Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: С.Зоригийн хэрэг гэлтгүй бусад хэргийн бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай би танилцдаггүй байсан

С.Бямбацогт зурган илэрцүүдУИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал хэлэлцэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв буруу гэсэн янз бүрийн тайлбар явж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. Энэ тухай олон жил ярьж байгаа. 2008-2012 оны парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд нэлээд хэдэн гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх төслийг бэлтгэсэн байдаг. 2012-2016 оны парламентын үед Ардчилсан нам олонх байхдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж байсан.

Энэ бүхнээс аваад үзэхээр үеийн үед Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байна гэдгийг ялангуяа эрх барьж байсан намууд сайн ойлгодог. МАН эрх барьж байгаа энэ үед ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой юм байна гэж харж байгаа л даа. Энэ ч утгаараа миний бие ажлын хэсэгт нь орж ажиллаж байна.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын талаарх асуудлууд хөндөгдөж байна. Өнгөрсөн 2017 он нэлээдгүй хэл амтай өнгөрлөө. Энэ жил ёс зүй, хариуцлагын тухайд хатуу чанд байж чадах болов уу. Гэмт хэрэгт холбогдсон, хуралдаандаа суудаггүй гишүүдийг яах вэ?

-Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгийг нь авчихсан. Тиймээс УИХ-ын гишүүд хариуцлагатай болох байлгүй дээ. Миний хувьд 2008-2012 оны парламентын үед Их хурлын чуулганы танхимд зөвхөн үнэнийг хэлэх ёстой. Худлаа ярих юм бол хариуцлага тооцдог хуулийг санаачилж байсан. 2012-2016 онд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж өөрсдөө саналаа өгдөг байя. Хэн нэгэн өмнөөс нь ирж карт шургуулдаг биш, хэн нэгэн хүний өмнөөс санал өгдөггүй байх хуулийн төслийг санаачилж байсан. Ингээд үзэхээр бид зайлшгүй ёс зүй, хариуцлагын асуудалдаа анхаарах ёстой. Зөвхөн ярьдаг биш, хийдэг байх ёстой.

Утааны асуудлын хүрээнд шинэ жилийн үеэр 30, 31, энэ сарын 1-нд гэр хороололд ажилласан. Их хурал дээр яриад байдаг утааны асуудлыг гэр хороололд очиж судаллаа. Дөл, Хасаас эхлээд уламжлалт зуухнуудаас утаа хэр гардаг вэ, Нүүдэлчин гээд утаа бага гаргадаг зуухыг яагаад үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй байгаа юм гэдэг асуудлыг газар дээр нь очиж үзэж харлаа. Бидний гаргаж буй шийдвэр, ярьж буй яриа амьдрал дээр бодитой биш байна.

-Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлын хэсгийг удаа дараа тарааж байсан гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлсэн. Ц.Нямдорж сайд өөр зүйл ярьдаг. Таныг сайдаар ажиллаж байхад ажлын хэсгийг тарааж байсан уу. Уг хэрэг дээр ямар ажиллагаа явж байсан бэ?

-Аливаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа нууц байдаг. Нууц байдаг гэдэг утгаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд нөлөөлөх, оролцох ямар ч эрхгүй. Үүнийг хуулиар хориглосон. Энэ үүднээс би хууль зөрчиж хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын аливаа асуудлыг үзэж, харъя, ямар шатандаа яваатай танилцъя гэж байгаагүй. Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайд тийм үүрэгтэй байх ёстой. Ц.Нямдорж сайд ч гэсэн тийм байдлаар асуудалд хандаж байсан байх.

-Ажлын хэсэгт өөрчлөлт орж байсан уу?

-Зөвхөн С.Зоригийн хэрэг гэлтгүй бусад хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа нууц байдаг учраас би танилцдаггүй байсан. Түүнчлэн С.Зоригийн хэрэг маш нууцын зэрэглэлд шилжин, Тагнуулын ерөнхий газар л шалгадаг байсан шүү дээ. Тиймээс энэ талаар мэдэхгүй.

-Энэ оны эдийн засгийн өсөлтийг та хэрхэн харж байгаа вэ. Иргэдийн амьжиргаанд хэр өөрчлөлт гарах бол?

-Иргэдийн амьжиргаанд өөрчлөлт гарах байх гэж найдаж байна. Үндсэндээ суурь нь тавигдсан. 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байсан бол 2012-2016 оны хооронд эдийн засаг -1 хувь хүртлээ унасан. Ийм байхад Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэж чадсан. Энэ өсөлт хадгалагдаж байна. Хамгийн гол нь эдийн засгийн энэ өсөлт нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөхүйц үр дүн гаргах ажлуудыг Засгийн газар хийх ёстой.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ойдовын Содномпил: Утга зохиолд нэг номерын уран бүтээлч гэж ерөөсөө байхгүй

Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш Ойдовын Содномпилтэй уулзаж хөөрөлдлөө. “Ондоо шүлгүүд”-тэй эл эрхмийг Монголын утга зохиолын ертөнцийнхөн оюуны бядтай нэгэн гэдгээр нь сайтар мэдэхээс дотоод сэтгэлийг нь тэр бүр өнгийж байсан нь цөөхөн.

-Таныг Монголын утга зохиолын наяад оныхон их хүндэтгэдэг. Яруу найрагч О.Дашбалбар, Сүхбаатарын Батмөнх нарын авьяастай, өндөр боловсролтой хүмүүсийн хандлага ийм байсныг сайн санах юм. Та үеийнхнийхээ талаар яриач!

-Яруу найрагч Данзангийн Нямаа саяхан нэг сонинд “Наяад оныхон бол Монголын яруу найргийн алтан судал” гэж их гоё үг хэлсэн байна лээ. Энэ бол гайхалтай онож хэлсэн үг. Зүгээр нэг магтаалын үг биш. Монголын утга зохиолын хөгжилд наяад оныхон өөрсдийнхөө дуу хоолойг өргөсөн хүмүүс. Яруу найрагчид нь гэхэд цөм өөр өөрсдийн дуу хоолойтой уран бүтээлчид. Очирбатын Дашбалбар, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Чимэдравдангийн Мягмарсүрэн, Дамбын Төрбат, Дан.Нямаа, Д.Чинзориг, Ламжавын Мягмарсүрэн нарын маш олон төлөөлөл байна. Эдний шүлгийг харьцуулаад үзэхэд бүгд өөр өөрийн өнгө аястай. Энэ бол утга зохиолд хамгийн чухал зүйлийн нэг. Хүүрнэл үгийн зохиолч ч бай, яруу найрагч ч бай нэг номерын уран бүтээлч гэж утга зохиолд ерөөсөө байхгүй. Манай үеэс Д.Сумъяа, Ц.Түмэнбаяр, Бя.Энхтуяа, Д.Булган нарын мундаг уран бүтээлч бүсгүйчүүл төрсөн.

-Уралдаан тэмцээнүүдээр уран бүтээлчдийг гурил, мах дугаарлаж байгаа юм шиг л тэмдэг шошго хадаад байх юм байна шүү дээ?

-Тийм зэрэглэл ерөөсөө байхгүй. Манайхан чинь морь уралдуулж байгаа шигээ л нэг, хоёр, гурав, айргийн тав гэх юм. Утга зохиолд ер тийм юм байхгүй. Яруу найрагч л бол яруу найрагч. Тэр өөрийн дуу хоолойтой, өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй хүн. Би сайн зохиолч, муу зохиолч гэж ялгадаггүй. Бүгд л өөрийн гэсэн оршин тогтнолтой гариг ертөнцүүд. Жараад оныхон, далаад оныхон, наяад оныхон, ерээд оныхон, шинэ мянганыхан бүгд өөрийн дуу хоолойтой, өөрийн эгшигтэй. Гэхдээ утга зохиолд онцгойрон үзэгдэл болж гарч ирсэн уран бүтээлчид байна аа, байна. Зохиолч, яруу найрагчийг сайн муу гэх маш хэцүү.

-Жил бүр болдог “Болор цом” яруу найргийн наадам яруу найрагчдыг зэрэглэж дугаарлаад байх шиг санагддаг даа?

-“Болор цом” чинь яг угтаа бол яруу найргийн баяр юм шүү. Ийм уншлага байх ёстой зүйл. Энэ наадамд би нэг ч удаа оролцож үзээгүй. Голж шилсэндээ ч ороогүй юм биш. Анхнаасаа л оролцоогүй юм. Тэр чигээрээ л оролцоогүй явсаар өдий хүрлээ. Яруу найраг чинь дотроо сонсох, унших яруу найраг гэж байна. Сонсогчдын чихийг яруу найргаар мялааж байгаа үзэгдэл бол “Болор цом”. Дотроо яахав байр эзлүүлдэг л дээ. Гэхдээ л уншигч олныхоо сонорыг мялаана гэдэг нэг ёсны баяр. Уншлагын яруу найраг шүү дээ.

-Таны номын санг харахад англи, орос хэлнээ гарсан дэлхийн сонгодгуудын бүтээл их юм. Монголын утга зохиол дэлхийн уран зохиолын их ай савд хаахна яваа бол?

-Би Монголын яруу найргийг дэлхийн төвшнөөс огт хоцроогүй гэж боддог. Яруу найраг утга зохиолын бусад төрлөөсөө хамгийн дээгүүрт байгаа. Манай яруу найраг 1960-аад оноос өөр төвшинд хүрч ирсэн юм билээ. Горькийн нэрэмжит Утга зохиолын их сургуульд манайхан явж дэлхийн яруу найраг ийм хэмжээнд байдаг гэдгийг мэдэж ирснээр яруу найргийг тэс өөр болгосон. Бэгзийн Явуухулан гуайн анхны номууд, Горький төгсөж ирснээс хойш гаргасан номууд тэс ондоо. Горькийд явж ирсэн хүмүүс манай утга зохиолын өнгө аясыг өөрчилсөн байдаг. Явуу Японы хайкуг оросоос орчуулж “Цог” сэтгүүлд тавьсан. Дэндэвийн Пүрэвдоржийн яруу найраг хэчнээн монгол цэцтэй ч тэнд сурч ирээд өөрчлөгдсөн. Хүмүүс нэг их тоодоггүй болохоос Д.Пүрэвдорж гуайн Энэтхэгт бичсэн шүлгүүд мундаг шүү дээ. “Цагаан хэрээ” энэ тэр гээд. Нөгөө том найраглалуудад нь автаад хүмүүс тэр шүлгүүдийг нэг их анзаардаггүй юм. Наяад онд О.Дашбалбар хойноос ирээд яаж өөрчилж, утга зохиолыг ямархан хэмжээнд сурталчилж байлаа. Гүн Аюурзана ирээд яав. Аюурын хэдэн хар ном чинь манай нэгэн үеийн залуусыг соён гэгээрүүлж хүмүүжүүлсэн шүү. Үүнийг шударга хэлэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийн тэр хэмжээний юмыг мэдэж байж өөрсдөө сайжирна шүү дээ.

-Та Горькийн сургууль төгсөгчдийн соён гэгээрүүллийн ач холбогдлыг ярилаа. Мэдээж усанд чулуу шидэхэд түсрэг долгис нь хүрээ тойрог болохтой адил үзэгдэл юм даа. Та дэлхийн утга зохиолтой яаж танилцав?

-Ах нь яг үнэндээ Орост хоёр жил л ногоотой шөл идсэн хүн. Миний мэргэжил бол автын инженер, эдийн засагч хүн. Их сургуулиа Монголдоо төгссөн. Бидний үеийн эрэгтэй хүүхдийн хамгийн их сонирхдог мэргэжил бол авто байсан юм шүү. Утга зохиолын хувьд бие дааж л сонирхсон. Би дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичсэн. Ховдын арван жилийн сургуулийн тавдугаар ангид сурч байхдаа утга зохиолын дугуйланд очлоо. Хичээл дээр Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, Д.Сэнгээгийн “Аюуш” туужийг уншуулаад зохион бичлэг хийлгэхэд толгой холбоод шүлэглэчихдэг байсан. Тэр их дасгал болсон.

-Тангадын Галсан багш оюутан байхдаа бүх хичээлээ шүлэглээд тэмдэглэчихдэг байсан юм гэсэн. Та хоёр л ойролцоо “гажигтай” нөхөд байж дээ?

-(Учиргүй инээв.сур) Ховдод таван зуун машины ч бил үү авто засвар ашиглалтанд ороход хөдөлмөрийн багш минь дагуулж явахгүй юу. Явсан сэтгэгдлээ бич гэхэд би бас л шүлэглээд авч өгсөн. “Гологдсон хүүхэн”-ий На түшмэлийг гэхэд “Нахиу хамартай…” энэ тэр гэж дүрслээд л бичнэ дээ.

-Таныг багаасаа номтой нөхөрлөхөд аав ээжийн тань нөлөө их байв уу?

-Манай аав банкны мэргэжилтэй нягтлан бодогч хүн. Би чинь ээжээсээ их багадаа өнчирсөн. Ээж маань гучин долооныхоо жил төрөхөөс болж нас барахад аав минь дөрвөн хүүхэдтэй үлдсэн. Том нь гэхэд би арван настай. Аав Ховдын Эрдэнэбүрэний өөлд хүн. Дөрвийн дөрвөн нялх хүүхэдтэй хоцруут нутгийн ахан дүүс аавыг нутагтаа аваачсан. Шуудангийн машинд гэр бараагаа явуулаад, бид хотоос онгоцоор нүүж очиж байлаа. Эрдэнэбүрэнд очоод сургуульд явах гэсэн чинь нэг хар пальтотой. Тэр жараад онд тэндхийнхэн багш, сурагчгүй дээлээ өмсдөг, монгол гуталтай, тэмээ мориор холоос сургуульдаа явдаг байсан. Хотын хүүхдэд ямар юмных нь гутал дээл байдаг юм. Нэг муу ботинктой л очиж байгаа юм. Ботинктой явахын арга байхгүй. Монгол гутал өгсөн ч би өмсдөггүй. Хотын хүүхэд болохоор ичиж байгаа л ухаантай юм байлгүй. Манай Няндав ах гэж сумын нярав хүн байсан. Тэр аймгийн төв явж нарийн эсгий хар гутал авчирч өгч, дээл хийлгэж өгсөн. Би гэж ширээнээс өндөргүй хариугүй жаахан юм. Өглөө хичээлд явахад бэргэн “Гараа өргө” гэж байгаад дээл хөөргөн бүсэлж өгнө. Дээлээ ч бүсэлж чадахгүй амьтныг чинь тэгэхээс яах билээ.

-Ай бас бэрх л байсан байна шүү?

-Эрдэнэбүрэнд дөрвөө төгсөөд аймгийн төв рүү шилжихэд манайх бас орж ирсэн. Аав агент хийсэн. Намайг номтой нөхөрлөхөд аавын агентын ажил их тус болсон. Тэр үед чинь Улсын хэвлэлээс гарсан бүх л номыг агентад хуваарилаад өгчихдөг байсан. Марксизм, ленинизмын, шүлгийн гээд янз бүрийн ном байна. Шинжлэх ухааны академиас гаргадаг “Аман зохиол”, “Хэл зохиол” гэдэг номууд их үнэтэй. Арван нэг, хорин нэгэн төгрөгийн үнэтэй тэр номуудыг хэн ч авахгүй шүү дээ. Тооллогод бүртгүүлчихээд байж байна. Тэрийг чинь эхний дугаараас нь авахуулаад уншсан. Ринчен гуайн юмнууд байна. Жишээ нь, хэлзүй гэхэд юмны нэршил учир хамт бичнэ гээд байж байна. Хэлшинжлэл, сэтгэл судлал гэсэн нэршлүүдийг латинаар хамт бичдэг гээд бүүр тодорхой тайлбарлачихсан байгаа юм. Хүүхэд болохоор дууриагаад яг тэгж бичнэ. Багш “Буруу” гэхээр “Хэл зохиол”, “Аман зохиол” номуудаа эш татаж байгаад маргана шүү дээ. Гэтэл тэр чинь сургалтынх биш эрдэм шинжилгээний материал байхгүй юу. Багшийг заримдаа улайлгана даа. Хэлэх үггүй болгоно.

-Дунд сургуулийн багш чинь аягүйтвэл тэр бүхнийг олж хараагүй л байгаа шүү дээ?

-Хараагүй байлгүй яахав, сурах бичгийнхээ хэмжээнд л бидэнд хичээл зааж байгаа хүн шүү дээ. Өгүүлэх гэхийг ү-гээр бичнэ. Үг гэдэг үгээс гаралтай гээд багшийгаа ч улайлгаж өгнө. Ер нь аль ч улсад угаасаа буруу бичдэг үгүүд байдаг. Ингэж буруу бичигддэг үгийн толиуд хүртэл байдаг юм ш дээ. Тэр эрдэм шинжилгээний товхимлууд одоо ч надад байдаг. Миний ном цуглуулах явдал агент аавын зарагддаггүй номуудаас эхтэй юм даа.

-Одоо хүртэл санаанаас чинь гарахгүй ямар ном байна?

-С.Дашдооров гуайн “Говийн өндөр” шүү. Монгол ахуй яг байдаг юм. Одоо нэг их ярихгүй юм аа. Ний нуугүй хэлэхэд монгол ахуй, монгол заншил сайн мэдрэгдэнэ дээ. Би их уншдаг хүүхэд байсан. Хөдөө гэрэл гэгээ ч хомс байж. Аймгийн төвд ирснээс хойш тохой шиг урт гар чийдэн асааж аваад хөнжлөөрөө толгойгоо бүтээчихээд уншина шүү дээ. Гэрийн чийдэнд унших гэхээр аав “Унтуулсангүй. Унт чи” гээд монгол гутлаа шиддэг сэн. Одоо бол хүнийг битгий унш гэх байтугай унш гэсэн ч уншихгүй болчихсон цаг байна шүү дээ. Нацагдоржийн тэмдэгтэн шалгаруулна гээд хэдэн зуун ном уншуулдаг сан. Сайхан ч цаг байж дээ. Жараад оны үед гадаадын сонгодог зохиолчдын номыг ид орчуулж байсан үе. “Цагаан бээлий”, “Монте Кристо гүн”, “Улаанынхан ба харынхан”, “Арван таван настай капитан” гээд ер нь сайн орчуулсан юм билээ шүү.

-Одооны хүүхдүүдийг ном уншдаггүй гэх нь нэг талдаа өрөөсгөл ч юм шиг. Цахим орчин, зурагтын олон сувгууд унших хэрэгцээг нөхөхөөс гадна төр засгаас уран зохиолын хичээлийн цагийг хүртэл сургалтын хөтөлбөрөөс хассан ч нөлөөлөөд байгаа юм биш үү?

-Хүнийг нэг “Өрөнд орсон амьтан шиг” гэж хэлж байдаг даа. Наадахь чинь надад огт хамаагүй юм шиг боловч миний хамгийн их санаа зовж явдаг зүйл. Гадна дотнын янз бүрийн санаа оноог манайхан их авах юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чинь Оросын уран зохиолын хичээлийн цагийг нэмлээ ш дээ. Нэмлээ. Шинжлэх ухааны академийн том эрдэмтдийн баг томилж байгаад Оросын түүх, Оросын уран зохиолынхоо сурах бичгүүдийг шинэчилж, хичээлийн цагийг нь өргөтгөлөө.

-Өмнөд монголд бас Монголын аман зохиол, уран зохиолын хичээлийг багаас нь их үзэж байгаад ахлах ангиас нь Хятадын болон дэлхийн сонгодог уран зохиолын хичээлийг заадаг гэж байсан?

-Тэгнэ. Тэгж л таараа. Ер нь хүнийг эх хэл, утга зохиолоор л хүмүүжүүлнэ. Манайд бол тийм юм хэрэгтэй гээд хичээлүүд нэмээд байх юм. Хүний хөгжил, экологи гэж хичээлүүд байна. Энэ бүхнийг чинь тусгай хичээлээр танин мэдүүлдэггүй байхгүй юу. Хүний хөгжил, экологийг утга зохиолоор таниулж болно шүү дээ. Хүмүүжлийн ажил чинь утга зохиол дотор байж байгаа. Арваннэгдүгээр ангийн монгол хэл, уран зохиолын номыг үзлээ. Худалч хүнд хэтрүүлж хэлэхэд арван хоёр мөнгөний дэвтэр шиг нимгэхээн юм. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Хэлэх үг ч олдохгүй юм. Улс орныг үгүй хийе гэвэл хэл, утга зохиол хоёрыг нь л үгүй хийнэ. Хил чинь тусгаар тогтнолд огт хамаагүй зүйл. Хэл, соёлоо алдахад л тухайн үндэстэн мөхнө.

-Энэ бүхэнд та их шаналж байна даа?

-Үнэн шаналж байна. Үнэн шаналж байгаа учраас би “Утга зохиолын судлал шинжлэл” цувралыг эрхлэн гаргаж байна. Үүнийг чинь төр засгийн бодлогоор гаргах ёстой болохоос зүгээр нэг тэтгэвэрт гарсан над мэтийн амьтны хийдэг ажил мөн үү.

-“Утга зохиолын судлал шинжлэл”-ийн цувралаар чинь хэдэн ном гарчихав?

-Утга зохиолыг хөгжүүлье, хүмүүст хүргэе гэвэл судлал шинжлэл их чухал үүрэгтэй. Сайн судлаач, шинжээч байснаар утга зохиол зөв, буруугаа олно. Эрч хүчийг авна. Манайд өмнө нь утга зохиол шүүмжлэл гэж ярьдаг байсан. Энэ нь цаагуураа их буруу ойлголт. Утга зохиолыг шүүмжлэхгүй, сайн мууг нь шинжилнэ шүү дээ. Угаасаа “критик” гэдэг үг чинь “критер” гэдэг утгаас гаралтай. Критер гэдэг чинь аливаа юмны шалгуур байх нь байна шүү дээ. Тэр шалгуурт тэнцэж байна уу, үгүй юу, дээр нь илүү, дутууг ярихаас биш зүгээр шүүмжлээд байхгүй ш дээ. Зохиолчид ч үүнд таагүй ханддаг. Шүүмжлэл гэхээр муулсан л юм ойлгогддог. Зохиолыг шинжилж байгаа болохоос шүүмжилж байгаа биш учраас би утга зохиол судлал шинжлэл гэсэн нэршлийг оруулж ирж байгаа юм. Одоо манайхан шүүмжлэл гэдгээ болих хэрэгтэй. Морь шинжих гэж байдаг байх аа. Тэрэн шиг утга зохиол шинжлэл байхгүй юу. Энэ судлал шинжлэлийн цувралаар Набаковын АНУ-ын их сургууль, коллежид уншиж байсан лекцийн найман ботийг гаргалаа. Монголынхоо театр шинжлэл, орчин үеийн бичлэг шинжлэлийн номууд, Михаил Бахтины “Зохиогчийн үхэл”, Артур Шопенгуаэр, Ролан Барт нарын бүтээлүүдийг эмхэтгэн гаргалаа. Одоо таван цуврал гаргана. Соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Го.Аким гуайн орчуулгын судлал шинжлэлийн, Германы романтизмын тухай орчуулгын ном, доктор С.Хөвсгөлийн жүжгийн төрөл зүйлийн тухай, киноны тухай гэсэн номууд гаргахаар төлөвлөөд байна.

-Боролдой хэмээх Мягмар гуайтай ярилцаж байхад таныг өөрийнхөө тавьсан орчин үеийн жүжгүүдийн хамгийн мундаг үзэгч гэж байсан шүү…

-Найруулагч Мягмар чинь утга зохиолынг маш өндөр төвшинд ойлгодог хүн шүү. “Үндэсний шуудан” сонинд Сартрыг бил үү, Камюг бичсэн чинь над руу утасдаж танилцаж байсан юм. Тэдний “Black box” театр чинь их мундаг жүжгүүд тавьдаг юм шүү.

-Ингэхэд та яруу найргийн олон ном гаргав уу?

-Би чинь ердөө хоёрхон номтой хүн. Анхных нь “Толгод”. 1985 онд хэвлэлд шилжээд ардчиллын өмнөхөн хэвлэгдсэн. Би үеийнхнээсээ ном гаргах тал дээр жаахан хоцорч явдаг хүн билээ. Хэнэггүй ч гэмээр юм уу, хаашаа ч янзын хүн юм бэ дээ. Удаах нь “Ондоо шүлгүүд” юм даа.


Categories
мэдээ цаг-үе

GEE: Ном бичнэ гэдэг санасны зоргоор дуусгачихдаг амар ажил биш юм байна

Үзэл бодол, нийгмийг харах өнцгөө өөрийн уран бүтээлээр дамжуулж олонд хүргэдэг реппер GEE-тэй ярилцлаа. Тэрээр нийслэлийн 2017 оны шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан юм.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье?

-2017 он маань хэдхэн хоногийн дараа улирах гэж байна. Энэ оны эхэнд хувийн зургаа дахь цомог болох “33” цомгоо гаргасан. Энэ цомогт орсон дуунуудаа дүрсжүүлж хүмүүст хүргэхээр ажиллаж байна. Хажуугаар нь 2018 оны эхэнд “Хэл хязгааргүй” цомгоо олны хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод завгүй л явж байна.

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Хип хоп урлагт хэрхэн хөл тавьж байв?

-Бусад хүүхдүүдийн адил гэр хороололд л өнгөрсөн. Хип хопын нөлөө өсвөр насанд маань зөвхөн надад бус манай үеийн залуусын дунд их байсан. Тэр соёлын шуурганд өртөж л реппер болсон доо. Анх би чинь нэг их реп хийдэггүй, манай найзууд л үглэдэг байсан. Би шүлэг зохиодог байсан болохоор үгийг нь бичиж өгдөг байлаа.

-Та Радио, телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Яагаад сэтгүүлчийн мэргэжил сонгож суралцах болов?

-Миний өвөө сэтгүүлч хүн байсан. Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөнө гэж бодож явсаар наймдугаар ангиа төгсөхдөө л сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан. Бүр бага насны мөрөөдөл маань дунд ангид ортол өөрчлөгдөөгүй.

-Анх таныг уран бүтээл хийж эхлэхэд нийгмийн дийлэнх нь шүүмжлэлтэй хандаж өсвөр насныханд буруу үлгэр дууриал болж байна гэж хүлээж авч байсан. Харин өнөөдөр таны хийж буй уран бүтээлийг өөр өнцгөөс харах болжээ. Байдал өөрчлөгджээ?

-Тууштай уран бүтээлээ шаргуу хийсний үр дүн болов уу. Эхлээд хүмүүс өнгөцхөн, хайрцагны гадна талыг харж байгаа шүү дээ. Энэ буруу биш. Өнөөгийн нийгэмд хүнтэй уулзахад эхлээд хувцсыг нь л хардаг шүү дээ. Үүнтэй ижил эхлээд өнгөцхөн ажигласан байх. Харин дасаад ирэхээр хайрцагны дотор руу өнгийж энэ залуу юу хэлэх гээд байна, юуг зориод байна гэх талаас харж ойлгосон байж болох юм. Би ер нь энэ зүйлийг хийж эхэлсэн цагаасаа хойш нуух нууцгүй, түмний нүдэн дээр ил л явлаа шүү дээ. Хүмүүс үүнд эерэг үнэлгээ өгсөн ч байж болох юм.

-Сэтгүүлч хүний гол үүргүүдийн нэг нь нийгмийн дуу хоолой болох. Та үзэг цаас нийлүүлэхгүй ч уран бүтээлээрээ энэ үүргээ гүйцэтгээд явж байгаа болов уу?

-Мэдээж сэтгүүлчийн бичсэн мэдээ материал, бидний хийж буй уран бүтээлүүд хүнд сонсох харах мэдрэхүйгээр нь нөлөөлж буй нөлөөллийн ажиллагаа шүү дээ. Миний хувьд хүмүүст эрч хүч өгөх, ухаарал өгөх зэрэг хэлбэрүүдийг ашиглаж уран бүтээлээ хийж байна. Заримдаа шүүмжлэлтэй байдлаар нийгмийн дуу хоолой болох ч тохиолдол байдаг.

-Сүүлийн үед нийгэмд тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол, утаа байна. Энэ талаар уран бүтээл хийж байна уу?

-Утаа, агаарын бохирдлын талаар Десант, талийгаач Наба ах бид гурав хамтарч дуу хийж байсан. Гэхдээ агаарын бохирдол, утаа гэдэг асуудлыг өнөөдөр Улаанбаатарт байгаа хүн болгон мэдэж мэдэрч байгаа. Хүний нүдэнд ил байгаа мэдээж зүйлийг мэдээлээд байхад үр дүнгүй. Харин энэ асуудлыг гарц, гаргалгаа, шийдвэр рүү чиглүүлэх хэрэгтэй юм шиг. Гэхдээ энийг шийд гэж тулгах биш энд ийм гарц байна гэж санал болгох хэрэгтэй. Яг одоогоор бол бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийг цочроож байна. Энэ асуудлын талаар зөвхөн би биш баг хамт олны зүгээс хийсэн зүйл байгаа. Удахгүй энэ уран бүтээл маань сонсогчдод хүрэх байх.

-Та ч дэлгэцийн уран бүтээлд цөөнгүй дүр бүтээсэн. Анх ямар кинонд тоглож байв?

-Хамгийн анх “Долоодугаар сарын 1-н” гэж кинонд тоглосон. Энэ кинонд дүр бүтээгээд дахиж хэзээ ч кинонд тоглохгүй гэж амлаж байлаа. Мэргэжлийн жүжигчин биш болохоор амар байгаагүй. Харин яваандаа суралцаад одоо тийм хүндрэлтэй биш болсон.

-Эхлээд “Микроны босс”, дараа “Приусны босс” зэрэг кинонд тоглосон. Дараагийнх нь юуны босс байх бол?

-Ямар нэгэн босс гээд дараагийн анги хийгдэхийг үгүйсгэхгүй. Одоо энэ талаар ярихад арай эрт байна. Яагаад гэвэл надад өөр төлөвлөсөн зүйлс их байна.

-Та чөлөөт цагаа ихэнхдээ спортын арга хэмжээнд оролцож өнгөрүүлж байгаа харагддаг. Монгол дахь Ливерпүүл клубын фен клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог шүү дээ?

-Өөрөө тийм сайн тоглодоггүй ч хөлбөмбөгт үнэхээр их дуртай. Английн премьер лигийн Ливерпүүл клубыг дэмжиж тоглолт бүрийг нь алгасахгүй үздэг. Монгол дахь дэмжигчдийн төрийн бус байгууллагынх нь гишүүн болохоор зохиож буй үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог.

-Сагсан бөмбөгийн Friends лигид та тоглодог юм байна лээ. Улирлын тоглолт нь өндөрлөсөн үү?

-Манай найзуудын хүрээнд зохион байгуулдаг сонирхогчдын лиг байдаг. Энэ лигийн 2017 оны улирал сая өндөрлөж манай баг түрүүлсэн. Аваргынхаа бөгжийг энэ зүүгээд явж байна ( инээв). Ер нь заал авч буй цагаа илүү сонирхолтой хэлбэрээр өнгөрүүлэх үүднээс энэ лигийг зохион байгуулсан. Спортод ер нь их дуртай шүү.

-Та 2017 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан байсан. Энэ явдал олон уран бүтээлчдэд үлгэр дууриал болсон байх?

-Миний хувьд цэнхэр дэвтэр аваад хувиараа татвар төлдөг. Энэ онд би олон байгууллагуудтай хамтарч ажиллаж, хэд хэдэн ажил маань амжилттай бүтэж орлого сайтай жил байсан. Орлого өндөр байхад татвар сайн төлөгдөнө шүү дээ. Чингэлтэй дүүргээс намайг нийслэлийн шилдэг татвар төлөгчид нэр дэвшүүлж энэ шагналыг өгсөн. Үнэнийг хэлэхэд ийм шагнал авсандаа үнэхээр баяртай байсан.Магадгүй намайг дуудаад “Соёлын тэргүүний ажилтан” цол өгөх гэсэн юм аа гэвэл нэг их баярлахгүй байх.

-Энэ онд ном гаргаж буй талаараа мэдээлж байсан. Номоо гаргасан уу?

-Номоо бичихдээ намтар бичилгүй өөрийн харах өнцөг, үзэл бодол талаасаа бичье гэж төлөвлөж байсан. Гэхдээ харах өнцөг, үзэл бодлоо бичихийн тулд намтар бичих шаардлагатай болдог юм байна. Одоогоор бичиж эхлээд л явж байгаа. Гэхдээ ном бичих гэдэг маань санасны зоргоор бичээд дуусгачихдаг амар зүйл биш байна аа. Хүмүүс өөр хүнд ярьж өгөөд хүнээр номоо бичүүлчихдэг. Миний хувьд өөрөө бичвэл илүү үнэ цэнтэй болов уу гэж үзэж байгаа. Энэ нь цаг их авч байна даа. 2018 оны эхний хагаст гаргахаар л ажиллаж байгаа.

-Шинэ оныг та яаж угтдаг вэ. Ирэх ондоо ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Шинэ оныг гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд л угтдаг даа. Энэ оны хувьд их ахиц дэвшилттэй жил байлаа гэж үзэж байгаа. Ирэх ондоо үүнийг ахиулах гэж хичээж ажиллана даа. Олон уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзахаар төлөвлөсөн байгаа.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Ард түмнийг төрд төлөөлдөггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах нь зөв

Улсын их хуралд Б.Наранхүү гэдэг гишүүн бий. Тэрбээр Дундговь аймгаас улиран сонгогдож Их хуралд сууж байгаа хүн. “Мон-Уран”-ы хэмээх тодотголтой энэ эрхэм УИХ-ын гишүүний үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь бүгд мэднэ. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан гээд төрийн ажил жинхэнэ буцалж байхад түүний сандал ширээ л ихэнхдээ эзэнгүй байдаг. Өнгөрсөн парламентад ч тэр, энэ парламентад ч тэр Б.Наранхүү гишүүн хурал таслалтаараа тэргүүлсээр ирсэн. Уг нь парламентын бүрэн эрхт дөрвөн жилийн хугацаанд УИХ албан ёсоор найман удаа хуралддаг. Жилдээ хоёр удаа хуралддаг хавар, намрын чуулганаар 150 гаруй хуулийн төсөл баталж, үүнээс хоёр дахин их хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг жишигтэй. Хууль тогтоох төрийн дээд байгууллагын гишүүн Б.Наранхүүгийн хувьд тэр бүх хуулийг батлахад биечлэн оролцож, үзэгдсэн нь өдрийн од шиг. Энэ парламентын анхны чуулганы ирцийн бүртгэлээс харахад Б.Наранхүү гишүүн нийт 166 цагийн хуралдааны ердөө 26 цагт нь суужээ. Тэрбээр 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаадад томилолтоор өнгөрүүлж, 32 цагийг нь орон нутагт ажилласан гэж бөглүүлжээ. УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглардаг нэг үйл явдал бол чуулганы нээлт байдаг. Хоёр, гурван сар завсарлаж байгаад нээлтээ хийдэг чуулгандаа гишүүд ихэд хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцсаараа гоёсон байгаа нь ч харагддаг. Харин Б.Наранхүү гишүүнд энэ үйл ажиллагаа тийм ч сонин биш байдаг бололтой. Өнгөрсөн хаврын чуулганы нээлтэд ирээгүй эрхэм гишүүн маань энэ намрын чуулганы хуралдаанд тоотой хэдхэн үзэгдэв.

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн хүн ямар үүрэгтэй болохыг тун ойлгомжтойгоор тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэжээ. УИХ-ын гишүүн хүн ард түмнийг төрд төлөөлнө гэдэг бол ердөө чуулганыхаа хуралдаанд суухаас эхэлнэ. Ард түмний хүсэл эрмэлзэл ямар байгаа, цалин цаваг, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг Их хуралдаа сууж байж хэлэлцэн шийдвэрлэдэг. Цаашлаад улс эх орныхоо хөгжлийн бодлого төлөвлөлт, ард түмнээ санаа зовох зүйлгүй сайхан амьдруулах нөхцөл боломжоор хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгвэл Б.Наранхүү гишүүн зөвхөн албан тушаалын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэх болохоор хүрч ирээд цомцойн суугаа нь хэн бүхний нүдэнд содон туссан байх. Энэ сарын 15-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд Б.Наранхүү гишүүн Төрийн ордонд морилов. Түүнийг харсан төрийн түшээд “Их хуралд нээрээ ийм гишүүн байдаг бил үү” гэлцэн амны зугаагаа болгож байлаа. Үнэхээр Б.Наранхүү гишүүн албан тушаалын томилгоо, эсвэл ашиг сонирхол нь хөндөгдсөн асуудлыг хэлэлцэх болохоор чуулгандаа суудаг юм уу. Арай дундговьчууд түүнийг “Б.Хурцын асуудлаас бусдад нь очиж суух хэрэггүй” гээгүй байлтай.

Ер нь Б.Наранхүү гишүүний ирцийн асуудал хөндөгдөхөд “Би тойрогтоо ажиллаж л байгаа шүү дээ” гэж тэрбээр тайлбар өгч байгаа харагддаг. Үүнийг нь “Эрхэм гишүүн маань хөдөө орон нутгийн сонгогчдодоо хүрч, ард түмнийхээ дунд байдаг л юм байна шүү дээ” гэх байх л даа. Тэгвэл ард түмний дунд байх нь тэднийг төрд төлөөлөхийн нэр биш юм. Эсрэгээрээ ард түмэнд төрийг төлөөлж байна гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байгаа Б.Наранхүү гишүүнийг огцруулах нь зөв юм. Тэгээд ч саяхан УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёр ижил, тэгш эрхтэй болохыг Үндсэн хуулийн Цэц баталсан. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол прокурорын санал дүгнэлтээр УИХ-аас эргүүлэн татах боломжтойг Цэц шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн Цэц аливаа хууль зөрчсөн асуудлыг санаачлан сайн дураараа хэлэлцдэггүй. Зөвхөн иргэдийн өгсөн санал, гомдлын дагуу тунгаан шийддэг. Тэгвэл ард түмнээ төлөөлж төрд гарч ирчихээд үүргээ биелүүлэхгүй байгаа Б.Наранхүү гишүүнийг эргүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандсан сураг дуулдлаа. Цэц тэдний саналыг дуун дээр нь хэлэлцэх байх. Аягүй бол Б.Наранхүү УИХ-ын гишүүнийхээ үүргийг ухамсарладаггүйг Цэц аль хэдийнэ “хар данс”-даа оруулчихаад, отоод сууж байж ч мэднэ. Яг загатнасан газар нь маажив гэгчээр хуульчид энэ асуудлыг өргөн барьчих шиг боллоо. Одоо үйл явдал хэрхэн өрнөхийг хүн бүр анхаарч байгаа. Парламентын тогтолцоотой улс орнуудад Б.Наранхүү гишүүн шиг улстөрч бараг өөрөөсөө ичээд сайн дураараа огцрох хүсэлт гаргах байсан биз. Жишээлбэл, Кени улсад парламентын хурлаа найман удаа таслахад гишүүнээс нь түдгэлзүүлдэг хуулийн заалттай юм билээ.

Монгол Улсын парламентын түүхэнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татсан хэд хэдэн тохиолдол бий. Сануулахад, Улсын бага хурлын гишүүн Дамдиныг нууцын зэрэглэлд байсан 20 дугаар тогтоолыг задруулсан хэргээр эргүүлэн татаж байв. Тухайн үед энэхүү тогтоолыг цөөхөн хэдхэн хүн мэдэж байсан бөгөөд энэ нь “Мөнгөний ханшийг хоёр дахин унагаж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн” шийдвэр байсан юм. Дэлгүүрийн лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүн картын бараанд шилжих эхлэл болж байсан уг тогтоолд банкинд хадгаламжтай иргэдийг хэрхэн хохироохгүй байх талаар ч тусгасан байжээ. Тодруулбал, арван мянган төгрөгөөс дооших дүнтэй хадгаламжийг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах тухай нууцын зэрэглэлтэй тогтоолыг Бага хурлын гишүүн Дамдин овжноор ашиглаж банкинд мөнгөө хийж өсгөөд авч байсан гэх юм билээ. Үүнээс болж түүнийг Улсын бага хурлын гишүүнээс эргүүлэн татсан түүхтэй. Энэ хэргээс хойш УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хураалгасан казиногийн гурвыг монголчууд андахгүй. 1996-2000 оны чуулганы хугацаанд УИХ-ын гишүүн байсан Д.Энхбаатар, Д.Баттулга, Хууль зүйн сайд агсан С.Батчулуун нар казиногийн хэргээр авлига авсан нь тогтоогдож, эргүүлэн татагдаад зогсохгүй шүүхээс ял сонссон. Харин өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан хүн гэвэл Н.Жанцанноров, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар байна. Парламентын түүхэнд УИХ-ын гишүүн байхдаа хорвоогийн жам ёсоор таалал төгссөн олон хүн байдаг. УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг, Л.Энэбиш, М.Зэнээ, О.Энхсайхан нарыг насан эцэслэхэд тухай бүрт нь нөхөн сонгууль явуулж дараагийн хүнийг нь томилж байсан. Мөн Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход хүртэл орны гишүүнийг нь сонгож байсан удаатай.

Энэ мэтчилэн хэд хэдэн шалтгаанаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж, нөхөн сонгож байсан нь түүхийн шарласан хуудаснаа үлджээ. Харин энэ удаад чуулганы хуралдаандаа суугаагүй гэх үндэслэлээр Б.Наранхүү гишүүн эргүүлэн татагдах өнгөндөө орлоо. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай ард түмэн ярьдаг даа. УИХ-д бухын хүзүү гарган хөшилдсөн гишүүдэд хариуцлага тооцдог явдал Б.Наранхүү гишүүнээр эхлэх нь ээ. Энэ бол ард түмэн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдогийн сонгодог жишээ юм.


Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Д.Мөнгөндалай “Шинээр нэмэгдсэн татвар бол ажил бүү хий гэсэн ерөнхий философитой” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой, ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийснийг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

“Найман шарга” захыг Лин Жань гэх хятад эр удирддаг гэв үү? Сурвалжилга нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

Он гараад гурван татвар нэмэгдсэн билээ. Энэ талаарх зарим зүйлсийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулга авсныг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгын “Шинээр нэмэгдсэн татвар бол ажил бүү хий гэсэн ерөнхий философитой” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Оффшор авлигын эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Э.Баатарцогт сэтгүүлчдэд хандан өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Үүнийг баримт үйл явдлын гуравдугаар нүүрэн дэх “Оффшорчдыг мөнгөө оруулж иртэл тэмцэхээ мэдэгдэв” сурвалжилгаас хүлээн авч үзээрэй.

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар томилсон гэх намынх нь Их хурлын шийдвэр хүчинтэй эсэхийг шүүхээс хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгаас зарим зүйл тодруулсныг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийснийг дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

УИХ-ын гишүүн Д.Мурат төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл тархаад байгаа билээ. Үүний талаар улс төрийн тавдугаар нүүрэн дэх “Д.Мурат гишүүн бас л салтаа саамаараа оролдсон уу” сурвалжилгаас хараарай.

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийн талаар тодруулга хийснийг XI нүүрнээс уншаарай. Тэрээр “Монгол Улсыг хар жагсаалтад оруулах асуудал намайг огцорсны дараа болсон” хэмээн тодотгон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Монгол залуу Сөүлд таксины жолооч, зорчигчдыг зодож гэмтээжээ

soӨнгөрсөн лхагва гаригийн оройн 21:00 цагийн орчим Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг монгол залуу А нь таксины жолооч болон зорчигчдыг зодож гэмтээсэн хэрэг үйлдэж, тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ.

Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлснээр, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаараа өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож, улмаар жолооч болон зорчигчдын толгой руу хүчтэй цохиж, нүүрэн тус газарт нь гэмтэл учруулсан байна.

Монгол Улсын иргэн А нь 43 настай, тус улсад 18 жилийн турш хууль бусаар амьдарч байгаа нэгэн аж. Ажил олгогч солонгос эзэн нь цалинг нь өгөхгүй байсан тул согтуудаа ийнхүү уураа гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Тус улсын цагдаагийн газар А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө өгөх “Шидэт толь” төв нээгджээ

Манай улсад жилд хорин зургаан мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг бол 4000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн статистик мэдээ байдаг аж. Эдгээр гэрлэлтээ цуцлуулж буй гэр бүл ихэвчлэн 1-3 хүүхэдтэй байдаг тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг хэлж байна. Иймээс гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө өгөх төвийг нээжээ.

Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө өгөх “Шидэт толь” төв нь тоглоом заслын, ажиглалтын, ганцаарчлан ярилцах гэсэн гурван өрөөнөөс бүрдэж байгаа. Мэргэжлийн төвшинд сэтгэл заслын үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлж байгаа нь “Шидэт толь”-ийн онцлог юм. Тоглоом заслын өрөөнд тоглож байгаа хүүхдийг сэтгэл зүйч тусгаарлагч толины цаанаас ажиглана. Мөн ганцаарчлан ярилцах юм. Энэ төвд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон хэлтэст ирсэн үйл явдал бүрд үнэлгээ гаргахаар дүүргүүдийн сэтгэл зүйчид ээлжээр ажиллах аж. Энэ төв 24 цаг нээлттэй байх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:Хоёр сарын хугацаанд Засгийн газар Монголиан коппер корпорейшнтэй хэлцэл хийсэн

“Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.

Ингэснээрээ Монгол Улсын УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу 49 хувийг холбогдох харилцан суутгах тооцоог хийх замаар төрийн өмчид авах ажлыг энэ Засгийн газар шийдвэрлэснийг та бүхэнд хэлье.

ОХУ-ын 49 хувийг эзэмшиж байсан талд 400 сая 270 мянган ам.долларыг “Монголиан коппер корпорейшн компани төлсөн. Үүнийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэлээ.

Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт хэрэгжих 217 тэрбум төгрөгийн концессийг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд оруулж тооцох, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг 49 хувийг эзэмшиж байгаа Монголиан коппер корпорейшн рүү шилжсэн мөнгийг мөн суутгалд тооцох зэрэг харилцан суутгалуудыг хийх замаар энэ 400 сая 270 мянган ам.долларыг харилцан суутгах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцүү хэмжээний харилцан суутгал хийх шийдвэрийг гаргаж байна. Үүний дараа 49 хувийг төрийн өмчид авах бүртгэх ажлыг төрийн холбогдох агентлагуудад даалгасан шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Та бүгд санаж байгаа. Ингэснээр 2017 оны хоёрдугаар сард УИХ-аас гаргасан 23 дугаар тогтоолыг Засгийн газар бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн болохыг та бүхэнд мэдэгдэж байна гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Хоёр сарын хугацаанд Засгийн газар Монголиан коппер корпорейшнтэй хэлцэл хийсний дүнд Засгийн газрын хуралдаанд санал оруулж, шийдвэрлээд та бүхэнд танилцуулж байна” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Кью Эс Си” ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамбад тус тус даалгалаа.

“49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая ам.доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэрийг гаргалаа” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагад тус тус даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын энэ шийдвэртэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар дараах мэдээллийг хийлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дээд шүүх бүртгэ гэсэн шийдвэр гаргасан

Засгийн газар өнөөдөр хуралдаж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан тухайгаа хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Дээд шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд ингэж ярилаа. Тэрбээр “УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх Засгийн газар УИХ-ын тогтоолын харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээ огт аваагүй. Ийм арга хэмжээ аваагүй байхад улсын бүртгэлд төрийн өмч гэж бүртгэчихсэн юм билээ. Тэрэнтэй нь холбоотой гомдол нь явсаар байгаад Дээд шүүх дээр бүртгэ гэсэн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу тэр бүртгэл хийгдсэн. Өнөөдрийн гарч буй шийдвэрийн гол ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, харилцан суутгал хийгээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн мэдэлд авч байна. УИХ, ЗГ шийдвэрээ гаргалаа. Энэхүү шийдвэр хэрэгжинэ” гэв.