Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн нэгэн мөчлөг өнгөрлөө, улс оронд хэрэгтэй юу үлдэв

УИХ-ын хаврын ээлжит чуулган албан ёсоор хаалтаа хийлээ. Улс төрийн нэгэн мөчлөг өнгөрлөө. Аливааг эхлэл дээр нь бус төгсгөл дээр нь үнэлж дүгнэхийг цаг үе шаардаж байгаа. Улс орны хувь заяаг удирдан залж байгаа УИХ-ын чуулганы хаалт нь ийнхүү дүгнэх мөчлөг юм. Энэ хавар улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал даруухан байсангүй. Жигд, хүчирхэг хэмнэлээр явсангүй. Юу болж байгааг хэвлэл мэдээллээс нийгмийн сэтгэл зүй хангалттай сонсож мэдсэн. Улс орныг удирдаж буй хүмүүс асуудлыг ярьсангүй, хүний тухай ярьсаар таарлаа. Сайд дарга нарыг огцруулах асуудал, хуйвалдааны эсрэг хуйвалдаан ярьсаар түүндээ ч цэг тавьж чадалгүй нээлттэй үлдээгээд чуулганаа завсарлуулав. Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралын эсрэг тодорхой санал санаачилга, гарцыг ямар ч улс төрийн хүчин, улс төрчийн амнаас ард түмэн олж сонссонгүй. Хаврын чуулган ажлын 32 хоног ажиллаж, энэ хүрээнд нэгдсэн хуралдааныг 29 удаа, байнгын хороодын хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна. Мөн 79 хууль баталснаас бие даасан 9, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 43, хүчингүй болгох тухай 2, гэрээ хэлэлцээ, соёрхон батлах тухай 4, УИХ-ын тогтоолын 29 төсөл тус тус баталсан байна. Хууль эрх зүйн хувьд басчиг тоон үзүүлэлт. Тэгвэл УИХ-аас гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй Засгийн газар нь хэрхэн ажиллав. Улс орны нийгэм, эдийн засагт хамгийн их ач холбогдолтой, үр дүн авчрах Төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Чөлөөт бүсүүд, Сайншандын аж үйлдвэрийн парк, Таван толгой, Оюу толгой хаа байна. Ажил нь хэрхэн ахив. Эдийн засгийн үр дүн байна уу. Үүнд УИХ-аас тодорхой үнэлэлт дүгнэлт өгөв үү. 

Жишээ нь хамгийн их хэрүүлийн талбар болоод байгаа Төмөр зам байна. Ямар ч улс төргүй, мэргэжлийн хүний дүгнэлтээр бол шинэ төмөр замын асуудал нь бодлого гарснаас хойш дөрвөн жил, төлөвлөж эхэлснээс хойш зургаан жил нийт 10 жилийг ардаа үджээ. Эхний галт тэрэг тээврээ хийх хугацааг алдсан байна гэж дүгнэсэн байна. Аль 2010 онд батлагдсан төмөр замын бодлого өнөөг хүртэл хэрэгжиж амжсангүй. Уг нь анх батлахдаа 2012 он гэхэд л 1100 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч км шинэ төмөр зам баригдсангүй. Өргөн, нарийн царигийн аль нь манай улсын эрх ашиг юм бэ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлж байгаагаар бол “Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр замыг тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн царигаар баригдана гэсэн үг. Харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барина. Ингэснээр хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барина гэсэн үг” гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газраас оруулсан энэ санал нь энэ удаагийн чуулганаар бүдэрч хойшиллоо. Төмөр зам тавигдах асуудал дахиад л хойшлогдлоо гэсэн үг. Энэ мөчид өргөн царигийг дэмжигсэд болох Х.Баттулга тэргүүтэй хүмүүс мэдээллийн цахим ертөнц хийгээд мэдээллийн сувгуудаар ялалт байгууллаа, нарийн цариг тавихын төлөө нөхдөд хориг тавьж чадлаа хэмээн бахархалтайяа дуугарцгаах болов. Эцэстээ өргөн, нарийн царигийн маргаан Монголын нүүрсний гадаад зах зээлд өндөр үнээр борлуулж, их хэмжээний ашиг олох байсан алтан үеийг өнгөрөөж, нэг км ч шинэ төмөр замгүй хэрэлдсээр өнөөдрийг хүрлээ гэсэн үнэнтэй л үлдлээ. Үүнийг одоо ямар үр дүн гэх вэ. Улс төрийн орчин дахь маргаан нь улс орны хөгжлийн төлөөх мэтгэлцээн байдаг учраас заавал нэг үр дүн харагдаж байдаг. Тэгвэл Монголын улс төрийн, засаглалд суугчдын хоорон дахь энэхүү өргөн, нарийн царигийн маргаан, талцаан, хэрүүл тэмцлийн үр дүн гэж юу байна вэ. Үүнийг л ард түмэн хоёр тал болсон хүмүүсээс асууж байна. Тэгвэл өнөөдөр юу үнэн байна гэвэл юу ч үгүй, бүтээж байгуулсан зүйлгүй, зүгээр л төмөр замын царигаар хэрүүл хийн цаг хугацааг өнгөрөөж байгаа нь үнэн байна.   

Хэрэвзээ цариг дээрээ ойлголцоод төмөр замаа тавьж чадсан бол 1.5 тэрбум ам.долларын бондын ч хэрэггүйгээр улсын эдийн засагт мөнгө орж ирэх боломжтойг эдийн засаг судлаачид хэлж байгаа юм. Төмөр зам геополитик биш ээ, эдийн засгийн утга нь илүү гэвэл зөв сонголт нь нарийн цариг болно. Шууд урагшаа тавина. Шилжүүлэн ачилтын нэмэлт зардалгүйгээр Хятадын төмөр замтай холбогдоно. Зардал хэмнэнэ, цаг хугацаа хожно. Ачаа эргэлт хурдан болно. Хятадаас гадна Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэдэг дэлхийн стандартад нэвтрэх юм. Хоёр том хөршийнхөө дундаас бид хаа холдох билээ. Тийм болохоор тээврийн асуудлаа шийдэхгүй байгаа нь хөгжлийн гарцгүйгээр гацлаа гэсэн үг. Гарц байхгүй бол тээвэр байхгүй, тээвэрлэлт хийгдэхгүй бол Монгол Улсын хөгжлийн коридор хэзээ ч нээгдэхгүй гэсэн үг. Энэхүү царигийн хэрүүл эцэстээ ийм л үр дүнд хүрлээ.

Улс орны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтаас төмөр замыг онцлоход ийм байна. Бусдынх нь тухай яривал бас ийм л агаартай мэдээллүүд цувна. Эмгэнэлтэй байна даа. УИХ-аас хууль эрх зүйн тодорхой бичиг баримтууд гарч байж л энэ улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Тийм болохоор энэ удаагийн чуулганы хугацаа гэдэг бол эдийн засгийн эрх ашигтай хуулиудыг хэрхэн зөв эрэмбэлж баталснаар “Эзэн-100” буюу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын эрч хүч, үр дүнг харах ёстой. Өнөөдөр харагдаж байгаагаар эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд барьсан 20 орчим хуулийн тал хувь нь ч батлагдалгүйгээр завсарлав. Энэ бас л үр дүн. Хаваржингаа эдийн засгаа эрчимжүүлнэ гэж ярьчихаад Их хурал нь завсарлачихаар ард түмэн итгэлгүй үлдэж байна. Их хурлын дарга ч өөрөө хэллээ, “Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтаа УИХ-д оруулж ирсэнгүй” гэж. Энэ бол Их хурал-Засгийн газар хоёрын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн жишээ. Ийм байхад эдийн засгийн эрчимжилт хийгээд эхэнд дурдсан томоохон бүтээн байгуулалтууд хэрхэн урагшлах тухай итгэл алга. Наадамлаж, найрласаар намрын дунд сарын 17 хүрч сая нэг сэхээ орно. Тэр үед улсын эдийн засаг болон олон улсад нөхцөл байдал ямар болсон байхыг багцаалж буй улс төрч байгаа юм уу. Наадмын уур амьсгал орчихсон энэ өдрүүдэд энэ тухай бодохыг ч хүсэхгүй байх шиг байна.

 УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы хаалтад хэлсэн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоомжууд, баталсан баримт бичгүүд, түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг хоёр хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталсан нь их бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлэхэд, эдийн засгийг эрчимжүүлэхэд бодитой түлхэц болоосой л гэж хэлье дээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн банк мөнгөний бодлогоо чангаруулахыг зөвлөв

-УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ ЧУХЛЫГ МӨН САНУУЛЖ БАЙНА-

Эдийн засгийн өсөлт  сайн  ч сөрөг үр дагавартайг  Дэлхийн банкны эдийн засагчид сануулж байна. “Хэт халсан  хөдөлгүүр яадаг билээ, үүнтэй адил сөрөг нөлөөтэй” хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли зүйрлэв.  Тэд жилд хоёр удаа Монгол Улсын эдийн засгийн тоймыг мэдээлдэг бөгөөд MCS плазагийн дөрөвдүгээр давхарт ээлжит мэдээллээ хийлээ. Түүнтэй хамт эдийн засагч Ш.Алтанцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдийн засгийн хэт өсөлт нь эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байна гэж ахлах эдийн засагч Тэхюн Ли тодорхойлсон юм. Энэхүү эмзэг байдал нь  олон улсын санхүүгийн зах зээлээс зээл авахад сөргөөр нөлөөлдөг үзүүлэлт. Зээл авсан ч хүү өндөр байхад хүргэдэг аж. Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа.  Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт их хэмжээний  мөнгө нийлүүлснээс төгрөгийн ханш суларсан,  инфляци тогтмол өссөн. Засгийн газраас зээлийг нэмэгдүүлэхгүй мөнгөний нийлүүлэлтээ барьсан тохиолдолд инфляци тогтворжих учиртай. Цэвэр экспорт бага зэрэг өссөн нь Оюу толгойгоос экспортолж байгаа зэс ДНБ-ий өсөлтөд эерэгээр нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Тавдугаар сард инфляци  13.7 хувьд хүрэв. 

Гурван жилийн турш эдийн зас­гийн өсөлт өндөр байсан ч  гадаадын шууд хөрөнгө оруулалт багассанаар урсгал дансны алдагдал ихэссэн.  Урсгал дансны алдагдал 2011-2013 онд  ДНБ-ий 30 гаруй хувьд хүрч огцом өсчээ. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтаар төсвийн алдагдлыг нөхдөг байсан.  Өдгөө гадаадын хөрөнгө оруу¬лалт төсвийн алдагдлыг нөхөх хэм­ж­ээнд орж ирэхгүй  байгаа учраас хүндхэн байдалд оржээ. Дэлхийн банкны эдийн засагчид санхүүгийн тогтвортой байдлыг бий бол­гох нь чухал гэж үзэж байна.  “Эдийн засгийн тогтвортой бай­дал гэдэг нь эдийн засгийн өсөл­тийг хоёр оронтой тоонд  барих гэсэн үг биш. Үнийг тогтворжуулж, төлбөрийн тэнц¬лийн алдагдлыг  бууруул­на гэсэн үг. Хүмүүсийн хэрэг­лээнд эерэгээр тусч байвал эдийн засаг тогтвортой бай­на гэж үзэх хэрэгтэй” гэж ахлах эдийн засагч Тэхюн Ли тайлбарлав. Мөнгөний ханшийн уналтаас болоод манай иргэд хэрэглээгээ танаж эхэл­сэн. “Мөнгөний бодлогоо чангатгах хэрэгтэй” гэж тэд зөвлөж байгаа юм. Инфляци өндөр хэвээр үргэлжилбэл  хэрэглээ дарамтанд орно.   Зээл өсөөд байвал инфляци өсөөд байдаг учраас зээлийн өсөлтийг сааруулах хэрэгтэй гэнэ. Валютын ханшийг уян хатан байлгах Төв банкнаас авч байгаа арга хэмжээ зөв гэж үзэж буйгаа ахлах эдийн засагч хэллээ. 2011 онд импорт ихээхэн өссөн дүн гарсан нь зөвхөн Оюу толгойн үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж, бараа мате¬риал хилээр орж ирж байсантай холбоотой. Энэ нь урсгал дансны алдагдлыг тэлж орхижээ. Сүүлийн гурван жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар урсгал дансны алдагд¬лаа санхүүжүүлж ирсэн ч гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 50 хувиар буурсан. Оны эхний таван сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 64 хувиар буурсан дүн гарчээ. Тиймээс Засгийн газар урсгал дансны алдагдлынхаа хагасыг бонд босгож хаасан байна. 2013 онд валютын нөөцөөсөө урс­гал дансны алдагдлаа хаахад зарцуулж эхэлжээ.  Урсгал дансны алдагдал өндөр,  түүнийг хаах хөрөнгө оруулалт байхгүй нөхцөлд  валютын нөөц буурна. Гадаад валютын нөөц тавдугаар сард 1.6 тэрбум ам.доллар  болж, 2012 оны эцсээр хамгийн өндөр байсан үзүүлэлтээсээ 61 хувиар буурчээ.   Энэ нь эргээд төгрөгийн  ханшийг бууруулж, үнэ цэнийг нь уна­га¬хад хүргэдэг байна. Жил хагасын хугацаанд төгрөгийн ханш 25 хувиар суларчээ.  

Импорт буурч, зэсийн экспорт сайжирснаар 2014 онд урсгал дансны алдагдал багахан хэмжээгээр буурах төлөв гарчээ. Гэхдээ энэ нь засгийн бодлогын сайных бус. Зах зээл өөрөө өөрийгөө тохи¬руулсан хэрэг гэж Дэлхийн банк¬ны эдийн засагчид тайл¬барлав. Уул уурхайн бус салбар хумигдсантай холбоотойгоор эдийн засаг идэвхгүй байдалд шилжиж импорт буурсан аж.  Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэх учраас ашигт малтмалын салбарын өсөлт хэвээр үргэл­жилнэ хэмээн эдийн засагчид тооцов.  

Инфляци  өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлжээ. Үнийн өсөлтийн хурд, өрхийн орлогыг гүйцэж түрүүлжээ. Хүмүүс хэтэвчиндээ зохицуулан хэрэглээгээ танах болсон. Айл өрхийн өрийн хэмжээ нэмэгдэж байгаад анхаарах шаардлагатайг Дэлхийн банк сануулав.

Орон сууцны моргейжийн зээлийн өсөлтийн улмаас  өрхийн өр зээлийн хэмжээ 50 гаруй хувиар нэмэгджээ.  2013 оны байдлаар  өрхийн жилийн орлого дахь дундаж өр 60 орчим хувь болж өсчээ. Хэрэв хүмүүс өрийн дарамтанд орж, банкны зээлээ хойшлуулах, хугацаа хэтэрсэн зээл нэмэг­дэж эхэлбэл яах вэ. 2013 оноос эхлээд хүмүүс авсан зээлээ төлж чадахгүйд хүрч, найдваргүй зээл хугацаа хэтэр­сэн зээлийн хэмжээ өсч, банкны тогтолцоонд сөргөөр нөлөө¬лөх хандлагатайг Дэл­хийн банк сэрэмжлүүлсэн. Орон сууцны зах зээлийн халалтын талаар тэд нэг бус удаа дурдав.  Орон сууцны инфляци огцом өсөх нь маш хэцүү гэлээ.  Орон сууцны зах зээл хэт халах нь  улмаар банкны салбарт нөлөөлдөг. Төв банкнаас хоёр их наяд төгрөгийг моргейжийн зээл болон барилгын компаниудын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулжээ. Энэ нь барилгын салбарыг халаахад хүргэсэн гэв.  Орон сууцны нийлүүлэлт хэтрэх хандлага бий. Ний¬лүүлэлт хэтэрвэл нөхцөл бай­дал хэцүү болно хэмээн анхаа­руулав. Орон сууцны зах зээлд нарийн нягт мониторинг хийх ёстой хэмээн тэд сануулж байна. 

-Моргейжийн зээлийг сааруулах, багасгах бодлого бари¬вал нэгэнт баригдсан барил­¬гууд борлогдохгүйд хүрч, барилгын салбар унал¬тад орж болох уу хэмээн лав­лахад “Орон сууцны зах зээл зөвхөн моргейжийн зээл дээр тулгуурлаагүй. Тэгнэ үгүй гэсэн шууд хариулт алга. Мор¬гейжийн зээл барил­гын салбарын эрэлтэд нөлөөлж болно.  Моргейжийн зээлийг орон сууцны эрэлт хэрэгцээтэй зорилтот бүлэгт хүргэх хэрэгтэй” гэж ахлах эдийн засагч хариулав. Эдийн засагч Ш.Алтанцэцэг “Өнгөрсөн хугацаанд банкны салбарын нийт зээлийн  33 хувь нь моргейжийн зээл, барилгын компаниудад барил­га барихад зориулж өгсөн зээл байна. Нийт зээлийн гуравны нэг нь ганц салбарт хандсан нь зээлийн багцыг төвлөрүүлжээ. Эдийн засаг сайжрах төлөв харагдахгүй бол энэ бүхэн хүндрэл үүсгэнэ. Эрсдэл нэмэгдэж байгаа гэдэг үүднээс илүү хяналт тавихыг зөвлөж байгаа юм. Бид моргейжийн зээлийг шууд зогсоо гэж хэлээгүй” гэж хариуллаа. Мөнгөний бод­логыг чангатгахад сөрөг үр дагавар байдаг ч эдийн засгийн тогтвортой нөхцөл байдал үүсгэхэд  ач холбогдолтой гэв.

“Хятадын банкны салбар Монголд нээгдэх талаар яриг­даж байна. Дэлхийн том банк Монголд орж ирэх нь ямар эерэг, сөрөг талтай вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад ахлах эдийн засагч Тэхюн Ли “Гадаадын том банкны салбар орж ирэх нь давуу болон сул талтай. Хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал,  хад­га¬ламжийн хүү бага, хөрөн­гө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал нөхцөлтэй Монгол Улсад гадаадын банк мөнгөтэйгээ орж ирсэнээр эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэг­дэх магадлалтай. Хөг­жиж байгаа улс орнууд банкны салбараа нээлттэй болгох нь дотоодын арилжааны банкуудад сөр­гөөр нөлөөлөх талтай. Гэхдээ дотоодын банкуудын өрсөлдөх чад­варыг нэмэх бодлого баримталж, сөрөг нөлөөг давуу тал болгон хувиргаж, үр шимийг нь хүртэж болно” гэсэн юм.    

“Улс төрийн харилцан ойлгол¬цол чухал” гэж Дэлхийн банкны  эдийн засагчид мөн онцолсон юм.  Хэт их зардлыг танаж, Төсвийн тогтвортой байдлын хуулийг дагаж мөр­дөх талаар улс төрийн харилцан ойлголцолд хүрэх нь чухал гэсэн л дээ. Ашигт малтмалаас орж ирэх орлогыг  үр дүнтэй захиран зарцуулж удирдах талаар бодох цаг болжээ.  Баялагийн сангийн сайн тогтолцоо бий болгох нь хожим “бороотой өдөр” зарцуулах, хойч үедаа хадгалж үлдэх боломж олгоно гэв. Эдийн засгийн өсөлт буурахад санаа зовох хэрэггүй. Төсөв санхүүгийн тогтвортой байдал бий болгоход анхаар гэж давтан сануулж байна лээ. 

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ(3)

-ГАВЬЯАТ
МАЛЧИН Х.МАГСАРЫН МАЛЫГ МАЛЛАЖ, 500 ГАРУЙ МАЛТАЙ

БОЛСОН ЗАЛУУ ХОТНООС НЬ ХУЛГАЙ ХИЙСЭН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙНА-

Түрүүч нь 160
(4800), 161 (4801) дугаарт

А.Энхнастын хашаанаас хөдөлж голоо уруудлаа. Галуут багийн төв
эзэнгүй байх аж. Багийн төв дээр саяхан зассан болов уу гэмээр хоёр байшингаас
өөр юм алга. Багийн даргынх сумын төвд байдаг гэх юм билээ. Малчид “Уг нь баг
эзэнтэй, дарга малчдаа эргэж тойроод байвал хулгайчид танагтай байх болов уу.
Гэтэл төр төлөөлсөн газар нь эзгүй л байна шүү дээ” гэцгээж байв. Зам зуур
Б.Энхбаярын гэргий, дүү нар нь хонио хяргаж байхтай таарлаа. Өнгөрсөн хавар
Б.Энхбаярынх бас хоёр эр үхрээ алджээ. Энэ талаар Б.Энхбаярын эхнэр Д.Оюунгэрэл
“Манай хүнийг хонио эргүүлж явахад цагаан өнгөтэй машин энэ хавиар эргэлдээд
байсан юм билээ. Ойртоод очихоор явчихаад байсан гэсэн. Тэгтэл үдэш нь хоёр эр
үхрийг минь жалганд хөөж аваачаад хүлж, нэгийг нь махалчихсан. Нөгөөх нь
хүлгээгээ тасдсан бололтой гүйж ирсэн. Үхэр махалсан газарт хутга, машиныхаа
сэлбэгийг орхисон байсан. Цагдаа нар хутгыг нь гялгар уутанд хийгээд аваад
явсан. Генералын Хадаа гэгч нөхөр жил бүр машин сольж унаад энэ хавиар
эргэлдээд байдаг. Тэр эргэлдэхээр заавал айлын малд хулгай ордог юм. Ням гуайн
адуун дунд хүртэл яваад байсан гэнэ лээ. 

Түүнийг дагаж хулгай хийсэн хоёр
хүүхдүүдийн нэг нутагтаа нэр хүндтэй мянгат малчны хүү юм билээ. Мянгат малчны
хүүхэд нэг голынхныхоо малыг хулгайлаад байхаар яах билээ” гэв. Энэ мэтээр
уулзсан хүн, очсон айл бүр малаа алдсан тухайгаа ярина. Хулгайчдын увайгүй
үйлдлийг жигшиж, зэвүүцсэн малчид “Тэдний малыг тэгж махалсан байна лээ”, “Тэр
гуайн малыг нядлаад аваад явахдаа арай ч дээ гэмээр болгож” гэх мэтчилэн ярьж
байсан. Хадаа Аяа гэдэг хөгшний хоёр үхрийг хулгайлж нядлахдаа өвчүүг нь
гэрийнх нь ойролцоох хадан дээр дэлгээд орхисон л гэнэ. Д.Үржингийн бухыг
алчихаад сэвсээр нь толгойг нь хуччихсан байсан гэцгээнэ. Бас тэдний азарга,
гүү хоёрыг алаад азарганых нь засааг гүүний толгойн дээр тавьчихаад явсан л гэнэ.
Малчдын ярьж байгаагаар дээрх хэрэг өнгөрсөн жил гарсан аж.

 

“ГОЛОМТООСОО ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМ БАЙНА”

Бид Хэрлэн гол уруудаад гавьяат малчин Х.Магсарынд очлоо. Хоёр
хүү нь хойно, урд нь км орчмын зайтай саахалт зусч байгаа аж. Хоёр хөгшин,
туслах малчин залуутайгаа байдаг бололтой. Хотоос хоёр гөлгөн нохой авчирсныг
банхрууд нь дээрэлхэх янзтай байгааг гэрийн эзэн сонин болгож ярив. Хоттой хонь
руу нь хулгайч орсноос хойш Х.Магсар гуайн бие нэлээд дордсон гэнэ. Өвгөнийхөө
тухай “Сэтгэл санаагаар унахаар өвчин нь сэдэрчихдэг юм байна. Муу юм харснаас
хойш хэд хоног дуугаа хураасан. Ойрноос эмчилгээ хийлгэхээр явна” гэж хөгшин нь
ярив. Х.Магсар гуай Ховд аймгийн Булган сумын уугуул. 1970-аад онд хэдэн нялх
хүүхэдтэйгээ нэгдлийн мал маллахаар Баяндэлгэр суманд ирж байсан түүхтэй. Тэр
цагаас хойш Гүн галуут нуур, Хэрлэн голын хөвөөгөөр малаа маллаж, нутгаа шүтэж
яваа буурай. Сумын аварга малчнаар таван удаа шалгарч байсан юм билээ. Х.Магсар
гуай 1993 онд мянгат малчин болж байжээ. Тэрбээр зургаан өрхийг малжуулж,
гурван туслах малчинг ажлын байраар хангаж 2007 онд гавьяат малчин болжээ.
Тэднийх есөн хүүхэдтэй. Хоёр хүү нь мянгат малчин. Бусад нь суурин газар бизнес
эрхлэх нь эрхэлж, төрд ажиллах нь ажиллаж байгаа гэнэ.  

Х.Магсар гуай болж өнгөрсөн явдлын талаар ярихдаа “Байсхийгээд л
малнаас нэг, хоёр хонь зүсээрээ дутаад байдаг. Малчин хүүгээ зэмлээд байтал
хулгайч шөнөөр ирээд шүүрээд явчихдаг байж. 13 хонийг минь нядлахаас хэд
хоногийн өмнө нэг шөнө хөгшнийг гарахад гэрийн гадаах тэргэн дор хоёр нөхөр
хэвтэж байж. Ямар учиртай хүмүүс болохыг нь асуугаад гэртээ оруулахад
“Нохойноос айгаад тэргэн дор чинь орчихлоо. Машин ойрхон эвдэрчихсэн. 10-ын
түлхүүр байна уу” гэдэг байгаа. Тэр хоёр нөхөр түлхүүр авч яваад төд удалгүй
авчирч өгсөн. Азаар малчин хүү минь машиных нь номерыг тэмдэглээд авчихсан юм
билээ. Түүний дараахан нь тавдугаар сарын 14-ний үүрээр бие засах гээд гартал
хоттой хонь байдаггүй. Сандраад эрэл болтол гэрийн араар туугаад Зүүн шандын
аманд сорчилж байгаад 13-ыг нядалсан байна лээ. Тэндээсээ Хөх овоо руу
хөөчихсөн. Хөх овооны хайрхан (чоно) 20 гаруй бог сэглэчихсэн байгаа юм. Тэдний
хийсэн үйлдлийг ярихад хүртэл жигшмээр. Хэрэг болсны дараа хүүхдүүд Багануурын
телевиз, радиогоор “Хулгайн талаар мэдээлэл өгсөн хүнд арван сая төгрөгийн
шагнал өгнө” гэж зар тараасан ч мэдээл орж ирээгүй. Харин малчин хүү минь дээр
ярьсан цагаан машины дугаарыг өгтөл хулгайчдын унаж явсан машин болж таарсан юм
байна. Ингээд хэрэг шалгагдаж байгаа” гэв. Сартай шөнө хоттой хонь туугаад
явахаар нохой хуцдаггүй юм байх даа гэж тодруулахад “Хулгайчдын нэг нь
манайхаас голомтоо бадрааж, малжсан айлын хүүхэд юм шүү дээ. Нэг ёсондоо
голомтоосоо эргэж хулгай хийж байна. Тэгэхээр манай нохой танилгүй яах вэ.
Таниад чимээ өгөөгүй юм билээ” гэлээ.

 

СЭЖИГТНҮҮД

ХЭН БЭ?

Гавьяат малчин Х.Маг­сарын малыг хулгайлсан хэрэгт гурван хүн
сэжигтнээр татагдаж байгаа. Тэдний хоёр нь Х.Магсарынхаас гадна А.Энхнаст,
Б.Энхбаяр нарын малыг хулгайлснаа хүлээжээ.

 

ТОЛГОЙЛОГЧ

ГЭГДЭЖ БУЙ ГЕНЕРАЛЫН ХАДБААТАР

Уулзсан малчин бүр түүнийг хадны мангаа шиг ярьдаг юм билээ.
Ямар сайндаа “Танихгүй хүн ороод ирэхээр Генералын Хадаагийн хамсаатан явж
байна уу гэж сэжиглэдэг болсон” гэцгээх вэ дээ. Түүний талаар үлгэр домог мэт
яриа малчдын дунд байх юм. Жил бүр машин сольж унадаг л гэнэ. Өнгөрсөн жил
портертой байсан. Энэ жил нэмээд соната-6 авсан гэцгээх юм билээ. Хадбаатарын
аавын тухайд олон жилийн өмнө Баян-Өлгий аймгаас Баяндэлгэрт шилжиж ирсэн
гэцгээж байсан. Ерөнхийдөө айлын мал маллаж байгаад цөөн хэдэн малтай болсон
айл юм уу даа. Одоо Хадбаатар ахтайгаа Багануур дүүрэгт амьдардаг аж. Тэрбээр
2011 оноос хойш малын хулгайн хэрэгт шалгагдаж байгаа. Бичиг үсэг мэддэггүй
тэрбээр эрх ашгаа хамгаалахдаа гаргуун гэх юм билээ. Малчид энэ талаар
“Заргалдсаар бай­гаад дөрвөн цагдааг ажилгүй болгосон нөхөр, хэцүү хүн дээ”
гэцгээсэн. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруу­лахад Г.Хадбаатар 2011 оны
нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ж-ын 12
адууг хулгайлсан үйлдэлд шалгагдаж байхдаа Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн
байцаах тасгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Д.Сандагбалиряг өөрийг нь
эрүүдэн шүүсэн гэж гомдол гаргаж байсан. Түүний гомдлын дагуу шүүх
Д.Сандагбалиряд тэнсэн харгалзах ял оноож байсан юм байна.

Г.Хадбаатарт холбогдох малын хулгайн дөрвөн хавтаст хэрэг
хуулийнханд бий. Хэд, хэдэн сумаар явж хулгай хийсэн гэх үйлдлүүдийг нь нэгтгэж
Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож Багануур дүүргийн цагдаагийн
хэлтэст шалгуулахаар болжээ. Одоо тэрбээр Х.Магсарын 13 хонийг хулгайлсан
хэрэгт шалгагдаж байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Хадбаатар хэргээ
хүлээхгүй байгаа боловч хоёр сэжигтэн “Генералын Хадаа ах биднийг дагуулж
явсан” гэж мэдүүлжээ.

Г.Хадбаатар 1986 онд төрсөн. Бага боловсролтой нэгэн юм байна.
Одоогоор тэрбээр гадуур шалгагдаж байгаа аж. Биднийг Багануур дүүргийн
цагдаагийн хэлтэст очиход гадна нь байсан хүмүүс “Сая Хадаа мэдүүлгээ өгчихөөд
явсан” гэцгээж байсан юм.

 

МЯНГАТ МАЛЧНЫ ХҮҮ Д.ТҮВШИНТӨР

Малын хулгайн хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа хоёр залуугийн
нэгийг Д.Түвшинтөр гэдэг. Түүний аав Баяндэлгэр сумын мянгат малчин. Насаараа
мал маллаж буй туршлагатай малчин. Нутаг усныхан нь ч ам сайтай юм билээ.
“Галуутад Д.Түвшинтөрийн аав, авга нарынх нь мал талаар нэг багширч байгаа.
Сүүлийн хэдэн жил малаа сайн өсгөсөн айл. Хүүхдүүд нь ч малын захад өссөн.
Малаа мянга гаргатал өсгөсөн айлын хүүхэд хулгай хийж, араатнаас дор авир
гаргасан гэхэд итгэмгүй” гэж малчид түүний тухай ярьж байна лээ. Авга ах нь
Баяндэлгэр сумын Тамгын газрын дарга. Д.Түвшинтөр 1991 оны аравдугаар сарын
13-ны өдөр төрсөн. 23 настай тэрбээр бүрэн дунд боловсролтой. Дунд сургуулиа
төгсөөд л мал дээр гарчээ. “Аав нь хүүдээ мал тасалж, унаатай болгосон. Хүнээс
дутахааргүй л элбэг хангалуун амьдардаг даа” гэж хөгшчүүд ярьж байна лээ.

 

Х.МАГСАРЫНХААС ГОЛОМТОО БАДРААСАН Д.НАЙДАНЛХАГВА

Д.Найданлхагвыг Галуут багийнхан Буядаа гэдгээр нь илүү таних
юм. Тэрбээр 1994 онд төрсөн. Бага боловсолтой. Түүний аав Х.Магсар гуайнхаас
голомт бадрааж, түүний үр хүүхэд шиг байсан гэж нутгийнхан нь ярьцгаах юм
билээ. Энэ талаар Х.Магсар гуай “Анх нялх хүүхдүүдээ хөтөлсөн, орон гэргүй
хүмүүс манайд ирж байлаа. Би хажуудаа гэр барьж өгөөд малынхаа ажилд туслуулдаг
болсон юм. Манай хажууд хоёр жил болоод хүүгийнд найман жил тусласан айл даа.
Хүүхдүүд нь хүүгийн минь хүүхдүүд шиг ижилсэж өссөн. Одоо ч зураг хөрөг нь бий.
Манайхнаас нүүхдээ хоёр гэр, хоёр мотоцикль, 300 гаруй ямаа, 170 хоньтой
болчихсон байсан. Тугалтай үхэр зааж өгсөн нь арав гаруй болтлоо өссөн.
Манайхаас бадраасан голомт нь хоёр болж, тасалж өгсөн мал нь 500 гаруй болж
өссөн нь тэр.”Мал ч өслөө. Тусдаа гаръя” гээд нүүсэн. Хүүхдүүд нь манайхаар орж
гараад л явдаг байсан. Мал төллөх үеэр нэг, хоёроор хонь дутаад байсан юм.
Тэгтэл Буядаа шүүрээд байдаг байж” гэж ярьсан.

Тэднийх одоо мянга шахам малтай, тэр голдоо боломжийн амьдралтай
айл юм байна.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Цагаан суваргын ордыг ашиглахад төр оролцохгүй

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны
байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

 -2014
оны хаврын чуулган завсарлалаа. Хаврын чуулганыг та яаж дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар хийсэн сайн зүйлүүд бий.  Олон асуудалд дарагдсан, хэрүүл, хэлцэлтэй, завгүй
үе их байлаа. Эдийн засаг хүнд, төсвийн орлого тасалдалтай үе ч таарлаа.  Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд нэлээд олон
бодлогын бичиг баримтуудыг УИХ-аас гаргалаа. Эдийн засаг, газрын баялагтай холбоотой
олон асуудлыг хэлэлцэж шийдлээ. Энэ талаасаа яривал хаврын чуулган үр дүнтэй байсан
юм шиг. Гэвч цаг алдсан зүйлүүд их байлаа. “Давхар дээл”-ийн асуудлыг хагас жил
яриад эцсийн мөчид батлагдах шатанд нь унагаалаа. УИХ-ын гишүүдийн нэлээд хувь нь
Засгийн газартаа ороод   суучихсан. Засгийн
газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан гэдэг шүүмжлэл бий. Ийм том зүйлийг ярьж, ярьж
эцэст нь ямар ч үр дүнгүйгээр унагалаа шүү дээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах,
томилуулах асуудлыг ярьж баахан цаг алдлаа. Долоо хоногийн дотор яриад, тухайн сайдыг
огцруулбал огцруулаад, огцруулахгүй бол болих хэрэгтэй байтал  завсарлага авдаг, хойшлуулж сунжруулдаг зүйл их
байлаа. Үүнийг дагаад ажил цалгарддаг асуудал их байв.  Энэ бүхнээс дүгнэхэд хаврын чуулганаар сайн зүйлүүд
ч хийсэн,  шүүмжлэлтэй асуудлууд ч байлаа.
Ер нь аливаа зүйлийг шүүмжилж байж алдаа мадгийг засдаг учраас үүнийг хэлээд байгаа
юм. Үүгээрээ УИХ-ын ажлыг бүхэлд нь харлуулах гэсэнгүй.

-Огцруулах,
томилох асуудал ярьсаар байгаад сүүлийн өдрөө хамаг хуулиудаа бөөндчих шиг болсон…

-Тэглээ. Улстөржилт, намчирхалт, талцал маш их байлаа. Сүүлийн өдөр
хуулиудыг бөөндсөн нь үнэн. Ер нь намын бүлгүүдийн дунд хууль гэдэг чинь хөлбөмбөг
шиг явж байдаг. Үүнийг батлахгүй, үүнийг батална гэдэг тохиролцооны хэмжээнд хуулиудыг  яриад байгаа нь зохимжгүй. УИХ хууль хэлэлцээд
эхэлсэн л бол батлах үгүйгээ ягштал шийддэг байх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдийнхөө
саналаар шийддэг. Гэтэл энэ бүхнийг намын бүлгүүд тохироогоор шийддэг  болсон. Ийм байж болохгүй шүү дээ.

-Та
хаврын чуулганы сүүлийн хуралдаан дээр үүнийг хэлж байсан…

-Тийм. Ямар хууль батлахыг хэдхэн дарга шийддэг юм бол УИХ-ын 76
гишүүн байсны хэрэг алга. Ямар хуулийг дараагийн чуулганаар хэлэлцэх вэ гэдэг нь
дарга нарын үзэмжийн асуудал болсон юм шиг байна. Энэ бол байж боломгүй зүйл. Жишээ
нь манай байнгын хороо арав гаруй хууль санал болгоход дөнгөж хоёрыг нь намрын чуулганаар
хэлэлцэхээр болж байх жишээтэй. Бид зөвхөн эдийн засаг, мөнгө ярьж болохгүй. Нийгмийн
чухал асуудлыг эдийн засаг, мөнгөтэйгээ хамт ярих хэрэгтэй. Гэтэл тэр чигийн хуулиудыг
хойш нь тавьж байна. Энэ алдаануудаа дараа дараагийн чуулганаараа засах байлгүй
дээ гэж найдаж байна. УИХ-ын гишүүд хуульд анхаарлаа тавихаасаа илүү сандал суудалд
ихээхэн ач холбогдол өгч байгаа нь туйлын харамсалтай байна.

-Сая
хаврын чуулганаар Цагаан суваргын ордын асуудлыг шийдлээ. Яахаар болчихов оо?

-Хамгийн анх Засгийн газраас орж ирсэн төсөлд Цагаан суваргын ордод
төр 34 хувь эзэмшье. Төр хувь эзэмшихдээ 350 сая ам.доллар төлнө гэдэг байдлаар
орж ирсэн юм. Тэгээд УИХ-аас гаргасан ажлын хэсэгт нь би байсан. Ажлын хэсэг, байнгын хороон дээр “Одоо бид сургууль
цэцэрлэгээ барьж дийлэхгүй. Дээрээс нь улс орон мөнгөгүй, төсөв тасалдалтай байхад
350 сая ам.доллар төлж, Цагаан суваргын ордоос хувь эзэмшээд яах юм” гэж ярьцгаасан.
Хэрэв Цагаан суваргын ордод төр хувь эзэмшвэл яах юм гэдгийг бид ажлын хэсэг дээр
ярьсан. Эхний ээлжинд төр 350 сая ам.доллараа олох ёстой. Яаж гэхээр бонд гаргаж
л таараа шүү дээ. Бонд бол  хүүтэй өр болно.
17 жилийн хугацаатай баахан хүүтэй мөнгө зээлчихээд түүнийгээ нэг компанид өгч,
34 хувийг нь эзэмшинэ гэхээр ямар ч ашиггүй. 
Тэгснээс төр  ямар ч хувь эзэмшихгүй.  Хувийн компани эрсдлээ өөрөө бүрэн даагаад явахад
л Монгол Улсад таван их наяд төгрөгийн ашиг унах юм билээ.  Энэ бол Цагаан суваргын ордоос авах татварын хэмжээ.
Энэ хувилбар нь зөв гэж үзээд тогтоолын төслийг ингэж өөрчилсөн. 

-Төрд ямар ч эрсдэл байхгүй юу?

 -Ямар ч эрсдэл байхгүй, ачаалал өгөхгүй. Хувийн
компани өөрөө мөнгөө босгоод ажлаа явуулна. Төрд ирэх ашиг нь  таван их наяд төгрөг.   Хэрэв бид бонд гаргаж, Цагаан суваргад 350 сая
ам.доллар төлөөд 34 хувийг нь эзэмших юм бол 17 жилийн дараа 200  тэрбум төгрөгийн  ашиг хүртэх юм билээ.  200 тэрбум төгрөгийн  ашиг олохын тулд өр тавьж 350 сая ам.доллар босгоод
яах юм бэ. Тэгээд ч нэг ч гэсэн үндэсний компани  том төслийг толгой дааж хэрэгжүүлээд улсдаа ашиг
өгч байвал болж байна. Тэр талаас нь асуудалд хандсан. Түүнээс биш  төрийн өмч байх ёстой зүйлийг  хувийн компани авчихлаа  гэж улстөржүүлж ойлгох хэрэггүй. Цагаан суваргын
ордод  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул
хийх нь хийсэн. Гэхдээ сүүлд нарийвчилсан хайгуулыг нэмж хийхэд хувийн хэвшлийн
тухайн компани маш их хөрөнгө зарсан юм билээ. Тэгээд ч улсын төсвөөр хийсэн хайгуулынх
нь зардлыг төрд буцаагаад төлчихсөн юм байна лээ. Төр бүх зүйлд хутгалдаж, будлиан
хийх шаардлагагүй л гэж үзсэн дээ.

-Төр оролцоод ирэхээр л хамаг ажил гацдаг. Хэрэв Цагаан суваргын
ордод төр оролцвол хоёр дахь  Оюу толгой болох
байлгүй…

-Төр хувь эзэмшээд ирэхээрээ будлиулдаг,
ажил нь гацдаг, төрийн нэрээр дундаас нь зувчуулдаг зүйлүүд зөндөө.  Тийм учраас хувийн компани хийх юм бол тэр төсөл
үр дүнтэй, хурдтай ахина.  Төр бол хянадаг
ажлаа хийгээд, авдаг татвараа авахад л болоо. 
Цагаан суваргын ордоос төр таван их наяд төгрөгийн татвар авах бол хувийн
компанидаа гурван их наяд төгрөгийн ашиг л унах юм билээ.

-Тэгэхээр Цагаан суваргын ордод төр ерөөсөө оролцохгүй болжээ?

-Төр оролцохгүй гэдэг байдлаар
төслийг баталсан.

-Зарим гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаад байсан…

-Цөөн гишүүн шүүмжлэлтэй хандаж
байгаа. Гишүүн бүр өөр өөрийнхөө үзэж, харж байгаагаараа байр сууриа илэрхийлнэ
шүү дээ. Гэхдээ гишүүдийн дийлэнх нь төр оролцох ёсгүй л гэж үзсэн. Мэдээж 350 сая
ам.долларыг төр гаргаад өгвөл цаад компанидаа амар л байх. Гэхдээ төр яаж тэр мөнгийг
олох билээ.

-Ордыг ашиглах үйл явц ямар түвшинд байгаа юм бэ?

-2015 оны төгсгөлд баяжуулах үйлдвэрээ
ашиглалтад оруулна гэсэн. Тэгэхээр л болоо шүү дээ. Яваандаа зэс хайлуулах үйлдвэр
ашиглалтад орно. Өөрсдөө нэлээд хөрөнгө оруулчихсан. Одоо тэрбум хүрэхгүй ам.долларын
хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм билээ. Гаднаас хөрөнгө оруулах сонирхолтой компани
олон бий гэсэн. Тэгэхээр ямар ч гацаагүйгээр Цагаан суваргын ажил урагшилж, Монголд
ашиг орж ирэх нь.

-Тэгэхээр  танай байнгын
хороо хаврын чуулганы хугацаанд ямар хуулиудыг гараас гаргав?

-Манай байнгын хороо маш их ачаалалтай
ажилласан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг эцэслэж гаргалаа. Эрүүл мэндийн
даатгалын тухай хуулийг батлагдах эцсийн шатанд нь өгсөн.  Боловсролын талаар төрөөс баримтлах бичиг баримт
дээр нэлээд ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, гадуур багш нар, сурагчидтай уулзаж
байна. Батлагдсаны дараа амьдралд хэрэгтэй хууль гаргахын төлөө хичээгээд байна
л даа. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг эцсийн
шатанд нь хүртэл  бэлтгэсэн. УИХ-аар батлуулах
гэтэл бүлгийн дарга нарын тохироогоор оруулаагүй шүү дээ. Тиймээс үүнд бухимдаж  чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм.

-Энэ ямар ач холбогдолтой хууль билээ?

-Эмийн замбараагүй худалдаа, үнэ
хяналттай болно. Эмийг хянадаг байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна. Үүнээс гадна
Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогыг манай байнгын хороо хэлэлцүүлнэ.
Мөн өргөн барихад бэлэн болсон хууль олон байна. Их, дээд боловсролын тухай хууль,
Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулийг шинэчилнэ. Эрүүл мэндийн
тухай хуулийг УИХ-ын гишүүд өргөн барина. Тэгэхээр манай байнгын хороо ачаалал ихтэй
байна. Соёлын салбарт Номын сангийн тухай хуулийг өргөн барилаа, Соёл урлагийн талаар
төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ. Кино урлагийн талаар томоохон хэлэлцүүлгийг
манай байнгын хороо өрнүүллээ. Монгол төр кино урлагийнхаа салбарт анхаарахгүй бол
болохгүй нь. Гадны кинонууд ихээр түрж орж ирж байна. Монголын түүхийг гуйвуулсан
олон ангит кинонууд гардаг боллоо. Гадны улс орнууд энэ кинонуудаараа дамжуулж,
соёлын бодлогоо явуулж байна. Гэтэл манайд ийм зүйл дутагдаж байна. Тиймээс олон
ангит кино хийх эрэлт хэрэгцээ манайд их байгаа зэргийг хэлэлцүүлгээр ярьсан. Үүнд
нь төр дэмжлэг үзүүлмээр байна гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгсөн. Энэ чиглэлээр
улсын төсөвт мөнгө суулгадаг болмоор байна. Тусгай салаа гэдэг олон ангит кино гарснаас
хойш залуучуудын цэрэгт явах идэвх сэргэсэн гэдэг шүү дээ. Ийм байдлаар кино урлагаа
хөгжүүлмээр байгаа юм. Мөн хөдөлмөрийн талаар баримтлах бодлогыг оруулж ирнэ. Гэх
мэтчилэн манай байнгын хороонд хийх ажил байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийн
хэлэлцүүлгийг хийгээд  дуусч байна. Тэтгэврийн
шинэчлэлийн бодлого, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар том хэлэлцүүлэг хийсэн.
Ийм учраас манай байнгын хороо нэлээд сайн ажилласан гэж үзэж байгаа.  Ихэвчлэн нийгмийн асуудал хэлэлцдэг учраас гишүүд
намын өнцгөөр биш итгэл үнэмшлээрээ асуудалд ханддаг. Тиймээс байнгын хорооны хурал
дээр улстөржсөн талцал ч өрнөдөггүй.

-Та ямар нэг бүлэгт харьяалагдахаа байж сул гишүүн болсон.
Бүлэгт харьяалагдаж байсантайгаа харьцуулбал ямар ялгаа мэдрэгдэж байна вэ?

-Ямар ч ялгаа алга. Байнгын хороогоо
удирдахад амар юм. Хэт нэг талыг барихгүй болохоор гишүүдэд ч тааламжтай, ажлыг
маань дэмжиж байна. Байнгын хороон дээр энэ тэр намынх, тэр энэ намынх гэдэг байдлаар
гишүүдэд ханддаггүй. Хэн нь ажлын хэсгийг удирдвал ажил хэрэгч байхав гэдгийг бодолцож
шийдвэр гаргадаг байх жишээтэй. Яахав, Шударга ёс эвслийн нэрээр байнгын хорооны
дарга болсон учраас  эвслийнхэн намайг өөрчлөх
болов уу гэж хүмүүс боддог байх. Хэрэв эвсэл шийдвэрээ гаргаад байнгын хорооны даргаа
өөрчилнө гэвэл энэ ажлыг өгөхөд би бэлэн. Гэхдээ эвслийн нөхдүүд маань “Хугацаатай
албан тушаал учраас ярих цагт нь асуудлыг ярья. Тэр хүртэл та ажлаа сайн хий” гэсэн.
Миний хувьд бүлэггүй сул гишүүн болчихоод хэцүүдээд байгаа юм одоохондоо алга.

-Бүлэггүй болчихоор таны үг хүчгүй, ганцаардахгүй юу?

-Намайг шударга ёс эвслийн бүлэгт
байхад бүлгийнхэн маань л дэмжиж байсан. Одоо бол бүх намын бүлэг намайг дэмжиж
байгаа.

-Ер нь та яагаад бүлгээсээ гаръя гэсэн юм бэ?

-Санал нийлэхгүй юм олон байсан.
Хэн нэгэн дарга миний өмнөөс шийдвэр гаргаад үүнийхээ дагуу явахыг тулгавал хэзээ
ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүний толгойгоор биш өөрийн толгойгоор ажлаа явуулна гэж
иргэдээс мандат авсан юм шүү дээ. Тиймээс ямар нэг бодлогод хайрцаглагдахгүйгээр
иргэдийн төлөөлөл болох учиртай.

-Намын чинь бодлого байр суурь бүлгээр дамжиж УИХ-д хүрч байгаа.
Гэтэл та бүлгээсээ гарсан болохоор намынхаа бодлогыг дагахгүй гэсэн үг үү?

-Өөрийнхөөрөө явж байгаа. Ер нь
Шударга ёс эвслээс УИХ-ын гишүүн болсон шүү дээ. Яваандаа ямар улс төрийн хүчинд
байх юм, сонгуульд бие дааж дэвших үү гэдгээ шийднэ.

-Намын квотоор орж ирээгүй ч эвслийн нэрээр  УИХ-ын гишүүн болчихоод ингэж нүүр бурууллаа гэдэг
шүүмжлэлд өртөх байх?

-Би УИХ-д орж ирээгүй байхдаа
ч парламентын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан. Өнөөдрийн УИХ-ын уур амьсгалыг харвал
төвөгтэй байна. Ард түмний төр засагт итгэх итгэл суларсан. Өмнө нь ийм зүйлд шүүмжлэлтэй
ханддаг байснаа одоо энэ бүхэнтэйгээ эвлэрээд дуугүй яваад байвал утгагүй шүү дээ.
Ямар ч байсан өөрийн бодол өөртөө зөв гэж бодоод шийдвэрээ гаргасан. Сонгогчдоос
маань “та  зөв шийдвэр гаргалаа, хүндэтгэж
байна” гэдэг захидал ирсэн. Тиймээс өөрийгөө буруутгахгүй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цөөн хүн амын давуу талаа ашиглаад ажлыг сорчилж сонгож болно

Одооны дарга түшээд бүгд ард түмний дотроос гарч ирсэн нь үнэн бол боломж л гарвал төрхөм рүүгээ гурил будаа гэрээсээ хулгай хийгээд зөөчихдөг шинэхэн бэрүүд шиг баймаар. Дараа дахин сонгогдохоо бодсон ч тэр эгэл иргэдийн хүсээд байдаг чухал мест, гоё ажлуудыг нь бололцооныхоо хэрээр олшруулаад өгөх сэтгэл ер байхгүй шүү.

Шинээр ажлын байрны зарыг уншихад доромжилж байгаа юм шиг тувтан боол, зарцын орон тоонууд бичээстэй. Цалин нь боломжийн бол ч хамаа алга. Сайхан сайхан ажил, хөөрхөн эрх мэдлүүдийг өөрт нь ашиггүй ба танихгүй хүнд тарааж өгнө гэхээс л Цахиур Төмөрийг дагасан Түгжил лугаа гол нь горойцгооно.

Саяхан л жолооны үнэмлэхтэй болох, дээд сургуульд элсэх, хот  руу шилжих бүтэшгүй зүйл байлаа. Хөөрхий дөө, ард түмнийхээ иймхэн хүслийг нь хүртэл чангалаад яасан ч өөдгүй байсан юм. Одоо ч хэвээрээ шив дээ. Спортоор хичээллэснийх энгэртээ ганц медаль зүүх мөрөөдөл хэнд ч байсан байх даа. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд, уралддаг морь хүртэл өөртөө таарч тохирсон одон тэмдэг олоод зүүчихсэн болж л байна. Ингэлээ гээд олимпийн алтны үнэ цэнэд, ер нь юунд ч муу юм болоогүй.

 Одоо гадаадад Америк, Япон дахь элчингийн газарт төсвөөс цалин хангалт үл гарган баахан орон тоо нэмэх гарц байж л байгаа.  Гаалийн байцаагчийн цалингийн санг өсгөлгүйгээр местнийх нь тоог олшруулахад аль алиндаа ашигтай. Энэ мэтийн арын хаалганы гоё ажлуудын жагсаалт гаргаад түүнд “гадны хүн” ороход нээлттэй болгоод орхивол доод дунд шатанд нийгэм эрүүлжинэ.

Ж.ГАНГАА

Categories
нэг-өгүүлбэрээр

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн улсын хөлбөмбөгийн шигшээ багаа ДАШТ -д амжилттай оролцсонтой холбогдуулан Демпси, Ховард нартай утсаар холбогдон баяр хүргэв.

Categories
нэг-өгүүлбэрээр

Марадонагийн удаа дараагийн шүүмжлэлийн хариуд ОУХХ түүнийг VIP танхимд зочилохыг хоргиллоо. Тэр хөлбөмбөгийг тасалбар авч энгийн суудалд суун үзэж болно.

Categories
нэг-өгүүлбэрээр

Арсен Венгерын бодлоор бол Германы шигшээгийн сул тал жигүүрийн хамгаалалт бөгөөд францын шигшээгийн амжилтын үндэс энд бий гэжээ.

Categories
нэг-өгүүлбэрээр

Аргентин-Бельгийн шигшээ багуудын тоглолтыг үзэхээр 100 мянга орчим аргентин хөгжөөн дэмжигч ирэх магадлалтай байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг ХБНГУ, Австри улсад аялан тоглолт хийж байна

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан Европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд  жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт  шалгарч, оролцох эрх авчээ. Хөтөлбөрийн дагуу  ХБНГУ-ын  10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар  Монгол үндэсний урлагаа сурталчлах  аялан тоглолтоо хийхээр гарлаа. Одоогоор германы хотуудаар  тоглолтоо хийж байгаа бөгөөд  гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн  амьдарч байгаа орчин, сургууль,  ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай  болон монгол орны  соёл, түүх,  боловсролын талаар  ярилцах уулзалт зохион байгуулж байна. Тал нэтгийн хүүхдүүд хамтлаг  7-р сард эх орондоо ирнэ гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.