Монгол Улсын хүний гавьяат эмч, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмэгтэйчүүдийн клиникийн зөвлөх эмч Д.Сүхээтэй уулзаж ярилцлаа.
–Хүний гавьяат эмч цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Их
баярлалаа. Төрийн өндөр шагналыг хүлээж авсандаа үнэхээр их баяртай байна. Гэхдээ энэ шагнал зөвхөн миний гавьяа биш л дээ. Надтай хамт ажилладаг хамт олон, нэг баг болж ажилладаг эмч нар, миний олон шавь, надаар үйлчлүүлдэг эмэгтэйчүүдийн л буян гэж бодож байна. Би чинь Монголын эмэгтэйчүүдийн эмч нарын дийлэнхийнх нь багш гэгддэг болохоор олон шавьтай хүн л дээ. Тийм учраас энэ шагнал маань нэг талаас хамтын бүтээл юм.
–Таныг эмэгтэйчүүдийн эмч. Гэхдээ илүү нарийн мэргэшсэн гэж сонссон юм байна?
-Би
эмэгтэйчүүдийн эмч хүн. Эмэгтэй хүний өндгөвч даавар ялгаруулж байдаг. Жирэмслэлт, зан төрх, гадаад илрэл, сарын тэмдгийн мөчлөг, нөхөн үржихүй зэрэг энэ бүх үйл ажиллагааг зохицуулж байдаг гол дааврууд тэндээс ялгардаг юм. Өндгөвчний ажиллагаа жаахан хямрахад л даавруудын тэнцвэрт байдал алдагддаг. Үүнийг судалж, тодруулж, дааврын эмчилгээ хийхийг дотоод шүүрлийн судлал гэдэг. Би энэ чиглэлээр ажилладаг.
–Та аль аймгийнх вэ?
-Би
Завхан аймгийн Ургамал сумын хүн. Мэндэлсэн газар минь Ургамал сум.
–Эмчийн ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-1969 онд Анагаахын дээдийг төгсөөд Нийслэлийн II амаржих газар буюу одоогийн II төрөх эмнэлгээс л ажлын гараагаа эхэлсэн. Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хуваарилагдаж очсон.
Түүнээс хойш одоог хүртэл эмэгтэйчүүдийн эмч гэдэг ажлаасаа ганц ч удаа холдож үзсэнгүй. 44 дэх жилдээ ажиллаж байна.
–Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар байхад чухам яагаад эмэгтэйчүүдийн эмч болохоор шийдсэн юм бэ?
-Оюутан
байхад хичээл дээр төрөлтийн агшныг үзүүлнэ, жирэмсэн эмэгтэйчүүдийг харуулна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн даралт ихэсч хавагнаад хүндрэлүүд их гардаг. Архаг хууч өвчингүй жирэмсэн эмэгтэйчүүдэд хүртэл иймэрхүү хүндрэл гардгийг хараад тэр үед “Яахаараа эрүүл байсан ч ингээд хүндрээд байдаг юм бол. Эмэгтэйчүүдийг эрүүл байлгаж байж л эдгээр хүндрэлүүдийг багасгаж болох юм байна” гэж боддог байлаа.
Социализмын үед чинь дур зоргоороо “Би тийм, ийм ажил хийнэ” гэж шийдэж болохгүй. Очиж ажилла гэхээр нь II төрөхөд хуваарилагдсан нь тэр. Би тэнд их л баяртай очиж билээ. Очсон өдрөөсөө л жижүүрээ хийгээд, эх бариад ажлаа хийж эхэлсэн дээ.
–Та Москвад эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан билүү?
-Манайх
гэр бүлээрээ Москва руу явсан юм. Тэнд зургаан жил амьдарсан. Москвад очингуутаа Эрүүл мэндийн яаманд нь “Би нөхрөө дагаад удаан хугацаагаар амьдрахаар ирлээ. Мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна” гэж хүсэлт гаргасан чинь сарын дараа намайг тус хотын Эмэгтэйчүүдийн 51 дүгээр эмнэлэгт ажилд оруулсан.
Монголд ажиллаж байгаад Орост очиж ажиллахад манайд тийм ч юм нь дутуу юм байна, ийм юм нь ч болдоггүй байж гэдгийг сайн ойлгосон. Тэгээд эх орондоо буцаж ирээд Анагаах ухааны дээд сургуулийн Эх барихын тэнхимд багшилсан даа. 1991-1997 он хүртэл дандаа мэргэжил дээшлүүлэх эмч нарт багшилсан. Би хойноос ирээд Эх нялхсын төвийн Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн тасгийг анх байгуулалцаад тэндээ зөвлөх эмчээр ажилласан юм. Тэгэхээр багшаар ажиллахын зэрэгцээ эмчийн ажлаа орхиогүй гэсэн үг л дээ. Эмчийн ажлаасаа би ерөөсөө салаагүй байгаа юм.
–Орос бүсгүйчүүд өвлийн дүн хүйтнээр нимгэн трикотой л гүйж яваа харагддаг. Харин манайхан охид, бүсгүйчүүддээ доороосоо даарч болохгүй гэж захидаг шүү дээ?
-Орос,
монгол эмэгтэйчүүдийн өвчлөл төстэй. Гэхдээ үрэвсэлт өвчний тархалт орос эмэгтэйчүүдийн дунд бага байдаг юм. Харин манайд эмэгтэйчүүдэд үрэвсэлт өвчний тархалт арай их.
–Цаг ууртай холбоотой юу?
-Манай
эмэгтэйчүүдийн бөөрний үрэвсэл их шүү дээ, одоо ч гэсэн. Тэр нь цаг уурын байдалтай холбоотой. Бөөрний үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвсэл ойролцоо л яваад байдаг юм. Эрс тэс цаг уурын нөхцөл үүнд нөлөөтэй.
Эмэгтэйчүүдийг ерөнхийд нь авч үзвэл эрүүл байх дүр зураг нь манайд муу л даа. Одоо энэ тал руу нэлээд ажиллаж байгаа.
Намайг залуухан эмч байхад эмэгтэйчүүдээ сайн, хэвийн төрүүлэх, жирэмсний хяналтад л бүх анхаарлаа хандуулдаг байсан. Эмэгтэйчүүд судлал манайд нэлээд хоцрогдолтой байсан шүү. Үрэвслийн талын өвчнүүдийг судалж, энэ талаар хийж байсан ажлууд байдаг л юм. Үрэвслийн эмчилгээг л их хийдэг байж. Харин дотоод шүүрлийн судлалын салбар манайд байгаагүй. Угаасаа энэ салбар маш залуу салбар шинжлэх ухаан юм байхгүй юу.
–Эмэгтэйчүүд “Хүүхэд хүсээд байхаар хүүхэдтэй болохгүй байна. Тоохгүй орхичихоор жирэмсэлдэг” гэж ярьцгаадаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Сэтгэлзүйтэй холбоотой. Үргэлж л нэг юманд санаа зовж, тэр зүйл рүүгээ хэтэрхий хазайгаад байхаар стресс үүсгэдэг. Толгойдоо нэг л юмыг ажиллуулаад байхаар нөгөө нарийн удирдлага нь хоцорч үлдээд байдаг. Маш нарийн зохицуулгаар сарын тэмдгийн үйл ажиллагаа явагддаг юм шүү дээ. Энэ зохицуулга аль нэг түвшиндээ жаахан л алдагдахаар тэр үйл ажиллагаа хямардаг.
-II амаржих газарт очоод анхны хүүхдээ эх барьж авсан тэр мөч таны хувьд мартахын аргагүй дурсамж байдаг байх аа?
-Хүүхэд
ингэж төрдөг юм, анхны хүүхдээ ингэж эх барьж аваарай гэдгийг анх оюутан болж эхэлсэн цагаас минь л толгойд хийж өгдөг. Гардаад хийхгүй ч нүдээрээ харсаар байгаад дасчихдаг юм.
Би анхны хүүхдээ гардаж аваад нэг их сандраагүй. Мэс ажилбар хийх, эхэсийг гараар авах үед сандарна аа, сандарна.
Нэг удаа эх цус алдаад, эхэс нь салдаггүй. Эхэсийг гараараа авахдаа сандраад болдоггүй. Тэгэхээр нь жижүүрийн ахлах Эрдэнэжав эмчээ дуудсан чинь байдаггүй, гараад явчихаж. Ахлахаа байхгүй байна гээд өнөө хүнээ орхиод гараад явж болохгүй. Тэгээд л нэг юм бүхнийг ном ёсоор нь хийгээд дуусгачихаад байж байтал Эрдэнэжав гуай орж ирээд “Чи намайг байсан байгаагүй чадах л байсан юм байна ш дээ” гээд инээж билээ.
–Олон жил үр хүүхдийн хүслэн болсон гэр бүлүүдэд хүүхэдтэй болоход нь тусална гэдэг их буян юм?
-Үргүйдэлтэй гэх эмэгтэйчүүд миний үзлэгийн дийлэнхийг эзэлдэг. Хүүхэдтэй болохгүй байна, эхний хүүхдээ төрүүлээд арав гаруй жил боллоо, дахиад жирэмслэхгүй байна гэх бүсгүйчүүд их байдаг.
Бидэнд хандсан бүсгүйчүүдийн 63-64 хувь нь жирэмсэлж байгаа. Түүнээс цааш хувьд нь нарийн технологи шаарддаг.
–Одоо үед эмэгтэйчүүд эрүүл мэнд, нөхөн үржихүйн талдаа ихэд анхаардаг болсон шиг санагддаг?
-1970-аад оны үед чинь умайн хүзүүний улайлт, хавдар болчих эрсдэлтэй хэсгийг л барьж авч эмчилнэ. Түүнээс цаашхийг нь эмчилж чаддаггүй л байсан. Одооных шиг эмэгтэйчүүдийн эмнэлэг гэж байсангүй. Өдөржингөө жирэмсэн эмэгтэйчүүдээ үзээд, хяналтыг нь хийгээд үдээс хойш эмэгтэйчүүдийн үзлэг хийнэ. Шинжилгээ муутай л байлаа. Тэр үед хэцүү л байдаг байсан.
–Эх баригч эмч нар жирэмсэн эх, нярайтай хатуу ширүүн харьцахаас эхлүүлээд элдэв янзын л юм дуулдах болж. Та ахмад, гавьяат эмчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эмч
хүн юмны ирмэг дээр л явдаг. Жаахан анхаарал сэрэмж алдахад, нэг асуумжийг асуулгүй өнгөрөхөд л асуудал үүсдэг. Сүүлийн үед яригдаад байгаа эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй бол бидэнтэй холбоотой. Хүүхдийг халуун усанд түлэх, гэмтэл учруулна гэдэг чинь яах аргагүй хариуцлага суларсан хэрэг. Тэрийг эмч хүн, эмнэлгийн ажилтнууд ерөөсөө л ингэдэг юм даа гэж ойлгож хүлээн авч болохгүй.
–Эмэгтэйчүүд өндгөвчөө эрүүл байлгаж, хямраахгүйн тулд юунд хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?
-Сарын
тэмдэг гэж эмэгтэй хүмүүст өвөрмөц нэг юм бий. Сарын тэмдгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг эмэгтэйчүүд өөрсдөө мэддэг. Сарын тэмдэг тань тогтвортой байвал өндгөвч эхний ээлжинд харьцангуй гайгүй, ажиллаж байна гэж бодож болно.
Эмэгтэйчүүдийн үзлэгт жилдээ хоёр удаа ор гэдэг. Би хүүхнүүддээ “Эрүүл ч бай жилдээ ядаж нэг удаа үзлэгт орж бай” гэж зөвлөдөг. Одоо юм болгон хөгжчихсөн. Нэг удаа ороход бүхий л шинжилгээ авдаг болчихсон.
Өөрт эргэлзээтэй байвал эмчид ханд. Өөртөө анхааралтай бай гэж захидаг.
–Таныг эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын хамгийн том багш нь гэцгээдэг?
-Миний
багш нар гээд том мундаг улсууд байж л байна. Цэвэлмаа, Дамбадаржаа гээд л их эрдэм чадалтай хүмүүс.
Би өдий олон жил ажилласан ч надад мэдэх, сурах зүйл их байсаар л байдаг. Эмч хүн өдөр болгон хүнээс юм дуулж, ном үзэж өөрийгөө бэлтгэж байхгүй бол энэ шинжлэх ухаан чинь улам өсч хөгжөөд байна. Өдрөөр, цагаар хөгжиж байна.
Багш гээд хүнд л юм хэлж өгөхөөс биш би боловсорчихлоо гэж ерөөсөө бодож болохгүй. Би өдий настай болсон ч надад эргээд харах юм зөндөө л байдаг.
-“Д.Сүхээ эмчид эмч хүнд байх эелдэг сайхан харьцаа цөм бий” гэж ярьж байсан эмэгтэйчүүдтэй олон таарч байлаа?
-Баярлалаа.
–Танаар олон жил үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд байдаг байх. Тэд охид, ач зээ охидоо танд авчирч үзүүлдэг болов уу?
-Тэгэлгүй
яахав. Би энд ийм хувийн эмнэлэгтэй, ингэж үзлэг хийдэг гэж ганц ч удаа сурталчилгаа хийж үзээгүй л дээ. Манай эмнэлэг хүний хөлөөр тасрахгүй, үргэлж л ийм олон үйлчлүүлэгчтэй байдаг юм.
Үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь хөдөөнөөс ирдэг юм аа.
–Хайж сураглаад ирдэг байх нь?
-Ховд,
Завхан, Увсаас хүртэл ирдэг. Одоо чинь харилцаа холбоо сайхан хөгжчихлөө. Хөдөөнийхөнд ийм эмч байдгийг хэн хэлдэг юм бэ гэхээр надаар эмчлүүлсэн хүмүүс ойр зуурынхандаа дуулгана. Бас миний зарим шавь намайг зориорой гэж хэлдэг байх. Үүнээс гадна “Манай ээж танд үзүүлдэг байсан” гээд ороод ирдэг л юм. Гэхдээ би чинь хүн болгоноос яагаад нааш хүрээд ирэв гэж асуухгүй шүү дээ.
Над руу ирэхгүй газар, аймгийнхан гэж байхгүй. Хэнтийнхэн чинь утсаар яриад “Та өнөөдөр эмнэлэг дээр байх уу. Хэдэн цаг хүртэл байх вэ. Би одоо гарлаа” гээд л хэдхэн цагийн дараа хүрээд ирэх жишээтэй.
–Охид, бүсгүйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн эмч нь дотнын хүн нь байдаг. Яагаад гэвэл баргийн хүнтэй хуваалцахгүй нууцаа эмчдээ хэлж, зөвөлгөө авдаг шүү дээ?
-Тэр
бол мэдээжийн хэрэг. Ерөөсөө эмч хүн гэдэг бол өөрийг нь зорьж ирсэн хүнийхээ нууцыг бусдад хэлдэггүй онцлогтой. Анагаахын сургуульд орсон цагаас л бидэнд ийм ёс зүй тогтчихдог юм. Өөрийнхөө нууцыг хэлчихээд эмчдээ “Өөр хүнд битгий хэлээрэй” гэж хэлснийг бидэнд задлах эрх байхгүй.
–Таны үр хүүхэд ач зээ нараас мэргэжлийг тань өвлөсөн үү?
-Ач
зээ нар олон бий. Яг мэргэжлийн хувьд эмч болсон хүн байдаггүй ээ. АНУ-д сурч байгаа нэг ач маань хүний генетикийн чиглэлээр цааш сурах бодолтой гэж ярьдаг юм. Түүнийг эс тооцвол эмч болсон хүн байхгүй байна.
-44 жилийн турш эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан гэхээр урт хугацаа шүү. Шантрах, бэрхшээх зүйл тохиолддог л байх даа?
-Эмчийн
ажил хүнд. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эмчээр ажиллахад хүнд үе маш их байдаг. Эмчилчихээд л яваад өгдөггүй юм. Өнөө шөнө яаж хонох бол, дараа нь яах бол гээд л сэтгэл зовних хүнд үе гардаг. Хүндрэлтэй тийм нөхцөл, үеүд тохиолдож байсан ч ганц ч удаа “Яах гэж эмч болов доо. Больдог ч юм уу” гэсэн бодол төрөөгүй шүү. Эмэгтэйчүүдийн эмч байх хүнд хэцүү ч сайхан мэргэжил гэж боддог юм.
Д.ГАНСАРУУЛ