Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхий сайдад хандан ил захидал илгээлээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ ТАНАА

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Халтмаагийн Баттулга миний бие Үндсэн хуулийн зүйлийн 17 дугаар зүйлийн 1.4, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3, 14.2-т заасан Монголын ард түмний эрх ашиг, эх орон, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх үүрэг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн албан тушаалтанд гомдол гаргах эрхийнхээ дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний хэд хэдэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргахаар завдаж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд анхааруулах зорилгоор журмын нөхөр, нэг танхимд хамт ажиллаж байсан сайд танд энэхүү захидлыг илгээж байна. Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.

Үүнд:

1.Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;

2.Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;

3.”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;

4.Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно.

Нэг. Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо “Huawei, ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм. Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын ZTE, Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.

Хоёр. Төмөр замыг нарийн царигаар тавибал МУ-ын Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол авчрах вэ? Ганц Монгол гэлтгүй БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудлаар яагаад өөрсдийн бие даасан бодлого баримталдаг вэ? БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг олон улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталдаг. Харин бусад хил залгаа улсууд нь төмөр замын царигаа зориуд бүгд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлжээ. Гэтэл Таны ард байгаа улс төр-бизнесийн нам дамнасан бүлэглэл энэ баримтыг зориуд гуйвуулж “хятадын эргэн тойронд, бүр дэлхий даяараа 1435 мм-ийн нарийн царигийн стандартыг баримталдаг, үүнээс айх аюул огтхон ч байхгүй” гэх суртал нэвтрүүлгийг асар өндөр зардалтайгаар, удаан хугацаагаар явуулж ирсэн. Хятадын хөрш дээр дурдсан улс орнууд бүгд л хятадтай эдийн засгийн сайн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өгөөж хүртэх эрмэлзэлтэй. Гэтэл яагаад хятадын төмөр замын царигийг бус өөр өөрсдийн стандартын царигийг хилийн худалдаандаа ашиглаж байгаа юм бол. Казахстан улс богино хугацаанд хятадтай нарийн царигийн төмөр замаар худалдаа хийж үзээд, удалгүй больж, өргөн царигаа баримтлах болсон. Монголоос бусад хятадын хөрш улсуудын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар тооцсон л байж таараа. Гэтэл зөвхөн Монголд л энэ зардлыг учиргүй дөвийлгөн, энэ зардлыг гаргачихвал Монголын эдийн засаг сүйрч, үгүйрэх гэж байгаа юм шиг сүржигнэн сурталдаж, “3 доллар хэмнэх” нэрээр гадны эрх ашгийг тулгах гэж оролдсоор ирлээ. Хэрэв УИХ, Засгийн газраас төмөр замыг нарийн царигаар тавих тухай шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна.” гэж заасныг зөрчихөөр байна. Нарийн төмөр замын стандартыг нэвтрүүлснээр хэт хараат байдал шууд үүсэх эрсдэл байгааг БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг улсууд тооцож өөрсдийн стандартыг баримталж ирснийг дахин сануулъя. Үндэстэн гэж байхын утга учир нь өнөө, маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад оршдог. Нарийн царигийн төмөр замтай болсноор эдийн засгийн удирдлагын хувьд бид бүрэн хамааралд орно гэдэг бол ямар ч хэтрүүлэггүй бодит зүйл. Бэлээхэн жишээ нь БНАСАУ байна. Өнөөдөр хятад, хойд солонгосын хооронд төмөр замын царигийн зөрүү байхгүй, үр дүнд нь эдийн засаг нь хятадаас 92 хувь хамааралтай, үүнийгээ дагаад улс төр нь ч хараат байдалтай болсон байх магадлал, шинж тэмдэг бий. Гео стратегич Параг Ханна “Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсаныг би сануулмаар байна. Энэ үг биелэхэд ойрхон байгаа. Засгийн газар мөнгөний гачаалд орсон, эдийн засгийг удирдаж чадаагүй гэмээ цайруулах, түр ч болтугай аргацаахын тулд урьдчилгаа төлбөр, зээл авах байдлаар нарийн төмөр замын асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь Монголын эдийн засаг гадны бүрэн хяналтад орох гэж байна. Миний онцгойлон анхааруулах гээд байгаа зүйл бол нарийн царигийн төмөр зам тавьснаар “шилжүүлэн ачих зардлыг хэмнэнэ” гээд байсан хүмүүс одоо болохоор “шилжүүлэн ачих байгууламжийг” нутгийн гүнд байгуулах талаар ярьж байгаа явдал. Монгол Улсын хил дээр бус нутгийн гүнд Хөөт, Сайншанд, Ухаа худагт “шилжүүлэн ачих байгууламж”-ийг барих гэж байгаа нь бусдын сонирхлыг эх нутгийнхаа хэвлий рүү тулгаад байгаагаас өөрцгүй, хачирхалтай бодлого юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-д “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ”, мөн 3.2.1.4-д “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэж заасны дагуу төмөр замын бодлогын асуудалд хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МУ Төмөр замын талаар ямар төрийн бодлого баримтлах үндэслэл, шаардлагыг энэхүү үзэл баримтлалын заалтад тодорхой оруулсан байна. Түүнчлэн УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод “Монгол Улс төмөр замын нэгдмэл сүлжээтэй байна” гэж заасан. Эдгээр хууль тогтоомжийг төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхдээ хатуу баримтлах шаардлагатай.

Гурав. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг монголд байгуулахыг зөвшөөрөх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Ийм шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасныг шууд зөрчихөөр байна. Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.1-д “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ” гэж заасантай нийцэхгүй шийдвэр болно. Учир нь “Банк оф Чайна” Bank of China” (Bank of China) бол Хятадын төрийн өмчит дөрвөн банкны нэг. Зөвхөн 2013 оны цэвэр ашиг нь 63 тэрбум ам.доллар болсон. Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 10 тэрбум ам.доллар орчим байгаа. Тэгэхээр дээр дурдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т заасан заалт зөрчигдөх нөхцөл илт харагдаж байгаа юм. Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байгаа нөхцөлд зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аврага банкыг Монгол руу дуудаж байгаа болов уу.

Дөрөв. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын хуулийн этгээдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах нь Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Та өөрийн санаачлан боловсруулсан Газрын тухай хуулийн төслөө МоАХ болон ард иргэдийн шаардлагын дагуу эргүүлэн татсан хэдий ч баяр наадам, томоохон уралдаан тэмцээний үеэр иргэдийн анхаарал сарних цаг хугацааг далимдуулан хуулийн төслөө дахин өргөн бариж, батлуулах магадлалтай. Газрын тухай хуулийн асуудлаар МоАХ-аас мэдэгдэл гаргасан. Газар нь аливаа улс гүрний тусгаар тогтнолын баталгаа, үндэстний онцгой өмч, эх орноороо бахархах, эзэгнэх сэтгэлийн илэрхийлэл учраас төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогыг эхний ээлжинд боловсруулж, батласны дараа л Газрын тухай хуулийг түүнд нийцүүлэн гаргах шаардлагатай. Таны эргүүлэн татсан хуулийн төслийн 15.2, 15.5, 29.1 дахь хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй нэрийн дор гадаадын иргэн, хуулийн этгээдэд 100 хүртэл жилээр эзэмшүүлж болох талаар заасан байсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2.-д ““Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн төсөл нь Монгол үндэсний язгуур эрх ашгийг дээдлээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийн төсөл болсон нь илт юм. Монгол хүн эх орондоо ямар ч тохиолдолд давуу эрхтэй амьдрах ёстой. Ялангуяа газрын харилцаан дээр энэ улсын эзэн нь болсон иргэд давуу эрхтэй байхгүй юм бол тусгаар Монгол Улсын иргэн гэгдэхийн утга учир, эх орноороо бахархах, омогших сэтгэлийн уг үндэс алга болно. Дээр дурдсан баримт, нотолгоо, үндэслэл, шаардлагын эцэст Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна. Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх “гавъяа”-г байгуулж болзошгүй байна. Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна. Эрхэм Ерөнхий сайдаа, Үндэсний аюулгүй байдлын гишүүнээ! АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ!

Таны төлөөлж байгаа бүлэглэлийн өчүүхэн наймаа, санаархал УИХ-аар батлагдвал Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг Монгол төрийн олон арван хууль тогтоомжийг зөрчихөөр байна. Та бүхний энэхүү Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашигт хохирол учруулах хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор Монголын ардчиллын үндсийг тавьсан МоАХ-ны гишүүд, Монгол Улсын иргэн миний бие өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан төрийнхөө хуулийг дээдлэн сөрөн зогсох болно гэдгээ үүгээр уламжилж байна.

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Х.Баттулга

Categories
гадаад мэдээ

Израйлийн дээд шүүх хүүхдийн хөвч тасдахыг хоригложээ

Израйлийн дээд шүүх шинээр мэндэлсэн хүүгийнхээ хөвчийг тасдах явдлыг хоригложээ. Бэлэг эрхтэний толгойг хучсан арьсыг тусгай мэс заслын аргаар авахыг хөвч таслах буюу циркумцизи гэнэ. Өмнө нь хүүхдийн аав уг мэс засал хийлгэх эсэхийг шийддэг байсан бол одоо зөвхөн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан тохиолдолд зөвшөөрөх юм. Хүүхдийн хөвчийг тасдах нь үндсэн эрхийг зөрчиж байгаа гэж шүүхээс үзжээ. Мөн хүүхдийн ирээдүйн хувь заяатай холбоотой асуудлыг эцэг, эхчүүд хоёулаа ярилцаж шийдэх ёстой гэж үзсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн үерлэсэн голд амиа алджээ

Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаагаас голын усны үерийн аюултай түвшинд хүрээд байгаа гэнэ. Борооны улмаас хүний амь нас хохирсон гурван тохиолдол гарсан байна. Тодруулбал, өчигдөр Баянхонгор аймагт нэг хүн, мөн Өвөрхангай аймагт хоёр хүн үерлэсэн голын усанд нас насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд амралт зугаалгаар явах гэж байгаа иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

PLAYTIME-2014 амьд хөгжмийн наадам VIP zone үйлчилгээг санал болгов

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375
жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME
2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!”
уриан дор 2014 оны энэ сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж
байна.


Энэ жилийн PLAYTIME 2014 наадам
VIP zone-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр
дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран
бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх
боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны 6-р сарын 23-ний өдрөөс Хай-Фай
Рекордсын салбаруудаар 100,000₮ худалдаалагдана.
Харин наадмын тасалбар
www.easyticket.mn, Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа
бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн
тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 7-р сарын 18-ны дотор
тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн
тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮,
хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй
хүргэ
х аж. 

Categories
мэдээ спорт

Львов хотод өвлийн олимп болохгүй гэв

Украины Львов хот 2022 оны өвлийн олимпийн наадам зохион байгуулахаас татгалзсан тухай “Olympic.sport.ua” мэдээллээ. Энэ мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко баталсан байна. Тус шийдвэрийг Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, Украины Үндэсний олимпийн хорооны тэргүүн Сергей Бубка, Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк нар хэлэлцсэний эцэст гаргасан аж. Томас Бах “Украины Львов хот цаашдын хөгжлийн асар их боломж байгаа ч энэ бүс нутагт болж байгаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь энд олимпийн наадам зохион байгуулах боломжгүй байна. Украины удирдлагууд ч хүлээцтэйгээр хандаж бидний саналыг хүлээн авсан” гэсэн бол Ерөнхий сайд Арсений Яценюк “Львов хотод 2022 оны өвлийн олимп зохион байгуулагдахгүй. Тэгэхдээ 2026 оны өвлийн олимпийг заавал эх орондоо хүлээн авахаа амлаж байна” гэж мэдэгджээ. 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Норвегийн Осло, Казахстаны Алма-Ата, Хятадын Жанцзяку хот өрсөлдөж буй. Харин эцсийн шийдвэрийг ирэх оны наймдугаар сарын 22-нд гаргана.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гран прид дэлхийн шилдгүүд өрсөлдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Рио-2016” зуны ХХХI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо Бөхийн  Холбооны “Чингис хаан” гран-при тэмцээн болоход гурав хоног үлдээд байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тэмцээний зохион байгуулах хорооны даргаар Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав томилогдон ажиллаж буй аж. Энэ удаагийн “Чингис хаан” Гран-при тэмцээнд ОХУ, Япон,Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонг Конг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Польш, Филиппин зэрэг 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд буй гэнэ. Мөн тэмцээнд дэлхийн чансаагаараа тэргүүлдэг шилдэг жүдочид ирж оролцох аж. Тухайлбал,  2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг зэрэг бөхчүүд зодоглох нь. Харин эх орноо төлөөлж Дэлхийн аварга, ази тивийн аварга М.Уранцэцэг, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зэрэг шилдэг тамирчид барилдана. “Чингис хаан” Гран-при тэмцээнийг Олон Улсын Жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон шилдэг шүүгчид шүүн явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд анх удаа дунгийн суулгацын хагалгаа хийжээ

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч нар, БНСУ, БНХАУ-ын эмч нартай хамтран хүүхдэд дунгийн суулгацын хагалгааг өчигдөр анх удаа хийжээ. Гурван цаг гаруй үргэлжилсэн хагалгаанд төрөлхийн сонсголгүй, гурван настай Н охин орсон бөгөөд биеийн байдал сайн байгаа аж. Манайд энэ төрлийн хагалгааг 2009 оноос хувийн эмнэлгүүд хийж эхэлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ч хийж байсан гэнэ. 

Энэ удаагийн хагалгаа нь анх удаа хүүхдийн төрөлжсөн эмнэлэгт, хүүхдэд хийж буйгаараа онцлог юм байна. Өдгөө ЭХЭМҮТ-д ийм хагалгаа хийлгэх шаардлагатай 49 хүүхэд байгаа гэсэн. Чихэнд электрод тавьснаар хүүхэд сонсож, ярьж чаддаг болохоос гадна жирийн хүүхэдтэй адил сурч, боловсрох нөхцөл бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

УС-15 орчимд амьдарч буй дөрвөн иргэнд нөхөн олговор олгохоор болжээ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх УС-15 орчимд “Амгалан Дулааны Станц”-ыг шинээр барьж байгуулах барилга угсралт болон газар ашиглалтын хүрээнд дулааны станцын трасст газар өмчилж оршин сууж байгаад газарт орсон иргэдийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрын хэмжээг баталлаа.  Газар өмчилж байгаа нэр бүхий дөрвөн иргэнд 438 570 950 төгрөгийн нөхөх олговрыг олгож, гэрээнд заасан хугацаанд энэ оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгожээ.

Categories
мэдээ спорт

Монголын 11 сумо бөх нагоя башёд хүч үзнэ

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын банцүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалт гарлаа. Дээд зиндааны бөхчүүдийн магнайд өмнөх тэмцээний түрүү бөх ёкозүна Хакүхо Д .Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг Харүмафүжи Д.Бямбадорж ёкозүна манлайлж ард нь Какүрюү М.Ананд бичигдсэн байна. Тэгвэл өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котошогикү озеки кадобан болсон бол Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдаах гэнэ. Манай магэшира бөхчүүдийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний Г2-т, Кёкүшүхо барууны 12-т, Кагамио зүүний 14-т, Азүмарюү барууны 14-т, Токитенкү барууны 15-д, Араваши зүүний 17-д бичигдэв. Нагоя башёд Монголын 11 бүмоч барилдахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар үндсэн 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдааны дараа УИХ-ын хаврын чуулганыг хаах юм. Чуулганы хуралдааны эхэнд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд байнгын хороонд орох саналаа бүлгийн баланкан дээр ирүүлдэг бөгөөд харин бүлэггүй гишүүд өөр өөрсдийн баланкан дээр ирүүлдэг аж. Тиймээс уг тогтоолын төсөлд гишүүдээс асуулт асууж саналаа хэлдэггүй юм. УИХ-ын дарга холбогдох байнгын хороодод орох гишүүдийн нэрсийг дуудсан бөгөөд санал хураалт явуулахад нийт гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэнээр байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм. Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хороонд орсон гишүүдийн нэрсийг бид удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.