Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТҮЦ машинаас цахим үнэмлэхээ захиалах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээний цахим машинаас иргэд 18 төрлийн үйлчилгээг авдаг байсан бол одоо 20 төрлийн үйлчилгээ авдаг болж нэмэгдсэн байна. Тодруулбал, ТҮЦ машинд хуруугаа уншуулж, цахим үнэмлэхээ дахин захиалах боломжтой болжээ. 

Өмнө нь иргэн хаяж үрэгдүүлсэн цахим үнэмлэхээ харьяа хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах, төлбөр хураамжаа банкинд тушаах зэргээр хугацаа алддаг байсан бол одоо ТҮЦ машинаас захиалж, аль банкны картаар төлбөр, хураамжаа төлөх боломжтой болсон байна. Мөн өөрийн нэр дээр ААН бүртгэлтэй эсэх талаар лавлагааг авах боломжтой болжээ. Одоогоор улс орон даяар нийт 108 ТҮЦ машин байрлаж иргэдэд үйлчилж байна.  

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг цагаатгажээ

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Энэ хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд хэлэлцэж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Б.Бямбаа нарыг цагаатгажээ. Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтаар Б.Бямбааг Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд 800 орчим сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон. Ингэхдээ тус сургуулийн дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, гэрээ  материал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэсэн гэж үзэн энэхүү хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Торгон агшинд хувь заяа нь шийдэгдсэн тоглолтууд

Нидерландын шигшээ баг нутаг буцах, Мексикийн шигшээ баг шилдэг тоглолтоо үзүүлэх мөч дуусахад хоёрхон минут дутлаа. Голланчууд 88 дахь минутад оноог тэнцүүлж 91 дэх минутад хожлын гоол хийснээр дараагийн шатанд шалгарав. Мексикчүүд ахиад л хэсгээсээ шалгарч хасагдах шатны эхний даваанд бүдэрдэг уламжлалаа давтсаар үлдлээ. Энэ тоглолтод Голландын ерөнхий дасгалжуулагч ван Галийн уран ухаан үр дүнгээ өгсөн. Түүний 76 дахь минутад сэлгээгээр талбайд гаргасан довтлогч Хунтелаар тэнцээний гоолын дамжуулалтыг өгч улмаар хожлын гоолыг торгуулийн цохилтоор хийснээр “улбар шаруудыг” шилдэг 8-ын эгнээнд багтааж чадлаа.

Нидерланд-Мексик 2:1 (0:0, 2:1)

7 сарын 01 00 .00 цаг «Кастелао» цэнгэлдэх хүрээлэн

Гоол:

0:1-48 дос Сантос, 1:1-88 Снейдэр, 2:1 – 90, торгуулийн цохилт Хунтелаар. 

Нидерланд-Силессен, Верхаг (Депай, 56), де Врэй, Влар, Блинд, де Йонг (Мартинс Инди, 9), Вейналдум, Снейдэр, Кюйт, ван Пэрси (Хунтелаар, 76), Роббэн.

Мексик-Очоа, Маcа, Маркэс, Морэно (Рейес, 46), Агиляр, Сальсидо, Лайюн, Эррера, Гуардадо, дос Сантос (Акино, 61), Перальта (Х. Эрнандес, 75).

Шар хуудас:

Агиляр (69), Маркес (90), Гуардадо (90)

Үхлийн хэсэг “D”-ээс нэгээр шалгарахад Коста-Рикагийн багийг азтайд нэрлэж байлаа. Тэгвэл тэд энэ амжилтдаа ханаж зогссонгүй. Тэдний учраа нь ч шилдэг 16-д байгаа хамгийн сул баг гэгдэх грекчүүд байсан юм. Грекийн шигшээ багийг төв Америкийн баг үндсэн цагт хожиход мөн л ганцхан минут дутлаа. Гэхдээ тэд мексикчүүдийг бодвол эцсийн мөч хүртэл 10-уулаа тоглосоор тэвчин торгуулийн цохилтыг хүргэсэн. Харин торгуулийн цохилт бол сохор аз байдаг тул энэ өдрийн азтнаар Коста-Рикагийн багийг сонголоо. Тэд анх удаа ДАШТ-ий шилдэг найман багт багтаж нутаг нэгтнүүдээ баярлуулж байна. Тэдний ээлжит өрсөлдөгч нь Нидерландын шигшээ баг байх болно.

Коста-Рика – Грек 1:1 (0:0, 1:1, 0:0, 0:0), торгуулийн цохилт – 5:3

7 сарын 01 04.00 цаг, «Арена Пернамбуку» цэнгэлдэх хүрээлэн

Гоол:

1:0-52 Руис, 1:1 – 90 Папастатопулос. 

Коста-Рика-Навас, Гамбоа (Акоста, 77), Дуарте, Гонсалес, Уманья, Диас, Борхес, Техеда (Куберо, 66), Руис, Боланьос (Бренес, 83), Кэмпбелл.

Грек-Карнезис, Торосидис, Манолас, Папастатопулос, Холебас, Маньятис (Кацуранис, 78), Карагунис, Салпингидис (Гекас, 69), Самарис (Митроглу , 58), Христодулопулос, Самарас.

Торгуулийн цохилт

1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 5:3.

Шар хуудас:

Самарис (36), Дуарте (42), Техеда (48), Гранадос (56), Руис (70), Манолас (72), Навас (90).

Улаан хуудас:

Дуарте (66)

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

ГЕГ-ын О.Ганбатын “шинэчлэл” гэх шоуны үнэн нүүр царай

Өнгөрсөн жилийн сүүлээр гаалийн байцаагч сонгон шалгаруулж авсан байдаг. Тус шалгаруулалтад 500 гаруй байцаагч орсон гэж байгаа. Төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг энэ байгууллага яагаад ийн нэг дор олон байцаагч авч байгаа нь асуудал дагуулж, санал гомдол нь одоо ч тасрахгүй байгаа аж. Шалгаруулалт хэр үнэн зөв явагдсан бэ гэдэг асуудалд  холбогдох албаныхан шалгалт оруулсан байна. Шалгалт нэртэй ч энэ нь  цаасан дээр баримт үлдээх гэсэн төдий зүйл болж,  шалгаруулалтад дийлэнх нь оролгүй авлига өгсөн байж болзошгүй байгаа гэнэ.Тухайлбал, шалгаруулалтад дарга нарын гуйлт, МАХН-ын  гишүүдийн  ах дүүс байгааг хэлж буй юм. Гаалийн байцаагч шалгаруулна гэсэн зарын дагуу олон ч хүн гаальд орохоор зүтгэсэн байна. Үүнийг дагаад  авлигын ханш арван саяар нэмэгдсэн бололтой. Нэг удаадаа л гэхэд О.Ганбат дарга 40 гаруй  гаалийн байцаагчийг нэг өдөр тангараг өргүүлж, Замын-Үүдийн гаальд ажиллуулахаар илгээжээ. Энэ нь гаалийн салбарт урьд өмнө нь гарч байгаагүй гаалийн байцаагч нарын “бөөндөлт” болж, “дөчдөх” гэсэн нэр томъёог гаргаад байгаа аж. Мэдээж энэ дунд өөрийн  хүч чадлаараа орсон нэгэн байх хэдий ч дийлэнх нь гуйлгын хүн байсан бололтой юм.

Н.Энхцогт гэж хэн бэ?

Сонгон шалгаруулалт нэрээр явсан гаалийн байцаагч нарыг төрүүлсэн гол хүмүүс нь  ГЕГ-ын дарга О.Ганбат,  дэд дарга Н.Энхцогт, Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын дарга О.Даваасүрэн нар  хэмээн буруутгах ч хүмүүс байгаа юм. Бүр тодорхой хэлбэл МАХН-ын  Удирдах зөвлөлийн   хурлаар зарим гишүүд нь хэн гэдэг хүнийг гаалийн байцаагч болгох саналтай байгаагаа ГЕГ-ын даргад хэлж, тэр нь ёсоор болгосон. Түүнийг нь баримт болгон авсан хүн ч байгаа гэнэ. Тэр бичлэгт  дээрх албан тушаалтнуудыг  бусдаар дайлуулж цайлуулж, ямар шан харамж авах, хэдэн төгрөгийн хахууль ярьсан нь  байсан гэх. 

ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт нь геологич, инженер мэргэжилтэй. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын хүн гэж ярих нь бий. Ингэж ярьж буй шалтгаан нь  Н.Энхцогт Ерөнхий сайдтай  хамт арван жилийн сургуульд  сурч байжээ. 2005 онд гаальд орж, Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга хийж байгаад ГЕГ-ын хяналт шалгалт хариуцсан дэд даргаар дэвшин ажиллаж буй гэнэ.

 Сэлгэн ажиллуулсан гэх гаалийн байцаагчдын тоо

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэлгэн ажиллуулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор  өнгөрсөн онд 384 гаалийн улсын байцаагч, 2014 оны нэгдүгээр улиралд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулсан байна. Энэ нь төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй нийт 1128 гаалийн улсын байцаагчийн 74 хувь гэж үзэж болж байна. Харин энэ сэлгэн ажиллуулах нэрийн дор  ГЕГ-ын  дарга нарын танил тал ойр дотнынхон нь аль боломжтой  газар нь очиж амжсан гэх яриа ч бий. Албан хаагч нэмж аваад тэрбээр зөвхөн сэлгээ маягаар ажиллуулах нэрээр  мөнгө босгосон гэх баримт хөвөрнө. Энд жишээ татвал  бас л  зарим гаалийн ажилтны нэр усыг дурдах болно.

 Сэлгээнд хамрагдахгүйн  тулд 50 сая төгрөг өгөх хэрэгтэй гэнэ

 Иймд  нэр усыг нь зарлалгүйгээр нэгэн айлд тохиолдсон явдлыг дэлгэе.  Нэг гэр бүлийн хоёр гаалийн байцаагч. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй аж.  Гэтэл О.Ганбатын зохион байгуулаад буй сэлгээнд эхнэр нөхөр хоёулаа орж, хөдөө орон нутагт томилогдохоор болсон байна. “Хүүхдүүдээ яах вэ” хэмээн удирдлагадаа хэлж Улаанбаатарт үлдээгээч хэмээжээ. Ингээд үлдэхдээ  нэг нь л гэхэд авлигад 50 саяыг өгөх болсон гэнэ. Үндсэндээ сэлгээ гэх нэрээр ч ГЕГ-ын удирдлагууд мөнгө босгож чадаж буй бололтой. Хэдийгээр  гаалийн байцаагч нарын 74 хувийг сэлгэн ажиллуулсан гэж байгаа боловч нөгөө талдаа тэр хэмжээний хөрөнгө сэлгээнээс босгосон байх магадлал өндөр байгаа юм.

Авлигын мөнгө МАХН-ын дансанд ордог уу?

  Гаалийн байцаагч болоход 30 сая, сэлгээнд хамрагдахгүй үлдэхийн тулд буюу хүссэн газраа томилогдохын тулд 50 сая гэх мэтээр өгсөн авлигын мөнгөний тодорхой хувь нь МАХН-д ордог гэх мэдээллийг гаальчид өгч буй юм. Нэгэн цагт МАН-ыг МАХН нэртэй байхад нэгэн намыг санхүүжүүлж, явсан түүх ГЕГ-т бий. Тэгвэл энэ удаа ч ГЕГ МАХН-ыг санхүүжүүлж буй бололтой. ГЕГ-ын удирдлагуудын  дээрх аргаар мөнгө босгож буй нь хэрэв үнэн бол аудитын шалгалт оруулах тухай ч яригдаж буй юм. Шинэчлэл нэрийн дор ийм л явдал ГЕГ-т өрнөж буй бололтой.

Халагдсан хүмүүс буруугүй болохыг шүүхийн тогтоолуудаас харж болно

Газар хороодынхоо дарга нарын хууль бус үйлдлийг нь дэлгэсэн, ёс зүйн талаар нь  шүүмжлэл өрнүүлсэн 20 гаруй хүнийг ГЕГ-ын дарга ажлаас нь халжээ. Учир нь түүний намчирхан албан тушаалд томилсон хүмүүс нь ирээд хууль зөрчиж, хөрөнгөжих гэдэг гэнэ. Тэдний энэ  хууль бус явдлуудыг дэлгэсэн байцаагч нарыг О.Ганбат цээжээрээ хамгаалж,   өөдөөс нь цорволзлоо хэмээн ажлаас нь халж байсан аж. Түүнийг хувийн компанидаа ажиллаж буй мэт зоргоороо төрийн албан хаагчдыг халдаг гэх яриа бий. Ажлаасаа хууль бусаар халагдсан гэх зарим байцаагчид эхнээсээ шүүхийн байгууллагад ханджээ.  Тэдний дийлэнх нь  шүүхээр заргалдаж, шүүхийн анхан шатанд ялалт байгуулаад байгаа аж. 

 Г.ЯЛГУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг борлуулалттай номыг зарлаж байхаар боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд номын борлуулалт болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж, хэрэглэгч, уншигчдад зарладаггүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их борлогдсон номын жагсаалтыг гаргаж хэрэглэгчиддээ мэдээлж иржээ.

Тус газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1-т заасан “Өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих“ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/ жагсаалтыг гарган олон нийтийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, хэрэглэгчид, уншигчиддаа хүргэж байхаар шийдвэрлэсэн байна.

Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд буй бүх номын дэлгүүрүүдээс ирсэн шилдэг 10 номын жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.

Д/д Номын нэр   -Зохиогч  – Тоо 

1 Тавилан-  Л.Сарантуяа -530

2 Сорхугтани -Б.Сарантуяа – 276

3 Усан доогуур 20 бээр аялсан нь- Мир хэвлэлийн газар -258

4 Тэнгэрийн таалал  -Л.Сарантуяа -224

5 Луун шивээст охин -Стиг Ларсон- 214

6 Цагаан могой -Мир хэвлэлийн газар- 180

7 Эрдмийн тулгуур 3-5 нас Юнгэрэн, Лхамсүрэн 152

8 Амжилтийн тарни -Т.Бадамзул -148

9 Өөдөө тэмүүл -Шейрил Сандберг- 136

10 Алтангэрэл судар -С.Гантөмөр -135

Categories
мэдээ соёл-урлаг

“Салхи” хөлөг онгоц дээр дуулна

Уянгалаг хайрын дуугаараа үе үеийн сонсогчдын уярааж ирсэн “Салхи” хамтлаг өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг онгоц дээр “OCEAN LATINO Salsa & Salkhi” латин бүжиг, хайрын дуу хосолсон үдэшлэгийг зохион байгуулах гэж байна.  “Балет студио 22”-той хамтран зохион байгуулж буй эл үдэшлэгт хошин урлагийн уран бүтээлчид оролцох аж. 

Categories
мэдээ цаг-үе

Бяр тэнхээ нь жигдэрсэн бөхчүүд сэтгэлзүйн бэлтгэлдээ орлоо

Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр ид хаваа гайхуулан барилдах бөхчүүдийн үндсэн бэлтгэл ерөнхийдөө ханажээ. Нутаг нутгийн бөхийн гал зургадугаар сарын эхээр бэлтгэлдээ гарсан. Сарын хугацаанд өндөржүүлсэн байдалд бэлтгэл хийсэн байна. Холын болон ойрын зайн кросс гүйлт, хүчний бэлтгэл гээд өглөөний 06 цагаас нар жаргатал бэлтгэл хийнэ. Харин өнөөдрөөс биеэ нөөж эхлээд буй аж. Наадам дөхсөн энэ үед мэхээ давтахаас гадна учраагаа хэрхэн давах вэ гэдгийг дотроо бясалгаж байдаг. Торгон ир оруулах бэлтгэлийн үе эхэллээ ч гэж хэлж болно.  Өнгөрсөн амралтын өдөр наадмын өмнөх сорилго барилдаан боллоо. Төв болон Сэлэнгэ аймгийн бөхчүүд Төр хурахын аманд бэлтгэлээ хийж буй сурагтай. Сэлэнгийнхэн өнгөрсөн наадмын түрүү, улсын аварга Г.Эрхэмбаярыгаа өнөө жил гайгүй сайн барилдана гээд захыг нь мушгиж байгаа нь тодорхой. Аварга ч олон түмний итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлийг тултал хийж байгаа гэсэн. “Таван хан” дэвжээнийхээ бөхчүүдийн дунд болсон сорилго барилдаанд өнгөтэй байна гэж нутгийнхан нь ярьж байна лээ. Тэдэнтэй зэрэгцэн бэлтгэл хийж буй Төв аймгийнхан аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Г.Ганжад нарыгаа өнөө жил улсын цолонд хүрнэ гэж найдаж буй гэнэ. Заалны барилдаанд дээгүүр сайн барилддаг хоёр бөхийн бэлтгэл ч сайн байгаа. Бас улсын харцага Ө.Даваабаатар байна. Бэртэл нь бүрэн эдгэрсэн.

Тусдаа өндөржүүлсэн бэлтгэл хийж байгаа гэх сураг сонсогдоод байгаа. Начин цолоо баталж өсөх идэр чимэг нэмсэн Ж.Отгонбаярыг цолоо ахиулах болов уу гэж харж суугаа нь мэдээж. Аль нутгийн бөх хүчтэй байгааг сурвалжлахаар “Сүүж”, “Дуган хад” амралтын газраар орлоо. “Дуган хад” амралтын газарт Монгол Улсын гарди И.Доржсамбуугаар ахлуулсан Булганы бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Э.Энхбат тэргүүтэй 32 бөх сорилго барилдаанд зодоглосон юм.  

Уг барилдаанд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, харцага Н.Түвшинбаяр үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу нар үлдлээ.

Аймгийн арслангууд ч өнгөтэй байсан. А.Отгонбаатар, А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ, Д.Амарсайхан, Д.Амаржаргал, Д.Тамир, Б.Хашбат нарын аймгийн арслангууд хүчтэй байна гэж улсын цолтнууд нь үнэлж байгаа ажээ. Булганы “Булган хангайн хүчтэнүүд” галын ерөнхий дасгалжуулагчаар улсын заан М.Өсөхбаяр ажиллаж байгаа бол улсын гарьд  И.Доржсамбуу, улсын арслан Д.Азжаргал нарын бөхчүүд заавар зөвлөгөө өгөн бэлтгэлээ хийж байна. Олимпийн аварга Н.Түвшинбаярын тухайд өнөө жил дахин зодоглоно. Сорилго барилдааны үеэр Булганы нутгийн зөвлөлийнхөн ирчихэж. УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх, “UFC” группийн ерөнхий захирал О.Амартүвшин, “Ар монгол” группийн ерөнхийлөгч Т.Батжаргал нарын хүмүүс нутгийн бөхчүүдээ дэмжихээр иржээ.  Энэ галд 50 гаруй бөх бэлтгэл хийж байгаа гэсэн. Аймгийн цолтой зарим бөхчүүд сум, орон нутгийнхаа наадамд зодоглохоор буцсан гэнэ. Булганы наадам долдугаар сарын 10, 11-нд болно. Улсын наадамд хүч үзэх 30 гаруй бөх энэ сарын 8, 9 хүртэл бэлтгэл хийгээд хот руу буцахаар төлөвлөжээ. 

“Сүүж” амралтын газарт Завхан, Хөвсгөл, Ховд, Дундговийн гал гарсан байна. Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан Завханы бөхчүүд бусдыгаа бодвол хамгийн эрт бэлтгэлдээ гарсан. Өнгөрсөн жил үзүүрлэсэн гарьдыгаа Завханыхан өнөө жилийн түрүү бөх болно гэж харж суугаа нь лавтай. Б.Гончигдамбын бэлтгэл ч сайн байгаа гэж нутгийн олон нь ярьж байна лээ. Харин Хөвсгөлөөс улсын харцага Ц.Содномдорж дээгүүр барилдах болов уу. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөнд болсон “Ард даатгал”-ын 20 жилийн ойд зориулсан наадмын сорилго барилдаанд түрүүлж өнгөтэй байгаагаа харуулсан. Цагаан сарын барилдаанд улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөн гэх шалтгаанаар барилдах эрхээ дөрвөн сар хасуулсан ч гэлээ сүүлд болсон хоёр ч 

томоохон барилдаанд үзүүрлэж, түрүүлсэн. Үүнээс харцагын бэлтгэл ямархуу байгааг харж болохоор. Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон уг барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн юм. “Сүүж”-д бэлтгэлд гарсан бас нэг гал бол Ховдынхон. Цагаан сарын барилдаанд шуугиулаад байсан аймгийн арслан О.Хангай бэлтгэл дээрээ ч мөн гялалзаж байна. Зориг орчихсон, нүдэнд нь улсын цол л харагдаж байгаа биз. Түүнтэй хамт улсын цол руу зүтгэх бөх бол аймгийн арслан Бадамгарав. Тэрээр томоохон барилдаануудад улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбатыг хаяж л байлаа. Ер нь томчуудыг даваад үзчихсэн бөх. Тэгэхээр даваа ахих тусам “аваргууд”-аас бэргэхгүй зүтгэх биз. Мөн улсын начин Б.Пүрэвсайхан байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Ч.Санжаадамба нарыг давж байсан. Түүнийг олон хүн харцага, заан, гарьд цолонд хүрч барилдана гэж харж байгаа юм.

UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин сорилго барилдааныг нээсэн юм

Бөхчүүдийн үндсэн бэлтгэл дуусах тийшээ хандаж буй болохоор хүчний бэлтгэлээ багасгаж байгаа. Тиймээс өглөө зургаагаас найман цагийн хооронд хүчний бэлтгэл хийгээд хоолондоо ордог гэсэн. Ингээд унтана. Үдээс хойш гүйх, эсвэл мэхний бэлтгэлээ хийгээд амрах хуваарьтай бэлтгэлийн өдрүүд эхэлжээ. Ерөнхийдөө наадам дөхсөн сүүлийн арав хоногт сэтгэл зүйн бэлтгэлээ хийдэг юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

 Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл ойлголцлын өдөр байлгая

Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Монголчууд хоорондоо ойлголцоогүйгээсээ болж аймшигтай том алдсан өдөр. Тэр өдрийн тэнгэр дор эргээд нэг зогсъё. 2008 оны долдугаар сарын 1-ний энэ өдөр Сүхбаатарын талбайд иргэд олноор цуглаж, улмаар МАН-ын байрны үүдэнд очсон. Цугласан иргэдийн тоо улам нэмэгдсээр ойрын жилүүдэд хүрээгүй их тоонд хүрч төв талбай, МАН-ын байр орчим хөл тавих зайгүй шахам боллоо. Тэдний сэтгэлийг хэрхэн хөөргөж, яаж дэвэргэж байсныг анзаарахад тийм нэг зохион байгуулалттай гэмээр хүч үнэхээр тэнд үйлчилсэн гэж хэлэхээс өөр үг олддоггүй. Тэрхүү аймшигт өдрийн үймээн самууныг монголчууд мэдээллийн хэрэгслээр хангалттай харсан. Монголын цагдаа ийм юмтай анх удаа нүүр тулгарсан нь үймээнийг улам дэвэргэсэн гэж ч үздэг. Үйл явдал нэгэнт хяналтаас гарсан учир Онц байдал зарлалаа. Улаанбаатар хотод цэргийн хүч орж ирлээ. Ардын журамт цэргээс хойш анх удаа зэвсэгтэй цэргүүд орж ирж, хуягтын цуваа хотод пиг дүүрсэн юм. Оройн 22.00 цагийн орчим сэтгүүлчдээ энд тэнд тараан байршуулж явсан бид анх удаа тийм олон байлдааны техник хэрэгсэл, хуягт машин хот руу орж ирэхийг харсан билээ. Манайх зэвсэгтэй улс юм билээ шүү. Маргааш өглөө нь биднийг шатсан байшин, буудуулж үхсэн хүмүүс, буу зэвсэг агссан цэргүүд угтсан. Онц байдал зарласан үед улс орон, иргэд ямар байх ёстой тухай ойлголт бидний хэнд нь ч байгаагүй. Гэтэл бусад улс орны хувьд Онц байдлын талаар ямар байх тодорхой хууль эрх зүйтэй байдгийг сүүлд уншаад айх шиг болсон. Учир нь Онц байдал зарласан үед ямар ч хүний эрх яриад хэрэггүй юм билээ. Гэрээсээ битгий гар л гэсэн бол гарахгүй байх хуультай. Гарч яваад буудуулсан бол тэгээд хохь болдог олон улс даяар үйлчилдэг хууль байна. Энэ юу хэлж байна гэхээр Онц байдал зарлуулах хэмжээний үйлдлийг монголчууд минь дахин гаргах ёсгүй юм байна лээ шүү гэсэн үг. Дээр нь Онц байдал зарласан үеийг ашигладаг, далимдуулдаг, мушгин гуйвуулдаг, хуулийг нь зорилгоо биелүүлэх хэрэгслээ болгодог бодит хүчин нийгэм үймсэн үед заавал гарч ирдэг байна. Бид харин тийм муухайг үзээгүй гэж найдъя.

Ингээд монголчуудын хувьд тэр өдөр чухам юу болж байгаа ухааныг олохгүй өнгөрлөө. Маргааш өглөө нь Монголын Үндэсний телевизээр тухайн үеийн АН-ын дарга, өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таван хүн буудуулан үхэж, хэдэн зуун хүн баригдлаа” гэсэн мэдээллийг анх хийж, түүнийг нь МҮОНТ бүрэн эхээр нь дамжуулж амжсан юм. Монголын ард түмний хувьд ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа энэ хоромд бага ч болтугай мэдэрсэн ч тэгээд хаагдлаа. Дамжуулж дуусахтай нь зэрэгцээд тэр үеийн эрх баригчдын зүгээс хүчний байгууллагынхныг МҮОНТ рүү оруулж, захирлыг нь өрөөнд хашиж, үйл хөдөлгөөн бүрийг нь хянаж эхэлсэн билээ. Бусад бүх мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг зогсоолоо. Ийнхүү Монголын ард түмний нүдийг хааж, амыг нь тагласан тэр өдрүүдэд чухам юу болж байгаа талаар ганцхан “Өдрийн сонин” л зогсоо зайгүй мэдээлж байв. Аймшигт хэрэг явдлууд өрнөж буй газруудад сэтгүүлчид маань бүх хүчээрээ ажиллаж, хамгийн халуун цэг болох Дэнжийн 1000-ын саатуулахад хоригдсон хэдэн зуун залуусыг хэрхэн дэглэж байгааг гэрэл зурагтай хамт мэдээлж, олон нийтэд хүргэж байлаа. Талбайн ойр орчмын саад, нэгдүгээр эмнэлэг орчим, хотын төв орчмуудад хар машинтай хүмүүс зугтаж байгаа залуусыг араас нь хөөн, буудан унагаж байхад зугтаж явсан хүмүүс дотор нь ч манай сэтгүүлчид гүйж явсан юм шүү. Тэр үед твиттер, фэйсбүүк гэж байсангүй, цахим сайтуудын мэдээлэл ч гэж юу байлаа. Ард түмэн чухам юу болоод байгааг мэдэх асар их хүсэл эрмэлзэлтэй тийм өдрүүдэд “Өдрийн сонин” ганцаараа мэдээлэл түгээж байсныг түүх гэрчилнэ. Аймшигт хэрэг явдал болсны маргааш өглөө нь Монгол Улсын Ерөнхий сайд урьд шөнө нь буудуулж үхсэн хүмүүст биш шатсан байшинд мэхийж байсан өдрүүд үргэлжилж байсныг монголчууд мартах ёсгүй. 

Ард түмэн яах гэж жагссан юм бэ? Сонгуулийн булхай луйвраас болж жагссан. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад, дэлхийн улс орнуудад болсон, болж буй жагсаал цуглаан, үймээн бужигнаан, улс төрийн тэмцэл, тогтворгүй байдал бүхэн заавал нэг дэглэлттэй, найруулгын дагуу л болдог болжээ. Хаанаас захиалсан, найруулагч нь хэн болох, хэн гол дүрд нь тоглосон, ямар үр дүн хүлээсэн, ямар ашиг хонжоо хайсныг бүү мэд. Ямар ч байсан жагсаал болж, цус урсах нь дэлхийгээр тархаж байна. Зүгээр л болж бүтэж, амар амгалан байсан Египет, Ливи, Ирак, Сири, сүүлд Украинд юу болов. Бүгд л танил, манай долдугаар сарын 1-тэй адил хэрэг явдлууд болж байгаа биз. Манайд долдугаар сарын 1-ний хэрэг явдал цааш даамжирч, үргэлжилсэн бол  дээрх улсуудын адил хувь тавилан хүлээх байсан. Таван хүний амь нас 50-д хүрч, бүх зүйл хяналтаас гарч, хяналтгүй болсон нийгэм өшөө хонзогнолын талбар болох байсан. МАН-ын байр руу дайрсан хүмүүс хамгийн түрүүнд дотор нь байсан дэлгүүрийг тоносон. Энэ байдал цааш газар авсан бол юунд хүрэх үү. Жижиг орны хувь заяа эмзэг. Хэдэн том дэлгүүр, хэдэн арилжааны банк халдлагад өртөхөд л Монгол Улсын хувь заяа дээсэн дөрөөн дээр очиж, НҮБ-ын мандат өвөртөлсөн цэрэг манайх руу энхийг сахиулах нэрээр орж ирэх байлаа. Ингэх нь хэнд ашигтай байх вэ. Бодож үзсэн хүн байна уу. Монголын хувь заяагаар тоглох эрх хэнд ч байхгүй.  

Тийм болохоор долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний амь нас, гашуун сургамжийг бид мартах ёсгүй юм. Энэ таван хүн утга учиргүй амиа алдаагүй. Тэдний үрэгдсэн амь бол ард түмэн дотроо үймж, талцаж, гэдсэндээ хөлөө хийлцэж, хүчээр асуудлыг шийдэж болдоггүйг бидний орой руу ортол хэлж өгсөн амь нас юм. Долдугаар сарын 1-ний өдөр нь эрүүл ухаан нийгмийг залж явдаг, зөвшилцөл, ойлголцол, хүлээцтэй байх нь улс үндэстний оршин байхын үндэс гэдгийг сануулсан өдөр. Таван залуугийн амь нас бидэнд энэхүү эмгэнэлт гашуун өдрийг байнга сануулсаар байх болно. 

Тэр үед улс орныг удирдан залж, төр төвшин, түмэн олноо амгалан байлгах үүрэг хүлээсэн дарга нараас өнөөдөр ганц нь ч төрийн сэнтийд алга. Суудлаа өгцгөөсөн байна. Яах гэж таван сайхан залуугийн амийг золиослон сандал ширээ, эрх ямбатайгаа зууралдав хэмээн тэд өдөр бүхэн  санаж толгойгоо шааж суугаа. Тэртэй тэргүй тодорхой цаг хугацааны дараа буучих сандал ширээг, намыг хамгаалах нь ямар утгагүй юм бэ гэдэг нь эндээс харагдана. Тэгж олон хүний амь хохироон тэмцэлдсэний үр дүн хаана байна гэж тэр үеийн эрх баригчдаас энэ өдөр ард түмэн асуух хэрэгтэй. Таван залуугийн дурсгалд зориулсан хөшөөг байгуулах хэрэгтэй. Түүндээ долдугаар 1-ний өдөр цэцэг өргөж байя. Гэхдээ энэ бүхэн санан дурсаж, цэцэг өргөхдөө бус том утга учрыг агуулах ёстой. Долдугаар сарын 1-нийг хар өдөр гэхээсээ илүүтэй Үндэсний их эв нэгдэл, ойлголцлын өдөр байлгая. Үүнийгээ зарлан тунхаглаж, дагаж мөрдье. Улс төрчдөөсөө эхлээд ус голдоо хүртэл эв эвдэрсэн бүхэн эвээ олж гар барьдаг, их ойлголцлын, их уучлалын өдөр байя. Алдаанаас сургамж авдаг ард түмэн өнө мөнхөд оршин тогтнодгийн тод жишээ бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, монголчууд юм гэдгийг бас дахин  харуулъя.     

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ын шөвгийн дөрөвт тоглох багууд тодорчээ

Өнгөрсөн шөнө Аргентин, Бельги өрсөлдөгчөө хожсоноор 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрөвт тоглох шигшээ найман багийн нэр бүрэн тодорлоо.

Шөвгийн дөрөвт:

Бразил –Колумб, Нидерланд –Коста Рика, Герман –Франц, Аргентин –Швейцарийн шигшээ багууд өрсөлдөнө.

ДАШТ-ий шөвгийн дөрвийн төлөөх тулаанууд долдугаар сарын 4-ны баасан гаригт 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Франц болон Германы тоглолтоор эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Г.Баянбилиг мэдэгдэл гаргажээ