Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “Монгол Улсын нийт ард иргэд, хүүхэд залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!

Эрдэм номдоо шамдан суралцах Есдүгээр сарын нэгний баярт өдрийн мэндчилгээ дэвшүүлье! Хичээлийн цүнхээ мөрөвчлөн эрдэм номын замдаа гарч, төрөлх сургуулийнхаа гадаа шуугилдах хүүхэд залуусын баяр хөөрөөр улс орон маань бялхаж байна. Мянга мянган балчир нялх иргэд маань аав ээжийнхээ гараас хөтлөн цэцэрлэг яслийнхаа зүг яаран алхаж байна. Улс орны маань ирээдүй болсон эдгээр хүүхэд залуучуудын бүтэн жилийн турш юуг сурч, юуг мэдэж авч, бүтээж туурвихаас Монгол Улсын хөгжлийг хойчид түүчээлэх эрдэм мэдлэгийн хуримтлал, оюун боловсрол, улсын маань гадаад дахь нэр хүнд ихээхэн хамаарна.

Монгол Улсын төр, Засгийн газраас багшийн хөдөлмөрийг үнэлэхэд дорвитой өөрчлөлт хийх нь зайлшгүйн зэрэгцээ сурагчид нь сурлагын чанарын үзүүлэлтээрээ тэргүүлдэг багш нарыг ажилласан жил харгалзахгүй урамшуулан тэтгэх замаар цалин хөлс, илүү цагийн мөнгөн олговрыг тогтоох нь чухал байна.

“Эрдэм суръя гэвэл сэтгэлээ тогтоо” гэсэн мэргэн үг бий. Хорин нэгдүгээр зууны хөгжил дэвшлээс суралцан, орчин үеийн мэдээ мэдээллийн цөмд эргэлдэж байгаа хүүхэд залуус маань хөгжлийн сөрөг талуудаас өөрсдийгөө авч үлдэхийн тулд аливаад авах гээхийн ухаанаар ханддаг байх ёстой. Анги танхим, хичээлийн ширээний ард интернет, гар утсыг нэн хэрэгтэй үед ашиглаж, хэт хэрэглээгээ хязгаарлах тухайд эцэг эхчүүд, ард иргэд сүүлийн жилүүдэд онцгой санал шүүмжлэл өрнүүлдэг болсон байна.

Хүүхэд залуус та бүхэн Хичээлийн шинэ жилийн эхнээс эх хэлээрээ зөв ярьдаг, гараараа цэвэр сайхан бичдэг, дөрвөн аргын тоог цээжээрээ боддог, санаагаараа уран яруу найруулдаг, бяр, хурдаараа шударга өрсөлддөг, сэтгэлийнхээ өнгөөр зурж буддаг энгийн дадалд суралцахыг эрхэмлэн хичээгээрэй. Энэхүү дадал бол шавь хүний сэтгэлийг тогтоон төвшрүүлэх хөрс болж, тогтсон ухамсар, сэтгэлд эрдмийн үр суулгаж чадваас хожмоо арвин ургац хураадгийг эрхэм мэргэн багш нар маань анхааралдаа авна гэж итгэж байна.

Монгол Улсын Төрийн тэргүүний бүрэн эрх үүргийн дагуу, жил бүрийн Есдүгээр сарын 1–нийг Эх хэлний өдөр болгон зарлаж бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргалаа. Төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж зөв бичиж сурч хэвшүүлцгээе. Эх хэлээ хайрладаг хүн эх орноо хайрладаг иргэн мөн.

Эх хэлний өдрийн хүрээнд есдүгээр сарын 1-ний өдрийн нэгдүгээр цагийн хичээлийг Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд МОНГОЛ ХЭЛ, МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ болгон өөрчилж нэмэлтээр оруулахыг БСШУС-ын яамтай тохиролцсоны дагуу Хичээлийн шинэ жил эхэлж байна. Их дээд сургуулиудын хичээлийн нэгдүгээр цагийг монгол түүхийн хичээл болгож оруулахаар тогтлоо.

Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн, олон улсын боловсролын харилцан адилгүй стандартын сургалт явуулдаг бүхий л сургууль, сургалтын орчинд монгол иргэнийг монгол хэл сэтгэлгээтэй, өв тэгш бие бялдартай , цэвэр ариун ёс суртахуунтай, эх соёл, эх орондоо хайртай, эрдэм мэдлэг төгс иргэн болгож бэлтгэн гаргах хариуцлагатай цаг мөч тохиож байна.

Хүндэт багш нар, сурган хүмүүжүүлэгчид ээ!

Оюутан сурагчид, эцэг эхчүүд, ард иргэд ээ!

Монгол хүний оюун боловсрол, эрдэм мэдлэг, түүний чанар чансаа, олон улсад өрсөлдөх чадвар нь Монгол төрийн бодлого, анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд иргэдийнхээ сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх зүй ёсны тэмүүллийг нь дэмжин, хамтран ажиллах Та бидний Хичээлийн шинэ жил эхэллээ!

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтэд зориулж ийнхүү мэндчилгээ дэвшүүлэхэд Монгол Улсын Ардын багш, монгол хэл уран зохиолын багш Д.Төмөр, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Цолмонгэрэл, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн уран сийлбэр, монгол дархны ангийн оюутан Л.Хишигбаатар, “Шинэ монгол” сургуулийн 1 дүгээр ангийн сурагч Э.Энгүүн болон бага, дунд ахлах ангийн сурагчид, оюутнуудын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 23 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч М.Номуун өөрийнхөө анхны уран бүтээл “Гэгээнтний найз” номоо бэлэглэв.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээний боомтоор зорчиж буй автомашинуудад шалгалт хийнэ

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран ирэх сарын 15-аас эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй монголын суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгджээ.

Эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөнд саад учруулдаг зэргээс гадна мөн монгол жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах явдал буурахгүй байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар монгол жолооч, зорчигчтой холбоотой 30.000 гаруй зөрчил бүртгэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Удахгүй нэвтрэх энэхүү арга хэмжээгээр илэрсэн зөрчилд “БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох аж.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн орчимд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Сургууль, цэцэрлэгийн орчимд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэнэЕсдүгээр сарын нэгэн буюу өнөөдөр ЕБС, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх аж.

Иймд жолооч та Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулан байрлуулахгүй байх, бага насны хүүхдээ автомашины арын суудалд хамгаалах бүс, суудлыг хэрэглэж зөв тээвэрлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ гараас нь хөтөлж эсвэл тэвэрч оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвсүрэн: Орос, Хятадтай сайн хөршийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ

“Өдрийн сонин”-ы 2017.08.24-ний пүрэв гаригийн ¹180(5747) дугаараас авч нийтлэв.

Л.Пүрэвсүрэн зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Шинэ Ерөнхийлөгч гадаад айлчлалынхаа товыг тогтсон уу. Албан ёсны айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ гэж байсан?

-Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар оролцоно. Ерөнхийлөгч зөвхөн энэ хуралд оролцох бус бас ОХУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монгол-Оросын харилцааны асуудлаар нэлээд дэлгэрэнгүй санал солилцох байх.

-Энэ сарын сүүлчээр Будапешт хотноо болох жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү очих сураг дуулдаж байна?

-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч гэсэн Монголын жүдо бөхийн холбоогоо удирдсан хэвээр байгаа. Энэ сарын сүүлчээр Будапешт хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бас Олон улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Олон улсын жүдо бөхийн холбооны сонгуульт ажилтай тул оролцох шаардлага байгаа. Ингэхдээ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар очих юм. Гэхдээ Монгол Улсын Төрийн тэргүүн гэдэг утгаар Унгарын талаас хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нь ойлгомжтой. Энэ бол Ерөнхийлөгчийн хувийн айлчлал. Тэрбээр бүх зардлаа хувиасаа гаргаад явна.

-Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас манай улс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал уулзалтад Монгол Улс анх удаа төрийн тэргүүний түвшинд оролцох гэж байна. Манай талаас бизнесийн төлөөлөл, албаныхан, хэд хэдэн сайд нар явна. ОХУ, БНХАУ, Япон, Солонгос болон бүс нутгийн бусад улсуудаас улс төр, бизнесийн томоохон төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр Монгол-Оросын бизнесийн уулзалт зохион байгуулна. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн томоохон төслүүдээ танилцуулж ярилцахаар төлөвлөж байна.

-Ерөнхийлөгч ОХУ руу айлчлахдаа ямар асуудлуудыг шийдэх вэ?

-Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй сайн харилцаатай. Харин эдийн засгийн харилцаа сул. Хамтарсан төмөр замаа шинэчлэх, коридоруудыг нь өргөтгөх ёстой. Эрчим хүчний хамтын ажиллагаа, дэд бүтцийн асуудлууд байна. Ерөнхийлөгчийн анхаарч байгаа хамгийн гол асуудал бол манай экспортын бүтээгдэхүүний асуудал байна. Монгол Улс 80 гаруй сая малтай болчихлоо. Хуучин Сибирийн зах зээл манайх байсан. Гэтэл өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс шир зэргээ гаргаж чадахгүй байна. Үүнийг хоёр тал хэрхэн шийдэх гарцыг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй манай Ерөнхийлөгч нухацтай ярилцана. Ерөнхийлөгч Орос Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн зорилт тавьсан. Товчдоо Монгол, Оросын харилцааны хэтийн чиг хандлагыг тодорхойлсон яриа хэлэлцээ болох болов уу.

-Шинэ Ерөнхийлөгч маань гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Гадаад харилцаанд залгамж чанар хамгийн чухал. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцаа хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт хэмээн заасан байдаг. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөрштэйгээ харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаа. 1990 он хүртэл манай урд хил хаалттай, зөвхөн хойшоо харилцдаг байлаа. Гэтэл өнгөрсөн 27 жилийн хугацаанд хойд хөрштэйгээ бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон. Урагшаагаа хэт хэлбийчихсэн байна. Ерөнхийлөгч үүнийг засна гэж байгаа. ҮАБ-ын үзэл баримтлалд тусгаснаар тэнцвэртэй харилцаа тогтоох гэж байна гээд Хятадын харилцаагаа хязгаарлаад, Оросоо дэмжээд яваад байх биш юм. Мэдээж Хятадынхтай тогтоосон харилцаагаа цаашид ч өргөжүүлнэ. Харин Оростой тогтоосон харилцааг тэр хэмжээнд хүртэл хурдтай авчрах зорилт тавигдаж байна. Ерөнхийлөгч бизнесийн салбараас гаралтай хүн болохоор аливаа арилжаа наймаа нэг талдаа ашигтай биш, хоёр талдаа харилцан ашигтай байснаар илүү урт хугацаанд тогтвортой хөгжинө гэсэн байр суурьтай байгаа.

Мэдээж гурав дахь хөршийн бодлогыг орхигдуулахгүй, эрчимжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ утгаараа Владивостокийн форумын үеэр Японы Ерөнхий сайд болон БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана. Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлэхэд тэргүүний технологи хэрэгтэй. Банк, санхүү гээд санхүүжилт хэрэгтэй байна. Үүнд гурав дахь хөршийн үүрэг оролцоо чухал байгаа. Үүндээ анхаараад явна.

-ШХАБ-д манайх ажиглагчийн статустай оролцдог. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-Манайх бол анхных нь ажиглагч орон. 12 дахь жилдээ ажиглагчийн статустай явж байна. ШХАБ-ын нөхцөл байдал нь өөрчлөгдөж байгаа зүйл бий.Эхлээд “Шанхайн тав” гэж ярьдаг байсан бол сүүлдээ “Шанхайн зургаа” болсон. Өнгөрсөн зургадугаар сард Астанад болсон дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёр улс шинээр нэгдсэн. Ингэснээр Евроазийг хамарсан маш том байгууллага болоод байна. ШХАБ-ыг хаашаа явах вэ гэдгийг Монгол Улс анхааралтай харж байна. Эдийн засгийн тал руугаа давамгайлах уу, цэрэг улс төрийн эвсэл болох уу гэдгийг нь сайн ажиглаж байх хэрэгтэй байх. Эдийн засгийн тал руугаа илүү түлхүү яваад ирвэл бид хоцрох ёсгүй байх. Иймд ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх, элсэхгүй асуудал нь эргээд ШХАБ-ын өөрийнх нь чиг хандлага, явцаас шалтгаалах юм.

-Монгол Улс Хятадын“Бүс ба зам” бодлогын гадна орхигдоод байна. Уг нь манай улс хамгийн ойрын хөрш нь. Гэтэл Лондон хүрэх зам, ОХУ-аас авч буй хийн хоолой зэргээ манайхыг тойруулаад явууллаа. Тэгэхээр “Бүс ба зам” оролцоотой болохын тулд Ерөнхийлөгчийн хувьд ямар бодлого явуулах вэ?

-Үнэхээр манай улс орхигдоод байгаа юм шиг байдал ажиглагдаж байгаа байх. Өмнө Европ-Азийг холбосон гол төмөр зам болох Сибирийн төмөр зам Монгол, Манжуураар л дайрч байсан шүү дээ. Гэтэл одоо нөхцөл байдал өөр болж, өөр гарц, коридор гараад ирлээ. Бид үүнд мэдээж дүгнэлт хийж, урьдын адил идэвхтэй оролцогч байхыг зорьж байгаа. Тиймээс Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг манай тал санаачилж 3 жилийн өмнө эхлүүлсэн. Нэг жилийн өмнө гурван тал гарын үсэг зурсан. Харин одоо хэрэгжүүлэх л асуудал байна. Эдийн засгийн коридор гэдэг бол “Бүс ба зам” төслийн нэг хэсэг гэж үзэх үндэслэлтэй. Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж тодорхойлсон байгаа. Голдуу Монголын нутгаар дайраад Орос Хятадыг холбосон дэд бүтцийн төслүүд. Эндээс алийг нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр шийдвэр гаргах цаг үе нь ирчихээд байгаа юм.

-Та Швейцарийн холбооны улс руу Элчин сайдаар томилогдсон шүү дээ. Яагаад яваагүй юм бэ?

-Энэ оны тавдугаар сарын сүүлээр өмнөх Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн Швейцарийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилох шийдвэр гарсан. Швейцарийн талаас намайг Элчин сайдаар хүлээн авахад бэлэн гээд агреманы хариу ирсэн байгаа. Явахад бэлэн болсон гэсэн үг. Гэхдээ шинэ Ерөнхийлөгч намайг гадаад бодлогын зөвлөхийн ажлаа үргэлжлүүлэн хийж байхыг хүссэн. Гадаад бодлогод залгамж чанар гэдэг чухал зүйл байна. Шинэ Ерөнхийлөгчийн ажил цэгцрэх хугацаанд хуучин ажлаа ийнхүү үргэлжлүүлээд хэсэг хугацаанд хийгээд байж байна.

-Та саяхан Ираны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохдоо хойд Солонгост тавьсан АНУ-ын хоригийг Монгол дэмжихгүй байгаа гэсэн утгатай ярилцлагыг орон нутгийн хэвлэлд өгсөн юм уу?

-Тэр бол ташаа мэдээлэл. Наймдугаар сарын 5-ны өдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани дахин сонгогдоод тангараг өргөх ёслол болсон. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн тусгай элч гэдэг утгаар энэ ёслолд оролцсон. Тэнд дэлхийн 105 орны төлөөлөгч, 25 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээ болсон. 20 гаруй улсын төрийн тэргүүн, бусад олон тооны дээгүүр зиндааны хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Наймдугаар сарын 4-ний шөнө онгоцноос буухад Ираны парламентын байнгын хорооны дарга угтаж авсан. Тэндээ хэдэн минут уулзаж, ярилцаад зочид буудал руугаа явсан байгаа. Тухайн үед Ираны телевиз дүрс авч байсан. Би тэнд ямар нэг мэдэгдэл хийгээгүй. АНУ-ын хоригийг Монгол Улс дэмжихгүй гэж буруушаасан үг яриа огт болоогүйг хариуцлагатай хэлэх байна. Монгол Улс Хойд Солонгосын асуудлаар НҮБ-ын гишүүний хувьд тэндээс гаргасан шийдвэрүүд, түүний дотор хоригийг бүрэн дэмждэг, биелүүлэх ч үүрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Тайваний нэрт яруу найрагч Юй Си: Монголын яруу найраг уудам тал нутаг шигээ амьдралын гүн ухааныг өгүүлдэг

40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцсон “Дэлхийн яруу найргийн өдрүүд” манай улсад энэ сарын 16-22-ны өдрүүдэд манай улсад анх удаа болж өндөрлөв. Энэ хүрээнд “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын XXXVII их хурал болсон. Энэхүү хуралд Норвегийн Вангийн яруу найрагч “Поэт лауреат”, “Хүлэг баатар” цолтой нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Казахстан улсын төрийн шагналт, суут яруу найрагч Улугбек Оразбайулы Есдаулет, Унгарын Ерөнхий сайдын зөвлөх, нэрт яруу найрагч Гиза Чекс нарын алдар суутнууд ирсэн билээ.

Энэ үеэр дэлхий дахинд нэрд гарсан Тайваний яруу найрагч, Хятадын утга зохиолын шагналт, Дэлхийн урлаг соёлын академийн утга зохиолын доктор Юй Ситэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт Хүүхдийн номын санд өөрийн уран бүтээлийнхээ дээжээс дурсгал болгон бэлэглэсэн юм.


-Та Монгол оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Манай улсад хэдэн удаа ирж байна вэ?

-Би танай улсад өнөө жил тав дахь удаагаа ирж байна. Монголчуудын ёс заншил, аж амьдрал надад үнэхээр дотно, сонирхолтой сайхан санагддаг. Ирэх болгондоо Монголын үзэсгэлэнт байгаль, ёс заншилтай танилцаж, түүгээр нь бахархаж байдаг. Монгол бол үнэхээр аугаа түүхтэй улс юм. Тэртээ 800 гаруй жилийн өмнө дэлхий дахиныг эзэгнэн явсан их гүрэн шүү дээ. Би анх Монголд ирэхдээ цэв цэнхэр тэнгэрийг нь хараад нүд баясаж, өргөн уудам тал нутгийг нь харж сэтгэлээ баясгасан. Ямар гүн цэнхэр тэнгэр вэ, ямар өргөн уудам газар нутаг вэ хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан. Тийм болохоор монгол орныг би өөрийнхөө хоёр дахь эх орон хэмээн бодохыг хүсэж байна.

-Дэлхийн яруу найрагчдын ээлжит чуулган манай улсад анх удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтын зорилго юу байв?

-Дэлхийн яруу найрагчдын XXXVII их хурал Монгол Улсад анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Олон орны алдар цуутай зохиолчид танай улсад бүтэн долоо хоногийн хугацаанд чуулсан. Энэ үеэр би ойрд уулзаагүй олон найз нартайгаа уулзаж, сэтгэлийн онгодоо хөглөлөө. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго бол дэлхийн энх тайван, эрх чөлөө, сайн сайхан амьдрахын төлөө байв. Мөн “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх уриан дор тодорхой ажлууд хийгдлээ. Дэлхийн яруу найрагчдын анхдугаар чуулганыг анхлан санаачилж, зохион байгуулсан нь тайвань хүн байдаг.

-Таны уран бүтээлийн багагүй хувийг хүүхдийн зохиол эзэлдэг гэсэн. Саяхан та манай улсын Хүүхдийн номын санд өөрийнхөө бүтээлээс хандивласан. Ямар бүтээлүүд багтав?

-Монголын хүүхэд багачуудад зориулж, өөрийн бүтээсэн “Сайхан сэтгэлт анчин”, “Амин навчны дууль” хэмээх тус бүр гурван боть үлгэрээс бүрдсэн хоёр номоо хэвлүүлэн өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд Монголын хүүхдийн төв номын сангаар дамжуулан бэлэглэж байна. Энэхүү хоёр номыг маань Монголын нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар эх хэлнээ хөрвүүлэн уншигч түмэнд хүргэсэнд талархаж байна. Улс орны ирээдүйг авч явах хүүхэд багачуудыг номонд дуртай болгох нь миний хамгийн гол зорилго. Нялх балчираасаа ном уншиж, номтой нөхөрлөсөн хүн хэзээ ч муу хүн болдоггүй гэдэгт итгэдэг. Тэд нийгмийнхээ манлайлагч нь байдаг юм. Үүнийг би баттай хэлнэ. Миний өдий хүртэл хийсэн уран бүтээл, зохиолуудын ихэнх хувийг хүүхдийн зохиол эзэлдэг. Энэ чиглэлээр чамгүй олон бүтээл гаргасан. Монголын хүүхэд багачуудад бэлэглэж буй дээрх хоёр бүтээлээ таван жилийн өмнөөс бичиж эхэлсэн. Би хүүхдийн зохиолоос гадна яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, тууж, роман, жүжиг зэрэг төрөл жанраар бичдэг. Өдгөө утга зохиолын салбарт 50 гаруй жил сэтгэл зүрхээ зориулан явж байна даа. Мөн миний зохиолуудад хүнийг хайрлах хийгээд хүний мөн чанарын тухай түлхүү өгүүлдэг. Мөн байгаль дэлхийгээ хэрхэн хайрлах ёстойг зохиолдоо тусгаж өгдөг.

-Утга зохиол, яруу найраг тухайн улс, үндэстний соёл, түүхийг илэрхийлэгч толь нь болдог болов уу. Та Тайвань, Монголын утга зохиол, яруу найргийн ялгаа, онцлогийг хэлэхгүй юу?

-Тэгэлгүй яахав. Хэл бол соёлын амин сүнс. Энэхүү хэлээр үг холбож, утга зохиол, яруу найраг туурвидаг. Мөн хүний сэтгэл зүрхнээс ундран гарч, тодорхой нэгэн утгыг илэрхийлдэг. Тэрхүү утга нь тухайн улс, үндэстний соёл, зан заншил, үүх түүх, ахуй амьдрал, хүмүүсийнх нь ааш занг бүрэн тольтсон байдаг. Тайванийг та бүхэн мэднэ. Манай орон жижиг арал дээр оршин тогтнодог шүү дээ. Харин монгол бол өргөн уудам нутагтай, нүүдэлчин өв соёлтой ард түмэн. Ерөнхийдөө яруу найргийн хувьд адилхан хэв маягаар бичигдэнэ. Гэхдээ зохиол бүтээлдээ өгүүлж буй утга агуулга нь өөр. Монголын яруу найрагчид уудам тал нутаг шигээ гүн ухаанаар шүлгээ тэрлэдэг бол манай зохиолчид тэнгис далайн гайхамшгийг цалгиулан уяхнаар бичдэг. Өөрөөр хэлбэл Монголын шүлэг яруу найраг, зохиолд тэрхүү уудам тал нутаг шигээ амьдралын гүн ухааныг өгүүлдэг хэмээн боддог доо.

-Та өөрийнхөө шилмэл зохиол, уран бүтээлүүдээсээ сонордуулахгүй юу?

-Миний хамгийн алдартай бүтээл “Зам” хэмээх найраглал бий. Энэхүү найраглал маань дэлхийн гуч гаруй улс орны хэлээр орчуулагдан, хэвлэгдэн хүрсэн байдаг. Сонирхуулахад, Энэтхэг улсын Ерөнхийлөгчийн ордонд “Зам” найраглал маань тавигдсан нь нэр төрийн илэрхийлэл хэмээн үздэг. Өдгөө үргэлжилсэн үгийн зургаан ном, яруу найргийн 20 гаруй ном хэвлүүлсэн. Миний бие Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж “Чингис хаан-Хөх тэнгэрийн орны луу” хэмээх уянга туульсын томоохон хэмжээний найраглал бичиж ирүүлсэн бөгөөд энэхүү бүтээлийг маань орчуулагч Д.Болдбаатар яруу сайхан орчуулсан билээ. Уг найраглал Тайваний утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэн хятад, англи хэлээр дэлхийн олон оронд түгсэн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Хэдхэн хоногийн өмнө НИТХ-ын дарга Ц.Сандуйн дүү оффшорт данстай талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Жил гаруйн өмнөөс яригдаж буй уг асуудал өнөө хэр шийдэгдээгүй. Тэрээр уг асуудалд ч дорвитой хариулт өгөөгүйн дээр хууль хяналтын байгууллагууд ч түүний дүү Ц.Сэргэлэнгийн оффшор дансны асуудлаар байцаалт авсан гэхээс хэтрээгүй билээ.

МАН дотор Засгаа огцруулах үгүйгээс эхлээд нэр нөлөө бүхий хэд хэдэн гишүүнтэй нь холбоотой оффшор данс, 60 тэрбумын бичлэг гээд мундахгүй олон асуудал шил даран гарсаар байна. Ц.Сандуй өөрийгөө жирийн төрийн албан хаагчаас эхлүүлээд өнөөдрийн албан тушаалд хүртлээ хөдөлмөрлөсөн хэмээн ярих дуртай нэгэн. Гэтэл түүний нэр дор хэдэн зуун саяар яригдах хэмжээний олон объект бий. Түүнчлэн бизнесийн түүхэн замналгүй төрсөн дүү Ц.Сэргэлэн нь хэд хэдэн компани байгуулж, оффшорт данстай нь илрээд буй. Гэтэл улс төрийн ийм эмзэг цаг үед энэ асуудал дахин дэврэх болсон нь МАН-д бол хэтэрсэн ачаа биз ээ.
Гэтэл өнөөдөр гэнэтхэн НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. “60 тэрбумын бичлэг” дээр хүртэл гэнэ алдаж үг дуугарсан Ц.Сандуйг МАН-ынхан баруун солгойгүй өмөөрч байсан цаг саяхан. Гэтэл ямар учраас тэрээр ийнхүү гэнэтхэн өргөдлөө өгөх болов. Түүний өргөдлөө өгсөн шалтгаан нь “60 тэрбумын бичлэг”, дүүгийнх нь оффшорын асуудал биш байв.
Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны сонгуульд долоон дүүрэгт ялагдсан шалтгаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан байна.
Наагуураа бол 60 тэрбум төгрөг босгохоор зэхсэн гэх хэрэгт буруугүй гэдгээ батлан харуулахын тулд НИТХ-ын даргын суудлаа ийн өгөхөөр болсон хэмээн тайлбарлажээ. Гэвч үнэндээ тэрээр намын дарга М.Энхболдтой муудалцсан гэх албан бус мэдээлэл ч байна.
Өргөдлөө өгсөн тухайд нь бүлгийнхэндээ товч тайлан тавьсан бололтой. Би ийм, тийм ажил хийсэн гэдгээ хэлээд өргөдлөө өгсөн бололтой.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Э.Энхтөр: Рок, попын зогсонги үе ирчихээд байна

“Free zone” хамтлагийн ахлагч Э.Энхтөртэй ярилцлаа.

-Хамгийн сүүлд дуучин С.Сэрчмаатай хамтран “Миний нулимсыг салхи л арчина” хэмээх дуугаа сэргээн дуулсан. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?

-Өмнө нь бага залуу байсан болоод ч тэрүү зөвхөн уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулдаг байлаа. Харин одоо хамтлагийнханд маань гэр бүл, ажил амьдрал гээд зайлшгүй цаг гаргах ёстой зүйлүүд гарч ирсэн байна. Тэгэхээр уран бүтээл хийх хугацаа, бүтээмж багасах нь дамжиггүй. Гэхдээ уран бүтээл хийж байгаа. Ямартай ч зүгээр суугаагүй гэдгээ хэлэх байна. Харин миний хувьд бие даан уран бүтээл хийгээд эхэлчихсэн. Одоогоор өмнө нь гаргасан хоёр цомгоо шинэчилж байна. Энэ хоёр цомогт багтсан ихэнх дууныхаа үг, аяыг би өөрөө зохиосон. Дараа нь үндэсний болон бусад хөгжимд зориулсан аязтай болохоор төлөвлөгөөтэй байна. Миний хувьд чанартай цөөн тооны цомог гаргах сонирхолтой байдаг.

-Таныг дуулахаас гадна лимбэ хөгжим сайн тоглодог гэж сонссон юм байна. Лимбэ хөгжмийг хэзээ тоглож сурч байсан юм бэ?

-Аав минь урлагт элэгтэй хүн байсан л даа. Сайхан дуулна, гитар ч тоглочихно. Намайг бага байхад барууны орны хамтлаг дуучдын пянз тун ховор. Тухайн үед л аав минь маш олон пянзны цуглуулгатай байж билээ. Би эхээс тавуулаа л даа. Бүгдээрээ л аавынхаа пянзнаас сонсох дуртай. Сүүлд бодоход аав, ээжийн минь хувьд нэг хүүгээ урлагийн хүн болгох сонирхолтой байсан юм шиг санагддаг. Харин тэр нь би болж таарсан юм. Би ч урлагт их сонирхолтой хүүхэд байлаа. Сонсголоороо лимбэ тоглож сурчихсан юмдаг. Аав, ээжийн ажлынхан, найзууд ирэхэд бид гурав бяцхан тоглолт үзүүлчихдэг байж билээ. Ингээд би Нийслэлийн 42 дугаар сургуулийн тавдугаар ангиас Хөгжим, бүжгийн коллеж руу элсэн орсон доо. Тухайн үед лимбэ хөгжмийн мэргэжлийн багш минь СТА Ч.Энхтайван багш байлаа. Ер нь тэгээд Хөгжим бүжгийн коллежид орсон үеэс эхлэн гадна, дотны хамтлагуудыг сонирхож, хуурцгуудыг нь цуглуулдаг байлаа. Ангийнхандаа аваачиж сонсгоно. Эндээс л хамтлаг байгуулах сэдэл төрсөн гэхэд хилсдэхгүй болов уу.

-“Free zone” хамтлаг анх тавуулаа байсан гэдэг билүү?

– Билгүүтэй, Хосбаяр, Батзаяа, Дүгэрсүрэн миний бие тэргүүтэй таван залуу хамтлаг байгуулахаар сэтгэл шулуудсан. Хамтлагаа ч байгууллаа. Ямар нэр өгөх талаар бодсоны эцэст сугалахаар шийдсэн юм. Өөрсдийн бодож байгаа нэрнүүдээ цаасан дээр бичээд шилэн саванд хуйлаад хийчихлээ. Харин хоёр ч удаа сугалахад “Free zone” гэж гарч ирсэн шүү. Тэр үед бидэнтэй Цогоо гээд найз маань хамт явсан юм. Тэр маань л энэхүү нэрийг бичиж хийсэн юм билээ. Тухайн үед хамтлагууд гадаад нэр өгөх нь бараг моод байсан л даа. Нэр өгсөн залуу маань ч “Энэ бол чөлөөт бүс гэсэн утгатай үг. Тэгэхээр та хэд минь хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн чөлөөт бүстэй байх ёстой. Мөн Монголд байгаа хамтлагуудын нэр ихэвчлэн нэг үеэс бүрддэг. Тийм болохоор илүү содон байх болов уу” гэж байсан. Бидэнд ч их таалагдсан.

Ингээд бид хамгийн анх “Титэм” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Л.Тайванбат ах дээр очиж дуунуудаас нь дуулсан. Түүний хувьд “Хамтлаг байгуулахаар зорьж яваа чинь их сайн хэрэг. Гэхдээ бэлтгэл маш чухал шүү” гэж захиж байлаа. Яг тэр үед “Камертон” хамтлаг гарчихсан, бидний араас “Номин талст” зэрэг хамтлагууд байгуулагдсан санагдаж байна. Ямартай ч бид чанартай, сайн уран бүтээл хийхийн төлөө хичээсээр л явсан. Ингээд “Чамдаа өгсөн хайр”, “Мөрөөдлийн хатан” дуунуудаа гаргаж байлаа. Энэ хоёр дуу бол манай хамтлагийг үзэгч, сонсогчдод таниулж чадсан. “Чамдаа өгсөн хайр” дуу маань FM-ийн хит парадыг маш олон хоног тэргүүлсэн шүү. Үүнээс хойш сайхан уран бүтээлүүд их ч гарсан. Энэ хугацаанд хамтлагийн зарим гишүүд маань тус, тусын зам мөрөө хөөж, Билгүүтэй бид хоёр л үлдсэн юм. Улмаар 1999 онд сонгон шалгаруулалт явуулж, хамтлагийнхаа Баттөмөрийг элсүүлж авсан даа. Энэ үеэс “Free zone” хамтлаг тогтвор, суурьшилтайгаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Ерөнхийдөө 1998 онд хамтлагаа байгуулснаасаа хойш зургаан цомог гаргасан байна.

-Рок, попын хамтлаг дуучид цус сэлбэх цаг хэдийнэ болсон гэж ярьдаг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Миний бодлоор рок, попын зогсонги үе ирчихээд байна гэж хараад байгаа юм. Учир нь 2000 он хүртэл рок, попын нөлөө бүхий хамтлагууд ихээр байгуулагдсан. Түүний дараа “A Sound”, “Lemons” зэрэг хамтлагууд гарч ирсэн л дээ. Харин тэдний дараагийн үе гэж гарч ирээгүй. Хоёр ч шинэ үе гарч ирэх хугацаа өнгөрсөн байна. Миний бодлоор одоогоор рок, попыг яг 2000-аад оных шиг олон хүн сонсохоо больсон. Энэ нь рок, поп ид хүчээ авч байх үеийн үзэгч, сонсогчид шилжилт хөдөлгөөний улмаас гадны орнуудыг ихээр зорьсонтой холбоотой болов уу. Мөн рок, попын дуучдын хоорондын эв нэгдэл алдагдсан нь нөлөөлсөн гэж боддог.

Ер нь бол 2000-аад он хүртэл театрын болон кино урлаг, нийтийн дуу зогсонги байдалтай байхад рок, поп эрчимтэй хөгжиж, дэлгэрч байсан. Гэхдээ тайз, дэлгэцийн урлагийг эргэн үзэгчдийн хүртээл болоход рок, попын нөлөө их байсан гэж боддог. Тухайлбал, театр, кино урлагийн бүтээлүүдэд рок, попын дуучид хамтарч, ажиллаж байсан. Түүний нэг жишээ нь кино, жүжгийн дуунууд юм. Ингэснээр үзэгчдэд илүү сайн хүрсэн байх. Манай хамтлагийн хувьд ч гэсэн тайз, дэлгэцийн “Надаар тоглосон хайр” жүжиг, “Мөрөөдлийн хөлөг онгоц” уран сайхны киноны дууг дуулж байлаа. Одоо бол нийтийн дуу, театр, кино урлаг хэдийнэ өөрсдийн гэсэн үзэгч, сонсогчтой болжээ. Үүнээс харахад аливаа зүйл цаг үеэсээ хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг байх нь л дээ.

– Таны бодлоор рок, попын шинэ үе болон гарч ирэхийн тулд яах ёстой вэ?

-Дээд болон дунд үедээ үнэлэгдэж, үзэгчдэд мэдрэгдэж байж шинэ үе болдог. Хамгийн багадаа гурваас дөрвөн жил уран бүтээл туурвисан байх шаардлагатай. Түүнчлэн урлагийн хүний үнэ цэнэ, мөн чанарыг ойлгодог байх нь хамгаас чухал. Урлаг бол асар том цар хүрээтэй салбар л даа. Тухайн цаг үеийг тодорхойлдог, хүмүүжлийг бий болгож байдаг. Ил, далд байгаа сайн, муу зүйлийг өгүүлэн хүмүүст ойлгуулж, ухааруулж чаддаг. Урлаг ард түмнийг байлдан дагуулах ёстой. Би энэ зарчмыг дагадаг. Харамсалтай нь Монголд энэ эсрэгээр байдаг. Ард түмэн урлагийг минь байлдан дагуулдаг. Уг нь урлаг аливаа зүйлийн түрүүнд явж, бусдыг чиглүүлж байх хэрэгтэй. Дуугүйгээр эхэлсэн хувьсгал ч байдаггүй шүү дээ.

Д.УРАНТУЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид нэг юм үзнэ (II): Бүтээлч сүйтгэл

НЭГ. ИХ УЙДАЛТ

Бид нэг юм үзэх нь ч үзэж таарлаа…өмнө нь бид ярилцаж л байсан, хүний түүхийн ёс суртлын нэгэн эрин өөрийн үеэ өнгөрөөж байгаа тухай: сайн юм сайнаараа байж болохоо байсан, зөв юм зөвдөхөө больсон тухай: энхтайван болгон дайнаар дуусч, дайн болгоны дараа энхтайван тогтож ирсэн тухай: хүний түүхийн нэгэн үеийн үнэт зүйлс үнэ цэнээ алдаж байгаа тухай: түүх дуусч, түүх эхлэх гэж байгаа тухай.

Хүмүүс нэгэн үеийн ёс суртлын үнэт зүйлсээ тоохоо больж байна, тэр нь яг л хайртай дуртай явсан хүндээ сэтгэл хөрөх шиг, авч явахад лайтай, хаячих гэхээр бас жаахан хайран санагдах хуучин тавилга шиг сэтгэгдэл төрүүлэх болж.

Үүний жишээ нь улс төрийн тогтолцооны үндэс болсон нам, ялангуяа МАН дээр тод харагдана.Үнэн хэрэгтээ үйл нь ирсэн МАН дээр л голлон харагдаж байгаагаас бус нийт үндэстний үзэл санааны хямрал юм.

Ер нь бол шуугиан тарьсан “жаран тэрбум” ямар учиртай, “утас чагналт” юуны начиртай зэрэг нь олон нийтэд сонин биш. Харин МАН-ын шинэ өө сэв илэрч, тэдэнд уураа гаргах шинэ шалтаг гарах нь л хэрэгтэй. Асуудал нь жаран тэрбумдаа биш, чагнаж чагнуулсандаа ч биш. Зодчихмоор санагдаж гар загатнуулаад байсан дуракыг нулих боломж олдсонд л байна. Ийм учраас “Жаран тэрбум”-ын үнэн учрыг сонирхохгүйгээр барахгүй, түүнийг учирлах гэсэн хүмүүсийг дуугаргахгүй загнаж байгаа. Дуугаргахгүйгээр барахгүй МАН-д уураа гаргах сайхан шалтгийг нь үгүй хийх гэсэн оролдлого гэж уурсаж буй.

Угаасаа ч ард түмэн МАН-д нэг их хайртай байснаа одоо сэтгэл хөрсөн юм байхгүй. Социализмын үед “Энхрий хайрт МАХН” гэж хэлж заншсан нь энэ намыг хайрлахаасаа илүүтэйгээр өөрийнхөө аюулгүй байдлыг баталгаажуулах агуулгатай байсан юм шүү. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН-д хайр нь хүрсэндээ биш, харин АН-д уур нь хүрсэндээ л тэдэнд саналаа өгсөн юм. Гэтэл цаадах нь үнэхээр өөртөө хайртай юм байна гэж итгэчихээд, ерөнхийлөгчтэй юутай хээтэй нь авах гэж зэвүүг нь хүргэснээр саяны сонгуулийн үр дүн гарав. Яг л нөхөртөө гоморхсон бүсгүй уурандаа нэг залууд жаахан тал өгтөл, цаадах нь үнэхээр надад дурлачихаж гэж үнэмшээд лай болсонтой төстэй явдал.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН ч үүнийг анзаарч байгаа байх, ялалтын хүчин зүйл нь олон түмний дургүйцэл, сэтгэл дундуур байдал гэдгийг. Тэдэнд хямралаас гаргах, нийгмийг тогтвортой болгох хүн биш, харин хямралтай юутай хээтэй нь самраад, авлигажсан тогтоцыг нураагаад өгөх хүн хэрэгтэй байсан бололтой. Бүхэлд нь нураахгүй бол засаж сайжруулах аргагүй “төр засаг”-тай болсноо монголчууд зөнгөөрөө ухаарсан хэрэг юм болов уу. Ер нь бол гүн ухаантнууд нэгэнт хазайсан баганыг түшихийн оронд түлхэж унагах хэрэгтэй. Хазайсан юмыг босгох боломжгүй, харин унасан юмыг босгох амар гэж сургасан байдаг. Монголчууд энэ байдлаараа цаашаа явахыг хүсэхгүй байна.

Тэгэхээр ард түмний уур хилэнг хэрхэн тайлж өгөхөөс л шинэ ерөнхийлөгчийн цаашдын хувь заяа хамаарна. Нэг их хямралаас гаргачихдаг, төр засгийг түвшитгэдэг амьтан болох гэвэл олон түмэн арзас гээд босоод ирнэ. Уул нь “бясаанаасаа салах гээд байшингаа шатааж болохгүй” гэсэн утгатай үг бий нь бий юм. Гэхдээ дийлдэшгүй олон бясааг бол оромжтойгоо хамт шатаагаад шинээр байшин босгосон нь дээр гэсэн үзэл санаа зонхилж байгаа бололтой.

Хөндлөнгөөс нь харахад “жаран тэрбумын дуулиан”, “утас чагнасан дуулиан” сэлтээс МАН-ын “мэнгэ голлож”, үйлс хазайж, үйлийн үр бүрэлдэж байгаа мэт.(Муухай дээрээ улцан гэгчийн үлгэрээр, тэр нэг бандаажтай хархүү бас юү ч билээ)МАН-ын өнөөгийн байдлыг харахад үйлийн үрийн тухай номлол өөрийн эрхгүй бодогдом. Тайлбарлах эрхгүйгээр буруутгагдаж буй 60 тэрбумын хэрэг, үнэнийг тогтоох шаардлагагүй үнэний хэмжээнд итгэгдсэн “тагнасан чагнасан хэрэг”… эдгээр нь компанит байдлаараа МАХН-ын зохиож, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн “Лоохуузын хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “Академийн хэрэг”, “Лхүмбийн хэрэг”-үүдийг санагдуулахгүй байна гэж үү?

Дургүй нэгнээ “Жаран тэрбумын талынх” хэмээн чичилж болж байгаа нь хамт хонтоорлодог нөхрөө “Монгол-зөвлөлтийн найрамдалд харш юм ярьж байна” хэмээн мэдээлэл бичиж матдаг байсан үеэс юугаараа өөр байгаа юм бэ?

Бие биеэ “60 тэрбумын тал” болохыг уралдан илчилж байгааг нь хар даа. ХХ зууны гучаад онд, багш нь “Сурах бичгийнхээ төддүгээр хуудсыг нээгээрэй. Наанаа байгаа хүний зургийг баллаж, нүдийг нь сохол. Энэ хүн ардын дайсан болжээ”…гээд хичээлээ цааш нь заадаг байсан үеийг санагдуулахгүй байна уу?

Социализмын үеийн “Лоохуузыг үзэн ядах цуглаан”-ы тэмдэглэл, шинээр “ардын дайсан” илрүүлсэн хувьсгалчдын цогтой үгс тэр цагийн сонин хэвлэлээр дүүрэн байгаа. Дотор нь гарч байгаа хүмүүсийн нэрийг солиод уншихад л өнөөдрийн шинэ мэдээтэй танилцах мэт болно, туршаад үзээрэй.

Буддын шашинтай хүнийг хамгийн товчоор тодорхойлж өгөхийг Богд Зонховоос хүсэхэд “Үйлийн үрд итгэдэг хүн” хэмээн номлосон байдаг бөлгөө.

ХОЁР. ҮЗЭЭГҮЙ Л БОЛ БАЙДАГГҮЙ ГЭСЭН ҮГ

Нэг сонин үзэгдэл байгаа нь “нийгмийнхээ үзэл санаа ёс суртахууны доройтол”-ыг жигшингээ, нийгмээрээ ёс суртлаар доройтож байгаа явдал. Архины хорыг жигшин, жигшин архидахтай төстэй ч юмуу? Эндээс монголчууд үнэхээр ёс суртлаар доройтсон уу, эсвэл бусадтай л адилхан сайнтай муутай явснаа одоо л харж байна уу гэсэн асуулт гарч байна.

Монголчуудад өөрийгөө таних боломж үнэндээ гараагүй юм. “Хүний сайныг ханилж мэддэг” гэж ардын үгэнд байдаг нь хүний ёс суртахуун мөн чанар нь хамтын ажиллагаан дээр л харагддаг гэсэн санаа. Үнэн л дээ. Нүүдэлчид түр зуур л хамтраад (айлсаад) салж нүүсээр ирсэн тул бие биенээ таних бололцоо бараг гараагүй. Дараа нь хувьсгалын үед нэг хэсгийг нь ардын дайсан хэмээн нэрлэж, буудсан. Ард гэж хэн, дайсан гэж юу болохыг ч сайн ойлгоогүй. Үлдсэн сургамж нь яаж ийгээд дайсан болохгүй байх явдал. “Сайн хүн” болох ба “яаж ийгээд дайсан болчихолгүй хар толгойгоо бөөцийлж үлдэх” хоёр их ондоо шүү. Итгэл үнэмшлийнхээ хүчээр сайн байгаа хүн ба айсандаа сайн байгаа хүн хоёр ч тусдаа.

Дараа нь өөрсдийгөө “эрүүл чийрэг бие бялдартай, цэвэр ариун ёс суртахуунтай өв тэгш социалист хүн” хэмээн албан ёсоор нэрлэсэн. Харин ерээд оноос монгол хүн өөрөө өөртөө нэр өгөх эрх нээгдэнгүүт “хөх толботой хүний хайлан”-гийн домог гарав. Буруу ч юу байхав, өөрийгөө доош нь хийж суултай биш.

Иймээс “Өв тэгш хүн”, “хүний хайлан”-гийн үлгэрүүдэд дассан нэгэн үеийнхэн өнөөгийнхөө бодит байдалтай эвлэрч чадахгүй байгаа хэрэг. Тэрнээс биш монгол хүн муудсан явдал огт байхгүй. Муу хүмүүс зөндөөтэй гэдгээ л одоо харж байна. Бид өөрсдийгөө улам таньж байна.

Баяжиж хөлжсөн хэсэгтээ уур нь хүрээд байгаа нь ерөөсөө хөлжиж юмжихад дургүйгээс болоод байгаа юм огт биш. Монголчууд баяжих, ялангуяа зүгээр сууж байгаад баяжих бүр дуртай. Угаасаа ч түүхэндээ зүгээр сууж байгаад л үе үе юмжиж ирсэн түүхтэй юм. Харин өнөөдөр цөөхөн хэд нь л зүгээр сууж байгаад баяжиж, үлдсэнд нь тийм боломж олдохгүй байгаа нь урам хугалж байгаа ажгуу, нэг талаасаа.

Тэгэхээр нэгэнт өөрт олдохгүй байгаа боломжийг сөнөөмөөр, тэгэхдээ боломжийг завшиж чадсан хэсэгтэй нь хамт нураамаар байгаа хэрэг. Нэг ёсондоо шударга ёс нэхэж байгаа хэрэг л дээ, буруу ч гэхийн аргагүй.

Нөгөө талаасаа шударгаар, хөдөлмөрлөж баяжсан хэсэгтээ ч бид их дургүй. Баяжсанд нь дургүй байгаа юм биш, хаашдаа л бусад шигээ хулгай хийсэн мөртлөө баригдахгүй байна гэж үзэн зэвүүцнэ. Тэр бүү хэл бусдынх нь идсэн уусан нь баригдчихсан байхад энэ муу золиг баригдахгүй байхдаа яадгийн гэж бүр дургүйцнэ. Тэрний тод жишээ нь улстөрч С.Баярцогт шүү дээ. Тэр хаанаас ч идээгүй байгаа нь нийтийн дургүйг хүргэсэн хэрэг. Баяжих нь ч яахав баяждаг л юм байгаа биз, бусад нь баригдаад байхад энэ ганцаараа баригдахгүй үлдэхдээ яадаг юм бэ гэж зэвүүцээд, Оюу толгойн гэрээ зурахад Сангийн сайд байсан, тэндээс л идсэн гэхэд ардууд эргэлзэхгүй үнэмшээд байгаа хэрэг. Хөдөлмөрлөөд шударгаар их мөнгө олж болно гэдэгт манайхан үнэмшиж өгдөггүй. Ядаж нэг томоохон обьект луйвардаад ч болов авчихсан бол нийгэм түүнийг өршөөх байлаа. Нөгөө талаар, идсэн уусан хэсэг нь “Энэ муу цагаан хэрээ, биднээс өөрөөр баяжаад байхдаа яадаг юм бэ” гэж зэвүүцээд, ингээд шөргөн галд орчихсон амьтан. Бараг л “бушуухан шиг нэг идсэн уусан хэрэг олж хүлээгээд нэрээ цэвэрлэж ав” гэж зөвлөмөөр…

Ер нь бол хөдөлмөрлөж, бизнесийн арга ухаанаар баяжих нь бидний хувьд цоо шинэ бөгөөд ойлгомжгүй зүйл. Шударгаар баяжих, хөдөлмөрөөрөө хөлжих гэдэг бол бидний түүхэндээ үзээгүй юмны нэг байв. Худлаа л гэх байх даа. Үнэндээ олон малтай байх ба их хөрөнгөтэй байх хоёр тусдаа. Хөдөлмөрлөсөөр байгаад баяжих ба өгөөмөр зун, өнтэй өвөл болж, чоно нохой тайван байсны ачаар мал нь өсөх хоёр бүр ч тусдаа. Бид олз омогтой явж л үзсэнээс орлого ашигтайгаар хөдөлмөрлөх туршлагагүй. Хувь тавилан ийм байсан, бидний буруу биш.

Монгол үндэстний орлогын түүхэн жагсаалт: Чингис хааны дайны олз, Манжийн хааны пүнлүү шагнал, Зөвлөлтийн тусламж…хандивлагчдын өглөг… одоо бол авлига, тендер… гэсгээд болчихож байна.Үзээгүй юмаа байхгүй гэж боддог нь хүний араншингийн нэг бололтой.

ГУРАВ.ХЯМРАЛЫГ ХЯМРАЛААР

Монгол орон ардчиллын замаар ороод гучаад жил боллоо. Та “ардчилал ингээд дуусч байна” гэх болов уу гэж бодсон байх. Үгүй ээ, ардчилал одоо л эхлэх гэж байгаа. Үнэн хэрэгтээ, гучаад жилийн тэртээ үүдийг нь хаасан социализм одоо л дуусч байна. Социализмын үлдээсэн хүчирхэг төрийн уламжлал одоо л амьсгаа хурааж, ганц гудамж өөрөө мэдээд тохижуулах тэнхэлгүй болон гулдайж байна. Социализмын айдас, сахилга дээр бүрэлдсэн төрийн албаны ёс суртал одоо л мөхөж дуусаад ямар ч сурталгүйгээр авлига нэхэж алга тоссон түшмэд үлдэж. Социалист дэглэм бол юугаар ч цагаатгашгүй хүчирхийллийн тогтоц байсан боловч хээр талаар нүүдэллэж явсан малчин ардуудыг орчин үеийн маягтай төр, төрийн албан хаагч, төрийн албаны сахилга журам бүхий болгож орхисон. Энэ бүхэн одоо л арилж дуусч байна, харамсах юм алга. Социализмын бүтээж өвлүүлсэн улс төрийн нам, түүний үлгэр загварууд одоо л элж гүйцэж байна. Нэг үгээр бол, манай ардчилсан хувьсгалын анхан шатны “социализмыг нураах” зорилго амжилттай биелсэн байна. Харамсалтай нь социализм арилахдаа өөрийн үлдээсэн төрийн тогтоц, төрийн албаны уламжлалаа аваад арилдаг эд байж. Өнөө муу санаа арилдаггүй, зөвхөн эзэнтэйгээ хамт үхдэг гэдэг шиг.

Үнэн худал нь хамаагүй, үзэл санааны нийтлэгтэй болгосон нь нүүдэлчдэд том дэвшил байсан юмсан. Социализм авгай тэрийгээ ч аваад төрхөмдөө буцах нь тэр. Өнөөдөр бидний сэтгэл санаанд нийцэх зүйлс бараг үгүй болсон. Энэ нь нийтлэг үнэт зүйлс байхгүй болсны дохио бололтой. Энэ утгаараа ямар нэгэн юмсыг эсэргүүцэж байгаа, юуг ч хамаагүй буруушааж явдаг тэмцэгч л олон түмний таашаалыг хүлээж байна.

Харин учирлах, тайлбарлах аливаа оролдлого олон нийтийн дургүйг хүргэж, хурал номын газарт шашингүйн сурталчилгаа хийхтэй агаар нэг болоод замхарч байна. Нийгэм маань одоогийн тогтолцоо шударгатай нь, шударга бустай нь, сайнтай муутай, хүнийхтэй өөрийнхтэй нь хамт, системээр нь нураахыг хүсч байна. Нийгэм маань өөрийн улс төр, эдийн засгийн тогтолцоо, дээр нь өөрийгөө ч бас жигшиж байх шиг…

…Бид нэг юм үзэх нь ч үзэх бололтой. Дайн тулаан, бослого самууны тухай энд яриагүй. Харин хямралын тухай ярьж байна. Тулгарсан хямралыг эрүүлжүүлэх замаар засах санаачилга оролдлогыг нийгэм хүлээж авахгүй бололтой. Магадгүй, хямралыг засах зам нь хямрал өөрөө бололтой. Шийдвэрлэх хямрал л болох царайтай. Нэрт эдийн засагч Иосеф Шумпетер чухам үүнийг л “Бүтээлч сүйтгэл” гэж томьёолон дэвшлийн нэгэн эх сурвалж болгон харсан байж болох талтай. Шийдвэрлэх хямрал, бүтээлч сүйтгэл бидний бясаа үүрлэсэн, биднийх гэхээсээ илүү “бясаа гуайнх” гэмээр болсон байшинг шатаах бололтой, тэгж байж л бясаанаасаа салах юмдаг уу. Их хямрал, нижигнэнхэн хямартугай..гэх ч хаашаа, гэхгүй ч хаашаа.

Categories
мэдээ спорт

Олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнчимэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

ДАШТ: Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээУнгарын Дэлхийн аваргын татамигаас Монголын жүдочид ээлжит медалиа хүртлээ. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Хятадын жүдоч Ян Жуньсяг барилдааны хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон юм. Улмаар торгуулийн барилдаанд Бразилын жүдоч Кейтлин Куадрос ялж, медалийн төлөө өмнөд хөршийн тамирчныг буулган авлаа.

Монголын жүдочид ийнхүү өнөө жилийн ДАШТ-ээс тав дахь медалиа хүртэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хичээлийн шинэ жил эхэллээ

Хүүхэд, багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил ийн эхэлж байна.
Энэ өдөр улсын хэмжээнд 73 мянга 500 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа ажээ. Төрийн болон хувийн нийт 798 ерөнхий боловсролын сургуульд 575 мянга гаруй хүүхэд суралцана. Өнөө жил төсвийн хөрөнгөөр 17 сургууль, концессын гэрээгээр дөрвөн сургууль ашиглалтад орлоо. Ингэснээр сургуулийн хүчин чадал 11 мянга 940 суудлаар нэмэгдэж байгаа юм. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах багачуудын тоо өмнөх оныхоос 9300 гаруйгаар нэмэгдээд буйг салбарын яам танилцуулав. Ннийтдээ 1422 цэцэрлэгт 253 мянган хүүхэд суралцах юм байна. Улсын хэмжээнд шинээр 20 цэцэрлэг ашиглалтад оржээ.
Дээд боловсролын сургалтын тухайд 96 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцах юм байна. Есдүгээр сарын 1-ний өдөр баасан гаригт тохиож байгаа. Тиймээс их, дээд сургуулиуд ирэх даваа гаригт буюу есдүгээр сарын 4-нд нэгдсэн журмаар нээлтээ хийнэ. Харин цэцэрлэг, ерөн-
хий боловсролын сургуулиуд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа. Төрийн өндөрлөгүүдийн хувьд жил бүрийн энэ өдөр сургууль, цэцэрлэгүүдийн энэхүү баярт үйл явдалд оролцдог уламжлалтай. Өнөө жил Төрийн тэргүүн Х.Ббаттулга Унгар улс руу албан ажлаар явсан байгаа учраас эзгүй байх юм. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 08.00 цагт Монгол III сургуулийн нээлтэд оролцох бол УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумыг зорьжээ. Тэрбээр тус сумын Ерөнхий боловсролын болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийн нээлтэд оролцох юм байна. Дараагаар нь 14.00 цагт Аанагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирнэ. Бболовсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуун-
баатарын хувьд тусгай сургуулиудын нээлтэд очиж байгаа. Тэрбээр 29 болон 116 дугаар сургууль дээр очсоныхоо дараа Хөгжим бүжгийн их сургууль, ШУТИС-ийн нээлтэд тус тус оролцоно.

М.МӨНХ