2019 оны тавдугаар сараас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй хязгаарлах тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна.
Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах тухай тогтоол дөрвөн заалттайгаас хоёрыг нь нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар эхний ээлжинд боловсруулсан шахмал түлш бэлтгэх ажил зохион байгуулж буй талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Тэрээр “Засгийн газраас гаргасан 62-р тогтоолыг хэрэгжүүлэхээр нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Боловсруулсан түлшний түүхий эдийг “Энержи ресурс” компаниас татахаар бэлтгэж байгаа. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Өдгөө түлш нөөцлөх агуулахуудыг судалж байна. Мөн зорилтот бүлгийн өрхийг сайжруулсан түлшээр хангахад шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгаад байна” гэв. Түүнчлэн сайжруулсан түлшний өртгийг зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа аж.