Categories
мэдээ нийгэм

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 335,6 сая ам.долларын төсөл хэрэгжжээ

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагааг чухалчилж хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Хамтын ажиллагааны бодлого, чиглэл” зөвлөлдөх уулзалтыг салбарын яамнаас Корпорэйт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан юм. Зөвлөлдөх уулзалтаар хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох, уялдааг сайжруулах талаар мэргэжилтнүүд санал солилцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53.9 хувь ажиллаж буй бөгөөд тус салбарын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 31.2 хувийг бүрдүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн салбарт 1991-2017 оны хугацаанд түншлэгч орон, олон улсын байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 136.4 сая ам. долларын 10 төсөл, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр 46.8 сая ам.долларын 2 төсөл, үйлдвэрлэл, худалдааны салбарт 152.4 сая ам.долларын 13 төслийг хэрэгжүүлжээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ, “Улс орны нийгэм, эдийн засгийн тодорхой хүндрэлтэй цаг хугацааг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэг чухал. Гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн. Гэвч зарим тохиолдолд гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд зузаан тайлан, цаас болон салхинд хийсэж буйг тодотгох нь зүйтэй байх. Тиймээс цаашид салбарын хөгжилд бодитой үр дүн өгөх, үйлдвэрлэлийг дэмжих, сайн технологи, туршлагыг түгээн дэлгэрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана” хэмээв.

Зөвлөлдөх уулзалтад ОХУ, Франц, Герман, Канад, Чех улсын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, ЖАЙКА, КОЙКА, ТИКА байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Мерси кор, АДРА, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

​Охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”-хийг уриаллаа

“Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн” ТББ, “Лантуун Дохио” ТББ-аас охидыг хүчирхийллээс хамгаалах “Нүдээ нээ” хөдөлгөөний талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд энэ жил охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”-хийг уриалж байна. Ийнхүү үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ.

ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ БОДИТОЙ, ҮР ҮНТЭЙ АЛХАМ ХИЙЦГЭЭЕ ГЭВ

Энэ үеэр “Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн”-ийг санаачлагч Б.Баярсайхан ярихдаа “Уг хөдөлгөөнийг санаачилснаас хойш найм дахь жилдээ охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”-хийг уриалж байна. Бид охидыг хүчирхийллээс хамгаалах, тэднийг хайрлах, халамжлах, хамгаалж өгөөч ээ гэж аавууд болон эрчүүдэд, нийгмийг уриалах зорилготой байгаа юм. Ингээд хэрэгжүүлье гээд “Лантуун дохио” ТББ-тай хамтраад үндэсний хөдөлгөөнийг санаачилж эхлүүлээд буй. Он гараад 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. НҮБ-аас өгсөн мэдээллээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа. Үүний 50 хүртэлх хувь нь 16-гаас доош насны хүүхдүүд байдаг гэнэ. Гэтэл дэлхийн хэмжээнд гарч байгаа хүчирхийллийн тоог манай улсынхтай харьцуулахад маш өндөрт тооцогдохоор болжээ. Иймээс энэ нь маш их санаа зовоосон асуудал болоод байна. Тухайлбал, манай улсад сүүлийн нэг сарын байдлаар охидын хүчирхийллийн талаарх мэдээлэл маш аюултай түвшинд байгаа. Тиймээс бид өнөөдөр яасан ч зүгээр сууж болохгүй. Нийгмээрээ, нийтээрээ, төрийн болон төрийн бус байгууллага, төр засаг, хувь хүн болон бүх ээж, аав нар зүтгэх хэрэгтэй боллоо. Хүчирхийллээс хамгаалах хөдөлгөөнд нэгдэж бодитой, үр дүнтэй алхам хийцгээе” гэв.

Шог зураач С.Цогтбаяр хэлэхдээ “Өнөөдөр олон сэтгүүлчид ирсэнд баяртай байна. Хүмүүс “Нүдээ нээ” гэдгийг юу гэж байгаа юм бол оо гэх байх. Нүд гэдэг нь мах, цусанд заяагдсан нүдийг хэлж буй. Нээж чадахгүй сэтгэлийн нүд, билгийн нүд, хайрын нүд, энэрлийн нүд гэж байдаг юм. Дорно дахины ухаан, буддын ухаанд билгийн нүдийг бурхдын духан дээр төлөөлүүлж үзүүлдэг. Сэтгэлийн болон дотоод амар амгалангийн нүд, бясалгалын, хайрын нүд гэж байдаг. Ийм нүдээр төлөөлүүлж, далд байгаа “Нүдээ нээ” гэж хэлмээр байна.

Бид энгийн зүйлийг харж байгаа юм шиг хэрнээ аньсан юм шиг амьдарч байна. Болохгүй, бүтэхгүй шударга үнэний эсрэг ч юм уу эдгээр зүйлийн хажуугаар нүдээ аньсан юм шиг, хараагүй юм шиг яваад байна шүү дээ. Иймээс энэ нүдээ нээх хэрэгтэй. Ийм утга учиртай лого, уриа юм шүү” гэж байлаа.

Ч.ГАНЖАВХЛАН: АЛЬ НЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙГ СЕНСАЦИЙН ХЭМЖЭЭНД ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГГҮЙ

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Аливаа зүйлд хэмжээ хязгаар, тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Өнөөдөр манай улсын хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийн аюултай хэмжээнд ирсэн байна. Өнөөдөр маш олон аав ээж, хөршүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг сонсож байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын дарга “Нэг нас зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн” талаар мэдээлсэн. Үүний дараа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга “Дөрвөн настай хүүхэд жил зургаан сарын хугацаанд хүчирхийлэлд өртсөн байна” гэдгийг хэлсэн. Үүнийг анзаарвал нийгэмд юу болоод байна вэ. 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг бол долоон анги дүүрэн охидыг хүчиндсэн байна гэсэн үг. Хүчирхийллийн асуудлыг олон жил ярилаа. Тодруулбал, таван настай хүүхдийг заазуурдаж, хоёр настай охиныг хазсан гэх зэргээр хүчирхийллийг ярьдаг. Өнгөрсөн жил аймшигтай зүйл хэд хэдэн удаа болсон. Энэ жил мөн л адил. Одоо бүр ихэсч, гамшгийн хэмжээнд очих нь. Хүчирхийллийн хэрэг ар араасаа гарсаар л. Ингэхээр бид тэмцлийн өөр хэлбэрт орох шаардлагатай боллоо. Үүнийг аль нэг төрийн бус байгууллага дүрэлзсэн гал шиг асаад унтардаг долоон хоногийн сенсацийн хэмжээнд шийдвэрлэх хэрэггүй. Хүн болгон өдөр бүр өөрийнхөө буй газарт хүчирхийллийн эсрэг тэмцэж, “Нүдээ нээх” хэрэгтэй. Ингэхийг бүх баримт аймшигт сэртхийлгэм явдлууд хэлээд өгчихлөө.

Хоёр долоо хоногийн өмнө таван настай охин хүчиндүүлсэн хэрэг гарсан. Үүнийг ярьж байхад маш олон хүмүүс шуугиж, зургаа дахь өдрөөс нь хойш бүгд чимээгүй болж, үйл явдлыг мартаж эхэлсэн. Мөн 13-хан настай охиныг зочид буудалд амь насыг нь хөнөөчихсөн. Хамгийн сүүлд гурван настай охиныг төрсөн эцэг нь удаа дараа хүчиндсэн хэрэг гарлаа. Энэ чинь одоо манай улсад юу болоод байна вэ. Үндэсний аюулгүй байдалд халдаж, хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Үүний эсрэг бид маш тууштай, бодит үр дүнг шаардсан тэмцлүүдийг аль хэдийнэ нүдээ нээгээд хийгээд эхлүүлсэн юм. Дэлхийн 11 оронд байгаа монголчууд зохион байгуулалттайгаар энэ аянд нэгдсэн. Мөн Төв, Орхон аймгаас нэгдсэн байгаа. Ингэхээр маш олон хүн нүдээ нээгээд эхэлчихсэн. Дор дороо нүдээ нээж, тууштай тэмцэх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ 13 НАСТАЙ ОХИНЫГ ГУРВАН ХҮН ГУРВАН ЗОЧИД БУУДАЛ РУУ ДАМЖУУЛАН ХҮЧИНДЖЭЭ

Мөн тэрбээр хүүхдэд хамгийн ээлгүй газар зочид буудлууд болсон. Иймээс хамгийн түрүүнд зочид буудлуудыг цэгцлэх шаардлагатай. Үүнийг бид “Алуурын амбаар” гэж нэрлээд байна. Бид гурван хоногийн өмнө шөнийн цагаар тандалт судалгааг зочид буудлуудаар явж хийсэн байгаа. Ингэхэд манай улсад үйл ажиллагаа явуулж буй зарим зочид буудлуудад бага насны хүүхдэд холбогдох ямар нэг заасан дүрэм журам, заалт огт алга. Мөн бага насны хүүхдийн бүртгэл харгалзагчийн асуудлыг хөндсөн. Ямар ч үг үсэг байхгүй юм. Ийм аймшигтай хэмжээнд буй. Нэг ёсондоо насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уриалан дуудаж, биеэ үнэлэгчид, гулгаа массаж зэрэг газрууд охидын аминд хүрч байна ш дээ. Ингэхээр зочид буудлуудыг цэгцлэх цаг нь яах аргагүй болсон гэж бодож байна. Өнөөдөр холбогдох хууль журманд өөрчлөлт оруулах төслийн хүрээнд баг ажиллаж байгаа. Үүнийг дэмжиж, биелүүлэх хүмүүсийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 2160 хүн гарын үсэг зурж нэгдсэн. Уг асуудалд бид бодитой өөрчлөлт хийнэ. Эхлээд журмаа өөрчилсний дараа цагдаа, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд нийлж зочид буудлын асуудал дээр тогтсон хяналт тавина. Хоёр жилийн өмнө 13 настай охиныг гурван зочид буудалд нэг шөнийн дотор дамжуулж гурван өөр хүн хүчиндсэн хэрэг гарсан. Тухайн үед Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс өмгөөлөгч, баг гарч ажилласан. Яагаад гурван зочид буудалд охидыг, насанд хүрээгүй хүүхдийг оруулж байгаа юм бэ. Энэ бол маш их харуусал төрүүлмээр хэрэг.

Саяхан амиа алдсан 13 настай охиноос “Очир төв” зочид буудлыг хариуцсан мэргэжилтэн нь “Чи насанд хүрээгүй байна. Чиний харгалзагч хаана байна” гэдгийг асуусан бол талийгаач амьд байх боломжтой. Ингээд зөвхөн 13 настай охины хэргээр хязгаарлагдаж байгаа юм биш. Маш олон охин хүчирхийлэлд өртөж буйг нууж, хаацайлдаг юм билээ. Хүн худалдаалах гэмт хэрэг, садар самууныг сурталчилсан хэрэг бүгд энд тэндхийн нийтийн байр, хаяггүй зочид буудлуудад үйлдэгддэг. Түргэн хугацаанд шийдэх хэрэгтэй. Гадаадын орнуудад зочид буудал руу хүүхэд ороход паспортыг нь канондаж авна. Ингээд харгалзагчийн асуудлыг ярьж, шаардах ёстой дүрэм журмын дагуу үйлчилдэг юм. Үүнийг жишиг болгох хэрэгтэй. Бид шат дараалан зөв алхам, шийдвэрийг гаргах болно. Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын системд янз бүрийн өөрчлөлт орж байна. Ингэхдээ эрүүл мэндийн хичээлийн холбогдолтой чухал асуудлыг авчих юм. Ирээдүйд ямар эцэг эх болох вэ гэдэг нь суурь боловсролтой холбоотой. Энэ тал дээр хуульчдын баг ажиллаж байгаа. Маш олон нууц гэмт хэргүүд зочид буудалд үйлдэгддэг. Шүүх эмнэлэг ч гэсэн 0-16 настай хүүхдээс төлбөр авахгүй гэдэг яриа гаргасан боловч эсрэгээрээ ажилладаг. Хүн бүр хүчирхийллийн эсрэг мэдээлэлтэй болох хэрэгтэй гэдгийг хэлэв. Хүн бүр хүчирхийлэл үйлдэгдэх магадлалтай газар, үйлдэгдэж буй орчноос шууд холбогдох газарт нь мэдээлж, хамтарч ажиллах хэрэгтэй. Аавууд, эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж, сайтар ярилцаж, зөвлөлдөж, зөв хүн болон төлөвшихөд нь туслах хэрэгтэйг санууллаа.

О.БОЛДСАЙХАН: ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭЭЖ НАРЫНХАА ТӨЛӨӨ, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨЛӨӨ ТЭМЦЭХЭД ЭРЧҮҮД БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ

“Үндэсний Өгөх өдөр” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Аавуудын төлөөлөл О.Болдсайхан хэлэхдээ “Нэг нас зургаан сартай охин хүчирхийлэлд өртчихлөө. Сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Гурав, дөрөв, тав, зургаа, 13 настай хүүхдүүд ч гэсэн. Ингэхээр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлтэй байх ёстой. Харанхуй байгаа гудамжнуудыг, харанхуйд үйлдэгдэж буй бузар булай зүйлийг бид гэрлээрээ илчилж, үйлдэх нөхцөлгүй болгох шаардлагатай. Гар чийдэн тусгаж байгаа юм шиг сонор сэрэмжтэй байж хүүхдүүдээ хамгаалъя. Сүүлийн үед хүмүүс дахиад л нөгөө сэртхийлгэм, түгшүүртэй хэцүү мэдээ, мэдээлэл гарч байна уу. Би үүнээс холдъё, өөрийгөө чөлөөлье гэж байна. Энэ бол буруу. Харин ч эр зориг гаргаж, шамдан орж, таслан зогсоохын тулд иргэн бүр алхам хийх хэрэгтэй. Хүчирхийлэлтэй холбоотой мэдээ нэвтрүүлэг, нийтлэлийг дуустал нь уншиж, сэтгэлээ эмзэглүүл. Ингэж байж тэмцэнэ. Хүмүүс, ард иргэд амиа бодон унтаа байх хэрэггүй шүү дээ. Дээд, доод айлд нь зодоон нүдээн болж байхад дуугүй, чимээгүй өнгөрдөг. Хүн зодуулаад зовж байхад хажуугаар тойроод л өнгөрдөг. Ингэж болохгүй ээ. Амиа бодсон, хувиа хичээсэн занг хаях хэрэгтэй. Маш олон байгууллага нэгдэж, үүний эсрэг ажиллаж, тэмцэл хийж байгаад баяртай байна. Асуудалд холбогдоод буй хүн бол эрчүүд. Гол үйлдэгч нь хүүхдийн төрсөн аав, эцэг нь байна гээд бод доо. Аймшигтай. Эх орон дуудахад эрчүүд бэлэн гэж ярьдаг. Бид газар шорооныхоо төлөө дайн дайжин болоход очиход бэлэн. Эмэгтэйчүүд, ээж нарынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэхэд бэлэн байх ёстой. Яг одоо энэ баримтуудыг харахад нүдээ хаа сайгүй нээж, оролцох хэрэгтэй” хэмээж байв.

Сүүлийн үед хөвгүүд ч бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гэнэ. Эдгээр төрийн бус байгууллага хоёр долоо хоногийн өмнө таван настай хүүхэд хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн хэргийн асуудлаар 15 хоногийн турш шуурхай хуралджээ. Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг өдөр бүр хөндөж, бүх талаас нь ярьж байгаа аж. Цаашид жагсаал, цуглааныг тууштай зохион байгуулна. Хүүхэд хамгааллын байгууллага, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт сул байдаг гэдгийг ч онцлов. Нэг хэсэг төр засгаас хүүхэд рүү чиглэсэн ээлтэй, зөв нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байснаа буцаад буруу зам руу ухраад байгааг хэллээ.

Хүчирхийллийн өндөр зэрэглэлтэй газруудад 45 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай хүүхэд хамгааллын байрыг барьж, холбогдох багтай хамтран ажиллаж байгаа. Хуулийн хэрэгжилт, шаардах арга хэмжээ бүр орхигдчихсон байна. Нэг талын баганаа босгочихоод нөгөө талын баганаа босгох хэрэгтэйг анхаарууллаа. Цаасан дээр баталсан хуулийг хараад л хүчирхийлэл багасна гэвэл эндүүрэл. Эрх нь зөрчигдсөн охид хүчирхийллийн хохирогчид болж байгаа хэрэг хэдэн мянгаараа гардаг гэв. Нуун далдалсан ноцтой гэмт хэргүүд маш их байна. Төрийн байгууллагууд үүнд хүрч ажилладаггүй гэдгийг ч мэдээллээ.

ГУРВАН НАСТАЙ ОХИН ЭЭЖДЭЭ “ААВ НАМАЙГ ӨВТГӨӨД БАЙНА” ГЭЖ ХЭЛДЭГБАЙЖЭЭ

Гурван настай охиныг төрсөн эцэг нь хүчиндсэн хэрэг энэ сарын 22-нд гарсан. Дуудлага Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн аж. Ингээд гурван настай охинд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал, хүчирхийлэл үйлдэгч төрсөн эцэг нь охиноо ганц удаа ч биш олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн байж болзошгүй нь тогтоогдоод байгаа гэнэ. Энэ талаар охин ээждээ “Аав намайг өвтгөөд байна” гэж хэлдэг байж. Ээж нь охиныхоо үгэнд биш нөхрийнхөө үгэнд итгэсээр өдийг хүрсэн тухайгаа мэдүүлжээ. Хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага уг этгээдийг цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг этгээд 30 орчим настай. Охиноо хүчирхийлээд зогсохгүй эхнэрээ ч байнга хүчирхийлдэг. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд байж болзошгүйг цагдаагийн байгууллага баримтжуулан шалгаж байгаа гэв. Иймээс иргэдийг хүчирхийллийн хэргийн талаар холбогдох байгууллагад хурдан шуурхай мэдээлэхийг санууллаа.


Categories
мэдээ нийгэм

“ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт боллоо

Монгол Улс дэлхийн уураг тархи болох оюуны байгууллага ЮНЕСКО-д нэгдсэнээс хойш 55 жилийг үджээ.

Дэлхийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын царааг тодорхойлдог ЮНЕСКО Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсныг “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлтийн үеэр эрдэмтэн судлаачид онцолж байна.

Энх тайван, аюулгүй байдлыг тогтооход хувь нэмрээ оруулж буй тус байгууллагатай Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр -ийн дүрэмд гарын үсэг зурснаар 108 дахь гишүүн нь болсон түүхтэй. Ийнхүү 55 жилийн түүхийг бичилцэхдээ мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж ирсэн түүхийг гэрчлэх дуртатгал, тэмдэглэлийг “ЮНЕСКО ба Монгол Улс” номонд нэгтгэжээ. Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болсон дээрх номын нээлтийн үеэр “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан байв.

Эл үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургуудыг тайлбартай тавьжээ.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга ярихдаа, “Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн гишүүнээр 195 улс элсээд байна. Монгол Улс 108 дахь гишүүн нь бөгөөд тус байгууллагатай хамтран ажиллаад хагас зууныг үдлээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн төсөл хөтөлбөрт хамрагдан мэдлэгээ тэлж, хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, туршлага солилцох боломж улам нэмэгдсээр байна. ЮНЕСКО-гийн 30 конвенц байдгаас 10 конвенцэд Монгол Улс нэгдээд байна. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг. Тухайлбал Соёлын биет бус өвийн конвенцийн хүрээнд 13 өвийг соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн. Эдгээрийн зургаан өвийг яаралтай хамгаалах шаардлагатай өвд бүртгүүлсэн. Бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, уран бичлэг, тууль, цуур, ботго авхуулах зан үйл юм. Үүнээс гадна Монгол Улс тайван орон гээд зүгээр суусангүй. Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн конвенцийн хугацаат тайланг зохих ёсоор дөрвөн жилд нэг удаа явуулж байна. Мөн усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцэд нэгдэн орох шаардлага байгаа эсэхийг судалж байгаа. Далайд гарцгүй, бидэнд хамаагүй хэмээн сууж боломгүй. Түүнчлэн өв бүртгүүлнэ гэдэг бол нүсэр ажил шаарддаг. Нэг улсаас хоёр жилд нэг өв бүртгүүлэхээр нэр дэвшүүлдэг. Улмаар өв бүртгүүлснээр ажил дуусахгүй. Бүртгүүлсэн өвөө хадгалж хамгаалах, сурталчлах, олон нийтийн мэдлэгийг тэлэх, менежментийн төлөвлөгөө боловсруулах, өв тээгчдийг бэлтгэх гээд их ажил ундардаг” гэлээ.

Энэ онд манай улс Дагуурын ландшафтыг Дэлхийн өвийн жагсаалтад ОХУ -тай хамтран байгалийн өвөөр бүртгүүлж нийт таван өвийг дэлхийд таниулжээ. Мөн 2017 онд Уул овоо тахих Монгол зан үйлээ ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн бөгөөд ирэх 12 дугаар сард Солонгосын Чежү хотод болох конвенцийн соёлын биет бус өвийн засгийн газар хоорондын хорооны 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх аж. Харин 2019 онд Хөхүүрийн айраг эсгэх уламжлалт арга өвийг бүртгүүлэхээр нэр дэвшүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн иргэний зөв 10 дадал” аянд Багахангай дүүргийн залуучууд нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас их хотын соёлыг залуучуудад таниулах зорилгоор эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” аяныг 2017 оны аравдугаар сараас эхлүүлэн өрнүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр “Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг Багахангай дүүргийн Соёлын төвд “Эрдэнэ 5 баг” төрийн бус байгууллагатай хамтран 60 гаруй залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэхүү аяны урианд нэгдсэн Багахангай дүүргийн залуучууд зөв дадлуудыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм.

Зөв 10 дадалд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг, Ёс заншлаа дээдэлж, зөвөөр хэрэгжүүлдэг, Санаачилгатай, оролцоотой, Эрүүл амьдралын хэвшилд суралцаж хэрэгжүүлдэг, Бусдын төлөө сэтгэл гаргадаг, Ногоон орчин бүтээдэг, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан, Цаг баримталдаг иргэн байх зорилтуудыг тусгаад байна.

Аяны хүрээнд зохион байгуулагдах цуврал сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны иргэд, оюутан залуусыг өргөн хүрээтэй хамруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Алтанцаг: Нэг цаг билльярд тоглоход гурван километр гүйсэнтэй тэнцэнэ

Тэртээ жараад оны эхээр улс төрийн товчооны дарга, сайд нартай, урлаг, соёлын авьяастнуудтай хамт билльярд тоглож явсан, ахмад билльярдчин 16 удаагийн аварга Түмэнбуянгийн Алтанцагтай ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-1943 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. Улмаар 1951 онд бага сургуульд орж, Зүүн хараагийн дунд сургуулийг 1961 онд төгссөн хүн. Ингээд Улаанбаатарт ирж Эдийн засгийн дээд сургуульд дөрвөн жил суралцан Худалдааны эдийн засагч мэргэжилтэй болж төгссөн. Тэр цагаас хойш нийслэл хотод жар гаруй жил аж төрж байна даа.

-Та билльярдыг хэзээнээс тоглож сурсан бэ. Таныг хөгжмийн нэрт мастерууд болох Л.Мөрдорж, Г.Дарамзагд нар болоод тухайн үеийн сайд, дарга нартай билльярд тоглож байсан гэдэг…

-1961 оноос буюу Улаанбаатарт оюутан болж ирээд л билльярдыг тоглож сурсан даа. Тэр үед Улаанбаатарт билльярдын 10 гаруйхан ширээ л байсан. Тэрхүү ширээнүүд нь зөвхөн Оросын пирамид хэмээх бүдүүн том шааригтай билльярд л байдаг байв. Улаанбаатар хотын Хөдөлмөр нийгэмлэг, Хоршоолол нийгэмлэг, Офицеруудын ордон, Их тэнгэр, Нүхт, Импорт нэгдэл, Төмөр замын соёлын ордон, Барилгачдын соёлын ордон зэрэг газруудад билльярдын газар байлаа. За энэ газруудад тухайн үеийн сэхээтнүүд, урлаг, соёлын нэрт мастерууд чинь чөлөөт цагаараа билльярд цохьдог байсан даа. Би ч оюутан залуу хажуугаас нь хараад, хаяа босож тоглочихоод л суудаг байв. Ингэж анх билльярдыг тоглож байхад спорт гэдгээрээ хөгжөөгүй, хүмүүс зүгээр чөлөөт цагаараа, зугаацах гэж л тоглодог байсан юм. Тухайн үед билльярдыг эрдэмтэн, зохиолчид, нам, улс төрийн дарга нар, цэргийн дарга нар л тоглодог байв. Тухайлбал, хар малгайт Жамбал, монхор Базарсад, бүлтгэр Чимэддорж, Багшийн дээдийн багш Бариашир нар, хөгжмийн зохиолчдоос Билэгийн Дамдинсүрэн, Гончигдамбын Дарамзагд, Лувсанжамбын Мөрдорж зэрэг нэрт мастерууд тоглодог байлаа. Ардын жүжигчин Гонгорын Хайдав гуайтай билльярд тоглож байхад тэрээр “Анх билльярд гэдгийг чинь би Цэдэнбал даргатай тоглож сурсан юм” хэмээн бахархан ярьж байсан. Зохиолчдоос Дэндэвийн Пүрэвдорж, З.Баттулга нарын бичгийн хүмүүс тоглож байсан юм. Ер нь билльярд монголд анх дэлгэрч байхад сэхээтнүүдийн л тоглоом байлаа шүү дээ. Би улсад 40 гаруй жил ажилласан хүн. 2003 онд тэтгэвэрт гарснаас хойш л билльярдыг идэвхтэй тоглодог болсон. Тэр үед нөгөө Оросын ширээнүүд цөөрч, снукер билльярд дэлгэрч байсан юм. Өдгөө билльярдыг тасралтгүй 20 гаруй жил тоглож байна даа.

-Билльярдыг сэхээтнүүд тоглодог байсан гэлээ. Тухайн үеийн улс, нийгэм, урлаг, соёлын томчууд ихэвчлэн хаана тоглодог байв?

-Ер нь томчуудын тоглодог газар нь Их тэнгэр, сайд нарын гэгдэх Нүхтийн амралт байлаа. Миний хувьд тэр үеийн томчуудаас нэрт хуульч С.Жалан-Аажав гуайтай тоглож байсан. Тухайн үед залуучуудаас билльярд тоглодог хүн ховор. Нэг сэлгээнд нь би гарч ийн тоглож байлаа. Оросод элчин сайдын албыг хашиж байсан, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайд бэлэглэсэн ширээ хэмээх нээх их хээ, угалзтай тансаг зэрэглэлийн ширээ Их тэнгэрт байдаг байв. Тэр ширээн дээр л их тоглодог.

-Таныг ихэвчлэн Төмөр замын эмнэлгийн зүүн талд байрлах “Наранбилэг” снукер билльярдын “NB” клубт ирж тоглодог гэж сонссон. Энэ газар томчууд их ирж тоглох уу?

-Улаанбаатарт томчууд цуглардаг хоёрхон л газар бий. Нэг нь Замын цагдаагийн ард байрлах снукер билльярдын клуб, нөгөөх нь энэ “NB” клуб юм. Энэ хоёр клуб дээр л монголын хамгийн сайн билльярдчид цуглардаг даа. Ерээд оны ихээр билльярдын газрын доторх тохижилт, орчин их бохир байлаа. Архи, тамхины үнэр, тоос шороо ихтэй, их л заваан, бүдүүлэг байсан. Харин өнөө үед тэдгээр газрууд их цэвэрхэн, орчин нь тохилог, тоглож буй хүмүүс нь соёлтой болжээ. Манай гэр Бэлхэд байдаг. Тэр холоос “NB” снукер клубыг зориод ирнэ гэдэг үнэхээр тоглох сонирхолтой байгаа биз. Улсын хэд, хэдэн удаагийн аварга билльярдчин Дашбазар, хөдөлмөрийн баатар Чимиддорж нарын миний үеийн ахмад тоглогч нар энэ клубт байнга ирж тоглодог л доо.

-Тухайн үед билльярд тоглоход хэдэн төгрөг төлдөг байсан бол. Та бүхэн хоорондоо янз бүрийн мөрий тавьж тоглодог байв уу?

-Элдэв янзын мөнгөний мөрийтэй бол тоглодоггүй байлаа. Харин томчууд ганц, хоёр шил хатуухан юманд үзнэ. Тухайн үед билльярд тоглоход цаг нь зургаан төгрөг байсан юм. Билльярд тоглох газар цөөхөн учир оочер авч, тоглодог байв. Тэр үед хувийн цохиур модтой хүн гэж байхгүй, бүгд л билльярдны газрын модоор цохино. Одооных шиг шохой, дэр хийдэг мод ч байхгүй. Шохойгүй болохоор цохиурынхаа үзүүрийг модон таазанд хэд сайн үрчихээд л тоглодог байсан.

-Монголд хэдийгээс билльярдын спорт орж ирсэн юм бол?

-Өнөө жил Монголд билльярдын спорт үүсэж хөгжсөний 90 жил тохиож байгаа юм билээ. Тэгээд бодохоор анх 1927 онд л Монголд билльярдыг тоглож байжээ. 1950-иад оны үед намайг бага ангийн сурагч байхад Баруунхараагийн дотуур байранд нэг метр хиртээ бага гарын жижиг билльярдын ширээ байсан юм. Шаариг нь гэж цул төмөр. Сургуулийн багш нар тэр ширээг хааяа гадаа гаргаад тавьчихна. Тэгэхээр нь сурагчид нөгөөх дээр чинь тоос манартал тоглоно шүү дээ. Шаариг нь цул төмөр байсан болохоор цохиж буй модны үзүүр тэсэхгүй ээ. Бүр сүүлдээ сумны хонгиог модныхоо үзүүрт углаж байгаад төмөр шааригаа цохино. Тас, тас дуугараад л өнхөрдөг. Хааяа хөл, гар дээрээ унагааж, уйлах нь уйлаад л явдаг байсан юм. Тухайн үеийн хүүхдүүдэд их л содон, сонин тоглоом байсан даа.

-Та өдгөө нас сүүдэр ная руу дөхсөн хүн атлаа их ануухан, хөнгөн шингэн байна. Энэ магадгүй билльярд тоглож байсантай холбоотой болов уу?

-Аливаа спорт хүнд муу, сөрөг нөлөө үзүүлдэггүй ээ. Шатар тархи сэргээдэг, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглохоор их сайхан хөлс гарч, бие хөнгөрдөгтэй адил билльярд тоглох нь оюуны болоод биеийн өндөр үр дүнтэй дасгал болж чаддаг. Нэг цаг билльярд тоглоход ширээгээ тойрч алхсаар дор хаяж гурван километр газар гүйчихсэнтэй тэнцдэг. Ингээд өдрийн хагас тогловол хэдэн арван километр алхчихсан байдаг. Тийм болохоор билльярд тоглох нь эрүүл мэндэд, болоод сэтгэл зүйг тайвшруулж, стресс тайлахад асар ач холбогдолтой спорт. Мөн хүний ой санамжийг их сайжруулж өгдөг. Би хэрэв билльярд тоглодоггүй байсан сан бол өдийд ийм хөнгөн шингэн, ухаан саруул, эрч хүчтэй байхгүй, гэрээсээ гардаггүй, сүүтэй цайгаа уугаад сууж байдаг өвгөн л болох байсан. Тийм болохоор хүүхэд, залуучууд болоод ахмадуудыгаа билльярд тоглож, энэхүү спортоор идэвхтэй хичээллэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ

Image result for шөнийн тарифАгаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг маргаашаас эхлэн 50-100 хувь хөнгөлнө. Гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолыг баримталж хэрэгжүүлэх юм. Уг журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хороололд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн төвшинтэй хэрэглэгч 700 кВт/цаг, 380 В-ын хүчдэлийн төвшинтэй хэрэглэгч 1500 кВт/цаг байх ажээ. Энэхүү хөнгөлөлтийг 11-р сарын 1-нээс эхлүүлж 2018 оны 3-р сарын 31-нийг дуустал мөрдөх аж. Энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд өмнө нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн барагдуулсан байх шаардлагатай юм байна.


Categories
мэдээ нийгэм

Сөүлийн гудамжинд бүтээсэн гурван хөшөө нийт 27.4 сая төгрөгөөр босгожээ

Сөүлийн гудамжинд байршуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг 900 сая төгрөгөөр босгосон тухай мэдээлэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБХЗАА)-наас албан ёсоор тайлбар өглөө.

УБХЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр,“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг. Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг хэсэг. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийт 27.4 сая төгрөг болсон” гэлээ.

Уран барималч Н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих санал гаргасан. Энэ дагуу Монголын Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэхүү хөшөөг босгосон” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

“Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хуралд оролцогчдыг арван хоёрдугаар сарын нэгэн хүртэл бүртгэнэ

Related image

Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хурал ирэх 12 дугаар сарын 8-нд болно.

Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь монгол залуусын өмнө тулгамдаж буй асуудалд гарц олох, онол практикийн мэдлэгээ хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээгээр хандах, залуучууд судлалыг хөгжүүлэх юм. Оролцогчид:
1. Эрүүл мэнд – Сошиал ертөнц дэх сэтгэцийн эмгэгийн илэрц
2. Боловсрол – Хэрэглээгүй боловсрол
3. Хүний эрх – Эрх бол хөгжихүйн үндэс
4. Хөдөлмөр эрхлэлт – Ажил олгогчид юу хүсдэг вэ
5. Жендерийн мэдрэмжтэй залуу
6. Залуучуудын нийгмийн оролцоо сэдвээр илтгэл бэлдэх бөгөөд илтгэлийг 12 дугаар сарын нэгний өдөр хүртэл МЗХ-ны 207а өрөөнд хүлээж авна.

Илтгэл нь судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт сайтай, бодитой дүгнэлттэй байхын зэрэгцээ шинэлэг санааг дэвшүүлсэн байх юм. Нэгдүгээр шатны буюу бичгийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 5-нд болох бол хоёрдугаар шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-нд явагдана. Энэ үеэр шилдгийн шилдэг эхний гурван байрыг шалгаруулах бөгөөд тусгай байранд гурван илтгэл шалгаруулах аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар МАН-ын бүлэг таван хоногийн завсарлага авлаа

Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон болохыг гишүүдэд танилцуулав. Ингэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Хаянхярваа төсөв тойрсон асуудалтай холбогдуулж бүлэг дээр дахин нягтлах шаардлагатай. Тав хоногийн завсарлага авч байна гэлээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөө.

Ерөнхийлөгчийн зүгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь эрх ашгийн зөрчил үүсгэж байна хэмээн үзэж, хориг тавьсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд 100 хувийн саналаар хүлээн авах боломжгүй гэх шийдвэрт хүрсэн байсан ч өнөөдрийн хуралдаанаар хоёр тусдаа хуралдсан төдийгүй, бүлэг нь тав хоногийн завсарлага авсан нь Ч.Хүрэлбаатарыг сайдаар нь үлдээх сонирхлоосоо буцав уу гэх эргэлзээг дагуулж эхлээд байна

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс-Тавантолгой” Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 100 сая ам.долларыг төлжээ

Image result for “Эрдэнэс-Таван толгой” ХК Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ.

Тус компани 200 сая ам.долларын зээлийг Засгийн газрын 2012 оны шийдвэрээр “Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор авчээ.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлагууд, “Манай компани цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй боллоо. Ийнхүү Хөгжлийн банкинд үүссэн өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бүрдэж байна” хэмээн онцлов.