Categories
мэдээ цаг-үе

Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь хамгийн тохиромжтой

Нефть боловсруулах байгууламжийн ахлах оператор, ахмад инженер С.Зоригтбаатартай ярилцлаа.

-Зүүнбаян дахь газрын тосны ордыг хэдэн онд олж нээсэн бэ, мөн хэдэн оноос ашиглаж эхэлсэн бол?

-Монголд газрын тосны хайгуул 1938 оны үеэс ЗХУ-ын хүч хөрөнгөөр зурагчлалын хэмжээнд хийгдэж байсан. Эх орны дайны үед завсарласан юм. 1946 оны сүүлчээс Дорноговь аймгийн нутагт хайгуулыг дахин сэргээж Зүүнбаянгийн пойл, Дунд баянгийн пойл, Дэнгийн цагаан овооны пойл зэрэг олон талбайд эрчимтэй ажилласны үр дүнд Зүүнбаянгийн сав газрын нефтийн ордуудыг тогтоосон юм. 1949-оны дөрөв, тавдугаар сараас ЗХУ-н хэсэг мэргэжилтэн Зүүнбаянд ирж хөрсний болон цулийн нягтрал, үйлдвэрийн даац, газрын байршлыг нь судлан үйлдвэр байгуулахад тохирох газар гэж сонгож байв. 1949-оны наймдугаар сард тэрхүү тогтоогдсон газарт нефтийн үйлдвэр барьж ЗХУ-ын төрөл бүрийн мэргэжилтэн, ажилтан, ажилчид болон дайны үед Германд бууж өгсөн 505-р ангийн гэх хоригдлууд ирж орон сууц, үйлдвэрийн шугам сүлжээний шуудууг бэлтгэж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байрлуулсан. 1952 оны 12 дугаар сарын 25-нд Маршал Чойбалсан ирж цооногийн асаах товчлуурыг дарж ажиллуулснаар Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж, дэлхийн газрын зурагт газрын тосны үйлдвэртэй гэж тэмдэглэгдсэн түүхтэй.

-Үйлдвэрийг Монголчууд өөрсдөө хэзээнээс бие даан ажиллуулж эхэлсэн бэ?

-Тус үйлдвэр нь 10 шахам үйлдвэрийг дотроо багтаасан 1000 шахам ажилчин албан хаагчтай, эмнэлэг, сургууль тэргүүтэй бүх үйлчилгээний төвүүдтэй болж, 1957 оны намрыг хүртэл ЗХУ-н харьяаны үйлдвэр байлаа. 1957 оны долоо наймдугаар сараас уг үйлдвэрийг Монгол Улс хүлээн аваад үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлого боловсруулж, ЗХУ-д анхны оюутан Цагаанхүүгийн Багмид суралцан таван жилийн дараа улаан дипломтой төгсөн нефтийн анхны Монгол инженер болж байлаа. Багмид гуайн араас дотоод, гадаадад нефтийн дээд сургууль төгссөн өндөр боловсролтой, удирдан зохион байгуулах чадвартай, үндэсний олон сайхан инженерүүд жил дараалан ирж нутаг орныхоо баялагийг өөрсдийнхөө оюун ухаан, ур чадвараараа боловсруулж эхэлсэн. Эдгээр инженерүүд нь үйлдвэрээ үндэсний мэргэжилтэй залуу ажилчдаар хангахын тулд үйлдвэр дээр төрөл бүрийн мэргэжлийн сургалтын төв байгуулж, зэргэлдээх аймгуудаас залуучуудыг элсүүлэн авч мэргэжил эзэмшүүлэж байсан нь үйлдвэрийн жигд ажиллагааг хэвшүүлэх, улсын төлөвлөгөөт даалгаврыг цаг хугацаанд нь тогтмол биелүүлэх, уралдаанд үргэлж дээгүүр байр эзлэхэд нь ихээхэн үр өгөөжтэй, чухамдаа манлайлагч үйлдвэр болж байлаа.

-Тухайн үед тус үйлдвэр хэр үр бүтээлтэй ажиллаж байв?

-Тухайн үед нефть боловсруулах заводод 10 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас бензин, дизелийн түлш, мазут, кокс зэрэг бүтээгдэхүүн нь таваарын бүтээгдэхүүн болж дотоодынхоо зохих хэрэглээг хангадаг, бусад бүтээгдэхүүн нь дотооддоо дахин боловсруулалтад ордог байв. Тус завод нь хоногт 70 орчим тонн бензин, 80 орчим тонн дизель түлш, боловсруулдаг байлаа. Зүүнбаянд үйлдвэрлэсэн бензинээр Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймгууд болон Гурван тэс, Эрдэнэдалай, Хэрлэн, Баян-Улаан, Хар айраг, Зүүнбаян, Түмэнцогт зэрэг улсын колонктой газруудыг дангаараа ШТМ-аар хангадаг байсан билээ. Зүүнбаянгийн үйлдвэрт маршал Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Төв хорооны Цэнд, Рагчаа, Дамдин зэрэг нам төрийн удирдлага байнга ирж зөвлөгөө өгдөг байсан. Ийм л хөдөлмөр бүтээл өрнөсөн сайхан үйлдвэр говь нутагт сүндэрлэж говийн ард олны амьдрал ахуй, сурч боловсроход нь ихээхэн үр нөлөөтэй байсныг бид сайн мэднэ.

-Тэгвэл яагаад энэ нефтийн үйлдвэр хаагдсан юм бол?

-Тэр үед ЗХУ-ын Буриадын нутагт нефтийн томоохон орд газар илэрч түүнийгээ түшиглэсэн газрын тосны үйлдвэр байгуулж, манай нефтийг чанар муутай гэж худлаа шалтаг заан их гүрний дээрэнгүй үзлээр өөрсдийнхөө нефтийг манай үйлдвэрт шахаж өгөх болсон. Зарим үед маш олон вагоноор ирж агуулах савны хүрэлцээгүйгээс их хэмжээний торгууль төлөөсөнд орох эс бол олон хоногоор тасарч үйлдвэрийн жигд ажиллагааг алдагдуулж сул зогсолтод орох, төлөвлөгөө даалгаврыг тасалдуулах зэргээр хүндрэлтэй байдаг байсан. Ийнхүү дарамт шахалтаас болж манай үйлдвэр өрөмдлөг контор монтажийн байгууллага, хайгуулын анги салбараа татан буулгаж олон сайхан мэргэжилтэй залуусаа халж байв. Ер нь чухал үйлдвэрийн гол түүхий эдийг гадаадаас авна гэдэг нь хараат байдлаа улам лавшруулдаг юм байна гэдгийг ахмад нефтьчин бид яс махандаа тултал мэдэрсэн.

-Энэ онд Засгийн газар Зүүнбаянд газрын тосны үйлдвэр байгуулах тухай тогтоол гаргасан. Үүн дээр таны бодол, бас бусад хүн ямар хандлагатай байх шиг байна?

-Энэ оны гуравдугаар сард Засгийн газар эх орноо шатахууны хараат байдлаас чөлөөлөхийн тулд тал хээрийн бүсэд буюу Тамсагт, говийн бүсэд буюу Зүүнбаянд газрын тосны үйлдвэр байгуулах тухай 113-р тогтоол гаргасан нь зөв шийдэл болсон юм. Манай улс шатах тослох материал болон эрчим хүчний талаар олон жил дараалан харь гүрний хараат байдалд явснаар улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдалд тийм ч сайн нөлөө үзүүлж ирээгүй нь ойлгомжтой. Гэтэл өндөр настан Т.Намжим дээрх 113-р тогтоолыг үндсээр нь эсэргүүцэж байгаа бололтой. Тэрээр их хурал болон Засгийн газрын шийдвэрээр Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барих тогтоол удаа дараа гарсныг энэ Засгийн газар, Д.Эрдэнэбат сайд үгүйсгэлээ гэжээ. Энэхүү 113-р тогтоолд хуучин Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгов гэх юмуу, Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барихыг хориглосон ганц ч үг үсэг байхгүй билээ. Дархан-Уулд газрын тосны үйлдвэр байгуулж болно л доо. Гэхдээ Дархан-Уул аймагт техник эдийн засгийн үндэслэл бүрдсэн гэж бичээд байгаа ч хөрс нь бохирдсон Хонгорт үйлдвэр байгуулах гээд байна. Хонгорт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ байгаа юмуу.

-Дархан-Уул аймагт биш Зүүнбаянд газрын тосны үйлдвэр барих ёстой гэж зүтгээд байгаа чинь ямар учиртай юм бэ?

-Зүүнбаянд 1949 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж иж бүрэн үнэлгээг бүгдийг хийсэн. 1970 оны үед БХЯ Зүүнбаянд төгс бүрэн механикжсан мото буудлагын дивиз байгуулахдаа ч бас дахин үнэлгээнүүдийг хийсэн. 1990 онд олон улсын газрын тосны чичирхийллийн хайгуулынхан ирж мєн үнэлгээнүүд хийсэн. 2000 оны үед Хятад улсын мэргэжилтнүүд орчны судалгааг бүрэн хийсэн ба ахмад нефтьчин бидэнтэй хүртэл уулзалт хийж байсан юм. Зүүнбаянд ийм ийм өндөр түвшинд хийгдсэн судалгаа үнэлгээ байгаа, Харин Дархан-Уул аймгийн Хонгорт ар өврийн хаалгаар олсон ойр зуурын үнэлгээ байж болох талтай. Зарим нэг хїн тухайлбал доктор Т.Намжим Дархан-Уул аймагт байгуулна гэж төр засаг, салбар хариуцсан сайдын шийдвэрийг эсэргүүцэж өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байгаа нь тийм ч таатай биш байна.

Зүүнбаян одоо Ази, Европыг холбосон төмөр зам, олон улсын авто замын сүлжээнд холбогдсон. Багануурын өндөр хүчдэлд холбогдож 2014 онд ашиглалтад оруулсан боломжийн хүчин чадалтай дулааны сүлжээ, цэвэр усан сантай, тохилог орон сууц элбэгтэй, 900 хүүхдийн багтаамжтай 12 жилийн дунд сургууль болон цэцэрлэгтэй, 150 ортой цэргийн эмнэлэг байсан барилгын багахан хэсэгт нь одоо сум дундын эмнэлэг ажиллаж байна. 650 хүний суудалтай гурван давхар тохилог соёлын төвтэй, таримал мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн цэнгээнт бүжгийн талбай бүхий 0,60см-4 метрийн гүнтэй хиймэл нуур зэрэг байгууламжтай, одоо цагийн нийгэм, иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц тохилог сайхан тосгон үйлдвэрлэгчдээ хүлээж байна. Ахмад нефтьчин бид болон Зүүнбаянгийн иргэд төр засгийн түшээ нарын боловсруулсан Зүүнбаянд газрын тосны томоохон үйлдвэр байгуулах 113 дугаар тогтоолыг дэмжиж байна. Д.Эрдэнэбат сайдыг Зүүнбаянгийн үйлдвэр байгуулах газартай танилцахыг урьж байна.

Ө.Манлай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *