Categories
мэдээ улс-төр

Өвөрмонголын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дэд даргын урилгаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2014.07.06/ манай улсад хүрэлцэн ирлээ.

Ноён Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар болон  албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд айлчлалын хүрээнд хийгдэх ажлуудын талаар харилцан санал солилцов.

Айлчлалын хугацаанд зочид  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхана. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт шалгуулж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж энэ оны эхний хагас жилийнхээ ажлыг тайлагналаа. Тус газар нь эхний зургаан сарын байдлаар  гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл хүлээж авснаас 52-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 53-ыг нь харьяаллын дагуу өөр байгууллагуудад шилжүүлсэн байна. Харин 159 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Одоогоор 37 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Тус байгууллага он гарснаас хойш 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх жилийнхээс 26.6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нь 40 хүнд холбогдох найман хэргийг шүүх шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаар нь ангилбал 4.9 хувь нь улс төрийн, 9.8 хувь нь төрийн захиргааны, 4.7 хувь нь төрийн тусгай, 6.8 хувь нь төрийн үйлчилгээнийхэн аж. 

Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбумыг нь мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилж, анхан шатны шүүхээс найман тэрбум шахуу төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан гэх мэт тоон баримт дурдсан юм. 

Засгийн газар хууль бус томилгоогоо эргэж хараагүй учраас УИХ-д ханджээ

Үүний дараа нэр бүхий албан тушаалтнуудын талаар тодотгож мэдээллээ. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нэг ангид хамт сурч байсан нэр бүхий хүмүүсийг татварын байгууллагад томилжээ.  Нөгөө хүмүүс нь уг албан тушаалд томилогдох шалгуурыг хангаагүй байсан аж. Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан томилогдохдоо Тагнуулын байгууллагын хууль зөрчиж, мэдүүлгээ буруу мэдүүлсэн нь тодорхой болжээ. 

Тэднийг албан тушаал бууруулж хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т танилцуулга хүргүүлсэн байна.  

Үүнээс гадна Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нь аймгийнхаа Худалдан авах ажиллагааны албаны даргыг томилохдоо хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогджээ. АТГ-аас авлига ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилж байна гэж Б.Бадраа даргад удаа дараа хандсан ч шийдвэрээ өөрчлөөгүй гэнэ. Тиймээс мөн ЗГХЭГ-т  хандаад байгаагаа АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир мэдээлсэн юм. Түүний мэдээлснээр Засгийн газар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа,  Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ нарын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилжээ. Энэ асуудлаар ЗГХЭГТ-т хандсан ч хариу ирүүлээгүй аж. Тиймээс УИХ-д танилцуулгаа хүргүүлээд байгаа гэнэ. 

Ойг далимдуулан хууль бусаар хандив цуглуулжээ

Энэ жил цөөнгүй сумд ойгоо тэмдэглэх гэж байгаа. Үүнтэй холбоотой орон нутгийн Засаг дарга нар хууль бусаар хандив цуглуулж байсан нь илэрчээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга болон VI багийн Засаг дарга тухайн орон нутагт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хууль бусаар хандив авч байсан нь тогтоогджээ. Эдгээр Засаг дарга нарын албан тушаалыг бууруулах албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн байна. 

Ерөнхий сайдын охин, ахлах зөвлөхийг нь шалгаж байна

Нийслэлийнхнийг хямд нүүрсээр хангах Засгийн газрын хөтөлбөрийг далимдуулан төсвийн хөрөнгийг завшсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа аж. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирол үүссэн юм байна. Энэ хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнийг сайд байх үеийнх нь туслахууд, эхнэрийнх нь дүүгийн хүүхэд гэх зэрэг төрөл, садангууд нь холбогдон шалгагдаж байгаа аж. Ерөнхий сайдын нэртэй уягддаг өөр нэг асуудал нь түүний охин А.Саранзаяад холбогдох хэрэг. А.Саранзаяа Төрийн санд ажиллаж байхдаа хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн хэрэгт шалгагдаж байгаа. Анх түүнийг “Цэвэр агаар” сангийнхны гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ч өөр баримт гарсан учраас хэргийг нь тусгаарласан аж. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа Багшийн хөгжлийн ордны барилгын асуудал, БСШУ-ы яамны барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд нэмж хоёр хүнийг сэжигтнээр татжээ. 

Таван толгойн захирал хувийнхаа шатахууныг зарж, 470 сая төгрөгөөр машин авчээ

Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Тэрбээр Таван толгой компанийн захирлаар ажиллаж хөрс хуулалтын ажил хийж байсан бусад аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслүүдэд хувийнхаа колонкоор дамжуулан шатахуун түгээдэг байжээ. Энэ аргаараа тодорхой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар мөрдөн шалгаж байгаа аж. 

“Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгөөс төсвийн урсгал зардалд  зарцуулахгүй байх учиртай. Гэтэл төслийн хөрөнгөөс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авчээ. Энэ нь хууль зөрчиж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаран сая доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байгаа аж. 

Засгийн газрыг залилав уу

Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нийт 38 орчим хувьтай байгаа аж. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулчихжээ.  Ингэснийхээ хүчинд төсвөөс  46.3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулжээ. Энэ мөнгөө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрчээ. Эдгээр асуудлыг шалгаж байгаа аж. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэдгээ онцолсон юм. 

Ц.ӨРНӨХ

Б.УРАНЧИМЭГ 

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Нэг хүнийх шиг бичгийн хэвтэй Хишиг-Өндөрийн хичээнгүй сурагчид

Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийг 1972 онд С.Ичинхорлоо багштай төгссөн наймын “а” ангийнхан дөч гаруй жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзахаар болзжээ. Анх 1964 онд Ц.Гунгаа багшийн удирдсан ангид баг багаас ирсэн охид, хөвгүүд цуглаж байж. Ангийн багшийнхаа уншуулсан “Салан баавгайн үлгэр”-ийг “Салаан баавгайн үйлгэр” гэж уншиж байсан гэнэн хонгор үе тэртээд алсран үлдэж бүгд амьдралын харгуйд аав, эжий болон замнажээ. Өнөөдөр ангийн хоёр багш нь мэнд амар аж төрцгөөж байна. Их эрдэмтэн Ш.Гаадамбын төрсөн охин С.Солонгос ч эдний ангийн хүүхэд. Харин тэрээр өргөмөл эцэг Сууриараа овоглодог юм билээ. Солонгос бол Эрхүүгийн ХААИС-ийг төгссөн өндөр боловсролтой нэгэн. Хожим Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ-ын нарийн бичиг, Засаг даргын орлогчоор ажилласан байна. Гадаадад суралцсан бас нэг эрхэм нь ЗХУ-ын Омскт техник мэргэжлийн сургууль төгссөн Бя.Даваажав. Бя гэхийн учир нь Баасандамбын, Цэндбазарын гэсэн хоёр амидай нь цаана нь байгаа хэрэг.

Энэ ангийнхан наймаа төгссөнөөс хойш үндсэндээ цацсан будаа шиг л талын нэг тарчихсан хамт олон. Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Өмнөговь, Могод, Дорноговь, Хөвсгөл, Тэшиг, Гурванбулаг, Хангал гээд ёстой л Монголын өнцөг булан бүрт үүрнээсээ ниссэн шувуухай шиг тархаж орхиж дээ. Эдний анги бол тэнгэрт гартал тасраад цойлчихсон алдартан суутан хомсхон Монголын түм түм төгсөлтийнхний л адил байдаг нэг эгэл жирийн нэг ангийнхан. Ангийн төлөөлөл болсон доктор, профессор С.Бадарч ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуулийн маркетингийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Монгол Улсын ууган хөдөлмөрийн баатар Зундуйн Очир гуайн өргөмөл хүүгээс төрсөн ач хүү. Ууган хоньчин баатрын бас нэг хүү Дамдины охин Дэнсмаа нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуульд багшилдаг, хэлбичгийн ухааны доктор хүн. Тэрээр ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Бүлгийн дарга, таван онцын эзэн тэрээр гуравдугаар ангид байхдаа нам төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбалыг хүндэт пионерт элсүүлж пионерийн тэмдэг зүүж өгч байсан нэгэн.

Бал дарга савхин дээлтэй байсан болохоор хоёр ч тэмдэгний зүү хугалсны эцэст “За, миний охин наад тэмдгээ надад өгчих. Би зүүлгэсэн гэж бодоод авчихъя” хэмээн халаасалсан гэдэг. Энэ тухай “Пионерийн үнэн” сонинд “Ю.Цэдэнбал даргыг “бөхийлгөсөн” хүүхэд” гэсэн сурвалжлага гарч байсан түүхтэй.

Сурвалжлагыг “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан, яруу найрагч Жанчивын Шагдар гуай бичиж байж. Жан.Шагдар найрагч хоёр докторын өвөө Зундуйн Очир гуайн тухай “Эргэх дөрвөн цаг” баримтат туужийг бичих гэж бүтэн жил дагалдан хоньчин байсан хүн. Эл тууж дунд сургуулийн уран зохиолын сурах бичигт бараг ерээд он хүртэл байдаг байсан. Өвөөгийнхөө зурагтай туужаар үнэндээ бахархдаг байсан шүү гэж тэд өнөө дурсаж сууна. С.Бадарч хэрдээ хөөрхөн дуулчихдаг авьяаслаг нэгэн байсан гэнэ. Хишиг-Өндөр сумын урлаг соёлын гурван хоног Булган аймгийн төвд болоход зургадугаар ангийн сурагч Бадарч “Могой хээр” дуугаар оролцож, мандолины чуулгад Д.Дэнсмаа хөгжимдөж байсан аж. Гавьяат жүжигчин Нямын Цэгмид, Сүрэнхорлоо, Доржсүрэн, Гүрбазар нарын шүүлтүүрээр ийн сонгогдож байсан гэхээр Хишиг-Өндөрийнхний авьяас түрмэг байсан нь илэрхий. Ангийн дарга Гэндэнсүрэнгийн Цэцгээ төрөлх сургуулийнхаа орос хэлний багшаар насаараа ажиллажээ. Салаан дарга Ёндонгийн Билгүүн бараа судлаач мэргэжлээрээ Улаанбаатар хотын бөөний бараа баазуудад олон жил ажиллаж, эдүгээ “Миний фото” студийн арвангуравдугаар салбарын эрхлэгчийн алба хашиж байна. Билгүүн охин саваатай бүжгийг ёстой нэг нахилзаж намилзтал хийдэг байсан гэнэ дээ. Монгол Улсын гавьяат багш Цэдэв эдний ангийг “Одонтой анги” хэмээн тодорхойлсон нь учиртай. Алтан гадас одонгоор О.Тарвий, М.Батсуурь, Ч.Наранцэцэг, Г.Цэцгээ, О.Болд, С.Бадарч нар энгэрээ мялаасан бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Удвал нарын дөрвөн хүн шагнагдсан болохоор арга ч үгүй биз. Ангиас Б.Баасан, Г.Цэндсүрэн хоёр хүүхэд насны үерхлээ амьдрал болгон холбож. Сум орныхоо нэр нүүрийг тахалж яваа мянгат малчид хэд хэд бий. Хишиг-Өндөр сумандаа О.Тарвий, А.Пүрэвсүрэн, Ц.Должинсүрэн, С.Ягаан нар буянт сүргээ өсгөж үржүүлж яваа бол Бугат суманд Ж.Гарамсамбуу, Могод суманд Д.Мяхлай нар малынхаа тоог мянгаас дээш давуулан аж төрж байгаа юм байна. Төгсөлтийн 38 хүнээс магистрын зэрэгтэй 32, салбарын тэргүүний ажилтан 35 хүн байгаа нь нэгэн жигд сайн сурлагатай анги байсны илэрхийлэл гэлтэй.

Тэшүүрийн спортын мастер Ц.Сайнцэцэг Эрдэнэтэд холбооны инженерээр ажилладаг бол хөнгөн атлетикийн нэрт тамирчин О.Гансүх Өмнөговь аймагт “Оюу толгой” компанид мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрчлэн зээрэнцэг, бөөрөнцгийн нэгдүгээр зэргийн тамирчин Ба.Даваажав биеийн тамирын багш бөгөөд улсын арслан Д.Азжаргалын авга эгч нь аж. Гартаа их бүлтэй энэ бүсгүй Намхай аваргын удмын хүн гэнэ. Сурагч ахуй наснаасаа гар бөмбөгөөр гайхуулж явсан Дамдинсүрэнгийн Мягмарсүрэн Орхон аймгийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Эдний анги сайхан бичлэгээрээ сумандаа байтугай улсдаа толгой цохиж монгол хэлбичгийн улсын олимпиадад ангиараа хоёрдугаар байр эзэлж байсан сайхан түүхтэй. Энэ бол гавьяат багш Доржийн Цэдэвийн л гавьяа гэж өнөө ч тэд боддог юм билээ. Багш нь “Адармаатай үгийн толь” хөтлүүлж “буур-буурь, аргал-аргаль, нударга-шударга” гэх мэтээр хүүхэд бүртэй тулж ажилласаар гуч гаруй хүүхдийг яг нэг хүүхдийнх шиг алдаагүй, цэвэр сайхан бичүүлж сургасан ачтай. Тухайн үед ардын боловсролын тэргүүний ажилтан Балжирын Байвал багш эдний ангийг улсын олимпиадад бэлтгэж оруулжээ. Б.Байвал багшийгаа ирээд удаагүй байхад самбарт юм бичиж байх үеэр охид хөвгүүдгүй “Баллуур байвал баллая”, “Боорцог байвал идье”, “Багш байвал суралцъя” гэх мэтээр багшийнхаа Байвал нэрийг оролцуулан тоглоом тохуу хийдэг байснаа олимпиадад уйгагүй сэтгэл гарган бэлтгэл хийлгэснээс хойш хэн нь ч тэгж дооглохоо больцгоосон гэдэг.

Цэвэрч нямбай бичиж сурахын тулд ангийнхаа самбарыг долоо хоног тутамд шинэчлэн сольдог байсан гэхээр хичнээн их хичээл зүтгэл гаргаж байсны гэрч болох нь дамжиггүй. Монгол хэлбичгийн олимпиадад дээгүүр байр эзлэхэд нь гавьяат багш Гонживын Рэнцэндоржийн ажлын арга барил ч их нөлөөлсөн гэдэг. Хишиг-Өндөрийн сургууль угаасаа “Тайлбартай дасгал”-аараа Монгол Улсын боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан монгол хэлний багш нараараа алдартай ажгуу. Монгол Улсын их, дээд сургуулийн монгол хэлний багш, мэргэжилтнүүд ирж их туршлага судалдаг байсан гэдэг. Монгол хэл бичгээрээ гайхуулж явсан эл ангиас найман эдийн засагч, гурван эмч, хоёр малын эмч, хоёр холбооны инженер, нийтийн хоолны технологич хоёр, цагдаагийн офицер, барилгын инженер, ойн техникч тус бүр нэг гээд улс эх орондоо хэрэгтэй мэргэжилтнүүд төрөн гарчээ. Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгыг ээлжлэн олон жил барьсан ангийн андууд бол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Батсуурь, сумын Ардчилсан намын дарга О.Тарвий хоёр юм. Тус сумын сургуулийн хичээлийн эрхлэгч, захирлын албыг хорин гурван жил хашсан удирдах ажилтан гэвэл ардын боловсролын тэргүүний ажилтан Ч.Наранцэцэг аж.

Эдний ангийнхан улс орондоо нэр төртэй сайн сайхан яваагаа эрдмийн гэгээ хайрласан багш нартайгаа л холбон ярьцгаана. Хишиг-Өндөрөөс нэгэн үе тэшүүрийн спортын тамирчид шил дараалан төрж алдар суугаа мандуулж байсан нь биеийн тамирын багш Д.Зампаалай, Ч.Нямсүрэн нарын хичээл зүтгэлтэй зайлшгүй хол­бог­доно. Ангийн багш С.Ичинхорлоо нь гэхэд сургууль дөнгөж төгсөж ирсэн залуухан бүсгүй дугуй, мотоцикль унан хөдөөгийнхнийг бишрүүлэхээс гадна цанын спортын мастер хүн байсан гэдэг. Физик, математикийн багш С.Ичинхорлоо ангийнхандаа Жюль Вернийн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Капитан Грантын хүүхдүүд”, “Арван таван наст ахмад” романуудын хорхой хүргэм хэсгийг уншиж өгөөд “За, та нар үргэлжлүүлэн уншина биз” гэж амтшуулаад орхидог байсан нь оюун билгийн далайд сэлэх өвчүүн завь шиг шавь нарт нь салхинаа дэрвэх далбааг орлодог байсан гэнэм.

Хишиг-Өндөр сумын сургуулийн түүхт 90 жилийн ой ирэх сарын эхээр уугуул нутагтаа болно. Тэр үеэр ангийнхан уулзацгааж 42 жилийн дотор хэрхэн аж төрөн явцгааж байгаагаа нэхэн дурсаж, баяр-гунигийн нулимстайгаар тэврэлдэн учирцгаах биз ээ. Дөчин хоёр жил гэдэг хүний нэгээхэн амьдралд маш урт хугацаа. Энэ хооронд эдний ангийнхнаас олон найз нь бурханы оронд оджээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Л.Жийжээ, Н.Баяраа, Ш.Цэндсүрэн, Ш.Туяа, Л.Чулуунпүрэв, Т.Бат-Өлзий, Я.Сосор, А.Баярсайхан, Д.Бурмаа, М.Ганболд, Ш.Гантөмөр, Б.Батжаргал, С.Ичинхорлоо, Э.Оюунтуяа, С.Бямбажав, С.Ганболд нараа тэд хүүхэд ахуйн гэнэн гэгээхэн төрхөөр нь дурсацгааж, сэтгэл зүрхэндээ амьдралын мөн чанарыг мэдэрцгээнэ. Тэр л цагт нэг ангийнхан гэдэг хичнээн үнэ цэнэтэй, хүний амьдрал гэдэг ямархан гайхамшиг болохыг ойлгоцгоох буюу. Ай хөөрхий, сурагч насны хонгорхон мөчүүд юутай хол одовч, юутай ойр санагднам бэ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Оюуны спортын их мастер А.Энхтуул

Хорьхон настай А.Энхтуул шатрын спортын их мастерын болзол хангалаа. Манай улс эрэгтэй гурав, эмэгтэй хоёр их мастертай байсан бол А.Энхтуул тэдэн дээр нэмэгдэж байна. Тэрээр хоёр жилийн өмнө сурагчдын дэлхийн аваргаас алтан медаль хүртэж олон улсад цуурайтах амжилтаа эхлүүлж байсан. Дараа нь Вьетнамд болсон Азийн аваргаас алтан медаль авч байлаа. Жилээс жилд амжилтаа ахиулсаар их мастерын гурван баллтай болжээ. Дээрх амжилтуудаараа түүний рейтинг 2300 болж, их мастер цолны болзол хангалаа. Тэрээр цолоо ирэх сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна. 

А.Энхтуулын аавыг Алтан-Өлзий гэдэг. Эднийх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын айл. Дунд сургуульд байхаасаа л шатар тоглох хоббитой болсон түүний анхны багшийг Ц.Батболд гэдэг. Есөн настай байхдаа “Төр монгол” дунд сургуулийн Ц.Батболд багшаар шатар заалгаж эхэлжээ. Гадаад дахь анхны тэмцээн нь 2006 онд Чехийн Пардубице хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн байсан гэдэг. Уг тэмцээнд Ц.Сайханчимэг, Ц.Саруул, Н.Бадамханд нарын шатарчидтай нэг баг болон оролцжээ. Тэрээр энэ тухайгаа “Чех рүү тэмцээнд явахыг мэдээд их догдолж байсан. Олон орны тамирчинтай халз тоглох сайхан санагдаж, бас сүрдэж байлаа. Гэхдээ алтан медальтай буцна гэж төсөөлөөгүй. Үнэхээр их баярлаж урам орсон” хэмээн ярьсан. Уг тэмцээний дараа Ц.Батболд багш нь АНУ руу явахаар болжээ. Анх шатар зааж өгсөн багш нь харийн улс руу удаан хугацаагаар явсан учраас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Жигжидсүрэн багшийн шавь болсон байна. Шатрын олон улсын томоохон тэмцээнд оролцох бүртээ шинэ танилуудтай болж эхэлсэн нь түүний амжилтын гараа гэж хэлж болно. Учир нь тэрээр найзуудаараа дамжуулан улсынх нь шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийдэг. Сүүлд л гэхэд дэлхийн аварга Хоу Ифань найзынхаа урилгаар Бээжинд очин Хятадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Уг бэлтгэлийнхээ үр дүнд Буриадад болсон насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах “Байкальские Зори” тэмцээнийг зорин гуравдугаар байрт шалгарсан байна. Харин түүний сэтгэлд хамгийн тод хоногшсон нь Туркийн Кайсери хотод болсон өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. А.Энхтуул уг тэмцээний үеэр өөрийнхөө ангилалд чансаагаараа тэргүүлж байсан тамирчныг хожсон байна. 

А.Энхтуул дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн хятад хэлний ангид элсэн оржээ. Оюутан болоод удаагүй байхдаа сургуулиа солин Москва хотод сэтгэлзүйч мэргэжлээр суралцаж байгаа юм байна. Сурч байх хугацаандаа өдөрт хоёроос гурван цагийг бэлтгэлдээ зориулдаг. Тэмцээний үед харин эрчимжүүлсэн бэлтгэл хийдэг ажээ. Чөлөөт цаг гарвал өөрийнхөө блогийг шинэчилнэ. Шатар тоглохоос гадна бас нэг хобби нь хүнтэй ярилцлага хийх гэсэн. Энд тэнд тэмцээнд оролцож байхдаа дэлхийн аваргуудаас яриа авчихна. Түүнийгээ өөрийнхөө блогт оруулдаг гэсэн. Сэтгэлзүйч мэргэжилтэй болчихоод үргэлжлүүлэн сэтгүүлчээр сурах бодолтой байгаа юм байна. “Би чөлөөтийн С.Батцэцэг болон дэлхийн аварга Хятадын шатарчин Хоу Ифань нартай ярилцлага хийж байсан. Блогтоо оруулчихдаг юм” гэлээ. Түүний блогт алдартай тамирчдын ярилцлагаас гадна шатрын спортын сонин сайхан, шатарчдын тухай танилцуулга бий ажээ. 

Тэрээр “Бороо гоулд”, “Монгол-Чех металл” ХХК-иар овоглож явдаг. Дөнгөж 12 настай байхаасаа л дээрх хоёр компаниас цалин авч эхэлжээ. Тодорхой хэмжээний орлоготой болохоор аав ээжээсээ мөнгө нэхээд байхгүй. Өөрөө өөрийгөө болгоод явчихдаг гэсэн. Харин сургуулиа төгсөөд шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг. “Их мастерын болзол хангачихлаа. Наймдугаар сард цолоо албан ёсоор баталгаажуулан авна. Одоо хамгийн том мөрөөдөл минь үлдсэн. Монголдоо шатрын сургууль байгуулна” гэлээ.

С.АЛТАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд хаант Монгол Улс Үндсэн хуулиа боловсруулсан нь

Монголчууд 1911 онд олж авсан үндэснийхээ тусгаар тогтнолыг өөрсдийн зохиосон Үндсэн хуулиар баталгаажуулж чадалгүй явсаар 1921 онтой золгосон нь өөрийн шалтгаантай. Богд хаант Монгол Улс Үндсэн хуультай улс орон болох талаар гар хумхин суусангүй.Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийг сайтар судалсан баримт олон байсныг эрдэмтэд нотолдог. Монгол төрийн томоохон зүтгэлтнүүд ч сайн Үндсэн хууль  жижиг улс орны хувьд тусгаар тогтнолын баталгаа мөн гэдгийг түүхэн сургамж, яс махаараа ойлгож байсан. Гэвч Орос, Хятад хоёр Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй. Автономит улс орон, өөртөө засах улс, хараат улс гэж нэрлэн бүх гэрээ хэлцлүүдэд их гүрний дээрэнгүй зан гаргаад,Үндсэн хуулийг батлах ажил удаашраад байлаа. Япон мөн л наашаа санаархаж, алсын Америк жижиг Монголыг биш Хятадыг дэмжиж байв.Эрдэмтэн С.Отгонжаргалын мэдээлснээр Богд хаант монгол Улсын Үндсэн хуулийн төсөл 1914 онд бэлэн болжээ. Богд хаант Монгол Улсын эрдэмтэд уг хуулийг боловсруулахдаа Англи, Америк, Япон, Норвеги, Швейцарь улсуудын Үндсэн хуулиудыг орчуулан бэлэн болгосон байна. Богд хаант Монгол Улсын Үндсэн хуулийн төсөлд:

Улсын дээд, доод хурлын эрх үүргийг тодорхой заасан байна. Монгол Улс хаантай. Хааны эрхийг дээд хурлаас хянах. Дээд хурал самуурах аваас хаан дээд хурлыг тараах хүртэл эрхтэй байхаар Үндсэн хуулийн төсөлд оруулж байжээ. Тодруулбал, Монгол Улс хэмжээт цаазат засаг төртэй байхыг тодорхой тусгажээ. Уг Үндсэн хуулийн төслийн нэгэн зүйлд “Улсын дээд эрхийг эзэрхэгчид хэн билээ хэмээвээс, нэгд болбоос улсын эзэн хаан, хоёрт улсын хурал, гуравт улсын яамдын тэргүүн сайдууд болой. Хэрэв энэ гурав нийлж үнэнч шударгаар улсыг засваас улс мандахад бэрхгүй. Хэрэв энэ гурав хэргийг мэргэнээр шийтгэхгүй ба үл хичээх болбоос хүчирхэг улс буурай болж мөхөхөд хялбар“ гэж Үндсэн хуулиа тайлбарлажээ. Богд хаант Монгол Улсын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд хувийн өмчийг хамгаалах, олон ардад үг хэлэх эрх чөлөө, нэр нийлж хоршоо, нам, хороо байгуулах эрх, хүн бүрт аливаа хэргийг цугларан хэлэлцэх, шүүмжлэх, сонгох сонгогдох эрхийг бүрнээ олгосон ардчилсан шинжтэй Үндсэн хуулийн төсөл байв гэж эрдэмтэн С.Отгонжаргал бичжээ.  

1919 онд Хятадын цэ­рэг Монголын Нийслэл Хүрээг эзэлсэн. Дээд, доод хурлыг тарааж, Богд хааныг шоронд хорив. Харин Барон Унгерн Богд хаантай холбоотон болон хүрээнд орж ирж хятад цэргийг бут цохилоо. 1921 оны долдугаар сард Оросын улаан цэрэг Ардын намынхнаар замчлуулан Хүрээг дахиад л эзлэв. Үнэндээ улаан цэрэг Хүрээг эзлэх шалтгаан үгүй болсон байлаа. Нийслэл хүрээнд гамин цэрэг байгаагүй. 

Барон Унгерн ба Богд хааны хамтарсан цэргийн хүчинд бут цохигдоод Хүрээг орхин зугтаасан. Цагаан цэргүүд нийслэл хүрээнээс гараад явчихсан нийслэл хүрээ гадаадын цэргээс чөлөөлөгдчихсөн үе. Ардын намынхны дагуулж ирсэн улаан Оросын цэргүүд гамин цэргүүдтэй тэртэй тэргүй байлдахгүй байв. Эрхүүд байгаа коминтерний удирдагчид Барон Унгерн, Богд хаан хоёрын цэрэгт бут цохигдсон гамин цэргийг хойд хил дээр найрсгаар угтан эх оронд нь Манжуураар дамжуулан буцааж байлаа. Ийм учраас л улаан намын Орос цэрэг Нийслэл хүрээг эзлэх нь илүүцбайсан. Улаан цэрэг хүрээг эзэлж, улаан Оросын гар хөл болсон Ардын намынхан засгийн газрыг тэргүүлэх болов. Ерөнхий сайдаар Ардын намыг үүсгэн байгуулагч Богд ламын шавь Бодоо лам тохоон томилогдсоныг та бид мэдэж байгаа. Богд лам болон түүний шавь Бодоогийн хамгийн түрүү хийх ажил бол Монгол Улсыг Үндсэн хуультай болгох явдал байв. Үндсэн хууль боловсруулах комиссын даргаар Ерөнхий сайд Бодоо өөрөө ажиллалаа.

БОДООГИЙН БОЛОВСРУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИАС

Хоёрдугаар бүлэг: Ардын эрх ба үүргийн тухай

Аравдугаар зүйл:

Монгол ард хэн болов хуучин эрх чөлөө, заншлаа эдлэхээс гадна, сонгон хэрэглэгдэхүйд нийлэлдэх эрдэм явдал буй бөгөөд бичиг цэргийн их тушаал ба бусад ямарч албанд орж болно.

Бодоогийн Үндсэн хуулийн чухал заалт энэ бөгөөд хуучин цагийн хамжлагат ёсонд зөвхөн алтан ургийнхан, хаад ноёдын удам төрийн албанд илүү эрхтэйгээр орж ажилладаг байсныг халсан ардчилсан олон заалтын нэг гэж судлаачид үздэг.

Мөн ард гэдэг үгэнд дээд дорд эрхтэн дархтан лам хар ялгаалгүй цөм ард ба хөрөнгө чинээнээс үл хамаармой гэсэн заалт хийсэн байна. Сонгон хэрэглэгдэхүйд нийлэлдэх эрдэм явдал гэдэг нь төрийн албанд тохирсон эрдэм чадалтайд тооцогдвоос хэн ч төрийн албанд орж болохыг өгүүлж, хамжлагат угсаа залгамжилдаг ёсыг халсан ардчилсан Үндсэн хуулийн эх сурвалж нь Бодоогийн Үндсэн хууль гэж эрдэмтэд одооноос эхлэн сонирхож байна. 

Арванхоёрдугаар зүйл 

Монгол ард өөрийн хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгийг эдлэх эрх буй. Гагцхүү улсын хууль зөрчих ба захиргаанаас тогтоож үл болно.

Арвангуравдугаар зүйл

Монгол ард гагцаар буюу олноор нэр нийлж, өөр өөрийн эрх ашгийг дэлгэрүүлэх бодлого гаргаж дээд газар өргөн мэдүүлэх эрх буй. Гагцхүү улсын хууль зөрчих ба захиргаанаас  тогтоож үл болно.

Арвантавдугаар зүйл

Монгол ардуудыг хуулийн гадна зоримгоор барьж хорих ба гянданд хийх, орон нутгаас үлдэн хөөх хийгээд нэрийг нь гутаан доромжилбоос үл болно.

Арванзургаадугаар зүйл

Монгол ард хэн боловч улс төрийн хэргийг сайжруулах зэргийн санал гаргаж, цугларан хэлэлцэх ба нам, хоршоо байгуулах эрх буй гэжээ.

Богд хааны Засгийн газраас эхлэн Бодоогийн боловсруулсан Үндсэн хуульд  олон намын тогтолцоотой, хувийн өмчийг хуулиар зөвшөөрсөн хөрөнгөлөг улс орныг байгуулах ардчилсан Үндсэн хуулийн бүх заалтууд байсан байжээ.

Categories
мэдээ

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

Аргын тооллын долдугаар сарын 06. Адъяа гариг. Билгийн тооллын 9. Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн наран 05.09 цагт мандаж 20.51 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Бөө, удганы үйлд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
нэг-өгүүлбэрээр

Пеле” Неймар гэмтдэг нь тун муу мэдээ. Гэхдээ 1962 онд намайг гэмтээсэн ч манайх аварга болсон. Энэ удаа ч гэсэн тэгээсэй гэж хүсье “

Categories
мэдээ спорт

Квитова Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүллээ

25 сая паунтын шагналын сантай энэ жилийн Их Дуулгын гурав дахь гараа болох Уимблдоны нээлттэй газрын теннисний эмэгтэйчүүдийн ангилалд Чехийн теннисчин Петра Квитова Канадын залуу од Бушарыг 6:3 6:0 тооны харьцаагаар буулган авч аварга боллоо. Рейтингээрээ зургаад эрэмбэлэгдсэн Квитова өмнө нь 2011 онд 21 насандаа мөн энэ тэмцээний аварга болж байсан юм. 

Categories
нэг-өгүүлбэрээр

Францын шигшээгийн довтлогч Бензема өөрийн багаа энэ удаа үүргээ сайн гүйцэтгэсэн, тэд залуу байгаа тул дөрвөн жилийн дараа илүү хол явах болно гэжээ.

Categories
нэг-өгүүлбэрээр

Неймарын нурууны гурав дахь үений яс цуурсан тул сар орчим гам барих шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Иймд түүний хувьд ДАШТ дууслаа.