Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх ажлууд хийгдээд олон жил болж байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гардаггүй.
Гэтэл хамгийн ноцтой нь “Эрдэм транс” ХХК нь нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “шинэ автобус” оруулж ирсэн хэмээн улсын төсвөөс их хэмжээний санхүүжилтийг гаргуулан авчээ.
Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хот”-д нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг болох “Эрдэм транс” ХХК нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн автобусыг импортлон оруулж ирэхдээ 135 автобусны “арлын дугаар” болон оныг засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогджээ. Уг хэрэг залилан болон их хэмжээний мөнгө угаах давтан үйлдлээр яг одоо хуулийн байгууллагад шалгагдаж байна.
Бүр ноцтой нь, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобуснуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байсан нь шалгалтаар илэрчээ.
Мөн энэ дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК -ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг , шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон байна.
Товчхондоо, “Эрдэм транс” гэдэг компани бол хохирогч биш залилагч байжээ. Учир нь тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын 70-68 хувь нь он засчихсан байдаг гэсэн үг.