Categories
мэдээ цаг-үе

Зуун дамнасан их хүлэгчдийн удам Д.БАЯНБАТЫНХ

Өнөө жилийн улсын их баяр наадамд азарга түрүүл­гэсэн, аймгийн алдарт уяач Д.Баянбатынд очлоо. Д.Баянбат Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Даваахүү гуайн хүү. Өнгөрсөн наадмаар “Наран” хонгор азарга нь түрүүлэхэд төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэлээ гээд нэг хэсэг шуугисан даа. Ингэж түмэн олныхоо баяр, бахдалыг төрүүлсэн уяачийн гэр Улсын их дэлгүүрийн ардхан байдаг юм байна.

Тэрээр “Өчигдөр орой аавынх руу явсан. Очиж цагаан сарын бууз хийлцээд” гэсээр угтав. Амралтын өдөр болохоор гэртээ хоол цайгаа идэж уугаад “Өлзийт” рүү явахаар зэхжээ. Гэр нь морины музей л иймэрхүү байдаг байх гэмээр ажээ. Зочны өрөөнийхөө хоймроос эхлээд ажлын, унтлагын, хүүх­дийн гээд өрөө бүрт нь мо­рины холбогдолтой бэлэг дурсгалын зүйл байв. Хоймортоо өвөө, домогт уяач М.Данзаннямынхаа зургийг, хадам аав Монгол Улсын хүчит арслан Л.Сосорбарамынхаа зургийн хамт залчихаж. Өм­нөө зогсуулж байгаад авсан юм шиг хараг­дах тэрхүү уран зургийг нэгэн найз нь энэ жилийн наадмаар “Наран” хонгор азаргаа түрүүлгэхэд нь бэлэглэсэн байна. Зурагны дэргэдүүр өвөө болон аавынх нь эдэлж хэрэглэж явсан ташуур, хусуур зэрэг байлаа. Мөн өвөөгийнх нь хэрэглэж байсан эмээл, хазаар байв. “Би чинь дөрөв дэх үеийн малчин хүн. Өвөө маань өөрийгөө уяач болох яагаа ч үгүй байна гэж ярьдаг байсан. Тэгэхээр би өөрийгөө уяач гэж хэлэхээс эмээдэг юм” гэлээ. Мөн улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан буянуудынхаа шагнал, медалийг эгнүүлэн тавьжээ. Эдний гэрийн үнэт өв нь хурдан хүлгүүдийнх нь түрүүлж, айрагдахдаа авч байсан өргөмжлөл гэнэ. Эдгээр өргөмжлөлийг гэрийн эзэн өөрийнхөө ажлын өрөөнд тавьжээ. Бас найз нөхдийнх нь бэлэглэсэн, өөрөө гадаад дотоодод явахдаа худалдаж авсан, захиалгаар хийлгэсэн гээд төрөл бүрийн морины сувинер өрөөний булан тохой бүрт байх юм. Шагнал, медалийг сонирхох зуур гэргий нь цай чаначихаж. Бүгдээрээ ширээ тойрон цайлчихаад “Өлзийт” хороолол дахь Д.Даваахүү гуайнх руу явахаар боллоо. Замдаа 19 дүгээр хороололд байх “Скай” их дэлгүүрээр орж баахан чихэр, печень, ундаа авав. Аав ээжийнхээ цагаан сарын бэлэгнээс л бэлдэлцэж байгаа юм байх даа гэж бодтол унаач хүүхдүүддээ авсан гэнэ. Унаач хүүхдүүд нь Д.Баянбатыг хотоос ирэх бүрт ёс юм шиг чихэр, печень хүлээгээд сурчихсан байдаг ажээ.

Д.Баянбат Монгол Улсын арслан Л.Сосорбарамын хамгийн бага охин С.Баярцэцэгийг авч суужээ. Гэргий нь яриа хөөрөөтэй, нүдэнд дулаахан сайхан эмэгтэй байв. Нөхрөө, нөхрийнхөө хийж байгаа ажлыг юу юунаас илүүтэй хүндэлдэг нь түүний ярианаас тодхон харагдана. Д.Баянбат, С.Баярцэцэг хоёр нэг нутгийнх болохоор багаасаа нэг нэгийгээ таньдаг байжээ. Харин албан ёсоор үерхэж эхэлсэн нь ХААИС-ийн оюутан цагаас эхтэй. С.Баярцэцэг нөхрийнхөө тайван дөлгөөн зан чанар, итгэл даах ноён нуруунд нь татагджээ. Танилцаад нэг их удалгүй бие биедээ хайртай болж Д.Баянбатынх гэх айлын өрхийг татсан байна. Анх 19 дүгээр хороололд амьдарч байгаад одоогийнхоо дөрвөн өрөө байранд 2003 онд нүүж иржээ. Өдгөө эднийх хоёр охинтой. Томыг нь Б.Даринчулуун гэдэг. ШУТИС-ийн харьяа КООСЭН хөтөлбөрт сургуулийн нэгдүгээр курсийн оюутан гэнэ. Бага охин Болортуяа нь “Орчлон” сургуулийн тавдугаар ангийн сурагч ажээ. Охидууд сурлага, хүмүүжил сайтай болохоор аав, ээжийнхээ төдийгүй өвөө, эмээгийнхээ бахархал болсон гэнэ. Бага охин Б.Болортуяа нь саяхан БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс талархлын бичиг авч гэрийнхнээ баярлуулжээ.

“Өлзийт” хороололд Д.Даваахүү гуайнх байдаг ажээ. “Дүнжингарав”-аар эхэлдэг хаврын бүсийн уралдаанууд дөхсөн болохоор морьдоо уяад эхэлчихэж. Тиймээс зөвхөн хагас, бүтэн сайн гэлтгүй зав гарсан өдрөө адуу руугаа давхиж байгаа гэнэ. Д.Даваахүү гуайнд иртэл гурван машин гадаа нь зогсож байв. Дотор Д.Даваахүү гуай дөрөв, таван хүний хамт ширээ тойрон суугаад хуучилж байлаа. Ярьж байгаа зүйл нь дандаа л морьтой холбоотой юм. “Миний бор азарга ингэж давхиад байна. Та нэг хараад өгнө үү” гэх зэргээр яриа өрнөх ажээ. Д.Даваахүү гуай ч дуртай нь аргагүй зөвшөөрөх юм. Өнөөх залуусын хүсэлтээр дээл хувцсаа өмсөж аваад гараад явчихав. Харин Д.Баянбат хувцсаа сольж өмсөөд морины ажил хийнэ гэсээр гарлаа. Тэрээр шинийн дөрвөнд Цагаан хөтөлд болох “Дүнжингарав”-ын азарга, их нас, соёолонд хоёр, хоёр морь уяж байгаа ажээ. “Наран” хонгор азарга энэ жил долоон нас хүрч байгаа болохоор өнжөөж байгаа ажээ. Төв аймгийн Сэргэлэн сумын урд руу адуун сүрэгтээ байгаа юм байна. Энэ жилийн “Дүнжингарав”-т дандаа битүү морьд уяж байгаа ажээ. Хаврын уяа эхэлж байгаа болохоор нөгөөдөр ёсолно гэж байв. Харин өнгөрөгч бямба гаригаас эхлэн морьдынхоо давхилыг үзэж байгаа гэнэ. Унаач хүүхдүүдтэйгээ уулзаад тэднийхээ хувцас хунарыг өмсүүлж мордуулан “Өлзийт” хорооллын урд уулын бэлд хүрэв. Тэнд уяачид аль хэдийнэ цуглачихсан морьдоо хөлсөлж байлаа. Дунджаар таван км зайтай газар морьдоо давхиулан хөлс авав. Ийн давхиулж байтал Д.Даваахүү гуай хүрээд ирлээ. Ирээд “Ланд круйзер-80” маркийн автомашиныхаа жолоочийн суудалд суугаад морьдоо даган давхиж эхлэв. Таван км газар давхиулаад хөлс авах зууртаа хүний өөрийн гэж ялгалгүй бүх хүнийг “Миний хүү” гэсээр зааж зөвлөх ажээ.

Д.Баянбат таван настайгаасаа л хурдны морь унаж эхэлсэн гэнэ. Жаахан хүү байхдаа өвөө М.Данзаннямынхаа уясан хурдан хүлгүүдийг төрийн наадамд унаж хурдлуулдаг байжээ. Унаач болоод хамгийн анх 1980 онд Майн баярын уралдаанд өвөөгийнхөө уясан хонгор мориор уралджээ. Тэр цагаас хойш төрийн наадамд хурдан морь унаж уралдах болсон байна. 1985 онд аавынхаа уясан солонго цавьдарыг унаж хурдлуулаад төрийн наадамд торгон жолоо өргүүлэн түрүүлж байсан түүхтэй. Ингэж есхөн настай байхдаа төрийн наадмын тод магнай болж байсан хүү өвөө, аав хоёрыгоо даган хурдан морины эрдэмд суралцах болсон байна. Өвөө М.Данзанням шулуун шударга зантай, хатуу үгтэй, хайр нь дотроо хал нь гаднаа хүн байсан гэдэг. Ёстой нэг адуу малны төлөө төрчихсөн хүн байжээ. Шөнө унтахдаа хүртэл “Хүүе, хаая тэр морийг холуур алхуул” гэхчлэн зүүдэлдэг байсан гэнэ. Мөн ёс заншил, зан үйлийг чандлан сахидаг, адууныхаа дэргэд муу үг хэлэх нь бүү хэл морь мал руугаа ч муухай хардаггүй тийм л хүн байжээ. Д.Баянбат өвөөгийнхөө тухай “Би өвөөгөө адуун төрөлтэй хүн гэж боддог юм” гэж ярилаа. Харин Д.Даваахүү гуай хүүгээ морь уяхад нь тэгтлээ их оролцоод байхгүй ч орой руу нь орсон заавар, зөвлөгөө өгдөг гэнэ. Морины идэш тэжээл багадаа юу даа гэхэд яалт ч үгүй л багадсан байдаг гэсэн. Тун нарийн мэдрэмжтэй, гэхдээ ганцхан морь уях дээр гэлтгүй эрэгтэй хүний тэр бүр анзаараад байдаггүй нарийн ширийн зүйлийг ч гярхай ажиглачихсан байдаг гэнэ. Бэр С.Баярцэцэг нь хадам аавынхаа талаар “Манай аав их гярхай хүн шүү. Тун нарийн мэдрэмжтэй. Хуримын өглөө даашинзаа өмсчихөөд зогсож байхыг харснаа “Миний охин нүүрээ будах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “Бага зэрэг будна аа” гэтэл “Будаарай за” гэж хэлчихээд гараад явчихсан. Аавыг хүн гаднаас нь хараад бүдүүн баараг эр хүн л гэж харах байх. Гэтэл үнэхээр торгон мэдрэмжтэй шүү. Хааяа манайд ирэхээрээ шинэ зүйл аваад тавьчихсан байвал аль хэдийнэ анзаарчихсан байдаг” гэж ярьсан юм.

Д.Баянбат таван настайгаасаа хурдан морьтой амьдралаа холбожээ. Хөлс авч байгаа, уралдаад ирсэн морийг хөтөлж алхуулахаас эхлээд морь уях нарийн ширийн ажилд хар багаасаа оролцож өссөн гэнэ. Гуч гаруй жил морь уяхдаа улс, бүсийн наадмаас гурван түрүү, таван айраг авсан байна. Анхны айргаа 2003 онд хөх цавьдар азаргаа “Дүнжингарав” уралдаанд аман хүзүүдүүлж авч байжээ. Дараа нь 2012 онд улсын наадмын хязаалан насанд “Наран” хонгор аман хүзүүдэж байсан гэнэ. Тэр үед аав нь “Төрийн наадамд гурван үеэрээ морио айрагдууллаа. Боллоо доо, миний хүү” гэж хэлж байжээ. Энэ үг түүний ааваасаа сонссон хамгийн том магтаал байсан гэдэг. Харин 2014 онд төрийн их баяр наадамд “Наран” хонгор азарга түрүүлж, “Салхин сарт” хязаалан нь дөрөвлөж уясан эзнээ баярлуулжээ. “Наран” хонгор азарга дааган наснаасаа улс, бүсийн уралдаанд арваас хойш давхиж үзээгүй хурдан ажнай. Өнгөрөгч зуны наадмын өмнөхөн сунгаанд морио давхиулчихаад Завхан явж Отгонтэнгэр хайрханд мөргөөд иржээ. Тэр үед түүнд нэг л зөн төрөөд хамт явсан гэргийдээ “Энэ жил миний хонгор азарга түрүүлнэ” гээд хэлчихсэн гэнэ. Ингээд наадмын өглөө хонгор азаргаа мордуулахдаа галынхаа хүний машинд суун дагажээ. Зул задрах эгшинд хонгор азарга нь тэр олон хурдан хүлгүүдээс цойлоод гараад ирсэн байдаг. Газрын дунд орж байхад хамт явсан хүмүүс нь “Одоо жаахан давхиул. Арын морьдоосоо холдуулсан нь дээр байх” гэж зөвлөж байсан ч зөнгөөр нь уралдуулаад байж. Унаж яваа хүүхэд, уралдаж буй хүлэгтээ итгэсэн нь тэр. Улсын наадамд уралдаж буй азарга 24 км замыг хагас цаг хэртэй хугацаанд туулдаг. Гэтэл морио уралдуулж байгаа уяач хүнд, тэр дундаа морь нь түрүүлж байгаа эзэн хүнд гучин минут гэдэг гурван цаг өнгөрч байгаа мэт удаан өнгөрдөг гэсэн. Морь нь давхиад л байдаг, бариа холдоод явчихсан мэт санагдаад байж суух газар олдохгүй тийм сонин байдаг гэнэ. Магнайдаа тоосгүй хурдалж буй хүлэг рүүгээ харахаар чихээ солбиод шандас мэдэн хурдлах. Арын азарганууд руу харахаар хэзээ мөдгүй нөмрөөд ороод ирэх гэж байгаа мэт санагдаад харах ч хэцүү, болих ч хэцүү байсан гэнэ. Ингэж явсаар дагах машиныг уралдааны замаас гаргах үед радиогоо асааж аваад холхон очоод суучихжээ. Тайлбарлагчийн “Д.Баянбатын “Наран” хонгор азарга төрийнхөө их баяр наадамд торгон жолоо өргүүлэн түрүүллээ” гэхийг сонсоод хүнтэй дуугаръя дуу нь гарч өгөхгүй, хоолой нь аргаж сэтгэл нь огшоод баярлаж үзээгүйгээрээ баярлажээ. Морио давхиж байхад Отгонтэнгэр хайрханд залбираад, удам судар, аав ээжийгээ бодон хурдан хүлгээ хангай дэлхийд даатгаж байсан гэдэг. Харин энэ үед Д.Даваахүү гуай Цагаан хөтөлд барьсан гэртээ байжээ. Зурагтаа асаасан хэрнээ огт харалгүй буруу хараад суучихсан, дэргэдээ байгаа хүмүүсээс “Одоо яаж байна” гэж асуугаад л. Нэг газраа удаан тогтож сууж чадахгүй байсан тул нэг харахад орон дээр буруу хараад хэвтчихсэн, дахиад нэг харахад хойморт гараад сууж байсан гэдэг. “Түрүүлчихлээ” гэхэд тэнд байсан хүмүүсийг тэвэрч авч уйлаад бөөн л юм болж. Өөрийнхөө уясан морийг түрүүлэхэд тэгж их баярлаж байгаагүй мөртлөө хүүгийнхээ уясан морийг түрүүлээд ирэхэд учраа олохгүй болтлоо догдолсон нь тэр. Ингэж Мөнхийн Данзанням гэж айлынх гурван үеэрээ төрийн наадамд азарга түрүүлгэн түүхэн амжилтыг давтжээ. Давтжээ гэдэг нь одоогоос зуу гаруй жилийн өмнө эдний амжилтыг тогтоож байсан гэсэн үг. 1908 оны шар мичин жил Галшарын өвгөн ноён М.Пүрэвжавын бор азарга түрүүлж байсан бол 1926 оны гал бар жил буюу Ардын хувьсгалын таван жилийн ойгоор М.Пүрэвжавын хүү Доржцэрэн хулан хонгор азаргаа түрүүлгэж байжээ. П.Доржцэрэнгийн хүү Пунцагнамжилын бор азарга 1930 оны морин жил буюу Ардын хувьсгалын есөн жилийн ойгоор түрүүлснээр өвөө, аав, хүү гурав төрийн их баяр наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэн түүхэн амжилт тогтоож байсан юм байна. Харин Д.Даваахүү 1979 оны хонь жилийн төрийн наадамд “Тогоруу халтар” азаргаараа түрүү авсан бол аав М.Данзанням нь 1986 оны гал бар жил хүрэн азаргаа улсын наадамд түрүүлгэсэн байна. Мөн Д.Даваахүүгийн “Цолмон халтар” азарга 1994 оны нохой жил улсад түрүүлсэн түүхтэй. Өвөө, аав хоёрынхоо алдрыг батжуулан Д.Баянбат “Наран” хонгор азаргаа улсад түрүүлүүлж түүхэн дээд амжилтыг давтжээ. Тэрээр 2005 онд ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр төгссөн. Одоо морь уяхынхаа зэрэгцээ ХААИС-ийн докторантурт суралцаж буй гэнэ. Хурдан морины харагдах бие галбир, биохимийн зарим үзүүлэлтийн талаар судалгааны ажил хийж байгаа юм байна. Ирэх жил цолоо хамгаалахаар суралцаж байгаа гэсэн.

Ийн хуучлангаа “Өлзийт”-ийн урд уулын энгэрт морьдоо давхиулаад иртэл бас л гэрт нь хүмүүс ирчихсэн хүлээж байв. Ээж Ж.Сандагдулам нь бэрийнхээ хамтаар хоол цай болчихсон гал тогооноос өндийх завгүй сууж байна. “Өчигдөр орой цагаан сарынхаа буузыг хийсэн. Манайх хөл ихтэй. Бууз гурван мянга гаргаж хийнэ. Өчигдөр 2500 бууз хийсэн. Одоо тав, зургаан зуугаадыг хийчихвэл гол ажлаа нугаллаа л гэсэн үг” гэж байлаа. Эднийхээс хүний хөл тасарна гэж байхгүй юм. Байс гээд л том хар жийп гадаа нь ирж зогсоод хоёр, гурван залуу ороод ирэх ажээ. Ирсэн хүн болгон “Та манай морийг хараад өгөөч” гэсээр аваад явах юм.

Энгүүн сайхан атлаа эгэл боргихон уяачийнхаас гарах үед Д.Баянбат “Удахгүй хонь жил гарах нь. Монгол түмэндээ сар шинийн мэнд хүргэе. Монголчууд бидний хийморь алтан туурт хурдан буян шигээ босоо байг” хэмээн ерөөв.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *