Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг
БНХАУ руу өнгөрсөн долоо хоногт албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын
үр дүнгийн талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, хятад судлаач
Д.Шүрхүүтэй ярилцлаа.
-Ерөнхий сайдын урд хөршид хийсэн
айлчлал ямар онцлог, ач холбогдолтой болов. Айлчлалын багт багтсан судлаачийн
хувьд та юу гэж дүгнэх вэ?
-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал
хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Монгол, Хятад хоёр орон стратегийн түншлэлийн
харилцааны шинэ үе шат руу орж байгаа өнөө үед уг айлчлал болсон. Хоёрдугаарт,
хоёр улсад шинэ удирдлага гарч ирсэн нөхцөлд айлчлал боллоо. Монгол, Хятад хоёр
орон хөгжлийн шинэ шатанд шилжиж байна. Хөгжлийн загвар, шинэ арга зам, шинэ
нөхцөл, шинэ зорилт дэвшүүлж буй үед айлчлал өрнөлөө. Мөн хоёр орон өндөр дээд
хэмжээний, уламжлалт давтамжтай айлчлалыг үргэлжлүүлэх цаг үе нь болсон байх. Ийм
онцлог нөхцөлд айлчлал болсноороо дэлхий нийтийн анхаарлыг татаж байна л даа.
Манай улс өмнөд хөршөөс эдийн засгийн хувьд хараат байдалд орох чиг хандлага ажиглагдаж
байгаа. Нэг орон, нэг зах зээлээс хараат байдал Монголд нэлээд сорилт бэрхшээл
авчирч байна. Жишээлбэл, Хятадын худалдан авалт буурах үед Монголын эдийн засаг
хүндэрч байгааг харж байна.
-Айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа
ямар шинэ шатанд хүрэх вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын нэг авууштай
тал болох аливаа асуудлыг шийдье, болж бүтэх
талаас нь хэрэгжүүлье гэсэн зарчим айлчлалын үеэр харагдлаа. Урьд нь бид Хятадаас
болгоомжилж, цэрвэж байв. Монголын эдийн засгийн хөгжлийн чухал боломж болсон
энэ том хөрш орноос тойрч зугтах биш, тулж ажиллах ёстой гэдгийг ойлгож эхлэх шиг
байна. Тэглээ гээд харилцааг хамаагүй явуулж, бүх салбараа дэлгээд өгнө гэсэн үг
биш. Юуг нь хэрэгжүүлж болмоор байна гэдгээс эхэлнэ гэсэн зарчим чухал гэж бодож байна.
-Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай 10 гаруй баримт бичигт гарын
үсэг зурлаа. Ялангуяа хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх
дунд, урт хугацааны хөтөлбөр ямар ач холбогдолтой вэ?
-Айлчлалын хүрээнд нийтдээ 12 баримт
бичигт гарын үсэг зурсан. Эдгээрээс хамгийн чухал нь Монгол-Хятадын хооронд стратегийн
түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт
хугацааны хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хоёр орны харилцааны бүхий л салбар хүрээг
тодорхойлсон, нэлээд бодитой, чухал ажлуудыг тусгасан нь ач холбогдолтой. Энэ хөтөлбөрийг
хэрэгжүүлэх чиглэлээр эдийн засаг, эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн талаар арав гаруй
чухал баримт бичгүүдийг үзэглэлээ. Үүнээс үзвэл эдийн засаг, эрдэс баялаг, зам
тээвэр болон боловсрол шинжлэх ухааны салбарт
чухал тохиролцоо хийж чадлаа. Судлаачийн хувьд Монгол Хятадын цаашдын харилцаанд
шинэ үндэс суурь тавихаар ач холбогдолтой айлчлал боллоо гэж дүгнэж байна. Гэхдээ
бичиг баримтууд байгуулснаар харилцаа сайжрах юм биш. Энэ тохироогоо яаж ажил хэрэг
болгох нь судалгаа шинжилгээ, хоёр талын асар их хүчин чармайлт шаардсан амаргүй зүйл
л дээ. Дээрх хөтөлбөр болон гарын үсэг зурсан бусад баримт бичгийн дотор
хамгийн анхаарал татсан хоёр зүйл байгаа юм. Нэг нь эрдэс баялаг, эрчим хүчний хамтын
ажиллагаа юм. Нөгөөх нь зам тээврийн хамтын ажиллагаа. Эндээс Монгол-Хятадын харилцаа,
хамтын ажиллагааны хоёр үндсэн чиглэл, өнгө төрх тодорч байна. Нэгдүгээрт, эрчим
хүчний түүхий эд, түүний дотор нүүрс, газрын тос, хий олборлох, боловсруулах, экспортлох
чиглэлтэй эрчим хүчний холбогдолтой нэг том чиглэл гарч ирж байна. Үүний дотор
цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох том бүлэг асуудал харагдаж байгаа юм.
Хоёр дахь том асуудал бол зам тээврийн хамтын ажиллагаа байна. Энэ хоёр хоорондоо
уялдаа холбоотой. Эрдэс баялаг эрчим хүчний хамтын ажиллагааг үр ашигтай, харилцан
ашигтай болгохын тулд зам тээврийн дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай.
Тухайлбал, хамтын ажиллагааны хөтөлбөрт
Монголын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад хятадын аж ахуй нэгжүүд зах зээлийн
зарчмаар оролцох, гүйцэтгэхэд хөрөнгө оруулах зэргийг ярьж тохирсон байна. Жишээлбэл,
УБТЗ-д шинэчлэл хийх, хос төмөр зам барихад Хятадын тал оролцох сонирхолтой байгаагаа
илэрхийлсэн байна. Одоо бол ганцхан Замын-Үүдээр төмөр зам орж гарч байна шүү
дээ. Тэгэхээр дөрвөн боомт дээр төмөр замын тээвэр нээх асуудал яригдлаа.
-Хятадын талаас нарийн царигтай
төмөр замаа манайх руу оруулбал хамаг нүүрс урагшаа урсч, үндэсний аюулгүй байдалд
нөлөөлөх талтай гэж учир мэдэх хүмүүс ярьж байсан. Дөрвөн боомтод ямар байдлаар
төмөр зам нээх асуудал яригдав?
-Эхний ээлжинд Гашуун сухайтын боомт
дээр төмөр зам барих талаар тохирлоо. Хятадын “Шенхуа” групптэй хамтран байгуулаад
Монголын талд хүлээлгэж өгөх юм. Өөрөөр хэлбэл, манай Цагаан хад хүртэл нарийн
царигийн төмөр хүрч тэнд ачиж, буулгах байгууламж баригдах төлөвтэй байна. Нөгөө
талаас Хятадын “Ганц мод”-ны боомт руу манай өргөн цариг ороод тэнд очиж ачиж,
буулгах байгууламж барих ч асуудал гарч ирж болох юм.
Эхний ээлжинд шинээр дөрвөн боомтоор
төмөр замын тээврийг эхэлье гэж байгаа. Заавал
өөр өөрсдийнхөө царигийг оруулна гэж зүтгэхгүй, тодорхой нөхцөл болзлын дор харилцан
тэнцүү байх, харилцан ашигтай байх зарчмаар асуудлаа шийдэх болов уу.
-Хөтөлбөрийг хэдийнээс хэрэгжүүлэх
вэ?
-Ирэх хавраас эхлээд 5-10 жил үргэлжлэх
тухай яригдаж байна. Сайд дарга нарын ярьж байгаагаар их л шуурхай хэрэгжих төлөвтэй.
-Энэ удаагийн айлчлалын хүрээнд
манай улс жилд 50 сая тн нүүрс урд хөрш рүү гаргах болж байх шиг байна. Энэ гэрээ
хэлэлцээр хэр зэрэг зөв зүйтэй юм бэ. Өмнөх “Чалко”-гийн гэрээ шиг болчих вий
гэсэн болгоомжлол бий?
-Эрчим хүч, түүхий эдийн худалдааг
яаж хийхээс хамаараад Монгол Улсын хөгжлийн хувь заяа, манай хоёр орны харилцааны
цаашдын чиг хандлага ямар байхаас хамаарах гээд байгаа юм. Нөгөө талаас судалгаатай,
дүн шинжилгээ хийж, өмнөх туршлага сургамжуудаа бодолцох хэрэгтэй. Манай улсад
хоёр том сургамж бий. “Таван толгой”-н нүүрсийг “Чалко”-д худалдах 350 сая ам.долларын
гэрээ байгуулсан. Энэ бол явцуу зорилгын хүрээнд хийгдсэн муу гэрээ. Үүнийг давтаж
болохгүй. Дараагийн сургамж нь манай улс нүүрсээс хэт хараат байна. Төсвийн орлого
зэс, нүүрсээр болгоод явж байтал нэг л өдөр
Хятадын зах зээл дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ ханш уначихвал яах вэ гэдэг асуудалтай тулгарч байна.
Энэ хоёр маш том сануулга.
-Нүүрсний салбарт амжилттай эхлэхийн
тулд судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?
-Эхлээд Монголын нүүрсний салбарын
давуу тал, сул талуудыг нь судлах хэрэгтэй. Хятадтай холбоотой хоёр чухал давуу
тал байна. Нэгдүгээрт, урд хөрш маань асар том хэрэглэгч, том импортлогч орон.
Мөн импортоор хямд нүүрс авах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт, Хятадын
нүүрсний нөөц, олборлолт, хэрэглээний хувьд тэнцвэргүй байдаг. Нүүрс олборлодог
хэсэг нь нутгийн хойд хэсэгт байхад хэрэглэгчид нь зүүн эрэг дагуу байдаг. Тиймээс
заавал хойд бүсээсээ авах ёстой юм уу, өөр орнуудаас авах уу гээд дотоодын өрсөлдөөн
нэмэгдэж байгаа. Харин Монголын талтай холбоотой давуу тал бол байршил юм. Бид
ойр, мөн үнэ, чанарын хувьд өрсөлдөх боломжтой. Манайх гол төлөв ил уурхайгаа
ашигладаг нь зардал хямд тусна. Гэхдээ нүүрсний салбарт нэлээд сөрөг тал байна.
-Тэр нь юу вэ?
-Хамгийн том нэг зүйл бол Хятадад
нүүрсээ нийлүүлэх гэсэн том өрсөлдөгч орнууд бий. Тэгэхээр манай нүүрсийг авах
талаар өрсөлдөх биш, бид нүүрсээ нийлүүлэх талаар өрсөлдөх болж байна. Хэдийгээр
бид Хятад руу экспортлоход газар зүйн байршлын хувьд ойр ч үндсэн шууд хэрэглэгч
нар нь хол зайтай. Биднээс нүүрс авдаг хүмүүс шууд хэрэглээ багатай, дамжуулан
худалдаа хийх сонирхолтой байдаг. Тиймээс монголын нүүрний үнийг өсгөхгүй байх
талтай. Гурав дахь асуудал бол манай техник технологи, хөрөнгө санхүү, ажиллах хүчний хувьд асуудалтай. Дээрээс нь геополитикийн
болон экологийн шинжтэй асуудлууд гарч ирдэг. Монгол Улс хэт хараат байдал орох
вий, дарамт шахалтад орох вий, байгаль орчноо бохирдуулах вий гэдэг болгоомжлол
бий. Ер нь манайх давуу талуудаа ашиглаж, сул талуудаа цэгнэж чадвал саяны 50 сая
тн байтугай 100 сая тн нүүрсээ ашигтай борлуулж,
Монголын хөгжилд дорвитой хөрөнгө оруулах боломжтой.
-Боловсролын салбарт ямар гэрээ
хэлэлцээ хийв?
-Энэ салбарт чухал тохиролцоо хийлээ.
Монгол Хятадын хооронд стратегийн түншлэлийг байгуулах дунд, урт хугацааны хөтөлбөрийг
хүн л хэрэгжүүлнэ. Тэр боловсон хүчнийг бэлтгэхэд чухал түлхэц үзүүлэх дэмжлэгийг
өмнөд хөрш амлав. Хятадын Засгийн газрын тэтгэлгээр жилд 1000 оюутныг суралцуулахаар
тохиролцлоо.
Мөн Шинжлэх ухаан технологийн парк
байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлхий дахин шинжлэх
ухаандаа тулгуурлан хөгжиж байна. Хятад бол ШУ-даа асар их мөнгө хаяж, ДНБ-ний
хоёр хувийг зарцуулдаг. Энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа ордог ШУ-ны их гүрэн. Тиймээс
бид ШУ-ны салбараа шинэ шатанд гарах хэрэгтэй. ШУ-ны паркийг байгуулах нь маш чухал
үр дүнтэй. Шинжлэх үйлдвэрлэл, гадаад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, оюуны
хөдөлмөр үнэлэгдэх цаг ойртож байгаад судлаачийн
хувьд маш баяртай байна.
-Ерөнхий сайдын айлчлалын бас
нэг зорилго нь “Чалко”-гийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан. Энэ юу болов?
-Ер нь тодорхой түвшинд жилд 50 сая
тн нүүрс гаргах, нүүрс хийжүүлэх том том төслийн эхлэлийг тавьж байхад 100 гаруй
сая ам.долларын өр аяндаа шийдэгдэх асуудал. “Эрдэнэс таван толгой”-н захирлын
ярьснаар нүүрс нь бэлэн байна, он дуустал тээвэрлэнэ гэсэн. Энэ гэрээ хэлэлцээг
дуусгаад ерөнхий гэрээ хийх асуудал яригдаж байна.
-БНХАУ-д Монгол, ОХУ, Энэтхэгийн
Ерөнхий сайд зэрэг айлчиллаа. Төрийн айлчлалыг ингэж давхцуулсан нь ямар учиртай
юм бол?
-Хятадын шинэ удирдлага гадаад бодлогын
шинэлэг байдлыг илэрхийлж байна л даа. Нэг хэсэг нээлттэй, шинэтгэлийн бодлого
удаашралтай байсан. нь Хятад дэлхийн том зах зээл болох АНУ, Европ, Япон руу хандаж
байсан. Гэтэл Хятад тэднээс хамааралтай болж, эдийн засаг нь унахад дагаад савлаж
байна. Тиймээс БНХАУ хөрш орнууд, бүс нутгийн орнуудтайгаа хамтын ажиллагааг хөгжүүлье
гэсэн бодлогыг эрчимжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Монгол, Орос, Энэтхэгийн
Ерөнхий сайдын айлчлал давхцлаа. Хятадын хэвлэлүүд ч бас “Бид хөршүүдтэйгээ харилцаагаа
гүнзгийрүүлж байна” гээд гурван улсын далбааг хамт нийтэлж, сурталчилж байх жишээтэй. Энэ бол Монголын
жин нөлөө өсч байгаагийн шинж. Бид Хятадын чухал хөрш болж, жаахан
дөвийлгөж хэлбэл Орос, Энэтхэгийн зиндаанд дөхөж байна гэх үү дээ.
-Саяын айлчлалын хүрээнд урд хөрштэйгээ
байгуулсан гэрээ хэлэлцээрийн мөнгөн дүн ОХУ, Энэтхэгтэй харьцуулахад ямар байв?
-Гэрээ хэлэлцээрийн хувьд ч манайх
70 гаруй тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр хийж, Энэтхэгээс давсан. Орос гэхэд
80 тэрбум ам.долларын, манайхтай дүйцэхүйц хэмжээний хэлэлцээр хийсэн. Хятад Энэтхэгтэй
хил орчмын хамтын ажиллагааг илүү чухалчилж байна. Тиймээс хил хамгаалах талаар
хамтран ажиллах гэрээ байгууллаа. Оростой бол эрчим хүчний салбар илүүд чухлаар
тавигдсан. Энэ нь Монголд чухал ач холбогдолтой. Хятад Оросоос 10 сая тн газрын
тос нэмж авахаар боллоо. Үүний тээвэрлэлтийн асуудал гарч ирэхэд Монголын тал Орос
Хятадыг холбосон газар зүйн давуу талаа ашиглаж чадвал транзит тээврийг хөгжүүлж,
орлогын шинэ эх үүсвэрийг болох боломж нээгдэж
байна. Геоэдийн засаг, геостратеги, геополитикийн талаасаа энэ давхцсан айлчлалууд үнэхээр анхаарал
татаж байна .
-Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа
Хятад руу айлчлах санал тавихад хойш тавьсаар сая хүлээж авлаа гэх шиг хэвлэлүүд
мэдээлж байсан. Урд хөршийнхөн манай Ерөнхий сайдыг хэрхэн хүлээж авав. Уур амьсгал
ямар байсан бэ?
-Ерөнхий сайд анхны айлчлалаа Японд
хийсэн. Хятадын хувьд шинэ удирдагч гарах үйл явц 2012 оноос эхэлж, энэ оны гуравдугаар
сард дууслаа. Шинэ удирдагчийн цаг зав ч болоогүй байж мэднэ. Урд хөршийнхөн манай
Ерөнхий сайдыг хүлээж авна, авахгүй гэсэн мэдээллээс илүүтэйгээр саяын айлчлал чухал
тохиролцоонд хүргэж, Монголын байр суурийг өргөсөн чухал айлчлал боллоо. БНХАУ
манай Ерөнхий сайдыг хамгийн өндөр түвшинд хүлээж авсан. Ёслолын буудлага буудаж,
хүндэт харуул жагсч, төрийн гурван өндөрлөг маш хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа.
Ерөнхий сайд өөрөө энэ тухай мэдэгдэхдээ “Монголын хамгийн том хөрөнгө оруулагч,
худалдаа хийдэг, бүх салбарт өргөжиж байгаа энэ оронтой байнгын харилцаатай байх
механизм дутагдалтай байжээ. Тиймээс сайд нарын болон ерөнхий сайд нарын түвшинд
тогтмол уулздаг байх тохиролцоог хийлээ” гэсэн. Нэгэнт л хоёр орон олон асуудлаар ярьж тохирох,
хэлэлцэх юм байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ