Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборт зогсоол авахад хөнгөлөлт үзүүлнэ

Нийслэлийн “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн батлан даалтын сан, арилжааны зургаан банк хамтран шинээр байгуулагдах “Авто худалдааны цогцолбор”-т зогсоол худалдаж авах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд, авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Авто зогсоол худалдан авах иргэд тус цогцолборт зогсоол авахдаа 100 хувь төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа тул  энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа аж. Авто худалдааны цогцолбор нь голомт банк, капитрон банк, төрийн банк, хаан банк, хас банк, худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадам үзэх тасалбарыг энэ сарын 6-наас худалдаална

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлэх юм байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн  ажиллагаа долдугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх юм. Наадмын нээлт үзэх тасалбарыг энэ сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхлэх гэнэ. Тасалбарын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16000, 20000, 24000 төгрөг байх аж.

Categories
мэдээ нийгэм

Хоёр залууг хагаралдуулж, нэгийнх нь аминд хүрсэн гэнэ

Найз залуугаа төрсөн өдрөөр нь найзтай  нь хагаралдуулж, нэгнийх нь аминд хүрсэн бүсгүйн талаар хохирогчын ар гэрийнхнээс мэдээллээ. Г.Чанцалдагва гэх бүсгүй 2014 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт амьдардаг найз залуугаа, болон түүний найз Г.Ганзориг нарыг дуудан уулзжээ. Улмаар залуусын хооронд маргалдаан болж, хэдэн цагийн дараа талийгаач Г.Батцог “Хурд”-ын 28 дугаар байрын орцонд амиа алдсан байна. Энэ хэргийг шүүх цагдаагийнхан шалгаж үзээд, амиа хорлосон гэж тогтоожээ. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн санаатай хүн амины хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд үүнд Г.Чанцалдагва, Г.Ганзориг нарыг буруутгаж байгаа юм байна. Талийгаачын аав мэдээлэхдээ “Г.Чанцалдагва миний хүүгийн найз Г.Ганзориг хоёр хоорондоо холбоотой байсан. Үүнийг хүү маань мэдээд Г.Ганзоригтой зодоон хийж, тэр шөнөдөө амиа алдсан. Г.Чанцалдагва хүүг маань орцонд дагуулж орон гадны хүнтэй нийлж хоолойг нь алчуураараа боомилон алсан нь тодорхой байгаа юм. Надаа нотлох баримт байна. Гэвч энэ хэргийг ХУД-ийн цагдаагийн байгууллага хүчингүй болгож, буруутнуудыг суллан явуулсан” хэмээлээ. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Чингэсийн талбайд тэврэлдэцгээе

Долдугаар сарын 1-ний энэ өдрийг Монголчууд бид зургаан жил өмнөөс эхлэн хар бараанаар дурсан санаж ирсэн. 2008 оны сонгуулийн маргааны улмаас иргэд нэг нэгнийхээ өөдөөс босч, таван хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж, шархадсаныг хүн бүр мэднэ. Хүмүүс жил бүрийн эл өдөр хар бараан үйл явдлыг дурсаад л өнгөрдөг. Тэгвэл иргэд  өнгөрсөн гашуун дурсамжаасаа суралцан  цаашид үндэсний эв нэгдлээ үүрд хадгалж, нэг нэгнийгээ хайрлаж хүндэлдэг байгаасай гэж, эл өдрийг цагаанаар дурсан “Тэврэлтийн өдөр” болгохоор болжээ.  Энэхүү санаачлагыг “goolingoo.mn” сайтын хамт олон санаачлан гаргасан байна. Өнөөдөр Чингэсийн талбайд “Тэврэлтийн өдөр”-ийг тэмдэглэн, нэг нэгдээ урам зориг, хайр бэлэглэх юм. 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонины хурга зутарна гэж хоньчны хөвгүүн бэтгэрэх ёстой юу

Саяхан “Өдрийн сонин” дээр сэтгүүлч Э.Энэрэл “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шоронг халъя” хэмээн бичсэн. Тэрхүү нийтлэлд “Социализм  байгуулж байна гэж хийрхэж эхэлснээс хойш бараг 90 жил дотуур байр нэртэй боловсон шоронтой байсаар ирлээ, бид.  Харин энэ хугацаанд ямар иргэдтэй болов. Бусдыг дээрэлхдэг, бусдаас өрсөж хүртэх гэж булаалдсан атгаг санаа бүр багаас суух болсон. Бас хүнийг хайрладаггүй, хүйтэн хөндий, нэгэндээ талархаж баярлахаасаа атаархаж хонзогнох нь илүүтэй улс болж хувирлаа”  гэж өгүүлсэн нь бий. 

Миний бие хэдийгээр дотуур байрны бүтээгдэхүүн ч гэлээ, малчин ардын хүүхдүүдийн адил тэр л жишгээр явж сургууль соёл дүүргэсэн ч энэхүү уриалгыг зөв гэж бодож байна. Бүр чин сэтгэлээс дэмжиж буйгаа ч илэрхийлье. 

Дотуур байранд хашигд¬чихаад ямар зовлон тамлалыг эдэлж, ижий аавынхаа хайр энхрийлэлд умбаж л байх бага балчир насандаа яаж их шаналж, бусдын хараанд байж, өлсөж цангаж явснаа мартаагүй. Тийм зүйл огтоос мартагддаггүй юм билээ.

Одоо эргээд бодох нь, аавынхаа дүнсэн тамхи сонинд ороочихоод утаа суунаглуулж суудаг дүр төрхийг, эмнэг хангалыг чихдэж номхруулдаг ч үр наддаа элгэмсэг зөөлөн хандаж, сахалтай хошуугаараа энхрийлэн үнсдэгийг нь ямар их үгүйлэн санадаг байж вэ. Мөн ижийнхээ сааль сүү дарайтал шингэсэн дээлийнх нь энгэрт эрхэлж өссөнөө мөрөөдөн санаж, ор дэрээ нэвтэртэл уйлан, нус нулимстайгаа холилдон бэтгэрч байснаа мартаагүй байна. Эгэл малч¬ны хүүхэд бид ижий ааваасаа хол, ингэж бэтгэрч байх заяатай юм байна гэж боддог байж билээ. 

Гэвч өнөөдөр XXI зуун. Дэлхий нийтээр шинэ соёл иргэншил түгэн тархаж, хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтийнхээ эрин үедээ нэгэнт иржээ. Дэлхийн улс  орнууд хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр сахин хамгаалж, хүнээ хайрласан,  иргэнээ дээдэлсэн, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө бүтээн байгуулсан хүн ёсны эрин зуунд бид аж төрж байна. Гэтэл аль хорьдугаар зууны эхэн хагасын социализмын хатуу чанд бодлого Монголд мөрдөгдсөн хэвээр байж, энэхүү өгөршсөн, шоронжсон тогтолцоо улс орны хамгийн үнэт капитал ирээдүй хойч үеийн минь хувь заяагаар тоглож байна. Үүнийг анхаарч буй яам, тамгын газар засаг төр гэж алга. 

Дотуур байр хэмээх энэ шорон малаас нь хүнийг хөндийрүүлэхгүй гэсэн со¬циализмын харалган бодлого дээр байгуулагдсаныг бид мэднэ. Нэгдэл нийгмийн мал хуйтай айлуудыг хүүхдээ сургууль соёлд сургана гээд малаасаа хөндийрчих вий, ноос ноолуур, дэл сүүл, айраг сүүний төлөвлөгөө тасарчих вий гэсэндээ сум суурин бүхэнд дотуур байр барьж, амьтны алаг үрсийг өнчин хурганаас ч дорд үзэж өнөөх шорондоо хашсан байдаг. Монголд өнөөдөр дунд сургуулийн 512 дотуур байр байна, түүнд жилд дунджаар 38 мянган хүүхэд ордог гэсэн судалгаа байдаг.  Хуучин нийгмийн үлдэгдэл дотуур байр өдгөө цагт үнэндээ хоцрогджээ. Монголчууд бид чинь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан төрт улс орон биз дээ. Гэтэл амьтны үрсийг хар нялхаар нь бараг ижийнх нь мээмнээс салган авчирч, хорьж цагдаж байгаа нь хүнээ дээдэлсэн нийгэм мөн үү. Соёлт улс орнуудын шорон ч манай дотуур байрнаас дээр байгаа. Байрны ахуй амьдралыг бид сайн мэднэ. Өнөөдөр гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол гээд ярьж байна. Ялангуяа Боловсролын яамныхан их ярих юм. Хар нялхаараа ижий ааваасаа хаягдсан хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол гэсэн ойлголт яаж байх билээ. Харин ч бусдад өширхсөн, хэн нэгнээ хайрлахаа байчихсан, хүнийг дээдлэх, хүндэтгэх гэдгийг мэдэхгүй аавын цээжүүд пэд пэд хийцгээж л байдаг шүү дээ. 

Яриа хөөрөө нь тийм нэг хахир хүйтэн болчихдог. Арга ч үгүй юм даа. Тэднийг удирдаж цаг ямагт дэргэд нь гозойж байдаг байрны багш гэж ямар ч боловсрол мэдлэггүй, харилцааны соёлгүй, бүдүүлэг нэгнийг сургуулийн захиргаа танил талаараа тавьчихдаг. Тэд амьтны нялх үрстэй “ална шудна” гэсэн хандлагаар л  харилцдаг нь нууц биш. Хүүхэд л болсон хойно залхуурах, өлсөж цангахын эрхэнд гэрээ санах гээд түмэн асуудал гаргана. Тэр бүгдэд байрны багш хуйгаар нь загнаж занд-раад яс янгинам хахир өвлийн хүйтэнд түлээ түлш бэлдүүлэх, голын жавар сөргүүлэн алхуулж мөс үүрүүлэх, худгаас ус зөөлгөх гээд хүнд хүчир ажил хийлгэнэ. Гадуур тэнэсэн нэгнийг нь орой хатуу арга хэмжээ авч яг л шоронгийн дэглэм шиг үзэж тарна. Ийм  л нөхцөлд ижий аавынхаа хайрыг мэд­рэхгүйгээр хүүхдүүд өсдөг. Дээр нь дэмий тэнэнэ, гу¬дамж метрлэнэ гэх ажил өөрийн эрхгүй бий болдог нь хорлонтой. Хоолондоо цадаагүй хүүхдүүд ах дүү амраг саднаа царайчлах нь дамжиггүй. Өнөө хэд байр¬ны хүүхэд гэхээр л бараг шоронгийн хоригдол шиг хү¬лээн авч, суганых нь бул­чирхайг цочтол мод хөрөөдүүлж, гэрийнхээ бүх л сав суулганд ус дүүргүүлж авсны  дараа таван боорцог хармаалуулаад явуулна. Боорцогны бараа харсан хүүхдүүд шууд байрандаа очихгүй. Ахлах ангийнхан ганцхан нэгжлэг хийгээд дээрэмдэнэ, өгөхгүй бол зодож жанчина. Олон жил байраар явчихсан хүүхэд ямар чиг үед сууж сураагүй, гэрт тогтохыг мэддэггүй. Зундаа гэртээ очихдоо болж л өгвөл айл амьтны тогоо өнгийчихсөн томчуудын хэрэгтэй хэрэгүй ярианд дурлачихсан явж байдаг. 

Бага балчрын энэ зан, өнөө “суурь боловсрол” нь тэднийг амьдралд хайш яйш  болгож, нийгмийн нэг л базаахгүй давхаргын хүмүүс болгох нь бий.

Тэгэхээр Монголын төр одоо Хүүхдийн төлөө хууль баталмаар байна. Тэрхүү хуульд монгол хүүхдүүдийг 14 нас хүртэл гэр бүлийнхээ халуун дулаан орчинд, ижий аавынхаа дэргэд сурч боловсрох ёстой гэсэн заалтыг оруулах нь зүйтэй. Ирээдүй хойч үеэ, залгамж халаагаа бид хуулиар л баталгаажуулах нь чухал. Гэвч яриад ямар чиг нэмэргүй. Гадны бүхий л улс орнууд хүүхдийг 11 нас хүртэл ганцаар явахыг хориглодог. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө маш их үүрэг хариуцлага үүрч, алдаа гаргасан нэг нь эрх чөлөөгөө ч хасуулдаг хууль дүрэмтэй. Гэвч Монгол Улсад хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрнэ гэсэн ойлголт бараг байхгүй дээ. Тиймдээ л монгол хүүхдүүд бага балчраасаа хэрэг түвэгт орооцолдож, элдэв самуун үйлдэлд донтож, бусдын золиос болж цэцэг цэрвүү шиг насандаа амиа алдаж байна. Нэг л их хараа хяналтгүй хүүхдүүд. Ер нь хүүхэд хараа хяналтгүй байна гэдэг аймаар. Тэд нийлж дарвихаараа юу болдог билээ. Эхлээд тамхи татаж сурна. Дараа нь пиво ууж сурна, үндсэндээ согтууруулах, мансууруулах зүйлд татагдаж эхэлнэ. Тэгээд жаахан томрохоороо сексийн харилцаанд орж эхэлдэг. Бидний хойч үе иймэрхүү л маягтай амьдарч ирж байна. Хүүхдүүд багаасаа жирэмсэн боллоо, дунд сургуулийн төгсөлтийн хонхны баяр дээр форм паарчигтай охид цүдийсэн гэдэстэй зогсож ижий аавынхаа нүүрийг олны өмнө түлдэг тохиолдол цөөнгүй. Өнөө л дотуур байрны амьдрал, хууль дүрэм шүү дээ. Охидын байрны гадаа сумын төвийн архайсан залуус архи үнэртүүлээд орой үдэш зогсож байдгийг мэднэ дээ, бид.  

Ингээд бичихээр “Болоод ирсэн юм аа, хүү минь” гэж хүн бүхэн дайрдаг. Тэгвэл Монголд болчихсон нь хаана байгаа юм бэ. Манай улс дэлхийн 200-гаад орноос ядуу буурай, бүдүүлэг хоцрогдсон байдлаараа 180-д орж байна. Болчихсон нь тэгээд энэ үү. Огт болохгүй байгаагийн хамгийн гол үзүүлэлт энэ мөн биз дээ. 

Олон улсад нэр хүнд бүхий “Economist intelligence Unit” компани хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хотуудын судалгааг саяхан нийтэлжээ. Амьдралын хэв маяг, боловсрол, аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх үзүүлэлтээр 140 орныг нэрлэж, бусдыг  нь хүн амьдрах эцэсгүй гэж үзсэн байдаг. Манай улс хүн амьдрах эцэсгүйд нь багтжээ. “Хүн сурч боловсрох,  хөдөлмөрлөх улс орнуудын жагсаалт”-ын мөн л сүүл хэсэгт бичигдсэн байна. Өнөөдөр Монголд Нобелийн шагналтан байна уу, байхгүй. Цаашдаа гарах болов уу, мэдэхгүй. Ойрын 100 жилдээ лав гарахгүй байх. Гэвч Азийн ихэнх орноос Нобелийн шагналтнуудад төрчихөж. Мөн дэлхийд гайхуулсан нэг брэнд, Монголын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн байна уу.  Нэр цууд гарсан ганц хүн байна уу. Сумогийн хэдийг хэлдэггүй юм бол алга. Тэгэхэд уулын там болсон Түвдэд Далай лам байж л байна. Соёлт хүн төрөлхтнөөс ийнхүү хоцрогдож ядуу буурай, бүдүүлэг дорой байгаагийн үндэс суурь нь боловсрол юм. Өнөө манайхны амаа цангатал яриад байгаа гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол мэдлэг гэдэг чинь. Дотуур байранд хоригдож өлсөж, цангаж, ижий ааваа санаж хоол унд, хувцас хунараас өөр зүйл бодох сөхөөгүй жил саруудыг туулж ирсэн Монголын хойч үе яаж боловсорч, дэлхийд гайхагдах билээ. Тэгэхээр Монголын төр засаг, Их хурал даруйхан Хүүхдийн төлөө хууль гаргаж дотуур байр хэмээх шоронг устгах хэрэгтэй. Хурга зутарчихна гэх өрөвдмөөр сэтгэлгээгээр малчдыг малынх нь дэргэд хатааж, малчин түмний мянга мянга үрсийг бэтгэрүүлэх учиргүй ээ.               

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хотын хөтөч

Хөдөөнөөс орж ирсэн гэр бүлийн хоёр. Эхнэр нь “Баруун талд Нону (Honey) гэдэг газар байна. Мах (Макс) гэсэн том барилга байна. Юу гэнэ ээ, хэн мэддэг юм. Ямар юм гэнэ ээ, наад газрыг чинь яаж мэддэг юм” гэж хэн нэгэнтэй ярьж байна. Автобуснаас буусан газраа хэн нэгэнд тайлбарлаж өгч байгаа аж. Эргэн тойрны байшингуудын гадаадаар бичсэн хаягийг өөрийнхөөрөө ийн уншина. Тэгээд такси бариад жолоочид нь утсаа өгч яриулж байгаа харагдлаа. 

Улаанбаатар бол олон хүн амтай том хот. Саяас их хүн амтай хотод хөтөч гэх хүмүүс ажилладаг. Холоос хараад тэр хөтөч байна гээд шууд олоод очихоор содон хувцастай, тусгай саравч дотор суудаг хүмүүс. Төөрсөн будилсан хөдөөнийхөн, хүүхэд багачууд, газар заалгах гэсэн жуулчид тэдэнд хандана. Хөтөч нар өөрт нь хандсан хүмүүст газрын зураг үзүүлж, хайж байгаа газарт нь яаж очих, ямар дугаартай автобусанд суухыг нь зааж өгнө. Даралтны эмээ гэртээ орхиод гэнэт бие нь муудсан ахмад настанд тусалж, үр хүүхдүүд рүү нь залгаж тусламж дуудна. Заримдаа хотынхонд зам, гудамж, талбай, өргөн чөлөөний албан ёсны нэрийг мэдэхгүй тохиолдол ч гардаг шүү дээ.

Зун бол манай орны хувьд аялал жуулчлалын улирал. Энэ үед ийм хүмүүсийг хотын төвд цөөн тоогоор ч  болтугай ажиллуулаад үзвэл яасан юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл, ойлголцлын өдөр байлгая нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ны мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Энэ дугаарын эхний нүүрээс “Бяр тэнхээ нь жигдэрсэн бөхчүүд сэтгэлзүйн бэлтгэлдээ орлоо” сурвалжлага хүрч байна. Булган, Төв, Завхан, Ховд аймгийн бөхийн галаас бэлдсэн энэхүү сурвалжлага наадмын өмнөх өдрүүдийн өнгийг тодорхойлно. Хэн гэдэг улсын цолтон хаана, хэдэн шинэ цолтон төрүүлэхээр бэлтгэлээ базааж буйг эндээс уншаарай. Тэрчлэн “Ерөнхийлөгч давхар дээлийн тухай хуулийн төслөө намар дахин өргөн барина” сэдэвт нийтлэлийг эхний нүүрээсээ толилуулж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлаад буй хуулийн төслүүдийнхээ талаар ярилцсан юм. Энэ үеэр “Давхар дээл”-ийн гэгдэх, Шилэн дансны тухай гээд олон хуулийн төслийг хэлэлцжээ.

Харин улс төрийн мэдээллийн буланд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн ч тодорхой шалтгаанаар томилогдож чадахгүй байгаа УИХ-ын гишүүн Д.Ганбатын ярилцлага нийтлэгдэв. Тэрээр сэдвийн хүрээнд өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Тэрчлэн Н.Батбаяр сайд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх” гэрээнд гарын үсэг юм. Уг мэдээллийг болон түүнийг огцруулах асуудлын талаар өөрөөс нь байр суурийг нь авсныг нийтэлжээ.

“Өдрийн сонин”-ны нийтлэлийн бодлогын өнгийг тодорхойлдог гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулуун “Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл, ойлголцлын өдөр байлгая” нийтлэлээ хүргэлээ. Улс төрийн сөрөг уур амьсгалаас үүдэн таван хүний халуун амийг авч одсон тэр хар өдрөөс хойш зургаан жил болжээ. Тэрээр энэхүү өдрийг тохиолдуулан уг нийтлэлээрээ долдугаар сарын 1-нд монголчууд эвлэрч, ойлголцолд хүрч чадаагүйгээс уг хэрэг үүдсэнийг дахин сануулж байна.   Энэ дугаарт бас нэгэн сонирхолтой ярилцлага нийтлэгдэж байгаа нь “Орт-ийн Жди меня нэвтрүүлэг 29 жилийн дараа Монгол хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ” гэсэн гарчигтай. Энэ ярилцлагад 29 жилийн тэртээд болсон үйл явдал эхнээсээ багтсан. Тодорхойлбол, тэртээ онд Монголд амьдарч, Монгол залуутай нэгэн бүл болж байсан Украйн эмэгтэй нутаг буцсан байгаа юм. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн тэр бүсгүй нэг охиноо тэврэн хоёр хүүхдээ эцэгт нь үлдээгээд харьж одсон. Хагацлын тэр өдрөөс хойш 29 жилийн дараа тэд уулзсан гунигт бас баярт явдлын тухай хүүрнэл ярилцлагыг уншихад таны сэтгэлд бас нэгэн зүйл хургах бизээ.

Бас ГЕГ-ын дарга О.Ганбатын “шинэчлэл” гэх шоуны үнэн нүүр царай “эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан” тэмдэглэлийн гуравдугаар цуврал багтаж байна. Өмнөх нийтлэлүүдийн үргэлжлэлийг эндээс олж уншаарай. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 27 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зарим нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.