ЕБС-д элсэх насыг 6 болгосон нь олон улсын боловсролын стандартад дөхөх алхам болсон ч манай нөхцөлд зарим бэрхшээл дагуулж байна. Гэрээсээ хол, бие дааж амьдрах аргагүй балчир хүүхдээ даган эцэг эхийн аль нэг нь суурин газар бараадаж, өрх хуваагддаг нь гэр бүл салахад нөлөөлж байна. Иймд хөдөөгийн малчин өрхийн 6 настай хүүхдэд боловсрол олгох оновчтой хэлбэр, зохион байгуулалт бий болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Нэгдүгээр ангийн сургалтыг эцэг эхийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн хувилбараар явуулах, дотуур байранд суух 6 настай хүүхдийг ахуйн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш, олон чиглэлээр хөгжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тусгай багш ажиллуулах, дотуур байранд тав тух бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар зарлигийн төсөлд тусгасан байна.
Month: July 2014
Өнгөрөгч пүрэв гарагийн орой Шотландын өндөрлөг бүс нутаг болох Форт-Уильям хотод 2.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Их Британийн Геологийн судалгааны баг мэдэгджээ. Ойролцоогоор 30 километрийн радиусыг хамарсан уг үзэгдэл сүүлийн 120 жил тус бүс нутагт болсон томоохон газар хөдлөлтийн тоонд багтсан гэнэ. Иймэрхүү төрлийн газар хөдлөлт сүүлийн үед Гленко, Обан, Лочабер зэрэг уулархаг бүс нутгуудад тохиолдох болсон бөгөөд одоогоор газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн 2011 онд Форт-Уильям хотоос 25 километрийн зайд орших Глейниүк тосгонд 3.5 баллын хүчтэй том газар хөдлөлт бүртгэгджээ. Цахим сүлжээний хэрэглэгчид газар хөдлөлтийн үеэр байшин чичирхийлэн доргиж ихээхэн дуу чимээ гарч байсан тухай хамгийн түрүүнд мэдээлсэн аж.
Улаанбаатар хотноо зохиогдож буй жүдо бөхийн Чингис Хаан гран при тэмцээн тун сонирхолтой өрнөж байна. Өчигдөр тэмцээн нээлтээ хийж 60, 66, 48, 52, 57 кг жингийн медалтнууд тодорсон юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 27 орны баг тамирчид оролцож байгаагаараа онцлог юм. Жүдо бөхийн томоохон сорилго тэмцээнүүдийн нэгт тооцогдох Чингис Хаан гран прид эхний өдрийн байдлаар хоёр алтан медалтай Монгол Улсын баг тамирчид тэргүүлж байна.
Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдинй 48 кг-ийн жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө илт давуу ялж эх орондоо анхны алтан медалийг авч ирлээ. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-иин жинд ОУХМ Г.Болдбаатар аваргын алтан медалийн эзэн болоод байна. Ингэснээр манай улс тэмцээний эхний өдөр 2 алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүн байрь бичигдлээ.
Колумбын поп од Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулахаар болсон байна. Ёслол 7-р сарын 13-нд Рио Де Жанейрод болох финалын тоглолтоос өмнө болох бөгөөд энэ төрлийн арга хэмжээн дээр 3 дахь удаагаа дуулах гэж буй тэрээр Маракана цэнгэлдэхэд La La La (Brazil 2014) дуугаа эгшиглүүлэх аж. Өдгөө 37 настай Шакира 2010 онд Өмнөд Африк, 2006 онд Германд хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр ая дуугаа өргөж байсан юм.
Эх орон Колумбынх нь баг Бразилтай шөвгийн 8-д учраа таараад байгаа. Энэ ч утгаараа тэрээр хаалтын ёслол дээр дуулах гэж байгаадаа сэтгэл хөдөлж байна хэмээжээ. Шакирагийн дуулсан Waka Waka (This Time for Africa) дуу ДАШТ-нд зориулан гаргасан дуунуудаас хамгийн их амжилт олсон дуу болсон тухай мэдээлэл гарч байсан юм.
Дуучин Крис Браун хоёр жилийн турш үерхсэн загвар өмсөгч Карриече Трантай хуримаа хийхээр болжээ. Браун сарын өмнө Лос Анжелес хотын захад байрлах “Стан” шоронгоос суллагдсан юм.
Тэрбээр хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх хэрэгт холбоотой нь нотлогдож шүүхээс 1.1 жилийн хорих ял авсан ч есөн сарын дараа суллагдсан. Түүнийг хоригдож байх хугацаандаа үлгэр жишээ байсан хэмээн хугацаанаас өмнө сулласан билээ.
Дуучны дотны найз Бэйбирийн хэлснээр “Браун найз бүсгүйдээ өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотод байрлах зоогийн газарт гэрлэх санал тавьсан. Карриече Брауны саналыг хүлээн авсан. Тэд удахгүй Хавай арал дээр гэрлэнэ” гэж хэлжээ.
Улсын баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гарган Мал худалдаалах түр цэг байгуулсан байна. Тус захирамжид “Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3а, 29.2 болон Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, 4.5.8, 4.5.13, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 411 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас мал аж ахуй эрхлэх журам”-ыг үндэслэн 2014 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх товчоо, МТ шатахуун түгээх станцын зүүн хэсэгт байгуулах. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахгүй байх, малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Өмч, газрын харилцааны хэлтсийн дарга нарыг тус тус хариуцан ажиллах”-ыг үүргэдсэн байна.
Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт өнөөдрийн байдлаар Төм аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 36 иргэн өдөрт 200-260 мал худалдаалж байгаа юм байна. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ний Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж ТҮЦ-үүдийг ирэх сарын 1 гэхэд шинэчлэх бөгөөд ерөнхий загвар стандартыг Нийслэлийн төлөвлөгөөний газраас гаргаж байна. ТҮЦ-үүдийн байршлыг өөрчилж, шилжилт хөдөлгөөн хийх шийдвэр гарчээ. Төв гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингэсийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө гэх мэт төв зам дагуух автобусны буудлын хажуу дахь ТҮЦ-нүүдийг буулгах юм. Мөн явган зорчигчийн зам талбай дээр саад учруулахуйц газар, сургууль, цэцэрлэгийн ойролцоо ТҮЦ-ийг байрлуулахгүй ажээ.
Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас болох Самурай бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум хүртэл төгрөгийг арьс, шир гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам”-д нэмэлт орууллаа. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох юм.
“Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр”-ийг баталлаа. 2006-2008 онд “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр” хэрэгжүүлж, 35 музейн өвийг бүртгэн баримтжуулсан байдаг. Гэвч ихэнх аймаг, сумын соёлын өвийн бүртгэлийн санг хариуцах эзэнгүй, техник тоног төхөөрөмжгүй байсны улмаас хөтөлбөрт хамруулалгүй үлдээжээ. Манай Улс 1996 оноос соёлын өвөө бүртгэн баримтжуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 41950 дэсийн 66712 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл, 2028 дурсгалт газрын 23287 ширхэг түүх, соёлын дурсгал, 6742 соёлын биет бус өвлөн уламжлагчийн талаарх мэдээллийг бүртгэж хадгалаад байна.
Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенциболон Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдгээр конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй ба Монгол Улсын далбаа мандуулан хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, осол зөрчлийн үед аврах ажиллагаа явуулсны шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийг далбааны эзэн манай улсын зүгээс зохицуулдаг болох юм.
Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, холбогдох судалгааг бэлтгэн Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр сонгон шалгаруулалт явуулах тусгайлсан журам баталлаа.
“Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги”, “Шүлхий өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө”, “Шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг хэлэлцээд, эдгээр баримт бичгийг эцэслэн баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийг 3 бүс болгож, бүс тус бүрт ялгаатай үйл ажиллагааг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. “Вакцин хэрэглэдэггүй шүлхийгээр тайван бүс”-ийн статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас авч, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэхэд чиглэсэн арга хэмжээг эн түрүүнд баруун бүсэд, цаашид төвийн бүсэд хэрэгжүүлнэ. Харин зүүн бүсэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэх эрсдлийг бууруулж, хяналтад авах замаар дотоод худалдааг дэмжинэ.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Н Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай тус тус уулзаж хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм.
“Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 1000 орчим тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр баталлаа.
Тогтвортой хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулсан арга хэмжээ хэрэгжүүлэх, олон улсын дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд, хариуг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын хэд хэдэн санал тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтсан олон ажил Батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны хэмжээнд өрнөж байна. Энэхүү дайны талбарт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж, гавьяа байгуулсан Монгол Улсын нас чацуу дөрвөн баатрын тухай өгүүлэх “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат киног Батлан хамгаалах яамны захиалгаар нэрт найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, хмад Р.Өнөржаргал нар бүтээснээ өчигдөр үзэгч олон, баатруудын үр хүүхэд, ахан дүүс, нутаг усныханд нь анхлан үзүүлж, нээлтээ хийлээ.
Ард олноо “алаг морьт” хэмээн алдаршсан Л.Дандар, бага даргын сургуулиас Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшсэн Б.Дорж, Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин Ц.Олзвой, Халхын голын хөрсөнд мөнх нойрссон Л.Гэлэгбаатар нар Монгол Улсын баатар цолтон төдийгүй бүгдийнх нь мэндэлсний 100 жил энэ онд тохиож байгаа юм. Баримтат киноны нээлтэд Улсын баатар Б.Доржийн ач хүү н.Баатар, Л.Дандарын хүү Д.Дашдэндэв, Ц.Олзвойн охин О.Сувд нарын үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл болон Халхын голын дайнд байлдаж явсан ахмад дайчид, настан буурлууд хүрэлцэн ирсэн байлаа. Батлан хамгаалах яамнаас баатруудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд баатруудад зориулсан дуу хуурын дээжис энэ үдэш эгшиглэсэн юм.
Мөн эрхэм баатруудын төрөлх орон нутаг, түмэн олонд нь хүрч, тэдний алдрыг мөнхжүүлэх зорилгоор яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш нийслэл хотоос хөдлөхөд бэлэн болсоныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар дуулгалаа. Энэхүү баримтат киног бүтээсэн найруулагч С.Болд өмнө нь Чөлөөлөх дайны тухай “Ялалт тэмцлийн дуун” кино, Халхын голын дайны 60, 70 жилийн цуврал нэвтрүүлгүүд хийж байсан цэрэг-эх орны сэдвээр дагнан бүтээл туурвидаг туршлагатай уран бүтээлч юм.
Энэхүү киног бүтээхэд БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Самбуу генералын тэргүүлдэг “Дайнд оролцогчдын Монголын холбоо” болон Улсын баатруудынүр хүүхдүүдийн “Үхэвч үнэн” холбоод хүчин зүтгэжээ. Сонирхуулахад, “Үхэвч үнэн” холбооны тэргүүнээр Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ажилладаг. Улсын дөрвөн баатрын амьдрал тэмцэл, баатарлаг гавьяаны талаар өгүүлэх энэхүү баримтат кино нь өнөөдрийн бидний аз жаргалант амьдрал ямархан их үнэ цэнээр олдсоныг залуу үеийнхэндээ ойлгуулах, эх оронч ахмад үеийнхнийхээ гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, дайнд оролцогсдын үр хүүхэд, ахан дүүст хүндэтгэл үзүүлэх зэрэг олон зорилгын биелэл болж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Батлан хамгаалахын шинэ сайдыг танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Батлан хамгаалахын шинэ сайдаар Валерий Гелетеяг санал болгожээ. Өнөөдөр Украины Засгийн газар шинэ сайдыг 100 хувийн саналаар дэмжсэнээр тэрбээр тамга тэмдгээ хүлээн авсан тухай “www.kiyvpost.com” мэдээлэв.
Ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайдыг армид тогтсон авлига, хүнд суртал, хээл хахуулийг эцэслэж чадна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Украины арми цэвэр байх учиртай. Арми шударга, үнэнч байх ёстой. Валерий Гелетея энэ бүхнийг цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Харин Валерий Гелетея “Би Киев, Крым, Украины зүүн хязгаарт ялалт авчирах болно” гэв. Гурван сарын турш Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан Михаил Ковалийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлд ахлах мэргэжилтнээр томилогдсон байна.