Ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.03.21/ байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд, нийт 6 аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1,388,237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт 7 бүлэг Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр сум, Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Дарьганга сум буюу нийт 3 аймгийн 7 суманд ажиллаж байна”гэлээ.