Categories
редакцийн-нийтлэл

Өнөө жил нийслэлд 14.4 км авто зам ашиглалтад орно

Ойрын таван жилийн дотор Улаанбаатар хотын 350 км авто­замыг өргөтгөж, 212 км зам шинээр барьж, долоон газарт гүүрэн гарц, огтлолцлыг барихаар төлөвлөжээ. Ингэснээр нийслэл хот 2017 онд 925 км замтай болж, хотын хөдөл­гөөний түгжрэл ихтэй гол гудамж, замуудын уулзварт олон түвшний огтлолцол, төмөр зам дээгүүр гүүрэн гарцуудтай болно гэж Зам тээврийн сайд А.Гансүх Эдийн засгийн байн­гын хорооны хурал­даан дээр мэ­дээлжээ. Харин өнөө жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох нийт 1400 км автозамын ажил эхлээд байгааг тэрээр дуулгасан байна.

Энэ жил зургаан дүүрэгт явган хүний гүүрэн гарц, “Баян монгол” хороололд автомашины нүхэн гарцыг шинээр барьж, Сөүлийн гудамжны “Гранд Плаза”-гийн уулз­­вар, Олимпийн гудамжны Гэндэнгийн уулзвар зэрэг хэд хэдэн уулзварыг өргөтгөх юм байна. 

Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огт­лолцлууд, Замын Цагдаагийн газ­рын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц, Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг хурдны замтай уялдуулах үүднээс түр хугацаагаар зогсоогоод байгаа гэнэ.

Өнөө жил нийслэлд шинээр 38 км зам барих ажил эхэлж, 14.4 км авто зам ашиглалтад орох аж. Харин өргөтгөл шинэчлэлийн аж­лын хүрээнд Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэл, Цайзын уулзвараас Эскадрилын хөшөө хүртэл, Энхтайвны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн шинэчлэ­лийн ажлыг гүйцэтгэх юм байна.

Мөн Улаанхуарангийн зам, Эскадрилийн хөшөөнөөс Цэргийн Их Сургууль, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэл, 39 дүгээр сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит Шонхор зах, эцсийн буудал хүртэл, “Нарантуул” захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэл, Офицеруудын ордон-Чулуун-Овоо-Тролейбусны эцсийн буудал хүртэл, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-Таван шар хүртэлх гээд нийт 87 км замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Харамсалтай нь эдгээр ажлыг эхлүүлэхэд зарим байгууллага, хувь хүний зүгээс газар чөлөө­лөхгүй байгаа нь асуудал үүсгээд байгаа аж.

-Нарны
замын зүүн хэсэг “Нарантуул” захын зүүн хэсгээс Чулуун-Овооны урд уулзвар хүртэлх 4.5 км авто замд дутуу баригдсан таван давхар барилга, автобусны буудалд орсон сенд­вичин барилга

-Яармагийн
гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх авто замын трасст орсон “Тэс петролиум”, “Петровис”, “Жаст Ойл” шатахуун түгээх станцууд

-Доржийн
гудамж, “Туул жин пан”-гаас Цайз зах хүртэлх замын трасст орсон 126 объект

-“Хүчит
шонхор” захаас Ху­вьсгалчдын гудамж хүртэлх замын трасст орсон 28 объект

-Хасбаатарын гудамжны автобусны зогсоолд орсон дэлгүүр

-Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн авто замын трассын эхлэл дэх хоёр давхар тоосгон байшин

-Олимп-Гэндэнгийн гудамжны дөрвөн замын уулзвар дээрх “Эм Си Эс” ХХК-ийн захиалгаар баригдаж буй “Шангри-Ла Хотел” ХХК-ийн баригдаж байгаа барил­гын суурийн ухсан нүх замын ажилд тус тус саад учруулаад байгаа аж.

Замын өргөтгөлийн ажил хийх компаниуд бэлтгэлээ базааж бай­гаа бөгөөд дээр дурдсан газруудыг чөлөөлүүлэх захирамж гаргуула­хаар холбогдох газрынхан нь хөөцөлдөж байгаа аж.

Эдгээр обьектуудаас Яарма­гийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яар­магийн товчоо хүртлэх авто замын трасст орсон “Тэс петролиум”, “Петровис”, “Жаст Ойл” шатахуун түгээх станцууд олны анхаарлыг татаад буй. Эдгээр станц газар чөлөөлөх хүсэлгүй байгаа, “Той­руулж замаа тавь” гэсэн байр суурьтай байгаа гэх яриа гараад буй. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзад­доржоос тодруулахад “Эдгээр станцууд газраа чөлөөлөхөөр болсон. Эхнээсээ чөлөөлж байна” гэсэн хариулт өгсөн юм.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

“Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс авч явах гээд байна” гэжээ

-ОЛОН ХОНОГ СУРАГГҮЙ БАЙСАН ГЭХ Э.ЗОЛЗАЯА УХААН ОРОНГУУТАА ЭЭЖДЭЭ ИНГЭЖ ХЭЛСЭН БАЙНА-

БНСУ-д сурч, амь­дарч байгаа Э.Золзаяа гэдэг монгол бүсгүй су­раггүй алга болоод олон хонолоо гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр өн­гөр­сөн хугацаанд ухаан­гүй эмнэлэгт хэвтэн эмч­лүүлж байсан гэнэ.

Э.ЗОЛЗАЯАГИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН БОЛОЛТОЙ

Түүний талаар Со­лон­госын сайтуудад “Биеэ үнэлэгч” байсан мэтээр бичжээ. Мөн Мон­голын зарим вэб хууд­суу­даар ч уг мэдээллийг хуу­лан олон нийтэд тарааж эхэллээ. Тухайлбал, “Э.Зол­заяа бүсгүй 2008 онд тус улсад дээд сур­гуулийн оюутан болж оч­сон жилээсээ биеэ үнэлж байгаад цагдаад бариг­дан шалгагдсан. Улмаар тор­гуулаад өнгөрч байсан удаатай. Хичээлдээ ява­хаа бай­сан түүнийг дө­рөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээ­сээ гараад одоо болтол ирсэнгүй, гар утас нь унтраалттай бай­на хэмээн долоо хоно­гийн дараа буюу 17-ны өдөр Инчон хотын дээд сур­гуулийн гадаад оюу­тан хариуцсан ажилтан цаг­даагийн газар анх мэ­дүүлж байсан байна. Дууд­­лагын дагуу шалгаж үзсэнээр монгол оюутан Э.Золзаяа хотын нэгэн шөнийн караокед 21.00 -03.00 цаг хүртэл ажил­ла­даг байсан нь тогтоогд­жээ. Тэрээр өнгөрсөн дө­рөвдүгээр сарын 11-ний орой 21.00 цагийн үед ажилдаа ирж. Ажлынхаа нэгэн солонгос бүсгүйн хамт тус улсын хоёр за­лууд үйлчилсэн ажээ. Тэд дор бүрдээ 200 мянган вон бэлнээр авч биеэ үнэ­лэн буудалд хамт хоно­хоор болсон. Монгол, солонгос хоёр бүсгүй, буудалд орохоосоо өмнө тэдэнтэй хамт дахин баа­­ранд нэлээд сууж наргиж цэнгэсэн байна. Тэд хамт­даа ойролцоох буудалд амарч байх үед солонгос бүсгүйтэй нэг өрөөнд орсон залуу түүнд гар хүрч эхэлсний улмаас цагдаад дууд­лага өгсөн.

Дуудлагаар ирсэн Ансан хотын цагдаагийн ажилтнууд, буудлын өрөө­­нүүдэд өөр бусад биеэ үнэлэгчид байгаа эсэхийг шалгахаар хаал­гуу­дыг тогшиж шалгалт явуулжээ. Гэвч энэ үед биеэ үнэлж байсан оюу­тан бүсгүй Э.Золзаяа өөрийг нь барихаар ир­лээ хэмээн ойлгож бууд­лын дөрвөн давхраас үсрэн унаж, улмаар ойрол­цоох эмнэлэгт яа­рал­тай хүргэгдсэн байна. Монгол оюутан бүсгүй ихээхэн бэртэж юм ярьж чадаагүй удсан тул түүний тухай мэдээллийг цаг тухайд нь өгч чадаа­гүйгээс, Солонгос улсад ор сураггүй алга боллоо гэсэн мэдээлэл ихээхэн цацагдсан бай­на” гэж Инчон хотын цагдаагийн газраас мэдээлсэн юм байх.

Энэхүү мэдээлэл үнэ­ний ортой нь эргэлзээтэй. Учир нь бидний авсан мэдээллээр БНСУ-ын аль ч цагдаагийн газраас дээрх мэдээллийг хий­гээ­гүй болохыг эх сурвалж өгүүлсэн юм. Тэгвэл Э.Зол­­заяа бүсгүйд юу то­хиолдов. Түүний биеийн байдал ямар байгааг сур­валжиллаа.

Э.ЗОЛЗАЯА ГЭЖ ХЭН БЭ?

БНСУ-д байдаг Монгол Солонгосын хамтарсан сай­тад “Маш хүнд бэртэл авсан Э.Золзаяа бүсгүйд сайн са­наат хүмүүс минь туслаач” гэсэн мэдээлэл тавигдсан байлаа. Тус улсад сурч бай­гаа монгол оюутан залуус санаагаа нэгтгэн нутаг нэгт нөхөртөө туслахаар ийм уриалга гаргажээ. БНСУ-д суралцаж буй монгол оюут­нуудыг хариуцсан мэргэжил­тэн С.Саранчимэгтэй утсаар холбогдсон юм. Түүнээс учир байдлыг тодруулахад да­раахь хариултыг өглөө. “Э.Зол­заяагийн хувьд Монголд аравдугаар ангиа төгсчихөөд Солонгост ирж суралцсан. Инчоны их сургуулийн Охидын коллежид  гурван жил хэлний бэлтгэлд  сурсан юм. Манай сургуулийг онц дүнтэй төгсч, Инчоны их сургуулийн онгоцны үйлч­лэгчийн ангид элссэн. Тэрнээс энд тэндхийн ин­тернэт сайтуу­даар мэдээлээд байгаа шиг муухай ажил хийх хүн биш гэдгийг би бардам хэлж чадна. Түүний талаар сөрөг мэдээл­лүүд Солонго­сын сайтуудад гарч эхлэнгүүт би цагдаагийн газарт ханд­сан юм. Тэгтэл “Бид албан ёсоор ямар ч мэдээлэл өгөө­гүй. Түүнийг яагаад ийм бай­далд орсныг шалгаж байна” гэсэн. Манай Э.Золзаяа сур­гуульдаа нэр хүндтэй, онц сурлагатай нэгэн. Найз нөхдөдөө ч хүндлэгддэг. Тий­мээс энд сурч байгаа монгол оюутнууд бид нэгдэн түүнд туслах ажил өрнүүлээд бай­на. Эмч хэлэхдээ түүнийг багаар бодоход гурван сар хэвтэн эмчлүүлнэ гэсэн. Биеийнх нь ихэнх яс хугарсан байна гэж байгаа. Аарцаг, хөл, гар гээд нэлээд хүнд бэртсэн. Ухаан орсон боловч шокийн байдлаас гарч чадах­гүй байна. Хүнд гэмтэл авсан болохоор тэр нь нөлөөлсөн бололтой. Одоо түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байна. Э.Золзаяа маань ухаан оронгуутаа ээжийгээ таниад ч байгаа юм шиг. Эсвэл танихгүй байгаа. “Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс охиныг нь авах гээд байна” гэж ээжийгээ сан­даргасан. Бас “Ээжээ хоёу­лаа манайх руу очих уу” гэж ийм хүнд бэртэлтэй байгаа­гаа ч мэдэхгүй янз бүрийн юм ярьж байгаа. Ээжийнх нь хувьд охиноо ийм болсныг хараад сэтгэл нь уймарч хэцүүхэн л байна даа” гэв.

Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Э.Зол­заяа бүсгүйн сахиур  буюу түүний нагац эгч Эрдэ­нэчимэгтэй утсаар холбогд­сон юм. Тэрээр “Дүү маань энэ сарын 11-нд хичээлээсээ тараад гэртээ ирсэн гэсэн. Гэтэл гар утас нь дуугарч гэрээсээ гарсан гэж цагдаа­гаас хэлж байна. Ингээд 11-12-нд шилжих шөнө ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирж. Тэг­тэл цагдаагийнхан эмнэлэгт очсоныг нь мэдэхгүй хайгаад байдаг. Би энд Э.Золзаяагийн ээж буюу төрсөн дүүтэйгээ ирээд цагдаад хандсан. Тэ­гээд эмнэлэгт ухаангүй хэвтэж байгааг нь оллоо. Ямартаа ч энэ хэргийг шалгаж байгаа. Дүүгийн маань талаар элдэв янзын мэдээлэл гарч байгаад гомдолтой байна. Одоо бие нь тун хүнд байгаа” гэлээ.

Э.Золзаяагийн Монголд байгаа хүргэн ахтай уулзаж ярилцлаа.

Та дүүгийнхээ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ сарын 11-ний орой дүү маань гэртээ байж байтал гар утас нь дуугарсан гэсэн. Тэгээд гадаа гарч хэн нэгэнтэй уулзчихаад удалгүй гэртээ орж ирсэн юм билээ. Дахиад утас нь дуугарч буцаад гараад явсан гэсэн. Цагдаагийн байгууллага шал­гаад ийм мэдээллийг Солон­гост байгаа манай эхнэр, Э.Золзаяагийн ээж хоёрт өгсөн юм билээ. Харин Э.Зол­заяа ухаан оронгуутаа “Муу хүмүүс байна. Намайг битгий орхиорой” гэж тэдэнд хэлсэн гэнэ лээ. Манай энэ дүүг сай­тууд дээр янз бүрээр бичсэнд гомдолтой байна. Тэрэн дээр гараад байгаа шиг баар са­ваар хэсээд байдаггүй. Сургууль дээрээ нэр хүндтэй. Найз нөхөд нь ч дүүгийн маань үнэн байдлыг мэднэ. Тэгээд тусалж дэмжихээр гүйлдээд байгаа гэсэн.

Түүнийг зарим сайтуу­даар биеэ үнэлэгч мэтээр бичсэн байна лээ. Солон­гост байгаа танай эхнэр, дүү хоёр цагдаагийн газарт нь хандсан байна уу?

-Би өдөр болгон л тэдэн рүү ярьж байгаа.  Инчоны бо­лон Анса хотын Цагдаагийн газраас тийм мэдээлэл  гар­гаагүй. Ийм мэдээлэл тараа­сан хүмүүсийн шалгана гэж албан ёсоор мэдэгдсэн бай­на лээ. Яагаад дүүг маань ингэж гүтгэж, ямар зорилго цаана нь байгаа нь сонин. Түүний хэрэглэж байсан гар утас, нөүтбүүк зэргийг нь шалгаж, гэрээс нь хэн дуудаж гаргасан болохыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн.

Э.Золзаяа хэзээ Солонгос руу явсан юм бэ?

-Тэнд очоод таван жил болж байна. Энэ жил Инчоны их сургуулийн Онгоцны үйлч­лэгчийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан.

Айлын хэд дэх хүүхэд вэ. Сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан болов уу?

-Дүү маань багаасаа л амьдралын ухаанд суралц­сан байсан. Айлын том охин бөгөөд ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Тэгээд арван жилд байхдаа зуныхаа амралтаар ажил хийж, дүү нарынхаа хичээлийн хэрэгс­лийн мөнгийг олдог байлаа. Ээж нь өвчтэй болохоор ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм. Тэнд сурч байгаа оюутнуудыг ажил хийхийг зөвшөөрдөггүй гэнэ лээ. Зөвхөн хичээл номондоо л шамддаг.

Найз залуутай байсан уу?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Энэ хүүхэд хэр бар­гийн юманд бэртэж гэмтэхээр хүүхэд биш. Арван жилд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг тамирчин охин байсан. Муухан эр хүнд дээ­рэл­хүүлэхээргүй хүүхэд. Яа­гаад ийм байдалтай болсонд гайхаж байна. Цаана нь нэг юм байгаа гэж бодож байна.

Тэр нь юу байх гэж бодож байна?

-Солонгосын цагдаагаас түүний гар утасны болон нөүт бүүкний, гаднах камерын бичлэг дуудлага зэргийг шал­гасан гэсэн. Тэгээд гэртээ хичээлээ хийгээд сууж бай­сан хүүхэд гэнэт гараад явсан нь сэжигтэй.

Хэнтэй амьдардаг байсан юм бэ?

-Ямартаа ч байр хөлсөлж амьдардаг байсан.

Э.Золзаяа зан араншин­гийн хувьд ямар вэ. Түүнийг сураггүй болсныг ар гэрийнхэн нь хэзээ мэдэв?

-Элдэв янзын зангүй, мэриймтгий, идэвхтэй хүүхэд. Ангийнх нь хүүхдүүд болон багш нь түүнийг ямар сурла­гатай, хичээнгүй оюутан боло­хыг сайн мэднэ. Тиймээс туслах гэж гэрэл зургийг нь нийтэлж, тусламж хүссэн. Ер нь Э.Золзаяад сул тал гэж байхгүй. Хичээлээ таслах нь битгий хэл хоцордоггүй дүү маань нэг өдөр хичээлдээ ирээгүйд ангийнхан нь гайх­сан юм билээ. Тэгээд гар утас нь салгаастай, ямар ч хол­боогүй, хоёр гурав хоноход сандралдаж бидэн рүү ханд­сан. Уг нь маргааш нь тэм­цээнд орох ёстой байсан гэсэн. Тэгээд “Маргааш хувц­саа авчирна” гээд ангийнх­наасаа салсан хүүхэд таг болчихоор тэд гайхна шүү дээ. Дүү маань эмнэлэгт ирэхдээ ямар ч бичиг баримт, цүнх сав, гар утасгүй ирсэн гэсэн. Тэгээд хэн болохыг нь мэдэхгүй цагдаа нар хугацаа алдсан бололтой. Тэрнээс олон хоног сураггүй байж байгаад гэнэт ухаангүй эмнэ­лэгт ирсэн юм байхгүй. Тийм байдалтай болонгуутаа эм­нэ­лэгт хүргэгдсэн юм билээ.

Эмнэлгийн зардал мөн­гө хэд орчим болж байна?

-Хоёр удаа хагалгаанд орсон гэсэн. Дахин тавду­гаар сарын 7-нд хагалгаанд орох юм гэнэ. Манай эхнэр, хадам дүү хоёрыг тэнд очи­ход эмнэлгийн зардал 13 сая вон болсон гэж эмч хэлсэн байна лээ. Одоо дахиад хагалгаад орохоор мөнгө их хэрэгтэй. Манайхны хувьд эрүүл саруул хүнээ гадны улс руу сургахаар илгээчихээд ийм байдалтай болсонд гом­долтой байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал ч хүнд байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хатан Туул минь тамираа баржээ

Туул гол тасрахдаа хүр­чээ. Сонсголонгийн гүүрний орчимд Туул голын эрэг замагтаж, хог дагандаа дарагд­жээ. Бо­хирын цоо­ногоос хан­хал­даг өмхий, самхай үнэр савсуулан Туул гол минь энэ хавьд урсан ядан тий­чилж байна.

Сонгинохайрханы наа­­хнатай голын бур­га­сыг армаг тармаг болго­чи­хож. Голыг уруудаад Шинэ хо­роо­ны тэнд очи­ход гол урсч байгаа нь ч мэдэг­дэх­гүй, урсахгүй бай­гаа нь ч анзаа­рагдах­гүй болтлоо на­рийс­чээ. Биокомбинатад хү­рээд Сон­гинын амралтын наа­дах гүүрэн дээр очлоо. Сонс­голон­гийн гүүрэн дээр очи­ход хан­халж бай­­сан үнэр энд бүр илүү хурц. Элээ, хэрээ­нүүд эргэлдэнэ. Туул гол ужиг өвчиндөө тарчилж бай­гаа хүн мэт арай ядан урсч байлаа. Голын шуу­гих чимээ биш жорлон­гийн суул­туураас гоо­жих усны хоржигнох мэт чимээ л тэн­дээс сонстоно. Эр­гээ­сээ эхлээд хогонд да­рагдаж өмхийрсөн голын ойр ор­чимд ялаа, батгана шуугих аж.

Гүүрэн дээгүүр хааяа нэг хүн, машин зөрнө. Хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэйтэй тааралдлаа. Түү­нийг Б.Оюунханд гэнэ. Тэрээр Биокомбинатад нүүж ирээд 14 жил болж байгаа аж. Б.Оюунханд “Өдийд гол маань ийм болчихдог юм. Шар усны үер орж ирээд л хог шаарыг нь туудаг. Тэр хүртэл өмхий үнэртээд л байдаг. Уг нь Туул гол намайг анх ирэхэд арай ч ийм байгаагүй. Сүүлийн жилүүдэд л ийм болчихлоо. Сонсох нь ээ, арьс ширний үйлдвэр, ус цэвэрлэх байгуу­ламжаас л бохир усыг гол руу цутгадаг гэсэн. Намар бас өмхийрдөг. Хүүхдүүд голын усанд тоглоно гэдгийг мартсан. Юун хүүх­дүүд усаар тоглох вэ. Мал тоож уудаггүй юм” гэлээ.

Гол цөнгөө түрэхгүй удах тусам энд өмхий үнэрээр дүүрч хаврын эдгээр өдрүүдэд хэцүүхэн л байдаг тухай иргэд ярьж байлаа. Био­комбинатад 38 жил амьдарч бай­гаа өндөр настан Ш.Оюунцэцэг “Үхсэн загаснуудыг түүж идэхээр хэрээ, элээ л ирдэг болж. Намайг залуу байхад энэ хавьд ч ангир, нугас, хун, тогоруу гээд аль сайхан усны шувууд ирдэг байлаа.

Зарим нь бүр өвөлждөг байсан гээч. Гэтэл сүүлийн таван жилд Туул гол маань хаврын цагт өмхийрч, хог бохир усаа ч тийрээд хаячих чадалгүй болж, тогтмол ус шиг л замагтдаг боллоо. Янз бүрийн газраас хүн амьтан ирээд бид нартай уулзаж, ам болон бичгээр санал сэт­гэгдлийг минь сонсоод л явдаг. Ямар ч ашиг тусгүй. Гол улам л дордоод байна” гэж ярьсан юм. Тэрээр байгаль орчин, голыг бохирдуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг цэгцэлж өгөхийг төр засгийнхандаа хандаж хэллээ.

Зайсангийн гүүрнээс Сонгинын гүүр хүртэлх газруудад хорт бодисыг гол руу урсгаж,  бохир­дуулдаг обьектууд байр­ладаг юм байна. Холбогдох газруу­даас нь зохих шаардлагыг хүргүүл­дэг ч ямар нэгэн үр дүнгүй, талаар өнгөрдөг гэсэн.

Ингээд Туул голыг өгслөө. Маршалын гүүрнээс цааш явахад Туул голын бургасан дунд гэр бүлээрээ явж байгаа бололтой амрагчидтай хэдэнтээ таарлаа. Бас голын усанд машинаа угааж байгаа хүмүүс ч байв. Энэ хавьд голын усны түвшин мэдэгдэхүйц багасч, жижиг гэлтгүй машин туулаад гарчих хэмжээний болжээ. Богдхан уул талдаа, голын сав дагуух газрууд хэдийнэ эзэнтэй болж хашаагаа хатгах нь хатгаад, байшингаа барих нь барьчихсан байна.

Гачууртад очлоо. Энэ хавьд Туул гол мөсөн хөмрөгөө тай­лаагүй байна. Захаасаа гэсч, мөс нарны элчинд часхийнэ. Уулын хөндийн салхи, мөсний намираглаа жавар сэрчигнэнэ.

Гачуурт орчимд голын эрэг дагуу амрагчид олон байлаа. Майхнаа бариад, эвхдэг сандлаа дэлгээд, хээрийн гал дээр цай чанаж байв. Тавдугаар сар гарах дөхсөн ч Туул гол цөнгөө түрж чадахгүй, адагтаа тасрахдаа тулж, загаснууд нь мөснөөс ангижирч чадахгүй үхэж байна. Энэ бүхэн голын усны түвшин багасч, бохирдол ихтэй болсноос үүдсэн хэрэг. Бохирдуулсан хүмүүс нь нийслэлчүүд өөрсдөө.

Гачуурт орчимд голын бур­гасыг бөөн бөөнөөр нь тайрчихсан байна. Учрыг лавлавал энд ба­рилгын ажил явагдаж байгаа аж.

Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт эх үүсвэр” төслийн ажил энд эхэлжээ. Голын сав газарт ажилч­дын гэрүүдийг барьжээ. Барилгын ажил явагдаж буйг илтгэх тууз энд тэндгүй зүүчихэж. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тус­ламжаар хэрэгжиж буй уг төслийн хүрээнд Туул голын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг, 3000 м/куб-ийн багтаамжтай хоёр усан сан барьж, 20-70 см голчтой 25 км цэвэр усны шугам татах юм байна.

Энэ төслийн зорилго нь хоногт дунджаар 25200 шоо метр усыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх.

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд энэ хэсэгт нийт 580 ширхэг модыг тайрч байгаа бөгөөд барилгын ажил дууссаны дараа огтолсон модны оронд Туул голын дагуу 6250 ширхэг улиас, хайлаас, бургасны суулгац суулгах гэнэ. Голын эх хэсэгт худаг гаргах гэж бургасыг хайр найргүй тайрсанд эндхийн иргэд дүргүйцэж байжээ. Гэвч нийслэлийн сая гаруй иргэнд ундны усгүй болох аюул тулгараад буй учир үүнээс өөр арга байхгүй бол яахав дээ гээд тэмцэл хийгээгүй юм байна.

Биокомбинатын орчмынхтой харьцуулбал Туул гол Гачууртад тунгалаг харагдах ч гялгар уут, архины шил, пиво, ундааны лааз, тамхины хайрцаг эргээр нь хөвж байна.

Туул гол ийн амиа таслуулахын наагуур л нийслэл хотоор дайран өнгөрч арай ядан урсч байна. Уг нь мэлмэрэн мэлмэрч, мэлтэлзсэн мэлтэлзсээр Сонгинохайрханы хормойг эмжээрлэн зэрэг­лээтдэгсэн. Ирж буй цаг байдаг. Гэтэл Хатан Туул минь хогоо ч урсгаж дийлэхгүй болтлоо тамирдаж зуны эхэн сарыг угтах нь. Цөн түрэхээр цэвэршчихдэг юм гэсэн хайнга сэтгэлээр биш. Бидний бахархал болж, дуу, яруу найрагт мөнхөрч, түүхэнд нэрээ үлдээсэн Хатан голоо хайрлаж, сав юугаан дүүргэн урсахад нь нийслэлчүүд гэлтгүй монголчууд бүгдээрээ гар бие оролцох хэрэгтэй байна.

Голын эхийг цэвэр байлгаж, бургас моддыг нь тайралгүй, дунд, адагт нь хорт бодисоо урсгалгүй, элс, хайргыг нь ухалгүй, машин тэрэг, хивсээ угаалгүй ядаж нэг хавар, нэг зуныг нь амар амгалан өнгөрүүлье л дээ.

Тэгэхгүй бол Хатан Туул минь бүр тамирдаж гүйцлээ. Хэдэн загас нь үхэж, хэрээ, элээ л дээгүүр нь эргэлддэг болжээ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголд зочлох тэд хэн бэ

ЙИНГЛАК ЧИНАВАТ, ТАВАККОЛ КАРМАН, АУНГ САН СУ ЧИЙ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцохоор Монгол Улсад ирж байгаа дэлхийд нэр алдартай зарим  улстөрчдийн товч намтрыг хүргэж байна.

АУНГ САН СУ ЧИЙ

Сүүлийн 20 гаруй жилийн улс төрийн тэмцлийнхээ 15 жилд нь гэрийн хорионд суусан энэ эмэгтэй Мьянмарын Парламентын доод танхимд өөрийн тэргүүлдэг Ард­чиллын төлөөх үндэсний лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга. 1990 онд болсон бүх нийтийн сонгуульд түүний  нам 59 хувийн санал авч, парламентын суудлын 81 хувийг эзэлж байсан. Гэвч  үүнээс өмнө тэр хэдийнэ гэрийн хорионд орсон байв. Өөрөөр хэлбэл, 1989 оны долдугаар сарын 20-ноос Аунг Сан Сун Чий гэрийн хорионд орсон байлаа. Түүнийг 2010 оны арваннэгдүгээр сард сулласан юм.  Мьянмар 2010 оноос хойш реформын шинжтэй арга хэмжээ авч эхэлсэн учир либерал ардчиллын замаар холимог эдийн засгийг хөгжүүлж хүний эрхийг хангах талаар ахиц дэвшил гаргаж эхэлжээ. Энэ дэвшлийг бий болго­ход Аунг Сан Сун Чийгийн өрнүүл­сэн тэмцэл нөлөөлсөн байдаг. Түүний хийсэн улс төрийн аядуу хэрнээ уйгагүй яван улс төрийн зүтгэл нь түүнийг дэлхий нийтэд мятаршгүй тэмцэгч болгон харуулж, нэр алдарт хүргэсэн билээ. Цэргийн хатуу дэглэм ноёрхож байсан Мьянмарт тодорч гарч ирсэн эмэгтэй удирдагч нь яах аргагүй Аунг Сан Сун Чий юм. Тиймээс тэрээр Нобелийн энх тайвны шагналтан болсон түүхтэй. 

Тэрээр орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аунг Саны гурав дахь хүүхэд бөгөөд ганц охин нь юм. Түүний аав улсынхаа тус­гаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө Английн Засгийн газартай хэлэлцээ хийж байсан юм. Гэвч тэр  1947 онд  алан хядлагад өртөн амиа алдсан байдаг. Харин ээж Кхи Чи нь Энэтхэг, Балбад улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байжээ. Хатагтай Аунг Сан Сун Чий 1960 онд Шинэ Делид улстөрч судлал мэргэжил эзэмшсэн юм. Дараа нь Оксфордын их сургуульд элсэн орж философи, улстөрч эдийн засгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй болжээ. Их сургуулиа дүүргэснийхээ дараа тэрээр нэг хэсэг Нью-Йорк хот дахь НҮБ-д ажиллаж байв. Тэрээр 1972 онд төвд судлаач М.Эйристэй гэр бүл болж Александр, Ким хэмээх хоёр хүүгээ төрүүл­жээ. Хожмоо Лондон­гийн их сур­гуульд докторын зэрэг хам­гаалсан бөгөөд 1990 онд сургуу­лийнхаа хүндэт гишүүнээр сонгогд­сон юм. Аунг Сан Сун Чий 1988 онд өвчтэй эхээ асрахаар эх орондоо буцаж очихдоо ардчил­лын хөдөл­гөөнийг дэмжиж улмаар Ардчил­лын төлөө лиг намыг тэргүүлэх болсон билээ. Аунг Сан Сун Чий Төвд судлаач эрдэмтэн Майкл Аристай 1972 онд гэрлэж, Александр Арис, Ким Арис хэмээх хоёр хүү төрүүлсэн юм. Түүний нөхөр Бутан, Түвд, Хим­лайн соёл, Буддизмын талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн, барууны голлох эрдэмтний нэгд тооцогддог байлаа. Гэвч эхнэрээ улс төрийн тэмцэгч болж, гэрийн хорионд орсноос хойш тэд хоёр талд амьдардаг болсон гэдэг.  Учир нь цэргийн дэглэмтэй Бирма Майкл Ариствиза олгохоос татгалздаг байснаас тэр.  Ингээд Аунг Сан Сун Чийгийн нөхөр 1997 онд хорт хавдраар  нас барсан байдаг. 

  ЙИНГЛАК ЧИНАВАТ

Тайландын вант улсын 28 дахь Ерөнхий сайд, “Пхыа Тхаи” намын тэргүүн, хатагтай Йинглак Чинават 1967 онд Чингмай хотод мэндэл­жээ. Бүс нутгийн парламентын депутат Лерт Чинаватын есөн хүүхдийн отгон нь. Түүний ах Таксин Чинават тэрбумтан бөгөөд  Тайландын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд одоогоор тэрээр хилийн чанадад амьдарч буй. Хатагтай Йинглак Чинават 1988 онд Чиангмайгийн их сур­гуулийг улс төр судлал, төрийн удирдлагын мэргэжлээр дүүргэсэн тэрээр АНУ-ын Кентуки муж улсын их сургуульд магистр зэрэг хамгаалжээ.  Эх орондоо буцан очсон даруйдаа гэр бүлийн бизнес болох “Shinawatra Direc­tories” хэмээх утсан харилцаааны лавлагааны газарт ажиллах бол­жээ. Тэрээр гар утасны зах зээл дээр тэргүүлдэг телефон харил­цааны “Rainbow Media”, “Advanced Info Service” зэрэг компанид удирдах албан тушаал хашиж байв.

Йинглак Чинават 2009 онд анх  улс төрд хөл тавьснаас хоёр жилийн дараа парламентын сон­гуульд ялалт байгуулж, Тайланд улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон юм. Мөн тэрээр тус улсын түүхэн дэх  Гүйцэтгэх засаглалын хамгийн залуу тэргүүн болов. Тай­лан­дын парламентын сонгуулиар түүний тэргүүлж буй “Пхый Тхаи” нам парламентад 264 суудал авсан нь үнэмлэхүй ялалт болсон гэдэг. “Форбес” сэтгүүл 2008 онд Йинглак Чинаватыг хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд оруул­сан юм. Тэрээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. 

ТАВАККОЛ КАРМАН

Өдгөө 34 настай, гурван хүүхдийн эх Таваккол Карман Арабын орнууд дотроос  Нобелийн Энх тайвны шагналтан болсон анхны эмэгтэй юм. Йемений эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйл хэрэгт оролцох эрхийн төлөө хийсэн тэмцлийг нь үнэлэн уг шагналыг Нобелийн хорооноос түүнд хүр­тээсэн билээ. Тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг гардан авсан анхны Йемен иргэн, мөн анхны араб, хоёр дахь лалын шашинтай эмэгтэй болоод байна. Түүний зэрэгцээ 32 насандаа Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу хүнээр тодорсон юм. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч тэрээр сэтгүүлч, улстөрч мэргэжилтэй.  Таваколл Карман 1979 онд Йемений Таиз хотноо мэндэлжээ. 2005 онд хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг үндэслэн байгуулж, улмаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ардчилсан эрхийг сурталчилж байжээ. Тэрээр 2007-2010 онд нийслэл Сана хотын төвд байрлах Эрх чөлөөний талбай дахь Засгийн газрынхаа байрны өмнө суугаа хэлбэрээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Харин 2011 онд түүнийг хууль бус цуглаан зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, Йеменд эмх замбараагүй байдал үүсэхэд турхирсан гэх хэргээр хоригдож байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
редакцийн-нийтлэл

О.Насанбурмаа: “Багш аа, би аварга болно оо” гэж хэлээд дэвжээнд гарсан

Энэ сарын 16-22-ны хооронд Энэтхэгийн Нью Дели хотноо бол­сон чөлөөт бөхийн Азийн авар­гаас 67 кгын жинд гавьяат тамир­чин Очирбатын Насан­бурмаа алтан ме­даль авч зургаан жил манай тамирчдын хүр­тээ­гүй тивийн аваргын алтан медалийг эх орондоо ав­чирсан юм. Чөлөөт бөхийн тамирчид ур­жиг­дар эх орон­доо ир­сэн байна. Тэд­ний хувьд манай эх оронд ирэх сарын 11, 12-ны өдрүү­дэд болох “Mongolian open” тэм­цээний бэлт­гэлд гара­хаар Эр­дэнэт явах гэж байхад нь Монгол Улсын гавь­яат тамирчин Очир­батын Насан­бурмаа­тай ярилцлаа.

 Чөлөөт бөхийн ти­вийн аварга шалга­руу­лах тэм­цээнээс алтан медаль хүрт­­сэн танд баяр хүргэе. Өнөө жи­лийн Ази тивийн авар­гын тэмцээний тухай ярихгүй юу?

-Би өмнө нь Ази ти­вийн аварга шалгаруулах тэм­цээнд хоёр удаа орж байсан. Гурав дахь удаа­гаа орол­цохдоо алтан медаль хүрт­сэндээ туй­лын баяртай байна даа. Ард түмнийхээ хүсэн хү­лээ­сэн чөлөөт бөхийн ти­вийн аваргын алтан ме­далийг хүртэж чадсан болохоор сэт­гэл өөдрөг байна. Гэхдээ энэ алтан медаль ганцхан Насан­бурмаагийн амжилт биш юм аа. Миний ард бэлтгэл хан­гагч, багш нар, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, ажлын маань хамт олны хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй медаль юм шүү дээ.

Таны хувьд өмнө нь Азийн аваргаас мөнгөн ме­даль хүртэж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж чадсан байна шүү дээ

-Азийн аварга шалга­руу­лах тэмцээнд өмнө нь хоёр удаа орол­цохдоо би мөнгө, хүрэл медаль хүр­тэж байсан. Өсвөр за­луучуудын ангилалд би мөн медаль хүртэж бай­сан. Энэ удаагийн алтан ме­даль миний хувьд Азиас ав­сан 10 дахь ме­даль болж байгаа юм.

Азийн аваргаас ал­тан ме­даль хүртсэн бо­ло­хоор таны бэлтгэл мэдээж сайн байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт рүү бэлтгэлд явах гэж бай­гаа хэрэг үү?

-Тийм ээ. Бидний хувьд сардаа хоёр тэм­цээнд орол­цож байгаа болохоор бэлтгэл ерөн­хийдөө давгүй байгаа. Азийн аваргаас ирээд гэртээ ганц хоночихоод ахин бэлт­гэл­дээ гарах гэж байгаа минь энэ. 10 га­руй­хан хоногийн дараа эх оронд маань “Мon­golian open” тэмцээн бо­лох гэж байна. Тийм бо­ло­­хоор бэлтгэл сургуу­лилтаа эрчимтэй хийх хэрэгтэй л дээ. Азийн аварга болсон ч би­дэнд байнгын бэлтгэл зайлш­гүй хэрэгтэй байдаг.

Та Азийн аваргаас ал­тан медаль хүртсэн ч бусад та­мирчдынхаа тухайд ямар бо­долтой байна вэ?

-Манай тамирчид эрч хүч дүүрэн энэ удаагийн Азийн аваргыг зорьсон. Өмнө нь чөлөөтийн эмэг­тэйчүүдийн төрөлд Япон, Хятадын тамир­чид хүч­тэй өрсөлддөг байсан бол өнөөдөр бүх л орны тамир­чид хүчтэй өрсөл­дөг­чийн хэмжээнд хүр­сэн. Чө­лөө­тийн эмэгтэй та­мирчид маань цөө­хүү­лээ ч гэсэн сай­хан ба­рилдаж багаараа гу­рав­дугаар байрт шалгарлаа. Цаашид бид илүү хичээл зүтгэлтэй байж дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээндээ хүч үзнэ гэсэн бодолтой бай­гаа.

Таны хувьд Казахс­тан, Хятад, Энэтхэгийн тамирч­дыг хожиж авар­гын алтан медаль хүрт­сэн. Ялангуяа сүүлийн хоёр барилдаан ширүү­хэн болсон доо?

-Миний хувьд эхний той­рог­тоо Казахстаны бөх За­рина Кунанга­рае­ваг дарах мэхээр цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Хятадын нэрт та­мирчин, Лондонгийн олим­пийн мөнгөн ме­дальт Риксие Жингийг ял­сан. Өмнө Риксие Жинг­тэй алтан цомын тэм­цээнд таарч барилдан ялаг­даж байсан боло­хоор даагаа нэхэх сайхан боломж энэ удаа бүрдсэн юм. Хята­дын тамир­чин­тай нэг хэсэгт сугалаа таарчихсан чинь багш нар нервтчихсэн явсан. Багш надад “Миний охин хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Багшаа би аварга болноо” гэтэл “Бу­ка чи амлалтандаа хүрээ­рэй” гэж билээ. Энэт­хэгийн тамирчин нутгийн­хаа дэвжээн дээр байсан болохоор арай л өөр бай­­­сан. Нутгийн иргэ­дийн уухайн түрлэг үнэн­дээ л нү­сэр сонсогдож байлаа. Энэт­хэгт байгаа Монголчууд маань цуг­ла­чихсан тэднээс дутуугүй “Монгол, монгол, монгол” гэж орилж байсан нь чи­хэнд минь тод сонсогдож байсан даа. Эхний үед ба­рил­даан Каур Навлот бид хоёрын барилдаан 1:1-ээр өндөрлөсөн ч сүү­лийн оноо авсан гэдгээ­рээ би хожсон. Дараа­гийн үед нь 5:2-ын харь­цаатайгаар би хож­со­ноор Ази тивийн аварга болж чадсан.

Зургаан жилийн да­раа эх орондоо алтан медалийг авчирсан бо­лохоор ме­далийн тав­цанд зогсож байхад их л зүйл бодогдсон байх?

-Хамгийн анх Отгон­жар­гал эгч Энэтхэгийн Нью Дели хотноо болсон Азийн авар­гаас алтан медаль хүр­тэж байсан юм. Мөн Монгол Ул­сын гавьяат тамирчин Ц.Энх­­жаргал эгч маань Ази тивийн аваргын хошой алтан меда­лийг хүртсэн байдаг. Миний энэ удаа­гийн тивийн аваргын ал­тан медаль чө­лөөтийн эмэг­­тэйчүүдийн Азийн авар­гын дөрөв дэх алтан медаль нь байлаа. Энэ удаагийн Азийн аваргад ма­найхан алтан медаль хүртэж, авар­гатай болно гэсэн зо­рилготой байсан. Медалийн тавцанд зог­сож байхад олон л зүйл бодогдсон. Гэхдээ тэр олон бодлуудаас илүү монгол тө­рийн алтан соём­бот дал­баа намирч, төрийн дуу­ллаа сонсох л хамгийн сайхан байсан даа. Өсвөр, залуу­чуудын Азийн аваргад тү­рүүлэн төрийн дууллаа эг­шиг­лүүлж байсан болохоор энэ удаа насанд хүрэгч­дийн 67 кг-д тивийнхээ аварга бол­чихоод зогсож байхад сайхан л юм би­лээ.

Та 63 кгын жинд ба­рилддаг байсан. Харин олим­поос хойш 67 кгын жинд барилдаж байгаа ха­рагд­лаа. Цаашид ч уг жин­дээ барилдах уу?

-Намайг бөхийн спор­тод хөл тавьсан цагаас хойш багш маань өсөж яваа хүүхэд гээд жин ха­суул­даггүй бай­лаа. Өс­вөр, залуучуудад байх­­даа 60, 65 кг-д барилд­даг байсан юм. “Mongolian open”, Азербайжаны Ба­куд болох “Алтан гран при” тэм­цээнүүдэд уг жин­дээ барилд­ах байх. Цааш­даа бэлтгэл сургуу­лилтаа сайтар базааж, багш нартайгаа ярилцаж байж л хэдэн кг-ын жинд барилдахаа шийднэ. Би жин хасаад байдаггүй болохоор одоохондоо 67 кг-даа барил­даж байгаа юм.

Азийн аваргаас дөн­гөж ирсэн болохоор ядаж ганц хоёр хоног амарчихаад бэлт­гэл­дээ гарах юмсан гэж бодож байв уу?

-Бид өөрсдөө дур мэ­дэн амарна гэж байхгүй л дээ. Шигшээ багийн багш нарын гаргасан төлөв­лөгөөний да­гуу амрах үедээ амарч, бэлт­гэлтэй үедээ бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө бид долоо хоно­гийн ням гаригт л амардаг. Жирийн хүмүүс шиг амраад явчихбал бэлт­гэл сургуулилт юу болох билээ. Тал бүрийн олон хүчин зүйлсийг бо­дол­­цох хэрэгтэй.

Азийн аваргад орол­цож байхад Энэт­хэгийн халуун ду­лаан уур амьсгал, хоол хүн­сэнд дасахад бэрх­шээл­­тэй байсан биз?

-Манай тамирчдын хувьд бэлт­гэл сургуулилт нь үнэхээр сайхан таар­сан байсан. Шиг­шээ ба­гийн тамирчдаас хэд­ хэ­дэн алтан медаль хүртэх боломж байсан гэж бо­дож байна. Яалт ч үгүй тухайн орны нөхцөл байд­лаас шалт­гаалан хүссэн амжилтаа гар­гаж чадаагүй л дээ. Багаараа түрүүлэх бүрэн боломж би­дэнд байсан гэж бод­дог. Яа­хав ээ, тэмцээн ганцхан үүгээр дуусаж байгаа биш. Цаашид бид­нийг олон тэм­цээн шил шилээ даран хү­лээж байгаа. Манай эрэг­тэй­чүү­дийн хувьд аварга бо­ломж байсан. Барил­даа­ны явцад сүү­лийн оноо­гоор хо­жих боломжтой байсан ч сүү­лийн оноог нь өгөөгүй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гар­сан.

Ямарваа нэгэн тэм­цээн уралдааны үед шүүгчдийн зү­гээс эзэн орны тамирчин эсхүл үзэмжийн байдлаар шүүх асуудал хэр гар­даг вэ?

-Хэн одтой, хийморь­той байгаа нь түрүүлдэг. Тэмцээ­ний үед багш на­рын хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ерөн­хий­дөө нэг их тиймэрхүү зүйл ажиглагддаггүй. Од нь гийсэн бөх л тэр өдөр амжилт гаргадаг болов уу гэж боддог.

Өнгөрсөн ч гэсэн Мон­голд болсон эмэг­тэй­чүү­дийн багийнДэл­хийн цом“-ын тэм­цээний талаар ярилцъя. Анх удаа эх оронд маань тэр том тэмцээн болж эмэгтэйчүүд маань мөнгөн медаль хүрт­сэн дээ?

-Манай эмэгтэй та­мирч­­дын хувьд амжилт нь байнга ахиж, сайн барил­даж байгаа. Эмэгтэй чө­лөөт бөх Монгол Улсад 1999 оноос эхлэн хөг­жиж эхэлсэн. Түүнээс хойш олон сайхан амжилт гар­га­сан. Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнээс эхний найман байрт шал­гарсан баг дэлхийн цо­мын тэмцээнд зодог­ло­дог. Манай багийн хувьд өмнө нь долоо, зургаа, тавдугаар байруудад шал­­гардаг байлаа. Жил бүр ба­гийн амжилт ахиж эхэлсэн. Энэ жил анх удаа мөнгөн медаль хүртлээ. Яахав ээ, дэл­хийн цомын тэмцээнд санасандаа хүртэл ба­рил­даж чадаагүй боло­хоор харам­салтай л бай­даг. Гэхдээ цаа­шид бэлт­гэлээ л сайн хийгээд бай­хад аварга болох боломж бий.

Сүүлийн жилүүдэд эрэг­­тэй тамирчдын ам­жилт буурсан. Энэ удаа­гийн Азийн аваргаас алтан ме­даль хүртээ­гүй ч дориун сайхан оролц­чих шиг бол­лоо. Эрэгтэй багтаа та ямар дүн тавих бол?

-Чөтөөл бөхийн спорт хэ­цүү л дээ. Барьцгүй барилд­даг болохоор та­мирч­наас асар их тэв­чээр, хөдөлмөр шаард­даг. Чөлөөт бөхийн спорт Монголд хөгжсөн ца­гаас хойш ахмад үеийн та­мирчид маань олон сай­хан амжилт гаргасан бо­ло­хоор байнга биднээс амжилт нэ­хэж, сайн сай­хан явахыг шаард­даг. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд олимп, дэлхийн аваргаас л ме­даль хүртээгүй болохоос амжилт гаргаж байгаа. Тийм болохоор би муу гэж хэлэхгүй. Сүүлийн үед л хүмүүс эрэгтэй шигшээ багийн тухай таагүй яриа гаргаад байгаа юм. Ур чадвар, техникээрээ аль ч улсын та­мирч­даас ду­тах­гүй. Эрэгтэй тамирч­даа цаашид өндөр ам­жилт гаргаж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Г.Ман­дах­наран маань Азийн аварга болох боломж дүүрэн бай­сан. Гэсэн ч цаг дуусахаас өмнө ав­сан оноог нь өгөөгүйн улмаас мөнгөн медаль хүрт­сэн.

Нэгэнт л чөлөөтийн та­мирчинтай уулз­саных чө­лөөт, сонго­мол бөхийг 2020 оны олимпоос хасах тухай яригдаад байгаа тухай асуул­гүй өнгөрч болох­гүй нь. Таны бодлоор чө­лөөт бөхийн хувь заяа хаашаа эргэх бол?

-Би бол өөдрөгөөр л харж бай­гаа. Анхны олим­­пийн наадам зо­хиог­доход л чөлөөт бө­хийн спорт байсан. Тийм болохоор хасаг­дахгүй байх аа.

Биднийг ийн ярилцаж бай­­­хад чөлөөт бөхийн эмэг­тэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгал­жуу­лагч Т.Сүх­баатар гавь­яат тамирчин О.Насан­бурмааг бэлт­гэлдээ явъя хэмээн хэ­дэнтээ дууд­сан тул бид­ний яриа энэ хүрээд өн­дөр­­лөсөн юм.

 Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

“Оросууд барилгаа ав, бид газартайгаа үлдье” гэв

Монголын нутаг дэвс­гэрт баригдсан ОХУын өмч гэгддэг орон сууцны барилгын асуудал олон жи­лийн өмнөөс яригдаж бай­гааТэдгээр байранд амь­дар­саар ирсэн оршин суугч­дын хувьд байнгын дарамтад байдаг гэнэ. Дээрх байрны маргаан одоо болтол эцэслэн шийдэг­дээгүй бөгөөд маргаантай хэвээр байгаа аж. Энэ та­лаар Түрээсийн байр эзэм­шигчдийн эрх ашгийг хам­гаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сүх­баатартай ярилцлаа.

  Манай улсад ОХУын өмчид тооцогдох хичнээн барилга байгууламж байна вэ?

-1991 онд Оросын арми Монгол Улсаас гарахдаа 1993 оны хэлэлцээрээр цэр­гийн хотхоны зориулалтаар ашиглаж байсан 1355 барил­га байгууламжаас 1128-ийг нь Монголын талд үнэ төл­бөр­гүй шилжүүлж 184 барил­га байгууламжийг манай ул­сын иргэд, байгууллагуудад зарж борлуулахаар тохи­ролц­сон. Үүнээс 177 объек­тыг нь борлуулжээ. Уг нь бол олон улсын гэрээнд тусгагд­сан зориулалт заалтаас өөрөөр буюу ашиг олох хэл­бэ­рээр худалдах эрхгүй бай­сан ч ийм л зүйл болж.  Тэгвэл 177 объектыг зарж борлуулс­ны орлогоос Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг төлсөн бэ гэдэг асуулт гарч байна. Мон­гол Улсын нутаг дэвсгэрт биз­нес хийсэн л бол татвар төл­дөг хуультай. 1128 объектыг манай улсад үнэгүй өгсөн гэж оросууд сайрхаж манай төр нэг их юм авчирсан юм шиг хийрхдэг. Угтаа бол манай улсын нутаг дэвсгэрт тархан байрлаж байсан ямар ч дэд бүтэцгүй алслагдсан ашиглах боломжгүй цэргийн казарм, харуулын байр, цэргүүдийн нийтийн жорлонгоо хүртэл тоолоод 1128 болгоод үнэгүй өглөө гэж шоудсан. Одоо тэдгээр нь манай улсын нутаг дэвсгэрээр нэг нурж унасан балгас болсныг Монгол даяар мэднэ. Шулуухан хэлэхэд 1128 хог хаяад л явсан. Оро­сууд үүнийгээ цэвэрлэх ёстой. Гэтэл нийслэлийн А зэрэг­лэлийн бүсэд орших 184 объектоо бизнесийн зорил­гоор авч үлдэн одоог хүртэл манай аж ахуйн нэгж, иргэ­дээс түрээсийн хэлбэрээр сая сая ам.доллар хууль бусаар хүүлсээр байна. Энэ бол цөө­хөн жишээний л нэг.

Олон улсын гэрээ заал­тад ОХУын өмч нь байх эрх байдаг юм уу?

– Энэ  асуудал сөхөгдөх болгонд манай тал ОХУ-ын өмч гэдэг. Угтаа ОХУ энэ өмчийг өмчлөх эрх нь хэвээр байна уу, хадгалагдсан бай­на уу гэдгийг эхлээд тавих ёстой шүү дээ. Олон улсын Венийн конвенцийн заалтаар ОХУ-ын өмч байх эрх нь бүр дуусгавар болоод хаагд­чих­сан юм. Тэгэхээр манай сайд, дарга нар ОХУ-ын өмч, тэд үүнийгээ зарна уу, түрээсэлнэ үү, борлуулна уу өөрсдийнх нь эрхийн асуудал гээд бай­даг.

Одоо тэдгээр барил­гуудын асуудлыг шийдэх ямар гаргалгаа байна вэ?

-Олон улсын жишигт нэг бол энэ объектоо тухайн улс оронд нь үлдээгээд явах ёс­той. Эсвэл нураагаад аваад явчих хэрэгтэй. Тэгэхээр ма­най­хан “Болохгүй, энэ бол Оросын өмч болохоор тухайн улс худалдана уу, борлуулна уу, түрээслэнэ үү өөрсдийнх нь хэрэг” гэх юм. Бас ОХУ дээрх барилгуудыг өөрс­дийн­хөө өмч хэмээн сөхөх магад­лалтай гэж нялцганаад бай­даг. Олон улсын Венийн кон­венцид хоёр тал гэрээг ноц­той зөрчсөн бол хүчингүй болох ёстой гэсэн байгаа. Одоо  ОХУ-ын мэдлийн гээд байгаа барилгуудад тус улс мэргэжилтнүүдээ байрлуулна гэчихээд монголчуудад тү­рээс­лээд, бизнесийн зорил­гоор ашиглаад байна шүү дээ. Энэ чинь гэрээг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Хэрэв гэрээнд ОХУ-ын мэргэ­жилт­нүүд байхгүй болсон тохиол­долд тухайн барилгыг ний­тийн хэлбэрээр ашиглах, эсвэл гэрээг дахин хийх ашиг­тай хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг өгүүлбэр  байсан бол болж байна.

ОХУын гэгдэх барил­гуудыг анх манай улсад ямар зорилгоор барьсан юм бэ?

-Монголд коммунизмыг байгуулахын тулд монгол­чуудыг сургагч нарт зориул­сан барилга шүү дээ. Энэ дэглэмд зориулсан объект.

Гэтэл одоо дэглэм нь байхгүй байхад тэдгээр объектуудыг ОХУын өмч гэх хууль эрх зүйн орчин байна уу?

-Үүнийг л ярих хэрэгтэй. 1971 оны нууц протокол дээр энэ обьектуудыг ЗХУ-ын мэр­гэжилт­нүүдийг байршуулах тэдэнд үйлчлэх зорилгоор ашиглана гээд заасан нь бий.  Тэгвэл өнөөдөр ЗХУ нь уст­чих­сан, БНМАУ нь татан буугд­чихсан, мөн тухайн үед хэрэглэж басан тамга тэмдэг, төрийн дуулал зэрэг нь байх­гүй болчихсон. Тэгэхээр гэ­рээг биелүүлэх боломж нь байхгүй болсон. Гэтэл  манай­хан ОХУ-ын өмч гээд байдаг. Саяхан болсон хоёр орны Засгийн газрын хоорондын ажлын хэсгийн урьдчилсан хуралдааны дараа шадар сайд Д.Тэрбишдагва ярихдаа “ОХУ-ын өмч” гээд дурд­чих­сан. Тэгэнгүүт тэд энэ асууд­лыг сэрвээн дээрээ тавиад байгаа юм.

Оросын талаас ямар байр суурьтай байгаа юм бол?

-Энэ объектыг хэрхэн ший­дэх хоёр гаргалгааг түрүү дурдсан. Тэгэхээр Оросын талд манайхан санаатай юм уу, санамсаргүй ч юм уу буруу ойлголт өгснөөс “Бид объек­тоо худалдана. Эсвэл түрээс­лэнэ. Үгүй бол танайд найман байр өгье. Оронд нь мон­голчуудын оршин сууж бай­гаа орон сууцыг өгнө” гэж байна. Эдгээр байрыг 2008 онд С.Баяр ОХУ-д айлч­лах­даа Субковтой хийсэн гэрээ­гээр Монгол Улсад шил­жүү­лэхээр тохиролцсон. Тэдгээр байр нь Улаанбаатар болон Дархан хотод байгаа. Дараа нь 2009 оны наймдугаар са­рын 25-нд Медведев Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн урил­гаар манай улсад ирэх­дээ стратегийн тунхаг бичиг­тээ эдгээр байрны асуудлыг эцэслэн шийдэхээр батал­чихсан. Гэтэл одоо болтол байхгүй. Оросууд юу гэж бай­на вэ гэхээр объектуудын доод талын газрын асуудлыг 60 жилийн хугацаатай тү­рээс­лүүлэх юм бол энэ най­ман байраа өгч болох юм аа гэдэг асуудал тавьж байна.

Энэ талаар хуулинд юу гэж заасан байдаг юм бэ?     -Төр газрыг гадаадын иргэнд хуулийн этгээд гээд харьяалалгүй хүнд хуульд заасан болзол журмын дагуу ашиглуулж болно гэж байгаа юм. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн дөрөвдүгээрт болохоор Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн олон улсын гэрээ буюу бүх хууль эрх зүйн актыг хүчингүйд тооцно гэсэн байгаа. Энэ дагуу 2002 онд Үндсэн хуулийн цэц хүчингүйд тооцсон нь бий.  Гэтэл оросууд худлаа наймааны хэлбэртэй болгож байна. Бид түрүүчийн Засгийн газарт найдаж байлаа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар байгуулагдлаа. Уг асуудлыг шийдчихэж чадахгүй л байна. Энэ асуудлаар арав гаруй жил ажилласан бидний дунд олон хуульч байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын Венийн конвенц, Газрын тухай хууль, Татварын тухай хуультай харьцуулаад үзэхэд Оросууд бизнесийн үйл ажиллагаа явуулах ямар ч эрхгүй. Тэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, мөнгө хүүлээд байна. Монголын иргэн болон аж ахуй нэгжийг хохироож байна шүү дээ. Гэтэл яагаад өдийг хүртэл шийддэггүй юм бэ. Өнөөдөр 1968 онд баригдсан барилгуудад хүн амьдрах нөхцөл бүрдээгүй гэж аюул­тайд тооцон нураах болсон. Тэгвэл 1975 онд баригдсан Оросын барилгууд хэдхэн жилийн дараа хүний хэрэг­цээ, аюулгүй байдлыг хангаж чадах уу. Яагаад бид тэр барилгуудыг нь оросуудад өгчихөж болохгүй гэж. Магад­гүй дор нь байгаа газартаа арван давхар байшин барьж, таван давхарт нь иргэдээ оруулчихвал бусад нь Мон­голын ашиг болж үлдэнэ шүү дээ. Энэ талаас нь яагаад харж болохгүй байгаа юм бэ. Хууль эрх зүйн орчин нь хаагдсаныг жирийн иргэд төр засагт удаа дараа мэдээлээд байхад ямар учраас асуудлыг шийдэхгүй байна вэ.

Оросын талаас тэдгээр барилгуудад бизнесийн зо­рил­гоор үйл ажиллагаа явуулс­ныхаа түрээсийг төл­дөг үү?

-1984 оны Сайд нарын зөвлөлийн тогтоол бий. Үүн дээр БНМАУ-ын сайдад тог­тоох нь “Дор дурдсан 98.28 га газрыг ОХУ-д түрээсээр олго­сугай” гэж тогтоосон байгаа. Түрээс гэдэг нь түрээс­лүү­лэгчид түрээслэгч нь мөнгө төлөхийг хэлнэ. Тэгвэл РЦНК, Лениний клуб, 15 дугаар хо­роол­лын Зөвлөлтийн нэгдсэн эмнэлэг зэрэг 13 газрын байр­ны түрээсийг монголын төр өнөөдөр авсан уу гэвэл аваагүй байна. Яагаад иймэр­хүү хууль бус ажил­лагааг өөгшүүлээд цаана нь ард түмэн хохирдог юм бэ.

Тэгвэл тэдгээр барил­гуудад үйл ажиллагаа явуулж байгаа манай иргэд, аж ахуйн нэгжүүд ОХУын талын эзэмшигчдэд нь хич­нээн төгрөгийн түрээс төл­сөн бол?

-ЗХУ-ын коммунизмын үед баригд­сан асар их ба­рил­га бий. Хэдхэн байрны түрээс төлсөн  дүнгээс хара­хад  тэд манай иргэдээс маш их мөнгө хүүлсэн байгаа юм. 1991 оноос 2005 оны арав­дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт нийт нэг сая 444.2 мянган ам.доллар төлсөн байдаг.

Лениний музейн ба­рил­гыг оросууд булаал­даад эхэлсэн гэх яриа бай­сан. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Тэр бол манай өмч. Тат­вар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан юм. Тиймээс Оро­сын талаас ямар нэгэн мар­гаан байхгүй. Харин Төрийн өмчийн хороо болон МАН-ын хооронд үүссэн өмчийн асуу­дал байгаа байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

С.Энхмаа: Би тэнд яг шоронд байгаа юм шиг байсан

Гадны хүнтэй гэр бүл болон алдаж, онож яваа монгол бүсгүй­чүүд цөөн­гүй бий. Тэдний нэг хэсэг нь амьдралаа сайн сай­хан бол­гохын тулд харийн хүнтэй ханилдаг бол зарим нь хайр сэт­гэлээрээ холбогдон өрх тусгаарладаг. Гэтэл хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр мон­гол бүсгүй­чүү­дийн маань итгэлийг олж, эх орон­доо аваачсаныхаа дараа тараа таниулдаг гадны эрчүүдийн бал­гаар олон эмэгтэй хохироод буй юм.  Тэдний нэг болох Т.Аятун­гаа бүс­гүйд тохиолдсон явдал бусад хүүх­нүүдэд сургамж өгүүлсэн. Мөн түүнтэй адил Нигери эр­тэй ханилж, хоёр сайхан хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөх­рийн­хөө дарам­тад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрээр Африкийн Нигери улсын Лагос хотод амь­дарч байсан юм.

Хүний нутгийн хөрс хатуу гэдэг. Гадаадын улс оронд эрх нь зөрчигдөж
байгаа элэг нэгт монгол­чуудаа манай төр зас­гийн зүгээс анхаарч, тус­ламжийн гараа
сунгадаг юм. Тиймдээ ч С.Энхмаа бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт эх орондоо элэг бүтэн
авчирлаа.

Харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай ярилцав.

Та гурав эх орондоо хэзээ ирэв. Ямар сэтгэгдэл төрж байна?

-Өнгөрсөн
долоо хоногт ирлээ. Эх орондоо ирсэн чинь амар амгалан, сайхан байна. Би Нигерит байхдаа эх орон, ээжийгээ, үр хүүхдүүдээ маш их саналаа. Тэднийгээ хараад сэтгэл тэнийж, маш их баяртай байна. Нийслэл хот маань хөгжжээ. Өндөр сайхан барилга байгууламжуудтай болсон байна. Бараг төөрч будилахаар болсон байна шүү. Юуны өмнө биднийг эх орондоо ирэхэд минь тусалж, гадаадад эрх нь зөрчигд­сөн монголчууддаа анхаарлаа хандуулдаг улсдаа баярлалаа. Бидний ирэх замын зардалд  нэмэр­лэсэн Гадаад харилцааны яам, Египет дэх ЭСЯ-ндаа талар­хаж байна. Тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Нямдагвад бас баяр­лалаа. Хүний нутагт зовж зүдэрч байгаа монголчуудад маань эцэг, эхийн үүргийг гүйцэтгэдэг газар бол тухайн улсад суудаг ЭСЯ байдаг. 

 Таныг Нигери хүнтэй гэр бүл болж, түүний дарамтад байсан тухай мэдээллийг монголчууд  авсан. Нөхөртэйгээ хэзээ, хаана танилцсан юм бэ?

-Би
Хятадаас бараа татдаг ганзагын наймаачин байлаа. Урд хөрш рүү наймаандаа явж байхдаа охидынхоо аавтай 2006 онд танилц­сан юм. Ингээд том охин маань 2007 онд Монголд төрсөн.

Нөхөр чинь тухайн үед юу хийдэг байв. Та хэд хамт амьдарч байсан уу?

-Манай
нөхөр надтай адилхан ганзагын наймаачин байсан. Хятадаас бараа татаж, Нигери рүү аваачиж зардаг байв. Том охиноо төрүүлчихээд Хятадад нөхөртэйгээ хамт гурвуулаа амьдардаг байлаа. Бид 2009 онд Нигери рүү наймаа хийхээр явсан. Нөхөр маань “Мон­гол руу бараа аваачиж зарж байс­наас Нигери рүү зөөвөл илүү ашиг орлоготой. Олон хүн амтай” гэсний үндсэн дээр тийшээ явсан юм.

Анхандаа нөхөр чинь танд ямар ханддаг байв?

-Бид
бие биедээ таалагдаж, хайрлаж дурлалцаад хүүхэд төрүүлж, хамтдаа амьдрахаар шийдсэн. Эхэндээ надад маш их халамжтай байлаа. Гэтэл нутагтаа очоод зан нь хувирсан. Намайг гэрээсээ ч гаргахаа больж, гэрийн хорионд оруулсан юм. Юун нөгөө хоёр улсын хооронд наймаа хийх вэ. Гэрээс ч цухуйлгахгүй, зөвхөн хүүхдүүдээ хараад суудаг гэрийн хүн болгосон. Харин миний хувьд ийм байдалд байхыг хүсээгүй юм. Эрх чөлөө маань хязгаарлагдаж, хүний эрхэнд орсноо мэдэрсэн. Нэг үгээр хэлбэл, шоронд байгаа юм шиг байсан даа. Явъя гэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болдог байв. Хэрэлдэж муудалцахаараа гүйгээд гармаар санагдах боловч хаашаа хэн дээрээ очих билээ дээ.

Таныг Нигери рүү очиход төсөөлж байснаас чинь тэс ондоо орчин угтсан байх нь ээ?

-Яг
тийм. Гэрэл цахилгаангүй, ус байхгүй гээд надад маш их хүндрэлтэй байсан. Тогны хувьд гэхэд цагийн хязгаар­лалттай өгнө. Ус нь болохоор тун бохир. Усандаа байнга ариутгалын бодис хэрэглэдэг. Энэ бүгдийг тэвчээд өнгөрүүлж чадна гэж бодо­ход эрх чөлөөгөө боомилуул­сан­даа хамгийн их бухимдаж байлаа.

Цаг агаар болон хоол хүн­сэнд нь дасан зохицоход хэцүү байв уу? 

-Их
бүгчим халуун орон болохоор надад тун хүнд байсан. Хоол унд нь хүртэл тохирохгүй юм билээ. Бүх юм нь тав тухгүй байсан. Эх орноо маш их үгүйлсэн. Миний эх орон ямар амар амгалан юм бэ гэж бодоод уйлдаг байлаа. Эх орондоо байхдаа тэр сайхныг нь мэдэрдэггүй байсан хэрнээ харийн нутагт очихоор өөрийн эрхгүй хичнээн сайхан газарт төрж, өсч амьдарч байснаа бодож байлаа. Миний хувьд тэнд өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаа аймшигтай там шиг л байсан гэхэд болно. Сүүлдээ тэвчээр алдагдаж, аргагүйн эрхэнд зугтсан юм.

Та нөхөртэйгээ юунаас болж маргалддаг байв. Шашин шүт­лэгийн зөрчил байв уу?

-Тэр
тал дээр асуудалгүй. Нөхөр маань Христэд итгэдэг. Би ч бас түүнийг дагаад Христэд итгэх болсон. Тэрээр архи ууж, тамхи татдаггүй. Тэр тал дээр ухамсар өндөртэй хүн.

Таныг нөхөр чинь яаж дарам­талдаг байсан юм бэ. Хүний нутагт нөхцөл байдал ямар байв?

-Ер
нь хаа ч газар эхнэр нөхөр хоёр маргалдаж, муудалцахыг алийг тэр гэх вэ. Тэрний л адил  нөхөртэйгээ маргалдаж, үзэл бодол нийлдэггүй байсан. Хэрэв эх орондоо байсан бол нөхөртэйгээ хэрэлдлээ гэхэд сайндаа л ээж дээрээ гүйж очно шүү дээ. Харин хүний нутагт бол шал өөр. Иймэр­хүү гэр бүлийн маргаан маш хүндээр тусдаг юм билээ. Эх орон минь, ээж минь, үр хүүхэд маань надаас хол байгаа гэж бодохоор их сэтгэл санаагаар унадаг байсан. Нэг ёсондоо хүний эрхэнд байсан гэсэн үг.

Уучлаарай, та хоёр юунаас болж маргалддаг байсан юм бэ?

-Энэ
бол хүний хувийн асуудал шүү дээ. Ерөнхийдөө бол ээжийн маань бие тааруу гэдгийг дуулаад нутагтаа ирэхийг хүсч байсан. Гэтэл намайг явахыг хориглосон. Яагаад гэхээр би хоёр охиноо аваад явна гэтэл зөвшөөрөхгүй,  “Ганцаараа яв” гэдэг байсан. Миний хувьд гадны нутагт идээшихгүй байсан.

Нөхөр чинь таны бичиг ба­римтыг хураагаад гэрийн хо­рионд байлгадаг тухай мэдээ­лэл цацагдаж байсан. Үүнээс болсон хэрэг үү?

-Тиймээ.
Хоёр охинтойгоо хамт явна гэхээр сүүлдээ бичиг баримтыг маань надаас нуучихсан. Тэгээд би хоёр охиноо аваад зугтахаар шийдсэн. Ингээд хаашаа хандахаа мэдэхгүй эхлээд цагдаагийн газарт очсон. Яагаад гэвэл Нигерит манай улсаас өргөмжит консул гэж байх­гүй. Гэтэл цагдаагийн газрынхан “Гэр бүлийн асуудал. Та хоёр эвлэр” гээд авч хэлэлцээгүй. Тэгээд Нигеритэй хамгийн ойроор нь Египетэд суугаа Монголын ЭСЯ руу утсаар ярьж хандсан. “Одоохондоо манай санд мөнгө байхгүй учраас түр хүлээ” гэсэн хариу өгсөн юм. Надад тэднийг хүлээх хугацаа байгаагүй. Ээжийн бие тааруу байсан болохоор эх орон руугаа явахын тулд маш их яарч байлаа. Өөрийнхөө шийдвэрээр Христийн сүм рүү зугтаасан. Тэр сүм бол дэлхийн өнцөг булан бүрээс тус­ламж эрсэн хүн болгонд тусалдаг. Тодруулбал, өвчин зовлонтой, янз бүрийн асуудалтай хүн болгоныг хүлээж авдаг. Тэр утгаараа намайг хоёр охины маань хамт найрсагаар хүлээж авсан байгаа.

Таныг зугтахыг нөхөр чинь мэдсэн үү?

-Бид
үүрээр 04.00 цагийн үед гэрээсээ зугтсан. Тэр үед охидын маань аав өөр хот руу явсан байсан юм.

Сүмээс ямар зардал гарга­сан бэ?

-Бидний
байрлаж байсан буудал, хоол, хүнс, гар утасны төлбөр, халаасны мөнгө зэрэг бүх зардлыг даадаг байсан. Нийтдээ 10 мянган ам.доллар бид гуравт зарцуулсан.

Нөхөр чинь та гурвыг тэнд байгааг мэдсэн үү?

-Эзгүй
хойгуур нь гэнэт зугтсан болохоор биднийг их хайж байсан юм билээ. Санаа нь зовоод Монгол руу хүртэл ээж, эгч нар руу утсаар ярьж сурагласан байдаг. Би хоёр охинтойгоо түүнээс зугтаж байгааг манай ээж, эгч нар мэдэж байсан болохоор нөхрийг залгахаар “Мэдэхгүй” гэж хариулсан байна лээ. Харин би хоёр охинтойгоо телевизээр гараад эхлэнгүүт тэрээр мэдсэн. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ уулзахаар сүм дээр ирэхэд нь сүмийн дарга зөвшөөр­сөн юм. Тэр хааяа ирж уулзаж, охидтойгоо тоглоод буцдаг байлаа.

Та гурвыг гэртээ буцаж харья гэдэг байв уу?

-Тэгдэг
байсан. Сүмийн зүгээс биднийг эх орон руу маань миний хүсэлтээр явуулна гээд амласан байсан. Тэгээд миний саналыг сонссон. Би наашаа ирнэ гэсэн шийдвэрээсээ огтхон ч буцаагүй.

Та нөхрийгөө уучилсан уу?

-Сүмийн
зүгээс надад “Та хоёрын асуудал бол байдаг л гэр бүлийн маргаан. Тиймээс нөхөртөө өс хонзон санах хэрэггүй. Нөхрөө уучил, охидынх нь эцэг шүү дээ” гэсэн. Тэр хүн охидын маань эцэг учраас би уучлахаас өөр аргагүй.

Нөхөртэйгээ албан ёсоор гэрлэсэн үү?

-Үгүй
ээ. Бид хурим ч хийгээгүй.  Гэхдээ олон жил хамт амьдарч, хоёр хүүхдийг нь төрүүлсэн боло­хоор эхнэр нөхрөөс ялгаа юу байхав.

Тэгвэл та буцаж Нигери рүү явах уу?

-Явахгүй.

Энд ирснээс чинь хойш холбоо барьсан уу?

-Ирснээс
хойш утсаар охид­той­гоо ярьдаг.

Танд Нигерит найз нөхөд байсан уу?

-Гэрээс
хамраа ч цухуйлга­даг­гүй байсан надад ямар юмны найз нөхөд байх вэ дээ.

Та сүмийн телевизэд ярилц­лага өгөхдөө Монголд хоёр хүү маань хүлээж байгаа гэж ярьж байсан?

-Тиймээ.
Миний хоёр хүүг ээж маань хардаг байсан. Хөвгүүдийн маань аав өөд болчихсон юм. Хань ижил минь хорвоог орхиж, хоёр хүүгээ асран халамжлах бүх үүрэг хариуцлага нь миний нуруун дээр ирсэн. Тэдний сурч боловсрох, өмсч зүүх, идэж уух гээд бүхий л асуудлыг хангах үүрэг надаас өөр хэнд оногдох билээ. Ингээд байраа зараад амьдралаа сайжруулахын тулд наймаа хийж эхэлсэн. Тухайн үед охидынхоо аавтай танилцаж, амьдрал ахуйгаа сайжруулна гэж итгэж байсны үндсэн дээр хүний нутгийг зорьсон юм. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон.

Монголд ирээд цаг агаарын нөхцөл байдлаас цочирдов уу. Охид чинь дасч байна уу?

-Бид
зуны хувцастай онгоцноос буусан. Маш их даарсан. Уг нь манай оронд урин цаг ирж байгаа шүү дээ. Гэтэл халуун оронд удаан хугацаанд байсан болохоор Монголынхоо цаг агаартай дасан зохицоход эхэндээ хэцүүхэн л байлаа. Одоо ч их даарч байна. Ямар сайндаа гутал өмссөн чинь хөл холгоод ч байгаа юм шиг их эвгүй байсан. Охид маань ирээд ханиад хүрч, нэлээд сандаргалаа.

Тэд монгол хэл мэдэх үү?

-Мэдэхгүй.
Нигеричүүд англиар ярьдаг. Тиймээс охид маань англи хэлтэй. Одоо надад тулгарч байгаа гол бэрхшээл нь охидын маань хэлний асуудал байна. Том охин маань ирэх намар сургуульд орно. Гэтэл ямар сургуульд оруулах вэ. Энэ л толгойны өвчин болоод байна даа. Жирийн сургуульд оруулъя гэхээр монгол хэл мэдэхгүй. Англи хэлний сургалттай сургуульд оруулъя гэхээр төлбөр нь тэнгэрт хадчихаж. Одоохондоо эдийн засгийн эх үүсвэргүй болохоор хэцүүхэн л байна. Харин бага охин маань цэцэрлэгийн насных. Одоо хоёр ой гарантай. Нигерит бол хүүхэд хоёр настай­гаасаа сургуульд ордог. Бэлтгэл ангид гурван жил сураад таван настайгаасаа нэгдүгээр ангид элсдэг юм.

Охид чинь Монгол Улсын иргэн болсон уу?

-Том
охин маань Монголд төр­сөн болохоор Монголын иргэн. Харин бага охин маань Нигерит төрсөн ч одоо Монголын иргэн болсон.

Одоо та нар хаана амьдарч байна вэ?

-Гэртээ
байгаа. Би өрх толгойл­сон эмэгтэй гэдэг утгаар үр хүүхдүү­дээ асран хамламжлах өндөр үүрэг, хариуцлага надад бий. Эх орондоо ирсэн чинь ирээдүй маань тун гэгээлгээр харагдаж байна. Ажил хийж, хөдөлмөрлөж, ар гэрээ авч явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би бол жирийн нэг эмэгтэй. Тиймээс миний талаар ямар нэгэн үндэс­лэлгүй, буруу ташаа мэдээлэл битгий цацаасай гэж бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсмээр байна. Миний нэр хүндэд болон гэр бүлийн маань асуудалд оролцохгүй байхыг хүсье.

Манай охид эмэгтэйчүүд гадаадын хүнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа нэг хэсэг байхад алдах нь олонтаа. Тиймээс харийн хүнтэй хани­лахаар зэхсэн бүсгүйчүүддээ хандаж юу гэж захимаар байна?

-Гадаадын
иргэн болгон муу хүн биш. Гадаадад ч гэлтгүй, мон­гол ч гэлтгүй хүний олон сайнтай, муутай шүү дээ. Одоо бид эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Хүн ямар хүнтэйгээ гэр бүл болох нь өөрийнх нь сонголт. Өөрсдөө хүнээ сайн таних хэрэгтэй. Тиймээс хүний хувийн сонголтод оролцох эрх надад байхгүй. Харин миний хувьд гадаадад идээшихгүй юм билээ. Өөр соёл иргэншилтэй орчинд очиход надад хүндрэлтэй байсан. Ээжийгээ болоод төрсөн эх орноо санагалзаад хэцүү юм билээ. Тиймээс монгол бүсгүйчүүд­дээ хандаад хэлэхэд нутаг нэгт хүнтэйгээ л суусан нь дээр гэж бодож байна. Манай монголчууд шиг сайхан сэтгэлтэй, ноён нуруутай, хүнлэг, энэрэнгүй хүн хорвоо дээр ховор юм билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Цаатнуудын гэх өөр амьдрал

Өглөө эртийн нар баруун уулын бэлээд ташлаа. Шилүүст, навчит ойгоор хүрээлэгдсэн их ойн жимээр өгсөх ахуйд дөнгөж бэл­чээрт гарсан арав гаруй цаа цас сөхөн хөвд, хөвх тэргүүтнийг зул­гаан байна. Цаахна талд нь Хотгой­дын цагаан адууны угшил болол­той хоёр бүгээн морь тушаатай дэвхцэн хамраа хуухчин дуугаргаж моторын дуунаас үргэнэ. Өндөр моддын дундуур мурилзан орсон нарийн жимийг сөрөн бие давжаа, чих соотон шаргал нохой ухасхийн гарч ирсэн нь хаскы үүлдрийн анчин, цасны нохой ажээ. Ийм нохойг урьд хожид үзээгүй нэг нь чоно гэж эндүүрмээр. Энэ бүхэн Дархадын хотгорын хойд зах Зүүн тайгын Хэвтэрт гэх газар тэр дундаа Монголын цаатан иргэдийн отго ойртсоныг илтгэнэ.

Төд удалгүй  моддын зай бага багаар холдож, газрын эн тэгширч ойн чөлөөнд гарлаа. Отгын баруун захад пин гээд хэлчихэд хол зөрөхөөргүй хоёр дүнзэн байшин залгаад арав гаруй шовгор урц харагдана. Гаднаас үзэгдэх байдал эль хуль. Энд тэнд цааны хэрэглэл, угаадасны хувин тэргүүтэн байх агаад гурван урц бүрийн дунд дөрвөн багана хатган тэвш засан зарим зүйлийг овоолсон байх нь цаатан иргэдийн хүнс бололтой. Нэг дор таван ч хужаа мотоцикль тавьж фургон маркийн машины хамрыг хөдсөөр хучжээ. Хамгийн зүүн захын урцны үүд шурхийн сөхөгдөж 2-5 наснаас хэтрээгүй болов уу гэмээр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд дан өмд цамцтай гарч ирлээ. Өглөөний жавар хацар хайрч, чих часхийлгэн байхад тэд үүнийг үл ажран урцны үүднээс бага зэрэг холдон морь харснаа эргэн орсонгүй. Залгаад баруун, зүүн, дундах урц бүрийн ам ээлж дараалан сөхөгдөж шавилхан биетэй цаатан иргэд уван цуван гарсаар. Түрүүнд гарч ирсэн жаа­лууд ч урцандаа оролгүй нимгэн хувцастай тоглосоор байх нь хүй­тэнд дассаных бололтой. Хэдий дөрөвдүгээр сар дундаа орж хав­рын улирал шувтрах дөхсөн ч Монголын хойд хязгаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Дар­хадын хотгор, Зүүн тайгад дулаа­рах яагаа ч үгүй байна. Дөрөв­дүгээр сарын 16-ны байдлаар өвдгөөр татсан их цас хөрлөж, шөнөдөө -20, -25 хэм хүрч, өдөртөө -15 хэмээс буухгүй байлаа.

Хамгийн хойд захын урцнаас гарч ирсэн хууз сахалтай өтөл насны эрэгтэйг Оросбай гэдэг бол баруунтаах урцны эзнийг Д.Санжин гэнэ. Залгаад П.Хадбаа­тарынх, Пүрэвдоржийнх, П.Батаа­гийнх гэх мэтээр энэ отогт арав гаруй өрхийн 30 гаруй цаатан иргэн аж төрж байна. Эднийхэн Зүүн тайгын Хэвтэрт гэх газарт өвөлжиж, хаваржих болсоор 30 гаруй оныг үджээ. Өнөө жил ч урьдын адил өвлийг өнгөрөөж хавартай золгосон бөгөөд эдэл­гээнд хэрэглэх 10 гаруй зарь (хөн­гөлсөн цаа буга) авч үлдэн бусдыг нь 50 километр орчим нутагт оторт гаргажээ. Ийн өнгөрсөн оны арван­нэгдүгээр сараас хойш цаа бугаа оторлож эхэлснээр өдийг хүртэл цаатан иргэд ажилгүй суусан бай­на. Харин одоо төллөх дөхөж байгаа учраас хаваржаандаа авч­рахаар хэд хэдэн залууг явуулаад байгаа аж.

Ер нь цаатан иргэд цаагаа хариулж маллах бус цааныхаа бэлчээрээр, идэш хоолыг нь даган нүүж явдаг ажээ. Шууд хэлбэл цаа нь хоолоо хөөж дураараа явах бөгөөд цаатангууд нь араас нь урцаа ачаалан дагаж нүүсээр иржээ. Тиймдээ ч 1930-1940 оны үед Монголын хойд хил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Баруун, Зүүн тайгын орчимд ирж суурьшсан нь энэ ажээ. Энэ тухай Дамсан гуай хуучлахдаа “Би 1940 оны дундуур бага балчир насан­даа энэ Зүүн тайгад ирсэн байдаг юм. Тухайн үед манайхан цаа буга адгуулах сайхан бэлчээр нээлээ гэцгээж байсан. Монголын нутаг дэвсгэрт аж  төрж суугаа гэдгээ Тува угсааны цаатан иргэд бид чинь 1950 оны сүүлээр л мэдсэн юм. Биднийг чинь буга унасан гөрөөчид байна гэж манай төр засаг бодож байсан байгаа юм. Ингэж л бид тайгын амьдрал, цаатан ахуйгаа­саа өөр соёл иргэншлийг үзэж орчин үеийн хөгжлийн зах зухаас нь хүртэх эхлэл тавигдсан даа” хэмээн өгүүлж байв.

Үнэхээр цааны бэлчээрээ дагаж өндөр уулын хяр тайга, өтгөн ой моддын дунд олон зуун жил амьдарсан хийгээд орчин үеийн хөгжилтэй тун саяхан нийлсэн нь тэдний өнөөгийн амьдралаас хараг­дана. Тэд гурван метр хэрийн урттай арав гаруй шургаагны холт­сыг арилган багана хэлбэрт оруулж үзүүрийг нь нийлүүлэн боож өргөн энтэй 3-4 метр брезент нөмөргөөд л  орох оромжоо босго­чихно. Энэ нь нэг насных нь амьд­рах байр нь болох бөгөөд байнга нүүдэллэдэг цаатан иргэд ийм хөнгөн, авч явахад хялбар эд материалыг илүүд үзсээр иржээ. Залуу хосуудыг тусад нь гаргахдаа ч нэг ийм урц бэлтгэж уналга, ачлаганы 10 гаруй этэр, зарь, төллөх манжиг, ганц хоёр хугаш нийт 20 орчим цаа тасдаж өгөхөд л болдог ажээ. Урцны дотор тун давчуу байх агаад хааш хаашаа дөрөв алхахад л хаяанд тулж очно. Орой хэсгээрээ бүр ч давчуу. Урцны хаяа хэсгийг дагуулж хоёр метр хүрэхгүй хоёроос гурван наар засч гар аргаар цавчиж бэлтгэсэн богино банзаар шал хийжээ. Зүүн урд хатавчаа гал тогооны бүс болгож бүхий л сав суулгаа тавьсан харагдана. Хөнгөн цагаан түмпэн, гар аргаар хийсэн модон аяга, халбага, гурилын мод, элдүүр гээд л тэдний гал тогооны хэрэглэл бүрддэг байна. Цаатнуудын хэрэг­лэх цээж зуух хормын төдийд халж тэр чинээгээрээ хурдан хөрдөг учраас галласан даруйд урцыг халаана. Нааран дээр сууж байгаа хүний урдаас галын илч халааж байхад араас дан брезент нэвт жиндүүлсээр байх. Цаатангууд гэлтгүй Хөвсгөл аймгийн хойд сумдын иргэд унанги мод хийгээд яртай мод огт түлдэггүй бололтой юм. Учир нь унанги мод илч муутай байдаг бол яртай модыг хагалж бэлтгэхэд хэцүү байдаг аж. Тиймээс заавал ургаа модыг унагаж түлээнд хэрэглэдэг ажээ.

Монголчууд цаатан иргэдээ Хөвсгөлийн тайгад амьдардгийг мэдсэнээс хойш, цаатан иргэд Монголын иргэн харьяат болон бүртгэгдсэнээс хойш 70 гаруйхан жилийн хугацаанд тэдний амьд­ралын хэмнэл ихээхэн өөрчлөгд­сөн байдаг гэнэ. Өмсөж зүүх, эдэлж хэрэглэхээс эхлээд хэл яриа нь хүртэл орхигдсон байна. Ахимаг насны цаатнууд өөрийн ястны хэлээрээ ярихад залуус нь өөдөөс нь монгол хэлээр хариулж байх жишээтэй. Түүнчлэн цаатангууд өдгөө цааны арьсан гутал, ангийн арьсан хүрэм өмсөхөө больж мон­гол дээл эгэлдэргэлж худалдааны малгай, бүс хэрэглэх болжээ. Учир нь цааны арьс 150 мянган төгрөгт хүрдэг учраас  тэд хааяа нэг цаа хагалбал арьсыг худалдаалж гурил будаагаар солихыг илүүд үздэг байна. Тэгээд ч цаатан эмэгтэйчүүд дунд уламжлалт хувцас оёдог нэгэн байхаа больжээ. Цагаан сар уламж­лалт баяраар өмсөх цаатан ардын хувцас ч олдохоо больсон гэсэн.

 Гэхдээ амьдралынх нь хэвшил ингэж өөрчлөгдсөнөөрөө тэд алдаа­гүй. Устаж үгүй болж байсан цаа бугаа өсгөж үржүүлэн тоог нь 1600-д хүргэж өөрсдийнх нь амьд­рал ч тэр хэрээрээ сайжирч хусны холтсон урцаа халж брезентэн урцаар сольжээ. Цаатан гэгдэх 300 орчим өрхийн дунд хоёр машин, 10 гаруй мотоцикльтой айл байх болж. Мөн 20 орчим өрх монгол мал адгуулж бусдынхаа өвлийн идэш, бусад хэрэглээнд нэмэр болж байна. Дархадын цагаан адуу, дархадын илүү нугаламтай хонь, дархадын цасны монгол үхэр гээд тэд өнөөдөр юм юмны л захтай болж. Саяхан Заяа гэх нэгэн халх эмэгтэй Пүүжээ гэх цаатан залуу­тай ханилсан нь цааны түүхий эдийг эргэлтэд оруулж эхэлсэн байна. Гарын дүйтэй хэсэг нөхдөөр цааны эврэн хутга, бэлэг дурсгалын зүйлс урлуулж эхэлжээ. Тэдэнд халх бэрээс гадна Франц бэр бас бий. Магелла гэх хөрс судлаач эмэгтэй хэдэн жилийн өмнө Дар­хадын хотгор, Баруун, Зүүн тайгын хөрсийг судлахаар ирсэн нь ийм байдалд хүргэжээ. Тэрээр хөтөч хийж явсан цаатан залуутайгаа учир ургуулж хоёр ч хүүхдийг нь тээж төрүүлсэн байдаг аж. Магел­лагийн хоёр хүүхдийн эцэг болох цаатан өөрөө амьдралтай дөрвөн ч хүүхэдтэй гэж байгаа. Гэхдээ тэнд эцгийн эрх хэмжээлшгүй байдаг учраас тэр гэр бүл одоо ч оршин буй.

Цаатан эрчүүд амьдрал ахуйн­хаа бүх зүйлийг мэддэг, чаддаг, хийдэг учраас эмэгтэйчүүдэд нь оногдох ажил гэвэл хоол хийх, хүүхэд өсгөх. Гэхдээ хоол хийхдээ тун маруухан гэдгийг төвөөс очсон хүн бүхэн хэлж байна. Цуйван хийлээ гэхэд гурилыг нь түүхий­рүүлж, махыг нь түлж хиншүү хяр­вас болгож орхино. Харин гурилтай шөл хийвэл амт султай үлхэгэр болгочихно. Цаа буга хүний хөл хүрэхээргүй газарт явж шим сайтай, ховор ургамал, хөвд иддэг учраас мах нь эм гэх. Гэхдээ ямаа­ны махтай тун төстэй, сэрүүн чанарын байдаг ажээ. Ер нь хоол­ны амт чанар гэхээсээ хүртээмж, хангалтын тал дээр санаа зовдог хүмүүс аж. Харин сүүлийн үед гадна болон дотоодын жуулчид цаатнуудыг сонирхох болсноор олон төрлийн амттан мэддэг болж улмаар хоолныхоо амтыг сайж­руулах тал дээр анхаарч эхэлж байгаа гэсэн.

Цаатнууд жуулчдын сайныг нь сурахын хажуугаар муу үлгэр дуурайл авч эхэлснийг учир мэдэх хүмүүс ч ярьж байлаа. Тодруулбал гаднаас ирсэн хүмүүсээс мөнгө, тусламжийн бараа авахыг л боддог болжээ. Өнгөрсөн хугацаанд цаат­нуудад олон удаагийн тусламж очиж байсан ч тэд хэргийг нь хийсэн нь тун ховор гэнэ. Францын олон улсын байгууллагынхан ирж цаатан өрх бүрт шинэ урц, оёдлын машин бас бус зүйлийг өгөөд буцсан байгаа юм. Харин тэд бэлгэнд авсан урцны брезентээ гурван шил архи, оёдолын маши­наа хоёр шил архиар үнэлээд зарсан жишээг хүмүүс ярилаа. Заримдаа ангийн үс, цагаан, ногоон хаш зэрэг ховор барааг ОХУ-ны хил рүү гарч худалдаалан оронд нь орос архи, лаазалсан мах зэргийг авчирдаг тухай яриа ч гарч байв. Үүнийг нь нотлох баримт ч бэлхнээ байх. Урцны хаяагаар хаясан орос архины шил тэргүүтэн үүнийг гэрчилнэ. Тэдэнд хэрэгтэй зүйл гэвэл дулаан хувцас, жиндүүлдэггүй урц, хангалттай хоол. Харин бусад зүйл нь нүүж суухад дараа болох бөгөөд 80 кг-аас дээш ачаа даадаг цаа буга ч байдаггүй юм байна.

Цаатнууд гэх ийм өөр амьдрал дунд хэсэг саатахад сайн, муу олон л зүйл дуулдаж байлаа. Өөрсдийнх нь угсааны хэл устаж, цус ойртож, өмсгөл нь хүртэл өнөөдөр хараг­дахаа больжээ. Магтууштай зүйл нь архинаас татгалзаж, эхэлсэн бай­на. Хүүхдийн 20 мянган төгрөгөөс өөр орлогогүй байж цааныхаа тоо толгойг өсгөхөөр идэш бэлтгэхээ больсон байна. Хүүхдээ их дээд сургуульд явуулахын тулд ойн жимс, голын загаснаас эхлээд хориглоогүй бүхнийг бэлтгэж худалдаалж эхэлжээ, тэд.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Тамхины явуулын ТҮЦ ажилладаг болсон уу?

Тамхины тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс  хойш тамхины худалдаа далд хэлбэрээр хөгжиж, шагийн үнээр хулхи тамхи борлуулж байна гэх шүүмжлэл иргэдээс ирж байгаа. Тамхины тухай хуулийн хэрэгжилтийн та­лаар сурвалжилсан юм. Энгэ­рээ­рээ дүүрэн тамхи халаа­сал­сан залуучууд хөл хөдөл­гөөнтэй газруудаар явж явуу­лын ТҮЦ маягаар тамхины худалдааг хууль зөрчин өргө­жүүлдэг болжээ. Иргэдийн нэрлэж сурснаар Багшийн дээдийн автобусны буудал дээр ирлээ. Энд зогсох 30 гаруй насны  залуу хажуу­гаа­раа өнгөрсөн залуучуудаас тамхи авах уу гэж асуух аж. Авъя гэсэн хүмүүст энгэрээ дэлгэж харуулж байлаа.  Түүний хүрэмний дотор талын халаасанд төрөл бүрийн хайрцагтай тамхи байна. Парламент хэд вэ гэж асуухад хайрцаг нь 3500, ширхэг нь 200 төгрөг гэж хэлээд  таван ширхгийг ху­далдах аж. Таван хормын дараа түүний урдаас хоёр оюутан залуу чиглэн ирээд хоёр ширхэг тамхи аваад явав. Эндхийн оюутнууд явдаг тамхины ТҮЦ ажил­луул­даг залууг анддаггүй бололтой. Тэрбээр “Тамхины хууль гарснаас хойш тамхи­ны наймаа харин ч ашигтай болсон” гэж байв. Үсчин хий­дэг найзынх нь ажил эндээс  ойрхон байдаг учраас энгэр­тээ нуусан тамхиа бор­луулж дуусаад дахиж очоод авдаг байна. Автобусны бууд­лын булан эргээд цагдаагийн хоёр ч машин зогсож байв. Цагдаагийн машины хажуу­ханд сонин борлуулах цэгийн наана 30 гаруй насны эр хайрцан дээр ундаа, чихэр, бохь тавьчихсан ширхгээр зарж байлаа. Тэр залуугаас чихэр, ундаа худалдан авч байгаа хүмүүс харагдсангүй. Харин очсон хүн бүр л тамхи байна уу гэж асуух аж. Тэр залуу хайрцган доороос хар цүнх гарган өвөр дээрээ тавьж байгаад нууцаар тамхи ширхэглэн худалдах аж. Энэ хүний хувьд өдөрт 20 хайрцаг тамхи зар­даг гэсэн. Цаана нь ной­тон сальфетка, чихэр, бохь зарж суугаа хоёр настай эмэг­тэй ч мөн л нууцаар там­хи зарах аж. Гурван оюутан охин ширхгээр “эссэ” тамхи худалдаж аваад цаашаа явж байгаа харагдав. Олон ний­тийн газар тамхи худалдан борлуулахыг хориглосон учраас гудамжинд тамхи ил тавиад зарж байгаа хүмүүс энд байхгүй ч бүгд л нууцаар зарж байлаа. Сур­гуулийн хажууд, олон ний­тийн газар тамхи худалдан борлуулж хууль зөрчиж бай­гаа энэ хүмүүс торгуулж бай­гаа­гүй гэнэ. Цагдаа нэг удаа са­нуулж байсан гэнэ. Тэд да­хиад тамхи худалдахгүй гэж амлаад, гуйж байгаад торгуу­лаагүй хэмээн ярьж байв.   Мөн Багшийн их сур­гуу­лийн урд талд тамхи татаад явж байгаа залуучууд, охидууд харагдлаа. Цагдаад торгуу­лах болов уу гэсэн болгоом­жил­сон шинж тэдгээр залуу­чуудад байхгүй байгаа нь илт байв.

БАЯНЗҮРХ ЗАХЫН ҮҮДЭНД ТАМХИ ИЛ ТАВИАД ХУДАЛДАЖ БАЙВ

Баянзүрх захын үүдэнд гадаа нэг настай эр тамхи ил тавиад худалдаж байна. Хууль зөрчиж байгаагаа мэдэж байгаа ч ил гаргаж тавихгүй бол зарагдахгүй байгаа гэнэ. Орой болохоос өмнө хайрцагтай тамхиа бор­луулж дуусаад талх, гурилаа аваад харих ёстой гэнэ. Га­даа оймс, өмд зарж байгаа хүмүүс ч гэсэн нууцаар тамхи худалдаж байв. Явуулын тамхины худалдаа ч их. Үүр­гэвч­нээсээ тамхи гаргаж ирээд худалддаг хүмүүс захын лангууны худал­дагч­дад тамхи зөөж зарж байлаа. Энд тамхи борлуулж байгаа олон хүн байдаг учраас там­хины үнэ нь Багшийн дээдийн гадаа суух хүмүүсээс 200-300 төгрөгөөр хямд байлаа.  Харин эндхийн томоохон дэлгүүр, супермаркетад там­хи худалдахгүй гэж хариулж байлаа. Дэлгүүрийн хаалга­ны шилэн дээр тамхи худал­дахгүй гэсэн бичиг наасан байв. Учир нь лангуун дээр тамхи байхгүй байгааг иргэд харж байгаа хэрнээ тамхи байна уу гэж байнга асуудаг байна. Зарим хүмүүс лангуун доор чинь тамхи байгаа биз дээ, зарчих л даа гэж худал­дагчийг шаналгадаг гэнэ. 

Хотын төвийн хөл хөдөл­гөөнтэй газраар Тамхины тухай хуулийн хэрэгжилт ийн­хүү хэрэгжихгүй байв. Уулз­сан хүмүүсийн зарим нь Там­хины хуулийн хэрэгжилтэд талархалтай байсан бол бас шүүмжлэлтэй хандаж байсан хүмүүс байв. Иргэн Батбилэг “Тамхины хууль  амьдралаас хол хууль болсон. Хэт туйл­ширч, хүний эрхэнд халдаж байна. Тамхи худалдан бор­луулахыг хориглож болно. Гэхдээ тамхи татаж болох цэгүүдийн байршлыг гаргах хэрэгтэй байсан юм. Тамхи татах цэг байхгүйгээс иргэд хүний нүднээс далд газар цугларч байгаад тамхи татдаг болсон. Хуулийг хэрэгжүү­лэхэд торгууль чухал үүрэг­тэй. Гэвч далд хэлбэрээр тамхи шаглаж байгаа хүмүүс өнөөдөр улам л өргөжиж байна” хэмээв.

Х.ЦЭНДАЮУШ 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Батсуурь гишүүний аавын нэрэмжит уралдааны үеэр хүүхдийн амь эрсэджээ

Хурдан морины унаач хүүхдийн эрхийг хамгаа­лах асуудлаар “Өдрийн сонин”  хэлэлцүүлэг өр­нүүлж энэ асуудлыг нийг­мийн анхааралд хан­дуулж байсан билээ.  Тий­мээс ч Монголын морин спорт уяачдын холбоо­ноос хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байд­лыг хамгаалах, зөвшөө­рөл­гүй хууль бус урал­даа­ныг зогсоох зорил­гоор өнгөрсөн гуравду­гаар сарын 26-наас эхлэн шийдвэр гаргасан юм. Тодруулбал, зурга­дугаар сарын 1-нийг хүр­тэл хур­дан морины урал­даан зохион байгуулахыг хориг­лосон билээ.

Холбооны хоригло­сон шийдвэрийг зөрчиж хурдан морины урал­даан зохион байгуулсан  байгууллага, аж ахуйн нэгж, иргэд түүнд оролц­сон уяачдад хатуу ха­риуц­лага хүлээлгэх бол­но гэдгийг анхааруулаад байлаа. Гэтэл Дорноговь аймгаас УИХ-д сонгогд­сон Ж.Батсуурь гишүүн нутаг­таа ажиллах үеэрээ айм­гийн алдарт уяач Б.Жамъянсүрэнгийн буюу өөрийн аавынхаа нэрэмжит уралдааныг өнгөрөгч сарын 17-нд Улаанбадрах суманд зо­хио­сон байна. Энэ үеэр Ж.Батсуурь гишүү­ний дүү Ж.Баттулгын морийг унан уг урал­даанд уралдсан есөн настай А.Эрдэнэхүү мориноосоо унаж тар­хин­даа хүнд гэмтэл авчээ. Сайншанд сумын сур­гуулийн сурагч тэрээр Улаанбаатар хотод хүр­гэгдэн ирээд  Гэмтлийн эмнэлэгт тав хоног ухаан­гүй хэвтээд өөд болжээ. Талийгаач А.Эрдэнэ­хүү­гийн ху­вьд уралдааны үеэр зо­риу­­лал­тын хувцас хэрэг­лэл­гүй байсан аж. Энэ хэр­гийн та­лаар Монголын морин спорт уяач­дын холбооны Дор­но­говь айм­гийн салбар зөвлө­лөөс тод­руулахад, “Бидэнд Улаан­­бад­­рах суманд хурдан мо­ри­ны уралдаан зохион бай­гуулах гэж байгаа талаар мэдэг­дээгүй. Уралдаан болж дуус­саны дараа хүүхэд амиа алд­сан гэж сонссон. Манай­хаас газар дээр нь очиж ямар урал­даан болсон талаар үзээ­гүй уч­раас нарийн мэдээ­лэл алга байна. Ямар  ч бай­сан манай­хаас зөвшөөрөл аваа­гүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.  Талий­гаач А.Эрдэ­нэхүү хүү­гийн гэр Дорноговь аймгийн Сайншанд суманд  байдаг аж. Түүний ээж Мөнх­туяатай ут­саар холбог­дож зарим зүй­лийг тодруу­лахад тэрбээр “Нэгэнт өнгөр­сөн хэ­рэг уч­раас хүүгийнхээ ясыг өндөл­зүүл­мээргүй бай­на. Урал­­­дааныг зохион бай­гуул­сан хүмүүс бидэнд тусалж бай­гаа. Хүү­гийн­хээ асуудлаар бүх л га­зарт хандсан. Хүүгээ алд­сан эцэг, эхийн сэтгэл мэдээж хэ­цүү л байна. Гом­долтой бай­лаа гээд яах билээ. Золгүй осол учраас яалтай ч билээ. Тий­­мээс ярилцлага өгмөөргүй бай­на” гэсэн юм.  Энэ хэрэг дээр Ж.Батсуурь гишүүний дүү Ж.Баттулгад эрүүгийн хэ­рэг үүс­гэсэн шалгаж байгаа юм байна.

  Ж.Батсуурь гишүүний төр­сөн дүү Ж.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

Улаанбадрах суманд зо­хион байгуулсан урал­дааныг зөвшөөрөлгүй бай­сан гэсэн. Яагаад зөвшөө­рөлгүй урал­даан зохион байгуулсан юм бэ?

-Би
өөрөө Сумынхаа уяач­дын холбооны тэргүүн л дээ. Гуравдугаар сарын 17-нд суман дээр зохион бай­гуул­сан морин уралдааныг би ивээн тэтгэж зохион бай­гуул­сан юм. 40-50 морь уралдсан. Хурдан морины уралдаан зохион байгуулахдаа Засаг даргаас зөвшөөрөл авах ёс­той гэж заасан байгаа шүү дээ. Тиймээс манай холбоо­ноос сумын Засаг даргатай хамтраад хөтөлбөр гаргаж энэ уралдааныг зохион бай­гуул­сан учраас зөвшөө­рөл­тэй уралдаан.

Ж.Батсуурь гишүүн аав­даа зориулж уг урал­дааныг зохион байгуулс­наас болж  хүүхэд эндлээ гэсэн шүүмжлэл байгаа?

-Би
Ж.Батсуурь гишүүний төрсөн дүү. Бид эхээс ах, дүү 11-үүлээ. Ж.Батсуурь гишүүн энэ уралдаанд оролцоогүй. Би өөр хоёр ахтайгаа хамт­раад зохион байгуулсан юм. Манай аав Б.Жамъянсүрэн аймгийн алдарт уяач хүн бай­сан. Сумынхаа морин урал­дааныг зохион байгуулдаг байсан юм.  Харин сүүлийн арван жил Улаанбадрах су­мын хурдан морины урал­даан зохион байгуу­лаг­даа­гүй.  Тиймээс энэ жил сумын­хаа хурдан морины урал­дааныг аавынхаа нэрэмжит  болгож ивээн тэтгэж зохион байгуулсан. Харамсалтай нь уралдаанаар хүүхэд эндсэн хэрэг гарсан.  Тэр хүү миний морийг унадаг байсан юм. Би хүүгийн ээжтэй нь яриад “Хүү­гээр чинь морио унуулъя. Үнэ хөлсийг нь өгнө өө. Хүүхдийг чинь хөдөө айлд орхихгүй ээ, Морио унуулчихаад гэрт нь хүргэж өгнө” гэж хэлээд зөв­шөө­рөл авсан юм. Өмнө нь хүү хамаатан, садангийнхаа морийг унадаг байсан юм билээ. Тэгээд би ээжид нь хэлж зөвшөөрөл авсан уч­раас өнгөрсөн жил гурван удаа хүүгээр морь унуулсан. Баян айлын хүүхэд морь унаад, мөнгө авахгүй нь мэ­дээж.  Хэдийгээр хүүхдүүд өөрсдөө морь унах дуртай байдаг ч зарим талаараа амьдралын шаардлагаар хурдан морь унаж байгаа хүүхдүүд байгаа. Би хүүд морио унуу­лаад үнэ хөлсийг нь өгч бай­сан. Нэг удаа морь унуулаад 300 мянган төгрөг өгч байсан. Би өөрөө гурван хүүхэдтэй. Манай хүүхдүүд бүгд л морь унаж том болцгоосон.

Эндсэн хүү ямар гэм­тэл авсан юм бэ?

-Морь
эргээд километр ч яваагүй байхад унасан. 500 метр гаруй явж байсан байх. Унангуут нь эмнэлэгт хүр­гэж өгсөн. Толгойгоороо хүч­тэй унаад гэмтэл авсан бай­сан. Улаанбаатарт Гэмтлийн эм­нэ­лэгт тав хоног хэвтсэн дээ хөөрхий. Газар ойчсоноос болж тархиндаа цус харвасан байна гэж эмч хэлсэн. Хүүхэд эмнэлэгт байхад би цуг са­хиад, ажил явдлынх нь зард­лыг гаргасан. Дөрвөн сая төг­рөг зарцуулсан байх аа. Хүү­гийн ар гэр тийм болом­жийн амьдралтай айл биш л дээ. Дорноговьд нэг газар авч буусан юм байна лээ. Одоо байгаа газар нь таарахгүй байна гэсэн учраас шинэ ха­шаа худалдаж авч өгөхөөр судалж байна. Манай аймагт хашаа арваад сая төгрөг бо­лох байх. 

Танд эрүүгийн хэрэг үүс­гэн шалгаж байгаа гэсэн үү?

-Хэргийг
хуулийн байгуул­лага шалгаад төлбөр тор­гууль тавих байх. Тэрийг нь өгнө. Хүмүүсийн яриад бай­гаа шиг хүүхэд алчихаад зуг­таа­гаад яваагүй, би. Баян цатгалан хүн биш ч гэсэн ямар ч байсан хүүгийн ар гэрт нь тус болно. 

Ар гэрт нь нөхөн төлбөр өгөөд өнгөрөх хэрэг биш байх аа. Хурдан морины уралдаанаар олон хүүхэд эндэж байгаа тухай сонс­сон байх. Сумын уяачдын холбооны тэргүүний  хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Манай
сумын урал­даа­ныг зохион байгуулсны да­раа  тэр үеэр  бага насны хүүхдээр морь унуулж, хам­гаа­лалтын хувцас хэрэглэл байхгүйгээс эндэж байгаа тухай асуудал хүчтэй яригдаж байсан. Үнэхээр унаач хүүх­дийг хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах нь чухал байгаа. Гадаад оронд том хүмүүс морь унадаг. Монгол­чууд үндэснийхээ баяр наад­мыг хийхгүй байна гэж байх­гүй. Тиймээс унаач хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэг­лэлтэй болгох нь чухал асуу­дал. Хүүхдүүдэд каскан мал­гай өмсгөх ёстой гэж журамд заасан байгаа. Гэвч өнөөдөр хүүхдэд  зориулсан каскан малгай хаана ч байх­гүй байна. Тоглоомон малгай­гаар яах юм бэ. Тэгээд ч хүүх­дүүд уралдахдаа тэр малгайг чинь өмсөх дургүй байдаг. Уралдаж байхдаа малгайгаа авч шидээд байдаг юм. Ер нь монголчууд наадам хийхгүй, морь уралдуулахгүй байна гэж байхгүй. Тиймээс унаач хүүхдийн хамгаалалтын хув­цас хэрэглэлийг цогцоор нь бэлдэх нь чухал асуудал шүү дээ. Хувьдаа би дэмжиж бай­гаа ч хурдан хэрэгжээсэй гэж хүсч байна гэв.

 Х.ЦЭНД-АЮУШ