Categories
редакцийн-нийтлэл

Х.Болорчулуун: Сентьерра гоулд амташсан хэрээ 13 дахина гэгчээр дахин лоббигоо оруулж ирэх гэж байна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай
ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн.
Уг хуулийн төсөл нэлээд маргаан да­гуулж эхэллээ. Үүний гол шалтгаан юу байсан юм
бол?

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүү­лэх
тухай хуулийг УИХ-ын гишүүд дэмжээгүй тул чуулганы нэгдсэн хурал­даан дээр унасан.
Гэтэл Засгийн газраас уг хуулийн нэрийг өөрчлөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл нэртэйгээр орж ирлээ. Уг хуулийн төсөл дэх
заалтууд нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулиас ялгарах зүйлгүй
байгаад эсэргүүцэж бай­гаа юм. Нэг хуулийн төсөл нь уначихаар нэрийг нь өөрчлөөд
оруулж ирж байгаа нь байж болохгүй зүйл л дээ.

-Уг хуулийн төслийг хэн оруулж
ирсэн юм бэ?

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүү­лэх
тухай хуулийн нэрийг өөрчлөөд оруулж ирсэн нь Засгийн газар. Алтны таван хувийн
татвар мөн өсөн нэмэгдэх рояалтын татварыг хасаад ганцхан 2.5 хувийн татвартай бол­гох
гээд байгаа юм. Мон­гол Улс хөгжих хэрэгтэй байна. Ард түмэн ханга­луун амьдрах
хэрэгтэй байна. Эх орноо өнгөтэй өөдтэй авч явъя гэсэн чин хүсэл байдаг бол үүний­гээ
эргэж харах л хэрэг­тэй. Аль нэг бүлэглэлийн төлөө бид эх орноо мар­таж болохгүй.
Гадаадад картнаас мөнгө авахад гурван хувийн шимтгэл авдаг. Бид хэдий алтаар элбэг
дэлбэг ч ингэж бага татвар аваад байвал бидэнд юу үлдэх юм. Үр хүүхдүүддээ юу үлдээх
юм. Уг хуульд олигархиу­дын нөлөөлөл орчихоод байна гэж хардахаар байна.

-Алтны худалдаанд ил тод байдлыг
бүрдүү­лэх тухай хуулийн төсөл уначихаад бай­хад дахин оруулах шалт­гаан юу байсан
юм бол?

-АН-ын бүлэг өөрсдөд ашигтай, сонирхсон
хуу­лийн төслөө чуулган дээр унасан ч долоо хоногийн дараа нэрийг нь өөрч­лөөд оруулж
ирж байна. Биднийг ингэ гэж ард түмэн сонгоогүй. Тиймээс өөрсдийн дураар аяглаж
болохгүй. Гэтэл зарим УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан оруу­лаад байхад хэлэлцэхгүй
хичнээн ч хамаагүй хуга­цаагаар хойшлуулаад л байдаг. Энэ чинь шудар­га зарчим юм
уу.

-Алтыг их хэмжээ­гээр нууцаар хил
да­вуулж байгааг хязгаар­лах үүднээс уг хуулийг батлуулах гээд байгаа юм биш үү?

-Алтны ил тод худал­дааг бий болгох
тухай хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирэн УИХ-ын нэгдсэн чуулга­наар хаалттай
хэлэлцсэн. Үүний гол шалтгаан нь алтны татварыг бууруу­лах тухай л байсан. Алтны
татварыг бууруу­лах тухай уг хуулийн төс­лийг Бие даагчдын зөв­лөл эсэргүүцсэн.
Яагаад гэхээр манай орны алтны татвар хоёр хөршийн алтанд оногдох татва­раас харьцангуй
бага бай­даг юм. Бид татварыг бага дээр нь бүр бага болгож болохгүй. Алтны ил тод
байдлыг бүрдүү­лэх тухай хуулийг санаач­лах болсон гол шалтгаан нь алтыг Монголбанкинд
тушаалгүй нууцаар хил гаргаж байна гэсний үүднээс хуулийн төслийг өргөн барьсан
гээд бай­гаа. Энэ бол зүгээр л таамаг төдий зүйл. Үнэн­дээ нууцаар хил давуулж буй
алт нь кг-аар ярихаас биш, тонн тонноор яриг­дах ихээхэн хэмжээнийх биш.

-Алтны шороон орд ерөнхийдөө ашиглаг­даад
дууссан гэсэн сураг байна?

-Үнэн л дээ. Өлзийт, Уянга, Өлөнт,
Заамар, Гацуурт гэх мэт маш олон алтны шороон орд бүхий газруудын нөөц дууссан.
Үүнээс шалтгаалан Мон­голбанкинд тушаах алтны тушаалт багассан. Гэсэн ч өнөө жилийн
хувьд Монголбанкинд найман тонн алт тушаасан нь олон жилийн дунджаас харахад хэвийн
байгаа юм. Одоо манайхан алтныхаа үндсэн орд руу ороод эхэллээ.

-Алтны үндсэн орд нь шороон ордоос
юугаараа ялгаатай вэ?

-Шороон орд нь газрын хөрсийг хуулан
байгаль дахь алтыг шууд авдаг бол үндсэн орд гэдэг нь алтны чулуун ордыг нэрлэж
байгаа юм. Алтны үндсэн ордын дийлэнхийг гадны компа­ниуд эзэмшиж байна. Гадны компаниуд
алтны үндсэн ордыг эзэмшиж байгаа тохиолдолд Мон­гол­банкинд алт тушаасан ч манай
валютын урсга­лыг гадагшаа шилжүүлэх л болно.

Монгол Улсад алтны татварыг бууруулснаар
валюттай болно гэдэг нь баталгаатай биш. Цаа­шид үндсэн ордоос жилд 30 тонн алт
олборлоно гэж байна. Монголбанк уг алтыг худалдаж авах боломжгүй. Алт нэмүү өртөг
бий болгодоггүй хэрнээ байгаль орчинд нэлээд сөрөг үр дагавар­тай салбар байгаа
юм. Тэгэхээр цаасан мөнгө үйлдвэрлэж алтыг худал­даж авлаа гэхэд өнөө инфляцийг
хөөрөгдөх түлхүүр болно.

Улс авах ёстой татва­раа авсан цагт
баян байж, ард түмэн сэтгэл хангалуун байх болно. Өнөөдөр манай оронд алтны ганц
үйрмэг ч гэсэн амин чухал хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа алтны үндсэн
ордын татварыг яагаад ч бууруулж болохгүй. Үүн дээр бид бат зогсож байгаа.

-Хөрш орнууд алтан дээрээ татварын
ямар нөхцөл баримталдаг юм бол?

-Хятадууд алтны шороон орд дээрээ
хоёр хувийн татвар авдаг хирнээ үндсэн ордоос долоон хувийн рояалти авдаг. Мөн ашгийн
40 хувийн татвар авдаг. Гэтэл манайх 25 хувийн татвар авдаг юм. Нэмүү өртөг манайд
10 хувь байхад урд хөршийнхөн 17 хувь байх жишээтэй. Манай орны алтны татвар үнэхээр
бага. Тийм болохоор л бага татвараа бүр бага болгож болохгүй гээд байн байн хэлээд
байгаа юм. АН-ынхан нэг хуулийн төслөө нэрийг өөрчлөн оруулж ирээд зүтгүүлж байгаагаас
харахад хуулийн төсөл дээр гадныхны лобби явагдаад байгаа гэж хардах үндэслэл байна.

-Алтны худалдаанд ил тод байдлыг
бүрдүү­лэх тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай
хуулийг төсөлд яг ямар ямар ижил заалтууд байгаа гэж?

-Уг хуулийн нэр өөрч­лөгдсөн болохоос
ямар ч чанарын ялгаа байхгүй. Монголчууд алтан дээр суусан гуйлгачин хэмээн цоллодог
байсныг бид мартаагүй. Гэтэл алтаа зараад ч бид гуйлгачин байж болохгүй. Бид өнөөд­рөө
биш маргаа­шаа харж амьдрах ёстой. Монголын эрх ашиг эрх баригчдын эрх ашгаас дээгүүр
эрэмбэлэгдэх учиртай. Монголын ард түмэн Африз, Латин Амери­кийн замаар яв­маар­гүй
байна. Тиймээс хэтэрхий лоббинд автаж, ард түмнээсээ нүүрээ бууруулж болохгүй.

-Та Эдийн засгийн байнгын хороон
дээр “АН-ынхан Сентьерра гоулдынхантай уулзаж, сүжрээд байна” гэсэн нь олны анхаарлыг
татаж байна. Яагаад та ингэж дуугарах болов?

-Сентьерра гоулд Дорнод Цагаан-Овоод
29 тонн алт, Сэлэнгэ айм­гийн Мандал сум буюу Зүүнхараад 31 тонн алт гээд нийтдээ
60 тонн алт­ны үндсэн ордыг авахад бэлэн болчихоод байна. Сентьерра гоулд Бороо
гоулд­тай 10 жилийн гэрээ хийхдээ эхний таван жилд нь нэг ч төгрөгийн татваргүй
алтаа авч, сүүлийн таван жилд нь татвараас 50 хувь чөлөө­лөх гэрээ хийсэн. Сентьер­ра
гоулд татвар төлөхгүй эхний таван жилдээ бүх алтыг нь ухаад дуусгачих­сан. Амташсан
хэрээ 13 дахина гэгчээр дахин лоббигоо оруулж ирэх гэж байна.

-Бороо гоулдаас манайхан хэдий
хэм­жээ­ний ашиг авч байсан юм бэ?

-Бид Бороо гоулдаас ашиг авч чадаагүй.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг олонхиороо
дэмжих юм болов уу яах бол гэсэн хүлээлттэй л байна.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Цаасан сонин цаг хугацааны шалгуурыг нэгэнт давжээ

Телевиз үүсэхэд кино театрт хэн ч
очихоо байна гэж ярьцгааж байсан гэдэг. Цаг хугацаа өнгөрч телевиз улам нимгэн,
улам олон суваг гар­даг болсон ч театр моодноос гарах нь бүү хэл үнэ цэнэ нь нэмэгдсэн.
Театрт очиж үзэж байж л жинхэнэ юм үзсэн болдог. Залуус хайртай бүс­гүй­­гээ театрт
урьж, театрт гарах шинэ киног үзэгчид тэсэн ядан хүлээдэг хэвээрээ. Сонин яг үүнтэй
адил юм. Цахим ертөнц хөгжиж, мэ­дээл­лийн хурд ихэссэн ч цагаан цаасан дээр хараар
бичсэн баримт  үлддэг сонин хэмээх мэдээллийн
талхны үнэ цэнэ алдагдахгүй л бай­на. Үй олон сайтууд мэндэл­сэн ч, сошиал ертөнц
хүмүү­сийн амьдра­лын хэв маягийн нэг болсон ч 
үнэн бодитой гэж итгэдэг, олон жилийн дараа  он цагийн үйл явдлын гол баримт болж үлддэг зүйл
бол сонин юм. Насаараа сонины хай­чил­бар хийдэг нэг ахмад­тай уулзаж байлаа. “Сонин
уншаагүй нэг ч өдөр байхгүй. Тэр тусмаа танай сониныг өдөр алгасал­гүй уншиж, өөрт
хэрэгтэй мэдээллийг хайчил­бар хийж хадгалдаг. Эргээд харахад тэр үеийн бүхий л
түүх дурайтал байж  байдаг. Тэр чигээрээ баримт
юм шүү дээ” гэж билээ. 

    Сонин
захиалж уншдаг хүмүүс ч цаасан сониноо барьж, харж уншихгүй бол цахим хэлбэрээр
уншихаар уншсан болохгүй юм гэж хэл­дэг. Хэдхэн минутын өмнө байж байснаа алга болчих­дог,
үг үсэг утга санааг нь өөрчилж орхидог, хэн нэгнийг гүтгээд биччихлээ гэхэд устга­чи­хаж
болдог учраас цахим мэдээллийн хэрэгс­лээс илүү­тэй  цаасан сонины мэдээл­лийг уншигчид  бодит үнэн гэж уншдаг, итгэдэг.

Технологи хамгийн их хөгж­сөн, технологийн
хөгж­лийн  гол автор нь болсон улс орнуудад
ч цаасан сонин байсаар л байна. Айлууд шуудангийн хайрцагтаа өглөө бүр шинэ сониноо
хүлээн авч амтархан уншсаар байгаа. Энэ бол соёлт хүн төрөлхтний салшгүй нэг хэв
маяг болоод тогтчихож. Хэд­хэн сарын өмнө АНУ-ын тэр­бум­тан, amazon.com  сайтыг үндэслэгч Жефри П.Безос “Вашигтон пост”  сониныг 250 сая ам.долла­раар худалдаж авсан бол
Жон Хенрид Нью-Йорк таймс” сонины “Бостон глоб”-ыг 70 сая ам.доллараар худал­даж
авчээ. Хэдхэн сарын өмнө шүү. Дээрх тэр­бумт­­нууд цаасан сонин  дэл­хийн зах зээлээс шахаг­дах байсан бол юу гэж
ийм их мөнгөө зарлагадах билээ. Туршлагатай бизнесмэнүүд зах зээл,  ирээдүйг нь 
судалж байж л ашигтай бизнест хөрөн­гө оруулах нь дамжиг­гүй. Дэлхийн чиг
хандлагад мэдээллийн хэрэгслээс цаа­сан сонин шахагдах нь бай­ту­гай харин ч бодит
мэдээлэл гэдэгт илүү их итгэж захиа­лаг­чийнх нь тоо огтхон ч буурах­гүй байгаа
нь нотолгоо юм. 

Зарим зүйл он цагийн эрхэнд улам төгөлдөржин,
өмнөх үетэйгээ хамт үлдэх нь бий. Компьютер байхгүй байх үед бичгийн машин байсан
ч одоо бичгийн машин тогшоод суух хүн олдохгүй. Харин цаг үе улирах тусам үнэ цэнээ
алддаггүй юм гэж бас байна. Түүний нэг нь яах аргагүй сонин. Зарим нэг тогтсон уламжлалууд
бий. Жишээ нь хамрын тамхи хэрэглэдэг хүмүүс гялгар уутанд хийгээд авч явж болно.
Гэтэл заавал хөөргөнд хийдэг. Тэгж байж л утга төгөлдөр болдог. Хүмүүс бие биедээ
бэлэг өгөхдөө мөн баглаа боодлыг нь чухалчил­даг. Түүн лугаа цаасан сонин илүү утга
төгөлдөр гарт баригддаг бодит үнэн шигээ мэдээлэл нь үнэн гэдэгт уншигчид илүү их
итгэдэг. Цахим мэдээлэл алга болох өөрчлөх боломжтой бол цаасан дээр үлдсэн мэдээлэл
баримт болон үлддэг.  Үүгээ­рээ мэдээллийг
үнэнээс гуйвуулах боломж багасч байгаа юм. 
Цаасан сонин 16, 17-р зууны үед  үүсэж
байсан гэдэг юм билээ. Тэр цагаас хойш цаасан сонин үнэ цэнээ алдсангүй. Мэдээллийн
хурд ихэслээ ч бодит үнэн эсэхийн хэмжүүр нь сонин өөрөө бол­чихдог юм байна. Телевиз
гэхэд л сониноос түрүүлж мэдээлэгдэх хэрнээ тухайн цаг үедээ гараад л өнгөрчих­дөг
учраас сонин шиг дахин унших боломж байхгүй.

Тиймээс цаасан сонины эрэлт байсаар
байгаа бөгөөд үүнийг дагаад нийлүүлэлт ч байсаар  байна. 
Сүүлийн үед сайтууд олноор гарч ирэхэд сонин үгүй болно, орон зай нь хумигдана  гэж ярьцгааж байсан. Гэтэл бодит амьдрал дээр
тэгсэнгүй. Өдөр тутам гардаг “Өдрийн сонин” гэхэд л захиалагч нь олон байгаа нь
үүнийг баталж буй юм. Сонин ямар нэг байдлаар уншигчдын гарт хугацаа­наа­саа хоцорч
очих юм бол манайх­ны утас зогсоо зайгүй хангинадаг. Уншигчид нэгэнт өглөө бүр цай
уухтай адил, өглөө бүр ургах нарнаар сониноо уншаад уламжлал болсны шинж энэ. Тиймээс
“Өдрийн сонин” өглөө бүрийн мандах нарнаар тантай хамт, захиалагчтайгаа хамт олон
оныг үдлээ. Ирэх он жилүүдэд ч илүү олон сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл сур­валж­лагуудаараа
та бүхний оюуны цангааг тайл­саар байх болно. Олон жил шилдэг хэвлэл мэдээллийн
байгуул­ла­гаар тодорч байгаа нь ч сонины эрэлт хэрэгцээ буу­рах нь байтугай нэмэгдэж
байгааг илтгэж байна.  Дэл­хийн хэвлэл мэдээллийн
бай­гуул­лагын томоохон хурал цуглаан дээр ч энэ талаар сүүлийн үед их ярьцгаах
бол­сон байна лээ. Хүмүүс нүдэнд харагдаж гарт баригд­даг зүйлд илүү их итгэл үнэм­шилтэй
ханддаг нь харагдаж байна. Цаасан сонин цаг 
хугацааны шалгуу­рыг нэгэнт давжээ.

Хэвлэл, тэр дундаа сони­ны сонгууль
бол захиал­га байдаг. Хамгийн олон захиа­лагч­тай нь сонгуульд яллаа гэсэн үг.
“Өдрийн сонин”-ы хувьд олон жил уншигчдын олонхийн санал авч тэргүүл­сээр ирсэн.
Сэт­гүүл зүйн боловсон хүчнүүд тэр дундаа хэвлэл мэдээл­лийн олон байгууллагын удирдлагууд
энэ сониноос бэлтгэгдэн гар­сан байдаг. Эндээс харахад “Өдрийн сонин” сэтгүүл зүйн
бүхэл бүтэн том сургууль гэдэг нь эргэлзээгүй. 

Хэвлэл мэдээлэл гэдэг өөрийн гэсэн дүрэм жаягтай, зах зээлийнхээ
жамаар хөг­жиж байгаа. Дүрэм журмаа­раа үнэн, бодит  мэдээллийг хүргэх нь хэвлэлийнхэн бидний үүрэг
билээ.

Categories
редакцийн-нийтлэл

З.Болдбаатар: Зэвсэгт хүчинд эдийн засгийн үр ашигтай, зөв менежмент хэрэгтэй. Үүнийг бид хийх болно

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,
хошууч генерал     З.Болдбаатартай цаг
үеийн зэвсэгт хүчний асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үеийн хамгийн сай­хан мэдээ гэвэл
Афганистанд энхийг сахиулж байгаа орон орны цэргүүдээс монголчууд авхаалж
самбаа, хурд хүч, тэс­вэр тэвчээрээрээ онцгой ялгар­сан бай­на. Бүр олон улсын
цэргүүд “Монголчууд цусандаа дайчин, шантаршгүй хүмүүс юм. Биширч байна” гэсэн
байна лээ. Та сонс­сон биз?

-Тиймээ, энэ талаар сонсож цэрэг
дайчдаараа үнэхээр бахарх­сан. Манай Зэвсэгт хүчний цэргүүд Афганистан Улсад
АНУ-ын тэр­гүүл­сэн “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд цэргийн нэг рот, Кабул
хотын эвслийн цэргийн “Эггерс” баазын аюулгүй байдлыг хангах, НАТО-гийн цэргийн
“Аюул­гүй байдлыг дэмжих” олон улсын хүчний ажиллагаанд нэг рот, “Мазари-е
Шариф” хотод байрлах “Мармал” цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргүүдийг
амжилт­тай гүйцэтгэж байна. Мөн Кабул хотын олон улсын нисэх буудал дахь “Каяа”
баазын нисэх зурвас, нислэ­гийн аюулгүй байдлыг ханга­хаар 1 салаа үүрэг
гүйцэтгэж байна даа. Афганистан Улсад эвслийн цэр­гийн хүчний нийт 8000 цэргийн
алба хаагч байрлаж байгаа юм. “Эггерс” баазын олон улсын цэр­гийн багуудын дунд
хурд хүч, авхаалж самбаа сорьсон тэмцээн болж манай цэрэг дайчид маань
амжилттай оролцож эхний байруу­дыг нь эзэлсэн юм. Энэ нь манай дайчдын маань
сургалт бэлтгэл сайн, сэтгэлзүй тогтвортой байгаа­гийн нэг том үзүүлэлт юм.
Үүнийг бусад улс орны цэргийнхэн өнд­рөөр үнэлсэн байсан.

-Шинэчлэлийн Засгийн газ­рын зүгээс
батлан хамгаалах салбарт нэлээд их өөрчлөлт шинэчлэлийг явуулж байх шиг байна.
Та салбарын Төрийн нарийн бичгийн даргаар 
ирээд багагүй хугацаа өнгөрч. Өөрч­лөлт шинэчлэлт хэр өрнөж байна даа.
Өөрчлөлт шинэчлэл хий­хэд армийнхны хүлээж авах сэтгэл зүй хэр байх юм. Мэдээж
шүүмжлэл дагуулж таарна?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн
хөтөлбөрт батлан хамгаа­лах салбарт шинэчлэлт өөрчлөлт хийх талаар 7 том зорилт
дэвшүүл­сэн байгаа. Бид эдгээрийг хэрэг­жүү­лэх ажлаа салбарын эрх зүйн орчныг
төгөлдөржүүлэхээс эхэл­сэн. Үндсэндээ “Монгол Улсын төрийн батлан хамгаалах
бодло­гын үзэл баримтлал”, Батлан хам­гаа­лах тухай болон Зэвсэгт хүчний тухай
хуулиуд, Иргэний цэргийн үүргийн тухай болон Цэргийн албан хаагчдын эрх зүйн
байдлын тухай хуулиудаа төсөл хэлбэрээр бэлэн болгож, сайдын зөвлөлөөр
хэлэлцээд дараагийн шатны хэлэл­цүүлэгт оруулахаар бэлтгээд байна.

Батлан хамгаалах гадаад хам­тын
ажиллагаанд ахиц дэвшил гарч, цэрэг-техникийн талаар хам­тарч ажилладаг улс
орнуудын тоо нэмэгдэж, БНХАУ, Беларусь, Польш гэсэн улсуудтай батлан хамгаалах
чиглэлээр нэлээд өргөн хүрээтэй ажиллах боломж бүрд­лээ.

Цэргийн алба хаагчдын нийг­мийн
хамгаалалд онцгой анхаарч “Цэргийн орон сууц”, хөдөөгийн анги, салбаруудад
“Албан тушаа­лын орон сууц” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд явж байна.
Цэргийн алба хаагчдын цолны цалинг нэмэгдүүлэх талаар судал­гаа гарган ажиллаж
Засгийн газ­раар хэлэлцүүлэхээр бэлэн болго­чи­хоод байна.

Иргэний байгууллагуудын нийг­­­­мийн
хамгаалал, хөдөлмө­рийн хуулиудад цэргийн анги, байгууллагуудад ажиллаж байгаа
энгийн иргэдийн нийгмийн хамгаа­лал, эрх зүйн байдал нөхөн төлбө­рийн
асуудлуудыг тусгайлан нэмэл­­­тээр тусгахаар санал боловс­­­руулж ажиллалаа.

Одоо бид цэргийн алба хаагч­дын
хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар судалгаа, тооцоо хийн, санал
боловсруулан ажиллаж, ирэх онд шийдвэр­лүүлэ­хээр төлөвлөж байна.

-Монгол Улс зэвсэгт хүчний­хээ
техникийн шинэчлэлд ингэ­хэд хэр анхаарал хандуулдаг юм бол? 

-Зэвсэгт хүчний зэвсэглэл техни­кийг
үе шаттайгаар сэргээн сайж­руу­лах, шинэчлэх талаар урт хуга­цааны 15 жилийн
хөтөлбөр боловс­­­руулж бэлэн болгосон. Удах­­­гүй энэ асуудлыг Үндэсний
аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж шийднэ.

Манай цэргийнхэн өөрчлөлт,
шинэчлэлтийг хүлээж авах сэтгэл­зүй маш сайн, ихэнх хувь нь дэмж­дэг. Харин
зарим нэг шат дамжлага удирдах албан тушаалтан удаан хойрго, байгууллагын амбиц
талаа­­­саа хуучинсаг хандлагатай байна. Харин бидний хийх шинэч­лэ­лийн
бодлогод Ерөнхийлөгчийн санаачлан хийсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний
чуулганы бодлого шийдвэр урам зориг өгч, боломж олголоо.

Бид энэ салбарт батлан хам­гаа­лах
нэгдмэл бодлого явуулах, цэргийн хүчний нэгдсэн удирдлага, үйл ажиллагааны
төлөвлөлтүүдийг бүрдүүлэх, захиргааны нүсэр бүт­цийг халж, цэргийн мэргэжлийн
үндсэн анги салбар, бэлэн байдал руу хандсан тогтолцоог зөв бүрдүү­лэх, эдийн
засгийн үрэлгэн байдлыг таслан зогсоох, улс орны аюулгүй байдлын тулгамдсан
асуудлуудыг нэгдмэл зөв тогтолцоогоор шийд­дэг арга барилд шилжих, байгуул­ла­га
албан тушаалтнуудын амбиц, эрх дархыг улс орны аюулгүй байдлын эрх ашгаар солих
зэрэг олон ажлууд хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтолцоонд
үндэслэсэн зөв менеж­мент хэрэгтэй болжээ гэсэн үг. Үүнийг бид хийх болно.

-Хамгийн гол нь цэргүүд бүтээн
байгуулалтад оролцдог боллоо. Саяхан “Асгат” чиглэлд бетон гүүр, хайрган
хучилттай авто замыг цэрэг дайчид барь­сан байх аа?

-Тиймээ. Засгийн газраас “Мон­гол
цэрэг-бүтээн байгуулалт” хөтөл­бөр батлан гаргаж хэрэг­жүүлж эхлээд байна. Энэ
хөтөлбө­рийн маань үндсэн агуулга, зорилго нь залуучуудыг цэргийн алба хаах
хугацаанд амьдралд нь хэрэгтэй мэргэжилд сургах, ажил хийж сур­гах, стратегийн
бүтээн байгуулал­танд Монголчуудыг оролцуулах, үүгээр дамжуулан зөв хүмүүжил,
төлөвшил олгох явдал юм. Энэ онд “Асгат”-ын чиглэлд бүтээн байгуу­лалт, “Орон
сууц” хөтөлбөрүүдэд оролцлоо. 300 гаруй цэргийн алба хаагчдад алба хаах
хугацаанд нь мэргэжил эзэмшүүллээ. Энэ ажил маань үр дүнгээ өгч эхэлж байна,
ирэх жил улам эрчимжүүлнэ. Энэ нэг жилийн хугацаанд эрх зүйн зохицуулалт хийх
олон талын асуудал байгааг олж харж, сургамж авлаа. Удахгүй бид Ерөнхийлөг­чийн
санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой
өргөн хүрээ­тэй том ажил болно гэж үзэж байна. 

-Манай улс энхийг сахиулах ажиллагаанд
оролцоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар ямар улсуудад хэч­нээн
залуус энхийг сахиулах ажилла­гаанд оролцсон байна. Энэ ажил­ла­гаа цаашид
үргэлж­лэх үү. Одоо бол зөвхөн Судан, Афганистан хоёрт л үүрэг гүй­цэт­гэж
байна уу?

-Манай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид
олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 11 жил болж байна. Нийтдээ 10
мянга орчим цэргийн алба хаагч оролцсон байна. Урьд өмнө нь Сьерра Леон, Бүгд
Найрамдах Ардчилсан Конго, Косово, Чад, Гүрж, Ирак, Баруун Сахар, Афга­нис­тан,
Судан, Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай үүрэг гүйцэтгэ­сэн. Одоо Судан, Өмнөд
Судан, Афганистан, Бүгд Найрам­дах Ардчилсан Конго, Баруун Сахар гэсэн улсуудад
1300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэт­гэж байна. Олон улсын цэргийн
ажиллагаа НҮБ-аас их хамаарал­тай байдаг. Манайхан цаашдаа Өмнөд Суданд үүрэг
гүйцэтгэх асуудал нилээд үргэлжлэх төлөвтэй байна. Монголчууд цэргийн эмнэлэг,
цэр­гийн инженер, цэргийн сургалт, барилга инженерийн чиглэлээр сэргээн босгох
тогтворжуулах ажил­ла­­гаануудад оролцох чиглэл­тэй байна. Гэхдээ энэ нь тухайн
улс орны нөхцөл байдал, аюулын эрсдэл, цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг.

-Миний сонссоноор энхийг сахиулах
ажиллагаанд энгийн албан хаагч гэхээс мэргэшсэн албан хаагчийг явуулах болсон
шүү дээ. Бүр “Элит”-ийн 150, Дарханы 330 дугаар анги гэхчи­лэн гурван ангийн
мэргэшсэн албан хаагчдыг явуулах гэсэн үү. Энэ нь аюулгүй байдал, мэр­гэш­сэн
байдлаа бодвол сайн ч бусад албан хаагчдад жаахан гомдолтой юм биш үү. Армийн
залуус бүгд энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг хүсдэг шүү дээ?

-Таны ярьсан Зэвсэгт хүчний 150, 330
дугаар ангиуд нь мэргэж­лийн мото буудлагын тусгай батальонууд бөгөөд энхийг
дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэл­дэ­хүү­нийг энэ бааз дээр тулгуур­лан
бэлтгэж явуулдаг. Энэ нь заа­вал энэ ангиас явна  гэсэн үг биш юм шүү. 40 хүртэлх насны цэргийн
алба хаагчид энхийг дэмжих ажил­ла­гаанд оролцох нь нээлттэй, бүгд сайн дурын
үндсэн дээр явдаг. Харин эрүүл мэнд, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн
төлөвшил, багаар ажиллах чадвар зэргийг тогтоосон шалгуурууд байдаг. Ер нь
цэргийн болсон хүн бүр энхийг дэмжих ажиллагаанд оролцох, бодит цагийн байдалд
мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах сонир­­хол­той
байдаг. Энэ нь хувь хүний цэргийн мэргэжлийн чадвар дээшлэхээс гадна Зэвсэгт
хүчний бэлэн байдал бэлтгэлжилт давхар байнга дээшилж байна гэсэн үг.

-Харин анги, нэгтгэлийн чадам­­­жийг
сайжруулах, орчин, нөхцөл бололцоо, техник хангам­жаар сайжруулахад хэрхэн
анхаарч байна?

-Өнөөдөр “Тогтвортой төрөөс ухаалаг
төр рүү” гэсэн ажлыг хэрэг­жүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний удирдах
байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг эргэн харж үзэх, Зэвсэгт хүчний анги,
нэгтгэлүү­дийн бүтэц, байлдах чадамж, гүй­цэт­гэх үүрэг, хариуцлагын бүсүү­дийг
дахин авч үзэх, ангиудын орон тоонд байгаа захиргааны болон туслах чанарын орон
тоонуудыг багасгах, гүйцэтгэх үндсэн үүрэг, байлдааны чадамжийг нэмэгдүү­лэх,
зэвсэглэл техникийг нь гүйцэт­гэх үүрэгтэй нь уялдуулан шинэч­лэх, сайжруулах,
зайлшгүй хэрэг­цээ шаардлага бий болоод байна. Зэвсэгт хүчний анги,
байгууллагуу­дын орчин нөхцөл амьдрах болом­жийг сайжруулах зорилгоор “Цэр­гийн
хотхон” төсөл хэрэгжүүлэх болно. Зэвсэгт хүчний ангиудын байршлыг бүсчилсэн
хотхон хэлбэ­рээр тохижуулж, бүсийн сургалтын төвүүдийг байгуулж, тэнд цэргийн­хэн,
онцгойгийнхон, дотоодын цэргийнхэн, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг
үүрэгтэй байгуул­лагуудын сургалт, дадлагыг хийдэг нэгдсэн тогтолцоог бий
болгож төсөв зардал хэмнэх хэрэг­тэй байна.

Анги нэгтгэлүүдийн түргэн байр­лах
чадвар, хөдөлгөөнт чадавхийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодло­го цаашдаа
баримтлах нь зүйтэй юм.

Манайх шиг жижиг орны хувьд тусгай
хүчин, тагнуулын байгуулла­гуудыг бэхжүүлж, мэргэжлийн чад­ва­рыг нь
нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.

-Хоёулаа сэдвээсээ жаахан хазайя.  Та армид байлдагчаас генерал болтлоо дэвшин ажил­ла­жээ.
Та армийнхны дунд амжил­­тад хүрч болдгийн амьд жишээ байх. Өнгөрсөн үеийг  эргээд харахад ажлын төлөөх цаг хугацаа байна
биз. Байлдагч явсан үеэ дурсаач. Цэргийн цолны нэр хүндийн талаар юу гэж бодож
байна?

-Би 1978 оны цэрэг, 028 дугаар ангид
хугацаат цэргийн албаа хааж эхэлсэн. Дараагаар нь 033 дугаар анги, 029 дүгээр
ангид цэргийн алба хааж өнгөрүүлсэн. Байлдагч байхдаа дээд сургуулиас ирсэн
боловсролтой цэрэг байлаа. Тэгээд оросоор бага зэрэг ярьчихдаг болохоор 028
дугаар ангид алба хаалгасан. Тэнд Зөвлөлтийн мэргэ­жилт­нүүд цөөнгүй ажилладаг
бай­лаа. Жил бүр Оросын Чита хот руу явж пуужин­гийн буудлага хийдэг байсантай
холбоотой байсан байхаа.

Байлдагч байхдаа салааны орлогч, дэд
түрүүч, ахлах түрүүч гэсэн цолтой байсан. Цэргийн цол бол нэр хүнд, хариуцлага,
турш­лага, дадлага чадварыг илэрхийл­сэн том шалгуур үзүүлэлт юм шүү дээ.
Цэргийн дунд офицерийн цолны хувьд дараагийн цолоо автал 3 жил, ахлах офицерийн
хувьд 4 жил байдаг нь одоогийн­хоор бол кол­леж, их дээд сургууль дүүргэх
хугацаатай дүйж байгаа юм. Хүн их, дээд сургуульд сурал­цах­даа ямар их зүйл
мэдэж, дадла­га чадвар олж авдаг билээ түүнтэй яг адил юм. Ийм учраас бид цэр­гийн
цолондоо хүндэтгэлтэй хан­даж түүнийгээ ний­гэмд бүхий л талаараа зөвөөр
илэрхийлж, ман­лайлж байх ёстой гэж үздэг.

Цэргийнхэн та бүхэндээ ирж буй шинэ
оны мэнд дэвшүүлж, аз жар­гал, сайн сайхныг хүсэн ерөөе. Дэлхийд Монголчууд,
Монгол үндэст­нийг цэргийнхэн л гаргаж таниулсан. Би үргэлж та бүхнээрээ
бахархдаг юм шүү цэрэг дайчид минь!

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Газрын холоос цайвалзах миний нутгийн бараа юу даа…

Хүү нь
бололтой хорь гаруй насны хар хүү “Тийм ээ. Хунан­байгийнх мөн” гээд байшин
руугаа дагуулж орлоо. Гэрийн эзэгтэй цай аягалж, хормын төдийд л ширээгээ
ааруул, чихэр, боорцгоор дүүргэж дайллаа. Аягатай цайндаа нэг ааруул хийчихээд
сууж байтал гэ­рийн эзэн орж ирлээ. Өвөлжөө тавлаг сайхан, мал хуй өнтэй сайн
өвөлжиж байгаа тухай ярина. Ө.Хунанбай сумынхаа АН-ын дарга бөгөөд Буян­тад
намаа 12 жилийн турш ялуулсан нэгэн гэнэ. 1975 онд тавдугаар ангид байхад гэр
нь энд шилжиж иржээ. “Манайхыг энд ирэхэд нэг хашаанд хэдэн гэрүүд л байсан.
Казах айлууд ирж байшин барьж суусан юм. Мон­гол­чууд тэр хүртэл байшин барьж
мэддэггүй байсан юм шүү. Ингээд сумын айлууд жижиг ч гэсэн өөрсдөдөө тохирсон
байшинд амьд­рах болсон” хэмээлээ.

Казахууд
архи уухыг их цээрлэнэ. Ялангуяа ахмад настай, өөрөөсөө ах, эгчмэд хүний дэргэд
сархад хүртэнэ гэдэг дээд зэргийн буруу зүйл. Ө.Хунанбай “Архи уухгүй сайхан
амьдардгийг манай казахууд харуулж байна. Гэтэл монголчууд аав, ээж, нөхөр, бэр
нь гээд бүгд хамтдаа архи ууж найрладаг. Манай ёсонд тийм зүйл ерөөсөө
байдаггүй. Монголчуудын архи уудаг бас нэг шалтаг бол эрийн гурван наадмын нэг
төрөл болох сур харваа юм. Ер нь монголчуудад найрлах олон баяр байна” гэж
монголчуудын архи ууж байгааг шүүмжиллээ. Гэхдээ каза­хууд огт архи уудаггүй
гэж хэлж болохгүйг тэрээр хэлээд “Харин найз нөхдөөрөө сайхан наргиж, цэнгэх үе
байлгүй яахав” гэсэн юм. Тэрээр “Үнэндээ манай сумын хэдэн цагаан байшингийн
паарыг хөлдөөчихгүй галлаж, дулаан байлгадаг хүмүүс бол хэдэн казах залуучууд
шүү. Монгол залуус бол архидаад маргааш нь ажилдаа ирэхгүй”  гээд амьдрал бол тэмцэл байх ёстой гэв.

Казахууд
ажилсаг. Өдөр шөнөгүй ажилладаг. Харин монголчууд хэтэр­хий тайван амьдардаг
гэж үздэг гэнэ. Ө.Хунанбай казахууд монголчуудын хувьд саяхан хаяа залгасан
хөрш биш Чингэс хааны үед байсан хөр­шүүд хэмээлээ. Монголчууд казах гэхийг
босоо бичгээрээ бичихдээ з, с үсгийг нь андуурч, буруу бичсэнээс хасаг гэдэг үг
гарсан. Биднийг хасаг биш казах гэдэг хэмээн тайлбарлав. Шашин нь өөр ч бусад
зүйл нь монголчуудтай адил. Яагаад гэвэл монгол, хасаг хоёр нэг гаралтай.
Тарваган тахал гараад л тарц­гаачихсан гэх түүх ярина. Буянт сум Баян-Өлгий
аймгийн бусад сумтай харьцуулбал монгол, хасаг хоёр хоорондоо ажлын байр, шашнаасаа
болж сүрхий “тэмцэлд­дэг” гэдэг. Үүнийг Ө.Хунанбай ня­цааж, ухамсар муутай
хүмүүс л хоорондоо зо­долддог. Манай су­манд тийм зүйл болдоггүй. Харин Алтай
сумын Улаан хаданд л тиймэр­хүү зүйл гардаг гэсэн гээд тус сумын талаар
өөрийнхөө бодлыг хуваалц­лаа.

Казахстан
руу хасгууд бөөнөө­рөө нүүсэн 1990-ээд оны эхэн үед тэнд хоёр, гурван настай
очсон хүүхдүүдийн ихэнх нь одоо эрийн цээнд хүрч салбар салбарт хүчээ үзсэн
лидерүүд болсон гэнэ. Казахс­танд очсон казахууд “Хятадын, Оросын, Монголынх”
гээд тус тусдаа гудамж, хороололд амьдардаг аж.

Хасгууд
ерээд онд Монголоос нүүхдээ “Одоо энэ бидэнд хэрэггүй” гээд Монгол Улсын
сүлдтэй мөнгөн дэвсгэртийг хилийн зурвас дээр урж байсан түүх байдаг аж. Гэтэл
тэгж явчихаад буцаад ирэхэд нь Монгол орон хүлээгээд л авсан билээ. Ө.Хунанбай
“Дэлхий даяарчлагдаж байна. Хаана амьдрал байна. Тэнд очдог жамын дагуу
казахууд ийн нүүдэл хийсэн”  гээд “Төрсөн
нутаг, дассан газраасаа манай казахууд дахиад нүүхгүй ээ. Тэглээ ч энэ газарт,
аав, ээж, өвөг эцгийн минь шарил байгаа” гэлээ.

Ө.Хунанбай
парламентын за­саг­лалыг эсэргүүцдэг аж. Учир нь дөрвөн давхар байшин бариад
нэг давхрыг нь дуусгаж байтал сонгууль болоод өнөө барилгын ажил нь зогсоно.
Тэгээд өөр нам гарч ирээд барилгын ажлыг дахин үргэлжлүүлэх ч урьдын адил
дөнгөж дахиад нэг давхрыг нь барьж байтал сонгууль эхэлчихнэ. Ингээд ганц
байшин барих гэж олон намын нүүр үздэг жишээг яриад “Монгол Улс Казахстан шиг
Ерөн­хийлөгчийн засаглалтай болмоор юм” гэв. Тэгэх­гүй бол парламентад янз
янзын хүн орж ирээд байна гэх.

Гэрийн эзэнтэй
ийн хөөрөлдөж суутал түрүүнээс хойш нөхрийнхөө хажууд сууж, яриаг нь чагнаж
байсан эзэгтэй “Босго тотго” гэж нэг кино МҮОНТ-ээр гарлаа. Тэр кинонд
казахуудын түүхийг мушгиж, буруу гаргасан. Үүнээс болж хотод сурч байсан хүүхэд
маань ирэхдээ их л эвгүйцсэн байна лээ. Түүх гуйвуулс­наас болж хүүхэд залуус
хоорондоо эвдрэлцвэл яана хэмээн их л чан­гахан дуугаар бухимдаж байгаагаа
илэрхийлэв.

-Та нарт
үндэсний цөөнх гээд ихээхэн анхаарал хандуулдаг. Гэтэл та бүхэн энэ давуу
байдлаа ашиг­лаад нутгийн уугуул иргэдийг хавчих болсон юм уу. Үүнийг та юу гэж
бодож байна вэ хэмээн Ө.Хунанбайгаас асуувал,

-Баян-Өлгий
аймгийн хүчний байгууллагуудын дарга нарыг мон­гол болголоо. Казахуудын дотор
тэр зэргийн дарга хийчих толгойтой хүмүүс бий. Монгол Улс биднийг хөөгөөд “Та
нар яв” гээд байх шиг санагдах  боллоо.
Ерөнхийлөгчид гомдолтой байна гэх аж. Хэнээр дарга тавихаа нэгэнт төр гэж
байгаа юм хойно төр нь л мэдэх хэрэг гэж хичнээн хэлээд ойлгох янз алга.

Ингээд
тэднийхээс гарлаа. Жо­лооч маань араас орж ирж “Нарны голтойд эртхэн газар
дөхье” гэж хэлээгүй бол гэр бүлийн хоёрын гомдол тээсэн яриа хөөрөөнөөс нь
бултаж чадахгүй л байлаа.

УАЗ 469
машины маань яндан­гийн жийрэг тасраад жолооч тэрийг нь засаад хэсэг саатлаа.
Нар уулын цаахнуур бөхийх үеэр Буянт сумаас гарав. Сайран дундуур, хавцлын
замаар явсаар гэгээ тасрах үест Алтай суманд ирсэн юм.  Хааяа нэг нохой хуцахаас өөр чимээгүй. Харан­хуйн
дунд айлуудын цонхны гэрэл ёлтойно. Харин сумын клуб хөл хөдөлгөөнтэй. Гадна нь
баахан 69 машин байна. Ардчилсан холбооны баярын хурал, бүжиг болж байгаа
сурагтай. Сумынхан бүгд клубтээ цугласан учир гудамжинд ганц ч хүн
харагдсангүй. Хурал есөн цаг дөхүү­лээд тарлаа. Залуучууд нь үлдээд бүжиглэхээр
болж. Хөгшид нас­тайчуул нь гэр гэрийн зүг ач зээгээ дагуулаад тарцгаана.

Шинийн
сарны туяа хаана ч хүрэхгүй. Тэрүүхэн тэндээ сүүмийнэ. Гудмуудаар гар чийдэн,
гар утасны гэрэл тусгасан хүмүүс сугадалцаж, гангар гунгар ярилцсаар явцгаана.

Эндхийн
уугуул монгол иргэн, нэгдлийн даргаар ажиллаж байсан өндөр настныд хүрч очлоо.
Үр хүүхдүүд, ач зээ нар нь замчилж, нохойг нь хорьж, гар чийдэн тус­гасаар
өвөөгийнх рүүгээ оруулав. Мэнд усаа мэдэлцэж, ойр зуурын сонин хачин ярилцаж
хэсэг суулаа.

Түүний яриа
мөн л монгол, хасаг хоёр  ястаны
хоорондох зарим үл ойлголцлын сэдэв рүү орчихлоо. “Хүүхдүүдэд ажил олдоход маш
хэцүү. Хоёр даргын ядаж нэг нь монгол хүн баймаар байгаа юм. Тэгэхгүй бол
монгол хүүхдүүд сур­гууль төгсч ирээд нутагтаа үлдэж, голомтоо сахих ямар ч
нөхцөл алга. Ажил хүлээж, хайж хоёр гурван жил гэртээ суусаар сүүлдээ залхаад
төв барааддаг” гэлээ. Тэрээр газар усны нэрийг казахаар өөрчилж байгаад
эмзэглэдэг гэнэ. “Ю.Цэдэнбал дарга 
Баян-Өлгийд уул, газар, усны нэрийг өөрчлөхгүй, монголоор нь дуудаж,
бичих албан даалгаврыг тухайн үед гаргаж байсан. Тэр даалгаврыг дахин энэ үед
сэргээмээр байгаа юм” хэмээн саналаа хуваалцлаа. Алтай, Буянт гэлтгүй бүх
сумдын нутгийн уул усны нэр хасаг болжээ. Ийм үед монголчуудыг нэгдүүлж, монгол
газраа уугуул нэрээр нь үлдээхэд Бурхны шашны сүм хийдтэй болох нь хамгийн зөв
арга гэж үздэг аж.

Настай
хүмүүс үхэхдээ хонх дамрын дуу сонсоод одохсон хэ­мээцгээнэ. Нэг айлаас хөдөлж,
нөгөө айлд орсоор цаг 22 цаг болчихов. Баян-Өлгий аймагт асуудал шийдэх гэж
ирсэн албан хүмүүсийг хасгууд угтаж аваад хэд хоног сайхан дайлж цайлаад,
онгоцонд суулгахдаа ба­руун гарт нь каз, зүүн гарт нь цүнхийг нь бариулаад,
толгой дээр нь тоорцог тавиад явуулчихдаг. Ийм хүндлэлийг мэдэрсэн өнөө албаны
хүн үнэн төрхийг бодитоор нь харж чадалгүй өнгөрчихдөг гэнэ. Хэрвээ асуудлыг
шийдэхээр хотоос ирж байгаа эрх­мүүд эхлээд уугуул монголчуудтайгаа уулзаад юу
болж байгааг асууж байхыг хүсч байлаа. 
Наадам. Ямар гоё наадам бол­дог билээ. Тавдугаар сарын сүүлээс л наадмын
яриа хөөрөө эхэлж, зургадугаар сар гарангуут бөхчүүд галд гарч, Төв
цэнгэлдэхийн зүлэг ногоог усалж, сандал хайсыг нь будаж янзлаад бүгд л том
жижиггүй наадамдаа бэлтгэдэг. Сэтгэл цаанаа л нэг баясалтай болж, наадмаар яаж
наадахаа ярьж, төлөвлөөд л. Шинэ­хэн дээл зэхэж эхэлнэ.

Харин
Баян-Өлгийд ийм наадам болдог үе хэдийнэ ард хоцорсон гэнэ. Буянт, Алтай, Өлгийн
монголчууд “Монгол наадам үзэхсэн. Монгол­чууд­тайгаа хамт сайхан наадахсан”
гэцгээнэ. Монголдоо байж монгол хүн ингэж ярина гэдэг нүгэл байгаа даа хэмээн
гайхвал “Нээрэн гэм” гээд чухам яаж нааддагаа ам уралдан өгүүлнэ. Наадмын нээлт
эхэлснийг мэдэгдье гэж монголоор ганц өгүүл­бэр уншчихаад л хасгаар баахан
мэндчилгээ дэвшүүлнэ. Ингээд бө­хийн барилдаан эхэлнэ. Монгол бөх давбал
монголчууд уухайлна. Хасаг бөх давбал хасгууд баярлаж, шуугил­дана. Хэрвээ
үзүүр түрүүнд монгол, хасаг хоёр бөх үлдвэл наадмын төгсгөл хэцүүднэ. Монгол
бөх дава­хаар цөөхөн хэдэн монголчууд нь биесээ тэвэрч, нүдэндээ нулимстай
баярлана. Энэ үед хасгууд наадмын талбайг хаяад явчихна. Заримдаа чулуу,
ундааны сав хүртэл шидэх нь бий. Ингээд хаалтын ёслолгүй шахуу наадам болж
хувирна. Ерөнхийдөө ийм хагас, тал, оромдсон төдий наадацгаадаг учир эндхийн
монгол­чууд “Монгол наадам үзэхсэн” гэж бие биедээ ярьцгаадаг аж.

Монголчууд
хасаг, казах гэж хоёр янзаар ярьж бичдэг. Угтаа манай билгүүн номч, эрдэмтэд,
хэл судлаач­дын алдартай толь бичгүүдэд хасаг гэж тусгажээ. Казах гэдэг нь
Казахс­тан улсын нэрнээс үүдэлтэй, социа­лизмын үед гарч ирсэн нэршил юм байна.
Хасаг гэж бичих нь зөв сонголт гэдгийг Алтай сумын өндөр настнууд, тухайн үед
төр засагтаа өндөр алба хашиж явсан хүмүүс зөвлөсөн юм.

1860-аад
оны үед ах дүү хоёр хасгаар ахлуулсан зуун өрх анх манай нутагт хөл тавьж
байжээ. Хасгууд манай улсад дагаар оръё гэхэд нь манай ноёд шийдэж өгөхгүй
баахан цаг хожсон гэнэ. Ингээд хасгууд олон жилийн дараа Богд эзэнд хүсэлт
гаргасан байдаг тухай тэмдэглэлийн эхэнд өгүүлсэн билээ.

Алтайн
урианхайчууд МЭӨ 384 оны үед Алтайн ар, өвөрт нутаглаж байсан түүх буй.
Ингэхээр Баян-Өл­гийн уугуул иргэд гэдэг нь маргашгүй үнэн. Алтай суманд
монгол, хасаг хүүхэд залуус гар зөрүүлж, зодолддог үзэгдэл мэр сэр гардаг аж.
Үндэсний цөөнх гээд хасгуудыг хэтэрхий харж үзэж байгаа нь тэдний ухамсар дорой
зарим хүмүүсийг элдэв ааш зан гаргах 
үндэс нь болж байгааг залуус хэлж байв. Монгол Хасаг адилхан Монгол
Улсын иргэд , хасаг гээд хэн ч гадуурхаагүй  
байхад хэтэрхий гэмээр нялуун бодлого хүмүүсийн занг эвдээд байна гэж
хэлж байгаа нь үнэний ортой болол­той. Уугуул урианхайчуудаас гадна тува,
дөрвөд, халхууд Баян-Өлгий аймагт бий. Эдгээр иргэдийн эрх ашгийг ер авч
хэлэлцдэггүйд гомдол­той байдаг аж. Төрийн шагнал, одон медальд Монгол хүн
Баян-Өлгий аймгаас төдийлөн тодорхойлогд­доггүй гэнэ. Хасгууд хоорондоо “Монгол­чуудын
нутаг нь уужим, өөрсдөө хонь шиг номхон, тайван” гэж ярьдаг аж.  Тийм ээ, ийм сайхан тайван ард  түмэн энэ дэлхий дээр ховор байдаг. Үүнийг ч
хасаг хүмүүс үнэлдэг болоод эргэж буцаад нүүж ирээд байгаа хэрэг. Алтай сумын
зарим залуус, залуу гэр бүлийнхэн­тэй ийн уулзаад өвөлжөө, нутаг ус ярилцаж
суутал цаг ойртчихлоо. Эндээ хоноглоод өглөө эрт аймгийн төв оръё гэвэл жолооч
“Өглөө машин тэрэг асахгүй бөөн юм болно. Дулаан гараашид хонодог машин муу зан
сурчихсан байдаг юм. Өглөөний жаварт хүйтэн төмөртэй ноцолдоно гэдэг баахан
яршиг. Гараад шид­чихье” гэлээ. Ингээд унаандаа суулаа.

Жолооч “Мэлмэрүүлэн
чиг уйлаад яахав

Мэнд
амар суувал уулзана шүү дээ хө…”
гээд исгэрэх, дуулах хос­луулан жолоогоо зална. Хээрийн зам хэдий муруй ч
туулаад гарахаар шулуун болчихно. Шөнийн тэнгэр цэлмэг, хамба хилэн мэт гүн хар
огторгуйд одод шигтгээ адил анивал­зан мишилзэнэ. Долоон бурхан од энүүхэн
хаяанд ирчихсэн мэт.

Жолооч “…Өндөр тэнгэрийг мөрлөсөн

Үүлэн
цэнхэр уулс байна аа хө

Үргэлж
наддаа зүүдлэгдсэн

Миний
нутгийн бараа юу даа хө…”
хэмээн дуулна. Түүнийг дагаж дууллаа. Дуугаа хичнээн өндөрс­гөсөн ч уул өөд
мацаж байгаа маши­ны моторын дуунаас илүү гарч чадсангүй. Машин өгссөөр. Жолоо­чоос
“Зам тонгойх нь уу” гэж асуувал “Газрын холоос цайвалзсан, Ганган цагаан хот
байна аа хө” гэснээ “Тонгойно оо, мөдхөн” хэмээн дууны аянд тааруулан
уянгалуулан хэлэв.

Машины
гэрэлд туулай орж ирчихээд гарч чадалгүй хий дэмий дагаж,  давхиснаа бөлтөсхийгээд дэрс дундуур далд
орно. Зарим нь машины урд гүйснээ хариугүй дайруулахын наана бултаж амжина.

Жолооч
ардын дуунуудын хэс­гээс исгэрэн энхэл донхлыг сурамгай гэгчийн гаргана. Машины
цонх цан­таж эхэллээ. Жолоочийн өгсөн тоос­ны цагаан алчуураар шилийг нь
хичнээн сайн арчсан ч төд удалгүй буцаад л цайрчихна.

“За байз оо
хө. Энэ хавиар л хар зам руугаа орно доо” гэж жолооч ийш тийш зам хараачилна.
Хар замын өндөр даланд тулж ирээд буцна. Шил битүү цантаж, жолооч жижиг зайгаар
урд замаа олж харна. Хар замтай нийллээ. Өлгийн төв рүү дөхөхийн хэрээр цонхны
цан арилна.

Өглөөгүүр Өлгийн төвөөр баахан алхлаа. Цамбагарав хайрхны нэрээр нэрлэгдсэн
супер маркет, хүнсний дэлгүүр, зочид буудал байна. Бүгд нэг эзэнтэй. Эзэн нь
мундаг ажилсаг, монгол залуу бий. Их хөдөлмөрч. Өлгийн төвд эднийхээс гадна
тува эзэнтэй үйлчилгээний газрууд ч хэд хэд байдаг гэж хүмүүс ярина. Цам­багарав
гэснээс уг хайрхан оршдог Алтанцөгц суманд өнтэй өвөл болж байгаа гэнэ. Тэр
сумынхан нутаг устайгаа хэтэрхий ширүүн дориун, өөриймсөг бус харьцаж, олон
зууны турш хөндөгдөөгүй ариун дагшин газруудын доорх баялгийг нь авч, булаг
шандыг нь олноор ширгээж байгаа тухай ярив. Гадныхантай нийлж Тэхтэд тэсэлгээ
хийж, ойр хавийн байгалийг сүйтгэж байгаад анхаарал хандуулж байгаа ганц дарга
байхгүй байгаа аж.

Нутаг усны нэр бүхэлдээ хасаг болжээ. Хос Улиас гэдэг газрыг Кос Терк гэж
нэрлэчихсэн бол Улаан харганыг Ризил Хараган, Өлөнтийн хөтлийг Өлөөн Моенак гэх
зэргээр нэрлэдэг болоод удаж байгаа аж. Энэ мэт маш олон нэрийг хасаг
болгочихож. Гэтэл миний унаж төр­сөн бууц, хүй минь цөглөсөн Цагаан түнгийг
Акшй гэж нэрлэчихсэнийг дуулаад дуу алдлаа. Юу гэнэ ээ гээд хэдэн удаа асууснаа
одоо санахгүй байна. Дуунд хүртэл мөнхөрсөн сайхан нутаг шүү дээ. Хадлангийн
асар их нөөцтэй, айлууд тарган тавтай намарждаг өгөөмөр баян хангайн нэрийг
өөрчилчихсөнд ит­гэсэнгүй. Арай ч дээ гэж хэлэхээс өөр үг тухайн үед амнаасаа
унагаж чадсангүй. Уг нь би Монгол нутагтаа унасан. Гэтэл одоо Акшй гэх газарт
төрсөн хүн болж таарч байна уу даа.

Зоогийн газруудынх нь цэсэнд урьд нь сонсоогүй хоолны нэр байна. Казахстанд
амьдарч байгаад ирсэн хасгууд тэнд хийж, идэж сурсан хоолоо манай нийтийн хоолны
салбарт оруулж ирсэн нь энэ. Казах маягаар чанасан мах, жигнэсэн гурил,
тугалган цаасанд болгосон төмс бүхий. Зоогийн газрын тогооч нарын яриагаар
саяхныг болтол монголчууд барагтай бол рестора­наар үйлчлүүлдэггүй байж. Харин
хүчний байгууллагуудын дарга нар монгол болсноос хойш монгол­чуудын дотоод уур
амьсгал илтэд сэргэж, хоёр, гурваараа орж ирж хоол унд идэх нь элбэгшсэн аж.

Ресторанд орос, казах маягийн хоол захиалаад суух зуураа зарим монголчуудтай
ярилцлаа. Эндхийн хүн амын хэд нь хасаг вэ. Боловс­ролын газарт нь ганц ч
монгол хүн ажилладаггүй болохоор Баян-Өлгий аймаг боловсролын түвшингээр дандаа
21 дүгээр байрт ордог гэсэн. Үнэн үү. Төрийн байгууллагуудын шуурхай, хурал
зөвлөгөөн гээд бүх ажил нь хасаг хэлээр явдаг гэсэн. Тийм үү гээд асуухаар
монголчууд маань хулбаганаад ширээнд наал­дахын наагуур бөхийгөөд “Цаана
чинь манай ажлын казах эмэгтэйн охин байна. Сүрхий хараад байна” гэнэ.
Эргээд хартал хоёр хүүхэн цоо ширтэж байв. Тэнд суусан хасгууд бүгд миний
ярихыг түрүүнээс хойш чагнаж байж. Бүгд халбага, сэрээгээ ширээн дээрээ тавиад,
гараа урдаа аваад бидний зүг рүү толгойгоо гэлжийлгэчихсэн байв. Ресторанд
“Хар хархан харц” дуу намуухан эшиглэнэ. Хоолоо идчихээд гара­хаар
хаалга руу дөхлөө. Эргэж хар­вал өнөө хүмүүс дагаж харна. Хаа­наас хэн ирчихээд
юу яриад байна вэ гэсэн сэжиглэсэн харцаар ширтэж байгаа нь хэнд ч илт. Яагаад
энэ хүмүүс ийм их эмзэг догшин байна вэ. Шүүмжлэх, шүүмжлүүлэх нь хаана ч
байдаг зүйл. Тэгтэл энэ аймгийнхан өөрсдийнх нь тухай бичихээр каза­хуу­дыг
доромжиллоо гээд л орилол­доод унах юм. Юунаас тэгтлээ айгаад, юунд тэгтлээ
цочоод эмзэг­лээд байна вэ? Бас юуг тэгтлээ нуугаад байна вэ гэсэн бодол төрж
байгааг хэлмээр байна.

Гарахдаа зөөгч болон тогооч нарт “Баярлалаа” хэмээн хэнд ч дуулдахаар
талархал илэрхийлэв. Тэндээс гараад зах орлоо. Махны захаар нь явлаа. Адууны
давсалсан мах бол эндхийн брэнд. Адууны махыг давслаад гэдсэнд нь чихээд
хатаасан махыг монголчууд андах­гүй. Каз бүхлээрээ 25 мянган төгрөгийн үнэ­тэй
байна. Худалдагч авгай нар нэгнээсээ өрсч ирээд л “Минийхийг ав. Гоё
амттай. Нэлийсэн их өөхгүй. Хар даа. Гаднаас нь харагдаж бай­гаа биз дээ”
гэнэ.

Бөөний худалдааны гудамж байна. Нэг дэлгүүрт нь орлоо. Улаан­баатарт ч төдийлөн
харагдаад бай­даггүй Оросын том том чихрүүд байна. Өрмөнцөртэй, шоколадтай, цэлцгэнүүртэй,
хан боргоцойтой гээд зүсэн зүйлийн чихэр. Баян-Өлгийд Турк, Казахстанаас
хүнсний бүтээг­дэхүүн их ирдэг гэнэ. Турк шоколад, чихэр элбэг санж. Орсон айл
бүхний тавагт өнгө өнгийн цаастай чихрүүд алаглана.

Сар гаруйхны дараа цагаан сараа тэмдэглэнэ. Эндхийн уриан­хайчууд “Дээр
үеийнх шиг тэгж баяр­лахаа больсон. Хэдхэн айлуудаар ороод л боллоо. Өмнө нь
яасан сайхан байсан юм бэ. Ах дүүсийн­хээрээ гурван өдөр яваад ч дуус­гадаггүй
байлаа. Дуу хууртай, наа­дам наргиатай уйлбал уйлаад, дуул­бал дуулаад сэтгэлээ
онгойлгочихдог байж. Одоо хэнд ч юугаа ярих вэ. Ажил гэрийн хооронд л явна. Өөр
явах маршрут, ярих хүн байхгүй” гэцгээж өнгөрсөн амьдралаа хүүр­нэнэ.
Гэхдээ яах вэ байгаа хэдэн монголчууд маань чадлынхаа хэрээр шинэ оноо угтана.
Ширээгээ идээ шүүсээр дүүргэж, сав суулгаа цагаан идээгээр бялхааж, эрчүүл нь
шинийн нэгний өглөө балиндаа гарна. (Уриан­­хай эрчүүд шинийн нэгний өглөө нар
мандахаас өмнө ойрол­цоох шүтлэгтэй хайрхны овоон дээрээ сан тавьж, гал тахих
ёслол үйлдэн, тэнгэр хангайдаа мөргөдөг. Үүнийг балинд гарна хэмээдэг бо­лой.) 

Хотлоороо, гудамжаараа нийлж цагаан сарын буузаа чимхэх гэж шөнө дунд хүргэдэг,
халуун дулаан уур амьсгалтай тэр мөчөө дурсан ярьцгааж “Тэгэхэд мөн ч гоё
байж дээ, тийм үү” хэмээн шүүрс алдана.

Цагаан сар нь нэг иймэрхүү өнгө төрхтэй даруухан болж өнгөрөх бол хасгуудын
Наурызын баяр сүртэй гэж жигтэйхэн болно. Хотоос Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд,
хэвлэл мэдээллийнхэн ирээд “Казахын ард түмэн минь сайхан баярлаарай”
гээд өгсөн хоол ундаар нь цадтал дай­луулж, тоорцог малгайг нь өмсч, бүргэдтэй
нь зургаа авахуулж хөөр­цөглөөд ингээд л буцаад онгоцондоо гар далласаар
суугаад нисчихнэ. Гэтэл тэр олон хүний дунд гуниг­тайхан харцаар ширтэж,
зүрхэндээ горьдлого тээн зогсч байгаа монгол­чууд байгааг хэн ч анзаарахгүй.
Үүнд л эндхийн монголчууд голдоо ортол гомддогоо дахин дахин хэлнэ. Бид
шоовдорлогдсон хүмүүс гэж өөрс­дийгөө хатуу гэмээр нэрлэхээр хэтэр­хий гутранги
бодолтой юм уу гэж бодогдохоор.

Товлосон цагтаа аймгийн захир­гаан дээр очиж, Засаг дарга Х.Дар­мен руу утас
цохилоо. Ирснээ дуул­гав. Туслах нь бололтой залуу эел­дэгхнээр мэндчилнэ.
Засаг даргын өрөөнд орлоо. Тэгтэл миний дараа­хан охиноо дагуулсан тавь гаруй
насны нэг эмэгтэй орж ирэв. Засаг даргатай төрөлх хэлээрээ ярьцгаана. Юу гэж
ярьж байгааг нь ерөнхийд нь гадарлаж байв. Казахстанд амьдарч байгаад Монголд
иржээ. Дагуулж яваа охин нь хорь гаруй насных. Ажилд оруулах санаатай. Ажилд
оруулахаар хөөцөлдөж байгаа бай­гууллагад нь 55 нас хүрсэн, тэтгэвэрт гарах цаг
нь болчихсон хүмүүс байна. Тэднийг гаргаад охиныг минь ажилд оруулж болох уу
гэнэ. Хариуд нь Засаг дарга тийм зүйл байж болохгүй. Хууль ч байхгүй. Хэрвээ
тэр хүмүүс хүсэлт гаргавал жар хүртлээ ажлаа хийх боломжтой. Танай охиныг
анхааралдаа авъя. Ажлын байр гарвал холбоо барья гэлээ.

Тэднийг гарсны дараа Х.Дар­мен даргатай ярилцлаа.

-Аймгийн хэмжээнд өвөл­жилтийн байдал ямархуу байна вэ?

-Тал газарт орсон цас арилсан. Уулаараа цастай байгаа. Цаг агаа­рын урьдчилсан
мэдээгээр өмнөх жилээс ахиу цас орох төлөвтэй. Өнгөрсөн өвөл уулархаг нутгаар
зутрах шинжтэй хавартайгаа зол­госон. Энэ жил ч тийм байдал давтагдах
магадлалтай байгаа ч өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангаг­даж, нөөц, дотоод
бололцоогоо ашиглан өвс тэжээлээ бэлтгээд байна.

-Баян-Өлгий аймагт үйлд­вэр­лэл хөгжиж байгаа зүйл төдийлөн харагдсангүй.
Талхны хэдэн цех л байхыг харлаа?

-Орлогоо нэмэгдүүлэх, ажилгүйд­лийг багасгах олон ажил хийхээр төлөвлөөд
байгаа. Танд л тэгж харагдаж байгаа болохоос биш манайд жижиг дунд үйлдвэрүүд
хөгжиж байгаа. Ялангуяа барилгын материалын үйлдвэрүүд ашиглалтад орсон.
Сэндвичэн хавтан, цонх, тоосгоны үйлдвэрүүд үйл ажил­лагаагаа явуулж байна.
Тоосгоны найман үйлдвэр аймгийн төвийнхөө хэмжээний хэрэгцээг бүрэн хангаж
ажиллаж байна. Уул уурхайн салбарт ч ахиц гарч ирэх онд хэд хэдэн томоохон
ажлууд эхлүүлэхээр бо­лоод байгаа.

-Аймгийн хэмжээнд ажилгүйд­лийн тоо их байгаа гэсэн үү?

-8000 гаруй хүн ажилгүй. Түүнээс ажил идэвхтэй хайж байгаа 2000 гаруй хүн бий.
Энэ жил тэдний 900 орчим нь түр болон бүр ажлын байртай болоод байна.

-Баян-Өлгий аймаг улсаас маш их татаас, халамж авдаг гэдэг. Иргэд нь
халамжид орох сонир­холтой байдаг гэсэн. Үнэн үү?

-Халамж амьдралын эх үүсвэр нь болсон гэж үзэх нь харьцангуй ойлголт. Сургууль
соёл төгсөөд ирж байгаа хүүхдүүд нутагтаа төвлөрөх бодолтой байдгийн зэрэгцээ
ийш тийш, өөр аймагт ажиллах нөхцөл нь бага. Сургуулиа төгсөөд аль болох л
нутагтаа ирж ажиллах эрмэлзэлтэй байдаг. Үүнээс болж ажилгүйчүүдийн тоог
ихэсгэж харагдуулаад байгаа юм. Жишээ нь, өнөө жил давхардсан тоогоор багш
мэргэжилтэй 700-гаад, хууль, эрхзүйч мэргэжилтэй 350, нябо, эдийн засагч
мэргэжилтэй 350 хүүхэд ажилгүй гэж бүртгэгдээд байна. Сургуулиа төгсөнгүүтээ
бусад аймагт ажиллахгүй, нутагтаа ирж ажиллах хүсэлтэй байдгаас ажил­гүйдлийн
тоо нэмэгддэг.

-Нутагтаа буцаж ирээд байгаа хүүхдүүдийн ихэнх нь казах. Уг нь тэд Монгол
Улсын иргэн учир хаана ч, аль ч аймагт очиж ажил­лаж болно. Тэднийг тухайн газ­руудад
орон сууцтай болгож, нийг­мийн асуудлыг шийдээд өгвөл ажиллах нь тодорхой болов
уу. Иймэрхүү байдлаар энэ асуудлыг шийдэх боломж бий юу?

-Казах хүүхэд болохоороо бусад газарт очихгүй байгаа юм биш. Бусад аймагт, орон
нутагт иймэрхүү ажил­гүйдэл байгаа. Казах хүүхэд газар мэдэхгүй байгаа даа ч
биш. Хуучин илгээлтийн эзнээр үйлдвэрүүдэд ажиллуулж, орон нутагт суурьшуулж
асуудлыг шийддэг байсан. Гэтэл зах зээл болоод энэ ажил зогссон боло­хоор
хүүхдүүд ингээд нутагтаа төв­лөрөөд байгаа юм.
Оюу толгойд ч юм уу, БНСУ-д ажиллах хүчээр гаргах асуудлыг ярьж байгаа ч цөөн
тооны хүн л ажилтай болж байна. Үүнийг шийдэх нэг арга нь орон нутаг, бүсийн
хэмжээнд ажиллах уул уурхайд Баян-Өлгий аймгийн иргэдийг түлхүү ажил­луулахыг
дэмжих хэрэгтэй.

-Казах залуучуудын боловс­ролын асуудал их хөндөгддөг. Нийгэмтэйгээ хөл
зэрэгцэхэд боловсролтой байх нь чухал шүү дээ?

-Баян-Өлгий аймгийн боловс­ролын салбар сул, боловсон хүчний асуудал дутмаг
талаар яригдаж байгаа. Боловсролын салбарын ажлыг дүгнэхээ элсэлтийн шалгал­таар
дүгнэх нь өрөөсгөл асуудал. Боловсролын салбарын ажлаа чам­лаж байгаа ч
сайжруулах тал дээр ажил зохион байгуулж байгаа.

Казах хүүхдүүд өөрсдийнхөө үндэсний хэлээ ч хүртэл төгс сурч чадахгүй байна.
Хуучин бол долоо, наймдугаар анги хүртлээ казах хэлээ үзчихээд дараа нь монгол,
орос хэл үздэг байсан. Эхлээд эх хэл дээрээ суурь боловсрол аваагүйгээс холи­мог
асуудалд орсон. Хүүхдүүдэд хоёр, гуравдугаар ангиас нь монгол хэл заачихаж
байгаа юм. Эх хэл дээрээ суурь боловсрол аваагүй хүүхэд хичнээн юм заагаад
сурахгүй гэв. Энэ үеэр Засаг даргын өрөөнд Казахын үндэсний өмсгөлөө өмссөн
өвөө ороод ирлээ. Үүдэнд нь суусан хөгшчүүлийн нэг бололтой. Гэтэл араас нь
туслах залуу сандраад өвгөнд учирлаад түр гараад хүлээж байхыг хүслээ. Өвгөнийг
тохойноос нь түшээд өрөөнөөс түрж гаргав.

Засаг дарга яриагаа цааш үргэлж­лүүлнэ.

-Аймгийн хэмжээнд монгол, казах хэлний аль аль нь дутмаг заагддаг. Эх хэлээ
эзэмшээгүй байж дараагийн хэл сурна гэдэг бүтэшгүй.

-Монгол Улсын албан ёсны хэл нь монгол хэл. Энэ хэлээр төрийн ажил болоод
бичгийн хөтлөлт нь явдаг. Гэтэл Баян-Өлгий аймгийн бүхий л шатны байгууллага нь
казахаар ажлаар явуулах юм?

-Төрийн ажлыг явуулахдаа монголоор ярьж болно оо. Гэхдээ ажлын байран дээр
казах хүн байвал казахаар ярьж ойлголцдог. Төрийн албанд казах монгол хэлний
ялгаа байхгүй. Харин бид монгол хэл дээрх зарим төрийн албыг казах хэл дээр
болгож, казахаар цэвэрхэн яриарай гэж гэдэг шаардлага тавьж байгаа. Харин
төрийн албан бичиг монгол хэлээр явж байгаа.

-Статистик мэдээгээр Баян-Өлгий аймгийн хүн амын хэдэн хувь нь монгол, хэдэн
хувь казах вэ?

-7.8 хувь монгол хүмүүс. 92.2 казах хүмүүс байдаг юм. Ийм харьцаатай байгаа үед
бид заавал “Чи төрийн албандаа ч гэсэн монгол хэлээр ярь”,
“Хоорондоо монголоор ярь” гэх нь өрөөсгөл асуудал. Тэгж болохгүй.
Харин төрийн албаны хүмүүстээ монгол хэлээр ярихыг шаарддаг. Бүх үйл ажиллагаа
монгол хэлээр явагддаг гэлээ.

Ингээд Засаг даргын өрөөнөөс гарлаа. Онгоц өдөр нисэх учир чемодан саваа
бэлдлээ. Өдрийн 15 цагийн үед онгоцондоо суув.

Хорин жилийн дараа төрсөн нутагтаа ирээд буцаж байгаа минь энэ. Хэдхэн хоногийн
өмнө онгоцноос буухад төрж байсан сэтгэгдлээс тэс өөр зүйл сэтгэлийг минь
эзэмдэн эмзэглүүлж, цээжний далдын нэг мухарт юунд ч юм зовних мэдрэмж төрж
байлаа. Онгоц газраас хөөрөх үед Өлгий хот, эргэн тойрны уулс, нуруу, гол,
нууруудын зургийг аппаратандаа буулгаж,

Алсын газрын зэрэглээ нь хө

Адуу шиг мал шиг торолзоно

Алиа хонгор хүүгээ

Айсуй байхад нь баярлалаа хэмээн өөртөө дуулсаар Өлгий хотын зүгээс
нүдээ салгасан билээ. 

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Газрын холоос цайвалзах миний нутгийн бараа юу даа…

“Манай онгоц
15 минутын дараа Өлгий хотын нисэх онгоцны буудалд газардана” гэж онгоцны үйлчлэгч
залуу зарлалаа. Баян-Өлгий аймгийн төвийг дээрээс нь нэг хараад, зургийг нь дараадахъя
гээд нүүрнээс яльгүй том цонхонд дух, хамраа наалаа.

Энэ эгшинд
“…Миний нутгийн бараа юу даа…” гэж нэгэн дууны хэсэг өөрийн эрхгүй ороод ирлээ.

Алтайн хөх
уулс үүлс яран, мөнх цаст оргилууд нь алсаас цайрна. Сүр бараатай гэж. Ховд гол
нүүрсний судал шиг харлан гялалзана, тээр дор. Гол Өлгийн дээхнэ хоёр салаалж арал
үүсгэнэ. Уг арлыг Хуст арал гэнэ.

Баруун хойхно
байх хар уул бол Бөхөн. Тэмээний бөх шиг болохоор ингэж нэрлэсэн домогтой. Бөхөнгийн
хөндийд байрлах нисэх онгоцны буудалд буулаа. Гадаа хасах таван хэм хүйтэн. Өнтэй
гэж хэлэхэд ч багадмаар бараг намраараа. Эргэн тойронд хүрээлсэн уулс хүрэнтэнэ.
Цаанаас нь өндөр хайрханууд дүнхийнэ, зулай нь цастай.

Тийм ээ,
энэ баруун хязгаарын жижигхэн хот бол миний өссөн төрсөн төрөлх тоонот минь билээ.
Би энд хүн болж арван хэд хүртлээ шороотой гудамжаар нь өдөржин хөөцөлдөн тоглож
өссөн сөн.

Хорин жилийн
дараа төрөлх аймагтаа ирэхэд өөрийн эрхгүй,

Газрын холоос
цайвалзсан
Ганган цагаан хот байна аа
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа…
хэмээн аяланхан дуулж уярлаа.

Булган,
Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ гээд модтой, ойтой газруудад модоор “зодож” барьсан шувуун
нуруутай байшин сав, бэлдээд тавьчихсан торх хаа сайгүй л тааралддаг даа. Харин
Баян-Өлгий аймгийн байгалийн тогтоц уур амьсгалаас улбаалж модны асуудал хүндрэлтэй
гэдэг нь айлуудын хашаа байшингаас илээхэн харагдана. Социализмын үед яахав бусад
аймгуудаас нэгдсэн журмаар мод татаж, бэлтгэчихсэн модоор хашаа, байшингаа барьдаг
байж. Гэтэл айлууд хашааны банзнуудаа түлээд дуусчихсан учир бүгд болоок цохиод
хашаа барьж, шохойдчихож. Байшингууд нь ёотон шиг дөрвөлжин дөрвөлжин, цагаан.

Ажлын цаг
тарахаас өмнө аймгийн музейд очлоо. Гэтэл нэг хасаг бүсгүй өөдөөс төрөлх хэлээрээ
ярина. Юу гэж байгаа нь мэдэхгүй юм хойно “Монголоор ярина уу” хэмээн гуйлаа. Тэгтэл
“Ажалын цаг дуусн” гэв. Хараахан хаах цаг нь болоогүй байгаа гэдгийг тайлбарлавал
“Бажай оруулий” гэлээ. Тайлбарлагч нь байдаггүй. Тасалбар тасалж өгсөн хижээл насны
хасаг эр тайлбарлагч хийхээр боллоо. Музейн барилга гурван давхар. Нэгдүгээр давхарт
байгаль, амьтны, хоёрдугаар давхарт түүх, нийгэм, дээд давхарт нь түүх, ёс заншлын
үзмэрүүдээ байрлуулжээ. Зохион байгуулагч эр жаахан халамцуу “Ийшээ явна аа. Маршрут
нь ийшээ” гээд дагуулж явлаа. Бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж буйгаас нь үзвэл
энэ хүн энд олон жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн аж. “Одоо ийшэй. Маршрутаараа
явна аа. Кэдүүлээ” гээд л.

Зарим үзмэрийн
хажууд ирээд үүх түүхээс нь эхлүүлээд бүгдийг заана. Тэгтэл үүдэнд таарсан өнөө
эмэгтэй түүний ханцуйнаас татаж “Суурважлагч, суурважлагч” гэх нь сонсогдов. Халамцуу
эр үгийг нь үл тоон үргэлжлүүлэн дагуулж явсаар. Толбо нуурын тулалдааны дүр зургийг
үзүүлсэн үзмэр ихэд сонин. Тулалдаан хэрхэн өрнөж буйг үзүүлсэн том хөргийн урдуур
тулалдааны талбараас олдсон эд зүйлс, тэндээс авчирсан шороо чулуугаар бодит юм
шиг л талбай засчээ.

Богд хааны
шинэ төрд дагаар орохоор Жүнисбай, Түнкебай тэргүүтэй 400 өрх ардын өргөсөн хүсэлт
бичиг байна. Ийм бичгийг хасгууд 1912 оны долдугаар сарын 14-нд өргөж байжээ. Үүнээс
өмнө эдгээр ардууд харьяа аймаг, хошууны ноёдод энэ хүсэлтээ өгүүлсэнд эс зөвшөөрсөн
учир ийн Богд эзэнд хандсан түүхтэй гэнэм. Богд эзэн өршөөнгүй сэтгэлээр хандаж
дагаар орох гэсэн эдгээр ардын хүсэлтийг зөвшөөрч хишиг хүртээсэн байдаг. Ийм хоёр
түүхийн сурвалж музейн хананд өлгөөтэй байх аж.

Хишиг гэдэг
бол монголчуудын хувьд хууль ёсоор бус сайхан сэтгэлээр өөрийнхөө үнэт зүйлээс тодорхой
хэсгийг өгөхийг хэлнэ. Халх ёсонд хишиг хүртээх гэж том заншил бий. Зочин тавагтай
идээнд зөв гараа хүргэж тухайн айлын буянаас хишиг хүртдэг. Ингэхээр газар нутагтаа
амьдрах зөвшөөрөл олгосон гэдэг нь маш том хишиг хүртээсэн хэрэг юм. Ийм сайхан
өгөөмөр сэтгэлийг өгүүлсэн түүхэн баримт энэ музейн хойморт байна.

Баян-Өлгий
аймгийн уугуул иргэд болох урианхайчуудын түүхийг өгүүлсэн үзмэр цөөхөн харагдав.
Урианхай эрэгтэй, эмэгтэйчүүдийн өмсгөл, дээл, гутал төдийхнөөс өөр зүйлгүй. Харин
Чингэс хааны үеийнх гэж тайлбарласан эмээл анхаарал татав. Бас хасгийн хүүхдийн
эмээл ихэд сонин. Эмээл дээр мордуулангуут бүдүүн гуяаар нь дардаг модон даруулгатай.
Хөлийг нь сэрүүнд дааруулж жиндүүлэхгүй байх дулаан ууттай санж.

Музейгээс
гараад аймгийн төвөөр алхаж, энүүгээр тэрүүгээр юм сонирхлоо. Төв талбайгаар нь
явж, хойно нь байрлуулсан тайзан дээр гарч ойр орчмын зургийг нь гэрэл зургийн аппаратандаа
буулгав.

Нар улбар
туяа татуулан уулсын цаагуур бөхийлөө. Жавар тээсэн жиндүүхэн салхи хүзүү, чих хайрна.
Жиндэж эхэллээ.

Улаанбаатарт
хазгайдуухан тавиад өмсчихөд сайхан л харагддаг малгай минь чих дардаггүй сая л
мэдлээ. Баян-Өлгийн хувцасны их дэлгүүр гэсэн нэртэй дэлгүүрт орлоо. Малгайн тасагт
очоод бүчтэй ноосон малгай худалдаж авав. Эндхийнхэн бараагаа Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Бээжин
гэсэн чиглэлээр явж авчирна. Тээврийн зардал их ч юмны үнэ нь нийслэлийнхтэй харьцуулбал
арай хямд. Ороолтоор толгойгоо донжтойхон ороосон эмэгтэй ойртож ирээд “Хэзээ ирэв”
гэнэ. “Өдөр буулаа” гэчихлээ. “Аан. Ямар ажлаар явж байна” гэж байна. “Өө ойр зуур,
эх орныхоо баруун нутгаар юм сонирхсон шиг ээ явж байна” гэж хэллээ. “Оюутан уу”
гэж байна. “Үгүй” гэж хэлээд холхон шиг очоод бараа үзэж байгаа дүр үзүүлэв. Тэгтэл
хажууд явсан хүнээс миний нас, шүд, ажил төрөл, ахан дүүсийг сураглаж, хаанахын
хүүхэд вэ гэж асууж. Төрийн албанд ажилладаг, шижигнэсэн сайхан хүү нь эр биед хүрч,
эхнэр авах цаг нь болсон гэнэ. Хүүтэй хүн хүүхэн хардаг гэдэг дээ. Тэр эмэгтэй хүүдээ
эхнэр болох бүсгүй эрж байгаа нь тэр гэнэ. Удам судар нь таарвал намайг хүүтэйгээ
танилцуулах хүсэлтэйгээ хэлжээ. Хөлөөс толгой хүртэл харж, хаашаа явна харц нь дагана.
Тухайн үед ийм яриа болсныг мэдээгүй, дараа нь сонссон билээ.

Гутлын их
дэлгүүрээр нь орлоо. Гутлын үнэ харин хотынхтой ойролцоо. Өндөр өсгийтэй, гялгар,
арьсан, дэгжин гуталнууд. Доод давхарт нь шинэ жилийн даашинзнууд зарж байна. Худалдагч
охин “Би Эрээнээс авчирсан. Бүгдэнгээс нь нэг нэгийг авчирсан. Эрээнд угаасаа нэг
нэг байсан байхгүй юу” гэнэ. Гялзсан шигтгээтэй, өндөр өсгийтэй туфль байна. “Өлгийчүүд
ийм  гутал өмсөхгүй байх оо. Чи аваач. Хотын
хүнд яг зохино” гэнэ.

Эндээс гараад
зах руу явлаа. Багш, эмч, захиргаанд ажилладаг эмэгтэйчүүдийг эс тооцвол бүсгүйчүүд
нь гар хийцийн эсвэл дотоодын үйлдвэрийн намхан ултай, түрийтэй гутал өмсөнө. Бүсгүйчүүд
өндөр өсгийтэй гутал авбал тэр дор нь өсгийг нь төмөрлүүлнэ. Уулархаг газрын хөрс
шороо нь чулуурхаг учир баргийн өсгийг тэсгээхгүй. Энэ нь морь маланд ч хамаатай.
Захын үүдэнд морины тах зарж байна. Том жижгээсээ хамаарч үнэ нь наймаас арван хоёр
мянган төгрөгийн үнэтэй. Их гүйлгээтэй бараа гэнэ. Морьд, хүүхнүүд нь тахтай байгаа
нь амьдарч байгаа нутаг нь хэр онгон дагшин, байгалиараа байгааг илтгэх буюу нөгөө
талаар аймгийн төвд нь явган хүний зам хомс гэдгийг хэлж байна.

Баахан эрчүүл
биллиард тоглоно. Нэг ширээн дээр хоёр гурваараа. Зарим ширээнд бүр олуулаа тойрч
тоглоцгоох юм. Зургийг нь авбал тэд шуугилдаж, шүгэлдэж бөөн юм боллоо. “Хээе. Нааш
ир” гэж дуудаад л. “Наашаа хар даа” гээд л. Ганцаараа явсан бол айх байж шүү. Эндхийнх
биш, хотоос ирсэн хүмүүсийг нутгийнхан андахгүй. Тэр дундаа хотоос бүсгүй хүн ирвэл
эрчүүлийн нүд унаж, харц шидлэх нь энгийн үзэгдэл гэнэ. Хуурцаг зардаг сүүдрэвчний
хажуугаар өнгөрвөл их л сайхан ая дантай хасаг дууг эрэгтэй хүн дуулна. Домбор,
бөмбөр, цахилгаан хөгжим хослуулан сайхан дуулжээ.

Баян-Өлгийн
монголчууд хот гэлтгүй Монголд хит болоод байгаа “Хар хархан харц” дууг сүүлийн
үед их сонсч байгаа аж. Машиндаа, гар утсандаа, утасны дуудлагандаа энэ дууг тавьж,
сонсоно, сонсгоно.

Зах тарах
цаг болсон ч хүний хөл тасрах шинжгүй. Энд тэнд л наймаа ярьсан хүмүүс. Хасгаар
ярих учир юу ярьж байгаа нь ойлгомжгүй. Мэдээж наймаагаа ярьж байсан байх.

Наймаачид
павилионуудаа хааж, унаа тэргэндээ суух нь суугаад, явган нь алхана.

Энд явж
байгаа машинууд хотод бараг үзэгдэхээ болиод байгаа “Эксель”, “Элентра” гээд хуучны
машинууд. Бас хуучин микро автобуснууд.

Мотоцикль,
микро, таксинууд ийш тийш хүн зөөнө. Эд бүгдийг эндхийнхэн такси гэнэ. Хол ойроосоо
хамаарч мянгаас гурван мянгаар явна. Замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн баримталдаггүй
нь олон зүйл дээр харагдав. Жолооч нар нь бүс зүүхгүй. Улаан гэрэл асвал зогсч,
ногоон гэрэл асвал явдаг гэдгийг л мэддэг бололтой. Түүнээс биш энд дүрмээрээ явна
гэх ойлголт бараг үгүй. Хэрвээ хоёр нөхөр мөргөлдөж, шүргэлцвэл дүрэм яриад нэмэргүй.
Аль болох л тохиролцох хэрэгтэй.

Машинд суугаад
бүс зүүвэл инээлдэх юм. “Зөв, зөв хотын хүн соёлтой байдаг юм. Бүс зүүх ёстой гэдгийг
харуулаад өг” гэцгээнэ.

Захаар,
төвөөр алхахдаа монгол үг ганцыг ч сонссонгүй. Өнөө бэр сураглаж буй настай эмэгтэйг
эс тооцвол шүү.

Өлгийд амьдардаг
монголчуудтай уулзлаа. Тэдний яриа нь гоморхсон. Өөрсдийгөө хаягдсан, мухардсан
хүмүүс гэж үзэцгээх юм. Төрсөн нутаг, эх орондоо амьдарч байж ийн гомдоллох нь сонин.
“Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ирэхээр дандаа л казахын ард түмэн минь сайн байна уу
гэдэг. Энд монголчууд амьдардаг гэдгийг мэддэггүй. Тэгж мэндчилэхээр яасан их гомддог
гээч. Үнэндээ бол бид үндэсний баатрууд” гэж өөрсдийгөө тодорхойлно. “Бид чинь монгол
гэдгээ мэдрүүлэх гэж гадуур гарахаараа дээлээ өмсдөг” гэцгээнэ.

Өлгийн ихэнх
албан байгууллагын хурал, шуурхай яриа энэ тэр нь бүгд казах хэлээр явагдана. Бүр
захиргааны ажил нь хүртэл. Хэрвээ хотоос хүн очвол Баян-Өлгий аймгийг Казахстан
улсын нэг хэсэг л гэж харж болохоор.

Нэгэн залуу
хэдэн жилийн өмнө Баян-Өлгийд ажлаар машинтайгаа ирж л дээ. Машин нь эвдэрч, эндээ
л томд тооцогдох ганц засварын газарт очиж, гадна нь гурав хоножээ. Тэгтэл монгол
дээл өмссөн монгол хүнийг хараад гүйхээрээ ирээд уйлахын наагуур “Энд монгол хүн
байдаг гэж үү. Би гурав хонолоо. Машин засуулах гээд. Урдуур дайраад л оруулчих
юм. Болохгүй бол машинуудын урдуур нь хөндлөн хэвтчихье гэж бодож байлаа. Ашгүй
монгол хүн таарлаа” гээд өнөө хүнийг царайчилж, хажуунаас нь салахгүй баахан дагажээ.
Их л сүрхий сэргэлэн шар залуу байж. Тэрээр “Би эртээд нэг ирээд бас олон хоносон.
Тэгэхэд би “Хорлоо” гэдэг ганцхан монгол үг олж сонсч билээ. Тэр Хорлоо эгч байгаа
болов уу” гэж гэнэн цайлганаар асууж байжээ.

Монгол,
казах үндэстэн зэрэгцэн амьдардаг Баян-Өлгий аймагт шашин, ёс заншлын зөрүүнээс
болоод үл ойлголцол, биесээ хавчих үзэгдэл их байдаг гэнэ. Энэ талаар уугуул монгол
иргэд нь их олон жишээ ярина. Тэгэхээр нөгөө талаас нь хасгууд “Монголчууд архичин,
залхуу болохоор нутгаасаа нүүсэн” гэж ирээд л муулна. Тэгэхээр монголчууд нь “Энэ
хасгууд чинь наашаа харж монголоор ярьчихаад цаашаа харж, хасгаар “Муу илжгүүд,
гэдгэрүүд” гээд л муулж “Манайхан, манайх” гэж бүхнийг өмчилдөг” хэмээн гомдоллох.
Бас “Хасаг гэж дуудвал бөөн юм болдог. Уг нь эд нар чинь хасаг юм шүү дээ” гэцгээнэ.
Ийм хоёр өөр зүйлийг сонсоод яамаар ч юм бэ дээ гэж мухардахаар.

Төр засгийн
бодлого Баян-Өлгий аймагт ирээд хасаг иргэдэд шингээд уугуул монголчуудад хүрдэггүй
гээд “Үнэндээ бид чинь Монголдоо мартагдсан монголчууд. Та нар хувиа хичээсэн юмнууд.
Улаанбаатарт уул уурхайгаа яаж идэж уух вэ гэж хэрэлдээд суугаад байдаг. Бид чинь
эх орноо манаж байгаа хүмүүс. Бид яахав өнгөрсөн улс. Үр хүүхдүүд минь яах болж
байна” гэнэ.

Хасгууд
нь болохоор “Монголчууд залхуу. Дан байшинд амьдардаг. Биднийг хар. Хоёр давхарт
амьдардаг. Энд амьдарч болоод байна” гэх.

Иймэрхүү
яриаг очсон өдрийнхөө орой яасан ч ихийг сонсов. Хэнийх нь ч зөв юм. Толгой эргэмээр.

Баасан гариг.
Хотод баасан гаригийг залуус өндөр “үр дүнтэй” өнгөрүүлдэг. Харин энд тийм зүйл
үгүй. Оройны есөн цаг гээд л нам жим болно. Хотын төвд Монголд хамгийн өндөрт тооцогддог
дахин дамжуулах станцын өндөөр гэгчийн антенны улаан гэрлүүд үзэмжтэйеэ анивалзана.

Үргэлжлэл бий.

Газрын холоос
цайвалзах миний
нутгийн
бараа юу даа…

Өглөөний нарны элч
туяа Өлгий хотын баруунтаах уулсын оройд тусахад гэрээс гарлаа. Айлуудын
яндангаас гарах утаа жаварт цохиулаад мөд дэгдэх шинжгүй.

Өмнө
нь Хуст арал нэртэй байсан төрөлх гудмаараа алхлаа. Хүүхэд байхад их л өргөн
гудамж байсансан. Гэтэл газар өмчлөл эхэлснээс хойш айлууд хашаагаа тэлснээр
гудамжууд нарийсчээ. Иргэдийн хурал нь саяхан хуралдаж уг гудамжны нэрийг Ах
Хустав гээд хасгаар сольчихож.

Унаагаа
хүлээх зуур ойр хавиа баахан сараачлав. Мусульманы шашны сүмүүдийн оройд залрах
хавирган сар бүхий бэлгэ тэмдэг утаан дундаас энд тэнд сарайна. Монголчуудын
хувьд бурхан шашнаа шүтэх нөхцөл туйлын хязгаарлагдмал аж. Аймгийн урдхан байх
Шар нуурын хөтөл дээр суварга босгожээ. Анх энэ суваргыг босгох гэж эндхийн
монголчууд их л хөл хөөр болж, олон өдөр сэтгэл уужим суужээ. Гэтэл хэд
хоногийн дараа шүтэж босгосон суваргыг нь эвдэлж сүйдэлсэн байна. Үүнд эндхийн
монголчууд ихэд бухимдаж хотоос холбогдох албаны хүмүүсийг нь дуудаж нэг хэсэг
бөөн шуугиан болжээ.

Өлгийчүүдийн
яриагаар суваргыг шөнө дундын үед эвдэлж, сүйтгээд дээр нь элдвээр бичиж
сараачсан байжээ. Үүнийг монголчууд Улаанбаатар, бусад аймгуудаас ирсэн элэг
нэгтнүүддээ хэлж санаа нь амардаг бололтой. Баян-Өлгий аймгийн хэмжээнд бурхны
шашны ганцхан хийд байдаг нь Буянт сумын төвд байна. Аймгийн төв ганц хийд
барих гэж зүтгээд нэмэр тусыг олохгүй л байгаа гэнэ. “Тэнд хийд барих гэж
байгаа” гэж бүгд л аймгийн урд зүг рүү заах юм. “Баян-Өлгийд ганц том хийд
барьчихвал бидний нэг том хүсэл биеллээ гэсэн үг. Засгийн газрын бодлогоор
ганцыг барьчихад яадаг байна. Гэтэл Турк, Казахстаны санхүүжилтээр олон зуун
мусульманы сүм баригдсаар байна” гэж халаглана. Өнгөрсөн сард тохиосон зулын
хорин тавны бэлэгт өдөр Баян-Өлгийн монголчууд зурагтаар дамжуулсан хурал номоо
даган баясч, зул барьжээ. Ер нь цагаан сар, билэгт сайн өдрүүдэд ингэж л
ариусна. Хэрвээ яалтгүй ч ном уншуулж, засал хийлгэх болбол лам багшаа хаанаас
ч хамаагүй өөрсдөө очиж авчирна. 

“Ядаж
аймгийн төв нэг хийдтэй болчихсон юм. Тэгвэл өдөр бүр очиж бурханд мөргөхсөн.
Үгүй ядаж монголчуудтайгаа тэнд уулзаж, арц хүжний анхилуун үнэрт суунгаа
сэтгэлээ уудалмаар байна” гэх нь өрөвдмөөр ч юм шиг.

Хүчний
байгууллагуудын дарга нарыг монгол хүнээр сольсонд хасгууд нэг хэсэг баахан эгдүүцжээ.
Монгол дарга нартай болсонд монголчууд ихэд баярлаж, амьсгал авахад жаахан
уужим санагдах болсон гэнэ.

“Биднийг
ийм хэцүү амьдардаг гэдгийг та нар мэддэг гэж үү”, “Биднийг марталгүй ирж
байгаад баярлаж байна”, “Энд монголчууд амьдардгийг үнэхээр мартаагүй гэж үү”
хэмээн хүүхдийнхэрхүү горьдсон харцаар харцгаана. Миний нэрийг, бидний нэр усыг
битгий бичээрэй. Хасгууд мэдчихвэл ажил дээр хавчаад муулж бөөрөлхөөд байдаг юм
гэнэ.

Монгол,
хасаг хоёр хүний тэтгэвэрт гарах нас нь боллоо гэхэд монголыг нь шууд
гаргачихаад өнөөхийг нь хүсэлтээр нь цааш ажиллуулдаг гэнэ. Тэгээд суларсан тэр
орон тоонд хасгаа авна. Энэ бол Баян-Өлгий аймгийн хэмжээнд бүр ёс юм шиг
тогтсон гэнэ. Энэ талаар гомдол гаргаж, заргалдвал аягүй бол тэтгэмжийн
мөнгөгүй хоцорчихож ч магад гээд дуугүй л яваад өгдөг аж. Улаанбаатарт магистр
төгсөөд ирсэн монгол залуус ажилд орох гэж элдэв өргөдөл, анкет, шалгалтад
ороод тэнцэнэ гэж ёстой гонжийн жоо гэнэ. Харин төгсөөд ирсэн хасагуудад ийм
зовлон үгүй. Тэгээд л арга тасраад монгол үр хүүхдүүд амьдралаа хөөгөөд
буцчихна. Ийм жишээг орсон айл болгон ярьж “Монгол төрийн бодлого хаана байна.
Энэ төрд бодлого байна уу” гэж хариулт нэхсэн нүдээр харна.

Ингэхээр
хасгууд “Монголчууд амар хялбар амьдрах гээд л төв рүү явчихдаг. Түүнээс биш
энд ажил олдоно оо, олдоно. Хамгийн гол нь залхуутай л холбоотой. Ямар ч хүн
төрсөн нутгаа орхихыг бодохгүй. Бидэнд л лав Улаанбаатар руу явах бодол
байдаггүй. Энэ бол бидний эцэг өвгөдийн нутаг” гэнэ.

Ийм
яриа, хөөрөө сонсоод суутал морин цаг өнгөрөх дөхчихсөн байв. Унаа ч ирлээ.
УАЗ-469 машин. Орос ах нарын энэ машин эндхийн бартаа ихтэй замд шалгарсан
хүлэг.

Өнөө
жил Толбо сум руу зам тавьжээ. Аймгаас тэр замаар гарлаа. Шар нуурын хөтөл дээр
Өлгий гэсэн бичигтэй хөшөөт самбар бий. Ойролцоо нь замын цагдаагийн пост
байрладаг юм байна. Постын дээхнэ өнөө эвдүүлж, сүйдлүүлсэн ч буцаад төрхөө
олсон суварга эрхэмсгээр оршино. Суваргыг Бурхан багшийн сэтгэлийн бэлгэдэл
хэмээдэг бол сүм дуган бол түүний бие, сэтгэл, хэлний цогц бэлгэдэл нь гэдэг.
Ийм тусыг санаж монголчууд аймагтаа суварга босгосон нь энэ. Нарны туяа
алтадсан орой тэргүүнд нь тусч нүд гялбуулам.

Толбо
нуурын тулалдааныг монголчууд бид бүгд мэддэг, дуулсан. Хасбаатарын цэргүүд 45
хоногийн турш бүслэлтэд орж, элдэв бэрхшээл туулж, өл залгуулахын тулд эмээлийн
гөлөм, муур хүртэл идэж байсан санаанд багтамгүй хэрнээ эрэлхэг түүх бий. Тэр
тулалдаан болсон түүхт газраас арваад километрийн наанаас баруун гар тал руу
зам салаад Өмнө голд ирлээ.

Уулсын
бэлд намар, оройд нь өвөл харагдана. Намраараа байгаа хайрхнуудын цаанаас цаст
хайрхад мишэлзэх шиг. Нар, хөх тэнгэрийн юугаар ч илэрхийлэшгүй хослол энд
бүрэлдэж, цээжээ дүүртэл мянгантаа амьсгалаад ханамгүй тийм их хүсэл төрж,
ханаа шийрлээд амьдраад, амьсгалаад баймаар эзэн хүний шунал ундарсныг нуугаад яахав.

Замд
малаа хариулсан монгол малчид тааралдлаа. Өвөлжөө тавлаг, мал тарган байгаа гэж
монгол хүний амны бэлгээр угтаж, хэрэг зоригийг асууна. Ер нь Буянт сумын нутаг
нэрнээсээ авахуулаад буянтай хэмээж, өсч төрж насаа элээж, эцэст нь хөрсөнд нь
шингэх эх нутгаа магтана. Хотын сонин асууна. “За цаагуур чинь сонин юутай.
Яриад байгаарай” гээд л тамхи гаргаж ирээд хөөрөлдөх янзтай. Бүр тухалж
суучихаад юм шалгаана. Нарны голтойд зорьсон газартаа хүрч, олон хүнтэй учрах
ёстой болохоор учраа хэлээд салцгаалаа. Эзэрлэг хайрхны овоо бол Баян-Өлгий
аймгийн уугуул иргэд болох урианхай, дөрвөд, тувачууд эрт дээр үеэсээ шүтэж
ирсэн тахилгатай уул нь. Энэ аймгийн хүн амын 92.2 хувь нь хасаг, 7.8 хувь
монгол гэсэн ийм харьцаатай болохоос өмнө буюу социализмын үед уг овоондоо
наадам хийдэг байж. Тэр үед энэ харьцаа эсрэгээрээ байсан болохоор мэдээж
жинхэнэ монгол үнэртсэн монгол наадам болдог байсан нь тодорхой.

Эзэрлэгийн
нурууны хажуугаар өнгөрч явтал морио хөтлөөд хонио тууж явсан хасаг залуутай
таарлаа. Нас нь хорь дөнгөж хүрч яваа болов уу. Жолооч түүнтэй хасгаар ярина.
“Монгол хэл мэдэх үү” гэж монголоор асуухаар “Мэдэхгүй” гэж монголоор
хариуллаа. Баруунтаах сүрлэг хайрхныг юу гэдэг вэ гээд асуувал “Жостама” гэв үү
дээ нэг тиймэрхүү үгээр нэрлэлээ. Ихээ зосон будагтай. Нэгэн үе зосыг нь бага
сагаар авдаг байсан Зост хайрханыг тэгж нэрлэдэг болчихож. Ойр хавийн газар
усны нэрийг бүгдийг нь хасгаар хэлнэ.

Дээд
их хаалгатын даваан дээр ирлээ. Эндээс ойр орчмыг бүхэлд нь харж болох аж. Алс
холд байх хэрнээ дэргэд ч юм шиг харагдах Цаст хайрханы орой сүртэй сайхан
санж. Тэр зүгээс цэнгэг агаар, эрх чөлөө мэдрэгдэнэ.

Давааны
бартаатай, огцом эргэлттэй бэрх замаар уруудсаар Буянт голын гүүр давж Буянт
суманд ирлээ. Алс хязгаарын сум болохоор айвуу тайван, дуу чимээгүй. Хүмүүс нь
ч аажуу уужуу алхаатай. Хэн ирж вэ гэсэн шиг бүгд нааш саравчлан харцгаана.
Эхлээд монгол айлуудаар орлоо. Бусад сумд монгол, хасаг иргэд тоо саяхныг
болтол ойролцоо байснаа одоо 4000 хүнээс 1500 хүрэхтэй үгүйтэй нь л урианхай,
дөрвөдүүд байна.

Хийд
нь хаалттай байлаа. Нэг айлд цай цүй болоод сууж байтал гаднаас “Мал тоолнаа”
гээд нэг хасаг залуу ороод ирлээ. Нэрийг нь М.Серикбол гэнэ. Багийн нийтийн
хурлын дарга гэнэ. Цүнх, хавтаснаасаа бичиг цаас гаргаж ирэх гэж баахан будлиад
гэрийн эзний хэлсэн бог, бод, төл гэдгийн учрыг нэг л ухахгүй байгаа бололтой.
Гэрийн эзэн энд бич, тэнд бич гэж зааж өгөх. Буруу бичсэнээ баллаж, цоохорлох.
Уг нь төрийн ажлыг хийж яваа хүн сэн.

Түүнтэй
хөөрөлдөх янзтай хэдэн юм асуулаа.

-Та
багийнхаа нийтийн хурлын дарга юм байна. Та манай төрийн тогтолцоог ямар байна
гэж боддог вэ. Ямар байвал зүгээр бол гэвэл,

-Мээдэкү.
Болжин гэж боддуу гэснээ Монгол Улсыг Казахстан шиг Ерөнхийлөгчийн засаглалтай,
Н.Назарбаев шиг ерөнхийлөгчтэй байвал хөгжинө гэж үздэг гэлээ. Юм асуувал ер
ярих шинж алга. “Мээдэкү” гээд мөрөө хавчина. Өлгийн төвд суварга сүйдэлсэн
хэргийн тухай сонирхвол сахилгагүй хүүхдүүдийн л хийж байгаа үйлдэл гээд гэрийн
эзэдтэй хасгаар яриад эхэллээ. Та яагаад хасгаар яриад явчихав аа. Би ойлгохгүй
байна. Намайг муулаад байна уу, сайлаад байна уу би мэдэхгүй. Та монголоор ярьж
болохгүй юу гэлээ. Гэрийн эзэгтэй шинэ буцалсан цайнаас аягалж өглөө. Тэгтэл
М.Серикбол хурдан хурдан оочлоод яах ийхийн зуургүй гараад явчихлаа. Их л
аягүйдчихэв бололтой. Гэрийн эзэдтэй “Явж явж сурвалжлагчтай таарчих гэж. Яасан
их юм шалгаадаг юм” гэж уцаарлан хасгаар ярьсныг гарсных нь дараа сонсов.

Тэгтэл
гэрийн эзэн “Та нар манайд ирснээрээ амьдралд минь толбо үлдээлээ. Та нар яахав
буцаад явчихна. Энд үлдэж байгаа биднийг бодсонгүй юу. Та нарыг бид л дуудсан
болж таарна. Маргааш бөөн юм болно” гэснээ “Монголд төрийн бодлого гэж байдаг
юм уу. Энд чухам юу болдгийг мэддэг юм уу. Баян-Өлгийн уугуул иргэд нутаг усаа
орхиж явснаас болж үлдсэн ахан дүүс бид чинь цөөнхийн цөөнх болчихоод байна,
төрсөн нутагтаа. Хэрвээ тэд нүүгээгүй байсан бол бид өнөөдөр ийм байдалд
байхгүй” гээд гомдсон ч юм уу, уцаарласан ч юм уу ер нь яриа таарах шинжгүй
болчихлоо. Уг нь монголчууд алсаас зочин ирвэл ерөөл дэмбэрэлтэй үгсээ хэлэлцэн
хол ойрын сониноо хуваалцдагсан. Гэтэл би энэ айлд ирснээрээ толбо үлдээчих гэж
байх уу.

Буянт
суманд хоёр үндэстний хоорондох асуудал бусад сумдыг бодвол илүү хүчтэй өрнөдөг
гэдэг нь эхний орсон айлаас л мэдрэгдлээ. Дараа дараачийн орсон айлууд эхлээд
иймэрхүү маягтай, үгээ цэгнэсэн шинжтэй өгүүлнэ. Тэгснээ монгол хүмүүс юм хойно
учраа олоод ярилцахаар яаж зовж байгаа, ямар хавчлаган дунд амьдарч байгаагаа
бүгдийг нь ний нуугүй ярьж “Хэзээ гэрт орж ирээд дээрэлхээд унахыг нь мэдэхгүй.
Иймээ тиймээ юм болбол миний яасан ийсэн нь 
хэнд  ч хамаагүй, хэн ч мэдэхгүй л
өнгөрнө. Бид ийм л орчин амьдарч байна. Ингээд биднийгээ гээд ороод ирж байгаад
баярлаж байна. Биднийг мэнд байгаа гэдгийг сониноороо дамжуулаарай. Биднийг урд
зүгийнхэн (Баян-Өлгий аймгийнхан эх орныхоо баруун хязгаарт амьдардаг ч бусад
аймгийнхан, Улаанбаатарт байгаа монголчуудаа урд газрынхан гэж хэлдэг)
мартаагүй юм байна. Бид өөрсдийгөө төрөөсөө хаягдсан хүмүүс гэж боддог байснаа
одоо хаяя” гээд сэтгэлээ уудлаад төр засагтаа хэлэх үгсээ дайна.

Бас
МҮОНТ-ээр гарсан “Босго тотго” кинонд хасгийн түүхийг гаргасан нь хүмүүст
хэрэгтэй зүйл болсныг нэгэн дуугаар хэлцгээнэ.

Тэд
өөрсдийгөө эх орныхоо газар шороог хамгаалж байгаа нэргүй баатрууд гэж
хөөрхөн  омогших. Уг нь ийм тодотголыг
тэртээ дайны үед л гарч байсныг уран зохиолоос уншиж байсан билээ. Тэгтэл ийм
тайван цагт ингэж өөрийгөө баатар гэж хэлэх хүмүүс эндхийнхнээс өөр байхгүй
байх аа. Яагаад баатар болдог билээ гэвэл 
тэд  ёс заншил, хэл ус, нутаг
усныхаа нэрийг монголоор нь авч үлдэхийн төлөө сэтгэл, зориг юугаан бүгдийг нь
зориулж амьдарч байгаа  гэнэ.

Гэхдээ
тэдгээр иргэд жаахан дэгсдүүлээд байна уу гэсэн хар төрж байснаа энд нуух юун.
Яагаад гэвэл Монгол  гэдэг улс  төртэй, тэр төр нь хуультай, хууль цаазыг
гүйцэтгэдэг байгууллагатай ардчилсан орон. Ямар феодалын нийгэмд байгаа биш.
Хэн дуртай нь хэн нэгнийг дээрэлхвэл хуулийн хариуцлага хүлээлгээд өгөх хатуу
төр байдгийг бүгд мэднэ.  “Монгол төрийн
уурга урт, хуйв уужим” гэсэн эртний үг бий. Үүнийг ч ард түмнүүд мэддэг. Хэзээ­нээ­сээ  эвтэй найртай хөрш­лөөд ирсэн иргэдийн
уламжлалт түүхэн харилцаа байна. Тэгтлээ хоорондоо эвдрэлцсэн гэж буруу­гаар
ойлгочих вий гэсэн эмзэглэл төрж байлаа. Ингээд эндхийн хасаг иргэд дундаа
хийсэн бүтээсэнтэй, ярих зүйлтэй яриа хөөрөөтэй, өөрийгөө Ардчиллын алтан хараа­цай­нуудын
нэг гэж хэлсэн Ө.Хунанбайгийнх руу очлоо.

Үргэлжлэл бий.
Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Улс төрийн 35 албан хаагч авлигын хэргээр шалгагджээ

Авлигатай тэмцэх газ­раас өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус газрынхан энэ онд хийсэн ажил, хэ­рэг­жүүлж байгаа үйл ажил­лагааныхаа талаар
мэдээлсэн юм.

АТГ-ын Мөрдөн шал­гах хэлтэст энэ онд 970 гомдол
мэдээлэл ирснээс 422 нь гэмт хэргийн шинж­тэй байжээ. Эдгээр мэдээллийн 58-д нь
эрүү­гийн хэрэг үүсгэж, 176-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 152-ыг нь харьяаллын
дагуу шил­жүүлсэн байна. Харин мөрдөн байцаалт явуул­сан эрүүгийн хэргүүдээс 43
хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 41 хэргийг хэрэгсэхгүй болгох санал­тайгаар,
30 хэргийг харьяал­лын дагуу шил­жүүлж, 21 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж,
13 хэргийг Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийг үндэс­лэн түдгэлзүүлэхээр
тус тус шийдвэрлэжээ. Дээрх эрүүгийн хэргүүдэд нийт 400 хүн сэжигтэн, яллаг­дагчаар
татагдан шал­гагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 36.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Авлигатай тэмцэх газ­рын
судалгаагаар энэ онд авлига, албан тушаа­лын гэмт хэргийн улмаас улсад нийт 85 тэрбум
төгрөгийн хохирол учир­сан байна. Энэ нь өмнөх оныхоос 47.3 хувиар өс­сөн үзүүлэлт
аж. Үүнээс тус газрын мөрдөн бай­цаагчид мөрдөн шалгах явцад 6.3 тэрбум төг­рөгийг
нөхөн төлүүлж, 17 тэрбум төгрөгийн эд хө­рөн­гийг битүүмжилж, хам­гаалалтад аваад
бай­гаа гэнэ.

Авлигын хэрэгтэй холбоотой асуудлаар шүүх хурал
нийт 26 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ялласан байна.

Энэ онд АТГ-ынхан Монгол Улс дахь авлигын индексийг
анх удаа гаргасан бөгөөд үүгээр авлигын индекс 0.65 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх
онтой харьцуулахад 0.02 хувиар өссөн тоо ч сүүлийн хоёр жилийн дүнгээрээ авлигын
индекс буураад байгаа аж. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэг буурч байгаа гэж ойлгож
болох нь.

Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан нийт 187 хэргийн
70 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан бол хэтрүүл­сэн хэрэг нь
25 байжээ.

Хээл хахууль өгөх, авах хэрэг 42 бүртгэгдэж, мөрдөн
байцаах ажил­ла­гааг явуулан холбогдох шийдвэ­рийг гаргаад байгаа гэнэ.

Харин нийт шалгасан хэргийн дотор улс төрийн албан
хаагч 35, төрийн үйлчилгээний албан хаагч 42, төрийн тусгай албан хаагч 46, төрийн
захиргааны албан хаагч 48 байжээ.

АТГ-аас яллах дүгнэлт үйлдүү­лэхээр шилжүүлсэн
эрүүгийн зарим хэргүүдийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Ямар хэргүү­дийг хэрэгсэхгүй
болгосныг дуул­гая.

-Дарханы Төмөрлөгийн үйлд­вэр ТӨХК-ийн ерөнхий
захирал Т.Ганболд албан тушаалаа урвуу­лан ашиглаж, бусдад давуу байдал олгон
2007 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүнд даацын автомашин худалдан авах тендерийн
ялагчийг хууль бусаар шалгаруулан төсөвт онц их хэмжээний хохирол учруул­сан байдаг.
Мөн Дарханы Төмөр­лөгийн үйлдвэрээс ган бөмбөлгийн бэлдэцийг “Эрдэнэт” үйлдвэрт
шууд нийлүүлэх бололцоотой байтал өөрийн үеэл дүү Д.Ирмүү­ний нэр дээр Хонконгт
бүрт­гэгд­сэн “Стандарт металс лимитед” гэх компанитай их хэмжээний үнийн дүн бүхий
ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэх гэрээг холбог­дох хүмүүст танилцуулахгүйгээр 20
мянган тонн ган бөмбөлгийн бэлдэ­цийг “Эрдэнэт”-д нийлүүлсэн. Гэрээ­ний төлбөрийг
“Стандарт металс лимитед” компаниар дам­жуу­лан авч, гэрээний үнийн дүн­гийн зөрүү
ашиг болох гурван сая ам.долларыг завшсан нь тогтоогд­сон. Уг хэргийг өнгөрсөн оны
зурга­дугаар сард яллах дүгнэлт үйлдүү­лэх саналтайгаар прокурор руу шилжүүлсэн
ч НПГ-ын хяналтын прокурор С.Алимаа хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

-Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа тогтоол
зөрчин засаг даргын Эдийн засгийн зөв­лөх нэрээр Г.Доржхорлоог томилон Засаг даргын
орлогчийн цалин хангамжийг 2009 оноос хойш олгож, 29.7 сая төгрөгийн хохирол учруулсан
хэрэг гарсан. Уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

-“Монгол сафари” ХХК-ийн бригадын дарга Н.Баярмагнай
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Өвөргуут гэх газраас 2011 оны арваннэгдүгээр сард
зохих зөвшөө­рөлгүйгээр дөрвөн мет­рийн урттай, 367 ширхэг нарсан бөөрөнхий мод
бэлтгэж, тээвэрлэн хадгалсны улмаас байгаль экологид 30.5 сая төгрөгийн хохирол
учруулсан хэрэг бий. Эл хэргийг энэ оны гуравду­гаар сарын 13-нд яллах дүгнэлт үйлдүүлэх
саналтайгаар проку­рорт шилжүүл­сэн ч хэрэгсэхгүй болгосон байна.

-“Монголросцвемет” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэ,
орлогч захирал Т.Доржбал нар албан тушаалаа урвуулан ашиг­лаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэн
завшиж, үрэгдүүлсэн байж болзош­гүй хэргийг шалгах явцад прокуро­роос хэргийг нь
татаж, шууд хэрэг­сэхгүй болгосон байна.

Тэд 2007 онд 442.8 сая төгрө­гийн өртөг бүхий
балансын үлдэг­дэл бүхий МТХБ-ыг дуудлага худал­даагаар худалдан борлуулах зөвшөөрөл
өгсөн байхад дуудлага худалдаа явуулалгүй “Итгэлт аудит” ХХК-иар 1.014.600.000 төгрөгөөр
үнэлүүлж дээрх МТХБ-ыг өөрсдийн нэр бүлийн гишүүдийн хувь оролцоотой “Интердесижн”
ХХК-ийн нэр дээр шилжүүлэн эзэмш­сэн байдаг.

-“Хур хүү” ХХК “Эрдэнэт” үйлд­вэр­тэй 2010 оны
наймдугаар сарын 12-ны өдөр мянган тонн ган бөмбөлөг нийлүүлэх 870.000 ам.долларын
үнэ бүхий гэрээ бай­гуу­лан, урьдчилгаа 783.000 ам.долларыг гурав хоногийн дараа
шилжүүлж авчээ. Гэтэл тус компа­нийнхан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж.
Уг гэрээний хуга­цаа 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон байдаг.
“Хур хүү” компанийн захи­рал Б.Билгүүн нь “Эрдэнэт” үйлд­вэ­рийн Ерөнхий захирлын
хөгж­лийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энхийн төрсөн эгчийн хүүхэд юм
байна. Ц.Бат-Энх ийн бусдад давуу байдал олгон албан тушаалын байдлаа урвуу­лан
ашиглаж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ хэргийг
яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч НПГ-ын хяналтын прокурор
Ж.Отгонцэцэг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарга­сан байна.

-Үндэсний худалдаа, аж үйлд­вэ­рийн танхимын дарга
С.Дэмбэрэл албан тушаалын байд­лаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон, тус
танхимын нэр дээр олгогдсон газраас 5000 м.кв талбай бүхий газрыг “Дэлхийн худалдааны
төв” ТББ-д шилжүүлэн өгч их хэмжээний хохирол учруулж, байгууллагын өмчийг үрэгдүүлсэн
хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байхад нь прокуророос татаад
хэрэгсэхгүй болгожээ.

-Бас нэг хэргийг шалгах явцад нь прокуророос татаад
хэрэгсэхгүй болгосон байна. Энэ бол Х.Наран­хүүд холбогдох хэрэг. Тэрээр
2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллах байх­даа И.Жавхлант
захиралтай “Эксим инвест” ХХК-д 2.4 сая ам.долларын вексель бичиж тоног төхөөрөмжийн
гэрээ байгуулж, албан тушаалын байдлаа урвуу­лан онц их хэмжээний хохирол учруулсан
байдаг.

-Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга
асан н.Нэргүй, Архангай аймгийн Засаг дарга Ж.Хүрэлсүх, аймгийн МАХН-ын хорооны
дэд дарга Б.Өсөхбаяр, Батцэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлчулуун
нар хамтран 2008 оны гуравдугаар сарын 7-ны өдөр аймгийн МАХН-ын байрыг засварлахад
25 сая төгрөгийг Батцэнгэл сумын “Тарвачимбуулин” хийдийг заса­хад зарцуулсан гэх
нэрээр гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэг бий. Энэ хэрэгт
өнгөрсөн наймдугаар сарын 9-нд яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргасан ч НПГ-ын хяналтын
прокурор Н.Үүлэн хэрэгсэхгүй болгосон байна. Энэ мэтээр олны анхаарлыг татаж, улсын
төсөв, байгууллагад их хэмжээний хохи­рол учруулсан олон хэргийг прокуророос хэрэгсэхгүй
болгосон байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Найруулагч Д.Бямбасүрэн: Леонардо ди Каприог их өрөвдсөн

Монголтой холбоотой, Монголыг сонирхдог гер­ман­чуудаас
“Ингэн нулимс” киног үзээгүй хүн бараг үгүй болов уу. Манайхны талаар ярихдаа “Ингэн
нулимс” киног заавал дурд­даг. Энэ киноны найруулагч Д.Бямбасүрэн­тэй  Берлин хотноо уулзсан юм. Тэр­бээр Мюнхений Телевиз,
киноны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд “Ингэн нулимс” кино зөвхөн Оскарт нэр дэвшсэнээс
гадна Баварийн телеви­зийн шагнал, Баварийн шил­дэг киноны шагнал, “Direc­tors
Guide of America Award”, Германы Киноны шагнал зэргийг хүртсэн. Харин “Шар нохойн
там” киногоороо Германы Үндэс­ний Кино Академийн “Ал­тан Лола” шагнал” авсан юм.
Д.Бямбасүрэн нь Оскарт нэр дэвшсэн Монго­лын цорын ганц найруу­лагч гэдгийг дурдах
нь зүй­тэй байх.  Түүнээс сүүлийн үед яагаад
чимээгүй бол­сон талаар асуухад  “Ээжийн ажил
хийгээд  завгүй байгаа” хэмээн тайлбарласан
юм.

-2005 онд та “Ингэн нулимс” киногоороо Оскарт
нэр дэвшиж, Холливудын оддын хамт “Кодак” кино театрт мөр зэрэгцэн зогсож байсан
тэр үеэ эргэн нэг дурсаач.

-Яахав дээ, тэр үед би чинь оюутан байсан шүү
дээ. Оюутан хүн ямар байдаг билээ. Хоол, байрныхаа мөн­гийг яаж олох вэ гээд л өдөр
нь сураад л, орой нь ажил хийдэг байсан үе. 
Тийм том, нэр хүндтэй юм руу орчихлоо шүү гээд л учиргүй бодоод байгаагүй.
Тэр үеийг эргэн дурсахдаа ч би тэгж их омог­шоод, бардаад байдаггүй. Мэдээжийн хэрэг
богинохон хугацаанд болж өнгөрсөн боловч маш хурц сэтгэгдэл үлдээсэн мөч байлаа.
“Кодак” кино театрт, Оскар гардуулах ёслолын ажиллагаанд орол­цоод явж байхад хоёр
гурван ч удаа намайг сандаргасан гэх тийм тохиолдол гарсан. Хүмүүс­тэй юм ярьж байгаад
л эргээд харахад маш  танил царай харагдана.
Тэгээд л сандраад толгой дохино.

-Нөгөө телевизээр кино байнга гардаг дэлхийн нэртэй
жүжигчид бүр танил хүн шиг харагдаад уу?

-Тийм. Ер нь бол нөгөө хүршгүй, халдашгүй хол
бай­сан хүмүүс чинь бидний л адил, бие биетэйгээ наргиа наадам хийгээд л явж байсан.

-Оскарт нэр дэвшээд “Кодак” кино театрын тай­зан
дээр зогсоод нэрээ дуудуулж байхад ямар санагдаж байв?

-Тэр үед би Леонардо де Каприог л их өрөвдсөн.
Мань хүн шагналд нэр дэвшигч­дийн нэрийг танилцуулсан. Тэгээд миний нэрэн дээр ирээд
хэлэх гэж нэлээд гац­хад нь би дагаад бүр сандар­чихсан. Бусад нэрүүдийг торох­гүй
уншсан. Харин миний нэрийг дуудахдаа бүр цаасаа шагайж ирээд л  нэрийг маань гурав тасалж уншиж билээ.

-Тэр үед “Ингэн нулимс” киног Монголд хэрхэн хүлээж
авсан бэ?

-“Оскар”-д нэр дэвших кинонуудад тавих болзол
гэж байдаг л даа. Тэрний нэг нь эх орондоо доод тал нь нэг долоо хоногийн хугацаанд
кино театруудад гарсан байх ёстой. Тэгээд сургуулиас маань намайг түргэн Монгол
явж киноныхоо нээлтийг хий гэсэн даалгавар өгсөн. Тухайн үед Улаанбаатарт хамгийн
боломжтой нь “Од” кино театр байсан. 2003 он шүү дээ. Хүмүүс кино театрт кино үзэхээ
больчихсон бай­сан үе. Би кассан дээр нь зогсоод хүн үзэх болов уу гээд л догдлоод.
Ганц хоёр хүн ирнэ. Тэд нар нь “Өө Монгол кино юмуу. Тасалбараа буцааж болох уу”
гэнэ. Ямар ч байсан долоо хоног гарга­сан. Тэгээд Америкийн кино академиас тавьдаг
бүх шаард­лагыг нь хангаад кино­гоо явуулсан. Уг нь бол бид шилдэг гадаадын кинонд
дэвшүүлсэн боловч гарч чадаа­гүй. Зуун хувь Германы хөрөнгө оруулалтаар хийгд­сэн
киног Монголын өмнөөс нэр дэвшүүлэх гэсэн боловч бүтээгүй. Харин хойтон жил нь  Америкийн зүгээс шилдэг баримтат кинонд дэвшүүл­сэн.

-“Ингэн нулимс”-аас хойш ямар кинонууд хийсэн
билээ?

– Миний уран бүтээлийн санд “Ингэн нулимс”-аас
гад­на хэд хэдэн богино хэм­жээ­ний кино бий. Кино теат­раар гарч олны хүртээл бол­сон
нь гэвэл “Шар нохойн там”, “Эзэн богдын хоёр загал” нэртэй бүрэн хэмжээ­ний кинонууд
бий.

-Ингэхэд яагаад най­руу­лагч болохоор шийдсэн
юм бэ?

-Бүр багаасаа л урлагийн хүн болохыг  мөрөөддөг бай­лаа. Сургуульд ороогүй байх­д­аа
аавыгаа драмын дугуй­ланд оруулж өг гэж гуйсан. Тэгээд аав маань Тээвэрч­дийн соёлын
ордны драмын дугуйланд очиж асуугаад уншиж бичиж чаддаггүй хүүх­дийг авдаггүй юм
байна гэсэн. Ингээд шинэ Пионе­рийн ордны драмын дугуй­ланд орж суралцсан. Анх тайзан
дээр жүжигт тоглож, яваандаа концертын хөтлөгч болон Монгол телевизэд хүүхдийн нэвтрүүлэг
хөтөлдөг байлаа. Би 1989 онд 10-р ангиа төгссөн. Тэр үед цаг үе ямар байлаа. Гэтэл
тэр жил нь Кино драмын ангид хөдөө­ний төгсөгчдийг авсан тул би орж чадаагүй. Ингээд
байж байтал дээд сургуулиуд төл­бөр­тэй болсон. Ер нь нөгөө жүжигчин болно гэсэн
мөрөө­дөл маань нэг л мэдсэн байх­гүй болсон доо. Ингээд 1994 онд Кино урлагийн
дээд сур­гуулийн кино зураглаачийн ангид орсон. Тэр үед сургал­тын материаллаг бааз
гээд байх юм байхгүй байсан. Камер, хальс гээд маш их зүйлтэй ажиллаж харьцаж сурах
ёстой шүү дээ. Гэтэл тэр бүгд нь байгаагүй. Нэг хоёр жилийн дараа ер нь л ийм байдлаар  юм сурахгүй нь гэдгийг ойлгосон. Ингээд гадаг­шаа
явж суръя гэсэн нэг бодолтой болж өөрөө нэлээд хөөцөлдсөний эцэст Мюн­хений Телевиз,
киноны дээд сургуульд орсон.   

-Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийг төгсөөд
Монгол руу буцах бодолтой байсан уу?

-Хурдхан сургуулиа төг­сөөд нутагтаа очих юмсан
гэж боддог байлаа. Гэвч хүний хувь заяа гэдэг урьдчилан хэлэхийн аргагүй шүү дээ.

-Ямар шинэ уран бүтээл хийж байгаа талаараа манай
уншигчдад сонирхуу­лаач.

-“Нүүдэлчин Монгол” гэсэн гурвал маань миний хэзээ
ч санаж мөрөөдөөгүй амжилтыг надад авчирсан. Гэвч одоо ийм сэдвийг давт­маар­гүй
байна. Ер нь бол  нэг уран сайхны кино хийж
өөрий­гөө сорьё гэсэн бодол бий.

-Өнгөрсөн зун киноны зураг авахаар өөрийг чинь
Монголд очсон гэж сонссон юм байна?

-Бүх урлагийн дотроос хамгийн үнэтэй нь кино урлаг
гэдэг шүү дээ. Дэлхийг хамар­сан энэ хямралын 
үед хаа сайгүй хэмнэлтэд орсон. Кино урлагийн салбар хам­гийн их хэмнэлттэй
ажиллаж байгаа. Гэтэл би гэдэг хүн энэ цагийн аясыг сөрөөд л явна даа. Уран сайхны
кино хийнэ гэдэг өмнөх уран бүтээлүү­дээс хэд дахин их хөрөнгө шаардана. Тийм учраас
нэг бус нэлээд хэдэн газраас санхүүгийн дэмжлэг авах хэрэгтэй болж байна. Би  ССАЖ-ын сайд Ц.Оюун­гэрэлд захидал бичиж дэмж­лэг
хүссэн. Өнгөрсөн зун сайд­тай хэд хэдэн удаа уул­за­хад дэмжихээ илэрхийл­сэн. Мөн
Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржтой  уулзахдаа ч дэмжлэг
хүссэн юм. Маш  их ажлынхаа хажуугаар нэгэн
уран бүтээлчид надад зав гаргаж  хүлээн аван,
дэмжи­хээ илэрхийлсэнд би хувьдаа маш их баярласан.

-Тэгвэл таны шинэ уран бүтээл Монголын талын санхүүгийн
дэмжлэгээр бүтэх юм байна. Тийм үү?

-Тэгэх байх гэж ихэд найдаж байгаа. Өнгөрсөн зун
миний уран бүтээлд санхүү­гийн дэмжлэг үзүүлэх сайдын тушаал гарсан. Гэтэл тушаал
гэнэт цуцлагдсанаас ажил маань зогссон.

-Соёлын яамны эрх мэдэл бүхий хүмүүсийг “шагнаагүйгээс”
болоод тушаал цуцлагдсан гэж би сонссон юм байна.

-Цуцлагдсан нь үнэн. Харин үүнийг хээл хахуультай
холбон тайлбарлах гэж яаран оролдох нь дуулиан хайсан хэрэг болох болов уу. Гэхдээ
гарсан тушаал цуцлагдсаныг сонссон хүн болгоны толгойд хамгийн түрүүнд орж ирэх
тайлбар нь хээл хахуультай холбоотой байсан юм шүү. Миний ойр дотнын хүмүүс, найз
нөхөд маань хүртэл намайг  хайхрамжгүй, бусдын
дэмжлэгийг үнэлээгүй хэмээн шүүмжилж байсан нь 
намайг үнэхээр гайхшралд оруулсан. Энэ бол эмгэнэл. Нийгэм маань хээл хахуулийн
сүл­жээнд хир автсаны нэг тод жишээ юм. Харин энэ Засгийн газар маань үүний эсрэг
их зүйл хийж байгаа гэж яриад байгаа. Энэ нь 
хоосон яриа юу, бодит ажил уу гэдгийг цаг хугацаа л харуулна.

-Тухайн үед яамны зүгээс ямар нэгэн тайлбар хийсэн
үү?

-Цуцлагдсан шалтгааныг тухайн үед Сангийн яамны
Худалдан авах ажиллагааны хуулийн Бараа, ажил, үйл­чил­гээ худалдан авах босго үнийн
заалттай зөрчилдсө­нөөс болсон гэдэг тайлбарыг 
сайд надад өөрөө өгсөн. Магадгүй энэ нь шинэ тулга­раас үүдэлтэй асуудал
бай­сан биз. Тэгж байтал сүүлийн улиралд улсын төсвийн орло­го тасалдсан учраас
энэ жил яамнаас ямар ч киног дэмжих боломжгүй боллоо гэсэн тайл­барыг  е-мэйлээр ирүүл­сэн. Ирэх онд улсын төсөв тогтвортой
байвал асуудал нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Берлин дэх сурвалжлагч Ю.ДЭЛГЭРМАА

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Эрдэнэбат: Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбаттай
ярилцлаа.

-Байнгын хороод өнөөдрийнхөө (өчигдөр)
хуралдаанаар дарга нарынхаа асуудлыг авч хэлэлцэн хуучин дар­гаараа цааш нь удир­дуу­лахаар
боллоо. Харин Төсвийн байнгын хороо чимээгүй өнгөр­чих юм. Даргынхаа асууд­лыг ярихгүй
байсан юм уу?

-Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх
дараалалд ороогүй тул энэ удаагийн байнгын хороо даргын асуудлаа хэлэлцээгүй. Байнгын
хо­рооны дарга хоёр жи­лийн хугацаанд ажиллах боломжтой байдаг. Төс­вийн байнгын
хороо тэр журмаар явах байх.

-Ардын намын бүл­гийн зүгээс хоёр
сайдыг огцруулах өргөдөл гар­гасан ч дэмжлэг аваа­гүй. Цаашид бүлгийн зүгээс ямар
арга хэмжээ авах вэ?

-Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөлөл
гарч байна уу гэвэл үгүй. Харин хоёр сайдыг нь өөрчлөөд үзвэл гарч магад­гүй. Манай
эдийн засаг өсөлттэй байсан бол заавал уг хоёр сай­дыг огцруулах хэмжээнд хүртэл
ярих шаардлага байхгүй. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар бай­гуулагдсанаас хойш
эдийн засаг байнгын ухрал­тын байдалтай байсан нь уг асуудлыг хөн­дөхөөс өөр арга
бай­сангүй. Хариуцлагагүй ажилласан хүмүүс ха­риуц­лага хүлээж байж хөгжил ирнэ.
Тэгэхгүйгээр хэн нэгний толгойг илс­нээр эдийн засаг сэргэдэг бол хамаа алга л даа.
Гэтэл эдийн засаг өсөлт­тэй байна хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлж бай­гаа ч бодит
амьдрал дээр ямар ч өсөлт байхгүй нь мэдрэгдэж байна. Эдийн засаг дандаа уруу шаа­риг­дах
биш өгсөж, буурч байсан энэ хүмүүс алдаа, оноотой ч ажиллаж бай­гаа юм байна гэж
харах байлаа. Харамсалтай нь хоёр сайдын барьж буй бодлого буруу байсан.

-Хоёр сайдын хувьд өмнө нь засагт
ажиллаж байсан хүмүүс. Эдийн засгийн туршлага­тай­гийн хувьд туршлагатай даа?

-Би Сэлэнгэ аймагт Санхүү хэлтсийн
даргаар ажиллаж байсан. Ч.Улаан сайд их зарчимч хүн байлаа. Ний нуугүй хэлэхэд Ч.Улаан
сайдын ажилд сэтгэл дундуур байгаа юм. Ямар учраас яагаад ийм байдалд хүрснээ өөртөө
дүгнэлт хийж байгаа болов уу гэж бодож байна. Намайг орон нутагт ажиллаж байхад
Ч.Улаан сайдын тавьж буй шаардлага, улс орны эдийн засгийг хөг­жүүлэх тал дээр авч
хэрэг­жүүлж буй бодлого нь зөв зүйтэй явдаг байв. Өмнө нь ажиллаж байсан турш­лага
дээр үндэслэхэд тө­сөв орлогын төлөвлөлт, зарцуулалт болохгүй бай­на гэдэг санал
хэлж байсан юм. Ч.Улаан сайд эдийн засгийн өсөлттэй холбож төсвийг уялдуулж болохгүй
гэж хэлж байх жишээтэй. Төсвийг зохи­цуу­лах гол үндэс нь эдийн засгийн өсөлт л
байдаг. Эдийн засаг хэдий хэм­жээгээр өсч чадна төсөв тэр хэмжээгээр нэмэгдэх бааз
суурь болдог.

Бодит эдийн засгийн өсөлт бий болсон
үед төсвийн орлого байнга өсдөг. Бодит бус эдийн засаг өссөн тул өнөөдөр төсөв тасарч
байна. 2012 оны төсөв бодит эдийн засгийн өсөлттэй байсан юм. Тиймээс 600 гаруй
тэрбум төгрөгөөр улсын орлого нэмэгдэж байлаа. Гэтэл 2013 оны эдийн засаг бодит
өсөлт биш. Өөрсдийнх нь хэлдгээр хөөс л байхгүй юу. Хөөс ихээр бий болсон үед орлого
өмнөх оныхоос буурдаг. Ийм нөхцөл бий болчихоод байхад мэд­сээр байж эдийн засгийн
арвин туршлагатай хүн алдаж байгаа нь эрх ба­ригчдад таалагдсан бодлого барьж байгаатай
холбоотой.

-Хөрөнгө оруулал­тын хуулиа баталсан.
Одоо эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн хууль батлаг­да­на. Ам.долларын
ханш ч буураад эхэллээ. Ирэх оны төсөвт гэрэл гэгээ тусах шинж байна уу?

-Ам.долларын хувьд өмнө 1350 төгрөгтэй
байж байгаад 1780 болоход хэн ч дуугараагүй. Бүгд л чимээгүй суусан. Одоо 100-хан
төгрөгөөс ам.дол­ларын ханшийг буулгас­ныхаа төлөө бодлогын шинж чанартай арга хэм­жээ
авсан гэж цээжээ дэл­дэх шаардлагагүй. Бод­логын шинжтэй арга хэм­жээ авсан бол
энэ оны түвшингээр бүх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл оны эхэнд 1350-тай бай­сан
ам.доллар өнөөдөр 1640 төгрөг хүрсэн байгаа нь Засгийн газраас явуулж буй бодит
бод­логын үр дүн мөн үү. Үүнийг бодох л хэрэгтэй. Хэвлэлээс харж байхад арилжааны
банкууд дол­лар зарах саналаа Мон­голбанкинд хүргүүлж бай­на гэсэн мэдээллийг хар­сан.
Арилжааны банкууд хаанаас валютын эх үүс­вэртэй болов. Хөрөнгө оруулалт буурсан
энэ үед арилжааны банкуудад хэн доллар байршуулаад байна вэ. Яахав ээ уг бодлого
шинэ жилийн наана иргэдийн гарт байгаа валютыг татах зорилготой төр засгаас зохиомлоор
явуулж байгаа арга хэмжээ байх. Ирэх оны эхний хагасаас өмнө валютын хомсдолд орох
болов уу. Яагаад гэхээр арилжааны бан­кууд, Монголбанк дээрх валют дуусч, иргэдийн
гарт валютгүй болсон бай­на. Өмнө нь хэдэн сарын турш арилжааны банкууд Монголбанкнаас
валют нэхэж байсан хэрнээ яаж гэнэт валюттай болчихов. Ямар бодлогоор ингэж валюттай
болсныг нь нэг талдаа би хардаж байна. Нөгөө талдаа уг бодлого удаан үргэлжилбэл
улс орны эдийн засгийн нөх­цөл байдал ард түмний нуруунд ачаа болохдоо асар хүнд
ачаа болж бууна.

Сүүлийн дөрөв, таван жил гадаадаас
улаан буудай импортлоогүй улс өнөөдөр 100 мянган тон­ныг импортолно. Үүнд татварын
хөнгөлөлт үзүү­лээч гэж байна. Тиймээс валютын урсгал мөн л гадагшаа байна гэсэн
үг. Манай орны эдийн засагт орж буй валют нь гарч буй урсгалаасаа дандаа бага байдаг.
Валютын гадагшлах урсгал бай­гаад байна гэдэг нь ам.долларын ханшийг буурахад хэзээ
ч нөлөөлдөггүй.

-Эдийн засгийн байн­гын хороон
дээр Ашигт малтмалын тухай хуу­лийг оруулж хэлэлц­лээ. Гар дээрээ уг хуу­лийн төслийг
авч хар­сан уу. Ямаршуухан төсөл болсон бол?

-Одоогоор уг хуулийн төсөл надад ирээгүй.
Хү­мүүсийн хардаж байгаа­гаар Алтны ил тод байд­лын тухай хуулийн са­нааг нэрийг
нь өөрчлөөд буцаан оруулж ирж бай­на гэсэн. Үнэхээр тийм эсэхийг нь хараагүй боло­хоор
тодорхой мэдээлэл өгөх боломж алга байна.

-Танай намын бүл­гийн зүгээс гишүүдийг
ажилдаа ирэхийг шаар­даж байсан. Гэтэл үүнд арга хэмжээ авах зо­рил­готой хурууны
хээ­гээр бүртгэх төхөө­рөм­жийг суурилуулсны дараа янз бүрийн зүйл ярьж хойш чангааж
бай­гаа нь ямар учиртай юм бэ?

-Манай намын бүл­гийн гишүүд уг асуудалд
тохирсон саналыг өмнө нь өгч байсан. Хуралдаа ирдэггүй, ирээгүй гишүү­нийхээ өмнөөс
санал өг­дөг зөрчил энэ Их хуралд элбэг байна. Тиймээс УИХ-ын гишүүн хуруу­ны хээгээр
ирцээ бүртгүүлж, хуруу­ны хээгээр саналаа өгдөг байя гээд хуулийн төсөл санаачлан
оруул­сан ч уг хуулийг жил орч­мын хуга­цаанд огт хэ­лэлцээгүй. Тэгсэн хэрнээ эрх
баригч намын гишүү­ний санаачилсан хуулийг хэдхэн хоно­гийн дотор хэлэлцэхээр оруулж
ирж байгаа юм.

 

Уг хуулинд хурууны хээгээр ирцээ бүрдүүлнэ
гэж заа­сан. Ирц бүрдүүлэх яахав ээ ямар нэгэн аргаар яаж ч бүрдүүлсэн болно. Хам­гийн
гол нь санал өгдөг асуудал нь чухал байхгүй юу. Энэхүү хуулийг харахад өглөө ирж
ирцээ бүртгүүлчихээд яваад өгөхөд байг гэх газаргүй. Засгийн газрын 19 гишүүний
17 нь Их хуралд сууж байгаа болохоор тэд өөрсдөдөө таарсан хуулийг баталж байна.
Манай намын зүгээс оруулж ирсэн саналыг авч үзсэн бол ард түмний төлөөлөл болж Их
хуралд орж ирсэн хүн ажлаа л хийх ёстой гэсэн шаардлага тавьсныг мэдэх юм. Цаашид
Их хурлын гишүүд ажил­даа хариуцлагатай хандаж идэвх­тэй байх ёстой. Бид эмч, багш
нар ажлаа хийсэнгүй гэхийн оронд өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй.

-Сүүлийн үед гэнэт МАН-ын бүлгээс
шаардлага хүргүүлж, шахаа хийж эхэлсэн нь магадгүй хамтарч засаг барих гэсэн санаархал
байж мэднэ гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Намын Их хурлын дараа бид орон нутагт
ажилласан. Бидний тавьж буй шаардлага ард түмний шаардлага юм шүү. Намынхны очиж
уулзсан газар бүрт амьдрал ахуй хүнд, бэрх байгаа тухай хэлж байсан. Ард түмний
хэлсэн үгийг л бид чуулганы танхимд хэлж байгаа юм. Биднийг төрийн болохгүй бү­тэх­гүй
зүйлсийг хэлж байх хэрэгтэй гэж ард түмнэ сонгоо биз дээ. МАН-ынхан хөдөөгүүр явж
ирчихээд худлаа ярьж байна гэж байгаа бол өөрсдөө орон нутагт очиж бодит байдалтай
нь танилцах хэрэгтэй. Цаашид эрх баригчид энэ байд­лаараа яваад байвал зөв зүйтэй
шаардлагаа бид тавих л болно. Магадгүй бидэнтэй нэгдэх хүсэлтэй гишүүн байхыг үгүйсгэх­гүй.

МАН-ын хувьд бид бодлогын үйл ажиллагаагаа
сайжруулаач ээ гэдэг л шаардлага тавьж байгаа. Түүнээс хамтарч засагт оръё гэсэн
бодол байхгүй. Яагаад гэхээр ийм уналттай байгаа эдийн засгаа өөд нь гаргахын тулд
өөрсдөө хичээж ажиллах ёстой. МАН засагт орчих­вол дуугарч байсан дуу хоолой үгүй
болж мэднэ. Тиймээс алдаа­тай бодлогын үр дүнд эдийн засаг улам л уруудах болно.
Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй. Миний
хувьд энэ Засгийн газартай хамтарч ажиллана гэдгийг огт таашаахгүй байна. Өмнө нь
МАН 40 гаруй суудалтай байхдаа 20 гаруй суудалтай АН-ыг урьж Зас­гийн газартаа оруулж
ажиллаж байсан. Тэгэхгүй бол хоёр нам хоорондоо тэрсэлдээд ажил ерөө­сөө урагшилдаггүй
юм. Тэгэхэд УИХ-ын дэгийн тухай хуульд одоо­гийнх шиг өөрчлөлт оруулаагүй байсан.
Нэг нам нь завсарлага авчихвал тодорхойгүй хугацаагаар завсарлага авах боломжтой
бай­лаа. Түүнээс болж олон чухал ажил гацах нь энүүхэнд байсныг бид мэднэ. Одоо
бол харин тийм байдал үгүй болсон.

-Танай намыг сүрхий шан­таажчин
нам болсон гэж ярих болсон?

-Ардчилсан нам шантаажчин нам байсан.
Өөрсдийнхөө шийдвэ­рийг хэрэгжүүлэхийг тулд эрх барьж буй намыг дарамталж, шахдаг
байсан. Тэгж өөрсдийнхөө шийд­вэрийг гаргуулдаг байсан нь үнэн шүү дээ. Тэгэхэд
гацаанаас гара­хын тулд ардын нам АН-ыг засаг­таа урьж байсан юм. Ингэснээрээ гацаанд
ороод байсан эдийн зас­гийн өндөр ач холбогдолтой зүйл­сийг хөдөлгөөнд оруулж гацаанаас
гаргасан тул Монгол Улсын эдийн засагт өсөлт гарсан. Одоо АН бүх муу муухайгаа МАН
руу чихэж эхэлсэн. 20 гаруй жил засаг барьчи­хаад юу хийсэн юм гэж байна. Энэ хугацаанд
2.4 их наяд ам.долла­рын урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Уг зээл хөгж­лийн
зээл байсан. Шинэчлэлийн Засгийн газрын авч буй зүйл нь богино хугацааны бонд байхгүй
юу. Энэ бол хөнгөлөлттэй зээл биш арилжааны зээл юм. Үүнд асар их ялгаа бий. МАН
хөнгөлөлттэй зээл авч олон өөрчлөлтийг хийсэн гэдгийг мартах ёсгүй. Тэр үед АН юу
хийж байсан юм. Хугацаагүй завсарлага, шантаажаа л хийж байсан байхгүй юу.

Тэр үеийн хамтарсан Засгийн газар
Чалкотой гэрээ байгуулсан. 10 жилийн хугацаанд тогтвортой­гоор Чалкотой нүүрс нийлүүлэхээр
болсон. АН-ынхан тэгэхэд Мон­голын баялгийг эд нар Хятадад хямдхан өгөх гэлээ гэсээр
байгаад уг гэрээг хүчингүй болгосон. Мон­голд нүүрснийх нь крант байгаа мэтээр эндүүрсэн.
Бид нүүрсээ өгөхгүй байсан ч болно гээд бай­сан хүмүүс өнөөдөр өөрсдөө хята­дуудыг
царай алдан 40 ам.долла­раар гэрээ байгуулъя гээд явж байна. Аливаа хүнд холч ухаан
гэж байх ёстой. Холч ухаанаар ханд­сан зүйлийг Ардчилсан нам ойл­гоогүй. МАН-ын
бүлэг 10 жилийн турш 70 ам.доллараар нүүрсээ гаргана гэж байсан. Эрх баригчид “Бид
нүүрсээ өгөхгүй. Тэд гуйна” гэж тооцсон нь алдаатай байсныг харж байгаа биз. Өнөө
нүүрсний крант Монголд биш Хятадад л байсан байхгүй юу. 70 ам.доллараар нүүрс гаргах
гэрээгээ байлгаж байсан бол өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрс­ний үнэ буурч байгаа
үед бид л хожих байсан. Үүнийг харж чадаа­гүй. Энэ мэтчилэн олон алдааны­хаа дүнд
хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Иймэрхүү алдаа дутагд­лыг нь хэлэхээр “Та нарын алдаа­ны
лай ланчигийг үүрч байна” гэдэг. Уг нь лай ланчиг биш бодит үр дүн байсан юм.

-Сүүлийн үед бүлгийн даргаа солихоос
эхлээд танай нам хөдөлгөөнтэй байлаа. Таныг бүлгийн дэд дарга болох гэж байгаа гэх
юм?

-Их хурлаас хойш идэвхтэй ажиллаж
байна. Цаашид ч ингэж ажиллана. Намын бүлгийн дэд дарга болъё гэсэн санаа надад
алга.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Оросын найрамдалт харилцаа сэргэн хөгжинө

Монголын Энх тайван най­рамдлын байгууллага
(МЭНБ)-ын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөө­лөг­чид өнгөрсөн долоо хо­ногт ОХУ-д
албан ёсны айлч­лал хийлээ. Энэхүү айлч­лалын гол зорилго нь хоёр улсын уламжлалт
найрсаг харилцаа холбоог сэргээж, шинэ шатанд хөгжүүлэн бэхжүү­лэхэд оршиж байв.

Монгол Оросын найрам­далт харилцаа
эртнээс ул­баа­тай бөгөөд 1990-ээд оныг хүртэл сэв суугаагүй үргэл­жилсэн билээ.
Харин 20-иод жилийн өмнөөс хоёр улсад сис­темийн задрал бий болж, улс төрийн нөхцөл
байдал өөрчлөгд­сөнөөр энэхүү най­рамдалт харил­цаа саарсан гэхэд болно. Хэдий­гээр
Мон­гол Оросын хоорондох төр засгийн түвшний харилцаа хэвийн үргэлжилж ирсэн ч олон
нийт, иргэний байгуул­лагын хамтын ажиллагаа орхигдсон нь гарцаагүй үнэн. Тиймээс
МЭНБ уг  харилцааг сэргээж, бэхжүүлэхээр ОХУ-ыг
зорьсон юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд МЭНБ-ын Ерөнхийлөгч
Д.Загд­жаваас гадна ОХУ-ын ТУХН-ийн гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга
Ё.Максим, Монгол Японы найрамдлын нийгэм­лэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин
Л.Дашпүрэв нарын албаны хүмүүс багт­сан байлаа. Ийнхүү хөрш хоёр орны уламжлалт
харил­цааг олон жилийн дараа дахин сэргээх алхмыг эх­лүүлж буй уг үйл явдалд хоёр
тал өндөр ач холбогдол өгч байсан юм. Тиймдээ ч айлчлал амжилттай болов.

Айлчлалын эхний өдөр манай МЭНБ ОХУ-ын
Хам­тын ажилла­гааны хол­боо­той хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ийнхүү уг хамтын
ажиллагааны гэрээ хэлэл­цээрийг шинэчлэн байгуулж, байгууллагууд хэлхээ холбоогоо
сэргээснээр сүү­лийн 20-иод жил саармаг­жаад байсан хоёр орны энх­тайван най­рамд­лын
харил­цааг өргөжүүлж, бэхжүүлэхэд том түлхэц боллоо. Энэ үеэр ОХУ-ын Холбоотны Россот­рудничеств
агентлагийн дар­га К.Косачевын сэтгэгдлийг хуваалцахад “Сүүлийн 20-иод жил, ялангуяа
10-аад жилд нь хоёр орны улс төрийн өөрч­лөлтөөс болж ард түмний дипломат харил­цаа
алдагд­сан. Нэг үгээр хэлбэл, төр засгийн хэмжээний харилцаа хадгалагдсан ч ард
түмний холбоо тасарсан гэж хэлж болно. Тиймээс энэ харил­цааг сэргээхээр хоёр орны
олон нийтийн байгууллагууд хэлэлцээрийг үзэглэлээ. Одоохон­доо заалт төдий байгаа
энэ хэлэлцээр тун удахгүй ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хоёр улсын хооронд байгуул­сан уг
хэлэлцээрт чухам ямар заалтууд орсныг МЭНБ-ын Ерөн­хий­лөгч Д.Загджаваас тодруулсан
юм. Тэрбээр “ОХУ-д суралцах оюутны асуудалд тодорхой ахиц гаргана. Монголд ажиллаж,
амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн нийгэм­лэгтэй хамтарч ажиллах зэрэг заалтууд орсон
байгаа. Мөн ОХУ-д спортын их наадам, соёлын урлагийн чиглэлээр хоёр орон харилцан
арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, орос киноны өдрүүдийг Монголд зохион
байгуулна. Эсрэгээрээ мон­гол киноны өдрүүд ОХУ-д болно” гэв.

Уг айлчлалын үр дүнд 2014 онд Монгол,
Орос, Хятад гурван улсын найрам­далт харилцааг бэхжүүлэх зорилготой гурван талт
форумыг манай улсад зохион байгуулах ажлыг нааштай­гаар шийдвэрлэсэн юм. Энэ арга
хэмжээ нь хөрш орнуудын ард түмэнд зөв мэдээлэл өгч, иргэдийг илүү ойртуулах зо­рил­готой.
Хоёр орны найрамдалт харилцаа ард иргэдийн оролцоо­той­гоор хөгжихөд ихээхэн ач
холбогдолтой форум болно гэж талууд онцолж байв. Ийнхүү шинээр байгуулсан хэлэлцээрийг
хоёр тал бодит ажил хэрэг болгохоор тохи­ролц­лоо. Хоёр орны харил­цааг бэхжүүлэх
өргөжүүлэх чухал ач холбогдолтой энэ гурван талт форумаар асууд­луудыг нарийвчлан
шийдвэр­лэх ажээ. Энэ тухай ОХУ-ын хамтын ажиллагааны холбоо­ны тэргүүлэгчдийн дарга
Г.Л.Муратов ярихдаа “Улс хоорондын харилцаа бол ард иргэдийн санал бо­дол сэтгэл
зүйтэй холбоотой. Танайх ч, манайх ч улс төрийн бодлого, зорилгоо иргэдэд зөв ойлголт
өгч байх ёстой. Нэг нэгнийгээ ойлгуулж, сайн мэдэрдэг байх нь чухал. Хүмүүнлэг спортын
салбаруу­даас гадна ажил хэрэгч уулзалтуудыг орхигдуулж болохгүй. Эрдэнэт, Улаан­баа­тар
төмөр зам гэх мэт хамтарсан нийгэмлэгүүдээ дэмжиж үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд
санаа тавих хэрэгтэй” гэсэн юм.

Айлчлалын хоёр дахь өдөр ОХУ-ын төрийн
думын гишүүн Монголтой найрам­дах бүлгийн дарга, Шударга орос намын тэргүүн С.М.Ми­ронов
МЭНБ-ын Ерөнхий­лөгч Д.Загджавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд хоёр улсын
хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах дээрх хэлэлцээрийг хөндсөн юм. Мөн Монгол,
Орос, Хятад улсын гурван талт форумыг зохион байгуулах тухай, хоёр орны ард иргэдийн
харилцааг тэгш хөгжүүлэхээр хэлэлцсэн юм.

С.М.Миронов “Хэлэлцээ­рээ товлочихвол
эндээс төлөөлөгч очихоос гадна би өөрийн биеэр оролцохыг хичээнэ. Миний хувьд ирэх
зургадугаар сард Монголд зохион байгуулах социнтер­ний хуралд оролцох юм. Тэгэ­хээр
форумд оролцож амжих болов уу. Түүнээс гадна Ерөн­хий сайд, Ерөнхий­лөгчийн түвшинд
тэднийг ч бас оролцуулахаар санал дэвшүүлэх болно” гэлээ. Гурван талт хэлэлцээрээр
боловсрол, хүмүүнлэгийн салбарт одоо байгаа хэлэл­цээ­рээ бэхжүүлж, зам тээвэр,
төмөр зам барилгын чиглэлд харилцаагаа зузаатгахаар санаа тавих тухай талууд ярилцлаа.

МЭНБ-аас С.М.Ми­­роно­вын Монгол Оросын
найрам­далт харил­цаанд оруулсан зүтгэлийг үнэлж тус байгуул­лагын дээд шагнал
“Энхийн мөнгөн од” медалиар шагнав. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хүн төрөлхтний
энх тайван найрамдал, тэр дун­даа Сири улсын үймээнийг шийдвэр­лэхэд оролцсон гавьяаг
нь үнэлж Энхийн алтан од медалиар шагнаж байгаагаа С.М.Миро­новоор дамжуулж уламжлуул­сан
юм.

 М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

М.Уранцэцэг: “Бөртэ чоно”-ын эзэн болоход дэлхийн аваргаас медаль хүртсэнтэй адил мэдрэмж төрсөн

Монголын  үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах
“Бөртэ чоно” ёслол болж өнгөрлөө. Энэ удаагийн “Бөртэ чоно-2013” шагналд нийт
27 тамирчин нэр дэвшсэн юм. Тухайн жилдээ амжилт гаргасан тамирчдыг чансаагаар нь
эрэмбэлж арван тамирчныг шилдгээр өргөм­жилдөг бөгөөд тэргүүлсэн тамирчныг “Бөртэ
чоно”-ын эзнээр тодруулдаг билээ. Энэ жил шилдэг арван тамирчны эхний гурван бай­раас
бусдыг зарласан бол шилдэг гурван тамирчны нэрийг өнгөрсөн даваа гаригт болсон арга
хэмжээний үеэр олонд зарлалаа. Өнөө жил жүдогийн тамирчин Олон улсын хэмжээний мастер
М.Уранцэцэг шилдгийн шилдэг болох “Бөртэ чоно”-ын эзэн боллоо. Харин боксын Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээ­нээс хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ хоёрт орж, гутгаар
байрт дэлхийн Оюутны спортын наадмаас алтан медаль хүртсэн С.Батцэцэг орлоо. Ингээд
“Бөртэ чоно-2013”-ын эзэн ОУХМ М.Уранцэцэгтэй ярилц­санаа хүргэе.

  -Юуны өмнө танд баяр хүргэе.
“Бөртэ чоно”-ын шагнал спортынхны хувьд нэлээд нэр хүндтэй шагнал болов уу?

-Тэгэлгүй яахав. Баярлалаа. 
Зөвхөн спортынхны хүрээнд шилд­гээ шалгаруулдаг ганц том шагнал шүү дээ.
Энэ утгаараа тамирчид ч гэсэн дор бүрнээ битүүхэн хүлээдэг.  Тиймээс 
энэ оны шилдэг тамирчнаар шалгарсандаа үнэ­хээр баяртай байна.

-“Бөртэ чоно”-ын эзэн болно гэдэгтээ
хэр итгэлтэй байв?

-Энэ талаар нэг их бодоогүй шүү дээ.

-Ер нь шилдэг гуравт шалгарсан
гэдгээ мэдсэн байсан биз дээ?

-Тэрийг ч мэдсэн шүү. Ямартай ч сүүлийн гуравт багтсан гэдгээ
мэдээд баярлаж байсан. Ойр дотны хүмүүс ч гэсэн хэвлэл мэдээллээр мэд­чихээд надад
хэлж байсан. Бэлтгэлээ хийнгээ, битүү­хэндээ харж л байлаа.

-Шилдэг гурваас хэн нь шалгарах
бол гэж таамаглаж байв. Тантай шилдэгт шалгараад байсан чөлөөт бөхийн С.Батцэцэг,
боксын У.Мөнх-Эрдэнэ зэрэг тамирчид таныг түрүү­лэх байх гэж байсан?

-Харин хэвлэлээр тийм яриа байсан. Энэ жил манай спор­тынхон бүхий
л төрөлд өмнөх жилээс илүү их амжилт гаргаж, медалийн буухиа тасраагүй. Дандаа мундаг
тамирчид байсан болохоор хэн нь гэж таамаглахад хэцүү. Манай С.Батцэцэг, У.Мөнх-Эр­дэнэ
хоёр ч энэ жил үнэ­хээр олон сайхан амжилт гаргасан. Тиймээс ийм хүчтэй хүмүүс дундаас
гарч ирсэндээ итгээгүй.

-Нэрийг тань зар­лахад их л сандарсан
ха­рагдсан. Тухайн үед юу бодогдов?

-Тийм шүү. Өөртөө итгээгүй. Бразилийн нийслэл Рио Де Жа­нейро
хотноо болсон жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  эх орныхоо алтан соём­бот далбааг мандуулж, аваргын
медаль хүртэх үед яг л тэгж сандарч байсан. 
Тэгсэн хэрнээ их гоё мэдрэмж төрж билээ. Бас нэг зүйл бодогдсон. Анх
2009 онд “Амжил­тын төлөө” төрийн бус байгууллага байгуулагдаад “Бөртэ чоно” наадам
болж байсан. Тэр үед манай Сэрдамба, Бадар-Ууган зэрэг ах нар намайг “Бөртэ чоно”
наадамд урьж байсан юм. Тэгээд “Ахын дүү заавал “Бөртэ чоно”-ын эзэн болоорой. Дэлхийн
хэм­жээний аварга болно шүү” гэж хэлж байсан ерөөл өнөөдөр биеллээ оллоо гэж би
бодож байна. Шаг­налаа аваад орой гэртээ харьсан чинь манай гэрийнхэн оргилуун дарс
буудуулаад баяр хүргэж бөөн юм болсон. Надад үнэхээр гэнэ­тийн бэлэг барьсан шүү.
2005 оноос хойш энэ спортоор хичээллэж өдий зэрэгт хүрэхэд хажууд минь тулж түшиж
байсан дасгал­жуулагчид болох Баярсайхан, Цэвэлмаа, Энхбаяр зэрэг багш нартаа маш
их баярлалаа. Мөн гэр бүл, дэвжээ нэгт найз нөхдөдөө бас баярлалаа гэж танай сониноор
дамжуулж хэлмээр байна.

-Дэлхийн аваргын тэм­цээнийг
эргэн дурсахад Бразилийн бөхтэй өөрийнх нь дэвжээнд зодоглоход  хэр хүнд байсан бэ?

-Ямар ч улс оронд очсон эзэн орны тамирчинтай тулна гэдэг хэцүү.
Мэдээж нутгийн бөхөө л дэмжинэ. Гэлээ гээд би барил­дахгүй гэлтэй биш зөвхөн ялахын
төлөө хичээнэ. Бразилийн бөхийг харин ялна гэдэгтээ их итгэлтэй байсан шүү. Өмнө
нь дөрвөн удаа таарч барилдахдаа гурав ялж, нэг хожигдоод байсан. Барилдаад үзчихсэн
гэдэг утгаараа техник, арга барилыг нь мэдэрч байлаа. Харин Японы жудоч Асамитай
таарах нь баараггүй байлаа. Тиймээс бэлтгэлийнхээ үеэр өчих мэхийг маш олон удаа
давтсан. Зөвхөн Асамид зориулан өчих мэхийг бэлдэж байсан гэж хэлж болно. Бодсон
зүйлээ хийгээд, ялж чадсандаа баяртай байгаа. Мэхээ хийчихээд Асамиг гараараа дэвжээ
цохихыг мэдэрсэн. Ял­чихлаа гэж бодоход өөрийн эрхгүй дээшээ хараад орилсон бай­на
лээ. Асами Харүма бол 2010, 2011 оны дэлхийн аваргад дараалан түрүүлсэн алдартай
бөх шүү дээ. 

-Сая бэлтгэл хийж байгаа гэлээ.
Ямар тэм­цээнд бэл­дэж байна?

-Он гаргаад Ази, Европын халз тулаанд орно.

-Хэр нэр хүндтэй тэмцээн бэ?

-Ази, Европын халз тулаан бол жудогийн томоохон тэмцээнд тоо­цогддог.
Би жиндээ Азиа төлөөлж оролцож байгаа юм.

-Азиас таны жинд өөр тамирчин
оролцохгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. 48 килограммын жин­дээ Азиа төлөөлж орно гэдэг маш өндөр
нэр хүнд. Тийм болохоор бэлтгэлдээ хамаг анхаарлаа төв­лөрүүлээд байгаа. Заавал
амжилт гаргах болно. Хүмүүс хүртэл дэлхийн аварга болсноос хойш надад итгэл хүлээлгэдэг
болсон юм шиг санагдсан. “За чи л найдвар, чи чадна, итгэж байгаа” гэх болсон. Саяхан
Баянхонгор аймгийнхаа шилдэг тамирчин болсон. Энэ бас л итгэл хүлээлгэж байгаа илрэл
шүү дээ. Тэгэхээр алдар нэрийн хэрээр  их
хариуцлага ирдэг болохыг одоо л мэдэрч байна даа /инээв/.

-Монголоос танаас өөр тамирчин оролцох уу?

-Эмэгтэйчүүдээс 58 килог­раммын жинд Сумьяа, эрэгтэйчүү­дээс Ууганбаатар
нар оролцохоор болсон.

-Бэлтгэлээ хэзээнээс эхэл­сэн бэ. Ер нь бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Тэмцээнд орох болсноо энэ сарын эхээр мэдсэн. Ер нь байнгын бэлтгэлтэй
байдаг. Гэхдээ тэмцээнд явахаар бол илүү эрчимтэй хийнэ л дээ. Өдөрт хоёр удаа бэлтгэл
хийнэ. Өглөө 08.00-11.00 цаг хүртэл бэлтгэл хийнэ. Тэгээд гэртээ хариад амарч байгаад
орой да­хиад 16.00-19.00 цаг хүртэл бэлт­гэл хийдэг.

-Өдөрт хоёр удаа хийдэг нь ямар
учиртай юм бэ?

-Өглөө биеийн хүчний дасгал хийдэг. Штанг өргөнө. Харин орой дэвжээний
бэлтгэл хийнэ. Дэв­жээний бэлтгэлээ хийхдээ бүх жингийн бөхчүүдтэйгээ барилдаж бэлтгэлээ
хангадаг. Бас нэг өн­жөөд Богд уул руу гүйдэг юм. Харин долоо хоногийн бямба гариг
бүр ууланд алхдаг гээд бэлтгэл тасрахгүй шүү.

-Бөхчүүд жин нэмэх, эс­вэл хасах
гээд их хэцүү байх. Хоол ундны дэглэм барьдаг уу?

-Ёстой дуртай хоолоо иднэ шүү. Нэг их сүртэй хоолны дэглэм ба­рих­гүй.
Гол нь бэлтгэл, сур­гуулилтаараа л жингээ барина. Тэгэхгүй бол тамирчид хоолны дэглэм
баривал сульдах аюултай.

-Саяхан “Cosmopolitan” сэтгүүлд
таны гоёлын даа­шинзтай их сайхан зураг тавигдсан. Хүмүүс “тэсрэлт” гэж хүлээж авч
байсан?

-Харин үнэхээр сайхан зураг гарсан шүү. Шинэ хувьсал надад ч таалагдсан.
Эмэгтэй бөхчүүд гэхээр л эв хавгүй, эр эм нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг гэж ойлгоод
байдаг. Мэргэжил бөх болохоос биш би эмэгтэй хүн шүү дээ. Үргэлж эмэгтэйлэг хувцаслаж,
“Cosmopolitan” сэтгүүлд гарсан шигээ баймаар санагдах ч яалтай билээ. Ажил юм хойно.
/инээв/.

 

Д.ДАВААСҮРЭН