Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Зүүн болон төвийн аймгуудаар түлш тасарч, малчид морин тэргээ хөллөөд эхэлжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн хөдөө орон нутагт дизель түлш зарахгүй хязгаарлажээ. Тодруулбал Архангай, Завхан, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад одоогоор дизель түлшийг зөвхөн гэрээтээр ажилладаг байгууллагууддаа хязгаарлалттайгаар олгож байгаа гэнэ. Түүнчлэн тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн зарим сумдад ч түлш олгохгүй байна. Энэ асуудлын хүрээнд сурвалжилга бэлтгэлээ.

Зүүн хязгаар Дорнод аймгаас өвс татахаар ачсан машинууд гацчихаад байгаа гэнэ. Энэ нь түлшний хомсдолтой холбоотой. Энэ талаар жолооч М.Мөнхрдэнэтэй холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.

-Дорнод аймагт түлш тасарсан байна гэв үү. Газар дээр нөхцөл байдал ямар байна вэ?

– Шатахуун түгээх станцууд түлш олгохгүй байна. Зөвхөн гэрээтэй ажилладаг байгууллагуудад бага хэмжээгээр олгож байна. Өнгөрсөн намар аравдугаар сараас хойш л түлш хязгаарлалттай олгож эхэлсэн талаар орон нутгийн иргэд ярьж байна. Би арваннэгдүгээр сарын эхээр энд ирсэн . Т ү л ш олдохгүй энд гацчихлаа. Аймгийн төв нь ч түлш алга. Түлш хайсан улс сүлжилдээд явж байна.

-Та өвс татахаар очсон гэв үү. Дорнодод олон машин гацаад байна уу?

– Энэ жил эрт цас унасан. Хатуу өвөл болох шинжтэй байна. Үүнтэй холбоотойгоор өвсний эрэлт их болсон. Эндээс өвс татах машинууд олон ирсэн. Бүгд түлшний хомсдолтой холбоотойгоор наашаа үгүй, цаашаа ч үгүй болоод зогсож байна. Миний тухайд бол 4400 төгрөгөөр шагийн түлш зарагдаж байна гэхэд нь ирсэн юм. Одоо шагийн түлш ч олдохоо больсон.

-А92 шатахуун ямар байна вэ?

-Одоогоор хэвийн байна. Гэхдээ шатахуун түгээх зарим нэг станцын салбарууд нь бүр ажиллахгүй байна.

– Түлшгүй нөхцөлд иргэд нь ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Хөдөө айл бүрийн гадна л түлшгүй портер зогсож байна. Малчдын тухайд морин тэргээ хөллөөд өвсөө зөөж байгаатай нэг биш таарлаа. Хүмүүсийн хэлж байгаагаар бол ойрын хэд хоногтоо түлшний бараа харахгүй нь бололтой . Энд гацсан хүмүүс хот руу захиад ч олдоход хэцүү байна. Шагчдын гараар ороод үнэ нь тэнгэрт хадсан бололтой. Ховор ч байна” гэв.

Зүүн хязгаар Дорнод аймагт нөхцөл байдал ийм байна. Өнгөрсөн сараас хойш л түлшний олдоц ховор болж шагчдын гараар оржээ. Одоогоор бол шагчид ч балга түлш гаргахаа больж. Тасраад байгаа гэнэ. Малчид ойр зуурын ажилдаа морин тэрэг ашиглаж байгаа юм байна. Наашаа Сүхбаатар аймагт ч нөхцөл байдал адилхан байгааг тээвэрт явдаг жолооч нарын төлөөлөл онцлов. Харин шатахуун одоогоор тасарчихаагүй, тодорхой хэмжээний лимиттэйгээр олгож байгаа гэнэ.

Өвөрхангай, Архангай, Завхан аймгууд руу холбогдоход ч нөхцөл байдал дээрхтэй яг ижилхэн байна. Түлш тасарсан, шатахуун тодорхой хэмжээний лимиттэйгээр олгож байгаа аж. Нийслэл рүү түлш захиад ч олдохгүй байгаа юм байна. Түүнчлэн Өмнөговьд ч түлш ховордож. Арваннэгдүгээр сар гарснаас хойш түлш 4200 төгрөгөөр зарагдаж байсан ч сүүлийн хэд хоногт олгохоо больжээ.

Шаг хийдэг хүмүүс бага хэмжээгээр борлуулж байгааг хэлж байна. Энэ нь бараг олдохоо больсон гэнэ. Харин шатахуун хэвийн олгож байгаа гэнэ. Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн сумдад түлш тасарсан талаар тариаланчид онцлов. Шатахуун 50 мянган төгрөгөөс доош дүнгээр олгож байгаа гэнэ. Цаашид шатахуун тасрах эрсдэл тулж ирсэнийг иргэд хэллээ. Нийслэлд ч түлшний олдоц ховор байна. Шагчдын гараар дамжиж 4200 төгрөгөөр хэрэглэгчдийн гарт хүрч байлаа. Нарантуул захаас орон нутаг руу бараа зөөдөг ачааны машинуудын зарим нь түлш тасарсантай холбоотойгоор гацаад байгаа юм байна.

Нийслэлд АИ92 шатахуун ч хомс байна. Өгч байгаа цөөхөн шатахуун түгээх станцын үүдэнд машинууд түгжрээд зогсчихсон байлаа. Арваннэгдүгээр хороололд байрлах “Super 92” шатахуун түгээх станц л гэхэд орцоо хаачихаж. Зүүн тийшээ яваад Сансрын шатахуун түгээх станцууд харин шатахуун олгож байв. Гэхдээ 50 мянган төгрөгөөс дээш дүнгээр олгохгүй байгааг дугаарлаж зогсох жолооч нар онцлов. Харин Тэсийн шатахуун түгээх станцууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр АИ92 шатахуун олгож байлаа. Харин хотын төвөөс баруун тийш гарах замд байрладаг колонкуудын ихэнх нь АИ92 шатахуун дууссан гэх бичиг хаджээ. Цөөхөн хэд нь л хязгаарлалттайгаар шатахуун олгож байна.

Харин түлш зарж байгаа шатахуун түгээх станц бараг алга. Түлш хайсан хүмүүс шатахуун түгээх станцуудаар бужигналдаж байлаа. Олж байгаа нь бараг алга.

АМГТГ-аас өнгөрсөн сарын сүүлчээр Монгол Улс ердөө 20 хоногийн дизель түлшний нөөцтэй болоод байгааг мэдэгдсэн. Өнөөдрийн нөхцөл байдлыг сурвалжлахад ийм байна. Үүссэн нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Энэ бол ОХУ-ын Засгийн газраас шууд хамаатай асуудал. Хугацаагүй хориг тавьчихсан. Тэгэхээр хориг хэзээ дуусна, тэр үед нөхцөл байдал хэвийн болно. Бидэнд ирсэн урьдчилсан мэдээллээр 92 шатахуунд тавьсан хоригийг удахгүй цуцалчих байх. Тэгвэл ганц Роснефть компаниас шалтгаалахгүй, олон газраас авна. Арванхоёрдугаар сард Хятадаас нэлээн их хэмжээгээр дизель түлш авахаар тохирсон. Энэ сард жижиг уурхайнууд хаагдаж хэрэглээ ч багасах юм. Гэхдээ бид үүнийг хангах ёстой. Хангахын тулд ч ажиллаж байна” гэх тайлбар хэлж байв.

Шатахууны импорт, нийлүүлэлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалаас тодрууллаа.


-Орон даяар шатахуун, түлшний хомсдол үүслээ. Юунаас болов?

-Есдүгээр сарын сүүлчээр ОХУтүлш, шатахуунаа экспортлохыг хориглосныг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ Монгол Улсыг энэ хоригоос гаргасан. Яг тэр тушаал шийдвэр нь албажих хагас сар хэртэй хугацаанд манай улсад нефтийн бүтээгдэхүүн орж ирээгүй. Үндсэндээ аравдугаар сарын эхнээс шатахуун, түлшний импорт эхэлсэн гэсэн үг. Харин үүнээс өмнө манай улс нөөцөө нэлээд шавхаад байсан. Ингээд хангамжийн хувьд зохион байгуулалтын доголдлууд үүссэн л дээ. Яагаад гэвэл зөвхөн төвийн бүсээр буюу Сүхбаатар боомтоор нефтийн бүтээгдэхүүн орж ирж байсан. Баруун бүсийн Боршоо, Цагааннуур, Эрээнцаваар 11 дүгээр сарын дунд хүртэл түлш, шатахуун огт орж ирээгүй байсан. Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс л эдгээр боомтууд хэвийн ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Эрээнцавын боомтоор аравдугаар сарын 20-ноос орж ирж эхэлсэн бол Боршоогийн боомтоор арваннэгдүгээр сарын 13-наас, Цагааннуурын боомтоор арваннэгдүгээр сарын 15-наас хэвийн импортолж эхэлсэн. Энэ хооронд баруун аймгууд руу Улаанбаатараас шатахуунаа зөөж байсан. Баруун бүс нутаг Улаанбаатараас 1000 гаруй км зайтай. Баруун, зүүн бүсэд импорт зогсчихоор бүх хангамж хотоос явж байсан гэсэн үг. Дээрээс нь баруун аймгуудад цас их унаж, хүндрэл гарсан учраас тээвэрлэлт саатаж, орон нутагт хомсдол үүсээд байсан.

-“АИ-92”-ыг ганц, нэг ШТС-ууд хязгаартай олгож байгаа бол дизель түлшний хувьд бүр тасалдал үүссэн нь ямар учиртай юм бэ?

-Манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж байгаа учраас уурхайнуудын эрэлт өссөн. Сард дунджаар 80 мянган тонныг хэрэглэдэг байсан бол одоо 190 мянган тоннд хүрээд байна. Намар зуны түлшнээс өвлийн түлш рүү шилждэг. Үүнээс гадна ургац хураалт гээд нэлээд олон ажил давхацсан гэх мэт шалтгаануудаас болж шатахууны хангамжийн доголдол үүссэн.

Бөөний хувьд хилээр хангалттай орж ирж байна. Аравдугаар сараас хойш гэхэд 127 мянган тонн ороод ирсэн байна. Тэгэхээр бөөний нийлүүлэлтэд хомсдол үүсээгүй. Харин шатахуун импортлогч компаниудад зохион байгуулалт, тээвэрлэлтийн асуудал байгаа. Жишээлбэл, зарим жижиг компаниуд өөрсдөө агуулахгүй учраас түрээсэлдэг гэх мэт. Гэхдээ одоо харьцангуй жигдрээд эхэлж байна.

-Шатахуун, түлшний нийлүүлэлт хэзээнээс хэвийн болох вэ?

-Мэдээж сая хэлсэнчлэн татан авалт, тээвэрлэлтийн асуудал байгаа. Удахгүй хэвийн болчих байх. Учир нь, одоо бүх боомтоор шатахуун, түлш хэвийн орж ирж байна. Бас БНХАУ-аас шатахуун авах ажил урагштай байна” гэв.

Тэгвэл шатахуун, түлшний нөөцийн тухайд, энэ сарын 17-19-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор 5940 тонн АИ-92 автобензин, 9900 тонн дизель түлш импортолжээ. Тэгвэл Цагааннуур боомтоор 263 тонныг, Боршоо боомтоор 95 тонныг, Эрээнцав боомтоор 600 тонн дизель түлш тус тус оруулж ирсэн байна. Өчигдрийн байдлаар нийт 192 вагон 11520 тонн АИ-92 автобензин, 247 вагон 14820 тонн дизель түлш төмөр замын өртөө болон буулгалтад зогсож байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас хариулав. Энэ нь АИ-92 автобензиний хувьд ес, дизель түлшний зургаан хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй тэнцэх хэмжээ юм байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *