УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад нэр
дэвшиж буй Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхээр санал хураахад нийт гишүүдийн 88 хувийн саналаар дэмжигдлээ.
Л.Оюун-Эрдэний намтрыг хүргэе.
Л.Оюун-Эрдэнэ 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Тэрээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.