Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун тэмцээн зохион байгуулав

БНАСАУ-ын дарга, Солонгосын ардын армийн Ерөнхий дээд командлагч Ким Жөн Ун тэнгисийн цэргийнхний дунд усанд сэлэлтийн тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. “ЦТАК” агентлагийн мэдээлснээр уг арга хэмжээнд баруун, зүүн флотын офицерууд идэвхтэй оролцож, 10 километрийн зайд хүчээ сорьжээ. Умард Солонгосын удирдагч тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Усанд сайн сэлэх нь зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдалд байхад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр цааш нь “Миний араас урагшаа” гэх уриан дор цэргүүд бэлтгэлээ эрчимтэй хангах хэрэгтэйг онцлоод шинэ үүрэг даалгавар өгчээ. БНАСАУ-ын удирдагчийг Солонгосын ардын армийн төлөөллүүдээс гадна гэргий Ли Соль Жу нь дагалдсан байна. Дашрамд дурдахад, Ким Жөн Ун урьд нь агаарын зэвсэгт хүчнийхний дунд тэмцээн зохион байгуулж байжээ.  

  

Categories
мэдээ улс-төр

Өргөмжит консулын газрыг Мадрид хотноо нээв

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 1-2-ны өдрүүдэд Испаний Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Европын Холбооны нөлөө бүхий орон, испани хэлтэй орнуудын цөм болсон Испаний Вант Улсад энэхүү айлчлалыг хэрэгжүүлснээр “гуравдагч хөрш”-ийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төрийн аргаар бэхжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг өргөжүүлэхэд ач холбогдолтойн дээр хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд тодорхой алхам боллоо.

1Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Гадаад хэргийн сайд Гарсиа Маргаёотой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуусыг солилцох, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлага байгаад санал нэгдэж хэрэгжүүлэх зарим ажлын талаар тохиролцлоо. Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцохын зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Ноён Г.Маргаёо хоёр улсын дипломат харилцааны 40 гаруй жилийн түүхэнд Монгол улсаас Гадаад харилцааны сайд анх удаа айлчилж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болж буйг онцлон тэмдэглэж байлаа.

1Сайд Л.Болд Испаний нийслэл Мадрид хотод байгуулагдсан Монгол Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтэд оролцож, Өргөмжит консулаар томилогдсон Испаний иргэн Адриана Поведад Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор гардуулав. Энэ үеэр хатагтай А.Поведа Испанид Монгол Улсыг бүх талаар сурталчлах, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр өргөмжит зонсулын газартаа Испани болон Монголын иргэн 2 хүнийг өөрийн зардлаар авч ажиллуулж эхлээд байгаа юм.

Испанид одоогоор 300 гаруй Монгол иргэн бүртгэгдсэн гэдэг мэдээ байдаг бөгөөд 6 дугаар сарын 30–ны өдөр Барселона хотод танхай этгээдүүд Монгол залууг зодсон явдал гарсан байв. Барселона болон Мадрид дахь өргөмжит консулууд энэ хэрэгт анхаарал хандуулан монгол залуугийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд залуугийн бие сайн байгаа хэмээн сайдад мэдээлж байв.

1

Парламент хооронд хамтран ажиллахаар болов

1

Мөн  Гадаад харилцааны Л.Болд Испаний Сенатын дарга Пио Гарсиа-Эскудеро Маркест бараалхлаа. Тэрээр Сенатын даргатай уулзах үеэр УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ болон урилгыг уламжилж, УИХ-д Монгол, Испанийн парламентын бүлэг байгуулагдсныг мэдээлэхийн ялдамд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллааг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Сенатын дарга ноён П.Э.Маркес ойрын үед Испаний Парламентад найрамдлын байгуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдээд, УИХ-ын даргыг тааламжтай цагтаа Испанид айлчлахыг урив.

1

Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

1

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр Испанийн Эдийн засаг, өрсөлдөөний яамны Гадаад худалдааны асуудал эрхэлсэн дэд сайд Хэйми Гарсиа Легазтай ажлын уулзалт хийлээ. Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх маш олон таатай боломж байгааг санал нэгтэй тодотгон бизнес эрхлэгчдийн харилцан уулзалтыг нэмэгдүүлж бодлогоор дэмжих тухай ярилцав. Ялангуяа дэд бүтэц, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй түүн дотроо арьс шир боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бололцоо байна гэж талууд үзсэн бөгөөд 6 дугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Испанийн бизнес форум маш амжилттай болсон тул дараагийн форумыг 9 дүгээр сард Испанид зохион байгуулахаар тохиролцов.

1

Энэ үеэр Испанийн экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулахаар манай улсын Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас санал болгосон Арьс шир боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах төслийн танилцуулгыг сайд Л.Болд, дэд сайд Х.Г.Легазд гардууллаа.

Гадаад харилцааны сайд мөн Испанийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Артуро Фернандезтэй уулзаж, Монгол, Испаний бизнес эрхлэгчдийг холбож, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус танхим нь Испаний эдийн засгийн хөдөлгүүр болсон нийт 500 мянга гаруй компанийг эгнээндээ нэгтгэдэг юм.

1

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад ажиллалаа

 

Испанид ажиллах үеэрээ Гадаад харилцааны сайд Л.Болд Мадрид хотод байрладаг НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төв байранд зочилж ажлын уулзалт хийлээ. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай хоёр гүйцэтгэх захирал, хэд хэдэн газрын дарга зэрэг шийдвэр гаргах бүрэлдэхүүний хамт Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

1

Л.Болд сайд уулзалтын үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт цаашид илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах тодорхой хувилбаруудыг санал болгов. Тухайлбал, ирэх онд манай улс олон улсын аялал жуулчлалын “ИТБ” үзэсгэлэнд түнш орноор оролцох, манай Засгийн газар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 42 орны иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасныг уг байгууллагын шугамаар дэлхий даяар сурталчлах, Монголын аялал жуулчлаын суртчилгааг сайжруулж, брэнд бий болгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов. Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Рифай Монгол улсын ССАЖЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа дурдаад эдгээр чиглэлээр хамтран ажиллаж, боломжит туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Тухайлбал, Монгол улсын аялал жуулчлалын шинэ хуульд мэргэжлийн экспертиз хийх, мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, салбарын удирдлагын чадавхийг бэхжүүлэх зэрэгт тус байгууллага тусалж байгаа бөгөөд төслүүдийн тайлан төлөвлөгөөг Гадаад харилцааны сайдад анхлан албан ёсоор гардуулав. Мөн Торгоны зам дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын томоохон хөтөлбөрт Монгол улсыг албан ёсоор хамруулахаар болжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, сумдын наадмын хуваарь

Архангай

Тус аймаг долдугаар сарын 9-10-нд наадмаа хийх бөгөөд харин Чулуут,
Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн
баяр наадам долдугаар сарын 25-26-нд болох юм.
 Баян-Өлгий
Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил сумдын тэмдэглэлт ой байхгүй
бөгөөд аймгийнхаа наадмыг энэ сарын 5-6-нд хийх аж. Харин долдугаар
сарын 3-нд Алтай таван Богд хайрханы төрийн тахилга болох юм байна.
 Баянхонгор
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой,
Говийн бүсийн хурдан морьдын уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу энэ
сарын 25-26-нд болно. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан,
Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум
түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 Булган
Аймгийн наадам энэ сарын 9-10-нд, харин Дашинчилэн, Хутаг-Өндөр,
Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой
долдугаар сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай
уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд
болох юм байна. Дашрамд дурдахад тус мялаалга наадамд Булган аймгийн
шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох юм.
 Говь-Алтай
Тус аймгийн хувьд энэ жил хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх
юм. Тухайлбал Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад
14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэнэ.
 Говьсүмбэр
Говьсүмбэр аймгийн баяр наадам энэ сарын 7-8-нд болно. Тэгвэл Баянтал сумын 90 жилийн ой 3-4-нд болох юм байна.
 Дархан-Уул
Аймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болох бөгөөд Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам долдугаар сарын 19-20-нд болно.
 Дорноговь
Тэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор Дорноговь аймаг уг
жагсаалтын хоёрт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд,
Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд долдугаар сарын
10-27-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
 Дорнод
Дорнод аймгийн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин
Булган, Матад, сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90
жилийн ой энэ сарын 14-16-нд, Халхгол, Дангийн Цагаан уулын тахилга
наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ.
 Дундговь
Аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд харин Луус, Гурван сайхан,
Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой долдугаар сарын
17-18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой энэ сарын 9-10-нд
болох билээ.
 Завхан
Завхан аймгийн хувьд 10 сумын ой энэ жил тохиогоод байгаа юм.
Аймгийн баяр наадам нь энэ сарын 10-11-нд Улсын баяр наадамтай давхцаж
байгаа бөгөөд Отгон, Дөрвөлжин, Сантмаргаз, Яруу, Сонгино, Баянхайрхан,
Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн
баяр наадам долдугаар сарын 17-18-нд болно.
 Орхон
Тус аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ойн
энэ сарын 28-29-ндболох бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын
9-11-нд болох юм байна.
 Өвөрхангай
Аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болно. Харин Баян-Өндөр,
Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт,
Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын
18-19-нд зохион байгуулах аж.
 Өмнөговь
Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн
жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны
мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд тус наадам долдугаар сарын
25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор,
Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам ирэх
сарын 8-нд ганцхан өдөр болох билээ.
 Сүхбаатар
Өнөө цагийн хурдыг тодорхойлогч аймгийн баяр наадам энэ сарын
10-11-нд болох бөгөөд Уулбаян, Эрдэнэцаган, Сүхбаатар, сумын 90,
Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-24-нд
зохион байгуулах юм.
 Сэлэнгэ
Аймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болж Шаамар 4-5-нд, Зүүнбүрэн
14-15-нд, Цагааннуур 15-16-нд, Түшиг болон Ерөө сум 14-15-нд,
Баруунбүрэн сум 24-25-нд, Мандал сум ирэх сарын 1-2-нд тус тус түүхт 90
жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.
 Төв
Төв аймгийн баяр наадам энэ сарын 9-10-нд болно. Харин Лүн,
Өндөрширээт сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 9-10-нд, Эрдэнэ,
Батсүмбэр, Угтаалцайдам сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 10-11-нд,
Бүрэн сумын 90 жилийн баяр наадам долдугаар сарын 15-16-нд, Сэргэлэн,
Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долдугаар сарын 18-19-нд тус тус
болно.
 Увс
Аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд, харин Зүүнхангай, Завхан,
Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын
16-наас наймдугаар сарын 4-ний хооронд болох аж.
 Ховд
Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ
сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай
сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн
наадам ирэх сарын 3-4-нд, Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор
гараагүй.
 Хөвсгөл
Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд буюу Хотгойдын хурд
хангай бүсийн даншиг наадам болно. Тус аймгаас Тосонцэнгэл, Галт,
Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд болох юм байна.
 Хэнтий
Хэнтий аймгийн баяр наадам хамгийн түрүүнд болж байгаа бөгөөд
маргааш наадмын нээлтийн өдөр юм байна. Харин Галшар сумын 90 жил энэ
сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 14-15-нд, Бэрх сумын 60
жилийн ойн 11-12-нд тэмдэглэн өнгөрүүлэх аж. Түүнчлэн Мөрөн суманд энэ
сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд энэ сарын
18-20-нд “Алтаргана” их наадам зохион байгуулагдах юм.
Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхэд бүтэн гэрэлтүүлэг хийнэ

Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлын үеэр Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд оруулсан. Мөн Энхтайваны гүүрийн дагуу гэрлэн чимэглэл хийж, Төв цэнгэлдэхэд зөөврийн контейнер 00 нэмж байршуулахаар болсон байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ“ ХК–иас наадмын үеэр 24 цагаар хариуцлагатай жижүүр гарган, аваарын бригад ажиллуулж,  нэмэлт цахилгааны эх үүсвэр байрлуулах аж. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд 10 хүнийг хяналтын багаар ажиллуулахаар болжээ. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шинэ товчоо орчмын замын хайргыг наадмын өмнөх өдөр бүрэн цэвэрлэж дуусгахаар болсон байна. 

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XVIII хуралдаан болно.  Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтцийг шинэчлэх  хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам, Монгол наадам цогцолборын Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх журам, арга хэмжээ зохион байгуулах үнэ тариф батлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч тахилгад оролцохоор Баян-Өлгийг зорилоо

Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай нислэгээр Баян-Өлгий аймгийг зорилоо.

Тэрээр тус аймагт өнөөдөр болох Алтай Таван богд хайрханы төрийн тахилгад оролцох юм байна. Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийг 2012 онд гаргаж байжээ.

Түүнчлэн уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа дөрвөн жил байсныг уртасгаж, цаашид таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай зориулалтын машинуудад таних тэмдэг тавина

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тогтсон усыг нэг тонн, арван тонны багтаамж бүхий тусгай зориулалтын гурван машинаар тухай бүр соруулж, зайлуулах ажлыг хийдэг. Үүнийг хүмүүс бохир усаа Туул гол руу асгаж байна хэмээн буруугаар ойлгох болжээ.  Гэтэл энэ нь хүмүүсийн ойлгож байгаа шиг ахуйн бохир биш бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай болон автозам дээр тогтсон борооны ус юм. Улаанбаатар хот нь ариутгах татуургын салангад системтэй төлөвлөгдсөн бөгөөд автозамын ус зайлуулах шугам,  далан сувгууд нь шууд гол руу нийлж, борооны усаа хаядаг онцлогтой. Тиймээс цаашид  ус соруулдаг тусгай зориулалтын машинуудад “Борооны ус” таних тэмдэг тавихаар болжээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОРТ-ийн “Жди меня” нэвтрүүлэг 29 жилийн дараа монгол хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ

Ээжтэйгээ 29 жил уулзаагүй хүү, охин хоёр  Оросын “ОРТ” телевизийн тусламжтайгаар уулзаж  буй  “Жди
меня” нэвтрүүлэг  “Youtube”-д тавигдсаныг
олон хүн нулимстай үзсэн билээ. Ээжийгээ олж уулзсан Н.Сансартай уулзаж төөрөлдсөн
хувь  тавиланг, ээжтэйгээ уулзсан баярт мөчийнх
нь талаар ярилцлаа.
 

 -Анх аав, ээж хоёр чинь  Украйнд
танилцсан гэсэн.  Аав тань Львовт цэргийн
сургуульд сурч  байсан юм уу?

-Украйны Львов хотод  хуучин социалист нийгмийн үед Монголоос цэргийн
дарга нар бэлтгэгддэг байсан. 1969 онд цэргийн албанд яваад 1972 онд халагдаж ирээд
тэгээд шууд таван жил Львовт улс төрийн сургуульд явж байсан. Манай аав одоо тэтгэвэртээ
гарсан хүн байдаг юм. Львовт сурч байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Ээж минь украйн
хүн.    Монголд 18 жил байхдаа  ээж Украйн руу бас явдаг байсан юм.  Ээж, аав хоёр хамт ч явдаг байсан. 1986 онд намайг
нэгдүгээр ангид ордог жил ээжийн аав нь нас барж, манай гэрийн амьдрал ч болж бүтэхгүй
байсан юм шиг байна лээ. Тэгээд л Украйн руу явсан.

-Тэгээд буцаж ирээгүй юм уу?

-Угаасаа “Би ингээд
явлаа. Буцаж ирэхгүй”   гээд бүр явсан.

-Яагаад буцаж ирэхгүй гэсэн юм бол. Ирэхгүй байх учир шалтгаан байж
дээ?

-Ээж, аав хоёр муудсан  байх аа. Манай аав цэргийн байгууллагаасаа
1983,1984 онд гарсан. Хувьсгалын музейн орлогч дарга хийж байгаад дараа нь Богд
хааны музейн орлогч дарга болсон. Тэгж байхдаа нэг асуудалд орооцолдсон шиг байгаа
юм. Баахан цэргийн дарга нар бөөндөө хөзөр тоглож, архи уугаад л баригдсан юм шиг
билээ. Улсын мөнгө төгрөг рүү орсон ч гэдэг билүү. Нилээн олон хүн шүүхээр ороод
гурван жилийн ял  авцгаасан. Манай аав ч адил.
Гурван жил суух байснаас  жил гаруй болоод
гарч ирсэн. Гарч ирээд  ажил байхгүй, архи
их уудаг байлаа.  Тэр үед ээжийн аав нь нас
барсан. Нөхөр нь архи уугаад байхаар эмэгтэй хүн тэсээгүй, Украйн руу бүр явсан
болов уу. Уг нь манайх Улаан хуаранд хамгийн анх баригдсан таван давхар байшинд
байсан. Улсаас хоёр өрөө байр өгсөн юм. Аав тэр үед Батлан хамгаалахын их сургуульд
улс төрийн орлогч, багшаар ажиллаж байв. Хамгийн анхны л цэргийн дарга нар манай
байранд байдаг. Тэр үед цэргийн дарга нар орос эхнэртэй байх моод байсан. Цэдэнбал
даргын үеийн моод шүү дээ. Хойно сургуульд сурч төгсөөд ирэхдээ гадаад эхнэртэй
л ирдэг байж.

-Та аав, ээжээсээ гурвуулаа байхаа…?

-Тиймээ, хоёр том
нь  хотод 
аав, ээжтэйгээ амьдардаг. Бага дүү 
эмээ, өвөөтэйгөө хөдөө  амьдардаг байсан.
Бид цөөн насны зөрөөтэй болохоор   ээж ажил
хийх шаардлагатай болоод аавын аав, ээж дээр бага дүүг төрөнгүүт нь хөдөө явуулсан.
Манай ээж Ира  Батлан хамгаалах яамны лабораторид
олон жил ажилласан.   Тухайн үед олон жаахан
хүүхэдтэй болоод ч тэр үү “Бид  энэ хоёр хүүхдээ
өсгөе, та бага  хүүхдийг өсгөөд өг” гээд  эмээ, өвөөд өгч, манай бага дүү эмээ өвөөгийн  хүүхэд болсон шүү дээ.

-Тэр дүү чинь одоо хөдөө л байдаг 
уу?

-Тиймээ.  Сүүлд ээжтэй уулзсанаас хойш  “Дүүгээ битгий хол байлгаач ээ, өөрийнхөө хажууд
байлга”  гэсэн. Тэгээд хөдөөгийн байрыг нь
зараад Гачууртад хашаа байшин авч өгсөн юм. Хотод хоёр жил гаруй амьдарсан. Энд
амьдарч үнэхээр чадахгүй нь гээд хөдөө рүүгээ явсан.

-Дүү нь нөхөр, хүүхэдтэй болсон уу?

-Нөхөр хүүхэдтэй.
Нөхөр нь төмөр замд ажилладаг. Хөдөөнөө л сайхан байна гэсэн. Тэндээ өөрөө үсчин
хийгээд, саяхан ямар юмны ч билээ эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон гэж ярьсан.

-Та хоёр ээжийгээ санадаг байсан уу. Та хоёр тусдаа байж байгаад хэзээ
уулзсан юм бэ?

-Ээжийг явснаас хойш
аав бид хоёулаа үлдсэн. Нэгдүгээр анги төгсөөд зун нь хөдөө өвөөгийнх рүүгээ явсан.
Галт тэргэнд  суугаад  л  Дорноговь
явчихна. Зуны амралт дуусахад гэртээ хүрээд ирнэ. Ингээд  дүүтэйгээ холбоотой байдаг байлаа. Би бас Дорноговьд
нэг жил эмээ өвөөгийндөө сурсан. Дараа нь Дорноговийн-Сайншандад шилжээд нэг жил
айлд байсан. Аав архи уугаад, байраа зараад тэгээд орох оронгүй. Тухайн үеийн хүмүүсийн
амьдрал канондсон юм шиг яг адилхан. Тухайн үеийн цэргийн дарга нар яг нэг замаар
ижилхэн явсан шүү дээ . Бүгд ажилгүй, эхнэрээсээ салаад, байраа зараад, архинд орцгоосон.

-Та хэд ээжтэйгээ уулзаагүй хэр удсан бэ?

-Манай дүү бол нэг
ч удаа уулзаагүй, хараагүй.  Зураг хараад
л ээж гэж мэддэг  байсан. Би ч бас гайгүй
1986 оноос хойш хараагүй байлаа. Бас бус юмаа санана. Дүү маань ээжтэй 29 жил уулзаагүй
гэсэн үг л дээ. 1981 онд төрөөд л эмээ, өвөө дээр байсан болохоор ээжтэй уулзаагүй.
Би 24 жил уулзаагүй байж байгаад л 2010 онд уулзсан юм шүү дээ.

-Тэгээд ээжтэйгээ уулзъя гэж хэзээ шийдсэн  юм бэ. Тэр хооронд холбоотой байсан уу?

– Ерөөсөө холбоо
байхгүй. Намайг багад нэг л өдөр ээж  “Өвөө
нь өнгөрчихлөө, Украйн  явахгүй бол болохгүй.
Чи Монголд аавтайгаа үлдэх үү, ээжтэйгээ явах уу” гэж асууж байсан нь тод санагддаг.
“Монголд аавтайгаа үлдэнэ” гэж би хэлсэн. Нэгдүгээр  ангийн жаахан хүүхдийн сонголт байсан шүү дээ.
Миний дараагийн дүү Сарнайгаас бас яг ингэж асуусан. Сарнай “Аавтай үлдэхгүй, ээжтэйгээ
явна”  гэсэн.  Тэгээд л би аавтайгаа үлдэж, Сарнай ээжийг дагаж
яваад, бага дүү Солонго маань эмээ, өвөө дээрээ хөдөө үлдсэн хэрэг. 1986 онд Монголд
амьдарч байсан орос, украйн хүмүүс   их буцсан
шүү дээ. Цэргийн дарга нарын орос эхнэрүүд нөхрөөсөө салаад, зарим нь нөхөр хүүхдээ
дагуулаад явцгаасан юм. Ээж минь надаас  тэгж
асуугаад л маргааш нь билет бүх юм нь бэлэн болчихсон  байсан.

-Цаанаас нь ер нь хүнээ татаж авсан юм уу?

-Тийм л юм шиг билээ.
Буцаж очъё гэсэн хүмүүстээ тусалсан байх.

-Ээжгүй өнгөрүүлсэн он жилүүд хэцүү л байсан байх…

-Тийм ээ. Амьдрах
гэж өчнөөн л юм болж байгаа юм чинь. Энд ч 
нэг ажил хийгээд, тэнд ч нэг ажил, давхар ажил хийгээд л яваад байлаа.

-Та дээд сургуульд сурсан уу?

– ШУТИС-д сурсан,
төгсөж чадаагүй. Сая Япон сургуульд гурав дахь жилдээ сурч байхад хөрөнгө оруулалтаа
татаад зогссон. Олон л сургуулиар явлаа. Төгсөхийн даваан дээр болж өгөхгүй юм аа.
Энэ жил Боловсролын яамнаас гурван жил сурсан бичгээ аваад ирвэл нэг жилийн төлбөрөө
төлөөд дипломоо ав гэж байна лээ. Гэхдээ тэгмээргүй байна.  Өөрөө суралцаж төгсөөд хонхны баяр хийж үзмээр
байна шүү дээ.

-Ямар, ямар ажил хийж байсан юм бэ?

-1995 онд арван жилээ
төгссөн. 1995 он чинь дампуурлын үе шүү дээ. Наймаа хийдэг хүн болж Эрээн рүү явна.  Тамхи авчирч хот руу зарна. Хотоос хүнсний бараа
авч   Эрээн явах замдаа галт тэргэнд зарна.
1997 онд “Хос ирвэс” клубт тамирчнаар орсон. Дөрвөн сар хэртэй бэлтгэл хийгээд
“Топ тэн” клубт хамгаалагчаар орсон. Гурван жил ажиллаад бас дампуурсан. “Tse” гээд
пабын сүлжээ хамгийн анх Од кино театрын урд ганцхан салбартай байсан. Тэнд  хамгаалагчаар ороод нэг жил гаруй ажилласан. Дараа
нь Дэнжийн мянга– Нарантуулын хооронд микро барьсан. Хамгаалагчийн ажил олон жил
хийсэн болохоор туршлагатай. Монгол шилтгээнд 12  жил ажиллаж байна. 2005 онд харуул хамгаалалтын
компани нээсэн. Хэд хэдэн ажил давхар хийнэ шүү дээ. Хамгаалагч хийж явсан хүн хамгаалагчаараа
л явахгүй бол өөр ажил байхгүй шүү дээ. 

– Эндээ ямар алба хашдаг юм?

-Монгол шилтгээнийхээ
Хамгаалалтын албаа хариуцдаг.  Эндээсээ бол
хангалттай цалин авна. Бас Английн элчингийн хамгаалалтыг хариуцдаг. Бас хоёр, гурван
барилгын компанид зөвлөх хийдэг. Цаг бол асар бага дөрөв, таван цагийн нойр аваад
маш нарийн хуваарийн дагуу ажиллана. Залуу байгаа дээр жаахан ажиллахгүй  бол болохгүй. 
Ингэж чармайж ажиллахгүй  юм бол хамаатан
садан гэх хүн цөөн, найз нөхдөөс өөр хүнгүй хүн чинь хэцүү.

-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Гурван хүүхэдтэй.
Хоёр охин, нэг хүүтэй. Амьдрахын төлөө яваад л байна.

-Аав тань одоо тусдаа  байдаг
уу?

-Тиймээ, тусдаа.

-Харилцаа гайгүй биз дээ?

– Гайгүй ээ. Долоо
хоногтоо нэг, хоёр удаа ойр зуурынх нь хэрэгтэй зүйл, хоол ундыг нь  аваад очдог. 
Аавыг минь Нэргүй гэдэг. Нэг хүнтэй хожуу суусан, одоо сайхан амьдарч байгаа.

-Ээжийгээ их санадаг байсан уу?

-Яаж байгаа бол,
ямар болсон бол, хүнтэй суусан болов уу гээд 
том болох тусмаа их юм боддог болсон. 
Амьдрал гайгүй  болоод ирэхээр энэ
нь яаж байгаа бол, тэр минь яаж байгаа бол гээд санаа тавьж эхэлдэг юм байна. Ээж
минь яаж байгаа бол, ядарч байвал очоод тусалчих юмсан гээд  боддог байлаа.

-Ээжтэйгээ яаж холбоо барьсан талаар сонирхмоор байна л даа….

-Украйнаас Оросын
жуулчид ирсэн. “ТрансСибирь” гээд жилд хоёр удаа Сибириэр,  Монголоор дайрч Бээжин ордог, өөрсдийн вагоноор  буцаад Европ руугаа явдаг Европын баячуудын аялал
байдаг. Тэр аяллын групп одоо миний  ажиллаж
байгаа Монгол шилтгээнд байнга буудаг юм. Өнгөрсөн жил буугаагүй. Манай төмөр зам
гадны вагоныг өртөөн дээрээ зогсоохгүй гэснээс болоод  шууд явчихсан юм. Тэр группын орчуулагчийн аав,
ээж хоёр гээд хоёр хүн буусан.  Би бараг сарын
өмнө захиралтайгаа ээжийнхээ тухай ярьж, боломж олдвол нэг яваад ирдэг юм бил үү,
очоод нэг сураглаад болох байлгүй гэж ярьсан чинь “Тэгэхгүй юу даа,  нэг яваад ирэхгүй юу” гээд ярьж байсан юм. Тэгээд
захирал тэр хүмүүстэй ярилцахад Украйнаас аялж яваа хүмүүс гэдгээ хэлж. Гэтэл манай
захирал миний талаар ярьж, “Украйнд ээж нь байдаг. Та хоёр холбоо барьж өгөөч” гэж
хэлсэн юм билээ.

-Хаяг нь өөрт чинь байсан юм уу?

-Явахдаа үлдээсэн
хаяг нь л байсан юм. Тэгээд нөгөө хүмүүстэй би уулзаж, ээжийн үлдээсэн хаягийг өгч
асууж өгөөч гэхэд нөгөө хоёр хүн “Нутаг буцаад холбоод өгье, холбогдох газарт мэдэгдэж,  хайж олж өгье”  гээд надаас 
ойр зуурын мэдээлэл аваад явсан.  
Би бас оросоор сайн ярьж чадахгүй. Хүн ярихыг ойлгоод байдаг, ярих гэхээр
таг. За тэгээд ямар ч байсан ойлголцоод нөгөө хоёр хүн ч яваад өгсөн, би нэг их
ач холбогдол өгөөгүй юм. Бие муутай настай хүмүүс юм чинь надад тусалж чадах болов
уу даа гэж эргэлзээд  өнгөрсөн. Гэтэл дараагийн
аяллаар нөгөө орчуулагч хүү нь хүрээд ирсэн. Ирэхдээ “Манай аав, ээж хоёр чамд юм
явуулсан” гэсэн чинь надад бэлэг  явуулж.
“Бид хөөцөлдөж байгаа шүү. Бид өөрсдөө явж чадахгүй болохоор хайдаг газар луу мэдэгдсэн.
Ямар ч байсан олдох байхаа, хаяг нь байгаа юм чинь” гэж хэлүүлсэн байв.  11 дүгээр сар эхлээд Украйнаас над руу нөгөө газраас
нь утсаар ярьсан.  “Таны өгсөн хаягаар хайгаад
олдохгүй байна. Украйнд амьдардаггүй юм байна. Хамгийн найдвартай газар Орос байна.
Таны хүсэлтийг бид Орос руу явуулсан шүү. Оросоос  хүмүүс тан руу   хандаж холбоо барина. Тэгээд учир байдлаа ярихаар
нь хэлээрэй” гэсэн. Тэгээд байж байтал сарын дараа Москвагаас ярьсан. “Ээжийн тань  сургийг гаргах гэсэн чинь эрэл мухардах гээд байна. 

Нэмэлт мэдээлэл явуулах хэрэгтэй байна. Буриадын телевизээс сурвалжлагч нар явууллаа
шүү” гэлээ. Буриадын телевизээс долоохон хоногийн дараа баахан сурвалжлагч давхиад
ирдэг юм байна. Манай гэрт хүрч ирээд гэр орны зураг аваад л, “Ээжийгээ хайж байгаа
тухайгаа камер луу хараад хэлээрэй” гээд л баахан зураг аваад хоёр өдөр болоод буцаад
явчихлаа. Арван хэд хоногийн дараа Улаан-Үдээс дахиад нэг телевиз яваад ирлээ.  ОРТ телевизээс дахиад сурвалжлага ав гэсэн юм
байна. Тэгээд тэд бас хоёр өдөр болсон. Энүүгээр яваад л, хотоор яваад л баахан
зураг авлаа. Би бас Монголд  ирсэн хүмүүсийг
яаж зүгээр байлгахав. Цонжин болдог,  дэлгүүр
хоршоо  дагуулж явсан юм.  Тэд өмнө нь Монголд ирж байгаагүй хүмүүс. Ямар
гоё юм гээд л.  Өндөр байшингуудыг харж гайхаад
л. Шангриллад манай хамгаалалт гардаг юм. Нөгөө айхтар үнэтэй брэндийн дэлгүүрүүдээр
оруултал тэрбум төгрөгийн үнэтэй цаг хараад нүд нь орой дээрээ  гарсан. Бараг л шокийн байдалд орсон.  Зах руу гарсан чинь мэдрэгчтэй  гэрэл хэдийг авч явсан. Манай гэрт тийм гэрэл
байдаг юм. Тэрийг харж сонирхоод тэрнээс авмаар байна гээд авч явсан. Зах дээр байдаг
гээд авч өгсөн. Тэднийг явсны дараа Улаанбаатар телевизээс сурвалжлах групп  ирсэн. Улаанбаатар телевиз  Улаан-Үдийн телевиз хоёр  хамтарч ажилладаг юм байна. Тэгээд тэд ярилцлага
авч 11 сард баахан бичлэг хийгээд  л усанд
хаясан чулуу шиг чив чимээгүй болчихсон. 

Гурав дөрвөн сар  нам гүм болчихлоо. Тэгж байтал дахиад Оросоос  ярилаа. “Сансараа, таны  явуулсан энэ материалууд ерөөсөө болж өгөхгүй
байна. Москвад ирээд манай нэвтрүүлэгт шууд ор. Ээжийгээ хүлээж байна гээд ярилцлага
өгөх хэрэгтэй байна. ОРТ дээр хүрч ир” гэсэн.  
“Би өөрөө очъё” гэлээ. Тэд “Та яах вэ, 
гол нь дүүгээ дагуулж ир гэлээ. Та 
бол ээжийгээ харсан хүн байна. Гучин жил болж байхад нэг ч удаа хараагүй
охин дүүгээ авчир гэлээ. Тэгээд манай дүү бид хоёрт  урилга явуулсан.

-Охин дүү чинь ээжийнхээ тухай ярьдаг байв уу?

– Тийм, эмээ дээрээ
өссөн болохоор эмээгээ “ээжээ”  гэдэг  байхгүй юу. Одоо хүртэл эмээтэйгээ байгаа.  Тэгээд Оросоос урилга ирсэн. ОРТ  ёстой мундаг юм билээ. Над руу утсаар яриад маргааш
нь миний урилга мэйлээр ирлээ. Над руу явуулсан урилгаа нэг хувийг Элчин сайдын
яам руугаа явуулчихсан байсан. “Урилгыг  чинь
явуулсан. Элчин рүү хоёр паспортоо аваад оч” гэдэг юм байна. Оронгуут Элчин сайд
нь өөрөө намайг угтаж аваад. “За юу болсон юм. Би сайн учрыг нь олохгүй л байна.
ОРТ-ээс утасдаад “Энэ хоёр хүүхдийн визийг гаргаж өг” гэсэн. Ямар учиртай, юу болоод
байгаа юм”  гэлээ. Би ч хамаг учраа хэллээ.
Тэгээд хэдхэн цагийн дотор виз гараад л хоёр хоногийн дараа онгоцны тийз явуулсан,  манай дүүгийн зардлыг Оросын “В” банк  гаргаж, 
миний зардлыг би өөрөө, манай компани гаргаад явсан.  ОРТ өөрөө зочид буудалтай юм билээ. Биднийг очиход
тэндээ байрлуулсан. Телевизийн байрнаасаа холгүйхэн шиг байдаг. Би дүүгээ хөдөөнөөс
дуудаад хувцас хунараа бэлдээд хүрээд ир гэсэн. Тэгээд дүү ирээд бид Москва ниссэн
дээ.   

-Тэр үед ээжийгээ олдсон гэх бодол төрөөгүй юу?

-Сэтгэлийн мухарт
олдохгүй нь гэж хэлэх юм болов уу, очтол байж байх болов уу гээд л элдэв юм бодогдоод.
Намайг явахад Монголын өчнөөн олон компани тусалсан шүү дээ. “Тэргүүн инвест”,
“Монгол шилтгээн”, “Хаан брой”,  “Говь” гээд
олон компани тусалсан. Манай найзууд хүртэл тусалсан. Би бас очихдоо яаж зүгээр
байхав. Телевизийн нэвтрүүлэгт үгээ хэлснийх нь дараа дүүгээ буцаагаад өөрөө үлдээд
сураг ажиг гаргана даа гэж бодож байлаа.

Жаахан бэлэг сэлт авсан. Гэхдээ л уулзалдахгүй бол яана гэж түмэн янзаар
бодож байлаа. 

-Ээжийгээ амьд мэнд гэдэгт нь итгэж байсан биз
дээ….

-Хүний зөн совин гэж байдаг шүү дээ. Амьд гэж итгэж байлаа. Юмыг яаж мэдэхэв
гээд хадаг аваад, амьдарч байсан газар нь уячихаад явдаг юм билүү гэж бодоод авч
явсан.  Мөнгөн аяга авч явдаг ч юм билүү гэж
бодож байлаа.

-Орост очоод юу болов?

-Онгоцноос шууд буугаад л ОРТ гэсэн хаягтай миний нэрийг барьчихсан хүмүүс
угтлаа.  Шууд машинд суулган буудалд буулгаад
“Маргааш тэдэн цагт явна шүү”  гээд л үлдээ­гээд
явсан. Дүү бид хоёр буудлаасаа гарч зайрмаг зардаг том цэгээс хамгийн томоос нэг
нэг зайрмаг  авч  идээд Москвагийн гудамжаар алхлаа, бүх хүн хараад
л байсан. Машинтай хүн хүртэл нүд нь том болоод л хараад байсан. Өвөл зайрмаг иддэггүй
юм уу, иддэггүй юм бол зайрмагны дэлгүүр яагаад ажиллаад байгаа юм, учрыг нь олоогүй
ээ. Тэгж бид хоёр Москвагаар жаахан аялж билээ. Хоёр дахь өдрөөс нь телевизийн бичлэгт
орно гээд хүмүүс ирж дагуулж явлаа. ОРТ чинь аймаар юм билээ. Шалгалт гэж жигтэйхэн.
Дотогшоо ортол нэвтрүүлэг нь яг эхэлж байсан. Бид хоёрыг хүлээлгийн танхимд суулгаад
хэсэг хугацаа боллоо.   Би бол бага сага оросоор
ойлгоод байдаг. Манай дүү “Юу  гэнээ, юу гэж
байгаа юм бол” гээд л надаас асууна. Би арван жилд орос хэл заалгаж байсан болохоор
хурдан сурахаар юм билээ. Тэгээд л тусгай өрөөнд сууж байтал нэвтрүүлэг бараг дуусах
гэж байна. “Та хоёр ээжийгээ хайж байгаа тухайгаа ярь” гэлээ. Би ч нөгөө хаягаа
барьчихсан, “За ороорой” гэх үед нь дүүгээ дагуулаад орлоо.  Нэвтрүүлгийн 
заал гэж пиг хүн. Гэтэл Оросын хамгийн хоёр алдартай хөтлөгчийг дуудаад ирүүлчихэж.
Эрэл нь бүтэлтэй болоод ч тэр үү мундаг хөтлөгч нар хөтөлж байсан. Хөтлөгч эмэгтэй
нь Оросын гавьяат жүжигчин, төрийн шагналт 
ч билүү  хүний охин гэнэ. Тэгээд л
надаас асууж байна. Надад чихэвч авчирч өгөөд шууд монголоор ярь гэлээ. Шууд орчуулаад
явчихаж байгаа юм. Ээжийг тань хайж байгааг гаргая гээд Монголд авсан нөгөө бичлэгүүдийг
том дэлгэцээр гаргаад хөтлөгч асуугаад би ч хариулаад л байлаа. 

-Яг тэр үед ээжтэйгээ уулзах нь гэж бодож байв
уу.

-Харин ч итгэл алдрах маягтай. Ер нь л 
нэг найраагүй талдаа болоод явчихлаа гээд бодож байтал эрэгтэй хөтлөгч нь
“Бид ээжийг тань хайсан. Украйнаас, Оросоос хайгаад олоогүй, Италиас  оллоо. Сургийг нь гаргалаа. Та одоо ээжийгээ хаана
байгаа гэж бодож байна” гэсэн чинь би “Украйн гэж бодож байна” гэж хариултал  “Энэ зааланд ирсэн байна, Ира, Сарнай хоёр гараад
ир дээ” гэдэг юм байна. Гэтэл ээж дүү хоёр маань нөгөө том дэлгэцийн цаанаас гараад
ирсэн. Тэгээд бид хоёр очоод бөөн уйлаан болж тэврэлдээд, нэвтрүүлэг ч өндөрлөсөн.
Тэд биднийг нэг өрөөнд оруулаад “Дахиж битгий холбоогоо таслаарай”  гэж хэлсэн. Дараа нь бид  ээж, дүү хоёрын байрласан буудалд очиж зөндөө
удаан ярьж суусан.

-Уулзах агшны мэдрэм­жээсээ хуваалцаач….

-Зүүд ч юм шиг, үнэн ч юм шиг.

-Москвад хэр удсан бэ?

-Бид нэг хоног хамтдаа өнжөөд маргааш нь Моск­вагаар бүтэн өдөр зугаалаад
гурав дахь өдөр нь ээжийгээ дүүтэй Итали руу нь үдэж явуулсан даа. 

-Энэ хугацаанд ээж нь юу хийж байсан гэнэ….

-Украйнд амьдрал хэцүү учир Европ руу гарч ажил хийдэг. Тэгж ажил хийж байхдаа
нэг хүнтэй танил­цаад, тэр нь том ресторан ажиллуулдаг хүн юм билээ. Тэр газар нь
ажиллаж байгаад хоорондоо танилцсан юм шиг билээ. “Манай хүн чамд мэнд хүргэсэн”
гээд л ээж минь утсаар ярихдаа хэлдэг.  

-Тэгэхээр та хэдээс өөр хүүхэдтэй болоогүй юм
байна, тийм үү?

-Дахиж хүүхэд гаргаагүй юм билээ. Миний дараагийн дүү охин ээжтэй байсан
шүү дээ. Ээж маань хэзээ ч Монгол руу явахгүй гэж байсан хүн чинь сүүлдээ бас наашлах
гээд л байсан юм шиг билээ. Намайг ингэж өөрийг нь хайж олоогүй бол Монгол руу нэг
очно гэж бодож байсан гэж ярьж байна лээ.

-Таны ээж Монголын иргэн байсан уу, Украйны иргэн
хэвээр визээ сунгуу­лаад Монголд амьдардаг байсан уу?

-Украйны иргэнээрээ л байсан юм билээ. 

-Та хэд яаж хэл нэвтрэлцэж байв?

-Би л бага сага орчуулж хэлээд, ээж монгол хэл бага сага мэддэг байсан юм
билээ. Дүү маань байнга шокийн байдалтай гайхсан, манарсан л хүн яваад байгаа юм
чинь. Монгол руу буцатлаа   манараа нь гараагүй
байсан.(инээв)  Эмээ маань дүүг минь “Ээжтэй
нь нэг уулзуулахсан” гэж байнга ярьдаг байсан юм. Эмээ маань одоо ч Дорноговьдоо
байгаа л даа.

-Одоо ээж нь байнга харилцаатай байгаа юу.
2010 оноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн байна…

-Байнга холбоотой. Ялангуяа  дүүтэй
байнга холбоотой. Одоо бага дүү Польшид  байгаа.  Бид байнга мэйлээр харилцаатай байдаг, мөн утсаар
холбогддог. 

-Ээжийгээ дагаад явсан дунд дүү нь та нарыг ер
нь мэддэг байж уу?

-Надтай тоглож байсан үеэ санадаг гэж байсан. Хоёрхон монгол үгийг огт мартаагүй
юм билээ. Нэг нь “аав” гэдэг үг, нөгөө нь нохой.

 -Аав тань
энэ талаар мэдсэн биз дээ. Сонсоод юу гэх юм?

-Мэдсээн. Эр хүн болохоор
хааяа нэг ярьдаг л байсан. Байнга яриад байхгүй ээ. Ээжтэй уулзаад ирснийг сонсоод
“Болж дээ” л гэсэн.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Өнгө будаг нь цацарсан ҮЗЭСГЭЛЭНТ БРАЗИЛ

Дэлхийн сая сая хүн  тэр аяараа хөл бөмбөгөөр давалгаалах сэтгэл хөдөлгөсөн ховорхон өдрүүдэд уншигч олондоо Бразил орноор аялсан аян замын тэмдэглэлээ хуваалцахыг ихэд хүслээ.  

Ингээд нуршилгүйхэн тэмдэглэлээ хүргэе. Манай гэр бүл аяллынхаа анхны алхмыг Вашигтон дахь Бразилийн элчин сайдын яамаас виз авахаар эхэллээ. Хамгаалалтын албаны хар хөх өнгийн формтой өндөр, бахь биетэй бразил залуу биднийг харан  инээмсэглэсээр элчингийн шилэн хүнд хаалгыг түлхэн онгойлгов. Тэрээр  богино ханцуйтай  форм өмсчээ. Хоёр гар нь бугуйгаа хүртэл битүү шивээстэй. Зүүн нүднийхээ өтгөн хар хөмсгийн дундуур ташуу зураас гарган  зориуд гурван хэсэг болгон тасалжээ. Элчингээр орж гарах хүмүүс  “панк” эрийг  зэрвэсхэн хараад л өнгөрцгөөнө. Гаднах байдлаараа этгээд харагдах ч бразил хүний найрсаг зангаар жижиг зүйлс дээр ч төвөгшөөлгүй сэтгэлээсээ тусалсны ачаар бидний виз хурдан  шуурхай гарчихав. Ажилдаа хариуцлагатай залуу маань үүд хүртэл биднийг гарган өгч аян замын дөрөөг бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгээр мялаасанд бид гурав ч сэтгэлээсээ талархсаар саллаа. Майамигаар дамжин Рио-де- Жанейро ороход найман цаг гаруй болдог аж. “Рио-де- Жанейро”  буюу “Нэг сарын гол” хэмээх их хотын гудамжинд хөл тавьмагц л  зургаан сая гаруй хүн амын шигүү бөгөөд бужигнасан амьдралыг  ”арьсаараа”  л мэдэрч билээ.( Бразилийн нийт хүн ам 202, 694, 000, дэлхийд дээрээсээ тавд орно)

Суусан таксины жолооч бүлтгэр хар нүдтэй, гялтганасан бор залуу. Онгорхой цонхоороо салхи шуугиулан давхингаа, урд  толио үе үе харна.  Бидэнтэй харц тулгармагцаа томоос том цагаан шүд гарган инээмсэглэж нэлээд аялгатай англи хэлээр нөхөртэй маань яриа эхэлж хотоо танилцуулж гарлаа. Замын хажуугаар харагдах хямд төсөр барилгуудын  өнгө төрх, хэлбэр үзэмж нь цаашлах тутмаа аажим сайжирсаар нэг л мэдэхэд амьдралын өртөг ихтэй  Атлантын далайн хөвөө даган унасан дэлхийн  сайхны нэгэнд  тооцогдох  үзэсгэлэнт Copacabana-Копакабана эрэгт ирцгээлээ. Гадаа сүүдрэвч доор сууцгаан хүйтэн шар айраг шимэх царай тунгалаг,  дэгжин хүмүүс толгой дохин инээмсэглэх нь зан сайтайг илэрхийлэх ажуу. 

Халууцсаныг хэлэх юм биш. Сэрүүхэн тохилог буудлынхаа өрөөнд орж  цүнх саваасаа салж, гутлаа тайлахад ядарсан хөлийн улыг хүйтэн гантиг шал сэрүүн татуулан жигнэх нь  хичнээн таатай. Цонхны  зузаан хөшгийг яран дэлгэмэгц гэв гэнэт  нүдний өмнө гайхамшигт зурагтай номны хуудас дэлгэгдэх  мэтээ…  Нэг л итгэмээргүй гоё… Хараа үл салгам үнэхээр сайхан харагдах аж. Байгаль эх энэ нутгийнханд юу ч харамлаагүй мэт. Мянга мянган жилийг элээсэн, геологийн цаг тооллоор маш эртнийд тооцогдох мөлийж мохоо болсон оройтой помбогор бөөрөнхий хэлбэрт аварга уулс нь нууцлаг бөгөөд сүрлэг.  Яг л үлгэрийн мэт энэхүү өндөр уулсын ёроолоор Атлантын далайн номин цэнхэр ус  түрэн орж, эрэг хормойгоороо цав цагаан торгон элсээр эх газраас өөрийгөө таслан  тусгаарлажээ. Байгалийн энэхүү гайхамшгийг  цааш үргэлжлүүлэгч нь гадаа талбайн нэрт  архитектор  Роберто Маркс. Түүний уран сэтгэмжээр 1970 онд бүтээсэн далайн үелзсэн давалгааг дүрслэн хар цагаан чулуугаар хослуулан шигтгэсэн, дөрвөн км үргэлжлэх явган хүний зам  үнэхээр гайхам. Гүн цэнхэр далайнхаа дундуур шугам шиг зурайтал татсан 14 км орчим урт  гүүр барьжээ. Харц татам урлагийн бүтээл болсон энэ гоёмсог гүүр  Рио хот хуучин нийслэл Нитерой хоёрыг холбодог. Өдөрт дунджаар 140 мянга гаруй машин зорчдог байна. Хамгийн сонирхолтой нь гүүрийг  бүр  анх 1875 онд барихаар төлөвлөж байсан байх юм. Үеэс үе дамжсан энэхүү мөрөөдлийг  1974 онд буюу бараг 100 жилийн дараа  биелүүлсэн хүн бол Бразилийн архитекторуудын  “сор” гэгддэг Оскар Нимейер юм. Энэ эрхэм  Нью-Йорк дахь НҮБ-ын барилгыг барихад хүртэл гар бие оролцож явжээ. 

Өдрийн наранд далайд  сэлж, биеэ шарж,  эргээр нь хоол унд эргүүлсэн, дуулж хуурдсан хүмүүс байсан бол харин үдэш чийдэнгийн гэрэлд нүцгэн хөлөөрөө элс бужигнатал гар, хөл бөмбөг тоглох хүмүүс олон юм. Заримдаа нэгэн төрлийн бүжиг хийгээд ч байгаа мэт сонин санагдана. Далай дагасан амьдрал үеийн  үед л ийм байж дээ гэхчилэн элдвийг бодсоор сонирхон явж байтал  нөхөр, хүү хоёр маань өлсөж байна хэмээн дуу дуугаа авалцан сүйд болцгоов.

Шөнийн амьдрал ч ид цэцэглэж хоол зоогийн газар чөлөө завгүй. Бид хэд ч Бразилийн үндэсний зоогийн газарт зориуд орцгоов. Манай барилгын дэлгүүрт тэнгэрт хадсан үнэтэй байдаг бразил чулуугаар эндэхийн зоогийн газар ханаа битүү доторлочихож.  Арай л  тайзаа бүрээгүй юм уу даа. Бразилчууд гоёмсог сайхан гантиг чулуугаар хана туургаа ёстой л чимэглэе гэж чимэглэжээ.  Дашрамд хэлэхэд байгалийн нөөц баялагтай  энэ орон манайд нүдний гэм байдаг халтар мана, гартаам гээд гуч гаруй төрлийн үнэт чулуутай. Түүгээрээ нутгийнхаа шувуу загасыг  амьд мэт хийсэн нь тун гоёмсог.  Гял цал ресторанд ороод суумагц эргэн тойрон дандаа эрэгтэй зөөгчид үйлчилж байгааг хараад   нэг  л хачин  санагдаад явчихав.  Лалын шашинт Пакистанд амьдарч байсан дурсамжууд сэтгэлд сэр хийх нь тэр. Удаж төдөлгүй бидний ширээ амт сайтай шинэхэн ногоо, анхилам үнэрт жимс, шинэхэн талхаар дүүрэв. Хоёр залуу  метр гаруй, хальт харвал сэлэм гэж харахаар төмөр шоронд сүлбэсэн,  атгасан гарын дайтай шарсан хэдэн хэсэг махыг том балиус хутгаар шүүс дуслуулан хүн болгоны  тавган дээр зүсэж өглөө. Алдарт бразил үхрийн мах аргагүй л амттай зөөлөн байна хэмээсээр бид амтархав. Бразил үхрийнхээ тоогоор Энэтхэгийн дараа ордог улс.  Дэлхийн уушги хэмээдэг Амазоны үржил шимт өвс ургамлыг  хоол тэжээлээ болгосон эрүүл чийрэг бразил үхэр сүргийн ашиг шим, ялангуяа  мах экспортлолт сүүлийн таван жил дэлхийд рекорд тогтоожээ.  Америк болон хөрш орнуудад махаа экспортолдог төдийгүй орон нутгуудад мянга мянган ажлын байруудыг гаргадаг улс. Зөвхөн үхрийн мах нь улсынхаа  эдийн засагт хоёр тэрбум ам.доллар оруулж чаддаг. Биднийг орж ирэхэд л байсан  португал хэлээрээ шуугилдан шулагнаж байсан хүмүүсийн хоол өндөрлөх шинж огтхон ч алга. Тэгсхийж байгаад бид гурав ч буудлынхаа зүг хөдөлцгөөв.

Маргааш өглөө эрт  буржгар шар үст Марта аль хэдийнээ ирчихсэн  задгай  цагаан жип машины жолооч эртэй хөөрөлдөн биднийг хүлээн буудлын гадаа   зогсч байв. Төлөвлөгөө ёсоор Рио хотын нэрт цэцэгт хүрээлэнг зорилоо, замдаа  дөрвөн франц,  аргентин хосуудыг  аваад “Тижука” үзэсгэлэнт ойг зорилоо.

Анх 1808 онд Португалийн хаан Жон VI, Бразилд байдаггүй мод ургамлыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан энэхүү ойд тарьж байсан нь бидний очих газар. Тэрээр Энэтхэгийн баруун хэсгээс задь, чинжүү зэрэг ховор нандин бүхнийг авчирч  нутагтаа тарьж чаджээ. Тэгээд1822 онд зул сарын баяраар нээлтээ хийж ард түмнээ оруулж байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Үзэсгэлэнт ойн усан цөөрөмд хөөрхөн яст мэлхийнүүд амар амирлангуй хөвж зарим нь наранд биеэ ээн тухлах аж. Нийт 540 мянган хавтгай дөрвөлжин  километр  газарт дэлхийд ховордсон ургамал модноос эхлэн ойролцоогоор 6500 төрлийн чамин ховор цэцэг, навч, кактус, зуу гаруй төрлийн үзэсгэлэнт шувуудтай үзэсгэлэнтэй ой юм. За тэгээд байгалийн музей, хоол зуушны газрууд, уран баримал, усан оргилуур, эртний чулуун шигтгээт баннёс гээд  бүгдийг нэг дор цогцлоожээ. Өндөр хадан хавцлаас солонго татуулан унах хүрхрээний ойролцоо сууцгааж,  ус уун зураг авцгааж түрхэн амарч  амжив.  Угийн яриа хөөрөө сайтай Марта халуун орны хамгийн сайхан гэсэн бүхнийг тайлбарласаар хүчирхэг аварга хүрэн улаан моддыг зааж “бразил мод” гэв. Хүчирхэг энэ сайхан модноос өнөө улаан будаг гаргадаг алдарт бразил самар ургадаг аж. Португалийн язгууртан, армийн командлагч  Педро Алварес Кабрал 1500 онд энд газардсанаар  колончлол эхэлжээ. Шинэ орныг нэрлэхдээ  хамгийн эртний хуучны модны нэрээр “Бразил” хэмээсэн байна. Аялагч бид  нилээн хугацаанд их ч юм үзсэн тул ойгоос гарцгаан машиндаа сууж, элдвийг хуучилсаар 700 гаруй метр өндөр үзэсгэлэнт Корковадо ууланд очицгоов.

Тэртээ дээр уулын оргил оройд дэлхийн гайхамшгийн нэгэнд зүй ёсоор ордог гараа алдлан дэлгэсэн 40 орчим метр өндөр, нүсэр том харагдах Исус Христосийн хөшөөний зүг өгсөцгөөв. Тэртээ өндөрт толгой дээгүүр нь хөвөн цагаан үүлс нүүж, тэртээ доор далайн ус цэнхэртэн өтгөн нов ногоохон модод дундаас хашийн  цагаан барилгууд наранд гялтагнасан  их хотоо харан зогсох “эзэн Исус” нь сүрдэм.  Хамгийн анх 1850 онд хөшөөг энд босгох саналыг хамба лам Винсентайн гаргасан түүхтэй. Хотынхоо хамгийн өндөрлөг, байгалийн “эрхэм тансаг” оройн дээд газартаа шүтээнээ  залж чаджээ. Бразилчуудын дунд шүтлэг бишрэлтэй нь холбогдсон  нэн сонирхолтой судалгааг хэлэхэд хүн амынх нь 97 хувь бурханд итгэдэг харин нэг хувь нь  огт итгэдэггүй байна. Шүтлэг ихтэй энэ орон уран хийц чамин загвартай олон арван сайхан сүм дугантай. Шашныхаа зан үйлийг  далайн эрэг гудамж  талбайд  гүйцэтгэж байх нь олонтаа тааралдана.

Өдөржингөө  уул усаар явсан бид Мартагаас салж, усанд орж, хувцсаа солиод,  шинэхэн ногоотой хөнгөхөн хоол идэж биеэ сэргээж  аваад сэрүү унамагц Лапа гэдэг урлаг соёл, шөнийн дуу хөгжмөөрөө алдартай газрыг зорилоо. Жолооч биднийг бужигнасан улсын дунд буулгачихаад л давхиад явчихав. Эргэн тойрон дуу хөгжим  хангинаж, энд тэндгүй бүжиглэсэн хүмүүс.  Замаар дүүрэн хөгжилдөн инээсэн улс хөлхөлдөнө. Анх хараад юунд ороод ирчихэв ээ хэмээн өөрийн эрхгүй  цочин дуу алдаж билээ. Халуун цуст бразилчууд ёстой л  бужигнан  буцалдаг юм билээ, тэнд. Бөмбөрийн эрч хүчтэй жавхаат аялгуу, хийморь золбоо сэргээх бүжгийн увидаст  хүч  зүрх сэтгэл дэх зовиур гунигийг элдэн хөөх мэт нэг л сайхан санагдсан шүү. Хөгшин залуу, эр эм, хар шар гэлтгүй  ичих зовж биеэ барих зүйл энд алга. Бүгд л  өөрөө өөрийнхөөрөө байх нь хичнээн сайхан, нэг л эрх чөлөөтэй. Ийн бужигнаж явахад өргөн замын голд дунд бүжиглэх  цав  цагаан үс,  хөмсөгтэй, саарал өмдтэй,  туранхай өвгөн миний анхаарлыг ихээр татаж билээ. Тэрээр цагаан цамцныхаа ханцуйг шууж судас шөрмөс гүрийсэн туранхай  гараа дээш  нь шидлэн гав ганцаараа бүжнэ. Өнгөрөн зөрөх охид залуус хэсэгхэн зуур өвгөнтэй зэргэцэн бүжиж байгаад орхиод л явна. Тэгж байтал  нэгэн хижээл эмэгтэй ирээд бас л хамт хөл нийлүүлэн бүжиж байгаад  яваад өгөх жишээтэй. Урсан өнгөрөх олон мянган хүнээс хэн нь ч  өвгөнийг гадуурхаж, дооглож шоолохгүй нь үнэхээр гайхам сайхан. Одоогоос  500 жилийн тэртээд африк, европ, америкийн индианчуудын өв уламжлал дээр хөгжсөн Бразилийн дуу бүжиг олон ястан үндэстэн сая сая ард түмнээ хооронд нь сэтгэл зүрхээр нь  холбон зангидсан мэт санагдаж билээ. 

Д. АЗЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Шалгарсан Засаг дарга нарт байрны урьдчилгаа өгнө

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтаж нийслэлийн хороодын Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлажээ.

Уралдаанд нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар оролцох ба 09 дүгээр сарын 15-ны өдөр оролцогчдын материалыг хүлээн авч, I, II шатны шалгаруулалтыг хийх аж.  Болзолт уралдаанд шалгарсан 20 хорооны Засаг даргад орон сууц (60 хүртэл м2) худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн  20%-ийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагнах юм байна.  Орон сууцны урьдчилгаанд олгох хөнгөлөлтийг орон сууц худалдан авах байгууллага руу бэлэн бусаар шилжүүлнэ гэж мэдээллээ.

Энэхүү уралдаан нь  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг  үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг  идэвхижүүлэх зорилготой юм байна.