Categories
редакцийн-нийтлэл

Бушуу туулай борвиндоо баастай

“Дуу аялж, салхи татуул­сан хэдэн
залуус МАН-ыг шинэчилнэ гэвэл нар баруу­наас гарна” гэж МАН-ын ги­шүүн, улс төр
судлаач Б.Бат­сайхан хэлжээ.  Яг үнэн. Энэ
хэдэн залуус байтугай нь намын шинэчлэл яриад ба­раагүй юм. Энэ намыг шинэч­лэх
гэж өчнөөн жигүүр, хө­дөлгөөн байгуулсан. Үнэ­нээсээ шинэчлэлийг хүссэн нь байсан
л байх. Тэдний зорилго дээр шинэчлэгчдийн удирдлагууд нь албан ту­шаал, эрх мэдэлд
очоод л нөгөө шинэчлэлийн талаарх мөрөөдөл нь талаар болдог байсан. Одоо МАН-д болоод
байгаа үйл явц, залуусынх нь шинэчлэх тухай яриа ч энэ л замаар явж гацах вий.

Морин дэл дээгүүр сэлэм эргүүлээд
хуучин үе рүүгээ хий хоосон нулимаад шинэч­лэл хийдэггүй юм. МАН шинэчлэгдэх ёстой
нь үнэн. Гэхдээ одоогийн залуусын яриад байгаа шиг шинэчлэг­дэнэ гэж байхгүй. МАН-ын
залуус эхлээд албан тушаа­лын амбицаа дарчих. Зүрх сэтгэлдээ жаахан ч гэсэн Монголоо
бод. Үнэн нүүр царай чинь нэг бүлэглэлийн гар хөл болсон хэдэн залуус хий хөөрчихсөн
юугаа шинэч­лэхээ ч мэдэхгүй яваад бай­гаагаас чинь харагдаж байна. Хуучин хэдээ
авч хаяад өөрс­дөө оронд нь заларчихвал энэ нам шинэчлэгдээд дараа­гийн сонгуульд
ялна гэвэл ёстой үлгэр. 

Залуусын намаа шинэчлэх тайлбар нь
“Та нар идэж ханасан бол бидний ашиг хүртэх цаг болсон” гэж хэлээд байгаатай адил
сон­сог­доод байна. Зүгээр л нэг хийрхэл. Мөнгөний зах амс­сан сахал нь ургаж гүйцээгүй
багацуул ямар ч учир шалт­гааны дараалалгүй шууд л “бууж өгөхийг” ах нараасаа шаардаад
байхаар тэд яаж та нарыг хүлээн зөвшөөрөх юм. Тэд та нарыг хүлээн зөвшөө­рөөгүй
байхад Монголын ард түмэн хүлээж авах уу. Намын шинэчлэлийн тухай хийрх­лийнхээ
оронд сайн сөрөг хүчин байхыг шаардаад суувал үнэнд ойр.

АН-ын хувьд ч өвөртөө МАХН-ын хэдийг
хийчихээд сөрөг хүчингүй мэт дураар авирлаж, өмнөх үеэ огт байх­гүй мэт, Монголын
түүх ард­чилалтай чацуу мэт авирлаж, бааварлаж байгаа. Яахав Ардын намынхныг бодвол
бас ч гэж юм хийгээд байгааг нь бол үгүйсгэхгүй. Гэхдээ л цөөнхийн зовлонг мэдэх
хэрнээ олонхийн дээрэнгүй авирыг сурчихаад зарим зүйлд чихгүй мэт өөрсдийн­хөөрөө
зүтгэж байна. Үүнд нь хяналт тавь л даа. Э.Бат-Үүл хотод овоо өнгө нэмж байгааг
мэдэвч, мөрөөдлөө биелүү­лэхийн тулд ард түмнээсээ асуулгүй Сүхбаатарын тал­байн
нэрийг өөрчилснийг эсэргүүцэж дуугар л даа. Д.Сүхбаатар танай нам бай­тугай Монголын
түүхэнд хамаатай хүн биз дээ. Энэ талаар Сүхбаатар аймгийн  уугуул гэсэндээ Р.Буд, амь­даа­гаараа Ж.Сүхбаатар
ги­шүүн л дуугарсан. Харин та хэд намдаа тийм л их хайртай бол МАН-ыг үүсгэн байгуу­лагч­дын
нэг энэ хүнийг үгүйс­гэж байгаа эрх баригчдын эсрэг ганц үг дуугарахгүй яасан юм.

МАН шинэлэгдэх хэрэг­тэй. Зүгээр ч
нэг шинэчлэгдэх биш, цоо шинэ нам бий болох ёстой.  Энэ чигээрээ явбал Монголыг хөгжүүлэх биш сүйрүүлнэ
гэдгийг өнгөрсөн цаг хугацаа хэлээд өглөө. Намын шинэчлэл гэж хөгш­нийг залуугаар,
хуучныг ши­нээр солихыг хэлэхгүй, үзэл баримтлал, дүрэм, онолын­хоо хувьд, ажлын
арга барил, зохион байгуулалт, сэтгэхүй­гээ ч өөрчлөх цаг болж. Зүү­ний үзэл баримтлалаа
дага­даг юм байгаа биз. Тэгвэл Социал демократ нам бол л доо. Монголд угаас АН,
МАН-аас  өөр том нам байхгүй. АН-ын хувьд
ч өнөөдөр иргэдээс авч байгаа нэмэх оноондоо ташуураад байх хэрэггүй. Өнөөдөр АН
хийж байгаа ажлаа сайн сайхан боллоо гэж хөөрцөглөхийн оронд хийж чадахгүй байгаа,
хийх ёстой ажлаа ярилцах цаг болсон. Үүн дээр сөрөг хүчин­тэйгээ хамтарч ажиллах
зүйлс ч бий. Улс орноо хөг­жүүлэхийн тулд томоохон шинэчлэл хийнэ гэвэл сөрөг хүчинтэйгээ
ярихаас өөр гарц­гүй. Тэд ч бас ард түмнээс сонгогдсон төлөөлөл.

МАН-ын удирдлагууд нь найр наадам,
бөх, морь, сур, аймаг, сумын ой, амралт гээд алга болчихсон хойгуур на­мын байрны
нэг хэсэг нь тоггүй болсон гэнэ. Энэ бол танай намын дотоод асуудал. Тийм л их намдаа
хайртай юм бол мөнгөө нийлүүлээд төл­чих л дөө. Энэ бол намын удирдлагаа шүүмжлэх
нэг их том шалтгаан биш. Чаддаг юм бол татан буулгаад буурин дээр нь шинэ нам байгуулчих.
Үнэхээр ингэж чадаад, үзэл баримтлалаа ямар байхыг тодорхой болгож, шинэ на­мын
дүрэмтэй, Монголын төлөө юу хийж чадахаа тодор­хойлчих юм бол намын ах нар чинь
байтугай ард түмэн та нарыг хүлээн зөв­шөөрнө. Шинэчлэлийн өр­гөөн­дөө намын гишүү­дийн­хээ
саналыг авч байгаа гэсэн. Намын удирдлагыг өөрчилье гэхээсээ  намын дүрэм, меха­низмаа өөрчилье гэсэн санал
давуу байна гэнэ лээ. Үүнийг бас бодолцох л хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ шинэчлэл ярьсан хэдэн
залууст намаа мэдээд өглөө гэхэд та нар дараа үеийн тэд нар л болж хувирна. Яаран
сандран Бага хурлаа хуралдуулахыг шаар­дах нь ямар зорилго агуулна вэ. Өөрийгөө
өөрчлөөгүй байж бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй нам өөрчлөнө гэдэг юу л бол. Бага
хурал хуралд­лаа гээд хуучин бүлэглэ­лүү­дийн гар хөл болсон хү­мүүс л байгаа. Тэд
фракц бүлэглэ­лийн удирдагчдаа л үйлчлэ­хээс та нарыг дагаад намир­чихна гэж байхгүй.  Тиймээс Их, Бага хурал хуралдаад ашиг авчрахгүй.
Яахав хэдэн хүн өөрчлөгдөнө л биз. Чана­рын ялгаагүй ийм шинэчлэл гэж байх уу. Дарга
удирдла­гаа сольсноор МАН шинэч­лэгддэг бол өдийд ёстой эн­хийн цагаан тагтаа болчихсон
байхгүй юу.  Тэглээ гээд МАН шинэчлэгдэх үү.
Мэдээж да­раалан сонгуульд ялагдал авчирсан намын дар­га өөрч­лөгдөх нь дамжиг­гүй.
Намын удирдлагын түвш­ний хүмүүс, Удирдах зөвлөл солигдлоо гээд шинэчлэл  мөн үү. Ингэж яаран хурал­дуулж хэдэн хүн солиод
бу­шуу туулай бор­виндоо баас­тай л үлдэнэ. Энэ олон удаа­гийн сонгуульд түүхэндээ
байхгүй ялагдал авчирсан хүмүүс та нарыг хашгирсан хашгираагүй со­лигдоно, муул­сан
муулаагүй өөрчлөг­дөнө. Та нартай, та наргүй болох л  ёстой үйл явц. Тэгээд ч энэ хэдэн залуус энэ том
намын бүх залуусыг тө­лөөлж чадаж байна уу гэдэг бас өөр зүйл. Бусад нь яагаад дууга­рахгүй
байна. МАН хэдэн жил албан тушаал, эрх мэдэлд ханаж, авлига хээл хахуулийн амтанд
орж ард түмнээсээ дэндүү холдсон. Сүүлдээ заалны, цаасны улс төр хийж, нийгмээсээ
тасар­сан л даа. Намын байран дахь улс тө­рөөсөө хальж нийгэм рүүгээ хар л даа.
Ялж, ялагдана гэдэг бол хаана ч байдаг л үзэгдэл. Ялагдал гэдгийг үхэл гэж хараад
байх нь зөв үү.

МАН-ын өнөөдрийн дүр зураг бол хаашаа нүүхээ мэдэхгүй, гэрийнхээ
унь, туур­га, багана, шалыг би, чи авна гэж хэрэлдэж байгаагаас өөрц­гүй харагдаж
байна.  МАН-ынхныг буурин дээрээ гэрээ хувааж
авах гэж булаа­цалдах зуур чинь АН гэдэг шинэ үеийн дарангуйлагч гарч ирэх гээд
л байна. Нэг нам дангаараа ийм их эрх мэ­дэлтэй байна гэдэг тийм сайн зүйл биш.
Үнэхээр шинэ юм хүсээд байгаа бол  хуучин
гэрээ булаацалдаж байхын оронд  өвлийг давахааргүй
хуучин муу гэрээ буулгаад   цэмцийсэн сайхан
цагаан гэрээ бариад ав л даа. Өөрчлөх, шинэчлэх буруу биш ч арга барил нь буруу
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Долларын ханш унаж, төгрөг хүчээ авна

Ам.долларын ханш сүү­лийн хэдэн өдөр
дараалан өссөн нь цаашдаа яах бол, төгрөг шалдаа буучих вий гэсэн болгоомжлолыг
иргэдэд төрүүлээд байна. “Найман шарга”-ын ханш энэ сарын 17-нд 8-10 төгрөг, уржигдар
гэхэд 7-9 төгрөгөөр  өсч, чен­жүүд “долларын
нийлүүлэлт бага байна” гэж толгой сэг­сэрцгээсэн болохоор  иргэд ингэж болгоомжлох нь  арга­гүй. Доллар чангарвал төгрөг суларна. Төгрөг
сулар­вал амьжиргаанд шууд нө­лөөлнө. Халаасан дахь хэд, өдөр тутмын амьдралд  нь илт нөлөө үзүүлэх дайны өөрч­лөлт гарвал хэн
ч гэсэн сандрах нь тодорхой. Өчиг­дөр үд дундын үед  “Найман шарга” валютын захынхан түр хугацаанд
арилжаагаа зогсоосон нь олон хүнд “Үнэ­хээр эвгүй зүйл болох юм биш байгаа” гэсэн
эргэлзээ тө­рүүлсэн. Гэхдээ хэдхэн ца­гийн дараа энэ зах дээр ам.долларын ханш эрс
унаж, байдал хэвийн байгааг баталсан.

“Найман шарга”-т ур­жигдар үдээс хойш
нэг ам.доллар 1520 байсан бол өчигдөр үдээс хойш ханш нь бараг 20 төгрөгөөр унасан
юм. “Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 1502 төгрөг болов. Тодруулж хэл­бэл
нэг өдрийн дотор ам.долларын ханш 18 төгрө­гөөр унасан гэсэн үг. Ам.дол­ларын ханш
цаашдаа ч энэ маягаараа уруудна гэж  эдийн
засагчид хэлж байна.

Гадуур ам.долларын ханш өссөнийг  хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж буй. Гадаадын
хөрөнгө оруу­лалт эрс багассан гэж нэг хэсэг нь ярьж байхад өөрийн хө­рөнгө нь дутсан
“Хадгаламж”-ийг Төрийн банктай нийлүүл­сэн шийдвэр нөлөөллөө гэж нөгөө зарим нь
толгой сэгсэрч байна. За тэгээд зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр биш байгаа,
Хятадын зах зээл таагүй  хэ­вээрээ байгаа,
дэлхийн хө­рөнгийн зах зээл  нөгөө л янзаараа
муухан байгаа уч­раас… гэх мэт олон “учраас”-ыг ам  уралдан хэлцгээж байна. Мэдээж энэ олон “уч­раас”
нөлөөлж байгааг  үгүйс­гэхгүй. Гэхдээ тэгтлээ
айж сандра­хаар зүйл харагдахгүй байна. Ам.доллар өндрөө авч, монгол төгрөг газар
доогуур орчихоор хэмжээний нөлөө лав алга. Яагаад гэдгийг хэ­дэн шалтгаанаар тайлбар­лая.

Гадаадын хөрөнгө оруу­лалт буурлаа
гэж ярьж, бичиж байгаа. Өнөөдрийн статис­тикийг харахад баярлаж хөө­рөхөөр өндөр
үзүүлэлт ха­раг­дахгүй байгаа нь үнэн. Гэхдээ Оюу  толгой гэдэг аварга том мотор ажиллаад эхэлчихсэн
энэ үед гадаадын хөрөнгө оруулалт навс унана гэж ярих нь хэтэрхий гэнэн хэрэг.   Наад­мын өмнөхөн Оюу тол­гой зэсийн баяжмалаа
гар­гаад эхэлчихсэн. Одоо ч экс­порт нь хэвийн үргэлжилж байгаа. Экспортоо үргэлж­лүүл­сэн
шалтгааныг нь Зас­гийн газар баяжмал экспор­толсон мөнгө манай нэг банкаар дамжихаар
болсон учраас гэж тайлбарласан. Тэгэхээр зах зээл дэх ам.дол­ларын хэмжээ тэр хэрээр
өснө гэсэн үг. Ам.доллар их хэмжээгээр орж ирэх өөр нэг том шалтгаан бий. Оюу тол­гойн
ашгийн 80 хувийг авчрах гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа.
Гүний уурхайг бүтээн байгуулах мөнгө буюу Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт
удахгүй хийгдэнэ.  Гадны банк, санхүүгийн
бай­гууллагынхан “Оюу толгой” төслийн санхүүжилтэд дөр­вөн тэрбум ам.долларын санхүүжилт
өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн. “Рио”-гийн зүгээс дөрвөн тэрбум ам.долларыг зээлэхэд
бэлэн, улстөрөөс бусад  эрсдлийг өөртөө хүлээхэд
асуудалгүй гэж буй. Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг бол их мөнгө. Хоёр дахь санхүүжилт
хийг­дэж эхэллээ л бол өнөөдөр буучихлаа гэж сүрдээд буй гадаадын хөрөнгө оруулалт
өсөөд ирнэ.

Оюу толгой хоёр дахь сан­хүүжилтээ
хийгээд эхлэнгүүт энэ том төсөл дагасан хөрөн­гө оруулалт ч нэмэгдэж эхэл­нэ. Тодруулж
хэлбэл, Оюу толгойг дагаад гадаадын хө­рөнгө оруулалт өснө. Тэгэ­хээр ам.доллар
багасна, доллар олдохоо больж ханш нь өснө 
гэсэн асуудал гарах­гүй гээд ойлгочихож болно. Харин ч юу л байна доллар
байна гэцгээх цаг бараг ха­яанд  ирчихээд
байна.

Нэгдүгээр улиралд манай эдийн засаг
долоон хувь хүр­сэн, хоёрдугаар улирлаас 12 хувь болж өссөн дүнтэй гар­сан. Шинжээчид
энэ өсөлтийг оны сүүл хагаст ч үргэлжилнэ гэж байгаа. Гадаадын хөрөн­гө оруулалт
эрс нэмэгдэхийн бас нэг нотолгоо гэвэл энэ. 

Алт, зэс, нүүрсний үнийн уналт валютын
ханшид нө­лөөлсөн гэсэн тайлбар бий. Манайхаас экспортолдог гол нэрийн эрдэс, металлуудын
үнэ хөөрч баярлахаар өндөр биш байгаа нь үнэн. Гэхдээ валютын ханшид илт нө­лөөгөө
үзүүлэхээр уначи­хаад, бид ганц мөнгө олдог ашигт малтмалуудаа зарахаа больчихсон
юм байхгүй.  Алт­ны үнэ гэхэд л 1200 ам.дол­лар
хүртлээ уначихаад эргээд өсч байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л 100 ам.дол­лараар
өсчихөөд байгаа. Зэсийн хувьд ч өнгөлөг ирээ­дүй харагдаж байна. Энэ оны дөрөвдүгээр
сард 7202 болтлоо унасан зэсийн үнэ тавдугаар сараас 7228 болж аажимдаа өсч эхэлсэн.
“Ман­дал ассет менежмент” оны эцэс гэхэд нэг тонн зэс 7000-7950 ам.долларын хооронд
байна гэж таамагласан бол “Reuters” агентлаг 8818, Morgan Stanley  8755,
Credit Suisse 8113 ам.доллар байна гэж төсөөлсөн. Огцом биш ч аажмаар нэмэгдээд
явахыг энэ мэт жишээгээр хөнгөхөн нотолчихож болно. Нүүрсний хувьд Хятадын эдийн
засгаас шалтгаалаад үнэ, нийлүү­лэлт нь сайн биш байгаа ч тэгтлээ сөхөрчихөөгүй
бай­гаа. Цаг алдалгүй зөв бодлого хэрэгжүүлж чадвал нэгэнт нэмэгдчихээд байгаа нүүрс­ний
экспорт бүр ч хүчээ авах нь эргэлзээгүй.

Монголбанкны хувьд анхааралд нь байдаг  том зүйлийн нэг нь валютын зах. Ханшийн огцом
хэлбэлзэл үүсгэхгүйн тулд валютын дуудлага худалдаа зохиодог. Өөрөөр хэлбэл төв
банк дотоодын зах зээлд тогтмол оролцож байгаа. Мөн Монгол банк Засгийн газ­рын
үнэт цаасны арилжааг тогтмол хийж төгрөгийн ний­лүүлэл­тийг зохицуулдаг. Цаа­шид
ч шаардлагатай тохиол­долд ийм  арга хэмжээ
авах мая­гаар зохицуулалт хийнэ гэдгээ байнга л хэлдэг. Ингээд харахаар ноён доллар
гэ­дийж, төгрөгийг өмнөө сөгт­гөнө гэдэг үндэслэлгүй бол­гоомжлол юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Б.Батсайхан: Дуу аялж, салхи татуулсан хэдэн залуус МАН-ыг шинэчилнэ гэвэл нар баруунаас гарна

МАН-ын гишүүн, Улс төр судлаач
Б.Батсай­хантай ярилцлаа.

-Та МАН-ыг МАХН байхад намын ши­нэч­лэлийн
жигүүрт байсан. Одоо энэ чиг­лэлээрээ ажил­лаж байна уу?

-“Уламжлал, Шинэч­лэл-Ардчилал, Шударга
ёс” жигүүр гэж байхад хамгийн сүүлд дэд зохи­цуулагчаар ажиллаж бай­сан. Одоо ажиллаагүй.

-Тухайн үеийн жи­гүүрийн тэмцэл
үр дүнд хүрсэн үү?

-Эцсийн үр дүндээ хүрч чадаагүй. Үүнд
нө­лөөлсөн обьектив, субьек­тив олон хүчин зүйл бай­сан.

Юуны өмнө жигүү­рийг толгойлж байсан
хүмүүсийн улс төрийн эр зориг илт дутмаг, мохоо мөлгөр, үхээнц дорой байдал, хувийн
хэт өндөр ашиг сонирхол зэрэг шалт­гаанууд жигүүр зо­рилгоо биелүүлэхэд гол саад
болсон. Тууштай хэрэгжүүлж чадсан бол намаа шинэчилж өнөө­гийн нийгэмд тохирсон
үйл ажиллагаа явуулж чадах нам болгох олон сайхан санаа шийдлүүд байсан. Харамсалтай
нь энэ бүгд цаасан дээр л үлдэж дээ. Намын одоо­гийн дарга Ө.Энхтүвшин анх хэлсэн
ярьсандаа тууштай зогсож чадсан­сан бол тэр үед намын дарга болж шинэчлэл хэрэгжих
гол үүд хаалга нээгдэх байлаа. Ө.Энх­түв­шин энэ боломжоо УИХ-ын гишүүн, Боловс­ролын
сайдаар солиод жигүүрээ хаяад алга бол­сон. Шинэчлэх байр суу­ринаасаа урвасан.
Эн­дээс л жигүүр мордохын хазгай гэгч болж эхэлсэн дээ. Ер нь жигүүр байгуу­лахад
анх оролцсон 14 хүнээс М.Далайхүү гуай бо­лон бусад ганц нэг хү­нээс бусад нь шинэчлэл
гэдэг уриа лоозонгийн ард ал­бан тушаал авах хувийн эрх ашгаа нуусан хүмүүс байсныг
шууд хэ­лэх хэ­рэгтэй. Хөрөнгийн бирж муу ажиллаж бай­на, Р.Сод­хүүг солино гэсэн
яриаг сонсмогцоо “За жи­гүү­рийнхээн. Сү.Бат­бол­дын эсрэг тэм­цэлд босъё” гэж орилдог
Р.Содхүү, Оюу толгойн гэрээ буруу байна, жигүүр байр суу­риа илэрхийлэх ёстой гэхлээр
нүүр нь минчийж улайчихаад эсэр­гүүцээд байдаг Ши­вээ-Овоогийн нүүрсний дарга Балсан­дорж,
Орост явах консул нь удаад эх­лэхээр жигүүр хатуу мэ­дэгдэл гаргах хэрэгтэй гэж
чангараад л, чи хүлээж бай одоо удах­гүй гэхээр нь мэдэгдэл хэрэггүй юм шиг байна
гэж хэлдэг  Базархүү мэ­тийн хүмүүс шинэчлэ­лийн
гол саад тээгүүдийн нэг  байлаа. Ц.Нямдор­жийн
“Дорбинк­доно” буюу “Буудна” гэдэг үг энэ л хүмүүст зориу­­лагд­сан юм. Бид л жигүүрийн
нийт хүмүүст хамааруулж эсэр­гүүцээд байсан бо­ло­хоос биш Ц.Нямдор­жийн хэлсэн
үг үнэн бө­гөөд байгаа оносон бай­сан.

-Одоо МАН-ын ши­нэч­лэл хүчтэй
яриг­даж байгаа. Та МАН-ыг ши­нэчлэх энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би өөрөө шинэчлэл гэдэг үгийг цөөнгүй
хэлсэн болоод ч тэр үү нэг их шинэ содон зүйл мэт сон­согдохгүй байгаа. Миний хувьд
энэ үгийг хэлээд байгаа бүрэлдэхүүнийг нь л хардаг. Эндээс л бүх асуудал тодорхой
шүү дээ.

-Шинэчлэл ярьж бай­­­гаа залуусыг
шүүмж­­лэх хүн олон бий. Намаа шинэ­чил­нэ гэж ярьж байгаа энэ нөх­дийн цаана өөр
хүмүүс байна уу. Тухайл­бал, У.Хүрэл­сүх бай­гаа гэх ч мэ­дээлэл бий…

-Шинэчлэл ярьсан бол­гон шинэчлэгч
бол­доггүй гэдэг нь бидний сургамжаас тодорхой ха­рагдах болов уу. Дан за­луучууд
өөрчилнө гэвэл хэт өрөөсгөл болно. Энд гурван цагийн хэлхээ ал­га. МАН бол гурав
дөрөв­хөн хүн суулгаад сэ­лүүр­дэж байгаа модон завь биш. Ийм завинд гарсан ганц
нэг цоорхойг бол залуучууд яаж ийж бай­гаад бөглөж чадах байх л даа. МАН бол ийм
зави­ны дэргэд “Титаник” хөлөг шүү дээ. Ийм хөл­гийг дуу аялж, салхи  та­туулсан хэдэн залуус засчихна гэвэл өнөө нар
баруунаас гарна гэдэгтэй л адил болох байх. Тэгээд ч эд­гээр залуусын зарим нь биднийг
ид шинэчлэл ярьж байх үед эсрэг бай­сан дарга нараа дагаад гүйдэг байсан хүүх­­дүүд
байна лээ. У.Хүрэлсүхийн хувьд улс төрөөс гарсан нарийн шалтгааныг нь би мэдэхгүй.
Гэхдээ улс тө­рөөс явсныг нь зөв гэж үзэж байгаа. Түүнд нам хангалттай ачааг үүрүүл­сэн.
Харин тэр ачаагаа эцсийн цэгт нь хүргэж чадаагүй. Даагаагүй ачаа­гаа дахин өргөх
гэж зүтгэхгүй байлгүй дээ. МАН-ын  шинэчлэлд
хэн нэгэн хувь хүн биш ши­нэчлэлийн үзэл санааг тууштай тээж чадах хү­чирхэг баг,
алсыг харсан концепци хэрэгтэй байна.

-Таван удаагийн сон­гуульд дараалан
ялагд­сан одоогийн МАН та­тан буугдаж, цус сэл­бэлт хийх хэ­рэгтэй гэж үзэж байна
уу?

-Миний хувьд зарим­даа хатуухан хэлчихдэг
л дээ. Татан буугдана аа гэх нь капитализмын дээд шат бол империализм гэдэг шиг
бүх юм шавхаг­даж дуусаад л хийгдэх ажил болов уу. МАН-ын өнөө­гийн байдал энэ ша­танд
тун ойрхон байна. Бай­дал тун баргар бай­гаа. Миний харж байгаа­гаар намаа аврах
цөөхөн гарц үлдэж.

-Таныхаар намаа аврах ямар гаргалгаа
байна гэж?

-Нийт намын дотор намынхаа хувь заяаны
талаар нээлттэй хэлэл­цүүлэг хийх явдал юм. Гишүүдийнхээ үгийг янз бүрийн нэмэр
хачиргүй­гээр сонсож намын нэр сольдог шигээ мушгин гуйвуулахгүй бол эндээс ямар
нэгэн гарц гарч ирэх ёстой. Тэгэхдээ ийм арга хэмжээ явуулах эсэх нь одоогийн удирдлагаас
хамаарах  учир бас л эргэлзээтэй. Түүнээс
биш их, бага хурал хурал­даад өөрчилнө гэж байх­гүй. Бид ч цагтаа ингэж л шаардаж
байсан.

-Шинэчлэл ярьж бай­­гаа залуусыг
удир­дах албан ту­шаал го­рилж байгаа гэх юм би­лээ. Улс­төрчийн хувьд та үүнийг
яаж харж бай­гаа вэ?

-Би түрүүн дан залуу­чууд шинэчлэл
хийнэ гэвэл бүтэхгүй гэж хэлсэн. Тэдэнд оргилуун сэтгэл, мөрөөдөл байж болно. Зөвхөн
үүгээр хол явах­гүй. Дунд, ахмад үе нь хаана байна. Улс төрд орж л байгаа бол шинэч­лэл
гэж ярихын зэрэгцээ хажууд суугаа нөхрөө таних нь хамгийн чухал. Би эдгээр залуусын
ганц нэгтэй ярилцаж байхдаа энэ үгийг хэлэхэд нээрээ тийм байна шүү, зарим нэг хүн
тодорхойгүй бай­гаа гэж хэлж байгаа юм .

-МАН-ын удирд­ла­гыг сольсноор
“сэ­хээ­ний тасгаас”  гарч чадах болов уу?

-Одоо байгаа Ө.Энх­түв­шинг өөр нэг
Энхтүв­шингээр солиод чанарын ялгаа гарахгүй. Манай намынхан хэн нэгэн ли­дер л
ирж аврах юм шиг, тэр ид шидтэн нь хэзээ хаанаас ирэх юм бол гэ­сэн л хүлээлттэй
хү­мүүс байна. Намыг яагаад ганц дарга биш шинэч­лэлийн төлөө үнэнхүү зөв сэтгэл­тэй
баг удирдаж болохгүй гэж. Ийм цоо шинэ хэл­бэрийг зоригтой гаргаж ирье л дээ. Чингэс
хааны үед нэг армийг нэгэн зэрэг хэд хэдэн жан­жин удирдан ялалт бай­гуулж байсан
практик бий шүү дээ. Гэхдээ одоогийн Удирдах зөв­лө­лийн хэл­бэ­рээр биш л дээ.

-МАН шинэчлэл хий­вэл удирдлагуудаа
со­лих нь гарцаагүй. МАН-ын шинэ дар­гын суу­далд М.Энх­болдын нэр явж бай­гаа.
Тэр хүн на­мын дарга болбол МАН-ын шинэчлэл болж чадах уу?

-Дарга солигдох бүрт нам шинэчлэгдэн
өөрч­лөгд­дөг бол бид өнөөдөр ийм зүйл яриад суухгүй нь ойлгомжтой. М.Энх­бол­дын
хувьд шулуухан хэлье. Улс төрийн цаг нь дуусчихсан хүн. Намаас холхон бай гэж хэлмээр
байна. Намын дарга байж үзсэн. Энэ хүний үед намын нэр хүнд ша­лаар нэг хөглөрч
байсныг бид мартаагүй байна. Намын дарга хүнд байх гол шинж чанаруудын нэг бол шуурхай,
улс төрийн мэдрэмжтэй байх явдал. М.Энхболдод ийм чанар огт байдаггүй. Дээр нь хотын
дарга байхдаа Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн бодлогыг үндсээр нь устгаж сөнөө­сөн
хүн. Бид орой болгон хүүхэд, хөгшдийн газрыг булаалаа гэсэн хэрүүл маргааныг мэдээ
болго­ноор үздэг байсан. Үүний уршгаар Нийслэл хот маань өнөөдөр төөрдөг байшин
шиг холион бан­тан болсон. М.Энхболд бол намын болоод аж ахуйн ажил хийж чадах­гүй
хүн. Одоо байгаа ху­гацаагаа дуусгаад улс төр рүү дахин бүү зүглэ гэж хэлмээр байна.
Морь мал уяхаас өгсүүлээд түүнд ажил мундахгүй дээ.

-Намынхаа бага ху­рал, их хуралд
на­мын гишүүд дэм­жигч­дийн саналыг оруулахаар Тус­гаар тогтнолын орд­ны өмнө “Шинэчлэлийн
өргөө” нэртэй санал авах гэр ажиллуулж байгаа. Гишүүдийн са­нал намын шинэч­лэлд
нөлөөлөх бо­лов уу?

-Бид ч цагтаа 407, 417 гээд л олон
өрөө дамжин конторлож байсан. Кон­тор­лох, гэр барих нэг хэ­рэг. Харин хөдлөхгүй
бай­гаа юмыг яаж хөдөлгөөнд оруулах вэ гэдэг л одоо гол асуудал болчихоод байна.
Намын нэрийг солихгүй гэж нийт ги­шүү­дийн 90 гаруй хувь нь хэлээд байхад энэ тоог
соль гэсэн хүмүүсийн тоо болгон улаан цайм муш­гин танилцуулж намын нэр сольсон.
Үүнийхээ горыг одоо ид амсаж бай­на даа.

-МАН таван удаагийн сонгуульд дараалан
ялагдлаа. Намын удирд­­лагуудын ар­чаа­гүй байдалтай холбон тайлбарлаж байна. Та­ныхаар
Ерөн­хийлөг­чийн сон­гуу­лийг хэрхэн дүгнэх вэ. Намын ли­дерүүд дуу­гар­сан­­гүй
гэх шүүмж­лэл бий?

-Намын ажлын гол хэмжүүр бол сонгууль.
Сонгуульд ялагдана гэж орохгүй нь тодорхой. Тав дараалан ялагдана гэдэг бол хэтрэхийн
дээдээр хэтэрсэн гэсэн үг. “Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг намын удирдлага
бүх бурууг шууд хүлээх ёстой. Энэ бол аль ч намын амьдралд байдаг практик. Намаа
тав да­раа­луулан шалны тоос арчигч болгочихсон на­мын удирдлага айраг ца­гаа эргүүлсэн
шиг өдийд яаж амарч чадаж байна аа. Ө.Энхтүвшин худлаа үнэн ч гэсэн цагтаа ши­нэчлэл
гэж ярьж явсан хүний хувьд ичих хэрэг­тэй. Түүнд одоо намын тусын тулд хийх ганц
л буянтай ажил үлдсэн бай­на. Намын удирд­лагыг шахаж шаардсанд нь бус зөв хүмүүст
нь үлдээх. Ажил цэгцэртэл Б.Даш-Ёндон гуайд өгөө­сэй гэж хүсэж байна. Тэрбээр энэ
том намыг цаашид аваад явчих ба­гийг бүрдүүлчих болов уу. Энэ хүнд тийм чадал ч
бий, сэтгэл ч бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Батхүү: Миний хийсэн хамгийн том алдаа бол “Монгол газар”-тай орооцолдсон явдал

“Жаст”-ын Ш.Бат­хүү өчигдөр
сэтгүүлч­дэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр сүүлийн үед өрнөөд буй олон асуу­далд байр
суу­риа илэр­хийллээ. Хэв­лэлийн хурлын үеэр түүний юу ярьсныг хүргэж байна.

“Жаст” группын мэ­дэлд байсан “Хадгаламж”
банкийг Төрийн банктай нэгтгэх болсон талаарх бодитой мэдээллийг өгөх гэсэн юм.
Тэгээд ч өчиг­дөр (уржигдар) “Хадга­ламж” болон Төрийн банкны балансыг нэгтгэж
“Хадгаламж” банкны харил­цагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө баталгаажин, эрсдэлээс
хамгаалагдсан учир ал­бан ёсны мэдэгдэл хийж байна. Энд хоёр зүйлийг тодотгож хэлмээр
байна.

Нэгдүгээрт, “Хадга­ламж” банкийг өмнө
нь ямархуу байдалтай бай­хад нь 2009 онд бид өөрийн эзэмшилдээ авч, эцэст нь Төрийн
банкинд хүлээлгэж өгсөн гэд­гийг хэлэх нь зүйтэй байх. “Хадгаламж” банк бол хамгийн
сүүлд хувьчлагд­сан төрийн банк. Оросын компаниуд “Хадгаламж” банкийг хувьчилж авсан
хэдий ч тус банкны ажил­чид 14 тэрбум гаруй төг­рөг хулгайлсан хэрэг гар­сан.

Үүнээс үүдэн Төрийн өмчийн хороо,
хувьчилж авсан Оросын компаниу­дын хооронд маргаан дэгдэж, улмаар банкны үйл ажиллагаа
хоёр жилийн турш зогсонги байдалтай байсан. 2008 оны сүүлчээр “Хадга­ламж” банкийг
худалдаж авах саналыг манайд ирүүлсэн. Тухайн үед “Хадгаламж” банк нийт 80-аад  тэрбумын 
төгрө­гийн активтай 40-өөд салбартай, 200 гаруй ажиллагсадтайгаас гад­на
өөрийн хөрөнгөгүй бай­сан. Хэрэв та бүхэн санаж байгаа бол салба­руудын ихэнх нь
байрны нэг дав­харт байрлах, орон сууц­ны төлбөр ав­даг кассууд л байсан. Энэ бол
орчин үеийн банк хэмээх ойл­голтоос ихээ­хэн зөрүүтэй гэдэг нь мэдээж. “Жаст” групп
2009 оны гуравду­гаар сарын 31-нд “Хадга­ламж” банкийг эзэмшил­дээ авсны дараахан
буюу дөрөвдүгээр сарын 23-нд Монголбанк зээ­лийн ангилал хийснээр тус банк өөрийн
хөрөн­гөгүй болсон. “Хадга­ламж” банкинд 170 тэр­бумын активтай байсан хэдий ч
90 тэрбум нь ча­наргүй актив буюу эр­гэж төлөгдөх найдваргүй зээл байсан. Ийнхүү
“Жаст” группээс 33 тэрбум төг­рөгийг дүрмийн санд нь нэмж байрлуулан 2009 оны сүүлч
гэхэд тус банк­ны актив 200 тэрбум төг­рөгт хүрч банкны бүх үзүүлэлтийг хангасан
бай­сан. Үүний дараа­гаар 2010 оны гуравду­гаар сарын 26-нд дам­пуур­лын ирмэгт
ирчихсэн “Монгол шуудан” банкийг авсан.

Ингээд “Хадга­ламж”, “Мон­гол шуудан”
банкуу­дыг нэгтгэхэд нийт 360 тэрбумын төгрөгийн акти­вын 170 тэрбум нь чанар­гүй
актив байсан. “Хадга­ламж” банкны га­раа ин­гэж л эхэлсэн. “Мон­гол шуудан” банк
ч мөн төл­бөрийн чадвар­гүй болж, зээлийн анги­лал хийхэд өөрийн хө­рөнгө нь хасах
буюу ал­дагдалтай гар­сан. Тий­мээс
27 тэрбумын хөрөн­­гө оруулалт хийж дүр­мийн санг нь 60 тэрбумд хүр­гэ­сэн. Хэрэв
тухайн үед ма­най компани энэ хоёр бан­кны дүрмийн санг өөрийн хөрөн­гөө­рөө нэмэгдүүлээгүй
бол 360 тэрбум төгрөгийн хадга­ламж эзэмшигч, харил­цагч­дын мөнгө эрсдэлд орж,
ачаа нь улсын нуруун дээр  ирэх байсан. Өөрөөр
хэлбэл 360 тэрбум төгрөгийн эрсдлийг “Жаст” групп улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуу­лалгүй
өөрийн хөрөнгөөр үүрч гарсан гэсэн үг.

 

МОНГОЛБАНКНЫ СИСТЕМД
БАЙГААГҮЙ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ “ХАДГАЛАМЖ”-Д ХИЙСЭН

Ер нь банкны алдагдал­гүй,
тогтвортой ажиллах үн­дэс нь өөрийн хөрөнгө бай­даг. Өөрийн хөрөнгө гэдгийг энгийнээр
хэлбэл банк 1000 төгрөгийн зээл өглөө гэхэд 140 төгрөгийг нь өөрийн хөрөн­­гөөс,
үлдсэн 860 төгрө­гийг харилцагчдаасаа татан төвлөрүүлсэн хөрөнгө гарга­хыг хэлээд
байгаа юм. Өөрийн хөрөн­гөний дутаг­далд орно гэдэг зээлээ өсгөж чадахгүй болно
гэсэн үг. Бан­кууд өөрийн хөрөнгөөр дүр­мийн сангаа нэмэгдүүлж явах ёстой байдаг
бол “Хадга­ламж” банк­ны хувьд энэ бо­ломж байгаа­гүй. Банк томорч өргөжөөд ирсэн
үед өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зүй ёсны шаард­лага урган гарч ирсэн. Тэр үед нь
“Жаст” группээс дахин 84 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн учраас нэмж хөрөн­гө
оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Гадны хөрөн­гө оруулагч­дад
хүсэлт тавихад хүлээж авсан хэдий ч Монголбанкны баримталж буй бодлоготой нийцэхгүй
байсан. Дотоодын хөрөнгө оруулаг­чид олдсон ч шалгуурыг нь хангаагүй учраас хадгаламж
эзэмшигч харилцагчдын хөрөн­­гийг эрс­дэлд оруулах­гүйн тулд Мон­голбанктай нэгтгэсэн.
Учир нь тус банкийг хувьчилж авах үед 170 тэр­бу­мын алдагдал­тай­гаас гадна их
хэмжээний чанаргүй актив­тай байсан тул байнга алдаг­дал­тай ажиллаж ирсэн. Ха­рин
Монгол банк­наас “Хадга­ламж” банкны төлбөрийн чадвар 2011 оноос муудсан хэмээн
ташаа мэдэгдэл хий­сэн. “Хадга­ламж”, “Монгол шуудан” бан­кийг нэгтгэн, сан­хүү­гийн
хувьд эрүүлжүүлэх ажлыг “Хадга­ламж” банк дан­гаар 2010 оноос хийсээр ирсэн. Тийм
учраас л манай групп Монго­лын банкны сис­темд хэзээ ч байгаагүй их хэмжээний буюу
84 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал­тыг “Хадгаламж” бан­кинд хий­сэн.

Нэгэнт ийм их хэмжээ­ний
хөрөнгө оруулалт хий­чих­сэн учраас дахин хөрөнгөнөөс оруулах боломжгүйгээ илэр­хийл­сэн
учраас Төрийн банк­тай нэгтгэхээр болсон. Ингэж байж тус банкинд итгэн мөн­гөө хадгалуулсан
болон харил­­цагчдын мөнгийг эрсд­лээс хамгаалсан гэсэн үг.

 

ТӨРИЙН БАНК АРИЛГАСАН
СОНГИНО ШИГ БАНК АВЧ БАЙГАА

“Хадгаламж” банк дам­пуурч
байгаа учраас Төрийн банктай нэгтгэлээ гэдэг нь ор үндэсгүй болохыг нотлоё л доо.
Дампуурна гэдэг нь төл­бө­рөө хийж чадахгүй болохыг хэлдэг. Тэгвэл “Хадгаламж” банк
Төрийн банктай нэгдэх­дээ 1.1 их наяд төгрөгийн актив шилжүүлж, Монгол­бан­кин дахь
нөөцийн дансанд 200 тэрбум төгрөг нь байр­шиж байна. Салбаруудад бэлнээр 150 тэрбумаас
гадна 50 гаруй тэрбумын Засгийн газрын болоод Монголбанк­ны үнэт цаас байршиж бай­сан.
Тэр бүү хэл “Хадгаламж” банкны актив 2009 онтой харьцуулахад 12 дахин өссөн бөгөөд
эхний шаардлагаар бүх харилцагчдын төлбөрийг гаргах боломжтой байсан. Энэ нь “Хадгаламж”
банкин дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгө эрс­дэлд ороогүй гэдгийг давхар
баталгаажуулж байгаа хэрэг.

Энд чанаргүй зээлийн
асууд­лыг ярих нь зүйтэй бо­лов уу. Гадуур “Батхүү гэгч нөхөр “Хадгаламж” банкнаас
өөрийн компаниудаар дам­жуу­лан 160 тэрбум төгрөгийн зээл авчихаад эргэж төлөөгүй
болохоор “Хадгаламж” банк дампуурч байна” гэсэн ор үндэсгүй яриа гарсан. Тэр чанаргүй
160 тэрбум дотор 60 гаруй тэрбум нь хоёр, гурван банк дампууруулсан “Олон овоот”
компанийн зээлийг “Зоос”, “Анод”-оос шилжүүлж авчирсан хөрөнгө. Түүнээс гадна “Хадгаламж”
банкнаас Засгийн газрын мах болон шатахууны хөтөлбөрт оролц­дог компаниуд зээл авсан.
Зарим хэвлэл мэ­дээл­лийн байгууллагуудын хэлээд бай­гаа шиг нууцаар тэдэнд өгөө­гүй.
Энэ зээлийн хугацаа нь болоогүй, хэрэг­жээд явж бай­гаа тул эргэж төлөгдөхгүй гэдэг
бол ор үндэс­гүй.

“Хадгаламж” гэдэг
улсын хэмжээнд сүлжээтэй, шилдэг менежменттэй, 600 гаруй тэрбум эрүүл зээлтэй,
3300 ажиллагсадтай, үйлчилгээ­ний доголдолгүй, төлбөрийн бүрэн чадвартай банкийг
Төрийн банкинд нэгтгэлээ. Төрийн банкныхан “Арилга­сан сонгино” шиг банк авч байгаа
шүү. Учир нь эрсдэл­тэй бүх зээлийг банкны дүр­мийн сангаар хаасан учраас их өрийг
улсын хөрөнгөөр дарсан, улс хохирсон гэдэг нь ор үндэсгүй. Төрийн банкинд “Хадгаламж”
банкийг нэгтгэнэ гэдэг маань өөрөөс нь гурав, дөрөв дахин том банкийг нэгт­­гэж
байна гэсэн үг. Энэ хугацаанд “Хадгаламж” бан­кинд 84 тэрбумын хөрөнгө оруулалт
хийснээс гадна, 40-өөд тэрбумын алдагдлыг бараг­­дуулсан. Миний эрхэл­дэг бизнес
энэ их хөрөнгийг гаргаж чадахгүй тул “Стан­дарт” банкнаас авсан зээ­лийн­хээ 97
сая долларыг “Хадгаламж” банкны дүрмийн санг нэмэгдүүлэх, үйл ажил­ла­гааг нь шинэчлэхэд
зар­цуул­сан.

БИ БИЗНЕСМЕН БИШ
ЖИРИЙН ИРГЭН БОЛЛОО

Өчигдрөөс (уржигдраас)
эхлэн би бизнесмэн бус жирийн иргэн болсон. Банкаа Төрийн банкинд тушаасан, “Жаст
ойл” компаниа “Магнай трейд”-д банкны зээлийг нь төлүүлөх нөхцөлтэйгөөр өгчих­­сөн.
“Жаст Агро” компа­ниа татан буулгаад 11 үйлд­вэ­рийг нь “Хадгаламж” банк­ны гүйцэтгэл
хангуулах үүрэгт өгчихсөн. “Олон Овоот” ком­па­ниа хамтрагч болох Г.Алтанд шилжүүлчихсэн.
Би энэ бүхнийг бий болгохын тулд өдөрт 12-14 цаг ажиллаж ирсэн. 1991 оноос хойш
ин­гэж зүтгэсний хүчинд 5000 хүнийг ажлын байраар ханга­сан юм шүү.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР
БАТАЛГАА ГАРГАСАН Ч ХОХИРООГҮЙ

Манай компани
2008 онд “Стандарт” банкнаас 20 сая долларын зээл авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрээс
батал­гаа гаргуулсан нь үнэн. Ту­хайн үеийн “Эрдэнэт” үйлдвэ­рийн хоёр талын дарга
нар зээлийн батлан даагч болох хүсэлт гаргасныг хуулийн дагуу хянаж шалгаад, бо­ломж­­той
бол хуулийн батал­­гааг нь гаргаад өгчих гэх цохолт хийж өгсөн. Гэхдээ авсан зээлээ
хугацаанд нь төлөөд барагдуулчихсан тул “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүү­гийн өмнөөс зээлийг
нь төлөөд, алдагдалд орчихсон зүйлгүй. Манай компани “Эрдэ­­нэт” үйлдвэрт 1997 оноос
шатахуун нийлүүлж, цахилгааныг нь хангаж өгдөг учраас надад баталгаа гар­гаж өгсөн.
Сүүлд авсан зээ­лүү­дийн 97 сая ам.доллар нь “Хадгаламж” банкинд орсон.

ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН
ДАГУУ АШИГЛААГҮЙ НЬ МИНИЙ АЛДАА

“Стандарт” банкнаас
хэд хэдэн удаа зээл авсан. Одоо хүртэл “Стандарт” банкинд төлөх ёстой зээл бий.
Зээлээ зориулалтын дагуу ашиглаа­гүй буюу “Хадгаламж” банк болон Олон Овоотын төсөл
зэрэгт хөрөнгө оруулсан. Уг нь би энэ зээлээ зэсийн баяжма­лын наймаандаа зарцуулах
гэж авсан. Өөрөөр хэлбэл зээлийнхээ тодорхой хэсгийг  зориулалтын бус ашигласан. “Хадгаламж” банк болон
Олон овоотын үйл ажиллагаа амжилттай явна гэдэгт итгэж байсан учраас хувийн батлан
даалт гаргаж зээлээ авсан. Ашигт малтмалын газраас Олон овоотын “А” лицензэн дээр
18.5 тоннын алт нөөц­тэй, Ц.Мянганбаяр захирал ч 25 тонн байгаа гээд баталгаа гаргаад
өгчихсөн. Бид хоёр жил Олон Овоотыг ухсан. Одоо тэр газарт ихээр бодо­ход гурван
тонн л алттай болох дүгнэлт гарсан. Олон Овоотын асуудал ч хууль хяналтынханд шилжих
байх. Нэг талаас ашигт малтмалын шинэ хүмүүс нь “Батхүү энд байх ёстой 20-иод тонн
алт хаана байна” гэхэд нөгөө талаас “Алтаа олборлож зээ­лээ төлөөч ээ” гээд байдаг.
Учир нь яагаад улсын фондод бүртгэгдэж, ашигт малтмалын нөөцийн газраас баталсан
нөөц ингэж дутсан гэдэг нь сонин. Өнгөрсөн оны тайлан­гаар Олон Овоот 97 тэрбумын
алдагдалтай ажилласан. Хараат бус өндөр зэрэглэ­лийн шинжээчдээр хувийн зардлаар
нөөцийг тогтоолго­ход 18.5 тонн байх ёстой газар дээр дөрөв ч хүрэхгүй тонн алттай
гэж батлагдаж байх шиг байна.

Зээлээ зориулалтын
бус ашигласнаас төлбөр дутсан, хугацаа хэтэрсэн, хоёроос гурван сарын хүүгийн зөр­чилд
орсон. Хэрэв Олон овоо­тын төсөл амжилттай болж, банкаа шинэ хөрөнгө оруу­лагч­дад
зарчихсан бол энэ бүх зээл төлөгдчих байсан.

“Стандарт” банкинд
120 гаруй сая ам.долларын зээл үлдэж байгаа. Монголчуудын хэлдгээр амьд хүн аргатай
гэдэг шиг арга нь олдох байл­гүй дээ.

БИ АЛЬ Ч НАМЫН
ГИШҮҮН БИШ

Би аль ч намын гишүүн
биш. Бизнесийг жинхэнэ ут­гаар нь хийе гэвэл улс төрөөс ангид байх ёстой гэж бод­дог.
Тиймээс “Хадгаламж” банкны асуудал дээр төрөөс ямар нэгэн дарамт ирээгүй юм шүү.
Ийм их хэмжээний актив­тай, олон мянган ажиллаг­сад­тай банкийг хоёр талаас 200
га­руй хүн ажиллаад нэг өдрийн дотор амжилттай нэгтгэсэн.

“Хадгаламж”, “Монгол
шуу­­дан” банкуудыг авсны дараагаар байдал ийм хүнд байхыг тооцоогүй нь миний судалгааны
алдаа л даа.

“Зоос” банкийг дампуура­хад
“Монгол газар” компа­нийн зээл голлох үүрэг гүй­цэт­гэ­сэн. “Анод” банкийг дам­пуу­рахад
ч “Монгол газар”-ын оролцоо байсан. Олон Овоо­тын уурхайг эзэмших болсон нь “Монгол
газар” компанийн харьяа компаниуд манайхаас авсан шатахууныхаа төлбө­рийг барагдуулахгүй,
10 гаруй тэрбумын өртэй болчи­хоор нь бизнест нь авлагын­хаа хэмжээнд оролцсон.
Ту­хайн үед “Анод”, “Зоос” банк­ны­хантай уулзахад “Мянган­баяр баахан зээл авчихсан.
Зээлээ “Голден санс” компа­ниас зээл авахаараа төлнө гээд таг чиг” гэсэн. Тэгээд
ч тэдгээр зээл нь ямар нэгэн барьцаагүй байсан. Учир нь “Зоос”, “Анод” банкинд бай­сан
хоёр гурван “А” лицен­зийг “Голден санс”-д өгчих­сөн. “Зоос” банкнаас 60-аад тэрбумын
зээл авсан хэрнээ барьцаагүй. “Монгол газар” нь “Голден санс”-аасаа зээ­лээ аваад
өрөө төлөлгүй, өөр үйл ажиллагаанд зарцуул­чих­сан байсан. “Монгол га­зар” компаниас
180 гаруй тэрбумын авлагатай банк, байгууллагууд нь мөнгөө авч чадахгүй байхад
10 гаруй тэрбум төгрөгийн авлагатай “Голден санс” барьцаатай, үндсэн зээлээ хүүгийн
хамт авахаас гадна торгуулиа авдаг учраас барьцаагаа дундын өмч болгох саналыг тавихад
хүлээж аваагүй. “Гол­ден санс” нь эдгээр лицен­зийг хууль бусаар эзэмшил­дээ шилжүүлсэн
байсан учраас 13 лицензийг авч санхүүгийн байдал нь хүндэр­чих­сэн “Зоос”, “Анод”,
“Го­ломт”, “Хадгаламж”, “Монгол шуудан”, “Капитрон” банкнуу­дын дундын өмчид шилжүүл­чихсэн.
Миний хийсэн хам­гийн том алдаа бол “Монгол газар” компанитай  орооцолд­сон явдал л гэж бодож байна.

Тэмдэглэсэн

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Гавьяат жүжигчин Д.Гүрсэд: Даян хааны дүрд намайг биш Сүххуягийг тоглуулсан нь зөв болсон

“Мандухай сэцэн хатан” ки­но­ны Баянмөнх жонон,
“Гэрлэж амжаагүй явна” киноны Энхээ, “Говийн зэрэглээ” киноны нисгэгч зэрэг олон
сайхан уран бүтээлд дүрээ мөнхөлсөн Д.Гүр­сэд жүжигчин Үндэсний их баяр наадмаар
Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа
хүргэе.

-Юуны өмнө таньд баяр хүр­гэе. Гавьяатынхаа найрыг
хэзээ хийх гэж байна даа?

-Баярлалаа. Олон жил урла­гийн салбар, тэр дундаа
кино урлагт дурлаж үлдсэний минь буян хишиг гэж бодож байгаа. Одоохон­доо зураг
авалттай, завгүй байгаа болохоор намар аравдугаар са­раас гавьяатынхаа найрыг хийх
бодолтой байна.

-Киноны зураг авалт уу?

-Онцгой байдлын ерөнхий га­зар­тай хамтарч байгалиа
хамгаа­лах сэдэв бүхий баримтат киноны зураг авалтад гараад байна. Дараа нь бас
нэг киноны зураганд гарах төлөвлөгөөтэй. TV5 телевизээс санаачилсан 25 анги­тай
кинонд тоглоно гээд зуны улирлыг завгүй л өнгөрөөх нь шиг байна.  Ер нь он гарсаар зүгээр суусангүй.

 -“Хувь
тавилангийн ээдрээ” олон ангит кинонд төрсөн ахтай­гаа тоглосон байх аа?

-Тийм ээ. Би эхээс тавуулаа, хамгийн бага нь.
Бүгд эрчүүд.  Хамгийн бага ах маань найруулагч,
жүжигчин Жигжиджав гээд надтай адилхан урлагийн хүн бий. Уншиг­чид “Цагаан дуганын
гэгээ”-д тог­лос­ноор нь андахгүй байх. Саяхан цацагдсан “Хувь тавилангийн ээд­рээ”
олон ангит кинонд бид хамт­даа тоглосон.

-Эцэг, эх тань аль нутгийн хүмүүс вэ? 

-Миний ээжийг Эвшин, аавыг маань Далхсүрэн гэдэг.
Завхан аймгийн уугуул хүмүүс байсан. Аав маань насаараа цэргийн газар ажилласан
их сайхан хүн. Аав цагтаа анхны нэгдлийн орлогч дарга явсан гэсэн. Нэг сонин юм
хэлэхэд манайд аав бид хоёроос бусад нь цэргийн алба хааж үзээ­гүй. Аав Дорнодын
Халх гол, Баян­тү­мэнд тулалдаж явсан дайны үеийн цэрэг. Тиймээс би ааваараа бахархдаг.
Би ч гэсэн  Дорнодын Матад суман дахь агаараас
эсэр­гүүцэн хамгаалах ангийн локотар­чин, ахлах түрүүч цолтой хүн ш дээ. Харин ээж
маань маш сайхан хоол хийдэг тогооч хүн байлаа.

-Та Сэлэнгэ аймагт нэг хэсэг ажиллаж амьдарсан.
Зарим хү­мүүс ярихдаа таныг фактлаад Сэлэнгэ рүү хуваарилагдсан гэж ярих юм билээ.
Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Мэр сэр хүмүүс тэгж ярьдаг байсан. Үнэндээ бол
худлаа. Тэр үед би Улсын хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллаж байлаа. Гэтэл Сэлэнгэ
аймагт “Долгио” чуулга байуулагдаж даргаар нь МУГЖ Баадайжав гуай очсон байж л дээ.
Тэгээд намайг чуулгынхаа найруулагчаар ажиллуулах хүсэл­тийг яаманд гаргаж намайг
явуу­лахаар болсон тухай мэдэгдсэн. Яг тэр үед гэр бүлийн маань хүний бие тааруу,
хүн хард үзүүлэхээр төрсөн нутагт нь аваач гээд байсан боло­хоор тэр саналыг үг
дуугүй хүлээж авсан.

-Сэлэнгэд байхдаа та ямар ямар уран бүтээл хийсэн
бэ?

-Намайг Сэлэнгэд найруулаг­чаар очиход хүнд байсан.
Зах зээлийн давалгааны үеэр хөдөө битгий хэл хотын томоохон чуулга хүртэл хаалгаа
барьж байсан үе. Аймгийн театрт урлагтаа үнэнч цөөн хэдэн уран бүтээлч л үлдсэн.
Үүний ачаар чуулга маань эргэж сэргэсэн. Тус аймагт 10 гаруй жил ажиллахдаа урлаг,
соёл, утга зо­хиолын арга хэмжээг найруулсан. 
Мөн олон ч “Морин эрдэнийн дуулал”, ардын дууны концерт, Өргөн Сэлэнгийн
дуулал зэргийг найруулан тавьсан. Өргөн Сэлэн­гийн дуулал бол Монголын хам­гийн анхны шашин урлагийн наа­дам.
Цам харайх, гал тахих зэрэг шашны бүхий л зан үйлийг нэгтгэн гаргаж чадсан тоглолт
болсон.

-Хуучны сор болсон ихэнх кинонд та дүрээ мөнхөлсөн.
Ер нь кино урлагт зүтгэснээс хойш хичнээн дүр бүтээгээд байна. Тоолж үзсэн үү?

-“Мандухай сэцэн хатан”, “Саруул талын ерөөл”,
“Говийн зэрэглээ”, “Их авхай”, “Ширүүн тулааны өмнө”, “Унаган хайр”, “Төрийн сүлд
өршөө” гээд 150 орчим уран бүтээлд дүр бүтээсэн байх юм. Үүнд богино хэмжээний кино
бүтээлүүд ч орж байгаа.

-“Мандухай сэцэн хатан” киноны найруулагч танд
Бат­мөнх даян хааны дүр өгчихөөд Баянмөнх жононгийн дүрд тог­луулсан гэдэг юм билээ.
Тухайн үед шаралхаж, дургүй чинь хүрч байв уу?

-Уг түүхэн кино 11 сая төгрөгөөр бүтсэн томоохон
уран бүтээл. 1986 оны 11 сая төгрөг бол их мөнгө шүү дээ. Уран бүтээлчдийн багт
гэхэд л 5000 орчим хүн ажилласан. Ийм том уран бүтээлийг хийхэд цаг хугацаа, ачаалал
гээд хөлс, хүч их шаардсан. Тиймээс найруулагчийн бие чилээрхэж Балжинням найруу­лагчид
халаагаа өгсөн. Тэгтэл зураг авалт аль хэдийнэ эхэл­чихсэн байтал Балжинням най­руулагч
зарим дүрд өөрчлөлт оруулж намайг Батмөнх даян хаа­ны дүрд тохирохгүй байна гээд
Сүххуягийг хуваарилж, намайг Баянмөнх жононгийн дүрийг бүтээ гэсэн. Хүмүүс их гайхсан
ч тухайн дүрийг хэнд өгөх нь найруулагчийн эрх учраас шийдвэрийг дагаж ажилласан.
Энэ нь маш зөв сонголт байж гэж би одоо боддог. Тэр үед Сүххуяг нарийхан, гонзгой
залуу, би болохоор биерхүү 90 кг жинтэй байсан юм. Балжинням найруу­лагчтай би өмнө
нь “Саруул талын ерөөл”, “Гэрлэж амжаагүй явна”, “Говийн зэрэглээ” кинонд хамтарч
ажиллаж байсан болохоор би түүний зөв гэж бодсон. Магадгүй би Батмөнх даян хаан
тоглосон бол ширүүн, омогтой зан надаас гарах ч үгүй байсан юм билүү. Мандуул хаан
чинь бас догшин хүн ш дээ. “Чи өөрөө өрмөө идээд хусмаа надад өгөөд байгаа юм биш
биз” гэж хэлдэг хэсэгт жонон дүрс гээд уурлаад босоод ирсэн бол гал авалцах байсан
биз дээ. Гэх мэт Балжинням найруулагч тухайн жүжигчнийхээ төлөв байдлыг сайн мэддэг
хүн. Тиймээс би ерөөсөө муу санаж явдаггүй. Зуурсан гури­лаар тогооч юу хийхээ мэддэг
шиг найруулагч хүн тухайн уран бү­тээлийг яаж босгохоо мэддэг.

-“Саруул талын ерөөл” кино­ны Нацагдоржийн дүргүйгээр
таны залуу насыг дурсахгүй байхын аргагүй. Энэ тухай дур­сахгүй юу?

-Тэр үед би чинь цэл залуухан, бага ч байсан.
Тухайн үед Нацаг­доржийн дүрийг бүтээх болсондоо  баярлахын хажуугаар больдог ч юм билүү гэсэн айдас
төрсөн.

-Яагаад?

-Нацагдорж мундаг боловс­ролтой сэхээтэн хүн.
Эх орныхоо төлөө бүхий л сэтгэл зүрхээ зо­риулж явсан мундаг түүхэн, бид­нээс алслагдсан  дүр. Ялангуяа түүний ойр орчимд хамаатан садан
гээд байхаар хүн ховор. Хэн ч түүнийг ийм араншинтай гээд дүрс­лээд хэлээд өгчихөж
чадахгүй. Гэтэл тийм дүрийг үзэгчдийн сэт­гэлд мөнхлөх үүрэг надад оногдож байна
шүү дээ. Тиймээс жаахан бэргэж байсан. Гэхдээ найз, нөх­дийнхөө зөвлөснөөр энэ дүрийг
бүтээж чадна гэсэн итгэл төрсөн. Нацагдорж маш цэвэрч, өглөө ажилдаа явахдаа гэрээсээ
монгол дээлтэй гараад цайныхаа цагаар гэртээ ирэхдээ хятад хувцастай, орой нь бүжгэнд
европ хувцастай ирдэг нямбай хүн байсан юм би­лээ.

Тэр бүү хэл, Нацагдоржийг ирээ­гүй тохиолдолд
бүжиг эхэл­дэггүй байсан юм билээ. Түүнийг улс төрийн шалтгаанаар хэлмэг­дүүлэх
бодлого нэн эртнээс төлөвлөгдөж байсан юм шиг санагддаг. Эх­нэрийг нь хүртэл гурван
жил шо­ронд хоригдоод гарч ирэхэд нь хятадууд хар тамхинд оруулж, гэмт хэрэгтэн
болгоод шоронд хорьсон байдаг. Яагаад гэхээр эхнэр Паг­мадулам нь мөн л гадаадад
бо­ловсрол эзэмшсэн нөхрийнхөө үйл хэрэгт нөлөөлдөг сэхээтэн хүн байсан учраас хятадууд
нөхрөөс нь холдуулж авч суусан байгаа юм. Энэ байдлыг л хүмүүст харуулах зорилготой
кино л доо.

-“Говийн зэрэглээ” кинонд тоглосон ихэнх жүжигчид
өөд болсон. Үүнтэй холбоотой яриа олны дунд байдаг. Энэ үнэн үү?

-Худлаа. Энэ яриа яаж тарх­саныг би мэдэхгүй.

-“Говийн зэрэглээ”-гийн нис­гэгч онгоцоо чадмаг
жолоодож харагддаг. Хэр хурдан сурсан бэ?

-Яахав, бага зэрэг дад­лагаж­сан. Хажууд нэгдүгээр
нисгэгч, би хоёрдугаар нисгэгчийн суудалд сууна. Миний зургийг авахын тулд нэгдүгээр
нисгэгчийн суудал дээр оператор суугаад зураг авах ёстой. Тэр үед яах аргагүй жолоон
дээр сууна. Энэ үеэр жаахан дадлага суусных ч юм уу, кино дууссаны дараа Сумхүү
найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр намайг авсан юм. Тэнд
бол бүр овоо, агаарт жолоо аваад явчихдаг болсон. Харин бууж чад­даггүй байсан.
Онгоц сэнсээрээ газар хатгах гээд буулт хийхэд хүндрэлтэй л дээ.

-“Говийн зэрэглээ”-д дандаа тухайн үеийн сор болсон
уран бүтээлч тоглосон байдаг. Яаж энэ хүмүүсийг бүрдүүлсэн нь сонин байна?

-Цэвээнравдан маань хэлмэг­дүүлэлтийн үед Дундговийн
хөдөө суманд хоёр жил клубын даргаар ажилласан. 1980 онд хот руу татаг­даж театрт
ирсэн юм. Тэр үед Эрдэнэтогтох бид нар сургуулиа төгсөөд театрт дөнгөж жүжигчнээр
ирж байсан үе. Доржсамбуу маань Багшийн дээдийн Кино, драмын ангид багшаар ажиллаж
байсан. Ингэж бид нэг дор бөөгнөж, нэг уран бүтээлд хамтарч ажиллах гараа эхэлсэн
дээ. Цэвээнравдан бол их хошин, мэдрэмжтэй, мундаг уран бүтээлч байлаа. Монголын
хошин урлагийн нэлээн том тө­лөөлөгч шүү дээ. Доржсамбуу бол мундаг найруулагч.
Дэлхийн сон­годгуудаас, тухайлбал “Нора”-г Монголын тайзнаа анх тавьсан хүн. Тэгсэн
хэрнээ дүрд ордог. Кинон дээр Арслан Хашхүү захир­лыг модонд хүлж хонуулчихаад,
Номинд загнуулаад холбооноос гараад явж байгаа хэсэг байдаг даа. Тэр зургийг авах
үед Доржсамбуу “Дугуйгаа өшиглөчихвөл хөлөө хугалчих байх даа” гэснээ “Өө, энэ хувинг
энд тавьчихъя. Хувинд л уураа гаргасан хүн байгаа биз” гэх жишээтэй. Харин манай
Оюун­цэцэг их чамбай, чадвартай жүжиг­чин байсан.

-Эрдэнэтогтох жүжигчин одоо хаана юу хийж байгаа
вэ?

-Ойрд холбоо тогтоосонгүй. Хотод л амьдарч байгаа
гэж сонс­сон.

-Та нар сайхан найзууд явсан биз?

-Тэгэлгүй яахав. 1987 оноос Монгол телевизийн
шууд эфирт ордог байлаа. Нэг нэг том найраг­лалтай шууд л орж уншина. Тухайн үед гацах эрх байхгүй. Одоогийнх
шиг ямар сүүлд нь таслаад мон­тажлана гэх юм биш. Ээлжит нэвт­рүүлгээс буугаад одоогийн
UBS телевизийн байранд зурагт үзэж байгаад гартал Эрдэнэтогтох маань шилэн хаалга
нэвт мөргөж гараад эрүүгээ, духаа зүсчихсэн. Телевиз үзэх гээд гэрлээ унт­раа­гаад
өрөө бүдэгхэн байсан болоод тэр шилэн хаалгыг хараагүй хэрэг. Ер нь энэ мэт инээдтэй
зүйл олон болно. Цэвээнравдан, “Гарьд маг­най” киноны  молиго Очирт тогло­дог Алтангэрэл, Эрдэнэтогтох,
Доржсамбуу жүжигчин гээд бид хэд үнэхээр сайхан найзууд явлаа. Нэг нь өнөөдөр гэр
барина гэвэл очоод тусалдаг. Нүүрс, модыг нь очоод буулгаад өгдөг тийм л сайхан
нөхөд байсан даа. Хааяа жаргал зовлонгоо хуваалцаж ярилцангаа уучихна. Тэрнээс биш
өнөөгийн залуус шиг нэвт архидалт ямар болох биш. Одоо ихэнх нь л бур­ханы оронд
очсон болохоор хааяа хөөрөлдөх хүнгүй сэтгэл нэг л эзгүйрээд, цээж харанхуйлаад
явчихдаг. Аргаа барахдаа хуучны хэдэн киногоо ээлжлэн тавьж үзэж тэднийгээ харж
сэтгэлээ онгойлгох юм даа.

-Таны хувьд гавьяатын цол оройтсон юм шиг санагддаг
уу?

-Яахав төрийн минь буян, урлаг, түмэн олны минь
хайр ивээл харж үзлээ. Миний хувьд аль хэдэн жилийн өмнө хүртэх ёстой байсан юм
гэж хэлэх дургүй. Мэдээж битүүхэн гордлого бол байсан.

-Гавьяатын цолыг юу дагадаг юм бол?

-Сар бүр 150 мянган төгрөг авах юм билээ.

-Таныг залуудаа их сайхан залуу байсан гэж хүмүүс
ярьдаг. Хүүхнүүд араас чинь хэр гүйдэг байв?

-Залуудаа бусдын л адил уран бүтээлд хорхойсч,
уран бүтээлээр хөглөгдөж явдаг байлаа. Яахав хөдөө кино зурагт яваад ирэхэд миний
хаяг дээр зөндөө захиа ирчихсэн байдаг байсан.

-Захианд нь хариу бичиж байв уу?

-Үгүй ээ. Хүний юм бол хүний л юм байдаг гэгчээр
амьдралын ханиа сонгочихсон гэр бүлтэй болсон хүн чинь хажуудахаа яалаа гэж гомдоохыг
хүсэхэв. Захиа ирс­нийг нь хараад л өнгөрдөг байсан.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Х.Бат-Учрал: Монголд олсон орлого Монголдоо л шингэж байж бид хөгжиж урагшилна

Нэг үеэ бодвол мон­гол­чууд
олон зүйлээ өөрсдөө хийж чаддаг болжээ. Үндэс­ний үйлд­вэрлэлээ дэмжинэ гэж ярьдгийг
бодит амьд­рал дээр нэг үндэсний ком­пани үндэснийхээ нөгөө компанийн бараа бүтээгдэ­хүүнийг
ху­дал­­дан авах за­маар хэрэгжүүлдэг болж. Бас гадныхан хэдийнэ эзэлж авсан зах
зээ­лийг бага, багаар өөрс­дийнх бол­гох арга за­мыг эрэлхийл­дэг бол­жээ. Ийм нэгэн
бо­дол санаатай залуу захир­лыг “Шинэ цагийн Мон­гол” булан­гийн­хаа зочноор ури­лаа.
Залуу сео Х.Бат-Учрал бол бетон зуурмаг, бетон эд­лэлийн үйлдвэр­лэлийн сал­барт
хүч сорьж яваа үндэс­ний хөрөнгө оруу­лалттай компаниудын нэг “Про­со­лид Стандарт”
ХХК-ийн гүйцэтгэх захир­лаар ажилладаг юм.

-Барилга байшин­гийн тулгуур болдог
бе­тон зуур­магаа монгол­чууд өөрсдөө хийхгүй байна, гадныхан энэ салбарт хүч түрэн
орж ирсэн нь Үндэсний аюул­гүй байдалд ч сөр­гөөр нөлөө­лөх талтай гэж саяхан бол­тол
яригддаг байсан. Танай салбарт хаана­хын хө­рөнгө оруулалт­тай ком­па­ниуд давам­гайлдаг
юм бэ?

-Ер нь ямар ч улс орны хувьд барилгын
салбар тэр дундаа бетон зуурмаг, барил­гын бат бэх, даац, чанар, аюулгүй байдалд
их ан­хаар­даг. Манай улсын хувьд ба­рилгын
салбарт тэр дун­даа бетон зуурмагийн үйлд­вэрүү­дийн дийлэнхийг нь Солон­гос, Хятадын
хөрөнгө оруу­лалттай компаниуд үйлдвэр­лэж байна. Харин сүүлийн үед Монголын ком­па­­ниуд
энэ салбарт хүч түрэн орж ирж байгаа. Иргэдийнхээ аюулгүй амар тайван аж тө­рөх
батал­гаа болох энэ чухал салбарт монголчууд бид өөрс­дөө зүтгэл гарган орол­цож,
тө­рөөс ч бодлогоороо дотоо­дынхоо компаниудыг дэмжин ажиллаж байна. 

Өмнө нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг
гол компаниуд нь дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд байс­наа бодвол дотоодын
хөрөн­гө оруулалттай компаниуд бас ч гэж нэмэгдэж байна. Гэхдээ зах зээлд хөлөө
ол­чих­сон тэдгээр компаниудтай харьцуулахад бид бага багаар ахисаар л явна.

-Танай компани байгуу­лагдаад удаагүй
байх аа. Гадны хөрөнгө оруулалт­тай том компаниудтай өр­сөлдөхөд амаргүй л байдаг
байх?

-Манай “Просолид стан­дарт” ХХК байгуулагдаад
удаагүй л дээ. Үйлдвэр маань ашиглалтад ороод жил л болох гэж байна. Гэхдээ мон­голчууд
өөрсдөө үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэхээс аргагүй энэ чухал салбартаа
гар бие орол­цох нь зөв гэдэг үүднээс дотоодын хөрөнгө оруулаг­чид хамтарч байгуулсан
ком­пани юм. Манайх бетон зуур­маг, бетон эдлэлийн үйлдвэр­лэл, барилга угсралт,
барил­гын материалын үйлдвэрлэ­лийн чиглэлээр үйл ажилла­гаа явуулахаар байгуулагд­сан
компани. Мэдээж, ихээ­хэн хөрөнгө оруулалт хийг­дэж бас зах зээлд хөлөө ол­чих­сон
тэдгээр компаниудтай өрсөлдөхөд амаргүй. Гэхдээ монголчууд бид өөрсдөө бетон зуурмагаа
үйлдвэрлэж цутгадаг байх ёстой, монгол­чууд бид нэгнийхээ бизнесийг дэмжиж, хамтран
ажиллаж байж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг том зорилго­той байгуулагдсан
учраас зам зуурын бэрхшээлийг тоохгүй л зүтгэж явна даа.

Бидний уриа бол “Эх орон­доо ихийг
бүтээе” гэж байгаа. Энэ уриа маань ол­ныг нуршилгүй гол зорилго, утга санааг маань
илэрхийлнэ гэж бодож байна. Бид зорил­гоо “Хөгжигч хүний нөөцийг эрхэм болгон хэрэглэгчдэдээ
чанартай бүтээгдэхүүн, үйл­чилгээг найдвартай хүргэж салбартаа үндэсний тэргүү­лэгч
компани болох” гэж тавьсан юм.

Ер нь болж өгвөл бүхий л салбарт үндэсний
компаниуд л тэргүүлэгч нь болох ёстой. Тэгж байж л бид хөгжинө. Ялангуяа гадны хөрөнгө
оруу­лалт харьцангуй багасч байгаа өнөө үед Монголд олсон орлого Монголдоо л шингэж
байж бид хөгжиж урагшилна гэж би бодож явдаг.

-Өөрөө чухам ямар мэргэжлийн хүн
бэ. Аль сургуулийг төгссөн бэ?

-Би МУИС-ийн газрын эдийн засаг, кадастрын
ан­гийг төгсч, бас МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистраа хамгаалсан. Хэ­дий­гээр
барилгын салбарын хүн биш ч магадгүй энэ цаг үед маш чухалд тооцогдох энэ салбарт
өөрийн хүсэл сонирхлоор хүч сориод явж байна даа. Миний хувьд үн­дэсний үйлдвэрлэлээ
хөг­жүүлж монголчууд өөрсдөө зах зээлдээ эзэн нь болж явах ёстой гэж бодож явдаг.
Харин энэ бодол санаа маань яг энэ салбарт, удирдаж байгаа компанийн маань үйл хэргээр
ил болох учраас өөрийнхөө тухай гэхээс компанийн үйл хэргээ яривал тодорхой бол­но.
Энэ бүхнийг гүйцэлдүү­лэхэд манай компанийн гар сэтгэл нийлсэн мэргэжлийн ажилтнуудгүйгээр
төсөөлө­хөд бэрх л дээ.

-Ажилтнууд гэснээс хамт олныхоо
талаар дурд­вал?

-Манай компани байгуу­лагдаж үйл ажиллагаа
явуулж эхэлснээр 30 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Эдгээр ажлын байранд ганц
ч гадаад ажилтан ажил­луулаагүй. Бид багаа монгол ажилчид тэр дундаа тодор­хой ажлын
туршлагатай ин­женер, техникийн ажилтнуу­даас бүрдүүлсэн. Манай ком­панид барилгын
материал үйлдвэрлэлийн техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер зэрэгтэй хүмүүс,
лаборант-технологич инже­нер, механик инженер, ца­хилгааны инженер, хөдөлмө­рийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер гээд инженер техникийн ажилчдаас бүрд­сэн чадварлаг
хамт олон ажилладаг. Мөн гүйцэтгэх захирлын дэргэд удирдлага болон инженер техникийн
ажилтнуудаас бүрдсэн хө­дөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл ажиллаж компанийн
үйлдвэрлэл, үйл­чилгээний ажилд хөдөлмө­рийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг
цогц байд­лаар шийдвэрлэн ажилладаг юм.

-Барилгын салбар хам­гийн түргэн
хөгжиж байгаа салбар гэх боловч сайн, муу нь хамтдаа л явж байх шиг санагддаг. Гэхдээ
дэвшил­тэт технологиуд бага ба­гаар нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байна. Манай­хан
нэг хэсэг каркасаа цутгаад тоосго, блокоор голдуу завсар хоорондын өрлөг, дүүргэлт
хийдэг байсан бол одоо аль болох бүрэн цутгамалаар хийхийг эрмэлздэг болоо юу даа?

-Тийм ээ. Нэг хэсэг хагас цутгамал
буюу хөнгөн блокон өрлөгтэй барилга ихээр баригдаж байсан бол одоо цутгамал төмөр
бетон каркас бүхий барилгын дэвшилтэт технологи өргөн нэвтэрч бай­на. Тийм учраас
барилгын даацын бетон, төмөр бетон бүтээцийг чанартай нийлүү­лэх манайх шиг бетон
зуур­магийн үйлдвэрийн үүрэг хариуцлага ч илүү өндөрсөж байгаа хэрэг. Мэдээж, энэ
нь барилгын чанарт шууд нө­лөөлнө. Хэдийгээр хуучнаа­саа зардлын хувьд өсч бай­гаа
ч манай барилгын сал­барт технологийн дэвшлийг авчирч байгаа гэж болно л доо. Энэ
нь эргээд барилгын чанар, насжилтад шууд нө­лөөлдөг, хүний эрүүл, аюул­гүй орчинд
амьдрах нөхцө­лийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай юм.

-Та сая барилгын бат бэх чанар
бетон зуурмагтай шууд холбоотой байдаг гэж ярилаа. Түүхий эдийн хувьд бетон зуурмагт
ямар, ямар материал ордог вэ. Олдоц хэр байх вэ?

-Элс, хайрга, цемент бас нэмэлт бодисууд
зэрэг байдаг л даа. Бетон зуурмагийн гол түүхий эд нь цемент гэдгийг хүмүүс мэднэ.
Үндэсний ком­паниуд бетон зуурмагаа үйлдвэрлэдэг болж байгаа нь нэг дэвшил ч одоо
аль болох үндэсний бүтээгдэхүүнээрээ хийдэг болоосой гэж би бод­дог юм. Үнэндээ
манай дотоо­дын хэрэгцээг үндэсний цементийн компаниуд ний­лүүлж амжихгүй байгаа
учраас бид урд хөршөөсөө авахаас аргагүйд хүрч байна л даа. Бидний яриад байгаа
үндэсний аюулгүй байдал талаасаа харвал уг нь гад­наас авмааргүй байгаа юм. Гэхдээ
нэг үеэ бодвол гэрэл гэгээтэй олон сайхан мэдээ дуулдах болсон. Үндэсний томоохон
компаниуд цемен­тийн үйлдвэр байгуулах ажил­даа орчихоод байгаад бид баяртай суугаа.
Одоо “Монполимет”, “МАК” гээд манай үндэсний том компа­ниудын үйлдвэрлэх цемент
ямар үнэ өртөгтэй гарч ирэх бол гэж хүлээж байна. Гэхдээ дотоодын томоохон үйлдвэр­лэгчдийнх
шиг үнэтэй бай­гаад байвал хэдийгээр үндэс­ний компаниа дэмжмээр бай­гаа ч бас бэрхшээл
үүсэхийг нуух аргагүй. Уг нь бидний бетон зуурмагийн үйлдвэ­рүүд мөнгөө Хятад руу
биш нутагтаа үлдээх хүсэл их бай­даг юм. Гэвч эндэхийн цемент нь урдаас худалдаж
аваад тээвэрлэж авчрах өртгөөс өндөр байгаад байвал алийг авах вэ гэдгээ бид бодож
л таарна аа даа. Гэхдээ ши­нээр нээгдэх үйлдвэрүүдэд бид асар их найдвар тавьж байгаа.
Бидний гаднаас ав­даг үнийн багцаанд цементээ нийлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна.

Таны хэлж байгаа нэ­гийгээ дэмжиж
байж хамт­даа урагшилна гэдэг их сайхан санагдаж байна л даа. Ийм компаниуд, ийм
залуус олон байгаасай гэж бодож байна шүү?

-Манайхан нэг үеэ бодвол өөр болсон
шүү дээ. Гадаа­дын хөрөнгө оруулалттай компани, дотоодын хөрөнгө оруулалттай компани
байвал үндэснийхийгээ дэмжих жи­шээтэй. Барилгын салбарт энэ байдал илүү мэдрэгдэж
байгаа. Бүр хэд хэдэн барил­гын компаниуд нэгдэж барил­гын корпораци болж хамтран
ажиллах болсон. Бидний хувьд албан ёсоор нэгдэж ороогүй ч үйл хэргээрээ тэд­нийгээ
дэмжээд л явж байгаа.

-Барилгын материалыг монголчууд
өөрсдөө үйлд­вэрлэхийг дэмжих нь зүй­тэй гэж Засгийн газраас тусгайлан хөтөлбөр
гарга­сан байх аа?

-Тийм ээ. “Монгол Улсын Үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримт­лал”, “Барилгын материалын
үйлдвэрлэлийг 2007-2015 онд хөгжүүлэх мастер төлөв­лөгөө” болон “Шинэ бүтээн байгуулалт”
дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бод­логын баримт бичигт тулгуур­лан хөтөлбөр
боловсруулсан байдаг. Монгол Улсын хэм­жээнд хийгдэх бүтээн байгуу­лалт, барилгажилтын
ажлыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн эх орны үйлдвэрийн, гол нэр төрлийн
барилгын материалаар хан­гах, ийм төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, барил­гын
материалын үйлдвэрлэ­лийг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр л дөө. Нэгэнт төр засгаас
бодлогоо гаргачих­сан, бизнес эрхлэгч бидний хувьд өөрсдөө хийх шаард­лага зорилгоо
ойлгочихсон болохоор энэ салбар дорх­ноо хөгжинө гэж итгэж явдаг шүү.

-Бетон зуурмагийн чанар бол барилгын
чанарт шууд нөлөөлж таарна. Хэр бат бөх болсныг яаж шал­гаж мэддэг юм бэ. Нарийн
лабораториор тодорхойлно биз?

-Бетон зуурмаг нарийн технологиор
хийгддэг. Эн­гийн ойлголтоор шороо уч­раас шороо тоос хамаагүй гэж үзэж болдоггүй.
Бетон зуур­магийн чанарт тоос шороо нөлөөлж байдаг учраас агуу­лахын цэвэрлэгээнээс
эхлээд анхаарах зүйлүүд бий. Хүнс­ний үйлдвэртэй адилтгахгүй ч чанартай бүтээгдэхүүн
хийе гэвэл стандартыг өндөр түв­шинд барихаас аргагүй. Тиймээс бид түүхий эдийн
агуулахаа бетон хучилттай болгож, машин техникийн угаалгын хэсэг зэргээ тус­гайлан
засч тохижуулсан. Сайн чанарын түүхий эдийг сонгож авахаас л ажил эхэл­нэ шүү дээ.
Манай компани хяналтын иж бүрэн төхөө­рөмж бүхий лабораторитой л доо. Гол түүхий
эд болох цемент, элс, хайрганы чана­рыг тогтмол шалгаж, бүтээг­дэхүүн болоод гарахаар
нь бас байнгын туршилт сорилт явагдаж байдаг. Элсний чийг­лэг, ширхэглэлийн бүрэлдэ­хүүн,
элсэн дэх хайргын хэм­жээ, хайрганы нимгэн үзүүр­лэг хэсэг, элэгдэх чанар, це­ментийн
барьцалдаж эхлэх, дуусах хугацаа, шахалт гулзайлтын бат бэх гээд өч төчнөөн нарийн
шалгуур бий. Бетон зуурмаг дээр гэхэд л конусын суулт, агаарын агуу­ламж, бетоны
температур гээд хянах зүйл их бий. Зөвхөн бид өөрсдийн лабораториор чана­рын баталгаагаа
гаргаад байдаггүй бусад итгэмжлэгд­сэн лабориторид тогтмол ху­га­цаанд шалгуулж,
чанараа баталгаажуулж байдаг юм.

Бетон зуурмаг гурав хо­ног­тойдоо
30-50, долоо хо­ног­тойдоо 50-80, 28 хоног­тойдоо 80-100 хувийн бат бэхийг авсан
байх ёстой байдаг. Бид бүхий л нийлүүлж буй бетон зуурмагтаа албан ёсны гэрчилгээ
дагалдуулж, бетоноо цутгахдаа анхаарах мэдээлэл, хэрхэн арчлах, шаардлагатай тохиолдолд
хэв хашмалаа хэдэн цагийн дараа задлах, халуун хуурай нөхцөлд хэрхэн цутгах гээд
дагалдах зөвлөгөөг нь хэрэг­лэгч, захиалагчдадаа өгч байдаг.

-Танай компанийн “бүтээл” хаана
ямар бүтээн байгуулалт болж байна вэ?

-Одоо ид хийгдэж байгааг нь жишээлэхэд
СХД-т бариг­даж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг нэр­лэж болно. СХД-ийн
ЗДТГ-ын захиалгаар “Номтын ам” компанийн гүйцэтгэж байгаа бүрэн цутгамал барилга
л даа. Төрийн албан хаагчдыг хямд өртгөөр орон сууцтай болгох уг төсөлд бид хамтран
оролцож байна. Өнөөдөр бүрэн цутгамал байрны нэг м/кв-ын үнэ 1.8 саяас л эхэлж байгаа
шүү дээ. Харин уг барилгын хувьд арай хямд өртөгтэй. Өмнө нь ярьсан дээр тодруулж
хэлэхэд бид хэрэг­лэгчийн захиалгын да­гуу стан­дартын шаардлага хан­га­сан БМ100-500
мар­кийн бетон зуурмагийг орц нор­мын дагуу, тухайн захиа­лаг­чийн хүсэлтийг харгалзан
цаг уурын байдалд тохируу­лан үйлдвэрлэж хэрэглэгчдэд 24 цаг тасралтгүй, түргэн
шуурхай нийлүүлдэг.

Түүнчлэн барилгын тал­байд хяналт
тавьж ажиллах боломжийг бүрдүүлэн хэрэг­лэгч, захиалагчийн сэтгэл ханамжийг дээд
зэргээр хан­ган ажиллахыг хичээдэг. Ер нь ойрын үед цахилгааны саатал их гар­даг
болсон уч­раас бид өөрс­дийн нөөц болом­жийг ашиг­лан нэмэгдэл эх үүсвэрийн асуудлыг
шийд­вэрлэж ди­зель генератор суурилуулж холболт хийсэн нь энэхүү эрсдлээс бүрэн
хамгаалж чадсан.

Энэ мэт бидний хийж байгаа, хийхээр
төлөвлөсөн олон ажил байгаа. Манайх салбартаа шинэ компани ч үндэсний аюулгүй байдлын
хэмжээнд анхаарагдах энэ салбарт дотоодын хөрөнгө оруулалттай компани гэгдэж, том
зорилго тавиад ажиллаж байгаа маань бидний бахар­хал гэж хэлмээр байна даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Иргэд дулааны суурь үнийг цахилгааныхтай андуурч байна

Эрчим хүчний зохи­цуу­лах хороо­ноос
цахил­гаан болон дулааны үнийг нэмэхээр мэ­дэгдсэн билээ. Тэгвэл холбогдох байгууллагуудад
энэ шийд­вэр­тэй холбоотой санал, гомдол иргэдээс их ирэх болжээ. Тий­мээс бид цахилгаан,
дулааны үнээс үүдээд байгаа нөх­цөл байдлыг сурвалж­лахаар “Улаан­баатар цахилгаан
түгээх сүлжээ” компанийг зорилоо. Тус компани дээр 11.00 ца­гийн ор­чимд очиход
“Дар­га нар хурал­даж байна. Гэлээ ч үнэ тарифтай хол­боотой мэдээллийг ма­най­­хаас
бус Эрчим хүч­ний зохи­цуулах хороо­ноос өгч байгаа” гэсэн хариу өгөв. Ингээд тус
компанийн хэрэглэгчдэд  үйлч­лэх зарим салба­раар
орлоо. Баянгол дүүрэг дэх “Улаан­­­баатар
цахилгаан тү­гээх сүл­жээ” ХК-ийн салбар төв дээр үдийн цайны цагаар очсон болоод
ч тэр үү үйлч­лүүлэгч багатай байв. Тэнд үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь залуу­чууд
байх аж. 20 орчим насны Т.Намуун гэх охин “Өвөө­гийнх зусланд бай­даг юм. Би зуны
ам­рал­таараа эмээдээ бага ч гэсэн тус болох гэж тог, ус, байрны төлбөрийг нь тушаа­даг”
гэв. Харин 50 орчим насны Л.Сүрэнжав гэх эрэгтэй “Энэ сард тогны мөнгө 13 мянган
төгрөг гарсан бай­на. Уг нь 7000-8500 төгрөг л гардаг юм. Одоо дахиад үнэ нэмэг­дэхээр
хөгшин бид хоёр ца­хилгааны мөн­гөө дийлэхгүй хэцүүдэх янзтай” гэсээр явж одов.
Ингээд 100 айлын ба­рилгын мате­риалын худал­даа явуулдаг “Жоби” төвийн дэргэдэх
хэ­рэглэгчдэд үйлч­лэх салбарт очлоо. Уг салбар XI хо­рооллын зам дагуу бай­сан
байрлалаа сэл­гэж энд нүүж ирээд удаагүй байгаа аж. Тус төвөөр Сүхбаатар дүүр­гийн
иргэд үйчлүүлдэг юм байна. Ца­хил­гааны үнэ нэмэг­дэх сургаар тус сал­бараар үйлчлүүлэх
иргэдийн тоо эрс ихэсчээ. Учир нь ир­гэд найм­дугаар сарын 1-нээс өмнө амжиж цахилгааныхаа
төл­бөрийг хийхээр яарч буй аж. Тэд олон жил хуримт­лагдсан цахилгааны төлбөр нь
нэмэгд­сэн үнээр тооцог­дохоос ийн сэргийлж байгаа гэх яриа байна. Үүнээс гадна
цахил­гаа­ны үнэ ямар шалт­гаанаар, хэдэн төг­рөг болж нэмэгдэж байгаа талаар мэ­дээлэл
авах гэсэн иргэд олон байна гэж тус газрын ажилт­нууд ярьж бай­сан.

ЦАХИЛГААНАА ХЭР ХЭМНЭНЭ ТЭР ЧИНЭЭГЭЭР
БАГА Л МӨНГӨ ТӨЛНӨ

Эрчим хүчний зохицуулах хо­роо­ноос
ахуйн хэрэг­лээ­ний цахил­гааны үнийг нэмэх­дээ хоёр шат­лалаар тоо­цохоор болсон.
Тод­руулбал, айлууд 150 квт-аас бага ца­хилгаан хэрэглэвэл нэг квт тут­мын үнийг
79 төгрөгөөр тооц­но. Түүнээс дээш цахилгаан хэ­рэг­­лэвэл илүү гарсан квт бү­рийг
96 төгрөгөөр бодож ава­хаар болоод байна. Ха­рин уул, уурхайн компа­ниу­дын цахилгааны
үнийг 30 төг­рөгөөр нэмж, нэг квт-ыг 130 төг­рөгөөр тооцох бол бусад аж ахуйн нэгж,
бай­гууллагын цахилгааны нэг квт-ыг 16-18 төгрөгөөр нэмж 106 төгрөгөөр тооцох шийд­вэр
гарсан. Тэгэ­хээр айлууд цахилгаан бага хэрэглэх ту­сам бага мөнгө төлөх бо­ломжтой.
Бас аж ахуйн нэг­жүүд ч мөн адил шөнийн 22.00-06.00 цагийн хооронд цахилгаан хэрэглэ­вэл
нэг квт тутмыг 46 төг­рөгөөр төлөх бүрэн боломжтой. Энэ­хүү хөнгөлөлтүүд нь эрчим
хүчийг хэмнэж алдагдлаа нөхөх гол зорилго болоод байна.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар
хорооны оршин суугч Э.Энхцэцэгээс за­рим зүйлийг тодрууллаа.

-Цахилгаан, дулааны үнэ ирэх сард
нэмэгдэнэ. Мэдэж байгаа юу?

-Тийм ээ. Бүх л хэвлэл мэдээллийн
хэрэгслээс үнэ нэмэгдэх мэдээлэл авч бай­гаа.

-Танайх сард дунджаар ца­хилгаан,
дулаан гээд хич­нээн төгрөг төлж байна?

 -Сард тогны мөнгө гэж 17 мянга орчим төгрөг төлдөг.
Хувийн бай­шинд амьдардаг болохоор дулаа­ны мөнгө төлөхгүй байгаа.

-Үнэ өөрчлөгдвөл хич­нээн төгрөг
төлөх бол. Тоо­цоолж үзсэн үү?

-Нэг их зөрүү гарахгүй байх гэж бодож
байгаа.

-Яагаад?

-Одоо нэмэгдэх гэж бай­гаа үнэ нь
иргэдийг цахил­гаанаа хэмнэж сур гэсэндээ зохи­цуулж буй арга хэмжээ гэж дуулсан.
Харин манайх ца­хил­гаанаа, зардлаа хэмнэх гэсэн ойлголтыг өнгөрсөн өвлөөс хэрэг­жүүлж
ирсэн. Шөнийн тариф гарс­наас хойш индүүдэх зүйл байвал шөнийн цагаар  индүүддэг болсон. Хүүхдүүдээ хүртэл өглөө
07.00 цагаас хойш ха­ран­хуй болтол гэрэл асаах­гүй гээд хэвшүүлж сур­гасан. Бага
ч гэлтгүй хэмнэлт мэдрэгддэг юм билээ.

-Тэгэхээр үнэ нэмэгдэж бай­гаатай
та санал нэг бай­на гэсэн үү?

-Нэгэнт гарсан шийд­вэ­рийг эсэргүүцэлтэй
биш. Ер нь айлууд өөрсдөө ухам­сарлаад дор бүрнээ нийг­мийн хариуц­лагатай болчих­вол
бусдыгаа чирэхгүй л гэж ойл­гож байгаа. Өнөөдөр бид хариуц­лагатай байсан бол үнэ
тарифаа нэмэх­гүй байх ма­гадлалтай шүү дээ гэв.

Үнэхээр л Эрчим хүчний зохи­цуулах
хорооны дарга С.Отгон­баяр “Эрчим хүчний салбар зөвхөн энэ жилд 60 тэрбум төгрөгийн
алдаг­дал­тай ажилласан. Ер нь орлого нь үйлдвэрийн зард­лаа нө­хөж чадахгүй байнгын
алдаг­далтай ажиллаж байгаа боло­хоор эрчим хүчийг хэмнэх үүднээс ийм шийдвэр гарга­сан”
хэмээн тайлбар хийсэн.

ИРГЭД ДУЛААНЫ ҮНИЙГ ЦАХИЛГААНЫХТАЙ
АНДУУРЧ БАЙНА

Харин дулааны суурь ху­раам­­жийг
нэмэхдээ 40 ам метрээс бага талбайтай орон сууцны айлууд сард 3000, 40-80 ам.метр
бол 5000, 80-аас дээш бол 10 мянган төг­рөгийн хураамж төлөх юм. Гэтэл иргэ­дээс
багагүй хэл ам хийжээ. Учир нь иргэд “Бид хоёр, гурван өрөө байранд амьдарснаа­раа
хохирч ца­хил­­гаа­ны мөнгө их төлнө гэж байхгүй. Ийм зохи­цуулалт гэж юу байсан
юм”, “Хэдэн өрөө бай­ранд амьдрах нь хүний эрх, хэрэг­лэсэн цахил­гааны мөнгөө л
өгнө” гэх бол­жээ. Энэ нь цахилгааны үнийг дулааны суурь хураамжтай ан­дуурч байгаа
хэрэг. Тиймээс эдгээр иргэдэд холбогдох мэргэжилт­нүүд зөв ойлголт бүхий тайл­ба­рыг
тухай бүрт нь хүргэж бай­гаа юм байна. Сур­валж­лагын үеэр ч мэр сэр ийм тохиолдолтой
тааралдаж байв.

ИРГЭДИЙН ХУРИМТЛАГДСАН ЦАХИЛГААНЫ
ТӨЛБӨР 30 ГАРУЙ ТЭРБУМД ХҮРЧЭЭ

Өнгөрсөн оны байдлаар нийт 470 мянган
хэрэглэгч эрчим хүчээр хангагдсанаас 90 гаруй хувь нь иргэд, үлдсэн хувийг аж ахуйн
нэгж, бай­гуул­лага эзэлж байгаа аж. Харин 190 мянган хэрэглэгч дулаа­наар хангагдсанаас
88 хувь нь иргэд, үлдсэн хувийг байгуул­лага хэрэглэсэн гэх судалгаа гарчээ. Эрчим
хүчний салбар одоогоор 30 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байгаа­гаас 24 тэрбум
нь иргэдийн хуримтлагдсан цахилгааны мөнгө юм байна. Үлдсэн ху­вийг аж ахуйн нэгж
байгуул­лагаас авах тооцоо­той байгаа ажээ.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Амгалангийн ДЦС барих газрын маргааныг бүрэн шийдвэрлэжээ

Их бүтээн байгуулалтын ажлын явцыг
долоо хоног тутамд мэдээл­дэг Засгийн газрын “Бүтээн байгуу­лалтын цаг” 14 хоног
завсарлаад өчигдөр хуралдлаа. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд амарсан болохоор
Шадар сайд Д.Тэрбиш­дагва салбар хариуцсан яам­дын дэд сайд нартай уулзаж, аж­лын
явцтай нь танилцсан юм. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд хийсэн ажлуудынхаа
ахиц дэвш­лийн талаар Зам тээв­рийн яам, Эрчим хүчний яам, Хө­дөө аж ахуйн яам,
Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, нийслэлийн удирд­лагууд
дараах мэдээллийг өгөв.

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд
хэрэгжиж буй “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам тавихад 691 хүн,
296 машин механизм ажиллаж байгаа гэнэ. Дээрх чиглэлд 225 км төмөр зам тавихаас
энэ жил газар шорооны ажлыг гүйцэтгэнэ гэж байгаа. Өнөөд­рийн байдлаар ажлын гүйцэтгэл
нь 29.93 хувьтай яваа аж.   Мөн зургаан аймгийн
төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил хэвийн явагдаж байгаа
юм байна. Дорнод аймгийн төвийг нийслэлтэй холбох ажил 33.3 хувьтай яваа гэнэ. Өнгөрсөн
долоо хоногт Ерөн­хий сайд Н.Алтанхуяг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилц­сан.
Тус чиглэлийн замын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн хувьд санхүүгийн хүндрэлийг
нь Хөгж­лийн банкнаас шилжүүлэх асууд­лыг шийдвэрлэжээ. Гэтэл өнөөд­рийн байдлаар
ямар ч мөнгө шил­жээгүй байна. Гүйцэтгэгч компани 8.8 тэрбум төгрөгийн нэхэмжлэлээ
Хөгжлийн банкинд ирүүлжээ. Харин гүйцэтгэсэн ажлын өртөг болох 1.3 тэрбум төгрөг
нэн даруй шилжих ёстой аж. Гэтэл хийсэн ажлыг нь баталгаажуулах хянал­тын компани
удаашралтай байгаа­гаас мөнгө нь шилжээгүй аж. “Бороо усны цаг ирсэн энэ үед нэг
минут ч алдмааргүй байна. Нэг компаниас болж ажил цалгардах ёсгүй” гэж Шадар сайд
хариуцсан албан тушаалтнуудад санууллаа.

Бусад аймгуудын замын тухайд Хөвсгөл-Улаанбаатар
чиглэлийн замын ажил 15.7 хувьтай байгаа гэнэ. Дундговь, Өмнөговь аймгийг нийслэлтэй
холбох авто зам тавих ажил 24.9 хувьтай байгаа аж. Тэгвэл Замын-Үүдийг хоттой холбох
замын барилгын ажил 69.8 хувьтай байна. Харин Баянхонгор аймгийг нийслэлтэй холбох
замын ажил дуусах дөхжээ. Одоогоор 92.8 хувьтай байгаа энэ ажил арав хоногийн дараа
гэхэд ашиглалтад орох юм байна.  Мөн Налайх-Цонжинболдог
чиглэлийн замын ажил дуусч, ашиглалтад оруулжээ.

Барилга хот байгуулалтын яамнаас
их бүтээн байгуулалтай холбоотой цаг үеийн ажлуудынхаа мэдээллийг өгсөн юм. 80-аас
дээш метр квадрат байрыг орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хам­руулахгүй гэсэн
журам бий. Гэтэл иргэдээс энэ тал дээр нэлээд гомдол гаргаж байгаа аж.  Хариуц­сан салбараас “Журмаа мөрдөнө” гэсэн тайлбарыг
иргэдэд өгч бай­гаа гэнэ. Харин барилга орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуу­дынхаа
өвлийн бэлтгэлийн ажлыг хангуулахаар ажиллаж буйг мэ­дэгд­лээ. Өвлийн бэлтгэл ерөнхий­дөө
29.6 хувийн биелэлттэй байгаа аж. Цэвэрлэх байгууламж болон дулааны шугам сүлжээний
засварын ажлуудад  8.7 тэрбум төгрөгийг зарцуулна
гэсэн. Зас­гийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын дагуу “Шинэ бүтээн байгуулалт”
хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлуудын хувьд
200 гаруй тэрбум төгрөгийн ажлуудыг энэ онд хийж гүйцэтгэх ёстой. Нийтдээ он дамжин
73 ажил хийх ёстойгоос 56 ажлыг энэ онд хийх төлөвлөгөөтэй аж. Одоогоор 12 ажлын
гүйцэтгэгчийн төслийг шалгаруулж ажилд нь оруулжээ. Арваннэгдүгээр сарын 1-нд эхнээсээ
дуусах ёстой аж. Харин гэр хорооллын дахин төлөв­­лөлттэй холбоотой 86.3 тэрбумын
өртөгтэй 26 ажил байгаа бөгөөд графикийн дагуу явагдаж байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас цаг
үеийн ажлууд нь хэвийн явж байгааг дуулгав. Их бүтээн байгуулалттай холбоотой Японы
Засгийн газрын хүнсний буцалтгүй тусламжийн хүрээнд 3.4 сая ам.долларын хөрөнгө
оруу­лал­таар Төв аймгийн Угтаал цай­дамд 36 мянган тоннын багтаамж­тай элеваторыг
барьж буй гэнэ. Үүнийг ирэх сарын эхээр ашиглал­тад хүлээж авах ажээ. Мөн тус яам
иргэдийг чанартай хүнсний ногоо­гоор хангах хүрээнд улсын төсвийн дэмжлэгтэй зоорь
байгуулах ажлын тендерийн материалуудыг хүлээж авч байгаа. Нийтдээ 10 аймаг
8500 орчим тонн орчин үеийн механикжсан зоорь барих боломжоор хангагдах гэнэ. Төс­вийн
хөрөнгөөр гурван тэрбум төгрөгийн өртөгтэй Ховдын Буянт гол, Баян-Өлгий, Баянхонгор,
Төв аймагт тус бүр услалтын системийг ашиглалтад өгөхөөр ажиллаж байгааг, салбарын
яамнаас дуул­галаа. Улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгөөр 18 аймгийн нутагт 407 шинэ
гүний худаг байгуулах тен­дер зарлаад одоогоор 120 худаг барьжээ.

“Чингэс” бондноос 170 гаруй сая ам.долларыг
Хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон. Энэ хөрөнгийг өвлийн хүлэмж барих, сүү
сүүн бүтээгдэхүүн, ноос, ноо­лууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч­дийн салбарт зарцуулахаар
батал­сан. Энэ дагуу тухайн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж өгөхөөр болсон
билээ. Гэтэл одоо­гоор ажил нь тодорхойгүй байгааг Шадар сайд шүүмжлэн ирэх долоо
хоногийн “Бүтээн байгуулалтын цаг” дээр мэдээлэлтэй ирэхийг даалгалаа. 

Нийслэлийн удирдлагуудын хувьд сүүлийн
14 хоногт хийсэн ажлаа тайлагнав. Нийт автозамын ажил 62.2 хувьтай байгаа гэлээ.
Одоогоор 21 авто замын ажил явагдаж байна. Гудамж төслийн 33 уулзвараас зургаан
ажлыг дуус­гасан гэнэ. Ирэх есдүгээр сарын 1-нд гэхэд нийслэлийн автозамын ажлыг
дуусгах төлөвлөгөөтэй шамдаж буй ажээ.

Эрчим хүчний яамнаас бүтээн байгуулалттай
холбоотой 2013 онд 10 ажлыг гүйцэтгэхээс одоогоор төслийн гүйцэтгэгчийг шалгаруу­лаад
гэрээ хийжээ. Есөн ажил нь энэ онд хийгдэж дуусах ёстой юм байна. Амгалангийн ДЦС-ын
хувьд айлуудтай тохиролцож, газрын асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд 5.1 тэрбум төгрөг
зарцуулсан байна. Нийслэлийн удирдлагуудаас “Амгалангийн ДЦС-ыг барих ажилд газар
чөлөөлөх ажил нөлөөлөөгүй. Харин зураг төсөл нь хийгдэхгүй байснаас өдий хүрсэн”
гэв. Харин хариуцсан салбарын яамнаас иргэд газраа чөлөөлж өгөхгүй байсантай холбоотой
гэж тайлбар­лалаа. Юутай ч өнгөрсөн дөрөвдү­гээр сарын 12-нд шийдвэр нь гарч эхэлсэн
ажил төлөвлөгөөнийхөө дагуу энэ ондоо багтаж дуусахгүй нь. Уг нь станцын эхний хэсгийг
ирэх арванхоёрдугаар сард хүлээл­гэж өгөх ёстой байж. “ТЭЦ-3” дээр хийгдэж байгаа
өргөтгөлийн ажил 51 хувьтай яваа бол “ТЭЦ-5”-ын барилгын ажлын хувьд байгаль орчны
үнэлгээ хийгдэж байгаа гэнэ.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас их
бүтээн байгуулалтай холбоотой санхүүжилтийн талаар мэдээлэв. Санхүүжилт нь улсын
төсөв болон “Чингэс” бондоос эх үүсвэртэй. Улсын төсвөөс их бүтээн байгуу­лалтад
1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс эхний хагас жилд 880 тэрбумыг хийх
ёстой аж.  Одоо 225 тэрбумын гүйцэтгэлтэй
байгаа юм байна. Бүтээн байгуулалтын ихэнх том төслүүдийг бондын хөрөнгөөс санхүүжүүлж
байгаа. Өнөөдрийн байдлаар гэрээний хувьд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт
хийх Засгийн газрын тогтоол гар­сан. Гэрээний дагуу 800 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх
гэрээ хийгд­сэн байна. Өнөөдрийн хувьд их бүтээн байгуулалтад оролцож буй компаниудаас
220 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад явж байгаа гэнэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Гиннест бүртгүүлэх хийрхэл

Наадам бүрээр болдог нэгэн сайхан
арга хэмжээ бол яах аргагүй “Дээлтэй монгол” наадам. Хүн бүр өөртөө бай­гаа сайхан
дээл хувцсаа өмсч ирдэг энэхүү наадам жилээс жилд үндэстэн, ястны онц­логийг харуулсан
дээл хувц­саа ёс журмаар нь өмсөхөөс эхлээд дэг жаяг нь нарийс­саар байгаа харагддаг.
Өнөө жилийн дээлтэй наадам бо­роо, шороотойн улмаас до­лоо хоног хойшлоод өнгөр­сөн
долоо хоногт болов. Ма­найхан болж бүтэж яваагаа яаж ийгээд утгагүй болгохдоо сайн
улсууд л даа. Олон хүн дээл өмсч цугларсан гэд­гээрээ Гиннесийн номонд оруулна гэж
зохион байгуу­лагчид нь хөлсөж гүйгээд сүйд болж байна аа. Монголд юм л бол Гиннесийн
номонд оруулна гэдэг яриа бий болж. Гадаадад ажилладаг нуга­раач бүсгүйчүүд үегүй
юм шиг урлагийн төрлөөрөө Гин­несийн номонд бүртгүүлсэн талаар дуулдаж байхад бо­лохгүй
зүйлгүй мэт санагдаж байлаа. Гэтэл хамгийн олон бөхчүүд барилдаж Гиннест орлоо гэнэ,
хамгийн олон бие биелээчдийг бүртгүүлнэ л гэнэ. Одоо хамгийн олон хүн дээл өмсч
алхсанаар нь Гин­нест бүртгүүлнэ гэлцэж бай­на. “ДОХ л гээд байх юм, хотод очоод
надад тэр ДОХ-оос аваад ирээрэй” гэдэг шиг л Гиннес гээд сүйд болдог болж. Яг ямар
утгатай ч юм, тэрэнд бүртгүүллээ гээд бат­ламжилсан цааснаас өөр юу авдаг, том утга,
эрх аш­гаараа юу ч байдаг юм, манайханд мэдэж байгаа юм алга. Зүгээр л нэг сайхан
танил нэр, тэгээд л хөөрцөглөөд байх нь тэр. Гиннест бүртгүүлнэ гээд баа­хан биелээч
хүүхдүүдийг хө­дөө гадаанаас цуглуулаад хоноглох байр ч байхгүй, сургуулийн зааланд
хуа­раг­нуулж байсан шүү дээ. Сур­гууль олдсон нь ч их юм, бүр Сүхбаатарын биш ээ,
Чин­гэсийн талбай дээр хүртэл хоног төөрүүлж байсан. Нялх балчир хүүхдүүдээ идэж
уух хоол ч үгүй цемент дээр ун­туу­лахдаа хүрч сүйд болоод байдаг тэр Гиннес гэдэг
нь юу билээ.

1951 онд голын эрэг дээр шувуу буудан
зугаагаа гаргах цэнгээнд оролцож байсан Хью Бивер яах ийхийн зуур­гүй нисч алга
болоод байсан хурдан шувууны тухай тэм­дэглэж эхэлсtнээр Гиннесийн номын эхлэл тавигдсан
гэдэг. Хүмүүсийн асуудаг олон асуултад хариулт бол­гож энэ номыг жил бүр шинэч­лэн
хэвлэсээр иржээ. 2000 оныг хүртэл Гиннесийн дээд амжилтыг ном болгон хэвлэж байсан
бөгөөд өдгөө Гин­несийн дээд амжилтыг бат­ламжлах болсон. Харин одоо хүмүүс шинэчилсэн
дээд ам­жилт бүрийн эзэн болохоор хичээдэг болсноор анхны бий болсон үзэл санаанаасаа
өөр болчихоод байна. Дэл­хийн хамгийн, хамгийн гэсэн жагсаалтад багтах гэсэн хүн
гэдэг амьтны хүслийг яана аа. Үүнийг хүн гэдгээрээ бахар­хаж бардамнах сэтгэлээс
илүү­тэй адгууслаг чанар нь давамгайлж байгаа гэж ч тайлж болмоор. Эхэндээ хү­мүүст
шинэ содон, хамгийн, хамгийн гэсэн бүгдийг хүргэх зорилготой байсан бол өнөөдрийн
байдлаар энд нэрээ бичүүлж, алга дарам цаас авах гэсэн хүмүүсийн хийрхэл болсон
гэж хатуухан хэлэхэд болно. Ерөнхийдөө энд дээд амжилт тогтоолоо гэж үзэж болох
бүхий л төрлүүд байна. Нөгөө ногоон хурганы арьс, нохойн битүү туурайны сургийг
ч эндээс гаргаж магадгүй. Нэг жил нь амжилтын эзэн болсон бол түүнийгээ нэмэх гээд
дараа жил нь оролдоно. Бүр Гин­несийн амжилтыг бататгах гэсэн хийрхэл ч бий болжээ.
Биеийнхээ арьсны гадар­гууны 100 хувьд нь шивээс хийлгэсэн эр байна. Ерөөсөө ямар
ч цэг үлдээлгүй хэлээ хүртэл орхиогүй шивүүлс­нээрээ Гиннесийн эзэн бол­сон тэрбээр
ямар сайндаа, өөрийнхөө нэрийг Азтай Ал­мазан Баян гэж хөрвүүлж болохоор нэрлэж
байхав дээ. Дэлхийн дээд амжилтын эзэнд ээж, аавын өгсөн нэр нь таалагдахаа байсан
болол­той.

1979 оноос хойш дэлхийн дээд амжилтуудыг
ар араас нь шинэчилсээр яваа Ашриат Фурман гэж нэгэн эр бий. Тэрээр 450 дээд амжилтын
эзэн болж явсан бөгөөд одоо Гиннесийн 160 дээд амжил­тыг эзэмшдэг гэж байгаа. Дэлхийн
зургаан тивийн 30 оронд очиж дээд амжилт гаргаж болох юу л байна тэр бүгдийг оролдож
явдаг гэхээр өвчин биш гэж үү. 25 нас­тайгаасаа эхэлсэн энэ зо­рилго нь 58 нас хүрчихээд
байхад ч үргэлжилсээр байгаа нь нэг талаас бахархаж болох боловч нөгөө талаас зөвхөн
үүний төлөө л амь­дардаг болсон гэхээр бас л асуудалтай. Үсэрч, харайж, гүйж, бөмбөлөг
дээр үсрэх гээд юу, юу байдаг юм бүү мэд. Ер нь Гиннесийн номонд хумсаа урт ургуулж
бүрт­гүүлсэн эмэгтэй, хамгийн олон өндөг хагалахгүй шидэж чадсан амжилт, бага насандаа
хамгийн олон газраар аял­сан жаал гээд зөндөө ам­жилтууд бий. Хумсаа ургуулж амжилтын
эзэн болчихсон болохоор тэр эмэгтэйн хувьд гэрийн ажил хийх байтугай өөртөө цай
хийгээд уучихаж ч чадахгүй болж байгаа юм. Энэ хорвоогийн хамгийн эм­зэг өндгийг
хагалахгүй шиднэ гэдэг байгалийн хуулийн хаа­гуур ч яваад байгаа юм, мэ­дэхгүй.
Гэхдээ энэ амжилтын эзэн болж, онцгойрч байгаа хүмүүсийг буруутгахын арга­гүй. Өөрөө
өөрсдөдөө л зөв байлгүй. Тэгээд ч энэ Гин­несийн ном дэлхийн хамгийн гүйлгээтэй
ном болж, номын сангуудаас хамгийн их хул­гайлагддаг гэхээр хүн төрөлх­төн үүнийг
сонирхлоосоо гаргаж чадахгүйн баталгаа биз.

Мэдээж, хамгийн хамгийн болгоныг сонсч
дуулж, бас тэрний нэг байна гэдэг сайхан л даа. Дэлхийн хам­гийн жижиг эр, хамгийн
өндөр настан, хамгийн жижигхэн мэлхий гээд байгалиас заяа­сан онцлог бүрээрээ бүртгэг­дэж
байгаа дээд амжилтууд нэг хэрэг. Гэтэл энэ биеэ зовоож тамлан байж амжил­тын эзэн
болох зөв алхам биш байлтай. Хэдийгээр зохион байгуулагчид гаж, гаж ам­жилтаар рекорд
тогтоох гэдэг оролдлогыг зогсоож илд зал­гидаг, амьтны амь хороодог, их хэмжээний
согтууруулах ундааны төрөл буюу шар айраг уудаг гэсэн төрлүүдийг хассаар байгаа
ч дараагийн шинэ содон зүйлс нь гараад л ирэх юм. Монголчууд хүртэл гадныхны нүдээр
бикини буюу усны хувцас өмссөн мэт өмсгөлтэй эрчүүдээ олноор нь цуглуулж, бас үндэсний
хувцастай хүмүүсээ талбай­гаар алхуулж, бяцхан үрсээ өлсгөж дааруулан байж бү­жиглүүлэх
гээд сэтгээд байна шүү дээ. Монголчууд бид хүн төрөлхтний нэг хэсэг хэдий ч бидэндээ
л үнэ цэнэтэй хараг­дах уламжлалт бүхнээ өөрс­дөө л хүндэтгэлтэй хандаж сайхан авч
үлдэх нь чухал байгаа юм. Түүнээс Гин­несийн номд багтах гэсэн их хийрхэлд автан
байж, бүхий л зүйлээ Гиннест зориулж  хиймээргүй
байна. Тэгж яривал бидэнд Гиннест бүрт­гүүлж суухаас илүү хийх ажил их байгаа шүү.

Categories
редакцийн-нийтлэл

МАН ахин хуваагдаж ч мэднэ

МАН-ын “Шинэ хүч хө­дөл­гөөн”-ийг
үн­дэс­лэгч, Норвегийн амьд­ралын шинж­лэх ухааны их сургуу­лийн эрдэм шинжилгээний
ажил­тан, Хөгжлийн бод­лого судлаач М.Найдан­хүү­тэй ярилцлаа.

-МАН-ын залуус “Ши­­нэ­чилье” хөдөл­гөөн
байгуу­лан ажил­лаж байна. Уг хө­дөл­гөөний талаар та ямар бодолтой байгаа вэ?

-МАН сүүлийн таван сон­гуульд дараалан
ялагд­лаа. Ялагдал бол­гоныхоо дараа “Бид юун дээр алдав” гэж дүгнэх ёстой.
2004 оноос хойш намд дээгүүр албан ту­шаал хашиж байсан за­луу­чууд өнөөдөр намын
ши­нэч­лэлийн тухай ярьж бай­гаад хувьдаа эмзэг­лэж байна.

-Харин ч залуу хү­мүүс намдаа өөрсдийн
хүчийг өргөх гэж байгаа нь сай­шаалтай биш гэж үү?

-Эдгээр залуус шинэч­лэх ёстой цаг
үедээ намд томоо­хон албан тушаал хашиж байсан. Тэд тухайн үед өөрс­дөө хариуцлага
алдсан. Өнөө­дөр шинэчилье гээд байгаа тэр залуус хамт­даа хариуцлагаа үүрэх ёстой.
Тэгэхгүйгээр хоёр, гуравхан даргад хамаг буруугаа тохчи­хоод ши­нэчлэл ярина гэж
байх­гүй. Шинэчлэл гэдэг үгийн үндсийг бодсон ч үүнийг шинэ хүмүүс л хийх хэрэг­тэй.
Тэгж байж шинэч­лэл болж чадна. Өмнө нь өн­дөр албан тушаалд бай­сан нөхөр хувцсаа
сольж ирчи­хээд шинэчлэл хий­нэ гээд байгаа нь огтхон ч шинэчлэл биш. Энэ хуурамч
багаа авч хаях хэрэгтэй. “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнх­­­бат, НАМЗХ-ны тэр­гүүн
Л.Оюун-Эрдэнэ, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, Н.Батсүм­бэрэл гэх мэт намд ха­риуцлагатай
алба хашиж байсан хүмүүс шинэчлэл хийнэ гэж яриад шинэч­лэгдчих зүйл биш. Үүнд би
итгэхгүй байгаа.

-Таныхаар намын ши­нэч­лэлийг хэрхэн
хий­вэл үр дүнтэй вэ?

-Намын шинэчлэлийг анх 2012 оны хоёрдугаар
сарын 9-нд гадаадад бай­гаа мон­гол­­чууд нэг­дээд “Шинэ хүч хөдөл­гөөн” байгуулсан.
Ту­хайн үед бид “Нам МАН, МАХН гээд хоёр хуваагдлаа. Тийм болохоор сонгуульд ороход
бэлэн үү, сонгуу­льд ялагдал хүлээвэл яах вэ” гэсэн асуулга тавьж байсан. Тэр үеийн
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хү­рэл­сүх өнөөдөр намаа ши­нэ­чилье гээд
байгаа залуус­тайгаа нэг баг болон ажиллаж байлаа. Тэгэхэд тэд “Сон­гуульд ялагдвал
бид хариуц­лагаа хар тол­гойгоороо үүр­нэ” гэж бай­сан. Хариуцлагаа үүрч байгаа
нь энэ гээд У.Хү­рэлсүх ЕНБ-ын даргаа­саа огцорсон. Гэтэл тэд­гээр за­луус нь шинэчлэл
яриад яваад л гайхаад байгаа хэрэг. Манай намд нэр цэвэр, үзэл бодолдоо үнэнч намынхаа
төлөө явдаг олон мянган за­луу­чууд байгаа. Яагаад тэд­гээр залуустаа боломж ол­гохгүй
байгаа юм. Яа­гаад намыг хувийн өмч мэт үзээд байна вэ. Үүнийгээ болих хэрэгтэй.

Би долдугаар сарын 8-ны өдөр хэвлэлийн
ба­га хурал хийж намын гишүүд дэмжигч­дэд ил захидал илгээсэн. Ил за­хидлынхаа нэг
хувийг на­мын Ерөнхий нарийн бич­­гийн дарга Г.Зандан­шатарт өөрийн биеэр хүргэж
өгсөн. Өнөөдөр намын шинэчлэл хийх гэж байгаа бол намын төлөвшилтийн тухай ярих
ёстой.

-90 жилийн түүхтэй МАН өнөөдөр
болтол төлөвшиж амжаагүй хэрэг үү?

-Төлөвшилт гэдэг асуу­дал нам хуваагд­санаас
болж ал­дагдсан. Нэгэнт нэрээ соль­чихоод энэ чиний ч буруу, миний ч буруу гэсэн
маргаан даамжирчихлаа. Бид на­мынхаа их хурлаар 
бод­логын өөрчлөлт, хөгж­лийн хөтөлбөрийн ши­нэч­лэл, чиг баримтлалаа батал­гаа­жуу­лах
ёстой. Үүнийг хийж чадах дарга гараад ирж чадвал нам шинэчлэгдэнэ. Тэгэх­гүй­гээр
хуучин нэг даргын командад ажиллаж бай­гаад нөгөө дар­гынхаа команд руу дайрч байгаа
нь шинэчлэл бус хага­рал авч ирнэ. Цаашлаад МАН ахин хуваагдаж ч мэднэ.

Скандиновын орнууд жи­шээлбэл, Норвегийн
Хөдөл­мөрийн нам 1887, Шведийн Социал де­мок­рат нам 1889, Данийн Социал демократ
нам 1971 онд байгуулагдсан. Эдгээр намууд 1920-иод оноос хүчирхэгжиж пар­ла­­мен­тад
олонхи болс­ноос хойш тасралтгүй эх орноо жо­лоо­дож хүмүүн­лэг ардчилсан нийгэм,
өндөр хөгжлийг бий бол­гож чадсан. Нам гэдэг сонгууль бүрийн дараа хямарч үймдэг
биш. Ха­рин үе үеэрээ солигдож байдаг амьд байгууллага. Нам гэдэг хөгж­лийн бод­логыг
тодорхойлдог том институци байх ёстой. Би үүний төлөө л явж байна. У.Хүрэлсүхийн
үед ажил­лаж байсан Г.Зандан­шатарыг огцруулаад У.Хү­рэлсүхийн үед ажил­лаж байсан
хэн нэгнийг гаргаж ирэх юм бол агуул­га, бодлогын хувьд юу ч өөрчлөгдөхгүй нам уна­саар
байх болно. Үүнийг МАН-ын олон мянган гишүүд эсэргүү­цэж байна.

-“Шинэчилье” хөдөл­­гөө­нийхөн
албан тушаал авах­гүй гэдгээ мэдэгдсэн. Гэ­сэн хэдий ч хүмүүсийн хард­­­лага үүн
дээр тогтсон хэ­вээр байгаа санагдах юм…

-Би Норвегид ажил­лаж амьдардаг. Наад­мын
өмнө амралтаараа ирээд байж байна. Энэ сарын 1-нд “Шинэ хүч хөдөлгөөн”-ийн­хөн маа­нь
“Шинэчилье” хөдөл­гөөнд нэгдсэн. Уг хөдөл­гөөнд нэгдээд цаашаа явах гэтэл тэд намын
их, бага ху­рал хуралдуулах шаард­ла­гыг л тавьж бай­на. Гэтэл их, бага хурал хуралдуулна
гэдэг нь ихээ­­хэн цаг, хүч шаард­сан ажил. Баг гарган ажил­лаж байж үр дүнд хүрнэ.
Түүнээс биш хам хум хэдхэн хүн цуг­луулж хэрэлдээд сэтгэлийн хөөр­лөөр, магадгүй
хуй­вал­дан намын дарга, ЕНБ-ийн даргыг огц­руу­лах асуудлыг тавиад дараагийн хэдэн
хүн гарч ирэх гээд байх шиг байгаа юм. Ахин хэлэхэд намын ши­нэчлэлийг хийе гэвэл
намын төлөвшилтийн асуудлыг ярих ёстой. МАН бол зүүний чигийн нам байх ёстой гэдгийг
хэлье. Хөдөлмөр, хөдөл­мөрчдийн эрх ашгийг хамгаалдаг нам болох ёстой.

-Таны хувьд “Шинэ­чи­лье” хөдөлгөөний
залуусаа хуучцуулын тоонд оруулж байна. Харин тус хөдөл­гөө­ний­хөн хуучцуулаа зайгаа
тавьж өг гэх маягтай зүйл яриад байгаа биз дээ?

-Дээр нэр дурдсан залуу­чуудын зарим
нь 2012 оны сонгуульд нэр дэвшээд уна­сан. Тэд ту­хайн үед намын цөм нь байсан хүмүүс
шүү дээ. Өнөөдөр нам ийм бай­далд хүргэхэд хамт шийдвэр гаргаж явсан нөхдүүд яагаад
буруугаа хүлээхгүй байгаа юм бэ. Хатуу хэлэхэд НАМЗХ, НАМОХ-ын удирдлагууд ма­най
намыг баллаж бай­гаа хүмүүс. Тэд нийг­мийг доргио­сон олон төр­лийн гэмт хэрэгт
хол­богдсон.

Үүнийг шударга гишүүд нь хэлэх ёстой.
Хэлэх цаг нь болчихоод байна.

-Яагаад үүнийгээ хэ­лэх­­гүй байгаа
юм бэ?

-2012 оны хоёдугаар са­рын 9-нөөс
эхлээд энэ тухай хэлж эхэлтэл эд бидэнтэй бараг нэгдээд шинэчлэл ярих ухааны юм
болчихоод байна. УИХ-ын чуулганыг харж бай­хад манай дунд үе, залуу­чуудын төлөөлөл
болсон гишүүд улс, эх орныхоо төлөө томоохон хууль санаачилж, батлуулаад нөгөө намын
эсрэг дуу хоолой болоод явж чадахгүй байгаа. Гэтэл эднээ­сээ долоон дор шахуу нөх­дүүд
намын удирдлагад га­раад ирэх юм бол нам дуусах шат руугаа орж байна гэсэн үг. Өнөөдөр
намын ахмадууд, намд олон жил болсон хүмүү­сийг шүүмжлээд байна. Гэх­дээ энэ хүмүүсийн
ноён ну­руу, зангарга бидэнд хэрэгтэй байгаа. МАН ахмад, оюутан, эмэгтэйчүүд, залуучуудын
байгууллагатай байж түү­нийгээ түших хэрэгтэй.

-Танай “Шинэ хүч хө­дөл­гөөн”
“Шинэчилье” хө­дөл­­гөөнд нэгдсэн. Гэтэл та “Шинэчилье” хөдөл­гөө­нийх­нийгөө мушгиад
байгаа нь ямар учиртай юм бэ. Тэдний үйл хэргийг эхэндээ мэ­дээ­гүй байсан юм уу?

-Энэ залуусаас ямар нэ­гэн ажил хэрэгч
намыг ингэж төлөвшүүлж хөгжүүлье гэсэн бодлого харагдахгүй байна. Тэдэнтэй уулзахад
8-нд Бага хурлыг хуралдуулах юм яриад байсан. Одоо дол­дугаар сард багтааж Бага
ху­рал хуралдуулах юм л шаар­даад байгаа нь ямар учиртай юм. Үүгээрээ намын удирд­лагуу­даа
солих шаардлага тавих гээд байх шиг байна лээ. Үүнтэй нь би санал нэг­дэхгүй байгаа.
Долдугаар сарын 1-нд “Шинэчилье” хө­дөл­гөө­ний залуустай уулзаж ярил­цаж үзлээ.
Тэд намын байр­ны өмнө гэр барья гэсэн. Би үүнийг “Хэрэггүй, хэсэг харз­наж хүлээе.
Юм учиртай шүү, бид журмын нөхдүүд. Түүнээс атаат дайснууд биш” гэхэд зарим нь толгой
дохин хү­лээж авсан. Гэтэл ганц хоёр хүн нь хөдөлгөөнөөсөө гар­лаа энэ тэр гээд
унасан.

-Тэр нь ямар хүмүүс юм бэ?

-Шинэчлэлийн хороонд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан
гээд залуучууд байна лээ. Хүний үг авахгүй, хүний зөвлөгөө дагахгүй, бусадтайгаа
ярил­цахгүйгээр улс төрийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Намын ажил гэдэг түм­ний
ажил. Түмний ажил гэдэг маань олныхоо саналаар явах ёстой. Намын байрны гадаа гэр
барилаа гээд ямар амжилтад хүрснийг олж хар­сангүй. Үүнээс болж намдаа нэг нэр,
хоёр хоч нэмж өгө­хийн хэрэг байгаа юм уу. Үүнд харамсаж явна. Гэсэн ч зарим шаардлага
дээр нь тэдэнтэй санал нэг байгаа.

-Сүүлийн үед цахим ер­төн­цөөр
МАН-ын ЕНБ-ийн дарга асан У.Хүрэлсүхийг Монголд ирсэн. “Шинэчи­лье” хөдөлгөөний
ард бай­гаа гэсэн мэдээлэл гарах болж. Энэ үнэн үү?

-Тийм яриа байна. Дол­дугаар сарын
1-нд хэв­лэлийн хурал хийгээд Удир­дах зөв­лөлдөө бид уриалга хүргүүл­сэн. Удирдах
зөв­лө­лийн хурал дээр Зүүний хүчний хол­бооны хүн У.Хүрэлсүхээс мэдэгдэл ирсэн
гэж байсан. Тус мэдэгдэлдээ У.Хүрэлсүх “Энэ хөдөлгөөн надад хамаа­гүй. Би оролцохгүй
байгаа” гэсэн утгатай зүйл бичсэн байна лээ. Гэхдээ долдугаар сарын 1-нээс хойш
өнөөд­рийг хүртэл тухайн хүний үзэл бодол өөрчлөгдөж болно. Эсхүл явуулга нь амжилтад
хүрээд ирвэл мэдээж өөрч­лөгдөж мэднэ. У.Хүрэлсүх тиймэрхүү зүйл хийж байгаа бол
би эсэргүүцнэ.

-Яагаад?

-Би дээр намын төлөвш­лийн тухай ярьсан.
Намыг төлөвшилгүй болгон хувааж, хүч сарниулсан, намын эд хөрөнгийг шамшигдуулсан,
намыг хүнд байдалд оруул­сан хүн бол ерөөсөө л намын ЕНБ-ийн дарга асан Ух­наа­гийн
Хүрэлсүх байгаа юм. У.Хүрэлсүх ахин намыг зал­гамжлаад явах юм бол МАН гэж байхгүй
болно.

-Таны ярианаас “Шинэч­лье” хөдөлгөөний
ихэнх залуус У.Хүрэлсүхийн ба­руун, зүүн гар явсан гэж ойлголоо. Тэгвэл намын их
хурлаар эдгээр залуус У.Хү­рэлсүхийг намын дарга болгох боломжтой юм бай­на, тийм
үү?

-Намд олон жил ажил­лаад муу арга
сурсан хүмүүс гэж байдаг. Үүнийгээ улс төр гээд ойлго­чихсон хүмүүс МАН, АН аль
алинд нь байна. Худлаа хэлэ­хийгээ улс төр, хулгай хий­хийгээ ухаан гэж ойлгосон
нөхөд нийгэмд газар авчих­лаа. Эдэнд муу санаа гэж байна. Ядаж л намын их хуралд
төлөөлөг­чид сонго­ход муу санаагаа гаргана. Энэ муухай аргаас салахад надад нэг
санаа байна. Их хурлын төлөөлөгч­дийг 800 хүнээр сонгох зар­дал мөн­гийг намаас
даая. Аймаг, орон нутгаас ирэгч­дийн буудал, хоолны мөнгийг намаас гар­гаж, үнэхээр
на­мынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс өөрс­дөө зардлаа даагаад ирэг. 1400-1600
хүн­тэй намын хурал хуралдвал жаахан ч гэсэн ардчилалтай болох болов уу. Бид олуулаа
сай­хан хэлэлцээд намаа авра­хын төлөө зүтгэх ёстой. Түү­нээс хэн нэгнийг дархлах
биш, хэрэв дархлагдвал хя­налт диктатур байхгүй бол­дог. Миний бодлоор есдүгээр
сарын сүүлээр намын бага хурал, арваннэгдүгээр сарын дундуур их хурлаа хурал­дуулбал
тохиромжтой гэж үзэж байгаа.

-Намын дарга, генсек хоёр ноднин
намын ажлаа аваад хоёр сонгууль дараа­лан ялагдчихлаа. Та­ны хувьд тэднийг хэр ажил­лаж
байна гэж үзэж байгаа вэ?

-Ө.Энхтүвшин намын дар­­га болоод
нэг жил бол­сон. Энэ хугацаанд орон нутгийн сонгууль, Ерөнхий­лөгчийн сонгуульд
тааруу амжилт үзүүлсэн. Миний бод­лоор намын их хурал хурал­даж эдгээр хүмүүст итгэл
хүлээл­гэх эсэх талаар санал асуул­га явуулах хэрэгтэй. Гишүү­дийн олонхийн сана­лаар
намын шинэ удирд­лагатай болох дээр санал нэгдвэл дараа нь бид ярих ёстой. Ө.Энхтүвшин
гуайн багийн­хан намын бага хур­лаар сонгогдсон хүмүүс бай­гаа юм. Бидний яриад
байгаа хүмүүс намын удирдлагад гараад ирвэл хонгилын гэрэл бөхөж байгаатай адил
гэж ойлгож болно.

-Таны хувьд шинэч­лэ­лийг шинэ
хүмүүс хийх хэ­рэгтэй гэсэн. Хэрэв тэд гараад ирлээ гэж бодоход улс төрийн туршлага
бага­тай байгаад намаа чирэх асуудал гарах юм биш үү?

-Шинэ хүмүүс гарч ир­лээ гээд намд
олон жил ажил­ласан намын кадруудын зөвлөмжийг авна. Энэ хү­мүүсийн ажлын туршлага
дээр манай намын ихэнх асуудлууд боловсрогдож бай­­даг. Үүн дээр жаахан бод­логын
асуудал нэмээд өгөхөд амжилтад хүрнэ. Өнөө­гийн намын удирдлагад байгаа хүмүүс янз
бүрийн санал санаачлагыг дэмжиж ажил хэрэг болгох тал дээр асар их дутагдалтай.
Санал оруу­лахаар доод албан ту­шаа­лын хүмүүстээ өгчихдөг. Доороос нь боловсрогдоод
орж ирж буй тэр их бичиг цаасны асуудлыг харж, хяна­даггүй. МАН-ын аппаратын ажилчдыг
би хаана ч голог­дохгүй гэж хэлнэ.

-Та сар ч хүрээгүй хуга­цааны өмнө
“Шинэчилье” хөдөлгөөнд нэгдчихээд эргээд тэднийг ингэж яри­хаар таньтай хамтарч
ажил­лахгүй юм биш биз дээ?

-Хамтарч ажиллах үгүй нь надад хамаагүй.
Миний зо­рил­го МАН нам шиг нам болж төлөвших ёстой. Өнөөдөр буруу зүйл хийж байгаа
дар­га, цэрэг аль алийг нь бид шүүмжлэх хэрэгтэй. Тэгж байж зөв зүйлээ гаргаж чад­на.
Хариуцлагаа хар толгой­гоороо үүрнэ гээд алга бол­чихдог явдал манайд байна. Алга
болно гэдэг хариуцлага үүрч буй хэлбэр биш. Өнгөн дээрээ ил харагдахгүй ч араас
нь хатгаас хийгээд байдаг.

-Таны ярианаас У.Хү­рэл­сүх рүү
хандаж хэлээд байгаа мэт санагдлаа?

-У.Хүрэлсүхийг би хатуу шүүмжилдэг.
Ер нь на­мын бодлого, асуудлыг хөн­дөхөд У.Хүрэлсүх хар ухаа­наар хандсан. Өнөөдрийн
өндөр­лө­гөөс эргээд харахад У.Хү­рэлсүх намын генсек, УИХ-ын гишүүний эрхээсээ
татгалз­чих­лаа. Энэ байдлыг харахад хариуцлага үүрсэн мэт хараг­давч, цахим ертөн­цөд
гарсан мэдээллүүдийг хараад бай­хад энэ хэдэн залуусаа тур­хирах байдал гарган хариуц­лагаа
хүлээл­гүй эргэн ирэх гээд байгаа мэт санагдаж байна. Гэхдээ цаг хугацаа үүнийг
харуулна. У.Хүрэлсүх ч гэлтгүй Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр гуай ямар хариуц­лагагүй
байдал үзүүлж байна вэ. Би намаас ямарваа албан тушаал авч эрх мэдэлд хүрч үзээгүй.
Гэтэл жирийн нэг орчуулагч залуу болох Н.Энх­баяр МАХН-ын генсек, МАН-ын дарга,
УИХ-ын ги­шүүн, Ерөн­хий сайд, УИХ-ын дарга, Мон­гол Улсын Ерөн­хийлөгч гээд бүхий
л албан тушаалд хүрсэн. МАХН, МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчдийн дэмж­лэг, хүсэл
зорилго төрийн өндөр албан тушаалд хүргэ­сэн. Тэр үед нь дагаж дээшил­сэн хүн бол
У.Хүрэлсүх. Гэтэл энэ хоёр хүн хоорондоо мар­гал­дан зөрчилдсөнөөс болж нам хоёр
хуваагдсан. Улс төрийн карьераа дуусгасан бол ахиж гарч ирэлгүй номоо орчуу­лаад
Н.Багабанди, П.Очирбат гуай шиг байх хэрэгтэй. Билл Клинтон гэхэд энхтайвны сайн
үйлсэд орол­цоод явж байна. Тэднээс суралцах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй намынхныгаа
тал­цуулах гэж зовоогоод байд­гаа болих нь зөв.

Э.ЭНХБОЛД