Categories
мэдээ нийгэм

“Зөвлөлтийн зохиолчдын туужис” буюу Аайтаматовын “Далайн хөвөөний алаг хав толгод”

Эрхэм уншигч та бүхэнд энэ удаа нэлээд хуучны гэж хэлж болохуйц номын тухай хүүрнэе. Энэ ном бол 1982 онд хэвлэгдсэн “Зөвлөлтийн зохиолчдын туужис” нэртэй ном юм. Уг эмхэтгэл бүтээлд Чингиз Айтаматовын “Далайн хөвөөний алаг хав толгод”, Валентин Распутины “Мөнгөний эрэлд”, Василий Шукшины “Морин улаагана”, Георгий Марковын “Нөхрийн гэрээс”, “Миний цэрэгт байсан үе”, Альберт Лихановын “Нар хиртсэн нь” зэрэг зургаан тууж багтжээ. Чингиз Айтаматовын “Далайн хөвөөний алаг хав толгод” зохиолыг дунд сургуулийн сурагч байхдаа уншиж байж. Одоо эргээд санахад энэ зохиол надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн, бас одоог хүртэл хадгалагдаж үлдэж. Энэ туужийн гол агуулга нь хүн, тэр тусмаа хүүхдээс ямар их сэтгэлийн хат, тэвчээр гардаг вэ гэдгийг ер нь утгаар нь харуулсан гэж болно. “Өглөө наран ургаж хоёр улиангарын төдий өндөрт хөөрөхийн сацуу тэндээс, Алаг хав толгойн булангаас Нивхи ястны хэлээр “Каяк” хэмээх бяцхан гуя онгоц далайд гарав. Завины дээр гурван ангуучин хамт нэгэн бага шиг хөвүүн явав. Арай залуу, арай чийрэг хоёр нь онгоцны дөрвөн сэлүүр барьж, хамгийн хөгшин нэг өвгөн хитэг дээр суугаад модон гаанс яаралгүй сорон завийг жолоодон явав…”. Яг эндээс зохиолын охь шим нь гардаг гэж уншигчийн хувьд боддог. Далайн хав агнахаар гарсан анчид болон анх удаа хөлгүй их далайд гарсан бяцхан хөвүүн эхлээд нэг бяцхаан арал дээр очоод дориун ан автай байх боловч цааш дахин нэг арал дээр очих чин зорилготой. Очих аралдаа хүрэхээр явж байхад нь хөлгүй их далайн мандал дээгүүр хязгаар үл мэдэгдэх зах хязгааргүй манан бүрхэнэ. Тэр их манан дунд зүг чигээ алдсан анчид хязгааргүй олон хоногийн туршид эзгүй далайд хэрэн бэдчинэ. Ам цангахын эрхээр далайн шорвог давстай усыг нь шанагадан уух авч цангаа хэзээ ч үл тайлагдана. Эл аугаа бүтээлд мөн эцгийн үрээ хайрлах хайр ямар агуу вэ гэдгийг үнэхээр сонгодог утгаар нь гаргасан. Бас нэгэнт наслах насаа насалсан, хорвоог үзээд туулчихсан болохоор эцсийн эцэст гал голомтоо залгах нуган үрийнхээ халуун амины төлөө өөрийгөө харамгүй зольж байгаа аав хүний дүрийг ч мөн тод гаргасан. Нээрээ л ингээд бодоход эцсийн амьсгалаа хүн үр хүүхдийнхээ төлөө зориулдаг даа гэсэн бодол эрхгүй төрнө.

Гэтэл захгүй далайд, зүг чиггүй манан буданд төөрөгсдийг хүлээгчид бас ямар их энэлэн болоод шаналал дунд элэг эмтрэн хүлээж байгаа билээ. Өдөр шөнө, өглөө оройгүй захгүй тэнгисийн эрэг дээр их түүдгийг өрдөн буй эхнэр, эх хүний хүлээлтийг мэдрэх хэрэгтэй. Ард үлдэгсдийн тэр их хүлээлт, итгэл найдварын гал эцсийн мөч хүртэл сүүмэлзсээр байх ажгуу.

Өмнө өгүүлсэн залуурч өвгөн багахан усаа өөртөө бус залуустаа харамгүй өгч байгаа, бяцхан хүүд итгэл найдварыг чадах хэрээрээ өгч байгаа, анир чимээгүйхэн өөрийгөө их далайд өргөж байгаа гэх мэт олон, олон элэг эмтрэм үйл явдлууд эл бүтээлд гарах билээ. Та бүхэн уншаагүй байгаа бол заавал уншаарай. Эцсийн эцэст итгэлийн гал тэнгисийн эрэг дээр сүүмэлзэн харагдах ажгуу.

Уг түүвэрт байх дараагийн нэг зохиол бол аугаа соён гэгээрүүлэгч В.Шукшины “Морин улаагана” юм. Энэ зохиолоор оросууд кино хийсэн. Бас манайхан ч яг зохиолоор нь маш сайн кино хийж чадсан. Агуулга нь бас л юм бодуулахаар шүү. Орчин цагийн хэлээр бол нэлээд “хүнд гар” шоронгоос алс нутгийн нэгэн бүсгүйтэй захидлаар харилцсаар эцэстээ хайр сэтгэлтэй болж байгаа, хайр сэтгэлээрээ жигүүр хийн мөнөөх бүсгүйдээ очиж хамтдаа сайхан амьдралыг эхлүүлж буй эгэл жирийн бүхний тухай өгүүлнэ. Гэвч гэрэл гэгээ бүхнийг дагаж гайхам сайхан аз жаргал ирдэггүйг эл зохиолоос харах билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *