Categories
мэдээ спорт

Шигшээ багийнхнаас бусад нь хувийн зардлаар Инчён явжээ

Өмнөд Солонгосын Инчён хотод болж буй Азийн зуны спортын 17 дугаар наадамд шигшээ багийн 90 тамирчнаас бусад нь буюу 140 тамирчин хувийн зардлаараа оролцсон байна. ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан ийм мэдээлэл өгчээ.ССАЖЯ-ны зүгээс Инчёны Азийн  наадамд зориулан 47 сая төгрөг төсөвлөсөнөө Монголын Үндэсний Олимпийн хороогоор дамжуулан шигшээ баг болон нийт оролцож байгаа тамирчдадаа гэрээ байгуулан олгосон юм байна. Сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчдаас гадна гандболын багийн 20 гаруй хүний бүрэлдэхүүн ч өөрсдийн зардлаар Инчёны Азийн наадмыг зорьжээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга Лондон хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захрагч Э.Бат-Үүл ИБУИНВУ-ын Лондон хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Лондон хотын дарга Борис Жонсон, Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд Захирагч Фиона Вүүльф, Европын сэргээн босголтын банк, Лондогийн хөрөнгийн бирж болон бусад бизнес, санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Монгол Английн бизнес форумд оролцсон байна. Форумын үеэр Улаанбаатар хотыг хөгжүүлэх алсын хараа, чиг зорилтын хүрээнд төлөвлөж байгаа болон хийж буй ажил төслүүдийн талаар танилцуулсан байна. Мөн эдгээр төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.

Лондон хотын дарга ноён Борис Жонсонтой уулзсан уулзалтаар Галын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг бүс нутагтаа аялал жуулчлалын төв болгох ажлын хүрээнд Лондон хотын туршлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг дурдсан байна. Мөн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотод Олон улсын санхүүгийн төвтэй болох асуудлаар СитиЮКэй санхүүгийн байгууллага болон Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд захирагчтай уулзсан бөгөөд цаашид энэ асуудалд тулгуурлан хоёр хотын харилцааг санхүүгийн салбарт өргөжүүлэх талаар мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ спорт

Эрэгтэй сагсчид өнөөдөр Филиппины багтай тоглоно

Азийн олимп буюу “Инчён 2014” БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байгаа билээ. Манай улсын эмэгтэй сагсчид өчигдөр Катарын багтай тоглосон.

Тоглолтын эхний үед 24-19 харьцаагаар тэргүүлсэн ч хоёрдугаар үед дөрвөн онооны зөрүүтэй хожигдсон. Тоглолт дуусах үед оноог ойртуулах гэсэн ч амжилтгүй болж 78-87 харьцаагаар хожигдол хүлээсэн. Тус тоглолтод О.Ууганбаяр 25 оноог авсан бол Б.Билгүүн 21 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн юм.

Ийнхүү хожигдсон тул манай улсын шигшээ өнөөдөр буюу 10-р сарын 1нд VII байрын төлөө Филиппины багтай тоглоно. Тоглолт 14.15 цагт эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

2015 онд баримтлах мөнгөний бодлогыг батлах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өчигдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Макро эдийн засгийн тогтвортой байдал нь төлбөрийн тэнцлийн эерэг орчин, инфляцийн нам, тогтвортой түвшин, бодит эдийн засаг тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчин бүрдсэнээр хангагдана. Эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал нь эдийн засгийн шингээх чадвар, хуримтлал, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, төлбөрийн тэнцлийг тогтвортой сайжруулах бодлого болон төсөв, мөнгөний зохистой бодлогын хослолын үр дүнгээс хамаарна. Иймд Монголбанк 2015 оны мөнгөний бодлогыг эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, улмаар эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Улсын Их Хурлын даргад  танилцуулжээ.

Categories
гадаад мэдээ

Америкт эбола вирусын халдвар илэрлээ

3000 гаруй хүний аминд хүрсэн эбола вирусын халдвар АНУ-д илэрлээ. АНУ-ын Техас мужийн Даллас хотын оршин суугч эрэгтэйд эбола вирусын халдварын шинж тэмдэг илэрч, түүнийг бусдаас тусгаарлажээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө эбола вирусын халдвар өргөн тархсан орнуудын нэг Либери улсад аялж яваад ирсэн юм байна. Тэрээр өнгөрсөн есдүгээр сарын 20-нд АНУ-д ирсэн аж. Үүнээс дөрөв хоногийн дараа түүнд эбола вирусын халдварын шинж тэмдэг илэрч эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Техас мужийн эмнэлэгт шинжилгээ хийлгэн эбола вирусын халдвар мөн болохыг тодруулжээ. Одоогоор эмч, мэргэжилтнүүд түүнтэй харьцсан хүмүүсийг тодруулан шинжилгээнд хамруулж, 21 хоногийн турш биед нь ажиглалт хийж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын хурандаа Д.Цогтбаатар хэлмэгдсээр байна

Анх Д.Цогтбаатарыг улсын нууц задруулсан хэргээр шалгаж эхэл­¬¬сэн байдаг. Тэр үед хурандаа Д.Цогтбаатар өөрөө албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулах хүсэлт гаргасан байдаг юм. Дараа нь түүнийг Германы иргэнээс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан цагдан хорих хугацааг нь сунгасан юм. Гэтэл германы иргэнтэй холбоотой гэх хэргийг нь хэдхэн хоногийн өмнө УЕП-с хэрэгсэхгүй болгосон байна. Өд­гөө ч Д.Цогтбаатар ямар нэг гэм буруугүй мөртлөө буруутан мэт өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулсаар сууна. Түүнийг эрх мэдэлтэй хүний ху¬вийн өс хонзонгийн улмаас хорьж, ямар нэг хэрэгт унагаах, ял оноох гэсэн бодлого үргэлжлээд бай­гаа гэдэг. Тиймдээ ч хэрэг нь шийдвэрлэгдээгүй, олон янзын хэрэг тохоож, АТГ-т харьяаллын бус хэргээр шалгаж, 230 гаруй хоног хориод байна. Ингэж удаан хорьчихоод ямар нэг ял сонсгохгүй бол АТГ,  Прокурор, Шүүх буруудна. Тиймээс ямар нэгэн ял оноохоор хичээж байгаа бололтой.  АТГ-ын олон нийтэд цацаж байгаа мэдээллээр Д.Цогтбаатар гэмт хэрэг үйлдсэн, АТГ сайн ажиллаж байгаа гэж бодохоор. Үнэндээ хууль сахиулах чиглэлээр ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийн дүгнэлт, яриагаар манай хуулийнхан ямар бантан хутгаж байгаа, тэр нь орчин цагийн хэлмэгдүүлэлтийн өнгө төрх болж харагдаж байна. Төрийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан жирийн нэгэн албан хаагч эрх мэдэлтний хувийн өс хонзонгоос болж эрх чөлөөгөө хасуулж хэдий болтол хоригдсоор байх вэ. Ардчилсан манай улсад шинэ цагийн хэлмэгдүүлэлт хэдий болтол үргэлжлэх вэ. Д.Цогт­баатарт холбоотой хэргийн талаар ирээ¬дүйд кино хийхээр яриа гарч бай­на. Кино зохиолын гол баатар нь хэл­мэгдэгч, хэлмэгдүүлэгчид байх бол­но. Монгол Улсын түүхэн дэх он цагийн хэлмэгдүүлэгчид тухайн үед эрх мэдэлдээ дулдуйдаж нүгэл хий­дэг боловч цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдсээр байх болно гэдгийг энэхүү кино харуулах биз ээ.

ТАГНУУЛЫН ХЭСЭГ АХМАДААС

Categories
мэдээ цаг-үе

Ц.Уянга: Дөчин мянгатыг нураавал хотын уламжлалт соёл үгүй болно

“M.A.D Mongolia” ком­панийн гүйцэтгэх захирал Ц.Уянгатай ярилцлаа.
Түү­нийг зарим хүмүүс твиттерт “Элийрэгч” гэх нэрээр жиргэдгээр нь мэдэх болов уу.

-Олон
нийтийн сүлжээнд яагаад Элийрэгч гэх нэрээр өөрийгөө илэрхийлэв?

-Хар тамхитай холбож ойлгохоос өмнө элийрнэ гэдэг үг чинь байсан
шүү дээ. Тэр үг чинь өөрөө бас нэг утга илэрхийлж байгаа. Би эхлээд өөрийнхөө нэрээр
жиргэдэг байсан.

Бидний тархийг улс төрчид аягүй хурдан угаачихдаг байсан бол твиттерт
тэгж чадахгүй болж, өөрчлөгдсөн. Гэхдээ олон сөрөг тал бий л дээ. Ямар ч юм байсан
харлуулж байдаг сөрөг талтай. Сайн тал нь гэвэл мэдээллийн эх сурвалж төрөл бүрийн
өнцгөөс орж ирдэг. Тэрэн дотор уншигч өөрөө анализ хийж чаддаг чадвартай болдог.
Өмнө нь мэдээллийн хэрэгслүүд захиалгаар хүний тархинд мэдээллийг программчлаад
суулгадаг байсан бол өнөөдөр твиттер өөрөө мэдээллийн эх үүсвэр болчихсон. Тэндээс
медиа нь юмаа түүж авч, янз бүрийн анализ хийж, төлөвшиж эхлэх сууриуд нь тавигдаж
байна.

-Мэдээллийн
хэрэгслүүд дун­даас сонин хожим хой­но нь баримт болон үлд­дэг учраас хамгийн хариуцлагатай,
үнэн хэлдэг нь. Ялангуяа өдөр тутмын сонин?

-Тийм, тийм. Бид гудамжаар явж байхдаа бие биенийхээ хэрэгт оролцдоггүй
шүү дээ. Тааралдсан таньдаг, таньдаггүй хүн болгон юм хэлэлцүүлээд явна гэдэг амьдралд
байх боломжгүй асуудал л даа. Үүнийг эвдэж өгсөн зүйл бол ерөөсөө сошиал ш дээ.
Сошиал янз янзаар л үүссэн. Явсаар байгаад сошиал хэрэгсэл болон хувирлаа. Твиттер
бол тодорхой сэдэв дээр явдаг. Түүгээрээ сошиалын хүчтэй хэрэгсэл гэгдээд байна
л даа, ямар ч улсад. Ганцхан Монголд биш, твиттерт жиргэж байгаагаар, жиргээчдийн
үзэж байгаагаар гээд тулгуурладаг. Гэхдээ энэ нь мэдээллийн эх үүсвэр, хариуцлага
хүлээх ямар ч эх үүсвэр болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн.

Твиттер бол хиймэл ертөнц. Өнөөдөр твиттер яагаад олон хүнийг ингэж
татаж чадаж байна аа гэвэл бид нарт хүн ёсоор байх ёстой хязгаарууд гэж байгаа шүү
дээ. Тэр хязгааруудыг ер нь дэлгэж өгсөн. Ёс зүйн л асуудал байхгүй юу. Хүн ямар
ёсзүйгээр тэр хязгаарыг давах вэ гэдэг нь өөрийнх нь ухамсрын асуудал.

Би уурлахаараа орж ирээд хашгирчихдаг. Бухимдахаар бүх юмаа ярьдаг.
Тэгэхээр твиттерт цензур тавих бололцоо байхгүй юм байна. Үүгээрээ хүнийг татаж
байгаа юм байна. Хүний дотор хумигдмал, хуваалцах боломжгүй бүх юмыг нээлттэй орхиод,
тэр боломжийг нь олгоод байгаа болохоор твиттерт татагдаад, донтоод байна л даа.
Юунд ч юм донтохыг элийрэл гэж үзээд байгаа. Тэгэхээр бүгдээрээ твиттерт элийрчихээд
байгаа улсууд байхгүй юу, бид. Донтолтын хувьд сэтгэцийн хамааралтай болцгоочихоод
байна шүү дээ. Сошиал ертөнц бидний амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон.

-Та
өдөрт хэдэн удаа жиргэдэг вэ. Жиргэхгүй өдөр байх уу?

-Жиргэхгүй үе байна аа, байна. Нийгэм бүхэлдээ хя­налтад дургүй байна.
Ялангуяа улс төрчдөөс авахуулаад. Өрсөлдөх чадвараа алдаад эхлэнгүүтээ нөгөөдөх
рүүгээ дайраад эхэлдэг. Иймэрхүү өрөөсгөл зүйл байгаа ч буцаад байрандаа орно л
доо. Нэг хэсэг улс төрчөөс өгсөн талхны захиалгаар явдаг байснаа талхны захиалга
нь ирэхээ болих юм уу, эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж чадахаа больчихоор нөгөө тэнд
байгаа хүмүүс нь муухай болоод хувирчихаж байна. Энэ бол эффект нь явж байгаа юм.
Хэнд хамгийн эмзэг тусч байна. Тэр нь эвгүй үйлдэл гаргаж байгаа юм. Түүнээс биш
нийтэд нь хэлсэн бол нийтээрээ л дуугарах байсан ш дээ. Ер нь тэгдэг. Хэнийг эх
үүсвэрээс нь салгаж, орших нөхцөлийг нь алдагдуулж байна тэр хүн л хамгийн ихээр
эсэргүүцдэг. Твиттерт орохын тулд ажил хийж байгаа юм шиг суухгүй. Би замд явж байхдаа
ч орж болно. Миний хувьд ажлын цагаар жиргэх нь бага л даа. Цайны цагаар ордог.
Тухайн өдрийн явж байгаа сэдэв дээр хэд хэд оролцоно. Хүний амьжиргааны эргэлт нь
хүнийг хаана, ямар хэмжээгээр оролцохыг хэлээд өгчихдөг болохоос биш тэр нэг улстөрчийн
захисан, загнаснаар би өдөрт төдөн цаг твиттерт орно гэж төлөвлөгөө гаргана гэж
байхгүй.

-Твиттерчдийн
мэдээллээ олж авдаг эх сурвалж нь юу юм бэ?

-Твиттер өөрөө ш дээ.

-Твиттерчид
мэдээллийн хэрэгсэл буюу сонин хэвлэлийг эх сурвалжаа болгоод байдаг биш билүү?

-Твиттер өөрөө гэдэг нь сайтууд л даа. Сайтууд дээр хамгийн түрүүлж
гарч байгаа юмнууд. 

-Жиргээчид
мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ сэлтийг иш татаж шуугидаг?

-Ихэнхдээ зорилготой цөөнх явж байгаа ш дээ. Хоёр намын боловсруулдаг
залуучууд яваад байгаа юм. Тэд нар чинь массыг яаж эргүүлэх вэ гэдэг дээр бэлтгэгдчихсэн.
Тэд л шуугиан тарих юмыг тасдаж аваад жиргэдэг зорилготой.

-Твиттерт
шуугиан дэгдээлээ л гэдэг. Тэр нь үнэндээ нийгэмд мэдрэгддэг юм уу. Тэгэсгээд л
явцуу хүрээнд болоод өнгөрдөг. Үнэхээр шуугиан дэгдээж чаддаг уу?

-Чаддаг.

-Жишээ
нь?

-Сайтан дээр мэдээ гарлаа. Тэрнээс нэг эвгүй хэлсэн үг юмуу, нэг
хэсгийг нь тасдаад авлаа. Ямар ч газарт нийгмийн идэвхт бүлгүүд юмыг зөв авч явдаг.
25-аас доош насныхан буюу оюутнууд юу юугаа ч мэдэхгүй түүхий, хашгирч орж ирдэг.
Ялангуяа сонгууль дөхөхөөр оюутнууд олноороо оролцдог. Үүнийг нийгэм шуугиад гэж
ярих нь утгагүй. Нийгмийг шуугиж байгаа юм шиг харагдуулах гэсэн сегмент байна.
Тэд нь голдуу улс төрчид.

-Хуучирсан
зарим орон сууцыг нураалгахын эсрэг зогсч, орцыг нь засч авч үлдэхийг зорьж байгаа
тань харагдаж байна?

-Шинэ юм гэдэг бол нэлээд сайн мартагдсан хуучин юмыг хэлдэг гэдэг.
Эдийн засаг юун дээр тогтдог вэ. Зах зээл дээр тогтдог. Тэгвэл зах зээл хаанаас
бий болдог вэ гэхээр амьжиргаанаас. Амьжиргааг хаанаас бий болгодог вэ гэхээр ихэвчлэн
түүх байдаг байхгүй юу. Амьдралын түүх. Тэрийг алга болгочих юм бол хэзээ ч, ямар
ч эдийн засаг бий болохгүй. Дахиад амьжиргаа, түүх явагдаж байж тодорхой түүхийн
улбаа бий болж эдийн засгийн харилцаа буй болдог.

Хүн төрөлхтний, дэлхийн үүх түүх гээд өчнөөн юмыг ярьж ярьчихаад
эцэст нь өөрийнхөө түүх рүү өнгийж ч хараагүй байж, муухай байна, устга гээд одоо
тэр Хонконг энэ тэр шиг нь болно гэж ярьж болохгүй. Өөртөө ч, хүнд ч таалагдахгүй
байна гээд гоо сайхны хагалгаанд бүтэн орлоо ч та өөрчлөгдөхгүй шүү дээ.

-Нэгдүгээр
Дөчин мянгатыг нураалгахгүй хэмээн зүтгэдэг тань юутай холбоотой юм бэ?

-Дөчин мянгатыг 1956 онд барьсан гэхээр одоо жаран ч нас хүрээгүй
байгаа байхгүй юу. Европ юун дээр тогтсон юм бэ. Хөрөнгөн дээр л тогтсон. Хөрөнгийг
маш сайн үнэлж, хамгаалдаг. Тэгж байж хөрөнгөтнүүд нь шашиндаа мөнгө хандивлаж,
хаягдаж яваа нийгэмдээ анхаарал хандуулдаг. Хөрөнгөтнүүд тийм сайхан сэтгэлтэй юм
уу гэвэл үгүй. Хөрөнгөө л хамгаалах гээд байна шүү дээ. Хөрөнгөтэйгөө, сайхан амьдрахын
тулд гудамжинд гараад өлсгөлөн, гэмт хэрэгтнүүдээр хүрээлүүлж, хөрөнгөө шатаалгачихгүйн
тулд тэдэнд зориулагдсан системд үйлчлэх шаардлага бий болдог. Тэгж байж хамтаараа
явдаг. Азид бол хаандаа үнэнч. Хаан нь сайхан явах ёстой гэсэн авторитар үзэлтэй.
Манайд хааныг хүлээн зөвшөөрдөггүй, хамтын амьдралыг ч хүлээж авдаггүй.

Европынхон хуучнаа ерөөсөө устгаагүй, хэзээ ч нийслэлээ нүүлгээгүй.
Тэгсэн хэрнээ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн үзэсгэлэнтэй хотуудтай.
Бид өмд авах гэж Лондон руу явдаггүй. Лондонгийн бэлгэдэл болсон зүйлсийг үзэх гэж
л очдог. Түүхтэй газарт хамгийн үнэтэй зүйл бий болдог. Тэнд л соёл бий болдог.
Гэтэл Монголд үзээд өгье гэсэн ч түүх байна уу.

-Байгаа
шүү дээ?

-Тэгээд яагаад өөрийнхөө түүхийг үзэн ядах гээд байгаа юм бэ. Түүх
эхлээд явж байна шүү дээ. Дөчин мянгат бидний эхлэл. Эхлэлээ устгачихвал бидний
түүх үгүй болно. Улаанбаатар хот байхгүй болно.

-Дөчин
мянгатын байрууд чинь хана туургаасаа эхэлж нурж, сантехник нь авах юмгүй болчихоод
байгаа нь нураах гол шалтгаан болоод байгаа юм биш үү?

-Дөчин мянгатын байруудыг ноорхой муухай байлгах сонирхол яваад байна.
Хүний өмч үнэ цэнэгүй болно. Таны өмч хөрөнгө үнэгүй болбол тантай наймаа хийхэд
хялбар болно. Та өмчөө маллаад, үнэлгээ нь нэмэгдээд байвал наймаа хийхэд хэцүү
болно шүү дээ, тийм биз дээ.

Хүний амьдралыг баталгаажуулдаг ганц зүйл чинь хөрөнгө шүү дээ. Би
маргааш ажилгүй болно, өвдөөд гэртээ хэвтэнэ, эсвэл байраа барьцаалж зээл авна.
Би үхнэ надад үлдэж байгаа нь хөрөнгө. Ядахдаа намайг өнгөрөхөд миний хүүхэд гудманд
гарахгүй. Тийм болохоор хөрөнгөө л хамгаалах ёстой, уг нь. Хөрөнгөө хамгаалах гэхээр
хамгаалуулахгүй байна ш дээ. Хөрөнгөө хамгаална гэдэг чинь үнэлгээтэй байлгахыг
хэлдэг. Хөрөнгөө үнэлгээтэй байлгая гэхээр болохгүй, болохгүй гэсээр байгаад сүүлдээ
өөрсдөөсөө няцахад хүргэж байна.

Хуучин байраа хямд өгөөд бэлэн шинэ байранд орж болно. Ядуу үзэлтэй
хүн ядуу л амьдардаг. Гэнэт сугалаагаар сая доллар хожсон хүн таван жилийн дараа
өнөө л ядуу чигээрээ үлдсэн байдаг. Ядуу байх нь сэтгэлгээтэй холбоотой. Тэрэнтэй
адилхан гэр орноо арчилдаггүй, заваан хүнийг хичнээн тансаг ордонд авчраад нэмэргүй.
Өмнөх чигээрээ л байдаг.

-Дөчин
мянгатыг үлдээх шалтгаан, түүх нь юу юм бэ?

-Түүх байгаа. Түүнийг нь муухай гэж ойлгуулах гээд байдаг. Цирк рүү
явдаг гудманд нарны цацрагтай усан оргилуур бий болоод буга бэлчээд л, тухайн үед.
Э.Бат-Үүл, С.Баяр, Б.Долгион нарт үнэт зүйл байгаад байгаа байхгүй юу, түүх яриад
байгаа юм шиг боловч. Тэд “Бид “Битлз”-ийг сонсоод, орцонд гитар тоглоод, пянз солилцоод
л” гэж ярьцгаадаг. Яагаад гэвэл энэ бүхэн нь үнэтэй учир “Битлз”-ийн хөшөө хүртэл
байгуулсан. Соёлын үрийг тариад явж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр хүүхэд залуус
“Битлз”-ийн хөшөөний дэргэд уулзъя” гэж ярьж байна.

Тэгтэл хотыг анх үүсгэсэн, Улаанбаатарын анхны хороолол болсон Дөчин
мянгатыг яагаад үгүй хийх гээд байна вэ. Дөчин мянгат гэдэг чинь жаахан газар, гэтэл
хот чинь мега. Хэдэн хорооллын асуудлыг шийдэж чадахгүй байж хотыг бүхэлд нь нураая
гээд байгаа нь утгагүй. Одоо байгаа гэрээ цэвэрлээд аваад явчихаж чадахгүй байж
өөр бэлэн юм хайгаад л. Паар нь хагарахад засчихъя гэхийнхээ оронд шууд л өөр шинэ
газарт очъё гэдэг.

-Та
Дөчин мянгатад өсч дээ?

-Нэгдүгээр Дөчин мянгатад хамгийн анхны байрыг манай өвөө авсан байдаг.
Тэрэндээ одоо болтол амьдарч байна. 98 настай буурай. Улаанбаатар хотын хамгийн
анхны төлөвлөлтийн хуралд оролцож байсан хүн. Оросуудын хэлж байсан юмнуудыг протоколдоод
сууж байсан гэдэг. Миний ээж, аав Улаанбаатарыг өлгийнөөсөө дөнгөж задарсан хүүхэд
шиг байхаас нь нүдээрээ харж өссөн хүмүүс. Бүх үүх түүхийг нь ярьдаг. Ярьсан түүхүүдийг
нь сонсохоор “Улаанбаатар чинь тийм том түүхтэй байсан юм уу” гээд харамсмаар. Би
чинь эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд.

Бид уурхайгаа тойроод суурин байгуулаагүй, тийшээ очиж амьдарсангүй.
Дотоодын эдийн засаг юун дээр тогтож байна вэ гэхээр хотжсон эдийн засаг дээр тогтож
байна. Зах зээл хаана байна вэ, Улаанбаатарт байна. Зах зээлийн бөөгнөрөл энд л
байна. Чингэсийн талбайг тойрсон засаг захиргааны нэгжүүд, банкууд гээд ашигтай
байршлыг эдийн засаг дагаж байна. Дөчин мянгат бол бидний уламжлалт соёл. Хөгжил
гэхээр гоё цэвэрхэн, шилэн барилга гэж боддог. Хэрвээ Дөчин мянгатыг нураавал түүх
алга болно. Түүх алга болбол уламжлалт хотын соёл үгүй болно. Хотын соёл алга болбол
эдийн засаг зогсоно.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын зах зээлд нийлүүлж буй коксжих нүүрсээрээ Монгол Улс хоёрт бичигдэж байна

Хамгийн сүүлийн мэдээгээр австраличууд Хятадын зах зээл дээр коксжих
нүүрсний нийлүүлэлтээрээ хол тасархай тэргүүлж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн
худалдан авч буй металлургийн нүүрсний 47.3 хувийг Австрали эзэлжээ. Харин Монголоос
нийлүүлж буй коксжих нүүрсний хувь 23.9. Энэ нь Австралийн дараа хоёрдугаарт жагсч
байгаа үзүүлэлт. Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар 13 сая тонн коксжих
нүүрс гаргачихаад байна. Манай араас ОХУ 10.4 хувьтай нэхэж явна. Хойд хөршийн дараа
Канад, АНУ, Индонези гээд жагсч байна. Монголын хувьд гурван жилийн өмнө  Хятад гэдэг аварга зах зээлийн худалдаж авсан
коксжих нүүрсний 44.9 хувийг хангаж байсан юм. Бараг тал хувь нь гэсэн үг. Энэ тоо
2012 онд 35.6, өнгөрсөн жил 20.5 хувь болж буурсан. Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос
өссөн шалтгаан нь Таван толгойн Баруун, Зүүн Цанхиас зэрэг олборлолт хийж мөнгөөр
нь зарж байгаа явдал. Өмнө нь зөвхөн Зүүн Цанхиас “Чалко”-гоос авсан өрөндөө нүүрс
өгч байсан юм. Урд хөрш рүү нүүрс экспортлогчид 
гэвэл “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “МАК”, орон нутгийн “Таван
толгой”, “Саусгоби сэндс” гэсэн таван компани бий.

 Экспортолсон коксжих нүүрсний
биет хэмжээгээрээ Австралийн дараа хоёрдугаарт жагссан нь олзуурхмаар ч нүүрснээс
олох орлого маань бараг хоёр дахин хумигдаад байгаа. Орлого хумигдахад нөлөөлсөн
хоёр шалтгаан бий. Нэг дэх нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан явдал. Гэхдээ
эрчимтэй уруудаж байсан нүүрсний үнэ өнгөрсөн саруудаас тогтворжиж эхэлсэн, аажимдаа
бага багаар өснө гэсэн таатай мэдээ бий. 
Хоёрдугаар шалтгаан нь нүүрс тээвэрлэлтийн өртөг. Австрали нүүрсний үнэ унасан
үед ч хар алтаа зараад аятайхан амьдраад байгаа нь тээврийн зардалтай холбоотой.
Тээврийн зардал нь хямд учраас урд хөршийн 
коксжих нүүрсний зах зээл дээр гялалзаж байна. Австраличууд 100-200 тоннын
хөлөг онгоцон дээр нүүрсээ ачаад Хятадын далайн боомт дээр буюу эцсийн хэрэглэгчдэдээ
хүргэдэг. Ингэж хүргэхдээ нэг тонн нүүрсэнд 12-15 ам.долларын зардал гаргадаг. Гэтэл
монголчууд 40-60-хан тонны машинаар Хятадын хилийн захад  нүүрсээ аваачихдаа нэг тонн нүүрсэн дээр хориос
дээш ам.долларыг тээврийн зардал, бас бус 
өртөг болгож  “агаарт хийсгэдэг”. Нүүрс
их хэмжээгээр гаргасан ч шальтай мөнгө олохгүй байгаагийн цаад шалтгаан нь энэ.
Нүүрсний экспортын үнэ цэнийг унагаж байгаа зүйл бол ердөө л дэд бүтэц гэдгийг сая
дурдсан тооноос харчихаж болно. Тэгэхээр нүүрсээ үнэд хүргэе гэвэл төмөр зам, төмөр
зам, бас дахин төмөр зам гэхээс өөр арга 
алга. 

Их хэмжээгээр нүүрс экспортлож буй хэр нь төсөвт хаягласан  мөнгө чамлахаар байгаагийн бас нэг шалтгаан  нь дундын компаниудын хандлагатай холбоотой гэж
салбарынхан ярьж байна. Манай нүүрсийг Хятадын хил дээрээс аваад цааш нь хэрэглэгчдэд
хүргэдэг компаниудыг дундын гэж тодотгодог. Австралид үер болж Монгол нүүрс моодонд
орж байх үед дундын компаниуд манай нүүрсийг 
өрсөлдөж авдаг байв.  Бүр урьдчилж
мөнгөө төлж байгаад авдаг байсан цаг тийм ч эртнийх биш. Манайхан ч урьдчилж ахиу
мөнгө төлсөнд нь нүүрсээ өгдөг байлаа. Харин одоо байдал өөрчлөгдсөн гэдгийг нүүрс
экспортлогчид нуудаггүй. Урьд нь монгол компаниуд гэдийдэг байсан бол өнөөдөр  Өмнөд Монголын захиргаанд бүртгэлтэй дундын компаниуд  “Нүүрсээ тэдээр  өгвөл өг, гэхдээ мөнгийг нь одоо өгч чадахгүй
шүү. Цааш нь зарчихаад дараа нь өгнө” гэж гэдийдэг болжээ. Манайхан ч урд хөршийн
зах зээл дээр нэгэнт эзэлсэн байр сууриа 
унагахгүйн тулд хэлсэн үнэд нь нүүрсээ өгөхөөс аргагүй байдалд байгаа. Алдагдалтай
гээд нүүрсний нийлүүлэлтээ зогсооё гэхээр хожим эрсдэлтэй учраас тэр л дээ. Нийлүүлэгчдээ
алдчихвал нүүрсний үнэ өсч, хар алтны зах зээл сэргэхэд  орон зайгаа эзэлж чадахгүй шахагдах эрсдэл бий.
Ийм шалтгаанаар нүүрс экспортлогч компаниуд алдагдал хүлээсэн ч нүүрсээ гаргаж байна.

Дундын компаниудын хувьд өмнө нь урт хугацааны буюу жилийн гэрээ
байгуулдаг байсан бол байдал хүндрэнгүүт 
нэг удаагийн гэрээгээр нүүрс авдаг болж. Эндээс манай компаниуд байнгын түншгүй
болсон гээд дүгнэлт хийчихэд хэтрүүлэг болохгүй. Өмнө нь зах зээлийн жамаар арилжаагаа
хийж,  урт хугацааны түнш компаниудтай байсан
нүүрс экспортлогчид өнөөдөр “Шинхуа”, “Чалко” 
зэрэг төрийн өмчит компаниудтай нүүр тулж байгаа. Төрийн өмчит компаниуд
яах нь тодорхой. Монголын нүүрсийг нэгдсэн бодлоготойгоор хямд үнээр авч таарна.
Ер нь нүүрсний зах зээлийг ажиглахад ингэж дүгнэх хангалттай үндэслэл бий. Манай
улсын бодлогын тогтворгүй орчин, дэд бүтцийн сул  байдал урд хөршийн хувийн компаниудыг нүүрсний
зах зээлээс үргээсэн гэчихэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ сиймхийг ашиглаад төрийн
компаниуд нь хувийнхнаа шахаж орж ирсэн нь ч бодит үнэн.

 

БИДНИЙ ӨРСӨЛДӨГЧ ХЭН БЭ?

Австрали бол тодорхой. Одоогийн байр сууриа тавьж өгтлөө өдий. Монголын
хувьд хүчтэй гол өрсөлдөгч гэвэл Орос байна. Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу
манай сонинд өгсөн ярилцлагадаа “Нүүрсний зах зээл ирэх оноос сэргэх хандлага байгаа
учраас нүүрсний салбарт өрсөлдөөн ширүүсч байна. ОХУ экспортынхоо хэмжээг өсгөнө
гэдгээ зарлачихлаа. Америкаас нүүрс нийлүүлээд эхэлчихсэн. Индонези, Австрали нүүрсний
үнийн уналтыг тоо хэмжээгээ өсгөх замаар давж байна. Тэгэхээр өрсөлдөөн улам ширүүсч
байна” гэж онцолж байсан. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран ч
нүүрсний салбарт манай хүчтэй өрсөлдөгч олон бий, нэг нь Орос гэж онцолж байна.
Тэрээр “Наад захын жишээ гэхэд л Элгагийн орд байна. Манай Таван толгойтой эн зэрэгцэхээр
орд. 2009 онд хөрсийг нь ч хуулаагүй байсан бол өнөөдөр ашиглалтад орж, төмөр зам,
угаах үйлдвэрээ бариад  нүүрсээ зөөж байна.
Тувад бас нэг нүүрсний том орд бий. Манай баруун талаар төмөр зам тавьж нүүрсээ
гаргах гэж ярьж байна. Тувагаас цааш Алс Дорнодоор зөөвөл ашиггүй учраас тэр. Гэсэн
хэрнээ Якунин манай Таван толгойн нүүрсийг Алс Дорнодоор зөөх ухааны юм ярьж байсан
удаатай. Эдийн засгийн эрүүл саруул сэтгэлгээний үүднээс харахад ч Владивостокоор
хэдэн мянган км явж байж далайд гаргана гэдэг ашигтай шийдэл биш. Хэрвээ ашигтай  бол манай баруун талаар нүүрсээ гаргая гэж дуугарахгүй
байсан” хэмээн ярилаа.

Хойд хөршийн хувьд 2010 онд нүүрсний салбарын хөгжлөө тодорхойлчихсон.
Бүр 2030 он хүртэл. Жил бүр төлөвлөгөөндөө тодотгол хийгээд идэвхтэй гэгч нь хэрэгжүүлээд
явж байгаа. Оросын тухайд нүүрсээ Ази руу гаргах гэж шамдах болсон нь цаанаа нарийн
шалтгаантай. Хойд хөрш Европын нүүрсний зах зээл дэх байр сууриа АНУ, Канад, Өмнөд
Африкийн орнуудад алдаад байгаа. Дээр нь Украйны хэрэг явдлаас болж Европ тивтэй
харилцах харилцаа нь илт хүйтэрчихсэн. Товчхондоо Хятад хойд хөршийн хувьд хамгийн
таатай зах зээл болоод байна. ОХУ нүүрсний том ордуудынхаа дэд бүтцэд Хятадын хөрөнгө
оруулалтыг татах болсон нь цаанаа ийм учиртай.

Өөр нэг мэдээ дуулгахад Оросын нүүрсний том ордуудын дэд бүтцийг
Хятадын хөрөнгө оруулалттайгаар барьж байгуулах ажил эхэлчихсан. Тэгэхээр Оросын  нүүрс хүссэн хүсээгүй Хятадын зах зээл дээр гарна
гэсэн үг. Хойд хөрш коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний том экспортлогч.
Манайх эрчим хүчний нөөц ихтэй улсын тоонд багтдаг ч одоохондоо экспортлож завдаагүй
яваа. Ингээд бодохоор Орос кокжсих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсэн дээр ч манай
хүчтэй өрсөлдөгч гэсэн үг. Төмөр зам, дэд бүтцээс эхлээд нүүрсний салбарт барих
бодлогоо тодорхой болгож эрчтэй ажиллаж эхлэхгүй бол коксжих нүүрсний зах зээлд
Австралийн дараа бичигдэж буй байр маань өнөөдрийнхөөс ухарч мэдэх бодитой шалтгаан
олон байна.  

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам тавих гэж айлын хаус нурааж байхаар завсар зай олоод бургасан дундуур сүлжсэн нь дээр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хурдны зам тавихаар болсон.  Манайдаа анхдагч уг томоохон бүтээн байгуулалтын ажил одоогоор зураг төслийн шатандаа явна. Хотын зүүн, баруун захыг холбосон 33 км үргэлжлэх энэ зам Туул голын эрэг дагуу тавигдах юм. Туул голын хурдны замыг тавих гэтэл яах аргагүй Монголын Ганнам болсон “River Garden” дундуур дайрахаар болоод байж.

Тиймээс хурдны замын зураг төслийг нь шинэчилж, тансаг хорооллоос жаахан урагш даялуулахаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Туул голын бургасан дундуур тавихаар шийджээ. Аль болох бургас хядахааргүй байхаар зураг төсөлд тусгасан гэнэ. Бургасан дээгүүр гүүр тавьж, эсвэл мод сүлжих маягаар замаа тавихаар болжээ.

Монголчуудын дунд баян хүмүүсийг үзэж чаддаггүй социализмын үеийн зан суртахуун байсаар ирсэн. Бүхэл бүтэн 90 жилийн турш “Баячууд бол хүний адаг” гэж сурталчилсны гороор хөрөнгөтнүүдийг үзэн ядах нь түгээмэл. Яг энэ зангаараа Туул голын хурдны зам тавихтай холбогдуулан эсэргүүцэгчид гарч ирлээ. Тэд “Баячуудын байшинг нураая” гэж бичиж ганц бахаа хангаж байна. Бургасанд хайртай хүн үй түмээрээ бий боллоо. Зөвхөн баячуудын байшинг нурааж бах таваа хангахын тулд Туул голын бургасыг хамгаалах хөдөлгөөн хүртэл байгуулагджээ. Үүнд УИХ-ын гишүүнээс авахуулаад жирийн твиттерчид хүртэл бүгд нэгдсэн байх юм. 

Энд тодруулах нэг юм байна. Баячууд бол хүний адаг биш. Монголын ард түмнийг тэжээж яваа хүмүүс. Зөвхөн ганцаараа баян гэж байдаггүй юм. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулж үүнийхээ ард олон хүний амьдрал ахуйг нь залгуулдаг, тэд. 

Яг та нар шиг Монгол Улсын л иргэн. Та нартай адилхан гэр орон, байр сууцтай байх эрхтэй. Иймээс Монгол Улсын иргэдийн байшинг нурааж зам тавихынхаа оронд хэдэн бургас сүлжээд, эсвэл дээгүүр нь ч юм уу зам тавьсан нь хамаагүй илүү ухаалаг хэрэг болно. Ер нь ч тэгээд бургасанд хайр зарлагчдын муу хэлээд байгаа хаустай баячууд гэгчийг дийлж зам тавьж болох юм уу. Яаж ч байсан дийлдэхгүй улс байгаа шүү дээ. Мөнгө бүхнийг захирдаг, энэ нийгэмд. Захирдаг хэрэгсэл буюу мөнгийг эзэмшдэг баячуудыг та нар худлаа шүлсээ үсчүүлээд дийлэхгүй байх өө. Тиймээс зам тавих гэж айлын хаус нурааж байхаар завсар зайгаар нь бургасан дундуур замаа тавьсан нь дээр дээ. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Азийн ШАР ХУВЬСГАЛ лууны хэвлийгээс ДҮРЭЛЗЭЖ ЭХЛЭВ ҮҮ

Одоогоос гурван жилийн өмнө Арабын орнуудад төрийн эрхэнд он удаан жил ноёрхсон дарангуйлагчдаа түлхэн унагаах хөдөлгөөн өрнөх болсон. Анх Тунист гарсан хувьсгал Египетэд халд¬варласнаар Арабын хувьсгал гарч байв. Тэгвэл үүнтэй адил нөхцөл байдал Азид үүсч болохыг ч ажиглагчид онцолж байна. Тухайлбал, Хонконгт ийм явдал давтагдаж болзошгүйг анхааруулж байна. 2017 онд Хонконгт сонгууль бол­но. Сон¬гуулийн өмнө БНХАУ-ын эрх баригчид сонгогчдын эрхийг хязгаарлах бодлого барьж буй. Үүнтэй холбогдуулан хонконгчууд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах болсон. Жагсагчдын дийлэнх нь оюутнууд бөгөөд тэд сүү¬лийн долоо хоногийн турш  суулт зарлаад байгаа юм. Харин өнгөрсөн бямба, ням гари¬гуудад цагдаа болон жаг­сагч¬дын хооронд болсон мөргөлдөөний үеэр 140  хүнийг баривчилсан. Тэднийг төрийн өмчийн байр руу халдсан, хууль бус жагсаал зохион байгуулсан, олон нийтийн газарт эмх жур­мыг зөрчсөн хэмээн буруут¬гаад байгаа. Мөн төрийн албан хаагчид руу дайрсан, хамгаалалтын албаныханд саад учруулсан зэрэг үндэслэлээр хорьжээ. Үүнтэй зэрэгцэн жагсаалыг дарахаар Хятадын чөлөөлөх арми оролцож магадгүй гэсэн цуурхал ч бас дэгдээд байна. Уг мэдээллийг Хонконгийн эрх баригчид няцаасан байна. Хонконгийн Монгкок дүүрэгт 3000 хүн авто зам дээр хаалт босгон, замын хөдөлгөөнийг хаажээ.  Эсэргүүцлийн цуглаан Хонконгт төдийгүй бусад газруу¬дад өрнөөд байна. Аюул¬гүй байдлыг хангах үүд­нээс зарим сургууль, төрийн байгууллагыг түр хаажээ. Түүнчлэн маргааш буюу аравдугаар сарын 1-нд Хонконгт эсэргүүцлийн жагсаал улам газар авч, эмх замбараагүй байдал үүсч  болзошгүй талаар мэдээлж байна. 

Их Британийн колони бай­сан Хонконг 1997 онд БНХАУ-ын эрх баригчдын мэдэлд шилжсэн. Тухайн үед талууд Хонконгийн автономит эрхийг хэвээр үлдээнэ гэж тохиролцож байв. Үүний дараа БНХАУ-ын эрх баригчид “Нэг улс, хоёр систем гэсэн зарчмаар Хонконгийг хөгжүүлж ирсэн. Харин тус бүсэд мөрддөг “Үндсэн хууль”-аар бол иргэд нь санхүүгийн бие даасан тогтолцоотой байж, дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэх бүрэн эрхтэй аж. Өөрөөр хэлбэл,  эх газарт эдлэх боломжгүй зарим эрхийг эдлэх боломжтой. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал зохион байгуулах, шүүхийн хараат бус байдал зэрэг. 

Долоон сая хүн амтай  Хонконг нь Хятадын бусад хотыг бодвол эдийн засгийн чадавхи, оюун санааны шинэч­лэл зэргээрээ ялгаа¬тай. Эрх чөлөөг мэдэрч өссөн хонконгчууд  эрх баригч¬даасаа амласан амлалтаа биелүүлэхийг ийн шаардаж байна. Зарим хэвлэлд мэдээлс¬нээр Хятадын эрх баригчид эсэргүүцлийн жаг­саал газар авахаас сэргийлэн олон арга хэмжээг авч эхлээд буй. Тухайлбал, жагсаалтай холбоотой зураг болон бичлэгийг олон нийтэд тархахаас сэргийлж, бүсийн хэмжээнд Инстаграмыг хаажээ. Мөн орон нутгийн хэвлэлүүдээр гарсан гэрэл зургуудыг ч устгахыг үүрэг болгосон аж. Юутай ч Хятадын эрх баригчид эсэргүүцлийн давалгаа газар авахаас ийнхүү сэрэмжилж байна.