Categories
мэдээ цаг-үе

Э.Алтангэрэл: Волейболын спортоор дэлхийд тэргүүлэх багуудыг хожих боломжтой гэх итгэлийг олж авсан нь хамгийн том амжилт

Монгол Улсын Волейболын шигшээ багийн тамирчин, спортын мастер Энхээгийн Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хэзээнээс волейболын спортоор хичээллэж эхэлсэн бэ. Яагаад энэхүү спортыг сонгох болов?

-Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид байхдаа энэхүү спортод анхлан хөл тавьсан. Өдгөө есөн жил волейболоор хичээллэж байна. Анх арван жилийн ангийн багш маань биднийг волейболын секцэнд хамруулж байсан юм. Ингээд “Мон-Алтиус” сургуулийн волейболын секцийн Хулан багшийн удирдлага дор ангиараа очиж, бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн л дээ. Улмаар есдүгээр ангидаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад олон улсын хэмжээний мастер Солонго багш намайг олж харсан байгаа юм. 10 дугаар ангид байхад өдгөө миний тоглож буй “Хасумегастарс” баг байгуулагдаж байсан л даа. Тэр цагаас хойш энэ багт орж, волейболын спортоор тууштай хичээллэх болсон. Түүнээс биш багаасаа волейболоор хичээллэж, энэ спортын тамирчин болно гэж бодож яваагүй. Хувь заяагаараа л энэ спортод хөтлөгдөж орсон доо.

-Монгол Улсын волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд хэдэн жил бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож байна?

-Анх 2014 онд Монголын шигшээ багийн тамирчнаар дуудагдаж байлаа. Улмаар 2015 онд зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэр ондоо шигшээ багийн гарааны тамирчин буюу төвийн хаагчаар тоглож байсан. Шигшээ багийн тухайд намайг орсноос хойш хоёр л удаа томоохон тэмцээнд оролцсон. Тэр нь хоёр удаагийн зүүн Азийн тэмцээн. Энэхүү тэмцээнүүдэд хүрэл медалийн төлөө тоглоод хожигдож, дөрөвдүгээр байрт орсон. Хэдий дөрөвдүгээр байрт орсон ч гэлээ чамлаад байх амжилт биш ээ.

-Манай улсын хувьд волейболын спортоор эрэгтэй гэхээс илүү эмэгтэйчүүд нь амжилт гаргадаг. Ер нь волейболын спортын онцлог юу вэ?

-Эмэгтэй волейболчдын хувьд чамгүй олон амжилт гаргасан. Ер нь манай эмэгтэйчүүд их мундаг л даа. Бусад спортын төрлүүдийг харахад ч гэсэн эмэгтэйчүүд түлхүү амжилт гаргаад байдаг. Волейболын спорт бусад спорттой харьцуулбал бөмбөгтэй удаан харьцаж чаддаггүй. Маш богинохон хугацаанд бөмбөгтэй харьцдаг шиг ээ хоромхон зуур сэтгэж, хурдан шийдвэр гаргаж тоглодгоороо онцлогтой. Тийм болохоор волейболын тамирчнаас маш өндөр техник, ур чадвар шаарддаг юм. Мөн өрсөлдөгч багийн гишүүдтэй биеийн хүчний тоглолт хийдэггүй ч сэтгэлзүйн тоглолтыг их хийдэг. Тэр ч утгаараа байнга оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлддөг.

-Мэдээж хэрэг багийн спорт. Харин манай улс багийн спортоор олон улсын тэмцээн уралдаанд төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Үүний учир юу вэ?

-Багийн спортын хамгийн сонгодог жишээ нь волейболын спорт. Багийн спортын тоглолтыг харъя л гэвэл волейболыг үзэх хэрэгтэй. Учир нь тэр том талбай дээр долоохон хүн бөмбөг унагаахгүйн төлөө нэг хүн шиг сэтгэж, бие биенээ мэдэрч тоглох шаардлагатай болдог. Багийн нэг л гишүүний тоглолт болохгүй, сул байвал өрсөлдөгч багийн хожих магадлал асар өндөр болдог. Тийм болохоор волейболын багийн гишүүд бүгд л жигд тоглох ёстой. Үүнийг л манайхан анхаарах учиртай санагдана. Бусад спортод, жишээлбэл сагсан бөмбөгт нэг тоглогч нь оноо аваад, багаа чирээд хожил авчихаж болдог. Хөлбөмбөг ч ялгаагүй. Харин волейболд бүх тамирчин жигд л тоглох учиртай.

Монголын волейболын шигшээ багийн гаргасан амжилт юу бол?

-Ахмад волейболчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан түүхтэй. Энэ бол бас л том амжилт. Хамгийн сүүлд гаргасан амжилт гэвэл өнгөрсөн тавдугаар сард болсон зүүн Азийн орнуудын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тусгай байр эзэлсэн явдал юм уу даа. Өмнө манай улсын багийн хувьд дэлхийд тэргүүлэгч багуудтай тоглохдоо хожино гэсэн ямар ч итгэлгүй өрсөлддөг байсан. Харин энэхүү тэмцээний үеэр Азийн тэргүүн баг япончуудтай тоглохдоо хожино гэсэн бүрэн итгэлтэй тоглосон л доо. Энэ бол бидний хувьд маш том амжилт юм. Өөрөөр хэлбэл волейболын спортоор дэлхийд тэргүүлэх багуудыг хожих боломжтой гэх итгэлийг олж авсан нь бидний хамгийн том амжилт юм. Тэр ч утгаараа ард түмэн маань биднээс амжилтыг хүлээдэг болсон. Өнгөрсөн тавдугаар сард болсон зүүн Азийн тэмцээнээр манай баг Макаогийн багийг хожиж, улмаар Солонгосын багтай таван үе маш ширүүн өрсөлдөж, хожигдсон. Сүүлд нь Солонгосын багийнхан “Монголын багийг амархан хожино гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй тоглолт гаргалаа. 2015 онд тоглож байсан баг биш болжээ. Монголын багийн ур чадвар сүүлийн хэдхэн жил үнэхээр дээшилсэн байна” хэмээн ярилцлага өгснийг нь сонсож билээ. Үнэхээр манай улсад волейболын спорт хөгжиж байгаа. Өндөр нуруутай, ур чадвартай шинэ үеийн залуус гарч ирсэн. Цаашид Монголын баг Азийн болон дэлхийн шилдэг багуудтай тэнцүүхэн өрсөлдөх болно.

-Багийн спортын тамирчин хүн ямар байвал багаараа амжилт гаргахад ойрхон хэмээн боддог вэ?

-Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд багийн спорт хурдацтай хөгжиж байгаа. Сагсаар “Гурвын эсрэг гурав”-ын тэмцээнд дэлхийн аварга болчихлоо. Удахгүй волейболоор Азийн аварга цаашлаад дэлхийд дээгүүр өрсөлдөх багтай болох бүрэн боломж бүрдчихсэн. Нэг баг гэхээсээ илүүтэйгээр нэг гэр бүл хэмээн сэтгэвэл багийн спорт илүү сайн хөгжих боломжтой юм. Багийн нэг хүн хөдөлгөөн хийхэд, нөгөө гишүүн нь тэрхүү хөдөлгөөнийг түрүүлээд харчихсан, нэгнийгээ мэдрээд хоёр дахь тоглолтыг урьдаас төлөвлөчихсөн мэт байх учиртай. Ийм л тоглолт гаргаж байж л волейболын спортод, багийн спортод амжилт гаргаж чадна. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчмаар тоглоно гэсэн үг л дээ.

-Азид, болоод дэлхийн хүчтэй багуудтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд хэрхэх ёстой юм бол?

-Волейбол бол тамирчдаас нуруулаг байхыг шаарддаг спорт. Дээхэн үед олон улсын хэмжээнд волейбол тоглох өндөр, нуруулаг тамирчид ховор байсан гэж ярьдаг. Харин өдгөө бидний үеийн залуучууд өндөр, нуруулаг болж байна. Тийм болохоор ирээдүйд энэ спортоор өндөр амжилт гаргах боломж төдий чинээгээр нэмэгдэж байгаа нь тодорхой. Манай волейболчдын хувьд талбайн захын тамирчид сайн тоглодог. Гэхдээ хамгийн чухал тоглогч нь голын хаагч. Миний хувьд энэхүү байрлалд тоглодог. Би одоо 192 см-ийн өндөртэй л дөө. Гэхдээ олон улсын тэмцээнд энэхүү байрлалд дор хаяж 197 см-ийн өндөртэй хүн тоглохгүй бол тэр баг хожих давуу талаа алддаг. Хичнээн ур чадвар, хурдан хөдөлгөөнтэй байлаа гээд нуруу намхан бол хожигддог. Учир нь 197 см-ээс дээш нуруулаг тамирчны бөмбөг давуулалтын цэгт хүрнэ гэдэг хэцүү. Үсрэлт сайтай, намхан тоглогч тэр цэгт хүрж чадах байсан ч цаг хугацааны хувьд хоцордог. Өөрөөр хэлбэл бөмбөг давж буй тэрхүү цэгт доороос хүрэх, яг тэр цэгээс нь хүрэх хоёр өөр шүү дээ. Үүнд л цаг алддаг хэрэг. Энэ спорт маань агшин зуур болдог гэж хэлсэн. Тийм болохоор тэрхүү цаг алдсан мөчид өрсөлдөгч баг довтолгоо хийж, оноо авах боломж үүсдэг. Ингээд голын хаагчийн тоглолт дээр алдаа гараад байвал яаж хожих билээ. Тийм учраас энэхүү байрлалд өндөр нуруулаг тоглогч байх нь хамгийн чухал юм. Манай улс энэхүү байрлалд тоглох өндөр тамирчинтай болчихвол ирээдүйд амжилт гаргах нь тодорхой.

-Таны цаашдын зорилго юу вэ. Ойрын үед ямар тэмцээн уралдаанд бэлтгэж байна?

-Хэдхэн хоногийн өмнө хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Тэнүүн-Огоо КАП” клубуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагчтай, А.Даваажаргал ахлагчтай манай баг аварга болсон. Ирэх 11 дүгээр сард Монголын волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. Энэхүү тэмцээнд бэлтгэж, амжилт гаргахын төлөө зорьж байна даа.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөлөө.

Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт амь насаа алдсанаас хойш 19 жил болж байна. Өнгөрсөн 19 жил Монголын ард түмэн, төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд С.Зориг агсны төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрөөр нь түүнийг хүндэтгэн дурссаар ирсэн юм.

Энэ жилийн хувьд аравдугаар сарын 02 нэгэн онцлогтой болж байгаа. Учир нь өнгөрсөн оны сүүлчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудыг олж тогтоон, шүүхээс ял оноосон. Гэвч энэхүү шийдвэрт ар гэрийнхэн нь болон олон нийт өнөөг хүртэл эргэлзсээр байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Ар Монгол буюу төв Монгол нь өмнөд, хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой

Related imageХойд Солонгосоос зугтаж ирсэн иргэдэд өмнөд Солонгосын төр шууд иргэншил олгож, орон байраар ханган, сар бүр цалингийн доод хэмжээтэй тэнцэхүйц тэтгэмж өгдөг. Мөн хүн тус бүрийг үндсэн мэргэжлийнх нь дагуу сургуульд хамруулж боловсрол эзэмшүүлнэ. Дүрэм журмын дагуу дараа нь жолооны курсэд сурган, улмаар машин авч өгдөг байна. Ингэж Солонгосын төр засаг хойд Солонгосоос дүрвэж ирсэн ижил хан үндэстэндээ хүндэтгэлтэй хандаж, эрх чөлөөг нь эдлүүлдэг. Ах дүү нар хамт ирвэл өөр өөр улсуудад байрлуулдаг юм билээ. Манайхаар бол гадаадын иргэн харьяат, цагаачлалын алба нь тэр бүгдийг нарийн нягт зохицуулна. Өмнөд солонгосууд ийнхүү найрсгаар хүлээж авахгүй буцаавал хойд солонгосын нөхөд эх орноосоо урвасан нэрээр цаазын ялтай. Хэрвээ Хятадын хил давж байгаад баригдвал хамаатан садан, үр удмаараа насан туршдаа хоригдох хатуу хуультай. Түүнийг нь мэдэх учир өмнөд солонгосууд хан үндэстнээ хүндэтгэн хүлээн авдаг.

Монгол Улс угсаа гарал ижил, элэг нэгт монгол үндэстнээ ингэж найрсгаар угтаж авдаг хуультай болмоор байна. Өнөөдөр дэлхий даяар монгол угсаа гаралтай 10 сая гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Өмнөд Монгол, буриад, халимаг, тува, Алтайн монгол, дээд монгол, цастын монгол, цагаан монгол гээд эл ахан дүүсээ бид яг л Солонгосын хан үндэстэн шиг найрсгаар хүлээн авч, эрх чөлөө, жаргалыг нь их гал голомтод нь эдлүүлмээр байна. Учир нь арван сая гаруй монгол үндэстэн ястнуудын халуун голомт нь Монгол Улс билээ. Нийслэл Улаанбаатар хот Монгол үндэстний их нийслэл хот юм. Монгол Улсын төр монгол үндэстэн угсаатны их төр нь байх ёстой. Тиймийн учир монгол үндэстэн ястан Монголын харьяат иргэн болохыг хүсвэл, мөн улс төрийн орогнол хүсвэл бид элгэн халуун сэтгэлээр шууд хүлээн авч, иргэншилд олгодог болъё. Тухайн улс орондоо гэмт хэрэг үйлдээд ирсэн ч хамаагүй иргэншил олгодог байх нь зөв.

Монгол хүн Монголынхоо төрд хандаж, өршөөл эрж байхад бид хүйтэн сэтгэлээр гэдийгээд байж болохгүй. Гэвч элэг нэгт ахан дүүсээ бид хүндэтгэн угтах нь байтугай эх орноосоо хөөн зайлуулахыг урьтал болгодог. Энэ тухай жишээ баримт олныг дурдаж болно. Өмнөд Монголын Зүүн сөнөд хошуунаас Монгол Улсад ирээд МУИС төгсч, монгол бүсгүйтэй ханилсан Норовцэдэнгийн Алхаа гэж залуу бий. Тэрээр Монголд 25 жил болж байна. 2014 онд түүнийг Монголоос хөөн гаргахыг завдсан. Ролмаажидийн Цэнгэл гэж залуу байна. Бас л 25 жил Монголд амьдарч байгаа. Гэтэл кино найруулагч Бадамрагчаатай хамтарч төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан кино хийх гэж байна гэх үндэслэлээр хоёр жил шоронд хорьсон. 30 хоног хуурай өлсгөлөн зарлаад шоронгоос гарч байсныг бид мэднэ. Дээрх хоёр залуугийн чин хүсэл бол эцэг дээдсийнхээ өлгий нутаг Монголд амьдарч, аж төрөх юм.

Гурван жилийн өмнө Л.Үнэнбаатар гэж 73 настай өвгөнийг газар зарж наймаа хийж байна гэх нэрийдлээр мөн л албадан гаргахыг оролдсон. “Монгол хүн монгол хүндээ тусалъя” төрийн бус байгууллагын гишүүд болох сэтгүүлч Ч.Мөнхбаяр, судлаач Г.Ням-Очир нар Үнэнбаатарыг гуравдугаар эмнэлгийн цонхоор оргуулж албадан гаргахаас хамгаалсан байдаг. Одоогийн Их хурлын гишүүн Б.Пүрэвдоржийг Гадаадын иргэн харьяатын дарга байх үед Монголоос хөөгдөн гарч, 3-10 жилийн хар тамга даруулсан өмнөд монгол ахан дүүсийн тоо оргилдоо хүрсэн гэх яриа бий. Энэ талаарх судалгааны ном ч байдаг.

“Ордосын Тулгуур, Далайбаатар, Түвшинзаяа нарыг Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар булаан авах оролдлого хийсэн гэх хэргээр хөөн гаргасан. Монголын төр гуравхан оюутанд эзлэгдчих тийм хэврэгхэн төр юм уу. Хуулийнхан, хүний санаанд оромгүй хэрэг бодож олдог. Солонгос, Хятад, Вьетнам, Орос, Америкийн Элчин сайдын яамдууд иргэдийнхээ төлөө маш хүчтэй ажилладаг. Хятадын элчин тоодоггүй учраас иргэн харьяатынхан зөвхөн өмнөд монголчуудад ир бяраа гаргадаг. Олон жил амьдарч байгаа бичиг баримтгүй, иргэн болох болзлоо хэд дахин давуулан биелүүлсэн хүмүүст иргэншил өгөхөд их хойрго, зөвхөн мөнгөөр шийддэг. Мөнгөгүй бол хэн ч биш. Эрээн, Хөх хот, Бээжингийн Элчингийнхэн үнэгүй олгох визийг 700-100 юанийн авлигаар гаргадаг сүлжээ компаниуд байгуулсан гэх мэдээлэл ч бий. Сар бүр Эрээнээс 1000 юанаар виз авч Монголд амьдрах өвөр монголчууд олон. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт сүүлийн хоёр жилд дөрвөн элэг нэгт эрхмүүдээ оруулсан нь итгэлцлийг нэмэгдүүлсэн. Соёлын зөөлөн хүч байлаа. Харин хууль хүчнийнхэн тагнуул, цагдаа, иргэн харьяатынхан улам хүйтрүүлснээр холдуулсаар байна” гэж судлаач Ням-Очир хэлж байна.

Мөн тэрээр“Удахгүй иргэн харьяатын чиглэлээр хийдэг судалгааны хурал болох ч буриад, тува, халимаг өвөр монголчуудад хэрхэн хандах тухай ямар ч судалгаа байдаггүй. Мөнхбаяр бид хоёр Монголоос хөөгдөн гарсан өвөр монголчууд хэрхэн гашуун зовлонг үүрч байгааг араас нь очиж сурвалжилсан. Тэр тухай ноцтой баримтууд байгаа. Төр засгаас илүү иргэд хоорондын харилцаа сайн байгаа. Дотоодод ч, гадаадад ч монголчууд ямар ч дэмжлэггүй улам бүр ганцаардаж, зожигорч, цөөрч, мөхөж байна.

Монголчууд бид олуулаа болох учиртай. Аль болохоор өвөр монголчуудаа ажиллах хүч болгон авч эзэнгүй газар нутаг бэлчээрээ ашиглах нь чухал. Ингэвэл сэргэн мандалт болно” гэсэн юм. Судлаачийн хэлж буй аргагүй үнэн. Монголчууд бид гадаадын ажиллах хүчин авах болбол дандаа монгол үндэстэн ястнуудаа авах ёстой. Ер нь бид сэтгэл зүйгээ өөрчлөх цаг иржээ. Алийн болгон хувиа борлуулж, довоо шарлуулсан феодализмын үеийн суртал ухуулгаар явах вэ. Үүнээс даруйхан салах хэрэгтэй байна. Яг жинхэнэдээ бид өмнөд монголчуудаа хятадаас илүү үзэн яддаг. Эцэг дээдсийн минь нутаг гээд Бурхан халдун дээр очиход нь манай дээрэнгүй “эх орончид” яаж элдэвлэж байлаа.

Тийм жишээ захаасаа аваад байна. Хэдэн жилийн нэрээ нууцлан хэвлэлд яриа өгсөн өмнөд монгол залуугийн үг анхаарал татдаг. “Өрнөдийн оронд сурч байхдаа би эх оронч үзэлтэй болж, монголчуудын тусгаар тогтнолын гал голомт Монголд очихсон гэж мөрөөдөх болсон. Тэгээд энд ирэхэд бусад гадаадын иргэдэд, хятадуудад мэхэлзэж, бөхөлзөж байх атлаа хуудас буруу бөглөв хэмээн паспорт, хамаг бичиг сачгийг минь шал руу чулуудсан. Надтай хамт ирсэн найз бид хоёрыг тагнуул, террорист илчилсэн аятай аашилж, удтал шалгаж байцаан, ухаж төнхөн шоконд оруулсан. Арай Хятадад тушаах гэж байгаа юм биш байгаа, энэ улс чинь. Өвөр Монголоос ялгаагүй болчихжээ гэж бодсон” хэмээн ярьсан байдаг.

Бид үнэндээ тэгж л ханддаг. Одоо ийм хандлага сэтгэхүйгээ өөрчилж, элэг нэгт монгол ахан дүүсээ хайрлах хэрэгтэй байна. Монгол хэлээр ярьдаг хүн хэд билээ. Тухайн нэгнээ монгол хэлээр ярьсных нь төлөө хайрладаг баймаар байна. Олуулаа болж, Монголын энэхүү дэлгэр уудам нутгийг монгол үндэстэн ястнаар дүүргэх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс дахин дэлхийн хүчирхэг гүрэн болно. Өнө мөнхөд оршин тогтнохуйн үндэс суурь нь болно. Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Монгол төрийн тэргүүн монгол үндэстэн ястнуудаа, элэг нэгт ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриалсан. “Түүхэндээ бид мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач” хэмээн Монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчууд, монгол үндэстэн, угсаатан хүн бүрт хандаж хэлсэн Монгол төрийн тэргүүний энэ үг олон хүнд итгэл хүч өгсөн нь мэдээж.

Гэвч давхар иргэншлийг зөвшөөрөх хуулийн хүрээнд баахан асуудал яригдсан. Тухайлбал, “Монголд оршин суух хүсэлтэй, төсөлд заасан шаардлагуудыг хангасан гадаадын иргэн харьяалалгүй хүнд байнга оршин суух үнэмлэх олгохдоо, “төрийн хэл бичгийн мэдлэгтэй монгол үндэс, угсаатан” хүнд олгоно гэж заажээ. Гэвч уг төсөлд монгол угсаат хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг нарийвчлан заалгүй орхигдуулсан байна” гээд л эрдэмтэд хүртэл төр засагтаа хандаж байсан санагдана. Ерөөс монгол хэлээр ярьдаг л байвал болоо юм биш үү. Өөр юу хүсэх юм. Манай хоёр хөрш бидэнтэй найрамдахдаа хамгийн түрүүнд “Ялтан солих гэрээ”-г байгуулдаг жамтай. Төрийн айлчлал, шинэ засгийн бодлогын эхэнд уг гэрээ зоолттой яригдана. Байгальмаа гэгч хар тамхи зөөсөн хүүхнийг авчрахын тулд Хятадтай ялтан шилжүүлэх гэрээ хийж байлаа. 2011 онд мөн л хар тамхичидаа авчрахаар гэрээ байгуулсан. 2014 онд Хятадын даргыг манай улсад айлчлах үед уг гэрээг дахин үзэглэсэн. Өмнө нь Сү.Батболдыг Ерөнхий сайд болоод Хятадад айлчлахад хамгийн түрүүнд энэ гэрээ яригдсан. Монголын төрийн удирдагчид тасарсан яс, үсэрсэн цус ахан дүүсээ харийн шоронд тушаагаад хариуд нь хэдэн хар тамхичдаа зөөж авчирдаг нь харамсмаар.

“Ялтан шилжүүлэх гэрээ” гээч яг үнэндээ их гүрний бодлогоор хийгдэж буй стратеги, геополитикийн асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Улс төрийн наад захын ийм бодлого ойлгодоггүй, мэдэрдэггүй мал шиг дарга нартай байж яавч болохгүй. Монгол үндэстнийг хооронд нь хагаралдуулж үзэн ядуулсан, эрлийз хурлийзаар нь дуудуулж өширхүүлсэн, энэ байдлыг зориуд өөгшүүлж дэвэргэдэг гадны хүчин бий. Тэгэхээр бид хэдий хүртэл нялх хүүхэд шиг гэнэн тэнэг байх гэсэн юм бэ. Хэдий болтол том гүрнүүдийн бодлогыг мэдээгүй мэт царайлж, толгойгоо элсэнд булсан хяруул мэт байх юм. Дэлхийн улс гүрнүүд ийм нарийн бодлого барьж байхад бид түүнээс нь давсан ухаан зааж, дэлхийн цараатай сэтгэхийг нийгэм шаардаж эхэллээ. Зургаан зуун мянгуулахнаа байх үеийнхээ харалган, хардах сэтгэлээ одоо хазаарлаж, амьдралын атгахан сэтггэхүйгээ уужуухан тавьж, тавирч сурах цаг нь болжээ.

Хүн амаа биологиор нь өсгөхийн зэрэгцээ механикаар нь өсгөх хэрэгцээ тулгараад байна. Хэрвээ монгол үндэстэн олуулаа болоод ирвэл хөгжил дэвшлийн бааз сууриас аваад улстөрчдийн увайгүй үйлдэл хүртэл засарна. Ганц нэгхэн нөхөр хуйвалдаад хийдэг улс төр байхгүй болно гэсэн үг. Үндсэндээ Монголын хүн ам дөрвөн сая, таван сая болбол дэлхий нийтийн жишгээр явахаас өөр аргагүй. Одоо тэгэхээр бид угсаа гарал нэгнээ эх орноосоо нохой шиг хөөж туух биш гал голомтод нь авчирч, бусад улсын жишгээр иргэншил олгон, амьдрах, сурч боловсрох бололцоо нөхцөлийг нь нээж, эзэн нь гэдгийг мэдрүүлэн эрх чөлөөг нь олгоё. Дэлхийн хаана л монгол угсаатан хавчигдаж, гадуурхагдаж зовлон зүдгүүрийг амсч байна. Тэр бүгдийг эх оронд нь авчирч жаргалыг нь эдлүүлж, Монголын уудам тал нутагт хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөсөн тийм он жилүүдийг бий болгоё. Хэцүү зүйл огтоос байхгүй. Ерөөсөө монгол хүн монгол хүндээ хайртай байхад л болоо. Монголын төр монгол үндэстний төр гэдгээ ухамсарлахад л гүйцээ. Ар Монгол буюу төв Монгол маань өмнөд, хойд монголчуудынхаа диваажин нь байх ёстой гэж хэлээд буй минь ийм учиртай. Ер нь тэгээд уул тал, хангай говь хосолсон монгол нутаг гэдэг диваажингийн орон билээ.

Categories
мэдээ нийгэм

“Энэ засгийн өнгөн дээр “Эрдэнэт” бидэндээ жаахан юм хялайлгах нь уу, үгүй юу?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тэргүүн нүүрнээс уламжлалт ёсоор “Танайд өнжье” булангаа хүргэж байна. Энэ удаад Германы Элчин сайд Ш.Дуппелийнд өжсөн тэмдэглэлийг хүргэж байна. Эрхэм уншигч та хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгууллалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэвшүүлэх асуудлаар хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд ямар байр суурьтай байсныг хүлээн авч уншаарай.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт сэтгүүлч Я.Мөнгөнцэцэгийн “Энэ засгийн өнгөн дээр “Эрдэнэт” бидэндээ жаахан юм хялайлгах нь уу, үгүй юу?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс Төрийн цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтын асуудлаарх “Төрийн цагдаа руу салаавч гаргаж нохой шиг доромжилсон Ц.Баярцогт гэж хэн бэ” хэмээх гарчигтай тодруулга сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Арванхоёрдугаар нүүрнээс “Мөрөөдлийн театр”-ын захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Сөрөлт, Отгоо, Ганбаа нар “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болсон” хэмээн онцлон хэлжээ.

Арвандолдугаар нүүрнээс Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Тухайн бөх бүтэн жилийнхээ болзлоо биелүүлээгүй тохиолдолд улсын баяр наадамд барилдахгүй” хэмээн онцлон хэлжээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​ Ахмадын баярын өдөр “Гурван охин” хамтлагийнхны зураг моодонд оров

“Би ахмадын баярыг тэмдэглэх гэж байдаг. Харин “Гурван охин” хамтлагийн гишүүд “охин” хэвээрээ байгаад гайхаж байна мэдээлэл ахмадын баярын өдрийн бас нэгэн содон мэдээлэл байлаа. Уг мэдээлэл гарсан даруйд “Гурван охин” хамтлагийнхны содон гоё зургууд моодонд орж, цахим ертөнцөд олон хүн өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлж байв. Энэ хамтлагийнхан нэрээ сольсон нь дээрээ. “Гурван бүсгүй гээд нэрлэчихэд хүмүүс гайхахгүй” гэх нэгэн байсан бол зарим нь “Охин шиг гоё сайхнаараа байж чадаж байхад яахым та нар. Харин үеийнх нь эрчүүд өвөө харагдаад байгаа нь хачин” гэх сэтгэгдлүүд хөвөрч байна.

Ингээд 2013 он буюу дөрвөн жилийн өмнө тус хамтлагийн ахлагч Соло-той “Өдрийн сонин”-ын сэтгүүлч С.Алтанцэцэг ярилцсаныг хүргэе.


Соло: “Гурван охин” нэрээ солихгүйгээр шийдсэн

“Гурван охин” хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонготой ярилцлаа.

-Танай хамтлагаар сонин сайхан юутай байна вэ. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхэлье.

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай хамтлагийн хувьд өнгөрсөн жил амласан ёсоор “Жинхэнэ хайр” тоглолтын DVD, “Хот диско” цомгоо Солонгост хэвлүүлээд ирлээ. Өөрсдийнхөө хийж бүтээсэн зүйлээ гардаж авч байгаадаа баяртай байгаа. Мөн хамтлагийнхаа дөрөв дэх бие даасан цомгийн ажилд орчихсон явж байна. Ерөнхийдөө бүх дуунуудын маань хөгжим бэлэн болчихсон. Хоолойныхоо бичлэгийн ажилд орчихсон явна.

-Шинэ цомог хэзээнээс эхлэн худалдаанд гарах вэ?

-Тун удахгүй. Хэдхэн хоногийн дараа гэж төлөвлөсөн байгаа. Мэдээж хэрэг албан ёсны хэвлэлийн бага хурал хийж цомгийнхоо нээлтийг хийх болно. Мөн iPhone гар утсанд манай хамтлагийн шинэ апликэйшн нээгдсэн. Үүнийхээ нээлтийг хамтад нь хийх юм.

-Танайх ардын дууны цомог гаргах гэж байгаа гэсэн байх аа?

-Одоо худалдаанд гарах цомог маань яг орчин үеийн дуунуудтай. Сүүлийн үед залуус ямар урсгалын дуу сонсож байна, тийм цомог гаргаж байгаа. Продюсерээр төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байна.

Д.Болд ах маань ч гэсэн бидэнд хэлж байгаа. “Та нар одоо өмнөх шигээ анхны хайр, чи минь, ханхүү минь гэж дуулахгүй. Шал өөр түвшинд дуулж, байр сууриа илэрхийлэх ёстой” гэж зөвлөсөн. Ер нь 80 гаруй хувь нь Д.Болдын уран бүтээл. Харин ардын дууны цомгийн тухайд ажилдаа орчихсон явж байгаа. Одоогоор бичлэгийн ажлаа хойшлуулчихсан байна. Ямар ч байсан дан ардын дуунаас бүрдсэн цомгоо удахгүй өргөн барих болно.

-Цомог гарчихлаа. Дараа нь тоглолтоо хийх үү?

-Тоглолт хийх хугацаа болчихсон. Тоглох өдрөө товлож байгаа. Ямар ч байсан ойрын хугацаанд тоглоно. Хаана, хэзээ тоглох вэ гэдгээ тогтсон шийд гарсны дараа хэлье.

-Хамтлагаараа үе, үе гадагшааяваад байгаа сурагтай байсан?

-Хоолойн бичлэгийнхээ хажуугаар гадаад руу хэд хэдэн удаа яваад ирсэн. Хамгийн сүүлд Улаан-Үд рүү явлаа. Тэнд олон улсын мисс шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болон зохиогддог юм байна. Уг тэмцээнд Монголынхоо загвар өмсөгчдийн хамт яваад ирлээ. Манай загварынхан тун амжилттай оролцсон.

-Сүүлийн нэг жил ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаараад байгаа юм шиг ээ?

-Хамтлаг гэдэг хамтаараа уран бүтээл хийхийн нэр. Гэхдээ ганцаарчилсан уран бүтээл хийж болохгүй гэх зүйлгүй. Би дуучин Д.Болдтой хамтраад “Хагацаж чадах уу” дууг дуулсан. Тухайн үед Д.Болд ах надад “Энэ дуун дээр яг л чиний хоолой тохирно. Хамтарч дуулъя” гэсэн. Ингээд дуугаа дуулсан. Ану маань “Гэр” олон ангит киноны дууг дуулсан. Харин одоогоор тус тусдаа дуулах төлөвлөгөө байхгүй байна. Цаашдаа хөгжмийн зохиолчид, дуучид тиймэрхүү санал тавибал болохгүй гэх юмгүй.

-Хамтлагаараа кинонд тоглох гэж байгаа гэсэн. Ямар кино юм бэ?

-Нэлээн дээр ингэж ярьж байсан юм байна. Нэг хэсэг хамтлагаараа манай кинонд тоглооч гэсэн санал маш их ирж байсан. Тэр үедээ кино зохиол нь таалагдахгүй ч юмуу, бидэнд тохирохгүй санагдаад татгалзаж байлаа. Анхмаа маань харин хэд хэдэн кинонд тоглочихлоо. Түүнээс биш хамтлагаараа кинонд тоглоод, зураг авалтад гараагүй байгаа.

-Хамтлагууд ойн тоглолт хийдэг болчихсон. Танайхан юу болж байна вэ?

-Олны жишгийг харж байхад 10,15, 20 жилийн ой гэж хийж байна шүү дээ. Хийсэн бүтээсэн юмтай ах эгч нар шигээ тоглолт хийнэ гэж боддог. Яг одоогоор цаг хугацаа нь болоогүй байгаа.

-Анх байгуулагдаж байсан үеэ ярихгүй юу. Хэдэн он билээ?

-Дуулж эхэлснээсээ хойш ярих юм бол арван хэдхэн настай байхаасаа л эхэлсэн. Тэр үед “Ирээдүйн одод” тэмцээн болдог байлаа. Бидний өмнөх жил Эмоушн хамтлаг гран при авч байсан юм. Дараа жил нь манай ангийн таван охин “Мүүн” гэдэг нэртэй хамтлаг байгуулаад оролцож байлаа. Уралдаанд түрүүлснийхээ дараа хоёр гишүүн хамтлагаасаа гарч гурвуулаа үлдсэн. Харин удалгүй нэг гишүүн гарч, оронд нь Анхмаа орж ирсэн юм. Яг “Гурван охин” хамтлаг албан ёсоор байгуулагдсан нь 2006 он.

-Тухайн үед хамтдаа амьдарч байв уу?

-Тэгсэн. Сургуульд байхаасаа л бид дуулахгүй бол амьдарч чадахгүй нь, болохоо байлаа гэсэн юм ярьдаг байлаа. Бүр уйлна гээч. Тэгээд эхний гурван жил хамт амьдарсан. Хамтлаг болоход яадаг билээ гээд судлаад үзтэл “Камертон”, “Номин Талст”-ынхан хамт амьдарч байлаа. Тэгээд хамт амьдарч эхэлсэн.

-Байр хөлсөлдөг байв уу?

-Тэгэлгүй яахав. Нэг өрөө байр хөлслөөд амьдардаг байлаа. Тэр хавийн айлуудаас гомдол зөндөө ирнэ. Шуугиад байна, чимээ ихтэй байна гэсэн гомдол тасардаггүй байж. “Бид нар ямар шөнө шуугиад байгаа юмуу, өдрийн цагаар бэлтгэлээ хийж байхад” гэхээр нялх хүүхэдтэй гэнэ. Сүүлдээ тэр хавийнхаа айлуудтай танил болоод сайхан болсон доо.

-Анхны уран бүтээл ямар дуу байсан бэ?

-Чам руу тэмүүлнэ гэж дуу байлаа. Дууныхаа үгийг өөрсдөө зохиосон. Сууж байгаад өөрсдийнхөө дуулах бадгийг зохиогоод л. Аяыг нь “Сүнс”-ийн Лхагвасүрэн хийж байсан. Энэ дуугаа “Жинхэнэ хайр” тоглолтынхоо үеэр дуулсан байгаа. Харин анхны клип гэвэл “Цаснаас түрүүлж үнсээч” дууных.

-Өнгөрсөн жил Анхмаа гэр бүлийн амьдралаа зохиож хүүхэдтэй болсон. Түүнтэй холбогдуулаад уран бүтээлд ямар нэгэн асуудал гарав уу?

-Харин ёстой тийм юм байгаагүй. Бид хоёр маш баяртайгаар хүлээж авсан. Бараг шахуу нэг гэр бүл болчихсон уран бүтээлчид болохоор өөрсдөө ээж болсон юм шиг л баяртай байгаа.

-Ану, та хоёр хэзээ гэр бүл зохиох гэж байна вэ?

-Одоогоор ямар ч байсан төлөвлөсөн зүйл алга. Болох ёстой цагтаа л болох байх.

-Анхмааг төрсний дараа “Гурван охин” нэрээ солих байх гэж яригдаж байсан. Нэрээ солих уу?

-Одоо ч гэсэн яригдаад байгаа юм биш үү. Нэр солих асуудлаар ярилцсан л даа. “Гурван охин” нэрээ солихгүй байхаар шийдсэн. “Spice girls”, “Backstreet boys” гэхчлэн хамтлагууд нэрээ солихгүй байгаад л байгаа шүү дээ.

-Өнгөрсөн өвөл таныг Солонгост очиж гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж байсан. Яг ямар өөрчлөлт хийлгээд ирсэн юм бэ?

-Би урлагийн хүн. Дээрээс нь хориннэгдүгээр зуунд амьдарч байгаа хүн. Тэр утгаараа эмэгтэй хүн бүр гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрөөд хийлгэж байгаа. Байх ёстой зүйл гэдгийг мэддэг болсон. Харин нүүрэндээ алтан утас суулгасан гэдэг худлаа. Одоохондоо би залуу байна. Арьс минь залуугаараа байгаа. Гоо сайхны мэс заслын хувьд дөрөв, таван жилийн өмнө тодорхой хэмжээний өөрчлөлт хийлгэсэн. Түүнээс хойш биедээ ямар нэгэн мэс хүргээгүй.

-“Universe best songs” наадамд ажиглагчаар ажиллаж байгаа тухайгаа ярихгүй юу?

-Урьд нь зүгээр л зурагтаар үзээд өнгөрдөг байсан бол одоо өөрөө шүүгч, ажиглагчаар ажиллаж байна. Оролцож байгаа хүүхдүүд ямар авьяастай юм бэ гэдгийг харж байгаа. Жил бүр 800 гаруй оролцогч хүч чадлаа сорьж байна. Нэг юм ойлгосон нь бид сайн, чанартай уран бүтээл хийхгүй бол болохгүй нь. Тэр хүүхдүүдэд үлгэр дууриал үзүүлэх, жишээ авдаг түлхүүр нь байх ёстой юм байна гэж бодож байгаа. Өнөө жил түрүүлсэн охиныг анхнаас нь дэмжиж байлаа.

-Бусад уран бүтээлчидтэй харьцуулахад танайхан нэлээн хөдөлмөрч харагддаг?

-Бидний зорилго байна л даа. Сайн, чанартай уран бүтээл гаргая гэж. Энэ занг багаасаа өвлөж авсан, Бүгдээрээ Хөгжим, бүжгийн дунд сургууль төгссөн болохоор залхуурахгүй, хөдөлмөрлөж сурсан. Мөн түүнчлэн 2008 оноос хойш дуучин Д.Болдтой хамтарч ажиллэж байгаа. Тэр хүний хөдөлмөрч зангаас суралцаж, ажиллаж байгаа арга барилаас нь жишээ авч явна. Үнэхээр Төрийн соёрхолт гэж дуудагдах хэмжээний авьяастай, хөдөлмөрч хүн.

-Урлагийн хүмүүсийг, тэр дундаа эмэгтэйчүүдийг ямар нэгэн золиос гаргадаг гэдэг. Таны хувьд?

-Мэдээж тийм зүйл байна. Гэр бүлийн асуудал дээр ч гэсэн. Хувийн амьдралын тал дээр урлагаас болоод гэр бүл зохиохгүй байгаа юм байхгүй. Цаг нь болохоор гэр бүлтэй болох болно. Байх ёстой жамаараа л болох болов уу.

-Хамтлагтай болсноос хойш хэзээ хамгийн их баярлаж байсан бэ?

-“Жинхэнэ хайр” тоглолтынхоо үеэр бараг шоконд орсон шүү. Фэнүүд маань биднийг төсөөлж байснаас хэд дахин илүү хүлээж авсан. Тэгэхэд үнэхээр их баярлаж байлаа. Удаан оршин тогтнож байгаа хамтлагуудтай харьцуулаад ярихад тийм олон жил болоогүй байгаа ч гэлээ гурван биедээ маш их дасаж, нэг хүн шиг болчихдог юм билээ.

-Зун болчихлоо. Хаана, яаж амрахаар төлөвлөсөн бэ?

-Бид гурвын хувьд энэ зун тун завгүй өнгөрнө. Тэгэхээр бараг л амарч чадахгүй болов уу. Цомгийн ажлаа дуусгана. Тоглолтын бэлтгэл ажил байна. Энд тэндхийн тоглолтын захиалга их ирж байгаа. Хийж байгаа ажлынхаа явцыг харж байгаад чөлөө гарвал тоглолтод орох л байх. Гэхдээ мэдээж хэрэг ажиллаж байгаа учраас өөрсдөдөө тодорхой хэмжээний амралт өгдөг. Өнгөрсөн жил хотын ойрхон гурав хоног салхинд гарч амарсан. Энэ зун харин заваа харж байгаад Хөвсгөл далайд очиж амраад ирэх бодол байна. Олон хоног чадахгүй ч гурав, дөрөв хоноод ирэх юмсан гэж бодож байгаа.

Categories
мэдээ нийгэм

Энд тэндгүй ахмадын баярын будаалга

Image result for Ахмадын баярӨнөөдөр олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна. Анх 1992 онд НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар зарласан. Тэгэхээр өнөө жил ахмадын баярыг албан ёсоор 25 дахь жилээ тэмдэглэж буй юм. Эл өдөр залуучууд аав, ээж, азай бурлуудынхаа замнал түүхээр бахархаж, сургаал үгийг нь сонсонх учиртай сайхан өдөр.

Манайхан ахмадын баярыг тэмдэглэх гэдэг ойлголтыг нэг иймэрхүү байдлаар хүлээн авдаг болсон хэрэг. Ганц нэг бэлэг, торго, сүү өгнө. Мөн ахмадуудаа хүлээн авч, “Та бүхэндээ баярлаж явдаг шүү” хэмээнэ. Яахав жилдээ нэг удаа ч болов ахмадуудтайгаа уулзаад, баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үнэхээр л ахмадуудаа баярлуулъя гэж байгаа бол үүнээс илүү ихийг хийх ёстой гэдэг нь мэдээжийн асуудал биз ээ. Өөрөөр хэлбэл, нэг удаадаа баярлуулаад өнгөрөх бус ахмадуудынхаа нийгмийн асуудалд анхаарч цаашдын амьдралд нь хэрэг болох ажлыг хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор өнөөдөр ахмадын баяр болохоор аль нэг сайд дарга нь ахмадуудаа хүлээж аваад л “шоу” хийдэг болчихоод байх шиг. Их сайндаа л одон медаль энгэрт нь зүүж өгөөд л ахмадын баярыг тэмдэглэж байна.

Аль нэг ахмадын баярын хүлээн авалтад Монголын барилгын салбарт насаараа барилгачин хийчихсэн ахмад барилгачин, ахмад багш, ахмад биеийн тамирын зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессорууд сууж байдаг. Эдгээр хүмүүсийн замнал, түүх, туршлагаас нь олон нийтэд, залуучуудад хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг ашиглан хүргэж байх нь хамгийн чухал гэдгийг хэн хүнгүй л мэдэх учиртай. Гэвч эрхэм төрийн түшээд эл өдрийг далимдуулж, ахмадыгаа хүндэтгэсэн нэрийн дор өөрөө л хэвлэл мэдээллэд ярилцлага өгч, “хувийн тоглолт” хийсээр дуусгадаг болжээ. Ахмадуудынхаа түүх, дурсамжаас нь сонсгохгүй эл өдрийг хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны шоу болон өнгөрч байгаа нь үнэхээр харамсалтай.

Ахмадуудыгаа будаатай хуургаар хуурч, өөрийнхөө шоу болгодог бичигдээгүй хууль манайд бий боллоо. Төрийн түшээд, удирдлагууд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр жигтэйхэн ахмадуудыгаа хүлээн авч хүндэтгэл илэрхийлчихсэн юм шиг ахмадуудынхаа алдар гавьяагаар бахарж байна гээд яриад байдаг. Яг үнэндээ наанаа ахмадын баяраар азай буурлуудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийлээд буй төрийн түшээ цаанаа энгийн ахмадын өдий хүртэл амьдралын төлөө, улс эх орныхоо төлөө зүтгэж ирсэн гавьяа, замнал түүхийг мэдэхгүй л шүү дээ.

Уг нь ахмадын баярын өдрөөр хэн нэгэн өөрийгөө шоудах бус эгэл жирийн ахмадуудынхаа замнал түүх, алдар гавьяаг хөөрөлдөн ярьж суумаар санагдана.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлэв

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хороо, Алтан Дорнод Монгол ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва 8 даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар СХ, ТЭЦ-4 ТӨХК, Гачуурт ХХК, Увснуур дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар СХ, Ажнай групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын аварга Ч.Санжаадамба, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар СХ, Мон-Уран ХХК, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын начин Э.Даш нар шалгарав.

Categories
мэдээ спорт

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдгүүд тодорлоо

Өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ногоон талбайд 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлын шигшээ тоглолтууд болж шилдгүүдээ тодруулж, хаалтаа хийлээ. МХБХ, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү лигт “Эрчим”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар, “Хоромхон”, “Унаганууд” гэсэн Монголын хамгийн шилдэг 10 клуб бүтэн таван сарын турш эн тэнцүү сонирхолтой тоглолтоор хөгжөөн дэмжигчдээ догдлуулсан. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргаар үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим” клуб дахин шалгарч, шилдгийн шилдэг гэдгээ баталлаа. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим” баг 40 сая, дэд байр “Улаанбаатар сити” 30 сая , гутгаар байр “Атлетик 220” 20 сая төгрөгийн шагналаа медалийн хамт гардав. Хүрхрээ нэгдүгээр лиг”-т түрүүлсэн Арвис, дэд байранд орсон Жипро багууд ирэх жил “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дэвших эрхээ гардаж авсан байна.

Шилдэг хагас хамгаалагчаар “Эрчим” клубийн М.Төгөлдөр, “Мэргэн бууч”-аар “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 17 гоолтойгоор тодров. Шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ, шилдэг туслах шүүгчийн шагналын эзнээр Э.Галбадрах тодорлоо.

Categories
мэдээ улс-төр

Төрийн цагдааг доромжилсон Ц.Баярцогтыг Ж.Эрдэнэбат, Л.Элдэв-Очир нартай холбоотой гэв

Төрийн цагдаагийн өмнөөс салаавч өгч, элдэв үгээр доромжлон “Чи хэн юм” хэмээн олны өмнө дайрч буй Ц.Баярцогтын бичлэг цахим сүлжээнд шуугиан тарьж байна. Түүний тухай янз бүрийн мэдээллүүд гарч байна. Сэтгүүлч Б.Отгон “Салаавчиндаа биш ээ, цаана нь байгаа хэрэг бүр ноцтой” гэж бичсэн. Энэхүү бичлэгийг хүргэж байна.

Салаавчиндаа бишээ!!! Цаана нь байгаа хэрэг бүр ноцтой

Цэцгээгийн Баярцогт гэж хэн бэ!

1. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн сэжигтэн

Тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын Хуст нарийн амны алтыг хууль бусаар олборлосон. Хуст нарийний ойг тэр чигт нь бульдозероор түрээд голын гольдролоор нь ухаж алт олборлосныг харвал зүрх шимширмээр болгосон. Хууль бус алт олборлож байхад нь цагдаагийнхан зогсоогоод хэрэг үүсгээд техникийг нь лацдаж битүүмжлээд л явдаг ч лацыг нь таслаад үргэлжлүүлэн ухсаар дуусгасан. Бүр гурван удаа зогсоосон ч тус болоогүй. Хорьсон ч ганцхан хонуулаад шүүх гаргачихдаг. Прокурор тэр чигтээ түүнд үйлчилдэг. Нутгийн иргэдийн нэхэмжлэлээр энэ хэргийн шүүх хурал 2017,10,04-д Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг шүүх хурлаар хууль бус олборлолтоос гадна тэр хэрэг дотор 162 сая төгрөгийн залилангийн үйлдэл мөн хөндөгднө.

2. Залилангийн гэмт хэргийн сэжигтэн

Иргэн Батбаяр гэдэг хүн Ц.Баярцогтын уурхайд хөрөнгө оруулалт болгож 162 сая төгрөг оруулсан ч залилуулсан. Хохирогч Батбаяр түүнд залилуулснаасаа болоод гэрээслэл бичин амиа хорлохоор гарын судсаа ханаад үхлүүт байхад нь гэрт нь хүн орж аварсан байдаг. Тэрээр гэрээслэлдээ” Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор Сандагсүрэн, Нямдорж нар миний үхэлд буруутай” гэж бичсэн байдаг. Үүнээс прокурор айгаад хэргийг сэргээж Сэлэнгийн шүүхэд шилжүүлэхдээ хохирогч Батбаярыг мөн адил хууль бус олборлолтод оролцсон гээд нийт 6 хүнд яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн байдаг.

3. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нартай холбоотой

Ц.Баярцогтын удаа дараагиийн хэргийг шалгахаар Мөрдөн байцаагч дуудахад ирдэггүй. Ц.Баярцогтын албан ёсны хаяг дээр нь яваад очихоор хууль зүйн сайд асан Х. Тэмүжин амьдарч байсныг цагдаагийнхан ярьдаг.
Ц. Баярцогт нь УИХ-ын гишүүн / Эм- Си-Эс-ийн/ Л.Элдэв-Очирын охин Аззаятай сууж байсан ч 2 хүүхэдтэй болоод салсан. Түүнээс хойш 2 ч удаа амьдрал зохиосон гэдэг. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болох үед хүүгээ гадаадад сургахын тулд Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн талаар баримт цацагдаж байсныг санаж байгаа биз дээ1!!!!
Ц.Баярцогт нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайдын хуурай дүү. Сая салаавч гаргахдаа унаж явсан машин нь Ж.Эрдэнэбатын машин. /Сонгуулийн сурталчилгаанд нь явсан хүн баталж байгаа шүү!!!!/
Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн засаг дарга байх үед 2013 онд мөн Сэлэнгэ аймагт Хууль бус олборлолт явуулж байгаад Ц. Баярцогттой хоёулаа УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байсан. Цагдаагаас хэргийг АТГ шилжүүлсэн боловч тэр хэргийг Нийслэлийн прокурорын газраас бас л хэрэгсэхгүй болгосон билээ.

4. Хүн зодож танхайрах бол нэг биш удаа

Ц.Баярцогт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хүн зодож танхайрсан түдгэлзээтэй хэрэг байсан нь ноднин хэрэгсэхгүй болгосон. Түүний хэрэг яагаад хэрэгсэхгүй болдог вэ? гэвэл том ар талтай. Төрсөн ээж Чимгээ нь прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн. Уг нь ээжээрээ овоглож яваад сүүлд АНУ явах гэж ээжийнхээ эгч Цэцгээгээр овоглосон гэх ч мэдээлэл бий.Түүний төрсөн ах Баярбат нь бас хууль бус олборлолт явуулдаг.

5 Тэрээр удаа дараалан нэрээ сольж төрийн баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй.
Чимгээгийн Баярцогт -Цэцэгээгийн Баярцогт болсон. Дараа нь төрд ажилд орохын тулд Баяртогтох ч гэнэ үү! болгосон гээд бас нэг мэдээлэл явсан. Тэрийг нь бол баталж чадахгүй. Энэ бол аймаар хүн. Хэлэх ч үг алга гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс дөрвөн хоног хил хаана

Өнөөдрөөс дөрвөн хоног хил хаана“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны өнөөдрөөс дөрвөн хоног амарна. Тодруулбал, энэ сарын 1,2,3,4-ний өдрүүдэд хятадууд Намрын баяраа тэмдэглэх тул авто замын боомтууд ажиллахгүй юм байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.