Categories
мэдээ цаг-үе

Т.Чингис: Парисаас ирээд “Чимээгүй суугаад хөргөө л зурах хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон

УИХ-ын дарга асан З.Энхболдын хөргийг уржигдар Төрийн ордонд залсан. Эл хөргийг бүтээсэн зураач Т.Чингистэй ярилцлаа.

-Та ямар урсгал чиглэлийн зураач вэ?

-Цэвэр реалист чиглэлээр л зурдаг.

-Таны зургийг яг фото зураг шиг гэж хүмүүс гайхаж, зарим нь биширдэг?

-Миний зурсан зургуудыг фототой нь харьцуулаад үзэхэд огт өөр. Зурсан зургуудыг минь дангаар нь харсан хүмүүс “Яг фото шиг байна” гэж эндүүрэх нь бий.

-АСЕМ-ийн үеэр таны зурсан гадны орнуудын төрийн тэргүүнүүдийн хөрөг зургууд олны гайхшралыг төрүүлж, монголчууд Т.Чингис гэдэг ийм нэг авьяаслаг, ховор зураач бидний дунд байгааг мэдэцгээсэн гэж хэлж болно шүү?

-Тэгэхэд бараг 55 хөрөг зурсан юм. Энэ тухай ярихаас өмнө яагаад хөрөг зураг зурах болсноо ярих нь зүйтэй байх. Хүн чинь нэг юмыг олон жил хийж байж олж авсан хөдөлмөр, мэдлэг, туршлагаараа дараа дараачийнхаа юмыг бүтээж авдаг. Би натур зурах дуртай оюутан байлаа. Ангийнхныгаа, өөр ангийнхныг зурна. Натурын хичээл орлоо гэхэд өөрийнхөө натурыг томоор зурчихаад хажууд нь жижгээр хоёр гурван ч удаа зурж байсан тохиолдол бий. Тэгж л натурт бүр автчихсан оюутан байсан юм. Манай багш Ц.Нарангэрэлийн үзэсгэлэн гарсан. Гэтэл үзэсгэлэн дээр нь Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл ах ирээд сайн зурдаг оюутнаар хөрөг зуруулъя гэсэн юм билээ. Ингэж л намайг тэр хүн хөрөг зурагт оруулчихсан юм. Ш.Алтангэрэл ах надад байнга л хөрөг зургийн захиалга өгнө. Би хичээлээ хийнэ. Хажуугаар нь хичээлээсээ илүү давсан хөргүүд зурдаг байсан. Ангийнхаа урланд л сууж байдаг байлаа. Би төгсөхдөө нийтдээ 108 хөрөг зурчихсан байсан.

-Зуун найм аа, бэлгэшээлтэй тоо юм?

-Яагаад вэ гэвэл Ш.Алтангэрэл ах маань “Шинэ дэвшилт холбоо”-ныхоо гишүүдийн хөргийг зуруулна гээд 108 хөрөг зуруулсан юм. Оюутан байхад тэр хөргүүдээр минь үзэсгэлэн гарч байсан. Тэгээд л би хөрөг зургаа таслалгүй зураад өнөөдрийг хүргэлээ. Гэхдээ 2010 онд хөдөө орон нутгаар яваад ганц нэг хөрөг оруулаад ерөнхийдөө байгалийн аж байдлын сэдэвтэй бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Дараа нь Ш.Алтангэрэл ах маань намайг Парист урьсан юм. Франц дахь Монголын Элчин сайдын яаманд Бурхан Халдун хайрхныг нэлээд том хэмжээтэй зурсан л даа. Тэр үед Луврын музейд ороод харсан чинь нийт үзмэрийнх нь 70-80 хувь нь хөрөг зураг байсан. Тэдгээр зургуудад тийм, ийм изм гэхээсээ илүүтэй сайн гүйцэтгэл, амьд байдал чухал байсан. Ингээд би Парисаас ирснээсээ хойш чимээгүй, дуугүй суугаад л хөргөө зурах хэрэгтэй юм байна л гэж ойлгосон (инээв). Хөрөг зураг бол нарийн мэдрэмж шаардсан мэргэжлийн спорт шиг л байдаг. Нэг, хоёр, гурав хоног хөргөө зурахгүй бол торгон мэдрэмжээ алдчихдаг.

-Мэргэжлийн тамирчид байнгын өндөр бэлтгэлтэй байдаг. Формоо алдахгүй байх нь тэдний хувьд маш чухал?

-Тийм, тийм. Тийм учраас би өдөрт багадаа нэг удаа, дээд тал нь гурван удаа хөргөө зурдаг. Хөргөндөө гар хүрдэг гэсэн үг шүү дээ. Тэгж л ажиллахгүй бол мэдрэмжээ алдчихдаг.

-АСЕМ-ийн үеэр гаргасан хөрөг зургийн үзэсгэлэнгийнхээ тухай яривал?

-Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад “Хүн болгон чадах бүхнээ хийе” гэж ямар сайхан лекц уншиж хүмүүсийг сэтгэлийг хөдөлгөлөө. УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр ах бол хөрөг зураг зурахад минь маш их дэмжлэг үзүүлдэг хүн л дээ. Н.Батбаяр ахын захиалгаар тэр үзэсгэлэн хийгдсэн.

-Нэг хөргийг 2.5 саяар зурдаг гэв үү, та. Тэгэхээр тэр тавин хэдэн хөргийг тус бүрт нь 2.5 саяар гэхээр…?

-2.5 саяар биш л дээ. Олон зураг учраас арай бага үнээр зурсан.

-Тэр 55 хөргийг хэдий хэрийн хугацаанд зурсан юм?

-11 сар орчмын хугацаанд зурсан. Тэгэхэд надад ерөөсөө амралт гэж байгаагүй. Долоо хоног л амарчихвал тэр ажил нурчих байсан. Тиймээс би зай завсаргүй суугаад л зурж дуусгасан. Тэр үед Ц.Нарангэрэл багшдаа туслаад Дүрслэх урлагийн дээд сургуульд түр багшилж байсан болохоор ихэнх хөргүүдээ хичээл дээр, оюутнуудын өмнө зурсан даа. Өдөр болгон зургаа барьж ороод зурдаг байлаа.

-АСЕМ-ийн үеэр Тайландын сайд өөрийнхөө хөргийг ихэд сайшаагаад гэргийнхээ хөргийг танаар зуруулах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн байх аа?

-АСЕМ-ийн үеэр “Чингисийн хүрээ” жуулчны баазад арга хэмжээ болоход миний үзэсгэлэнг гадаад, дотоодын олон мянган хүн үзсэн юм. Тэгтэл Тайландын Ерөнхий сайд өөрийнх нь хөргийг зурсан байхыг хараад “Ийм гайхалтай гэж үү. Энийг зурсан гэж үү” гэж ихэд гайхаж байсан. Гадныхан тэр үзэсгэлэнг үзээд сэтгэл их өндөр байсан шүү. Тэд улс улсынхаа төрийн тэргүүний хөрөг зургийн өмнө очиж зургаа авахуулж байсан. Монголчуудад ч тэр үзэсгэлэн сайн хүрсэн. Тайландын Ерөнхий сайд хөргөө авъя, эхнэрийнхээ зургийг ч зуруулъя гэсэн л дээ. Тэгээд эхнэрийнх нь зургийг зураад араас нь явуулсан юм.

-Зураач нар хөрөг зурахаас аль болох татгалздаг. Учир нь хүнд төрөл учраас. Мөн хөрөг зурахад зуруулж байгаа хүний үйлийн үр нь зураачид нь ирдэг, зовлон нь шилждэг гэх яриа байдаг юм билээ?

-(Инээв). Ёстой мухар сүсэг байх. Дэлхийн үе үеийн суут зураачид бүгд л хөрөг зураачид байсан шүү дээ. Тэд бүгд л захиалгаар зураг зурдаг байсан. Арван хөрөг зурахад нэг нь бүтээл болж үлддэг байсан. Түүнээс биш “За би нэг аугаа бүтээл зуръя” гээд зурахад чадахгүй шүү дээ. Би өөрийгөө үндсэн карьер нь эхлээгүй зураач гэж боддог. Би хэдий 500, 600-гаар нь хөрөг зурсан ч би болоогүй байна, түүхэн том бүтээл хийх болоогүй байна гэж боддог. Тийм ч учраас байнга хөрөг зурж, өөрийгөө олимпод оролцох гэж байгаа мэргэжлийн тамирчин шиг үргэлж л бэлдэж явж байна.

-Таныг өөрийн гэсэн том урлантай болох гэж байгаа гэж дууллаа?

-Ирэх сард урлангаа нээх гэж байгаа. Гэргий маань мөн зураач л даа. Гэргий маань бага насны хүүхдүүдэд уран зургийн хичээл заана. Би болохоор нас харгалзахгүйгээр хэнд ч уран зураг заана. Би багшлах дуртай. Уран зургийн үндсэн төрлүүдэд олон жил ажилласан болохоор тэрнийгээ хүмүүст, хүүхдүүдэд хуваалцъя гэж бодож байгаа.

Хүн болгон хүүхэд байхдаа зураач байдаг. Амьдралын шаардлагаар өөр өөр мэргэжил сонгоод ажиллаж амьдардаг ч сэтгэлийнх нь мухарт нэг бүтээл зурахсан, би ч багадаа зурдаг авьяастай байсан шүү гэж боддог. Тийм хүмүүс манай урланд очиж болно. Бүр илүү мэргэжлийн түвшний сургалт ч авч болох юм. Ийм л учраас эхнэртэйгээ хамтраад урлантай болж байгаа.

-Хөрөг зураг зурахад цаг хугацаанаасаа эхлүүлээд олон зүйл нь харилцан адилгүй байдаг байх. Зуруулж байгаа хүнээсээ ч хамаардаг тал байдаг байх шүү?

-Эмэгтэй хүний хөрөг зурахад хэцүү. Эмэгтэй хүний хөргийг зурахдаа гоо сайхныг нь илүү гаргаж зурахыг хүсдэг. Та дээр асуусан шүү дээ. Зураачид яагаад хөрөг зураг зурахаас зугтаадаг вэ гэж. Энэ дэлхий дээрх олон тэрбум хүн чинь бүгд өөр өөр царайтай шүү дээ. Би хөрөг зургаа нарийн зурах дуртай. Жишээ нь, нэг айлын гэр бүлийн хөргийг зурлаа гэхэд тэр айлд хоёр ихэр охин байлаа гэж бодъё. Тэр хоёр ихэр ч хоорондоо өөр байхгүй юу. Тэр өөр зүйлийг нь гаргаж зурдаг. Тэгэхдээ тэр нь уран зураг байх хэрэгтэй. Анзаараад байхад мэргэжил нэгт, нэг салбарынхан маань миний бүтээлийг шүүмжлэнгүй байдлаар хардаг юм билээ.

-Юу гэж шүүмжлэх вэ?

-Фото зураг шиг байна ч гэх юм уу. Би гайхаад байдаг юм. Хүн болгон өөр өөрийнхөө замаар явж байгаа шүү дээ. Хүмүүсийн авьяасын өгөгдөл янз бүр байгаа ш дээ. Зарим хүн хурдтай, зарим нь маш нягт нямбай, удаан. Зарим нь илүү шинийг эрэлхийлсэн, орчин үеийн контенперари урлагийг хийхийг хүсч байгаа. Бүгд ингэж өөр өөрийн замаар өөрсдийн дуртай юмаа хийгээд л жаргалтай явбал болоо биш үү.

-Өөрийнхөө хөргийг зуруулах сан, хөрөг зурагтай болох сон гэж хүсдэггүй хүн байдаггүй гэж бодогддог юм?

-Ш.Алтангэрэл ах нэг удаа “Хүн өөрөө мөнх амьдрах. Эсвэл хойч үедээ, үр хүүхдэдээ дурсагдах хүсэлтэй байдаг. Бүгд тэгж хүсдэг ч тэрийгээ хэлдэггүй” гэж хэлж билээ. Тийм учраас урлагт өөрийгөө үлдээх чинь сайхан шүү дээ. Багаар бодоход тосон будгийн уран зураг 350 жил болно. Хадгалалт нь сайн байвал түүнээс ч дээш жил болно гэж билээ. Тэгэхээр хөрөг зургаа зуруулбал зуруулсан шиг зуруулах хэрэгтэй. Яаж ч зуруулж болно. Би Монголынхоо уран бүтээлчдээр бахархдаг юм. Өөр өөрийн арга барилаараа гайхалтай бүтээлүүд хийж байна. Тэднээс үлгэр жишээ авдаг шүү.

-Одоо та ямар хөрөг дээр ажиллаж байна?

-Гэр бүлийн томоохон хөрөг эхлүүлэх гээд байж байна. Манай олны танил гэр бүл л дээ. Тэрийг их сайн зуръя гэсэн бодол байна.

-Захиалга өгөхдөө танд бэлэн фотогоо өгөх үү?

-Би өөрөө зургаа дардаг юм. Аав, ээж нь бурхан болчихсон хүмүүс тэднийгээ зуруулах нь бий. Хуучны зургийг нь харж байгаад л зурдаг юм. Арван хэдэн жил зураг зурахад юу эсийг үзэх вэ дээ. Олон олон хүнд байдалд орж л байлаа. Хүн чинь хийх тусмаа өөрийгөө давж, яаж сайжрах вэ, бүр илүү яаж сайн болох вэ гэж болдог. Гэхдээ хүн хэзээ ч төгс төгөлдөрт хүрч чадахгүй шүү дээ. Тэгээд л хичээдэг. Муу байх амархан. Зургаа сэтгэлдээ хүртэл гүйцэд зурахаас нааш ерөөсөө санаа амардаггүй юм. Тэр зургаа хүмүүст таалагдуулах амархан. Гэхдээ өөрөө өөртөө “Одоо болчихлоо доо. Үүнээс цааш арай байхгүй байлгүй дээ” гэж бодтолоо зурах нь чухал байдаг. Жишээ нь, УИХ-ын дарга З.Энхболдын хөргийг зурахад арынх нь сэнтий нь тэр чигээрээ урлаг байгаа байхгүй юу. Тэр сэнтийг ерөнхийлөөд өөртөө хялбар зурчихвал надад амар. Гэхдээ би хэзээ ч тэгж чадахгүй. Олон сарын турш бүх зүйлээ зориулан байж хөргийг бэлэн болгосон л доо. Н.Батбаяр ах маань таван жилийн өмнө надаар З.Энхболд даргын хөргийг зуруулж авч байсан юм. Харин сүүлд УИХ-ын даргын хөргийг зуруулах болоход З.Энхболд дарга өөрөө намайг сонгоод надтай холбогдсон л доо. Тийм болохоор их хичээж, маш их хүндэтгэл үзүүлж зурсан зураг юм. Албан ёсоор Төрийн ордонд залсан байгаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Алимаа: Одоо ч гэсэн тайзнаа гараад өөрийн эрхгүй өвөөгөө хайдаг

“Өдрийн сонин”-ы 2017.05.25-ны Пүрэв гаригийн 117(5684) дугаараас авч нийтлэв.

Холбоотой Зураг

“Яг түүн шиг” шоуны оролцогч, төгөлдөр хуурч С.Алимаатай ярилцлаа.


-“Яг түүн шиг шоу”-ны оролцогчдоос хэрхэн хувирах бол гэсэн хүлээлттэй хүний нэг бол та шүү дээ. Ер нь анх энэхүү шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би “Боловсрол” суваг телевизийнхэнтэй уран бүтээлийн хувьд хамтран ажилладаг л даа. Миний уран бүтээлийг гаргах албан ёсны эрхийг ч тэр тус телевиз маань авсан байдаг юм. Энэ мэтчилэн үргэлж л холбоотой байдаг. Харин нэг удаа “Яг түүн шиг” шоуны хоёр дахь дугаарт орох уу гэсэн санал тавьсан.

Би энэ шоуны хамгийн дуртай үзэгчдийн нэг л дээ. Буйдан дээрээ суучихаад л өөрийнхөө хэмжээнд үнэлж, дүгнэдэг байлаа. Гэтэл өөрөө орох болсон чинь нэг л сонин санагдсан шүү. Хэдий баярласан ч багагүй эмээсэн. Гэхдээ миний амьдралаас дуу, хөгжим, бүжиг гэдэг хэзээ ч хол байгаагүй. Тиймдээ ч “Чи сонгодог урлагийн хүн учраас тийм ч амар биш. Шоу гэдэг бол тоглоом биш” гэсэн саналуудаас зөрж зориг гаргаж, басхүү багынхаа мөрөөдлийг биелүүлэхээр энэ шоунд орох болсон. Би багадаа кабелийн сувгуудаар “Spice girls”, “Britney Spears”, “Backstreet boys” гэх хамтлаг, дуучдын тоглолтыг үзэж, биширч яг эд нар шиг л тайзан дээр дуулж, бүжиглэх юмсан гэж хүсдэг байсан юм. Ингээд л шоундаа оролцсон доо. Ямартай ч залуу насандаа орсон энэхүү шоу маань амьдралд минь шигтгээ болно гэдэгт итгэлтэй байна.

-Нийт найман ч дүрийг бүтээчихлээ. Бүтээхэд төвөгтэй бөгөөд хамгийн сонирхолтой нь ямар дүр байв?

-Хүн бүхэн дахин давтагдашгүй ертөнц байдаг учраас дүр бүхэн л амаргүй байна. Гэхдээ дуурайхад монгол дүрүүд хэцүү байсан. Харин Шакираг их азтай баззер гэж бодож байгаа шүү. Хэдий нүүр царай нь өөр гэж хэлэгдсэн ч өндөр нам, бие галбир маань төстэй болов уу. Мөн Жим Керригийн дүрдээ хайртай. Дуулалтаас гадна хэн ч дуурайхад төвөгтэй огцом хөдөлгөөн, хошин царай зэрэг нь маш их чадвар шаардсан дүр байсан. Харин хамгийн амархан нь Шанайя Твейн байсан юм. Ерөнхий донж, маяг нь надтай их төстэй. Энэхүү дуучныг дуурайсны дараа энэ яг миний стиль байна шүү дээ, би иймэрхүү хүн юм байна гэж бодсон. Харин найм дахь дугаарт Эминем таарсан. Надаас тэс өөр дүр учраас Эминемийг дуурайж чадах болов уу гэж бодсон ч, энэ бол миний өөрийгөө харуулах боломж гэж ойлгосон. Хүмүүс бол надад удаан темптэй дууг нь сонгохыг зөвлөсөн л дөө. Харин миний хувьд нэгэнт л Эминемийг дуурайх гэж байгаа юм чинь онцлогийг нь харуулах л хэрэгтэй гэж бодсон. Ингээд урын санд нь байх хамгийн хурдан темптэй дуунаас сонгосон юм. Тиймдээ ч “Real slim shady” дууг сурахын тулд хэдэн хоног нойргүй хоносон шүү. Ер нь хаа ч явсан үглээд л явдаг байсан. Бүтэн долоо хоногийн турш л Эминемээр амьсгалсан даа.

-Тиймдээ ч шүүгчид Эминемийн үзүүлбэрт чамлахааргүй оноо өгсөн. Харин та оролцогчдын гурван оноо оновчтой биш байсанд сэтгэл дундуур байгаагаа цахим хуудсандаа илэрхийлсэн байсан?

-Мэдээж бид бүгд л чадлынхаа хэрээр хичээж байгаа. Гэхдээ уралдаан, тэмцээн юм чинь нэг нь түрүүлдэг л жамтай. Тэр өдөр надад багахан аз дутсан л байх. Гэхдээ манай Ариунцэцэг маань ч сайн оролцсон. Ялагч болсонд нь баяр хүргэмээр байна. Гэхдээ сэтгэл гонсойсон. Түүнийгээ нуухгүй.

Учир нь оролцогчдын өгөх гурван оноо шударга, оновчтой байх ёстой талаар нэвтрүүлгийнхний зүгээс маш сайн анхааруулсан. Үзэгчид болоод нэвтрүүлгээ хүндлээрэй гэж хэлсэн л дээ. Миний хувьд ч тэр яг л энэ зарчмын дагуу маш шударга байсаар ирсэн. Гэтэл найм дахь удаагийн гурван оноо шударга өгөгдсөн үү гэдэгт эргэлзэж, басхүү сэтгэл эмзэглэсэн. Гэхдээ гурван оноогоо хэнд өгөх нь тухайн хүмүүсийн эрх байх л даа. Яахав шударга байдлаа бага зэрэг алдчихав уу даа л гэж бодсон. Гэхдээ цаашдаа улам хичээх болно. Одоо хоёр ч дугаар байна шүү дээ. Дараагийн дугаарт PSY-ийг дуурайна. “Gangnam style” дуунаас өөр дууг нь дуулах юм. Одоогоор бүжгийн бэлтгэлдээ орчихсон явж байгаа.

-Таны өвөө бол хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гэх эрхэм хүн. Та өвөөгийнхөө тухай сайхан дурсамжаас хуваалцаач?

-Өвөөгийндөө очих бүрт ёстой л алтан үеийнхэн цуглачихсан, сайхан яриа дэлгээд сууцгаадаг байж билээ. Ер нь өвөөтэй минь холбоотой сайхан дурсамжууд олон л доо. Зээ нар нь өвөөгийндөө очих хамгийн дуртай байж билээ. Нэг удаа бид чанга гэгч нь хөгжим тавьчихсан, хүүхдүүд болсон хойно бужигналдаад л байж байлаа. Гаднаас өвөө ч орж ирсэн. Гэтэл өвөө минь бидний голд ороод л өнөөх хөгжмийн аянд твист бүжиглэдэг юм байна. Маш эвсэлтэй, эвлэгхэн ч гэж жигтэйхэн. Бид нар бүр үнэхээр гайхаж басхүү биширсэн дээ. Эгэл даруухан, цал буурал толгойтой өвөөгөө тэгж бүжиглэнэ гэж бид яаж санах билээ. Залуудаа бол бүр ч сайн бүжиглэдэг байсан байх.

Түүнчлэн би ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж төгөлдөр хуурч болохоор шийдсэн нэгэн. Манай Хөгжим бүжгийн коллеж нэгдүгээр ангиасаа эхлээд л жил бүр тайлан тоглолт хийдэг. Тоглолт бүрийг өвөө ирж үзнэ. Тайзнаа гараад л өвөөгөө нүдээрээ хайна. Өвөөгөө харчих юм бол сэтгэл нэг л тэнүүн болдогсон. Жил бүр л тоглолтыг минь ирж үзсэн дээ. Тоглолтын дараа урамшуулж бэлэг өгөөд л удаан гэгч нь духан дээр минь үнэрлэдэгсэн. Одоо ч гэсэн тайзнаа гараад өөрийн эрхгүй өвөөгөө хайдаг. Тэр дүр төрхийг тайзан дээрээс харсаар байгаад дасчихсан юм болов уу даа.

Өвөө минь надад үнэнч, шударга, хөдөлмөрч, бодол санаагаа зөв байлгах ёстой гэж зөвлөдөг байсан. Манай гэрийн хүмүүжил бол энэ л дээ. Мөн уран бүтээл бүртээ чин сэтгэлээсээ хандаж, чанартай байлгах хэрэгтэй гэж захидаг байсан. Хамгийн чухал нь Монголын хөгжмийн зохиолчдын дарагдаад үлдчихсэн олон сайхан бүтээлийг үе тэнгийнхэн болоод хойч үедээ хүргээрэй гэж захисан. Тэр захиасын дагуу монгол хөгжмүүдээрээ уран бүтээл хийсэн дээ.

-Таны “Хэдгэнийн нислэг”, “Тань руу нүүж явна” гэх мэт уран бүтээлүүд хэдийнэ өөрийн сонсогчидтой болсон. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би хамгийн сүүлд “Бөртэ” гэх уран бүтээлээ гаргасан. Түүнээс хойш шинэ уран бүтээл дээр хараахан ажиллаагүй байна. Шоугаа дуусгачихаад уран бүтээлдээ эрч хүчээр дүүрэн орох болно. Маш олон зүйлийг хийх хүсэл тэмүүлэл оргилж байна. Үүнд мэдээж шоу маань нөлөөлж байгаа. Энэ шоунд орсноор би өөрийгөө нээж, олж чадсан. Тиймээс шоунаас олж авсан бүхнээ уран бүтээлдээ тусгаад цааш нь үргэлжлүүлээд явах болно.

-Аав тань урлагийн хүн байдаг уу?

-Аав минь дулааны инженер мэргэжилтэй. Гэсэн ч маш авьяаслаг, урлагт элэгтэй хүн л дээ. Би дуулах авьяасаа ааваасаа өвлөсөн гэж боддог шүү. Харин ээж минь УДБЭТ-д төгөлдөр хуурч мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаад одоо СУИС-д багшилдаг. Би нэг эгчтэй. Эгч минь урлагаас тэс ондоо мэргэжилтэй хэдий ч төгөлдөр хуурыг маш сайн тоглодог. Харин миний хувьд одоогоор “Орчлон” сургуульд төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Оюутан байхаасаа л багшилж эхэлсэн дээ. Тасралтгүй 13 жил багшилчихсан байна шүү.

-Та гэр бүлтэй юү?

-Одоогоор гэр бүл зохиогоогүй байна. Миний хувьд гэр бүл зохиоход яардаггүй. Гэр бүл зохиохоос өмнө өөрийгөө маш сайн хөгжүүлж, боловсруулах хэрэгтэй гэж боддог.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаж эдийн засагч болох вэ?

-ФЕЛЬЕТОН-I-

Эдийн засаг нь эдийн засагчийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид эдийн засгийн уналтын үндсэн шалтгаануудын нэг болох нь олонтаа. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдын нэр хүнд өндөр байдаг ба үүнийг эдийн засгийн зургадугаар хууль гэдэг.

Эдийн засагч хүн сургуульд олж авсан боловсрол болон шинжлэх ухаан техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал, эгэл хүн, эдийн засагч хүн хоёр хонь тоолж байна гэж саная.

Эгэл хүн хониныхоо зөвхөн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр тоолно. Харин эдийн засагч хүн хонины хөлийг тоолох ба гарсан дүнг нь дөрөвт хувааж үнэн зөв хариуг гаргана. Энэ бүхнээ тооны машин ашиглан бодно.

Эдийн засагчид тооцоо хийхдээ өрхийнхдөө ашиг олохоор, улсынхыг өндөр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч хүн ямар ч муу мэдээг хүнд хүргэхдээ утга санааг нь өөрчлөхгүйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал, нэг хүнд ногдох хүнсний хэмжээ багассан тохиолдолд “Нэг хүнсэнд ногдох хүний тоо нэмэгдлээ” гэж мэдээлэх жишээтэй.

Эдийн засагчийн хувийн ТYЦ дээр ихэвчлэн “идэвхтэй баланс” ажиглагддаг бол улс орны хэмжээнд очихоороо “идэвхгүй баланс” болдог. Эдийн засагч хүнээс мөнгө авах болбол шууд газар дээр нь тоолж авах ба үүнийг “дебeт” гэнэ. Харин эдийн засагч хүн бусдад өгөх мөнгөө хэзээ ч шууд үл өгөх ба өөр хэн нэг хүнээс авчих, надад өглөгтэй хэмээн гуйлга гувчуулах бас түүнийг “кредит” гэнэ. Эдийн засагчид бүх юмыг тэр ч бүү хэл, хайр сэтгэлээ ч арвилан хэмнэдэг байх шаардлагатай.

Саяхан “Сант марал” сангаас нийслэлийн 1000 дурлагчийн дунд явуулсан судалгааны дүнгээс харахад сонин дүр зураг гарч байна. Эдийн засагч бус дээд боловсролтой хүн 40 наслахдаа хориод удаа дурласан байхад мөн ийм насны эдийн засагч хүн түүнээс гуравны хоёроор цөөн дурласан байх ба нийт дурлалтын 99 хувьд нь өндөр үр ашигтай байжээ.

Гэтэл цаад жирийн дурлагчийн нийт дурлалын наяад хувьд ашиггүйгээр үл барам тал хувь нь илэрхий алдагдалтай байжээ. Энэ судалгаагаар эдийн засагч хүн нэг дурлал тутмаас дөрвөн дурлал хэмнэж байгаа нь ажиглагдсан байна. Зарим эдийн засагчид амь насаа хэмнэх үүднээс эрт нас барах тохиолдол ч ажиглагддаг гэж зарим судлаачид бичсэн байдаг.

1996 он