Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Завгүй улс төр

Энэ зунжин наадамлалаа. Энэ зунжин улстөржлөө. Жилийн жилд улстөрчдийн бараа зуны сардаа харагдахаа больдогсон. Харин энэ удаа ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газраас МАН-ын сайд нарыг огцруулж, дараагийн ээлжнийхэн Ерөнхий сайдын үүдийг сахиж, чөлөө завгүй. Улс төр цаашид ч нам гүм болохгүй нь үйл явцаас тодорхой. Ирэх жил сонгууль болно. Жил хүрэхгүй хугацаа үлдэж. Улстөржилт намар, хавар, өвөл ч тасрахгүй, бүр ч их өрнөнө.

АН-ын тэргүүлсэн Засгийн газар ялалт авчрахаар л ажиллах ёстой

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зургаан сайд огцорч, тэдний орны хүн томилогдох ажил ид өрнөж байна. Энэ үйл явц МАН, АН хоёрын түр зуурын ханьслыг ирэх сонгууль дуустал хоёр тийш болголоо.

АН-ын горилогчид дэндүү олон, сайдын суудал тоотой. Сайд болсон нь баярлаж, хоосон хоцорсон нь гомдол тээн үлдэнэ. Гэлээ гээд сайдын шийдвэр гарч л таараа.

Н.Алтанхуягийн Засгийн газар хийсэн ажил ч их байлаа. Алдсан нь бас бий. Харин Ч.Сайханбилэг засаг тэргүүлэхээр гарч ирэхдээ шийдлийн Засгийн газар байна хэмээн зоригтой дуугаран “Таван толгой Оюу толгойгоо явуулна. Хөрөнгө оруулагчдыг татах дорвитойхон алхмууд хийнэ. Хамгийн чухал нь эдийн засгийг өөд татахад гол зорилгоо болгож ажиллана” гэсэн. Гэвч түүний хийсэн алхам бүрт саад учирч байлаа. Хүний өөрийн намынхны ашиг сонирхол хамгийн том саад болов. Ямар ч байсан зургаан сайдыг нь огцруулсан ч өөрийг нь хэвээр үлдээлээ. Одоо түүнд ажиллах шийдэл гаргах боломж л өгөх хэрэгтэй. Түүнээс биш ажлыг нь хийлгэхгүй бол хэн гээч агуу нь ч гарч ирээд хүнд байдлаас гаргахгүй. Тэрээр зориглож хийх гэсэн Таван толгойгоо явуулж чадсангүй. Ажил хийх, улс орноо өөд татах цаг хугацаа бага байна. Ч.Сайханбилэг түүний танхимын гишүүдэд ажил хийх боломж л олго. АН-ын хувьд 2016 оны сонгуулийн ялалтыг авчрах Засгийн газар байх хэрэгтэй. Үүнийг хаа хаанаа бодолцон сайд нарын сонголт зөв байх хэрэгтэй. Гар нийлж ажиллах хүн хэрэгтэй. Учир нь нэг танхимын сайд нарын нэг нь муу ажиллавал Ерөнхий сайдтайгаа танхим тэр чигээрээ муу нэр зүүчихдэг. Ардчилсан нам засаг толгойлсон энэ хугацаанд дандаа муу нэртэй байгаагүй. Эхлээд ямар сайн нэртэй байлаа. Хүмүүс амаа олохгүй магтаж сайшааж байлаа. Төд удалгүй урьд хожид ийм муу засаг байсангүй гэж ирээд хэлэх муу үгээ барсан. Австралид үер болж Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч байсан үед нүүрс ашигтай байснаа үнэ нь буусан. Манайх ч олигтой бодлого явуулж чадаагүй, Австралид дандаа үер болох шиг санаж асуудалд хайнга хандсанаас нүүрсний үнэ буухтай зэрэгцэн эдийн засаг нь доройтсон. Мөн уул уурхайгаасаа ашиг олох нь бүү хэл алаагүй баавгайн арьсыг булаацалдаж аль ч үгүй болсон. МАН үүнийг өөрсдөө сайндаа эдийн засгийн өсөлт бий болгоод АН гарч ирээд уначихсан мэтээр улстөржүүлэхээ мартаагүй л дээ. Олон нийт ч МАН өсгөснийг АН тараагаад хаячихлаа гэж хүлээж аваад эхэлж. Эрх баригчид үргэлж шүүмжлэлд өртөж байдаг. Алдаа оноо байлаа гэхэд туулайн чинээ алдаа уулын чинээ оноог нь үгүй хийчихдэг. Тиймээс одоо жил хүрэхгүй хугацаанд алдаа оноогоо дэнслэн өөрсдийн хийсэн бүтээснийг олон нийтэд зөвөөр ойлгуулж, “Шийдлийн засгийн газар ийм зүйлийг шийдэж чадсан” гэж ам бардам хэлэх ажлуудыг хийх хэрэгтэй.

Ардчилсан нам Засаг толгойлоод юу ч хийгээгүй гэж хэлж боломгүй. Олон зүйл хийсэн. Хийсэн ажил нь олон нийтэд хүрээгүй, нэр хүнд нь унахад өөрсдөө ч буруутай. Ардчилсан нам гарч ирсэн цагаасаа хойш хэвлэл мэдээлэлд дэндүү харгис хандаж байлаа. Хэвлэлийн эсрэг хууль тогтоол шийдвэрүүд байнга гаргаж байв. Энэ нь тэдний том алдаа байсан. Нийтийн сүлжээг ашиглаж мөн л чадаагүй. Харин МАН олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн тоглолтуудаа хийж хэдэн жилийн нүүр үзлээ. Сошиал сүлжээг засаг барьж байгаа улс төрийн хүчин удирдаж болдог. Харин АН үүнийг анзаараагүй юу анзаарсан ч хийж чадсангүй юу. АН одоо алдаагаа засч, дотоодын тэмцлээ зогсоож ажиллах л үлдлээ.

МАН цөөнхийн байр сууринаас хандана хэмээн Засгийн ажлыг явуулахгүй

Цээжинд хуралдсан гомдол хорслоо багтааж ядан байгаа МАН эрт баярлах болоогүй. Эдийн засаг хүндхэн, Засгийн газар ажил хийх боломж хүндхэн байх тусам МАН-ынхан баярлах болж. Улс орон гэхээсээ улс төр, сонгууль л гол зорилго нь болсон МАН-ын хувьд АН-ын суганд хавчуулагдаж байсан үеэс одоо илүү эрх чөлөөтэй, шүүмжлээд суухад санаа зовох зүйлгүй болсон. Тэд Засгийн газрыг олигтой ажиллуулахгүй, хийснийг нь шүүмжилж суух нь дамжиггүй. Болж өгвөл дахиад нэг Засгийн газар огцруулах санаа ч бий. АН-ын Засгийн газар ажиллаж чадахгүй байна гэсэн суртал ухуулга явуулж, сайд нар нь хэрхэн хэрэг төвөгт орооцолдсон, идсэн уусан гээд л ер зүгээр суулгахгүй. Нэг засагт байхдаа ар хударгаар нь байнга шүүмжилж байсан. Гэхдээ жаахан эмээж байсан. Засгаа муулахаар өөрсдөө хамтарчихсан байдаг. Харин одоо байдал өөр болсон. Одоо айх ичих зүйлгүй дураараа муулна. Ажлыг нь гацаана. Элдэв айхтар хэл аманд оруулж барахгүй байлаа гэхэд аар саархан зүйлээр ч муухай харагдуулж чадна. Олон нийтийн сүлжээг ашиглан эрх баригчдын эсрэг сөрөг пиараа явуулж, сайд нарыг томилгоонд саад болж, эсвэл томилогдсон сайд нарыг чадалгүй, чансаагүй, мэдлэггүй боловсролгүйгээр дуудаж, өөрийнхөө сайд нартай жишин олон нийтэд харуулахыг хичээх болов уу. “Ийм хүмүүс засаг толгойлохоор улс орон ингэж баларч байгаа юм” гэсэн ойлголтыг өгөхөөр илүүтэй ажиллана. Өөрсдийгөө дөвийлгөн АН-ыг улс орныг сүйрүүлж байна гэсэн пиар давамгайлна. Сөрөг хүчний байр суурин дээрээ очлоо хэмээн мэдэгдэж байгаа тэд үүндээ хэт итгэж улс төр хийн Засгийн ажилд аль болох саад хийхийг эрмэлзэнэ. Энэ улс төр нь аль хэдийнэ эхэлчихээд байгаа.

Шударга ёс эвслийнхэн зөв ажиллавал оноо цуглуулах боломжтой

Шударга ёс эвслийнхэн улс төрийн хоёр том намын талцал, улс орны нөхцөл байдал, улс төрийн ая данг харж, зөв ажиллавал оноо цуглуулах боломж бий. Хоёр том намын хоорондын талцал тэдэнд улс төрийн дараагийн нүүдлээ хийх боломж олгож байна. Засагтаа багтаж, сонгуулиар овоо хэдэн суудал авах эсэх нь тэдний улс төрийн зөв алхмаас шалтгаална. Өрнөж байгаа улс төрийн үйл явц бүрээс оноо зулгаах боломж бий. Гол нь нэг буруудчихвал нэгмөсөн буруудаад явчихна. Эвслийнхний хувьд хувийн тоглолт хийдэг хүн цөөнгүй нь аюул дагуулж болох юм. Тэдний давуу тал гэвэл хоёр намын зодоон дундаас айхтар оролцоогүйгээр өөрсдөө ашигтай хувилбараар явах л чухал.

Олон нийт юу хүсч байна

Олон нийт амар амгалан, хангалуун амьдрахыг л хүсдэг. Төр засаг нь тогтвортой хэрүүл тэмцэл бага, ажлаа сайн хийдэг, төр ажлаа сайн хийхгүй байлаа ч хийж байгаа мэт харагдахад л дуртай. Хамгийн гол нь ард түмний аяганд ордог боорцогны тоо л нэмэгдэх ёстой. Тэгж байж л төр засаг сайн ажиллаж байна гэж дүгнэнэ. Тэд өөр юугаар ч саналаа өгөхгүй. Идэх хоол нь хасагдахгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй амар амгалан байхад л өөр юу хэрэгтэй байхав. Нийтийн тэр хүслийг биелүүлэхийн тулд л эрх баригчид ажиллахаас өөр гарцгүй.

Энэ жил улс төр өрнөл ихтэй байна. Улс төр нь завгүй буцлаад байхаар хэн ажил хийх билээ. Одоо АН-ын ирээдүй эв нэгдэл, дорвитойхон ажлууд, Таван толгой, Оюу толгой, эдийн засгаа аврах зөв шийдлээс шалтгаалах бөгөөд хүндхэн байгаа өнөө үед болчимгүй буруу алхам, дотоодын зөрчлөөс аль болох хол байх хэрэгтэй юм. Намын дарга З.Энхболд улс төрийн туршлага, карьер, хамгийн гол нь намынхаа эв нэгдлийг хангаж уран бэрийн нүүдэл хийж улс төрийн намаа ч, улс орноо ч өөд татахад гол анхаарлаа хандуулах биз ээ.

Д.Хүслэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *