Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн ахлах референт Х.Мөнхзултай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдсэнээс хойш хүчирхийллийн тоо өссөн үү, буурав уу?
-Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй байхад гэр бүлийн хүчирхийллийн ихэнх хохирогч хуулийн хяналтын байгууллагад хандахаасаа илүүтэй төрийн бус байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүний эрхийн үндэсний комисст ханддаг байсан. Харин одоо гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон, зарим үйлдийг зөрчлийн хэмжээнд авч үздэг болсноос хойш гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хуулийн дагуу ихэнхдээ цагдаад хандах болсон. Цагдаагийн тоон мэдээг харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай байна. Гэхдээ энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх нь нэмэгдсэнтэй холбоотой. Учир нь хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн бол бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан ажилтнууд, баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтнууд заавал мэдээлэх үүрэг хүлээлгэсэн. Энэ тухай мэдсэн хэн ч мэдээлэх үүрэгтэй болсон. Хохирогчийг хамгаалах тогтолцоо, төрөөс хохирогчдод үзүүлэх үйлчилгээ илүү тодорхой болсонтой холбоотойгоор хохирогч өөрөө хандах байдал нэмэгдсэн.
Гэхдээ цагдаад хандсан ч хуулийн хариуцлага чанга байхыг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүсдэггүй. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нөхрөө хууль хяналтын байгууллагын албадлага нөлөөн доор ойлгуулья, ухамсарлуулъя гэж л хүсдэг. Хуулинд хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтанд хамруулах заалт оруулсан л даа. Гэсэн ч заавал гэмт хэрэгтэн болоод баривчлагдаад очсон хорих газар нь л албадан сургалт хийхээр байгаа. Хийсэн үйлдэлдээ харамсч байгаа хүмүүсийг заавал хорьж цагдахгүйгээр албадан сургалтад явуулаад, сургалтандаа явахгүй, засрах хүсэлгүй этгээдэд дараагийн шатны арга хэмжээг авдаг байдлаар үе шаттайгаар шийдэх учиртай. Гэтэл одоо тийм биш байна.
-Заавал цагдаад бариулсны дараа сургалтанд сууна гэсэн үг үү. Эхнэрүүдийн хувьд нөхрөө шууд гэмт хэрэгтэн болгохыг хүсэхгүй, үүнээс өмнө нөхрөө ухамсарлуулаад авмаар байгаа. Ийм тохиолдолд хэнд хандаж болох вэ?
-Албадан сургалтаас гадна сайн дурын сургалтууд бий болгох хэрэгтэй. Хүчирхийллийн хохирогчид нэг удаа зодуулаад цагдаад ханддаггүй шүү дээ. Статистик харж байхад зургаагаас долоон жилийн дараа ханддаг. Эхлээд өөрсдөө асуудлаа шийдэх гэж үздэг. Хамаатан садандаа хандана, лам хуврагаар явна. Амь насанд нь аюул учирсан юм уу, асуудлаа шийдэж чадахгүйгээ мэдэрсэн үедээ л хууль хяналтын байгууллагад ханддаг. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь бие даасан гэмт хэрэг. Хөнгөн, хүнд гэмтэл учирсан уу гээд гэмтлийн зэрэг шаардахгүй. Гэтэл манайхан гэмтлийн зэргийг тодорхойлуулахад ихэвчлэн хөнгөн гэмтэл гарахаар нь хөнгөн гэмтэл гэдгээр нь ялаас нь чөлөөлөөд байгаа тохиолдлууд гарч байна.
-Зодож нүдээд байхгүй ч байнга дарамтанд байлгадаг, алчихна шүү гэж айлгаж сүрдүүлдэг тохиолдлууд их байдаг. Ийм нөхцөлд яах вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт сэтгэл санааны дарамт ч, бэлгийн хүчирхийлэл ч багтаж байгаа. Олон хэлбэрүүдтэй. Гэхдээ сэтгэл санааны дарамтанд байгаа гэдэг шалтгаанаар эмэгтэйчүүд хуулийн байгууллагад нэг их ханддаггүй. Зарим нь хүчирхийлэлд өртсөн гэдгээ ч мэддэггүй.
Айл болгонд хэрүүл маргаан бий. Хүчирхийлэл, хэрүүл маргаан юугаараа ялгаатай билээ. Хэрүүл маргааны үед асуудлаа айдасгүйгээр гаргаж тавина. Хүчирхийлэлтэй харилцааны үед нэг нь л давамгайлна. Нэг хүний эрх ашгаар хамаг юм шийдэгдэнэ. Нөгөө нь айдастай байдаг. Эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа гэдэгт асуудал бий.
Гэтэл манайд хүчирхийлэл үүсгэж байгаа суурь шалтгаан нь мод байлаа гэхэд ил харагдаж байгаа салаа мөчир болох архидалт, боловсролын байдал, ядуурлын тухай яриад байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгааныг төдийлөн ярьдаггүй. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 80-90 хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Яагаад эмэгтэйчүүд өртөөд байна гэхээр эмэгтэйчүүд сул дорой хүйстэн. Эр хүний эрхшээлд байх ёстой гэсэн хандлага нөлөөлөөд байна. Гэр бүлд хэний эрх мэдэл давамгайлж байна? Хэн хяналтаа тогтоож байна гэдгээс энэ нь хамаардаг. Магадгүй эмэгтэйчүүд ч хяналтаа тогтоож байж болно. Гэр бүлд хяналтаа тогтоож байгаа ч нийгэмд шийдвэр гаргах түвшинд хэний эрх мэдэл давамгай байна гэдэг өөр асуудал.
Анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлуулахаар хөөцөлдөж байхад хэдэн төрийн бус байгууллагын хүүхнүүд гаднаас гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нэр томъёо оруулж ирлээ. Монголд ийм асуудал байхгүй байхад гэр бүлийн хүчирхийлэл гэж ярилаа гэдэг байсан. Одоо бол нийгмээрээ хүчирхийллийг эсэргүүцэх уур амьсгал бүрдэж байна. УИХ-ын гишүүд хүртэл анхаарал хандуулж эхэлж байна. Анх хамгаалах байрны ач холбогдлыг ойлгохгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг тусгаарлана гэхээр “Гэр оронд нь байлгахгүй юм уу” гээд эсэргүүцэлтэй тулдаг байв. Одоо эрх зүйн орчин сайжирсан ч зарим санкцийн хувьд анхаарах зүйл бий.
-Гэхдээ л сэтгэл санааны дарамтыг ойшоохгүй өнгөрүүлж боломгүй. Сэтгэл санааны дарамтанд байсаар өвчтэй, өөрөө хэрэгтэн болчихсон эмэгтэйчүүд ч байдаг?
-Зарим эмэгтэй байнга ингэж дарамтлуулж байснаас ганц удаа зодуулсан нь дээр гэх жишээтэй. Нөхөр нь дарамтлаад ажилгүй болгоно. Нэг удаа ажлынхандаа худлаа ярина. Сүүлдээ хамт олноосоо санаа зовоод ажлаасаа гарах нь бий.
Эсвэл найз нөхөдгүй болгоно. Ямар нэг хүрээлэлгүй болгоод бүх харилцаа холбоог нь таслаад өчүүхэн цэг мэт болгодог. Одоогоос арван жилийн өмнө Хөвсгөлд гарсан кейс байдаг. Боловсролтой, гадаадад сургууль төгсөөд ирсэн багш эмэгтэй нутагтаа очоод дунд сургуулийн ангийн хүүтэйгээ суусан. Нөхөр нь байнга зодож дарамталдаг. Хүүхэдтэй болчихсон. Ер нь эмэгтэйчүүд шууд салъя гэж боддоггүй. Хүчирхийллийн цикл яг л ингээд эргүүлэг маягаар явагдчихдаг. Асуудал хуримтлагдаад тэсэрнэ. Хүчирхийлэл үйлдэгдэнэ, нөхөр нь ахиад ингэхгүй гэж гуйна, эвлэрнэ, ахиад асуудал үүснэ. Ингэсээр могой шиг ороогоод авдаг. Хохирогч засрах байх гэж найдна, үр хүүхдээ бодно. Ингэсээр байгаад найз нөхөдгүй болно. Эмэгтэйг зодно, ажлынхнаасаа ичээд үнэнээ хэлж чадахгүй. Эмнэлэгт үзүүлсэн ч шатан дээрээс уначихсан гэж худлаа хэлнэ. Тэр эмэгтэй Хөвсгөлөөс ирж, Хүчирхийллийн эсрэг төвд хандаж байсан. Нөхөр нь ирээд гарын үсэг зураад “Ахиж ингэхгүй” гээд аваад явсан. Чиний найз нар юу юм бэ гэж өөлөөд найз нөхөдгүй болгосон. Тэгсээр нөгөө эмэгтэйг аймгийн төвөөс сумын төв, тэндээсээ хөдөө мал дээр аваачсан. Тэр эмэгтэй тураалын гуравдугаар зэрэгт ороод амьдрах сонирхолгүй болж нас барсан юм.
Олон жилийн дарамтнаас болоод нөхрөө алчихсан эмэгтэйчүүд хориход бий. Одоогоос дөрвөн жилийн өмнө судалгаа хийхэд хүн амины хэрэгт ял шийтгэгдсэн эмэгтэйчүүдийн бараг 50-иад хувь нь олон жилийн гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байсан байдаг. Энэ хүн хэзээ нэгэн цагт намайг ална, би өрсөх хэрэгтэй гэсэн айдас мэдрэмжээр нөхрөө алчихсан эмэгтэйчүүд бий. Гадны оронд ийм хэргийг гэмт хэрэг биш гэж үздэг. Зодуулдаг эмэгтэйн синдром гэж үздэг. Манай шинэ хуулиар хөнгөрүүлэх бүрэлдэхүүн болж орж ирсэн.
-Одоо нөхцөл байдал өөрчлөгдөөд эхнэр нь мөнгө олдог, гэрээ авч явдаг, нөхөр нь ажилгүй байдаг тохиолдлууд их байна. Ийм нөхцөлд бас л эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа үүсч магадгүй?
-Хэний эрх мэдэл давамгайлж байна гэдгээс л шалтгаална. Хохирогчдын 80-90 хувь нь эмэгтэйчүүд байгаа ч эрчүүд бас хохирогч болдог. Манай эрчүүд яаж хүмүүждэг билээ дээ. Эр хүн уйлж болохгүй, зоригтой хүчтэй байх ёстой. Асуудлаа ярьж шалчигнаж болохгүй, гэрээ авч явах ёстой гэсэн хэвшмэл ойлголт эрчүүдэд маань нөлөөлдөг. Эрчүүд ч бас хүн. Эмэгтэй хүн бол уйлаад, хэн нэгэнд асуудлаа яриад, лам хуврагаар яваад бухимдлаа тайлчихдаг. Эр хүн уйлж болохгүй гэж хүмүүжсэн эрчүүд уур бухимдлаа архи ууж, зодоон хийж тайлж байна. Шоронд явж байгаа хүмүүсийн ихэнхи нь эрчүүд. Дундаж наслалтыг үзэхэд эрчүүд эмэгтэйчүүдээс богино наслах жишээтэй. Эрчүүдийн асуудалд ч бид анхаарах хэрэгтэй.
-Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь юу байдаг вэ?
-Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийг архинаас болдог гэдэг. Архи асуудлыг дэвэргэж байгаа хүчин зүйл болохоос суурь шалтгаан биш, нөлөөлж буй хүчин зүйл. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн дунд судалгаа хийхэд 60 хувь нь архи огт хэрэглээгүй хэрнээ хүчирхийлэл үйлдсэн байх жишээтэй. Боловсролгүй хүмүүс хүчирхийлэл үйлддэг гэж ярьцгаадаг. Боловсролтой хүмүүс илүү нарийн аргаар хүчирхийлэл үйлддэг. Эдгээр нь нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос суурь шалтгаан биш. Гол шалтгаан нь энэ миний эрхшээлд байх ёстой гэсэн үзэл хандлага. Эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа. Харин бид ухамсартай нь ажиллахгүйгээр үйлдэлтэй нь тэмцээд байгаа. Албадан сургалт тусгай тактикаар явдаг. Хүнийг чи хүчирхийлэл үйлдэгч, чи муу архичин гэхээр хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Архи уудаг хүмүүс “Би архичин биш ээ” л гэдэг шүү дээ.
“Тэдэн сарын тэдэнд чи хаана байсан. Тэгэхэд эхнэр, хүүхэд чинь ямар байдалтай байсан” гэхээр нээрэн миний хүү ширээн доогуур ороод бүлтэлзээд уйлж байсан, би чинь хүчирхийлэл үйлдчихсэн юм байна шүү гэж ухаардаг. Өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх аргууд байдаг юм билээ. Олон улсын сургалтууд иймэрхүү маягаар явдаг. Манайд ямар байдлаар явах юм. Хууль дүрэм яриад Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тэдийн тэдийг чи зөрчсөн байна гэвэл төдийлөн үр дүн гарахгүй л болов уу.
-Нөхөр нь хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орохыг тулгасан гээд шүүхэд хандсан тухай гадаад мэдээ уншиж байсан. Манайд ийм тохиолдол байдаг уу?
-Эхнэр нөхрийн хоорондын хүчингийн хэрэг гэсэн олон улсын нэр томъёо байдаг. Архи ууж ирээд эхнэрээ хүсээгүй байхад нь “Чи үйлчлэх ёстой” гэдэг. Намайг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажилладаг байхад тиймэрхүү асуудлаар эмэгтэйчүүд ирж, зөвлөгөө авдаг байсан. Согтуу ирээд хүүхдийнхээ дэргэд унтах гэдэг. Өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэх тохиолдол байсан. Цагдаад хандахаар бараг л “Чи нөхөртөө үйлчлэх ёстой биз дээ” гээд шоолонгуй хандсан гээд хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Хүчирхийлэл эмэгтэй хүний нэр төр, гэр бүлийн нууцтай холбоотой асуудал болохоор эмэгтэйчүүд бүр аргаа барсан хойноо л цагдаа, хууь хяналтын байгууллагад ханддаг.