Categories
мэдээ нийгэм

“Чулууны гайхамшиг” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийв

Богд хааны хэрэглэж байсан чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэл хэрэглэлийг дэлгэсэн “Чулууны гайхамшиг” үзэсгэлэн өнөөдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийв.

Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш хэлэхдээ:“Монгол орон чулуун дурсгал ихтэй бөгөөд чулуу, эрдэнийн чулууг өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Чулууны ертөнц шавхагдашгүй арвин, давтагдашгүй. Байгалийн чулуу хүний биед онцгой ач холбогдолтой. Байгаль эх 80 сая жилийн өмнө чулууг бий болгосон бөгөөд энэ нь нэн өвөрмөц, ховор үзэгдэл юм. Чулуу, тэр дундаа эрдэнийн чулуу хамгийн тогтвортой, найдвартай, энергийг хуримтлуулагч, хадгалагч, бас дамжуулагч болдог. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хөгжлийн явцдаа эрдэнийн чулуу, үнэт металлыг хүч, эрх мэдэл, агуу хүчирхэгийн хэмжүүр болгосоор ирсэн. Бид энэхүү үзэсгэлэнгээрээ Богд хааны ордон музейн сан хөмрөг дэх нарийн ур хийцтэй үнэт чулуун эдлэлүүдийг үзэгчдийн мэлмийд толилуулж байна” гэв.

Тус музейд Монгол төрийн сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богдуудын хурааж хуримтлуулсан эд баялаг, дотоод гадаадын зочид гийчид, элч төлөөлөгчдийн өргөсөн олон төрлийн эрдэнэс, эд зүйлс арвин хуримтлагдсан байдаг аж.

Үзэсгэлэнд эдгээрээс дээжлэн XX зууны эхэн, дунд үед холбогдох оюу, шүр, мана, хаш чулуун хөөрөг, эрхи, номин чулуун бойпор, дамар, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, хаш үнсний сав, эрүүний тулгуур, пийсүү гуурс, гаанс, хавтага, тээг, шүр чулуу, Монгол эхнэрийн чимэглэл хорол бэл хэмээх зүүлт, шүр, сувдан зүүлт болон Богд хааны хэт хутга зэрэг үнэт чулуун эдлэл дэлгэсэн нь хүмүүсийн сонирхлыг татаж байв.

Дашрамд сонирхуулахад уг үзэсгэлэн ирэх сарын 08-ныг хүртэл олны хүртээл болох аж.

Categories
мэдээ нийгэм

Зүүн дөрвөн замд гүүрэн гарцтай болгох асуудлыг эхлүүлнэ гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр албан уулзалт хийлээ. Уулзалтад ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагай болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Өнөөдрийн уулзалтаар хоёр тал 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Мөн 2018 онд хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийн талаар санал солилцов.

“Зам тээврийн салбар бол хотын хувьд маш чухал асуудал. Хотын түгжрэл гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг салбарын яамтай сайн ярилцаж тохиролцож байж шийдэх учиртай. Өнөөдрийн уулзалтаар авто вокзалын асуудал яригдлаа. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан авто вокзал байхгүй. Хотын зүүн, баруун, урд талд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттайгаар 3 авто вокзал барина гэсэн асуудал яригдсан. Мөн Авто худалдааны цогцолбороо хэрхэн цаашаа ашиглах вэ? Улаанбаатар хотод хөрсний бохирдол, түгжрэл зэргийг бий болгож байгаа олон авто худалдааны цэгүүдийг цэгцлэх асуудлыг хамтарч хэрэгжүүлье гэж ярьсан” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэлээд ажил хийгдсэн. Хийгдээгүй бага сага ажил байгаа ч ихэнх нь 60-70 хувьтай явагдаж байгаа юм. Улаанбаатар хотын зам, тээврийг сайжруулах, тээвэр талаас нь харах, тээврийн хүртээмжийг дээшлүүлэх зэрэг ажлууд явж байна. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ нисэх буудлыг менежментийн гэрээгээр ашиглалтад оруулж үйлчилгээг нь эхлүүлэх асуудал яригдсан. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар хотоос шинэ нисэх буудлын хүрээнд хот байгуулалтын асуудлыг маш яаралтай шийдэх шаардлага үүсч байна. Тэнд ажиллах ажилчдын орон сууц, нийгмийн үйлчилгээ талаас олон асуудлууд яригдах шаардлагатай. Мөн зарим нэгэн гүүр, гармууд хаагдсан асуудал байна. Үүнийг улсын чанартай зам, гүүртэй холбож өгөх зэрэг ажлууд яригдсан. Мөн өнөөдрийн ярианы гол асуудал бол Зүүн, баруун 4 зам дээр хоёр түвшний уулзварыг бий болгох, гүүрэн гарцыг бий болгох гэсэн асуудал нэлээн яригдлаа. Нэн тэргүүнд зүүн дөрвөн зам дээр эхлүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

“ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр буюу 11 сарын 30-ны өдөр Зам, Тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ”Улаанбаатар төмөр зам“, Төмөр зам дахь цагдаагийн газар, Тээврийн прокурорын газар, Замын цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтан, жолооч нар болон Автотээврийн хяналтын улсын байцаагч нарын нийт 100 гаруй хүнд “Төмөр замын гарам, аюултай бүс” сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус сургалт, зөвлөгөөн нь “Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрэм тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж”, “Төмөр замын хаалттай болон хаалтгүй гарам нэвтрэх журам”-ын хэрэгжилтийг хангах, төмөр замын гарам нэвтрэх журам баримтлаагүйгээс үүдэн гарч болзошгүй гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх хэвшил бий болгох зорилготой юм.

“ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт, зөвлөгөөн хийснээр:

  • Төмөр зам болон авто замын огтлолцлын цэг буюу төмөр замын гарам дээр галт тэрэг болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдыг мэдлэг мэдээллээр хангах
  • Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах осол хэрэг гарч болзошгүй эгзэгтэй цэгүүдийн эрсдэлийг бууруулах, тэдгээрт тавих хяналтыг эрс сайжруулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах
  • Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх зөв дадал бий болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Мөн энэхүү сургалт зөвлөгөөний хүрээнд хэлэлцүүлэгдсэн илтгэл, гаргасан санал, санаачлагыг үндэслэн зөвлөмж гарган, уг зөвлөмжийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангаж ажиллахаар төлөвлөж байна

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн 16 дахь удаагаа болж байна

ОХУ-ын Чебоксар хотод арванхоёрдугаар сарын 1-2-нд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөж буй тус тэмцээнд 16 дахь удаагаа явагдаж байна.

Дэлхийн цомын хуваарь
А хэсэг

1 тойрог: Япон – ОХУ; Швед – АНУ
2 тойрог: Япон – Швед; ОХУ – АНУ
3 тойрог: Япон – АНУ; ОХУ – Швед
В хэсэг
1 тойрог: Хятад – Азербайжан; Украин – Монгол
2 тойрог: Хятад – Украин; Азербайжан – Монгол
3 тойрог: Хятад – Монгол; Азербайжан – Украин

11 сарын 30
22.45-23.15 – Бүх жингийн жин үзэлт УБ цаг

12 сарын 1
15.00 – 17.00 эхний раунд
17.00 – 19.00 хоёрдугаар раунд
22.00 – 22.30 Нээлтийн ажиллагаа
22.30 – 00.30 гуравдугаар раунд

12 сарын 2
18.00 – 19.00 Финал: 7-8, 5-6 байрны төлөө барилдаан
19.00 – 20.00 Финал: 3-4 байрны төлөө барилдаан
20.00 – 21.00 Финал: Аваргын төлөө барилдаан

Дэлхийн Цомын тэмцээнд саяхан Польшид болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон залуучуудын эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцоно.
48 кг: Буяндалайн Чимгээ (Хангарьд)
53 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс)
60 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
63 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
69 кг: Мөнхбатын Хишигмаа (Арслан)
75 кг: Ган-Очирын Уртнасан (Хилчин), Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар)
Дасгалжуулагч: Бямбажавын Баттулга, Цэндийн Баярсайхан
ДАШТ-д тун сайн оролцсон энэ баг дээр Очирбатын Насанбурмаа нэмэгдэн очсон байгаа.

Өрсөлдөгч багуудын бүрэлдхүүн:
Украины шигшээ баг

48 кг – Илона Семкив –Европын аваргын мөнгөн медальтай.
53 кг – Ольга Шнайдер – Универсиадын хүрэл медальт.
55 кг – Елена Кремзер – Өсвөрийн хошой дэлхийн аварга, U-23 2016 Европын аварга
58 кг – Ирина Чихрадзе – Европын АШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэлтэй.
60 кг – София Боднар – Украины 2017 оны аварга.
63 кг – Ирина Коляденко
69 кг – Алла Белинская – Open Poland-ийн хүрэл, Залуучуудын дэлхий, тивийн аваргын хүрэл медальтай. Цэргийн ДАШТ-ий аварга
75 кг – Анастасия Шустова – Залуучуудын Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт.

Азербайжан

Харамсалтай нь Азербайжаны баг баг бүрэлдэхүүнээ бүрэн зарлаагүй байгаа. Цахим хуудас azerisport.com-ийн мэдээлснээр Тюркан Насирова (48 кг), Сабина Гамзалзаде (53 кг), Солмаз Гашимзаде (55 кг), Алена Колесник (58 кг), Татьяна Омельченко (60 кг), Эльмира Ганбарова (63 кг), Элис Манолова (69 кг) нар барилдах гэнэ. 75 кг-д хэн нэгнийг мэдүүлээгүй байна.

Хятад
Жин тус бүрт хоёр бөхтэй ирсэн.

48 кг Янан Сун – 2016 оны олимпийн хүрэл медальт, 2013 оны дэлхийн аварга, Жие Ни,
53 кг Кьяню Панг – Азийн аварга, Оуянг Джунлинг,
55 кг Ланнуан Луо, Нингнинг Ронг,
58 кг Яжен Сун, Ксяофанг Чен,
60 кг Ксиюн Чен, Киан Ли,
63 кг Руи Ксю, Ксяохуан Луо – 2015 оны Азийн аварга
69 кг Жиао Ванг, Фенг Жао – 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальт
75 кг Киан Жоу – 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Палиха Палиха – 2015 оны Азийн аварга

Categories
мэдээ улс-төр

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.30) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, нийтдээ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн хэлэлцүүлэхэд Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар асуулт асуулаа. Баруун аймгуудын иргэдийг хямд үнэтэй гурилаар хангахын тулд Цагааннуурын боомтоор гурил импортлох асуудлыг төсөлд тусгаагүй нь ямар шалтгаантай талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариулт өглөө. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдаад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, улаан буудайн импортыг дэмжсэн гэв. Улаан буудай, малын тэжээл, өвсний импорт хийхдээ гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тодорхой тооны компанид олгохоор оруулсан нь шударга өрсөлдөөний зарчимд нийцэж буй эсэх асуултад Б.Батзориг сайд хариулахдаа “Энэ жил цаг уурын байдлаас үүдэн ургац алдсан тул тодорхой хэмжээний улаан буудай, малын тэжээл, өвсийг импортоор авахаар төлөвлөөд Засгийн газар асуудлыг хэлэлцэн, хэмжээг тогтоосон. Үүний дагуу үйлдвэрүүд чанартай гурилыг тогтвортой үнээр зах зээлд хангалттай нийлүүлэх үүрэг хүлээлгэж байгаа, бусдаар өрсөлдөөнийг хязгаарлах, давуу эрх олгох асуудал байхгүй” гэсэн. Монгол Улс жилд 1.2-1.4 сая тн өвс, тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил 900 мянга гаруй тн өвс, тэжээл бэлтгэсэн. Иймд дутагдалтай хэмжээний хүчит тэжээлийг импортоор авч, аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж байгаад улсын хэмжээнд түгээхээр бэлтгэл ажил хангаж байгаа гэлээ. 51 мянган тн хүчит тэжээлийг түгээх нь нарийн зохион байгуулалт шаардана, хууль батлагдвал арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд аймгууд дээр тэжээлийг хүргэхээр бэлтгэл хангаад байгаа юм байна. Өвс, малын тэжээлийн импортын асуудал дээр яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрбээр тэмдэглээд “Малын тэжээл, өвсний үнийн тухайд бид тодорхой тоо хэлэх боломжгүй. Учир нь зах зээлийнхээ зарчмаар ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтоно. Салбарын яам аль болох хямд үнээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа, өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Эцэст нь малчдын хотонд хямд өвс, тэжээл хүргэх гэсэн зорилготой” гэлээ.

2017 онд дотоодын гурилын үйлдвэрүүд 141 мянган тн улаан буудай хурааж авсан, харин дотоодын хэрэгцээнд 360 гаруй мянган тн улаан буудай шаардлагатай. Иймд шаардлагатай байгаа 225 мянган тн улаан буудайг импортлон, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогыг баримтлан Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төслийг өргөн мэдүүлсэн байна. Өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор махны борлуулалт, экспортын асуудалд салбарын яам ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 27.000 тн мах экпортлон 108 тэрбум төгрөгийн орлого олжээ. Өчигдөр хуралдсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл мах экспортлох квот тогтоожээ. Тухайлбал, 28.9 мянган тн үхрийн мах, 43.6 мянган тн адууны мах, хонь, ямааны махыг чөлөөтэй экспортлохоор тогтоосон байна.

Ийнхүү асуулт хариулт дуусч, хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүд 84 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хууль батлагдсан бөгөөд эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулав.

Үргэлжлүүлэн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах дээрх хэмжээний малын тэжээл, өвс, хүнсний улаан буудай, үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан 2017 оны төсвийн тодотгол хугацаа хойшлогдож батлагдсантай холбоотойгоор ОХУ-аас худалдан авах нэг боодол өвсний үнэ 1700-8000 төгрөг болж нэмэгдсэн нь малчдад хүндрэлтэй тусахаар байна, мөн импортоор оруулах малын тэжээл, өвсний хуваарилалтад цаг агаарын хүндрэлтэй байгаа Ховд аймгийн урд талын сумдыг хамруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Пүрэвдорж, Ч.Улаан, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэн. 2017 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны зургаадугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс хуулийн төслийг баталснаар ИТХ-ын төлөөлөгчид төрийн захиргааны албан хаагчаар ажиллахтай холбогдуулан Үндсэн хуулд заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчим алдагдах, мэргэжлийн чадвар, туршлагагүй хүн төрийн захиргааны албан тушаал эрхлэх зэрэг сөрөг үр дагавар гарахаар байгаа тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргажээ. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр татгалзсан байна. Мөн тус хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж, төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Дараа нь 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нарын гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай явуулах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ийнхүү төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Х.Баделхан, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Арилжааны банкууд охин компани байгуулан хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах 2010 онд оруулсан зохицуулалтыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тусгаагүй байгаа шалтгааныг тодруулсан юм. Хэлэлцэж буй төсөлд “Банк, түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд …” хэмээн хөндөн, өөрчлөхөөр тусгасан байгааг тайлбарлалаа. Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох асуудал дээр төв банк ямар байр суурьтай байгааг лавлав. Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх шаардлага байгаа бөгөөд Монголбанк 11 хуулийн төслийг боловсруулсны эхний хоёрыг өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Зээлийн хүүг бууруулах талаар нийгэмд олон төрлийн хэлэлцүүлэг өрнөж байгааг Монголбанк ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн тусгайлан судалгааны баг ажиллуулан, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн. Тус баримт бичигтээ зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоохтой холбоотой төв банкны байр суурийг тодорхойлсон байгаа гэлээ. Ийнхүү гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авснаар нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай туршлага солилцов

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын хооронд туршлага судлах семинар 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжиллээ. Өнөөдөр (2017.11.30) туршлага судлах сүүлийн өдөр бөгөөд семинарт оролцогчид ажлаа дүгнэж, санал бодлоо хуваалцав.

Семинарт Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал Консул Габриелла Спирли, Швейцарын Холбооны Улсын парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери болон тус улсын парламентын Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцсон юм.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Гурван хоногийн хугацаанд бид хоёр орны Тамгын газрын хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, шалгалт, үнэлгээ хэрхэн хийдэг талаарх илтгэлүүдийг сонсож, туршлагаасаа хуваалцлаа. Өнөөдөр бид өмнөх гурван өдрийн ажлын үр дүнг нэгтгэж, дүгнэн ярилцах зорилготой байна” гэлээ.

Мөн УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Швейцарын Холбооны Улсын хамтрагчид маань өөрийн орны парламентын үйл ажиллагаа, арга барил, туршлагаасаа харамгүй хуваалцсанд талархал илэрхийлье гээд хоёр орны нийгэм, эдийн засаг, хууль тогтолцооны хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч хуулийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх ажилд ижил төстэй зүйл их байна. Энэ чиглэлээр ажлын аргачлал, туршлага судлах, харилцан мэдээлэл солилцож, харилцаагаа гүнзгийрүүлэх саналтай байна. Мөн Швейцарын Холбооны Улсын парламентын Хяналт, үнэлгээний ажлын албанаас үйл ажиллагаандаа ашиглаж буй үнэлгээний программ, гарын авлага, техник технологийн туршлагаас хуваалцаж, дэмжиж ажиллахыг хүслээ.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх П.Амаржаргал, Ц.Норовдондог нар сэтгэгдлээ хэлж, талархал илэрхийлэв.

Ноён Александре Фүзесери “Семинар амжилттай зохион байгуулагдсанд баяртай байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өндөр зохион байгуулалттай ажилладаг юм байна. Монгол Улсын парламентын үйл ажиллагааг тууштай сайжруулах хүсэл зорилготой байгааг манай хамт олон үнэлж байгаа. Цаашид хоёр орны парламентын Тамгын газар урт хугацааны хамтын ажиллагааны бодлого тогтоох нь чухал байна” хэмээн онцлон хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

2030 он гэхэд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдан гэв

Image result for роботуудад

2030 он гэхэд дэлхийн хэмжээнд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана гэж бизнесийн удирдлагын чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг “МакКинси Глобал Институт” компанийн судлаачид мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.

“МакКинси Глобал Институт” компанийн судлаачид нь саяхан дэлхийн 46 улс орон ба 800 ажил мэргэжлийг хамруулсан судалгаа хийсний дүнд “2030 он гэхэд өнөөдрийн ажлын байрнуудын тавны нэг хувьд нь роботууд ажиллах нь” гэсэн тооцоо гаргажээ.

Техник хэрэгсэл, машин механизмын операторууд, нягтлан бодогчид болон оффисын арын албаны ажилтнууд хамгийн хүнд цохилт амсаж магадгүй гэж уг судалгааны тайланд дурдсан байна.

Харин автомат техник хэрэгслүүд худалдан авах санхүүгийн боломж хомс ядуу буурай улс орнуудын иргэдийн хувьд “сэтгэл амар байж” болох нь ээ. Тухайлбал, Энэтхэгт нийт ажлын байрны ердөө 9 хувьд нь роботууд ажиллах аж.

Эмч, багш, өмгөөлөгч зэрэг бусадтай байнга харилцаж, ярилцаж байдаг ажил мэргэжилтэй хүмүүс роботуудад ажлын байраа алдах талаар санаа зоволтгүй гэж “МакКинси Глобал Институт”-ийн судлаачид мэдэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батцэнгэл: Хүүхэд математикийн гоо сайхныг нэг мэдэрвэл салахаа байчихдаг

Доктор Б.Батцэнгэл 2016 оны олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиадын үеэр Тайландын телевизэд ярилцлага өгч байгаа нь

Филиппин улсад болсон олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд манай улсаас оролцсон найман сурагч бүгд шагнал хүртсэн баярт мэдээ саяхан түгсэн. Энэ багийг ахалж, сурагчдыг олон улсад оюунаа сориход нь дасгалжуулсан Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр улсын математикийн олимпиадад 14 насандаа түрүүлсэн амжилтыг нь өдгөөг хүртэл хэн ч эвдээгүй, Монголын хамгийн авьяаслаг математикч юм билээ.

-Сая Филиппинд, зун Энэтхэгт болсон олон улсын олимпиадад оролцсон манай бага ангийнхан бүгд шагнал хүртсэн. Хэр олон улс энэ олимпиадад оролцдог вэ. Яаж хүүхдүүдээ шалгаруулж авдаг, ямар системээр бэлддэг вэ?

-Математикийн олимпиадын бага ангийн төрөлд тив, тивийн олон улсын хүүхдүүд оролцдог. Манай улсын хувьд 2009 оноос бага ангийн олимпиадад оролцож эхэлсэн. Сонгон шалгаруулалт 2011 оноос одоогийн системд шилжсэн. Жил бүрийн дөрөвдүгээр сард “Классик” олимпиадаар эхний сорилоо явуулж, 300-гаад хүүхдээс 100 гаруйг нь шигшиж үлдээдэг. Хоёр дахь сорилоос 20 орчим, гурав дахь сорилоос найман хүүхэд сонгож авдаг. Энэ найман хүүхдийг нэг сарын дотор багийн болон хувийн бэлтгэл хийлгээд олон улсын олимпиадад оролцдог.

-Олон улсын олимпиадаас нийт хэдэн монгол хүүхэд шагнал авав?

-Анхны жил бага ангийн олимпиадад олон улсын стандартаар 15 бодлого бодно гэж ойлгоогүй очсон учраас юу ч аваагүй. Дараа жил нь Солонгост болоход шагнал хүртсэн. Одоо медаль авдаггүй хүүхэд цөөхөн болсон. Сая Филиппиний олимпиадаас гэхэд найман хүүхдээс хувийн төрөлд дөрөв нь, хоёр баг хоёулаа медаль авсан.

-Математикийн авьяас гэж юу байдгийг ойлгодоггүй гэж та ярьдаг гэсэн?

-Авьяас гэж яриад байгааг би ойлгодоггүй. Зөв сэтгэлгээ, логик дараалал, хаанаас эхлэх вэ гэдгийг мэдрэх мэдрэмжийг авьяас гэдэг байж болох юм. Бодлогыг буруу аргаар эхэлдэг атлаа зөв рүүгээ шилжээд бодчихдог хүүхэд байдаг. Шууд зөв аргаа олдог нь ч бий. Өөрөөр хэлбэл бодлогыг мэдэрдэг мэдрэмж хүүхэд болгонд өөр байдаг. Зохиолчдын онгод гэдгийг хүн шууд тодорхойлж чадахгүй, түүнтэй л адилхан байх. Зөв сэтгэлгээ гэж хамгийн бага энерги гаргаад хамгийн богино хугацаанд бодохыг хэлнэ гэж хувьдаа ойлгодог.

-Олон жилийн өмнө, тэр үедээ л тоогоор манайдаа тэргүүн байсан хэдэн хүүхдэд багш нь бодлого өгөөд хоёрдугаар ангийн хүүхэд гурван минутад бодсон гэж хэлээд шалгасан. Нэг нь амжиж хариулж бусдаа аварсан гэдэг. Тэр жаахан хүүхэд нь таныг байсан гэж сонссон юм. Энэ авьяас мөн үү?

-Яг энэ бодлого мөн эсэхийг мэдэхгүй, намайг XII сургуулийн хоёрдугаар ангид байхад шалгалт авсаан. Хөлбөмбөг тоглоод гүйж явтал захирал дуудсан, хэдэн хүн ирчихсэн “шалгалт авна” гэсэн. Энгийн бодлого хэдийг бодуулсан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нэг л юм байдаг. “Өгсөн цэгээс ижил зайтай цэгүүд ямар дүрс зурах вэ” гэж хамгийн сүүлд асуусан. Би “Бөмбөг” гэж хариулсан, тэр хүмүүс жуумалзаад л явчихсан. Сүүлд сонсоход тэд хавтгай дээр зураад “Дугуй” гэж хариу авах гэсэн юм билээ. Тэр үед би дугуй, тойрог гэдгийг заалгаагүй, мэддэг ч үгүй байлаа. Надад бодогдсон, хамгийн ойрхон зүйл нь бөмбөг л байсан. Тэгж өөрийгөө аварсан уу, эсвэл авьяастай байсан уу бүү мэд. Энэ хариултаас болоод тэр хүмүүс их авьяастай юм гэж дүгнэлт хийсэн тухай сүүлд сонссон. Гэхдээ тэд авьяас шалгах гэж ирээгүй байх. Хоёрдугаар ангидаа хичээлийн хажуугаар багштайгаа дээд ангийн хичээлээ үзсэн учраас анги алгасуулахын тулд захирал маань хүсэлт ирүүлсэн юм билээ.

-Та хэд хэддүгээр ангийг алгассан бол. Ухаан орохдоо л уншаад сурсан гэдэг юм билээ. Ингэж гайхалтай суралцахад ээж, аавын нөлөө байв уу?

-Нэг, гурав, тавдугаар ангийг алгассан. Миний аав Баасанжав Говь-Алтайнх, геологич хүн, ээж Байгалмаа Булганых, бага ангийн багш. Аав, ээжийн нөлөө байлгүй яахав. Ээж 21дүгээр сургуульд багшилдаг, хааяа намайг авч явна. Ангийн хамгийн арын ширээнд суулгаад “Юм зурж, бич” гээд үзэг цаас өгнө. Ээжийн зааж байгаа сонин санагдаад харж суусаар хичээл хийгээд сурчихсан. Уншихыг цэцэрлэгт байхдаа сурсан гэдэг, би таван наснаас өмнөх зүйлээ санадаггүй юм. Тоо бодож сурахад гол нөлөөлсөн хүн бол аав. Намайг тавтай байхад аав 96 хуудастай зузаан дэвтэр авч өгөөд “За ингээд бодлого бодоорой” гээд ном өгсөн нь хоёрдугаар ангийн тооны хичээлийн сургалтын материал байж таарсан. Тэгээд л бодож сурсан даа. Уншдаг, боддог тухай яриа Булганаас эхтэй юм. Хоёр ах хотод ирээд би зөрөөд өвөө дээрээ очсон. Хажуу айлын хүүхдүүдтэй тоглох гэтэл “Даалгавраа хийж байна” гээд суугаад байхаар нь хурдан тоглохын тулд тоог нь бодож өгөөд “Ном уншдаг нударгатай залуу” нэртэй болсон.

-14 настай улсын олимпиадад түрүүлэхдээ хэддүгээр ангид байсан юм бэ. Танд ер нь тааруу сурдаг хичээл байсан уу?

-Тааруу хичээл байлгүй яахав. Гурав, тавдугаар ангийг алгасахдаа математик, монгол хэлний улсын шалгалт өгсөн, заавал онц авч дэвшдэг учир гайгүй байхаас аргагүй. Гэтэл тавдугаар ангид орос хэлний тийн ялгал заадаг, тэрийг үзээгүй учраас зургадугаар ангиас эхлээд л орос хэлний хичээл там болсон. Улсын математикийн олимпиад тэр үед зөвхөн төгсөх ангийнхны дунд болдог, түрүүлэх үед аравдугаар ангид байсан.

-МУИС-д оюутан байхдаа дээд ангийнхандаа хичээл заасан гэл үү?

-МУИС-ийн программд тооны онол гэж хичээл байдаг, мэргэжлийн багш байгаагүй учраас намайг мэргэшүүлэхээр шийдсэн. Дашдорж багшийн санаа л даа. Гуравдугаар курсээс нарийн мэргэжил салахад алгебрийн группд орж тооны онолыг тусгайлан судалж, дөрвөөсөө ангийнхандаа болон дээд курсынханд зааж эхэлсэн.

-Та тооны онолыг хэдэн жил заав. МУИС-аас яагаад ажлаа хаяж гарсан юм бэ. Оюутнууд таны хичээлд их дуртай байсан гэдэг?

-Би МУИС-д 1990-2008 онд багшилсан, дунд нь 1993-1999 онд Японд доктор хамгаалсан. Тооны онолын хичээлийг программаас хассанаас болж би гарсан. Тооны онол гэдэг бол математик дотроо хамгийн эртний салбар, хэдэн мянган жилийн турш бүх математикч оролдсон, бүгд дуртай байсан, миний бодлоор математик дотор байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Их сургуульд байхад оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог болоход нэг хэсэг бүх оюутан над дээр шавсан нь үнэн.

Тооны онолын гоо сайхныг мэдрүүлсэн учраас тэгсэн болов уу. Тооны онолыг огт мэддэггүй хүмүүс хэрэггүй салбар гээд байдгийг би ойлгодоггүй. Математикийг ойлгож мэддэг нь биш, энд тэнд явж байгаад математикч нэр зүүсэн нь тэр үед ноёлж эхэлсэн. Тэд тооны онолын хичээлийг хасахаар нь би ер нь хэрэггүй болж байгаа юм гэж бодно биз дээ, тэгээд л гарсан хэрэг.

-Таныг их сургууль олон удаа урьсан гэж сонссон. Таны хэмжээний хүн их сургуульд байх нь илүү зохимжтой биш үү?

-Санал тавьж л байдаг юм, гэхдээ би очихгүй ээ. Хаа ч ялгаагүй би математикт дуртай хүүхдүүдтэй л ажиллаж байгаа.

-Та оюутан цагаасаа эхлээд 30 шахам жил багшилжээ. Өөр ажил хийх боломж байсан л байх. Багшийн ажлын юу нь сайхан бэ?

-Хүрээлэнд эсвэл төсөл дээр ч юм уу ажиллаж болно л доо. Гэхдээ математикийн гоо сайхныг, бүх гоё юмыг нь би мэдээд байна. Тэр мэдлэгээ гадагш гаргахгүй, өөртөө л хадгалаад дуусах сонирхол алга. Математикийн суутнуудын маш хүнд асуудлыг их гоё өвөрмөц шийдсэн сонгодог теоромуудыг судалж мэдсэнээ зөвхөн өөртөө хураах гэж үү. Би тэрийг хүүхдүүдэд зааж, гоёыг нь мэдрүүлмээр байна. Тэр хүмүүсийн логик сэтгэлгээний зөв дарааллыг таниулмаар байна. Тийм учраас би багшид дуртай. Хамгийн гол нь би хүүхдүүдэд сэтгэлгээний уран сайхан, гоо сайхныг зааж, зөв сэтгэхэд сургамаар байна. Ер нь хүнийг зөв сэтгэдэг болгож сургаж болох уу гэдгийг би дотроо их боддог. Уг нь болмоор юм шиг ч бодит амьдрал дээр хэзээ ч чадахгүй байх л даа.

-Олон улсын олимпиадын үеэр гадны эрдэмтэд таны үгийг их сонсдог гэж хамт явсан багш нар ярьдаг. Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Бага ангийн олимпиадын бодлогыг эх хэл рүүгээ орчуулах ажлыг би хийдэг, өгүүлбэрийг хөрвүүлэхэд тийм ч амар биш байдаг. Энэ явцад бодлогын өгүүлбэрийн алдааг олж комиссынхонд хэлсэн хэд гурван тохиолдол байгаа учраас сайн ханддаг байх. Мөн Гонконгт болдог олимпиадын бодлогыг комиссоос гадна хоёр математикч бодож хариуг нь гаргадгийн нэг нь би. Алдаа гарч болно гэдэг үүднээс гурван талаас бодож тулгадаг л даа.

-Олон улсын олимпиадад таны бодлогыг их сонгож авдаг гэл үү?

-Би бодлогоо олон улсын бага, дунд, ахлах ангийн бүх олимпиадад явуулдаг. Монголын баг бодлого явуулдаг нь үйл ажиллагааг нь дэмжиж оролцож байгаа нэг хэлбэр. Олон улсын олимпиадад 15 өөр орны бодлого ч тавигдаж болно, чанар чансаа нь л мэдэх хэрэг. Сая Филиппинийн олимпиадад би зургаан бодлого явуулсны тав нь сонгогдсон байсан. Баг дээр нэг, хувийн төрөлд дөрөв нь ирсэн. Багийн бодлогыг манай нэг хүүхэд гүйцэд биш бодоод арай бага оноо авсан, нөгөө баг нь хийгээгүй. Хувийн төрлийн дөрвөн бодлого дээр хүүхдүүд маань бүгд унасан. Яагаад ч юм манай хүүхдүүд миний бодлого дээр дандаа унадаг, тиймээс цөөхөн ирээсэй л гэж хүсдэг.

-Уучлаарай, та өөрөө хүүхдүүдээ бэлдэж байж яагаад тэр явуулсан бодлогуудаа заадаггүй юм бэ?

-Бусад улсын ирүүлдэг бодлогыг багцаалж бэлтгэлээ хийдэг. Өөрийнхөө явуулсныг тас нуудаг. Би бэлдэж байгаа хүүхдүүдийнхээ сул талыг мэддэг, тиймээс ч чадахгүй бодлогыг нь тавьдаг. Танд сонин санагдаж байх шиг байна. Би хүүхдүүддээ шинэ бодлого өгөхийг хүсдэг. Зааж байсан юмаараа бодлого тавибал жинхэнэ жигшүүрт явдал биз дээ. Тэгээд ч энэ чинь хүүхдийн хувьд ч утгагүй. Хүүхдүүд тэнд өөрийгөө сорих, шинэ бодлоготой танилцах гэж очиж байгаа, огт мэдэхгүй юмаа хийж чадаж байгаа эсэхийг л шалгах ёстой. Тэрнээс чаддаг юмаа олон улсын олимпиадад очиж бодох юм бол энгийн шалгалтаас ямар ялгаатай байхав.

-Олон улсын олимпиадад орчуулга хийж байгаа багш нь бодлого задалсан тохиолдол гарч байсан гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Би ийм юмны эсрэг тууштай зогсдог. Тэгээд ч олон улсын олимпиадад бодлого задалсан тохиолдолд тухайн улсын эрхийг 10 жил хүртэл хугацаагаар хасдаг. Хойд Солонгосын баг дээхнэ үед орчуулгын явцад бодлого задлаад эрхээ хасуулаад саяхнаас тэр нь сэргэсэн. Ер нь олон улсын математикчид аль улс нь ямархуу чансаатай вэ гэдгийг гадарлана даа.

-Манай хүүхдүүдийг IQ өндөртэй гэлцдэг дээ?

-Үнэн, оюун ухааны хувьд дутах юм ерөөсөө байхгүй. Хөдөлмөрч зан л дутуу. Хоёрдугаарт, энэ компьютер тоглоом, facebook зэрэгт зарцуулж байгаа цагаа хасчихвал амжилт гаргах бүрэн боломжтой.

-Та яг одоо юу хийж байна вэ?

-Би “Соёмбо” бага сургууль, “Орчлон-2” сургуулийн зөвлөх багшаар ажилладаг. Яг одоо энэ ажлынхаа хажуугаар ахлах ангийн хүүхдэд зориулсан тооны онолын ном бичиж байгаа.

-Тооны онолын ном манайд ер нь байдаг уу. Та хэр олон номтой вэ?

-Тооны онолын ном их сургуулийн төвшинд ч байдаггүй. Гэхдээ одоо бичиж байгаа ном бол олимпиадад зориулсан гарын авлага юм. Ер нь олимпиадад зориулсан долоо найман ном бичсэн.

-Таныг хөлбөмбөгт их дуртай гэсэн. Сайн тоглодог байв уу?

-Таван шарын хөлбөмбөгийн талбайгаас салдаггүй л хүүхэд байсан. МУИС-ийн шигшээд тоглодог байлаа, хоёрдугаар зэрэгтэй.

-Манай төр засгаас математикийн олимпиадад явж байгаа хүүхдүүдээ дэмждэггүй юм шиг санагддаг. Бусад улс энэ тал дээр ямар байдаг вэ?

-Төрөөс улсын олимпиадад багахан мөнгө өгдөг байх. “Олон улсын ахлах ангийн олимпиадад явж байгаа хүүхдийн зардлыг олж өгье” гэж жаахан хөөцөлддөг байх. Гэхдээ нөгөө мөнгө нь хичнээн ч шат дамжиж гардаг юм, хүүхдүүд өр тавьж явчихаад сүүлд нь зардлаа олж авдаг юм шиг байна лээ. Бага, дунд ангийн олимпиадад явж байгаа хүүхдүүдийн тухайд төрөөс харж үзнэ гэж байхгүй. Бусад оронд төр засгийнхаа төвшинд дээд зэргээр анхаардаг. Сая Филиппинд болсон олимпиадад хүртэл зарим улсын Боловсролын яам оролцсон. Манайх шиг эцэг эх нь зардлыг нь даадаг улс өөр байхгүй.

-Та бүхэн ойлгуулах талдаа дутмаг ажиллаад байна уу?

-Боловсролын яаманд би удаа дараа захиа бичсэн. Олон улсын олимпиад зохион байгуулах комиссынхон нь “vip” зочныхоо нэрийг өгөөч гэдэг. Зочноор яамнаасаа хүн томилж явуулаач гэж олон удаа хэлсэн. Зөвхөн замын зардлаа гаргаад очиход л зочныг комиссынхон дээд зэргээр хүлээж авдаг. Энэ олон орон бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд дэмжээд Боловсролын яамных нь төлөөлөгч ирдэг, манайх л очдоггүй. Өмнөөс нь их ичих юм.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ тоо заалгая гэхээр та дургүйцдэг гэнэ. Яагаад тэр вэ?

-Дургүйцдэг нь үнээн. “Хүүхдийг маань математикч болгоод өгөөч” гэвэл болж байна. Харин хүүхдээ тоонд сайн байвал цаашдаа эдийн засгаар сурахад хэрэгтэй гэх мэтээр харж ирвэл хэрэггүй. Хүүхэд нь надаар хоёр жил заалгахаар би математикч болгочихно. Тэр хүүхэд математикт үнэн сэтгэлээсээ дуртай болчихно. Эцэг эхийн сонирхол өөр байгаа ш дээ, тэгэхээр би тэр хүүхдийн ирээдүйг баллавал яах юм.

-Та яаж хүүхдийг тэгтэл нь математикт дурлуулж чаддаг юм бэ?

-Би хамгийн гоё бодлогыг бодуулдаг. Хүүхэд математикийн гоо сайхныг нь нэг мэдэрвэл салахаа байчихдаг.

Categories
мэдээ нийгэм

ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж, улаан туузаар ижилсэнэ

Хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр маргааш болно. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-нд тохиодог энэ өдрийг өдгөө “Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, олон талын үйл ажиллагаа зохион байгуулах энэ өдөр өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ.

Тухайлбал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлэх юм байна. Тус үйл ажиллагааны нээлт “Тэнгис” кинотеатрт 18:00 цагаас болох бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцоно.

Мөн энэ өдөр НЗДТГ-ын харьяа агентлаг, аж ахуйн нэгж, албан газрын ажилтнууд “ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр”-т нэгдэж байгаагаа илэрхийлэн улаан туузаар ижилсэж, бэлгэвч тараах юм байна.

Categories
гадаад мэдээ

Муланы дүрд Лю И Фэй тоглоно

“Дисней” компани 19 жилийн тэртээ гаргаж байсан баатарлаг бүсгүйн тухай өгүүлэх “Мулан” хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор болсноо саяхан зарласан билээ.

Тэгвэл уг бүтээлийн гол дүр буюу Муланы дүрд тоглох уран бүтээлч тодорсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

Уг дүрд Хятадын нэрт жүжигчин Лю И Фэй тоглохоор болжээ.

Лю И Фэй хятадаас гадна англи хэлээр чөлөөтэй ярьдаг учир дүр бүтээхэд ямар ч асуудалгүй хэмээн албаныхан мэдээлэв.

Өдгөө 30 настай Лю И Фэй хэвлэлийнхэнд “Мөрдөөл минь биеллээ” гэж хэлжээ. Уг дүрийн төлөө 10 гаруй орны 1000 гаруй уран бүтээлч өрсөлдсөн аж.

Тэрбээр өмнө нь холливуудын ээлжит бүтээл “Хориотой хот” кинонд тоглосон юм. Уг бүтээлд Хятадын нэрт жүжигчид болох Жэки Чан болон Жет Ли нар хамтран тоглосон билээ.