтнүүдэд төрүүлж байгаа аж. Харин хуулийг УИХ-ын гишүүд банкны эрсдэлийн хамгаалагч гэж үзэж байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар гал хамгаалагч шатахгүй байж болно. Гэхдээ шатсан тохиолдолд өмнө банк, Хадгаламж зээлийн хоршоо дампуурсан үе шиг үймж бужигнахгүй асуудлыг шийдэх гарц гэнэ. Энэ нь төв банкнаас арилжааны банкуудтай хариуцлага тооцох анхны хууль зүйн орчин аж. Энэ хуулиар иргэдийн банкинд хадгалуулсан мөнгө эрсдэлээс баталгаатай аврагдахаас гадна, олон нийт болон олон улсын санхүүгийн байгууллагуудын Монголын банкуудад итгэх итгэлийг сэргээнэ.

Дээрх хуулийн талаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.


-Монголбанкнаас сүүлийн үед ямар бодлого хэрэгжүүлж байна?

-Монголбанкнаас “Банкны эрх зүйн шинэчлэл” нэртэй хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь банкуудын эрх зүйн орчинг өнөөгийн нөхцөлд нийцүүлэх, олон улсын стандартад хүргэх зорилго агуулж байна.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Монголын банкны системд хуулиар зохицуулах олон шинэ харилцаа үүссэн. Гэтэл тэдгээрийг зохицуулах эрх зүйн орчин алга. Тиймээс Монголбанкнаас дээрх харилцааг зохицуулах зорилгоор арав гаруй хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөсөн.

-Яг ямар хуулиудад өөрчлөлт орж байгаа вэ?

-Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиудад оруулсан. Одоо Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хууль УИХ дээр яригдаж байна.

-Банкны дахин хөрөнгөжүүлэлт гэдэг нь юу вэ?

-Банк үйл ажиллагаа хэвийн явуулахын тулд банкууд өөрсдөө санхүүгийн найдвартай эх үүсвэртэй байж олны итгэлийг хүлээнэ.

-Энэ санхүүгийн чадавхыг юугаар хэмжих вэ?

-Банкууд өөрсдөө эрсдэлээ хариуцах хэмжээний хөрөнгөтэй байх ёстой. Банк олон нийтээс хөрөнгө татаж зээл олгож байдаг. Энэ зээл чанаргүйтвэл банк тэр эрсдэлийг өөрийн хөрөнгөөр нөхөх чадвартай байх ёстой. Олон нийтээс татсан хөрөнгөө хэр сайн менежмэнт хийх чадвараар банкны чадавхыг хэмждэг.

-Энэ чадвар алдагдвал ямар аюул дагуулах вэ?

-Үйлчлүүлэгчдийн итгэлийг алдана. Мөн санхүүгийн томоохон асуудал үүснэ. Гадны нөлөөнөөс эсвэл банкны удирдлагын алдаатай бодлогоос шалтгаалж эрсдэл үүсч болно. Энэ тохиолдолд банкинд нэг удаагийн тусламж үзүүлээд эргээд авч болдог. Олон улсын туршлага байдаг. Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн хууль ийм зорилго агуулж байгаа юм.

-Анх удаа банкуудад олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээ хийсэн үү?

-Тэгсэн. Өнгөрсөн онд анх удаа арилжааны банкуудын активт олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлээ. Гэхдээ энэ үнэлгээг Монголбанк, ОУВС хийгээгүй, дэлхийд алдартай олон улсын дөрвөн мэргэжлийн байгууллагын нэгээр нь хийлгэсэн.

-Монголбанк өөрөө хийх боломжгүй юу?

-Боломжтой. Гэхдээ ОУВС олон нийтэд илүү итгэлтэй байх зорилгоор олон улсын нэр хүндтэй, мэргэжлийн байгууллагаар хийлгэхийг зөвлөсөн.

-Монголбанк арилжааны банкуудын байдлыг мэдэж байсан уу?

-Арилжааны банкуудын активын үнэлгээний дүн Монголбанкны төсөөлөлтэй адил гарсан.

-Үнэлгээний дүн яаж гарсан бэ?

-Нийт банкны системд 510 гаруй тэрбум төгрөгийн дутагдаж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ хэмжээний хөрөнгө нийт банкны системд нөлөөлөхөөр дүн биш л дээ.

-Яагаад?

-Цаашид бүтцийн өөрчлөлт хийгээд, маш сайн банкуудтай байхын тулд арилжааны банкууд энэ хэмжээний хөрөнгийг босгох хэрэгтэй байгаа юм. Гэхдээ одоо бол ямар нэгэн эрсдэл үүсээгүй байгаа.

-Үүсвэл яах вэ?

-Арилжааны банкуудад зургаан сарын хугацаа олгосон. 2019 он гарахад банкууд дутагдаж болзошгүй хөрөнгөө босгосон байх ёстой.

-Эс чадвал?

-Төр тухайн хөрөнгийг нөхөж менежмэнтийг хариуцна.

-510 гаруй тэрбум төгрөгийн хэмжээг хаанаас тогтоосон бэ?

-Банкууд иргэдээс 15 орчим тэрбум, бусад эх үүсвэрээс 20 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Энэ мөнгийг эрсдэлийн удирдлага хийж бусдад зээлдүүлж байгаа. Харин зээлд эрсдэл учирвал банк өөрийн хөрөнгөөр хаах ёстой.

-Банкны өөрийн хөрөнгө гэдэг нь…

-Хөрөнгө оруулалт хийж банк байгуулсан хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө. Тухайн банк өөрийн эрсдэлийн сантай. Активын чанарын үнэлгээгээр нийт банкуудын олгосон зээлийн чанар буурсан байна. Гэхдээ чанаргүй зээл гэсэн үг биш шүү. Энэ чанар буурсан зээлийн хэмжээ нь 510 гаруй гаруй тэрбум төгрөг байгаа юм.

-Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн хууль батлагдсан ч ирэх он гартал хэрэгжихгүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Арилжааны банкууд ирэх он гарахаас өмнө дутагдаж болзошгүй хөрөнгөө босгочихвол энэ хууль үйлчлэх шаардлага байхгүй. Бидний тооцоогоор банкууд энэ хэмжээний мөнгийг босгочих байх.

-Хууль ямар хугацаанд хүчинтэй байх бол?

-Таван жил болох болов уу?

-Нийт банкны системийн олгосон зээл хэд вэ?

-28 гаруй их наяд төгрөг байгаа.

-Олгосон зээлийнхээ хүүгээр дутагдсан хөрөнгөө нөхчих боломжтой байхад заавал хууль гаргах хэрэг байна уу?

-Энэ хууль маань банкууд товлосон хугацаанд, тогтоосон хэмжээний хөрөнгийг бүрдүүлээгүй тохиолдолд л үйлчилнэ. Өөрөөр хэлбэл дутагдаж болзошгүй хөрөнгийг босгохгүй бол хариуцлага тооцох хуулийн эрх зүйг бүрдүүлж байгаа юм. Манай Үндсэн хуулиар хувийн өмчид зөвхөн хуулиар төр халдах тухай заалт бий.

-Тэгээд хууль гаргаж хувийн банкинд халдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Банкууд хүний мөнгийг эрсдэлд оруулсан тохиолдолд өөрийн хөрөнгөнөөс гаргуулах тухай асуудал. Банкууд иргэдээс болон бусад эх үүсвэрээс мөнгө татахдаа “өсгөж өгнө” гэсэн амлалтаар авдаг биз дээ. Дараа нь “таны мөнгө” шатчихлаа” гэж болохгүй. Тийм учраас банкны хөрөнгө оруулагчийн өмчид халдаж байгаа харагдавч, нөгөө талдаа итгэж мөнгөө хадгалуулсан олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэг төрд бий.

-УИХ хэр дэмжих бол?

-Ойлгож байгаа. Энэ хуулийг тэд гал хамгаалагч юм байна гэж ярьж байгаа. Гал хамгаалагч шатахгүй бол сайн. Шатвал тухайн үед үймж сандрах хэрэггүй. Бэлэн зохицуулалттай. Буух эзэнтэй. Буцах хаягтай байх нь зөв гэж ярьж байсан.

-Олон улсын ийм туршлага байна уу?

-1997 оны Азийн хямралаар олон Засгийн газрууд ийм арга хэрэгжүүлсэн байдаг. Япон, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнууд ямар ч хуульгүйгээр хэдхэн хоногийн дотор шийдвэр гаргаад банкууддаа хөрөнгө оруулалт хийгээд менежмэнтийг авчихсан.

-Үр дүн?

-Шууд хувийн компанийн хувьцааг худалдаж аваад менежмэнт хийгээд банкуудыг босгочихсон. Зарим Засгийн оруулсан хөрөнгөө өсгөж авсан байдаг. Банкууд ч боссон банкинд мөнгөө хадгалуулагчид хохироогүй. Бид энэ бүхний нарийн судалсны үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан.

-Зарим мэдээллийн хэрэгслээр төрөөс банкуудад мөнгө өгсөн, жил бүр мөнгө өгөх тухай мэдээлэл гарсан.

-Одоогоор нэг ч мөнгө банкуудад өгөөгүй. Энэ хууль хэрэгжвэл ирэх оноос хэрэгжинэ. Бидний төсөөллөөр бараг хэрэгжихгүй байх. Гал хамгаалагч шатна гэж таамаглах хэрэггүй. Шатахгүй байх.

-Банкууд хувьцаа гаргаж болох уу?

-Болно.

-Гадны этгээд банкинд хөрөнгө оруулж болох уу?

-Хуулийн хүрээнд олсон хөрөнгөөр банкинд хэн ч хөрөнгө оруулж болно.


Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Номхон далайн командлал, Аляскийн Үндэсний гвардын удирдлагыг хүлээн авч уулзав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр АНУ-ын Номхон далайн командлалын Бодлого, зохицуулалт болон төлөвлөлтийн Дайчилгаа хариуцсан дэд дарга, Бригадын генерал Сюзань П.Варес-Лум болон Аляскийн Үндэсний гвардын Нэгдсэн хүчний штабын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Блэйк А.Гэттис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын дадлага сургуулийн талаар санал солилцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, энэ удаагийн дадлага сургуулийн нээлтийн ажиллагаанд анх удаа Монгол Улсын Шадар сайд биечлэн оролцсон болон сургалтын хөтөлбөрт уулнаас болон уснаас эрэн хайх, аврах дадлага сургууль, эрэлч нохойн сургалтууд нэмэгдсэн нь онцлог байгааг тэмдэглээд, дадлага сургуулийн оролцогч болон олон улсын ажиглагч улс орнууд жил ирэх тусам нэмэгдэж, хүрээгээ тэлж байгааг онцлов.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.


Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль 06 дугаар сарын 08-ныг дуустал үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 07-нд болох үйл явдал

09.00 цагт ЭМЯ-нд Эмгэг судлалын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаа бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хурцадмал байдлыг намжааж Солонгосын хойгийг Энх тайвны замаар шийдвэрлэх нь” форум болно.

09.00 цагт ГХЯ-нд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газрын холбогдох яам, агентлагийн албан хаагчдад зориулсан сургалт болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Өгөөмөр өдөр”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 88109320

11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт НМХГ-аас Хан уул дүүргийн 13 дугаар хороонд /Био комбинат/ байрлах “Эйч Эс Ресорт”-ийн “Вивер сайт гольф” клубт “Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага” үзүүлэх сургалт зохион байгуулна. Утас: 91902025, 88000098

14.00 цагт МУИС-ийн Номын санд БСШУСЯ, Азий хөгжлийн банк хамтран “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө”-ний анхдугаар уулзалт зохион байгуулна.

14.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Урлаг, соёлын олны танил эрхмүүдтэй тухайн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын асуудлаар уулзалт зохион байгуулна.

“Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы хүрээнд

10.00 цагт Төрийн ордонд “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы нээлт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Оросын аж ахуйн нэгжүүдийн техник, технологийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт Төрийн ордонд Эдийн засгийн чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

16.00 цагт Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аваръя” сэдвээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” төслийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Иргэн Ц.Наранцэцэг, А.Эрдэнэбилэг нар Шүүх эмнэлгийн эмч нарын дүгнэлт буруу гардаг талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филип Мэлоүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулж байгаад нь гүнээ талархан, хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлж, салбарын талаар товч мэдээлэл өгсөн.

ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Мэлоүн хоёр орны хооронд ХХААХҮ-н салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглээд, Их Британийн Засгийн газрын санхүүжилттэй, “Sustainable Fibre Alliance” ТББ-тай хамтран, Монголын ноолуурын салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагаас энэ оны 9 дүгээр сард Лондон хотод Дизайнеруудын уулзалт, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах болсон бөгөөд Монголын талын оролцоог хангахад дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг ХХААХҮ-ийн Б.Батзоригт хандан хэлсэн.

Талууд Их Британийн хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил, арга туршлагатай газар дээр нь танилцах, боловсон хүчнийг сургах хамтарсан хөтөлбөр боловсруулах, Английн дэвшилтэт техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн органик хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, баталгаажуулалт, худалдаагаар дэлхийд тэргүүлэх Их Британи Улстай органик тэмдгийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, туршлага судлахаар санал солилцсон юм.