Categories
редакцийн-нийтлэл

ЖИРГЭЭ гэдэг жигтэй ертөнц

Твитерт нэгдээд хэдэн сар болж байна.
Нэг ёсондоо жиргээчин болчихлоо. Энд ерөөсөө бичихгүй сэдэв гэж алга. Хөгжлөөр ирсэн
бас нэг шинэ ертөнцөд хөл тавьснаас хойш тэдний нэг болоодохсон хойно нийтийн жишгээр
ёсыг нь дагалаа.  Ертөнцийн хуу­ль­тай л адил
авах, гээх аль, аль нь энд байна. 

Энд үзэл бодлын дайн, тэмцэл, хараал,
ерөөл, ойл­голцол, мэдэмхийрэл, агуу ихийн дэмийрэл, яруу найраг, дуу хөгжим, онигоо,
түүх, нө­хөрлөл, хайр дурлал, до­ромж­лол, зар сурталчилгаа, зөвөлгөө, сайхан сэтгэл,
мэ­дээ мэдээлэл, зураг, хөрөг  юу л бол юу
байна. Ерөнхийдөө жиргээний ертөнцөд жигтэй сонин зүйл олон.

Идсэн хоол, уулзсан хүн, уншсан ном,
бодсон бодол, сонссон дуу, таалагдсан хар­хүү, бүсгүйгээ, харсан үзсэ­нээ жиргээчид
жиргэнэ. Зарим нь зөвхөн нэг сэдвээр л жиргэнэ. Байнга л зүйр цэцэн үг хэлж суудаг
нэгэн  байхад яруу найраг, яруухан үгсээр
уяраа­даг нь ч байна. Жиргээнд нэгдсэн хэрнээ ямар нэг зүйл бичдэггүй бусдын жиргээг
уншиж, мэдээлэл авч байдаг хэсгийнхэн энд бас бий.   Бүгд­тэй нь хэрүүл хийж суудаг нь ч бий. Жиргээч
бүхэн өөр өөрийн гэсэн нэг ертөнц. Мөн захиалгат жиргээчид гэж бай­на. Магадгүй
цалин хөлс ав­даг байх. Ялангуяа сонгуу­лийн үеэр тэд маш их идэвх­жинэ. Дагагчдаа
олон болго­хын тулд хөөрхөн бүсгүйн зураг тавьсан эрчүүд нууц хаягаар үзэл бодлоо
тулгана. Түүнийг нь мэдсээр байж жиргээчид дагачихна. Дараа нь шогширч амаа барина.
Өөрийнхөө зургийн оронд өөр зураг тавьж, хуурамч хаяг нээчихвэл зоригтой байдаг
бололтой, хэнийг бол хэнийг хэл амаар доромжлох нь бас байна. Нууцлагдсан хэрнээ
намбатай жиргэдэг нь бий. Твитер ертөнц гэдэг аран­шингийн, үзэл бодлын цуг­луулга
гэлтэй. Нэг талаасаа нийгмийн толь юм уу даа. Бас өөрийгөө илэрхийлэх том талбар.
Эрх чөлөөний том илэрхийлэл. Мэдээллийн ар­вин сан. Саяхан Сүхбаата­рын талбайн
нэрийг Чингэ­сийн талбай болгоход жир­гээч­дийн олонх нь эсэргүүц­сэн. Олон нийтийн
санаа бодол ямар байгаа нь ерөн­хийдөө эндээс харагдчихаж байгаа юм. Шат шатны сон­гуулийн
үед ч жиргээчдийн үзэл бодлоос нийгэм аль намыг илүү дэмжиж байгааг анзаарч болохоор.

Ямар ч зүйл сайн, муу хоёр талтай
байдаг. Японд эмэг­тэйчүүдийн эрхийг хам­гаалах үүднээс хэтэрхий чан­га хууль гаргасан
нь эргээд сөрөг нөлөө авчирсан гэж үздэг юм билээ. Гудамж, баар ресто­ранд, өөр
хаана ч юм таа­лагдсан эмэгтэйтэйгээ та­нил­цахаар  оролдлого хий­хэд эрс­дэлтэй.  Бүсгүйд 
таа­лаг­дахгүй бол эрх чөлөөнд халдлаа гээд шүүхэдвэл өнөөх эр асуудалд унах
нь тэр. Үүнээс үүдэлтэй  интер­нэтээр танилцах
явдал маш ихэссэн.  Харамсалтай нь бие биенээ
таньж мэдээгүй, тө­сөөллийн хүнтэйгээ гэрлэс­нээс болж таарч тохирохгүй салах, түүнээс
ч муу үр дага­вар гарах нь ихэссэн гэх юм би­лээ. Эмэгтэйчүүдийн эр­хийг хамгаалахад
ахиц гарсан хууль ч гэлээ сөрөг талууд авчирсан гэж япончууд хэлдэг. Үүнтэй л адил
твитер ч мэдээллийг түргэн шуурхай авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж
олгодог ч  сөрөг талууд бас  бий. Тухайлбал, хэн дуртай нь бусдыг доромжилно
гэдэг бол эрх чөлөөнд нь халдаж буй­гаас ялгаагүй. Мөн хэтэрхий их нээлттэй байдал
нь хувь хүнийг нууцгүй мэт бол­гочихдог шиг санагддаг.  

Одоогоор  твитерт 500 сая хүн бүртгэлтэй байдаг мэдээ­лэл
бий. Өдөрт 340 сая хая­гаас жиргэж байдаг аж. Бай­гуулагдсан цагаасаа хойш топ арван
сошиал сүлжээний нэг хэвээр байгаа. Шувуудын жиргэхийг илтгэсэн  твийт гэсэн үг нь  энэ сошиал сүл­жээг бий болсноос хойш дэл­хийд
хамгийн түгээмэл хэрэг­лэгддэг үгсийн нэг 
болжээ. 

Твитер амьдралын  салшгүй хэсэг нь болчихсон нөхөд олон бий. Хамгийн
сүүлийн судалгаагаар  твитер  донтуулдаг, бүр тамхинаас илүү донтуулдаг гэсэн
байна лээ.  Үнэхээр ч донтчихсон бололтой
нь бас бий. Цаг ямагт л жиргээд сууна гээч. Хэзээ нь унтаж амарч, ажил­лаж амьдардаг
юм гэмээр.

Твитерчдийг жиргээчин гэнэ. Бэлгэ
тэмдэг нь хөх өнгөтэй шувуухай. Шувуухай хүссэнээрээ л шулганадаг. Энд авах юм ч
байна, хаях зүйл ч байна. Зарим нэг нь өөрөө өөрийнхөөрөө байж, өөрийн­хөө дотоод
сэтгэлийн илрэ­лийг олон нийттэй хуваалцах нь тийм ч зөв зүйл биш гээд энэ ертөнцөд
хөл тавихыг хүсдэггүй бол нөгөө хэсэг нь дэлхий ертөнц хүмүүсийг ойртуулж, санаа
бодлоо ху­ваалцах том талбарыг орхиж чадахааргүй болчихож.

Жиргээнд албан ёсны болон албан бус
хуулиуд бас байна. Дагаж, дагуулах нь бол заавал байна. Гадаад, дотоод хол ойр гэхгүй.
Ажиглаад байхад ихэнх нь цөөн хүн дагаж олон хүн дагуулах сонирхолтой бай­даг. Хэнийг
ч дагадаггүй хэр­нээ, хэдэн саяар нь дагуулсан хүн бий. Далай лам хэнийг ч дага­даггүй
хэрнээ, хэдэн сая хүн түүний юу жиргэхийг харахын тулд дагаж байдаг. Дагана гэдэг
нь  хэн нэгний жиргээг уншихыг хүсч байгаагийн
илрэл гэж ойлгож болно. Эсрэгээр олон сонир­холтой зүйл жиргээд байвал таны жиргээг
унших сонир­холтой хүмүүсийн тоо нэмэг­дэнэ. Олны танил эрхмүүд,  улстөрчдийг бол олноороо дагана. Монголын хамгийн
олон дагагчтай жиргээчдийг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тэргүүтэй Х.Баттулга нарын хүмүүс
тэргүүлнэ. Тэд байнга жиргэхгүй ч,  жиргээ
нь олны анхаарлыг татна. Жиргээч­дийн хэлэлцэж ярилцах нэг сэдэв болно.

  
Дагагчаа олон болгохын тулд элдэв арга хэрэглэх нь бий. Бэлэг сэлт амлахаас
эхлээд хэсэг бүлгээрээ уул­залт зохион байгуулна. Таа­лагдсан жиргээгээ дэмжиж байгаагаа
илэрхийлж favorite дардаг бол өөрийнхөө дагагч­дад уншуулахын тулд бусдын жиргээг
retweet хийж болно. За их дургүйцвэл дахиж тэр хүний жиргээг уншихгүйн тулд
block дараад дуусаа. 

Мөн дагагч худалдаж авна гэсэн ойлголт
байдаг юм билээ. Хэрхэн ямар замаар ингэдгийг нь мэдэхгүй. Ингэх нь хэнд ч хэрэгтэй
юм. Ямар ч байсан энэ бол зөв ч юм биш, хэрэгтэй ч юм биш.

Ямар нэг асуудал босоод ирэхэд жиргээчдийн
шулга­нах нь ихсэнэ дээ. Сонгууль болоход хэд талцаад хэрэл­дэнэ. Ажиглаад байхад
Мон­голын жиргээчид илүү их улс­төрждөг юм шиг. Улс төрийн намууд ч жиргээчдийн
хэлсэн үг, үзэл бодлоос сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь элбэг болсон байна
лээ. Хэвлэлийнхэн ч “Жиргээчид ингэж ярилаа, тэгж бичлээ” гэх. Зарим хэвлэл тусгай
бу­лангаа зориулах болсон. Цаашид твитер ертөнц хэр­хэн төгөлдөржиж, яаж хөгжи­хийг
мэдэхгүй ч жиргэж л сууя даа. Олонтойгоо байхад юу нь буруу байхав.

Categories
редакцийн-нийтлэл

Наадмаар ч гэмт хэргийн мэдээллийг хүргэж байвал яасан юм

Монгол хүн амны бэлгээс аш­дын бэлгэ
гэдэг. Бүгд л сайхан наадлаа гэцгээж байна. Тэрний тийм хурдан буян тэгж айрагдлаа,
тэр нутгийн хэн, түүнийг давж цолоо ахиуллаа гээд л. Хаа сайгүй наадам сайхан, дэлгэр
болсныг магтацгаав.

Өнөө жилийн наадмын хэдэн өдрийг амралтын
өдрүүд залгаж, монголчууд бараг бүгдээрээ долоо найм хоног амар жимэр, элдэв мэдээллээс
хол наадамлав.

Ингээд даваа гаригт ажилдаа ирээд
сонин хэвлэлээс өнгөрсөн өдрүүдэд өчнөөн гэмт хэрэг гарч, олон хүүхэд мориноос унаж
бэртсэнийг уншаад “Нээрэн ийм явдал болсон гэж үү” хэмээн эргэл­зэхэд хүрсэн байх.

Наадмын үеэр цагдаагийн бай­­гууллагад
иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрч­лийн тухай 8035 мэдээлэл ирүүл­жээ.
Нийслэлд тэдгээр өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулсан 14, хулгайлах 54, хүчиндэх
найм, булаах дөрөв, дээрэмдэх хоёр, танхайрах 37, зам тээврийн хэрэг 89, осол
68 гарч  117 хүн гэмтэж нэг хүн нас барсан хэрэг гарсан байж. Үүнийг цагдаагийн
байгуул­лага наадам аль хэдийнэ өнгөрсөн хойно буюу долдугаар сарын 15-ны өдөр нийтэд
мэдээлсэн юм. Тэр хүртэл улсын хэмжээнд болоод Улаанбаатарт ямар гэмт хэрэг гарч,
хичнээн хүн хохироод байгаа та­лаар ямар ч мэдээлэл байгаагүй. Ийм төрлийн мэдээллийг
цаг­даагийн байгууллагын холбогдох хүмүүс нь нэгтгээд нийтэд мэ­дээлэх ёстой байсан.
Гэтэл тэг­сэнгүй.

Наадмын өмнөхөн цагдаа­гийн­хан хэвлэл
мэдээллийн төлөө­лөгчидтэй уулзаж, баяраар яаж ажиллах тухайгаа дэлгэрэнгүй ярьцгаасан.
Энэ үеэр цагдаагийн байгууллагын зүгээс “Хэвлэл мэ­дээллийн байгууллагууд нэг гэмт
хэргийн мэдээлэл олж сонсчихоод тэрийгээ том болгож харуулаад хүмүүсийн анхаарлыг
татах гээд байдаг. Ингэж ард иргэдээ түгшээж, баяр наадмын сэтгэгдлийг нь уна­гаад
яахав. Энэ удаад наадмын үеэр битгий тэгээрэй. Хэдүүлээ хотлоороо сайхан наадъя”
хэмээн “зөвлөсөн”.

Энэ зөвлөгөөгөө хэрэгжүүлсэн болохоор
цагдаагийн байгууллага наадмын үеэр гэмт хэрэгтэй хол­боотой мэдээ, мэдээллийг нийтэд
цацсангүй юу.

Нийгмийн сэтгэл зүй ганцхан мэдээнээс
болж тэгж хүчтэй дон­солно гэж үү.

Гэтэл наадмын үеэр орон нут­гуудад
хүмүүс голын усанд живж, аянганд цохиулж, айл гэр шатаж, хүүхэд эндэж. Бас Хүй долоон
худгийн орчимд 25 настай хүнийг дайрч, амь насыг нь хохироогоод зугтсан гэх харамсалтай
хэргүүд гарсан байв. Мөн 30 гаруй хүүхэд мориноос унаж гэмтэн, Төв, Архан­гай аймагт
унаач хүүхэд эндсэнийг тээр хойно  мэдэцгээсэн.

Морины унаач хүүхэд гэмтэж, амь насаа
алдсан мэдээллийг ядаж 11-ний өдөр мэдээлсэн бол маргааш өглөө нь хурдан морьд гарахаас
өмнө унаач хүүхдүүдийн ар гэрийнхэн, аав, ээж нь хамгаа­лалтын хувцсыг нь өмсгөж,
олмыг нь чангалаад өгөх байсан ч юм билүү.

Ер нь аль ч цаг үед, ямар ч мэдээллийг
нийтэд хүргэх нь мэ­дээллийн хэрэгслүүдийн хийдэг ажил л даа. Саяны наадмаар мэдээллийн
хэрэгслүүд бөх, сур, морь, хуушуур гээд бүх үйл явдлыг шуурхай хүргэж, Төв цэнгэлдэх
хүрээлэн, Хүй долоон худаг, наад­мын талбайгаас олон сайхан сур­валжлагыг газар
дээрээс нь хий­сэн. Харин гэмт хэрэг, гарсан хэрэг зөрчлийн талаар төдийлөн мэ­дээлж
чадаагүй. Энэ нь цагдаагийн газраас цаг үеийн мэдээлэл өгөө­гүйтэй холбоотой.

Наадмаар нийслэлд хүчингийн найман
хэрэг бүртгэгдсэн байна. Хэдхэн хоногт найман хүчингийн хэрэг гарна гэдэг их тоо.
Хэрвээ цагдаагийн байгууллага наадмын үеэр гэмт хэргийн мэдээллийг нийтэд түргэн
шуурхай хүргэж байсан бол энэ тоо  ингэтлээ
өндөр байхгүй ч байсан юм бил үү. Хү­чин­­гийн хэрэг гарсан мэдээллийг наадмын орой
нийтэд хүргэсэн бол аав, ээжүүд гадуур яваа үр хүүхэд, охид руугаа утас цохиж, хаа
явааг нь сонсч, гэртээ хурдан ирээрэй хэмээн захих л байсан. Сэрэмж­лүүлэг, анхааруулга
хэзээ ч, хэнд ч илүүддэггүй. Цагдаагийн байгуул­лага хэрэг гарсан хойно нь биш гарахаас
нь урьдчилан сэрэмж­лүүлж байх ёстойсон. Гэтэл өнөө жилийн наадмаар цагдаагийнхан
энэ тал дээр дутуу ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хэвлэлийнхнийг
цуглуулаад “Хулгай, хүчин, булаалт, дээрмийн хэргүүд их байна. Бас зам тээврийн
хэрэг осол их гарч зуу гаруй хүн гэмтэж, нэг хүн нас барчихаад байна. Тиймээс анхаарал
сэрэмж­тэй байхыг хүсье” гээд хэлчихсэн бол олон хүнд хүрэх байсан. Ийм мэдээлэл
хүргэлээ гээд Монголын наадам харлачихгүй, нэр хүнд нь уначихгүй.

Ер нь наадам гэлтгүй ямар ч баяр,
ёслол болсон гэмт хэргийн мэдээллийг бусад өдрүү­дийнх­тэйгээ адил нийтэд цацаж
анхаа­руулдаг баймаар байна.

Наадам, цагаан сар зэрэг ма­най томоохон
уламжлалт баярын үеэр гэмт хэргийн мэдээллийг нийтэд цацахаас тэгж их дургүй­л­хээд
байгаа юм бол баярын өдрүү­дээр оройн цагаар гурваас тавхан минутын нэвтрүүлгээр
гэмт хэргийн мэдээллийг олон нийтэд дуулгахад буруудахгүй л болов уу.

Энэ байгууллагын нэг үүрэг нь гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх явдал. Гэмт хэргийн араас явдгийг хийх ажлаа гээд урьдчилан
сэргий­лэх ажиллагааг падгүй гэж болох­гүй. Тэгж яривал гэмт хэргээс урьд­чилан
сэргийлж, иргэддээ үйлчлэх нь гол үүрэг нь юм.

Иймээс цагдаагийн газраас өдөрт тогтсон
нэг цагт ард иргэдэд хандан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хамгийн
хүртээмжтэй мэдээллийн хэрэгс­лээр орон даяар өгч, анхааруулдаг болмоор юм.

Солонгост аймшгийн киног ихэвчлэн
оройн цагаар гаргадаг. Энэ нь хоёр үндсэн шалтгаантайг нэгэн эрдэмтэн багш ингэж
тайл­бар­ласан байдаг юм. Аймшгийн кино үзсэн өсвөр насныхан, охид, залуус киноны
үйл явдалдаа хөт­лөгдөн айснаас болоод жорлонд ч орохоос зүрхшээж, бушуухан шиг
хөнжилдөө шургадаг. Аймшгийн киноноос айсан хүүхэд, залуус юун гадагшаа гарч, найз
нөхөдтэйгээ харанхуй гудмаар явах вэ, гэртээ үлдэхийг сонгоно.

Нөгөө нэг шалтгаан нь их эн­гийн.
Үдшийн цагаар айхавтар бүгчимдэж, сэнс, агааржуулагч асаагаад ч нэмэргүй үед, хүйтэн
ус залгилж, чихээ жаал норгож сэрүү­чихчээ аядах ч бүгчим агаарыг ялан дийлж чадахгүй.
Нойр нь хүрч байгаа ч халууныг тэвчихгүй хий дэмий тийчилнэ. Яг энэ үед аймш­гийн
кино үзэж, айж цочвол нуруу­гаар нь хүйт дааж, хүйтэн хөлс чийхардаг. Аймшигтай
үйл явдал­тай кино үзэж ийн сэрүүцдэг аж. Ийм хоёр зорилгоор оройн цагаар аймшгийн
кино үзүүлдэгийг Солон­гост олон жил ажилласан тэрээр судалж мэдсэнээ ярьсан юм.

Хэр их сэрэмжлүүлж, байнга сануулна,
тэр хэрээр гэмт хэрэг багасна. Ийм болохоор манай цагдаагийн байгууллага гэмт хэр­гийн
мэдээллийг цаг тухайд нь хүргэж, олон нийтэд өгч байвал зөв болно. Гэмт үйлдлийг
сониноор бичиж, телевизээр мэдээлэх нь ард түмнийг айлгаж, түгшээх гэсэн явдал биш
юм.

Ийм болохоор Цагдаагийн ерөн­хий газар,
Нийслэлийн цаг­даа­гийн газар, Замын цагдаагийн газар зэрэг байгууллагууд гэмт хэрэг,
нөхцөл байдал, хоногийн мэдээллийг наадам ч бай, найр ч бай, ямар ч үеэр нийтэд
өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дам­жуулан нийтэд хүргэж баймаар байна.

Тэглээ ч энэ хорвоо дэлхийн хүмүүний
явдал гэдэг чинь эрээн бараантайгаа сүлэлдэн оршдог болохоор бүхий л мэдээллийг
иргэд хүлээж авахад бэлэн байдаг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Найман хувийн зээлийн олголт хэвийн үргэлжилж байна

-ОРОН СУУЦНЫ ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭД НАЙМАН ХУВЬ РУУ ОРОХГҮЙ-

Орон сууцны найман хувийн зээл хэрхэн
хэ­рэгжиж байгаа болон, зургаан хувийн зээлээр орон сууцны зээл авсан хүмүүс найман
хувь руу орох эсэх талаар энэ удаа сурвалжиллаа. Зур­гаан хувийн орон сууцны зээл
олгосон Төрийн банк­ны төв байраар эх­лээд орлоо. Тус банкны хэвлэл мэдээллийн ажил­тан
Г.Болорсүх “Зургаан хувийн зээлд хамрагдсан хүмүүсийн зээлийг най­ман хувь руу шилжүүлэх
асуудал огт яригдаагүй. Тийм юм байхгүй. Анхнаасаа
зургаан хувийн зээлд хамрагдсан болохоор хүүг нэмэх үндэслэл байхгүй” гэж ярив.
Төрийн банк найман хувийн зээлийг бусад банкуудтай адил олгож байгаа юм байна. Баярын
уур амьсгал нам­жаагүй, амралт зугаалгын цаг эхэлсэн болохоор орон сууцны зээлд
хамрагдах хүмүүсийн ачаалал илт  багасчээ.
Биднийг очиход зээлийн эдийн засагчдынх нь 
өрөө эзгүй шахуу байв. Гэхдээ найман хувийн орон сууцны зээлд хамрагдах хүмүүс
идэвхтэй хандаж байгаа гэж зээлийн эдийн засагчид ярьж байсан юм.

Дараа нь Худалдаа хөгжлийн банкны
дөчин мянгатын салбараар орлоо. Тус  банк
найман хувийн зээлийг олгож байгаа билээ. Тө­рийн банк шиг зээлийн эдийн засагчдынх
нь  өрөө үйлчлүүлэгч багатай байв.  Орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн иргэд юуг
голлон анхаарах ёстойг сонирх­лоо. Зургаан хувийн зээлд хам­рагдсан олон хүн найман
хувийн зээлд хамрагдах хүсэлтээ цөөнгүй гаргасан гэнэ. Энэ хүмүүс найман хувийн
зээлд хамрагдах боломжгүй гэсэн тайлбарыг банкнаас өгч байна.

Засгийн газар найман хувийн зээлийн
журамдаа 80 ам метрээс доош талбайтай байрыг хамруулна гэсэн заалт оруулсан. Гэтэл
80.2, 80.6 гэх мэт тогтоосон хэмжээнээс үл ялиг илүү талбай бүхий орон сууц авсан
хүмүүс нэлээд хандаж байгаа аж. Тэдний хувьд энэ зээлд хамрагдах боломжгүй гэнэ.
Ажил­ла­сан жил болон хувиараа бизнес эрхэлсэн хүмүүсийн хувьд хугацаа нь хүрэхгүй
тохиолдол цөөнгүй гарчээ. Журманд зааснаар бол хоёр жилээс доошгүй хугацаанд хувиараа
хөдөлмөр эрхэлсэн бо­лон нэг жилээс доошгүй хугацаанд ямар нэг албан байгууллагад
ажил­ласан хүмүүс л зээлд хамрагда­хаар байгаа гэж зээлийн эдийн засагч ярьж байв.
Өмнө нь арил­жааны банкуудаас арав гаруй хувийн зээл авсан, 80-аас илүү метр квадрат
орон сууцтай хүмүүс зээлийнхээ хүүг буулгах боломжгүй юм байна.

Иргэдийн зүгээс 100 метр квадрат байр
авлаа гэхэд 80 метр квадратад нь зээлээ авах бо­ломж­той эсэхийг сонирхож байгаа
хүн олон гарчээ. Ингэх боломжгүй гэж арилжааны банкны­хан ярьж байв. Орон сууцны
найман хувийн зээлийн журмаар бол иргэд орон сууцныхаа үнийн 30 хувийг урьд­чилж
төлөөд зээл авч байгаа. 30 хувьдаа байр барьцаалж болох нь. Гэхдээ тэр байраа барьцаалахын
тулд  өмчлөгчийг нь заавал банкин дээр авчрах
ёстой гэнэ. Барьцаанд байраа тавиулж байгаа иргэн зээл хүсэгчийн хамтран зээлдэгчээр
бүртгүүлэх юм байна.

Хас банкны “Ард” кино театрын байрны
хоёр давхарт ажиллаж байгаа “Шинэ байр” төвөөр орлоо. Энэ төвийг үл хөдлөх хөрөнгийн
“Актив зууч”, “Тэнхлэг зууч” ком­паниуд ажиллуулж байгаа. Найман хувийн зээлд хамрагдахынг
хүсч буй иргэдэд байраа сонгоход нь болон банкинд зээлийн материа­лаа бүрдүүлж өгөхөд
нь тусалж байгаа аж. Улаанбаатарт барилга барьж байгаа бүх компаниуд тэнд мэдээллээ
тавьжээ.

“Актив зууч”-ийн ажилтан П.Наранзаяа
“Орон нутгаас хүмүүс их мэдээлэл багатай ирж байна. Хөдөө орон нутагт банкуудын
санхүүжилт бага байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу, ямар ч байсан зээл олголт
муу байх шиг байна. Хүмүүс орлогоо зөв тодор­хойлохгүйгээр өндөр үнэтэй байр авах
гэж ирж байгаа. Манай төв орлогыг нь тодорхойлж өгөөд хэр хэмжээтэй байр авах боломжтойг
нь зөвлөж байна” гэж ярилаа.

Хүмүүс зээлийн материалаа бүрдүүлүүлэх
гэж нэлээд хандаж байгаа аж. Иргэдэд зээлийн санхүү­жилт дуусчих вий гэсэн болгоомжлол
байгаа  бололтой. П.Наранзаяа “Наадам гээд
жаахан завсарласан болохоос ачаалал ихтэй ажиллаж байна. Хүмүүс наадмаас өмнө маш
их хандаж байсан. Өнөөдрөөс манайд хандах иргэд эргээд өсч байна” хэмээн ярив.
“Шинэ байр” төв  ирэх оны дөрөвдүгээр сар
хүртэл ажиллах  юм билээ. Найман хувийн орон
сууцны зээлд хамрагдах сонир­холтой хэрнээ баримт, материал бүрдүүлэх завгүй хүмүүс
энэ төвд хандах боломжтой аж. Банк руу материалаа авч очих хүртэлх бүх үйлчилгээг
эднийх үзүүлж байгаа гэнэ.

“Шинэ байр” төвөөс гараад хүүхдийн
100-д байрлах “Голомт” банкны салбарт очиход мөн л эл хуль байв. Зээлийн эдийн засагч­даас
нь найман хувийн зээл авах хүсэлтэй хүмүүс хэр ирж байгааг сонирхлоо. Өмнө нь, арав
гаруй хувийн зээлтэй байсан хүмүүс найман хувийн зээл рүү шилжих ажил нэлээд ачаалалтай
байгаа гэнэ. Наадмын үеэр л ачаалал багасаад байна гэж зээлийн эдийн засагчид хэлж
байлаа. Орон сууц­ны найман хувийн зээл авахыг хүссэн хүмүүс нэлээд хандаж байгаа
аж. Мөн л наадмын үеэр түр амсхийгээд байна гэсэн хариу өгч байв.

Улсын комисс хүлээж аваагүй байрыг
сонгож гэрээ хийсэн хүмүүс их ирж байгаа гэнэ. Энэ тохиол­долд зээлд хамрагдах боломжгүй
аж. Энэ жилдээ багтаж ашиглалтад орно, гүйцэтгэл нь 80-90 хувьтай байранд орохоор
гэрээ хийчихлээ, зээлд хамрагдъя гэсэн хүсэлтэй хүмүүс цөөнгүй иржээ. Бүгд л татгалзсан
хариу сонсоод буцжээ. Байрыг нь улсын комисс хүлээж авсан үед зээлд хамрагдах боломжтой
гэж тус банкныхан ярьж байлаа.

 

ХААН банкны төвөөр ороход мөн л үйлчлүүлэгч багатай байв. Тус
банкны олон нийттэй ха­рилцах мэргэжилтэн Л.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай банкны хувьд иргэдэд юуг
анхааруулж хэлмээр байна?

-Урьдчилгаа төлбөрт барьцаа­лах хөрөнгө
нь заавал өөрийн эзэмшлийн орон сууц байна. Хү­мүүсийн хувьд өөрийн нэр ороогүй
орон сууц мөн хашаа байшин, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө  барьцаалах бо­ломжтой эсэх талаар их асууж байгаа.

-Хүмүүсийн гаргаж байгаа нийтлэг
алдаа гэвэл юуг онцлох вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны
тодорхойлолтыг банкнаас онлайнаар авч байгаа болохоор манай банкнаас орон сууцны
зээл авахыг хүсэгчид заавал ШШГА руу явах шаардлагагүй.

-Орон нутагт энэ зээлийг авах боломж
Улаанбаатартай адил­хан биш байна гэсэн гомдлыг иргэд их тавьж байгаа гэсэн. Танай
банкны хувьд хөдөөгийн иргэдэд байрны зээл олгож байгаа юу?

-ХААН банк нийт 514 салбар­тайгаас
өнөөдөр орон нутагт 430 гаруй салбар нэгжүүд иргэд харил­цагчдад банк санхүүгийн
иж бүрэн үйлчилгээг хүргэн ажилладаг. ХААН банкны нийт орон сууцны зээл­дэгчдийн
тал гаруй хувь нь орон нутгийн иргэд. Энэхүү хөтөлбөрийг ХААН банкны зүгээс бүх
салбар нэгжээрээ дамжуулан хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын харил­цаг­чдадаа
хүргэх зорилготойгоор бүх салбар нэгжээрээ шинэ хүсэл­тийг хүлээн авч байгаа. Хуучин
зээл шилжүүлэхэд тухайн салбар нэг­жүүд харилцагчидтайгаа холбог­дон зээл шилжүүлэх
ажлыг хийж байна. Түүнчлэн ХААН банкнаас зээл авахдаа иргэний харьяаллаа­раа зээлээ
авна. Хөдөө орон нутгийн хүн бол орон нутагтаа зээлээ судлуулна гэсэн үг. Хөдөө
орон нутагтаа зээлээ судлуулаад Улаанбаатар хотоос орон сууц авах бүрэн боломжтой.

-Иргэдэд зээлийн санхүү­жилт дуусах
вий гэсэн айдас байна, хөрөнгийн эх үүсвэрийн тал дээр асуудал байна уу?

-Энэ орон сууцны ипотекийн зээлийн
хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлнэ гэж Монголбанкнаас албан ёсоор мэдээлсэн. Бид
ч мөн тэгж ойлгож байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Б.ТӨВШИНТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР: Энэ наадамд зориулж хоёр жил бэлтгэл хийгээд аварга боллоо

Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуу­лагдсаны
807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ес да­ван тү­рүүлсэн
Монгол Улсын аварга Гунаа­жавын Эр­хэмбаяртай ярилцлаа. Тэрбээр үн­дэсний их баяр
наад­маас хойш анх удаа манай сонинд ярилц­лага өглөө.

-Төрийн их баяр наа­дамд ес даван тү­рүүлж Монгол Ул­сын аварга цол
хүрт­сэнд баяр хүр­гэе. Таны хувьд хоёр жи­лийн өмнө дөрвөн тэгш ой тохиосон наа­дамд
үзүүрлэн арслан цол хүртэж байсан. Өнөө жил Тул­гар төрийн 2222 жилийн ойгоор авар­га
цол хүртлээ. Бэл­гэ­шээлийг бодсон ч сайхан санагдаж байна?

-Юуны өмнө энэ сай­хан ойн баярын мэндийг Монголын
ард түмэндээ хүргэе. Миний хувьд түүхт ойн хоёр жил улсын өн­дөр цолонд хүрлээ.
Тийм болохоор үнэхээр сэтгэл өндөр байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, уул усандаа
баярлаж, сүсэглэн залбирч байна даа.

Жил жилийн баяр наа­дам ард түмний сэт­гэлд ямар нэгэн сайхан дурсамж
үлдээсэн бай­даг. Өнөө жилийн баяр наадамд өөрөө түрүүл­сэн болохоор надад то­хиолдох
ховорхон наад­муудын нэг энэ байлаа гэж бодож байна. Энэ жил үндэсний баяр наа­дамдаа
зодоглож буй бөхчүүдийн өнгө сайхан байсан. Бэлтгэл сургуу­лилт нь жигд байсан тул
хэн нь ч түрүүлж мэдэх наадам байлаа гэхэд бол­но. Монголын үндэс­ний бөхөд нэгэн
шинэ үе төрөн гарч ирж байгаа нь илт мэдрэгдэж, олон сайхан залуучууд улсын өндөр
цолонд хүрлээ. Дараагийн үе өсч өндий­сөн гэдгээ энэ жилийн наадмаар ард түмэндээ
тэд харуулж чадсан. -Түрүүлэх бөхийн өнгө нэг л өөр байдаг гэдэг. Та наадмаар
түрүүлчихнэ гэж бодож байв уу?

-Олон жил төрийн наа­дамд барилдчихсан боло­хоор
би түрүүлж, тэд давна гэж ам гарахыг хүсээгүй. Ямар ч бөх би түрүүлнэ гэж хэр барагтай
хэлээд байдаггүй байх. Наадмын бэлтгэл дээр хэн хэнтэй таарах ма­гад­лалтай вэ гэдгийг
бодож бэлтгэлээ хийнэ гэхээс биш. Би түрүүлнэ, заан, харцага болно гэж тэр бүр сонсогдоод
байдаггүй.

-Таныг цагаан сарын барилдаанд түрүүлсний дараа ярилцлага авч бай­­хад
цаашид сайхан барилдаж цолоо ахиул­на гэж байсан. Арслан цолны цаад цол мэдээж аварга
байдаг. Хэдхэн сарын дараа аварга бо­лоод уулзаж байна…

-Тэгж хэлж байснаа хэдэн сарын дараа наадмаараа
баталж чадлаа. Аварга цол гэдэг сайхан ч цаанаа хүнд ачаа тээж ирдэг юм байна. Өмнөх
жилүүдэд цол аваад үүнийгээ бататгах юмсан гэж хичээн бэлтгэл сургуулилтаа хийгээд
явж байхад болдог л юм байна гэдгийг мэдэрлээ. Одоо бол харин урд урд жилүүдээсээ
илүү хичээж энэ сайхан цолыг дааж явахын төлөө зүтгэх болно.

-Таны хувьд 35 насан­даа Монгол Улсын авар­га боллоо. Өмнө нь 30 гарсан
хойноо аварга болсон түүх хэр олон байдаг юм бэ?

-Монгол үндэсний бөхөд 30 гарсан хойноо аварга
цолонд хүрсэн бөх харь­цангуй цөөн байдаг. Хамгийн гол нь би бөхийн спортоор уйгагүй
хичээллэж, цаг хуга­цаагаа, хөлс хүчээ зориулсны үр дүн аварга цол болон ирлээ гэж
бодож байна. Гэх­дээ би ганцаараа хичээллээд өндөр амжилт гаргасан зүйл биш л дээ.
Амжилт гаргаж байгаа минь олон жил намайг дэмжиж байгаа Г.Буяндорж захиралтай “Ноёд”
группын хамт олон, “Сүлд” спорт хо­роо, Түмэндэлгэр захиралтай “Мон Дэ” группын
хамт олон, бөхийн спортоос өөр зүйлд сэтгэл хоёрдож болохгүйг захидаг нутгийн ах
нарын хүч хөдөлмөр байгаа юм. Түүнээс гадна мэдээж миний арыг найдвартай дааж яваа
эхнэр, хүүхдүүдийн маань ач гавьяа их бий.

-Аварга цолны болзол хангачихаад туг тойрч явахад юу бодогдож байсан
бэ?

-Миний хувьд 2011 онд 9 давж арслан цол хүртэж
бай­сан. Тэр үед уулзсан хүмүүс “Чи тэвчээртэйхэн барилдсан бол аварга болчих байсан
юм биш үү” гэцгээж билээ. Гэсэн ч тухайн үед харамсах сэтгэл төрдөггүй байсан юм
аа. Сэ­лэнгэ аймгийн маань нутгийн удирдлагууд “Аваргатай аймаг болчихвол зүгээр
юм биш үү” гээд захиас даал­гавар ч өгч л байсан шүү. Тэднийхээ хэлсэн үгийг сэт­гэлдээ
тээж, “Нутгийн зон олноо баярлуулъя, Сэлэнгэ аймаг аваргатай нутаг шүү” гэж ярилцаг
гэж бодон хоёр жил наадамд зориулан бэлт­гэлээ хийсэн. Тиймдээ ч өнөө­дөр нутгийн
зон олныхоо итгэлийг алдалгүй аварга цолонд хүрсэндээ баяртай байна.

-Хоёр жилийн өмнө арс­лан цолныхаа найрыг Зүүн­хараад хийж бай­сан.
Удахгүй аварга цол­ны найраа хийх сураг га­раад байсан хэзээ, хаа­на хийхээр болсон
бэ?

-Сэлэнгэ аймгийн удирд­лагууд маань ярилцаад наймдугаар
сарын хоёрны өдөр аймгийнхаа төвд хий­хээр болсон. Аймгийнхан найр хийнэ гээд гараа
хум­хиад зүгээр суулгүй тэдэн­тэйгээ хамт бэлтгэл ажлаа хийж байна.

-Энэ жил хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?

-“Сүлд” спорт хороо, Сэ­лэнгэ аймгийнхаа бөхчүүдтэй
Төр хурахын аманд бэлтгэлээ базаасан. Төр хурахын аманд “Сүлд” спорт хороо­ныхоо
тамирчидтай бэлтгэлд гарахад надад ээлтэй байдаг юм. Тэнд гурван жил бэлтгэлд гарахад
нэг түрүүлж, нэг үзүүрлэж, нэг удаа их шөвөгт үлдсэн. Ингээд бодохоор аргагүй л
уул, ус нь таарч, өгөөж буянаа хайрлаж дээ гэж бодох болсон.

-Өнөө жилийн баяр наад­мын хоёрын даваанаас л гал гарсан барилдаа­нууд
гарч байсан. Таны хувьд дөрвийн даваанд гэхэд энэ жил баараггүй улсын цолонд хүрнэ
гэж байсан аймгийн арслан Б.Эрдэнэхүүтэй ба­рилд­­сан…

-Энэ жил өмнөх жилүү­дээсээ олон аймаг, улсын
цолтон барилдсан болов уу гэж бодогдоод байгаа. Яа­гаад гэхээр ам авах гээд очиход
л залуу бөхчүүдийн нэр ерөөсөө харагдаагүй. Улсын цолонд хүрчих болов уу гэж бодож
байсан аймгийн цолтнууд дөрвийн давааны нугалаагаар өндөр цолтой бөхчүүдтэй оноолт
таарч өвдөг шороодож байх жи­шээтэй. Б.Эрдэнэхүүгийн хувьд заал, танхимын барил­даанд
түрүүлж, үзүүрлэж байсан шилдэг аймгийн арс­лангуудын нэг. Б.Эрдэнэхүү бид хоёр
хоёулаа “Сүлд” спорт хороонд харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэсэн ч найз,
нөхөд, ах дүү гээд танил тал харж барилд­сангүй.

-Энэ жилийн наадмаар хэний ч тааварлаагүй амыг та авсан. Тавын даваанд
гэхэд уран ба­рилдаант, хүчит заан Б.Соронзонболдыг ам­лахад Эрхэмбаяр ч хүч­тэй
л байгаа юм байна гэсэн яриа хүртэл гар­сан?

-Би бяртай чадалтайдаа тэгж ам авсан юм биш л
дээ. Миний хувьд аймгийн цолтой байхдаа улсын цолонд хүр­чих юмсан гэж барилдаж
бай­сан үе бий. Аймгийн цолтой бөхийн зовлонг би мэддэг болохоор тэднээс хэн нэгнийг
нь амлаж гай болоод яахав гэж бодсон. Тэдний зовлонг мэднэ. Тийм болохоор би улсын
цолтой бөх амалъя гэж шийдсэн. Заавал Соронзон­болд гэлтгүй өөр нэгэн улсын цолтой
бөхтэй тавын даваанд давсан ч, унасан ч горгүй юм даа гэж бодоод ам авсан. Түүнээс
Б.Соронзонболдод хонзон санаж ам аваагүй.

-Гэхдээ Соронзонболд заан та хоёрын ба­рил­даан олны анхаарлыг татсан.
Таныг тахимаа авах гэж байхад Сорон­зонболд заан таны нүүр рүү дэлсээд авч байгаа
харагдсан…

-Б.Соронзонболд залуу хүний хувьд ааг омгондоо
шатаж явсан юм байлгүй дээ. Үүнийгээ ухаарах байлгүй. Төрийн их баяр наадам болж
байхад ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй. Түүнээс биш гудам­жинд байгаа бол өөр хэрэг.
Түмэн олныхоо өмнө барил­дах гэж ирчихээд, ямар зо­долдолтой нь биш. Үндэсний бөхөд
эрэмбэ дараа гэж бий. Тэр үед би Соронзонболдтой савсаганаад зодолдсон бол цолтой
бөхчүүдийн дэг жаяг алдагдаж хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан биз. Тэгэхэд хүлээцтэй
хандсан минь буруу болоогүй байх аа.

-Зургаагийн даваанд Б.Сайнбаяр заантай ба­рилдсан. Таны зүүн хөлд тун
эвгүй хонго­доход нэг гэдийгээд тог­тож байгаа харагдсан. Эрхэмбаяр тулдаа л энэ
хонгодоонд тэсч үлд­­лээ гэцгээж байсан…

-Б.Сайнбаяр заантай олон таарч барилдсан даа.
Бид үе тэнгийн бөхчүүд боло­хоор давах, унах нь хамаагүй сайхан барилдчихъя л гэж
бодож ам авсан. Харин до­лоогийн даваанд шинэ хар­цага Э.Оюунболдыг амлаж барилдсан.
Түүнтэй заал, танхимын барилдаанд олон таарч барилдсан.

-Шинээр заан цол хүрт­сэн Б.Батмөнхтэй өмнө нь барилдаж байсан уу.
Батмөнхийн хувьд шуур­хай барилдчихъя гэсэн бодолтой байсан болов уу?

-Батмөнхтэй өмнө нь барилдаж байлгүй яахав. Наймын
даваанд бид хоёр тунаж барилдсан юм. Миний хувьд Б.Батмөнхтэй золгоод барилдчихъя
гэж бодож бай­сан. Харин Б.Батмөнх золгоо­ноос өмнө л барилдаанаа дуусгая гэж бодсон
уу, эсхүл заан цолондоо ханаж ба­рилд­сан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Батмөнхийн
бэлтгэл өнөө жил гойд сайн байсан. Өмнөх барилдаануу­даасаа илүү тамиртай байна
лээ.

-Үзүүр түрүүний барил­дааны тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Шинэ­хэн
гарьд Б.Гончиг­дам­батай хэрхэн барилдъя гэж бодсон бэ. Хоёр жилийн өмнө та төрийн
наадмын үзүүр, түрүүнд шалгарч байсан тул сэт­гэл санааны хувьд да­вуу байгаа нь
анзаараг­даж байлаа…

-Энэ жил багш, дасгалжуу­лагчид маань олон зүйлийг
надтай зөвлөсөн. Миний хувьд самбо, жүдогийн олон улсын хэмжээний мастер На­рангэрэл,
улсын харцага Г.Элбэг гээд хоёр багштайгаа бэлтгэлд гарсан. Хоёр багш­тайгаа зөвлөж
хүн болгонд нь тааруулж наадмын бэлтгэлээ хийсэн юм. Үүний ач гавьяа наадмаар л
яг гарлаа даа. Хоёр багшдаа үнэхээр баяр­лаж явдгаа мянга мянган уншигчтай “Өдрийн
сонин”-оор дамжуулъя.

-Таныг арслан цол хүрт­дэг жил таны найз Лхаг­васүрэн “9999” гэсэн
дугаартай шинэ жийп машинтай ирж, та 9 даван үзүүрлэж байсан сонин түүх байдаг.
Өнөө жилийн хувьд тийм зүйл болсон уу?

-Наадмын өдөр найзууд маань өмнөх уламжлалаараа
манай гэрт ирцгээж наадмын тухай хуучилж, цай унд ууц­гаан наадмын талбай руу хамт
явсан. “Хоёр жилийн өмнө би хэрэв 1010 гэсэн дугаартай машинтай ирсэн бол найз маань
түрүүлэх байсан юм” гэж Лхагвасүрэн маань ярьж байсан юм. Тэр жил нь би 9 давж үзүүрлэсэн.
Харин наадам тараад ма­найд ирчихээд 9999 гэдгийн хоёр есийг нь бий болгочих­лоо.
Одоо хоёр ес дутуу гэж байсан.

Энэ бол гэхдээ аархал, омгорхол огт биш. Мон­гол
хүний амны бэлгэ гэж бодож байгаа шүү. Тийм бо­ло­хоор өнөөдрөөс (өчигдөр) бэлтгэ­лээ
хийж эхэлсэн.

-Монголчууд цагаан са­рын барилдаанд тү­рүүл­сэн бөх наадамд дээгүүр
барилддаг гэж ярилцдаг. Үүний нэг баталгаа нь та боллоо?

-Би цагаан сарын барил­даанд түрүүлсний дараа
сар шинээр Ж.Мөнхбат багштай­гаа очиж золгосон. Тэгэхэд багш маань “Цагаан сараар
түрүүлсэн бөх энэ жил тө­рийнхөө наадмаар түрүүлчих байх аа” гэж байсан юм. Баг­шийн
ерөөл биелэлээ олсонд сэтгэл хангалуун явна. Өнөөдөр (өчигдөр) Мөөеө багш дээрээ
оччихоод ирлээ.

-Энэ жилийн баяр наад­мын барилдаануудаас хамгийн хэцүү учраа нь хэн
байсан бэ?

-Үндэсний бөхийн спор­тын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн
юм байна. Амалж, амлуулж байгаа аль аль нь нугалаагаар таарч байгаа бөхчүүдийг харж
байхад ул­сын аварга, арслангууд дээр аймгийн шилдэг арслангууд очиж байгаа харагддаг.
Үүнээс үндэсний бөхийн хөгжил ямар шатанд явааг харж болохоор байгаа юм. Энэ жилийн
наадмын бүх бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Учраа бөхийн маань бэлтгэл сайн
байна гээд ямар барилдахгүй байл­тай биш. Адилхан бэлтгэл хийсэн болохоор тачигнатал
үзээд өнгөрсөн.

-Таны хувьд аварга цо­лонд хүрснээр С.Мөнх­бат, Д.Сумъяабазар, О.Бал­жинням
аваргуу­дын дээр эрэмбэлэгдэх болсон уу?

-Тэрийг ёстой мэдэхгүй. Монголын үндэсний бөхийн
холбоо мэдэх байх. Энэ тухай бодсон ч юм алга.

-Наадам өнгөрөөд ихэнх бөхчүүд нутаг ус руугаа амрахаар явчихаж. Таны
хувьд хаагуур амрах вэ?

-Амарч амжихгүй юм шиг байна. Наймдугаар сарын
2-нд аварга цолны найр наа­дам болно. Долдугаар сарын 26-28-нд аав, ээжийн минь
төрсөн нутаг Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болох гэж байна. Аав, ээжийн­хээ
нутагт хүндэт­гэл үзүүлж, төрсөн буйрыг нь эргэж идээ цагааны дээж өргөе гэсэн бодолтой
байна. Тийм болохоор амрах цаг гарахгүй шинжтэй шүү.

-Өнөө жил “Сүлд” спорт хороо үнэхээр одтой сай­хан наадаж аварга, харцага
цолтонтой бол­лоо. Нэг спорт хорооны тамирчин болох Н.Бат­суурийн тухай ярихгүй
юу. Та хоёрыг ШШГЕГ-аас хүлээж авсан уу?

-“Сүлд” спорт хороо Хууль зүйн яамны харьяа байгуул­лага.
Х.Тэмүүжин сайд га­даадад томилолтоор яваа юм билээ. Сайдыг ирэхээр нэг мөсөн хүлээж
авъя гэсэн.

Н.Батсуурь харцага бө­хийн удамтай гэдгийг Мон­голын
ард түмэн мэднэ. Аав нь улсын харцага Г.Намсрай­жав гуай шүү дээ. Намсрай­жав гуайн
ах улсын начин Даваасамбуу агсан байна. Батсуурийн өвөө Гэлэг начин гэдгийг бөх
сонирхогчид мэдэх байх. Залуу харцага аавынхаа цолонд хүрсэнд баяртай байна. “Сүлд”
спорт хорооны тамирчид бага хуга­цаанд асар их амжилт үзүүлж байна. Энэ нь манай
спорт хорооны дарга Ц.Баярсайхан зааны ач гавьяа юм. Олон сайхан шинэлэг зүйлс хийхэд
байнга дэмжиж тусалдаг удирдлагуудын буян ч бий.

-Сэлэнгэ аймгийн удирд­лагууд хэрхэн хүн­дэтгэл үзүүл­­сэн бэ?

-Аймгийн удирдлагууд на­майг хүлээж авч хүндэтгэлээ
илэрхийлсэн. Нийт Сэлэнгэ нутаг, Мандал сумынхандаа сайн сайхныг хүсье.

-Та уяачдын наадамд очоод цаашаа Мандал сум руугаа шууд явсан. Нутгийн
зон олон тань үнэхээр сайхан угтаж авсан байна лээ?

-Хүй долоон худагт бол­сон уяачдын наадамд очоод
нутаг руугаа явсан. Мандал суманд очиход үнэхээр ха­луун дотноор хүлээж авсан. Тэр
мөчид нутгийнхаа зон олонд баярлаж, бахархаж байлаа.

-Олон мянга гаруй хүн цуглаж таныг хүлээн авна гэж бодсон уу?

-Хоёр жилийн өмнө намайг арслан цол хүртээд нутагтаа
очиход мөн л халуун дулаанаар угтаж байсан юм. Энэ удаа аварга болоод очи­ход бүр
илүү санагдсан. Ийм сайхан нутаг ус, энэ сайхан хүмүүсийн дунд төрж өсөж, энэ сайхан
нутгийн нэгэн тасархай нь би шүү дээ гэж бодоход огшмоор л санагддаг юм билээ.

Ээж маань “Түмэн олны­хоо хайр хүндлэлийг зөв
сэт­гэл, зөв ухаанаар авч яваа­рай” гэж захьсан. Ээжийнхээ тэр сайхан сургаалийг
цаа­шид биелүүлэхийн төлөө хичээх болно.

-Таны гэргий өнөө жи­лийн наадмын бөхийн барилдааныг хаана үз­сэн бэ.
Зарим бөхчүүд эхнэрээ дагуулаад очсон харагдаж байна лээ?

-Эхнэр цэнгэлдэхэд бөх үзээд суучихвал хоол, цай­наас
эхлээд арын ажил хэ­цүүднэ. Миний арыг найдвар­тай дааж яваа хүн гэргий маань шүү
дээ. Эхнэр маань жил жилийн наадмаар тогоо, шанагатай зууралдаж өнгө­рөөдөг. Ер
нь бүх бөхчүүдийн эхнэр наадмын барилдааныг телевизээр харж, гал тогоондоо өнгөрүүлдэг
байх.

-Таныг аварга болоход гэргий тань хэрхэн баяр­ласан гэж байна. Таньд
ярив уу?

-Мэдээж хамгийн их баярласан хүмүүсийн нэг нь
гэргий минь байгаа юм. Бид олон жил барилдаад ирэхээр эхнэрүүд нь их нервтэй бол­чихдог
юм биш үү. Хазайхад нь дагаж хазайж, баярлаж, гунихаас эхлээд сэтгэл санаа нь тогтворгүй
байдаг юм шиг байна лээ.

-Аварга маань бөхийн спорттой хэрхэн амьд­ралаа холбож байсан юм бэ?

-Аав маань бөхөд дуртай хүн байсан юм. Тийм боло­хоор
эрэгтэй хүүхдүүдээ бөх болгоно л гэдэг байлаа. Тэ­гээд ч манай удмаас данш­гийн
босоо Шагдар, Монгол Улсын заан Ц.Баярсайхан гээд мундаг барилддаг хүмүүс төрөн
гарсан. Би гуравдугаар ангийн сурагч байхдаа Мон­гол Улсын арслан Уламбая­рын Мижиддоржийн
шавь болж байлаа. Тэгэхэд У.Ми­жиддорж арслан Зүүнхараа хотод чөлөөтийн секц хичээл­лүүлдэг
байсан. Харамсал­тай нь төд удалгүй Мижигээ арслан Улаанбаатар хот руу нүүхээр болж
хагас жил хи­чээллэсэн чөлөөт бөхийн секц маань хаагдсан. Түүнээс хойш үеийн нөхөдтэйгээ
гу­дамжинд дээл хувцсаа уран барилдаж байснаас бөхийн спортоор тууштай хичээллээ­гүй.

Харин 10 дугаар ангиа төгсөөд нэг жил аав, ээждээ
туслан сургуульд суралгүй өнжсөн. Тэр жилийн зун Ман­дал хайрханы тахилга бол­сон
юм. Би ч өөрийгөө барил­дана ч гэж бодоогүй байтал хөгшчүүл барилдуулахаар нэрийг
нь маань аль хэдийнэ бичүүлчихэж. Хөгшчүүдийн урмыг хугалаад яахав гээд барилдтал
гурав давдаг юм. Овооны наадамд тэгэхэд даага уяж хурдлуулсан. Даага маань түрүүлж
би гэр­тээ бөөн баяр ороод гурав давснаа хэлж, даага түрүүл­гэсэнээ аавд хэлсэн.
Аав тү­рүүлсэн даагыг нэг их тоолгүй овооны наадамд гурав дав­санд нь үнэхээр их
баярла­сан. Тэгээд намар нь буюу 1997 онд Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их
шавийн дээд сургуульд улсын харцага Г.Элбэгийн шавь болгож өгсөн. Түүнээс хойш бөхийн
спортоос хөндийр­сөнгүй дээ.

-Анхны цол мэдээж су­мын заан байсан байх?

-Тийм ээ. 1999 онд Ман­дал сумын Түнхэл тосгоны
баяр наадамд түрүүлэн су­мын заан цол хүртсэн. Анхны болоод ч тэр үү сумын заан
цолондоо хайртай байдаг юм. 2001 онд Хөвсгөл айм­гийн 70 жилийн ойн баяр наадмаар
улсын начин Б.Бад­­ралаар зургаа давж аймгийн начин цол хүртсэн. Аймгийн начин цолтой
хоёр жил төрийнхөө наадамд зодоглон дээгүүр даваанд өвдөглөсөн юм. Тухайн үед заал
танхимын барилдаанд аймгийн начин цолтойгоо сайн барилдчихдаг байсан болохоор улсын
цолонд хү­рэх амархан гээд бодчихсон явсан. 2002 оны наадмын хоёрын даваанд Ч.Даваа­дорж
харцагад өвдөг шороо­дон их уйлж байсан юм. Тэр одоо болтол санаанаас ер­дөө гардаггүй.
Тэгж л төрийн наадмын торгон дэвжээ ямар хатуу вэ гэдгийг мэдэрсэн. Тухайн үед аавын
бие таа­руухан байсан болохоор тэр жил начин болчих юмсан гэж зүтгэсэн. Бөх болсных
улсын начин болж аавыгаа баярлуу­лъя гэж дотроо шатаж явсан юм болохоор шарандаа
уйл­сан байх. Тэгэхэд үнэхээр нас бага байжээ. Улсын цол хүртэж чадаагүйдээ гоморхон
“Ахиж би үндэсний бөхөөр барилдахгүй” гэж Г.Элбэг багшдаа хэлээд загнуулж байсан.
Гэтэл хоёр хоногийн дараа уяачдын наадамд Г.Элбэг багштай хамт очиж багш түрүүлж
би үзүүрлэсэн юм. Тэгэхэд би учиргүй их баярлан гарч ирэхэд “За, Эрхэмээ одоо барилдмаар
байна уу” гэж багш амыг минь асууж билээ. Багш хүн гэдэг тийм л айхтар юм билээ.
Уяачдын наадмаас хойш найм хоногийн дараа Зүүн­хараа хот байгуулагдсаны 50 жилийн
ойн наадам болоход түрүүлж аавыгаа баярлуул­сан. Аавыгаа сэрүүн тунгалаг ахуйд нь
улсын цол авч баярлуулж чадаагүй ч начин, арслан, аварга цол авахыг минь аав минь
тэнгэрээс харж байгаа даа гэж боддог. Би чинь аавыгаа л бодож бэлтгэл сургуулилтаа
эрчимтэй хийдэг байсан. Бөх хүн олон жил барилдах тусмаа хашир суудаг юм байна.

Түүнээс хойш 2003 онд Дархан-Уул аймгийн баяр
наадамд найм даван түрүү­лэн аймгийн арслан цол хүртсэн дээ. Аймгийн арслан хэмээх
цолыг зургаан хоног зүүгээд төрийн их баяр наа­дамдаа зодоглон Ж.Мөнхбат аваргаар
тав даван улсын начны босго алхсан юм.

-Та ер нь багадаа хэрхэн нааддаг байсан бэ?

-Аав бөхөөс гадна моринд хорхойтой байсан. Намайг
багад хурдан морь унуулдаг байсан. Гэхдээ айраг түрүүнд хурдалж байгаагүй.

-Танай хоёр ах, дүү барилддаг уу?

-Үгүй ээ. Багад нь аав барилдуулна гээд дийлээгүй.
Би л барилдаж байна. Би дээрээ хоёр эгч, хоёр ах, дороо нэг эрэгтэй дүүтэй. Сонин
гэвэл би чинь одон­гийн хүүхэд шүү дээ базар­ваань. Төрөхдөө л энгэрээ цоолуулж
төрсөн байгаа биз дээ.

-Та гэр бүлээ
танил­цуу­лахгүй юу?

-Манай эхнэрийг Ц.Дэл­гэр­маа гэдэг. Би чинь хоёр
охинтой хүн байгаа юм. Том охиныг Ариунзаяа гэдэг. 

Ноднин ба­га охин наад­мын өм­нө төрж Са­руул­заяа
гэдэг нэр хайр­ла­сан. Ноднингийн наадмаар би их шө­вөгт үлдэж “са­руул сайжрах”
чимэг хүрт­сэн нь цаанаа л нэг учир жанцантай юм шиг санагддаг. 2003 онд улсын начин
цол хүртэхэд аймгийн нут­гийн зөв­лөлөөс УАЗ 469 ма­шин бэлэглэсэн юм.  Тэр машиныг нь ту­хайн үеийн ханшаар буюу зур­гаан
сая төг­рөгөөр худалдан Зу­рагтад хашаа байшин авч голомтоо бадрааж байлаа.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Иргэд шөнийн троллейбусаар үйлчлүүлэх сонирхолтой болжээ

Шөнийн 00.00 цагийн орчимд нийтийн тээвэр битгий
хэл үнэ хөлсөө нэмж явдаг хувийн микро авто­буснуудын ч бараа үгүй бол­дог. Тэгвэл
энэ байдал ард хоцорч шө­нийн цагаар нийтийн тээв­­­­рээр иргэдэд үйлчил­дэг болжээ.

Энэ талаар сонир­хохоор шөнийн сур­­валж­лагад
гарлаа. Биднийг 00.25 цагийн орчимд Зүүн дөрвөн за­мын буудал руу очиход ямар нэг
ний­тийн тээвэр харагдсангүй. Замаар хааяа нэг машин тэрэг хөлхөлдөнө. Төд удалгүй
зүүнээс баруун руу буюу Их дэлгүүрийн чиглэлээс Зүүн дөрвөн замын арын автобусны
буудал чиглэн трол­лей­бус ирж яваа үзэгд­лээ. Автобусны буу­дал дээр ирж зогсоход
троллей­бусаас 40 орчим насны эмэгтэй арваад насны охинтойгоо буув. Офице­руу­дын
ордон-Ха­нын мате­риал гэсэн хаяг­тай уг троллейбусанд өөр хэн ч үлдсэнгүй. Бид
өнөөх трол­лейбусанд суу­гаад эцсийн зогсоол буюу Ха­нын материал орохоор суулаа.

Жолооч, кондук­тор хоёрт ямар зо­рилго­той яваагаа хэлэхэд “Бид ажилдаа
гараад цаг л болж байна. Үйлчлүүлэгчдийн
тоо ту­хайн өдрөөсөө л шалтгаалдаг. Баяр наадмын үеэр овоо хүнтэй байсан” гэв. Үүгээр
бидний яриа өндөрлөөд цааш явав. Энэхүү шөнийн трол­лей­бусыг “Цахилгаан тээвэр”
ком­па­ниас санаачлан нийтийн тээв­рийн үйлчилгээнд гаргаж байгаа юм байна. Ингэхдээ
“Эко шөнийн троллейбус” гэсэн тодотголтой­гоор. Учир нь уг трол­лейбус цахил­гаанаар
ажилладаг аж. “Цахилгаан тээвэр” компани энэхүү троллейбу­саа өөрсдөө дотооддоо
үйлдвэр­лэж байгаа болохоор хэрвээ ца­хилгаан буюу тог тасарсан үед дизель хөдөл­гүүрээр
явах боломж­тойг бодол­цож зохион бүтээжээ. Энэ нь хосолмол хөдөлгүүртэй угсарсан
гэсэн үг л дээ. Дотоод үзэмж нь ч гэсэн их тохилог, цэвэр­хэн санагд­сан. Шөнийн
цагаар ямар ч эрсдэл учирч болох учир хяналтын камер, байрлал тогтоогч суулгажээ.

00.40 цагт Зүүн дөрвөн замаас хөдлөөд “Андууд”,
“25” гээд бууд­лууд дээр зогсоход ганц ч хүн суусангүй. Харин 10 дугаар хо­рооллын
автобусны буудал дээ­рээс 30 орчим насны халамцуу хоёр залуу суулаа. Кондуктор эгч
арай гэж хүн орж ирсэнд баярлаж байгаа бололтой инээмсэглээд мөнгөө хураахаар босов.
Өнөөх хоёр залуугийн нэг нь махлагдуу бор бол нөгөөдөх нь туранхай бор царайтай
залуу харагдав. Тэд хоорондоо “Хэд билээ, таксидъя гээд байхад, 21 дүгээр хороолол
ороход дор хаяж 5000 гарна тэх үү” гэж ярилцана. Кондукторыг очиход “Эгчээ энэ
21 дүгээр хороолол орох уу” гэж асуув. Тэгээд халааснаасаа базаж, үрчийсэн 2000
төгрөг нэг нь гаргаж өглөө. Ингээд тэд хоорон­доо найз нөхөдтэйгөө ууж идсэн талаараа
яриад бусдыг анзаарах ч сөхөө алга. Кондуктор эгчийн ярьснаар бол оройн цагаар ихэнх­дээ
архидан согтуурсан хүмүүс үйлчлүүлдэг гэнэ. Тэдэнтэй адаг­лаад л эвээр зан аашийг
нь олж харьцахгуй бол агсам, согтуу тавих гээд хүндрэлтэй байдаг аж. Ингээд мэр
сэр ганц нэг хүн сууж, бууж явсаар 01.10 цагийн орчимд Лабо­раторийн буудал буюу
Драгоны хажуугийн буудал дээр ирлээ. Тэндээс овоо хэдэн зорчигч суув. Төв аймгийн
Лүн сумаас ирсэн гэх нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн суув. Тэд Ханын материалын Давхар
гэдэг буудал дээр бууж хамаатны­даа очихоор яваа гэнэ. Хөдөөнөөс ирсэн машин нь
тэднийг Драгоны урд буулгаж л дээ. Тэдэнтэй хамт явсан 50 орчим насны эмэгтэй “Өмнө
нь оройтсон үед очих гэсэн айлдаа хаана ч байсан таксидаад очихоос аргагүй болдог.
Харин таксинд явж байгаа жолооч нар дээлтэй яваа хөдөөний биднийг хараад шууд андахгүй
илүү мөнгө нэхэх, дээрэмдчих гээд түгшүүртэй байсан. Одоо ч харин нийтийн унаагаар
явдаг болж, хаана зогсчихов, яав ийв гэлтгүй” хэмээн ярив. Ингээд эцсийн буудал
дээр зогсоод эргээд хөдлөв.

 

Тэндээс 20 орчим насны А.Баярцэцэг гэдэг охин
суув. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Ийм орой хаашаа явж байгаа юм бэ?

-Гэртэй харих гээд явж байна. Манай гэр Кино үйлдвэрт
байдаг.

-Оройтсон үед айхгүй байна уу?

-Харин өдөр эмээгийндээ ирж гэрийн ажилд нь туслаад
оройт­чихлоо. Маргааш өглөө эрт ажил­тай болохоор хоночихоор энэ холоос амждаггүй
юм. Тэгээд л харих гээд явж байна.

-Ер нь шөнийн цагаар эко троллейбус иргэдэд үйлчилж
байгааг мэдсэн үү?

-Зурагтаар л сонссон. Эмээ, өвөө хоёр ийм троллейбус
явдаг болсон гээд сая суул­гаж өгсөн юм. Тэндээс ах маань тосч авах юм л даа. Тэрнээс
биш яалаа гэж ийм орой явах уу. Ялан­гуяа оройтсон үед охидууд айж, ичихээс эхлээд
хэцүү ш дээ. Харин одоо амар болжээ. Хааяа хамаа­тан садныдаа ирээд оройтчих вий
дээ унаа зогсохоос өмнө гарахгүй бол гээд байнга л цаг хялам хялам хийж хардаг байсан
ш дээ.

-Оройтсон тохиолдолд так­сидвал эндээс танайх
хүртэл хэдэн төгрөг гарах бол?

-Би өмнө нь хэд хэдэн удаа такси барьсан юм байна.
Манайх руу яг 14 мянган төгрөг гардаг. Зарим жолооч нар 16 мянга гэх ч юм уу илүү
нэхэх үе байдаг. Гэхдээ нэгэнт яваад ирсэн болохоор хэлснийг нь өгөхөөс өөр аргагүй.
Харин энэ троллейбусны үнэ нь ч боломжийн санагдлаа.

Ингээд ямарч байсан нэг той­роход 20 орчим зорчигч
“Эко шөнийн троллейбус”-аар үйлч­лүүл­лээ. Энэхүү шөнийн нийтийн тээвэр Офицеруудын
ордон-Ханын материал гэсэн чиглэлээс гадна III, VI хороолол-БММЗ буюу Үйлдвэр комбинат
гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилж байгаа аж. Нөгөө чиглэлийг хэр их зорчигчтой бай­гааг
асуухад мөн л төдий тооны үйлч­лүүлэгчтэй байжээ. Одоогоор чиглэл тус бүрд хоёр
троллейбус үйлчилгээнд гарч байгаа бөгөөд ирэх намраас троллейбусныхаа тоог нэмэхээр
төлөвлөж байгаа юм байна. Офицеруудын ордон-Ха­нын материал гэсэн чиглэл нь хоорондоо
40 минутын зайтай үйлчилж байгаа бол нөгөө чиглэл нь 25 минутын зайтай явдаг аж.
Гэхдээ хоёр сар туршилтын жур­маар явж байгаа бөгөөд хэрвээ үйлчлүүлэгч багатай
байвал шө­нийн тээврийг зогсоож ч магадгүй талаар “Цахилгаан тээвэр” компа­нийнхан
дурдаж байна лээ. Учир нь үйлчилгээнд явсан орлого нь зарлагаа нөхөж чадахгүй бол
компани алдагдалд орох гэнэ. Одоохондоо хүмүүс тэр болгон шөнийн троллейбус иргэдэд
үйл­чилж байгааг сайн мэдэхгүй байгаа аж. Гэхдээ өдөр ирэх бүр зор­чигчдын тоо нэмэгдэж
байгаа гэсэн. Уг нь “Эко шөнийн троллей­бус” иргэдийн халааснаас гарч буй мөнгийг
хэмнэж, иргэдийн амьжир­гаанд нөлөөлж, үйлчилгээг ойр байлгах зорилготой юм байна.
Хүүхэд 500 төгрөг, том хүн 1000 төгрөг гэдэг бол манай шөнийн нийтийн тээврийн үйлчилгээнд
боломжийн санагдах үнэ. Яагаад гэхээр шөнө оройн цагаар ээлжийн ажлаасаа буудаг,
өөр олон шалт­гаанаар гэртээ харих гээд оройтдог хүмүүс их бий. Уг нь ийм нийтийн
тээврийн үйлчилгээ гадны хөгжилтэй то­моохон улс орнуудад байдаг юм байна. Бүр заавал
байх ёстой үйлчилгээ гэж үздэг ажээ.   

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН     

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын начин Л.ЦЭРЭНТОГТОХ: Би Ө.Бат-Оршихоос юугаараа дутахав гэж бодож барилдсан

Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуу­лагдсаны
807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадамд гарьд Жанцан­гийн Бат-Эрдэнээр
тав даван Монгол Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат,
“Хантайшир” дэв­жээ­ний бөх, улсын начин Лувсандоржийн Цэрэн­тогтохтой ярилцлаа.

 -Тулгар төрийн 2222 жилийн тэгш ойн үн­дэс­ний их баяр наадамд тав
даван Монгол Ул­сын начин цол хүрт­сэнд баяр хүргэе. Өнөө жилийн баяр наадмын тухай
ярихгүй юу?

-Баярлалаа.
Бөхчүүд бид улсын цолны төлөө л бэлтгэл сургуулилт, цаг заваа зориулдаг хүмүүс.
Би ч мөн адил улсын цолтны бүлд багтчих юм­сан хэмээн хичээж бэлт­гэлээ хийдэг байсан
бо­лохоор мөрөөдлийнхөө захаас атгаж улсын на­чин бол­сондоо баяртай байна. Бэлтгэл
хийх нөх­цөл боломжоор хангаж өгсөн “Хантайшир” дэв­жээний тэргүүн, УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяр, Хи­лийн цэр­гийн 119 дүгээр ангийн хамт олон, “Гео Мандал” ХХК,
“Relax”, “Mustang” клу­бийн­хэндээ баярлалаа гэж хэлье. -Бөхчүүдийн яриаг сонсож байхад
наадмын өглөө нэг л ер бус байсан. Тэр мэдрэм­жээрээ барилдсаар улсын цолонд хүр­лээ
гэдэг. Таны хувьд тиймэрхүү зүйл мэд­рэгдсэн үү?

-Янз бүрийн зүйл мэдрэгдээгүй. Наадмын өглөө бусад
жирийн өдрүүдийн адил эхэлсэн. Бэлтгэл сайн байсан тул улсын цолонд хүрчих болов
уу гэсэн итгэл байсан.

-Таны хувьд Бүх цэргийн баяр наадамд хурц арслан А.Алтан­хуягийг тахим
буул­гаж “хурц” чимэг хүртсэн. Энэ барилдаан мэдээж наад­мын өмнөх том сорилго болсон
болов уу?

-Тэгэлгүй яахав. Миний хувьд наадмын өмнөх хамгийн
том со­рилго барилдаан тэр байлаа. Бүх цэргийн баяр наадамд түрүүлэн “хурц” чимэг
хүртсэн нь наадмын барилдаанд нөлөөлсөн. Бүх цэр­гийн баяр наадамд үеийнхээ бөх­чүүдтэй
барилдаж өөрийнхөө бэлт­гэлийг ямархуу байгааг мэдэх том боломж байсан. Энэ жил
би “Хантайшир” дэвжээнийхээ бөх­чүүд­тэй “Гео Мандал” компанийн “Мандал” амралт,
“Мустанг” клуб хоёр дээр бэлтгэл сургуулилтаа базаасан.

-Энэ жилийн баяр наадам хоёрын даваанаасаа л өрсөлдөөн гэгч чухам юу
болохыг харуулж эхэлсэн. Ялангуяа аймгийн цолтой бөхчүүдийн хувьд гурав, дөрвийн
давааг нурааж гарна гэдэг их шалгуур байсан…

-Өнөө жил наадам чанга бол­сон. Хоёрын даваанаас
л улсын цол авчих болов уу гэж бодож явсан бөхчүүд оноолтоор таарч байлаа. Миний
хувьд хоёрын да­ваанд гэхэд Дундговийн аймгийн арслан Т.Энх-Амгалантай таар­сан.
Гурвын даваанд улсын начин Ц.Цогтжаргалыг давсан. Харин дөрвийн даваа л тун хэцүү
байсан даа.

-Та Монгол Улсын шилдэг харцагуудын нэг болох Ө.Бат-Оршихыг давсан
шүү дээ. Тэр барилдааныхаа ту­хай ярихгүй юу?

-Мэдээж Ө.Бат-Орших харца­гын хувьд яалт ч үгүй
Монгол Улсын шилдэг харцагуудын нэг. Баяр наадмаар ч дээгүүр барил­дана гэсэн хүмүүсийн
таамаг явж байсан. Ө.Бат-Орших харцагыг давсандаа үнэхээр их баярласан. Адилхан
л бэлтгэлээ хийж байгаад барилдаж байгаа тул юунаас нь дутахав гэж бодсон. Энэ жилийн
наадамд эмээх зүйлгүй барилдсан минь надад улсын цол авчирсан болов уу.

-Харцага та хоёрын барил­дааны өгөө, аваа хэд байсан бэ. Бас л гал
гарсан барил­даануудын нэгээр та хоёрын барилдааныг нэрлээд байгаа шүү дээ?

-Миний хувьд бүтэн жилийн турш нэг өдрийн бэлтгэлээ
ч дутуу хийгээгүй. Аль болох бэлтгэлээ тултал нь хийж амжилтад хүрэхийг хичээсэн.
Миний хувьд харцагатай барилдахад өмнө нь заалны барилдаанд хоёр унаж байсан ч сэтгэлзүйн
хувьд дарамтгүй бай­сан. Бэлтгэл ханаад ир орчихоор айх зүйлгүй болчихдог юм билээ.
Энэ даваанд би уначихвал цолгүй үлдэнэ гэсэн айдсаас өөрийгөө бүрэн чөлөөлж чадсан.
Хэт их цол хүсэн мөрөөдөхөөр сэтгэлзүй тогтворгүй болчихдог юм.

-Тавын даваанд та нутгийн бөх болох Ж.Бат-Эрдэнэ гарь­дыг давж начин
цолны босго алхсан. Начны даваа­ны барилдаан хэрхэн өрнө­сөн бол?

-Яахав ээ. Барилдаан сайхан болж би давсан. Өөр
юу ярихав.

-Зургаагийн даваанд шинэ­хэн харцага Н.Батсуурьтай хүч үзэн өвдөг шороодсон.
Давах боломж байсангүй юу?

-Н.Батсуурь харцага бид хоё­рын хувьд Монгол Улсын
начин цолны болзол хангачихаад зургаа­гийн даваанд тунаж барилдсан. Хоёулаа л аймгийн
арслан цолтой байсан болохоор хэн давсан нь харцага болох хариуцлагатай барилдаан
байсан. Гэсэн ч би өөрт байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадаагүйгээс болж
унасан. Тэр хүний аз хийморь илүү байсан болоод л Н.Батсуурь намайг давж харцага
болсон юм болов уу даа.

-Таны хувьд сүүлийн жи­лүү­дэд улсын цолтны тааварт явдаг байсан болохоор
ул­сын цолонд хэр тэмүүлж барилдсан бэ?

-Улсын цолонд хүрэх юмсан гэж хичээж бэлтгэл сургуулилтаа
хийн барилдаж ирсэн минь үнэн. Гэхдээ улсын цолонд шунаж барилдаагүй.

Өнөө жилтэй нийлээд миний хувьд улсынхаа баяр
наадамд таван жил хүч үзэж улсын цолтны бүлд багтлаа. 2011 оны баяр наадмыг бэртлийн
улмаас өнжиж байсан. Тэгэхэд наадмын бэлтгэлд гарчихаад хөлийнхөө шөрмөсийг тасалсан.
Үеийн олон бөхчүүд маань улсын цолонд хүрч байхад би хэвтэж л наадам үзэж байлаа.
Адилхан аймгийн арслангууд ул­сын цол авч буйг харахад баярлаж байсан ч дотроо их
харуусаж билээ. Тэгш ой тохиосон тэр жилийн наадмын бэлтгэл гойд байсан шүү. Би
чинь шөрмөсөө таслаад нэг жил барилдаагүй. Дараа нь формондоо орох гэж жил зүдэрсэн
дээ. Бэртэл гэмтлээс болоод эргэн формондоо ороход цаг хугацаа үнэхээр шаардагддаг
юм байна гэдгийг мэдэрсэн.

-Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан үзүүштэй болсон
ч даваа болгонд л бие биенийгээ ну­дарч, цохисон асуудал гарч байсан. Таны учраа
бөхчүү­дээс тиймэрхүү авир гарга­сан бөх бий юу?

-Миний учраа бөхчүүдээс тиймэрхүү авир гаргаагүй.
Ганц нэг бие биенийгээ нударч байгаа зүйл ажиглагдаж  л байлаа. Бөх хүмүүс аль болох ёс жудгаа бодож
ба­рилдах хэрэгтэй л дээ.

-Та Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрханы хүү байх аа. Нутаг усныхаа
тухай ярихгүй юу?

-Тийм ээ. Би яах аргагүй Ээж хайрханыхаа өвөрт
өсч өндийсөн хүн байгаа юм. Баяр наадмаар нутгийн уул ус нь түшдэг гэдэг. Ээж хайрханы
маань арвай сүншиг хүүгээ улсын цолонд хөтөлсөн биз ээ. Миний хувьд үндэсний бөхөөр
хожуу хичээллэсэн хүн шүү дээ.

-Хэдэн оноос гэсэн үг үү?

-2003 оноос эхэлж хичээллэсэн. Тэгэхэд 20 настай
байсан санагдаж байна. Багадаа үндэсний бөхөөр хичээллээгүй ч гэсэн үеийн найз нөхөдтэйгээ
барилдан дээл хувц­саа урж л өслөө. Аавынхаа дүү­гийн хүүхдүүдтэй их ч барилдсан
даа. Миний хувьд сумаасаа анх удаа улсын цолтой бөх боллоо. Манай сум түүхэндээ
анх удаа улсын цолтой бөхтэй боллоо, тэр нь би гэж бодохоор сайхан л санагдаж байна.
Сумынхан маань надаас дутуугүй баярлаж байгаа болов уу гэж бодоод байгаа.

-Яагаад 20 хүрч байж барил­даж эхэлсэн юм бэ?

-Тухайн үеийн орчин нөлөөл­сөн. Аав маань намайг
багад байсан бол хар багаасаа бөхөөр хичээллүүлнэ гээд хот руу хөтлөөд л ирэх байсан
болов уу. Багаасаа аав, ээжээсээ хагацсан болохоор хөдөө мал дээр л байдаг байлаа.
Би 18 настайдаа цэрэгт явж дотоо­дын цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Цэрэгт
байхдаа би ер нь бөх болно гэж шийдсэн. Хавар нь цэргээс халагдаад намар нь бөх
болохоор Улаанбаатарт ирж байсан. Цэрэгт байхдаа тангаргийн баярын үндэсний бөхийн
барил­даанд түрүүлж 72 цагийн чөлөө­гөөр шагнуулж билээ. Улсын баяраар цэргийн ангид
барилдаан болоход түрүүлчихдэг байлаа.

-Бөхийн ертөнцөд орсон цагаас хойш хөгтэй явдал их л тохиолдсон байх.
Тэр сай­хан дурсамжаасаа хуваал­цахгүй юу?

-Тэр жил манай суманд дөрвөн багийн өдөрлөг болдог
юм. Тэр дөрвөн барилдаандаа түрүүл­чихээд маргааш өглөө нь аймгийн наадамд явах
гэсэн чинь унаа олддоггүй. Намайг тоох ч хүн байдаггүй шүү. Уг нь аймгийн наадамд
очиж барилдчих хүсэлтэй байлаа. Гэтэл наадам маргааш эхлэх гээд байдаг. Тэгээд нэг
найзтайгаа ахынхаа мотоциклийг гуйж аваад гараад давхичихсан. 200 км мотоцикльтой
шороонд манаргаад очдог юм. Тэгэхэд хотоос аймгийн наадамд түрүүлэх хэмжээний бэлтгэл
хийсэн хүмүүс онгоцоор, жипээр ирж байлаа. Харин би цолоо ахиулчих юмсан л гэж бодсоноос
түрүүлчихнэ гэж бодоогүй л дээ. Мотоциколио ээл­жилж унаж давхисаар байгаад ирж
түрүүлчихээд буцахад их сайхан байж билээ.

-Нутгийнхан тань таныг хоног тоолон хүлээж байгаа юм байна даа. Хэзээ
нутаг явах гэж байна вэ. Цолны найраа хийнэ биз дээ?

-Хэд хоногоос нутаг явж амарч байгаад ирнэ дээ.
Яг одоогоор цолны найр наадмын тухай бодож амжаагүй явна. Нутгийнхан миний утас
руу залгаад хэзээ ирэх гэж байна вэ гээд асуугаад л байна шүү. Миний хувьд нутагтаа
очиж цолныхоо найр наадмыг хийж зон олноо баярлуулчихаад ирье гэсэн бодолтой байгаа.
Ямар ч байсан улсын цолтон болж зам гаргалаа. Миний араас олон сайхан залуу­чууд
улсын цолонд хүрээсэй гэж бодох юм.

-Энэ жилийн наадмаар хэнийг түрүүлээсэй гэж бодож бай­сан бэ?

-Миний хувьд зургаагийн да­ваанд унасан ч гэсэн
наадам дуусаагүй. Хувьдаа бол Г.Эрхэм­баяр аваргыг түрүүлчих болов уу гэж бодож
суулаа. Г.Эрхэмбаяр арсланг түрүүлээсэй ч гэж бодож байсан. Г.Эрхэмбаяр арслан чинь
аваргын энтэй бөх шүү дээ. Түрүүлээсэй гэж хүлээж байсан хүн түрүүлсэн болохоор
сэтгэл өндөр байлаа.

“Аварга” сургуульд нэг ангид сурдаг байсан олимпийн
аварга Н.Түвшинбаяр маань улсын хар­цага цол хүртсэн сайхан наадам болсон.

-Таныг үндэсний бөхөд хө­төлж оруулсан хүн гэвэл ямар бөх байдаг бол?

-Үндэсний бөхөд хөтөлж оруулсан гээд байх хүн
алга. Өөрийнхөө хүсэл зорилгын дагуу л бөх болсон. Манай аав бас ч үгүй сумандаа
нэлээд хэд түрүүлчихсэн сумын заан цолтой хүн байлаа. Анх 2003 онд “Аварга” БТДС-д
“Бөх болно” гэж ирээд улсын начин Б.Адъяахүү, улсын харцага Д.Сэрээтэр нарт шавь
болон ирж байлаа. Ерөнхийдөө бөхийн замд аав минь хөтөлсөн гэхэд болно. Манайх чинь
гурван хүү, гурван охинтой. Аав гурван хүүгээ бөх болгоно гэж боддог байсан биз.
Намайг багад “Миний хүү бөх болноо” гэдэг байлаа. Аав маань аймгийн наадамд очиж
зодог­лоогүй ч сумандаа бол заан л явсан. Аав ид барилдаж байхдаа говь руу трактор
барьж явахдаа дугуй нь хагарчихаар нь солих гэж өргөж байгаад ууцандаа гэмтэл авснаас
хойш барилдаагүй гэдэг.

-1984 оны баяр наадмаар Д.Цэрэнтогтох аваргыг түрүүлдэг жил таныг төрсөн
болохоор сайн бөх болоорой хэмээн Цэрэнтогтох гэж нэр хайрласан гэдэг байх аа?

-Тэр жил Цэрэнтогтох аварга түрүүлээд удаагүй
байхад би төр­сөн юм билээ. Аав өөрөө барилд­даг байсан болохоор отгон хүүгээ бөх
болчихоосой гээд аваргын нэрийг хайрласан тухай аав маань ярьдаг байсан.

-Анхны цолоо хэдэн онд хүртэж байсан бэ?

-2003 онд анх сумандаа тү­рүүлж сумын заан болж
байлаа. Дараа нь “Би барилдаж болох юм байна, одоо аймгийн цолны төлөө барилдаад
үзье” гэж бодоод ай­магт очоод дөрөв даваад тавын даваанд тунаж унасан. Юу ч мэ­дэхгүй
жаахан хүүхэд ирээд аймагт дөрөв давна гэдэг тухайн үедээ их сайхан, урамтай л санагдаж
байсан. Дараа жил нь дахиж очиж барилдаад аймгийн начин болсон юм. Ноднин аймгийнхаа
наадамд түрүүлэн хурц чимэг хүртье гэсэн ч үзүүрлэсэн юм. Нэгэнт аймгийн арслан
цол хүртсэн болохоор цолоо баталчихъя гэсэн бодол байдаг байлаа. Тэр хүсэл маань
Бүх цэргийн баяр наадмаар биелэ­лээ олж хурц чимэг хүртэж цолоо баталсан. Би авсан
цолоо баталж байж дараагийн цолонд хүрье гэж боддог. Юу юугүй л улсын өндөр цолонд
хүрчихье гэсэн бодол байдаггүй. Бид хамгийн гол нь авсан цолоо баталж байх хэрэгтэй.

-Тав давчихаад есөн хөлт тугаа тойрч явахад юу бодогдож байсан бол?

-Тэр үед их баярлаж байлаа. Би багадаа аав, ээжээсээ
хагацаж байсан юм. Тийм болохоор төрийн­хөө есөн хөлт цагаан тугийг дэвэн тойрч
байхдаа аав, ээж хоёр минь тэнгэрээс хүүгээ харж байгаадаа гэж бодож байсан. Саяхан
би ахыгаа алдсан болохоор элэг зүрхний минь амин гурван хүнээ бодож дэвж явлаа даа.
За тэгээд туг тойрч байх тэрхэн агшинд нутаг ус, ах, эгч гээд бүгд л нэгэн дор бодогддог
юм билээ л дээ.

-Танай ах дүүгээс барилддаг хүн бий юу?

-Одоохондоо надаас өөр хүн алга даа. Миний нэг
ах Цогт суманд амьдардаг юм. Гурван жил дүүгээ цол авахыг нь харах гэж наадмаар
хотод ирсэн. Энэ жил би начин болж ах минь мөн ч их баяртай байна лээ. Наадам болохоор
нутаг орондоо ч баярлаж чадахгүй намайг л гэж 1000 гаруй км-ийг туулж ирдэг. Дүүгээ
улсын наадамд барилдуулж байгаа гэж бодохоор уяач шиг л болчихдог юм биш үү.

-Ах нь дүүгээ улсын цолонд хүрэхийг харна гээд ирчих­сэн байхад нь
цолонд хүрч чадаагүй үед хэцүүхэн бай­даг байв уу?

-Ах маань дүүгээ улсын цол авахыг харах гээд ирчихсэн
байхад нь доогуур даваанд уначихаад их эмзэглэдэг байлаа. Энэ жил л ахынхаа хүслийг
биелүүлж чадлаа.

-Энэ жил олон сайхан арс­лангууд улсын цолгүй үлд­лээ дээ. Таны хувьд
улсын цолонд хүрчихнэ гэж таа­варлаж байсан ямар бөхчүүд байсан бол?

-Энэ жил улсын цолонд хүрчих болов уу гэж бодож
байсан олон сайхан аймгийн арслангууд хоёр, гурвын даваанд хоорондоо таа­раад цолгүй
үлдлээ. Хамгийн дотны хүмүүсээс гэхэд аймгийн арслан Б.Суманчулуун маань цол хүртэж
чадсангүй. Бид хоёрын хувьд олон жил сайхан нөхөрлөж яваа.

-Таныг шууны бяртай гэдэг юм билээ. Хүчний бэлт­гэл­дээ түлхүү анхаараад
байна уу?

-Үнэн л дээ. Би хүчний бэлтгэл түлхүү хийдэг.
Манай аавыг  их бяртай хүн байсан гэж нутгийхан маань ярьдаг юм. Ямар сайндаа,
тракторын чиргүүлийн дугуй хагар­чихаар доор нь орж мөрлөж өргөж байгаад  гэмтэл
авсан байхав дээ. Ер нь аавын тал бяртай хүмүүс байдаг. Тийм болохоор удмын юм болов
уу  л гэж боддог. Манай аавын ээж том биетэй хүн байсан. Ная гарчихсан хойноо
уулын ца­рам­наас арагтай шаваг түүчихээд, бас хомоол хормойлоод ирдэг байж билээ.

-Энэ жилийн наадмаар би ингэж барилдана гэсэн тактик боловсруулсан
уу?

-Тэгэлгүй яахав. Өөрийнхөө хэмжээнд ингэж барилдана
шүү гэсэн бодол байсан. Энэ жилийн наадмаар барилдаж байсан бөх­чүүдтэйгээ өмнө
нь барилдаж байсан болохоор ерөнхийдөө энэ тэгж барилддаг гэсэн багцаа бай­сан болохоор
түүнд нь тааруулж барилдсан.

-Бөхчүүд энэ миний дархан мэх гэж байгаад ярьдаг шүү дээ. Таны дархан
мэх юу вэ?

-Яг дархан мэх гээд хэлчих зүйл алга л байна.
Тухайн үед ямар бөхтэй таарах нь уу тэр нөхцөл боломжийг нь харж байгаад барилдчихдаг.
Тэр нь ч амар юм билээ л дээ. Хааяа шахаж татах мэх хийнэ. Ерөнхийдөө золгооноос
л барилддаг даа.  Хав дөрвөлжин бариад авсан байхад хэнтэй ч сайхан барилдчихна
л гэж боддог. 

-Барилдаан таардаггүй бөх гэж байдаг. Таны хувьд хэн­тэй барилдаан
таардаггүй вэ?

-Барилдаан таардаггүй бөх байлгүй яахав. Дээр
хэлсэнчлэн аль болох тэр болгоныг тааруулж, тохируулаад л  барилдана шүү дээ.

-Таны өндөр, жин одоо хэд вэ. Бөхчүүд дундаа биерхүү харагддаг?

-Өндөр 182 см, жин 125 кг байна. Би чинь тийм
ч биерхүү бөхийн тоонд орохгүй ээ. Ер нь дундаж биетэй гэж ойлгож болно.

-Гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлтэй болсон. Эхнэр, хүү, охины хамт амьдарч
байна. Эхнэрийг маань Ж.Наран-Эрдэнэ гэдэг. Охиныг маань Содлянхуа гэдэг. Гурван
настай. Хүүг маань Сайхансамбуу гэдэг. Бид хоёр нэг нутгийнх. Багаасаа л бие биенээ
мэддэг байсан. Хүү маань хоёр ойтой. Бөхийн спортыг сонирхвол хичээллүүлнэ гэж боддог.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газраа унагавал АН амиа хорлохтой адил

МАН-ынхан 
намаа  шинэчлэх тухай бүтэшгүй  юм ярьж байх зуураа  АН-ын Засаг огцрох тухай “бор шувуу” нисгэж  эхлэв. Мэ­дээлэл янз бүрээр л явж байна. Анзаарах
нь ээ,   зориудаар ца­цаад  байх шиг.  
Дараагийн Засгийн газрын тэргүүний нэрийг ч тод­руулаад эхэлчихэж. Засагтай
хол­боотой муу мэдээллүүдийг  МАН-ын хаягтай
хэвлэлүүд  шидээд байгаа.   Наадмын дараа Засгийн газар унана гэдэг яриа
бол үнэн болтлоо хоногшиж байна. “Сайхан наадсан уу” гэхийн оронд “Засаг хэзээ огцрох
гэж байна” гэж улс төрийн хүрээнд ярих болж. МАН-ынхан  Засгийн газар унагах юм яриад эхэлвэл гайхаад
байх зүйл­гүй. Угаас сөрөг хүчний хийх ажил. АН-ынхан өмнүүр нь гүйж ороод өөрсдийгөө
дэгээдээд байх шаард­лагагүй.  Тэгээ ч үгүй
байх.  МАН үүнийг дөгөөж байгаа нь тодорхой.

Н.Алтанхуягийн Засгийн газар ажлаа хийж л байна.
Яачихсан гэж солих гээд байгаа юм хэн мэдэхэв. 
Мэдээж юу ч хийхгүй хүн алдаа гаргахгүй, хийж байгаа хойно алдаа оноо байгаа
л биз.  Ямартай ч дараагийн Ерөнхий сайдын
нэ­рийг сөрөг хүчнийхэн нь тодруу­лаад л байна. Д.Дорлигжав, Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ
гээд л чих дэлсэнэ. Н.Алтанхуягийг унагах тоглолтыг тэднийг хатгаж  байгаад хагаралдуулах сонирхол МАН-д бий. Тиймдээ
ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд болохыг хүстэл нь магтаж эхлэв. Цаг нь ирэхээр
хэн нь ч Ерөнхий сайд болох магадлалтай. 
Ялангуяа Х.Баттулгыг намынхан нь байтугай нь Ерөнхий сайд болно гэж ярьдаг
шүү дээ. Тэгэхээр энэ бол томоос том яс хаялт явуулж байгааг илтгээд байна.

Засгийн газрыг унагах тог­лоомондоо  МАХН-ынхныг бас хавчуулжээ.    Гүйцэтгэх товчоо  нь хуралдаад юу юугүй Засгийн газраас гарах гэж
байна гээд л.    Тэд тохироо ёсоор  Н.Энхбаярыг суллахгүй бол Засгаас гарна хэмээн
айлгасан гэх.  МАХН-ынхан нь харин энэ талаар
тодорхой хариу өгөөгүй байгаа. Гүйцэтгэх тов­чоондоо Н.Энхбаярын улаан фанатууд
иймэрхүү санал оруул­сан ч Засгийн газрын 
гишүүдийн олонхи  нь хөдлөхгүй байгаа
гэнэ. Албан ёсоор энэ асуудлыг яриад шийдчихсэн нь үгүй. Ер нь бол МАХН цаад даргынхаа
шахалтанд орж байгаа. Тиймээс ч энэ тал дээр шийдвэр гаргаагүй ч хоёр талцаж байгаа
нь үнэн.

АН-ынхны хувьд  юугаа булаа­цалдаж  хэмлэлдэхэв дээ.  Үнэн хэрэгтээ бол албан тушаалыг фракцууд адил
тэнцүү л хуваагаад авсан ш дээ.    Муудалцаж
талцаж, тамын тогооны үлгэрээс  биесээ татаж
унагаад байвал Ардчилсан нам өөдлөх ч үгүй, ажил явах ч үгүй.     Магтсан хүүхэн хуриман  дээрээ гэгч болж мэдэх л юм. Засаг огц­руулах
талаар яаран мэдээлэл түгээгч нь МАН. Огцруултлаа өдий л дөө. Улс төр энэ зун биш,
нам­раас л бужигнаж эхлэх болов уу.  Намууд
их хурлаа хийнэ. МАН шинэчлэл ярьсан хэдэн нөхөд­тэйгөө тохиролцохын тулд намын
их хурлаа яаруулахгүй байгаа. Шахаа хийгээд байгаа залуусаас ганц нэг нь Удирдах
зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга болно биз. Ард нь байгаа ах нараас
нь хэн нэг нь намын дарга болно биз. За тэгээд хэдэн сонгууль дараалан унагасан
буруутныг хайж хэрэлдэх байх. Шинэчлэл гээч нь тэгэсхийгээд л дуусна.

Угтаа бол Н.Алтанхуягийн  Засгийн газар 
сайн л ажиллаж байна. Юу нь болохгүй байгаа юм. Урьд өмнө байгаагүй л бүтээн
босголт  хийж байна. Шинэчлэлийн Засгийн газрын
рейтинг 65 хувьтай байгаа нь урьд хожид байгаагүй өндөр  байгаа юм. Өмнө ямар ч Засгийн үед 50 хувиас дээш
гарч байгаагүй. Ерөнхий­лөгчийн сонгуульд ч одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа,  нийслэлээс хийж байгаа ажлууд их нөлөөлсөн.  Өнгөрсөн сонгуу­лиудаар АН нэгдэж ажиллаж чадсан.
Нэгдэж хамтарч чадвал амжилтанд хүрдгийг мэдэхээрээ л нэг боллоо. Том эрх ашиг дээрээ
АН-ынхан нэгдэж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй биз. Өнөөдөр нэг жижигхэн улс төр
ярьж,  фрак­цуудын сонирхлоос болж, бүтээн
байгуулалт зогсоосой гэж хэн ч хүсэхгүй байгаа. 
Харин албан тушаалд горилогч, амиа хоохой­логчид л ийм юм сэднэ байх.  Н.Алтанхуяг сонгуульд ялагдал хүлээсэн бол  хариуцлага тооцох нэрээр унагачихъя гэхсэн. Хэд
хэдэн сонгуульд нам нь ялчихаад байхад ямар хариуцлага тооцох юм. Ийм практик хаана
ч байхгүй. 

1996 онд эхэлсэн Засгийн газраа унагах ажилд АН-ынхан
өөрсдөө оролцсон. Дөрвөн ч Засгийн нүүр үзсэн дээ.  АН-ын 
“хөдөөгийн” гэх хэдэн нөхөд нөгөө намынхантайгаа нийлж байгаад сайн хувь
нэмэр оруулсан.  Үүн дээр нь Н.Энхбаяр ч сайн
тоглосон. Ингэж урваач, шарваач, нам доторх самуурлаасаа болж АН тэр үед ёстой л
сүнсгүй арчуулсан даа. Гашуун туршлагаа бодвол АН-ынхан Засаг унагаж  тоглохгүй л байлтай.  Ялагдал гэдгийг л амссан даа, санаж байгаа бол.  Засгийн газрыг унагахыг АН-ын зарим нь дэмжвэл
дотооддоо тэмцэлтэй байгаа МАН-ынханд  бөөн
зав­шаан болно. Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэсэн үг.  Нэг ёсондоо амиа хорлохтой л адил. Гэхдээ арай
үгүй байлгүй дээ.

Одоогийн Засгийг  унагах тоглоом ч тийм л гайг дуудаж байна. Яахав
Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагачихъя. Тэгээд юу өөрчлөгдөх юм.  “Алтан гадас” өшөөгөө аваад л эхэлнэ. Ажлаа зүгээр
хийж байхдаа өшиглүүлсэн хүн алгаа ташаад л баярлаж сууна гэж үгүй. Дараагийн Засгийн
газар хэнийх болох нь хамаагүй. Н.Алтанхуяг тооцоо бодож байгаад л унагана. Үүнд
нь МАН-ынхан баяртайгаар оролцоно. МАН-ыг оролцуулахдаа Н.Алтанхуяг ч тоохгүй. Бүр
цааш нь яривал МАН хэнийг ч унагахад бэлэн байгаа. Тэгэхийн тулд хэнтэй нь ч хор
найруулахад МАН хоёр гараа өргөөд л дэмжинэ.  
Ер нь ч дэмжээд хүч өгөөд эхэлсэн. Хожил МАН-д ирнэ.   

Ингэсээр засгаас засгийн
хоо­ронд дөрвөн жил дуусна.  Сонгууль болно.
Нөгөө намынхан нь АН-ыг баалах  гол идэш  тэр болно. Одоо бол АН-д  өөр намынхантай сүлбэлдээд ч хамаагүй Засгийн
газрыг унагах сонирхолтнууд ганц нэг байхыг үгүйсгэхгүй. Сөрөг хүчин Засгийн газрыг
унагах юм яриагүй байхад сайн дураараа засгаа унагах юм бол өөдөө хаясан чулуу өөрийн
толгой дээр гэгч болно. Тэр хооронд бүтэлгүй ч гэсэн шинэчлэл ярьж байгаа МАН гоё  харагдаж эхэлнэ дээ. Шууд л шинэчлэгдлээ гээд
зарлаад эхэлнэ.   Дээр нь МАН-ынханд улс төр
хийх том шалтаг Ардчилсан намынхан өчигдөр гаргалаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын тэргүүлэгчид иргэдээсээ ч асуулгүй Сүхбаатарын талбайг Чингэс хааны нэрэмжит
талбай болгох шийдвэр гаргалаа. АН-ынхны олж авсан нэр хүндийг энэ шийдвэр харин
үгүй хийж орхих шиг болсон. Сошиал медиагаар зөвхөн энэ тухай л ярилцаж, олонхи
нь эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Хэтэрхий туйлширсан энэ шийдвэр иргэдэд таалагдахгүй
нь эндээс шууд харагдаж байгаа юм.  Үүнийг
Иргэдийн төлөөлөгчдийн тэргүү­лэгчдээр батлуулсан ч цаана нь улс төр яваа, АН-ын
зарим өндөр албан тушаалтны сонирхол ч бий. Хэтэрхий намчирхсан иймэрхүү шийдвэр
бол харин МАН-ын аманд өөрсдөө гүйж орсонтой адил юм.

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгойн баяжуулах үйлдвэр зэсээ экспортолж эхэллээ

-ЭРДЭНЭТЭЭС ХОЁР
ДАХИН ТОМ ЭНЭ ҮЙЛДВЭР БҮРЭН ХҮЧЭЭРЭЭ АЖИЛЛАВАЛ  УУЛ УУРХАЙН ЭКСПОРТ 40 ХУВИАР НЭМЭГДЭНЭ-

Оюу толгой компани  өчигдрөөс зэсийн баяж­малаа экспортолж эхэл­лээ.
Тус компанийн ТУЗ борлуулалтын гэрээг хянас­ны эцэст зэсийн баяжмалаа экспортлох
зөвшөөрлийг өгчээ.  Оюу толгой  компанийн хувьд хөрөнгө оруулалтын гэ­рээнд зааснаар
экспор­тын орлогын зохи­цуу­лал­таа ил тод байлгана гэдгээ нээлтийн үеэр он­цолж
байлаа. Зэсийн баяж­мал тээвэрлэсэн анх­­ны цувааг үдэх ёс­лолд Ерөнхий сайд Н.Ал­танхуяг,
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Уул уур­хайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаяр, “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэд­ван­чиг нарын
албаны хүмүүс иржээ. 

Мөн “Рио тинто”-гийн   Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян
Жак, Оюу толгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюу толгой компанийн ерөнхий­лөгч
бөгөөд гүйцэтгэх ерөн­хий захирал Камерон МакРей, Оюу толгой төслийн дэд Ерөнхийлөгч
С.Санж­дорж нар оролцсон юм. Оюу толгойн ордыг анх судалж нээсэн геологич Д.Гарамжав,
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди зэрэг анхаарал татахаар эрхмүүд ч ирсэн байлаа.
Төс­лийн талбайн зэсийн баяж­мал савлах хэсэгт баяжмал ачсан аварга машинууд эгнэн
зогсчээ. Оюу толгой төслөөс гэхэд 100 хол давсан хүн цугласан харагдав.

 
ИЛҮҮ АШИГ ОЛЪЁ ГЭВЭЛ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ
ХЭРЭГТЭЙ

Нээлтийн үгийг “Рио тинто”-гийн   Зэсийн группийн   гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак хэлсэн. Түү­ний
хэлсэн  үгнээс  “Баяжма­лын экспортоо эхлүүлэх нь  чухал ач холбогдолтой ч энэ бол бидний түншлэлийн
зөв­хөн нэг алхам. Дэлхийн хам­гийн сайн зэс алтны ордуу­дын нэг нь энэ газрын доор
мянга гаруй метрийн гүнд бий. Тэр бол өндөр чанарын, маш том, маш нарийн орд. Энэ
ордыг олборлож амжилттай ашиглалтад оруулах нэг л зам бий. “Рио” блоклон олборлох
хамгийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх гэж байна. Блок­лон олборлох энэ арга Оюу толгойн
уурхайг дэлхийн зэ­сийн бусад уурхайгаас тод харагдуулна. Энэ бүтээн байгуулалтыг
бий болгоход олон улсын төслийн санхүү­жилт шаардлагатай” гэсэн хэсэг нь содон сонсогдов.
“Рио”-гийн зүгээс олон улсын  төслийн санхүүжилтээр
дөр­вөн тэрбум ам.доллар босгох боломжийг бүрдүүлсэн та­лаар манай сонин өмнө нь
мэдээлж байсан. Уг арга хэмжээний үеэр Оюутолгой­гоос ирэх ашгийн  80 хувийг өгөх гүний уурхайн бүтээн байгуулалтын
санхүүжилтийг яаж босгох тал дээр Засгийн газрын байр суурийг Ерөнхий сайдаас сонирхоход
“Бид асуудлыг нааштайгаар шийдэхийн төлөө ажиллаж байна” гэсэн товч хариу өгсөн
юм. 

 

Н.АЛТАНХУЯГ: ОЮУ ТОЛГОЙ СҮҮЛИЙН
ДӨЧИН ЖИЛ БОСООГҮЙ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг нээлтийн
үеэр Өмнө­говьчуудад нэг сонин дуулга­лаа. Ерөнхийлөгч уржигдар Говь Гурван сайхан
уулыг аргадаж тахижээ. Төрийн тэргүүн ийм ёс гүйцэтгэсэн нь зэсийн баяжмалыг экспортод
гаргах нэг шалтгаан байсан гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн ярьж байв. Ерөнхий сайд
“Оюу толгой бол сүү­лийн 40 жил босоогүй том бүтээн байгуулалт. Эрдэнэ­тээс хойш
гайгүйхэн үйлдвэр баригдаагүй өдий хүрсэн. 
Дэлхийн хамгийн шилдэг сүү­лийн үеийн техноло­гиудыг нэвтрүүлж чадсан Риод
амжилт хүсье. Оюу толгойн баяжуулах үйлдвэр 
Эрдэнэ­тээс хоёр дахин том. Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаа­раа ажиллаад эхэлбэл
манай улсын уул уурхайн экспорт 30-40 хувь нэмэгдэнэ. Энэ хэрээр хөгжил ирнэ. Цаашид
хөрөнгө оруулалтын үр аш­гийг дээшлүүлэх чиглэлээр Монголын Засгийн газар Рио тинтогийн
аль аль нь хүч гаргаж хамтарч ажиллах бол­но. Монгол Улсын Засгийн газар дандаа
ерөөгөөд суу­гаад байхгүй л дээ. Тиймээс харилцаагаа  улам үр ашиг­тай болгохын тулд цаашид ч гэсэн
чармайн ажиллах бол­но” хэмээн онцолж байв.

Ерөнхий сайдыг үг хэлсэ­ний дараа
Оюу толгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх түүнд зэ­сийн баяжмалын дээж гар­дуул­сан юм.
Харин Камерон МакРей Уул уурхайн сайдад зэсийн баяжмалын дээжээс гардуулав.

Зэсийн баяжмалын дээж гардуулах ёслолын
дараа Уул уурхайн сайд үг хэлсэн. Д.Ганхуяг сайд Оюу толгойн үйлдвэрийн өнөөдрийн
чад­лыг Эрдэнэтийн уулын бая­жуу­лах үйлдвэрийнхээс 12 сая тонноор илүү гэж онцлов.
Түүний тооцсоноор Оюу тол­гойн яг одоогийн хүчин чадал  1.5 -н Эрдэнэт­тэй тэнцэхээр гэнэ. Хүчин чадлаа
нэмэг­дүүлж ажилла­вал  2018 он гэхэд жилд
54 сая тонн хүдэр боловсруул­даг болно гэж салбарынх нь сайд онцолж байв. Ингэснээр
2.25-н Эрдэ­нэт­тэй тэнцэнэ гэсэн судалгаа гаргаснаа сонирхуулна лээ.

Оюутолгойн баяжмалын экспорт эхэлснээр
Монголд үйлдвэрлэж буй зэсийн баяж­малыг 80 хувиар, ДНБ-д эзлэх уул уурхайн бүтээгдэ­хүүний
хэм­жээг 20 хувиар тус тус нэмэг­дүүлнэ гэж Уул уур­хайн сайд  ярьж байв. 
Ингэс­нээр манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15-д жагсах боломжтой
болж бай­гаа аж.  Оюу толгойнхны хувьд экспорт
эхэлснээр ДНБ-ий хэмжээг 30 хувиар нэмэг­дүүлнэ гэсэн тооцоо гаргажээ.

Тэрээр “XXI зуунд хуулийн засаглалтай
ардчилсан орнуу­­­дад компанийн сайн засаг­лалтай аж ахуйн нэг­жүүд тэнгэрийн дор
төрж, хуулийн дор ажиллах гэсэн алтан зарчмыг мөрдөн ажил­лас­наар хөгжлийн түүчээ
болон хөгжсөөр байна. Оюу толгой компанийн хувь ний­лүү­лэгчид, Оюутолгой ХХК-ийн
гүйцэтгэх удирдлага энэ зарчмыг тууштай баримтлан, төслөө хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж
чадна гэдэгт эргэлзэхгуй байна” гэж ярив.

 

МОНГОЛ КОМПАНИ ОЮУТОЛГОЙН БАЯЖМАЛЫГ
ТЭЭВЭРЛЭХ ЭРХ АВЧЭЭ

“Хөгжилд хөтөлсөн баяж­малын цуваа”
ёслолын ажил­ла­гааны төгсгөлд ачааны машины жолооч нарт зэс аягатай сүү, хадаг
барьсан юм.  Зэсийн баяжмал тээвэр­лэгчээр
үндэсний оператор компанийг сонгожээ. “Терра экспресс” компани Оюу тол­гойн зэсийн
баяжмалыг урд хил рүү тээвэрлэхээр болж. 
Зэсийн баяжмал ачсан эхний машиныг хорь орчим жил ачааны тэрэгний жолоо муш­ги­сан  Н.Нацагдорж бари­хаар болжээ. “Терра эксп­ресс”
компанийн урдаа барь­даг жолооч гэнэ. Тэрээр “Монголчуудын түүхэнд тэм­дэг­лэгдэхээр
онцгой өдрийн гэрч болж, баяжмал ачсан машины цувааг ахалж бай­гаа­даа үнэхээр их
баярлаж байна. Замдаа ачаа бараа­гаа янзална, чангална, цу­ваа­гаар явж байгаа боло­хоор
тодорхой хурдны хяз­гаар барьж явна гээд бодоход гурван цагийн дотор улсын­хаа хил
хүрчих байх. Цаашаа хил гарахдаа штамп дара­хаас эхлээд ажил их байгаа” гэж яриад
машин руугаа яаран явлаа.

 Баяжмал ачсан машины цуваа ийнхүү төслийн тал­бай­гаас
хөдлөв. Нэг машинд хоёр тонноор савласан 18 уут зэсийн баяжмал ачсан байна лээ.
Өөрөөр хэлбэл нэг ма­шинд 36 тонн зэсийн баяж­мал ачсан гэсэн үг. 16 машин­даа үржүүлэхээр
Мон­гол Улс өчигдөр гэхэд л 576 тонн зэсийн баяжмал экспор­тол­лоо.  Зэсийн баяжмалтай уут бүрийн гадна талд Мон­голд
үйлдвэрлэсэн бүтээгдэ­хүүн гэж англиар бичжээ. Оюу толгой наадмын үеэр экспор­тоо
түр завсарлаад наадмын дараагаар зэсийн баяжма­лаа тасралтгүй экс­порт­лох аж. Одоогоор
Оюу толгойн төслийн талбайд 5800 тонн баяжмалын нөөц байна.

Баяжмал ачсан машинууд Гашуунсухайтаар  гарах юм байна. Хятадын нутагт Оюу толгойн зэсийн
баяжмалын агуулах байгаа аж. Баяжмал авахаар гэрээ байгуулсан зэс хайлуулах үйлдвэр
болон олон улсын худалдааны бай­гууллагынхан тэндээс худал­даа­гаа хийх нь.  Оюу толгой зэсийн баяжмалаа зах зээ­лийн өнөөгийн
ханшнаас өндөр үнээр зарах юм байна. Зэсийн үнэ илүү өндөр байх үед цаад талтайгаа
гэрээ байгуул­сан учраас тэр гэнэ. Гэрээнд зэсийн баяжмалаа тухайн үеийн ханшаар
урт хугацаанд тогтвортой ний­лүү­лэхээр тусгажээ. Харин экспортлох зэсийн баяжма­лын
25 хувийг спот үнээр буюу тухайн өдрийн дэлхийн зах зээлийн ханшаар өгөх юм байна.

Оюу толгой компанийн нөөцийн стратеги
хариуцсан дэд захирал Т.Мөнхбатаас ордыг хэчнээн жил ашиглах боломжтойг сонирхоход
“Яг одоо батлагдсан баталгаатай нөөцөөр тооцвол Оюу тол­гойн уурхай 65 жил ашиг­лаг­дах
нөөцтэй. Хайгуулын ажил тодорхой хэмжээнд үргэлж­лэн хийгдэж байна.  Цаашдаа нөөцийг нэмж бүртгүүлэхээр байгаа. Нөөц
нэмэгдсэн тохиол­­долд  Оюу толгойд 80 гаруй
жил ашиглах нөөц буюу баялаг бий” гэж хариуллаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хятад, Бутаны хооронд ямар ашиг сонирхол, амлалт байгааг таашгүй

БНХАУ-ын Ардын чө­лөөлөх армийн цэргүүд хөрш зэргэлдээх
Бута­ны вант улс руу орсон тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Олон
улс судлаач О.Нямдаваа­тай энэ сэдвээр ярилц­лаа.

-Манай урд хөрш болох Хятад улс хил залгаа оршдог
Бутаны вант улс руу цэргээ оруул­­сан гэх мэдээлэл бай­на. БНХАУ нь Энэт­хэг рүү
цэргээ оруулж бай­сан гэдэг. Мөн өн­гөрсөн долоо хоногт Хятадын ЭСЯ-ны гадаа жагссан
Монголын но­гоон на­мынхан “Хятад Та­жикс­тан руу ч бас цэр­­гээ оруулсан. БНХАУ
хөрш орнуудын­хаа аюул­гүй байдалд халд­лаа” гэж байсан. Суд­лаач хүний хувьд та
энэ үйл явд­лыг юу гэж харж байна вэ?

-Бутан улс руу Хятад
цэргээ оруулсан гэсэн мэдээг жинхэнэ эх сурвал­жаас  сайн шалгаж байж, үүнд хандах нь чухал гэж үзэж
байна.

Энд юуны өмнө Бутаны Зас­гийн газрын мэдээ, ханд­лага
их чухал юм. Яагаад Бутаны Засгийн газар чимээ­гүй байгаа нь хүмүүсийг гайхширалд
оруулаад байна. Хята­дын цэрэг орсон бол хичнээн хүмүүс хаагуур орсон бэ гэдэг асуудал
дагаж гарна. Тэгээд хоёр орны хилийн буд­лиан­тай хэсгээр орсон юм уу эсвэл бүтээн
байгуулалт явагдаж байсан газраар Хятадын цэрэг орсон уу гэдгийг Хята­дын тал, Бутаны
тал албан ёсоор хэн нь ч мэдээлээгүй байна. Нөгөөтэйгүүр юуны учраас хичнээн цэрэг
орсон нь бас мэдэгдэхгүй байна. Дэлхийн том том хэвлэл мэ­дээллийн албад бас мэдээ­лэхгүй
байгаад би гай­хаж бас эргэлзэж байгаа.

БНХАУ хөрш орнуудтай­гаа хилээ зохицуулж гэрээ
байгуулаа­гүй учраас  нэлээд олон оронтой
хилийн мар­гаан­тай байдаг. Түүний тоонд Энэтхэг, Бутан, Вьетнам зэрэг орнууд орж
байгаа байх.

Энэтхэгийн зүүн хойт рай­оноор Хятадын цэрэг
1962 онд маршлан орж ирээд тэр до­роо буцаад га­раад явсан.  БНХАУ бол социалист орон тул бидэн рүү дайрч довт­лохгүй
гэсэн байр суурийг тухайн үед Ерөнхий сайд агсан Ж.Неру гаргаж байсан тул Энэтхэг
ямар ч бэлтгэл, хамгаалалтгүй байсан та­лаар тус улсын судлаачид бичсэн байдаг.
Хятадын цэр­гүүд газар нутгийн будлиан­тай Аруначал Прадеш му­жаар дамжиж орж ир­сэн.
Энэ нутгаар Далай ламтан 1959 онд бас орж ирсэн байдаг.

Энэ хоёр орны мөргөл­дөөнд Монгол Улс төвийг сахин,
Монгол­той сайн ха­рил­цаатай Хятад, Энэт­хэг хоорондоо асуудлаа тайван замаар шийдэхийг
Монгол Улс аль аль талаас уриалсан байдаг. Тэр үед Монгол Улс БНХАУ-тай хилээ зохицуул­сан
гэрээгүй байсан. Ийм учраас хөрш орнуудтай Хи­лийн гэрээтэй байх ёстой юм байна
гэсэн бодлого явуулж, БНХАУ-тай хи­лийн гэрээ байгуулсан юм. Одоо хоёр орон хилийн
нарийн зурва­саа тогтоосон хэлэлцээртэй. Энэ­хүү хэлэлцээрийг байгуу­лах сонир­хол
ч БНХАУ-д тухайн үед байсан байх. Гадаад орны хэвлэлээр БНХАУ-ыг тухайн үед буруу­шаа­сан
мэдээ их гарч байсан. Түүнийг нь няцаахад манай­тай байгуулсан хилийн хэлэлцээр
тус болсон болов уу гэж үзнэ.

-Бутан руу хятад цэр­гүүд орсон нь дайны дохио ч гэх юм…

-Бутан руу Хятад улс цэр­гээ оруулсан гэдгийг
батла­хад эрт байна. Аяндаа мэ­дээлэл гараад ирнэ дээ. Одоо нууц юм гэж байхаа больсон
шүү дээ. Жаахан хүлээх хэ­рэгтэй. Зарим хэвлэл мэдээ­лэлд янз бүрээр бичиж бай­гааг
би иш татмааргүй байна. Яагаад вэ гэвэл БНХАУ нь манай өмнөд том хөрш юм. Бид тэдэнтэй
харилцаа хам­тын ажиллагаа явуулахад онцгой ач холбогдол өгдөг.

Бутанд ажиллаж байсан  Хятад хүмүүсийг хамгаала­хаар цэрэг орсон. Удахгүй
түүнийгээ Хятад гаргах гэнээ гэсэн мэдээ бас байсан санагдана. Ямар ч байсан цэргийн
том анги нэгтгэл Бутан руу ороогүй болол­той. Харин цөөн тооны салаа орсон байж
болох талтай.

Бутанд энэ сарын 13-нд бүх нийтийн хоёр дахь удаа­гийн
сон­гууль болно. Бутан сонгуулийн дүнгийн дараа асуудлаа ил гаргах гэж байж болох
юм. Иймд хэдэн хоног хүлээх шаардлага гарч байх шиг байна. Олон цэрэг орсон бол
сансраас хараад шуугих ёстой л доо. Гэтэл тэгэхгүй байна.

-Хятадын ЭСЯ-ны гадаа жагс­сан МНН-ынхан хөршүүд рүү­гээ цэргийн хүчээр
довтолж байгаа БНХАУ Монгол руу цэр­гээ оруулчих вий гэсэн болгоомжлол гаргаж бай­на
билээ. Ер нь Бу­танд Хятадын хичнээн компани, ажилчин бай­даг тухай мэдээлэл танд
байна уу?

-Бутан улс БНХАУ-тай харил­цаа хамтын ажиллагаа
бараг байх­гүй байсан. Сүү­лийн үед Хятадаас машин техник авах, ажиллах хү­чийг
оруулах зэрэг хамтын ажил­лагаа эхлэхийн зэрэгцээ хилийн худалдаа үргэлж явж ирсэн.
На­рийн тоо баримт надад байхгүй байна.

Бутаны асуудлыг Мон­голтой харьцуулан ярихад учир
дутаг­далтай. Бид хилээ зохицуулсан. Харин Бутан зохицуулаагүй.

Гэхдээ Хятад ажилчдыг оруу­лах­даа  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заасан хэмжээ­гээр
оруулаад, хуулийн дагуу буцааж гар­гаад байх шаардлага байгаа. Үүнийгээ л бид баримтлан
ажиллах хэрэгтэй.

-Хэрэв Бутан руу хятад цэргүүд орсон бол вант улс яагаад өнөөдрийг
болтол дуугарахгүй байгааг  та юу гэж бодож
байна?

-Бутан улс 
700-гаад мян­ган хүн амтай жижиг буурай орон шүү дээ. Манайхтай их ижил төсөөтэй.
Тэд далайд гарцгүй. Бурханы шашин­тай. Цэрэг, цагдаа нь цөөн тоотой.

Монголчууд Бутаныг бас сонирхох, дэмжих үндэслэл­тэй.
Хүмүүс нь Түвд, Монгол гаралтай. Зан заншил нь бидэнтэй ижил. Балбын Монгол гарал
үүсэлтэй овог ястангууд бас Бутанд байдаг юм билээ. Энэ утгаар Бутанд Мон­гол гарал
үүсэлтэй хү­мүүс байгаа гэж үзэж болно. БНХАУ, Бутаны Засгийн газар хоорондоо уг
үйл явд­лыг зарлахгүй чимээгүй бай­хаар тохирсон байж болох. Түүний цаана ямар ашиг
сонирхол, амлалт байгааг тааж мэдэшгүй дээ. БНХАУ шиг дэлхийн том гүрэн өөрийн цэргийн
хүмүүсээ Бутан мэтийн жижиг оронд оруулах нь ичгэвэртэй юм. Хэрэв оруулсан бол шүү
дээ.

-Энэ хоёр улс хичнээн газ­раар хилийн мар­гаан­тай байгаа юм бэ?

-Бутан улс БНХАУ-ын Түвдийн хэсгээр хиллэдэг.
Эртнээс хил залган оршдог тул авч өгөх, маргах зүйл байдаг биз ээ. Тэд хоорондоо
470 км нутгаар хиллэж бай­гаа. Хилийн дөрвөн хэсгээр нутаг дэвс­гэрийн маргаантай.
Түүний нийт хэмжээ нь 270 квадрат километр шиг санаг­дана. Хилийнхээ маргаа­ныг
зохицуулсан гэрээнд хүрч тохиролцож чадахгүй байгаа. Харин хилийн тайван байд­лыг
сахиулах хэлэлцээртэй.

-Тэгээд уг хэлэлцээрээр шийдэлд хүрч чадаагүй юм байх даа?

-1998 онд Хилийн тайван байд­­лыг хангах хэлэлцээрийг
Хятад Бутаны хооронд бай­гуулсан. Энэ нь анхны алхам байсан байх.  Гэвч хэлэлцээр байгуулсан тэр жилдээ Хятад хилийн
будлиантай бүс нутагт зам гүүр байгуулж эхэл­сэн тул байдал зогсонги байдалд орсон
талаар өрнөдийн хэв­лэлд бичсэн байх юм билээ.

-Хэдхэн хоногийн дараа Бутаны вант улсын сон­гууль болох мэдээ бай­гаа.
Яагаад сонгуулийн өмнө ийм үйл явдал болсон юм бол?

-Бутаны вант улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байн­гын
бус гишүүнд нэрээ дэв­шүүлж өрсөлдөх гэж байгаа. Түүнийг нь  Энэтхэгийн Зас­гийн газраас дэмжиж байгаа. Бутаны
энэхүү чимээгүй бай­дал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус ги­шүүний сонгуульд
өрсөлдө­хөд муугаар нөлөөлчих вий дээ гэж санаа зовж байна. Ийнхүү хоёр гол сонгуулийн
өмнө уг асуудал гарсныг улстөрчид янз бүрээр дүгнэж бичиж эхэлнэ дээ.

-Бутан хаант засаглал­тай улс. Хичнээн орон­той дипло­мат харил­цаатай
вэ?

-Бутан улс 1950-иад онд Энэтхэг, Балба, БНХАУ-ын
Түвдтэй харилцаа холбоотой байсан. 1971 онд НҮБ-ын гишүүн болсон. Одоо бүс нутгийн
СААРК, ДЭХБ-ын гишүүн. Сүүлийн үед идэвх­тэй бодлого явуулж, түүнийг нь Энэтхэг
улс дэмжсэн уч­раас дипломат харилцаатай орны тоо 53-д хүрээд байна.

-Хятад Бутаны харил­цаа одоо ямаршуу бай­на вэ?

-Хэрэв Хятадын цэргийн хүмүүс Бутаны нутагт орсон
бол харилцаа одоо сайнгүй байгаа нь ойлгомж­той. Гэхдээ өнгөрсөн жил БНХАУ-ын Ерөн­хий
сайдтай Бутаны Ерөн­хий сайд уулзаж харил­цааг сайж­руулах, хамтран ажиллах зэргээр
тохиролц­сон байдаг юм билээ. Тэгэх­дээ БНЭУ-тай байгуулсан “Гадаад бодлогодоо Энэтхэг
Ул­сын зөвлөмжийг дагаж байна” гэснээ Бутаны Засгийн газар хэрэг­жүүлсэн эсэх, тэр­хүү
уулзалтанд нь Энэтхэгийн тал хэрхэн хандсан нь тодорхой бус байгаа.

БНХАУ, БНЭУ хоорондоо газар нутгийн будлиантай
газруудтай. Бутан-Хятадын асуудлыг Энэт­хэгийн Засгийн газар маш анхаа­ралтай ажиг­лаж
байгаа нь ойл­гомж­­той. Бутаныг НҮБ-ын гишүүн болохоос өмнө Энэтхэгийн Засгийн
газар Бутаны өмнөөс Хятадтай хилийн будлиантай нутаг дэвс­гэрийн талаар ярилцдаг
байсан түүхтэй.

-Энэтхэгээс хараат Бу­таны хувьд шууд Хя­тадтай харил­цахдаа Энэтхэгээс
зөвшөө­рөл авсан болов уу. Хятад, Бутаны харилцаанд Энэт­хэг ямар байр суурьтай
байдаг вэ?

 -Бутаны
Вант улс 1949 онд Энэтхэгтэй байгуулсан Гэрээгээ 2007 онд өөрчилж улмаар Энэтхэг
тэдний до­тоод хэрэгт оролцохгүй гэдгээ амласан. Хариуд нь Бутан­чууд гадаад
бодлогодоо Энэтхэ­гийн зөвлөгөөг дагаж байхаар тохирсон. Ийм учраас Бутан-Хята­дын
энэхүү асуудалд БНЭУ-ын ашиг сонирхол давхар хөндөгдөж байгаа. Энэтхэ­гийн хэвлэл
энэ талаар нэлээд шуугисан байх. Харин Засгийн газар өнөөг хүртэл албан ёсны мэдэгдэл
гаргаа­гүй байх аа.

-Бутан яагаад Энэтхэ­гээс бас эмээгээд байна вэ?

-Гэрээ ёсоор бол Бутан гадаад бодлогодоо Энэтхэ­гийн
зөвлөм­жийг дагана гээд заачихсан байгаа. Өнөөдөр Энэтхэгийн зөвлөгөө­гөөр Бутан
гадаад бодлогоо явуу­лаад ийм байдалд ороод байна уу эсвэл түүнийгээ хэрэгжүүлэхгүй
байгаад ийм асуудалтай тулгараад байна уу гэдэг 
асуудал урган гарч байгаа юм. Хэрэв Бутан Гэрээгээ да­ган мөрдөж байгаа бол
тэ­дэнд Энэтхэгээс эмээх зүйл­гүй. Тэд хоорондоо маш зу­заан сайн хөр­шийн харил­цаатай
шүү дээ.

-Бутан руу Хятад цэргээ оруул­сан тохиолдолд Энэт­хэг л өмөөрч дуугармаар
юм?

-Гэрээний дагуу Бутаны гадаад бодлогод зөвлөмж
өгч байх орны хувьд Энэтхэгийн Засгийн газар одоогоор чи­мээгүй байна. Удахгүй тайл­бар
хийх байлгүй дээ. Гэхдээ эхлээд Бутан дуу гарах ёстой л доо. Түүнийг нь үндэслээд
Энэтхэг  үгээ хэлж үйл ажил­лагаагаа явуулах
ёстой. Дэлхийн бусад орнууд энэ асуудлаар байр сууриа гар­гаа­гүй бас чимээгүй л
байна.

-Бутаны вант улс эдийн засгийн хувьд ямар вэ?

-Хөгжил дэвшлийн хувьд буу­рай орны нэг. Тэд далайд
гарцгүй орон. Энэтхэг, Банг­ладешийн нутгаар дамжин байж далайд гар­на. Төмөр зам
байхгүй. Уулын замтай тул тэр болгон машин явах­гүй. Бутаны  үндэсний агаа­рын хөлөг онгоц цөөхөн орнууд руу
ниснэ. Бутаныг түүний ван тол­гойлж ирсэн тул Вант улс байж ирсэн. 2008 онд  Хэмжээгүй эрхт Вангийн эрхийг хумиж хэмжээт бол­гоод
үндсэн хуультай орон болсон. Өөрөөр хэлбэл, Зас­гийн газар нь Ван, парламент хоёрын
өмнө ажлаа тай­лаг­нана, хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Одоогийн Ван Жигме Гэсэр
Намжил Ванчиг 2008 онд хаан ширээнд 28 настайдаа суусан. Бутаны үндсэн хууль нь
Бутаныг ард­чилал руу чиглүүлж олон намын системийг тогтоосон гэж үздэг. Гадны зарим
хэвлэлд шинэ үндсэн хууль нь  Бутаныг ардчилал
руу биш Хятад руу чиглүүлж байна гэж бичсэн байхыг уншиж байсан юм байна.

-Одоогийн хааных нь эцэг дөрвөн эхнэртэй байсан гэ­дэг. Та энэ талаар
сонир­хуулахгүй юу?

-1974 онд өнөөгийн хаан Жигме Гэсар Намжил Ванчи­гийн
аав хаан ширээнд суу­сан. Тэр хүн  америк
боловс­ролтой байсан. Түүнд ямар эхнэр авч өгөх вэ гэдэг талаар олон янзын санал
бодол хэвлэлд гарч байсан.

Тэр ч бас аргагүй болов уу. Улс орны хувь заяа
хатан, тэднээс гарсан хүүхдийн үйл ажиллагаа­наас хамаарч шийдэгдэх тал бас гардаг.
Тэгээд Бутаны Засгийн газар дөрвөн охинтой айлыг су­далж байгаад эхлээд  айлын том охиныг  Ванд авч өгсөн. Дараа нь хоёр дахь, гурав дахь,
дөрөв дэх охиныг тус бүр хатан болгон авч өгсөн түүхтэй. Том хатны хүү одоо хаан
ширээнд залраад бай­гаа.

Эгч дүү дөрөвтэй суул­гаснаа Бутанчууд бага орны
аюулгүй байдалтай холбож тайлбарладаг. Хаан, Ван хүн хэмжээгүй эрхтэй учраас хэдэн
ч хатантай байж болох. Харин янз бүрийн гарал үүсэлтэй хатдын хүүхдүүд хоо­рондоо
маргалдвал Бутан орны аюулгүй байдалд халгаатай гэж тооцсон байна. Ингээд эгч дүү
нарын хүүхэд хоорондоо тэмцэл­дэж улс орны аюулгүй байдлыг эв­дэхгүй гэж үзээд эгч
дүү дөрвийг Вандаа авч өгсөн нэгэн түүх байдаг юм билээ. Энэ бол жижиг орны нэгэн
зовлон биз ээ. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Залуусынхаа ард нуугдсан хуучцуул нь шинэчлэл хийж чадахгүй

Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд олон зүйлийг
илчилж өглөө. Цаанаа зо­долдож хэрэлдсэн ч хэдий­нээсээ олон түмний нүдэн дээр хамтдаа
маасайгаад сууж чаддаг хамт олонсог нам байлаа. Хэд хэдэн удаагийн сонгуульд дараалан
ялагд­сан нь харин тэдний үнэн нүүр царайг илчилж орхив. Шуудайнд хийсэн үхрийн
эвэр шиг л байлаа, сая болж өнгөрсөн сонгуулиар. Фрак­цууд нь тохирсон мэт хөдөл­сөнгүй.
Намын лиде­рүү­дийнх нь бараа ч харагд­сангүй. Эрх барьж байх үедээ албан ту­шаал
хуваалцаж болдог бай­сан бол одоо на­мын удирд­лагаас өөр булаа­цалдаад байх юм
тэдэнд үл­дээгүй. Өнгөрсөн сонгуулиар АН-ынхан нэр дэвшигчийнхээ төлөө олуулаа хөдөлсөн
бол МАН-д  нэр дэвшигчээ  уначи­хаасай гэж бодож байсан нь цөөнгүй байж.
Сонгууль, сонгуулиас хойшхи үйл явц үүнийг бэлээхэн олон нийтэд харуулаад өглөө.
МАН-аас нэр дэвшигч хувь хүнийхээ нэр хүндээр санал авсан гэ­хэд чамлахааргүй байсан.
Хэрэв нам нь үнэхээр сайн ажилласан бол үр дүн яагаа ч билээ. Аваргыг унагахаас
гадна Ө.Энхтүвшинг намын даргаас нь ховхолж унагах сонирхол байж. Тэртэй тэр­гүй
сонгуульд ялагдал хүлээ­вэл намын удирдлагатай хариуц­лага тооцох нь тодорхой бай­сан.
Ингээд л сонгууль ч дуус­лаа. Хүссэнээр нь нэр дэв­шигч нь уналаа. Булаацал­даад
байх албан тушаалгүй хоцорсон МАН-ын фракцууд хариуцлага тооцох нэрээр хэн нь дараагийн
намын дарга болох, хэн Удирдах зөвлө­лийн гишүүнээр сонгогдох, хэн нь намын нарийн
бичгийн даргын суудлыг авах вэ гэж хэмлэлдэж эхэллээ.

Б.Бат-Эрдэнээ ч унагачих­лаа, одоо Ө.Энхтүвшинг
энэ далимаар нь тонгорчих­вол өөрсдөө оронд суух до­тоод өрсөлдөөн энэ намд хүчээ
авлаа. Үүндээ намын­хаа амбицтай залуусыг тур­хир­чихлаа. Нам дагаж л ам­жилтад
хүрэх мөрөөдөлтэй байсан олон залууст  дараал­сан
ялагдал нь үнэндээ хүнд цохилт байлаа. Тиймээс ч  “Дараагийн үе та нар минь л намдаа шинэчлэл хийх
хэрэг­тэй” гэсэн ах нарынх нь  дөгөө­сөн зөвлөгөө
загатнасан га­зар нь маажаад өгөх нь тэр.   
Ингээд сэлэм эргүүлэх нь холгүй хэвлэлийн хурал зар­лаж, элдэв бичиг үйлдэн
гарын үсгээ зурцгаав. Мэдээж халаасандаа мөнгөтэй, цээ­жиндээ амбицтай хэдэн залуу
гарч ирээд чанга дуугарахаар   нам шинэчлэгдчихдэг
юм биш. Тэд Удирдах зөвлөлийг огцруулж, намын удирд­лага­тай хариуцлага тооцох,
ши­нэчлэлийн эсэргүүцэгчдийг намаас хөөж, 
цоо шинэ залуу үеийнхэн гарч ирвэл нам аврагдана хэмээн зарлав. Ахмад үеийнхнийг
залуу үеэр нь солиод л Ө.Энхтүв­шин­гийн оронд Н.Номтойбаяр ч юмуу, О.Содбилэг,
Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын  хэн нэгнийг
гаргаж тавихаар цоо шинэ МАН бий болох мэт ярьж байгаа нь хэтэрхий гэ­нэн ойлголт
юм. Хөгшнийг залуугаар солилоо гээд нэ­мэг­дэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар
өөрчлөг­дөхгүйтэй адил. Шинэчлэл яриад байгаа эдгээр залуус энэ намын буянаар өдий
зэрэгтэй яваа, тэр байтугай намын удирдлагын бүрэлдэ­хүүнд олон жил явсан нөхөд
харагдана лээ. Тэдний  дэв­шүүлээд байгаа
зүйлд нам шинэчлэчихээр зүйл нэг ч алга. Тэртэй тэргүй сонгуульд ялагдсан намын
удирдлага хариуцлага хүлээх нь тодор­хой шүү дээ. Бага хурлаа хийх нь тодорхой.
Үүнийг л улс­төржүүлсэн, цаг хугацааг нь наашлуулах гэсэн л арга шиг санагдлаа.
Намын шинэч­лэлийг энэ хэдэн залуус ч анх яриад гаргаад ирсэн юм биш. Өмнө нь хичнээн
ч удаа энэ нам шинэчлэгдэх гэж оролд­лоо. Бүтэлтэй болж байсан түүх үгүй. Харин
ч шинэчлэл ярьсан нөхдийн тэргүүлэгч нь ямар нэг албан тушаалд очоод  л дагуулж явсан нөхөд, намын шинэчлэл  хоёроо таг 
мартддаг байсан. Одоогийн энэ шинэчлэл яриад байгаа залуус ч шинэчлэл нэртэй
албан тушаал ашиг хонжоо хайгчдын хувь заяаг давтах гээд байна. МАН дүрэм, үзэл
баримтлал, үйл ажилла­гаа­ны, сэтгэлгээний, боловсон хүчний  бодлогын 
гээд  олон шинэчлэл хийх тухай ярьж
болох байсан.  Байдлыг ажиг­лах нь ээ яаж
ч өөрчлөх гээд шинэчлэгдэхгүй  нь тодорхой
байна. Угтаа одоо унагах гээд байгаа Ө.Энхтүвшин нь ч шинэчлэл ярьж гарч ирсэн шүү
дээ.

МАН-ын залуусын өнөөд­рийн дүр зураг хоёрдугаар
ээлжийнхэн хоолондоо ду­гаар­лаж байгаа мэт л хараг­даж байна. Сандал, ширээ­ний
хойноос хөөцөлдсөн л арга бололтой. Ард нь намын гол фракцуудын толгойлогч нар сууж
дохио зангаагаа­раа хөдөлгөж, чиглүүлж бай­гаа гэдгийг ч намын зарим нөхөд нь ил
цагаан хэлээд эхэллээ. Өөр нэг хэсэг нь залуучуудаа дэмжиж байна гэсэн битүү утгатай
үг хэлж байгаа нь ч бий. Үнэн чанартаа залууст зааварлагч, дэмжигч нь на­мын нөгөө
л хуучирсан арга барилтай, өнөөдрийн энэ байдалд хүргэхэд үүрэг ихтэй оролцсон нөхдүүд.
Өөрсдөө тэд  дуугарч болохгүй байна л даа.
Намын гишүүд нь тэр, нийгэм ч тэднийг хүлээн зөв­шөөрөхгүй. Тэгэхээр намын залуусаа
баг болгож ашиг­лаад өөрсдөө ард нь инээж суугаа. Харамсалтай нь эд­гээр залуус  нас нь залуу ч сэтгэлгээний хувьд аль хэ­дийнэ
хоцрогдчихсон байна. Шүүмжлэл хүлээж авах тэн­хээгүй, намынхаа төлөө бу­руу, зөвгүй
цээжээ дэлддэг, ийм л залуус энэ намын да­раа үеийнхэн болж хүмүүж­сэн. Тэднийг
сонгуулийн мар­гааш гэнэт ухаарч, шинэ хүн болчихсон гэдэгт итгэмгүй.

Улс төрөөс хол байгаа гэх У.Хүрэлсүхийг залуучуудын
энэ ажиллагаанд оролцоогүй гээд сандран мэдээлэл цацах болсон нь бас нэгийг хэлээд
байна. Улс төрд нэг орсон хүн гарч чаддаггүй гэж МАН-ын­хан өөрсдөө ярьдаг биз дээ.
У.Хүрэлсүх шиг гүнзгий орсон хүн улс төрөөс бүр гарна гэдэгт хэн итгэх юм. Дээрх
залуусын ард У.Хүрэлсүхээс гадна Ерөнхийлөгч асан Н.Ба­га­бандийн нэр ч дуул­дана
лээ. Хотын фракцын удирдлагууд ч байгаа гэнэ. Энэ мэдээлэл МАН-ынхнаас өөрсдөөс
нь гарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ардын намд чадалтай залуучууд бийг үгүйсгэхгүй.  С.Бямбацогт, Ж.Сүхбаатар   Д.Цогтбаатар, О.Одбаяр  нар яагаад дуугарахгүй байна. Тэд намын шинэчлэл
хэрэг­тэйг үгүйсгэхгүй мөртлөө ши­нэчлэл ярьж буй залуус­тай­гаа яагаад хамтрахгүй
байна. Хүссэн ч яаж шинэчлэх учраа олохгүй, арга барил нь буруу байгааг л мэдэж
байгаа. Энэ янзаараа арай дөнгүүр гэх  дээрх
залуус ч сэтгэлгээний  хоцрогдолд орж, мөн
адил уусах вий.

Шинэ залуу үе гарч ирэх нь буруу биш. Улс төрийн
намд үе солигдох явц явагдаж л байдаг. Ялангуяа МАН-ын хувьд залуу үеэ гаргаж ирд­гийг
үгүйсгэх аргагүй. Гагцхүү тэр залуус нь хэний гар хөл болж байна гэдэг нь л сонин
байгаа юм. Нэгэнт шинэчлэл нэртэй хуучин аргаа хэрэглэх гэж байгаа бол энэ хол явах­гүй.
Ээлжит нэгэн улс төрийн жүжиг л болж хувирна. Орол­цон тоглогчдын заримынх нь дүр
өөрчлөгдсөнийг эс тооц­вол дэглэлт, үйл явдал, өр­нөл нь бараг л адил. Төгсгөл нь
ч тодорхой харагдаж бай­на. Эцэст нь энэ нам байд­гаараа л байна. МАН-ын залуус
авлигачдаа шахан зайлуулна гэж байна лээ. Өөрсдийг нь гар хөл болгоод байгаа нөхөд
ч тэдний л өрөөсөн шүү дээ. Залуусын шинэчлэлийн тухай яриа гарах­тай зэрэг  намын  дарга
хэн болох вэ гэдэг уралдаан зарласан мэт, хэвлэлүүдээр элдэв нэрс цуварсан.

МАН-ын өнөөдрийн до­рой­тол
намын нэрээ худал­даж амьдарч ирсэнтэй нь холбоотой. Ингэж амьдрагс­дын эхний ээлжийнхэн,  гол авторууд нь шоронд явсан бол,  дараагийн ээлжийнх нь илчлэгдэж эхлээд байна.
Муугаар бодоход одоогийн МАН эдгэршгүй өвчин тус­чихаад байна. Олон жил барилдсан
тамирчин цагаа болохоор үнэнтэй эвлэрч зодог тайлдаг шиг МАН-ын зодог тайлах цаг
болж. Яаж ч барилдаад энэ нам явцгүй болсон нь шинэ үеийнхнийх нь гаргаж тавиад
байгаа зүйлээс харагдлаа. Үеийн үед МАН-д шинэчлэл нэртэй ийм жүжиг тавигдаж л бай­сан.
Тэглээ гээд улам дорд­соноос сайжирсан нь үгүй. Гайхах юм энд огт алга. За­луусын
ард нуугдсан хууч­цуул нь шинэчлэл хийж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.