Монголын төмөр зам ТӨХК нь стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутагт шатахуун хүргэж, Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замаар энэ оны 4 дүгээр сараас хойш нийт 47 779 тн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлээд байна.
Тус компани Зүүнбаян-Цогтцэций чиглэлд 5 вагон буюу 325 тн аммонийн нитратийн тээврийг 12 дугаар сарын 3-нд амжилттай зохион байгуулсныг Монголын төмөр зам ТӨХК мэдээлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалд “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-ын “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт, аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу энэ оны 10 дугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлажээ.