Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Зун цаг айсуй

Эх нутагт минь зуны улирал айлчлан ирэх нь дээ. Одоо долоохон хоноод зуны тэргүүн сар гарна.

Хөдөө хээр цагаан зурам годойтол давхилдаж түүнийг чогчиго эргүүлдэн жиргэнэ. Зулзаган ногоо соёолж хөх яргуй боловсрон “Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна”.

Хөх салхин уясаж чихэн дээр сэр сэр салхилан их талын тэртээд хөх униар жирвэлзэн газрын хээлнээ үндэс болгон томрон хөөж мөнх амьдрал дахин цэцэглэхэд бэлэн болжээ. Ай зун цаг. Юутай тансаг, юутай урин билээ.

Манай нэгэн их бичгийн хүн бээр “Монгол орны зун цаг гэдэг бурхны орны диваажингийн үзүүлэнгийн өрөө юм” хэмээн бичиж байсан нь сэтгэлд орж ирнэ. Манай урин цаг гуравдугаар сарын сүүлээс эхлэн аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Энэ үед бид нөгөө өвлийн хүйтэн хахир хайруу цагаа марттал налайна. Үнэхээр мартахаас ч арга үгүй сайхан цаг билээ, манай зун цаг.

Тэнгэр нижигнэн бороо цутгаж, тэр дорхноо л халуу дүүгэн мишээсээр наран хурын бараан үүлийг хага зүсэн гарч ирнэ. Хоолойтой болгон жимбүүрдэн шулагнаж үндэстэй болгон цэцэглэн найгаж төрөл бүрийн өнгө алаглан балын тансаг үнэрт мансууран суухад юун өвөл, юун жавар бодогдох билээ.

Энэ л сайхан зун цаг одоо эхлэн цэцэглэхэд бүрэн бэлэн болж, бурхнаас өгөх дохиог хүлээн байна. Нэг л өглөө босоход улиас хус цэцэглэн анхилам үнэрээ ханхлуулсаар зун цаг айлчлан ирснийг зарлах бөлгөө. Ингэж байгаль дэлхий бүрэн утгаараа шинэчлэгдэн жил жил дэлгэрнэ.

Ж.САНДАГДОРЖ

Гэрэл зурагчин Б.Баярын зургаас нийтлэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *