Эдийн засгийн хөгжлийн дэд
сайд О.Чулуунбаттай ярилцлаа.
-Засгаас гадны хөрөнгө оруулагчдыг
нааш нь татах мэдээллүүдийг гадагшаа цацаж эхэлж байна. Сая гэхэд төрийн тэргүүн
Давосын чуулган дээр эерэг мэдээлэл нэлээд өглөө. Хөрөнгө оруулагчдыг нааш нь
татахад энэ мэссэжүүд хэр нөлөө үзүүлэх бол?
-Давосын эдийн засгийн чуулганд Ерөнхийлөгчийн
тавьсан илтгэл эерэг дохио өгөхөөр сайн болсон. Монголын талаар дэлхийн зах зээл
рүү явуулсан санаа нь тун тодорхой байсан л даа. Монгол Улс том төрөөс ухаалаг төр
рүү шилжиж байна гэж хэллээ. Ухаалаг төрийг хамгийн богиноор хэлбэл төр бизнес,
хөрөнгө оруулагчдыг мушгихгүй, оролцоогоо хумина л гэсэн санаа. Энэ үгийг хөрөнгө оруулагчид сүүлийн үед гарч байгаа
чухал хуулиудтай адил хэмжээгээр хүлээн авч байгаа юм. Ухаалаг төр рүү шилжинэ гэдэг
бол маш чухал хөтөлбөр. Хэрэгжүүлж чадвал хөрөнгө оруулалт, бизнесийн орчин таатай болно.
Гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна үндэсний бизнес эрхлэгчид хүртэл төрөөс залхаж
байна. Сая шинэ жилийн өмнөх татварын гар мушгилт бизнес хийх сонирхлыг нь байхгүй болгочихлоо.
Уг нь конторт галстук зүүчихээд юу ч хийхгүй кофе, цай ууж байдаг хүнээс ядах нь
аа ТҮЦ-т юм борлуулж байгаа хүн дээр шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хүнд
ойрхон хүргэж өгч байгаа үйлчилгээ яах аргагүй мөн. Мал хариулж, тариа ногоо тарьж,
уул уурхай эрхэлж, нүүрс хүрздэж байгаа хүн галстук зүүсэн нөхрөөс хамаагүй илүү
баялаг бүтээж байгаа. Төрийн эрхэнд л гарч чадвал гар мушгиад мөнгө хийчихэж болдог
юм байна гэсэн практик амьдрал дээр зөндөө байна.
-Давосын чуулга уулзалтыг ажиглаж
ы байхад Монгол дэлхийн анхаарлын төвд хэвээрээ байна гэсэн өөдрөг төсөөлөл төрөхөөр
зүйлүүд анзаарагдсан. Энэ дээр та ямар бодолтой байна?
-Монгол дэлхийн зах зээл, бизнес,
хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэвээрээ байгаа юу гэвэл тийм гэж хэлнэ. Монгол
эрдсээр баян, хажууханд нь дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээл байна. Хятад
гэдэг энэ том хэрэглээний зах зээлийг хангая гэвэл маш их хэмжээний түүхий эд хэрэгтэй.
Хамгийн ойрхоноос, хамгийн бага өртгөөр, хамгийн ихээр нийлүүлж чадах орон бол Монгол.
Тэгэхээр бүгд биднийг анхаарах нь мэдээж. Ганцхан зохицуулалт, авир араншингаа
л тодорхой болгох хэрэгтэй. –Хөрөнгө
оруулалтын хууль батлагдсан. Батлах шаардлагатай өөр хуулиуд ч бий. Хууль эрх зүйн
орчин нь дажгүй болчихлоо гэхэд орж ирнэ гэж төсөөлөөд байгаа их мөнгө хэзээнээс
эдийн засагт эргэлдэж эхлэх бол?
-Өнгөрсөн жил Монгол
Улс гадаадын хөрөнгө оруулалтыг өмнөх оноосоо хоёр дахин бага татлаа. Эдийн засгийн
хөгжил, бүтээн байгуулалтын гол эх үүсвэрийн нэг нь гадаадын хөрөнгө оруулалт.
Тэр эх үүсвэр нь багасчихаар эдийн засгийн үзүүлэлт, амьдралын түвшинд эерэгээр
нөлөөлөхгүй нь мэдээж. Өнгөрсөн жил УИХ Хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Хөрөнгө
оруулалтын хууль батлагдахаар гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж бодож байсан
л даа. Монголын уул уурхайн төслүүд гадаадын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагддаг.
Монголтой холбоотой компаниудын хувьцаа сэрж өгөхгүй, унтаастай хэвээрээ байна.
Хөрөнгө оруулалтын хууль баталсан ч нөхцөл байдал хангалттай түвшинд хүрээгүйг харуулж буй хэрэг. Бид илүү сайн эерэг мэдээг
зах руу хүргэх хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Эрдэс
баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ баталлаа. Маш чухал бичиг баримт.
Үүн дээр үндэслэж Ашигт малтмалын болоод
уул уурхайтай холбоотой их олон хууль боловсронгуй болох учиртай. Зах зээл энэ
баримт бичгийг хүлээж байсан. Сая баталсан нь зах зээлд өгсөн их сайн мэдээ. Гэхдээ
үр дүн нь зургаан сарын дараа юм уу, жилийн дараа харагдана. Алтны татвартай холбоотой хуулийг өнгөрсөн долоо
хоногт баталлаа. Бас л нэг сайн мэссэжийг зах руу хүргэх гэж оролдож байгаа нэг
оролдлого л доо. Иймэрхүү мэдээллийг дэс дараалалтай, цэгцтэйгээр зах руу хүргээд
байвал хагас жил, жилийн дараа сайн нөлөө гарна байх. Зах зээлийн итгэлийг авах
их хэцүү. Тогтвортой, тууштай, найдвартай зах зээл шүү, итгэлтэй түнш шүү гэдгээ
харуулах хэрэгтэй. Нэгэнт төрсөн итгэлийг
нураах, эвдэх амархан. Харин буцаагаад олж авах хэцүү.
–Хөрөнгө оруулагчдын
итгэл сул, эргэлзсэн хэвээр байгааг хүн бүр харж байна. Гэхдээ итгэл хэр байгааг
нь баталсан сүүлийн үеийн судалгаа энэ тэрээс танд олж сонссон юм байна уу?
-Саяханы нэг жишээ
хэлье. Дэлхийн хөрөнгө оруулалт, худалдааны чигийн судалгаа, шинжилгээгээр Монголд
хөрөнгө оруулалт хийхэд танд хэр итгэл төрж байна гэсэн асуултад дэлхийн банкирууд
ер нь бол итгэл сул байна гэж хариулсан байна
лээ. Улс бүрийн хөрөнгө оруулалтын орчныг
тандсан судалгаа байсан л даа.
–Тэгэхээр бид одоо
тэдний итгэлийг олж авахын тулд яг яах ёстой
вэ?
-Хуулиар удирддаг
улс болох хэрэгтэй. Гадаадынхан манайхныг “Эдийн засаг, зах зээл, хөрөнгө оруулалттай
холбоотой асуудлыг танай улстөрчид авир, ааш араншингаараа зохицуулаад байна” гэж
шүүмжилдэг.
Энэ эргэлзээ, айдас,
болгоомжлолыг удаан хугацааны зүтгэлээр л арилгах боломжтой. Хуулиа үнэхээр таатай
болгонгуут алдсан ч хохирохооргүй жижиг компаниуд эхэлж орж ирж ажиллана. Тэгээд
үнэхээр гайгүй байвал жижиг компаниуд “Өнөө Монгол чинь дажгүй болжээ. Гар мушгидаггүй
юм байна. Авир ааш нь давгүй шүү” гэсэн мэдээг
дэлхийн зах руу цацаж өгнө. Бид өмнө нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олох
гэж таваас арван жил зарцуулсан. Одоо дахиад ийм процесс эхэлж байна гээд ойлгочихож
болно. Давтан хэлэхэд хуулиар зохицуулагддаг
зах зээл шүү гэдгээ батлах хэрэгтэй.
–Оюу толгой дээр
“Рио”, засаг хоёр хэрхэн учраа олохоос Монголын
эдийн засагт мөнгө орж ирэх эсэх нь шийдэгдэнэ
гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хэлж байна.
Үүнтэй та санал нийлж байна уу?
-Миний сая ярьсан зүйл Оюу толгойтой маш их холбоотой.
Бид ардчилсан улс. Оюу толгой төслийн эерэг сөргийг гайгүй сайн хэлэлцээд 2009
онд УИХ-аараа баталсан. Монголын эрх барих хамгийн дээд байгууллага нь Оюу толгойн
хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Хэчнээн сөрөг бодолтой хүн байсан ч төрийн
хамгийн том эрх бүхий байгууллагынхаа гаргасан
шийдвэрийг биелүүлэх учиртай. Үүн дээр бид их том алдаа хийсэн. Төрийн дээд байгууллага нь шийдвэрээ гаргачихаад байхад дараа нь өөрчилнө
гээд өөрөөр тайлбарлаад явчихаар зах зээл
ойлгохгүй болоод ирж байгаа юм. Би тэр үед УИХ-д байсан. Зарим асуудал дээр би ч гэсэн
шүүмжлэлтэй хандаж байсан. Гэхдээ ардчилсан улс чинь олонхиороо шийдсэн асуудлаа
хүндэтгэж хүлээн зөвшөөрөөд явах ёстой. Энэ зарчмаа хэрэгжүүлж чадахгүй болохоор
зах зээл Монголыг голж эхэлсэн.
–Оюу толгой дээр
гуравдугаар сар, зургадугаар сар гэсэн тоонууд сонсогдож байна. Гал тогоонд
нь байгаа хүний хувьд асуухад энэ жилдээ нааштай үр дүн гарах нь уу?
-Гуравдугаар сар уу,
зургадугаар сар уу хамаагүй, бид Оюу толгойтой асуудлыг ямар ч хэлбэрээр хурдан
шийдэж болно. Цаашаа бид ямар үйлдэл гаргаж,
ямар авир үзүүлэхийг зах эхлээд харна. Зах зээл гэдэг муухай харахаар цаашаа харж
уйлаад, чихэр үзүүлэхээр гүйгээд ирдэг гэнэн
хүүхэд биш. Асуудал нааштайгаар шийдэгдлээ ч үр дүн нь тэр дороо гарахгүй.
–Чингис бонд ямархуу
байна?
-Чингис бондын үнэ
бас л хямдарсан байгаа. Арван жилийнх нь
ная гаруй, таван жилийнх нь ерэн хэдэн хувьтай.
Монголын бондыг бид худалдаж авахгүй, Монгол бол итгэл муутай гэсэн сигналыг өгөөд
байна л даа. Бүх Засгийн газрууд дэлхийн
зах дээр бондоо гаргасан байгаа. Засгийн газрын бондын үнэлгээ нь тухайн улс бизнес,
хөрөнгө оруулалт, улс төрийн хувьд хэр найдвартай түнш вэ гэдгийг харуулсан гол
үзүүлэлт болдог юм. Ямар ч хөрөнгө оруулагч
Монголд орж ирэхийн тулд “Moody s”, “Standart&Poors”-ийн рейтингийг уншихаас
гадна манай бондын үнэлгээг хардаг. Бүх хөрөнгө оруулагч, банкуудын экран дээр
байж байгаа зүйл шүү дээ. Тэндээс хараад л манайхыг шууд үнэлчих тийм тогтолцоо
дэлхийд үйлчилж байна. Бид зах зээлээ хэр
зохицуулж байна, ямархуу аяг авир үзүүлж байна, хэр тогтвортой байна вэ гэдгээ
энэ үнэлгээн дээрээсээ харах хэрэгтэй.
–Самурай бондыг нэлээд өндөр төлбөр хураамжтай авах гэж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Ер нь дахин бонд
босгож өрөө нэмээд байх нь хэр зөв шийдэл юм бол?
-Хөгжлийнхөө шаардлагаас
болж л мөнгө босгож байгаа. Өнгөрсөн жил Чингис бонд, Хөгжлийн банкны бонд их тус
боллоо. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт гэнэт маш ихээр багассан
тохиолдолд бүр илүүгээр хэргээ өгсөн. “Чингис”
бондын хөрөнгө байгаагүй бол бид их эвгүй
байдалд хүрэхээр байлаа. Гэхдээ бид өнгөрсөн жилийнхээ хөгжлийн гол үзүүлэлтүүдийг
зээлээр хийсэн гэдгээ мартаж болохгүй. Бид урьд жилүүдэд хуримтлуулсан, халаасандаа байгаа мөнгөөрөө хөгжиж байсан. Өнөөдөр манай ерөнхий рейтинг
доошилсон. Хөрөнгө оруулагчид дайжсан байгаа ийм үед зээлийн хүү өндөр болчихдог
жамтай л даа. Өнөөдөр Украйнд зөрчилдөөд эхэлж байна. Ингэх нь өөрсдөд нь л муу. Украйнчууд яг одоо бол зах дээрээс мөнгө зээлж чадахгүй. Учир нь хэн ч тэдэнд итгэж мөнгө өгөхгүй. Хоорондоо учраа
олж чадахгүй байгаа улс гадны түнштэй бүр ч учраа олж чадахгүй гэж харна. Энэ бол
зах зээлийн жам. Зах зээл манайхыг ч юм
уу, Украйныг “Та нар тогтвортой бай, ойлголцож ажилла, хөгжихөд тэвчээр хэрэгтэй,
тууштай чанар чухал, хүн хоорондын харилцааны стандартаас гажсан авир араншин
гаргаж болохгүй” гэж сануулга өгч торгож байна. Өндөр хүүтэй зээл
авч байна гэдэг бол торгуулийн шийтгэл хүлээж байгаа хэрэг. Гэхдээ өнөө цагт соёлтой
маягаар торгодог болсон. Өмнө нь
буу зэвсэг барьж орж ирж торгодог байсан бол одоо тогтворгүй байгаад байвал
хүүгээ өндөрсгөнө, худалдаагаа багасгана,
хөрөнгө оруулалтаа оруулахгүй. Тэгээд л
гүйцээ. Бид тогтворгүй байсныхаа торгуулыг
ингэж амсаж байгаа юм.
–Самурай бондын
мөнгөний багагүй хэсэг нь эргээд Япондоо очиж байгаа гэдэг дээр та тодорхой тайлбар
хэлсэнгүй?
-Ер нь Японы зах зээл
дээрх Засгийн газрын бондын хүү бага байдаг.
Дээрээс нь баталгааны болон свопын төлбөр хураамж гэж бий. Учир нь бидэнд иенээр
худалдаж авдаг юм бараг байдаггүй. Жилдээ дээд тал нь 80-100 сая ам.долларын бараа,
машин тоног төхөөрөмж Японоос авч байгаа. Эхний ээлжинд бид 300 сая ам.доллартай
тэнцэхээр мөнгө босголоо. Гуравны нэгийг нь ашиглаад гуравны хоёрыг нь ашиглаж чадахгүй
болохоор доллар болгоно гэж таарна аа даа. Бидний тэндээс авч байгаа зээл иенээр
бүрдэж байгаа. Авсан иенээ доллар болгож ашиглаад дараа нь буцаагаад иен болгож төлөх нь тодорхой.
Түүнийг нь своп гээд байгаа юм. Тэрнийх нь
төлбөр хураамж өндөр гарчихаж байгаа хэрэг
л дээ.
–Баялгаа худалдаад
жаахан мөнгө олъё гэвэл төмөр замаа даруйхан барих хэрэгтэй. Төмөр замаа барья гэхээр цариг яриад гацчихдаг.
Жишээ нь та цариг дээр ямар бодолтой явдаг вэ?
-Орд газраас Хятадын
зах зээлд бүтээгдэхүүнээ өртөг багатай, хурдан шуурхай нийлүүлэх л асуудал шүү
дээ. Миний хувьд худалдаа экспортод зориулсан замыг нарийн царигаар баривал бидэнд ашигтай гэж хардаг. Учир нь хямд өртөг
гарна. Өргөн царигаар баривал сэлгүүлэн ачих байгууламжийг Монгол өөрөө
хийнэ, зардлыг нь гаргана. Тэгэхээр экспортын бүтээгдэхүүн маань өрсөлдөх чадваргүй болно. Нэг тонн нүүрсэн дээр таван долларын
илүү зардал гаргана гэдэг өрсөлдөхөд төвөгтэй
болно гэсэн үг. Өөрөө өөрсдийгөө өрсөлдөх чадваргүй болгох төсөл хэрэгжүүлээд дэмий.
–Зарим эдийн засагчид
2014 оны сүүлээр доллар 1600 болж тогтворжино, эдийн засаг харьцангуй сайжирна
гэж дүгнээд байгаа. Таны хувьд…?
-Хууль эрх зүйн орчин,
бизнес хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиуд нааштайгаар эргэж эхэлж байна л даа.
Хоёрдугаарт манай ааш араншин зах дээр овоо уншигдаж эхэлж байна. Энэ хэрээрээ урагшилбал
сайн үзүүлэлтүүд гарна. Гэхдээ долларын ханшийг урьдчилж таамагламааргүй байна.
Ханшийг сайжруулахын тулд их ажил хийх хэрэгтэй. Экспортыг, бизнесийг сайн дэмжих
хэрэгтэй. Бизнесийн гар мушгилт цааш үргэлжлээд байвал экспорт нэмэгдэхгүй. Уул
уурхайн маш олон төсөл гацаанд байгаа. Бүгдээрээ төрийн гар мушгилтанд орчихсон.
–Монгол банк үнэ
тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ханш руу чиглэсэн Төв банкны бодлого таны хувьд хэр зөв алхам бэ?
-Монгол банк зах руу
хэрэгтэй үед нь мөнгө оруулж тэлэх бодлого явуулж байгаа нь зөв. Төв банк Үнэ тогтворжуулах
хөтөлбөрийн хүрээнд гурав, дөрвөн их наяд төгрөг зах руу оруулсан. Гэхдээ ардаа
заавал доллартайгаар орсон байх ёстой. Миний
шүүмжлэлтэй хандаж байгаа өнцөг гэвэл энэ. Эхлээд Монгол банк, Засгийн газар хамтарч зах дээр “Чингис” бондтой адилхан мөнгөө доллараар
босгож оруулж ирчихээд буцаагаад зах руу төгрөг гаргах учиртай. Төгрөг гаргасан
ямар ч тохиолдолд хүмүүс доллар руу л дайрна.
Учир нь манайд төгрөгөөр авах юм байхгүй.
Ганц авдаг уул уурхайгаа хориод зогсоочихсон байгаа. Тэгэхээр зах руу гаргасан
нөгөө төгрөг маань буцаад доллар руу очно гэсэн үг. Яг тэр үед нь Монгол банкинд доллар нь бэлэн байх учиртай. Бэлэн байгаагүй учраас л зах дээр гаргасан гурав,
дөрвөн их наяд төгрөг нь валютын нөөцөө идчихээд байна. Тиймээс л ханш дээр ийм байдал үүсчихээд байгаа юм. Харин эхлээд доллараа зохицоод оруулаад ирчихсэн
байсан бол өөр. Хэчнээн ч төгрөг гаргасан ард нь доллар байгаа учраас ханшид нөлөөлөхгүй.
Бид уг нь Монголд худалдаа хөрөнгө оруулалт,
санхүү, мөнгөний таатай орчин бий болгоё гэж зорьж байсан. Ийм орчныг бүрдүүлье гэвэл төгрөгөөр юу ч худалдаж
авдаг болгох хэрэгтэй. Тэгвэл монгол төгрөгийг хүн сонирхоно. Одоо бол халаасанд
нь дэл сул төгрөг байгаа хэн ч бүгдээрээ л доллар, эсвэл юань болгосон нь дээр
гэж байна. Учир нь доллар, юаниар юу ч авч болно. Монгол төгрөгөөр бол мах л авч болох байх. Бидний зарж чадах ганц зүйл бол байгалийн баялаг.
Гадныханд сонирхолтой хэлбэрээр санал болгож чадвал хэчнээн зуу, миллиард долларын
баялаг байна. Тэрийгээ санал болгохгүй харамлаад ядуу амьдраад байна л даа. Байгалийн
баялгийг гадны хөрөнгө оруулагчид авч байвал бид баярлах хэрэгтэй. Гэтэл янз бүрийн хөдөлгөөн байгуулж зогсоох гэж дайраад байдагт миний хувьд их гайхдаг.
Нэг бол боловсрол мэдлэг муугийнх
байх, эсвэл Монголыг хөгжүүлэхгүй гэсэн санаагаар хийж байгаа ажил болов уу. Би
ингэж л харж байна. Нэг жишээ хэлье. Ноднингийн
орон нутгийн сонгуульд өрсөлдсөн зарим аймгийн
дарга нар сонгуулийн сурталчилгааны үеэр “Би төчнөөн лиценз цуцалсан”
гэж бахархалтайгаар ярьж байх жишээтэй. Тийм улсыг сонгож байвал бидний л гамшиг.
Уг нь уул уурхайн төслүүдээр хөгжил ирэх ёстой. Баян болсон бүх улс уул уурхайгаас
эхэлсэн байдаг. Уул уурхай ажил, орлого, хөгжил, бүтээн байгуулалт авчирна. Тэгэхгүйгээр
зүгээр сууж байгаад хөгжчихдөг, бүтээн байгуулалт өөрөө бий болчихно гэж байхгүй.
Аймгийн даргаар ажиллаж байгаа улсынх нь
сэтгэлгээ иймэрхүү хэмжээнд л байна. Энэ хандлагыг өөрчилж байж бид хөгжинө.
–Хөрөнгө оруулалтын
хуулийг дагаж гарах журам өнөөдрийг хүртэл гараагүй байна. Ер нь хууль дагаж гардаг
журмуудыг даруйхан батлахын тулд яах ёстой юм бол?
-Бүх хуулиудын араас
хэрэгжүүлэх журмууд гардаг л даа. Тэр журмыг
гаргахдаа бүх яам, тамгын газар, агентлагууд дандаа гар мушгих юм хийдэг. Үүнийг
хамгийн хялбар аргаар хийх ёстой гэж боддог. Тэгэхгүй бол журам гарсаны дараа нэг дарга, нэг хүнд сурталтнаас заавал зөвшөөрөл
авах хэрэг гардаг. Нөгөө дарга нь Монголын ч бай, гадаадын ч бай хөрөнгө оруулагчийг
хүлээлгэдэг, залхаадаг. Шан харамж хүлээнэ, сүүлдээ бүр авлига шаарддаг.
Нуулгүй хэлэхэд ихэнх төслүүд ийм замаар хойшилж байна. Миний бодлоор УИХ яамдад
үүрэг өгдөг байх хэрэгтэй. Журмыг аль болох
түргэн гаргаж, хуулийг хурдан хэрэгжүүлэх талаар тусгай үүрэг өгвөл байдал өөрчлөгдөнө. Жишээ нь хариуцсан сайдад нь “Чи үүнийг хэрэгжүүлж ажилла, чадахгүй бол ажлаа өгөөрэй” гэчих хэрэгтэй.
Тэгвэл нөгөөх нь аль болох хурдан хэрэгжүүлэх журам гаргаж таарна. Одоо бол өөрийнхөө
халаасанд мөнгө хийх журам гаргаад байна.
–Хөрөнгө оруулалтын
хуультай холбоотой журмыг гаргах ажил гэхэд хэд хэдэн яаманд хамаарагдаж байгаа
байх. Сайд бүрд нь тодорхой үүрэг өгчихвөл
гаргасан хууль нь чирэгдэлгүй хэрэгжих л юм байна?
-Хөрөнгө оруулалттай
холбоотой гээд ярихаар манай яам, УУЯ, БОНХЯ,
дэд бүтэц, үйлдвэр хариуцсан яамдад хамаарна.
Хамгийн гол нь яамдын сайд нарт УИХ-аас тодорхой үүрэг өгчихвөл асуудал хамаагүй
хялбар шийдэгдэнэ. Уул уурхайн сайдад гэхэд
“Танайх энэ жил зуун төсөл ашиглалтад оруулсан байх ёстой шүү, дөрвөн миллиард
долларын хөрөнгө оруулалт орсон байх ёстой, чадахгүй бол ажлаа өгөөрэй” гэх хэрэгтэй.
Зам тээврийн сайдад гэхэд “Энэ жил төчнөөн км зам барь, тэдийг нь хувийн хөрөнгөөр
бариулж төсвийн мөнгө хэмнэ, чадахгүй бол баяртай” гэчих хэрэгтэй. Ингэхгүйгээр
журам гарга гээд орхидог нь буруу л даа. Ингээд орхичихоор сайд нар нь доод талын
улсдаа даатгадаг. Нөгөөдүүл нь өөрсдийнхөө халаасанд мөнгө орох журам гаргачихдаг. Зам барья гэхэд заавал нэг
нөхрөөс зөвшөөрөл авдаг болгочихно гэсэн үг.
Ц.БААСАНСҮРЭН