Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зуун эрхэм”-ийн хөтлөгч хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын цолтнууд монголчуудаа нас хүйс, нутаг ус, мэдлэг мэргэжлээр нь ялгаварласаар байх уу

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг гараад чамгүй хугацаа өнгөрлөө. Телевиз болгоноор гарч, хамгийн олон үзэгчтэй ч болов. Монголын сор болсон, алдар суутай эрхмүүд энэ нэвтрүүлгийн оролцогчоор уригдан, бахдам сайхан намтар түүх, амьдралынхаа гэгээн сайхан дурсамжуудыг үзэгч олонтойгоо хуваалцсаар ирсэн. Монголын хамгийн алдартай, хамгийн олон шагналтай хүмүүс нэвтрүүлгийг хөтөлдөг. Яалт ч үгүй телевизийн салбарт сайн контент болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин нэвтрүүлгийн хөтлөгчдөөс мэргэжлийн сэтгүүлч нэг ч байдаггүй бөгөөд алдар, цуутай хэрнээ сэтгүүл зүйн мэргэжлийн бус хүмүүс хөтөлсөөр ирсэн нь алдаатай санагддаг юм.

Бараг нэвтрүүлэг болгон боловсролыг үгүйсгэж, хойч үеийнхэнд боловсрол дэмий, бөхөө барилдаад, морио унаад, хөдөө хээр хөгжлөөс хол амьдарвал сайхан гэсэн суртал ухуулгын шинжтэй зүйл ярих юм. Оролцогчоосоо илүү ярихгүй байх сэтгүүл зүйн зарчим энд үйлчлэхгүй. Хөтлөгчид нь өөрийнхөө алдар суут бүтээл, уулзаж учирч байсан хүмүүс, эртний дурсамжаа ярина. Нэвтрүүлэг тэр чигтээ хөтлөгчдийн бүтээлээр дүүрэн. Яруу найраг явбал Б.Лхагвасүрэнгийнх, хөгжим эгшиглэвэл Н.Жанцанноровынх голдуу.

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.БатЭрдэнэ нэвтрүүлгийн ээлжит зочноор саяхан уригдаж оролцлоо. “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн хөтлөгч хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын цолтнууд монголчуудаа хот, хөдөөгийнх гэж нутаг усаар нь хувааж, нас хүйсээр нь ангилж, мэдлэг мэргэжлээр нь ялгаварлах юм. Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд “Хөдөө төрсөн хүн надад их сайхан санагддаг. Би нэгдүгээр төрөхөд төрсөн. Одоо нөгөө төрсөн газар маань ч байхгүй болсон байна лээ” гэж ирээд л ярина лээ. Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Хөрвөөх газаргүй” гэж ирээд л хүч нэмлээ. Угтаа монголчуудын тавин хувь нь хотынх шүү дээ. Ялангуяа орчин үеийн залуус эцэг, эх нь хөдөөнийх ч хотод амьдарснаар хүүхдүүд нь хотод төрж, өсч байна. Улаанбаатарт гэхэд л хүн амын тал хувь нь оршин суудаг. Тэр тал хувьд манай ардын цолтой, төрийн шагналтай, алдарт хөтлөгч нар ч багтаж байгаа. Гэтэл тавин хувийг тэр чигт нь доромжилчих юм. Хөдөө төрсөн нь илүү юм байж. Хотод төрж өсвөл хувь заяа дутуу, хөрвөөх ч газаргүй болж таарлаа.

Б.БатЭрдэнэ аварга хадам аав улсын заан Барамсайгаас зодог шуудгийг нь хэрхэн авсан талаараа, мөн бурхан тахилтай өрөөндөө зодог, шуудагнуудаа дээдэлж байлгадаг гэж хэлмэгц Б.Лхагвасүрэн найрагч “Хэн эвхэж тавих уу. Эмэгтэй хүн гар хүрэхгүй биз дээ” гэж асууж байна. “Өөрөө эвхэнэ” гэж аваргыг хэлтэл “Танай Их хурлынхан жендэр гэж их ярьдаг болохоор амьтныг давраагаад…” гэх нь тэр. Ардын уран зохиолч маань монголчуудаа ингэж эр, эмээр нь ялгаварлаж, гадуурхлаа. Түүнийхээр бол Монголын эрчүүд эмэгтэйчүүдээ их даврааж байгаа юм байна л даа. Угтаа зодог шуудгийг эмэгтэй хүн л оёдог шүү дээ. Нэгэнт эмэгтэй хүнээр оёулчихаад гар хүргэхгүй юм байна. Хэрэв хүрчихвэл даварсан хэрэг болох нь. Бодвол эмэгтэйчүүдээсээ болоод бузартаж, хийморь нь байхгүй болчихдог юм байлгүй. Эмэгтэйчүүдийг ингэж дорд үзэж, хүйсээр нь ялгаварлачихаад яаж охид, эхнэрийнхээ царайг хардаг юм байгаа юм.

Нэвтрүүлгийг Монголын хамгийн нэртэй төртэй, төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатрууд хөтөлдгийг хэн хүнгүй мэднэ. Тэдний үг үйлдэл бүр, оролцогчоосоо дутахгүй бас л үзэгч түмний анхаарлаас гарахгүй. Харин тэд сэтгүүл зүйн наад захын хэм хэмжээг зөрчиж, нийгмийг хагалан, нэгийг нь магтахын тулд нөгөөг нь муулах юм. Өмнөх нэвтрүүлгүүдэд эрхэм найрагч байсхийгээд л оролцогчийг магтан сайшааж байснаа хэн нэгэнтэй эсрэгцүүлнэ. Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров нар ярианыхаа 3/2т өөрийгөө ярьчих юм. “Намайг тэгж, ингэж байхад тийм юм болж байсан” гээд өөрийгөө дөвийлгөхөө яав ч мартахгүй. Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч “Би энэ талаар чинь ингэж шүлэглэж байлаа. Би энийг чинь ингээд хэлчихсэн ” гээд л өөрийнхөө шүлгийг уншаад эхэлнэ дээ. Өөрийнхөө сэтгэлийн хөдлөлөө уг нь сэтгүүлч хүн гаргаад байх ёсгүй байдаг. Хөтлөгч алдартнууд маань харин сэтгүүлч биш болохоор ийм алдааг байнга гаргах юм. Энэ нэвтрүүлгийн хөтлөгч нар оролцогчоо дөвийлгөхийн тулд хэн нэгэнтэй жишиж, эсвэл шууд л муулж эхэлдэг. Өөртөө таалагддаггүй хүнээ хэн ч байсан заавал яриан дундуур муулчихна. Сэтгүүл зүйд ярилцагч оролцогчоо доромжилж болохгүй гэдэг. Эр хүн бөх биш бол хэн ч биш юм шиг ойлгогдохоор юм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт их ярилаа. Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт хоёр их хоцрогджээ. Өмнө нь бөх байсан, улстөрч Х.Баттулга мөн л бөх ярьж, оролцогчоо загнаж, бүр таалагдахгүй болохоор нь хаяад гарч явж байсан удаатай.

Энэ удаа бөх хүн оролцогчоор урьсан болоод ч тэр үү хөтлөгчид бүр ч илүүтэй соёл боловсрол, шинжлэх ухаан хэрэггүй мэт ойлгогдохоор ярилаа. Дэлхий хиймэл оюун ухааныг яаж давах вэ, яаж өрсөлдөх вэ, яаж технологийн үсрэнгүй хөгжлийн үед үр хүүхдээ амьдралд бэлдэх үү гэж хичээж байна шүү дээ. Дүүрэн роботууд ажил хийгээд эхлэх үед яаж ажилтай байхав гэж дэлхийгээр дүүрэн хичээж байхад манай хэдэн хоцрогдсон хөтлөгч шинжлэх ухаан, дэлхийн хөгжлөөс даруй хоцорсон юм ярьж боловсрол тааруу, хүний жудаггүйгээ гайхуулж суух.

Нэвтрүүлэгт оролцогч дархан аварга Б.Бат-Эрдэнэ аавыгаа эмнэлэгт хүнд өвчтэй байх үед аврах боломжгүй байсан тухай ярихаар Б.Лхагвасүрэн “Одоогийн алдар хүндтэй үед аав тань байсан бол эд нар яаж гүйлдэж, хөл алдаж байх байсан бол” гэж ирээд л оролцогчийн огт яриагүй зүйлийг хүчээр хэлчихлээ. Эмч нар хүү нь алдар гавьяагүй бол тусалдаггүй юм гэнэ. Хүний амь авардаг эмч нар тэр үед ямар ч аврах боломжгүй байсан тухай аваргыг ярьсан гэж үзэгч түмэн ойлгосон. Гэтэл Б.Лхагвасүрэн гуай ийм мэргэжилтэй бүх хүнийг чухам яагаад доромжлов. Тийм алдар нэртэй хүн, нийгмийн оюун санааны түүчээ болж байх, яруу найрагч хүний амь аврахаар нойр хоолоо хасан зүтгэдэг эмч, сувилагч нарыг алдар нэрэнд л үйлчилдэг юм шиг хэлчихээр залуу үе юу гэж ойлгохов. Ухаантан үнэн ярьсан л гэж хүлээж авах байлгүй.

Нэвтрүүлэгт оролцогчийн ээжийн тухай яриа өрнөлөө. Мэдээж аав, ээжээ алдсан бол тэр нь хэний ч сэтгэлийн хөндүүр сэдэв. Энийг заавал тулган асууж уйлуулах нь нэвтрүүлгийн сценари бололтой. Б.Лхагвасүрэн гуай бол хүний хувийн амьдралыг аятайхан яриулж эхэлж байснаа,тэнгэрт хальсан ээж, ааваа дурсан ярих тэр мөчид анаад байж байх жишээний. Сэжүүр гармагц л дөгөөж байгаад нулимсыг нь барна. Ингэж нулимсыг нь барсандаа бахархал болгоод байх юм. Хүнийг нус, нулимстай нь холиод, болж л өгвөл уйлуулах тийшээ хөтлөөд явчих юм. Олон арван оролцогчоос нь Д.Цэрэнтогтох аварга, Ж.Оджаргал нар л уйлаагүйг эс тооцвол бүгдийнх нь нулимсыг үзлээ. Тэнгэрт хальсан аав, ээжийнх нь тухай хөндүүр сэдвийг ярих болохоор Б.Лхагвасүрэн найрагч ёстой юм шиг л араас нь нэмж уянгалуулаад уйлахаас өөр гарцгүй болгочихно. Сэтгүүл зүйн хүрээнийхэн ярилцлага авах болгондоо оролцогчоо уйлуулаад байх нь ямар вэ. Мөн Б.Лхагвасүрэн найрагч нэвтрүүлэг болгон дээр л нэг үг хэлэх юм. Хүний хувийн амьдрал, нийтэд дэлгэхээргүй нууц, залуу цагийн алдаа, оноог нь эрээгүй шалж асуугаад байдгийг нь хэвлэлд шүүмжилсэнд их л юм санаж явдаг бололтой. Байсхийгээд л “Ийм юм асуухаар намайг элдвээр хэлээд байдаг юм” гэж ирээд л тайлбар тавин байж, тойруухан асуух болсон байна билээ.

Өмнө нь бөх явсан, улс төрч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриа өрнүүллээ. Б.Бат-Эрдэнэ аваргад хандан тэрээр “Ардчилсан нам Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд бүгдэд нь ялчих гээд юу эсийг хийхэв дээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар аварга бол гарчихсан шүү дээ” гэдэг юм байна. Угтаа Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялсныг бид бүгд мэднэ. Гэтэл Х.Баттулгын үг нь “Аварга та ялчихсан ч ямар нэг аргаар өөр хүн луйвардчихсан” гэж ойлгогдож байгаа биз дээ. Улайм цайм л юм болсон л доо. Ард түмний сонголт худлаа болоод явчихав уу, эсвэл сонголтыг нь луйвардуулсныг нь энэ хүн мэдээд байгаа юм шиг хэлээд байх юм. Сонгуулийн үеэр аваргыг унагах гэж элдвийн л арга хэрэглэсэн гэнэ. Халуун цэг дээр нь ажиллаж байсны хувьд Х.Баттулга үүнийг сайн мэдэж байгаа гэх юм. Бас дээр нь “Гомдоогүй биз дээ, найз аа” гэж асуухаа ч мартсангүй.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг гарснаас хойш дугаар бүрийнх нь дараа нэг хэсэгтээ л шуугидаг. Оролцогчид нь яах вэ. Бөх хүн оролцсон хойно бөхөө л ярих байх. Харин бөх хүнтэй ярилцаж байгаа нь гээд бөхөөс бусад нь монгол эр хүн биш юм шиг ойлгуулж болохгүй. Оролцогч яах вэ, асуусанд нь хариулж, өөрт тохиолдсоноо л ярьж байна. Үнэхээр ч бахархал төрөм сайхан хүмүүсийг урьж оролцуулах юм. Харин үзэгчид Монголын сэтгүүл зүйг ийм гэж хараад байна. Заавал оролцогчоо уйлуулна. Тэгснээ тайвшруулна. Магтана. Магтахаараа хэн нэгнийг, эсвэл өрсөлдөгчийг нь муулна. Энэ нэвтрүүлэг үзэгчдийг шуугиулж, дэлгэцийн өмнө суулгаж чадаж байгаа нь үнэн. Монголын хамгийн алдар нэртэй хүний тухай хэн ч сонирхон үзнэ шүү дээ. Сонирхтол үзүүлж байгаатай нь санал нийлнээ. Энэ үнэн. Мөн манай сэтгүүлчид юу ч хийхгүй байна. Ялангуяа телевизийнхэн өөрсдөө ийм нэвтрүүлэг хийж болно шүү дээ. Хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй бол нэгдэж нийлээд хийж болно шүү дээ. Гэтэл ингэж чадахгүй болохоор чинь, хөдөлмөрлөхгүй, сэтгэхгүй болохоор чинь мэргэжлийн бус хүмүүс салбарт чинь орж ирэх томоос том зай гаргаж өгөөд байна. Сэтгүүл зүйг юутай ч юм хольж хутгаад бантан болгож үзэгчдэд ойлгуулаад байна. Монголын сэтгүүл зүйг гутаагаад байна.

Зуун эрхмийн нэвтрүүлэг дуусах болоогүй. Дараа дараагийн цуврал гарч л таарах биз. Нэвтрүүлгийн багийнхан хоорондоо муудалцаж, элдвээр биесээ дайрч байсан ч зогсоогүй үргэлжилсэн шүү дээ. Гэвч оролцогчийнхоо нулимсыг барж, хэнд ч хэлээгүй нууцыг нь Монголоор нэг цацах нь сэтгүүл зүй биш. Хамгийн сүүлийн Б.БатЭрдэнэ аваргын оролцсон нэвтрүүлэг ч түүнийг нулимстай нь хутгаж эхэр татуулсаар дуусна лээ. Дараагийн нэвтрүүлэгт нь хэн оролцох бол гэхээсээ дараагийн удаа хэнийг уйлуулах бол гэж бодогдох болов. Сэтгүүл зүйд баримталдаг зарчим, дүрэм журам гэж бий. Сэтгүүлчид өөрсдөө хөдөлмөрлөж, шинийг санаачилж, ажиллахгүй бол энэ салбарын дархлаа үгүй болоход ойрхон байна.

Б.ДОНРОВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зуун эрхэм”-ийн хөтлөгч хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын цолтнууд монголчуудаа нас хүйс, нутаг ус, мэдлэг мэргэжлээр нь ялгаварласаар байх уу нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле: “Малын өвчнийг зориуд тараасан эсэх талаар нотолгоотой баримт байхгүй” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш доктор, профессор, солонгос судлаач Ж.Баттөр:”Пак Гын Хэг унагасан үйл явдал Өмнөд Солонгост ардчилал ямар хэмжээнд хөгжсөнийг харуулж байна” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

Өнөөдрийн өдрийн сурвалжлага “Монгол инженерүүд өнөө жил гадны 20-25 онгоц засах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гарчигтай нийтлэгдлээ. Та эндээс монгол инженерүүдийн ур чадварын талаар сонирхоорой.

П.Хашчулууны бичсэн генерал Жохар Дудаевын тухай “Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай” нийтлэлийг “Хүмүүс” булангаас уншаарай.

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Очирбаттай ярилцсан “Монголын геологи хайгуул” чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчныг онцолж хэлэлцэнэ” ярилцлага “Уул уурхай” буланд нийтлэгдлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх, үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч О.Чойдог: “Өвдөг, түнхний мэс засалд орж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна” ярилцлага “Эмч” буланд нийтлэгдлээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *