Categories
мэдээ цаг-үе

Зүүн Герман дахь хөлбөмбөгийн хувьсгал

ХБНГУ-д Лейпциг хэмээх хот байх. Хагас сая хүн амтай, хуучны соц Германы томоохон хотуудын нэгэнд багтдаг, маш олон монгол оюутан амьдарч, суралцаж байсан тун гоё дулаахан хот. Ихээ том банхоффтай(төмөр замын вокзал), Дуурийн театр, Гэгээн Фомагийн сүм энээ тэрээ гээд эрт урьдын сүрлэг барилга байгууламжтай, Бах, Вагнер мэтийн дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолчдын өлгий нутаг Лейпциг хотод хэсэг хугацаанд амьдарч байсны хувьд бага сага гадарлана. Ингэж хол нуршихын учир нь энэ хот хэзээ ч спортын, тэр тусмаа хөлбөмбөгийн хот байсангүй гэдгийг хэлэх гэсэн юм. Эмэгтэйчүүд нь гандбол тоглож дэлхийд эрэмбэлэгддэг гэсэн боловч дэлхийд цуурайтдаг спорт биш тул хэн түүнийг нь анзаарах билээ. Хөлбөмбөгийн хувьд хэдийгээр “Лейпциг” гэдэг баг анхны Бундеслигийн аваргаар 1903 онд тодорч байсан гэдэг архивийн материал байдаг ч түүнээс цааш гайхуулах зүйл үгүй. Жилдээ нэг удаа монгол оюутнууд, вьетнам оюутнуудтай хөлбөмбөгийн тэмцээн зохиож хожигддог байсан нь бараг л тэр хотын хөлбөмбөгийн хамгийн том арга хэмжээ байсан гэвэл мэдээж хэтрүүлэг болох ч өөрөөр Лейпцигт хөлбөмбөгийн тэмцээн боллоо гэж сонсогддоггүй байсан нь үнэн юмдаг. Гэтэл өнгөрөгч жилээс “РБ Лейпциг” гэдэг мэргэжлийн хөлбөмбөгийн баг гарч ирж Бундеслигийг ёстой жинхэнэ утгаар нь шуугиулж эхэлдэг байна шүү. Хэдхэн жилийн өмнө сураг ч үгүй байсан, өөрийн гэсэн үүх түүх, замнал гээд хүнд үзүүлчихээр олигтой намтаргүй, тэгээд дээр нь зүүн Германы баг арван тойргийн дараа, Бундеслигийн шинэ улирал эхлээд хоёр сар хагас өнгөрч байхад, хүснэгтийн эхэнд алдарт “Бавари” Мюнхэнтэй хамт адилхан оноотой бусдыгаа тэргүүлээд жагсаж байна гэдэг үнэхээр гайхамшигтай сенсаци бөлгөө. Тэгээд яаж яваад “РБ Лейпциг” гэдэг баг тав, зургаахан жилийн дотор “ядуусын хорооллоос дээдсийн хүрээлэнд” багтсан талаар жаал өгүүлье гэж бодлоо.

Австри улсын иргэн Дитрих Матешиц (Dietrich Mateschitz) гэх 72 настай эр бий. Спортод тун дуртай, бүх төрлийн мотоспортууд, шүхрийн болон уулын төрлийн спортуудад хөрөнгө оруулдаг. Бас сүүлийн үед хөлбөмбөгт их дурлах болсон. Түүний Red Bull GmbH (Ред Булл) хэмээх зургаан тэрбум ам долларын эргэлтийн хөрөнгөтэй пүүс, хийжүүлсэн ундааг нь мэдэхгүй хүн хорвоод үгүй байх. За тэгэхээр энэ эр 2009 онд Лейпциг хотын захад байрлах “Маркранштадт” хэмээх жижиг багаас Германы хөлбөмбөгийн лигүүдийн хамгийн доод талын “шал” болох Оберлигт тоглох лицензийг 350 мянган еврогоор худалдан авчээ. Зүйрлэвэл, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд үндэсний бөхийн дугуйлан нээж ирээдүйн аварга бэлдэнэ гээд хөрөнгө оруулж эхэлжээ. Германд үйлчилдэг хуулиар бол гадаадын иргэн хөлбөмбөгийн багийн 49 хувиас дээш хувьцааг эзэмших боломжгүй юм гэнэ. Түүнчлэн аливаа нэг багийн нэр шууд утгаараа аль нэг пүүс компанийг сурталчлах ёсгүй гэсэн.

Жишээ нь Абрамович “Челси”-г худалдаж авангуутаа “Сибнефть Челси” гэж хэзээ ч нэрлэж болохгүй гэсэн үг. Гэтэл Австрийн тэрбумтан эдгээр дүрмүүдийг хууль зөрчилгүйгээр “уландаа” гишгэжээ. Тэр багийн гишүүн болох өргөдлийн төлбөрийг өндөр тогтоож “РБ Лейпциг” гэдэг нэрийг хүртэл өөрийнхөөрөө тайлбарлана. Хэрвээ та “РБ Лейпциг”-ийнхний өмсгөлийг харвал яах ч аргагүй “Ред булл”-ын хоёр улаан бух мөргөлдөж буй уламжлалт дүрсийг харах болно. Харин албан ёсны тайлбар нь Ред Булл Лейпциг биш Рашен БаллШпорт Лейпциг юм билээ. За нэг ийм зальтай австри эр зургаан жилийн хугацаанд шинэ багаа дөрөвдүгээр лигээс жил бүр нэг шат ахиулсаар Бундеслигт авчирч түүхийг бүтээлээ дээ. Катар, Кувейт, Оросын баячууд шиг шууд л том баг худалдан авч баахан мөнгө цутгасангүй. Жижигхэн багийг хямдхан аваад бүр дороос дээшлэхдээ багийн бүтэц, менежмэнт, бэлтгэлийн бааз, ирээдүйд гялалзах багачуудыг олж таньж хамтдаа дээшлэх, хөгжөөн дэмжигчдийн армийг шинээр төрүүлэх гээд бүхий л зүйлийг энэ зургаан жилийн хугацаанд ари хүн шиг яв цав хийж гүйцэтгэсэн байх юм. Лейпциг хотыг бүрэн дүүрэн хөлбөмбөгөөр “өвчлүүлэхийн” тулд жил бүрийн зун сурагчдын амралт эхлэхээр “хөлбөмбөгийн дунд сургууль” хөтөлбөрөө 6-14 насны хүүхдүүдийн дунд зарлана. Сайн багш, дасгалжуулагчтай, дээд зэргийн сургалтын танхим талбайд сар орчмын хугацаанд хүүхдүүдийг цуглуулж анхан шатны хичээл заадаг гэсэн. Ёр нь “РБ Лейпциг”-ийн сургалтын төвүүд яг одоо Германдаа хамгийн шилдэг нь болчихоод байгаа сурагтай. Үр дүнд нь эндээс сүүлийн үед тун сайн залуучууд төрөх болсон. “РБ Лейпциг” баг эдгээр академи, сургалтын төвүүддээ зориулж жилдээ 35 сая евро зарлагадана. Тийм ч учраас “РБ Лейпциг” багийн гишүүдийн дотор энд “бойжсон” нутгийнх нь залуучууд олон багтаж байгаа. “РБ Лейпциг” Бундеслигт ороод арав тоглохдоо нэг ч хожигдоогүй, долоо хожиж, гурван удаа тэнцсэн. Тэдний өмнө одоогийн байдлаар “Боруссиа” Дортмунд, “Гамбург”, “Вольфсбург” мэтийн ланжгар багууд өвдөг сөхрөөд байгаа шүү гээд болохоор “РБ Лейпциг” зүгээр л “үүлэн цоорхойгоор жаахан амжаад цухуйсан нар” лав биш мэт л санагдаад байх юм. Зүүн Германд хөлбөмбөг дээшилж хувьсгал дэгдээж байна даа.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *