Categories
мэдээ улс-төр

Улс төрчдийг рейтингээрээ Х.Баттулга, Н.Энхбаяр, С.Ганбаатар нар тэргүүлжээ

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тандсан судалгаа явуулдаг.

Тус сангаас гаргасан шинэ судалгаагаар Монголын улстөрчдийг рейтингээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж байна. Түүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр орсон бол С.Ганбаатар гуравдугаарт, эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээрт бичигджээ. 2017 оны эцсээр 5,1 хувийн өсөлттэй гарсан эдийн засгийн үзүүлэлтийг иргэдийн 44 хувь нь муу гэж дүгнэсэн бол 33 хувь нь сайн ч биш муу ч биш, 16 хувь нь маш муу гэсэн үнэлгээ өгчээ.

Categories
мэдээ спорт

Шигшээ багууд бэлтгэлийн баазтай болно

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны төсөл хөтөлбөрт шалгарч шигшээ багуудын бэлтгэлийн бааз байгуулахаар болсон. Үүний дагуу Төв аймагт бэлтгэлийн баазын шав тавих ёслолыг зохион байгууллаа.

Шав тавих ёслолд МХБХ-ны техникийн захиарал Ш.Жаргалсайхан, Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн ХБХ-ны төлөөлөгчид оролцлоо. Шигшээ багуудын бэлтгэлийн бааз нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 5 га газарт баригдана. Төслийг Недерландын Green field компани удирдан явуулах бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд ногоон талбайн ажлыг дуусгахаар зорьж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо есөн насны шигшээ баг байгуулсан учраас байнгийн бэлтгэл сургуулилалт хийх талбай, материаллаг бааз зайлшгүй шаардлагатай болсон юм. Тэрхүү шаардлагын улмаас шигшээ багийнхан гадаад улсуудад бэлтгэл хийж байсан. Шигшээ багуудын бэлтгэлийн баазтай болсоноор төсөв мөнгө хэмнэх, цаашлаад өөрсдөө гадаадад зорчих бус эх орондоо хүлээн авдаг болох, тогтмол бэлтгэлтэй байх зэрэг олон давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 01-нд болох үйл явдал

08.30 цагт МУИС-ийн Номын санд “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийн нээлтийн ёслол болно.

09.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид ЦССҮТ-д цус хандивлах сайн үйлсийн аянд нэгдэнэ.

09.00 цагт АТГ-т Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга (StAR)-ын төлөөлөгчид олон улсын болон үндэсний хэмжээнд хөрөнгө буцаах үе шатуудыг бүхэлд нь зохицуулсан гарын авлага боловсруулах асуудлыг хэлэлцэнэ.

11.00 цагт Шангри-Ла зочид буудалд “Яллагч” уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “ОНОМ” сангаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа олон улсад манлайлж буй шилдэг эрдэмтэн судлаачдад “Шинжлэх ухааны шагнал” олгох талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын уран зургийн галерейд “Үндэсний бичиг үсгийн баяр-2018”- цуврал арга хэмжээний хүрээнд “Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын үндэсний бөхийн холбооноос тус холбооны Цэцдийн зөвлөлийн хурал цуцлагдсан талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Замын цагдаагийн албанд улсын хэмжээнд хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.

13.30 цагт МУИС-ийн Номын санд “Цахим сэтгүүл зүйн II форум” болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Ардын заргын товчоо” ТББ-аас “Эрдэнэс Монгол” компанийг татан буулгахыг шаардах талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Халх гол бол ухаж барагдах нөөцийг үү, ургуулж өсгөх нөөцийг ашиглах уу гэдэг л тэмцэл байсан

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Өмнөх парламентад Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд засаг төрийн үйл ажиллагааг анхаарч байна уу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хамгийн түрүүнд хүнс, хөдөө аж ахуйн асуудлыг анхаарч үндсэний чуулган зохион байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүн далайд гарцтай хүнсний гүрэн болох” зорилт тавиад, хүнс хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгосон байна. Энэ бодлогыг дэмжиж байгаа. Эрүүл хүнс үйлдвэрлэхэд суурь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. Монголын нийт газар нутгийн 75 орчим хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг. Судалгаанаас харахад нийт бэлчээрийн 65-75 хувь нь доройтолд оржээ. Тариалангийн газрын гуравны хоёр нь хөрсний элэгдэлтэй байна. Гэтэл манайх үндсэн хөдөө аж ахуйн эдэлбэр газраа хамгаалж авч үлдэлгүйгээр уул уурхайн лицензийг замбараагүй олгож байна. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад малчдаас энэ асуудлаар байнга өргөдөл, гомдол ирдэг байсан. Гадна, дотны иргэн, аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн лиценз замбараагүй олгож, үүнийхээ араас хайгуулын болон ашиглалтын явцад химийн бодис хэрэглэж байгааг хянах чадваргүй байна. Ийм нөхцөлд яаж эрүүл эко хүнс үйлдвэрлэх вэ дээ. Олон улсын түвшинд ч органик хүнс үйлдвэрлэж, экспортлоход энэ байдал том тээг болно.

-Хөдөө аж ахуйн эдэлбэр газраа улс зааглаад авчихаж болдоггүй юм уу?

-Ер нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар хариуцах эзэнгүй мэт байдаг. Хариуцах эзэн нь тодорхой биш учраас нэг мэдэхэд уул уурхайн лиценз олгогдсон байдаг. Жишээлбэл, Дорнод аймгийн газар нутгийн 44 хувьд нь уул уурхайн лиценз олгогдсон байна. Хөдөө аж ахуйн үүц газар гэж хадгалж ирсэн Халх голын хөндий газрын тосны лицензэд олгогджээ. 1960 оноос хойш Халх голд эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гээд 50 мянган махны чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуй, 20 мянган махны чиглэлийн хонины аж ахуй, малын тэжээл болон бусад таримал тариалах аж ахуй зэргийг байгуулахаар төлөвлөөд, үе үеийн эрдэмтдийн хийсэн судалгаа, үйл ажиллагаанууд хийгдсэн байдаг. Гэтэл Хятадын Петрочайна Дачин Тамсаг гэдэг компанид уул уурхайн лиценз олгосон. Үүнээс Буйр-22 гэдэг талбайн 800 мянга гаруй га газар 2013 онд хайгуулын лиценз нь түр буцаагдсан байсан. Харамсалтай нь энэ газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор дахиад 2014 онд зарлагдсан байсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн үүц болгоно гэж бодож байсан газраа уул уурхайд өгөх үү. Эсвэл хөдөө аж ахуйн зориулалтаар нь авч үлдэх үү гэдэг асуудал тулгарсан. Тухайн үед улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн боломж нь Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байсан. Тэгтэл “Чөлөөт бүсэд гадны ажилчид ихээр орж ирж ажиллах юм байна” гэсэн яриа хардлагыг нутгийн иргэдийн дунд гаргасан. Угтаа бол уул уурхайн ажилд гадныхан л их орж ирж ашиг нь ч бас гадагшаа л гарч байна шүү дээ. 2015 онд Газрын тухай хуульд орж ирсэн шинэ зохицуулалтаар Халх гол хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс болгож 500 мянган га газрыг уул уурхайд биш хөдөө аж ахуйн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч тамгалсан. Өөрөөр хэлбэл, Дорнот аймагт газрын тосны олборолт явуулж буй бусад газар шиг байгаль орчны доройтол хөрсний талхагдлаас хамгаалагдсан гэсэн үг.

JICA Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа-газрын зураглал

-Таныг Хүнс хөдөө аж ахуйн сайд байхад энэ газрын талаар маргаан үүсч байсан санагдаж байна. Тухайн үед орон нутгийн удирдлагууд дураараа олгосон байсан газрыг та улсын тусгай хэрэгцээнд авахын тулд багагүй хөөцөлдсөн байх аа?

-Улсын тусгай хэрэгцээний газар болсон учраас одоо энд гадны иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй. Өмнө нь сумын удирдлагууд хууль зөрчин Солонгосын “Хан Соломо” гэдэг компанид 2009 онд 30 мянган га газар, Хятадын компанид болон бусад иргэн, аж ахуйн нэгжид хууль зөрчин олон мянган га газрыг олгосон байсан. Энэ нь өөрөө төрийн хараа хяналт сул байсны илрэл. Улс тусгай хэрэгцээндээ энэхүү 500 мянган га газрыг авснаар орон нутгийн удирдлагууд дураараа дургих боломжгүй. Түүнчлэн хэн ч хөдөө аж ахуйн бус зориулалтаар ашиглах боломжгүй болж байгаа юм. Ер нь бол тухайн үед үүсээд байсан нөхцөл бол “ухаж барагддаг нөөцийг үү, ургуулж тарьдаг нөөцийг ашиглах уу” гэдэг л тэмцэл байсан юм шүү дээ

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтраад таныг улсын тусгай хэрэгцээнд авсан дээрх газрыг гадныханд худалдчихсан гэх юм. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хүмүүс хардах эрхтэй шүү дээ. Хууль хяналтын байгуулгад шалгуулахаар зарим хүмүүс гомдол гаргасан, зарим нь бүр хэвлэл мэдээлэл хэрэгсэл сайтаар илт гүтгэсэн. Энэ мэдээллийг АТГ, УЕПГ, ТЕГ, цагдаа зэрэг хуулийн байгууллагууд шалгаад гүтгэлэг болохыг тогтоосон. Ийм худал мэдээлэл цацаж, гүтгэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн байна лээ.

Саяхан Засгийн газраас гаргасан шийдвэр 2009 оноос хойш БНСУ-ын Койка байгуулгаас санхүүжилттэй хэрэгжсэн Халх гол төсөл хэрэгжиж дууссантай холбоотойгоор тус нэгжийг татан буулгасан. Мөн өмнө нь сумаас хууль зөрчсөн болон давхардуулан олгосон газар олголтыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийг даалгажээ гэж мэдээгээр харсан, албан ёсны шийдвэр тэмдэглэлийг үзээгүй байна.

Шинээр олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбай

-Ингэхэд Халх голыг хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс болгосноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ажлаа авч байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Мах экспортол” гэсэн даалгавар өгч байв. Тэр үед хоёрхон үйлдвэр ОХУ руу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй, бусад улс орон руу мах гаргах нэг ч үйлдвэр эрхээ аваагүй байсан. Малын гоц халдварт өвчин болох шүлхийтэй гээд хонь, ямаа, үхрийн түүхий мах экспортлох нь улсын хэмжээнд хориотой байсан. Ингээд ажлаа авсан даруйдаа олон улсын гэрээнүүдийг судалж, хэд хэдэн хэлэлцээр хийсэн. Улсаа бүхэлд нь нэг бүс биш, дотор нь “Вакцингүй эрүүл бүс”, “Хамгаалалтын бүс”, “Вакцинтай бүс” нутаг гэж ангилсан. Вакцингүй эрүүл бүс нутгаас махаа экспортлох, шүлхий гарч байсан вакцинтай бүс нутгуудад хорио цээрийн дэглэм бүхий хэсэгчилсэн бүсүүдийг бий болгож, тэндээсээ мах махан бүтээгдэхүүн гаргах хэлэлцээрүүдийг амжилттай явуулсан. Үүнээс гадна өөрсдөө ч эрүүл хүнс хэрэглэж, экспортоо нэмэгдүүлэх байдлаар махны үйлдвэрүүдээ дэмжих бодлого явуулсан. Зээл олгох, дэмжих, олон улсын аттестатчлалд хамруулах зэргээр дэмжсэний үр дүнд 2016 онд ОХУ руу 26, БНХАУ руу 11, Вьетнам руу найман үйлдвэр мах гаргах эрхтэй болсон. 2016 онд баруун аймгуудаас Монголын түүхэнд анх удаа Хятад руу хонь, ямаа, үхрийн түүхий мах гаргах эрхтэй болж, анхны экспортыг хийж эхэлсэн. Хятадын зүгээс ч гэсэн нэг тэрбум ам.долларын түүхий мах авах хүсэлт тавьж байв. Үүний дагуу олон улсын стандартад нийцсэн орон нутаг дахь 12 махны үйлдвэрийг байгуулахад 78 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгох хэлэлцээрүүд амжилттай хийгдсэн. Монгол Улсын эргэн тойронд махны асар том зах зээл бий. ОХУ 643 мянган тн, Европын холбоо 361 мянган тн, БНХАУ 580 мянган тн, БНВАУ 18 мянган тн, Япон 538 мянган тн зэрэг 2.4 сая тн мах импортолдог улс орон байна. Энд манайх ядаж жилдээ 100-200 мянган тн мах экспортоллоо гэхэд тэрбум гаруй ам.доллар олох боломжтой юм. Ингэхийн тулд бэлчээр болон мал эрүүл байх гэсэн тал, талын бодлого байх ёстой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчин төв, баруун бүс рүү орсноос болж Хятад улс махны импортын зөвшөөрлөө цуцалжээ. “САМО” лабораторийнхон олон улсын эрдэмтэдтэй хамтарч монгол ямааны махыг янгирын махтай харьцуулсан судалгаа хийсэн байна лээ. Ерөнхий үзүүлэлтээрээ адилхан ч төмрийн зэрэг зарим үзүүлэлтээр ямааных нь илүү гарсан. Мөн лабораторийн дүгнэлтээр хонины махыг аргалийнхтай адилхан байна гэсэн. Энэ нь манай бэлчээрийн малын мах зэрлэг амьтны махтай адил шим тэжээлтэй байна гэсэн үг. Органик хүнсний тухай хуулийг 2015 онд УИХ-аар оруулж батлуулсан. Олон улсад органик хүнс бол их өндөр үнэтэй. Хамгийн гол нь бид органик гэдгээ баталгаажуулах нь чухал. Гэтэл уул уурхайн лицензэд олгогдсон газрын бэлчээрт байгаа малынхаа махыг яаж органик гэж үнэ цэнэд хүргэх вэ дээ.

-Та бэлчээр чухал гэж хэлж байна. Тэгэхээр бэлчээрээ яаж хамгаалах ёстой юм бэ?

-Бэлчээрийг хамгаалах тухай хуулиа хурдан батлах хэрэгтэй. Би энэ хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжлэг авсан боловч өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-д өргөн барьж амжаагүй юм. Улс “Энэ газарт уул уурхайг хөгжүүлнэ. Энэ газар хөдөө аж ахуйн бүс нутаг. Хөдөө аж ахуйн энэ, энэ эдэлбэр газартаа лиценз олгохгүй” гээд зааглаж, зарлах цаг нь болсон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоос эхлээд Дорнодын Халх голын Баянхошуу боомт хүртэл хөгжлийн ногоон коридор бий. Энэ дагуу манай хамгийн гол бэлчээр, мал сүрэг, газар тариалангийн бүс нутаг, цэнгэг усны нөөц байдаг. Үүнийгээ уул уурхайгаас ангид бүс болгож, тэнд хэзээ ч уул уурхайн лиценз олгохгүй гэдгээ шууд зарлах хэрэгтэй. Харин Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх аж үйлдвэрийн босоо тэнхлэг байна. Энэ хоёр тэнхлэгийн огтлолцолд буюу Дарханд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн паркийг байгуулах нь зүйтэй. Өмнөд хэсэгт ашигт малтмалын тэнхлэгээ дэд бүтэцтэйгээ холбох бодлого нь тодорхой байх хэрэгтэй. Ингэж хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, уул уурхай нь хаана, хаана байхыгаа тодорхойлбол залуучууд заавал гадагшаа явж, хар ажил хийх шаардлагагүй болно. Төрийн бодлого нь тодорхой байх юм бол хотын энэ их төвлөрөл саарч, иргэд ажилтай орлоготой болох боломжтой. Тухайлбал, Дарханд хөдөө аж ахуйн инновацаар суралцаж төгсөөд ажиллана. Баян-Өлгийн Цагаан нуурын чөлөөт бүсэд, Дорнодын Халх голд махны аж ахуй байгуулаад ажиллая гэнэ шүү дээ. Япончуудтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оролцуулаад манайхаас татваргүйгээр авъя гэсэн гэрээ хэлэлцээр хийсэн. Газар зүйн байрлалаар Япон руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломжтой нутаг бол Халх гол. Жишээлбэл, гурвалжин будаа, зөгийн бал, малын тэжээл, мах, махан бүтээгдэхүүн, эвэр туурайгаар муур нохойны хоол зэрэг бүтэээгдэхүүн авах сонирхолтой. Асашёрү Д.Дагвадорж япончуудын хамгийн идэх дуртай, гаднаас импортолдог гурвалжин будааг Халх голд тариалахад амжилттай ургаж байсан. Үүнийгээ Дорнодоос төмөр замаар Япон руу экспортолж туршиж байв.

Ерөнхийлөгч ХХАА-н сайд байхдаа эхлүүлсэн Хүнс хөдөө аж ахуйн бодлого, хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Тухайлбал, Органик хүнсний тухай хууль, Тариалангийн тухай хуулийг батлуулсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-д эцсийн хэлэлцүүлэгт оруулсан ч чуулган завсарлаж баталж амжаагүй. Харин энэ парламент уг хоёр хуулийг баталсан нь сайн хэрэг юм.

-Мах экспортлогч орон болох зорилтод малын гоц халдварт шүлхий өвчин асуудал болоод байна. Энэ тал дээр танд ямар шийдэл байна вэ?

-Жишээ татья. Зүүн аймгуудад малын гоц халдварт өвчин шүлхий бол сүүлийн жилүүдэд байнга гарч байна. Махны чиглэлийн үйлдрийн хонь, үхэр зүүн аймгуудад илүү төвлөрсөн байдаг. Гэтэл шүлхийтэй гэдгээс болоод мах экспортлох боломж хаагдсан. Зөвхөн адууны мах гаргах боломжтой байна. Иймд энд малын эрүүл ахуй бүхий хорио цээрийн дэглэмтэй хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүсийг байгуулснаар малчид нь ч орлоготой, аж ахуйн нэгжүүд нь байнгын үйл ажиллагаатай, олон улсын стандартад нийцсэн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжтой. Халх голын хөрс бол нэлээд эмзэг. Дээрээс нь энэ нутаг салхи ихтэй. Тиймээс тэнд тусгай технологийг мөрдөж ажиллах журмыг баталсан. Өмнө нь сумын удирдлагууд 15 жилээр хадлангийн зориулалтаар олон мянган га газрыг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгож, Хятад руу өвс экспортолж иржээ. Энэ нь нэгдүгээрт, хууль зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт, тооцоо судалгаагүйгээр жил болгон хадлангийн зориулалтаар өвс авдаг нь хөрс, бэлчээртээ халтай. Үндэсний бүтээн байгуулалтын бүсэд үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгжүүд стандарт, журмын дагуу л үйл ажиллагаа явуулна. Хэрэв зөрчвөл улс өөрийнхөө газрыг буцааж авна. Өмнө орон нутаг болон улсын төсөвт газрын тос нь ч, тухайн газар тариалангийн аж ахуйн нэгжүүд ч хэдий хэмжээний орлого оруулдаг нь тодорхойгүй байсан. Харин хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс зөвхөн газрыг ашиглуулна. Ингэхдээ эхний жилд гэхэд газар ашигласны хоёр тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоололтой байсан. Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийх боломж туршлага чадвартай шүү дээ. Экспортын зориулалтын хүнс үйлдвэрлэлтийн асар их боломж байгаа. Мөн Халх голд хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. ТЭЗҮ-ээр бол хамгийн ашигтай үйл ажиллагаа нь хөдөө аж ахуйн болон эмчилгээний аялал жуулчлал гэж байгаа юм. Ингэний сүү бол чихрийн шижин өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна. Гүүний саамыг элэг эмчлэхэд хэрэглэдэг гэдгийг монголчууд бүгд мэднэ. Малын бууцыг судалсан япон эрдэмтэн “Малын бууц астам, харшлыг эмчлэхэд тустай. Орчин үед япон хүүхдүүд их астам, харшилтай болсон. Хэрэв танайх хөдөө аж ахуйн аялал жуулчлал хөгжүүлбэл бид хүүхдүүдээ авчирч эмчлүүлж аялуулахаар ирж болно” гэж хэлж байсан. Ер нь бол та бидний мэдэж байгаачлан ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр байнга тогтворгүй савлаж байдаг. Тухайлбал, газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд хэд дахин буурсан байхад органик хүнсний хэрэглээ тэр дундаа махны үнэ байнгын тогтвортой өсөлттэй, эрэлттэй байна. Вакцинтай бүс нутгуудад энэ мэт малын эрүүл ахуй хорио цээрийн дэглэм бүхий бүсүүдийг орон нутагт олноор байгуулбал малчиддаа ч зах зээл нь ойр эрүүл хүнс үйлдвэрлэхэд ч дөхөмтэй болно.

Вакцинтай, вакцингүй бүс нутгийн хилийн зааг

-Ингэхэд таны үед малын хулгай эрс багассан гэж байсан. Яаж тэмцсэн юм бэ?

-Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад “Малын хулгай их байна” гэсэн гомдол байнга ирдэг байсан. Төсөв хангалтгүй гэсэн бэрхшээл тоочдог байлаа. Ингээд “Малчин лавлах 109” гэж үнэ төлбөргүй утас ажиллуулаад орон нутгийн телевизүүд, цагдаагийн байгууллагатай холбож өгсөн. Алдсан, олсон малын зар иргэдэд сайн хүрч, малын хулгай эрс багассан. Хулгайд алдсан малаа малчид олж байсан. Аргыг нь олох юм бол заавал их хөрөнгө, мөнгө гэлгүйгээр асуудлыг хялбар шийдэж болдог.

-Ерөнхийлөгч таныг ямар шалгуураар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон юм бол?

-Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамтарч олон хуулийн хэрэгжилтийн судалгаа, үнэлгээ, төсөл дээр ажиллаж байсан. Энэ чиглэлээрх миний туршлагыг сайн мэднэ. Би 1992 оноос хойш хүний эрх, жендерийн эрх, хүүхдийн эрх, сонгох, сонгогдох эрх, мэдээлэл авах эрх, оролцооны эрхийн чиглэлээр үнэлгээ судалгаа хийх болон хуулийн төсөл боловсруулж бэлтгэх ажлын хэсэгт ажиллаж ирлээ. Гавьяат хуульч Б.Чимэд багшийн шавь болж, их зүйлийг суралцах хувь тохиосон юм. Төрийг хариуцлагатай байх талаар Авлигын эсрэг хууль, Сонирхолын зөрчлийн тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн тухай хууль, УИХ болон орон нутгийн нээлттэй байдал, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо чиглэлээр үнэлгээ дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, судалгаа хийх, сургалт явуулах, хууль боловсруулах, санал зөвлөмж өгөх зэргээр ажиллажээ. Үндсэн хууль бол хүний эрхийг хангах, төрийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон ард түмэн төр хоёрын хооронд хийгдсэн гэрээ гэж хэлдэг. Энэ утгаар , энэ чиглэлээрхи миний 25 жилийн ажлын туршлагад маань үндэслэсэн байх. Жишээлбэл, Их Хурлын гишүүн нууцаар санал өгдөг, Байнгын хороо болон чуулганы протоколиуд нууц, архивт хадгалагддаг, хуралдааныг өнөөдрийнх шиг жирийн иргэд үзэх боломжгүй, хаалттай байлаа. 1993 оноос хойш энэ чиглэлээр ажиллаад үүний үр дүнд 1996 онд Их хурал ил санал хураалттай болсон. Ард түмэн чуулганы хуралдааныг телевизээр шууд үзэх боломж нээгдсэн. Протоколиуд нийтийн номын сан, интернэт сайт дээр тавигддаг болсон. Энэ бол сонгогч сонгосон хүнээ өөрсдийг нь төрд хэрхэн төлөөлж ажиллаж байгааг хянах боломж.

-Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай та нэг танхимд ажиллаж байсан. Тэднийг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хорьж, шалгаж байгааг юу гэж бодож байна вэ?

-Хууль хүчний байгууллага мэдүүлэг байцаалт авах үед нь саад хийгээгүй, дуудсан цагт нь ирж мэдүүлгээ өгч байхад барьж хорих шаардлагагүй шүү дээ. Байцаалтаа ч авахгүй, олон хоногоор барьж хорьж байгаа нь залхаан цээрлүүлэлт шиг харагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018″ арга хэмжээ улс орон даяар эхэллээ

БСШУСЯ, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ өнөөдөр улс орон даяар эхэллээ.

Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан. Үүнээс хойш “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтож, жил ирэх тусам өргөжсөөр 15 дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулах ажлуудын дэлгэрэнгүй мэдээллийг доорх мэдээллээс аваарай.

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах ажлууд Үндэсний номын санд зохион байгуулах арга хэмжээ:

Арга хэмжээ:

Цаг:

5-р сарын 2-нд;

1.“Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт

08.30-17.30

5-р сарын 3-нд;

2. “Дуу, дүрс авианы баримтат өвийн хадгалалт хамгаалалт” эрдэм шинжилгээ-онол практикийн хурал ба үзэсгэлэн 14.00-17.00

5-р сарын 4-нд;

3. Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ажиллагаа

11.00-12.00

4. Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааны шагнал гардуулах ёслол

5. Данжуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

12.00-13.00

6. Монгол Судлалын уншлагын танхим болон Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн сангийн програмын нээлт

13.00-14.00

5-р сарын 1-6-нд;

7. “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэн

5-р сарын 3-6-нд;

8. “Үндэсний номын сангийн дэлхийд бүртгэгдсэн өвүүд” үзэсгэлэн

11.00-17.00

5-р сарын 4-6-нд;

9. “Зохиолчдын фото зураг, гар бичмэлийн үзэсгэлэн”

10.00-16.30

Хүүхдийн төв номын санд зохион байгуулах арга хэмжээ:

4-р сарын 16-наас 5-р сарын 5 хүртэл;

10. Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг үсэг мину-2018” Улсын XII уралдаан

5-р сарын 4-нд;

11. “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн уралдаан 14.00

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар номын сангуудад зохион байгуулах арга хэмжээ:

Хотын нийтийн төв номын санд 4-р сарын 20-ноос 5-р сарын 8-нд;

12. “Алтан үсгийн цоморлог” уралдаан

5-р сарын 1-8-нд;

13. “Тунгаамал” эх хэлний уралдаан

14. Уран бичлэгийн сургалт

Баянзүрх дүүргийн салбар номын санд 5-р сарын 1-8-нд;

15. “Монгол бичгээр уншиж сурцгаая” аян

Хан-Уул дүүргийн салбар номын санд 5-р сарын 1-10-нд;

16. АХА тэмцээн

17. Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэлний багш нарын дунд “Эх сайхан Монгол хэл” зохион бичлэгийн уралдаан

Сонгинохайрхан дүүргийн салбар номын санд 5-р сарын 1-10-нд;

18. “Үсэглэдэг зөгий” зөв бичгийн уралдаан

Чингэлтэй дүүргийн салбар номын санд;

19. Уран бичлэгийн үзэсгэлэн

Хэлний бодлогын үндэсний зөвлөл:

5-р сарын 4-нд;

20. “Чингисийн чулууны бичиг” олж илрүүлсний 200 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад уг бичгийн ач холбогдлыг сурталчлан таниулах сургалт зохион байгуулах, танилцуулга бэлтгэн тараах

Төрийн түүхийн музей:

5-р сарын 2-нд;

21. Н.Отгонбаатарын “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн 11.00

Бичиг соёл, боловсролын төв:

Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 5-р сарын 1-нд;

22. “Бичиг соёл-2018” үзэсгэлэн зохион байгуулах, шилдэг бүтээл шалгаруулах 17.00

23. Бийрийн эрдэм уралдаан

5-р сарын 2-нд;

24. “Үндэсний бичиг, үсэг-Өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах 11.00

Архангай аймаг:

Аймгийн төв номын санд 5-р сард;

25. Ахлах 10-12 дугаар анги, дунд 6-9 дүгээр анги, насан хүрэгчид гэсэн гурван ангиллаар “Түргэн уншлага”, “Зөв сайхан бичигтэн” шалгаруулах уралдаан

26. Уран бичлэгийн үзэсгэлэн

Баянхонгор аймаг:

Аймгийн төв номын санд 5-р сарын 4-нд;

27. “Үндэсний бичгээр хэн хурдан унших вэ” уншлагын уралдаан (ЕБС-ын 6-12 дугаар ангийн сурагчид)

Аймгийн төв номын санд 5-р сарын 5-нд;

28. Монгол бичгийн сайхан бичгийн уралдаан (ЕБС-ын 6-12 дугаар ангийн сурагчид)

Аймгийн төв номын санд 5-р сарын 1-15-нд;

29. “Үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлье” номын нэгдсэн үзэсгэлэн

Баян-Өлгий аймаг:

Аймгийн төв талбайд 5-р сарын 1-6-нд;

30. “Би монгол бичигтэн” сайхан бичигтэн болон түргэн уншлагын уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах (Өлгий сумын бүх ЕБС-ийн сурагчдын дунд)

Аймгийн Төв номын санд 5-р сарын 2-нд;

31. ЕБС-ын сурагчдын дунд “Монгол бичиг-Монгол бахархал” сэдэвт уралдаант тэмцээнийг зохион явуулах (Багуудын мэндчилгээ,түргэн уншлага, зүйр үг эвлүүлэх, үг галиглах, эх хөрвүүлэх зэрэг шатлалаар 7-12 ангийн сурагчид өрсөлдөх)

Аймгийн Төв номын санд 5-р сарын 4-нд;

32. Их ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсэний 215 жилийн ойг угтан “Монгол бичгээр урлахуй” цэвэр бичигтэн шалгаруулах уралдааныг зохион явуулах (Нийт иргэд, сонирхогчдын дунд)

Дорнод аймаг:

Тусгаар тогтнолын талбайд 5-р сарын 1-6-нд;

33. Ц.Дамдинсүрэнгийн 110 жилийн ойд зориулан бүтээлийн үзэсгэлэн гаргах, бүтээлийг шалгаруулах

34. “Алтан хонх” АХА тэмцээн болон бусад соёлын арга хэмжээ

Дундговь аймаг:

Аймгийн Төв номын санд 4-р сарын 20-ноос 5-р сарын 4 хүртэл;

35. Уран бичлэгийн уралдаан (Төрийн албан хаагчид, насанд хүрэгчдийн дунд)

36. Түргэн уншлагын тэмцээн (Төрийн албан хаагчид, насанд хүрэгчдийн дунд)

Завхан аймаг:

Хөгжимт жүжгийн театрт 5-р сарын 2-нд;

37. Дорнын их яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Явуухулангийн төрсөн өдрийг тохиолдуулан “Би хаана төрөө вэ” Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн дууны уралдааныг зохион байгуулна

Хүүхэд гэр бүл хөгжлийн ордонд 5-р сарын 5-нд;

38. “Ном бол ертөнцийг харах цонх” сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгуулна

Орхон аймаг:

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-6-нд;

39. Уран бичлэгийн уралдаан (Насанд хүрэгчдийн дунд)

40. “Үндэсний бичигтэн” байгууллага шалгаруулах

Өвөрхангай аймаг:

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-6-нд;

41. Уран бичлэгийн уралдаан (Насанд хүрэгчид)

42. “3өв бичигтэн болон цэвэр сайхан бичигтэн” шалгаруулах уралдаан (ЕБС-ийн сурагчдын дунд)

Өмнөговь аймаг:

Аймгийн Төв номын санд 4-р сарын 20-ноос 5-р сарын 3-нд;

43. “Бидний бахархал-Монгол бичиг” сайхан бичлэгийн уралдаан

Аймгийн Төв номын санд 5-р сарын 4-нд;

44. Үндэсний бичиг үсгийн баяр арга хэмжээ (Монгол бичгийн хурдан уншигч шалгаруулах, Бичиг соёлын дурсгалын үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ)

45. Монгол бичгийн цахим хэрэглээ сургалт (Монгол бичгээр компьютерт бичиг сургалт үнэ төлбөргүй)

Увс аймаг:

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-6-нд;

46. Засаг даргын нэрэмжит түргэн, зөв, сайхан бичигтэн шалгаруулах уралдаан

47. Увс аймгийн иргэдийн монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулах, шалгаруулах

Сэлэнгэ аймаг:

Партизаны талбайд 5-р сарын 4-нд;

48. “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” нэгдсэн арга хэмжээ (бичиг үсгийг сурталчлах уралдаан, тэмцээн, үзэсгэлэн зохион байгуулах)

49. “Үндэсний бичиг, өв соёлоо дэмжигч байгууллага” шалгаруулах аян зохион байгуулах

Ховд аймаг:

Аймгийн Төв номын санд 5-р сарын 4-нд;

50. “Уран үзэгтэн” хичээнгүй бичгийн уралдаан (Жаргалант сумын ЕБС бүрээс 10 сурагч оролцоно)

51. “Монгол каллиграф” уран бичлэгийн уралдаан (аймаг, сумдын сонирхогч, иргэдийн дунд)

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-6-нд;

52. Ховор номын үзэсгэлэн

Хөвсгөл аймаг:

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-нд;

53. “Монголчуудын бичиг үсэг, соёл” үзэсгэлэн

Аймгийн Төв номын санд 5-р сарын 4-нд;

54. Үндэсний бичиг үсгийн талаар хэн сайн мэдэх вэ” сэдэвт алтан хонх тэмцээн

Аймгийн Төв номын санд 5-р сарын 7-нд;

55. “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

Хэнтий аймаг:

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-6-нд;

56. Уран бичлэгийн уралдаан

-Таталган бичиг

-Уран бичлэг

-Бүтээлч бичиг

-Хичээнгүй бичиг дөрвөн төрлөөр (сургуулийн дунд, ахлах ангийнхан болон насанд хүрэгчдийн ангилалаар)

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-7-нд;

57. Уран бичлэгийн сургалт (ЕБС-ийн монгол хэл уран зохиолын багш нар болон төрийн албан хаагчдад)

Төв аймаг:

Аймгийн Төв номын санд 5-р сарын 1-6-нд;

58. “Бидний бахархалт босоо бичиг мину” (Төрийн албан хаагчдын дунд багийн тэмцээн)

59. “Алтан хонх” монгол бичгийн тэмцээн (ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд)

Эх сурвалж: БСШУСЯ

Categories
мэдээ цаг-үе

С.Дарамсүрэн: Монгол бөхийн дархан аваргууд маань маргаанд оролцож тэмцэлдэж байгаа нь харамсалтай

Бөх судлаач С.Дарамсүрэнтэй ярилцлаа.


-Та хэдий үеэс үндэсний бөхийг сонирхож эхэлсэн бэ?

-Арван жилийн сурагч байхдаа Баянхонгор аймагт зохиогдсон барилдаануудыг алгасалгүй үздэг байсан. Зурагтаар бол наадмын сорилго барилдаануудыг үзэх дуртай. Бөхчүүдийн бэлтгэл нь жигдэрсэн байдаг учраас өрсөлдөөнтэй гал гарсан барилдаанууд олон гардаг байлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнийн нягт барилдааныг нь биширнэ. Мөн зургаан залуу зааны өрсөлдөөнийг их сонирхож хардаг байлаа.

-Бөхийн спортоор хичээллэж байв уу?

-Өсвөр насандаа барилддаг байсан шүү. Аймгийн аварга шалгаруулах барилдаанд хоёр удаа түрүүлж алтан медаль зүүсэн. Харин 1999 онд хүнд бэртэл аваад хичээллэхээ больсон. Ингэлээ гээд бөхийн спортоос холдолгүй дэмжигч болсон доо. Бөхийн барилдааны тааварт алгасалгүй оролцоно. “Хүмүүс” сониноос зарладаг байсан тааврын ялагчаар тодорч бүтэн улирал үнэгүй захиалж унших эрхээр шагнуулж байсан. Тухайн үед ч бөхийн барилдааныг тааварлах их амархан байжээ. Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ гээд л зургаан залуу заанаас бэлтгэл сайтай байгаа хоёрынх нь нэрийг бичээд өгчихөд таадаг байлаа шүү дээ. 2003 онд хотод оюутан болж ирээд Үндэсний их баяр наадам, Цагаан сар, Улс тунхагласны баярт зориулсан барилдаануудыг алгасалгүй үзэж өнөөдөртэй золгож байна.

-Таны хувьд дан ганц бөх үзээд явалгүй, бөхийн төлөө их зүйл хийжээ. Монгол бөхийн өргөөнд болсон барилдаан дээр хөлийн цэцээр сууж байсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Би өөрөө мэдээлэл технололгийн инженер хүн л дээ. Дараа нь магистрт сурч байхдаа монгол бөхийн дүрэм журам, гол хийдэг мэх зэргийг нь гүнзгий судалсан. Энэ дээрээ тулгуурлаж Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдэд өөрийн санал шүүмжээ хэлнэ. Нэг удаа “Та нар маргаантай барилдааныг буруу шийдэж байна” гээд Р.Нямдорж тэргүүн дээр яваад очтол “Чи өөрөө шүү, хөлийн цэц хий. Бодит байдалтай танилц” гэж хэлээд би 2011 оны арванхоёрдугаар сард Ардчиллын ойн барилдаанд хөлийн цэцээр ажилласан. Тэр өдөр нутгийн арслан Б.Эрдэнэхүү маань түрүүлж намайг баярлуулж байсан даа. Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон цагаас хойш улс аймгийн цолтнуудын барилдаанд Баянхонгорын бөх түрүүлсэн ганц тохиолдол нь тэр.

-Монгол эрчүүдийн шимтэж үздэг үндэсний бөхийн барилдаан бөхийн өргөөний төлөөх тэмцлээс шалтгаалж зохиогдсонгүй. Үндэсний их баяр наадам өдөр хоногоор ойртож буй энэ өдрүүдэд барилдаанууд цуцлагдаж байгаад бөхчүүд гомдолтой байгаа талаараа ярьж байсан. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Үзэгч хүний хувьд харахад гээндээ ч бий гоондоо ч байгаа. Монгол бөхийн төлөө биш “Монгол бөхийн өргөө” гэж барилгын төлөө тэмцэлдээд байгаа юм шиг. Нэг тал шүүхээр яваад гурван шатны шүүхэд ялалт байгуулчихсан. Нөгөө талыг нь масс дэмжээд байдаг. Ингээд л маргалдаж байгаа юм л даа. Үүнд монгол бөхийн ноён оргил болсон дархан аваргууд оролцож өөр хоорондоо тэмцэлдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бусармаг явдлаараа бөх сонирхогчдыг хохироож байна шүү дээ. Бид бөхөө үзмээр байна.

-Таны харж буйгаар энэ асуудлын гарц гаргалгаа нь юу вэ?

-Талууд хэн хэндээ хүлээцтэй хандаж зөвшилцөх хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Ид барилдаж байгаа бөхчүүдээ бодох хэрэгтэй. Үндэсний их баяр наадам хаяанд ирээд байхад хэрүүл уруул хийгээд өргөөгөө лацдуулчихаад байж яавч тохирохгүй.

-“Их эе” ирэх сарын 5-нд дахин хуралдахаар тов гарч байна. Энэ “Их эе”-ээс ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшиж байгаа хүн маань дөрвөн жилийн хугацаанд хийх мөрийн хөтөлбөрөө таницуулж байвал зүгээр санагдах юм. Юу хийж, яах нь мэдэгдэхгүй хүн Бөхийн холбоог удирдаж болохгүй санагдах юм. Бөхчүүд маань тэргүүнийхээ мөрийн хөтөлбөртэй танилцаад өөрсдийнхөө эрх ашигт тохирсон, нийцсэнийг нь сонгож байх хэрэгтэй.

-Та өнгөрсөн жил баяр наадмын үндэс-ний бөхийн барилдааны допингийн шинжилгээний хөндлөнгийн ажиглагчаар сонгогдож ажилласан. Энэ их хаалттай сэдэв шүү дээ. Мэдээлэл өгөхгүй юу?

-Бөх сонирхогчид допингийн шинжилгээ шударга явагддаг тал дээр их эргэлздэг л дээ. Энэ хардлага, хүмүүсийн эргэлзээг тайлах үүднээс допингийн шинжилгээ авахад хөндлөнгийн ажиглагчаар оролцсон. Улмаар улсын харцага О.Хангай, М.Бадарч, Д.Тамир, Г.Ганжад тэргүүтэй 12 бөхийн допингийн шинжилгээ өгөх үйл явцыг яг хажуунаас нь ажигласан. Ямар нэгэн зөрчил илрээгүй. Харин допингийн шинжилгээ авч буй хоёр эмчийн нэг нь бөхчүүдийн шээхийг харж буй ажиглагчтайгаа садан төрлийн хүмүүс байсан нь сэжигтэй санагдсан. Ийм чухал хариуцлагатай ажилд садан төрлүүд байж болохгүй биз дээ.

Энэ талаар допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Сүхбатад мэдэгдсэн ч “Шалгаж үзнэ” гэж хэлээд л таг болсон.

-Сая баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээгээр сумын заанаас хүртэл допинг илэрч байх юм. Энэ нь допинг гэх хортой зүйл монгол бөхөд газар авсныг харуулж байх шиг. Энэ талаар таны бодол?

-Хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол энэ. Шинээр гарч ирж ажиллах бөхийн холбоо энэ тал дээр анхаарч ажиллах болов уу гэж харж байна. Энэ чинь бизнес болчихсон байна л даа. Допингийн төрлийн бодис оруулж ирж зарж борлуулдаг сүлжээ хүртэл байгаад байна. Энэ бусармаг ажилд нэн даруй цэг тавих ёстой. Нөхөн үржихүйн насан дээр яваа хамаг сайхан залуучууд маань биеэ хордуулж дууслаа шүү дээ. Бөхчүүд маань 35 наснаас цааш амьдрал байгаа гэдгийг ухаарч энэ хортой зүйлээс татгалзаасай гэж хүсч байна. Бөхийн удам дагаж хүү нь барилддаг сайхан уламжлал алга болох аюул нүүрлээд байна. Энэ дээр өөр нэг ойлгогдохгүй асуудал байгаа нь сэргээш илэрсэн бөхчүүдийн хүлээх шийтгэл нь харилцан адилгүй байгаа явдал. Зарим нь зургаахан сар эрхээ хасуулаад барилдаж байхад зарим нь цолоо хураалгаж байж болохгүй биз дээ. Хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байх ёстой. Нэг бол бүгдийнх нь цолыг хураагаад, үгүй бол нэг удаа өршөөл үзүүлээд энэ асуудлыг цэгцэлчих хэрэгтэй. Хамгийн анх шинжилгээнд бүдэрч байсан дархан аварга А.Сүхбат ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй бол Б.Суманчулуун, Н.Адьяабат, Б.Ганзориг нар цолоо хураалгасан байх жишээтэй.

-Баяр наадмын цол олгох тухай хуульд ганц нэг цоорхой байдаг талаар бөхийн хүрээнийхэн ярилцдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Манай үндэсний бөхийн давуу тал нь тусгаар тогтнол эв найрамдлыг бэлгэдэж байдаг учраас өөрийн гэсэн бие даасан хуультай. Энэ хуульд шинэчлэх шаардлагатай хэд хэдэн заалт байгаа. Үндэсний бөхийн дүрэмд баяр наадмын таваас дээш даваа болгон цолтой байх, амжилтаар нь эрэмбэлэх гэж хоёр гол заалт бий. Энэ нь баяр наадамд 1024 бөх барилдахад арслан, аварга цолтнууд дээр зөрчилдөөд байна л даа. Өөрөөр хэлбэл, 1024 бөх барилдахад арслан цолтой бөх ес давахад үнэлэхгүй болчихсон.

Харин арслангаас доош цолтон ес давахад шууд арслан цол авч байгаа юм. Өндөр даваанд очсон арслан цолтон өөрийгөө дайчилж барилдах хөшүүрэггүй болж байгаа учраас найраа хийх магадлалыг өндөрсгөж байна. Улсын арслан цолтой бөх ес давахад давааг нь үнэлэхгүй юм чинь арслан цолны төлөө барилдаж байгаа бага цолтонд бууж өгч болно шүү дээ. Үүн дээр нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Өөр нэг асуудалтай зүйл нь аймгийн засаг дарга нар дур мэдэж тойргийн цол олгож байгаа явдал. Хуулинд зөвхөн баяр наадмаар цол олгох заалт байсаар байхад тусдаа тойргийн барилдаан хийж цол олгож олон наадам будилуулсан. Жишээ нь, бөхийн өргөөнд сумын заан цолтой гардаг бөх аймгийнхаа наадамд аймгийн харцага цолтой барилдаад арслан болчихож байгаа юм. Өнгөрсөн жилээс аймгуудын засаг дарга нар тойргийн цолоор барилдуулахгүй байх шаардлага хүргүүлснээр энэ асуудал гайгүй цэгцэрсэн. Ганц Увс аймаг л тойргийн цолоор барилдуулж дүрэм зөрчсөн. Энэ асуудал дээр МҮБХ-ны удирдлагууд хүлээцтэй хандаж, бөхчүүдийнх нь цолыг олгосон байна лээ.

-Үндэсний бөхийн үзэгчдийг цөөрүүлж байгаа, үнэгүйдүүлж байгаа нэг бусармаг зүйл нь цолны найраа. Өнөөдөр аварга, арслангууд маань аймгийн наадамд очиж найраа хийж байгаа харагдах юм. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ та?

-Миний хамгийн эмзэглэж явдаг зүйл л дээ. Аварга арслангууд манлайлсан аймгийн наадамд залуухан хүүхдүүд түрүүлж үзүүрлэж байгаа тохиолдол олон ажиглагдах болсон. Нөгөө монголчуудын хайртай аварга арслангууд маань амны хүүхдүүддээ өнхрөөд өгдөг. Энэ бусармаг явдлыг зогсоохын тулд аймгууд наадмаа долдугаар сарын 10,11-ний өдрүүдэд нэгэн зэрэг хийж байвал зүгээр санагддаг. Мэдээж улсын том цолтнууд нь үндэсний баяр наадамдаа зодоглох учраас аймгийн наадамд очиж найраа хийхгүй шүү дээ.

Баяр наадмын тухай хуульд ч аймгууд наадмаа долдугаар сарын 10-15-ны хооронд тэмдэглэнэ гэсэн тодорхой заалт байдаг. Үүнийг л мөрдөх хэрэгтэй. Өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа аймаг орон нутаг цөөхөн байна. Мөн зарим нэг газар наадмаа хаалттай хийнэ, гадны бөх барилдуулахгүй гэж байгаа нь сонсогдох юм. Ингэж болохгүй шүү дээ. Монгол бөхчүүд Монголдоо хаана ч барилдаж болно. Хүний эрхийг ингэж бүдүүлгээр зөрчиж яавч болохгүй.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхжаргал: Аутизмын эмгэгийг засах сэтгэц заслын аргууд бий

Аутизм Монгол-АНД төрийн бус байгууллагын ахлах сэтгэл зүйч Б.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Аутизм гэж юу вэ?

-Бусадтай харилцах чадвар бага, аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар сул, давтагдмал зан үйл болон хэт явцуу сонирхлоор илэрдэг насан туршийн эмгэгийг аутизм гээд байгаа юм. Аутизмийн үед илрэх гол шинж тэмдгүүд гэвэл хэлд орохгүй байх, нүдний булангаараа харах гэх мэт өвөрмөц үйлдэл хийх, хүний нүд рүү тогтож харахгүй байх, зөвхөн өөрийн хүссэн зүйлийг сонирхох, хооллолт хэвийн биш, хэт их идэх, эсвэл нэг л төрлийн хоол идэх. Заримдаа олон хүнтэй орчинд тавгүйтэх, нэрээр нь дуудахад харахгүй байх, гараа сэгсрэх, дороо эргэх гэх мэт нэг хөдөлгөөнийг үргэлж давтах, өвдөлт бага мэдрэх, сэтгэгдлээ хуваалцдаггүй, бусдын нүүрний хувирлыг ойлгодоггүй гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ эмгэгийг эцэг эхчүүд зургаагаас найман настайд нь мэдэх боломжтой байдаг. Хоёроос гурван настайд нь аутизмын шинж тэмдгүүд нь хурцаар мэдрэгддэг. Хөгжлийн хоцрогдол нь үеийн хүүхдүүдээс илт хоцрогдсон байдаг гэсэн үг. Тиймээс хоёроос гурван насанд нь бүрэн оношилгоо хийлгэх хэрэгтэй.

-Аутизмыг засах боломж бий юу?

-Аутизмийн хүрээний эмгэгүүдийг эмчлэх арга байдаггүй. Гэхдээ маш олон төрлийн сэтгэц заслын аргууд байдаг. Энэ аргууд нь аутизмын шинж тэмдгүүдийг аль болох багасгах л зорилготой.

-Аутизмын эмгэгийн гол шалтгааныг эрдэмтэд тогтоосон уу?

Үүсгэж буй шалтгааныг одоогоор баттай тогтоогоогүй. Хүн болгон өөр байдаг. Зарим хүүхдүүд аутизмтэй зарим нь хөнгөн хэлбэрийн, зарим нь дунд зэргийн аутизмтай гэх мэт байдаг. Тухайн хүүхдийн онцлогоос шалтгаална. Аутизмтай 100 хүүхэд байлаа гэхэд бүгдээрээ өөр өөр аутизмтай байдаг. Хүнд хэлбэрийн аутизмтай хүүхдэд өөрт нь тохирсон сургалт явуулаад сайн үр дүн гарч болно. Мөн хөгжихгүй байх тохиолдол ч байгаа. Үр дүн хэдий хугацаанд гаргана гэж амлалт өгөхөд ч хэцүү. Нэг сарын хугацаанд гарч болно. Хоёр сар, эсвэл насан туршдаа сурах, өөрчлөгдөхгүй байж болно. Ер нь бол аутизм гэдэг нь насан туршийн эмгэг байгаа юм. Насаараа л ямар нэгэн сургалт тусламж авах шаардлагатай хүмүүс гэсэн үг. Шалтгаан нь тодорхойгүй. Эрдэмтэд олон санал дэвшүүлдэг аль нь ч батлагдаагүй байдаг. Төрөлхийн ба олдмол гэж хоёр хувааж үздэг юм. Орчных гэдэг нь агаарын бохирдол хүнд металлын хордлого. Төрөх явцад үүсэх хүндрэл хүчилтөрөгч фолийн хүчлийн дутагдал. Гэхдээ тэр санаа батлагдаагүй. Зарим эрдэмтэд генийн өөрчлөлтөөс ч болдог гэж үздэг ч мөн л батлагдаагүй асуудал.

-Аутизмтай бол бүгд ижил бэрхшээлтэй байдаг уу. Манай улсад бүртгэлтэй аутизмтай хичнээн хүүхэд байна вэ?

-Хүүхэд болгон өөр өөр бэрхшээлтэй. Хувийнх нь онцлогоос шалтгаална. Манайд бол 200 хүүхэд бүртгэлтэй байдаг. Олон улсын байгууллагуудынхаар бол нийтдээ 500 хүүхэд бүртгэлтэй байгаа. Ихэнх нь бага насны хүүхдүүд. Манай байгууллагад 30 гаран насны хоёр залуу бүртгэлтэй байдаг.

-Эмчлэгдэхгүй гэсэн үг үү?

-Эмгэг учраас эмчлэгдэхгүй насан туршид байна. Засах гэж ярина. Япон, Солонгос Ази Европт хэзээний хүмүүс мэдээд бүх түвшиндээ эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан нийгмийн үйлчилгээнүүд нь шийдэгдчихсэн. Олон нийтэд болон төрийн албан газруудад мэдээлэл түгээх, сурталчлах ажлуудыг хийгээд явж байгаа. Аутизмын хүрээний эмгэг хөвгүүдийн дунд (42-т 1) илрэх нь охидын дунд (189-д 1) илрэхээс тав дахин илүү нийтлэг байдаг.

Мөн эрдэмтдийн сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тухайн улсын нийт хүн амын 0,62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэсэн байна. Энэ магадлалаар бол монгол улсад 18600 орчим аутизмын хүрээний эмгэгтэй хүн байх магадлалтай байна.

-Аутизмын анхны шинж тэмдэг хэдэн настайгаас мэдэгдэх вэ?

-Анхны шинж тэмдэг 6-8 сартайд ажиглагдаж эхлэх бөгөөд нэг нас хүрсний дараагаас тодорхой илэрч эхлэх бөгөөд 2-3 насанд шинж тэмдгүүд бүрэн илэрнэ. Хэл ярианы саатал, харилцан үйлчлэл дутмаг, өвөрмөц зан үйл (давтагдмал хөдөлгөөн), бусадтай харилцаа тогтоох болон тоглоомын хязгаарлагдмал сонирхол зэрэг түгээмэл шинжээр илэрдэг.

Аутизмтай хүүхэд хэлд орох уу?

Харилцаа гэдгийг бид зөвхөн үгээр төсөөлдөг. Тиймээс л хүүхдээ аутизмтай гэдгийг мэдсэнээс хойш хэлд оруулахыг л урьтал болгодог. Мөн ярихаас илүү харилцаа чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн 25-50 орчим хувь нь хэл яриагүй байдаг гэсэн таамаглалыг олон улсын судалгааны байгууллагууд гаргасан.

“Autism Speaks” байгууллагаас аутизмыг таниулах өдөр цэнхэр өнгийн хувцас өмсөж аутизмтай болон тэдний ойр дотнын хүмүүст сэтгэлийн дэм өгч буйгаа илэрхийлдэг. Манай улсад мөн адил 2015 оноос хойш цэнхэр өнгийн хувцас өмсөх, аутизмын илэрхийлэл бүхий цэнхэр эвлүүлдэг тоглоом бүхий тэмдэг зүүх, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зөв ойлголт түгээх зэрэг кампанит ажлууд хийгдэх болсон.

Тэд бусдаас өөр ч бидэнтэй л адил хүн гэдгийг санах хэрэгтэй. Адилхан зүрх сэтгэлтэй, хайрлаж энхрийлэх гэж бусдаар хайрлуулах гэж энэ ертөнцөд ирсэн. Тиймээс та бүхэн олон нийтийн газар тавгүйтсэн, уйлж хямарсан, харилцаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хараад буруугаар ойлгохоос урьтаж, цаадах шалтгааныг нь ойлгох хэрэгтэй. Ингэж л хүн бүр эерэг хандлага үзүүлбэл тэдэнд болон тэдний ойр дотны хүмүүст хамгийн сайн дэм болно.

Аутизм нийгмийн гарал үүсэл, эдийн засгийн байдал, ястан үндэстнээс хамаарахгүй, хэнд ч тохиолдож болох бөгөөд эрэгтэй хүүхдэд 4 дахин илүү тохиолддог хэмээн эрдэмтэд нотолж байна.

Аутизмтай хүүхдийн тоо 50 жилийн өмнө 10000-д 1 байснаа, 20 жилийн өмнө 1000-д нэг болоод, 10 жилийн өмнө 150-д 1 болж тоо нэмэгдсээр байна.

Аутизмтай хүүхдийн тоо олширч байгаагийн шалтгаан нь оношилгоо сайжирсантай холбоотой хэдий ч бас өөр шалтгаан байгаа юм. Гэвч тэр нь яг ямар шалтгаан бэ гэдэг дээр одоогоор эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Сант Марал” сангаас Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн байдлын талаар олон нийтээс авсан шинэ судалгааныхаа дүнг нэгтгэсэн байна. Энэ талаар “Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүртРейтингээр Х.Баттулга тэргүүлж, тулгамдсан асуудлаар ажилгүйдлийг нэрлэжээ” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Оюу толгой болохгүй байна гэсэн популизмаар асуудалд хандаж болохгүй” хэмээн ярьсан байна.

Саяхан Монгол Улсын 2017 оны “ТОП 100” ААН-ийг тодруулсан. Тэгвэл энэ талаар МҮХАҮТ-ын Удирд ах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав “Эдийн засаг” нүүрт “Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй” хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Г.Амарбат нарыг үргэлжлүүлэн хорих үгүйг өнөөдөр шийднэ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Танин мэдэхүй” нүүрт “Залуу зохион бүтээгч” үзэсгэлэнээс хийсэн “Сурагчид сансрын зөөгч пуужингуудын загвар хийжээ” сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Ардчилсан залуучуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Номингэрэл “УИХ-ын гишүүд тойрогтойгоо ойр хамааралтай байдаг учраас хоёр танхимтай парламент тохиромжгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/ хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ